Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрч, 2 хүн эдгэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 553 хүнд шинжилгээ хийхэд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Мөн өнөөдөр 2 хүн эдгэрлээ.

32, 24 настай хоёр эрэгтэй хүн эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монголд батлагдсан тохиолдол 301 болж, 291 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна. ХӨСҮТ-д 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүний амь хохироогоод гүний худагт нуусан хэргийг долоон жилийн дараа илрүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас долоон жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон байан.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгасан бөгөөд 1968 онд төрсөг “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироосон байжээ.

Ингэхдээ цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Б. Оюундарь

Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэгдэж байна. Үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Өмнө нь төсөвт тодотгол хий гэх шаардлагыг олон эдийн засагчид тавьж байсан. Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр хамгийн анх манай эдийн засгийн клуб төсөвт тодотгол хий гэх зүйлийг хэлж байлаа. Цар тахал урт хугацаанд үргэлжлэхээр болчихлоо, тиймээс яаралтай төсөвт тодотгол хийх шаардлагатайг хэлж байсан юм. Төсвийн тодотгол хийх үндэслэл нь 2020 оны сонгуульд зориулж маш их хэмжээний хөрөнгө оруулалт орон нутгуудаар хийхээр болчихсон. Төсөвт 3.7 их наяд төгрөг тусчихсан байсан. Үр ашиггүй цемент цутгахаа болиод үүнийхээ хоёр их наядыг хэмнэчих. Дуусаагүй, үргэлжилж байгаа бүтээн байгуулалтуудаа явуулаад харин шинэ бүтээн байгуулалт хэрэггүй ээ гэсэн юм. Тэр эх үүсвэрээ ажлын байр бий болгох, ажлын байраа хамгаалах, монгол хүний орлогыг хамгаалах асуудалд чиглүүлээч гэсэн юм. Одоо хүртэл энэ байр суурин дээрээ байгаа. Хэдийгээр сонгуулийн дараа төсвийн тодотгол хийж байгаа ч гэсэн мэдээж төсөвт тодотгол хийх нь зөв. Аль болох нэг ч хүний орлогыг алдахгүй байх нь зүйтэй. Харамсалтай нь, орж ирсэн төсөл хүлээлтээс зөрчихлөө. Нөгөө л барилга байшингаа барих, сумын төвд 1-2 км зам барих, олон шаардлагагүй Соёлын төв барих зэрэг нь ороод ирж байна. Сум болгонд соёлын төв бариад тэнд ашиглалт байна уу гэхээр байдаггүй. Аймгийн соёлын төвүүд ч ашиглалтгүй. Саяхан бид Дархан, Эрдэнэтээр явахад Дарханы соёлын төв ямар том бүтээн байгуулалт вэ. Гэтэл ашиглалт юу ч байхгүй. Жилдээ хоёр гуравхан удаа арга хэмжээ зохион байгуулдаг байх. Урсгал зардал цахилгаан дулаан, харуул хамгаалалт зэрэг асар үр ашиггүй. Бүтээн байгуулалтын эсрэг байгаа юм биш. Барилга байшин ашиглалтад орсныхоо маргаашнаас дандаа зардал үйлдвэрлээд явдаг. Төсвийн зардлыг автоматаар өсгөдөг. Энэ жилийн төсөв урсгал зардал дээрээ нэлээд тэлчихсэн орж ирж байгаа. Дандаа бид халамжийн бодлогоор яваад байх юм уу. Аль эсвэл ажлын байрыг бий болгох чиглэлээр ажиллах юм уу. Улсын төсвийг харахаар ажлын байрыг бий болгох чиглэлээр хөрөнгө туссангүй. Зүй нь ЖДҮХС-даа мөнгөө тусгаад бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг гаргаж өгөх хэрэгтэй. Дэлхийн улс орнууд зээлийн хүүгээ буулгаад эхэлчихсэн. Жишээ нь, АНУ 0-0,25 хувьтай, Итали хүүгүй зээл, Япон 1-2 хувийн хүүтэй зээл олгож байна. Засгийн газар нь төсвөөсөө дэмжлэг үзүүлээд байгаа юм. Тэр нь ходоод руу нь биш ажлын байраа хамгаалсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг, зээл, урамшуулал өгдөг жишгээр явж байна. Харамсалтай нь манай төсөв дээр ийм зохицуулалтууд орж ирсэнгүй.

-Цар тахлаас шалтгаалсан манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа нь ойлгомжтой. Цаашид ер нь эдийн засгийн нөхцөл байдал хэрхэхээр байна вэ. Эдийн засгаа дэмжсэн, тэлсэн ямар бодлого шаардлагатай гэж үзэж байна?

-Манай улсын эдийн засаг агшчихсан. Эхний хоёр улирал дарааллаад хасахтай гарсан. Хоёр улирал дараалаад эдийн засаг хасах гарах юм бол хямрал гэдэг. Тэгэхээр онолын болоод бодит байдал дээр бид хямарчихсан байна. Дээрээс нь уул уурхайн орлого тасарчихсан. Төсвийнхөө орлого 2-3 их наяд төгрөгийн тасалдалтай явж байна. Энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой зүйл. Манай улсын эдийн засгийн онцлог нь хоёр дахь хагас жилдээ орлого нь орж ирдэг. Тэгэхээр энэ жилийн эцэс гэхэд эдийн засаг агшсан гарах буюу хямарчихсан байдалтай байх нь. Тиймээс шинэ Засгийн газар өмнөх хөрштэйгөө маш хурдан яриа хэлцэл хийх хэрэгтэй. Магадгүй цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадах эсэхдээ тулахыг үгүйсгэхгүй.

-УИХ “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Зээлийн хүү манайд хэдий хугацаанд бодитой буух боломжтой вэ?

-Зээлийн хүү буурах боломжтой. Би энэ ажлын хэсэгт нь ороод ажиллая гэж бодож байгаа. Зээлийн хүүг бууруулдаг үе нь энэ. Мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого, төсвийн бодлого явуулах ёстой. Одоо уначихаад байна. Энэ үед зээлийн хүүг бууруулах замаар санхүүжилтийн эх үүсвэрийг нэмдэг, мөнгөний нийлүүлэлтийг нэмдэг, хүмүүсийн ажлын байрыг хадгалж авч үлддэг, орлогыг нь тасалдуулахгүй байх бодлого явах ёстой юм. Засгийн газар энэ чиглэлийн дагуу явахаар байна уу, аль эсвэл сонгуульд зориулсан бодлого явуулах нь уу. Тэгвэл маш хүнд байх нь ойлгомжтой болно. Монгол Улсын зовлон дараалсан олон сонгуультай болчихоод байна ш дээ. Их хурлын сонгууль, орон нутгийн сонгууль, ирэх жилээс Ерөнхийлөгчийн сонгууль байна. Ажил хийдэггүй, сонгуульд зориулж популист амлалт өгдөг. Үр ашиггүй баахан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Үүнийгээ больё гэж байгаа юм. Зээлийн хүү өнөө, маргаашгүй буурна гэхэд хэцүү. Гэхдээ дунд хугацаандаа бууруулах боломжтой. Үүний дагуу холбогдох арга хэмжээг авч ажилла гэх шаардлагыг Засгийн газар, Монголбанкинд ч өгнө. Би өөрөө нэлээд тулж ажиллана.

-Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах тухай яригдаж байгаа талаар та хэлж байсан. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг батламжилж ирсэн байдаг. Одоо чуулганаар хэлэлцэгдэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ямар байр суурьтай байгаа вэ. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа юм бол?

