Categories
мэдээ цаг-үе

Т.Ням-Очир: Их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг эмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн

– ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖТОЙ –

БШУЯ-ны бага дунд боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир өчигдөр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан билээ. Нийслэлийн есөн дүүрэг, арвангурван аймгийн 19,900 багш өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтыг хэрхэн зохион байгуулах талаар сургалтад хамрагдаж байгаа. Энэ хичээлийн жилд нийслэл болон зургаан аймгийн нийт 377 сургууль нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар зохион байгуулж байгаагаас одоогийн байдлаар нэгдүгээр ангийн элсэлт хөдөө орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай үргэлжилж байна. Нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 28-н хүртэл авч, элсэлтийн ажил дуусч, эцсийн дүн мэдээ гарна. Харин тоон мэдээллээр 3069 багшийн сул орон тоо байгаа бөгөөд сонгон шалгаруулалт хийгдэж байна. Хамгийн эрэлттэй нь, бага ангийн багш бол математик, гадаад хэл, хөгжим, хими, биологийн багшийн орон тоо удаалж байгаа. Мөн улсын хэмжээнд давхардсан тоогоор 66 компани 140 цэгээр дамжуулан дүрэмт хувцасны борлуулалт хийж байна. Дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй. Хүүхдэд ялгаатай байдал үүсгэхгүйгээр дүрэмт хувцсаараа жигдэрнэ. Харин сурах бичгийн нөхөн хангалт хийгдсэн, сургуулиудад хуваарилах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулиудад нийт 2160 гар угаалтуурыг нэмж байршуулсан бол нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо 46 байна. Цаашид гар угаалтуурын тоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор нийт сургуулиудын 89 хувь нь нэгээс хоёр удаагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн. Есдүгээр сарын нэгэн гэхэд гурав дахь удаагийн халдваргүйжүүлэлтийг хийж, хичээл эхлэх бэлэн байдлыг хангана” гэсэн юм. Мөн тэрээр “Есдүгээр сарын 1-ний өглөөнөөс хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Харин хичээл эхлэхээс өмнө тухайн сургууль хичээлийн жилийн онцлог, шинэ багш нарын талаар, эсвэл ахмад багш нарынхаа сургаалыг видео хэлбэрээр бэлтгэж хүргэж болно” гэсэн юм.

Бид БШУЯ-ны бага дунд боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос хувийн дунд сургуулиудын төлбөр, өдөр өнжүүлэх газрууд ажиллуулах эсэх талаар тодрууллаа.


-Энэ жил төрийн бус өмчийн хэдэн сургууль үйл ажиллагаа явуулахаар эрхээ авсан бэ?

-2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 158 төрийн бус өмчийн сургууль үйл ажиллагаа явуулсан. Эдгээр сургуулиудад 47011 хүүхэд суралцсан. Энэ бол нийт хүүхдүүдийн 7.3 хувийг эзэлж байгаа юм. Сүүлийн арав гаруй жилд төрийн бус өмчийн сургууль огцом нэмэгдээгүй. Хүүхдийн тоо хэвийн хэмжээнд байгаа.

-Хувийн дунд сургуулиудын төлбөр 6-120 сая төгрөгний үнэтэй байна гэсэн мэдээлэл байна. Төрөөс хувийн сургуулийн үнийг тогтоох боломжгүй ч гэсэн тодорхой хэмжээний зохицуулалт хийж болдоггүй юм уу?

