Categories
мэдээ нийгэм

​18 наснаас доош насны хүүхдэд өндөг зарахгүй

Шведийн нэгэн томоохон супермаркет 18-аас доош насны хүмүүст өндөг зарахыг хориглосон талаар SR P4 радиостанц мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Шведийн Линдом хотын супермаркетад 18-аас доош насныханд өндөг зарахыг хориглосон зарлал наасан байна. Энэ нь хүрээлэн буй орчинд санаа тавьсантай холбоотой гэж удирдлагууд нь тайлбарлажээ.

Тодруулбал, хүүхдүүд өндгийг идэх эгж биш харин бусад зорилгоор худалдан авах нь ихэссэнээс ийм шийдвэр гаргасан гэнэ. Тухайлбал, хүүхдүүд дэггүйтэн зөрж өнгөрөх автобус, автомашин, барилгууд руу өндөг шидэн танхайрах нь ихэсчээ. Улмаар тус хотын Соёл, амралтын газрын дарга дэлгүүрийн удирдлагын энэ санааг дэмжсэн байна.

Ингэснээр барилга, автобус руу өндөг шидэх нь ноцтой үр дагавар дагуулж мэднэ гэдгийг нийгэм болон эцэг эхчүүдэд ойлгуулах боломжтой гэж үзжээ.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд баруун бүсийн зарим аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.

Уулзалт хийх хуваарь:

  • 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Хөгжимт драмын театрт 18:00 цагаас
  • 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн “Ойрад” театрт 17:00 цагаас
  • 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 15:30 цагаас тус тус болно.
Categories
мэдээ нийгэм

“СЭТГЭЛЗҮЙГ ДЭМЖИХ” ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн зааварлагч, бүлгийн дарга нарын “Сэтгэлзүйг дэмжих” цахим сургалтыг зохион байгуулж байна.

Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын сэтгэлзүйн бэлтгэлийг хангуулах, гамшгийн үед авах сэтгэлзүйн арга хэмжээний талаар мэдлэг өгөх зорилготой юм.

Сургалтыг “Гэр бүл анхааралын төвд байгууллага”-ын сэтгэлзүйч Н.Рэнжмаа удирдан явуулж, алба хаагчдад гамшгийн хүчин зүйл ба хариу үйлдэх, стрессийн төрлүүд, шинж тэмдгүүд, гарах аргууд, гамшгийн үед авах сэтгэлзүйн арга хэмжээ сэдвээр мэдээлэл өгч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2020 оны эхний хагас жил: Бид хаана байна вэ?

2020 оны 60 хувийг бид хөл хорио, хязгаарлалт дунд өнгөрөөжээ. Тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эхний хагас жилд Евро бүсийн эдийн засаг жилийн 40 хувь, АНУ-ынх 32 хувиар агшсан байна. Хүмүүс хөл хорионд удаан тэссэнгүй. Хязгаарлалтууд хэсэгчлэн багасах тусам хөл хөдөлгөөн улам идэвхжиж эхлэв. Эдийн засаг ч ялгаагүй. Монгол Улсын хувьд 5 дугаар сараас нүүрсний экспорт нээж эхэлсэн ч эдийн засаг 2020 оны эхний хагас жилийн байдлаар 9.7 хувиар агшжээ.

Бидний эдийн засаг ойлгодог эсэх нь энд хамаагүй. Эсвэл дээрх тоог задалж уншиж чаддаг эсэх нь ч чухал биш. Гэхдээ танд дараах асуудлууд тулгарч байна уу?

  • Таатай ажлын байр байна уу? Ажлын байрны зар хэр их байна вэ?
  • Таны цалин өмнөх онтой харьцуулахад өссөн үү? Эсвэл та бонус авч чадсан уу?
  • Таны цалин өсөөгүй үед худалдан авах бараа бүтээгдэхүүний өртөг өсөж байна уу?
  • Та цахилгаан бараа, машин, орон сууц худалдан авахаа түр хойшлуулсан уу?

Эдгээр асуултын аль нэгэнд нь та ТИЙМ гэж хариулбал -9.7 гэх тооны сөрөг нөлөөг мэдэрчээ гэсэн үг. Мэдээж таны аль салбарт, ямар мэргэжлээр ажиллахаас шалтгаалан харилцан адилгүй нөлөөлж байна.

