Categories
мэдээ нийгэм

Эмч нар дохионы хэлний сургалтад хамрагдаж байна

Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмнэлгээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 35 ажилтанд зориулсан дохионы хэлний анхан шатны цуврал сургалтыг өчигдрөөс явуулж эхэллээ.

Сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж” болон “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо хөгжлийг дэмжих, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.

Уг сургалтыг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа удирдан явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өргөөгийн гудамжны авто замыг өнөөдрөөс хаана

Нийслэлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны есдүгээр сарын 23-ны өдрөөс аравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГХ-ны сайд Н.Энхтайван Худалдааны сайд А.А.Слепнев, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нартай 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэж, хоёр талын мэргэжлийн хяналт, мал эмнэлэг зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон аж ахуй, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажил албан ёсоор эхэлж буйд баяртай байгаагаа сайд нар илэрхийлж, хамтарсан судалгааны ажил аль болох богино хугацаанд үр дүнтэй явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтуховтай уулзах үеэрээ Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Хоёр улсын аж ахуй, бизнес эрхлэгчдийн уулзалт, бизнес форумыг тогтмолжуулах, Монголын аж ахуйн нэгжүүд ОХУ-д болдог экспо, үзэсгэлэнд оролцох, ОХУ-аас ХАА-н дэвшилтэт техник төхөөрөмж Монголд нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.09.23/ мэдээлэл хийж байна.

Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 1406 хүнд хийсэн шинжилгээний хариунаас нэг хүнд илэрлээ. Энэ сарын 17-нд Хонгконг УБ нисэх онгоцоор ирсэн 53 настай эмэгтэйн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа.

1406 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзлаа

Уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар оролцов. Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж математикийн олон улсын цахим олимпиад зохион байгуулах ажилд оролцож байгаа тул хараахан хүрэлцэн ирж амжсангүй. Уулзалтын эхэнд Парламентын 30 жилийн ойг угтан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Ойн хүрээнд парламентын ардчиллыг бэхжүүлэх, цахим парламент болох, 30 жилийн хугацаанд Монголын парламентын олсон ололт, хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, үе үеийн парламентчдын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс суралцах, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагааны үр нөлөө, чанарыг сайжруулахад түлхүү анхаарч байгааг УИХ-ын дарга онцоллоо.

УИХ-ын дарга нар засаглалын тогтолцооны хяналт тэнцэл, намуудын төлөвшил, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудал, парламентын болон гишүүдийн нэр хүнд, ёс зүй зэрэг олон асуудлаар санал солилцож, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын засаглалтай улс орнуудад “Спикерүүдийн клуб” гэж байдаг жишгийн дагуу үе үеийн Их Хурлын дарга нарын “Их Хуралдай” клуб байгуулах санал тавьсныг Их Хурлын дарга нар санал нэгтэй дэмжлээ.

Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм байх юм.

“Их Хуралдай” клубийн гишүүд нь үе үеийн УИХ-ын дарга нар, Клубийн тэргүүн нь УИХ-ын даргын албыг хашиж буй хүн байх бөгөөд клубийн үйл ажиллагаанд ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замыг өнөөдрөөс таван үе шаттайгаар хэсэгчилж хааж байна

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм.

Ингэхдээ Налайхын 20.9 километр авто замыг хэсэгчлэн хааж засварлах юм. Тодруулбал, өнөөдөр 07:00 цагаас Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхлээд байна. Энэ ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөжээ. Эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна.

Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийх юм байна.

