Categories
мэдээ нийгэм

М.Мөнхдэлгэр: Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой Ковид хүндрэх эрсдэлтэй

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар албаныхан мэдээлэл хийж байна.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

“Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Өчигдрийг хүртэл 1260 ААН-ийн үйл ажиллагааг нээсэн. 81 диско баар, олон нийтийн жагсаал цуглаан, арга хэмжээний үйл ажиллагааг нээсэн” гэлээ.

Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр:

“Ковид халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин Ковид тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг зөвлөлөө.

Сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгах хэрэгтэй. Дархлааг дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотой Ковид халдвар давхар хүндрэх магадлалтай” гэв.

НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

“НМХГ-аас 11 мянга гаруй газруудад байнгын хяналт шалгалт хийж байна. Наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. 47 газарт хяналт хийх явцад 44 зөрчил илрүүллээ. Найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Диско баар 81 үйлчилгээний газрыг нээсэн. Нээсний дараа бид байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэвэр оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.16/ хуралдана. Барилга хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах Засгийн газрын тогтоолууд болон бусад асуудал, мөн хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг батлав. Томоохон төслүүдийн санхүүжилтын талаар Сангийн сайд танилцуулга, мөн бусад асуудал хэлэлцэхээр товложээ.

Улсын онцгой комиссын саналын дагуу өнгөрсөн Даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг аравдугаар сарын 31-н хүртэл, боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллага, спорт, урлагийн арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр хязгаарлалттай байсан үйлчилгээний байгууллагууд, боловсролын байгууллагууд, урлаг, спортын арга хэмжээнүүд хэвийн горимд шилжиж байна гэсэн үг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: Мэдээллийн технологийн гарааны бизнес эрхлэгчдэд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Та технологийн гарааны бизнес эрхлэгчдэд эдийн засгийн чөлөөт орчинг бий болгох талаар хөндсөн. Үүнийг зарим хүмүүс “Цахиурын хөндий”-г Монголд байгуулах гэж байна гээд шүүмжилж байх шиг байна лээ. Цахиурын хөндийг манайд байгуулах боломж хэр байна. Та энд ямар байр суурьтай байна?

-Би “Цахиурын хөндий” гэж яриагүй. Сэтгүүлчид, залуучууд өөрсдийн уран сэтгэмжээр баяжуулж, “Цахиурын хөндий”-г бий болгох талаар бодож байгаа бол тэр нь залуусын урмын асуудал.

Эрх чөлөөтэй оронд өөрийн хүссэнээр сэтгэж, хүссэнээрээ мөрөөдөж, түүнийгээ байгуулах гэж зүтгэх нь зөв. “Цахиурын хөндий”-н талаар нэг хэвлэл дээр зүйрлэн бичсэн нийтлэл гарсан байна лээ. Түүнийг нь олон нийтийн сүлжээгээр өөнтөглөж л байгаа харагдана лээ.

Залуучууд тийм зүйл хүсч, мөрөөдөж байгаа бол түүнийгээ байгуулахын төлөө зүтгэнэ шүү дээ. Түүнээс биш “Цахиурын хөндий” гэж ярьснаар Монголд Америкийн Силикон Валлейг хэн ч шууд хуулбарлахад л байгуулах гээгүй гэдгийг шүүмжилж байгаа хүмүүс бүгд л мэдэж байгаа.Залуус, сэтгүүлчид өөрсдийн харах өнцөг сэтгэлгээгээр хандаж, бидний санаачилгад урам өгөх гэж ийнхүү жишин зүйрлэн ярьж буй байх.

-Таны хэрэгжүүлэх гээд байгаа зүйл юу юм бэ. Мэдээлэл технологийн гарааны бизнес эрхлэгчдээ яаж дэмжих вэ?

-Миний хүсэж мөрөөдөж байгаа гол зүйл нь залуучуудад яаж туслах вэ гэдэг асуудал байгаа юм. Энд хүмүүс шинэ технологи, тэр дундаа мэдлэгт суурилсан бизнесийг Монголд хөгжүүлье гээд байна шүү дээ. Залуучуудын энэ тэмүүллийг хөгжүүлэхийн тулд эхлээд тухайн бизнесийнх нь орчинг л байгуулж өгөх хэрэгтэй. Түүнд нь саад болох бус туслах хэрэгтэй. Ингэхийн тулд яаж туслах юм бэ. Ихэнх улстөрчид тусална хэмээн ам гарчихаад тодорхой дэм болох бодлогын зүйл ярьдаггүй. Би олон юм яриагүй. Технологийн, тэр дундаа мэдээллийн технологийн start up бизнесийн хувьд Монголын газар нутгийг бүхэлд нь эдийн засгийн чөлөөт бүс болгож зарлая гэж байгаа юм. Ингэхийн тулд мэдээж судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулан холбогдох байгууллагуудад танилцуулна.

Хуулиар энэ салбарт бизнес хийж байгаа хүнд татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг тодорхой хугацаанд өгнө. Ингээд тухайн хугацаа нь дуусахаар бизнес эрхлэгчид тэр хуулийн үйлчлэлээс гарч ердийн бизнес эрхлэгчид шиг татвараа төлөөд явна гэсэн үг.

Гэхдээ нэгэнт аль нэгэн бизнес эрхлэгч тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж Монголд ажиллая гэж байгаа бол манай төрийн бодлогыг хөрөнгө оруулагчид бас хүндэтгээд тодорхой хүлээлтийг хэрэгжүүлээд явах ёстой. Тухайлбал, ажлын байр бий болгох ёстой, хөрөнгө оруулалт нь тодорхой байх хэрэгтэй. Нөгөө талаас хамгийн чухал зүйл бол үнэхээр үүнийг хэрэгжүүлсний дүнд Монголд мэдлэг шилжиж ирэх ёстой. Манай залуучууд энэ мэдлэгийг олж авах ёстой. Тэр боломжийг нь олгож дэмжих хэрэгтэй.

Чөлөөт эдийн засгийн бүс гэхээр л нэг хот, нэг бүсийг яриад байдаг. Тэгвэл орчин үеийн технологийн боломж юу олгож байна гэхээр компани нь зөвхөн Улаанбаатарт гэхгүйгээр хаана ч байж болно. Ер нь технологийн салбарт ажиллаж байгаа залуучууд компани нь Улаанбаатар хотод байсан ч Дархан, Эрдэнэтээс ч юм уу хаанаас ч ажиллаж болно. Өөрөөр хэлбэл, нийслэлд компани нь байгуулагдлаа гэхэд зөвхөн тэндээ л ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Ийм шинэ боломжийг бий болгочхоод байгаа юм. Тиймээс үүний хамаарах хүрээг ч гэсэн өргөтгөж өгөх ёстой. Тэр үүднээс би Монголын газар нутгийг бүхэлд нь ийм зүйл санал болгоод байгаа юм.

-Хөрөнгө оруулалт, ажлын байрыг бий болгох ёстой гэлээ. Яаж бий болгох юм бэ?

-Мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд Монголд үйл ажиллагаагаа явуулаад эхлэх юм бол бид гадны хөрөнгө оруулагчдаараа дамжуулан Монгол бүтээгдэхүүнээ дэлхийд санал болгох уу, эсвэл гадны технологийн компаниуд манай ажиллах хүчнээр бүтээгдэхүүнээ хийлгэх үү гээд тохиролцож шаардлагатай хамтын ажиллагааны олон хувилбар гарч ирнэ.

Монголын программ хангамжийн залуучууд маш мундаг болчихсон. Манай эдийн засаг чөлөөтэй байна. Гаднынхан үнэхээр сонирхож болно. Тиймээс энэ залуучуудад ажиллах байрыг нь олгоод, ажлаа гүйцэтгүүлэх боломж бий. Ийм замаар бүтээгдэхүүн бий болно. Зах зээлээ хамтраад хайж болно. Эсвэл тухайн захиалж байгаа компани өөрөө зах зээлээ олж болно. Ямартаа ч хэнд ч хэрэггүй бүтээгдэхүүн гаргачихаад IT яриад байх магадлал багасна. Яагаад гадны хөрөнгө оруулагчдыг сонирхоод байна гэхээр манайхан аливаа бүтээгдэхүүн өөрсдөө гаргачихлаа гэхэд гадны хөрөнгө оруулагчгүйгээр борлуулахад хэцүү. Учир нь энэ нь өөрөө нэн өндөр өрсөлдөөнтэй зах зээл. Гадны хөрөнгө оруулагчтай хамтрах юм бол нөгөө хөрөнгө оруулагчид чинь өөрсдөө зэх зээлээ илүү амар олж чадна. Учир нь ихэнх хөрөнгө оруулагчид өөрсдөө өөр улсад энэ чиглэлийн бизнес хийдэг учраас өөрийн харилцаа холбоотой, худалдан авагчтай байгаа. Тэр сүлжээ, системээрээ дамжуулаад бүтээгдэхүүнээ санал болгож борлуулах боломж өндөр байна.