-Ардчилал гэдэг Монгол Улс цаашдаа амьд байх, тусгаар байх, оршин тогтнох үндэс нь гэж хардаг. Бид ардчиллыг дэмждэг. Ардчиллыг хамгаалахаас өөр аргагүй. Тиймээс парламентын ардчиллаа хамгаална, бэхжүүлнэ, хөгжүүлнэ. Нөгөө талаар орон нутгийн удирдлага үүнтэй холбоотой. Хэн нэгэн дарга дээрээс нь томилоод явдаг биш иргэд нь Засаг даргаа сонгодог, иргэд нь төсвийнхөө, хөгжлийнхөө асуудалд оролцдог, саналаа өгдөг байж үр ашиггүй систем устана. Хуулийг ийм үзэл баримтлалаар явуулах боломжгүй. Иргэд нь хот, сумынхаа Засаг даргыг өөрсдөө сонгодог байх хэрэгтэй. Хэн нэгэн нам биш. Эрх барьж байгаа намын дарга биш. Орон нутгийн сонгуулиас өмнө ийм том реформын шинж чанартай хуулийг оруулж ирээд хэлэлцүүлнэ гэвэл цаг хугацааны хувьд боломжгүй. Сонгуульд оруулсан хууль хийгээд байвал улс орны ирээдүй, орон нутгийн хөгжлийн асуудлыг дараа дараагийн асуудал гээд орхиж байгаатай адил. Гэтэл орон нутгийн реформ бодит амьдрал дээр нэлээд практик баймаар байгаа юм. Бид цаашид 21 аймаг, 330 сумтайгаа явах юм уу. Цаашдаа үр өгөөжийг нь хэрхэн дээшлүүлэх юм. Хүн амын төвлөрөл үүсч байж эдийн засаг тэлнэ. Хүчээр Засгийн газраас санхүүжилт хийгээд явахаар төсөв дандаа алдагдалтай гардаг. 330 суманд ямар ч бизнес байхгүй. Тэнд төрийн албан хаагчдын цалин дээр тогтдог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж олон жил ярьснаа ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Аймаг, сумдыг нэгтгэх хэрэгтэй. МАН ажлын байр хаана хийж байна гэхээр дандаа орон нутгийн барилгын ажил хийж байгаа компаниудаа хэлээд байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт та шүүмжлэлтэй хандаж байсан. МАН сонгуульд орохдоо амласан мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгаагүй гэж ойлгох уу?

-МАН Засгийн эрх авахдаа баахан амлалт өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөр, ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх гурван бичиг баримтыг бүх зүйл заалтаар нь харьцуулж үзлээ. Жишээ хэлэхэд, МАН-ын мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулна гэж байгаа юм. Ядуурал одоо 30 хувьтай байна. Үүнийгээ үндсэн чиглэлдээ 2025 он гэхэд ядуурлыг 20 хувьтай болгоно гээд заачихсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ядуурлыг тууштай бууруулна гэсэн байгаа юм. Тоо байхгүй. Дөрвөн жилийн үйл ажиллагаа илүү тодорхой байх ёстой. Тоотой, хугацаа нь тодорхой ёстой. Түүнчлэн улсын хэмжээнд ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг нэг ээлжтэй болгоно гээд МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгачихсан. Үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр энэ тухай огт заагаагүй. Мөн мөрийн хөтөлбөр дээр нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ гэсэн байгаа. Гэхдээ үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ямар ч заалт байхгүй. Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа хариуцлагатай баймаар байна. Энэ мэтчилэн хэрэгжих ажлууд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан байх ёстой биз дээ. Цаашид бид Сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө ач холбогдол өгч, түүнийгээ тойроод мэтгэлцдэг жишиг тогтоох шаардлагатай. Үүнийг энэ Засгийн газар эхлүүлээд яваасай гэж хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дашзэвэг: Хүн болж төрсөн агуу их хувь тавилангаараа үргэлж бахархаж, түүгээрээ л амьд байна

-ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ ИХ БОЛСОН Ч СОНИНЫ ГОЛЧ, ҮНЭН ЗӨВ БИЧЛЭГ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ХЭВЭЭР БАЙНА-

Олон улсын сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат, зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор гадаад хэлний мэргэжлийн багш-орчуулагч, яруу найрагч Б.Дашзэвэгтэй ярилцлаа.


АМЬДРАХ САЙХАН ГЭЖ АМАНДАА ШИВНЭЖ БАХАРХАЖ БАЙ

-“Амьдрах сайхан” гэсэн таны нэг брэнд үгийг сонсоход таатай. “Амьдрах сайхан”- аас ярилцлагаа эхлэх үү?

-Хүн болгон амьдрах сайхан гэж бодож сэтгэж, амандаа үглэж байх учиртай. Ингэж бодож байж л хүн сайн сайхан амьдарна,түүнд тэмүүлнэ, хийж бүтээнэ. Хорвоогийн гайхамшиг бол хүн. Хүний гайхамшиг оюун ухаан. Хүн болж төрнө гэдэг ямар том хувь тавилан бэ? Агуу их биш ч, алдар цуутан биш ч гэлээ хайрлах энэрэх сэтгэл зүрхэнд нь шингэсэн, халуун цус биеэр нь гүйсэн жинхэнэ, жирийн хүн байх сайхан. Бидний, миний үеийнхэн бүр их азтай. Хоёр зууныг дамжин амьдарч байна. 100 насалж байна гэж бодоорой. XX зууны ч, XXI зууны ч хүмүүс. Хүмүүн төрөлхтний түүхийн таван формацаас хамгийн хөгжилтэй, дэндүү бололцоотой нийгмийн хоёр тогтолцоо социализм, капитализмын хүмүүс. Социализмын улс төрийн тогтолцоо нь нэг намын систем, эдийн засгийн тогтолцоо нь төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засаг, амьжиргааны байдал нь адил тэгш. Капитализмын улс төр- олон намын, эдийн засаг нь чөлөөт өрсөлдөөн, амьжиргаа нь хэн чадварлаг нь. Энэ хоёр хоёулаа чухал. Би судлаачийн хувьд юу гэж үздэг вэ гэвэл: “Социализмын дээр хэлсэн тогтолцоонд хүмүүн төрөлхтөн олон жилийн дараа дахин эргэх болов уу? Хүний тухай бичих, хүнийг магтан дуулах миний уран бүтээлийн нэгдүгээр сэдэв. Олон улсын харилцаа нь миний ажил. Хүний хамгийн том бүтээл, аз жаргал бол өөрийгөө амжилттай, ухаалаг авч явах. Төгөлдөр эр хүн өөртэйгөө, эхнэртэйгээ, гэр бүлтэйгээ ухаалаг зохицон амьдардаг. Одоогоос 30 гаруй жилийн өмнө зохиосон “Ай даа хүмүүс минь, амьдрах сайхан” дуу одоо ч хүмүүсийн аманд аялагдаж байна. Хүн болгонд би хүндэтгэлийн хайртай, хүүхэд бүрд өхөөрдлийн хайртай. Хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд байсан би тодорхой зорилготой амьдардаг. Янз бүрийн нөхцөлийг чи асуух гээд л байгаа. Тэр үед нь тод хэлнэ.

АМЬД ЯВАХ АРГА ДАДАЛ ХЭРЭГТЭЙ

-“Амьдрах сайхан, амьд явах арга, дадал” ном бичсэн гэсэн. Энэ тухайгаа?

-“Амьдрах сайхан, амьд явах арга, дадал” ном хүмүүсийн хүсэл сэтгэлийн олон төрлөөр “яаж…эрүүл саруул байх, яаж баян болох…” гэх зэрэгт хариулах оролдлого хийсэн англи, орос, солонгос, хятад зэрэг хэлнээс орчуулсан олон номыг “будаа болгосон” монгол бүтээл. Хамгийн гол нь монгол хүний амьдралын шууд тусгал. Уран нийтлэлийн энэ бүтээл монгол ахуй, зан үйлээр амьдрах сайхныг нотлон, өөрийн туршлагад тулгуурлан олон орны хүмүүсийг судалж хэрэг болох санаа авч бичсэн. Хүн байх гайхамшиг, эрүүл энх урт урт удаан наслах арга дадал, их юм сурч мэдэх арга, ажил мэргэжил бол сурсан мэдсэний дадал, хийж бүтээсэн бүхэн хэзээ ч үлдэнэ, гадаад хэл хэрхэн түргэн сурах, ариун хайрын гэр бүл амжилт бүтээлийн эх булаг, амжилт бүтээл цогцлоход алдар гавьяа өөрөө хүрээд ирэх тухай тус тусад нь бүлэг болгон өгүүлсэн. Миний ном амьдралыг төгөлдөржүүлэх, түүнд туслах, санаа төрүүлэх юм. Хүн бүрийн өврийн ном болгох зорилготой. Удахгүй хэвлэгдэн олны хүртээл болно байх гэж горьдож байна. Баян байсан бол ч аль эрт гарт чинь атгуулсан байх учиртай. Энэ номынхоо санаагаар би том юм хийх төлөвлөгөөтэй. Түүнийгээ анх удаа “ Өдрийн сонин”-оор дамжуулан олонд товч хэлж байна. Урлагийнхан, түүний дотор дуучид улс орноо тойрон тоглолт хийдэг. Тэгвэл би сонин аяллаар Монгол орныг бүтэн тойрох төлөвлөгөө, зохиомж хийчихсэн. 80 насныхаа ойд зориулж сургалт, лекц, тоглолт гэсэн гурван үндсэн хэсэг, бүтэцтэй.

