Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицов. Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгөө нотолж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурж, хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсоноор уг гэрээ энэ өдрөөс хүчин төгөлдөр болж буйд Гадаад харилцааны сайд нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хугацаагүй байгуулсан уг гэрээ нь хоёр улс улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд хөгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлж буйг сайд нар онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 онд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр тэмдэглэх нь зүйтэй гэж санал нэгтэй үзэж, түүхэн чухал ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө гаргасны үндсэн дээр улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт зэрэг чиглэлд олон арга хэмжээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Ирэх онд хоёр талаасаа өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх талаар мөн ярилцаж, тодорхой ойлголцолд хүрлээ.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ярилцан, 2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлах боломжийн талаар ярилцлаа. Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон суурь бүрэлдэхүүнийг шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо. Талууд хоёр талын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид ч гүнзгийрүүлэх сонирхолоо илэрхийлэв. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байдаг Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эхний үе шат амжилттай дуусч буйг тэмдэглэж, дараагийн ээлжийн асуудлаарх хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, эцэслэн шийдвэрлэхийн төлөө ажиллахаа талууд илэрхийлэв.

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах, “Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд нар түүнчлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, НҮБ болон бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээ илэрхийлэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Ковид-19 халдварын тархалтын эсрэг эрчимтэй арга хэмжээ авч, “Cпутник-V” вакциныг боловсруулж, өөрийн улсынхүн амын төдийгүй бусад орны ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд оросын талд баяр хүргэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Техник спортын төвд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 09:00 цагаас эхлэн Техникийн спортын төв, Буян ухаа спорт цогцолбор, Залуучуудын ногоон наадмын спорт цогцолбор, Биеийн тамир спортын улсын хороо, Спортын төв ордонд ажиллаж байна.

Тэрбээр өчигдөр эрүүл мэндийн салбарт ажилласан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард түмнийхээ гарт нь гав, хөлд нь дөнгө бэлтгэснээ сайд Х.Нямбаатар сүртэйгээр мэдэгдлээ

Эрх баригчид ард түмэндээ шинэ ял нэмж байгаа юм байна. Монголчууд гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй амьдрах цаг ирлээ гэдгийг ХЗДХ-ийн шинэ сайд Х.Нямбаатар их л бардам түрэмгий мэдэгдлээ. Энэ мэдэгдлээ мань эр хийхдээ Төрийн ордны төв хэсэг, соёмбот индэр дээр зогсож байгаад, гартаа гавыг нь хийж, хөлдөө дөнгийг нь зүүж үзүүлэв. Хууль зүйн сайд ингэх нь их л зохимжгүй харагдлаа. Олон улсад Хуулийн сайд нь өөрөө Төрийн ордондоо ингэж үзүүлэн болж, ард түмнээ заналхийлж байсныг санахгүй юм. Хамгийн том дарангуйлагч гэгддэг байсан Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хуссейны ажлын өрөөнд буутай хоёр цэрэг зогсож байдаг байсан. Гэхдээ Хуссейн хэзээ ч ард түмнээ гавлана шүү, дөнгөлнө шүү гэж Төрийн ордондоо мэдэгдэл хийж байгаагүй юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар ард түмнээ дарамталж, сүрдүүлэх бодлого барьж байгаа юм бол заавал тэгж Төрийн ордны соёмбот индэр дээрээс, ХЗДХ-ийн сайдаараа ингүүлэхийн шаардлага юу байсан юм. Зүгээр л тэр хэрэгжүүлэх ёстой Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга Д.Загджав нь шоронгийн гадаа зогсож байгаад, гав гинжнүүдээ хажигнуулан танилцуулаад, “Хохь чинь шүү, муусайн монголчууд аа” гээд хашгирна биз.

Гэхдээ яах вэ, энэ нам энэнээс дор үйлдэл, мэдэгдлийг Төрийн ордонд хийдэг л дээ. Тийм болохоор ард түмэн тоохгүй байх шиг байна. Жишээ нь, тэр Төрийн ордны төв дэх соёмбот индэр дээрээс УИХ-ын гишүүн нэгэн хүчингийн хэрэг хийчихээд дотоожоо зөв харуулж өмсөөд гарснаа мэдэгдэж л зогссон. Тийм болохоор МАН-ынхан ч үүнийг нэг их юманд бодохгүй байх.

Гав гинжийг ХЗДХ-ийн сайд өөрийн биеэр танилцуулах нь танд ер нь ямар санагдсан бэ. Ард түмэн түүний энэ мэдэгдлийг баяртайгаар хүлээж авсан уу. Баярлаад байгаа хүн байна уу. Ард түмэнд таалагдана гэж үзээд л мэдэгдэл хийж байгаа сайд шүү дээ. Ер нь бол гудамжинд мөрөөрөө явж байтал цагдаа гэнэт “Таныг шалгана” гээд чирэхэд айж цочирдсон иргэн орилно биз дээ. Орилохдоо “Хуцаарай чи” гэчихвэл төрийн цагдаа доромжилсон гээд цахилгаан гаваа зүүчих юм билээ. Ингээд гэртээ, гэргийтэйгээ хэвтэж байгаагаа хүртэл хүмүүст хянуулах болно. Энэ ямар нийгэм үү. Соц нийгэмд хоёр хүн тутмын нэг нь НАХЯ-ны мэдээлэгч байж, ажлаа тараад гэр рүүгээ алхаж явахдаа, үй зайгүй найздаа “Тэр нөхөр даргын ажлыг хийж чадахгүй дээ” гээд аминчлан ярьсан нь өнөө даргад нь хүрч, ухамсарт амьдралынхаа бүтэн 20 жилийг дарамт шахалт, мөрдлөг мөшгөлт дор өнгөрөөсөн ахмад буурал өнөөдөр сэрүүн тунгалаг байж байна. Эмгэнэлт түүх ийм ойрхон байхад дахиад тийм нийгмийг байгуулж байгаагаа сайд Х.Нямбаатар Төрийн ордонд бардмаар мэдэгдэж зогсоно. Гучин жилийн өмнө дотны найздаа хүртэл цагдуулж, матуулдаг байсан бол өнөөдөр гэрт байгаагаа хүртэл минут секунд тутам хянуулаад сууж байх тийм цаг үе иржээ.