Манайхан “Интернэт юм чинь чөлөөтэй. Нэг бүтээгдэхүүн гаргаад шууд борлуулагдана” гээд андуураад байна. Ийм ойлголт байхгүй. Нэн өндөр өрсөлдөөнтэй зах зээл учраас манайхан нэг бүтээгдэхүүн сэдэж гаргалаа гэхэд тийм төрлийн 10 бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө гэж тооцоолох ёстой. Тиймээс илүүг санал болгох ёстой гэж бодох хэрэгтэй. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргана гэдэг бүхнийг шийдвэрлэгч хамгийн чухал ажил.

Гадны хөрөнгө оруулагчид ийм чанарын ийм өгөгдөхүүнтэй, ийм онцлогтой бүтээгдэхүүн бусдаас илүү борлуулагдах ёстой гэдгээ мэдэж байгаа.

Бүтээгдэхүүнээ илүү өрсөлдөх чадвартай болгоход урьдчилсан программ хангамжийнхаа захиалгыг гадны компаниуд илүү сайн мэдэж захиалгаа илүү нарийвчлалтай өгнө. Үүний улмаас илүү нарийвчлалтай программ хангамжийн бүтээгдэхүүн гарч ирнэ. Үүний борлогдох магадлал өндөр байна. Ийм харилцан шүтэлцээ, холбоог нь ойлговоос бид сая амжилтад хүрнэ. Гадны хөрөнгө оруулалтыг татах илүү орчинг бий болгож, би залуучууддаа тус болъё л гэсэн бодол тээж байгаа юм.

-Гадны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд төрөөс юунд анхаарч, хэрхэн дэмжих юм бэ. Хууль тогтоомж хэр уялдаатай байна вэ?

-Бид хууль тогтоомжоо сайжруулах хэрэгтэй. Одоогийн хууль тогтоомж гэхэд наад зах нь л 100.000 ам.долларын босгыг хөрөнгө оруулагч тус бүрд тавиад өгчихсөн.

Гадны хөрөнгө оруулагчдад их мөнгө биш байж болно. Гэхдээ Монголын хөрөнгө оруулагчиддаа маш том ачаалал болоод байгаа юм. Эсвэл монголчууд маш бага хувь авах болчхоод байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө нутагт өөрсдөө шахагдах байдлыг хуулиар бий болгоод өгчихсөн. Энэ нь хэт үндсэрхэг, юм мэдэхгүй хөөрч хөөсөрсөн популистуудын хэнээрхлийн дүнд ийм хуулиуд гарч байгаа юм. Учир нь бизнес нэг ч хийж үзээгүй, татвар нэг ч төлж үзээгүй, ажлын байр нэгийг ч бий болгоогүй хэрнээ бизнес эрхлэгчдээс том машин унасан, том байранд амьдарсан мэдэмхийнүүд ийм хууль гаргасан. Тэд бизнес гэдгийн ямар хэцүү ажил вэ гэдгийг мэддэггүй. Тиймээс өөрийн бизнесүүд гадаадын хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцож ажиллах болохоос хүндрэл эрсдэлийг нь мэдэрдэг болохоос бизнесийн орчны орчин сайжралт явагдах ёстой.

Асуудлын харах өнцөг өөрчлөгдөхөд л их зүйл өөрчлөгдөнө. Харах өнцгөөс эхлээд л хуулийн логик, үзэл баримтлал гарна. Үүнээсээ үг үсэг хууль болоод тогтолцоо хөгжиж гарч ирнэ. Тиймээс технологи, инновацийг дэмжсэн шинэ хандлагатай хуулийг гаргах юмсан гэж хүсч байгаа.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Аймаг бүрийн онцлог, нөөц боломж, хөгжлийн харааг харгалзах, харилцан дэмжсэн үр ашигтай бүтцийг бүрдүүлэхэд анхаарна

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Та хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдлоо. Өнгөрсөн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгуулийг хэрхэн дүгнэж байна вэ?

-МАН улс төрийн ууган хүчний хувьд сонгуулийн амжилтаа улс орны өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хүнд цаг үеийг дааж гарах хувь заяаны тохиол, цаг үеийн захиалга талаас илүү харж, тал талдаа хичээж байна. УИХ ч тэр Ерөнхий сайд, Засгийн газрынхаа бодлого, ажлын арга барил, хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлыг ойлгон дэмжих, Засаг маань ч ард түмний төлөөлөл болж сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагынхаа баталсан хууль тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, бүхий л түвшинд хүчээ нэгтгэж, улс орныхоо төлөө зүтгэх боломж бүрдсэн. Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд багаа удирдаж орсон, удирдагчийн болон намын нэр хүнд, төлөвшил, мөрийн хөтөлбөр, шударга ёс, сахилга хариуцлага, эх оронч шийдвэрүүдийг илүүтэй хүсэн хүлээсэн ард түмний хүлээлт, нэр дэвшигчдийн хичээл зүтгэл гээд олон хүчин зүйл мэдээж нөлөөлсөн. Боловсон хүчний залгамж халаагаа ч бэлтгэж, цус сэлбэсэн, эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн бодлогоо ч сайн авч явсных гэж боддог. Хүчээ нэгтгэвэл ямар ч далайцтай том асуудлыг шийдвэрлэх боломжтой, харин эв цуцвал улс төрийн ямар тогтворгүй байдал үүсч,эцэст нь улс орны эрх ашиг хохирдгийг харуулсан өмнөх цаг үеийн, зөвхөн манай намын гэлтгүй туршлага, сургамжууд бий. Бид ард түмний энэ их итгэлийг зүтгэлээр л хариулах ёстой.

-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Говийн бүсчилсэн хөгжлийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Энэ удаагийн УИХ-ын сонгуульд говийн дөрвөн аймгаас нэр дэвшсэн ганц эмэгтэй байсан. Говийн хүн голдоо нартай гэдэг. Говьд төрж өссөн хүний хувьд, мөн өмнө нь говиосоо сонгогдсон төрийн түшээ байхын хувьд, нутаг усаа илүүтэй мэдэж говьчуудын ажил амьдралыг ойлгодог болохоор тэр энэ говь гэх ялгамжаа байгаагүй. Би Дорноговьд төрсөн. 2016 оны УИХ-ын сонгуулиар Говьсүмбэр аймаг дээрээ нэмээд Дорноговийн найман сумыг хамарсан тойргоос нэр дэвшиж, анх сонгогдон дөрвөн жил ажилласан. 2020 оны сонгуулиар Говьсүмбэр, Дундговь мөн л хоёр аймгийг хамарсан тойргоос сонгогдлоо. Нэг бүс нутаг ч хоёр тусдаа аймгийн асуудлыг авч явна гэдэг өөрөө их ажилтай, онцлогтой байдаг л даа. Энэ утгаар говио би бүхэлд нь сэтгэлдээ багтааж, хөгжлийг нь цогцоор харах юмсан гэж боддог болжээ. Говийнхон маань, бүсгүйчүүд маань ч дэмжиж, санал сэтгэгдлээ харамгүй хэлж ярьдаг. Говийн бүсчилсэн хөгжлийн бодлого амин чухал байна. Монголын говь эх орноо авч явна гэхэд хилсдэхгүй. Бүх л том уул уурхай говьд байна. Гэтэл ард түмний маань амьдрал ахуй орхигдож, бэлчээр ус, байгаль экологи доройтож, аюулгүй байдал алдагдаж эхэллээ. Монголын их амар амгалан говьд маань л байлаа шүү дээ. Өнөөдөр ажилгүй, өвчтэй зовлонтой, хүнд үйлдвэрүүд, том машин техник, тоос шороонд дарагдсан ган гачиг отор нүүдэлд зутарсан дүр зураг Монголын говиор нийтлэг байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Нэн тэргүүнд бид Говьсүмбэрээс, Дундговь, Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн зам тавих асуудлыг тусгасан. Энэ зам Замын-Үүд чиглэлийн олон улсын авто замын сүлжээтэй холбогдсоноор баруун таван аймаг руу ачаа тээвэр, логистикийн шинэ гарц нээх юм. Дагаад аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлнэ. Тухайлбал, Говьсүмбэрт сүмбэр кракул хонины аж ахуй, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжтой, Дундговьд мах сүү, бусад түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах экспортын чиг баримжаатай үйлдвэрүүд байгуулбал Дорноговь, Өмнөговь аймгууд дахь үйлдвэр уурхайнуудын хэрэгцээг хангаад, улмаар гадагш гаргах ч бололцоотой. Их, дээд сургуулиудын салбар, МСҮТ, урлаг соёлын байгууллагуудыг шилжүүлэх, орон нутагт байгуулах замаар хөгжлийг ойртуулах хэрэгцээ байна. Тухайлбал, Говьсүмбэр Боржигин соёлын голомт, Дундговь дуу хуурын өлгий гэдэг утгаар Төв Халхын дуулалт жүжгийн театр байх жишээтэй. Мөн сумдынхаа хөгжлийг дэмжиж, нутагтаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтууд дэвшүүлсэн. Аймгийн төвүүдээ дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, цэвэр усны баталгаатай эх үүсвэртэй болгох, орон сууцжуулах шаардлагатай байна. Цөлжилтийг бууруулах далайцтай ажил эхлүүлмээр байна. Мод тарих ажлыг яаж төрийн бодлогод оруулж, бүх нийтийн үйлс болгох, усаа хамгаалах, бэлчээрээ зохистой ашиглахаас эхлээд олон ажлууд байна. Дундговь аймгийг онцлоод буйн учир нь говийн төдийгүй улсынхаа зүрхэн төвд оршдог, бүс нутгаа бүхэлд нь дэмжсэн бүтцийг бий болгох боломжтой газар. Аймаг бүрийн онцлог, нөөц боломж, хөгжлийн харааг харгалзах, нөгөө талаас бие биенээ харилцан дэмжсэн үр ашигтай бүтцийг бүрдүүлэхэд анхаарна гэсэн үг.

