Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” роман Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх удаа аравдугаар сарын 1-нд тавигдахаар болжээ. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан байна.
Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа Улсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах “Анна Каренина” жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон билээ. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох аж.
Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын
жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь,
Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ,
Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ.Тус жүжгийн зохиол нь 1878 онд бүрэн эхээрээ ном болон
хэвлэгдсэн ч 1873-1877 оны хооронд “Русский вестник” сэтгүүлд цувралаар
нийтлэгдэж байжээ. Утга зохиол шүүмжлэгчдийн зүгээс тус зохиолыг дэлхийн бүх
цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн байдаг.Уг зохиолд урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын
эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдралын ялгаа гэх мэт маш
өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн бөгөөд зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна
залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж
Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр
сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний
хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүргэнэ.