Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ажилтны нэр барин бусдыг залилсан иргэнийг илрүүлжээ

ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан “Б”-ийн үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106″, “92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга (2020.09.23) Баянхонгор аймагт ажиллаж, тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Баянхонгор аймгаас энэ жил 338 ээжээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 15, Хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч “Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч болох залуу үе, хүүхдүүдийг эерэг сэтгэлгээтэй, зөв хандлагатай, бүтээлч монгол хүн болгон хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгаж, бүх боломжоороо тэднийг дэмжих учиртай. Цаашлаад төр засаг хүүхэд хамгааллын бодлогодоо тэргүүн зэргийн ач холбогдол өгч, хүүхдүүд эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой.

Эхчүүдийг дэмжинэ, хүүхдийг хамгаална гэдэг бол Монголын ирээдүй болсон хойч үеэ хамгаалж буй хэрэг юм. Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд миний бие тодорхой ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 265 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 19:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардав. Тус онгоцоор 265 иргэн эх орондоо иржээ.

Дээрх иргэдийн дунд бага насны хүүхэдтэй гэр бүл-55, жирэмсэн болон асран хамгаалагчтай-15, өндөр настан-10, эрүүл мэндийн шалтгаантай-31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-154 иргэн байв.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Кентавр” зочид буудлуудад тусгаарлажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгосыг дайлсан нь

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Тухайн үед Солонгосын хойгт Корё династи (918-1270) оршиж байлаа. Хөрш зэргэлдээ хятанчууд тэдэн рүү байнга довтлон зовоож байсан. Хятаны хамгийн сүүлчийн довтолгоо 1219 онд болсон юм. Гэхдээ тэд Чингисийн цэрэгт хөөгдөн тийш очсон хэрэг. Араас нь элдсэн монголчууд ингэж анх удаа Солонгост “зочилжээ”. Кото цайзад бүгсэн хятанчуудыг монгол цэрэг бүслэн буулгаж аваад нутаг буцсан. Төв Азид их дайн эхлүүлсэн монголчуудад Солонгосыг эзэлж байх зав байсангүй. Харин ч хятан нарыг буулгаж авахад солонгосчууд Монголын холбоотон болж хамт дайтсан билээ.

Хойгийг эзлэх жинхэнэ дайныг 1231 онд Өгэдэй хаан эхлүүлсэн. Монгол цэрэг Корёгийн нийслэл Кэйсонг эзэлж, нийт нутгийнх нь ихээхэн хэсгийг булаан авчээ. Солонгосын хаан ихээхэн гувчуур өгч байж арай гэж найрамдав. Энэ өглөгийг монголчууд чамлан улам ихийг нэхсэн төдийгүй язгууртан удмын хүүхэд барьцаанд өгөхийг шаардав. Иймээс солонгосчууд найрамдлаа таслаад Ганва (Ganghwa) хэмээх арал руу зугтан бүгжээ.

Ердөө дөрвөн жилийн дараа монгол цэрэг Солонгос руу хоёр дахь довтолгоогоо эхэллээ. Ганва аралд тусгаар тогтнолоо хадгалсаар буй Чой Ү-ийн (Choe U) төрийг бууж өгөхийг шаардан эх газартаа эргэж ирэхийг шаардан элч илгээсэн боловч цаадуул нь шаардлагыг биелүүлсэнгүй. Хойтон жил нь гурав дахь довтолгоо боллоо. Энэ удаа Солонгосын хойгийг тэр чигээр нь эзлэв. Тусгаар Ганва арал эзлэгдэлгүй үлдсэн боловч эзэд ноёд энэ удаа гэр бүлийнхнээ монголчуудад барьцаанд өгөв.

1247 онд монголчууд дөрөв дэх удаагаа довтолсон боловч Ганвагийн төр мөн л бууж өгсөнгүй. 1253 оны тав дахь довтолгоонд Солонгосын ван өөрийн биеэр монголчууд дээр ирж хүүгээ барьцаанд өгсөн боловч аралдаа шигдэн үлджээ. 1254-1259 оны зургаа дахь довтолгоогоороо Солонгосын хойгийг тэр чигээр нь хоёр дахь удаагаа бүрэн эзэлж, бууж өгдөггүй Ганвагийн төрд уурсан залхсан монголчууд Солонгосыг үнсэн товрог болгожээ. Энэ тухай Корё түүхэнд:

Энэ үед (1254) монгол цэрэг ойролцоогоор 206 мянга 800 хүн олзолсон ба алагдсан хүний тоо хязгааргүй. Монгол цэрэг явж өнгөрсөн хот тосгон үнсэн товрог болов.Солонгосын хаад тоглоомын хүн болж цэргийнхэн энэ хооронд засаглаж байсан учир ийнхүү удтал эсэргүүцэн тэмцсээр байсан тул солонгосчууд асар их хохирол хүлээжээ. Дөнгөж 1258 онд Ганва аралд бослого гарснаар Чой Ү-гийн дэглэм унасан юм.

1259 онд Корё династийн сүүлчийн хаан болсон Воньжон (Wonjong of Goryeo) Хятад орж Хубилай хаантай уулзан бууж өгснөө илэрхийлсэн юм. Хубилай түүнийг Солонгосын хаан болгосон, энэ цагаас Солонгос нь Юань гүрний вассал болсон. Түүгээр үл барам Чун Ни Өл нь Хубилайн гүнжтэй гэр бүл болжээ. Энэ айлаас Юанийн томоохон язгууртан Ижилбөх ван төрсөн юм. Энэ үеэс монгол, солонгосчууд хүргэн бэр идэвхтэй солилцох болов. Хубилайгаас хойших Юанийн хаадын ихэнх нь солонгос эхнэртэй байсан.

Солонгосын хаан Гонминь (King Gongmin of Goryeo) монгол эхнэр авсан нь Будшир хэмээх монгол нэртэй Солонгосын хатан хаан Ногук (Qween Noguk) юм. Будшир нь Хубилай хааны гуч охин. Юанийн сүүлчийн их хаан Тогоонтөмөр ч солонгос эхнэртэй байсан, түүнийг хатан хаан Чи (Em­press Qi) гэдэг байлаа. Тэрээр Өлзийхутуг хааны эх бөлгөө.

1270 онд Ганва аралд үлдсэн цэргийн эрхтнүүд бослого гарган Солонгосын шинэ хаан Воньжоныг унагах гэж оролдов. Бослогыг Монгол, Солонгосын хамтарсан цэргийн хүчээр дарж, явцдаа Жэжү арлыг эзэлсэн билээ. Японыг эзлэхээр довтолсон Хубилайн довтолгоон нь ч Монгол, Солонгосын хамтарсан цэргийн хүч байсан юм.

Хянганы нуруугаар нутагладаг, Чингисийн дүүгийн удам Наян, Бадан нар, Өгэдэйн удмын Хайдутай хүч хавсран 1287 онд Юань гүрний эсрэг бослого дэгдээжээ. Нас өндөр болсон Хубилайд хол газрыг морь унан туулах тэнхээ байсангүй. Гэвч өөрийн биеэр цэрэг удирдахаар шийдэж заан хөлөглөн Буйр нуурт хүрчээ. Тэнд Наянгийн цэргийг бут цохиод, Хайдуг цохихоор Хангайн нуруу руу хөдөлсөн аж. Ингэсээр 1292 онд Монгол-Солонгосын хамтарсан цэргийн хүч бослогыг бүрмөсөн дарсан түүхтэй.

Categories
мэдээ цаг-үе

Д.Өнөрболор: Манай улс дэлхийн 164 оронтой нэн тааламжтай худалдаа хийх боломжтой ч ашиглаж чадахгүй байна

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороог байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан. Түр хороо байгуулагдсанаар ямар ач холбогдолтой юм бэ?

-УИХ-ын гишүүд байнгын хороонд харьяалагдахаас гадна тодорхой асуудлыг судалж санал боловсруулах, бодлогын шийдэл гаргах зорилгоор түр хороо байгуулж ажиллах боломжоор хангагдсан байдаг. Энэ хүрээнд нэр бүхий гишүүдтэй хамтарч “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Түр хороо байгуулах үндсэн зорилго нь гадаад худалдааны бодлогыг зөв голдиролд оруулах, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, тэднийг идэвхжүүлэх, хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах чиглэлээр эрчимтэй ажиллахыг зорьж байна. Гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох гэж онцлон хэлж байгаа нь өнөөгийн хурдтай өөрчлөгдөж байгаа дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах бодлоготой байх ёстой гэж үзэж байна.