-УИХ-ын 2020-2024 оны парламентад сонгогдсон 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүй хамтран ажиллахаар бүлэг байгуулсан. Таны хувьд соёлын чиглэлд, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажлын байр, нийгмийн асуудлыг анхааран ажиллах болсон байна лээ. Хөдөө орон нутагт ажлын байр тулгамдсаар ирсэн шүү дээ. Ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-Эмэгтэй гишүүд бүлгээ байгуулж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг хариуцан авч, дэмжиж хамтран ажиллах зохион байгуулалтад орлоо. Миний хувьд соёл, эмэгтэйчүүд, говийн бүсийнхээ асуудлыг илүүтэй анхаарч ажиллая гэж байгаа. Дөрвөн жил ажил хийхэд дороо л өнгөрдөг. Иймд бүх асуудал руу тэр бүр орох боломжгүй. Хариуцсан чиглэлээ сайн аваад явъя, бусад эмэгтэй гишүүдийнхээ хариуцсан ажлыг дэмжээд өгье, тэгснээр илүү үр бүтээл гарна л гэсэн үг юм. Мал аж ахуй бол маш том ажлын байр. Олон хүний амьжиргааг залгуулдаг. Том утгаар нь авч үзвэл манай хөдөө нутаг, малчид, ялангуяа эмэгтэйчүүд маань нүүдлийн соёл, үндэстэн оршихуйн бүх дархлааг тээж авч яваа юм. Хөдөөгүй бол Монгол үгүй. Бас соёлоос ангид зүйл гэж байхгүй. Үнэтэй цэнэтэй бүхэн маань өв соёл шүү дээ. Өнгөрсөн парламентад ажиллахдаа Соёл урлагийн асуудлаарх Ажлын хэсгийг ахалж бүтэн жил ажиллаад, авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, асуудлыг багцалж, энийг л хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдэг чиглэлийг боловсруулж, Засгийн газарт тогтоол батлуулж хүргүүлсэн. Нэлээд нь хэрэгжээд явж байна. Соёлын яамтай ч боллоо. Хэрэгжилт, мөн цаашид хэрхэн сайжруулах асуудлыг ч эргэн авч үзэж, хамтарч ажиллана. Говь нутагт уурхай, хүнд үйлдэрлэл давамгайлж байна. Эрэгтэйчүүд голдуу ажилладаг. Гэрээс хол, эмэгтэйчүүд гэртээ голдуу. Дайны үе шиг, эр нөхрөө хүлээсэн, өрх гэрээ авч явах гэж зүтгэн гэрт эм, гадаа эр болсон эхнэрүүд, эцгээ харуулдсан, санасан хүүхдүүд хаа сайгүй. Дагаад нийгмийн маш их асуудлууд, гэр бүл салалт, өвчлөл, осол аваар, архидалт гээд өсч байна. Наад зах нь хүүхдийн дотуур байр ямар байна. Малчин хүн зургаан настай, тэр нялх хүүхдээ яаж сургаж байна,малаа дагаад хэн нь явах вэ, хүүхдүүдээ хараад сум, аймагт хэн нь суух вэ гээд хөдөөгийн хөндүүр асуудал олон шүү дээ. Иймд эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал гэдгийн ард энэ бүх асуудал бий. Яаж ажлын байртай болгох вэ, гэр бүл хамтдаа элэг бүтэн амьдарч, үр хүүхэд нь сургууль боловсролтой, зөв хүн болгож өсгөх гэдгийг сууриар нь бодох болсон байна. Эрэгтэйчүүд маань илүүтэй мөнгө санхүү, эдийн засаг ярьдаг. Цаана нь нарийн ширийн асуудлууд шийдэгдэхгүй болохоор үр дүнгүй болж байна. Айл гэр ч гэсэн ийм л байдаг. Энэ ч үүднээс эдгээр асуудлуудаас ажлаа эхэлье, хийснээ батжуулъя гэж бодож байна.

-Хөдөө орон нутагт ямар ажлын байруудын хэрэгцээ шаардлага их байгаа бол. Тухайлбал, танай тойрогт?

-Дундговь аймаг 47 мянган хүн амтай. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүн ам 30836, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 75.6 хувьтай. Ажилгүйдлийн түвшин бага юм шиг харагддаг ч, ажлын байр хомсдолтой байна. Хүн амын 75 хувь нь хөдөөдөө байдаг. Харин Говьсүмбэрийн хувьд хөдөлмөрийн насны хүн ам 10277. Хүн амын 59 хувь нь хөдөлмөрийн чадвартай залуу, хөгжих ирээдүйтэй аймаг. Гэтэл хөдөлмөрийн насны хүмүүсийн 57 хувь нь л хөдөлмөр эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 17,4 мянган иргэний есөн мянга нь банкны зээлтэй буюу насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь зээлтэй байна. Энэ бол ажлын байр ямар их шаардлагатай байгааг харуулж буй үзүүлэлт. Малжуулах хөтөлбөр Дундговь аймагт үр дүнгээ өгч буй ч бэлчээрийн чанар хүндрэлтэй, отор нүүдэл ихтэй байдаг. Боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр логистикийн үйл ажиллагаа хөгжөөд ирвэл хүний нөөцөө энэ чиглэлд мэргэшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх асуудлыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Говьсүмбэр аймгийн Политехникийн коллеж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд орон нутагтаа төдийгүй улсдаа чухал хувь нэмэр оруулж байна. Уул уурхайн болон машин мехнанизмын техникч, операторч, гагнуурчин, засал чимэглэлээс эхлээд 15 мэргэжлээр сургадаг. Улмаар эх орны бүтээн байгуулалтын төслүүд дээр ажиллах цэргийн албан хаагчдад мэргэжлийн боловсрол олгож байна. Энэчлэн орон нутагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх боломжтой.

-Кэмбрежийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юу. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Даяарчлал, дэлхий нийтийн хөгжлийн хандлагыг харгалзах гэсэн залуусын хүсэл мөрөөдлийг ойлгож байгаа ч, миний хувьд үндэсний өв соёл, үнэт зүйлийг хадгалах, харин ч түүгээрээ дэлхийд өрсөлдөх чадвараа хөгжүүлж болно гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Манайх үндэснийхээ боловсролын тогтолцоог сайжруулаад явах өргөн боломж бий. Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөрийн чанарыг олон улс орнууд хүлээн зөвшөөрч хэрэгжүүлдэг. Үүнийг гадаадын иргэд, олон улсын байгууллагын ажилчдын хүүхдүүд сурдаг сургуульд нь ашиглаад явах нь зүйтэй байх. Харин үндэсний хэмжээнд боловсролын тэгш хүртээмжтэй, чанартай, ялгаваргүй байх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар олон улсын жишигт нийцэх зорилтыг хангаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Хуучин тогтолцооны үеийн сургалт ч, цөм хөтөлбөр маань ч гэсэн олон давуу талуудтай. Магадгүй бид бүрэн ашиглаагүй, дутуу дулимаг хэрэгжүүлсэн, алдаж оносон зүйл их бий болов уу. Кембрижийн буюу хос хэл, давхар хөтөлбөртэй сургуулиуд энгийн сургуулиас дөрөв дахин их, зарим нэг сургуулийн хувьд бүр 18-25 дахин өндөр зардалтай гэсэн судалгаа байна. Улсын хэмжэээнд 800 гаруй ерөнхий боловсролын сургуульд, 640 мянган хүүхэд суралцаж байна. Гурван ээлжийг дөнгөж л халж эхэлж байна. Ойрын үед улсын хэмжээнд 200 гаруй шинэ сургууль, мөн 270 орчим цэцэрлэг шинээр барих шаардлагатай байгаа. Хуучин сургуулиудын засвар үйлчилгээ гээд боловсролын салбарт хөрөнгө мөнгө багагүй шаардагдаж байна. Сая бид таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдгээр асуудлыг тусган баталж өглөө. Үндэснийхээ хөтөлбөрийг маш сайн хэрэгжүүлээд төгсөгчид нь улсдаа тэргүүлээд, гадаадад ч амжилт гаргаад явж буй сургуулиуд олон бий шүү дээ. Дотоод нөөц боломжоо бид бүрэн дүүрэн үнэлж, ашиглаж чадаж байгаа бил үү. Харин бид багшлах боловсон хүчнээ онцгой анхаарах болсон. Багш бэлтгэхээс эхлээд, шилдэг нь багш болдог хөшүүргээ бий болгож байж, боловсролын чанар сайжирна. Ерөнхий боловсролын стандарт, үнэлгээний системээ ч шинэчлэх нь зөв. Гэхдээ олон дахин болчимгүй өөрчлөлт хийж, тогтворгүй болгож болохгүй. Дээд боловсрол илүү дэлхийн чиг баримжааг авч, ерөнхий боловсрол үндэснийхээ дархлааг илүүтэй бодсон хөтөлбөр стандарттай баймаар санагддаг. Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн сэтгэхүй тогтдог. Хүмүүжил, төлөвшил, хандлага суудаг. Монголчууд бид оюун сэтгэлгээ, ёс зүй, хүмүүжлийн гайхамшигт өвтэй ард түмэн. Энэ их эрдэм ухааныг хүүхдүүддээ эзэмшүүлэх тал дээр анхаармаар байна. Тойрогтоо хэрэгжүүлж, энэ тал дээр үр дүнгээ өгсөн “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрөө үргэлжлүүлэх санаатай байна. Зөвхөн боловсрол гэлтгүй аль ч чиглэлээр төрийн бодлого тодорхойлоход бодох зүйл бол бид нэгдмэл үндэстний бүтэн Монгол гэдгээ тэргүүнд тавих ёстой санагддаг. Холбооны буюу олон үндэстний улсуудаас үнэт зүйл, оршин тогтнох дархлаа маань өөр. Хөгжлийн хараа, бодлого төлөвлөлт үүнийгээ дагаад онцлог байх ёстой. Хөгжихийн тулд эхлээд оршин тогтнох тухай бодох ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн нийгмийн ялгарал зөвхөн боловсролоор л хэмжигдэх болсон

Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулиудын тоог өсгөх УИХ-ын гишүүдийн санаа олны анхааралд байна. Сүүлдээ бүр боловсролын салбар тойрсон том маргаан болоод хувирчихлаа. Кембрижийг эсэргүүцсэн хүмүүсийн ихэнх нь “Боловсролын ялгаа гаргах нь” гэж шүүмжилж суух шиг байна. Орчин үед хүмүүс хөрөнгө чинээгээрээ ялгарахаа больсон. Бүгд машинтай, бултаараа байшинтай, ер ямар ч хэрэглээгээрээ ялгараад байх юмгүй болчихсон. Нийгэмдээ тодорч, гялалзах ганцхан том ялгаа бий. Тэр нь боловсрол. Өөрийгөө хөгжүүлж, өөртөө хөрөнгө оруулалт хийж, дэлхийн хэмжээнд, хаана ч гологдохооргүй чадвар мэдлэгтэй хүн л нийгэмд тов тод ялгарч, амжилтаараа түүчээлж байгаа.

Ингээд харахаар боловсролын ялгаа гарна гэж ярьж суугаа нь хэтэрхий мугуйд тайлбар. Боловсролын ялгаа байх ёстой. Дахиад хэлэхэд, бид боловсролоороо ялгарч гялалзах бичигдээгүй хуультай нийгэмд бултаараа амьдарч яваа улс. Ийм нийгэмд амьдарч байгаа учраас жирийн иргэд хүүхдээ сайн сургуульд оруулах ёстой. Дэлхийн боловсролтой хөл нийлүүлэх боломжийг нь төр засгаас ирээдүй болсон хүүхдүүддээ олгох учиртай. Хуучин цагт, бүр түрүү үеийн нийгмүүдэд бяр чадалтай эрүүл саруул нь ялгарч үлддэг байсан бол орчин цагийн соёлт хүн төрөлхтний амьдрахын төлөөх тэмцэлд боловсролтой хүн л ялж, шалгарч, шигшигдэж үлдэж байна. Боловсролтой хүн л аятай тухтай сайхан амьдардаг нийгэмд амьдарч яваа учраас манай сонин Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулийн тоог өсгөх талд толгой дохиж, нийтлэлийн бодлогоороо дэмжиж байгаа юм.

Кембрижийг эсэргүүцээд байгаа хэсгийг ажиглахаар Кембрижийн хөтөлбөртэй сургуульд багшилж байсан, эсвэл хүүхэд нь тийм сургуульд сурч явсан хүмүүс цөөнгүй харагдана лээ. Өөрсдийнх нь хүүхэд олон улсын хөтөлбөртэй сургуульд сурч, дэлхийн топ их сургуулиудад тэтгэлгээр суралцаж, сайхан амьдраад байхад яагаад бусдын хүүхэд, эгэл жирийн иргэн Батын охин тийм боломжийн үзүүрээс атгаж болохгүй гэж. Бас боловсролын салбарт бизнес хийж яваа хүмүүс эсэргүүцэгчдийн нэг том бүлэг болчихсон явааг ажигч нэгэн бол анзаарчихсан суугаа байх. Хатуухан хэлэхэд, боловсролын тэгш бус байдал дээр дөрөөлж боловсролын салбарт бизнес хийж яваа хүмүүс Кембрижийг эсэргүүцэгчид дунд цөөнгүй бий.

Манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гурван сургууль бий. Энэ сургуулиудад суралцагчдын 85 хувь нь дунд болон дундаас доогуур орлоготой айлын хүүхдүүд юм билээ. Тэднээс нэлээд нь дэлхийн топ сургуулиудын тэтгэлгийг авчихаад явж байна. Ардын хүүхдэд боломж олдвол эгэл борог орчноос дэлхийд гарах боломж бийг энэ жишээнээс харчихаж болно. Энгийн бор амьдралаас олимп, тив дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасан тамирчид төрж гарсан жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Ардын хүүхдүүдэд их спортоос гадна инженер, мэдээлэл технологи гээд бүх л салбарт цэнхэр гаригт тодроод гараад ирэх боломж бий. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулиудын тоог өсгөчихвөл дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлэг авч, дэлхийн боловсрол эзэмших сурагчдын тоо огцом өснө гэдэгт эргэлзэх зүйл алга.

Жирийн иргэдийн хүүхдүүд олноороо ийм боломжийг атгаж, дэлхийд гайхагдсан инженер, эрдэмдэн судлаач болбол улсаараа хөгжих асуудал биш. Улсын хөгжлийн суурь нь боловсрол гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Дэлхийн улс орнууд ийм дүрмээр л хөгжиж яваа. Наад захын жишээ гэхэд Сингапур байна. Загасчны тосгон гэж дэлхийд шоглуулж байсан Сингапурын дэлхийд тодорч хөгжсөн түүх ерөөсөө л боловсрол. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн суурийг боловсролдоо шигтгээд өгчихсөн учраас Сингапурыг дэлхий мэддэг болсон юм.

