Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.18/ Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

70 гаруй мянган хүн амтай Завхан аймгаас энэ жил 227 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэх үеэрээ Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

Монголын сайхан ээжүүд ээ,

Ачлалт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, эх орны ирээдүйг бүтээх хүүхэд, багачуудыг халамж хайраараа өлгийдөн өсгөж байгаад тань халуун талархал илэрхийлье.

2020 онд улсын хэмжээнд нийтдээ 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.

Өнөөдөр Завхан аймгийн 227 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11 ээжид, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээжид гардуулж байна. Далай мэт гүн, тэнгэр мэт агуу их сэтгэлээ үр хүүхдэдээ зориулж яваа Та бүхэнд дахин баяр хүргэе!

Мөн Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайн бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь байгалийн баялаг бус хүн, тэр дундаа та бидний үйлсийг үргэлжлүүлэх, шинэ монголыг бүтээн байгуулах хүүхэд, багачууд юм. Иймдээ ч монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

“Эхийн алдар” одон бол ээж хүний нялх балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл бөгөөд эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, идэвх санаачилгатай ажилласан.

Цаашид ч хүн амаа өсгөх, хүүхдийг хамгаалах, эхчүүдээ дэмжих бодлогыг тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардаж авсан хамгаас нандин хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Завхан нутгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ дахин халуун талархал илэрхийлье.

Монголын үрс маань маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.


Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын 40 сая төгрөгний азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын есдүгээр дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш (2020.9.20) Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Өмнөх наймдугаар сарын 16-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор:

  • 5 сая төгрөгийн 1
  • 3 сая төгрөгийн 24
  • 1 сая төгрөгийн 281
  • 100 мянган төгрөгийн 2714
  • 30 мянган төгрөгийн 27,467 баримт тохиролд таарч азтан болсон.

Гэвч супер азтан тодроогүй. Энэхүү тохиролд 2020 оны долдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт оролцжээ.

НӨАТ-ын хуулиар иргэд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээд сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс (2020.9.19) эхлэн дахин баруун аймгуудаар хүйтэрнэ. Энэ өдрүүдэд баруун болон төв аймгийн зарим газраар, 21-нд баруун аймгийн зүүн өмнөд, төв аймгийн нутгийн зарим газраар, говийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас дахин орох төлөвтэй байна.

Салхины хувьд төв, говь, зүүн аймгуудын нутгаар энэ сарын 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар харьцангуй салхитай байна. Зарим газраараа секундэд 15-17 м/сек хүрч ширүүсэх бол энэ сарын 18-нд Алтайн салбар уулс, энэ сарын 20, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 5-10 м/секунд, зарим үед 12-14 м/секунд хүрч ширүүснэ.

\

Categories
мэдээ нийгэм

Истанбулаас 253 иргэн эх орондоо ирлээ

Турк-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020 оны 09 дүгээр сарын 19-ний 04:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 253 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүнээс 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 8 нь жирэмсэн, 8 нь өндөр настан асран хамгаалагчтай, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан, 117 нь бусад шалтгаантай иргэд байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Нийслэлийн Боловсролын газрын судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд энэ сарын 21-нээс буюу Даваа гаригаас “Сургуулийн автобус” үйлчилж эхэлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм. Дээрх 35 чиглэлд нийт 40 автобус үйлчлэх бөгөөд зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зорчих юм.

Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ гэж үзэж байна.

Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: “Петербургийн туужис”

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулгаар хэвлэгдсэн Оросын суут зохиолч Н.В.Гоголийн “Петербургийн туужис” зохиолын тухай ярьж өгье. Энэ номыг аль 1987 онд орчуулжээ. Уг номд “Невийн өргөн чөлөө”, “Хамар”, “Хөрөг зураг”, “Шинель”, “Галзуу хүний өдрийн” тэмдэглэл зэрэг туужууд байдаг. “Невийн өргөн чөлөө гэдэг туужаас нь та бүхэнд жишээ болгон сонирхуулъя. Залуу зураач, залуухан офицер хоёр Невийн өргөн чөлөөгөөр зугаалж яваад үзэсгэлэнт бүсгүйтэй тааралдана. Зураач залуу нь тэр хүүхнийг дагаад явдаг. Түүний үзэсгэлэн гоо хэтийдсэн агаад хэн ч хараад дурлахаас өөр арга үгүй. Зохиолч энэ тухай бичсэнийг уншиж үз дээ. “Бүрх малгайнх нь доороос доош унжиж буй тэрхүү гайхамшигт сайхан буржгар мушгиа үснийх нь нэг хэсэг үдшийн жихүүнд даарсан ягаахан хацрыг нь илбэнэ. Түүний уруул гайхамшигт хүсэл мөрөөдлийг агуулан амлаж байлаа. Хүүхэд наснаас үлдсэн ариун дурсгал, зулын гэрэлд сэтгэлд урсан орж ирдэг бүхий л сайхан мөрөөдөл, онгод, хүслэн, жаргал төгс төгөлдөр уруул нь нийлэн нэгдэж” гэх мэтээр дүрсэлжээ. Тэр сайхан охин нь биеэ үнэлэгч байдаг бөгөөд зураач залуу түүнд хичнээн дурлавч сэтгэлийг нь булааж үл чадна. Хоёул амьдарч гэр бүл болъё гэсэн ч тэр охины хөх инээдийг хүргэн доог тохуу болохоос үл хэтэрнэ. “Би тэгж хар бор ажил хийж байдаг угаагч юмуу эсвэл оёдолчин авгай биш” гэж уурладаг. Ингээд зураач залуу амиа хорлоно. Нөгөө офицер залуу нь бас нэгэн үзэсгэлэнт шар үстэй хүүхэнтэй тааралдаж дагаж гүйх боловч тэр нь герман хүүхэн байдаг бөгөөд нөхөртөй аж. Тэр маш үзэсгэлэнтэй боловч шал тэнэг хүүхэн байв. Гэвч орос офицер үл цуцан эргүүлнэ. Зохиолч “Гэхдээ тэр тэнэг зан нь хөөрхөн зүс царайтай авгайг улам чимж, улам хөөрхөн, өхөөрдөм болгодог билээ. Ямар ч байсан би, авгай нарынхаа тэнэг ааш занд баярлан хөөрч, түүнийг нь бяцхан хүүхдийн гэнэн хонгор зан хэмээн үздэг олон олон харцуулыг мэднэ” гэж бичжээ. Тэгээд хүүхнийг эргүүлж байгаад нөхөрт нь зодуулаад дуусдаг. Уншигч та “Ердөө л ийм юм гардаг гэж үү” гэж яаран урмаа хугалах гэж зүтгэсний хэрэг үгүй. Яагаад гэвэл энэ зохиолчийн уран тансаг орчуулга, зохиолчын адилтгал, зүйрлэл, егөөдөл зэрэг нь үнэн тасархай сайхан билээ. Та бүхэн сонгодог зохиолч, сонгодог зохиол гэж ямаршуухан юм байдаг гэдгийг танилцаж үзэж мэдэрнэ гэсэн үг. Невийн өргөн чөлөөнд явж байгаа хүмүүсийг дүрслэн бичсэн хэсгээс сонирхуулахад ийм жишээний. “Энд та, хэзээ ч таны зүүдэнд орж ирж байгаагүй тийм нарийхан,лонхны хүзүүнээс бүдүүнгүй бэлхүүстэй тааралдаж болно. Та, тийм бэлхүүстэй тааралдмагцаа, санаандгүй, болгоомжгүй бүдүүлэг хөдөлж тохойгоороо түлхчихгүйн тулд хүндэтгэлтэйгээр хажуу тийш зайлж, байгаль, урлаг хоёрын гайхамшигт сайхан бүтээлийг эвгүй амьсгалаад хугалчихгүй юмсан хэмээх айдас аяндаа таны зүрхийг эзэмдэнэ. Та, Невийн өргөн чөлөөнд мөн ч гайхамшигтай эмэгтэй хүний ханцуйтай тааралдав гээч…хэрэв эрэгтэйчүүл нь эмэгтэйчүүдээ сайн сугадаж явдаггүй байсан бол дээш хөөрөн нисчихмээр санагдана. Учир нь эмэгтэй хүнийг дээш өргөх нь, шампан дарстай хундага өргөхтэй адил маш амархан болоод таатай ажил билээ” гэх зэргээр бичсэнийг та уншин бахдах болно. Ер нь энэ номны орчуулга маш сайн болсон байдаг нь манай Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэр сайн орчуулагч байсныг илтгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд борлуулалтаараа газрын тосны дараа ордог кофе

