Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийг богино зайд, үнэ төлбөргүй явуулбал түгжрэл буурна гэв

НИТХ-ын сонгуулийн талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваагаас тодруулга авлаа.


-Нийтийн тээврийг үнэгүй болгох талаар танай намын мөрийн хөтөлбөрт байгаа юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Дэлхийн олон оронд түгжрэл тулгамдсан асуудал болсон. Метро, нийтийн тээврийг уялдаатай хөгжүүлдэг юм байна. Манайд 500 мянган машин байна. Иргэд бүгдээрээ машин унаад ирэхээр зам түгжирч байна. Сонголт өгөх ёстой. Нийтийн тээврийг богино зайд явуулаад үнэ төлбөргүй болгочихвол асуудал шийдэгдэх шийдэл байна шүү. Энэ нь санхүүтэй л холбоотой. Цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагчид нарын татаас болон зам цагийн татаас гэж 100 тэрбум орчим төгрөгийг Хотын захиргаанаас авдаг. Нийт 200 тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэж тооцож байгаа юм. Төрийн цөөн, хувийн олон автобус компани үйл ажиллагаа явуулдаг. Нийт 1200 гаруй автобус явдаг гэж ойлгосон. Тэдгээрийг үнэгүй болгочихвол мөнгөний л асуудал тулгарах нь. Тэр нь 100 тэрбум төгрөгийн л асуудал. Хотын төвийн зогсоолуудынхаа үнийг нэмэх хэрэгтэй. Эстони улсын жишээ энэ. Хотын төв рүү орж байна гэж давхцал үүсгээд буй зүйлүүдээ л эхний ээлжинд шийдэх ёстой юм. Авто зогсоолоо үнэтэй болгож, автобусаа үнэгүй болгох ёстой гэж харж байна. Маш их мөнгө зарлагадаж машин унахын оронд автобусаар үнэгүй явах сонголтыг л олгоно гэсэн үг. Яв гэж шахахгүй.

-Автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай болох нь ээ?

-Тийм. Автобусны тоог нэмэгдүүлэх, автобусны буудлуудыг битүү, дулаахан болгох шаардлагатай. Ингээд богино зайд ойр, ойрхон явбал автобусаар зорчоод байх боломжтой юм байна гэж харж байгаа. Зам, зогсоолынхоо хураамжийг нэмэгдүүлж олсон мөнгөө автобусны үйлчилгээ рүү шингээж болно шүү дээ. Мөн том мотортой машинаас авах татварынхаа хэмжээг нэмэгдүүлж болно. Энэ мэт арга, аргачлалууд байна. Улаанбаатар цаашид нэг төвтэй бус олон төвт хот болох ёстой. Хүүхдүүд Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л дугуй унах боломжтой байгаа биз. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол дээр нь багтахаа больчихсон. Уг нь нэг талыг нь нээгээд зогсоол болгоход болоо юм шүү дээ. Энэ мэт засах шаардлагатай энгийн зүйлүүд их бий. Гэхдээ тэд иргэндээ биш, намдаа зориулж ажилладаг. Ардчилсан нам намдаа зориулж биш иргэн рүүгээ чиглэсэн ажил хийдэг.

-Шинэ захиргааны байрыг хүүхдийн эмнэлэг болгох талаар мөн та ярьж байсан…

-Хотын захиргааг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулж, захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөсөн. Барилгын ажил ч дуусах шатандаа явж байна. Яармаг руу хотын захиргаа нүүхэд бичиг цаас барьсан хэдэн мянган иргэн өдөрт замын ачааллыг нэмэгдүүлэх нь тодорхой. Миний хувьд дарга нар байранд орж байхаар шинэ захиргааны байрыг хүүхдийн эмнэлэг болгох саналтай байна. Хүүхдүүд өвдөж эмнэлгийн коридорт хэвтэж байхад дарга нар шинэ байранд тухлах нь хэр зөв бэ. Нийслэлд улсын чанартай хүүхдийн томоохон эмнэлэг хэрэгтэй байгааг эмч нар төдийгүй эцэг, эхчүүд байнга учирлаж байна. Үнэхээр хүүхдийн эмнэлгийн ачаалал туйлдаа хүрч, зарим үед эмч, эцэг, эхчүүд аргаа бардаг. Харин төрийн өндөрлөгүүд, салбарын удирдлагууд ярихаас цаашгүй байгаа нь харамсалтай.

-Агаарын бохирдол, утааг бууруулах чиглэлд танайд ямар төлөвлөгөө байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэж буй ажлыг та дэмждэг үү?

-Сайжруулсан түлш түр хугацааны бодлого. Түүнээс 20-50 жилдээ энэ хэвээр байж болохгүй биз дээ. Бид маш яаралтай дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлж, шинэ технологийг хэрэгжүүлэх ёстой. Дулааны болон усны шинэ супер технологиуд их гарсан. Харин нөхдүүд шинийг нь авдаггүй. Учир мөнгө унахгүй шүү дээ. Дандаа л хумсалж байдаг учир хамгийн мууг нь авчирч өндөр үнээр төрд шахдаг. Авлига, газрын маргаан битүү. Орон сууцанд амьдардаг хүмүүс зуслантай болох хүсэлтэй. Ингээд хотыг тойрсон хэдэн ам дүүрчихсэн. Гэтэл Монголд газраас их зүйлгүй байна шүү дээ. Урагшаа Багахангай, Багануур, Майдар хот гэх мэт Төв аймгийн зарим сумдад замыг нь тавьж, тогийг нь залгаж өгвөл зусланг байгуулж болно шүү дээ. Тэнд газар байна.

Тэгэхгүй бол зуслан гэхээр л хойшоо хэдэн уулын амыг нэрлээд байгаа юм. Эрэлт, нийлүүлтийн зарчмаар аливаа зүйл хязгаарлагдмал байвал авлига л авна шүү дээ. Тэгэхээр тэнд газар авахын тулд авлига өгч байна.

Авлигаа нэмэгдүүлэхийн тулд төрийн хүнд суртлыг онцгойлон бий болгодог улс төрийн хүчин төрд гарчихаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төмөр нь байвал онгоц ч хийчихнэ



БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Жараад оны сүүлчээр нэг залуу техникч хувиараа пуужин бүтээгээд тэрийгээ Богд ууланд туршиж байгаад түймэр тавьчихжээ. Гамшиг тарьсных нь хувьд цагдан сэргийлэх баривчилж торгосон уу яасан, юутай ч шийтгэсэн. Эрдэнэ баавай залууг өмөөрч эсээ бичсэн юмдаг. Пуужин амжилттай хөөрч дэлхийг тойрон эргэлдэнэ гэж итгээгүй л дээ, гэхдээ шинэ үеийн монголчуудын хүсэл тэмүүлэл өндөрт гарч гэдэгт нь бахархсан хэрэг. Гагарин сансарт нисэж, Леонов задгай сансарт зугаалж, Армстрон саран дээр алхалж байхад монгол хүн дутахгүй гэж нууцаар ч болов пуужингийн загвар өөрөө хийгээд туршиж байна. Тэмүүлэл нь сайхан, дундад зууны хоцрогдлоосоо саяхан гарч ирсэн монголчууд юутай ч сансарт хөөрөх пуужингийн хөдөлгүүр зарчмыг ойлгоод оролдлого хийж буй нь бахархам.

Леонардо да Винчигээс 400 жилийн хожим Гэлэнхүү өөрийн урласан далавчаа биедээ бэхлээд нисэх оролдлого хийн өндөр цохионоос дүүлэн амжилттай газардсан. Гэтэл пуужинчин залуу Армстронгтой зэрэгцээд бүтэлгүй ч гэсэн туршилт хийжээ. Энэ бол хүн төрөлхтний сэтгэлгээтэй монголчууд маш хурдтайгаар дөхөж буйн илрэл. Сэтгэлгээний цар хүрээ тэлэхээр өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Монгол хүн пуужин туршсан тэр үед ийм нэг онигоо яригддаг байсан. Ордны ард монгол далбаатай пуужин буужээ. Бүгд гайхан цочирдож Цэдэнбалд хандсан байна “Москвагаас бушуу асуу, тэдний зөвшөөрөлгүй пуужин дээр нь Монголын далбаа зурсан юм биш байгаа?”. Тэгэхээр нь Самбуу гуайд мэдэгджээ. “Юу ч гэсэн эхлээд Төмрийн заводоос асуусан нь дээр байх”.