Нэгдүгээрт нь, сургалтаар монгол хүний бие, сэтгэцийн онцлог, зан үйлийг гадаад орнуудын онол, туршлага дээр боловсруулсан зөв хооллолт, хөдөлгөөн, арга дадлыг өөрөө биечлэн үзүүлж сургана. Хоёрдугаар хэсэгт лекц, сурталчилгаагаар хүн байхын гайхамшиг, монголчууд ба дэлхийн хүн ард, дэлхийн хөгжил, чиг хандлага зэргээр яриа ярилцлага, үзүүлэх болно. Гуравдугаар хэсэгт, Тоглолт нь монгол ардын болон зохиолын дуу хөгжим, рок поп, электро дуу хөгжим, бүжиг. Энэ бүхэн тусгай хөтөлбөр сценаритай. Тойрон аялалд бэлтгэх ажил нэн чухал. Зохиол төлөвлөгөө гаргах, баг бүрдүүлэх. Менежер, найруулагч, дуучин хөгжимчин, техникийн ажилтан, жолооч, туслах ажилтан. Эдгээрийг олж шалгаруулна, дээд тал нь долоон хүнтэй баг. Аяллыг ирэх 2021 оны хоёрдугаар хагаст гэж төлөвлөж байгаа. Өглөө эртээс орой унтах хүртэл идэж уух, хөдлөх, ажиллах, бодож сэтгэхийг биечлэн харуулж заана.

-Өглөө гэж таны нэг гол сэдэв байдаг гэсэн. Монголчууддаа өглөөний цагийг дүүрэн ашиглаж сургах юмсан гэж олон удаа хэлж байсан?

-Өглөөний ажил үйлсээ төлөвлөж, тооцоолж хийдэг хүн. Өдрийнхөө ажил үйлсийг төлөвлөж тооцоолж гүйцэтгэдэг хүн насан туршийнхаа аз жаргалыг төлөвлөн тооцоолж чаддаг. Өглөө гэдгийг би 05:00-08:00 цаг хүртэлх хугацааг хэлдэг. Монголчууд, Улаанбаатарчууд өглөө яасан их унтана вэ? Өглөө 06:00 цагт хажууханд байгаа Бээжин хот оволзож байхад Улаанбаатар дуг нойрондоо. Социализмын үед том даргыг даган сурвалжлах ажлаар Францын нийслэл Парист очлоо. Тэнд орчин үеийн техник технологи мэдэхгүй будилж байснаа хэлбэл одоо хүмүүс ойлгохгүй шоолон хөхрөлдөнө. Сурвалжлагчдыг буулгасан харьцангуй жижиг зочид буудалд шөнө унтаж байлаа. Гадаа юм дуугараад байхаар нь цагаа харсан 04:00 цаг өнгөрч байна. Цонхоор харахад өчигдөр орой цэлийсэн талбай байсан газар том зах болчихсон, алим пирамидлаад хураачихсан, хүнсний зүйлс бүгд ярайж, хүмүүс халуун кофе ууж буй бололтой уур савсаад, худалдаа наймаа ид дундаа бололтой. Өглөө 09:00 цагт гараад ирэхэд юу ч байхгүй, толийтол цэвэрлэж усаар угаасан талбай. Тэр зах, үйлчлүүлдэг айл өрх дадал болжээ. Ер нь том орнуудад ялангуяа үйлдвэрийн газар өглөө 04:00 цагаас ажил нь эхлэх, өдөр 16:00 цагт гэрийн зүг, амралт зугаалгын зүг хүмүүс тайван сайхан алхалдаг. Өглөөний цагийг үр дүнтэй ашиглацгаая гэж дахин уриалъя монголчууддаа. “ Эртэч монгол хүн” гэдэг сайхан аян зохион байгуулж байсан хүмүүст талархаж, би хамгийн идэвхтэй оролцогч нь байлаа. Түүнийг санаачлан хийсэн оюунлаг сайхан бүсгүй Цэндмаа одоо хаана байгаа бол. Англи, солонгос зэрэг гадаад хэлний мастер ихээхэн оюунлаг, санаачлагатай дайчин энэ хатагтай нийгмийн их идэвх санаачлагатай нэгэн. “Газарчин” дээд сургууль” бидний өглөө” гэсэн ажил зохиодог, би очиж ихэд таашааж байв.

“ӨДРИЙН СОНИН”-Г ӨГЛӨӨ ЭРТ АВЧ ЗАНШВАЛ САЙХАН ДАА

-Өглөө гэснээс санаа аваад нэг асуулт асууя. Олон улсын сэтгүүлч гадаадын олон улс орнуудад сурвалжлага бэлтгэсэн байх. Тэнд сэтгүүлч өглөө эрт яаж ажлаа эхэлдэг вэ?

-Энэ чинь сонин хэвлэлийн тухай асуудал байна даа, сэтгүүлч гэхээрээ. Би гадаадад хаана ч очсон өглөө эрт гараад өглөөний, өдрийн тогтмол сонин олж авдаг. Зочид буудлаас дөнгөж гараад л сонин хэвлэлтэй учрах. Тухайн орны өглөөний, өдрийн сонин бөөн мэдээлэл, будаа идэх аятай боломж. Дэлхийн бараг бүх хотод өглөө эрт сонин зарах цаг, худалдан авах дадалтай. Би аяга цайны мөнгөөрөө ч сонин авна. Зараад дууссан, бас мөнгөгүй бол нийтийн унаанд гүйгээд орно. Тэнд хүмүүс уншсан сониноо өөр хүн уншиг гээд эвтэйхэн орхидог. Монгол орон, Улаанбаатарын өглөө удахгүй сониноор эхэлдэг болох байх аа. “Өдрийн сонин”-г машин дотроосоо, явах замдаа авчихаж байвал сайхан даа. Би томилолтоор гадаадад явахдаа тогтмол сонин хэвлэл авч явдаг. Тэр бол миний том бэлэг. Гадаад оронд байгаа Монгол Улсын төлөөлөгчдийн газрынхан ч миний ирэхийг биш, сонинг хүлээнэ, авч унших гэж яарна. Зарим хүн намайг хараад сонин иржээ гэж бодно.

АНУ-ын нийслэл Вашингтонд монгол айл М.Саруул-Эрдэнийд саатсанаа санаж байна. Номтой, мэдлэгтэй, ёсорхуу монгол эр. Гэрт нь ороход эмх цэгц, эд агуурсын байрлал донжтой. “Эмх цэгц бол бурхан тэнгэрийн анхны зарлиг” гэсэн утгатай үг АНУ-ын Конгрессийн номын санд ороход харагддаг. Саруул-Эрдэнэ тэр номын санд ажилладаг гэдгийг дуулсан учир энэ үг санаанд оров. Бидний яриа Монголын тухай өргөн дэлгэр сэдэвтэй ч хэвлэлийн тухай голчлон ярилцав. Саруул-эрдэнэ “Өдрийн сонин”-ны Вашингтон дахь сурвалжлагч гэдгээрээ их бахархдаг юм байна. Би түүний илгээсэн нийтлэлтэй “ Өдрийн сонин”-г өргөн барилаа. Сонинг тэр тун ч намжирдан гардаж, адислаж, хавь ойрын монгол хүн бүр уншина гэв. Гадаад оронд хаана ч очсон эх орон нэгтнүүддээ барьдаг бэлэг бол “Өдрийн сонин”, Монголчууд “Өдрийн сонин”-г одоо улам их эрэлхийлэх болжээ. Цахим мэдээлэл их болсон ч тэр сонины голч, үнэн зөв, бичлэг үнэ цэнэтэй хэвээр байна. Би хэцүү газар байхдаа ч энэ сонинг тогтмол авч чадаж байсан. “Өдрийн сонин”-оор үнэд ордог байлаа. Энэ өдрүүдэд манай гэрийн хажууд сонин борлуулах ганцхан цэг байх. Түүний худалдагч намайг хараад л “Өдрийн сонин”- г гаргаад ирнэ. Сая тэрээр дараачийн хоёр долоо хоногт байхгүй шүү, амарна гэж надад хэлэв. Чи ажил хаяхна уу, би яанаа гэж тоглоом шоглоом болгоод сайхан амрахыг ерөөсөн.