Манай улс гадаад худалдааны нэгдсэн хуульгүй 30 орчим жил явж ирсэн. Иймээс энэ чиглэлээр зохицуулах шаардлагатай асуудлууд багагүй хуримтлагдсан байна. Худалдааны асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьяалагдаж, гадаад худалдааны ямар ч бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр компаниуд болоод салбарын яам бүр уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэл – худалдаа хоёрыг зохицуулах нь төр засгийн тэргүүн зэргийн бодлогын төвд байх ёстой асуудал. Гэтэл дэлхийн 205 орны 195 улс нь худалдааны асуудал эрхэлсэн яамтай, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо зангидаж ажиллаж байна. Тэгэхээр дэлхийн улс орнуудын бие даасан, залгамж холбоотой, худалдааны нягт нямбай бодлогын өмнөөс бид гар хоосон шахам, өөрсдийн бага сага инерц, мэдрэмж төдийдөө бараг дулдуйдаж оролцож байна. Гэтэл Америк-Хятадын худалдааны “дайн”-ы хэлцлийг харах хэрэгтэй. Хоёр улсын мэргэжлийн яамд хийж байна.

Нөгөө талаар хөрөнгө оруулалтын хувьд 2013 онд хууль батлагдаж, хууль эрхийн орчин харьцангуй сайжирсан. Гэхдээ хөрөнгө оруулалт анхлан орж ирэхтэй холбоотой эрх зүйн орчныг цаашид сайжруулах шаардлагатай байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хоёр нь бие биенийгээ дэмждэг салбарууд, аль нэг нь бодлогын хувьд орхигдохгүй хамтдаа хөгжих ёстой.

-Энэ чиглэлээр нэн тэргүүнд ямар ажил хийх шаардлагатай гэж үзэж байна?

-Тогтоолын төслийг санаачлагч гишүүд дотроо ярилцаад тодорхой ажил үүргийн хуваарьтай ажиллаж байна. Миний хувьд гадаад худалдааны чиглэлээр түлхүү анхаарч ажиллана. Юуны өмнө Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг боловсруулах шаардлага тулгамдсан асуудлын нэг болоод байна л даа.

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр өмнө нь “Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх”, “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах”, “Экспортыг дэмжих Үндэсний хөтөлбөр”, “Монгол экспорт” гэх мэт хөтөлбөр, баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж ирсэн. Эдгээр бодлогын бичиг баримтууд тухайн цаг үедээ зарим нэг нааштай үр дүн авчирсан боловч хангалттай биш гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэдэг.Нэн тэргүүнд хийх ажил бол эдгээр хөтөлбөрүүдийн үр дүнг үнэлэх, алдаатай болон оноотой зүйлсийг нь тодруулах явдал гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2015 онд баталсан “Монгол Улсын Эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”одоогоор хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгааг Засгийн газраас бидэнд танилцуулах байх.

Нөгөө талаар манай улс олон улсын эдийн засгийн хууль ёсоор гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр чамгүй олон гэрээ хэлэлцээр, байгууллагад нэгдэн орсон байдаг. Үүний ач холбогдол, өгөөж, үр дүн, наалдац хэр байсан бэ гэдгийг ч бас эргэж харах ёстой юм. Манай улс 1997 оны нэгдүгээр сард Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн орон болсон. Ингэснээр дэлхийн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, үндэсний эрх ашгаа хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах бололцоо бүрдсэн. Ийм боломжоо ашиглаад ГХЯ, МХАҮТ болон бусад байгууллагууд хүчин чармайлт гаргаж ажиллаж ирсэн. Гэхдээ л социализмын үеийн СЭВ-ийн орнуудтай манай тухайн үеийн төр засгийн явуулж байсан бодлого шиг нягт, зохион байгуулалттай хамтарч ажиллаж чадахгүй явж ирснийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй юм. Хэдийгээр ДХБ-ыг соц орнуудын хүрээлэл төдийд үйл ажиллагаа явуулж ирсэн, хязгаарлагдмал тогтолцоо болох СЭВ гэдэг байгууллагатай зэрэгцүүлж харьцуулах зүйл биш ч гэсэн ажлын уялдаа холбоо, нягт харилцан эрх тэгш хамтын ажиллагаа, боловсон хүчний чадамж бололцоотой харьцуулахад өөрийн эрхгүй ийм дүгнэлтэд хүрч байна.

Манай улс үйлдвэрлэгч улс уу, худалдааг дэмжсэн улс уу. Эдийн засгийн аль салбараа нэн тэргүүнд хөгжүүлэх вэ. Цаашдаа уул уурхай, түүхий эдийн үнэ, ханшаас хамаарсан эдийн засагтай улс хэвээрээ байх уу. Манай газар зүйн, цаг агаарын, дэд бүтцийн, олон улсын харилцааны, хүний хөгжлийн давуу тал юу вэ, түүн дээр түшиглэн өнөөгийн нөхцөлд болон ирээдүйд юу хийх боломжтой вэ. Дэлхий нийт хаашаа чиглэж байна, үүнд бидний оролцоо юу байх вэ гэх мэт олон асуултад хариулт шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар түгж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн сүлжээнд хамрагдах, хэрэгцээтэй түүхий эд, тоног төхөөрөмж, бараа материал нийлүүлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, нэмүү өртөг шингэсэн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “том амбицтай” стратегийг боловсруулж хэрэгжүүлэхээр зорих хэрэгтэй гэж бодож байна.

Энэ нь нэг шийдэл болно. Бидний өнөөгийн “том амбиц” гэвэл гадаад худалдааны зуузай холбох, эн зэрэгцэх, мориор гүйцээд зэрэгцэж давхих явдал буюу холбон тоглолт хийхийн төлөө чармайх, холбогч төдийгүй холбоос болох явдал гэж тодорхойлж хэлж болох юм.

Ерөөс хүн төрөлхтөн өөр хоорондоо холбогдож байж хөгжсөн. Хөгжлийн түүх бол холболтын түүх. Дундад зуунд Торгоны замын ачаар Европ-Ази холбогдож аль аль нь хөгжсөн. Бидний өвөг дээдэс энэ холболтын ач холбогдлыг маш сайн ухаарч Торгоны замыг хяналтандаа авсан төдийгүй аюулгүй байдлыг нь бүрэн хангаж татвар хураамжаа авч байсан түүхтэй. Холбогдож байж иргэншил, хот суурин үүсч хөгжиж байсан байна. Дэлхийд холбогдсон нь хөгжиж холбогдоогүй нь хоцрогдож буй цаг үед бид амьдарч байна. Одоо бид “хатуу холболт” болон “зөөлөн холболтын” тухай ярьдаг болж. Хатуу холболт гэдэгт төмөр зам, авто зам, агаарын зам, хоолойн тээврийг хэлж байна. Одоо дэлхийн хэмжээнд 2 сая км төмөр зам тавигдсан байгаагаас Хятад 130 000 км төмөр замаараа тэргүүлж байна. Үүний 30 000 км нь өндөр хурдных. Дэлхий одоо 65 сая км хатуу хучилттай авто зам, 1.8 сая км хоолойн тээврээр холбогдоод байна.Зөөлөн холболтын талаар мэдээж та бүхэн надаар хэлүүлэх хэрэггүй байх.

Эдгээр холболтын том бүтээн байгуулалтыг хийхэд, мэдээж, их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Улс орнууд ийм том төсөл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ олон улсын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрүүдийг ашиглаж олон улсын хамтарсан төсөл хэлбэрээр хэрэгжүүлж байна.Төр өөртөө бүхнийг үүрэх боломжгүй шүү дээ.

-Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин ингэхэд ямар байгаа вэ?

-Манай улсад хөрөнгө оруулалт татаж буй салбар үндсэндээ уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах, банк санхүүгийн салбар зэргээр л хязгаарлагдаж байна. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц, өрсөлдөх давуу тал бий болгох боломжтой эдийн засгийн салбарыг нарийвчлан тодорхойлж, түүнийгээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай зөв, ашигтай хамтарч ашиглах замаар эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Байгалийн баялаг ихтэй хөгжиж буй манай орны хувьд экспорт нь хэт нэг салбар дээр тулгуурласан байдаг тул эдийн засаг нь гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай байна. Иймээс эдийн засгийн салбар бүр өөр өөрийн хөрөнгө оруулалт, худалдааны бодлоготой тэр нь тогтвортой олон жил мөрдөгдөж байж хөгжил ирнэ гэж боддог.