Харин энэ онигоо биш болсон явдал гэж барим тавим хэлэлцэх юм билээ. Хэнтийд нутаг нугадаа магтагддаг нэг дархан (инжаан л байх даа?) байжээ. Тэр нутагт анх удаа трактор “айлчилсан” юм байх. Хүмүүс сонирхоод л тойрч бүчээд л… Мөнөөх дархан нэлээд хожуу ирэн тракторыг баахан тойрч ажигласнаа “ахиухан төмөр олдвол хийчих л эд байна”. Хэдийгээр дотоод механизмыг нь ойлгоогүй ч үнэхээр төмөр олдвол гадаад дүрсийг нь дуурайлгаад хийчих итгэл төрсөн хэрэг, шоолоод ч яахав дээ.

Шинэ үеийн монголчуудын 2-3 үе үндэсний бахархлаа үгүйсгэсэн орчинд өсөж өндийж хүмүүжжээ. Зан заншил, уламжлал, үндэсний бахархлаас эхлээд явж ирсэн зам мөр, түүх соёлоо гутаан доромжилсон, эсэргүүцэн муйхарласан албадлагын орчин. Энэ үндэстнийг эмхлэн буй болгосон Чингис шиг адгийн шаар байхгүй учир нэрийг нь ч дурсахыг хориглоно. Үндэстнээрээ бахархсан “Тусгаар тогтнол” найраг хоригдсон, үндэстнээ магтан дуулсан Чойном шоронд. Хүнийг буруутгасан хамгийн муухай, хамгийн аймаар хараал нь “үндэсний үзэлтэн”! Үндэсний үзэлтэн гэж тодорхойлогдсон гүүш Ринчин, Дамдинсүрэн нар жигших үзүүлэнгийн самбар. Монгол хуучин заншил болгон хортой. Цагаан сар хийж болохгүй. Шашин шүтэх ялтай. Социализм байгуулагч интернациональч монгол иргэний бахархал бол “Зөвлөлтийн тусламж”, “Социалист бүтээн байгуулалт” л байх ёстой.

Монгол хүн юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй. “Хоцрогдсон бүдүүлэг хүннүүдийн хажууд ялсан пролетари суун зааж өгөөд байвал тэд капитализм туулж зовох шаардлагагүй, алгасаад харайчиж болно” гэж Ленин сургасан. Эхлээд комиссар, дараа нь сургагч, эцэст нь зөвлөлтийн мэргэжилтэн нэртэй болсон ялсан пролетариуд алхам болгоныг заах болов. “Зөвлөлтийн туршлагаас суралц”, “Зөвлөлтийн мэргэжилтнээс асуусан уу?”, “Зөвлөлтийн мэргэжилтэн зөвшөөрсөн үү?” Амьдралдаа амьд хонь үзээгүй мэргэжилтнүүд монгол ардад хонь хариулахыг нэг бүрчлэн заана. Монголд цэрэг оруулсан шалтгаанаар 20 жилд 17 тэрбум доллартай тэнцэх шилжих рубль зээлдүүлсний 63 хувийг өөрийгөө тэжээгээд явдаг хагас зэрлэг бэлчээрийн мал тордоход зарцуулуулжээ. Гол дагасан мянган худаг, талд босгосон цементэн өвөлжөө, нисдэг тэргээр зөөдөг өвс, хурга ишиг тэжээх хуурай сүү, хүчит тэжээлийн үйлдвэр, багсармал тэжээлийн цех… Тэгээд өссөнгүй ээ?

Нэг нартай сайхан өдөр коммунизм дэлхий даяар нуран уналаа. Зөвлөлтийн цэрэг мэргэжилтнүүдтэй хамт нутаг буцав. Хүмүүс, ялангуяа Монголын сэхээтнүүд үндэсний үзлээ цээжин дотроо тас нууж байсан нь мэдэгдлээ. Бараг бүгд үндэс угсаагаа хайрладаг, түүх соёл уламжлал зан заншлаа дээдэлдэг, тэр болгоныг нь доош дарж гутаан доромжилж байсанд дотроо их бухимддаг байжээ. “Мал маллахаа марксизмаар заалгахгүй”. Дотроо бодон бухимдаж байсан үг. “Гурав дахь хөрш”. Бид дахиж нэг орны эрхшээлд амьдрахгүй, бидэнд дайсан байхгүй, бид нийт хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэнэ. Манай гурав дахь хөрш бол газар зүйн хил нийлсэн хоёр хөрш ба бусад бүх хиллэдэггүй орнууд мөн. “Иргэний нийгэм”. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ухамсар бүхий тэгш эрхт иргэдээс манай нийгэм бүрдэнэ. Сайхан эхлэл, одоо л нийгэм маань эрүүлжиж эхэллээ. Бахархах юмтай Үндэстэн сэргэвээ.

Дундад зууны хоцрогдолтой, дээр нь бүтэн 300 жилийг тусгаарлагдсан хаалттай орчинд өнгөрүүлсэн монголчууд орчин үеийн ертөнцийг таньж эхэллээ. Хорвоо ертөнц чинь ийм амархан байсан юм уу? Эгшин зуур бүгдийг нь гүйцээд урд нь гарчих юм байна шүү дээ. “Азийн бар болно”, “Хийгүй дугуй үйлдвэрлээд л дороо хөгжинө”, “Баян ах маань Голландад байсан юм байнашдээ”. “Итгэлт баян аль эрт хэлж байхад бид анзаарсагүй, Итгэлтийн замаар урагшаа”. Ерөнхий сайд маань аль түрүү нийгэмд зах зээлийн эдийн засгийг нууцаар судалж байсан юм байна. Геологийн баялгийг нисдэг тэргэнд суусан үзмэрч нээгээд нээгээд явчихдаг юм байна. 10 литр бензин хийчихээр цааш ямар ч шатахуун зарцуулалгүй дэлхийг тойрч чадах 69 машин бүтээхээр шийдсэнийг төрөөс санхүүжүүлэв. “Мобилум пэрфэктум” гэдэг байх аа. Ромбу гаригтай бид холбоо тогтоолоо.

Гэхдээ нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд ерээд оны эхэнд болж байсан дээрх наргиантай адал явдлууд нь хаалттай ертөнцөөс гэнэт гэрэлд гарсан хүүхдийн гэнэн цайлган сэтгэгдэл мөрөөдөл байсан болохоос эд баялагт шунасан, ашиг завшаан хайсан муу муухай үйлдэл байгаагүй юм. Зэрэгцээт сэтгэцийн тэнцвэр алдагдсан “мэргэд” ч олноор мэндэлсэн. “Нээлт минь Нобелийн шагнал хүртэх ёстой нь эргэлзээгүй, бүтээлээ дахин тунгаасан чинь нэг биш гурван нобель авах юм байна”, “Би шинэ нээлтээрээ энэ жилдээ багтаад намраас Нобелийн шагнал хүртэнэ”, “Намайг Чингисийн удам гэж мэдчихээд дэлхийн хунтайж нарын уулзалтанд оролцох урилга ирүүлсэн чинь Засгийн газар урилгыг аваад нуучихжээ”, “Монголчуудын хөгжлийн зам мөрийг 100 мянган жилийн өмнө тодорхойлсон захиас надад бий”, “Мөнх тэнгэр монголчуудыг онцгойлон залж залруулж явдгийг физикийн ухааны доктор хүний хувьд би саяхан нээлээ”. Үнэндээ эдгээр нь нийгэмд төдийлөн хортой зүйл биш. Ийм үзэгдэл, ийм хүмүүс энэ хорвоогийн хаана л бол хаана бий. Этгээд байдлаар нийгэмд тодрох гэсэн нь ч бий, үнэхээр хий юм хардаг ч байж болох. Хөгжингүй орнуудынхаас манайд ялгаатай нь эд зохих газраа биш, харин ч мэдээллийн хэрэгслийн баатрууд болдог явдал. Гэхдээ л ийм хүмүүс нийгэмд хор хүргэдэггүй, хүргэж ч чадахгүй.