Кофе нь борлуулалтаараа газрын тосны дараа ордог дэлхийд хамгийн их борлуулалттай, эрэлттэй бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээлд кофены үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаагийн дотор Ази тивд кофены хэрэглээ хүрээгээ тэлсээр байна. Кофены зах зээл сүүлийн 10-н жилд 10 дахин нэмэгджээ. Бразил дэлхийн хамгийн том кофе тариалагч, үйлдвэрлэгч, экспортлогч улс юм. Тус улс дэлхийн кофены 40 орчим хувь буюу жилд гурван сая тонн кофе үйлдвэрлэж байна. Харин манай улсын хувьд 15-60 насны хүн амын 53 хувь нь кофе хэрэглэдэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тэдний 73 хувь нь задлаад шууд хэрэглэдэг сүүтэй, чихэртэй кофег, 20 гаруй хувь нь дунд зэргийн амттай кофе хэрэглэдэг бол үлдсэн нь чанга буюу хар кофе уудаг гэжээ. Эдгээр хүмүүс жилд гурван тэрбум орчим төгрөгийг кофенд зарцуулдаг аж.

КОФЕ ГЭЖ ЮУ ВЭ?

Боргол буюу кофе нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурч, нүдсэн нунтгийг буцалсан усанд хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний qahwah буюу дарс гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд энэ үг нь Османы эзэнт гүрний үед турк хэлэнд kahve болон нэвтэрч герман хэлэнд koffie болж, 1582 онд англи хэлэнд coffee буюу кофе хэмээх дуудлагатай болж дэлхий нийтээр тархжээ. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн амтархан уудаг ундаа юм. Ихэвчлэн халуунаар нь уудаг. Кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч бодис агуулагддаг.

КОФЕНЫ ГАРАЛ

IX зууны үед Этиопийн нэгэн ямаачин нэг бутлаг ургамлын жимс идсэн ямаанууд нь сэргэг, сэргэлэн болж байхыг анзаарснаар анх кофе хэмээх ургамалтай хүн төрөлхтөн танилцах боломж нээгдсэн гэж үздэг. Ямаачин залуу өөрөө тэр ургамлын жимсийг идэж үзэхэд мөн хамаг биеийг нь сэргээж байсан учир нутгийнхаа сүмийн ламд жимснээс өгчээ. Лам жимсийг тоолгүй шатаахаар гал руу хийж орхитол бусад лам нарын анхаарлыг татахуйц сайхан үнэр сэнгэнэсэн байна. Тиймээс хуурсан шош шиг болсон уг жимсийг үнснээс нь гаргаад аягатай халуун усанд хийснээр кофе хэмээх ундаа үүссэн гэдэг дам яриа байдаг.

Харин хамгийн анхны инстант буюу найруулж уудаг кофе 1771 онд Англид үүссэн байна.

КОФЕ БА ЭРҮҮЛ МЭНД

Кофег тааруулж хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Кофе хэрэглэгчид кофе уудаггүй хүмүүстэй харьцуулахад паркинсоны өвчнөөр өвчлөх магадлал нь 80 хувиар бага байдаг юм байна. Мөн тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгана. Багтраа болон толгойны өвчнийг намдаана. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр хоёр аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80 хувь бага байдаг.