ХАА-н салбар эхний хагас жилд 13 хувиар өсжээ

Хямралд харьцангуй бага өртсөн салбар бол ХАА-н салбар. Цар тахал ямар байхаас үл хамааран ургац ургадгаараа ургаж, мал төллөдгөөрөө төллөсөн хэрэг. Тиймдээ ч эхний 2 улирал дараалан өссөн байна.

Уул уурхайн салбар эхний хагас жилд 29 хувиар буурчээ

Уул уурхай бол Монгол Улсын тулгуур салбар. Нөгөөтэйгүүр гадаад эдийн засгаас хүчтэй хамаардаг учраас хямралыг хамгийн ихээр бие дээрээ мэдэрсэн гэсэн үг. Түүхий эдийн үнэ буурч, экспортод гарах тоо хэмжээ нь ч багасаж, дээр нь энэ салбараас улс төрийн ашиг сонирхол үл тасарна. Гэсэн хэдий ч уул уурхайн томоохон компаниуд алдагдал ихтэй ажилласан зүйлгүй. Тиймээс энэ салбар өөрөө тэр хэмжээний ашгийн маржин өндөр гэсэн үг.

Үйлчилгээний салбар 8.2 хувиар агшихад тээвэр, зочид буудлын салбар хамгийн их нөлөөлөв

Тээврийн салбарыг ялгаад үзвэл, үйлчилгээний салбар 1 орчим хувиар өсжээ. Монгол Улсын тээврийн салбар тэр чигтээ автозамаас хамаардаг. Үнэндээ нүүрс зөөдөг хэдэн ачааны машин хилийн наана, цаана хэр явах эсэхээс шалтгаална. 2020 оны 1-р улирал бараг экспорт хийгдээгүй, 2-р улиралд сэргэх гэсээр таарсан. Харин 3-р улирлаас боомтын цаг уртасгаснаар хоногт гарах машины тоо 1000-аас 1800-д хүрээд байна.

Боловсруулах, барилгын салбар эхний хагас жилд 3.9 хувиар агшжээ

Боловсруулах салбарын бараг 50 орчим хувийг хүнсний үйлдвэрлэл эзэлдэг. Хөл хорио ихтэй байхад хүмүүсийн хүнсий хэрэглээ нэмэгдэнэ гэхээс буурахгүй. Тиймдээ ч хүнсний салбарын үйлдвэрлэл өсөлттэй гарсан бол хүнснээс бусад боловсруулах салбарынх бууралттай гарчээ. Улмаар нэгдсэн дүнгээр боловсруулах салбар агшсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Бөөстэй байцайнуудыш устгалд оруулжээ

Мэргэжлийн хяналтын газраас худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр зарим хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд Барс хүнсний захад нийлүүлсэн байцайнаас “Байцайны бөөс” илэрчээ. Бөөс илэрсэн 51,4кг байцайг устгасан. Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн юм.

Байцайны бөөс нь

Зуны улиралд байцайны бөөс нь 16 үе удмаар тус ногоонд үрждэг. Үүнийг тариалах явцдаа устгаж, тэмцэж байх шаардлагатай. Бөөсний өндөг нь зууван 0.5мм урт цагаан саарал өнгөтэй. Өндөгний өнгө дөрвөн өдрийн дараа гялтганасан хар өнгөтэй болдог. Тархагч эмэгчин бөөс нь дарлага дахь байцайны үрслэг, тоонолжин цэцэгт ургамалд очиж тэндээ намар болтол үржиж олширдог аж. Бөөстсөн байцайг навч хэсгийг сөхөж хараад шалгадаг.