Нэгэнт төмөр нь байгаад ч онгоц хийх сачий алга гэсэн хатуу үнэнтэй тулж эхэлмэгц нийгмийн аль “сэргэлэнгүүд” өөр аргад шилжлээ. Хортой арга. Хоцрогдонгуй нийгмийн сэтгэлгээ ноёлсон зах зээл дээр луйвар хийх арга. Байгаль орчин, нутаг хошуу, хүн зоноо хамгаалах өрөвдөх аврах эх оронч хөдөлгөөн зах зээлд бараг хорин жил ноёрхсон авч эцэст нь тэдний тар танигдаж, одоо моодноос гарч байх шиг. Тэд бол рэкэтчид. Таньж мэдэх хүрээндээ нэр муутай, хууль бус орлогыг илүүтэйд үздэг, голдуу ажил төрөлгүй, мэргэжил боловсрол дорой. Тэднийг хөрөнгө мөнгөтэйчүүд болон төрийн албан тушаалтнууд байнга ашигладаг учир хамгаалалттай, тиймээс ч ял шийтгэл хүлээх нь ховор. Энэ бол хэдийнэ ил болсон “нууц”. Ийнхүү явсаар Үндэсний бахархал маань Үндэсний шившиг болж хувирав.

Илүү боловсролтой, илүү ухаалаг, илүү зальжин, илүү хөлжүү хэсэг нь дээдэхийг бодвол илүү орлоготой. Тэд нийгмийн тулгамдсан асуудлыг ярина, эсвэл санаанаасаа бий болгоно. Үүндээ статистик, шинжлэх ухаан, дэлхийн тулгамдсан асуудал зэргийг сурамгай ашигладаг. Сэдлийн өртөг хамаагүй. Харин ч их мөнгө шаардах тусам өөрт нь илүү унацтай. Дээр үед хэсэг эрдэмтэн ориг монгол пуужин хийж сансарт хөөргөн улс орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах санаа сэджээ. Ингээд Самбуу гуайд бараалхан саналаа хэлж. “Наадах чинь тэгээд хэдэн хонь болох бол?” гэж асуусан юм гэнэлээ.

Орчин үеийн сэдээчдэд хонины тоо хамаагүй. Энгийн жишээ гэхэд газар хөдлөлтийг Монголд ирж буй гамшиг болгох. Манай дэлхийн гадарга хөдөлгөөнт хавтангууд дээр тогтдог. Хавтангуудын уулзвар цэг дээр газар хөдөлдөг. Япон гурван ч хавтангийн уулзвар дээр, хавтангийн гол дээр байдаг Монголын өндөрлөг, Сибирьт тохиолдлын журмаар тун ховор сул хөдлөлт болно. Нью-Йоркт хөдлөхгүй, Сан Францискод дандаа. Англид хөдлөхгүй. Италид үргэлж. 1907 оны Говь-Алтайн хөдлөлтийг марцелийн хэмжүүрээр 13 балл байсан гэж таамагладаг. Мацэлийн балл нүдэн баримжаагаар хэмждэг учир дээш хэд ч хүрч магадгүй. Рихтэрийн балл тэмдэглэгдсэнээр 9,2 балл хүрч байсан. Хооронд нь аягүй бол мэдсээр байж хольж танилцуулна. Газар хөдлөлт хэмждэг сүпэр компютэр Улаанбаатарт суулгаснаас болоод урьд мэддэггүй байсан ялигүй хөдлөлтийг мэдэрч тэмдэглэдэг болсон болохоос ардчиллаас болоод ерэн оноос хойш байнга газар хөдөлдөг болсон юм биш л дээ. Ингэж айлгаж байгаад сургуулийн барилгуудын нурааж нэг давхар аймаар бөх сургууль барих хөдөлгөөн үүсэв. Санаачлагчид барилгын компаниуд, дэмжигчид нь улс төрчид ба дагаж намирах сэтгүүлчид, төлбөрийг татвар төлөгчид.

Шинжаанд сургууль төгссөн нэг эр Өвөр Монголоос ирээд Монголд биотехнологи хөгжүүлэхээр санаа шулуудав. Узбек, Вьетнамаас могойн хор оруулж ирж эм хийгээд дэлхий даяар үнэ хүргэж зарах гэнэ. Цаадуул нь өөрснөө тэгэхэд ч яадаг юм? Одоогийн Ерөнхийлөгч тухайн үедээ хууртагдаж их зоос хий үрсэн. Дараа нь засаг төр рүү орж Ерөнхий сайд асан хүн хүртэл арвин зоосны өрөнд орсон. Биотехнологи үйлдвэрлэл нь өнөөдөр 80 хувь нь АНУ-д 10 хувь нь Япон, 10 хувь нь Өрнөд Европт хамаардаг асар өндөр өртөгтэй хайтек. Тэгээд ч могойн хороор эм хийх нь биотехнологи биш, ердийн биохимийн үйлдвэрлэл.

Эмийн наймаа хийдэг хэсэг “эрдэмтэн” Д витамин импортолж зах зээлд борлуулахын тулд эхлээд “судалгаа” хийжээ. Тэдний судалснаар монголчуудын 98 хувь нь Д витамины онц дутагдалд орсон аж. Үхчилгүй өдий хүртэл барилдаад л, ноцолдоод л явж байдаг, юун ч долоон голтой юм билээ? Урьд нь нийтээр йодын дутагдалд орж бамбайтай үхэнгээ алдаж байхад буянтай эрдэмтэд йодтой давс баахан идүүлэв. Оруулж ирсэн йод нь дууссан бололтой тэгэсхийгээд чимээгүй болсон.

Академийн нэг өвгөн эрдэмтэн хорт хавдар устгасны төлөө төрөөс 100 сая төгрөгөөр шагнуулав даа. Тэрээр сонинд ярилцлага өгөхдөө энэ аугаа нээлтээ гадагш гаргахгүй “зөвхөн монголдоо”. Нэг зовлонтой нь нээлтээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэсэн чинь бас л арвин зоос дутаад буй гэнэ. Мөнгө нь байвал хорт хавдар будаа. Одоо шинжлэх ухаан академи маань засаг мөнгө өгөх юм бол зөвхөн монгол хүнийг эмчилдэг “Ковид-19”-ийн эсрэг вакцин гаргах гэнэ. Бодвол зөвхөн Монголдоо, айн? Зөвхөн “монгол ухаанаар” бүтээсэн алъюу гэсэн аймаар үнэтэй автобусны паянг хэрэв мартчихаагүй бол нийтээр Улаан балаар үзсэн байх. Тэрний дэргэд түрийвч даллаж мөнгөжүүлдэг арга чинь хажууд нь болхи бүдүүлэг эд л дээ. Гэхдээ л зүгээр мөнгөтэй болчих санаатай түрийвч даллагад чихэлдэгсэд чинь ядахнаа 10 төгссөн гарууд шүү. Дотор нь Америкт мастер хамгаалсан залуус хэд хэд сууж байсан даа. Бидэнд 4 дүгээр ангид заадаг Түмэн бодисын хичээлийг гурилдаад өнгөрөөсөн юм биш үү? Өдөртөө гэхэд л дараалаад хэд хэд тохиолддог явдлын ердөө зах зухын хэдхэн жишээ шүү.

Хамгийн “ухаалаг” луйварчид хууль тогтоох байгууллагад бий. Луйвраа хуульчилж чаддаг. 400 сая жуулчин, 2 тэрбумын шавар овоохой… Цааш нь ярих уу байх уу, за за больё. Ер нь тэдний бүгдийнх нь буруу биш. Гол буруу нь нийгмийн сэтгэхүй, боловсрол, ойлголтонд байна. Юунд ч өврөө дэлгээд өгдөг гэнэн гэхэд хаашаа, мунхаг гэхэд хаашаа зах зээл нь байж байхад тэрийг ашиглаж л таараа.

2020.9-13

Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: Миний хувьд нэг намаас гарч нөгөө намд ороогүй, би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн

– АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САВАРТ ОРСОН, ИЙМ НАМД ХЭН ҮЛДЭЖ ТОГТОХ ЮМ БЭ –

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.


-Та АН-ын гишүүн байсан. Таныг МАН-д элссэний дараа цахим орчинд нэлээд шуугиан дэгдлээ.Шүүмжилсэн сэтгэгдэл өчнөөнөөрөө харагдсан…?

-Нийгэм хоёр талтай хүлээж авч байна лээ. Зарим нь зөв шийдвэр гэж хараад амжилт хүсч байхад нөгөө хэсэг нь буруу гэж шүүмжилсэн. Магадгүй ихэнх хүн “Наранбаатар гэж хүнийг муулаад нулимаад байна” гэж харж байж мэднэ. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Буруу гэж шүүмжилж суугаа нь тухайн үед АН-ыг удирдаж явсан хүмүүс, АН-ын залуу гишүүд голдуу харагдсан.Тэдний бухимдалд эмзэглэх юм алга. АН-ыг гэсэн үнэ цэнэ, итгэл найдвар өвөрлөж явсан мянга мянган дэмжигчид нь АН-д гомдоод, гомдлоо надаар тайлж байна гэж ойлгосон.Эрх ашгийн бүлэглэлүүдийн гарт орж туйлдсан намынхаа хувь заяанд бухимдахдаа гаргасан эмоци болов уу гэж харж байна. АН-аас урваж МАН-д элсчихлээ гэдэг шүүмжлэлийг би хувьдаа хүлээж авахгүй. Би АН-аас хоёр ч удаа хөөгдчихсөн хүн шүү дээ. Хэсэг хугацаанд нам бус явж байгаад сая МАН-д элслээ.

-АН-аас хоёр удаа хөөгдсөн түүхийн чинь нэг нь УИХ-ын дарга руу оймс шидсэнтэй холбоотой бил үү?

-Тэгж хэлж болно. Намын даргаа шүүмжлээд, тэр нь хурцадмал байдал үүсгэчихсэн учраас намайг 2015 онд АН-аас хөөсөн юм. Намайг намаас хөөсөн хүн бол З.Энхболд. Тэр жилийн эдийн засгийн форумаар би З.Энхболд гэж хүн рүү оймс шидсэн юм. Эдийн засгийн форум дууссаны маргааш нь Дархан-Уул аймагт хурал зарлаж байгаад, Дарханы кино театрын танхимд намайг намаас хөөснөө зарлаж байсан түүхтэй. Бүх телевизүүдээр зарласан. Тэгэхээр би энэ намаас өргөдөл өгч гараагүй, хөөгдсөн хүн.

-Оймс шидэх болсон шалтгаанаа эргэн сануулах уу, уншигчдад?

-Юуны өмнө би З.Энхболд гэж хүнтэй өстөн дайсан биш гэдгийг онцолж хэлмээр байна. Бид хоёулаа л уул уурхайн салбар, Таван толгойн талаар ярьдаг. Гэхдээ ярьдаг өнцгүүд маань эрс тэс байсан байж магадгүй. Товчхондоо бодлогын зөрчил маягийн зүйл үүссэн. З.Энхболд гэж хүн АН-ыг удирдаж явсан, УИХ-ын дарга байсан, тэр бүү хэл намын даргын хувьд Ерөнхий сайдаа базаж барьж, удирдаж явсан, нэг хэсэг хаан байсан хүн. Тэр үед Монгол Улс эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн. Тухайн үед чинь Монгол Улс хоёр, гурван төсөвтэй байсан шүү дээ.

Улсын төсвөөс гадна Монголбанк гэж том төсөвтэй газар байлаа. Гурав дахь төсөв нь бонд болчихсон байсан. Бараг л гурав, дөрвөн засаглалтай болчихсон байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Жолоочгүй машин, азаргагүй адуу, удирдлагагүй компани шиг байдал үүсчихсэн байсныг та ч гадарлаж суугаа байх. Үүнийх нь хар, горыг Монголын ард түмэн амсаж байсан үе. Эдийн засаг элгээрээ хэвтсэн, том хөрөнгө оруулалт, том төслүүд ямар ч дэмжлэггүй, зөвхөн зээл аваад зам тавиад идэж ууж байсан цаг л даа. Эдийн засагч хүний хувьд тэр бүх байдлыг шүүмжлэлтэйгээр хардаг байсан. Нэмээд хэлэхэд тэр үед Монгол Улс хөрөнгө оруулалтын бүх бодлогоо хаачихсан. Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан. Зөвхөн Хятад гэдэг улсын хөрөнгө оруулалтаас хамааралтай болгож үлдээсэн гэм тэр үеийн засаг баригчдад ногдоно. Шуудхан хэлэхэд, З.Энхболд гэдэг хүнтэй хамаатай зүйл. Тэр хүний бодлого байхгүй юу. Би энэ хүний эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн л дээ, тэр жилийн эдийн засгийн форумын үеэр. “Та нар эдийн засгийн алуурчид болчихоод яваагаа мэдэж байна уу” гэж хэлээд, тэр мессэжээ ойлгуулахын тулд оймс шидсэн юм. Тэр үеэс хойш мань хүн надад хувийн өс хонзонтой болсон.

-Тэр үеэс хойш цагдаа, прокуророор нэлээд явсан байх шүү?

-Тэгсэн. 2015 оноос хойш би үндсэндээ өдөр бүр цагдаад дуудагдаж, прокурорт байцаалт өгдөг болсон. Миний бизнесийг хавчсан. Хувь хүний минь хувьд хэвлэлээр өчнөөнөөр гутааж доромжилсон. “Би төрд ажиллаагүй, төрийн албан тушаал хашаагүй, хувь судлаачийн хувиар баруун төвийн үзэлтэй намдаа дуу хоолой, үзэл санаагаа илэрхийлэх чин эрмэлзэлтэй байхад яагаад хавчиж гадуурхаж байгаа юм бэ” гэж гайхаш тасарсан үе миний амьдралд бий. Тэр үеийн намын дарга З.Энхболд, тэр хүнийг тойрон хүрээлэгч долдой залуусын зүгээс маш их шахалт, дарамт, дайралт ирж байсан. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд, би З.Энхболдоос болж АН-д итгэл алдраагүй. Тэгнэ ч гэж байхгүй. Учир нь би АН-аас биш энэ намын толгой дээр гарчихсан ялзарсан хувалзнуудад хөөгдөж гарсан юм. Дараа нь АН-ын шинэчлэлийн тухай ярьсан, залуус хэд хэдэн бүлэг болж намынхаа шинэчлэлийн төлөө зүтгэсэн. Тэр залуусаас хэн ч АН-д байхгүй, өнөөдөр. Бүгдийг нь хөөгөөд явуулчихсан. Заримыг нь шорон оронгоор айлгасан. З.Энхболд гэдэг хүн 2020 оны УИХ-ын сонгуулиар яасныг та харсан байх. Өөрийг нь хууль бус зүйл хийчихлээ гээд хууль хүчний байгууллага шалгах гээд ирэхэд “Та нарт шалгуулахгүй, харин би чамайг шоронд хийнэ” гэсэн утгатай зүйл яриад загнаад зогсож байсан хүн шүү дээ.

-Тэгвэл АН-д итгэл алдрах болсон шалтгаан чинь юу юм бэ?

-Сонгож гаргаж ирсэн Ерөнхийлөгч нь намынхаа лидерүүдийг хэлмэгдүүлээд бултаар нь шоронд хийчихлээ шүү дээ. АН-ын лидерүүдийг МАН хэлмэгдүүлж шоронд хийгээгүй. Ерөнхийлөгч хийгээд байна. Ингээд байхад АН-ын зүгээс байр сууриа илэрхийлэхгүй таг чиг явааг та ч мэдэж байгаа.АН сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар яагаад ялагдсаныг АН-ын экс дарга С.Эрдэнэ тов тодорхой хэлсэн. Ерөнхийлөгчтэй ойлголцож чадсангүй гэж.Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч нь АН-ын эсрэг ажиллаж, лидерүүдийг нь шоронд хорьж, АН ялагдал хүлээсэн.Одоо АН Ерөнхийлөгчийн саварт орсон. Ийм намд хэн үлдэж тогтох юм бэ.

2020 онд АН ялагдсан бас нэг шалтгаан нь дотоод ардчилал байхгүй явдал. Эрх ашгаараа нэгдсэн хулгайч, луйварчдын бүлэглэл нь өөр, өөрсдийнхөө хүмүүсийг хувааж дэвшүүлээд л унасан. М.Тулгат гэж өндөр боловсролтой, овоо дэмжлэгтэй явж байсан залууг нясалсан хүн нь З.Энхболд. Хатуухан хэлэхэд, АН-ыг ардчилсан гэхээс илүү хулгайч, луйварч, дээрэмчин, коммунистуудын нам болчихсон. Тийм учраас залуус нь дайжаад байгаа юм.

-Ингэхэд АН-аас хөөгдсөн хоёр дахь түүх чинь юу билээ?

-Би одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг анх Ерөнхийлөгчид нэр дэвшихэд эсэргүүцэж үг хэлсэн юм. “Наад хүн чинь хувийн өмчийг хурааж аваад нийгэмчлэх эрсдэлтэй хүн. Тийм учраас битгий дэмж” гэсэн утгатай үгийг төрийн ордонд хэлчихсэн. Тэр өдөртөө бүх телевизүүдээр Наранбаатарыг намаас хөөсөн гэсэн бичиг гаргаж ирээд мэдээлсэн түүх бий.Ингээд харахаар би АН-аас хоёр дахиа хөөгдсөн хүн л дээ.