Бусад улсуудтай харьцуулахад манайх хаахна байгаа вэ гэдгээ Дэлхийн банкнаас гаргадаг хэд хэдэн индексээс харж болно. Үүний нэг нь бизнес эрхлэлтийн индекс (Ease of Doing Busi­ness rankings)-ээр 190 орноос манай улс 2019 онд 81 дүгээр байранд орсон байна. Бизнес эрхлэх боломжоор манай улс дэлхийн тэг дундуур нь явж байна гэсэн үг. “Хойш нь чангааж байгаа” хүчин зүйл нь гадаад худалдааны нөхцөл буюу хил дагуух худалдаа эрхлэлтээр 143-д орсон явдал юм. Бид эдийн засаг, бизнесийн салбараа дэмжихийн тулд юуг эхлээд хийх вэ гэдэг нь энэ индексээс харагдаж байна. Мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад чухал нөлөөтэй Логистикийн гүйцэтгэлийн индекс (LPI)-ээр Дэлхийн банк 160 улсыг хоёр жил тутам үнэлэн эрэмбэ тогтоодог. Сүүлийн үнэлгээгээ 2018 онд хийхэд манай улс 130 дугаар байрт байна. Монгол Улсын хувьд гадаад зах зээл рүү гарах хилийн боомт цөөн, гадаад худалдаанд шаардлагатай бичиг баримтын тоо их, тэдгээрийг олгох эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо сул, дэд бүтцийн хөгжил сул, ачаа барааг хянаж шалгах систем бүрэн хөгжөөгүй байна гэж дүгнэж болно. Монгол Улс дээрх бүх үзүүлэлтээр хөрш орнууд болох БНХАУ, ОХУ-аас доогуур, Зүүн Ази-Номхон далайн бүс нутгийн дунджаас доогуур, бага түвшинд байна. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа, транзит тээвэрт давуу талгүй буюу манай улсыг тойрон гарах сонирхлыг бий болгож байна. БНХАУ-аас саадгүй явж ирсэн бараа, бүтээгдэхүүн манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхдөө дээрх саад бэрхшээлүүдтэй тулгарахын зэрэгцээ цаг хугацаа алдан ОХУ руу очдог гэж ойлгож болно. Энэ бэрхшээлүүдийг үгүй хийх нь түр хорооны үндсэн зорилго байх ёстой.

Манай улсад бараа бүтээгдэхүүн экспортод гаргахад 11 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 168 цаг зарцуулдаг бол импортод 12 төрлийн бичиг баримт шаардаж, 115 цаг зарцуулж байгааг судлаачид тогтоосон байдаг. Олон төрлийн зөвшөөрөл авах, бичиг баримт шаардах нь экспортын худалдаанд саад болж байгаагаас үүдэн гадаад худалдааг өргөжүүлэх боломжийг хязгаарласаар байна. Энэ үр дүнгээс харахад гадаад худалдааг хөнгөвчлөх шаардлага зүй ёсных бөгөөд гадаад худалдааны бараа эргэлтэд хяналт тавих гааль, хилийн байгууллагуудын үйлчилгээг түргэн шуурхай болгох, цахим үйлчилгээг нэвтрүүлэх нь гадаад худалдаа эрхлэгчдийн цаг хугацааг хэмнэх, экспортын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх юм.Энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлууд ч байна.

-Манай улсад гадаад худалдааны хөнгөлөлттэй нөхцөлтэй улс орнууд нэлээд байдаг юм байна. Энэ байдлаа үр ашигтай ашиглаж чаддаг уу?

-Манай улстай Австрали, Канад, Европын холбоо, Япон, Шинэ Зеланд, Норвеги, ОХУ, Беларусь, Казахстан, Швейцарь, Турк, АНУ, Европын холбоо зэрэг улс орнууд бараа бүтээгдэхүүний экспортын тодорхой хөнгөлөлт, таатай нөхцөл үзүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч бид уг таатай нөхцөлийг хэрхэн үр дүнтэй ашиглаж чаддаг вэ, түүнд чиглэсэн хөрөнгө оруулалт, худалдааны бодлогыг хэрэгжүүлж чадаж байна уу гэсэн асуултууд урган гардаг. Бид тэдний хамтрагч байж чадаж байна уу. Жишээ нь, Европын Холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг. Харамсалтай нь манай улсын экспортын тоо хэмжээнээс харахад тухайн бүс нутагтай хийдэг гадаад худалдааны эргэлт дорвитой нэмэгдэхгүй байгаа нь бид уг нөхцөлийг хэр үр дүнтэй ашиглаж байгааг илэрхийлэх байх. Бусад улсуудтай хийсэн гэрээ ч үүний нэгэн адил үр дүнтэй байгаа гэж хардаг.

Бид нэгэнт бий болгосон бүтэц, хөшүүргээ сайн ашиглах тал дээр хойрго байна, гадаад худалдааны морь маань улдаад байна, хашигнаад байна, эмчилгээ, тэжээл хэрэгтэй байна гэсэн үг. Гэтэл манай урд хөрш Хятад орон ДХБ-д элссэн цөөн жилийн дотор бүх механизмыг нь бүрэн дүүрэн тултал ашиглаад дэлхийд эдийн засгийн хүчирхэг гүрэн болсон жишээ бий.

-Гадаад худалдааны бодлогод хөрш орнуудын бодлого ихээхэн үүрэгтэй гэж бодож байна. Энэ тухайд?

Манай улс энэ оны 7 дугаар сарын байдлаар дэлхийн 135 улстай 7,932.1 сая ам долларын худалдаа хийж байна. Хэдийгээр худалдаа либералчлагдсан боловч хөрш орнууд онцгой нөлөөтэй болохыг ОХУ-тай импортын 26.8 хувь, БНХАУ-тай экспортын 70.7 хувь, импортын 36.1 хувийг дангаар гүйцэтгэж байгаагаас харж болно. Манай улс хоёр том далайн дундах эрдэнэсийн арал гэж би боддог. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Евроазид аажмаар шилжиж буй өнөө үед газар зүйн байршлынхаа давуу талыг ашиглах боломж Монголын өмнө нээгдэж байна. Жишээ нь, Хятадаас Европ руу усан замаар 45-60 хоног ачаатээвэрлэлтийн хугацааг хуурай замаар 10-13 хоног хүртэл богиносгох харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломж байна.Бас Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорт бид уйгагүй, ухаалаг тоглогч байх хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд, геополитикийг саяхан болтол эрхшээлдээ оруулах, газар нутгийг эзлэх гэдэг утгаар бараг хэрэглэж ирсэн. Гэтэл үүнийг өнөөдөр тун энгийнээр өрсөлдөх чадвар бүхий холболт гэж ойлгох болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийтэй хамгийн сайн холбогдсон улс орон ялж байна. Хамтдаа холбогдсон дэлхий ертөнц. Дэлхий ертөнцтэй зуузай холбох Монгол Улс байхын төлөө бид ажиллах ёстой. Саяхан би Сэлэнгэ аймагтаа Ерөнхий Сайдын ажлын хэсэгт багтаж намрын ургац хураалтын явцтай танилцаад ирлээ. Манай улс хүнс хөдөө аж ахуйн салбараа улам хөгжүүлж, хүнсээ дотооддоо бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болохын тулд томоохон төсөл хөтөлбөрүүдээ эдийн засгийн хямралтай, цар тахлын үед ч хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлж, дайвар төсөл хөтөлбөрүүдээ уян хатан ухаалаг бодлогоор хангаж орон нутгийн хөгжилтэй холбох, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмнэсэн бодлогоо эрчимжүүлж байж л эдийн засгаа тэлнэ, хөгжил дэвшилд хүрнэ.Хэмнэх сайн зүйл мөн ч эдийн засгаа тэлэх бодлого муу зүйл биш гэдгийг хэлье. Сэлэнгэ нутгийн зон олон шиг ажилсаг, бүтээлч, хөдөлмөрч иргэдээ хөгжилтэй холбох, улс орноо дэлхийтэй холбох ухаалаг холболтын төлөө би идэвх чармайлт гаргаж ажиллах болно.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийг үнэгүй болгох нь дээр юм байна

Нийтийн тээврийн үйлчилгээнд кондукторыг халж, жолоочийн хяналтан дор картаар зорчих болоод удаж байна. Гэвч иргэд картаа цэнэглэхгүй байх, жолоочийг анзаарахгүй бол мөнгө төлөхөөс зайлсхийх, эсвэл жолоочид бэлэн мөнгө өгснөөр нийтийн тээврийн дансанд орох ёстой орлогыг бууруулах болсон. Өнгөрсөн жил нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 1227 автобусны камерыг бүрэн ажиллагаанд оруулсан ч жилийн дотор 350 автобусны камерыг зориудаар эвдэлсэн байна.