Categories
мэдээ цаг-үе

Монголын газар тариалангийн зүг заагч Б.Доржийнх

Ургац хураалтын ид үе эхэлж байна. Энэ цаг үед бид Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Б.Дорж гуайнд зочиллоо. Түүнийг Монголын газар тариалангийн салбарын нэвтэрхий толь хэмээн нэрлэж болно. Тэрбээр өдийд газар тариалангийн бүс нутгуудаар “хэсч” явдаг аж. Харин энэ жил бие жаахан чилээрхсэн тул оройтож явахаар болжээ. Биднийг очиход Б.Дорж гуай зочинтой байв. Ургац хураалт эхэлж байгаа тул зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн цуваа үл тасарна. Нэмээд утас нь хангинана. Өдгөө 81 насыг зооглож байгаа гэхэд өдрийн энэ их ачааллыг хэрхэн даадаг юм бол гэсэн бодол төрөв. Эрхэм агрономичийн өрөөний нэг хана битүү ном өрөөстэй юм. Шалнаас тааз, баруунаас зүүн хүртэл ном чигжин өрж, хоймор хэсэгт ширээ тавьж түүн дээр бас л ном тавьжээ. Мөн эргэн тойрон бичиг цаас, хуучны арьсан цүнхнүүд үзэгдэнэ. Б.Дорж гуай байнга зочин гийчинтэй байдаг тул өрөөнд нь албаны ширээ байрлуулж, ирсэн зочдыг тухлуулах буйданг тавьжээ. Сэтгүүлч ирсэн тул зочин Б.Дорж гуайтай яриагаа түргэсгэж, зөвлөгөөгөө аваад “Арвин ургац аваарай” гэсэн ерөөлийг нь хүртээд гарч одов.

Түүний газар тариалангийн салбартай холбогдсон, сурч мэдсэн, хийж бүтээсэн болгоныг энд дурсвал сонины хэдэн зуун нүүр дамнах аж. Ганц асуулт тавихад л уг суурь, үүх түүх, учир шалтгааныг тодотгон хариулахад 20-30 минут болно. Иймээс өвгөн багшийн далай мэт амьдралын түүхээс өчүүхэн хэсгийг түүвэрлэн хүргэхийг хичээлээ. Эрхэм хүмүүний газар тариалангийн салбартай холбогдсон учрал их сонин аж. Ангийн багш (биологийн багш) Н.Төмөрбат гэж хүн байжээ. Тэд биологийн кабинетад хоёр туулай, нэг үнэг, усан гахай зэргийг тэжээнэ. Хоёр туулайдаа талх нухаж өгдөг байж. Гэтэл нөгөө хоёрын үс нь бүрзийгээд өвчлөөд эхэлж байгаа нь мэдэгдэж гэнэ. Багшдаа хэлэхэд “Мал эмнэлэг дээр аваачиж үзүүл” гэжээ. Мал эмнэлгийн эмч үзээд “Хоол нь таарахгүй байна. Шинэ ногоогоор тэжээ” хэмээсэн байна. Тухайн үед гуравдугаар сарын эхэн байсан аж. Тэгээд ч Говь-Алтайгаас ямар шинэ ногоо олох билээ. Ингээд 2-3 хоножээ. Нэг өдөр гадуур явж байтал айлын гаднаас машин хөдөлж, донсолгоон дунд тэвшний завсраас шар зүйл цуван унажээ. Үзсэн чинь тариа байна. Нөгөөхийг нь дээлийнхээ хормойг тосч байгаад түүж овоо юм болгоод сургуульдаа ирсэн аж. Тухайн үед зүгээр л түүж авсан ч ангидаа ирээд туулайг шинэ ногоогоор тэжээ гэснийг санасан байна. Иймд хуучин хоёр сав олж хөрс хийгээд үрээ суулгаад явжээ.

Амралтын өдөр өнгөрч, даваа гаригийн өглөө ангидаа иртэл тариа соёолж цухуйсан байсныг усалж, хэд хоногийн дараагаар ногоон сайхан түрүү ургаж эхэлсэн аж. Ингээд нөгөө хоёр туулайгаа тавьтал дуртай нь аргагүй идэж, удалгүй цовоо цойлгон болоод эхэлсэн байна. Нэг өдөр ангийн багш нь Лодонгийн Түдэв гуайтай хамт ороод ирсэн аж. Тэр хоёр нэг анги байж л дээ. Тэгээд болсон явдлыг сонсоод Л.Түдэв гуай “Дорж сайн агрономич болох юм байна даа” хэмээн хэлсэн гэдэг. Энэ бол 1959 оны үе юм. Тухайн үед улсын хэмжээнд дөрвөн сургууль байсан аж. МУИС, Багшийн сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Намын сургууль гэж байж. Намын сургуульд 10-н жилээ төгссөн хүүхдүүдийг авахгүй. Ингээд үлдсэн гурван сургуулиас сонголт хийдэг байжээ. Эхлээд МУИС-иас багш ирж Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн зэрэг багш эрдэмтэд хичээл заадаг тухай танилцуулж, манай сургуульд хэн орох хүсэлтэй байна хэмээн хэлэхэд Дорж гараа өргөсөн аж. Харин ангийн багш нь суу хэмээн ширэв татаад суулгасан гэдэг. Үүний дараагаар Багшийн их сургуулиас хүн ирж мөн л сургуулиа танилцуулаад хэн элсэн орох хүсэлтэй байгааг асуужээ. Гоё сайхан олон зүйл ярьсан тул гараа өргөчихмөөр байсан ч багшийнхаа царайг хараад больсон гэдэг. Сүүлд нь Хөдөө аж ахуйн их сургуулиас Пүрэвжав хэмээх багш ирж сургуулиа танилцуулаад элсэн орох хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэхэд ангийн багш нь хамгийн түрүүн босч “Би Б.Доржийг бүртгүүлмээр байна” хэмээсэн аж. Ингэж тэрбээр газар тариалангийн салбартай холбогдсон анхны “шангаа татсан” байна.

Анх 1955 онд их сургуульд агрономийн анги байгуулагджээ. Б.Дорж гуай 1964 онд сургуулиа төгсөж, яамны томилгоотойгоор Зүүнхараагийн сангийн аж ахуйд ажлынхаа гарааг эхэлсэн аж. Улмаар тэрбээр Ургамал, газар тариалангийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж, 1971 онд Казахстаны Алмата хотод суралцаж, мөн Монгол орны хойд хэсэгт зусах буудай тариалах чиглэлээр 1974 онд эрдмийн зэрэг хамгаалсан аж.