Мөн магнигаар баялаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна. Гэвч энэ зөвхөн ямар нэг суурь өвчингүй хүмүүст л хамаатай бөгөөд сүү, чихэртэй кофе нь маш их холестрин агуулдаг. Түүнчлэн хэрэглэж буй кофены чанар маш чухал юм. Гэвч кофе уумагц гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж хэрэг ийм шинж тэмдэг илэрдэг хүмүүс кофе уухгүй байх нь дээр юм. Мөн бамбай булчирхайн өөрчлөлттэй, хэт их ядаргаанд орсон, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөөтэй.

КОФЕНЫ ТҮГЭЭМЭЛ ТӨРЛҮҮД

Espresso-Эспрессо бол бараан хүрэн болтол нь шарсан анхилуун үнэртэй үрийг тусгай эспрессо машинд өндөр даралтаар найруулж гаргасан хүчтэй хар кофе юм. Сайн болсон эспрессо кофе нь гадарга дээрээ алтлаг хүрэн өнгийн хөөслөг нимгэн өрөмтэй болсон байдаг. Хэрвээ энэ өрөм нь сайн бүрэлдсэн бол элсэн чихэр нэмэхэд хэдэн секунд хөвж байгаад алгуур доошилж уусдаг.

Cappuccino-Хамгийн түгээмэл кофены төрөл. Жинхэнэ каппучино бол тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, сүүний хөөснөөс бүрддэг.

Americano-Энэ нь нэг аяга халуун усанд нэг татах (single shot) хэмжээний эспрессо нэмснийг хэлдэг.

Caffe Latte-Энэ бол нэг татах (single shot) хэмжээний эспрессо дээр гурав дахин их хэмжээтэй хөөрүүлсэн сүү нэмсэн хувилбар.

Caf au Lait-Франц уламжлалаар хийсэн кофе. Каффе Латтетэй (Caffe Latte) ижил гэхдээ эспрессоны оронд чанасан кофе хэрэглэж сүүний харьцаа нь 1:1 байдаг.

Ерөнхийдөө каффе латтены сулруулсан хувилбар гэж үзэж болно.

Caf Mocha (Mochachino)-Энэ бол каппучино, эсвэл каффе латте дээр шоколадны сироп, нунтаг зэргийг нэмж гаргасан хувилбар.

Caramel Macchiato-Кофе шоп болгон өөр өөрийн аргаар бэлтгэдэг олон хувилбартай ундаа. Хамгийн түгээмэл жор нь эспрессо, карамел, хөөрүүлсэн сүү холих. Амт оруулахын тулд ванилла нэмэх нь бас бий.

Ice coffee-Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

Instant coffee-Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.

Categories
мэдээ цаг-үе

Р.Жавхлантөгс: Дэлхийн хэмжээний шагналыг авахад “Монголын соёл” хамгийн их нөлөөлсөн

“Дэлхий ба сүнс” киноны хамтрагч продюсер, найруулагч Р.Жавхлантөгстэй ярилцлаа.


Саяхан “Дэлхий ба сүнс” кино бүтээлээр олон улсын наадамд амжилттай оролцон, алтан цомын эзэд боллоо. Энэхүү баримтат киноны зураг авалтыг хаана, хэзээ хийсэн бэ?

-Америкийн нэгдсэн улсын Хойд Техасын урлагийн их сургуулийн кино групп бидэнтэй хамтарч 2014 онд киноны зураг авалтаа эхэлсэн. Тэдний зүгээс монгол хүмүүс байгальтайгаа хэрхэн уялдаж амьдардаг тухай сурвалжлах санал тавьсан юм. Гэхдээ монгол хүний онцлогийг түлхүү гаргахын тулд гол баатрыг онцолж, түүний амьдралын сонирхолтой түүхээр аялахыг хичээсэн. Өөрөөр хэлбэл, Монголд дэлгэрсэн буддын шашины хөгжлийг гол сэдэв болгосон гэсэн үг. Ингээд Дархан, Сэлэнгэ аймгуудад зураг авалт хийж, гол дүрийн баатар Дэлгэр ламын амьдралыг хэдэн жил ажиглахад тодорхой хугацаа зарцуулсан. “Дэлхий ба сүнс” киноны зураг авалтыг дөрвөн жилийн хугацаанд хийж, 2018 онд дуусгасан.