Хэрэг хийсэн нь Шүүхээр тогтоогдвол шоронд явдаг. Шоронд тодорхой хугацаанд сууж ар гэр, ах дүүсээ сая нэг амраадаг байсан тэнэгүүд одоо бол Х.Нямбаатарын гавыг гартаа зүүчихээд, согтуу толгой орон дээрээ ойр дотны бүхнээ дарамтлаад хэвтэж байх нь. Угтаа тэр тэнэгүүдийн хувьд гэр нь шорон, ор нь шоронгийн наар болох нь. Тав тухтай тамлацгаах нь. Дээр нь Х.Нямбаатарын гав дөнгөтэй тэнэгүүд гэртээ архичингууд цуглуулна. Юу эсийг хийх вэ. Үнэндээ Монголын айл өрхүүдийн нэг хэсэг шорон болно. Хорооны цагдаагийн халаасанд тэр айлын нэг түлхүүр байнга явна. Ийм аймаар хор хохирол авчрах төрийн энэ шийдвэрт ард түмэн баярлаж бахархаад байгаа юм алга. Баярлаж хөөрөөд “Больж муусайн хулгайчуудыг ингэх ёстой” гэх хүмүүс байгаа бол удахгүй Х.Нямбаатарын гав дөнгө таны гар хөлд очиж, та нар уйлцгаах болно. Амьдрал өөрөө тийм даажинтай байдаг. Яль шалихгүй асуудлаас болж өөрсөндөө цахилгаан гав зүүлгэж зогсохдоо тэр хүмүүс ойлгох болно. Олон улсын жишиг ийм байдаг гэсэн үгийг хэлэх хүн байгаа. Гурван сая хүнтэй улсад хэрэгжүүлдэг ялын төрөл наадах чинь биш ээ. Гучин сая хүн амтай улс оронд хэрэгжүүлдэг ялын төсөл.

Хувь хүнийг өдөр шөнөгүй хянана. Хаана явж, хэнтэй уулзаж, юу хийж явааг нь. Хүний энэхүү нээлттэй мэдээллийг буруугаар ашиглаж болох аймшгийн талаар, ирээдүйд ямар айхавтар үр дагавар дагуулахыг сайд Х.Нямбаатар бодож үзээгүй нь тодорхой. Нэгэн цагт Монголын “хаан” явсан нэгэн бээр АТГ-ыг байгуулах гэж ямар их зүтгэж байгууллаа. Ердөө хэдхэн жилийн дараа “хаан” ширээнээсээ буугаад байгуулсан газрынхаа ажилтнуудад гавлуулан, оймсоо гозойлгон шоронгийн зүг одсон. Түүн лүгээ адил өөрсдөө зүтгэн, улайран байж батлуулсан буруу хууль, дүрэм журмынхаа горыг нөхдүүд өөрсдөө амсах вий дээ. Өчигдөрхөн УИХ-ын гишүүн, сайд дарга явсан олон хүн өнөөдөр хэн болчихоод байгааг харж байгаа биз.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм. Өнөөдөр хүн хэн ч байж болно. Маргааш хэн болсон байхыг хэн ч мэдэхгүй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ийм юм танилцуулаад зогсож байгаа нь хачин харагдаж байгаа. Энэ сайдын тухай санаж сэрэхэд, ердөө хэдхэн сарын өмнө “14 настай охинтой тохиролцож бэлгийн харьцаанд орж болно” гэсэн заалтыг Монгол Улсын хуульд оруулж байсан хүн шүү дээ. Мөн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг нааш нь татаж авлига, албан тушаалын хэрэгтэн олон найзуудаа ял завшуулсан. Гээд яривал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт олон асуудал бий. Тэр бүгд нийгэмд ил болох нь тодорхой.

ХЗДХ-ийн хуучин сайд Ц.Нямдоржийн түүний талаар хэлсэн нэгэн үг бий. “Хуулийн ТМС төгссөн бацаан минь, чамайг энэ бүх үйлдэл чинь баллана даа” гэж. Энэ үнэн үг юм шиг байна. Төрийн ордны индэр дээрээс гав гинжээ танилцуулан, нүдээ гялалзуулж зогсохыг нь харахаар Ц.Нямдоржийн үг хамгийн түрүүнд орж ирж байна. Хийсэн буруу үйлдлүүдийнхээ өмнө хэзээ энэ залуу сөхөрч ойчоод, сэтгүүлч би өмөөрч бичих гэж махаа зулгааж суухыг өнөөдөр хэн ч таашгүй. Зуун жилийн өмнө, XX зуунд монголчууд феодалын нийгэмд хэрэглэж байсан гав, дөнгөнөөсөө салсан юм. Тэгсэн 100 жилийн дараа, XXI зуунд Х.Нямбаатар эргээд сэргээдэг юм байна.

МАН-ын 100 жилийн ойд зориулсан сайд Х.Нямбаатарын бэлэг нь гав, дөнгө боллоо. Учир нь өнөөдөр эрх баригчид хийж байгаа бүх ажлаа “МАН-ын 100 жилийн ойд зориулж байна” хэмээн мэдэгдэж байгаа. Намынхаа 100 жилийн ойд зориулсан энэ мэт бэлгийг салбар салбарын сайдууд Х.Нямбаатар шиг барих биз. Гэхдээ гав дөнгө бол арай л сэрүүн үү, үгүй юү…

Б.НЯМАА

Categories
мэдээ цаг-үе

В.Бэрцэцэг: Өсвөр үеийн хүүхдүүдийн ихэнх нь бусдыгаа гадаад үзэмжээр гадуурхдаг

-ХЭН Ч ТООЖ НАЙЗАЛДАГГҮЙ УЧРААС ХҮҮХДҮҮД АМИА ХОРЛОХТАЛААР БОДДОГ-

Үе тэнгийнхнээ дээрэлхэх үйлдлийг таслан зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үзүүлэх “Банхар” арт терапи төслийн нээлт өчигдөр боллоо.

Арт терапи гэдэг нь урлагт суурилсан сэтгэл зүйн засал юм. Төслийг боловсролын салбарт жишиг болгох үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн Сэтгэл заслын мэргэжлийн холбооноос нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 48, 147 дугаар сургуульд нэг жилийн хугацаатай туршилтаар хэрэгжүүлнэ.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхий дахинаа хүүхэд, өсвөр үеийнхний 20 хувь нь буюу таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд сэтгэцийн эмгэгийн ихэнх нь хүүхэд, өсвөр насанд илэрч байна.

2017 онд гаргасан “Өсвөр үеийн дуу хоолой” судалгааны тайланд өсвөр насны хүүхдүүдийн 84.2 хувь нь дарамтлуулж шоовдорлуулж байсан. 40.7 хувь нь бусад хүүхэд шоовдорлуулж дээрэлхүүлж байхыг харсан. 37.9 хувь нь өнгөрсөн онд ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан. Хүүхдүүдийн 81.4 хувь хаанаас тусламж авахаа мэдэхгүй байна гэж хариулжээ.

Дээрэлхэж байгаа уг шалтгааны 5.1 хувь нь шашин шүтлэг, 5 хувь нь гэр бүлийн ядуу тарчиг байдал, 11.2 хувь нь насны ялгаатай холбоотой байгаа бол, 1.3 хувь нь ангид шинээр шилжиж ирсэн хүүхдийг дээрэлхэх, 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхах, 3.5 хувь нь хөгжлийн бэрхшээлийн улмаас харин 53.4 хувь нь бусад шалтгаанаар үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг байна.