АНУ-д буй монголчуудын “Хамаг Монгол” сонинд томилолтынхоо хэдээс илүүчилж хэдэн ногоон бариад М.Саруул-Эрдэнэд “Монголд хэрэгтэй зайран байна чи. Хэзээ нутагтаа очих вэ? гэж асуух шаардах хоёрыг холин байж хэлээд би явахыг завдсан. Би шүлэг найраг дуудан хайлж түүний сэтгэлийг улам хөдөлгөсөн. Эх орноо санасан Эрдэнэ-ван чамтайгаа Монголдоо уулзъя гээд би боссон.

ХҮН БОЛЖ ТӨРСӨН АГУУ ИХ ХУВЬ ТАВИЛАНГААРАА ҮРГЭЛЖ БАХАРХАЖ, ТҮҮГЭЭРЭЭ Л АМЬД БАЙНА

-Миний хэцүү цаг хугацаа гэж та яриандаа дурдаж байсан. Би ойлгож байна. Одоо хэцүү цагийнхаа тухай жаахан ярилцах уу. Тантай ярилцлага хийх хүсэлт тавьж байсан ч тухай бүрт нь татгалзаж байсан. Одоо ярих цаг нь болсон гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Утга төгөлдөр амьдралын минь улаан зам дээр “хавх” тавьсан үе, хавханд байсан нэг жил гаруйн хугацаа. Монголд хүүхдийн хүчирхийлэл гэж жинхэнэ шуугьж байсан өдөр. Мөнгө өгөхгүй бол сайхан нэр хүндийг чинь гутаана. Мөнгө олж иртлээ “завдсан, мөнгө өгье” гэж баталгаа бичиж өгөөд яв гэж тэр охины халамцуу аав нь хэлснээр болсон. Би шүүх цагдаа гэж огт бодсонгүй, согтуу хүнийг л хуураад, хэд хоноод хэдэн мөнгө авчирч өгөхөөс гэж бодов. Гэтэл шүүхэд өгчээ. Тэр аав өөрөө өгөөгүй нь ойлгомжтой. Тэгэх хүн биш. Шүүх миний гарын үсэгтэй “завдсан, мөнгө өгье” гэсэн бичгийг гол болгоод “завдсан байна” гээд нотолжээ. Тэгээд гүйцээ. Намайг олон жил хорих боллоо гэдгийг дуулаад нөгөө эцэг нь амиа хорлосон. “Дашка ах 70 хол гарсан, би 45 настай, тэр яаж амьд гарах вэ, би наана нь үхнэ” гэж гэрийнхэндээ ярьж байжээ. Тэр хайран залуу нас, их харамсалтай. Архи уудаг болохоос сэтгэл сайхантай эр хүн байлаа. Тэр охин нь хорвоо дээр хамгийн өрөвдөлтэй хүүхэд. Хоёр хөлгүй, ээж нь харваад дөнгөж амьд төдий, аав нь тэгээд байхгүй. Өөрөө суугаад шээж ч чаддаггүй. Хөлийг нь жаахан засаж эмчилсэн гэж сая би дуулаад их баярласан.

-Хаана ч, хэзээ ч ямар ч нөхцөлд тодорхой зорилготой амьдрах сайхан гэж та дээр хэлсэн. Хорих ангид та мөн тийм л байв уу?

-Нэгэнт л тийм юм болсон. Тэр хэрэг гэгчид би ганцаараа л үлдсэн. Хэн нэгэнд гомдол тавьж гонгиноод яахав гэж бодсон. Гурван зорилго өмнөө тавилаа. Эндхийн дүрэм журмыг яг таг биелүүлье. Цаг ашиглаж уран бүтээл хийе. Амьд, эрүүл байя. Хүүхэд залууст хэлэхэд юм юм их сурч мэдээрэй, хаана ч хэрэг болно. 461 дүгээр ангид нэгэн оюунлаг офицерийн шүлэг зохиолыг орчуулалцаад өдөрт аяга халуун кофе, чацарганы халуун шүүс уучих жишээтэй. Орой үдэш зайг нь хараад гурван өрөөнд дуулдахаар шүлэг зохиол унших, юм ярих. Тэгээд манай өрөөний үүд рүү ууттай боов, дүрдэг цай тэргүүтэн гулсан ирж, хүүхдүүд яаж авах аргатай. 47 хүнд хувийн шүлэг бичиж өгсөн учир талархал, хүндэтгэл их. Миний “Хоригдлын гэргий” шүлэг хоногийн эргэлтээр ирсэн гэргий нарын нулимсыг олон удаа асгаруулсан гэсэн. Тэнд нэг өрөөнд байсан би зөвшөөрөл өөрөөс нь авсан тул нэрийг нь хэлье, Батбаяр гэдэг сайхан залуу надад бүх талаар үйлчилнэ, идэх юм бараг аманд хийж өгнө.

421 дүгээр нээлттэй хорих ангид НҮБ-ын эрүүгийн гэмт хэргийн тухай нэгэн чуулганы бүх материалыг англи хэлнээс орчуулж өгөөд шагналын сар хоног авч, хэрдээ тусгай хангамжид байв. Албаны болон хувийн өөр текст орос, англи, герман хэлнээс орчуулсан, мэдлэгт хүндэтгэл хүлээсэн. Тэнд залуучууд дийлэнх. Тэднээс гараад юу хийх, юу сурах бэ гэж асуухад бараг бүгд л мөнгөтэй болох, мөнгө олох гэх. Монголын залуус мөнгөнд бөхийсөн үе байна. Миний Монголын ирээдүй ийм байх гэж би санаа зовно. Оюунлаг, мэдлэг чадварт бөхийдөг цаг дэлхий дахинаа ирж байна шүү.

ХҮНД НЭГ ГАЙХАМШИГТ ДАРХЛААТАЙ ЭРХ ЧӨЛӨӨ БАЙДАГ. ТЭР БОЛ СЭТГЭН БОДОХ ЭРХ ЧӨЛӨӨ. ТҮҮНИЙГ ҮХЛЭЭС ӨӨР ХЭН Ч, ЮУ Ч ХОРЬЖ ЧАДАХГҮЙ

Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих ангийнхан, хоригдлууд надад хүндэтгэлтэй хандаж байсан. Ангийн дарга хурандаа Г.Тамир, дэд дарга Наранбаатар, Сайханбилэг…гаран гартал анхаарал тавьж байсан, би ч үлгэр дуурайлтай байв. “Амгаланд амгалан байна аа” гэж би шүлэг бичсэн. Ангийн хашаанд таримал цэцэг алаглаж, зоогийн танхимууд цэвэр цэмцийж байсан. Гадаад орноос орчин цагийн гал тогооны аппаратур захиалан авчээ. Түүний заавар сэлтийг би орчуулж өгөв. Энд хэн ч талархмаар үйл явдал нь намайг байхад хоёр ч удаа “нээлттэй хаалганы өдөрлөг” болов. Ар гэрийнхэн ирж, яриа хөөрөө, хоол унд боллоо.хамгаалалт, дэглэм ч журмаараа. Дуу хуур, шүлэг найраг ч боллоо. Нэртэй уран бүтээлчдийг урьжээ. Энэ өдөр бяцхан хүүгээ чээж, хацартаа нааж, баясан суугаа аавыг хараад уярмаар. Өвөө өөдөө цоройж үсгүй гялгар толгойг нь илж байгаа жаахан охиныг үзээд өрөвч сэтгэл өмөлзмөөр, “аав аа хэзээ гэртээ очих вэ? гэж асуух тушаах хослуулан хашгирч буй банди атаман. Залуу гэр бүл эр, эм хоёр хүмүүсээр ичингүйрэн бие биеэ энхрийлсэн горьдлого, гуниглал хоёрыг нь алсханаас мэдэрч тэр торон төмөр хаалгыг зад татаад тэр хоёр луу зааж аз жаргал гэж инээмсэглэмээр. Гэрийнхээ хоол цайг идэж уусан өвөө, нөхөр, хүү, ач нар ч байгаа бололтой гэдсээ илж, хөлсөө арчин маадайж байгааг харахад сайхан байлаа. Хүнд итгэхэд дэглэм журам, үүрэг хариуцлага өөрөө цогцолдог юм байна. Өдөрлөг сайхан боллоо гэж ангийн удирдлагад хоригдлуудын сэтгэлийг шүлгээр илэрхийлсэн.