Бид газар тариалангийн их бүтээн байгуулалт, хамт олны найрсаг уур амьсгал, тариан талбай дээрх залуусын үерхэл нөхөрлөлийг социализмын үеийн хуучны кинонуудаас хардаг. Үнэхээр ч тухайн үед тариан талбай дээр амьдрал буцалж, хаврын тариалалт, намрын ургац хураалтын үеэр мартагдашгүй дурсамжит өдрүүдийг өнгөөрөөжээ. Түүний бага залуу үеийн хөгжилтэй дурсамжуудаас хуваалцъя. Ангийнхан нь нэгдүгээр курст орсны дараа “Зил164” машины тэвшин дээр хөнжил, пүүгээтэй нь суулгаад Борнуурын сангийн аж ахуй руу авч одсон байна. Энэ бол атар газар эзэмшиж эхэлсэн анхны жил аж. Тухайн үед атрын шинэ дөрвөн сангийн аж ахуй байгуулсан байж. Залуус үтрэмийн газрыг хүрзээр харуулдан чулуу модыг зайлуулан бэлтгэх ажилд дайчлагджээ. Тэрбээр тарианы цэвэрлэгээн дээр хэсэг ажиллаж байв. Сүүлдээ трактор барьж чаддаг тул уг ажилд туслахаар очсон аж. Анх жолооч гарын үзүүртээ зарж байгаад сүүлдээ трактораа бариулчихаад холоос хараад бухал дээр хэвтэж байдаг болсон гэдэг. Ингэж явсаар нэг өдөр жолооч ах эмнэлэг явахаар болж, трактор хариуцаж хөдөлгөх үүрэг бүхэлдээ ногдож үлдсэн байна. Эхэндээ сонирхолтой байсан ч тухайн үеийн тракторыг хүйтэн өглөө асаах, цаашлаад засч сэлбэнэ гэдэг амаргүй байв. Нэг мэдэхэд энэ ажлаас болж тосонд битүү булхах болж, орой майхандаа очиход нөхөд нь “муухай үнэртэй байна, тусдаа унт” гэх зэргээр “гадуурхах” болсон тул залхаж эхэлжээ. Нэг удаа трактораа асаах гэж газрын уруу өнхрүүлж байгаад майхан дайрчих шахсан гэдэг. Удалгүй эмнэлэг явсан жолооч ч ирж, буцаад үтрэм рүүгээ явсан аж. Тухайн үед бөөнөөрөө майханд байрлана. Майхны баганаас төмөр утас ороогоод лааны суурь хийж гэрэл гаргадаг байж. Орой бүгд орондоо орсон хойно лаа унтраах хүн олддоггүй байжээ. Дулаан хөнжлөөсөө хэн босч лаа унтраахыг хүсэхэв. Ингээд ээлж гаргаж лаа унтраах болсон байна. Тухайн үед нэг хэсэг түүхий талх өгдөг байжээ. Үүнээс болж оюутнуудын гэдэс дүүрч унгаад, багагүй хэл ам ч гаргадаг байсан аж. Нэг орой Баянхонгор аймгаас ирсэн Ням гэж хүүгийн лаа унтраах ээлж болсон байна. Нөгөөхийг чинь “Лаа унтраах ээлж шүү, босоорой” гэтэл сахилгагүй моньд “Би үлээж унтраахгүй, унгаж унтаарна” хэмээжээ. Энэ үед хөнжлөөсөө сугарах дургүй нөхөд чинь тэрийг харах гээд бүгд босч дээр өлгөөтэй байсан лааны суурийг доошлуулж, өгзөгнийх нь хавьцаа дөхүүлэх гэж бөөн “ажил” болсон байна. За ингээд тохиромжтой хэмжээг авч, бүгд ч тойрч зогсоод “за унга” гэхэд нөгөө нөхөр ч унгахад хөх дөл очоод өгзгийг нь “алгадчихсан” аж. Нөгөө нөхөр ч орилж, ангийнхан нь чадал тэнхээгээ барагдтал инээсэн гэдэг. Сүүлдээ инээд нь ханиад болж нөгөө нөхөр орилоод унтуулдаггүй. Тэгэхээр нь тогооч хийдэг хоёр охиноос түүхий гурил авч зуураад өгзгөн дээр нь тавихад арай гайгүй болжээ. Гэвч гурил нь хатахаар дахиад л орилно. Дахиад л түүхий гурил зуурч тавина. Энэ мэтээр үүр цайлгаж, эмч дуудаж үзүүлсэн байна. Залуухан эмч бүсгүй ирж юу болсон хэмээн тонгойлгон үзэхэд ангийнхан нь ар тал нь эхний эгнээ сууж дараагийн эгнээ хагас босч, сүүлийнх нь босоогоороо зогсоод үзэж байсан гэдэг. Юунаас болсон юм гэхэд бүгд “савж унаад” хариулт хэлэх хүн олдоогүй аж. Нэг нь арай гэж инээдээ дараад учрыг хэлэхэд эмч бүсгүй элгээ тэврээд өнхрөөд унасан гэдэг. Сахилгагүй моньд долоо хоног эмнэлэгт хэвтэж, данлаа шингэн хоол, шөл уусаар эдгэрчээ. Б.Дорж гуай их сургуульд хичээл заах үед хүүхдүүд шуугилдахад “Яриад байгаа нөхөр гар” хэмээн зандарсныхаа дараа “Бид ч бага залуудаа эд нараас дутахгүй хөглөж, хөгжилдөж явсан” гэж бодоод зөөлөрдөг байсан аж.

Тэрбээр 1989 онд ОХУ-ын Омскт эрдмийн зэрэг хамгаалахаар очсон аж. Улмаар эрдмийн зэргийн ажлаа бичиж байх үед 1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөж, тэрбээр нутаг руугаа буцахыг хүссэн ч Оросын эрдмийн зөвлөлийн багш нар, Монголын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд ч тэр “Нэг мөр эрдмийн зэргээ хамгаалаад яв” хэмээн ятгаж байсан гэдэг. Тэрбээр ч эрдмийн зэргээ 100 хувийн саналаар хамгаалж, нутагтаа ирсний маргааш анд нөхөр, Ерөнхий сайд Ш.Гунгаадорж дуудан уулзаж баяр хүргээд юу хийх гэж байгааг нь асуужээ. Тэрбээр хүрээлэндээ ажиллах хүсэлтэй байгаагаа хэлэхэд загнаж, “Чи насаараа эрдэм шинжилгээний ажил хийж үйлдвэрлэлээс зугтааж биеэ оторлох уу. Толгойд мэдсэн зүйлээ улсад өг” хэмээн Хөдөө, аж ахуйн их сургууль руу явуулсан байна.

Монголын газар тариалангийн салбар Б.Дорж гуайн зөвлөмжийг гол сууриа болгож 60 шахам жил явж ирсэн аж. Тодруулбал, хаврын тариалалтын өмнө Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс дулааны улирлын төлөв байдлыг гаргадаг. Үүнд 5-9 хүртэлх цаг агаарын төлөв байдал багтдаг. Тэгвэл үүнийг гарч ирсний дараа Б.Дорж гуай хаврын тариалалтын зөвлөмж бичнэ. Цаг агаарын төлөвийг харж байгаад тухайн бүс нутагт тийм хавар, зун, намар болох шинжтэй байна. Тиймээс үүнд нийцүүлж хэдийд тариа тарих, ямар бодлого барих зэрэг бүх л мэдээллийг багтаасан зөвлөмж гаргадаг аж. Үүнийг Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн төлөвтэйгөө хамтатган гаргаж тариалангийн бүс нутгуудаар электрон болон боршур хэлбэрээр тарааж хэвшжээ. Энэ заасан шаардлагыг хангаж, энэ зөвлөмжийн дагуу л тарих ёстой аж. Тэрбээр энэ зөвлөмжийг 1970-аад оноос хойш бичиж байгаа. 1990 оны зах зээлийн хүнд хүчир шилжилтийн үед 7-8 жил тасарчээ. Одоо тэрбээр Ургамал, газар тариалангийн хүрээлэн рүү явуулж эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлээд нийтэд тараадаг байна.

Энэ жилийн хувьд хавар хөрс чийгтэй байсан нь сайхан нөхцөл бүрдүүлсэн хэмээн Б.Дорж гуай хэлсэн. Тийм учраас гуурстай талбайдаа ахиухан тариа тарья гэж зөвлөсний дагуу энэ жил яам талбайгаа нэмжээ. Үүний дагуу энэ жил 513300 тонн үр тариа хурааж авахаар байгаа аж. Үүний дотор 487 мянган тонн буудай байна. Энэ бол дотоодын хэрэгцээг хангалттай хангана гэв. Төмсний хувьд 237 мянган тонныг авна. Бас л хангалттай. Харин хүнсний ногоо 117 мянган тонныг авах аж. Энэ нь дотоодын хэрэгцээг хангахгүй. Талбай багадсан гэдгийг хэлэв. Хүнсний ногоо, жимс асар их ажиллагаатай аж. Заавал усалгаа шаардана. Талбай дээрээ зуны турш зогсож байж ургац авдаг хүч шаарддаг ажил аж. Иймээс хүн үүнээс халширч талбайгаа нэмж чадахгүй байгааг хэлсэн. Хэрэв улс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангана гэвэл хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, механикжуулах, ажлын бүтээмжийг сайжруулсан шинэ багаж, тоног төхөөрөмж зохион бүтээх, нэвтрүүлэх шаардлагатайг анхааруулав.