Үе тэнгийнхний гадуурхалтын талаар сурагч Б.Болорцэцэг “Хичээл орж байхад хойноос номоор цохих, үснээс нь чирэх, цүнхийг нь нойлын өрөөний цонхоор шидэх үйлдлүүд болж байсан. Өөр ангиудад хүүхдийг царай зүс, өндөр, намаар нь ялгаварлаж шоглодог тохиолдол болж байсан” хэмээн хэлсэн юм.

Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбооны тэргүүн В.Бэрцэцэгтэй ярилцлаа.


-Хүүхдүүд нэгнийгээ шоглож дээрэлхсэнээс үүдэн амь насандаа аюул занал учруулсан талаар ямар нэгэн судалгаа бий юү?

-2018 онд нийт 1236 хүүхдээс судалгаа авахад амиа хорлох оролдлого 19.9 хувьтай, амиа хорлох талаар бодсон нь 12.4 хувь байсан. Харин амиа хорлохыг оролдсон тохиолдол 8.6 хувьтай байлаа. Мөн 4.5 хувь нь хэн ч намайг тоож найзалдаггүй учраас амиа хорлох талаар бодсон хэмээн хариулсан байдаг. Үе тэнгийнхний дээрэлхэлт дарамт охид, хөвгүүдэд ялгаатай. Тодруулбал, хөвгүүд ихэвчлэн бие махбодsн хүчирхийлэлд өртдөг. Харин охид доромжлуулж, сэтгэл санааны хувьд хүчирхийлэлд өртдөг.

-Ямар ямар шалтгаанаар улмаас үе тэнгийнхнээ шоглож дээрэлхдэг юм бол?

-Хүүхдүүдийн 18.3 хувь нь гадаад үзэмжээр ялгаварладаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дээрэлхэх хувь нь 3.5 хувьтай байгаа юм. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй гэж гарсан. Уг эмгэг өсвөр насныханд илүү илэрч байгааг ч тогтоосон. Хүн яаж ч төрж болно шүү дээ. Тиймээс бусдыгаа гаднаас нь хараад онцолж, шоглож хэзээ ч болохгүй. Хамгийн гол нь харагдах үзэмж биш, сэтгэл зүрхний үнэ цэнийг хүүхдэд ойлгуулах нь чухал. Нийт хүүхдүүдийн 92.9 хувь нь хүүхэд нэгнээ дээрэлхэх, цахим орчинд нэг нэгнээ зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй гэж үзэж байна.

-Таны хувьд хүмүүсийн сэтгэл зүйтэй тулж ажилладаг. Тэгвэл Тулгамдсан асуудлаа яриад ирсэн хүүхдүүдийн жишээг хуваалцвал?

-Өсвөр насны хүүхэдтэй нэгэн гэр бүл манайд хандаж байсан.

Тэр хүүхэд “Би заримдаа ямар ч утгагүй амьдраад байгаа, аав ээж маань намайг шоовдорлоно, ад үзнэ. Дандаа сургууль дамжуулж сургадаг болохоор би найз нөхөдгүй” гэж хариулж байлаа. Тэр охин найзтай байхын тулд аав ээжийнхээ түрийвчнээс 70 мянга, 90 мянга сүүлдээ 200 мянган төгрөг хулгай хийж баригдсан. Ингээд аав, ээж нь бидэнд хандсан л даа. Охин найзтай байхын тулд мөнгөтэй явах ёстой гэж бодсон байгаа юм. Гэр бүлтэй нь найман удаа ажиллаад хамгийн сүүлд эцэг эх нь бид өөрсдөө хэргийн эзэд байжээ гэж хэлсэн. Ингээд тэд хүүхэдтэйгээ харилцах аргаа өөрчлөхөд эерэг үр дүн авчирсан байдаг. Охин нь, аав ээж маань надад гоё ханддаг, найз нартайгаа ч сайхан харилцаатай болсон гэж хэлсэн.

-Эцэг эхийн тухайд өсвөр үеийн хүүхэдтэйгээ хэрхэн харилцах хэрэгтэй вэ?

-Хүүхдээ дэмжиж магтаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй. Тухайн хүүхдийн сургуулийн орчинд асуудал гарахад аав ээжийнхээ зөвлөгөөг санаад бэрхшээлийг давж гарах боломжтой. Ингэснээр нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гарахаас нэг хүн ч гэсэн урьдчилан сэргийлэх юм.

-Өсвөр насны хүүхдүүд бусдыгаа царай зүсээр хамгийн их ялгаварлан гадуурхдаг юм байна. Тэгвэл гадаадын судалгааг та харж үзэв үү?

-Гадаадын судалгаанд ч ялгаагүй. Энэ гадуурхал доромжлолын хувьд бие махбодын хүчирхийлэл нь илүү байгаа юм.

-Ялгаварлан гадуурхалт хувийн сургуулиудад илүү ажиглагдаж байгаа талаар цагдаагийн хошууч Д.Будзаан хэлж байсан?

-Яг үнэн. Тэр чинь арай өөр мэдрэмжтэй үнэ цэнийг хүүхдэдээ суулгасан гэсэн үг. Энэ чинь хүндэтгэлгүй хандлага шүү дээ. Өөрөөр хэлбэл, мөнгийг нэгдүгээрт тавьснаас үүдэлтэй болов уу. Үүнийг би өөрийн амьдралын жишээнээс ч харсан. Манай охин тавдугаар ангидаа оны онцлох сурагч болоод улмаар анги дэвшихдээ нэгэн олон улсын сургуульд орсон юм. Тэнд санаачилга гаргаад юм хийх гэхээр “Чам шиг балай юм хэрэггүй” гээд л доош нь татдаг байлаа. Бүр хорон хорон асуудлууд зарим хувийн сургуулиудаас гардаг юм билээ. Тийм учраас хүүхдээ гаргаад авчихсан. Хувийн сургуульд магадгүй гадаад үзэмж, эдийн засгийн асуудал, итгэл үнэмшлээр нь ялгаварлаж байхыг үгүйсгэхгүй. Гэр бүл нь ядуу тарчиг байвал энэ хүүхэдтэй найзлахгүй гэдэг ч юм уу.

-Хүүхдийн хүмүүжилд хүрээлэл чухал нөлөөтэй гэдэг?

-Тэд хүүхдүүдтэйгээ ажиллаж чадахгүй байна. Өөртөө дэндүү том мөрөөдөл тавьчихаад хүүхдээ хүнээр хүмүүмжүүлснээс үүдэлтэй байх. Ерөөс үр хүүхдээ төрсөн эцэг эх нь л сайн хүн болгоно шүү дээ.

-Ялгаварлан гадуурхах үзэл нийгмийн давхаргатай холбоотой гэсэн үг үү?