-Нэгдүгээрт, хувьсах зардлын хувь хэмжээгээр арга хэмжээ авч байна. Хоёрдугаарт, цар тахлаас шалтгаалж эцэг эхчүүдийн санхүүгийн боломж худалдан авах чадвар муудсантай холбоотой сургалтын төлбөрийг сайдуудын хамтарсан тушаал дээр сар, улирлаар нь уян хатан зохицуулаач ээ гэдэг заалт оруулсан. Тэгэхээр эцэг эхчүүд хичээлийн жилийн эхэнд сургуультайгаа байгуулж буй гэрээндээ төлбөр мөнгөний асуудлаа нарийн сайн тусгаж өгөх ёстой. Цаашдаа цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл сургууль тасалдалгүй хичээл сургуулийн үйл ажиллагаагаа явуулах ямар боломж байгаа юм. Сургууль хүүхдэд ямар давуу тал боломжийг олгох юм, төлбөрөө яаж төлөх гэх мэт нарийвчилсан байдлаар гаргаад өгвөл маргаан гарахгүй. Өнгөрсөн хичээлийн жилд ийм нарийн зохицуулалт бага байсантай холбогдуулаад маргаан их гарсан. Бид ирсэн санал хүсэлтийг тухай бүрд нь сургууль руу шилжүүлсэн.

-Дунд сургуулийн сонгоны анги төлбөртэй юу?

-303 дугаар тушаал гэж бий. Гүнзгийрүүлсэн болон түргэвчилсэн сургалтыг зохион байгуулахтай холбогдуулаад нийт хувьсах зардлын 50 хувиас түргэвчилсэн сургалтын төлбөр илүү гарахгүйгээр зохицуулсан байдаг. Тэгэхээр сургууль болон сургуулийн зөвлөлөөрөө хэлэлцээд энэ төлбөр мөнгөө тогтоодог. Ингээд хүүхдүүдэд стандартаас давж олгож байгаа сургалтын үйл ажиллагаагаар дамжуулж төлбөрийн хураамж авах зохицуулалтууд төрийн өмчийн сургуулиудад бий.

-Хувийн сургуулийн төлбөр нэмэгдэж байгаа тохиолдолд нэг хүүхдэд олгох хувьсах зардал ч мөн өөрчлөгдөх байх?

– 2016 оноос эхлээд өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардлын санхүүжилтийг тодорхой хувиар олгодог зохицуулалтыг хийж өгсөн. Хэт өндөр төлбөртэй байвал нийт хувьсах зардлын 30 хувь, дундаж өндөртэй бол хувьсах зардлын 50-80 хувь, бага төлбөртэй буюу ашгийн бус сургуулиудад хувьсах зардлыг нь 100 хувь олгоод явах ийм зохицуулалт хийсэн.

-Өдөр өнжүүлэх төвүүд ажиллах уу?

-Одоогоор өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулна, ажилуулахгүй гэсэн тодорхой чиглэлийг БШУЯ-наас гаргаагүй. Гэхдээ өдөр өнжүүлэх төвүүдэд тавигддаг нийтлэг шаардлага, ажиллуулахтай холбоотой хяналт тавих ажлуудыг аймаг дүүргийн хүүхдийн төлөө зөвлөл тодорхой ажлын хэсэг гаргаж хянаад явна. Хэрвээ тухайн аймаг дүүрэг эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна гэж үзвэл өндөр өнжүүлэх газруудыг ажиллуулж болно. Хориглосон зүйл байхгүй.