Т. Хулан

Categories
мэдээ нийгэм

НАСАНД ХҮРЭЭГҮЙ 22 ОХИНЫ БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛДЭГ 29 ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар: Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой 76 хохирогчтой 23 гэмт хэргийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нийт 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Жишээлбэл Эрдэнэт хотоос насанд хүрээгүй гурван хүүхэд Улаанбаатар хотод ажил хийхээр ирснийг далимдуулан Х гэгч этгээд охидын эцэг эхийн хараа хяналтгүй байдлыг ашиглан хүчээр биеийг нь үнэлүүлж, зорчих эрхийг нь хязгаарлаж бэлгийн мөлжлөг явуулж байсныг илрүүлсэн. Мөн Б гэдэг этгээд насанд хүрээгүй охидыг удаа дараагийн байдлаар цахим хаягаар олзлон авч хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг үйлдсэн. Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих мөн хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд мөн бүртгэгдсэн.

Садар самууныг сурталчилсан, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан нийтдээ 28 цахим хуудсыг хаалгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Мөн садар самуун, биеэ үнэлэлтийг илрүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэн буудлуудад шалгалт явуулжээ. Энэ хүрээнд 42 буудлыг хаалгах саналыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газах хүргүүлжээ.

Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа юм. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Бэлгийн мөлжлөг явуулсан хүнийг Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар 12-20 жил хүртэлх хорих ял шийтгэлтэй аж.

Categories
мэдээ нийгэм

COVID-19: Эдгэрсэн хүн дахин халдвар тараах эрсдэлтэй

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол дэлхий даяар нэмэгдэж, энэ халдвараас урьдчилан сэргийлэх тарилга хараахан олонд хүртээлтэй болж амжаагүй байх үед энэ вирусээс болгоомжлох өөр нэг шалтгаан талаар Оросын Ерөнхий эрүүл ахуйч эмч анхааруулжээ.

COVID-19 вирусийн халдвар аваад эмчлэгдсэн ч дахин 90 хоногийн туршид халдвар тараах эрсдэл бий гэж ОХУ-ын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Попова мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эмчлэгдээд гарсан вирус тээгчид өвчлөлийн шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол ч гарах бөгөөд Орост халдварын тохиолдлуудын талл орчим хувь нь шинж тэмдэггүй эсвэл шинж тэмдэг бага илэрсэн өвчлөлүүд байсан гэнэ.


“ОХУ-д эмчилгээний дараа 48 хоног хүртэлх хугацаагаар ажиглаж байна. Харин хилийн чанадад ажиглалтын хугацаа 90 хүртэлх хоног. Хүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь маш сайн байсан ч хамарнаасаа вирус ялгаруулж байдаг” хэмээн Анна Попова мэдэгджээ.

Энд дуулгахад, коронавирус уушгинд үүрд үлдэж болзошгүй гэсэн дүгнэлтийг өмнө нь Хятадын эрдэмтэд хийж байлаа. Тодруулбал, халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн уушгинд COVID-19 вирусийн жижиг хэсгүүд амьдарсан хэвээр байж болзошгүйг Хятадын эрдэмтэд энэ оны дөрөвдүгээр сард илрүүлж байв. Тухайн үед Хятадад 78 настай өвчтөн эмэгтэй COVID-19 вирусийн халдвар авч, бүрэн эмчлэгдээд эмнэлгээс гарсан ч удалгүй нас барсан тохиолдол бүртгэгджээ. Түүнийг эмнэлгээс гаргахын өмнө COVID-19 вирус илрүүлэх шинжилгээг гурван удаа хийсэн бөгөөд тухай бүрт хариу нь сөрөг гарч байсан гэнэ. Гэтэл эмэгтэй эмнэлгээс гарсныхаа маргааш өдөр нь гэнэт нас баржээ. Улмаар задлан шинжилгээ хийхэд зүрхний шигдээсээс болж нас барсан нь тогтоогдсон байна. Гэхдээ нарийвчлан үзлэг хийхэд түүний уушгинд вирусийн жижиг хэсгүүд үлдсэн нь тодорхой болсон бөгөөд оношлуур үүнийг тогтоож чадаагүйн дээр өвчний шинж тэмдэг огт илрээгүй байсан гэнэ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом нэмэгдсэн

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тэжээлийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Ерөнхий сайдад санал хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр энэ талаар “Өнөөдөр баруун бүсийн аймгуудад ган зуд нүүрлэх аюул тулгарч байна. Ган зудын эрсдэлээс гарахын тулд хамгийн түрүүнд өвс тэжээлийн хангамжийн асуудал байгаа. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд манай улсын өвч тэжээлийн суурь бааз болж байна. Гэвч тус суурь баазуудад өвс тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом нэмэгдсэн” гэлээ.

