ВАШИНГТОН. /Worldometers/. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 31 сая 273 мянга давж, эдгэрсэн хүний тоо 22 сая 851 мянгад хүрлээ.
Month: September 2020
УИХ-ын эмэгтэй гишүүд гадны нөлөөтэй нас барсан есөн настай охины асуудлаар хуулийн байгууллагын төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “2020 оны есдүгээр сарын 20-ны өглөө 05:33 цагт БЗД-т хүн нас барсан байна гэдэг мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу очиход есөн настай эмэгтэй хүүхэд нас барсан байсан. Хэргийг яг одоо шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Г.Дагиймаа “Дүгнэлт гараагүй байгаа. Дуудлагын дагуу бид хэргийн газарт очиж яаралтай задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Үүн дээр бид лабораторийн шинжилгээ хийнэ. Гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа” гэв.
Есөн настай хүүхдийг хүний гарт амь насаа алдсан гэж үзэн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна”. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сүүлийн гурван жилд үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүн шинжилгээ хийж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үндсэн гурван шалтгаан бий гэж үздэг. Нэгдүгээрт, гэр бүлийн салалт. Жилд дунджаар 3,000 орчим гэр бүл салсны улмаас 6000 орчим хүүхэд өнчирч байна. Тэдгээр хүүхэд хараа ханалтгүй үлдэж байна. Хоёрдугаарт хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналт муу байна. Гуравдугаарт, цахим хяналт сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг гарч байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас хүүхдийн хувийн байдал, өмнө нь гэрийн бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх асуудал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс яг одоогоор ярих боломжгүй байна” хэмээв.
-УЛААНБААТАР ХОТОД АВТО МАШИН УНАХ НЬ ЯМАР Ч АШИГГҮЙ БАЙХААР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙЖ ХҮМҮҮС НИЙТИЙН ТЭЭВЭР РҮҮ ШИЛЖИНЭ-
ЗЦГ-т хөдөлгөөний зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан иргэн П.Цэвэгмидтэй ярилцлаа.
-Сургууль, цэцэрлэг орох дөхөхөд замын түгжрэл жинхэнэ утгаараа үүсдэг. Тэгвэл түгжрэлийг шийдэх гарц гаргалгааг та хэрхэн хардаг вэ?
-Хичээл сургууль эхлэхтэй холбоотой гэхээс илүү манай хотын хөдөлгөөн зохион байгуулалтын нүүр царай нь энэ юм шүү дээ. Амралт зугаалгын цаг дуусч наймдугаар сарын сүүлээр байдал улам хүндэрлээ. Одоо энэ янзаар байвал цас орж, халтиргаа гулгаа үүсэхэд зам дээр машинууд нам зогсох нь байна. Ерөөс түгжрэлийн ард гарахын тулд цогц арга хэмжээ авах нь зүйтэй. Тодруулбал, хууль эрх зүйн хүрээнд, хот төлөвлөлт, замын хөдөлгөөн болон тээвэр зохион байгуулалт, хяналт шалгалт зэргийг сайжруулснаар түгжрэлийг бууруулах боломжтой. Энэхүү таван чиглэлээр оновчтой арга хэмжээ төлөвлөснөөр түгжрэлийг шийдэх болов уу. Эдгээр чиглэлийг дотор нь задалбал хэдэн нүүр болно.
-Улаанбаатар хотод хөдөлгөөнд хэдэн машин идэвхтэй оролцож байна вэ?
-УБ хотод 600 гаруй мянган машин байдаг гэсэн судалгаа бий.
-Замын ачааллыг сааруулж, “тэг” зогсолтыг арилгах хамгийн эхний алхам юу байж болох вэ?
-Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цөөрүүлэх нь хамгийн эхний, дорвитой алхам юм. Зарим хүмүүс нийтийн тээврийг сайжруулах, парк шинэчлэх гэх мэтээр ярьдаг. Гэвч яг үнэндээ мянган шинэ автобус оруулсан ч явах зам нь байхгүй шүү дээ. Тиймээс хамгийн эхний алхам бол автобусаар явах замыг чөлөөлж өгөх явдал юм. Өнөөгийн нөхцөлд нийтийн тээврийн хэрэгслүүд нь хүртэл яст мэлхийн хурдтай байна.