-МАН-д элсэх хүсэлтээ өөрөө тавьсан уу, эсвэл МАН-ын удирлагууд санал болгов уу?

-Би хувь иргэнийхээ хувьд МАН-д элсэх саналаа тавьчихсан байсан. МАН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй танилцаж байж энэ намд элсэх хүсэлтээ тавьсан юм. МАН бол нийгмийн ардчиллын буюу социал демократ үзэл баримтлалтай.Тодотгож хэлбэл тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчиллын чиг баримжаатай социал демократ нам. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн дундаж давхаргыг тэлэх гэсэн зорилт нь их таалагдсан.

-Дундаж давхарга нь хүчтэй улс хөгждөг гэдэг. Манайд ингэхэд дундаж давхарга байна уу?

-Манайд дундаж давхарга байхгүй. Мэдээж огт байхгүй биш. Зохистой хэмжээндээ байхгүй гэж харж байгаа.Ер нь нийгмийн дундаж давхаргыг тэлэхийн тулд маш олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж таарна. Нэгдүгээрт, монголчууд сонголтоо зөв хийдэг байх ёстой. Сонголтоо зөв хийхийн тулд сонгогч боловсролтой байх шалгуур тавигдана.Боловсролтой иргэдтэй болохын тулд боловсролын программуудыг хөгжүүлэх учиртай. Товчхондоо хүнээ хөгжүүлж байж улсаараа урагшлах юм билээ. Хүний хөгжлийн хангахын тулд эдийн засаг, нийгмийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж таарна. Ялангуяа эдийн засгийн арга хэмжээнүүдийг.Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийг хэрэгжүүлж байж урт хугацаанд боловсролд зарцуулах хөрөнгө мөнгө нь гарч ирнэ. Энэ бүхний эцэст дундаж давхарга тэлж, хүчээ авна.

-Таны намын гишүүний үнэмлэхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга гардуулж өгсөн. МАН-д элсэхийн өмнө У.Хүрэлсүхтэй уулзаж яриа хөөрөө өрнүүлсэн үү?

-Би намд элсэх саналаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад тавьсан л даа. Намын батлахыг Ерөнхий сайд буюу намын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар гардуулж өглөө. Л.Наранбаатар гэж хувь хүн гэхээс илүү нийгмийн баялгийг тэгш хүртээх чиглэлд ажиллаж яваа, уул уурхайн чиглэлээр судалгаа хийдэг, энэ салбарт мэдлэг боловсролоо зориулъя, тодорхой сорилтуудтай нүүр тулж зориг гаргаж ажиллая гэсэн залуусын дуу хоолойг МАН өндөр ач холбогдол өгч хүлээж авлаа гэж харсан.

-Орон нутгийн сонгуультай холбоотой ч юм уу, эсвэл ямар нэгэн албан тушаалын сураг сонсчихоод МАН-д орчихлоо гэсэн шүүмжлэл цөөнгүй харагдсан…?

-Нэгдүгээрт, орон нутгийн сонгуультай ямар ч хамаагүй. Надад албан тушаал амласан зүйл байхгүй. Би 2002 онд Уул уурхайн инженерийн сургууль төгссөн. Уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй.Энэ салбарт тасралтгүй ажиллаж яваа.Австрали, Азийн уул уурхайн институцийн гишүүн. Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээр Монголын төслүүдийг гаргахад мэргэжилтний хувьд өөрийн нэр хүндээр баталгаа гаргаж, Монголдоо хөрөнгө оруулалт татах чадвартай цөөн мэргэжилтнүүдийн нэг. Түүнээс гадна нүүрс, алт, зэсийн салбарт уул уурхайн инженер, эдийн засагч, судлаачийн хувьд олон судалгаа, төслийг хэрэгжүүлсэн. 200 гаруй ТЭЗҮ боловсруулсан. “Гложекс” гээд консалтинг компаниараа маш олон залуусыг бэлтгэж гаргаснаараа бахархдаг. Бид уул уурхайн компаниудад, ялангуяа барууны компаниудад консалтинг хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, би оюуны экспорт хийсээр өнөөг хүрсэн хүн. Миний амьдрал олны өмнө дэндүү нээлттэй. Би дөч гарчихлаа.Биеэ, гэрээ засчихлаа, одоо л төрийнхөө төлөө зүтгэдэг нас. Төдийгөөс өдий хүртэл сурч мэдсэнээ эх орондоо зориулмаар байна. Ганцаараа бол юу ч хийж бүтээх боломжгүй. Тийм учраас баг хэрэгтэй. Бодож санаж яваа бүхнийг минь хэрэгжүүлж, дэмжих баг нь МАН гэж би харсан. Миний хувьд уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжүүлж, энэ салбараар дамжуулж улсынхаа хөгжлийг цойлуулахсан гэсэн хүсэл, амбицтай урагшилж яваа залуусын л нэг.

-Манай сонины өнөөдрийн (өчигдрийн) дугаарт Хятадын элчин сайд ярилцлага өгсөн. Сошиал орчинд их хандалт авсан ярилцлага байлаа.Та уншсан уу?

-Уншилгүй яахав.

-Ямар сэтгэгдэл төрөв?

-Нүүрсний тухай биш, Монголын эдийн засгийн бат бэх байдлын тухай ярьжээ гэж харсан. Оросуудад бид юу ч зарж чаддаггүй. Тэгсэн хэрнээ хоёр гурван тэрбум доллар өгч шатахуун, эрчим хүч худалдаж авдаг. Орос бидэнд юмаа зардаг бол бидний юмаа зардаг газар нь Хятад. Гадаад худалдааныхаа тухайд 95, 96 хувийн хамааралтай улс. Хятадын элчин сайдын яриаг уншихад “Хэрвээ манай дотоод асуудалд та нар хэт оролцоод байх юм бол бид эдийн засгийн хориг арга хэмжээ авна” гээд шулуухан хэлчихжээ л гэж ойлгосон.Сая коронагийн ид үеэр хил хаагдахад Монголд яаж бужигналаа. Хятад хилээ тас хаачихвал эдийн засгийн гэхээс илүү нийгмийн хямрал руу явчихна. Нийгмийн хямрал даамжирвал тусгаар тогтнолын асуудал яригдана.Сая намайг тантай ярилцах гээд Төв талбайг хөндлөн гараад явж байхад баахан хүмүүс жагсаж байна. Монгол бичгээ хамгаалья гээд. Нэг нь намайг лайв хийнгээ дуудлаа л даа. Би очоод “Бид жагсаж тэмцсэнээрээ хэл соёлоо хамгаалахгүй. Өөрсдөө сурч, толгойдоо хийж байж монгол бичгээ хамгаалдаг юм” гэж хэлсэн. Ний нуугүй хэлэхэд, бид тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд Өмнөд Монголыг зараад идчихсэн улс. Монгол үндэстний хувьд би ч харамсаж, халаглаж байна.Гэхдээ Хятадын элчин сайдын ярилцлагыг уншаад үзэхээр Монгол бичгийн хөтөлбөрт нь өөрчлөлт оруулаагүй юм билээ. Математик, физикийн хичээлийг хятад хэлээр заахгүй бол дараа нь сурлагын хоцрогдол гараад өмнөд монгол хүмүүс Хятадтай өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болж чадахгүй байна гэсэн асуудал л тавьж гэж ойлгосон. Олон том улсын геополитик ч байдаг байх. Хятад, Америкийн геополитикийн том дайн явж байна. Магадгүй Америк Хятад улсыг завгүй байлгахыг хүсч байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бид геополитикийн ийм том дайн дунд нь давхиж орж өгөөш болоод байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

-Учир мэдэх нэг хүн Хятад нүүрсний хэрэглээгээ багасгана гэдэг нь гайхах асуудал биш гэсэн утгатай зүйл жиргэсэн харагдсан. Урд хөршийн нүүрсний хэрэглээ үнэхээр тийм байна уу?