Хичээлийн шинэ жилийн нээлТийн арга хэмжээ зохион байгуулахгүй гэв

Мөн бид Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэж хасагдсан талаар БШУЯ-ны дээд боловсролын газраас тодруулахад “Монгол Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 93 Их, дээд сургууль, коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж, нийт 150 мянган оюутан суралцахаар байна. Үүнээс бакалаврын түвшинд 120 мянга орчим оюутан суралцана. Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус /цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд лекцийг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс цахимаар эхлүүлж, семинар, лабораторийн хичээлийг 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс танхимын сургалтаар эхлүүлнэ. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн бөгөөд хуучин уламжлалт нээлтийн арга хэмжээг зохион байгуулахгүй. Энэ жил сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн. Мөн сургалтын төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр улирлаар болон оюутан, суралцагчтай байгуулсан гэрээндээ зохицуулалт хийн уян хатан байдлаар төлөх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Их, дээд сургуулийн нэг кредитийн дундаж төлбөр 2019-2020 оны хичээлийн жилд 80 мянган төгрөг байсан. Тухайлбал, АШУҮС-ийн хувьд сургууль дотроо суралтын төлбөр харилцан адилгүй байдаг. Тус сургуулийн АУ-ны сургууль 99 мянга байхад сувилагчийн сургууль 85,6 мянга байна. Одоогоор бидэнд Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн, эсвэл хасагдсан гэсэн мэдээлэл ирээгүй. Үүнээс гадна төрийн өмчийн сургуулиуд 480 оноо, төрийн бус өмчийн Их дээд сургууль, коллежууд 410, хөдөө орон нутгийн их, дээд сургууль, коллежууд 400 оноогоор тус тус босго оноо тогтоосон” гэсэн мэдээлэл өгсөн юм. Мөн дотуур байрны хүртээмж, төлбөрийн талаар тодруулахад “Энэ хичээлийн жилд 51 оюутны дотуур байранд 12,8 мянган оюутан хүлээн авах боломжтой. Үүнээс нийслэлд 39 дотуур байранд 11,8 мянган оюутан, хөдөө, орон нутагт 12 дотуур байранд 1,1 мянган оюутан хүлээн авна. Оюутны дотуур байрын бүртгэл, төлбөр тооцоог цахимаар зохион байгуулж, Энэ сарын 5-ны өдрөөс оюутнуудыг хүлээж авна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ариутгал, халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар сургуулийн дотоод болон гадаад орчны халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ. Мөн тухайн оюутан дотуур байрын нийтийн эзэмшлийн талбай, номын сан, цайны газар, амрах өрөө, ариун цэврийн өрөөнд амны хаалтыг тогтмол зүүнэ. Сургууль, дотуур байранд 21цагаас хойш хөдөлгөөнийг хязгаарлана. Өрөө тасалгааны цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтсон цагт хуваарийн дагуу хийж, хувийн ариун цэврийг сахиж, өрөөний эмх цэгц, байрын дотоод дэг журмыг баримтална. Байранд амьдардаг суралцагчид халуурах, ханиалгах, нус гоожих, толгой эргэх зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх түр тусгаарлах өрөөг бэлдсэн байна. Түүнчлэн тусгаарлах үед авах арга хэмжээний зааврыг бэлтгэн, хариуцах эзнийг тодорхой болгосон байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

С.ЛХАМСҮРЭН

П.САЙНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чинбат: Гудамжинд хог хаяж, цэрээ хаясан иргэдэд 100 гаруй сая төгрөгийн торгууль оногдуулсан

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбаттай Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.


-Олон нийтийн газар тамхины иш, хог хаясан бол торгоно гэсэн заалт байдаг. Энэ хууль хэрэгжиж байна уу. Ялангуяа айлууд цонхоороо хогоо гаргаж шидэх зөрчил маш их байдаг. Хэрхэн тэмцэж, ямар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчлийг заасан бөгөөд олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” тодорхой хуульчилсан. Цагдаагийн алба хаагчид 2019 онд дээрх зүйлд заасан зөрчил үйлдсэн 5114 хүнийг 129690 төгрөгөөр, 2019 оны эхний 7 сарын байдлаар 5377 хүнд 126.925 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн алба хаагчид шийтгэл их оногдуулж байна гэсэн шүүмжлэл байдаг. Ихэнхдээ зөрчил үйлдсэн түүнд холбогдсон иргэдээс ийм санал, гомдол гаргах явдал олонтаа. Цагдаагийн байгууллага, алба хаагчид Зөрчлийн тухай хуулийг хүнд торгууль оногдуулахад чиглэсэн гэдэг байдлаар хардаггүй бөгөөд бид улс орны болон нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, дэг журам, хүн зоны амар тайван амьдрах хэвийн нөхцөлийг баталгаажуулан хангах, нийгэмд төлөвшин амьдрах арга ухаан, соёлд суралцахад үзүүлж буй эерэг нөлөөг нь тооцож илүү өргөн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг зорьдог.

-Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулдаг болсон. сайн тал гэвэл айлууд гэртээ чангаар хашгирах, муудалдах, архидан согтуурахаа больсон байна гэж иргэд ярьж байна.Хичнээн хүн, хичнээн айлд он гарсаар торгууль ногдуулж арга хэмжээ авсан бэ?

-Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой хуульчилсан. Цагдаагийн алба хаагчид 2019 онд уг зөрчлийг үйлдсэн 1068 хүнд 106800 төгрөгөөр, 2020 оны эхний 7 сарын байдлаар 2363 хүнд 236300 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

-Хүмүүсийн хамгийн их ярьдаг сэдэв бол хүний машин таглаж, орц гарц хааж, гарааш таглаж машинаа орхиод явдаг зөрчил их байдаг. үүнийг хуулиар хэрхэн зохицуулсан байдаг вэ. энэхүү зөрчлийг арилгах зорилгоор хуулийн хэрэгжилтийг чангатгаж өгөх хэрэгтэй байна гэдэг саналууд иргэдийн дунд их яригддаг. Энэ асуудал дээр мэдээлэл өгөөч?

-Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 57 үйлдлийг зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Таны ярьж байгаа хороолол доторх орц, гарцыг хааж автомашинаа байрлуулах, хорооллын доторх хөдөлгөөний журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч хориглосон газарт тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус хуульчилсан. Дашрамд хэлэхэд, Цагдаагийн байгууллагын хэмжээнд илрүүлж, шалгаж шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлдэг бөгөөд энэ төрлийн зөрчилд оногдуулах шийтгэлийн хэмжээг оновчтой, тухайн зөрчлийг удаа дараа үйлдээд байгаа хүнд нөлөөлөхүйц хэмжээнд тогтоох талаар иргэд, цагдаагийн алба хаагчдаас санал, хүсэлт ирүүлдэг. Мөн Тээврийн цагдаагийн албанаас гадаад улс орнуудад зөрчлийг шийдвэрлэж буй зохицуулалт, үр нөлөөг судалсан. Тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсад бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийг сайн дураар төлөөгүй бол сар бүр 10 хувиар нэмэгдэх ба жилийн эцэст тухайн зөрчил гаргагчид албан мэдэгдэл хүргүүлж, хэрэв төлөөгүй бол тээврийн хэрэгслийг албадан саатуулах замаар гүйцэтгэлийг хангуулдаг.

Бас Чех Улсад зөрчил үйлдсэний улмаас бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгуулийн шийтгэлийг заасан хугацаанд нь төлөөгүй бол төрийн бүх үйлчилгээнд хязгаарлалт тогтоох замаар гүйцэтгэлийг хангуулдаг. Мөн Америкийн Нэгдсэн Улсад муж бүр өөр өөрийн хууль, дүрэмтэй боловч ихэвчлэн тухайн торгууль тодорхой хувиар нэмэгдэх замаар өсч, цагдаагийн алба хаагч шалгах үедээ уг зөрчлийг илрүүлэн, хэрэгжилтийг хангуулдаг зэрэг зохицуулалтууд байдаг.

-Саяхан твиттерт нэг иргэн өөрт тохиолдсон явдлаа мэдээлсэн байсан. “Гудамжинд согтуу хүн настай хүмүүсийг зодож байгааг хараад салгах гэтэл намайг тоосгоор цохиж гэмтэл учруулахыг завдсан учраас тэр хүнийг хоёр гурав цохиод унагаасан. Гэтэл олон нийтийн газар танхайрсан үйлдэл гаргасан гээд зөрчлийн хуулиар торгууллаа” гэж бичсэн байсан. иймэрхүү жишээнүүд иргэдийн дунд их яригддаг. Ер нь хүнд туслах гэсэн биш өөрөө торгуулчихдаг энэ байдлыг зөрчил гэж үзэх нь буруу биш үү?