-Эдийн засгийн боломж, эсвэл гадаад үзэмжээрээ зарим хүүхдүүд найзалж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, зэрэглэл гаргаад байна гэсэн үг. Жишээ нь, эцэг эхийн албан тушаалтай холбоотойгоор эдийн засгийн бололцоотой нэг нь хэсэг найзалж, зарим нь сонирхлоороо нэгдэх тохиолдол ч бий. Бид өнөөдрийн нийгмийн хандлагыг арай өөрчлөх хэрэгтэй. Хүний амьдралд ямар ч зүйл тохиолдож болно. Түүнийг даван туулах чадварыг нь сайжруулах чиглэлээр хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх ёстой гэсэн үг. Та өнөөдөр мөнгөтэй байж болох ч, ирээдүйд таны хүүхэд ядуу амьдрах эрсдэлтэй. Тиймээс даван туулах чадварт сургаагүй, ирээдүйн зорилго мөрөөдлийнх нь талаар хүүхэдтэйгээ яриагүй бол хэцүү.

-Тэгвэл бусдыгаа өнгө зүс, элдэв зүйлээр нь дээрэлхсэн хүүхдийн хандлагыг хэрхэн засах хэрэгтэй вэ?

-Хандлагыг нэг удаагийн зөвлөгөөгөөр хэзээ ч өөрчлөхгүй. Арт терапигийн нэг бүлэгт 6-8 хүүхэд бий, тэдэнтэй удаа дараа уулзалт хийдэг. Эхлээд өөртэйгөө танилцах, дараа нь дотоод мэдрэмжээ ойлгох хэрэгтэй. Энэ мэдрэмжээ яаж эерэгээр удирдаж нийгэмд дасан зохицох, хэрэв бусдын мэдрэмжийг ойлгосон бол эерэгээр харилцаж сурах, асуудал тулгарахад даван туулах чадвар гэх мэтчилэн чухал зүйлс бий. Ерөөс хамт олон, багш эцэг эх нь хүүхдийнхээ давуу талыг нь хэлэхгүй бол тэр өөрийн үнэ цэнийг мэдэхгүй шүү дээ. Хүн бүр дахин давтагдашгүй учраас аливааг хүлээн зөвшөөрөх ухамсрыг хүүхдүүдэд суулгах хэрэгтэй байгаа юм. Ерөөс үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгч, хохирогч болон гэрч гэсэн гурван талыг хамарна.

-Ажиглагчийн байр сууринаас хандаж “гэрч”-ийн оролцоотой хүүхдүүд байдаг талаар ярилаа?

-Анзаараад байгаа хэрнээ үйлдэл хийхгүй бол нэг найз нь хохирох учраас хэрэв би тусалбал хоёр найзыгаа эвлрүүлээд “баатар” болбол сэтгэл хангалуун, аз жаргалтай байна шүү дээ. Бусдын зовлонг ойлгож мэдрээд үйлдэл хийчихвэл баатар болж болно гэдгийг харуулах нь зүйтэй. Өнөөдөр хичээлдээ явах дургүй болно. Маргааш хичээлээ тасална. Нөгөөдөр муухай үг хэлдэг болно, дараа нь магадгүй архи ууж, тамхи татах эрсдэлтэй. Тийм учраас асуудалд орсон найздаа туслах бүлгэм л хэрэгтэй.

-Сэтгэл зүйн хямралд өртсөн хүүхэдтэй хэрхэн харилцах шаардлагатай вэ?

-Арт терапи хэзээ ч “яагаад” гэж асуудаггүй. Ингэж асуухаар хүнийг шүүмжлэх хандлагатай болдог. Хүний амьдралд юу ч тохиож болно. Тийм учраас тайван, энгийнээр дотоод сэтгэлээ өөрөө ухаж ойлгох боломжийг олгох хэрэгтэй. Анхны арт терапиг өнгөрсөн жилийн намар хэрэгжүүлж ажиллахад, амиа хорлох эрсдэлтэй олон өсвөр насныхан ирсэн. Харин цаг агаар дулаарахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд их ирж байгаа. Тэдний айдас түгшүүр дээд зэрэгтээ хүрсэн байдаг. Энэ үед хэзээ ч “яагаад” гэж асууж болохгүй. Бид дор хаяж гурван удаа уулзах зорилго тавьсан. Урлагийн төрөл хэрэгсэл, аргууд нь тэдгээр хүүхдийг тайвшруулдаг, ирээдүйд нь итгэлтэй болгох, дахин хүчирхийлэлд өртөхгүйн тулд өөрөө ямар харилцаатай байх ёстой юм бэ гэдгийг ойлгуулж өгөх төсөл байсан. Тайван байх зуураа өөрийгөө илэрхийлнэ гэдэг бол агуу зүйл юм шүү дээ.Хамгийн гол нь гарц гаргалгааг хүн өөрөө л олдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн өөрөө амьдралынхаа баатар байдаг.

-Арт терапи буюу урлагт суурилсан сэтгэл зүйн засал гэдгийг тайлбарлавал?

-Бид зөвхөн сэтгэл зүйн хувьд биш бие махбодьтой нь цогцоор нь ажилладаг. Арт терапи гэдгийг дуу дуулуулж, хошин шог ярьдаг гэж ойлгож болохгүй, хэцүү мэдрэмжийг нь зураг зуруулаад оношилдог юм биш. Амьдралдаа тохиолдсон зүйлийг өнгө дүрсээр илэрхийлэн гаргах явцдаа тайвширч, өөрөө тайлал нь болдог. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн зовуурийг илэрхийлүүлэх арга техникийг хэрэглэж, зан чанарт нь эерэг өөрчлөлт авчрах тал руу чиглүүлдэг. Тийм учраас нэг удаагийн үйл ажиллагаа биш.

-Эд хөрөнгө бус хувь хүний үнэт чанарыг амьдралынхаа мөрдлөг болгосноор хүүхэд нь ч эцэг эхээсээ суралцах байх?