-Хотын төвөөс ганц километрийн радиуст амьдардаг хүмүүс хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болох ухамсрыг суулгах нь нэг шийдэл байх?
-Ганц километрт ч гэлтгүй УБ хотод автомашин унах нь ямар ч ашиггүй байхаар замын хөдөлгөөний зохион байгуулалтын чиглэлээр арга хэмжээг авч байж л хүмүүс нийтийн тээвэр рүү шилжинэ.
-Түгжрэлийг сааруулахын тулд дүрэм зөрчсөн иргэдэд өндөр хэмжээний торгууль ногдуулдаг жишиг олон улсад бий. Энэ нь зөв шийдэл мөн үү?
-Зөвхөн түгжрэлийг сааруулахын тулд ч биш хөдөлгөөнд дэг журам тогтоох, аюулгүй байдлыг хангах үүднээс ч замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд оногдуулах хариуцлагыг чангатгах цаг нэгэнт болсон.Төрийн албаны зүгээс иргэд торгуулиа төлөхөө больсон гэх мэтчилэн гомдол тоочиж байхыг хараад үнэндээ харамсмаар санагдсан. Гэхдээ 2016-2020 онд МАН түгжрэлийг багасгах талаар хийсэн ганц зөв ажлыг Сундуйн Батболд даргын үед хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөөнд “зүүн гар тийш эргэх”-ийг хориглох шийдвэр байв. Гэвч энэ зөв шийдвэрээ Засгийн газраар нь барьцаалж байгаад МАН өөрөө унагасан. Харин МАН дөрвөн жил хотыг удирдахдаа түгжрэлийг багасгах талаар үүнээс өөр юу ч хийсэнгүй, хайран дөрвөн жил өнгөрлөө.
-Ямар ч хяналтгүйгээр гаднаас олон машин оруулах нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлөх болов уу. Үүнд тодорхой хяналт тавих ёстой юу?
-Бидэнд импортыг хязгаарлах боломж хомс. Үүнийг татвараар зохицуулж, эсвэл улсын бүртгэлд бүртгэхгүй байх боломж гаргаж болно. Наад зах нь бид баруун гарын дүрэмтэй улс гэдгээс эхлээд нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээрээ ашиглах нь чухал. Импортоо хориглохгүй ч жолооны хүрдний байрлалыг тухайн импортолж байгаа улсдаа эсвэл манайд ч өчнөөн сервис бий. Жолооны хүрдийг зүүн талд нь шилжүүлсний дараа улсын бүртгэлд бүртгэх гэх мэтээр зохицуулж болно.
-Иргэдийн түрийвчтэй ярьж торгуулийг өндөр болгосноор замын түгжрэлийг шийдэх юм биш үү?
-Энэ чинь байж болохгүй асуудал. Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулах хариуцлагыг өндөр болгох шаардлага бий юү гэвэл мэдээж байгаа. Харин торгууль өндөр болоход түгжрэл арилна гэдэг нь нэг л буухгүй байна.
-Түгжрэлийг бүсчлэлээр шийдэх зохицуулалт байж болох уу. Жишээ нь, техник тоног төхөөрөмжийн оношилгоо хийлгээгүй бол “АВС” бүс рүү оруулахгүй байж болно шүү дээ?
-Бүсчлэл хийснээр л түгжрэл алга болчих юм шиг ярьдаг болжээ.Замын хөдөлгөөн зохион байгуулалтын практикт хурдны дээд хязгаарыг тогтоосон,зохицуулалттай зогсоолын, зогсоолыг хязгаарласан, явган хүний гэх зэрэг бүс байна. Харин манайх шиг дугаараар нь,торгууль оношилгоогоор нь бүс болгох тухай ярьж байгаа газар алга. Торгуулиа төлөөгүй,оношилгоондоо ороогүй бол юун хотын төв рүү бүү хэл хөдөлгөөнд ч орох ёсгүй шүү дээ. АВС бүс гэнэ үү? Тийм ч ангилсан бүс гэж байх ч үгүй.Байх боломжгүй юм. Монгол Улс хуультай! Замын хөдөлгөөнийг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна гэсэн хуультай улс шүү.
-Дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг тодорхойлж, тайлбарлавал?
-Бид нэгдэн орсон олон улсын гэрээнээсээ татгалзаж байж л дугаарын хязгаарлалтыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Венийн конвенцоос гарна гэсэн үг. Ингэснээр манай улс нутаг дэвсгэрээрээ гадны тээврийн хэрэгслийг явуулахгүйтэй адил бид ч наад зах нь Улаан-Үд рүү машинтайгаа явахгүй гэсэн үг. Тодруулбал, Монголын үндэсний үнэмлэхийг тэнд хүлээн зөвшөөрөхгүй, бидний хийдэг улс хоорондын тээвэр зогсох болно. Ингэснээр юу дуртайгаа бүс, тэмдэг дотроо бичээд хориод хязгаарлаад байх боломж нээгдэнэ. Би хувьдаа “дугаарын хязгаарлалт”-ыг ардын аман зохиол гэдэг юм аа. Уг нь 2012 онд Хотын Захирагч Э.Бат-Үүл анх захирамж гаргаж байсан ч би Бат-Үүл даргыг буруутгаж чаддаггүй юм. Хэн ч хөдөлгөөний ачааллыг 20% бууруулна гээд Мэргэжлийн албад нь санал оруулаад ирэхэд шийдвэр гаргана шүү дээ. Тэр үед энэ саналыг анх гаргаж ийм шийдвэр гаргуулсан хүмүүсээс хэн нь ч би санаачилсан юм аа гээд гараад ирж чадахгүй. Ардын аман зохиолын л зохиогч нь тодордоггүй биз дээ. Ер нь дугаарын хязгаарлалт байж болохгүй шалтгаан нь бидний нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцэхгүй. Яагаад дугаарын хязгаарлалт байж болохгүй вэ? гэхээр нэгдүгээрт, бидний нэгдэн орсон олон улсын гэрээтэй нийцэхгүй. Хоёрдугаарт, Манай улсын ЗХАБ-ын тухай хуульд нийцэхгүй. Замын хөдөлгөөний техник хэрэгсэл ашиглан хэрэгжүүлэх техникийн боломжгүй. Харин дугаарын хязгаарлалт гэж хууль бус, нийгмээ хорлосон ийм санаачилга шийдвэр гаргах хүртэл нь итгүүлэн үнэмшүүлж чаддаг мэргэжлийн албаны удирдлагууд байдаг гэхэд харамсаад бардаггүй. Үүнээс үүдэн иргэд хэдэн зуун мянгаараа торгуулж хохирсон гээд бодоод үз дээ. Одоогийн энэ Засаг дарга ба мэргэжлийн алба нь тэднээс ялгарах юмгүй.
-Цаашид хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээнээс та хүлээж байна вэ?
-Өнөөгийн хотын удирдлагуудын зүгээс янз бүрийн ажил төлөвлөж байгаа мэтээр биднийг хоосон найдлагаар байнга тэжээж ирсэн. Одоо зогсоолын нэгдсэн системийг нэвтрүүлээд ирэхээр сайхан болох юм шиг ярьж л байгаа. Үнэндээ үүнийг хэрэгжүүллээ ч байдал нэг их дээрдэхгүй л дээ. Хэдийгээр бүрэн шийдэхгүй ч хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, байдлыг бага зэрэг дээрдүүлэх боломж харагддаг.
-Тэгвэл ямар өөрчлөлт оруулж байдлыг дээрдүүлэх боломж харагдаж байна вэ?
-Зарим уулзваруудын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор урсгал чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим газар гэрэл дохио буулгах эсрэгээр нь зарим газар тавих гэх мэтээр дээрдүүлэх боломж бий.
П.САЙНЖАРГАЛ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан болон Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр (2020.09.21) болж, сая шийдвэрээ гаргажээ.
Ингээд шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оноосон байна.
Н.Баярсайхан нар нь УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 453 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн тухай ЭМЯ мэдээлэв.
Ингэснээр манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 313 боллоо.
Коронавирусээр халдварласан иргэдийн 302 нь эдгэрээд буй юм. Одоогоор хяналтад найм, гэрийн ажиглалтад долоон хүн байгаа бол 287 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.