“Налайхын 20.9 километр замыг хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

  1. Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.
  2. Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.
  3. Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.
  4. Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.
  5. Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 250 иргэн эх орондоо ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 24-ний 05:20 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 250 орчим иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлана УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдын орон нутагт ажилласан ажлын тайлан зэрэг 11 асуудал хэлэлцэж байгаа юм. Мөн цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар нийгмийг залуурдчихлаа

Эрх баригчид нийгмийн сүлжээг хэзээ, хэрхэн яаж ашиглахаа, ямар үйл явдлыг ямар сэдвээр дарахаа маш сайн мэддэг болж, үе үе энэ сүлжээг ашиглаж санаснаа хэрэгжүүлдэг боллоо. Нийгмийн сүлжээг ашиглаад нийгмийн инженерчлэл хийх шахуу юм болж байна. Манай эрх баригчид, төрийн өндөрлөгүүд Хятадуудыг муу хэлж, Хятадын эсрэг үзэл бий болгож байж ялалтын ихэнх оноо, саналаа цуглуулж сонгуулиар төрийн толгойд гарч ирдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол ялна”-чуудтайгаа хамт “Монгол үндэстний шударга, эх оронч Ерөнхийлөгч ус, агаар мэт хэрэгтэй байна”, “Би цус урсгасан дайн байлдаан сурталчлаагүй ээ. Харин хөлс урсгасан, шуугаа зангиртал хөдөлмөрлөж, судсаа лугштал Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцье гэж та бүхнийг уриалж байна” гэсэн үнэхээрийн л эх оронч гэмээр уриа дэвшүүлж гарч ирсэн бол одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч ялгаагүй эх оронч дүр эсгэн, Хятад руу адуу гаргахыг эсэргүүцэж “Адуу гаргахгүй, цаашдаа ч гаргахгүй. Мал амьдаар нь гаргах нь Монгол төрийн бодлого биш гэж би дотроо бодож байгаа.Тэр тусмаа адууг амьдаар нь гаргах их осолтой юм билээ. Монголд үнэт зүйл гэж нэг юм байх ёстой юм аа. Төрийнхөө сүлдэнд залсан адуугаа тэгээд л харийн нутагт аваачаад алуулж, хядуулж баймааргүй байгаа юм” гэж хэлсэн нь ард түмнийг хийрхүүлж, нэг хөршийнх нь эсрэг хандуулж, бужигнуулсны хүчинд сонгуулиар ялалт байгуулж гарч ирсэн дээ.

Гэтэл коронавирусийн халдвар дэлхий нийтийг хамарч, цар тахлын улмаас улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хил хязгаараа хаачихсан байгаа энэ үед Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчлахаар боллоо гэсэн мэдээ дуулдахад хотын төвийн иргэнээс хязгаар нутагт, уулын мухарт малаа хариулж яваа малчин хүртэл гайхаж хүлээж авсан. Айлчлалын тухай мэдээ нийтэд цацагдахтай зэрэгцүүлэн олон нийтийг энэ үйл явдлаас холдуулж, айлчлалыг анхаарлын төвөөс гаргахын тулд бөхчүүдийн шээсний сорьцоос допинг илэрсэн гэх шуугианыг зориуд гаргаж ирж тархи угаалтыг улаан цагаан хийв. Бөхчүүдийн шээсний хэрүүл нийгмийг хөмрөхдөө хүрч “Допинг гарсан, гараагүй”, “Тэрний шээснээс гарсан, энэний шээснээс гараагүй” гэж талцаж хэрэлдэж байтал хэрүүлийн оргил хэсэгт Н.Батсуурь аварга гарч ирж, хэвлэлийн хурал зарлаж ард олноосоо уучлал гуйчихав. Тэгтэл өнөө хэрүүл нь улам хүчээ авч “Батсуурь аварга уучлал гуйлаа, үнэхээр хоншоортой” гэцгээж, нөгөө хэсэг нь “Тэрний хоншоор гэж юу байдаг юм” гэцгээгээд бөөн маргаан нийгмийн сүлжээнд өрнөж, хөгшин залуу, эр эмгүй бүгд л энэ тухай пост хийж, жиргээ оруулж, үзэл бодлоо уралдуулж, уралцаж “Э.Оюунболд унхиагүй, одоо болтол уучлал гуйгаагүй” гэж элэрсэн баларсан юм ярьцгааж, нийгмийн сүлжээ дэлбэрэхээ дөхөж, бужигналдсан. Юун Хятадын сайдын айлчлал, Өмнөд Монголын “Эх хэлээ аваръя” хөдөлгөөн манатай.