-Та ер нь шүүх хүчний байгууллагын талаар та ямар бодолтой байна?

-Мэдлэг оюуны салбаруудаас миний хамгийн хол нь хууль зүй. Тэр надад хэрэггүй. Хуулиар ороолгож хоригдсон ч тэр бодолтойгоо. Би нийгэмтэйгээ зохицож, хүмүүстэй хүнлэг харьцаж, ёс зүйтэй амьдардаг. Хойшид ч тэгнэ. Хууль хяналтынханд юу дутагдаж байна вэ гэвэл ердөө л мэдлэг чадвар. Монгол Улсын эрүүгийн хууль бол зөвхөн “шоронгийн хууль” байна. Тийм хэрэг хийсэн хүнийг хэдэн жил хорино гэсэн. Хуульчид нь зөвхөн тэр ном, цаасаа л барьдаг. Хэрэгтэн чухам ямар хүн бэ, хэргийн тэр цаг үе, байр байдал ямар байв зэрэг хүнлэг, сэтгэл зүйн асуудлыг авч үзэхгүй. Шийтгэл гэдэг зөвхөн хорих гэж үздэг. Монголчуудын “тамын тогооны үлгэр” байна л даа. Түүний ирмэг дээр төрийн нэрээр “сэрээ” барьсан хүн суувал бүр аюултай. Би шорон гэдэг үгийг их цэрвэн цээрлэдэг. Миний хүүхдүүд ч гэсэн маш их цээрлэж, хэлэхээс дургүйцэх юм. Арга ч үгүй. Одоо тэр хэрэг гэгч цагаадаж байна. Миний хамгийн их хүсэж байгаа юм нэрээ цэвэрлэх, ард түмэнд үнэнийг ойлгуулах. Ойлгож сэтгэл санаагаа илэрхийлж буй хүмүүст их баярлаж байна. Яг тэр үед, намайг хорионд байхад хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар их гутаан доромжилж байсныг одоо зах цухаас нь яриулж сэтгэл гонсойх. Би тэр үед нь мэдэх бололцоо байсан бол ёстой нөгөө галзуурах, эсвэл амиа хорлох байсан байх аа. Миний ард түмэн бүгдээрээ намайг үзэн ядаагүй юм билээ. “…урлагийн том цэнгүүнд дуучин М.Бямбажав тайзнаа Б.Дашзэвэгийн шүлгээр зохиосон “Хүмүүс минь, амьдрах сайхан” дууг улам ч уянгалаг дуулахад тэнд хуран цугларсан 3000 гаруй үзэгчдийн 6000 гаруй нүд үнэндээ харууслын нулимстай байсныг би харсан. Монголын ард түмэн Дашзэвэг гэдэг хүнийг үзэн ядаагүй, харин ч хайрласаар байгааг эндээс харахад л хангалттай байлаа” гэж “ OPEN DOOR” сонинд сэтгүүлч, зохиолч бичсэн байсан.

Хүн болгонд сайныг санаж яваа зан үйл минь аливаа муу муухайгаас зайлуулах л ёстой. Тэгж ч байна. Би амьдрал үйлстээ дандаа азтай, хийморьтой явсан. Сурсан, мэдсэн,хийсэн бүтээсэн, тэгээд би мөнх амьдарна аа гэж шүлэг найраг бичиж байлаа. Оюун санаа минь одоохондоо өтлөөгүй байна. Хүний бие эрхтнээс хамгийн их ажилласан нь, хөгжүүлсэн нь хүчирхэг байдаг. Миний оюун санаа бөхийх өдий байна. Их найрагч, миний эрхэм найз Б.Лхавгасүрэн аягатай цайгаа бүү хэл агуу нөхөр үзгээ ч даахгүй сульдан доройтсон мөртлөө ухаалаг үг амнаас нь дуулдсаар талийсан гэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхтүшиг: Гадагш хичээл, сургуульдаа явах оюутнуудын тоо нэмэгдэж эхэлсэн

Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.


-Дэлхийн улс орнуудад суугаа монголчуудаа татан авах ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Хилийн чанадад нийт 52 улсаас 12.461 иргэн эх орондоо ирэх хүсэлт өгсөн. Үүнээс эх орон руугаа буцахыг хүссэн бага насны хүүхэдтэй 2.300 гэр бүл байгаа юм.

-Гадаадад оршин суугаа монголчууд эх орондоо ирэхэд хөрөнгө санхүүгийн асуудал тулгамдаж байна. Ойрын үед үүнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааны талаар дөрөвдүгээр сараас эхлэн олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Жишээлбэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тусламжаар энэ сард Прагаас 185 хүний зардлыг бүрэн дааж нислэг үйлдсэн. Энэхүү байгууллагын шугамаар Бразил болон Туркт хүндрэлд орсон иргэдэд хүнс болон бусад туслалцаа дэмжлэгийг үзүүлээд байна.

-Тэгвэл төрийн зүгээс гадаадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдээ хэрхэн дэмжих вэ?

-Улсын онцгой комисст төвлөрсөн хандив тусламжаас коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль бий. Үүнд зааснаар, 300 сая төгрөгийг хилийн чанадад суугаа монгол “иргэдэд туслах сан”-д төвлөрүүлнэ гэсэн.Туркт байгаа 200 гаруй өрхөд “иргэдэд туслах сан”-гаас хүнсний болон бусад түрээсийн тусламжийг үзүүлээд байгаа. Тиймээс 300 сая төгрөгтэй холбоотой шийдвэр саяхан гарсан тул санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд үүнийг хэрхэн хүргэх вэ гэдэгт нарийн шалгуурыг тогтооно. Иргэдийн дунд мөнгө тараана гэсэн ташаа ойлголт мэр сэр гарч байгаа.

-Иргэд маань ямар улсаас нутаг буцах хүсэлтээ түлхүү илгээж байгаа юм бол?

-Америк болон Австралид гол анхаарлаа төвлөрүүлэн иргэдээ татаж авахаар ажиллаж байна.Тодруулбал, АНУ-аас 2.433, Австрали улсаас 1.180 иргэн ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр чиглэлд тогтмол нислэг зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн удаа нийт 59 удаагийн нислэгээр 12 мянга гаруй иргэнээ агаарын замаар татан авсан. Үүнд авто замыг хамааруулан үзвэл нийт 18.700 хүрсэн. Хамгийн хэрэгцээ шаардлагатай байгаа чиглэлд, Америк, Австрали болон БНСУ тэргүүлэх ээлжинд орж буй. Гэхдээ зөвхөн энэ гурван чиглэлийг онцлоод бусдыг нь орхигдуулна гэсэн үг биш. Энэ бол нислэгийн давтамжтай холбоотой шийдвэр юм.


-Монголоос Хятад улс руу явах хүсэлтэй иргэн цөөнгүй байгаа гэж сонссон?

-Хятад руу явах хүсэлтээ гаргасан 170 гаруй хүний өргөдөл бий. Үүнийг ангилбал, 120 орчим нь тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүсийн асуудлыг тэргүүн эгнээнд шийдвэрлүүлэх шаардлагатай. Гэр бүлийн гишүүд олон сараар хол амьдарвал хүнд нөхцөл үүсэх нь тодорхой. Тийм учраас Хятадын талтай үүнийг ярилцаж байгаа.Цар тахалтай холбоотой урд хөрш хилээ гуравдугаар сарын сүүлээс хаасан. Хятадад 30 хоногийн визгүй хугацаанд нь зорчоод, хил хаалттай үед хоног хэтрүүлбэл өдрийн 500 юанаар торгуулдаг. Тэгэхээр энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй.