Тухайлбал өнгөрсөн онд хатааж шахсан 25 кг өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд хатааж шахсан 18 кг өвс хөдөө орон нутагт 5000-6000, Улаанбаатар хотод 11-12 мянган төгрөг болон нэмэгджээ.

Ийм учраас Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж малчид, мал аж ахуй эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалах ёстой. Үүний тулд өвс тэжээлийн хангамжийг сайжруулахын тулд импортоор өвс тэжээл оруулж ирэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Дотооддоо өвс тэжээлийн аж ахуй хөгжүүлэх шаардлага байна гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа онцоллоо.

2021 оны улсын төсөвт ядаж Баяннуурын тэжээлийн аж ахуйн 6000 га газрын услалтын системийг сайжруулах өртөг зардлыг тавьж өгч эрсдэлээс гарах шаардлагатай байна. Энэхүү санал хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна

“Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцав. Монгол Улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Улаанбаатар- Алтанбулаг” чиглэлийн ОУ-ын автозамаас Шаамар, Зүүнбүрэн , Цагааннуур, Түшиг чиглэлийн 112 км автозам барих талаар тусгагдсан байдаг. Монгол Улсад атар газар эзэмшиж , газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан Улсын болон Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэлт явагддаг тээврийн гол ач холбогдолтой авто зам тул хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар иржээ. Иймд тус замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, концесс эзэмшигчээс автозамыг 2021 онд барьж дуусган, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2022-2025 онд авахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2019 оны 239 дугаар тогтоолоор баталж байсан.

Үүний дагуу “Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн- Цагааннуур -Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн барих, шилжүүлэх төслийг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэхээр болсон. Төслийн автозам нь Сэлэнгэ аймгийн Шаамар , Цагааннуур , Зүүнбүрэн , Түшиг сумдын нутаг дэвсгэрт баригдана. Төлөвлөж буй лам нь Улаанбаатар -Дархан- Алтанбулаг чиглэлийн авто замын 302 дах км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр төвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр , Зүүнбүрэн сумын хойд талаар дайран, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусна.

Төлөвлөж буй замын нийт урт 120.85км аж. Мөн энэхүү автозамын зураг төсөл 2010 онд батлагдаж байсан нь одоогийн зарим стандарт , шаардлагуудыг хангахгүй байсан тул энэ онд шинэчлэн боловсруулж холбогдох байгууллагуудаар батлуулжээ. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан боловч Ковид19 цар тахлын улмаас гадаадын инженер ,техникийн ажиллах хүч орж ирж чадаагүйн улмаас ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй байна. Гэсэн хэдий ч авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгчээ. Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31 -ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах аж. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар , хязгааргүй хөдөлгөөн ХХК -ийн түншлэл ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс болгоно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт баригдаж байгаа түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын талаар өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл өглөө.

Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор тусгасан. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улс тогтвортой нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болох томоохон зорилт тавьсан. Энэ хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборууд баригдаж байна.

Тодруулбал, тус аймгийн Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажил өрнөж байгаа юм.

Мөн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллараар хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн энэ онд Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо” цогцолборын ажил эхлээд байна.

Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэллээ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

Хэнтий аймгийн таван суманд зургаан томоохон бүтээн байгуулалтууд өрнөнө. Бид өнөөдөр гадна, дотоодын жуулчдад “Их эзэн Чингис хааны төрсөн газар нь энэ” гээд хоосон тал заагаад зогсож байгаа. Гэтэл зарим улсад “Эзэн Чингис хааны онгон энд байна” гээд бидний өмнөөс аялал жуулчлалыг хөгжүүлээд явж байна. Тийм учраас бид санаачлагтай ажиллах цаг үе нь ирсэн. Шүүмжлэл, дэвшлийн аль аль нь л байна байх. Эхний ээлжинд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд төрийн бодлого тусгагдсан.