-Баримтат кино бусад уран бүтээлээс юугаараа ялгагддаг вэ?

-Зарим киног урьдаас уран сайхны тавилттай бэлтгэдэг. Харин баримтат киноны хувилбарууд тухайн бодит байдлыг шууд харуулдгаар онцлогтой.

-Киноны гол баатар лам хүн гэсэн үү?

-Бурхан номын мөр хөөсөн, ямар нэгэн сүм хийдэд хамаардаггүй, хувиараа ажилладаг лам хүнийг оролцуулсан. Буддын ухаанд боловсорсон энэ лам уламжлалт ахуйгаа барьж уул ус, ургамал моддыг арчилж тордох, гол горхины эхийг хамгаалах үйлс хийдэг. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах үзлийг эрхэмлэдэг нэгэн юм. Нүүдэлчин ардын уламжлалт ахуй ч эх дэлхийтэйгээ сүлэлдэн оршдог шүү дээ.

-Тэгвэл та бүхний дөрвөн жил хүч хөдөлмөрөө зориулж бүтээсэн энэхүү кино хэдэн минут үргэлжилдэг вэ?

-“Дэлхий ба сүнс” кино 25-30 минут үргэлжилдэг. Ерөөс нүүдэлчдийн байгаль дэлхийтэйгээ уялдан холбогдож амьдарч буй өнөөдрийн ахуйг илтгэсэн.

-Баримтат киноны төрлөөр хэдэн улс оронтой өрсөлдөв. “Telly awards” кино наадмыг товч танилцуулбал?

-The Telly Awards нь Америк даяар 50 мужаас дэлхийн таван тивээс нийт 12000 гаруй уран бүтээлийг хүлээн авч өрсөлдүүлдэг томоохон наадам юм. Олон улсын энэхүү наадам АНУ-ын Нью-Йоркт анх 1979 онд үүсэн байгуулагдсан, баримтат болон телевизийн контентууд зэрэг өргөн хүрээтэй явагддаг. Ингээд бид кино төрлөөр алтан цом, баримтат киноны зураг авалтаар хүрэл цом авсан. “Telly awards” дотроо маш олон төрөл категориор өрсөлддөг. Жишээлбэл, бүрэн хэмжээний кино, зохиолтой болон зохиолгүй, чөлөөт уран бүтээлчдийн гэх мэт төрөлтэй.


-Бусад улс орны хувьд ямар өнцгийг сонгон авсан байв?

-Байгаль орчны өөрчлөлтийг , нийгмийн асуудал, хувь хүний түүх, орчин үеийн залуусын амьдралын хэв маяг гэх мэт өргөн сэдвийг хамруулсан юм билээ. Бүтээлүүдийг ажиглахад улс орон болгоны онцлог гэхээс илүү тухайн уран бүтээлчийн сонгон авсан сэдэв гол нь байсан.

-Баримтат кинонд өвөрмөц нэр өгчээ. Энэхүү киноны зураг авалтын явцад Монголд дэлгэрсэн буддын шашинтай холбоотой чухам юу ажиглагдав?

-Монголчуудын амьдралын философи, буддын шашинтай хэрхэн зохицож шүтэлцэж байгаа нь шинэ нээлт шиг байсан. Дэлгэр ламын хувьд аж амьдрал, зан үйлээрээ дамжуулан байгалиа хэрхэн хамгаалж буйг харуулж байлаа. Өөрөөр хэлбэл, байгальтайгаа зохицож амьдрах нүүдэлчдийн үзэл санаатай буддын шашины гүн философи утга нэгэн байдаг гэсэн санаа юм.

-Тэгвэл хамтарч ажилласан Америкийн багийнхны хувьд бүр ч илүү нээлт байжээ?