-Та ирээдүйд ямар хүнээр өөрийнхөө хөлийг хучуулж, асрамж хайранд нь байхыг хүсч байна вэ. Яг тэр хүүхдийг өнөөдөр та сургаж байгаа. Тиймээс хүүхдийнхээ давуу талыг товойлгож хэлж өгч, асуудал гарвал давж гарч чадах итгэлийн галыг асааж өгвөл ирээдүйд ямар ч асуудал тулгарсан даван туулах чадвартай болно.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Бахархалт үйлсийг хамтдаа бүтээж яваа нэг ангийнхан

Эрдэм номын ширээнд

Тохой золгож суусан

Ээжийн хоёр хүү шиг

Тоглож наадаж өнгөрөөсөн

Оюутан ахуй цагаа

Эргээд чи минь дурсана уу

Олон хаврын өдрүүдийг

Сэргээж нэг санана уу хэмээн дуулалдаж явсан нь саяхан мэт боловч хэдийн 33 жил өнгөрсөн байна. Сургуулиа төгсөөд ангиараа шууд л Улсын ерөнхий прокурорын газрын Коллегийн хурлаар орж, томилолт аван дөрвөн зүг найман зовхист хуваарилагдаж, оюутны ширээнээс ажил амьдралын гараанд хамтдаа хөл тавьсан үе өчигдөрхөн мэт санагдана гэж ангийн анд Ж.Мөнхжаргал яриагаа эхлүүлэв. Энэ бол 1982 онд МУИС-ийн НУФ-ийн мөрдөн байцаагчийн ангид элсэн орж, таван жил суралцсан нэг ангийн хамт олны дурсамж юм. Тус ангийн хамт олон эх орондоо ихийг бүтээгээд зогсохгүй одоо ч салбартаа манлайлан ажиллаж байгаа нь залуу үед үлгэр дуурайл болж буйг дурсамжийн эхэнд онцлох нь зүйтэй болов уу. Хамгийн сүүлд буюу энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нэг дор тус ангийн зургаан хүүхэд төрийн шагнал хүртэж, ангийн анд Ш.Адьшаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, төр түшилцэж буй нь бэлгэшээлтэй сайхан үйл явдал болсныг хамт олон нь онцлов. Тодруулбал, прокурорын байгууллагад 30 гаруй жил ажилласан Ж.Мөнхжаргал, Ц.Сэлэнгэ, Х.Баярмаа, С.Сугар, Ш.Алтанцэцэг, Ж.Цэцэгмаа нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон болон Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан байна. Нэг ангиас нэг дор ийм олон гавьяатан төрөх нь тэр бүр тохиогоод байхгүй бахархалт үйлс биз ээ.

Анх эх орны дөрвөн зүг, найман зовхисоос 27 хүүхэд элсэн орсны найм нь хөвгүүд, 19 нь охид байжээ. Тэд таван жил хамтдаа суралцаж 1987 онд 25 хүүхэд төгсөхөд шууд л томилолт өвөртлүүлээд тал тал тийш илгээчихсэн гэдэг. Тус ангийн 23 оюутан прокурорын байгууллагад томилогдсон бөгөөд энэ салбарт 30-аас дээш жил ажиллаж байгаа зургаан прокурор байна. Харин нэг хүүхэд гааль, нөгөөх нь холбооны салбар сонгосон нь Ц.Баярмаа, Б.Янжмаа нар юм. Тус ангиас хамгийн олон хүн дээд шатны прокуророор томилогдон ажилласан байдаг. Тодруулбал, Д.Бямбаа, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэлэнгэ, Б.Түвшинбаяр, Х.Мерихан, Ж.Мөнхжаргал нар тус бүр 2-8 жил аймгийн прокуророор ажиллажээ. Одоо Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор Х.Баярмаа ажиллаж байна.

Тус анги хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мундагчуудаар хичээл заалгаж байв. Эрүүгийн эрх зүйн анхны сурах бичгийг зохиогч Г.Совд, гавьяат хуульч С.Нарангэрэл, Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат, Д.Лүндээжанцан тэргүүтэй хүмүүсийг дурдаж болно. Ангийн багш “Яс Баасан” хэмээн алдаршсан хөдөлмөрийн эрхээр мэргэшсэн хуульч Л.Баасан, дараа нь “Орос Жагаа” нэрээр тэр үеийн хүн бүр мэдэх (сагсчин) Д.Жаргалсайхан нар байжээ. Тэд ангийнхаа багшид зориулж зохиосон дуугаа Ариун тэнгэрт мандсан нар

Алтан дэлхийг гийгүүлсээр байна

Ангийн багшаа тойрон суугаад

Алсын оддын учрыг асууна хэмээн одоо ч дуулдаг аж.

Хамтдаа төрийн шагнал хүртсэн нэг ангийнхан

Тухайн үеийн оюутнууд олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, хариуцлага өндөртэй байсан гэдэг. Жил бүр хавар, намрын ажилд идэвхтэй оролцдог байжээ. Тэд Булган аймгийн Баяннуур суманд комбайнчдын байр барилцсан нь одоо ч бий хэмээн Ж.Мөнхжаргал дурсав. Тэрбээр “Ер нь бид ажлаас ер хойш сууж үзээгүй. Тухайн цаг үе ч тийм байж. Бас жил бүрийн намар октбярийн баяр, хавар майн баяраар тамирчдын жагсаалд уриа лоозон барьж талбай дээр жагсана. Нэг удаа Халх голын ойд зориулж ангиараа Төв аймаг хүртэл явган аялал зохион байгуулан аймгийн прокурорын ажилтай танилцсан юм. Энэ мэтээр мартагдашгүй сайхан дурсамжууд олон. Бид ч төгссөнөөсөө хойш ихэнх нь салбартаа он удаан жил ажиллаж байнгын холбоо харилцаатай явж, нэгнийхээ зовлон, жаргалыг хуваалцаж ирсэн нь сайхан. Бас манай ангийн хамт олон улс орондоо ихийг хийж бүтээсэн, бүтээсээр ч яваа мундаг гавьяатнууд гэж боддог” хэмээсэн юм. Тус ангийн хамт олон дотно сайхан байсныг илтгэх нэг зүйл нь захидал. Тэд дадлагын ажлаар тал тал тийш хуваарилагдан очоод бие биенээ санан үгүйлж, дотно сайхан үгсээ захидалд шингээн илгээжээ. Заримаас нь сийрүүлье. Архангайд дадлага хийж байсан ангийн найзуудаас “Сайн байцгаана уу. Хайртай найз нар минь ээ. Архангайхны мэндчилгээг хүлээж авна уу. Та нарын биес сайн, дадлагын ажил амжилттай биз дээ. Тэгээд тарган тавтай намаржиж байна уу. Сонин сайхан юу байна. Бидний хэдэн хүмүүс Цэцэрлэг хэмээх уулын нэгэн хотод учран цуглаж, дадлагын ажил гээгчийг үйлдэн сууна. Есдүгээр сарын 4-нөөс эхэлсэн. “Булган” зочид буудалд байгаа. Жаргалсайхан багш өнөөдөр хот руу явна” гэжээ. Мөн Цолмонгоос “Энд ирээд танил гээч нэлээн олон болж байна. Та нар минь тэгээд хүний нутаг гүний газар амьдрал, ажил төрөл ямаршуухан шив. Бид хэд Эрдэнэзулынхаар очсон. Тариатад ажиллаж байгаа. Эхнэр нь эмнэлэгт хэвтсэн, гаргачихаад явна гэж байсан. Өнгөрсөн бүтэн сайнд Пүүжээгийнд очиж айраг ууж хоол идсэн шиг сайхан л амарлаа. Зулын хувийн тэргэнд сууж зугаалаад л. Тоогүй нь үймж шуугьж сахилгагүйтсэн хэргээр жижүүр авгайн хяналтанд нутаг заагдсан хөөрхий. Орой бүр үнэгүй кино үзэж байна. Ямар вэ, гоё уу” хэмээжээ.