Түүний гэргий Т.Балжид зоотехникч мэргэжилтэй. Өдий насанд хамтдаа жарган сууна. Тэд Зүүнхараагийн сангийн аж ахуйд танилцаж, хамт ажиллаж байжээ. Хөдөлмөрийн баатар гурван гахайчин төрснөөс хоёрт нь манай хөгшний оролцоо өндөр байсан гэдгийг тэрбээр онцолсон юм. Мөн тухайн үед зоотехникчийн ажил маш хүнд хүчир байсан тул тэр болгоныг миний хөгшин даван туулж, хичээн зүтгэж ирснийг дурсав. Б.Дорж гуай тэтгэвэр тогтоолгох үеэр хөгшнийг нь хүнд нөхцөлд ажилласнаар тооцоогүй, өөрийнх нь ажилласан жилийг хоёр жилээр хасч тооцсонд багахан гомдолтой явдаг юм билээ. Тэд зургаан хүүхэдтэй. Дөрвөн хүү, хоёр охинтой. Том хүү Нэргүй нь Дарханы Хонгорт тариа тарьдаг аж. Дараагийн хүү Зоригт эрчим хүчний байгууллагад олон жил ажиллажээ. Охин Баярмаа нь Анагаахын дээд сургуулийн багш аж. Байгальмаа охин нь математикийн багш. Одоо япончуудтай хамтарсан бизнес эрхэлдэг аж. Жаргалсайхан нь ахтайгаа тариа тарьдаг. Бага нь инженер мэргэжилтэй гэв. “Үр хүүхдийн ач зээ нийлээд тоогоо алдсан. Хөгшин л сайн мэднэ дээ” хэмээн Б.Дорж гуай ярив. Охин Баярмаагийн нөхөр, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан аавынхаа талаар “Аав маань одоо англи хэл үздэг. Энэ бол байнга суралцаж, мэдлэгээ олон түмэнд түгээх чинь хүслийнх нь нэг нотолгоо гэж боддог. Би энэ айлын хүргэн. Гэхдээ төрсөн аав шигээ санадаг. Аав маань газар тариалангийн ажилдаа үнэнхүү дуртай. Өдий 80 гарсан ч сургууль дээр байнга очно. Хамт олон нь ч эрдэмтэн судлаачдыг бэлтгэхэд аавын үүргийг ихээхэн чухалчилж, харилцаатай байдаг. Аав спортод дуртай. Волейбол 60 гартлаа тоглосон. Үндэсний бөхөд дуртай хүн. ОХУ-д суралцаж докторын зэрэг хамгаалсан шүү дээ. Тухайн үед багш нар нь эх орны дайнд оролцож байсан, мөн ОХУ-ын төрийн шагналт хүмүүс байсан. Энэ мэтээр олон оронд найз нөхөдтэй. Тэдэнтэйгээ байнга холбоотой байна. Газар тариалангийн ихэнх компани аавыг зөвлөхөөр ажиллуулж, байнга дэм тусыг нь авдаг. Монголын газар шороог дэндүү сайн мэддэг хүн. Хөрс авчираад үзүүлэхэд тийм газрын хөрс байна гэж шууд хэлнэ. Аргагүй олон жил явж, хөрс шороог нь таньж мэдсэн хүн юм. Үр хүүхэд бид нь аавыгаа төрийн шагнал хүртэх болов уу гэж бодож явдаг” хэмээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

О.Адъяа: Монгол Улс саарал жагсаалтаас гарсны дараа дахин ийм нөхцөл байдалд орохгүй байх талаар Засгийн газар тууштай ажиллах шаардлагатай

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.


-Монгол гэлтгүй дэлхий дахины бизнес, эдийн засаг “COVID-19” цар тахлаас болж хүндрэлтэй байна шүү дээ.Монгол дахь Америкийн худалдааны танхим цар тахлын үеэр хэрхэн ажилласан бэ?

-Монгол дахь Америкийн Худалдааны Танхим 2011оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ цар тахлын гамшиг буюу урьд өмнө огт үзээгүй зүйлтэйгээ тулгарлаа. Манайх 68 гишүүн компанитай. Энэ гишүүн компаниудаасаа коронавирусийн оргил үе болох дөрөвдүгээр сард дэлгэрэнгүй судалгаа авсан. Саяхан мөн гишүүдтэйгээ үргэлжлүүлэн уулзсан. Мэдээжийн хэрэг цар тахал байгууллагуудад хүнд нөлөө үзүүлсэн. Ер нь дүр төрх хоёрдмол байдалтай харагдаж байна. Нэг талаасаа олон худалдааны компаниуд асар их хүндрэлтэй тулгарсан. Хүмүүсээ цомхотгож, зардлаа хэмнэх зэрэг арга хэмжээ авсан. Нөгөө талаасаа зарим уул уурхайн компани, томоохон бүтээн байгуулалт дагасан ханган нийлүүлэлтийн сүлжээ, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаа нь хэвийн явсан. Тэр ч бүү хэл, илүү ашиг орлоготой ажилласан гэсэн ийм судалгааны дүн гарсан байна лээ.

-Танай танхимаас эдийн засгийн хүндрэлд орсон байгууллага, ААН-үүдийг ямар байдлаар дэмжин ажиллаж байна вэ?

-Гишүүн компаниуддаа туслах үүднээс өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ дахь Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар БНХАУ-д гадаадын бизнесүүд болон тухайн улсын бизнес эрхлэгчид хэрхэн коронавирусийн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж байгаа туршлагаас хуваалцсан. Их сонирхолтой яриа болсон. Мөн бид цар тахалтай холбогдуулан Засгийн газарт тодорхой саналууд хүргүүлсэн.

-Засгийн газарт ямар саналууд хүргүүлэв?

-Монгол Улс, Засгийн газар өөрийн хэмжээнд чадах бүх ажлуудаа хийсэн, хийсээр ч байна. Гадаадаас иргэдээ татаж, эрүүл аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулсан.Мөн бид Монголд байнгын үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын төлөөлөл, гүйцэтгэх захирал, удирдах түвшний хүмүүсийг Монголд ирүүлэх талаар арга хэмжээ аваач ээ гэсэн хүсэлт тавьж байсан. Үүний дагуу Засгийн газар гадаад иргэд яах ч аргагүй эргэж ирэх нь зүйтэй юм байна гэж үзээд өнгөрсөн наймдугаар сараас татаж эхэлсэн.

Мөн саяхан УИХ-аар Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулах явцдаа Засгийн газар биднээс санал авсан. Засгийн газарт хүргүүлсэн саналуудаас сонирхолтой хоёр гурван зүйлийг дурдах нь зүйтэй. Хамгийн эхэнд саарал жагсаалттай холбоотой асуудал байгаа.Засгийн газрын зүгээс чадах бүхий л арга хэмжээг аваад саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангачихсан байгаа. Одоо нэг хүлээгдэж байгаа зүйл нь олон улсын байгууллагаас Монгол Улсад ирж, ажилтай танилцах л хүлээгдэж байгаа. Хорио цээрийн улмаас ирж ажиллаж, хянах хугацаа нь хойшлогдоод байна гэж ойлгож байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас ирж шалгалт хийх болов уу. За яахав ингээд саарал жагсаалтаас гардаг юм байж. Хамгийн гол нь бид Засгийн газарт эргээд саарал жагсаалтад бүү орчихоосой гэдэг асуудлыг тавьж байгаа. Яагаад гэхээр өмнө нь бидэнд ийм түүх байсан. 2016 онд Монгол Улс саарал жагсаалтад орж байсан юм билээ. Тухайн үед Засгийн газар асуудлыг тэгж их дэвэргэлгүйгээр шийдсэн. Тэгэхээр гурав дөрвөн жилийн дараа дахин энэ нөхцөл байдал битгий үүсээсэй.

-Тэгвэл бид эргээд саарал жагсаалтад орохгүйн тулд чухам юун дээр хэрхэн анхаарч ажиллах ёстой юм бэ?

-Хийгдэх ёстой шинэчлэлүүд буюу авлигатай холбоотой хэргүүдийг үргэлжлүүлэн шийдэх, банкны салбарын шинэчлэл, банк бус санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудлуудыг цэгцэлж, өөрчлөлтүүдээ цаашид хийгээд яваасай. Манайхан заримдаа гал унтраах маягаар асуудлаа шийдчихдэг.Нэг ёсондоо саарал жагсаалтаас гарлаа л гэвэл бүгд тайвширчихдаг. Ийм байдал битгий болоосой гэдэг үүднээс Засгийн газарт тухай бүрт нь санал тавьж байгаа.

-Мөн та бүхэн Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт төрийн өмчит компаниудыг хувьчлах саналыг тавьсан шүү дээ?

-Монгол Улсад 100 гаруй төрийн өмчит, 300 орчим орон нутгийн өмчит компаниуд байна. Эдгээр компаниуд төрд арав орчим их наяд төгрөгний өр төлбөртэй байна. Тэгэхээр энэ олон төрийн өмчит 400 гаруй компаниудыг аажмаар шинэчлэл хийхийг нь хийгээд, хувьчлалыг нь өрнүүлэх ажил эхлүүлье. Төрийн өмчийн компаниудыг амжилттай хувьчилж болно. “Монгол шуудан” ХК гэх тодорхой жишээ гарлаа шүү дээ. Тэгэхээр цаашлаад энэ байдлаар төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр юм уу бусад арга хэлбэрээр хувьчлах ажлуудаа эхлээч ээ гэсэн санал тавьсан.

Нөгөөтэйгүүр Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйгөө нягт хамтарч ажиллах нь гарцаагүй. Тэгэхээр хамтын ажиллагаа улам нягтарч, хоёр хөршөөсөө улам хамааралтай болж байгаа энэ үед гурав дахь хөршийн бодлогоо зоригтой, тууштай хэрэгжүүлээч ээ гэдгийг хүсч байгаа юм. Үүн дээр Засгийн газар АНУ болон бусад гурав дахь хөрш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр эхлүүлбэл яасан юм бэ. Цар тахлын улмаас эдгээр асуудлууд хойшлогдох байх. Гэхдээ Монголын талаас эхнээс нь санаачилга гаргаад чөлөөт худалдааны хэлэлцээрийн ажлыг эхлүүлж, судалгаа хийх алхмыг эхлүүлбэл олон ач холбогдолтой. Нэгдүгээрт, геополитик талаасаа, хоёрдугаарт, манай бараа бүтээгдэхүүн АНУ руу гарах, мөн улсаас бараа орж ирэх боломжууд нээгдэх учраас чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг манай талаас эхлүүлбэл зүгээр юм байна гэсэн санал өгсөн.