-Бидний амьдрал тэдний хувьд тэс өөр ертөнц шүү дээ. Бидний гаргасан амжилтын хамгийн чухал нөлөө нь “монголын соёл” байсан. Монголын ахуй уламжлал, ард түмний аж амьдрал яг бодитоороо л гайхамшиг юм байна. Хамгийн гол үндэс суурь нь бидний зан заншил, уламжлалт соёлтой салшгүй холбоотой.

-Буддын ухаантан байгальтайгаа хэрхэн зохицон амьдарч буй арга ухааныг яривал сонирхолтой болов уу?

-Буддын шашин Монголд хөгжихдөө бидний гүн ухаан, зан үйл, уламжлал соёлтой нэвт сүлэлдэж илүү өвөрмөц төрхийг бүрдүүлсэн болов уу. Бид уулыг хөндөхгүйн тулд орой дээр нь овоо босгодог уламжлалтай. Хүний амьдралын их ундарга усны эхийг хайрлан хамгаалдаг байсан. Энэ бүхэн байгаль өөрөө эзэнтэй гэдэг үзэл санаа юм. Уламжлалт ухаан маань буддын шашинтай уусан уялдаж, магадгүй төгс төгөлдөр болох зам руугаа яваа байх.

-Буддын шашин монгол уламжлалтай нэгдэж улам төгөлдөржсөн гэсэн үг үү?

-Байгалийн эд эс болгон амьтай юм шүү дээ. Уул ус, ургамал мод, амьд бүхнийг хайрлан хамгаалах ажлыг Дэлгэр лам байнга хийдэг. Тэрбээр хадаг уяж багласан моддыг хайж очоод цэвэрлэхийг нь харахад үнэхээр сонирхолтой санагдсан.

-Мод ургамалдаа хадаг уяж сүсэглэдэг бус, харин авч цэвэрлэдэг байвал илүү нигүүлсэнгүй байх?

-Шашины янз бүрийн зан үйл байдаг. Гэвч эцсийн зорилго нь хүн байх явдал гэдгийг харуулсан. Модыг зузаан хадгаар уяж баглахаар амь нь голоороо тасарч байдаг. Тиймээс байгаль дэлхий бурхны бүтээл гэдэг талаас нь илүү тусгасан гэсэн үг.

-Тэгэхээр Монголд дэлгэрээд буй буддын шашиныг зөв өнцгөөс нь гаргахыг зорьжээ?

-Яг үнэн. Буддын шашины эцсийн зорилго бол байгаль дэлхийгээ хайрлах юм шүү дээ. Бурхан бол таны дотор байгаа, түүнээс хэн нэгэн лам, эсвэл сургаал айлдаад суудаг мундаг эрхэмдээ гол биш. Баримтат кино угаас бодит байдал ямар байгаа яг түүнийг хүүрнэдэг. Одоо ямар сувгаар яаж хүргэх вэ гэдэг ажилдаа орсон байна.

П. САЙНЖАРГАЛ

С.УЯНГА

Categories
мэдээ цаг-үе

Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөв дэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ. Тэрхүү өгүүлэлд “Монголын сонин бичиг” арваад жил тогтмол гарч, тухайн үеийн монгол ноёд, том лам нар хийгээд сэхээтнүүдийн дунд нэр хүндтэй байсны шалтгаан нь Ар, Өвөр, Буриад Монголын шинэлэг үзэлт, дэвшилтэт сэхээтнүүдийг редакцидаа авч ажиллуулсанд оршино. Тухайлбал, бүр анхны дугаараас нь эхлэн эрхлэгчээр нь Агын буриад Цэдэвийн Цэдэн-Иш, сурвалжлагчаар нь алдарт Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, Бадрах баатар, Хайсан гүн, Алмас-Очир нар ажиллаж байжээ” хэмээн дүгнэснээ энд дахин нэг удаа дурдсу.