Энд ангийн хүүхэд бүрийн тухай дэлгэрэнгүй дурсвал хэдэн нүүр дамнуулан бичсэн ч үл дуусна. Тиймээс ангийн хамт олны тухай товчхон сийрүүлье. Салбартаа ажилласан ангийн олон бүгд л прокурорын байгууллагын зохих бүхий л шагнал урамшууллыг хүртсэн гэж хэлж болно. Мөн Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10 гаруй хүн шагнагджээ. Хамгийн эхэнд дурсах ёстой хүн бол ангийн дарга Б.Амарсайхан. Ангийнхандаа бараг аав шиг халамжтай, хөгжөөнтэй наргиантай, хүний мөстэй хүн байж ээ. Тэрээр Дорнод аймгийн шүүхэд хэсгийн шүүгчээр ажлын гараагаа эхэлж, олон хариуцлагатай албыг хашсан юм. Ангийн бас нэг бахархал бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн прокурорын газарт туслах прокурор ажлын гараагаа эхлүүлж байсан бол өдгөө төр түшилцэх эрхэм үүрэг ногджээ. Х.Мерихан гэж олон жил сургуулийн урлагийн үзлэгт домбортой дуулж, тухайн үеийн оюутнуудын дунд багахан “од” гэх хэлэгдэхээр авьяастан байв. Баян-Өлгий аймгийн иргэдээс Монгол Улсын гавьяат хуульчаар шагнуулахаар тодорхойлж байсан нь түүнийг нутаг усандаа хэр нэр хүндтэй болохыг илтгэнэ.

“Ах” Баагий хэмээн хэлүүлж заншсан Д.Бат-Эрдэнэ олон жил прокурорын байгууллагад удирдах алба хашсан. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр аж. З.Алтанцэцэг Сэлэнгэ аймгийн прокурорын байгууллагад ажиллаж байгаад аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж цагдаагийн байгууллагад өөрийн хүсэлтээр орж байв. Хүнд албанд дэслэгчээс дэд хурандаа болтол дэвшин ажилласан найзаараа ангийн нөхөд нь бахархдаг байна. Н.Батболд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж, төр засгийн хариуцлагатай албуудыг хашсан. Сэлэнгэ аймгийн ардчиллын алтан хараацайнуудын нэг юм. Ш.Алтанцэцэг Увс аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа тавьж, салбартаа идэвх зүтгэл гарган ажилласан бүсгүй юм. Ангийнхан нь “Жижгээ” хэмээн дууддаг, хавар, намрын ургацын ажилд гал тогоог хариуцан амтат хоолоор таван жил нөхдөө дайлжээ. Ц.Баярмаа гаалийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа. Х.Баярмаагийн тухайд “Данан” гэх хочтой байв. Нэмж хэлэхэд, тэрбээр Баянхонгор аймагт ганцаараа дадлага хийж байхдаа ангийнхандаа бичсэн захиандаа “…оюутны байр болон хотын идэх юмыг их санах юм… Хүн хүний үзэг гуйж бичив” хэмээн гурван өөр өнгийн бал, үзгээр хольж захиа бичиж явуулж байжээ. Д.Бямбаа ангиасаа анх удаа дээд шатны прокуророор томилогдон ажиллаж байсан “булган сүүлтэй” прокурор гэж ангийнхан нь ярьж байна. Нэг удаа зуны ажил дээр ангийнхныгаа өглөө сэрээх үүрэг хүлээж гитартайгаа орж ирж дуулаад сэрээх биш дуунд бүүвэйлэгдээд сэрсэн байсан нөхдөө буцааж унтуулж орхисон гэдэг. Б.Даваадулам Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын болон туслах прокуророор ажиллаж байсан. Ангийнхандаа Даагий хэмээн хүндлэгдсэн юм. С.Пүрэвсүрэн Архангай аймгийн Хангай сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлж байжээ. Хууль шүүхийн салбарт үр бүтээлтэй ажилласан. Л.Сарангэрэл сургууль төгссөнөөс хойш Дархан-Уул, Дорноговь аймаг, Хан-Уул дүүргийн прокурорын газарт ажилласан. Улмаар “Цэн констракшн”, “Монгол тамхи Со” компанид хуулийн зөвлөх хийж байв. Одоо ч хөгжилтэй, нийтэч хэвээрээ хэмээн ангийнхан нь ярив. С.Сугар одоо Сүхбаатар аймгийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байна. Түүнийг өндөр ээж хэмээн хочилдог, нутаг усандаа элэгтэй нэгэн юм. Ц.Сэлэнгэ, Говь-Алтай, Дундговь аймгийн прокурорын газарт олон хариуцлагатай алба хашсан. Одоо Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байна. Монгол бичиг, кириллээр сийлсэн мэт сайхан бичдэгээрээ шагшигдаж байсан аж. М.Хишигбаяр Хөвсгөл аймгийн прокурорын газарт дадлагажих ажилтнаар томилогдон ажилласан боловч сонирхолдоо хөтлөгдөн цагдаагийн байгууллага руу “урважээ”. Байгууллагын хөдөлмөрийн аваргаар 10 удаа шалгарсан гэхээр хэр чансаатай болохыг илтгэнэ. Цагдаагийн хошууч цолтой энэ бүсгүй шатар, 100 буудалт даамны спортын мастер цолтой. 1990,1991,1992, 2005 оны Монгол Улсын 100 буудалт даамны улсын аварга гэх зэргээр түүний шагналын буухиа тасрахгүй. Ж.Цэцэгмаа Өвөрхангай, Налайх дүүргийн прокурорын газруудад хяналт, туслах, орлогч прокуророор ажиллаж эхэлсэн. Тэрбээр одоо ч Налайх дүүргийн прокурорын газартаа ажиллаж байна. Б.Янжмаа сургууль төгссөнөөс хойш Багануур дүүргийн прокурорын газарт дадлагажих ажилтнаар ажиллаж байгаад холбоочин мэргэжилд шилжин “Монголын цахилгаан холбоо” компанид ажиллах болжээ. Д.Алтанхуяг Монголын Нотариатчдын танхимын нотариатчаар ажиллаж байна. Дэлхийг тойрох чин хүсэлтэй, олон орноор аялсан хүн юм. Д.Цолмон Булган аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, өмгөөлөгч, Булган аймгийн шүүхэд шүүгч, Монголын Нотариатчдын танхимын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын нотариатчаар ажилласан юм. Түүнчлэн, ангийнхан энд анх нэгдүгээр курстээ тохой нийлүүлэн сууж байгаад доод анги руу “урвасан” Р.Энхтүвшин, Энхчимэг, Г.Оюунбаяр нарыгаа тэмдэглэж, мөн бурхны оронд заларсан Х.Бадамзул, Н.Загдсүрэн, П.Түвшинбаяр нарыгаа дурсан саналаа.