-Хятад улс эрчим хүчний нүүрсний хэрэглээгээ огцом танаж байгаа. Гэхдээ коксжих нүүрсний хувьд ирээдүй бий.Геополитикийн хувьд Америктай таарамжгүй байгаа.Америкийн нөлөөний Канад, Австрали гэх мэт улсуудтай бас давхар дайн хийж яваа.Т одруулж хэлэхэд, энэ улсуудын нүүрсийг авахгүй ч юм уу хэмжээг нь бууруулж байна Коксжих нүүрс хэрэглэдэг хүнд аж үйлдвэрүүдээ манайх руу дөхүүлээд бариад байгаа.Тэгэхээр Монгол ухаалаг байвал энэ дунд хожих боломжтой улс. Энэ боломжийг ашиглахын тулд урд хөрштэй худалдааны нөхцөл байдлаа яаж сайжруулах вэ, хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ л ярих хэрэгтэй. Том гүрнүүдийн геополитикийн тоглолтод гүйж ороод байх шаардлага байхгүй. Бид Америк байсан бол олон юм ярьж болно.Гэтэл бид хэн юм бэ? Бодит байдал дээр өөрсдийгөө үнэлэх ёстой.

-Монгол Улс Хятадын эдийн засгийн хоригт орлоо гэж муугаар төсөөлбөл урд хөршийн хувьд коксжих нүүрсний дараагийн том зах зээл хэн бэ?

-Орос. Угаасаа эхний хувилбар нь хойд хөрш шүү дээ.Оросын Колмар руу хөрөнгө оруулах асар өндөр сонирхол урд хөршид бий.Тэнд баяжуулах үйлдвэр, төмөр замаа барьчихсан.Товчхондоо бид эдийн засгийн хоригт орвол урд хөрш Оросоос нүүрсээ аваад явчихна.

-Сүүлийн асуулт. АН энэ янзаараа шинэчлэгдэхгүй удвал бас л хэцүү байдал үүсэх байх, тийм үү?

-АН шинэчлэгдээд улс төрийн том хүчин болж дахин сэргэж гарч ирэхгүй бол бас их аюултай. МАН гэж маш том, монополь намтай болчихно. Хэрвээ ингэвэл МАН дахиад л дүлийрч эхэлнэ.Юм сонсохоо болино шүү дээ.Шүүмжлэгч байхгүй ямар ч зүйл ялзардаг жамтай. Үзэл баримтлалын хоёр том багана байх ёстой, тэр баганы нэг нь АН байх ёстой гэсэн итгэл үнэмшил минь өнөө ч хэвээрээ. Харамсалтай нь АН-ыг шинэчлэх гэж зүтгэсэн залуус хэлмэгдэж байна.Бизнесийг нь шахаж хавчиж байна.Шоронд хийж байна. Ийм байхад тэсч үлдэнэ гэдэг ямар ч залуу хүнд хэцүү. Та бод доо, сүүлийн 30 жил АН-ын удирдлагад хэн байлаа, гэтэл МАН тав, зургаан удирдлага сольсон. Үе нь солигдчихсон.Өөрөөр хэлбэл, МАН институци нам гэж харагддаг.Гэтэл АН тийм биш. 2020 оны нэр дэвшилтийн үед тэр нь бүр тод анзаарагдсан. Хоёр, гурван эрх ашгийн бүлэглэл л хүмүүсээ нэр дэвшүүлж, тэрийг нь иргэд анзаарч хараад сонгоогүй нь бодитой үнэн шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Базаррагчаа: “Бид мартахгүй” киноны Аюуш баатрын дүрээр минь ард түмэн намайг хайрладаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Бямбажавын Базаррагчаатай ярилцсанаа хүргэе. Эл эрхмийг бид “Бид мартахгүй” киноны Аюуш баатар, мөн “Ирж яваа цаг” киноны Готовын дүрээр нь сайн мэдэх билээ.


-Аюуш баатрын дүрийг хэрхэн бүтээсэн тухай эхлээд асууя. “Бид мартахгүй” киног Дашзэвэгийн Сэнгээгийн “Аюуш” туужаас сэдэвлэж бүтээсэн. Уг зохиолыг хүмүүс наанатай цаанатай ярьдаг л юм.

-Олны дунд Аюуш баатрын талаар янз бүрийн яриа байдаг. Гэхдээ Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Лувсанцэрэнгийн Аюуш гэдэг хүн байсан нь үнэн. Дөчин таван оны Чөлөөлөх дайнд Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн нь ч үнэн. Тэр тухай Шаарийбуу гэж хүний дурсамжид ч бас бий. Тэгэхээр яалт ч үгүй бодит хүн учир уран бүтээлч миний хувьд юу хэлэх билээ. Мэдээж тухайн үед социалист үзэл суртал гэж байсан, чөлөөлөх дайнд оролцсон цэрэг эрсийн дундаас эрэлхэг баатартай байх шалтаг шалтгаан байсан байх л даа. Тухайн үед хүн судлалын үүднээс Аюуш баатрын тухай ямар ч зураг, бичлэг юу ч байгаагүй. Миний бие өөрөө офицер байсны хувьд өөртөө хоёр чиг шугам тавьсан. Нэгдүгээрт, би дайнд орвол дайсантайгаа хэрхэн тулалдах вэ, хоёрдугаарт, монгол цэргийн хийморьлог, дайчин, баатарлаг төрхийг цэргийн үндсэн техникүүдтэй хослуулан баатрынхаа дүрийг бүтээх гэж хичээсэн. Кино дэлгэцэнд бүтээсэн анхны минь дүр байсныг ч хэлэх, насны хувьд цэл залуу 22-той байсныг хэлэх үү, тухайн үед хөөрч догдлоод ямар болсныг ч мэдээгүй. “Бид мартахгүй” кино бүтээгдсэнээс хойш 35 жил өнгөрчээ. 35 жилийн дараа эргэж харахад кино урлагт бүтээсэн анхны минь дүр хүмүүст их хүрчээ. Үндсэндээ гайгүй дүр болсон юм уу даа гэж баярлаж байна. Монголын ард түмэн намайг Аюуш баатрын маань дүрээр хайрладаг.

-Аюуш баатар бол яалт ч үгүй таны алтан титэм болсон дүр тань мөн байх. Энэ дүрийг бүтээх, ер нь тэгээд урлагийн хүн болох зам мөрийг тань нээсэн хүн нэрт найруулагч Халтарын Дамдин гуай. Тэр хүний ач буяныг та их л дурсдаг?

-Намайг өдий зэрэгт хүргэсэн багшийнхаа гавьяаг бид дандаа дурсдаг. Төрүүлж өсгөсөн эх эцэг гэдэг тухайн хүнд хамгийн хүндтэй эрхэм бурхад. Тэр бол мэдээж. Миний хувьд эцэг эх шиг минь хүндтэй хүн Дамдин багш маань юм. Тэр хүний буянаар би урлагийн хүн болж, Аюуш баатрын дүрийг бүтээж, дараа нь “Ирж яваа цаг” киноны Готов, мөн “Мандах нарны туяа” кинонд жанжин Сүхбаатарын дүрийг бүтээсэн. Иргэний хамгаалалттай 122 дугаар ангийн офицер байхад багш маань намайг Аюушийн дүрд сонгосон. Гэхдээ дүр сонгох асуудлыг найруулагч ганцаараа шийдчихгүй. Дүрийнхээ ач холбогдлоос хамаараад Монгол кино үйлдвэр, Соёлын яам, Намын төв хороо шийддэг байсан үе. Ямар ч байсан фото шалгаруулалтад орлоо. Олон ч хоног өнгөрлөө. Хүн л юм чинь кинонд тоглохыг мөрөөдөж байлаа. За кинонд тоглох өнгөрч. Ямар ч байсан цэргийн хувцастай уран сайхны ганц гоё зурагтай болж үлдлээ дээ гэж бодож байтал 45 хоногийн дараа дахиад шалгаруулалтад ороодох гээд дууддаг байгаа. Уг шалгаруулалтад богино хэмжээний видео тоглолт хийгээд орлоо, ингээд л тэнцчихсэн. Залуухан офицерийг найруулагч маань, мөн киноны нэрт зураглаач Ж.Асалбай гуай тэр хоёр, хааш нь ч хөдөлгөлгүй, дур зоргоор нь тавилгүй, ёстой нэг шагай шиг хашиж байгаад л тоглуулсан. Дамдин найруулагч өөрөө хүүхэд, залуучуудын киноны мастер хүн. Тиймдээ ч тэр үү “Бид мартахгүй” кинонд 18-25 насны залуусыг тоглуулсан байдаг. Тэр нь ч зөв шийдэл болсон байх. Сүүлд гавьяат болсон Нэргүйбаатар офицер болсноос өөр нэртэй төртэй жүжигчид тоглоогүй. Гэвч дүрүүд нь хүний сэтгэлд тэгж хоногшсон нь сайхан. Хүмүүсийн зүрх сэтгэлд киноны дуу өөрөө ороод ирдэг.