“Монголын сонин бичиг” Монголын журган буюу тухайн үед Монголыг хамаарч байсан яаманд өөрийн хүнтэй байж, дээрээс ирсэн тушаал заавар, заримдаа бүр нууцын зэрэглэлтэй мэдээллийг хүртэл олж аван, өргөн олон монголчууддаа түгээн анхааруулдаг байжээ.Одоо өрнөж буй явдлыг харахад “Монголын сонин бичиг”-ээс тэртээ 110 жилийн өмнөх анхааруулан, уншигч мэргэдээс асууж байсан сэдэв хүчинтэй хэвээр мэт санагдсаны тул хуучны сэтгүүлийн шарласан хуудаснаас хоёр сонсголыг та бүхэнтэй хуваалцахаар шийдэв.

Энэ хоёр бичил сонсгол нь тус сэтгүүлийн #34 буюу Хэвт ёсны гуравдугаар он,гурван сарын шинийн долооны дугаарт нийтлэгджээ. Энэ нь 1910 он юм.

НЭГ. “БЭЭЖИНГИЙН ШИНЭ СОНСГОЛ”

Ийм гарчигтай эхний мэдээнд Зүүн гурван мужийн сүндү-гээс тамгатай гурван дугтуй бүхий бичиг авсны дотор чухам юу юу бичсэнийг монголчууддаа тайлагнажээ. Зүүн гурван мужийн сүндү хэмээх нь Манж Чин улсын хамаарч асан хязгаар улсуудын есөн том сайдын нэг (англиар: Viceroy of the Three Northeast Provinces, манжаар: Dergi ilan goloi uheri kadalara amban)юм. Хятад хүн монгол хүнтэй ураг барилдаж болохгүй, монгол хүн хятад хэл сурч болохгүй хэмээн Манжийн төрөөс 200 шахам жил хязгаарлаж ирсэн цааз 1906 онд хүчингүй болсон нь шинэ засгийн бодлого гээчийн нэгээхэн хэсэг байсан билээ. Энэхүү гурван дугтуй бичигт тэрхүү шинэ засгийн бодлогыг улам “хөгжилдүүлэх”, түргэтгэх, гүйцэтгэх аргыг заасан, “цөм Монголыг халж хувилгах явдал” байв. Сэтгүүлээс шууд эш татвал:

“БЭЭЖИНГИЙН ШИНЭ СОНСГОЛ”

Монголын Журган анх өдрөө Зүүн гурван мужийн Сүндү-гийн тамгат бичиг гурван дугтуйг хүлээн авсны дотор, цөм Монголыг халж хувилгах явдал:

Нэг: Манж, Иргэний харилцахыг Дотор газарт нэгэнт цаазалсныг тавьсан тулд, Монгол газраа мөн адил шийтгэвээс зохих тул хагалбарласан газраа монгол иргэн харилцан адил шийтгэмүй.

Нэг. Монголын эхнэр охидыг авах нь: Монгол иргэн харилцан ураг барилдаж болмуй. Харьяат захирсан түшмэл шан өгч улам хөгжилдүүлмүй.

Нэг. Монгол хүн нанхиад үсгийн тамгат бичиг хэрэгсэж болмуй. Монгол хүн хятад хүнийг урьж, нанхиад үсгийн өргөл, тамгат бичиг сурах ба аливаад цөм нанхиад үсэг хэрэгссүгэй хэмээвээс дураар нь болгосугай гэв хэмээмүй.

Мэргэд авгай нар айлд. Өнөөхөн болтол басхүү хэдэн зуун оны чанга цааз, монгол хүн нанхиад бичиг сурч болохгүй хэмээн явсаар билээ. Одоо юу болов?… гэжээ.