Эцэст нь Ж.Мөнхжаргалын тухай товчхон дурдъя. Тэрбээр Одоо Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор бөгөөд ангийнхаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргын сонгуульт ажлаа одоо ч сайн дураараа үргэлжлүүлэн хийж, анги хамт олныхоо тухай дурсамжийг манай сонинд хуваалцсан юм. Ажлын гараагаа Дархан-Уул аймгийн прокурорын газраас эхэлж, энэ салбарт 33 жил тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарлигаар нэг ангиас зургаан хүн төрийн шагнал хүртсэний нэг нь юм. Ж.Мөнхжаргал “Прокурорын байгууллагын 90 жилийн ойгоор нэг ангид элсэн орж төгсөн, одоо хүртэл энэ байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаа ангийн “хүүхдүүд” зургуулаа төрийн өндөр шагналаар шагнагдана гэдэг ховор тохиох үйл явдал билээ. Та нараараа бахархан баярлаж байна. Үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, гэр бүлийнхэн, хамт олон, ангийн найзууддаа үргэлж залуугаараа байж ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе” гэв.

Эргээд харахад анги хамт олноороо улс орондоо ихийг хийж бүтээн, бахархалт зам мөрийг татуулсан байна гэдэг хамгийн үнэ цэнэтэй дурсамж аж. Тэртээ 30 гаруй жилийн өмнө нэг ширээнд тохой нийлүүлэн, хөгжөөнтэй хөөртэй цаг мөчүүдийг хуваалцаж явсан нөхөд өдгөө эмээ, өвөө болчихоод төрд үнэлэгдэх үнэ цэнээ бүтээснээ ярьж сууна гэдэг юутай их аз завшаан бэ.

Г.БАТЗОРИГ

Х.МӨНХБАТ

Categories
мэдээ цаг-үе

Л.Хүрэлбаатар: Монголчууд дэлхийн дунджаас гурав дахин бага эм хэрэглэдэг

Сүүлийн үед Төрийн ордон болон хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа эмийн чанар болон үнийн асуудлаар Монгол Улсын төрийн шагналт, Эм зүйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, эм зүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатартай ярилцлаа.


-УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголд буй гурван эм тутмын нэг нь хуурамч гэж яригдсанаас үүдээд ард иргэдийн дунд бухимдал үүслээ. Энэ үнэн үү?

-Ташаа мэдээлэл. Маш их харамсаж байна. Хүмүүс телевизээр энэ талаар сонсоод үнэхээр их бухимдаж сандарч тэвдэж байна. Зарим нь Монголоосоо эм авах осолтой боллоо. Болдогсон бол гадаадаас онлайнаар авахсан гэж байна. Маш олон хүн над руу утасдаж таны адил энэ үнэн үү гэж лавлаж байна. Би ч гэсэн гайхаж холбогдох хүмүүстэй ярилцлаа. Хуурамч эмийн асуудлаар шинээр албан ёсны судалгаа хийгдээгүй юм байна. Сүүлийн арван жилд Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар хуурамч эмийн судалгаа ердөө хоёр удаа албан ёсоор хийгдсэн юм. Эхнийхийг 2013 онд, дараачийнхыг 2017 онд хийсэн байдаг юм. Тэр судалгааны материалуудтай дахин танилцлаа. 2013 онд хийсэн судалгаагаар хуурамч эм бэлдмэл илрээгүй. Харин 2017 онд хийсэн судалгаагаар нэг хуурамч эм илэрсэн юм. Тэр нь Виагра гэж олны дунд нэршсэн бэлгийн сулралын үед хэрэглэдэг Силденафил цитрат хэмээх бэлдмэл бөгөөд зах дээрээс илрүүлжээ. Ямар компани хувь хүн ийм хуурамч эм бэлдмэл оруулж ирж бүхэл бүтэн эм хангамжийн салбарын нэр хүндийг унагав, ямар арга хэмжээ тооцсон юм бол гэж хайгаад олсонгүй. Уг нь бол ЭМЯ, мэргэжлийн хяналтын газар тэр хуурамч эм оруулж ирсэн байгууллага, хувь хүнийг олоод хариуцлага тооцох ёстой.

-Тэгвэл яагаад ийм ташаа мэдээлэл төрийн түшээд хийх болов?

-Би бас л гайхаад лавлаж тодрууллаа. Долоон жилийн өмнөх судалгаагаар судалгаанд хамрагдсан эм бэлдмэлийн гуравны нэг нь эмийн бүртгэлийн болон стандартын зөрчилтэй байжээ. Үүнийг л хуурамч эм гэж эндүүрцгээсэн юм билээ. Төрийн түшээдийг мэдээллээр хангаж буй хүмүүс судалгааг сайн тайлбарлаж өгөх ёстой байсан болов уу. Ямар эмийг хуурамч эм гэдэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны аргачлал тодорхойлолт байдаг юм. Зөрчлийн ихэнх нь Монгол Улсад бүртгэгдээгүй эм. Уг нь эм импортлох зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд импортлох эмээ тусгай журмын дагуу Монгол Улсад хэрэглэх зөвшөөрөл болох эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой юм. Түүний дагуу мэргэжлийн байгууллагууд импортлох эмээ бүртгүүлж импортолдог. Гэтэл мэргэжлийн бус байгууллага, хувь хүмүүс ийм бүртгэл зөвшөөрөлгүйгээр эм импортолж байна. Уг нь хил гаалийн байгууллагууд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэлийг хилээр оруулахгүй байх хууль дүрэм журамтай. Нөгөө талаар бүртгэлгүй эм бүр чанарын баталгаагүй гэсэн үг биш.

Харин 2017 оны судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийн зөрчил эрс багассан байна.

-Монгол Улсын эмийн бүртгэлд хичнээн эм бүртгэгдсэн байдаг вэ?

-8000 гаруй. Зарим эм тун болон эмийн хэлбэрээсээ хамаарч хоёр гурван янзаар бүртгэгддэгийг тооцвол 5000 орчим нэрийн эм.

-Импортолж буй ийм олон эмийг хянах систем тогтолцоо бий юү?

-Байлгүй яах вэ. Эмийн компаниуд зөвхөн бүртгэгдсэн эм импортлох бөгөөд ЭМЯ-ны агентлагаас жил бүр импортлох зөвшөөрөл буюу лиценз авдаг юм. Уг лицензийн дагуу гэрээ хийж түүний дагуу хил гааль оруулдаг. Мэргэжлийн хяналтын газар үүнийг хянадаг. Харин энэ систем зохих ёсоор ажиллаж чадахгүй болохоор төрийн түшээд эм эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах талаар эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд эм хангамж үйлдвэрлэлийн салбарыг бид талархан дэмжиж байгаа юм.