Ихэнх нь жолооч талын камер байжээ. Энэ нь хяналтаас бултаж, автобус компанид орох ёстой мөнгийг жолооч авч байгааг харуулах нэг үндэслэл аж. Үүнтэй холбоотойгоор иргэд нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ төлбөр хэрхэн төлж байгааг сурвалжиллаа. Их, дээд сургуулийн хичээл эхэлж, ерөнхий боловсролын сургуулиуд хэвийн горимоор хичээллэх болсонтой холбоотойгоор автобусаар зорчих хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Биднийг Гуравдугаар сургуулийн автобусны буудал дээр очиход 30 гаруй хүн зогсож байв. Зорчигчид буудлын дэргэдэх карт борлуулах цэгийн хаалгыг татсан ч хаалттай байсан юм. Тийм учраас зарим иргэд автобусны жолоочид бэлэн мөнгө өгөхөөр бэлдэж, сууж байлаа. Хяналт шалгалт сул учраас жолооч иргэдийн өгсөн мөнгийг жишим ч үгүй авдаг жишиг энд байна.

ИРГЭН Б.НАРАНЦЭЦЭГ: ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД БЭЛЭН МӨНГӨ ӨГЧ ЗОРЧИХООС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАГ


-Сая та карт борлуулах цэгийн хаалгыг татаж үзэхэд хаалттай байлаа. тэгвэл одоо автобусандаа мөнгө өгч суух уу?

-Эндээс 500 төгрөгөө жолоочид төлөөд л сууна даа.

Карт борлуулах цэгийн хүнийг хэзээ ирнэ гэж хүлээх билээ. Хүүхдээ хурдан хүргэж өгөхгүй бол болохгүй, яараад байна.

-Ер нь карт борлуулах цэг хангалттай байж чадаж байна уу?

-Яахав, төв газраар харьцангуй гайгүй ч гэр хорооллын иргэдэд хэцүү шүү дээ. Тиймээс ч захын дүүргүүдэд бэлэн мөнгөө өгөөд суухаас өөр аргагүй болдог. Хүмүүсийн санхүүгийн боломж харилцан адилгүй. Нэг дор 5-10 мянган төгрөгөөр нь цэнэглээд авчихдаг хүн цөөн. Тиймээс тухай бүртээ цэнэглэх шаардлагатай болдог ч газрууд нь хүрэлцээгүй тул жолоочид мөнгө өгөөд зорчихыг илүүд үзэж байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээ замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэгтэй. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Хэрэв автобусыг үнэгүй болговол түгжрэл багасах болов уу. Гэхдээ зорчих хүмүүс эрс нэмэгдэж, илүү их зохицуулалтууд шаардлагатай болох байх” гэв.

Автобусны буудал дээр хүмүүсийг ажиглаж байхад, сурагч охин дүрэмт хувцасныхаа халааснаас 200 төгрөг гаргаж ирээд “Нэгдүгээр хороолол” чиглэлийн автобус руу оров. Жолооч нь утсаар чанга чанга ярьж, хүмүүс картаа бүрэн дарж байгаа эсэхийг анзаарах сөхөөгүй байсан тул охин мөнгөө атгасан чигээр хойш алхлаа. Мөн зарим хүний картны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан ч араас шахах хүмүүст түрэгдэн төлбөр төлөлгүй зорчиж харагдана. Энэ болгоныг жолооч анзаарсангүй. Түүнчлэн, зарим нь жолоочийн бүхээгт байрлах төхөөрөмжийн арын хэсэгт бэлэн мөнгө шургуулахад жолооч тэр даруй авч цааш хийж байлаа. Бид нэг удаад хэчнээн хүн төлбөр төлөхгүй байгааг тоолсон юм. Дараагийн буудал дээр зогсоход 10 гаруй хүн автобусанд орж ирэв. Тэдний дөрөв нь мөнгө төлсөнгүй, гурав нь бэлэн мөнгөөр үйлчлүүлж, үлдсэн нь картаа дарлаа. Биднийг “Эрдмийн ундраа цогцолбор” сургуулийн буудал дээр очиход карт цэнэглэх цэг байтугай автобусны буудал гэмээр таних тэмдэг ч үзэгдсэнгүй. Энэ сургуулийн сурагчид, багш ажилчид нийтийн тээврээр үйлчлүүлэх картаа цэнэглүүлж чаддаггүй байна.

Цамбагаравын буудал дээр ирэхэд карт борлуулах хоёр ч цэг хаалттай байсан юм. Мөн эцсийн зогсоол буюу 34 дүгээр байрны буудал дээр карт борлуулах цэг нь бас хаалттай байв. Төвөөс холдож захын хороололд ойртох тусам нийтийн тээврийн үйлчилгээ жинхэнэ утгаараа үнэгүй болж байлаа. Жолооч зорчигчдын өгсөн мөнгийг халаасандаа хийж, бараг л компаниасаа илүү орлого олж байна уу даа гэж харагдсан юм. Иргэдээс яагаад картаа дарахгүй байгаа, жолоочид бэлэн мөнгө төлж буйг тодруулахад “Мартчихаж. Араас хүмүүс түрж орж ирэхээр яалт ч үгүй амжсангүй”, “Карт цэнэглэх цэгүүд ажиллахгүй байна. Хүлээгээд зогсоод байж таарахгүй биз дээ” гэх зэргээр хувь хувьдаа бэлэн тайлбар хэлж байлаа. Сүүлдээ ч ажигч үгүй бэлэн мөнгө авч байсан жолооч хяналт шалгалт ороод ирэв үү хэмээн бодсон бололтой “Бэлэн мөнгөөр зорчихгүй шүү” хэмээн шаардлага тавьж дүр үзүүлэх болов.

Захын туслах болон гэр хорооллын зам дагуу “смарт карт” борлуулах, цэнэглэх цэг цөөхөн байв. Тиймээс ч нийтийн тээврээр үйлчлүүлэгчид бэлэн мөнгө төлж, эсвэл ямар ч төлбөр тооцоо хийлгүй зорчих явдал улам нэмэгдсэн юм. Ухаалаг карт цэнэглэх борлуулах цэг гэсэн хаяг бүхий саарал байгууламжууд захын дүүргүүдэд ихэвчлэн хаалттай байх аж. Мөн захын хороололд ойртох тусам автобусны буудал дээр суух сандал, сүүдрэвч зэрэг тохижилт цөөрсөн юм.

“Улаанчулуут-Вокзал”-ын автобусанд 10 сурагч суухад долоо нь карт даралгүй үйлчлүүлэв. Үүнийг жолооч нэг их тоомсорлосон шинжгүй. Төхөөрөмж “Картаа дахин дарна уу” гэсэн ч жолооч шаардлага тавьж, түүнийг нь биелүүлж байгаа хүн ч алга. Жолооч зөвхөн жолоо л барих үүрэгтэй болохоос орлого зарлага хамаагүй гэсэн бодолтой байгаа нь илт анзаарагдана. Ер нь хүмүүст автобус үнэгүй тээврийн хэрэгсэл хэдийнэ болжээ.


ЗОРЧИГЧИД БЭЛЭН МӨНГӨ ӨГӨХӨӨР ЯАХАВ, НААД МӨНГӨӨ АВААД ЯВ Л ГЭДЭГ

Автобусны жолооч Г.Хатанбаатар “Улаанчулуутаас Вокзал ороход 36 минутын заалттай байдаг. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ нэг бүтэн тойроход цаг 10 минут явж байгаа юм. Иргэд картаараа үйлчлүүлдэггүй. Одоо дөнгөж хичээл сургууль нь ороод жигдрээгүй болохоор хөдөөнөөс орж ирсэн оюутан сурагчид маань картаа аваагүй байх шиг байна. Тэгээд мөнгө өгч орж ирнэ. Энд чинь карт зарахгүй, цэнэглэхгүй байна гэдэг шалтаг хэлээд мөнгө өгдөг. Бид нар яахав, наад мөнгөө аваад яв л гэдэг. Ерөнхийдөө оюутан ч гэлтгүй арван жилийн хүүхдүүд картаа дарахгүй байна. Тэд нараас авахгүй гэдэг юм уу яадгийг нь мэдэхгүй” гэж хэллээ. Мөн тэрбээр “Зарим хүн нохойнд яс хаяж өгч байгаа юм шиг л мөнгөө шидээд явдаг юм” хэмээн уцаарласан юм.

“Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны жолооч Н “Одоо хөдөөнөөс хүмүүс олноор орж ирсэн. Тэдэнд карт байхгүй. Тиймээс бэлэн мөнгө өгдөг. Бид шаардлага тавьдаг ч жолоо барьж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох ёстой тул босоод хэрүүл шуугиан хийгээд байж чаддаггүй” хэмээн ярив.

Сурагч А.Жамка “Өглөө хичээлдээ олон хүнтэй чихэлдэж явахаар хэцүү байдаг. Хэт чихэлдсэнээс картаа дарахгүй байх, хулгайд эд зүйлээ алдах асуудал ч зөндөө бий. Автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх гэхээр хариултаа авч чадалгүй шахалдах тохиолдол гардаг. Тиймээс заримдаа мөнгө өгөлгүй суудаг” хэмээн ярилаа.

Иргэн Намуун “Нийтийн тээвэр үнэхээр хүртээмжгүй байна. Амьхандаа түгжрэхгүй гэж гэрээсээ эрт гардаг ч цаанаас ирж байгаа автобус нь дүүрчихсэн, ямар ч хүртээмжгүй. Өглөө 7:00 цагт автобусны буудал дээр 70, 80 хүн битүү зогсож байгаа юм. Тэгээд л буудлын хоёр талаас такси барих гэсэн хүмүүс олон бий. Нийтийн тээвэр хүртээмжгүй юм бол ядаж такси үйлчилгээг сайжруулах хэрэгтэй шүү дээ. Ер нь өглөө карт уншуулах ямар ч боломжгүй. Ажил алба, хичээл сургуульдаа хоцрохгүйн тулд тэр олон хүнтэй чихэлдэж, өрсөж ороход карт дарах нөхцөлгүй. Ар араас нь түлхээд л явчихдаг учраас картаа дарах сөхөө ч гардаггүй нь үнэн. Камер нь ажилладаг эсэх эргэлзээтэй” гэж хэлсэн юм. Энэ бүгдээс харахад нийтийн тээвэр үнэгүй болох цаг болжээ. Тэртэй тэргүй арван хүн тутмын хоёр нь л картаа уншуулж байна. Тийм болохоор нийтийн тээвэр яаж ашигтай ажиллах юм. Зүгээр л үнэгүй болгоё.

П.
САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

О.Баатаржав: Хүчирхийлэгчид бага насандаа туулсан хар бараан амьдралынхаа хонзонг тайлах гэж үр хүүхдээ тамлаж, бах таваа хангадаг

Есөн настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан билээ. Талийгаач охин өмнө нь “Аав архи уугаад байна” гэж цагдаад өөрөө дуудлага өгч байсан удаатай бөгөөд нас барсан өдрөө ээждээ хандан “Эмнэлэг явахгүй бол гэдэс маш хүчтэй өвдөж байна” гээд түргэн тусламж дуудуулсан ч эмнэлэг хүрэлгүй түргэний машинд амьсгал хураажээ.

Уг хэргийн талаар сэтгэл, сэтгэлзүй, сэтгэц судлалын мэргэжлийн байгууллагууд дараах тайлбарыг өглөө.

СЭМҮТ: Нийгмийнороо бусгаа байдал, эдийнзасгийнхямрал зэргээс үүдээд хүмүүс занүйлийнөөрчлөлтөд орж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал, шинжээч О.Баатаржаваас зарим зүйлийг тодрууллаа.


-Эцэг эхчүүд хүүхдээ загначихаад, эсвэл том дуугаар зандарчихаад дараа нь түүндээ шаналж эмзэглээд хийсэн үйлдэлдээ харамсаж, хүүхдээ өрөвдөөд уйлах нь ч бий. гэтэл ямар хүн есөн настай хүүхдийн хавиргануудыг хугартал зодож, эцэст нь амийг нь бүрэлгэдэг байна. ямар хүн хүүхдэд ингэж харгис, хэрцгий ханддаг юм бэ?

-Сүүлийн үед төрх үйлийн эмгэг гэж нэрлээд байгаа. Зан үйлийн эмгэг ч гэж ярьдаг. Тийм эмгэгтэй хүний тоо Монгол Улсад ихэсч байгаа. Энэ эмгэг юунаас болж үүсдэг вэ гэхээр сэтгэцийн анагаах ухаанаар тухайн хүний суурь хүмүүжил, өссөн орчинтой хамаатай асуудал. Өссөн орчин чухал. Жишээ нь, аав ээж нь салж байсан, сэтгэлзүйн тодорхой гэмтэл авч байсан. Эсвэл архины хамааралтай гэр бүлд өссөн, зоддог нүддэг тийм зан төрхийн өөрчлөлттэй төрх үйлийн эмгэгтэй ээж аав, ах дүүтэй байсан ч юм уу. Тиймэрхүү орчин буюу өв тэгш биш гэр бүлд өссөн гэсэн үг л дээ. Тийм орчинд амьдарч байгаа хүн зан үйлийн хувьд хэрцгий догшин төрх үйлтэй болж өсөх тал бий. Ийм орчинд өссөн мөртлөө мансууруулах төрлийн бодис, согтууруулах ундаа хэрэглээд эхэлбэл зан төрх нь бүр ч өөрчлөгддөг.

Хүнд хайрлах, хайрлагдах хэрэгцээ гэж байдаг. Тэр хэрэгцээ нь хангалтгүй орчинд өссөн хүн өс санамтгай, өөрийнхөө дагавар, урд хойд хүүхдийг зодож нүддэг, ялгаварлан гадуурхах байдлаар ханддаг. Тийм хүмүүс иймэрхүү үйлдлийг байнга хийдэг. Тэгж байж бага насандаа өнгөрүүлсэн тэр дурдатгалаа дурсаж, нэг ёсондоо багадаа зовж байсан өс хонзонгоо авч, бах таваа хангаж байна гэсэн үг л дээ. Тэгж хүүхдээ зодож тамлаж хүслээ хангаж байгаа байхгүй юу, хүний нүднээс далд, нууцаар яргалах маягаар. Энэ харамсалтай хэргийг үйлдэгч нь тийм л орчинд өссөн хүүхэд байна шүү дээ. Түүнээс биш өв тэгш гэр бүлд өссөн, хүнийг өрөвдөж хайрладаг сэтгэлтэй хүн аль л урдах хойдох, хүний өөрийн ч бай өчнөөн л хүүхдийг өсгөөд явж л байдаг шүү дээ. Бүр өргөж аваад өсгөөд явж байдаг. Тэгэхээр хувь хүн талаас нь энэ хэрэг гарахад нөлөөлсөн байх аа гэж бодож байна.

-Энэ хэргийг ингэж ултай тайлбарлаж байгаа хүн алга. “Аавыг нь ал, ээжийг нь дүүжил” л гэцгээж байна?

-Тийм юм байхгүй. Сүүлийн үеийн нийгмийн ороо бусгаа байдал, эдийн засгийн хямрал зэргээс болоод хүмүүс зан үйлийн өөрчлөлтөд орж байна. Ийм эмгэгтэй хүмүүс сүүлийн үед эрс ихсээд байна.

-Та сая эдийн засаг гэж дурдлаа. Ядуурлаас болоод ийм хэрэг гараад байна гэцгээх юм. гэтэл монголчууд социализмын үед илүү дутуу юмгүй, бүгд л ижил шахуу хувцас өмсөж, хувийн машин тэрэгтэй хүн ховор, нэг ёсондоо бүгдээрээ л жигд ядуу байсан. гэтэл одоо хотын захын гэр хорооллын айл хүүхэд болгоныхоо тоогоор сар болгон 100 мянган төгрөг авч, өглөөдөө өндөг талх идэж, ихэнх айл “Приус” унаж байгаа. ийм байхад ядуу гэж хэлэмгүй л дээ. Тэгэхээр ядуугаасаа болоод ийм хэрэг хийгээд байна гэхээр эргэлзээтэй л юм?