-Монгол дахь Америкийн худалдааны танхим цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Бид уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, автомашин механизм, цахим шилжилт, нийгмийн хариуцлага гэсэн зургаан салбарт голлож ажиллаж байгаа. Тухайлбал, бид автомашин механизмын хүрээнд Зам тээврийн яамны удирдлагуудтай уулзсан. Хотын түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд олон хүмүүсийн эсэргүүцэл тулгарахуйц томоохон зоригтой улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Буруу талдаа хүрдтэй машинуудыг шат дараатайгаар оруулж ирэхийг нь багасгах, яваандаа хориглох гэх мэт. Монгол Улс зөв талдаа хөдөлгөөнтэй учраас ийм байдлаар асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Хоёрдугаарт, хэт хуучин машинуудын татварыг өндөр болгож, шинэвтэр болон шинэ машин унадаг болгочихвол хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар хэт хуучин машинуудыг оруулж ирэхийг хориглоно гэсэн шийдвэр гарч байсан. Тэр маань их хурал дээр очоод уначихсан юм билээ. Тэрэнд асар их эсэргүүцэл магадгүй бизнесийн сонирхлын зөрчил үүссэн юм болов уу.Ер нь энэ асуудлыг Зам тээврийн яам зарчмын хувьд ойлгож, дэмжиж байгаа юм билээ. Гэхдээ одоо л бид энэ асуудлыг шийдэхгүй бол хот бүрэн таг зогсох хэмжээнд хүрчихлээ шүү дээ.

Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажиллаж байна. ХХААХҮЯ 2020-2024 онд баримтлах стратеги, бодлогын төлөвлөгөө нь гарч байгаа. Энэ төлөвлөгөөнд бидний гаргаж байгаа санал бол гуравдагч хөршөөс хөдөө аж ахуйн томоохон тоног төхөөрөмжүүдийг авдаг болох санал юм. Хоёрдугаарт, өнөөдрийг хүртэл Монгол Улс маань цагаан идээ тухайлбал, бяслагийг БНХАУ руу гаргахад худалдааны тодорхой тогтсон хэлэлцээр байдаггүй юм байна. Жишээлбэл, манай гишүүн компани БНХАУ руу бяслаг экспортолъё, нөгөө талаас нь ч хүлээж авъя гэтэл яг ямар журмаар яаж гаргах хэлэлцээр байхгүй. Ингээд гаргаж чадаагүй. Бид сүүлийн гурав дөрвөн жил хөөцөлдөөд хүчрэхгүй байна.Тэгэхээр худалдааны хэлэлцээрүүдийг түргэн шуурхай болгох нь дотоодын бизнесүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ашигтай юм болов уу.

Мөн цар тахлын үед цахим шилжилтийг эрчимжүүлэх зүй ёсны шаардлага гарч байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс эхний алхмуудыг хийгээд эхэлсэн. Бидний зүгээс энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд ойрын үед тодорхой саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх болно.

-УИХ-аас гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих түр хороо байгуулсан. Танайх энэ хороотой хамтарч ажиллаж байгаа юу?

-Шинэ их хурал, Засгийн газар бүрдлээ.Шинээр бүрдсэн баг нэлээн дорвитой алхмууд хийж эхэлж байх шиг байна. УИХ дээр ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих түр хороог байгуулсан байна. Тэр хороог урьд нь бизнесийн салбарт ажиллаж байсан гишүүд маань санаачилсан. Энэ түр хороотой хамтарч ажиллахаар уулзалтуудаа хийж байна. Нөгөө талаасаа Засгийн газар ажлууд хийгээд эхэлсэн ч тэр нь эхэндээ зоригтой явж байснаа яваандаа унтарчих юм. Төр засаг нь солигдчихоор хэрэгжихээ больчихдог. Иймэрхүү байдлаар битгий ажлаа замхруулаач ээ, одоо явж байгаа ажлуудаа үгүйсгэхгүйгээр үргэлжлүүлээд яваасай.

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-ЖДҮ-ийн асуудал дээр манай гишүүн компаниудын ярьдаг хамгийн том асуудал бол санхүүжилт.Энэ асуудал дээр АНУ-д эксим банк гэж байгаа. Мөн хөгжлийн санхүүжилтийн корпораци гэж байгууллага бий.Энэ хоёр байгууллагын хүрээнд АНУ-ын оролцоотойгоор боломжийн нөхцөлөөр санхүүжилт авах боломж байдаг юм билээ. Мэдээж тодорхой хэмжээнд шалгууруудыг хангасан байх ёстой. Зөвхөн богино хугацааны ашиг биш дундаас урт хугацаанд нийгмийн асуудлыг шийдэх гэсэн ийм ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлдэг. Энэ утгаараа “Голомт” болон “Хас” банкаар дамжуулаад санхүүжилтийн корпораци санхүүжилт олгож байсан. Жишээ нь,“Хас” банкаар дамжуулан ЖДҮ эрхэлдэг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд санхүүжилт олгож, төсөл ньамжилттай хэрэгжиж байсан.

-АНУ-ын зүгээс 330 сая ам доллараар Монгол Улсад хэрэгжүүлж буй Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах зорилготой төсөл хэрэгжиж байгаа юм билээ. Энэ төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

-Энэ төсөл маань Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирээд ажил нь эхэлсэн байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Улаанбаатарчууд яг өнөөдрийн байдлаараа усаа хэрэглээд явбал тун удахгүй усны нөөцгүй болох аюултай. Тэгэхээр энэ бол өнөөдөр АНУ-аас Монголд хийж байгаа хамгийн том буцалтгүй тусламжийн төсөл байгаа.Мөн эксим банкаар дамжуулаад Оюутолгойд 700 сая ам долларын санхүүжилт хийчихсэн байгаа. Яахав, одоогийн байдлаар АНУ-аас тийм их хэмжээний хөрөнгө оруулалт ирэхгүй байгаа ч гэсэн өнгөрсөн жилтэй харьцуулахад тодорхой хэмжээнд нэмэгдсэн.Үүнээс гадна манай гишүүн компаниуд АНУ-ын брэндийг Монголд оруулж ирье, өөрсдөө гаргая гэсэн санал их ирдэг. Жишээлбэл, “Говь”ХК 2019 оны наймдугаар сард Лос Анжелес хотод онлайн дэлгүүрээ нээсэн. Мөн өнгөрсөн онд АНУ-ын Конгресийн гишүүд гурав дахь хөршийн худалдааны хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулийн гол үзэл санаа бол Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд ямар нэгэн квотгүй гаргах боломж олгох юм билээ. Одоогоор бол цар тахал гээд дээрээс нь сонгууль болох гэж байгаа учраас хуулийн төсөл маань энэ ондоо арай батлагдаж амжихгүй юм шиг байна. Энэ хуулийн төслийн нэг зорилго, болгоомжлол нь манай урд хөршөөс хямд ноолууран бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн гэдэг байдлаар Хятадаас АНУ руу гаргах эрсдэлийг бууруулах үүднээс хийгдэж байгаа ажил юм билээ.

Эцэст нь АНУ-д арваннэдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль болно. Бидний харж байгаагаар Монгол Улсын талаар баримтлах гадаад бодлогод нь зарчмын хувьд төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу.Тиймээс Монгол Улсад үргэлжлүүлэн улс төрийн дэмжлэг үзүүлсээр байх болно.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Төмөр нь байвал онгоц ч хийчихнэ” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийвI-IIнүүрнээс уншаарай.

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн” хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт нэрт нийтлэл Баабарын “Төмөр нь байвал онгоц ч хийчихнэ “ хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

НИТХ-ын сонгуулийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа “Нийтийн тээврийг богино зайд, үнэ төлбөргүй явуулбал түгжрэл буурна” гэв

Баримт үйл явдлын VII нүүрт “Д.Чинзориг: Татвар төлөөгүй, өндөр торгуультай, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийг хотын төв рүү нэвтрүүлэхгүй” гэлээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Базаррагчаа: “Бид мартахгүй” киноны Аюуш баатрын дүрээр минь ард түмэн намайг хайрладаг” хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан бороо орохгүй

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хар нохой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 16, Билгийн тооллын 29, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хянуур хандах ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.