-Япон улс руу өчигдрийн нислэгээр нийт хэдэн оюутан явсан бэ. Цар тахлын үед гадаад руу яваад дахин буцах хүсэлт гаргавал ямар зохицуулалт хийх вэ?

-Токио руу хийгдэж буй тусгай үүргийн нислэгээр өчигдөр 90 гаруй монголчууд явсан.Ерөөс Монгол Улсын иргэн гадаадад зорчих, эх орондоо ирэх нь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг. Энд ирж, явж болохгүй гэсэн хатуу хориг тавиагүй. Гадаад руу явж байгаа монгол иргэдийн хувьд тухайн очих улс хилээрээ нэвтрүүлэх үү гэдэгт л гол асуудал бий. Түүнээс биш УОК, ГХЯ-ны зүгээс энэ хүмүүсийг хилээр гаргахгүй гэж хориглоогүй. Тэгэхээр зөвхөн оюутнууд гэлтгүй байнга оршин суух боломжтой хүмүүс МИАТ компани дээр очоод энгийн үед билетээ яаж авдаг тэр горимоор гадаад руу зорчиж байгаа.

-Япон улсын зүгээс хилээр нэвтэрч буй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Японы Элчин сайдын яамтай бид ярилцсаны үндсэнд оюутнуудын визийг шуурхай гаргаж, энэ удаагийн нислэгт амжсан. Тэд зөвхөн тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ гэсэн. Өөрөөр хэлбэл, байнга оршин суух гэдэгт 90-ээс дээш хонох зөвшөөрлийг хэлж байгаа юм.

-Гадаадад суралцдаг монгол оюутнуудын ихэнх хувь нь Хятадад сурч боловсордог гэсэн мэдээлэл бий. Хятадын талаас сургууль эхлэх талаар мэдэгдсэн үү?

-Гадаадад манай улсын 40 мянга гаруй оюутан суралцдаг гэсэн мэдээлэл бий. Үүний 12 мянга орчим нь БНХАУ-д сурдаг. Хятадын хувьд хилээ хаасан учраас хичээл сургууль хэзээ эхлэх нь тодорхойгүй. Энэ асуудал тодорхой болмогц хилээр хэзээ, хэрхэн яаж нэвтрэх асуудлыг шийднэ.

-Тэгвэл гадаадад хүнд нөхцөлд орсон, эх орондоо ирэх хүсэлтэй хэдэн иргэн байна вэ?

-Эх орондоо ирэхийг хүссэн 12.461 иргэн байгаа. Улсын онцгой комиссын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэдтэй, өвчтэй гэх шалгуурыг тавьж буй. Одоогоор эдгээр иргэний эзлэх хувь буурсан үзүүлэлттэй байна. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг агуулгаар нь харвал бусад шалтгаантай иргэд олон болсон. Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанд гадаадад суугаа долоон мянга орчим иргэн орсон байгаа. Тодруулбал, ар гэрийн гачигдал, санхүүгийн боломж хомс, богино хугацааны визтэй зэрэг асуудал бий. Иймээс сүүлийн үед хийгдэж байгаа нислэгүүдэд УОК-оос тавьж буй таван шалгуураас гадна бусад шалтгаантай иргэдийг түлхүү хамруулж байна.

-Одоогоор ямар улс орнууд хилээрээ гадаадын оюутан сурагчдыг нэвтрүүлж байгаа вэ?

-Солонгос болон Америкийн хувьд хилээрээ нэвтрүүлж байгаа. Оюутнууд энэ чиглэлд явахад тусгай үүргийн нислэгүүдэд бүрэн боломж бий. Тэгэхээр онгоцгүй, нислэггүй болсноор оюутнууд хичээлдээ очиж чадаагүй гэх асуудал байхгүй.

-Монголчууд олноор төвлөрөн суурьшсан улсаас иргэдээ татан авахад асуудалгүй байх.Харин эсрэгээрээ Монголын ганц хоёр иргэн гадаадад гацсан бол хэрхэн шийдвэрлэх вэ?

-Африк тивийн Нигер улсад Т.Оюуномин гэх эмэгтэй байсан, тэр одоо Монголдоо ирсэн.Тухайн үед Нигер улсын агаарын хил хаалттай байсан шүү дээ. Эх оронд нь авчрахын тулд ГХЯ болон Элчин сайдаар дамжуулж олон ажил хийсэн. Одоо бид Африк, Танзани, Мали, Өмнө Судан зэрэг улсаас иргэдээ татан авч байгаа. Саяхан Саудын Арабт агаарын нислэггүйгээс үүдэн зургаан сар гацсан иргэнийг эх оронд нь авчирлаа. Өнгөрсөн хугацаанд, Бразил, Аргентинаас хүртэл иргэдээ татсан. Хэдийгээр нислэгт хамруулах боломж байвч тухайн улс агаарын хилээ хаасан бол хэцүү. Тэгэхээр бид яриа хэлэлцээр хийж, боломж гарсан даруйд иргэдээ авч байгаа. Нэг ч иргэнийг анхаарлаасаа гадуур байлгахгүй байхыг хичээж ажилладаг.

-Гадаадад нийт хэдэн оюутан байна вэ?

-Нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийн тоо 12.400 орчим байгаа бол үүнээс 1.800 орчим оюутан гадаадад байна. Сургуулиа төгсөөгүй, дараагийн курст дэвшин суралцах хүмүүсийн хувьд нутаг буцах хүсэлтээ больсон. Одоогийн байдлаар эх орноосоо явах оюутнуудын тоо илүү нэмэгдэж байна.

-Тодорхой болсон нислэгүүд одоо бий юү?

-Энэ сард нийт 17 нислэг үйлдээд байна. Хамгийн сүүлд АНУ-ын Сиэтл рүү шууд нислэгийг гурав дахь удаа хийхээр боллоо. Харин ирэх сарын төлөвлөгөөт нислэг УОК-ын ээлжит хурлаар танилцуулсны дараа тодорхой болно.

-БНХАУ-ын талаас 36 улстай хилээ нээсэн гэж яриад байгаа. Яагаад Монгол Улс талаас хилээ нээхгүй байна вэ?

-Энэ мэдээллийг албан ёсны болгох шаардлагатай, одоогоор яриа хэлэлцээрийн шатанд байгаа болов уу. Хятад улс агаарын болон авто замын боомтуудаа албан ёсоор нээгээгүй. Хятадад гуравдугаар сарын 20-ниос хойш гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Одоогоор энэ нь хүчинтэй хэвээр байгаа.Бид БНХАУ-тай эхний ээлжинд эдийн засгаа дэмжих хүрээнд “Ногоон гарц” түр журмыг нэвтрүүлсэн билээ. Энэ нь Хятадтай хилээ хэсэгчлэн нээх яриа хэлэлцээрийн нэг хэсэг гэж ойлгож болно. Уг асуудлыг зохион байгуулалттай урагшлуулж улсын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэх чиглэлийг ГХЯ барьж байгаа.

П.
САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Н.Мөнхсоёл: Зохиолоо уншиж байхдаа уйлна, инээнэ догдолж мөн айна. Гэхдээ л би тоглосон бүх дүрдээ хайртай

Монголын уран сайхны нэлээд хэдэн киноны гол болон туслах дүрд тоглоод байгаа Н.Мөнхсоёлтой ярилцлаа. Тэрбээр саяхан олны хүртээл болоод байгаа “Бэрүүд” киноны Хонгороогийн дүрд тун чадварлаг тоглосон юм. Саяхан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн “Асрагч” киноны гол дүрийн жүжигчнээр ажилласан байна.


-Та саяхан МУГЖ дуучин Д.Жаргалсайханы “Хөх тэнгэрийн улаач” дууны клипэнд хатны дүрийг бүтээсэн байсан. Энэ тухайгаа яриач?