-Тийм шүү дээ. Би өөрөө шинжээч.Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээч хүн л дээ. Миний хувьд гэр бүл, бэлгийн хүчирхийлэлд орчихсон хүүхдүүд, хүн амины хэрэг гээд ноцтой хэргүүд дээр дүгнэлт гаргадаг юм. Энэ бүгдээс ажиглаад байхад голдуу л дээр миний ярьсан тийм зан үйлтэй хүмүүс л ийм төрлийн хэрэг үйлдээд байна. Түүнээс биш өв тэгш гэр бүлд өссөн хүн хийхгүй л дээ. Зүгээр санаандгүй, болгоомжгүйгээсээ хэрэг хийхээс биш ингэж зориуд, санаатай, олон дахин, удаанаар гэмт хэрэг хийдэггүй.

ССҮТ: ЕСӨН НАСТАЙ ОХИН АМИА АЛДСАН ХЭРЭГ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГИЙН ТУСГАЛ

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Нийгмийг цочроосон энэ хэргийг хүмүүс хоёр талтай тайлбарлаад байна. нэг хэсэг нь нийгмийг буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь хүчирхийлэгчийг буруутгаж байна. Харин та энэ бүхнийг сэтгэл судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонсоод маш их харамслаа. Болсон үйл явдал бол Монгол Улсын хүүхдэдээ ханддаг хандлагын тусгал боллоо. Ийм үйл явдал болонгуут долоо юм уу, арав хоног нийгмээрээ донслоод өнгөрдөг. Гэтэл миний дэргэд байгаа, миний өөрийн хүүхэд ямар байна вэ, би өөрөө гэр бүлдээ, хүүхдэдээ хэр зэрэг анхааралтай, халамжтай, хүчирхийлэлгүй тайван орчин бүрдүүлж байна вэ. Хоёрдугаарт, миний эргэн тойронд байдаг хүмүүсийн хүүхдүүдэд би хэр зэрэг анхаарал тавьдаг вэ гэдэг хоёр зүйлийг илүү сайн бодох ёстой гэдгийг сануулаад байна л даа. Бусдыг буруутгах байдал дээрээ өөрийгөө харахаа больчихсон, өөрөө цэв цэвэрхэн, нийгэм нь маш бохир заваан байгаад л. Харамсалтайгаар амиа алдсан тэр хүүхдийн гэр бүл рүү хамгийн муу муухай үгнүүдээ чулуудаж байна шүү дээ. Энэ нь бидний харах хараа, сэтгэлзүйн байдлыг бүр хаачихаад байна л даа. Магадгүй хүүхдээ сургуульд нь хүргэчихээд ирж байгаа хүмүүсийн хэд нь уур бухимдалтай байна вэ. Хүүхдээ сургуулиас нь аваад харьж байгаа хүмүүсийн хичнээн нь ууртай байна вэ. Замын түгжрэлд уурлаж, бухимдаж байгаа хүмүүс гэртээ очоод тэр уур бухимдлаа яаж гаргаж байна вэ гэдэг чинь бидний суурь асуудал болчихож байгаа байхгүй юу.

Гол нь үүн дээр л их эмзэглэж байна. Бусдаас илүү өөрийгөө харж, эргээд бусдадаа санаа тавих тэр байдлыг л эрэлхийлж байна.

-Гэр бүлд нь хүчирхийлэгч байсаар байхад түүнийг илчилдэггүй нь ямар учиртай юм бэ. сэтгэлзүйн шинжлэх ухаан талаас үүнийг хэрхэн тайлбарладаг вэ?

-Болсон явдлыг бүрэн тогтоочихоогүй байхад үүн дээр тайлбар өгч болохгүй байна л даа. Нөхрөө өмөөрсөн юм уу, өмөөрөөгүй юм уу гэдгийг цагдаа шалгаж, шүүх эмнэлгээр орж байж тогтоогдоно. Нийтлэг утгаараа олон шалтгаан байна. Тэр эмэгтэй магадгүй “Дахиад би өрх толгойлчих вий” гэдэг айдастай байсан байж болно.. Тэр ээжийн хувьд олон шалтгаан, хүндэтгэж үзэх олон л юм байгаа шүү дээ. Би тэр ээжийг буруутгамааргүй байна.

-Ядуурал, ажилгүйдлээс болоод ийм хэрэг гарчихлаа гэцгээж байна. Гэтэл монголчууд ядуу дорой, дэлхийгээс хөгжлөөрөө хоцорчихсон байсан үедээ ч арай ийм гэмт хэрэг хийдэггүй байсан шүү дээ?

-Энэ чинь оюун санааны доройтол шүү дээ. Хүчирхийллийг үйлдээд байгаа хүмүүст хэрэг үйлдээд байгаа нэг шалтгаан байна аа даа. Хүүхдийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа хүний тэр үйлдлээ хийгээд байгаа шалтгаан гэдэг чинь дахиад том сэдэв байхгүй юу. Нийгмийн сэтгэлзүйд ямар асуудал байгаа учраас тэр хүн тэр үйлдлийг хийгээд байна вэ. Тэр хүний хүмүүжил, боловсрол, ёс зүй, тухайн хүнийг тойрон хүрээлж байдаг хүмүүсийн дэмжлэг, шийтгэл гэдэг зүйлс маш чухал. Ер нь хүнээс хэр зэрэг үг дуулж байсан юм, сонсож байсан юм. Тэр хүн хэр зэрэг урамшуулал, дэмжлэг авч магтуулж байсан юм. Нөгөө талдаа тэр хүн хийсэн муу, буруу үйлдэлдээ бусдаас хэр зэрэг шийтгэл хүлээж, загнуулж байсан юм. Энэ болгон чинь тэр хүчирхийлэл үйлдээд байгаа хүний зан төрхөнд нөлөөлөөд байгаа хүчин зүйл байхгүй юу. Тэгэхээр тэрнийг нь маш сайн алга болгож байж, одооны нөхцөлийг нь алга болгоно шүү дээ. Хүчирхийлэл үйлдсэн хүн болгоныг ялла, цаазал гээд байдаг. Тэр чинь шийдэл биш. Тэр нөхцөлийг гаргаад байгаа хүмүүжил дээрээ бид алдаад байна уу. Эрэгтэй хүүхдээ хүмүүжүүлэх процесс дээр ээж нь алдаад байна уу, аав нь алдаад байна уу, сургууль нь алдаад байна уу. Тэр хүн сургуулиас завсардсан уу, тэр хүнд ажил байдаггүй юм уу, тэр хүн хэр зэрэг сэтгэл гутралтай байсан юм бэ гэдэг чинь бидний судлах ёстой, суурь гол асуудал.

-Талийгаач охины хавирганууд бороолсон байсан гэхээр урьд өмнө нь байнгын зодуурт байсан гэсэн үг. хүүхдийг ингэж зодно гэдэг чинь хүнийг хайрлах сэтгэл, нинжин сэтгэлгүйг нь илтгэж байгаа хэрэг биз. нинжин сэтгэлгүй байна гэдэг чинь юутай холбоотой вэ?

-Хүүхдийн биед гар хүрнэ гэдэг бол ерөөсөө байж болохгүй үйлдэл л дээ. Байж болохгүй зүйл гэдгийг тэр хүн мэдэхгүй байна гэсэн үг байхгүй юу. Тэрийг ойлгохгүй байна. Хүүхдийг зодож, цохих нь хэвийн үзэгдэл гэж тэр хүн ойлгоод байна.

-Хүүхдийг зодох нь хүмүүжлийн нэг арга гэж ойлгоод байсан байж болох юм?

-Тийм. Хүүхдийг зодох нь шийтгэж байгаа нэг арга гэж боддог. Энэ чинь ерөөсөө шийтгэл биш. Харин бие махбодийн хүчирхийлэл. Гэтэл энэ бол нэг л кейсээр нийгэмд гарч байна. Гэтэл хичнээн хүн хүүхдээ зодож байна вэ, гэрийн даалгавраа хийхгүй байна, гэрээ цэвэрлэсэнгүй гээд хэдэн хүн хүүхдээ зодож байгааг бид тоолж чадахгүй шүү дээ. Аав ээжүүд эхний удаад хүүхдээ зодоод “Ингэж болох юм байна” гэж бодно. Дараагийн удаад “Зодож болох юм байна, надад ямар ч хүн үг хэлэхгүй байна” гэдэг. Хажууд байгаа хүмүүс нь “Хүүхдээ битгий зод. Ингэж болохгүй. Яагаад ингэж байгаа юм, яагаад хүүхдэд гар хүрч байгаа юм” гэх ёстой. Энэ бол байж болшгүй, тэвчишгүй зүйл гэдгийг тэр хүнд ойлгуулахгүй, хэлэхгүй байгаа байхгүй юу.