Ингэж эрх баригчид бөхийн шээсний хэрүүлээр ард түмний анхаарлыг өөр зүгт залуурдаагүй байсан бол Ван И-гийн онгоцыг “Буянт ухаа”-гийн дэнж дээр буулгахааргүй хэмжээнд монголчууд уурссан байсаан.

Эрх баригчид өөрсдөө сонгуулиар гарч ирэхийн тулд ард түмнийг зориудаар Хятад улсын эсрэг “босгож”, үзэн ядуулах ажиллагаа зохион байгуулалттайгаар хийчихсэн болохоор саяны айлчлалаар монголчууд жинхэнээсээ уриа лоозон бариад босоод ирчихнэ гэхээс үнхэлцгээ хагартал айсан учраас галыг намжаах гэж бөхчүүдийн шээсний асуудлыг “нөөцөлж” байгаад айлчлалыг угтуулаад нийтэд дэлгэчихсэн юм шүү.

Айлчлалын хоёр дахь өдөр Сүнээ гэдэг балетчин хүүхнээр ярилцлага өгүүлчихэв. Балетчин хүүхний нулимс, амнаас унах үгс бүрийг нь алдалгүй сонсоцгоох гэж “Халтар царайт ” үздэг байсан үеийнх шигээ хошуурцгаав. Ийм нэвтрүүлэг гарах гэж байна, гарах нь ээ, гарлаа, гарч байна гээд нийгмийн сүлжээ тэр аяараа шаагилдаж, тэр хүүхний зөв, буруу, сайхан муухай, тэрний амраг, энэний амраг, тийм л муухай, ийм л гоё, өмссөнийг нь хар даа, сууж байгааг нь ээ, арай ч дээ гээд амтай, хуруутай болгон энэ хүүхний тухай бичиж, ярьж, сэтгэгдлээр “байлдаж”, юун айлчлал, юун нөгөө Монгол бичиг, юун “Монгол хэлээ аваръя” вэ. “ХКН Өмнөд Монголд соёлын геноцид үйлдэхээ зогсоо” хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, монголчууд энэ хөдөлгөөнд цахимаар нэгдэж, саналаа өгөөд маш идэвхтэй байсан. Хэрвээ 100 мянган хүн санал өгвөл энэ асуудлыг АНУ-ын Конгресс хэлэлцэнэ гэдгийг бүгд мэдэж байсан ч допингийн хэрүүл, балетчин хүүхний хувь амьдралын шуугианаас болоод уг санал асуулгын хурд багасаж, арай гэж нэг юм 100 мянга гэсэн босго саналдаа хүрсэн. Ийм чухал эгзэгтэй санал асуулга, анхаарлаас холдуулж болохгүй айлчлал болж байхад хэн ч тэр талаар дурсахгүй, харин балетчин хүүхний талаар зогсоо зайгүй шүлсээ үсчүүлцгээсэн. Овоо гайгүй идэвхитэй явж байсан “Эх хэлээ аваръя” хөдөлгөөнийг эрх баригчид боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар л нам дараад арчаад хаячихсан.