ХӨСҮТ-д коронавируст халдвартай 11 хүн эмчлүүлж байгаагаас долоон хүний биеийн байдал хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснөөс 20-ны өдрийн байдлаар есөн удаагийн нислэг үйлдэж, 2288 иргэн эх орондоо ирээд байна.
Хуваарийн дагуу өчигдөр 19.15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 256 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 61 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 16 нь өндөр настан, 38 нь эрүүл мэндийн шалтгаантай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 69, ХАНГАЛТГҮЙ 67, ХАНГАЛТТАЙ 25 НҮҮРС ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БАЙНА-
Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.
Энэ хүрээнд АТҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.15/ дээрх аж ахуй нэгжүүдийн 200 орчим төлөөллүүдтэй уулзаж санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуй нэгж шалгалтанд хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН байгууллага шалгагдсан байна.
Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.
- Автотээврийн хэрэгслийг байрлуулах зориулалтын зөвшөөрөгдсөн зогсоол, талбайгүй
- Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй
- Автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах мэргэжлийн алба хүмүүсийг зохион байгуулаагүй
- Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах техникийн үйлчилгээ, засвар хийх барилга байгууламжгүй
- Тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ангилал, зэрэг, ажлын байранд тавих шаардлагыг бүрэн тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтыг гүйцэд боловсруулаагүй
- Автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй
- Тээврийн хэрэгслүүдийг баталгаажуулсан холбоо мэдээллийн хэрэгслээр бүрэн хангаагүй
- Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд удирдлагын ажлын байр болон жолооч амрах, хооллох байргүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
Шалгалтын явцад зэрэглэл тогтооход 111 аж ахуйн нэгж шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн заалт бүхий албан шаардлагыг 25-90 оноогоор дүгнэгдсэн 148 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлжээ. Шалгалтын дүн мэдээг олон нийтэд нээлттэй болгож, цахим хуудаст байршуулахаас гадна, “Тээврийн нэгдсэн систем”-ээс тавигдах шаардлага, дүн, оноог бүгд нээлттэй харах боломжтой гэдгийг энэ үеэр дуулгав. Мөн шалгалтад хамрагдаагүй 52 аж ахуйн нэгж, байгууллагад улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгохгүй байх шийдвэрийг танилцууллаа.
Тээвэрлэгч аж ахуй нэгуүүдийн зүгээс “Тээврийн нэгдсэн систем”-д холбогдосоноор төрийн байгууллагуудтай харилцах уялдаа холбоо сайжирч, ил тод болсон гэдгийг онцлон хэлж байв. Мөн энэхүү системээрээ дамжуулж жолооч нарын хариуцлагыг сайжруулах, тэднийг бүртгэлжүүлэх, чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг цэгцлэх боломжтой гэдэгт нийт төлөөлөгчид санал нэгдэв. Ингэхдээ хариуцлагагүй, ажил хаядаг, давхар бүртгэлтэй, осол зөрчил гаргадаг, ёс зүйгүй, хэрэг зөрчилд холбогддог, согтууруулах ундаа хэрэглэдэг, хориотой бараа тээвэрлэсэн зэрэг хэрэг зөрчилд холбогддог жолооч нарыг “хар жагсаалт”-д оруулж, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр нийт аж ахуй нэгжүүд хамтран ажиллахаар боллоо.
Зам тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч байна.
Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
Тодруулбал, АНУ-д зохион байгуулсан “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгараад байсан юм. Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодруулсан байна. “Хийморь” уран сайхны кино нь “Excellence in International Filmmaking medallion хэмээх шагналын эзэн болжээ.
Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг дэлгэцийн бүтээл 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн. Эл бүтээл 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвшсэн байдаг. Мөн олон улсын Каннын кино фестивальд шалгарч байсан.
Энэ талаар найруулагч Г.Эрдэнэбилэг ярихдаа “Хийморь” уран сайхны кино одоогоор найм дахь олон улсын кино наадамд амжилттай оролцож байгаа бөгөөд одоогоор дөрвөн шагнал хүртээд буй” гэдгийг дуулгалаа.
Дашрамд, тус уран сайхны кино нь 2019 онд Германд болсон “Oldenburg International Film Festival”-д оролцон “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртсэн юм. Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, монгол философийг багтаасан юм.
Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.