-Энэ чинь л зодуур нь олон давтагдах шалтгаан нь болоод байгаа юм байна?

-Тэр хүнд хэлэх ёстой байсан. Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ, ингэж огт болохгүй шүү дээ гэж. Хүн яагаад гудамжинд шүлсээ хаяад байдаг юм бэ гэхээр, намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэдэгтэй холбоотой. Надад хэн ч юу ч хэлэхгүй байгаа юм чинь гудамжинд шүлсээ хаяж болно ш дээ гэж байгаа юм. Тэр хүнийг гудамжинд шүлсээ хаяхад нь 2-3 удаа “Хүүе, чи чинь яасан бохир юм бэ. Яагаад шүлсээ хаяж байгаа юм бэ” гээд сануулаад хэлчихэд л “Аан, нээрэн хүмүүс хэлээд байдаг ш дээ” гээд шүлсээ хаяхаа больдог тийм мэдрэмжийг хүн авдаг. Хийсэн буруу зүйлийнхээ төлөө шийтгэл авах ёстой. Шийтгэл гэдгийг ял шийтгэл, шорон гэж ойлгоод байдаг. Гэтэл аман байдлаар зөндөө шийтгэл байдаг. Хүнд сануулж болно, хэлж болж байна, асууж болно.

-Хүчирхийлэгчид бол бидний л нэг хэсэг. Биднээс огт өөр хүмүүс биш. хүчирхийлэгчийг цаазалснаар асуудлыг шийдэхгүй болов уу?

-Энэ гараад байгаа хэргүүд бол бидний тарьж ургуулсан зэрлэг ургамал. Хөрсөнд маань зэрлэг ургах боломж байгаад байна. Бид нэг зэрлэг гараад ирэнгүүт “Энэ муу зэрлэг, ямар муухай юм бэ. Тайраад хаячихвал болох гээд байна” гэдэг. Гэтэл тийм зэрлэг ургах хөрс нь хангалттай байгаа учраас дахиад хичнээн ч зэрлэгийг зулгааж, үндсээр нь сугаллаа ч үр нь тэр хөрсөн доороо боловсроод л байна. Тэр хөрсийг л цэвэрлэх ёстой байхгүй юу. Нөхцөл буюу гэмт хэрэг гаргаад байгаа тэр ганц, хоёр зэрлэг ургамалтай тэмцэх биш ээ. Тэр хашаан дотор байгаа хөрс шороо буюу шалтгаантай нь бид тэмцэх ёстой.

МССХҮХ: ОХИНЫ ЭЭЖИЙГ ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮС ЭХЛЭЭД ӨӨРСДӨӨ ХЭНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭЭД БАЙНА ВЭ ГЭДГЭЭ ХАР

Монголын Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх сэтгэл зүйч Б.Жавзантай ярилцлаа.

-Есөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нас барлаа. нийгмийг цочроосон энэ хэргийг танай хүрээлэн хэрхэн харж байна вэ?

-Нэгдүгээрт, хүнээ буруутгаад байна. Хоёрдугаарт, хэрэг гарсны дараа хэсэг ярьж байгаад л чимээгүй болчихдог. Хүүхдийн хүчирхийллийн асуудал жил бүр, улирал тутам, хагас жил болгон давтагдаж яригдаж байна. “Үүн дээр цаашид яах вэ”, “Ямар арга хэмжээ авах вэ” гэдэг асуудал цэг тавигдаад л өнгөрч байна. Нэг хэсэг сенсаци болж шуураад өнгөрдөг. Энэ асуудлыг ул суурьтай судалж шинжлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авмаар байна. Фэйсбүүк дэх хүүхдийн хүчирхийллийн эсрэг том группт манай хүрээлэн хоёр жилийн өмнө санал тавьж байсан юм. Тэгэхэд хүмүүс их муухай пост, сэтгэгдэл бичиж байсан. Яагаад өнөөдөр хүчирхийлэгчид энэ нийгэмд олноор төрөөд байгаа юм бэ. Энэ хүмүүс аяндаа, өөрөө бий болоогүй. Цаанаа гэр бүлийн суурь хүмүүжлийн асуудалтай учраас хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрөөд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг, хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхэд, хүмүүсийг судлахгүй бол ирээдүйд бас л хүчирхийллийн асуудал байсаар л байх болно. Энэ асуудал дахин дахин давтагдаж, эргэлтэд орно. Тэгэхээр суурь асуудал, суурь хүмүүжил рүү нь оруулмааргүй байна. Манай хүрээлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, БЗД-ийн ИТХ, хүүхдийн эрхийн чиглэлийн суурь судалгааны төвүүдтэй хамтраад гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд дээр судалгаа хийсэн юм. Тэднийг судлаад үзэхээр хаанаа асуудалтай байна вэ гэхээр гэр бүлдээ. Эцэг эх нь анхаарал халамж муу, хүчирхийлэл дунд амьдардаг хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэрэгт өртдөг. Ийм бүлэг хүмүүс дээрээ судалгаа хийж, засан залруулж, бусдыг хайрлах сэтгэлийг нийгмээсээ олохгүй бол энэ хүмүүс эргээд гэр бүлдээ өөрийнхөө зан араншин, суурь хүмүүжлийг гаргаж ирнэ. Суурийг нь судлахгүйгээр сенсаци болгосноо дараа нь орхидгоо болимоор байна.

-Хөршүүд нь тухайн айлд юу болдгийг гадарладаг байсан юм билээ. бас хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байжээ. охиныг амиа алдахаас урьдчилан сэргийлэх боломж байжээ гэж хараад байна?

-Хөршийн холбоо бий болгоё. Хүчирхийлэлд өртсөн хүнийг хажуух айл, сургууль нь, багш нь мэдээлдэг болъё. Үүн дээр нийгмийн ажилтнууд, хөрш нь анхаардаг болъё. Хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүс өөрсдөө мэдээлэлтэй, мэдлэгтэй баймаар байна. Хүчирхийлэгчийнхээ гарт өртөөд тэмцэх чадваргүй болсон хүмүүс зугтаадаг, эсвэл сэтгэцийн эмгэгт өртдөг, эсвэл амь насаараа хохирдог. Ийм байдалд орох хүртлээ явдаг. Яг үнэндээ тэр есөн настай хүүхдийн ээж нь өөрөө нөхрийнхөө нөлөөнд орж байсан гэсэн үг. Тэгэхээр тэр ээж хөөрхий хүчирхийлэлд өртсөөр, хүүхдээ хүчирхийлүүлэхийг зөвшөөрдөг болчихсон, өөрөө ч хүчирхийлүүлэхээ зөвшөөрдөг болчихсон байхгүй юу. Хүчирхийлэлд автамхай ийм бүсгүйчүүдэд өөрийнхөө төлөө тэмцэх талаар нь тухайн хорооны ажилтнууд, нийгмийн ажилтнууд зөвлөж, сэтгэцээ эрүүл байлгах, эрүүл харилцаатай гэр бүл үүсгэх талаар мэдлэг боловсрол олгох хэрэгтэй байна.

Одоо ингээд сенсацилдаг байдлаа болимоор байна. Төрийн оролцоо шаардлагатай гээд байгаа. Тэгвэл яг үүн дээр төр оролцох ёстой байхгүй юу. Суурийг нь, хүчирхийлэгч төрөөд байгаа эрсдэлтэй гэр бүлүүдийг судал. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн суурь нь өөрсдөө хүчирхийлүүлж ирсэнд байгаа юм. Энэ хүмүүсийг судалж, ул суурьтай арга хэмжээ авахгүй бол энэ хэлхээ, эргэлт хэзээ ч салахгүй нь ээ.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор эмэгтэйчүүд рүү хандсан зүйлс ярьцгааж байна. Хоёр дахь амьдрал бүү сонго, хүнээ сайн судал, яаран битгий хүнтэй суу, хүүхдэдээ хойд эцгийн гар битгий харуул… гэх мэтээр?

-Тэр ээжийг буруутгаад байна л даа. Ээжийг нь яагаад нийгэм буруутгаад байгаа юм бэ. Буруутгаад байгаа хүмүүс “Би хэнийг хүмүүжүүлээд байгаа юм бэ” гэдгээ өөрсдөөсөө эхлээд асуу. Та үнэхээр хүүхдээ ирээдүйд бусдыг хайрлах хамгаалах, сайн эцэг, эх болох хүнийг бий болгож байна уу. Номыг хавтсаар нь биш, доторх агуулгаар нь шүүгээрэй гэдэгтэй адилхан. Тэр бүсгүй яагаад тэр хүнийг сонгочихов гэхээр хүчирхийлэгч хүмүүс паранойд, нарсистик бие хүний зан төлөвийн эмгэгтэй хүмүүс байдаг.