“Хайр гэрэлтсэн нүдийг чинь

Харах бүрийдээ дальдравч

Хайрлах булгилах зүрх минь

Байлдагч чам руу тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж

Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

…Хар нүдэн бүсгүй минь

Хэн хүний үр болоод чи

Онгон хайрыг минь уяруулж

Унтах нойрыг минь хасна вэ

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж

Чи учрахдаа жаргал авчирлаа” гээд Дамдин багш өөрөө дууныхаа шүлгийг бичсэн юм. Нэг өдөр цаас харуулаад, дээр нь шүлэг маягийн бичээстэй зүйл үзүүлэв, энэ юу юм гэтэл “Киноны дууны шүлэг. Би өөрөө бичсэн юм” гэсэн. Тэгэхэд нь багш надаар тоглоом тохуу хийж байна гээд итгээгүй. Хөгжмийг нь урлагийн гавьяат зүтгэлтэн Жанчив гэж алдарт хөгжмийн зохиолч бичсэн. Багш минь тийм л авьяастай мундаг хүн байсан. Киноны дуунд одоо ч хүмүүс дуртай, хит хэвээрээ байгаа нь сайхан. Киноны дуу яваад л, Бурмаа бид хоёрын дүрстэй тэр хэсэг хүмүүст бүр ойр байдаг юм билээ. Бурмаад Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжимчин Алтантуяа гэж бүсгүй тоглосон. Бид хоёр холбоотой байдаг байсан. Харин би гадаадад багагүй олон жил амьдарсан учир сүүлдээ холбоо тасарсан. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, Аюуш баатрын дүрд одоогийн гавьяат Б.Жаргалсайхан буюу Хасар Жагаа, мөн “Говийн зэрэглээ”-гийн сургуулийн захиралд тоглодог Эрдэнэтогтох хоёрыг би пробонд орсон юм болов уу гэж боддог. Тэр хоёрын цэргийн хувцастай авахуулсан наяад оны эхэн үеийн гэмээр зураг олдсон. Гэвч тухайн жүжигчдээс өөрсдөөс нь энэ тухай асууж байгаагүй ээ.

-Одоо танаас төрийн шагналт Дамбын Төрбатын зохиол, алдарт найруулагч Жамъянгийн Бунтар гуайн “Ирж яваа цаг”-ийн Готовын дүрийг асуумаар байна. Аюуш баатрынхаа дараахан Готовт тоглосон байдаг?

-Готовт тоглохын өмнө надад нэг бодол байсан юм. “За би бол мэргэжлийн жүжигчин биш. Зүгээр нэг офицер хүн, тэгтэл кино урлагт дүр бүтээчихлээ. Тэгээд зогсохгүй түүхэн киноны гол дүрд тоглочихлоо. Энэ бол хүн бүрт олдох хувь заяа биш. Одоо болно оо” гэсэн бодол төрсөн. Гэтэл удаа ч үгүй “Ирж яваа цаг” кинонд мөн л гол дүр, Готовын дүрийг бүтээхээр болдог юм. Дамдин багшийн нээж өгсөн хаалга түр зуурынх биш байсан. Өнөөдөр хүртэл миний бие кинонд дүр бүтээгээд, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд сайн багшийн буяныг амсаж эдэлж явна. Би чинь 22-той Аюушт, 23-тай Готовт, 24-тэй Сүхбаатар жанжинд, 25-тай “Уул усны үр сад” кинонд гол дүр Алтангэрэлийн найзад тоглосон. Алтангэрэлийн дүрд Д.Сосорбарам тоглож байсан. Ингэж миний залуу нас он оноороо кино дэлгэцэнд мөнхөрсөн. Готовын дүрийн тухайд гэвэл зохиолч нь мундаг байсан, оролцон тоглож байсан хүмүүс нь ч мундаг байсан. Ер нь зохиол бол тухайн киноны амин сүнс нь юм. Зохиол нь сайн байж гэмээнэ киноны дүрүүд өөрөө ургаад ирдэг. Бунтар гуай, Дамдин багштай уулзаад Готовынхоо дүрд намайг тоглуулахыг санал болгосон юм билээ. Тэгээд ямар нэгэн шалгалт, пробгүйгээр шууд натурт Өвөрхангайн Бүрд рүү явсан. Тухайн үед залуу насны ааг омгорхлоор биеэ тоох, одооныхоор бол “од”-ын өвчин тусах аядаж байсан юм болов уу. Гэхдээ Багаяад тоглодог алдарт Лувсан гуай, Дашпэлжээ ах, мөн миний аав Шадавт тоглодог Бужгар гуай, Шагдарт тоглодог алдарт жүжигчин Няндагийн Цэвээнравдан гээд мундгууд намайг юу гэж давраах вэ. “Ирж яваа цаг” кинотой бараг л зэрэгцээд би гэдэг хүн ангиасаа хөөгдөх асуудал яригдаж эхэлдэг юм байна. Цэргийн хүн урлаг уран сайхан хөөгөөд төрийн ажлыг цалгардуулсан учир. Ер нь тэгээд би ч нэлээн сахилгагүй офицер байсан л даа, юуг нь нуухав. Ингээд “Ирж яваа цаг” кинонд тоглосныхоо дараа эргэлт буцалтгүй кино урлагийн тогоонд орж ирсэн. Армиас хөөгдөхөд Х.Дамдин найруулагч мөн л намайг дагуулж Монгол кино үйлдвэрт оруулсан. Кино үйлдвэрийн босгыг алхахад Дамдинбазар гуай, Дагийранз гуай, Карма эгч, Элбэгсайхан, Нэргүйбаатар гуай гээд кино урлагийн аваргууд бүгд л байлаа. Кино үйлдвэрт нэг хүн дагалдуулж албан ёсны багш шавь болгодог. Миний багш сүүлд ардын жүжигчин болсон Нямын Дагийранз гуай. Дагийранз гуай чинь “Уул усны үр сад”-ын мангас Жунай шүү дээ. Тэр кинонд Дагийранз гуайтай, алдарт Чимидийн Долгорсүрэн гуайтай хамт тоглох хувь тохиосон. Надтай таарсан хүмүүс “Өө Аюуш баатар маань байна” гэдэг. Харин хөдөөнийхөн бол Готовын дүрээр илүүтэй өмчилдөг. “Готов нь авна уу, Шадав нь авна уу. Би лав аавыгаа асрах минь” гээд Маралмаа хонио туудаг ч юм уу, “Шадав аа, би согтож, би шогтож” гээд Цэвээравдан жүжигчний хэлдэг ч юм уу, ер нь олон хэсэг нь хүмүүсийн сэтгэлд тэр чигээрээ байж байдаг. Тэгэхээр зохиол ямар мундаг гэдэг нь харагдаж байгаа юм. Би Төрбат зохиолчтой сүүлд уулзаад энэ тухай ярьж байсан.


-Маралмаа гэснээс, та Маралмаатайгаа хэр ойр вэ?

-Маралмаа чинь амьдрал дээр Гэрэлмаа нэртэй Өмнөговийн жүжигчин. Би Солонгос явах хүртлээ холбоотой байсан. Гэрэлмаа Өмнөговьд жүжигчин байж байгаад Улаанбаатар орж ирээд Монголын үндэсний телевизэд найруулагч байсан. Тэр үед нь би Солонгос яваад өгсөн. Сүүлд тэр хүнийг цахимаас олж авлаа. Францад хүүтэйгээ амьдардаг юм байна. Фэйсбүүкээр холбогдоход “Энд ирээд удаж байна аа. Одоохондоо буцах бодолгүй байна” гэж хэлсэн. Хүмүүс “Ирж яваа цаг” киноны хоёрдугаар ангийг хийх тухай санал гаргасан. Түүнийгээ Гэрэлмаатай хуваалцахад “Хоёрдугаар анги гэдэг хэрэггүй юм билээ. Эхний ангиа гүйцэхгүй, унагачихдаг юм билээ” гэж хэлсэн. Тэр нь бараг үнэн байх.

-“Мандах нарны туяа” киноны жанжны дүрийг бас л сонирхоод байна?