Хятадын сайдын айлчлалын үеэр өөрсдийнх нь өдүүлсэн, турхирсан ард түмэн нь Хятадын эсрэг ямар нэг таагүй юм сошиалд “сэвчих” вий гэж айснаас урьдчилж бэлтгэсэн ярилцлагаа товлосон цагтаа цацсан нь ийнхүү амжилт олов. Гэтэл сонгуулиар Хятад юу юм бэ, Хятадаас юу ч битгий ав, өөрсдөө тарьж ургуулъя, хэдүүлээ янзын гоё амьдарна, чадна ш дээ гэж уриалж, ард түмнийг хөөргөж байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд маань Хятадын сайдын айлчлалын үеэр яаж сүйд болж, долигоносныг бүгдээрээ харсан шүү дээ. Тэр долигонож буй үйлдэл бол манай удирдлагуудын үнэн бодит, жинхэнэ дүр нь юм. Тэднийг хараад “Хүншүү байж болдоггүй юм байх даа” гэж олон хүн толгой сэгсэрсэн сэн. Нийгмийн сүлжээг ашиглаж, элдэв скандалаар нийгмийн сэтгэлзүй, тархийг залуурдаж буй нь аргаа ядсан хүмүүсийн л ажил юм даа, чааваас.

Энэ удаадаа ингэж боовон чихтнүүдийн шээсний хэрүүл, балетчин хүүхний нулимсаар нийгмийг залуурдаад өнгөрлөө. Ер нь юм болгонд ингэж том үйл явдлын өмнө зориуд бэлдсэн шуугианаа гэнэт дэлгэж, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг арга барилдаа гаршаад удаж байна. Ард түмэн рүүгээ харахаараа “Бид Хятадад дургүй” гэдэг мөртлөө Хятадын сайд ирэхэд бүгд яаж бөхөлзөж, гарыг нь илбэж, алгаа тосохыг нь харцгаалаа. Жинхэнэдээ манай удирдагчид гэдэг чинь иймхэн л хүмүүс. Эрх баригчид нь нийгмийг сошиалаар ингэж залаад байх нь эцэстээ улс орны хувь заяанд асар их хор хохиролтой. Өмнөд Монголд байдал өдөр ирэх бүр хүндэрч, монгол хэлтнүүдийн амь нас хутганы ирэн дээр байхад тоож байгаа ганц ч төрийн өндөр албан тушаалтан алга. Тэр талаарх мэдээлэлд биш балетчин хүүхний хувь амьдрал руу бүх нийтийн анхаарлыг хандуулчихаад л догь сууцгааж байна.

Нийгмийн сүлжээг эрх баригчид ингэж зальжин аргаар, өөрсдөдөө ашигтай байдлаар ашиглаж байгааг олон нийт, Монголын ард түмэн сайн анзаарч сонор, соргог байх хэрэгтэй. Сошиалд хавчуулсан эрх баригчдын “өгөөш”-ийг яаран үмхэн авч, дагаж сагсуурмааргүй байна. Юуны төлөө явж байлаа, ямар үйл хэргийн төлөө зүтгэж байлаа гэдгээ марталгүй, тэмцлийнхээ зорилгод хүрдэг баймаар байна. Нийгмийн сүлжээнд Монголын асар том масс ямар ч зорилгогүй оршсоор.Зорилгогүй болохоор л ингэж зам зуурын юмнуудаар тархиа угаалгаад байгаа юм. Хэрэвзээ юм тунгаадаг, байр сууринаасаа ганхдаггүй, үзэл бодолдоо тууштай үнэнч бол ямар ч эрх баригчдын тавьсан өгөөшийг тоож шиншлэхгүй л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Энхбат: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсвөөр МАН-ын НИТХ-ын төлөөлөгчид БНСУ руу аялсан

НИТХ-ын АН-ын бүлгийн ажлын албаны ахлах ажилтан Ж.Энхбаттай ярилцлаа.


-Нийслэлийн Онцгой комисст хандивласан иргэдийн мөнгөөр нэр бүхий 21 өндөр албан тушаалтныг шагнаж, урамшуулсан мэдээлэл гарсан. Та энэ талаар АТГ-т хандсан байсан?