– Хөх тэнгэрийн чуулганаас бэлтгэн гаргадаг “Улаачдын сорил” нэвтрүүлгийн 4,5 дахь дугаарыг хөтөлж байсан. Энэхүү дууг нэвтрүүлгийн сүлд дуу гэхэд болно. Үзэгч сонсогчдын шүтэн биширдэг ахмад уран бүтээлчидтэйгээ нэгэн сайхан уран бүтээлд хааны бага хатан болж түүхэн клипэнд дүрээ мөнхөллөө. Хааны дүрд МУГЖ Г.Золбоот ах тоглосон. Тухайн клипний зохиолын дагуу жүжигчдэд урилга явуулсны дагуу энэхүү дууны клипэнд тоглосондоо баяртай байгаа.

-Хөл хорионы үе гээд цахимаар нээлтээ хийсэн “Асрагч” киноны гол дүрд тоглосон. Киноны утга санаа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Саяхан “Морьтон” энтертайнмэнтийн “Асрагч” бүрэн хэмжээний УСК-ны гол дүрд ажиллаад дууслаа. “Морьтон” энтертайнмэнттай хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажилласан. Эхнийх нь “Үлгэрийн баатар гэртээ харих замд” байсан. “Асрагч” киноны гол утга санаа нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүтээл байгаа. Эхнэр нь өвчтэй болоод нөхөр нь түүнийг эмчлүүлэхээр гадагшаа явахдаа хоёр хүүхдээ асруулахаар асрагч хөлсөлж авдаг. Маш олон хүний дундаас нүдэнд дулаахан эмэгтэйг сонгож хүүхдээ асруулахаар болдог ч тэрхүү эмэгтэй тэднийг байхгүй үед хүүхдүүдийг нь хүчирхийлж байгааг өгүүлсэн. Энэ кинонд би хүүхэд хүчирхийлж байгаа гол дүрийн асрагч эмэгтэйн дүрд ажилласан. Гэхдээ бид уран бүтээлч учраас хүүхдийг зодохгүй шүү дээ. Уран сайхны аргаар маш үнэмшилтэйгээр зураг авалтыг хийж, үйл явдлыг дүрсэлсэн байгаа. Сүүлийн үед таньж мэдэхгүй хүнээр хүүхдээ харуулахад зодож гэмтээх цаашлаад бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гээд ямар нэгэн далд байдлаар хүчирхийлдэг. Нийгэмд одоо ч гэсэн болж буй иймэрхүү хэргүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хараа хяналтаа сайжруулаасай гэсэн гүн гүнзгий санааг энэхүү кино өгүүлдэг.

-“Асрагч” киноны зураг авалтын үеийн хөгжилтэй сценари сошиалаар яваад байсан. Хөшигний ард хөгжилтэй зүйлүүд их гардаг байх даа?

– Кино, уран бүтээл бүрийн ард сургамжтай, хөгжилтэй янз бүрийн зүйлүүд байнга гарч байдаг. Миний хувьд хүчирхийлэл үйлдэж байгаа асрагчийн дүрийг бүтээсэн. Киногоо үзэгчдэд илүү бодит харагдуулах үүднээс төмөр алхыг яаж ч чанга цохисон өвдөхөөргүй зөөлөн зүйлээр хийдэг. Зураг авалтын үед тэр зүйл нь хугарах ч юм уу, нүүр лүү ойх, ийш тийшээ алга болох зэрэг хөгжилтэй зүйлүүд их гарна шүү дээ. Ер нь иймэрхүү хөгжилтэй зүйл яриад байвал маш их шүү дээ.

-Таны анхны уран бүтээл ямар кино байсан бэ?

-Гуравдугаар курсэд байхдаа МУСТА Х.Ганхуяг найруулагчийн “Оюутны нууц амраг” кинонд охины гол дүрийг бүтээж байсан. 2013 онд “Сити” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөөд түүнээс хойш 20-иод бүрэн хэмжээний болон олон ангит кинонд дүр бүтээгээд байна. Цаашдаа шинэ төсөл, дэлгэцийн уран бүтээлүүд дээр ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Жүжигчид дэлгэцийн уран бүтээлийн санал хүлээж авахдаа зохиолыг нь маш сайн судалдаг санагдсан?

-Мэдээж зохиолоо эхэлж уншина. Дараа нь дүр нь хэрэв таалагдах юм бол кинондоо тоглодог. Анх ямар ч дүрийг голохгүйгээр олны хэсэгт ч байсан хамаагүй оролцдог байсан. Харин сүүлийн үед бага зэрэг цензур тогтоож тухайн уран бүтээл, зохиол, хамтарч ажиллах баг, жүжигчдийг нь хардаг болсон. Мөн энэхүү кино үзэгчдэд хэр хүрэх вэ гэдгийг давхар судална. Зохиолоо уншиж байхдаа уйлна, инээнэ догдолж мөн айна шүү дээ. Гэхдээ эцэст нь бүх дүрээ хайрладаг.

-Кинонд тоглож байх явцад хамгийн хүнд дүр ямар дүр байсан бэ?

-Ерөнхийдөө эсрэг дүрүүд хүнд байдаг. Жишээлбэл, “Хүүхэлдэй”, “Хүйтэн шөнө” зэрэг кинонд тоглоход нэлээд ажиллагаатай байсан. Тухайн киноныхоо дүрийн сэтгэл зүйн хямралыг өөр дээрээ мэдэрдэг учраас дүрүүд нь жаахан хэцүү санагддаг. “Хүүхэлдэй” киноны хувьд л гэхэд найруулагч, зураглаач гээд арын албаны маш олон хүн байгаа ч гэсэн аймшгийн гэдэг утгаараа дараа нь гэр лүүгээ харьж явах замдаа эмээх тохиолдол гарч байсан. Киноныхоо дүрээс богино хугацаанд гарч чадахгүй хэсэг хугацаанд яваад байдаг гэх юм уу даа.

-Та Тэрэлжийн 100 ламын агуйн дээгүүр олсоор явсан. Иймэрхүү экстрем зүйлд их дуртай юу?

-“Positive Mongolia” Мөнхжин гэдэг залуугийн санаачилсан контентод урилгаар оролцсон. Анх удаа олсон дээгүүр алхаж үзсэн. Эхлээд жаахан сандарсан, аймаар санагдаж байсан. Тэгээд өмнөө яваа хүнийхээ амьсгалыг мэдрээд алхахаар үнэхээр кайфтай юм билээ. Айх биш, алсыг хараад жаргаж байгаад буусан. Би чинь өөрөө экстрем зүйлд их дуртай. Бусад хүмүүсийн нэг нь ч алхаж чадалгүй унаад байсан л даа. Тэнцвэрээ олоод явчихад бараг болчих юм билээ. Өндөрт их нарийхан олсон дээр явахаас гадна дээшлэх тусам салхи ихтэй болж байсан болохоор тэнцвэр маш чухал санагдсан. Хүний сэтгэлийг сэргээх сайхан мэдрэмжийг төрүүлдэг спорт шиг санагдсан.

-“Бэрүүд” кинонд эсрэг талын дүрд тоглосон байсан шүү дээ. Таны зан төлөвөөс хэр өөр вэ?

– Манай киноны зураг авалт жилийн хугацаанд явагдсан. Үзэгчдэд нэлээн үзэн ядалт өгөхөөр дүр болсон юм шиг санагдсан шүү. Бэрүүдийнхээ дундаас нэлээд ааш муутай, хадмуудтайгаа харилцаа муутай, нөхрөө байнга дарамталдаг эмэгтэйн дүр. Миний зан характераас их өөр дүрд ажилласан. Анх хувийн амьдралын талаар сөрөг сэтгэгдлүүд их ирэхэд эмзэгээр хүлээж авдаг байсан. Одоо хүмүүс харьцангуй сөрөг сэтгэгдэл бичихээ байчихсан. Ихэнхдээ л урмын үг бичдэг.

-Жүжигчний мэргэжил гэдэг дүрээ илүү гаргахын тулд ямар нэгэн байдлаар золиос гаргадаг юм шиг санагддаг. Таны хувьд өөртөө эрс өөрчлөлт хийж байв уу?