ХОЁР. “МОНГОЛЫН ШИНЭ СОНСГОЛ”

Ийн нэрийдсэн удаах мэдээнд “зөөлнөөр улируулах арга” хэмээх нэр томьёо хэрэглэсэн нь маш сонирхолтой байна. Soft power буюу “зөөлөн хүчний бодлого” гээчийг Америкийн судлаач Жозеф Най 1980-аад оны сүүлээр улс төрийн тусгай судлагдахуун, нэр томьёо болгон хэвшүүлсэн гэж үзэж буй.Манайхан ч мөн “зөөлөн хүч” гэсэн маягаар орчуулан, саяхнаас хэрэглэж эхлэв. Гэтэл тэртээ 1910 онд монгол хэлээр гарч байсан сонинд аль хэдийнэ ийм бодлого буйг таньчихсан, Хятадын “зөөлнөөр улируулах арга” гээчийг анхааруулан хэлж байсан нь улс төр судлаач нарт маш сонин баримт болох юм шүү. Энэхүү зөөлнөөр улируулах аргад монгол хүүхэд дүү нарыг Дотоод газарт сургах, сурах бичиг, алив шастирыг хэвлэж хямд үнээр өгөх зэрэг багтаж байсныг одоо ч анхаарууштай. Аливаа томоохон төсөл, номын сан, архив дахь үнэт баялаг, ховор хуучин ном, баримт сэлтийг хялбар үнээр, эс бөгөөс бүр үнэ төлбөргүй хэвлээд өгье гэх саналд маш анхааралтай хандаж байх ёстой гэсэн үг. Сонинд чухам юу гэж бичсэнийг эш татваас:

“МОНГОЛЫН ШИНЭ СОНСГОЛ”

Цэргийн тухай сайдууд: Ойроос Монголын хэрэг маш шахар бачим болсон тул, Монголыг хамаглах засгийн арга чухал нь: Цэргийн бэлтгэлийг ихэтгэх. Бас захын Монгол олонх цөм гадар улсад мунхрагдсанаар дотогш хандах сэтгэл батгүй болжээ. Энэ даруй туйлын их нууц зовлон мөн тул тусгай ЗӨӨЛНӨӨР УЛИРУУЛАХ АРГА таван зүйлийг бэлтгэвэй хэмээсэн нь:

Нэг. Монголын өдөр бүрийн сонин бичиг, сар бүрийн сонин бичиг бэлтгэсүгэй.

Нэг. Монголын хүүхэд дүүнэрийг Дотоод газарт авчран сургууль сургасугай.

Нэг. Монгол ван гүнгүүд лугаа үнэмлэн нийлэлдэж, Монголыг хамаглах цуглааг бүтээсүгэй.

Нэг. Монголын сурах бичиг ба аливаа шастирыг цөм монголчлон орчуулж, хялбар үнээр өгсүгэй.

Нэг. Монгол ван, гүн, тайж нарыг сонгон авч Дотор газараа сайн албанаа хэрэгссүгэй. Үүнээс дээш бэлтгэсэн аргыг засгийн яаман лугаа нарийвчлан зөвдсүгэй хэмээжүхүй.Үүнийг мэргэд та үзэж юу бодном? Нягтлан шинж… гэжээ.

Монголын сонин бичиг-ийн редакц, Алмас-Очир, Хайсан гүн, Жамсраны Цэвээн нарын асууж байсан тэр асуултыг одоо дахин асууя.

Үүнийг мэргэд та үзэж юу бодном? Нягтлан шинж!

Мэргэд авгай нар айлд! Одоо юу болов?

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 19-нд Морьт харвааны УАШТ болно

Монголын үндэсний морьт харвааны холбоо нь Засгын газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, Спортын Улсын Хороотой хамтран морьт харвааны УАШТ-ийг 2020 оны 09 сарын 19-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Тамирчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, тэмцээний цар хүрээ тэлсээр байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг тэмцээн нь уламжлалт болон спорт гэсэн нийт дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулдаг билээ. Баг тамирчид нум болон зэвт сум мөн хүлэг морьдынхоо бэлтгэл сургуулилтыг сайн базааж, оролцохыг анхааруулж байна.

Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын үеэр зохиогдох гэж буйгаараа онцлог бөгөөд халдваргүйжүүлэлт ариутгал, тамирчдын зай барилт болон бусад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, тогтоогдсон журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн юм.