-Улаанбаатар хотын удирдлагуудтай холбоотой маш олон асуудал бий. Ер нь хотын захирагч хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Гэтэл сонгууль далимдуулж хэн нэгнийг шагнадаг. Шагнах шагнахдаа хотын дарга өөрөө захирамж гаргасан байна. Тодруулбал, захирамжийн гуравдугаар зүйлд “Шагнал, урамшуулал олгоход шаардагдах 21.000.000 (хорин нэгэн сая) төгрөгийг Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив тусламжийн орлогоос гаргахыг Нийслэлийн Онцгой байдлын газар (Э.Чүлтэмсүрэн)-т гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс (Э.Ганхүү)-т тус тус зөвшөөрсүгэй” хэмээн заачихсан байна.

Гэтэл коронавирусийн хүнд цаг үеийг хамтдаа туулъя гээд тэтгэврийн хөгшид тэтгэврээ зээлж Нийслэлийн Онцгой комисст хандивласан. Мөн ЕБС-ын арван хоёрхон настай хүүхэд номоо зарж, олсон мөнгөө хандивт зориулсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа 21 албан хаагчдад хандивын мөнгийг шагнал, урамшуулал болгон өгсөн нь буруу гэж үзэж байна. Үүнийгээ Нийслэлийн Засаг даргын нөөц сан, харьяа байгууллагуудын цалингийн сангаас өгч болно шүү дээ. Төрийн албан хаагч нар ажлаасаа хоцрох, ёс зүйн дутагдал гаргаж цалингаараа торгуулахад цалингийн үлдэгдэл гэж гардаг. Энэ мөнгөөр шагнаж болно. Гэтэл хуруухан чинээ хүүхдээс эхлээд өвгөн буурал хүмүүсийн бараг өөрөөсөө ч харамлан байж хурааж, хандивласан мөнгийг өөрийн томилсон албан хаагчдаа сая, сая төгрөгөөр шагнасан нь хууль зүй болоод ёс зүйн дутагдал гэж харж байна. Энэ үйлдэл нь олон хууль зөрчиж байна. Тухайлбал, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны хуулийг илтэд зөрчиж байна. Хэрвээ захирамж гаргасан бол шилэн дансанд тухайн захирамжаа байршуулах ёстой. Гэтэл ямар нэгэн шилэн данс, цахимд байршуулаагүй. Энэ мэдээлэл нууц, далд байсан. 2012-2016 онд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл орон нутаг руу томилолтоор явах, арга хэмжээний зардал зэргийг бүгдийг нь шилэн дансанд байршуулдаг байсан. 2016-2020 онд олон зардлаа нуудаг, ил тод байхаа больсон. Иймээс иргэн хүний хувьд Авлигатай тэмцэх газарт энэ нь хууль зөрчөөд байна гэж гомдол гаргасан.

-Хариу нь ирсэн үү?

-Одоохондоо хариу ирээгүй байна.

-Нийслэлийн захирагч асан С.Амарсайхан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж оройлон оролцсон НОК-ын гишүүдийг илүү цагийн цалин бусад урамшуулалд хамруулахгүй явж ирсэн, иймээс шагнасан. Ингэхдээ хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлсэн” талаар өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байсан шүү дээ. Хуулийн дагуу юм биш үү?

-Тэгвэл яагаад 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагчдыг шагнахгүй юм бэ. Шагнах гэж байсан юм бол өдөр, шөнөгүй ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдаа Нийслэлийн Засаг даргын хүндэтгэлийн танхимд дуудаж авчраад шагнаж болох л байсан шүү дээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өөрийн дансанд сая төгрөг орсныг мэдэхгүй байна гэж тайлбарласан байна лээ. Хэнийг доромжлоод байгаа юм бэ. Ямар ч хүн дансанд нь сая битгий хэл 5000 төгрөг орж, гарахад ямар учиртай юм бол гээд шалгадаг биз дээ. Гэтэл сая төгрөгийн орлого орж байхад “Мэдэхгүй, хэзээ орсон юм бэ” гэж иргэдийг басамжилж, доромжилж болохгүй. Энэ нь нөгөө талаараа энэ мэтээр янз бүрийн орлого ордог нь харагдаж байна. Иргэд цалингаа ч авч чадахгүй байна, хувийн хэвшлийнхэн хаалгаа барих дээрээ тулж байхад төрийн байгууллагын дарга нар ийм ёс зүйгүй байж болохгүй. Иймээс эдгээр дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөх ёстой. Иргэд нийслэлийг “Аз жаргалтай – Улаанбаатар хот” болгоно гэж итгээд тэднийг сонгосон. Өнөөдөр энэ амлалт хаана байна. Гэтэл НИТХ-ын дарга Р.Дагва “Бид мөрийн хөтөлбөрөө 94.8 хувьтай биелүүлсэн. Аз жаргалтай Улаанбаатар хот болгочихсон” гээд иргэдээр тохуурхаж байна.