-Стандартын зөрчилтэй эм гэж ямар эмийг хэлдэг юм бэ?

-Үүнд эм бэлдмэлийн стандарттай холбоотой зөрчлүүд ордог. Хаяг шошго, эмийн хэлбэр, өнгө, үнэр гээд олон үзүүлэлт байдаг. 2013 оны судалгаагаар стандартын зөрчилтэй эм арав гаруй хувь байсан бол 2017 оны судалгаагаар гурав дахин буурсан байна лээ. Сүүлийн үед эх орны Нахиа, Энхийн шүүдэр, Монос зэрэг олон эмийн үйлдвэр олон улсын GMP стандартыг нэвтрүүлж үйлдвэрлэж буй эмийн чанар нь олон улсын түвшинд хүрээд байна. Уг нь Монгол Улсын эмийн хуулиар эх орны бүх үйлдвэр энэ стандартыг хангах ёстой. Тэгвэл стандартын ийм зөрчил байхгүй болох учиртай. Иймээс ийм стандарт хангаагүй үйлдвэрүүдтэй төр засаг тулж ажиллах шаардлагатай.

-Эмийн үнийн талаар ч иргэд төөрөлдөж байна. Сангийн сайд эмийн үнэ хил гаалийн үнээс 68 хувиар нэмэгддэг гэж ярилаа. Их хурлын зарим гишүүн эмийн үнэ 5-6 , зарим нь 10 дахин өндөр байна гэж байна. Алинд нь үнэмших вэ?

-Сангийн сайд зөв мэдээлэлтэй ярилаа гэж бодож байна. Импортолж буй эм бэлдмэл хилээр орж ирмэгц гаалийн болон НӨАТ-ын 15.5 хувийн татвар, дээр нь эмийн бөөний худалдааны зардал 10 хувь, эмийн сангийн зардал 15-18 хувь, дээр нь тухайн байгууллагуудын ашиг 5-10 хувь гэхэд ойролцоо байгаа биз. Гэхдээ зарим нэг эмэн дээр хэт өндөр байгааг судалж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Ер нь эмийн зарим жижиг компани хувь хүн гаалийн болон нэмүү өртгийн татвар бага төлөх гээд хилийн үнээ багаар хуурамчаар мэдүүлсэн тохиолдлууд гарч байсан болохоор түүнтэй төстэй тохиолдол байх гэж таамаглаж байна. Ер нь эмийн үнийг хямдруулахын тулд төр засгаас тодорхой арга хэмжээ авах болов уу гэж найдаж байна. Ялангуяа зайлшгүй шаардлагатай эмийн үнийг хямдруулах ёстой. Ихэнх оронд зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, үнийг хямдруулахын тулд гаалийн болон нэмүү өртөг, ашгийн татвараас чөлөөлдөг. Манай улс ч энэ жишгийг дагах нь ард иргэдэд ашиг тусаа өгөх болов уу гэж бодож байна. Мөн зайлшгүй шаардлагатай эмийг үйлдвэрлэж буй үйлдвэрт хөнгөлөлттэй зээл өгөх, дэмжиж туслах зэрэг нь энэ төрлийн эмийн хангамжийг сайжруулахад чухал.

-Монголчуудыг маш их эм хэрэглэдэг гэж ярьцгаадаг?

-Дэлхийн нэг хүнд ногдох эмийн дундаж хэрэглээ 140 доллар байна. Өнгөрсөн онд бид 92 сая долларын эм импортолсон, хорь гаруй сая долларын эм үйлдвэрлэсэн болохоор Монголын нэг хүнд дунджаар 40 долларын эм ногдож байна. Энэ нь дэлхийн дунджаас даруй гурав гаруй дахин бага байгаа юм.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Дуусгадаггүйн цаадах луйвар” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч
Н.Түвшинбаяр “
Допинг бидний
толгой өвтгөсөн гол асуудал
болж байна” I-XII нүүрнээс уншаарай.

Хятад судлаач Б.Анхбаяр “Манай улс ШХАБ-т
элсэх нь цаг
хугацааны асуудал”
хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт “Дуусгадаггүйн цаадах луйвар” хэмээн өгүүллээ.

Улс төрийн V нүүрт “Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл
мэндийн салбарт хийж байгаа
шинэчлэлүүдтэй танилцлаа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

П.Цэвэгмид “Торгуулиа төлөөгүй,
оношилгоондоо ороогүй бол хотын төв рүү
бүү хэл хөдөлгөөнд ч орох ёсгүй” хэмээх ярилцлага баримт үйл явдлын VII нүүрт хэвлэгдлээ.

“Ай ёо доктор буюу
Б.Дугархүү “Сүүлийн үед
ухаалаг утасны хэрэглээнээс
болж өвчлөх магадлал ихэссэн” хэмээх ярилцлага хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүймэдээллүүдийгуншихыгхүсвэлдараахлинкээрбүртгүүлжуншинауу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Токиогийн их дуулга” жүдо бөхийн тэмцээнийг цуцаллаа

Дэлхийн дахинд тархсан цар тахлын хоёрдахь давалгаа Европын орнуудад эхэлж буйтай холбоотойгоор Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиосон “Их дуулга” тэмцээнийг цуцалжээ. IJF-н цуврал тэмцээн болох “Токиогийн их дуулга” нь ирэх арванхоёрдугаар сарын 11-13- зохион байгуулагдах товтой байсан юм.

Өчигдөр /2020.09.21/ Японы Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ тэргүүн Мариус Визер, Японы Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Бүх Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясүхиро Ямашита цахим уулзалт хийснийхээ дараа Их дуулгыг цуцлах шийдвэр гаргасан байна. Тэд сүүлийн үед дахин идэвхэжсэн цар тахлын энэ үед “Их дуулга” тэмцээн зохион байгуулах нь эрсдэлтэй, ирэх жилийн олимпын наадамд ч нөлөөлөх эрсдлийг дагуулах магадлалтай хэмээн гэж үзсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Сэргээгдэх эрчим хүч ашиглах талаар иргэдэд зөвөлгөө мэдээлэл өгнө

Гэр хорооллын иргэдийн өвөлжилттэй холбоотойгоор сэргээгдэх эрчим хүч хэрэглэх сургалтыг нийслэлийн Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулах талаар Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.

Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, “Грин Солар Энержи” ХХК хамтран энэ сарын 25-нд явуулах сургалтад ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаачид оролцож гэр хорооллын иргэдэд амины орон сууц, гэр орноо дулааны алдагдалгүй байлгах, мөн шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах талаар зөвлөж, сургалт, хэлэлцүүлэг уулзалт өрнүүлэх юм.

Г.ШҮҮДЭР

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 22-25-ны өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэх айл өрх, ААН-үүд

2020 оны есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК -аас танилцууллаа.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг учир цахилгаан түр хязгаарлах үед оршин суугчид хүлээцтэй хандахыг хүсэв.