-Жил бүрийн наадмаар гардаг “Тод магнай”, “Цэц магнай”, “Гарьд магнай” цуврал кино шиг Дамдин гуай Сүхбаатартай холбогдолтой “Үүр цайхын өмнө”, “Тэмцэл”, “Өглөө” гээд цуврал кинонууд хийж байсан юм билээ. Нэг цуврал болох “Мандах нарны туяа” киноныхоо жанжин Сүхбаатарын дүрд тоглуулсан. Түүхэн, тэр дундаа Монголын домог болсон агуу жанжны дүрийг бүтээнэ гэдэг хэн бүхэнд олдоод байх хувь заяа биш байх. Түүхэн дүрийг бүтээхдээ жүжигчин бүр өөрийн арга барилаар гаргахыг зорьдог. Уулын мод өндөртэй, намтай гэдэг шиг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан байхгүй шүү дээ. Тэгээд ч Дамдин гуай надад “Чи Сүхбаатарын тухай нэг ч кино үзэж болохгүй. Сүхбаатарын дүрд тоглосон жүжигчинтэй ч уулзаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө өнцгөөр л жанжны дүрийг бүтээ” гэсэн. Яагаад гэвэл ганц хоёрхон кинонд тоглосон хүн бусдын тоглохыг харчихаад дагаж, дуурайх гээд байдаг муу талтай гэж зөвлөсөн.

Алдарт найруулагч, төрийн шагналт Б.Балжинням “Монголын кино урлаг нэг хөөрхөн, шинэ жанжинтай боллоо” гэж хэлсэн. Энэ үг л “Мандах нарны туяа”-гийн тодорхойлолт байх. Уран сайхны зөвлөлөөр уг киноны тухай хэлэлцэж байхад миний бие Балжинням найруулагчийн үгийг хаалганы завсраар сонссон юм. Сүхбаатар жанжин гэхээр ард түмэнд Дашнамжил гуайн дүр буудаг. “Мандах нарны туяа”-нд жанжны дүрийг Дашнамжил гуай шиг сайхан бүтээж чадаагүй, гэхдээ өөрийнхөөрөө жанжнаа бүтээсэн.

Базаррагчаа гавьяат бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Түүнтэй хорин хэдэн настай байх үеийнх нь дүрүүдийн тухай ийн ярилцлаа. Солонгост хэрхэн ажиллаж амьдарч байсан тухай, мөн сүүлд олон шинэ кинонд дүр бүтээсэн тухай, их урлагийн алтан үеийнхний тухай, найз нөхөд болоод ардчиллын төлөө тэмцэж явсан гээд олон сэдвээр дараа хөөрөлдөх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Ард түмнийхээ гарт нь гав, хөлд нь дөнгө бэлтгэснээ сайд Х.Нямбаатар сүртэйгээр мэдэгдлээ” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Монгол Улс хөгжлийн буруу загвараар явж, хойч үедээ өр үлдээж байна гэв” хэмээх нийтлэлийг I-IV нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Гэрчээр дуудагдсан хүн заавал очиж мэдүүлэг өгөх албагүй” хэмээлээ.

Монгол Улсад суугаа БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалт “Турк-Монголын хооронд шууд нислэгийн саналыг эрт тавьсан. Гэхдээ Монголын тал хариу өгөх гэж уддаг юм даа…” хэмээв.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Ард түмнийхээ гарт нь гав, хөлд нь дөнгө бэлтгэснээ сайд Х.Нямбаатар сүртэйгээр мэдэгдлээ” хэмээн өгүүллээ.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Өөрийн хашаандаа амины орон сууц бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэлх дэмжлэг үзүүлнэ” хэмээлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт “В.Бэрцэцэг: Өсвөр үеийн хүүхдүүдийн ихэнх нь бусдыгаа гадаад үзэмжээр гадуурхдаг” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээжээ

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын 57 насны төрсөн өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон улсын 99 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ёшихидэ Сүгад баяр хүргэж, захидал илгээлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч, бүхий л салбарт өргөжиж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэмдэглэж, найрамдалт харилцаа, итгэлцэлд суурилсан хоёр орны хамтын ажиллагаа ирж буй он жилүүдэд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тус улсын орчин цагийн түүхэнд хамгийн удаан хугацаанд Засгийн эрхийг барьсан Абэ Шинзог залгамжилж Ёшихидэ Сүга нь Ерөнхий сайдаар томилогдсон билээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн Эмерит профессор Э. Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлтийн ёслол​ боллоо

2020 оны 9 дүгээр сарын 17-ний өлзийт сайн өдөр МУИС-ийн төв номын санд Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, эмерит профессор Э.Равдан багшийн “Орчин цагийн хэл шинжлэл’’ 5 боть номын баяр боллоо. Уг номын баярыг Э.Равдан багшийн үе үеийн шавь нар болон МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимээс санаачлан зохион байгуулсан юм.

Номын баярт академич С.Чулуун, сургалт оюутан хариуцсан дэд захирал д-р проф Бадмаанямбуу, ШУС-ийн захирал Д. Заяа,, академич Д.Төмөртогоо, доктор, профессор

С.Дулам, академич Болд, МУБИС-аас ШУ-ы доктор, профессор Ц.Өнөрбаян ХШТ-ийн эрхлэгч др проф Баттөгс д-р проф Эрдэнэмаа, ШУ-ы доктор, профессор Ц.Шагдарсүрэн, МУИС-ийн эмерит проф Тэрбиш, МУСГЗ орчуулагч Аким, Монгол улсын гавьяат багш д-р проф Маналжав, доктор, профессор Базаррагчаа, СУИС СС-ийн захирал Сүхбат, МУСГЗ зохиолч Саруулбуян, ШУ-ы д-р проф. Г.Сумъяабаатар, доктор, профессор Баясах, МУИС ШУС-ийн дэд захирал Дэлгэржаргал, доктор, профессор Самбуудорж, Монгол улсын гавьяат багш доктор, профессор Г.Буяннэмэх зэрэг эрдэмтэн судлаачид, бусад их дээд сургуулийн оюутанбагш, магистрант, докторантууд оролцжээ.

Монгол Улсын Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Э.Равдан Монгол Улсын боловсролын байгууллагад 50 шахам жил ажиллахдаа орчин цагийн хэл шинжлэлийн онолын цуврал сурах бичиг туурвин, монгол газар нутгийн нэрийн цогц судалгааг хийж, гадаад хэл сургалтын технологийг боловсронгуй болгоход хүч хөдөлмөрөө зориулсан эрхэм хүндэт эрдэмтэн багш билээ. Профессор Э.Равдангийн ерөнхий хэл шинжлэлийн салбарт бүтээсэн “Бүтэц хэл шинжлэл” (УБ, 2001), “Хэл шинжлэлийн түүхийн товчоон” (УБ, 2005), “Орчин цагийн хэл шинжлэлийн үүд” (УБ, 2006), “Орчин цагийн хэл шинжлэл” (УБ, 2007), “Хэл шинжлэлийн утгазүй” (УБ, 2009), “Хэрэглээний хэл шинжлэл: Хэл сурахуйн онол” (УБ, 2014) ном сурах бичгүүд нь хэл бичгийн ухаанаар мэргэшиж буй оюутан, магистрант, докторантын гарын авлага, ширээний ном болон эдүгээ өргөн хэрэглэгдэж байна.

Т.Анударь. А. Сүрлэгмаа

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 226 иргэн эх орондоо ирлээ

119456201_2489726487986945_3119361778209653087_o.jpg

Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхцэцэг алтан медаль хүртлээ

Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, “Женко” клуб байгуулагдсны 25 жилийн ойн нэрэмжит “Улаанбаатар-2020” насанд хүрэгчдийн тэмцээн өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт эхэлсэн билээ.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -70кг жинд дараах тамирчид байр эзлэв.

  1. О.Мөнхцэцэг /Сүлд/
  2. Б.Эрдэнэт-Од /Алдар/
  3. Р.Дуламсүрэн /Хаан Хүнс/
  4. Г.Намуун /Борнуур/

Жин тус бүрт 1,2,3,3 байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж буй.

Тодруулбал:

1-р байр 1.500.000 төгрөг

2-р байр 1.000.000 төгрөг

3-р байр 700.000 төгрөг

3-р байр 700.000 төгрөг.

Тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр настай хүүхэд цахимаар хэрхэн бүртгүүлэх вэ

Засгийн газрын хуралдаанаар хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахаар болсон. Бүртгэл маргааш 09.00 цагаас энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэл явагдах юм. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn системээр бүртгэж, бүртгэл 14.00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.

Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.

Тэгвэл цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?