-Энэ талаар хэзээ мэдсэн юм бэ. Сонгуультай холбоотойгоор юу?

-Шагнал, урамшууллыг УИХ-ын сонгуультай холбоотойгоор тараасан гэж харж байна. Шагнах байсан юм бол Цагаан сарын үеэр захирамжаа гаргаж, шагнах нь яасан юм бэ. Тэр үед “Ковид-19”-өөс болж бүх нийтээрээ хөл хорионд орж, тэмдэглэж чадаагүй шүү дээ. Тиймээс үүнийг сонгуультай холбоотойгоор тараасан авлига гэж үзэж байна. Магадгүй өөрийнхөө, нам эвслээ дэмжүүлэх гэж өгсөн байж ч болно шүү дээ.

Энэ мэт олон асуудал байна. Иргэд мэдээлэлгүй, эсвэл сошиалаар явж байгаа мэдээлэлд итгээд байсантай холбоотой. Улаанбаатар хотод сүүлийн дөрвөн жилд юу хийсэн юм бэ. Маш олон бүтээн байгуулалтын ажил хийсэн л гээд байгаа юм. Нохойтой хөшөөнөөс “Барс” зах хүртэлх явган хүний замыг улаан будгаар будчихаад олон улсын жишигт нийцсэн дугуйн замтай боллоо гэж танилцуулсан. Гэтэл борооноор тэр замынх нь будаг хуулраад урсчихсан шүү дээ. Мөн хүүхдийн 100-гийн урд талын замыг нь хар цагаанаар будчихаад баахан шоу хийсэн. Бас л борооноор алга болчихсон шүү дээ. 1.3 тэрбум төгрөгөөр шөнийн гудамж хийсэн 10 сарын дараа “устгаж”, хүчингүй болгосон. Энэ мэтээр төсвийн мөнгийг хий дэмий үрж байна. Зүүн гар тийшээ эргэхийг хориглох тэмдэг тэмдэглэгээнд 956 сая төгрөг зарцуулсан. Гэтэл 11-хэн хоног болоод тэр шийдвэрээ цуцалсан. Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна. Сүүлдээ тэрбум тэрбумаар хий хоосон зарж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдээс аз жаргалтай хот болж чадсан уу гэдэг асуумж авахад л жил бүр тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ мэтээр олон зүйл байна л даа. Харамсалтай нь үүнийг хууль, хяналтын байгууллага шалгадаггүй. Нийслэлийн иргэд өнөөдөр ямар хүмүүс сонгосноо эргэж харах хэрэгтэй.

-Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. Энэ мэдээллийг одоо гаргаж тавьж байгаа нь хардлага төрүүлж байна л даа. Учир нь та АН-ын ажлын албанд ажилладаг. Тиймээс улс төрийн ямар нэгэн тоглолт уу, эсвэл тохироо нь ингэж таарав уу?

-Мэдээлэл нь саяхан олдсон. Үүнээс гадна би өнөөдөр хотын дарга, нийслэлийн ерөнхий менежер хоёрыг Авлигатай тэмцэх газарт дахин өгнө. Хууль зүйн олон алдаа гаргасан. Энэ талаар хэвлэлийн хурал хийнэ.