-Тэр нь яадаг эмгэг вэ?

-Нарсистик, паранойд бол бие хүний зан төлөвийн эмгэг байхгүй юу. Ерөнхийдөө суурь хүмүүжил нь, эсвэл хатуу ширүүн хүмүүс байдаг. Гэхдээ ийм төрлийн хүмүүс хүнийг яаж аргадаж, энхрийлэхээ сайн мэдэж, бусдыг арга мэхэндээ амархан оруулдаг. Ийм аргаар итгэлийг нь хүлээгээд гэр бүлийнх нь нэг гишүүн болчихдог юм. Ийм болохоор хүнийг буруутгахаасаа өмнө эхлээд та нар өөрсдийгөө шинж. Өөрсдөө та нар ирээдүйд үнэхээр сайн эцэг, эх болох үр хүүхэд хүмүүжүүлж байна уу, та нарын хүүхдүүд ирээдүйд үр хүүхдийнхээ өмнөөс хариуцлага үүрч чадах сайн эцэг, эх болж чадах нь уу. Эхлээд өөрсдийгөө харчихаад дараа нь хүмүүсийг шүүмжил. Өөрийнхөө төлөө тэмцдэг сайн үр хүүхэд төрүүлчихээд бусдыг шүүмжил. Тэр хүмүүс, тэр гэр бүл ямар ч орчинд өссөн байж болно шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

Өдрийн сонинд “Хү-кийн Засгийн газрын сайд нар хавтаст хэрэг задалж, хүн яллах эрхтэй юү” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Хүний эрхийг дээдэлсэн
компанийн бүтээгдэхүүн дэлхийн
зах зээлд гарахад асуудалгүй гэв” I- XIX нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Г.Ганболд ” Махны
экспортыг тэлж,
үнийг нь нэмэх
шаардлагатай”
хэмээлээ.

“Өдрийн сонин”-ы үзэл бодлын гурав дугаар нүүрт “Хү-кийн Засгийн газрын сайд нар хавтаст хэрэг задалж, хүн яллах эрхтэй юү” хэмээн өгүүллээ.

МҮОНРТ-ийн ерөнхий
захирал Л.Нинжжамц “Бид хамтдаа энэ
бүхнийг хийж чадсан юм” хэмээв.

Улс төрийн V нүүрт НИТХ-ын АН-ын бүлгийн
дарга М. Тулгат “Түгжрэлийн шалтгаан нийтийн тээвэр хөгжөөгүйтэй холбоотой” гэв.

Баримт үйл явдлын VII нүүрт ” Шинээр барьсан замыг сарын
дотор дөрвөн удаа сэтэлжээ” хэмээн өгүүллээ.

“Чимэгэ бичээч” яриаг бичвэрт
буулгахдаа хүнээс 120 дахин хурдан” “Чимэгэ” аппликэйшн төслийн менежер С.Батсүхтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу

. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан хүндэтгэх шалтгаануудын улмаас тоглолтоо хойшлуулжээ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан энэ амралтын өдөр буюу 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Монголоороо байгаасай” бие даасан тоглолтоо хийх болсноо хоёр өдрийн өмнө зарлаад байсан юм.

Тэгвэл тус тоглолтоо цуцалсан талаар дөнгөж сая нүүр хуудснаа мэдэгджээ. Энэ тухайгаа “Ойрын өдрүүдэд “Цас бороо орно хүйтрэнээ” гэсэн мэргэжлийн байгуулагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол “хараа мууджээ” “хөл мууджээ” “хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ” гэсэн маш олон хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдэлээ үлдээгээрэй” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил

Өнөөгийн нийгэмд хөгшин залуу гэлтгүй бүх хүмүүс л элдэв стрессд орж, өвчин эмгэг ярих болжээ. Үүнээс ангижрах хамгийн энгийн өдөр тутмын 7 хэвшил байдгийг та мэдэх үү.

Их хотын нягтаршил ихсэж, нийгэм хөгжихийн хэрээр хувь хүний амьдралыг тойрсон олон асуудлууд эргэлдэж сэтгэл гутрал, байнгын стресс, байнгын толгой өвдөх, нуруу, хүзүү хөших, даралх ихсэх, чихрийн шижин тусах, таргалалх, амархан ядарч, сульдаж амьдралын идэвхигүй болох, нойр муудах, ойр ойрхон өвчин эмгэг ороох гэх мэт маш олон асуудлууд гарч ирж байна. Үүнээс болж хувь хүний сэтгэл санаа тайван бус болох, уур ундуйцал хүрэх, хямрах, өөртөө итгэлгүй болох ажлын бүтээмж бүүрах зэрэг маш болон сөрөг нөлөөтэй.

Ийм хүнд байдлыг чухам юу үүсгэдгийг та мэдмээр байна уу? Энэ бол бидний амьдралын буруу хэвшилээс л үүдэлтэй юм. Илчлэг, өөх тос ихтэй, химийн гаралтай шарсан хуурсан хоол, түргэн хоол, сахарын агууламж ихтэй хоолыг зүй зохисгүй цагийн хувиарлалтгүй идэх, хүний биед шаардлагатай амин дэм, эрдсийг хоол хүнснээсээ авч чадахгүй байх, байнга оройтож унтах, үргэлж TV эсвэл Facebook ухаж хүзүү, нуруу хөших, нүдний хараа муудах, хөдөлгөөн дутагдсанаас дээрх бүх асуудлууд эхлэлтэй.

Үүнээс гарах хамгийн амархан аргууд бий. Та ингэхийн тулд зүгээр ч өдөр тутмын амьдралдаа дараа 7 хэвшлийг л мөрдөх хэрэгтэй. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч, бие мах бод сэргэж, эрч хүч амтагдаж сэтгэл санаа бие бялдрын эрүүл чийрэг хэмнэлд орох болно. Үүнд:

1. Цэвэр ус ууж хэвш – Хүн өөрөө уснаас бүрддэг тул ус хүний биед хамгийн хэрэгтэй эрдэс юм. Өглөө босоод ус ууж хэвш. Шингэн зүйлсээс ус хамгийн эрүүл ундаа.

2. Жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү хэрэглэ.

3. Хөдлөхөөс бүү залхуур, алхахыг илүүд үз – Цадталаа хоол идчихээд зурагтаа асаагаад буйдан дээрээ хэд л бол хэдэн цаг хэвтдэг бол та богино наслана, өвчин эмгэг амархан тусна. Ямар ч үед дасгал хөдөлгөөн, алхах гүйхийг илүүд үз.

4. Эрт унтаж амар – Өнөөгийн залуус хүүхдүүдийн хамгийн муу, аюултай зуршил бол оройтож унтах юм. Оройтож унтсанаар хүний бие организм биологийн цагаараа ажиллах хэмнэлээ алддаг. Ингэсээр амархан ядрах сульдах, дархлаа муудах, эрч хүч алга болж амархан стресс, өвчин эмгэгт баригддаг. Тиймээс эрт унтаж хэвшээрэй.

5. Бүхэл үрийн гурил, будаа хэрэглэ – Бор гурил, хөц будаа, гурвалжин будаа, шар будааг эрүүл мэндэд тустай шижир алт гэдгийг хүмүүс мэддэггүй.

6. Хамгийн аз жаргалтай болгодог зүйл эсвэл мөрөөдөл, зорилгынхоо тухай өглөө, оройд байнга бодож бясалгаж бай. Энэ нь таныг сэтгэл гутралаас сэргийлж урам зоригтой, өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн зорилготой байхад тусладаг хамгийн гол зүйл. Өглөө сэрээд усаа ууж байхдаа мөрөөдлөө бод, төсөөл, орой унтахаар орондоо орохдоо зорилгоо биелсэн байна гэж төсөөл. Та сайхан амрахаас гадна сайхан зүүд зүүдлэнэ.

7. Архи, шар айраг, тамхи татах, компьютерийн ард удаан суух зэрэг элдэв муу зуршлаа багасга. Бүр хая. Илүү сайхан, амттай, сонирхолтой зүйлс амьдралд зөндөө бий.