2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Тэгвэл ирэх дөрвөн жилд энэ тоог 1 сая болгох зорилт тавьж ажиллаж байна. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбар зогсонги байгаа ч буцаад сэргэх төлөвтэй байгаа. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг энэ зарчмаар бид жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажлаа маш сайн хангах шаардлагатай. Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархсан. Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 30 саяд хүрч, 1 сая хүн нас барсан. Манай улсын хувьд халдвар авсан 300 гаруй тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч 10 гаруй хүнээс бусад бүгд эмчлэгдээд гарсан. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын өгч байгаа мэдээллээр жуулчдын сэтгэл зүйн хандлагад судалгаа хийхэд аль болох халдварын голомт гараагүй орнуудад түлхүү аялах хандлага ажиглагдаж байгаа гэсэн.

Өөрөөр хэлбэл, хүн амынх нь дунд халдвар тархаагүй орнууд аялал жуулчлалаа хөгжүүлэх жоохон ч гэсэн давуу тал бий болж байна. Энэ давуу талаа бид боломж гэж харах хэрэгтэй. Унаган дагшин байгаль, эзэн Чингис хааны маань үүх түүх, дурсгал бол түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн гол хөшүүрэг, бааз суурь нь.

Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хаан цогцолбор байгуулагдана. Зураг төсөл нь хийгдэж байгаа. Газар нутгийн хувьд тодорхой болсон. Бид газар дээр нь очиж ажилласан. Чингис хаан цогцолборыг байгуулах газрыг түүхчид, судлаачид, эрдэмтэн мэргэд байршлыг нь сонгосон.

Дараагийн бүтээн байгуулалт болох Их Хуралдай цогцолбор олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулсан. Газар дээр нь очоод үзэхэд уран барималчид, сийлбэрчид, түүхчид оролцсон томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа юм билээ. Мөн Хэнтий аймгийн Батноров суманд Андын нөхөрлөл цогцолбор, Өндөрхаан суманд Нууц товчоо цогцолбор, Норовлин суманд Их засаг хууль буюу Шихихутаг цогцолбор тус тус баригдаж, 2024 он гэхэд эдгээр цогцолбор ашиглалтад орно.

“ХӨВСГӨЛ АЙМГИЙГ БАЙГАЛИЙН, ХЭНТИЙ АЙМГИЙГ ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОНО”

Санхүүжилтийн хувьд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй 38 сая ам.долларын хүрээнд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгоно. Мөн түнш байгууллагууд, орон нутаг ,төсвийн дэмжлэгтэйгээр дээрх бүтээн байгуулалтууд өрнөнө. Хамгийн гол нь монголчууд бидний түүхэн бахархалт цогцолборууд бий болно гэж ойлгох хэрэгтэй. Залуучууд, хойч үе маань түүхээ мэддэг, хайрладаг болох эх оронч хандлага, сэтгэлзүйг бэлдэхэд том нөлөө болох бүтээн байгуулалтууд болно.

БОАЖЯ-НЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА С.БАЯСГАЛАН:

“Монгол Улс 2024 он гэхэд жилд 1 сая жуулчин хүлээж авна гэж зорилт тавьсан. Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт аялах жуулчдын тоо 2024 он гэхэд 110 мянгад хүрч жилдээ тус бүс нутагт эдийн засгийн үр өгөөж нь 50 сая ам.долларт хүрэх боломжтой. Өнөөдөр бид 19 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтыг барьж байгаа хэдий ч ашиглалтад орсны дараа нь жилдээ 50 сая ам.доллароос илүү ашиг олно. 450 орчим ажлын байр, дам байдлаар 3 мянга орчим иргэний амьжиргааг дээшлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Түүнчлэн аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч 2019 онд хөтөч, жолооч, бармен гээд есөн ажлын байран дээр дүрэм гаргаж, тохирсон ажлын байрны сургалтын хөтөлбөр гаргаж, 10 мянга гаруй хүнийг нийслэл орон нутагт сургажээ.

Энэ жил 16 орчим мянган хүнд сургалт хийхээр төлөвлөсөн байсан. БНСУ-ын Засгийн газрын 5.5 сая воннын буцалтгүй тусламжаар аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулах ажлыг энэ онд эхлүүлээд, 2022 онд ашиглалтад оруулна.