-Тодруулбал?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал гэж бий. Үүнийг НИТХ-аар баталдаг. Улаанбаатар хотод маш их гэмт хэрэг гардаг. Тиймээс урьдчилан сэргийлэх мэдээлэл гаргах, таслан зогсоох чиглэлээр ихээхэн мөнгө төлөвлөдөг. Гэтэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын мөнгөөр МАН-ын НИТХ-ын дарга нарыг БНСУ руу зугаалуулсан байгаа юм. Ийм байхад гэмт хэрэг яаж буурах юм бэ.

-Хэдэн онд?

-2018 онд. Улаанбаатар хотод гэмт хэрэг гараад байхад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлын мөнгөөр НИТХ-ын МАН-ын төлөөлөгчид Солонгос руу зугаалсан байгаа юм. Дотор нь ажилладаг хүмүүс “Арай л дэндэж байна, тэвчихгүй нь” гээд надад мэдээлэл өгсөн. Би түүнийг нь шалгаад үзсэн үнэн л байна.

-Хэдэн төлөөлөгч, хэдэн төгрөгөөр аялсан юм бэ?

-Би өнөөдөр овог нэр, албан тушаалтай нь ил зарлана. Баримтаа боловсруулж бүрэн дуусаагүй байна. Баримт материалуудаа нэг бүрчлэн цуглуулж байна. Одоогоор МАН-ын НИТХ-ын 10 гаруй төлөөлөгч 140 сая төгрөгөөр гадаад руу зугаалаад ирсэн байна.

-Захирамж, тушаалаар уу. Түүндээ юу гэж бичсэн байх юм бэ?

-Баримт нь байна. Одоогоор мэдээллээ нэгтгэж байна. Маргааш (өнөөдөр) “Өдрийн сонин”-д албан ёсоор баримт мэдээллийг өгнө. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй холбоотой асуудал ч байна.

-Ямар асуудал юм бэ. Тодорхой яривал?

-Улаанбаатар хотын авто замын засвар үйлчилгээг албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгэх ёстой. Гэтэл тусгай зөвшөөрөлгүй, тавигдах шаардлага хангаагүй компаниар авто замын засвар үйлчилгээг хийлгэсэн байна. Ингэхээр яаж Улаанбаатар хотын зам эвдрэл, гэмтэлгүй байж хийж байгаа засвар нь чанартай байх юм бэ. Дарь-Эх, 100 айлын замд саяхан л засвар хийсэн, өнөөдөр ямар байгааг харж байгаа биз дээ. Дуусч цэгцрэх өдий байна.

-Ямар компани юм бэ?

-Маргааш (Өнөөдөр) нэр устай нь зарлана. Авилгатай тэмцэх газарт өгнө. Яагаад мэргэжлийн зам засварын компаниудаар хийлгээгүй юм бэ. Үүнийг шалгуулна. Үүний цаана авлига, танил талын асуудал байна гэж харж байна. Үүнтэй холбоотой асуудлыг маргааш өглөө (өнөөдөр) Авлигатай тэмцэх газарт өгч, олон нийтэд ил зарлана. Улаанбаатар хотын зам засвар өнөөдөр хүндхэн байна. Мэргэжлийн компаниар хийлгээгүй юм чинь зам чанаргүй байх нь ойлгомжтой шүү дээ. Ямар технологийн горимоор энэ замыг барьсан нь ойлгомжтой байна. Энэ мэтээр маш олон асуудал байна. Ярихаар сонгуультай холбож байна. Би нийслэлийн АН-ын бүлэгт сүүлийн гурван жил ажиллахдаа Улаанбаатар хоттой холбоотой маш олон асуудлыг олон нийтэд ил зарласан. Материал, баримт нь ирэхээр нь цаг тухайн үед нь зарлаж байгаа болохоос ямар нэгэн сонгуультай огт холбоогүй.

Р.ХИШИГЖАРГАЛ