-Жүжигчид дэлгэцийн уран бүтээлээ илүү бодитой болгохын тулд үсээ хусах ч юм уу ямар нэгэн золиос гаргах тохиолдол их байдаг. Миний хувьд эрс өөрчлөлт хийж байсан зүйл байхгүй. Харин үсээ тайруулах, үснийхээ өнгийг өөрчлөх гэх мэт жижиг зүйл дээр өөрчлөлтүүдийг хийж байсан.

-Таныг жүжигчний хувиар хайрлаж, хүндэлдэг шүтэн бишрэгч цөөнгүй байдаг байх. Тэд нараас нэг нь таныг болзоонд уривал та хэрхэн хүлээж авах вэ. Сонирхолтой санагдлаа л даа.

-Фэйсбүүк, Инстаграмаар стори, зураг хийх болгонд “ та мундаг шүү, таныг маш их дэмждэг, үзэсгэлэнтэй юм аа” гэсэн урмын үгийг өдөр болгон илгээдэг. Түүнээс гадна эмэгтэй хүний гоо сайхан, бүтээгдэхүүний талаар зөвлөгөө авдаг. Харин болзоонд урих тал дээр бол таныг хүндэлдэг шүү, хоолонд оръё” гэдэг л дээ, тэр болгонд хамт явж чадахгүй шүү дээ. Гадуур явж байхад таараад зургаа даруулах, асуулт асуух зэрэгт их нээлттэй байдаг.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Давтагдах уу, эс давтагдах уу…(I)” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Нийгмийн халамжийн цахим системийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэхэд бусад төрийн байгууллагын оролцоо чухал байна” гэлээ. I-V нүүрнээс уншаарай.

Беларусь улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор МУИС-ийн багш, олон улсын харилцаа судлаач С.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Давтагдах уу, эс давтагдах уу…(I)” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах зөвлөх, доктор Г.Рагчаасүрэнтэй төсвийн тодотгол тойрсон сэдвээр ярилцлаа. Тэрээр “Засгийн газрын бондыг дотоодын хөрөнгө оруулагчид авбал зээлийн хүү өсөх магадлалтай” гэлээ.

“X-Түц” продакшны жүжигчин С.Батзоригтой ярилцлаа. Тус ярилцлагыг XI нүүрнээс сонирхон ушнаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Нэгдүгээр сарын наймнаас өнөөдрийг хүртэл 20,128 хүнд тандалт судалгаа шинжилгээг хийсэн

Covid-19 халдварын талаарх ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-д зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлын талаар лхагва гариг бүр дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг билээ.

ХӨСҮТ Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Нэгдүгээр сарын наймнаас өнөөдрийг хүртэл 20,128 хүнд тандалт судалгаа шинжилгээг хийсэн. Эдгээр хүмүүс тусгай үүргийн онгоцоор буюу Буянт-Ухаа боомтоос гадна Алтанбулаг,Замын-Үүд боомтоор тээвэрлэгдэн ирсэн хүмүүс багтсан. Тандалт судалгааг 20 мянга гаруй хүнд, лабораторийн шинжилгээг 50 гаруй мянган хүнд хийсэн. Үүнээс 300 хүн коронавирусийг зөөвөрлөн ирсэн. Эдгээрийн 96,3 хувь буюу 289 хүнийг эмчилж эдгэрүүлэн эмнэлгээс гаргасан.

Дэлхийн жишиг нь 10 өдөр эмчлэн 3 өдөр ажигласны дараагаар эмнэлгээс гаргаж байхад манай улс иргэдийнхээ дунд алдахгүйн тулд сар шахуу эмчилгээнд явуулсны дараагаар иргэдийн дунд явуулж байгаа. Гэрийн ажиглалтад 35 хүн байгаа. Нийт өвдсөн хүмүүсээс ажиглалт тандалтын хугацаа дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-ийн Клиникт 11 хүн эмчлэгдэж байна. Есөн хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийн биеийн байдал хүнд. Хэвтэж буй хүмүүс дунд 65-аас дээш насны 2 хүн байгаа. Хавсарсан эмгэг астом, чихрийн шижинтэй. Эмчилгээ хэвийн биеийн байдал тогтвортой байгаа. Манай улсад илэрч буй халдварын шинж тэмдэг бусад улсад илэрч буй шинжүүдтэй ойролцоо байгаа. Зарим улсуудад 40-50 хувь нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байгаа.

Манайд хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 31 хувь нь эмнэл зүйн шинж тэмдэггүй хэр нь вирус илрээд эмчилгээ хийлгэж байсан. Тиймд бид биеэс нь вирус илрэхгүй болсон хойно нь эмнэлгээс гаргаж байна. Шинж тэмдгийн хувьд 46 хувь нь хоолой өвдөх, 44 хувьд нь толгой өвдөх, 30 гаруй хувьд ханиах, халуурах, ядрах, 15-16 хувьд нь жихүүдэс хүрч, ядрах, сульдах, дотор муухайрах, толгой эргэх, 2-3 хувьд амтлах мэдрэхүй алдагдах зэргийн шинж тэмдэг илэрч байна. Нийт хүмүүсийн 90 орчим хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж эмчлэгдсэн бол 10 орчим хувь нь хүнд хэлбэрээр туссан. Хүйсийн хувьд 210 буюу 70 орчим хувь нь эрэгтэй хүн байгаа.

Ор хоног 14-64 хоног гэх ялгаатай байгаа. Дундаж ор хоног нь 30 хоног юм. Энэ вирус хүний биеийн бүх хэсэгт орж байна. Шинжилгээг өнөөдөр авахад хамар залгиураас илрэхгүй хэр нь хоолойгоос нь авбал илрэх зэрэг тохиолдол байна. Цэр, цус, шээс, өтгөнд гэх мэт авсан газраас хамааран вирусийн тархалт янз бүр байна. Мөн вирус авсан хүний биед агуулагдах хугацаа болох биеэс гадагшлах хугацаа харилцан адилгүйгээс гадна илрэх хугацаа янз бүр. Нийт шинжилгээний 70 орчим хувьд эхний шинжилгээгээр илэрч буй бол хоёр дахь давтан шинжилгээгээр 20 орчим хувь, гурав дахь давтан шинжилгээ буюу 14-21 хоногийн хооронд 4 орчим хувиас нь вирус илэрч байна хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Богд суманд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өвөрхангай аймгийн Богд сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Тус аймагт тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдол өчигдөр /2020.08.25/ бүртгэгдсэн тул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дээрх арга хэмжээг авчээ. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гурван хүнээс шинжилгээ авч, аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан байна. Шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан бөгөөд хариу нь өнөөдөртөө гарах юм байна. Тусгаарлагдсан гурван хүнтэй тарваганы мах идсэн гэх эмэгтэй хоёр хүүхдийн хамт гэдэс нь өвдсөн, гүйлгэсэн шинж тэмдэг илэрчээ.

Зоонозын өвчин судлалын төвөөс гаргасан мэдээллээр тарваган тахал нь 1970 онд албан ёсоор бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 210 хүн өвчилж 83 нь нас баржээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр наймдугаар сар бол тарваган тахлын дэгдэлтийн оргил үе гэнэ. Тиймээс тарвага агнах, амьтны түүхий эд эрхтэн аль болох хэрэглэхгүй байхыг анхааруулсаар байна.

Categories
мэдээ нийгэм

​Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ долоо хоногт дуусгана

Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэг, 13 аймгийн 20 мянга орчим багш хөл хорионы дэглэмд хичээл заах бэлтгэлээ хангаж байна. Мөн үлдсэн найман аймаг нь багш нараа сургалтад хамруулж, нэгдсэн мэдээ, мэдээлэлтэй болох юм. Энэ хичээлийн жилд нийслэлээс гадна зургаан аймаг нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийнхээ бүртгэлийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж байна.

“Нийт 377 сургууль нэгдүгээр ангийн сурагчдыг цахим хэлбэрээр бүртгэж байгаа аж. Одоогоор хөдөө, орон нутгийн нэгдүгээр ангийн элсэлт 54 хувь, нийслэлд60 хувьтай байна. Элсэлт бүртгэлийн үйл ажиллагаа наймдугаар сарын 28-ний өдөр гэхэд дуусна” гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээллээ.

А.МӨНХНАРАН