-Ямар асуудал болсон талаар тодорхой бодит мэдээлэл байхгүй тул шууд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна, миний хувьд. Харин аргагүй хамгаалалтын талаар тодорхой, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” хуульчилсан байдаг. Түүнчлэн хуульд зааснаар аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийх бөгөөд довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцдоггүй гэдгийг ойлгох нь зүйтэй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан, шүүхээс шийтгэл оногдуулсан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл иргэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа. Тэрээр “Миний хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзвэл ХАА-н салбарыг цогцоор нь хөгжүүлэх бодлого байсныг олж харна” хэмээлээ.

“УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Хугацаагүй хадгаламжинд хүү төлөхийг болиулна” хэмээснийг I-V нүүрнээс уншаарай.

НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй НДШ-ийн нөхөн төлөлтийн тухай ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Гуяндаа нагаантай Ерөнхий сайд минь гурав мөргөж бөхөлзөх нь өрөвдөлтэй” хэмээн өгүүлжээ.

Нэг ангийнхан буланд “Даруу төлөв зантай Үндэсний хөгжмийн ангийнхан” оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ТБХ: Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 13 цаг 37 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.

Эхлээд Засгийн газраас 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно гэсэн дэгийг хуралдаан даргалагч танилцуулснаар хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн хууль санаачлагаас асуулт асууж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.

Энэ үеэр хуралдаан даргалагчийн зүгээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал, дүгнэлт гаргасан учир Байнгын хорооны гишүүдэд нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор Ажлын хэсгээс санал, дүгнэлтээ танилцуулахыг хүсэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр, Төсвийн байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийнтухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Б.Чойжилсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажиллуулсан.

Коронавируст халдварт цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн үйл ажиллагаа удааширч, макро эдийн засгийн төлөв байдал өөрчлөгдсөнөөр дунд хугацааны төсвийн үндсэн үзүүлэлтүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн үндсэн үзүүлэлтүүд мөн биелэгдэх боломжгүй байна.

Иймд 2020 оны улсын төсвийг боловсруулахад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг зөрчихгүйгээр боломжит хэмжээнд төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг төлөвлөж Улсын Их Хуралд төсвийн төслөө өргөн мэдүүлэх хууль зүйн боломжийг олгох үүднээс Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор төслийн 1 дүгээр зүйлд нэмэлт оруулан хуулийн 19.9, 19.3 дахь хэсгийн үйлчлэлийг бүхэлд нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол баталж, үүнд Засгийн газарт Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2021 онд 5.1 хувь, 2022 онд 3.6 хувь, 2023 онд 2.8 хувь 2024 оны төсвийн жилээс 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэл баримталж ажиллахыг Засгийн газарт даалгах, эсхүл хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх шаардлагатай байна гээд Монгол Улсын 2020, 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тооцоололд өөрчлөлт оруулах шаардлага бий болсон тул Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

“Төслийн гарчгийг Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах” гэж өөрчлөх саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжив.

Мөн “Төслийн 1 дүгээр зүйлийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.9 дэх хэсгийг мөн хуулийн 8.1-д заасан тохиолдол арилах хүртэл хугацаанд түр түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжлээ.

Түүнчлэн “Төсөлд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “2023 оны” гэснийг “2024 оны” гэж, 19.2 дахь хэсгийн “2021 оны” гэснийг “2022 оны” гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг тогтоосон хугацааг “2020 онд” гэснийг “2021 онд”, “2021 онд” гэснийг “2022 онд” гэж, “2022 онд” гэснийг “2023 онд” гэж, “2023 онд” гэснийг “2024 онд” гэж хойшлуулан мөрдсүгэй гэсэн 2 дугаар зүйл нэмэх” саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Дараа нь Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар зарчимын зөрүүтэй санал гаргалаа.

Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн асуулт асууж, хариулт авлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

Санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулахаар шийдвэрлэлээ.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух шаардлагагүй гэж гишүүд үзсэн учир үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчимын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын ИХ Хурлын гишүүн Ж.Батжаргал танилцуулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээг зохион байгуулж байна

НБОГ-ын үнэлгээ, дүгнэлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо:

-Нөхөн сэргээлтийн шалгалтын хүрээнд 214 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаар орж танилцсан. Одоогийн байдлаар 86 аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа боловч Засаг даргын захирамжаар цуцлагдсан болон өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, тухайн талбай дээр олборлолтын үйл ажиллагаа явуулснаас үүдэн эвдрэлтэй талбай байгаа эсэхийг ажлын хэсэг орж үзнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2014 оноос хойших нөхөн сэргээлтийн тоон мэдээллийг танилцуулахад 2014 онд 173 га талбайд нөхөн сэргээлтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хийж гүйцэтгэсэн бол 2015 онд 73 аж ахуйн нэгжид, 2016 онд 35, 2017 онд 41, 2018 онд 114га талбайд, 2019 онд 97 га талбайд нөхөн сэргээлтийг аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хийсэн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар голын сав газраас хайргыг олборлож байсан 46 аж ахуйн нэгжийг цуцалсан. Үлдсэн 86 тусгай зөвшөөрөлд ихэнх нь уулын дайрга дараагаар нь элс, шавар багтаж байгаа. Уулын дайраг гэдэг нь уулын буталсан чулуу юм. Голын хайрга бараг байхгүй болсон гэлээ.

НМХГ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд НМХГ, НБОГ, Экологийн цагдаагийн албаны хамтарсан нөхөн сэргээх 2020 нэртэй арга хэмжээг нийслэлийн нутаг дэвсгэрт явуулж байна. нийслэл хотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 86 лиценз, хайгуулын 82 лицензтэй аж ахуйн нэгж байдаг. Үүнийг нэг бүрчлэн тоолж байгаль орчны багц хуулийн дагуу арга хэмжээ аваад энэ ажил явагдаж байна. одоогийн байдлаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүрэгт ажлын гурван хэсэг гаран ажиллаж байна. Есдүгээр сарын 20 хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээлтийн мэдэгдлүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн. Есдүгээр сарын 20-оос хойш арга хэмжээ тооцон ажиллана.

Давхардсан тоогоор 267 аж ахуйн нэгжийг уг шалгалтад хамруулсан. 69 аж ахуйн нэгжид 87,1 сая төгрөгийн торгуулийг оногдуулж ажилласан. Тусгай зөвшөөрөлгүй ажил явуулсан хоёр аж ахуйн нэгжийг эрүүгийн цагдаагийн албад шилжүүлж эрүүгийн тухай хуулийн арга авсан хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар эмнэлэгт хавдрын оношилгоо, үйлчилгээг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.

Arslan.mn

Өнөөдрийн уулзалтаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд танилцуулж, холбогдох албаныхантай хэлэлцлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ Хоёдугаар эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийг бид бүхэн сонсч, санал бодлоо солилцлоо. Эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрөлийг сааруулах. Тиймээс ЭМЯ-аас өвчлөл өндөртэй хавдрын оношилгоо, эмчилгээг бусад томоохон эмнэлгүүдэд болон орон нутагт нэвтрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт дүрс оношилгооны хосолмол технологи болох ПЭТ-КТ-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү технологи нь хорт хавдар, зүрх судас, мэдрэлийн эмгэгийн оношилгоонд өргөн ашиглагддаг.

Бид энэ технологийг нэвтрүүлснээр хавдарыг эсийн түвшинд оношилж, өвчтөн хавдрын дараа үсэрхийлж байна уу, үгүй юу гэдгийг оношлохоос гадна ард иргэдэд эдийн засгийн асар их хэмнэлтийг үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн төвлөрөлийг сааруулах, ачааллыг хуваалцах ач холбогдолтой. Хүний нөөцийн хувьд ч нэг дороо бөөгнөрөөд байхгүй, салбар дотроо өрсөлдөөд байлгүй, жигд хүртээмжтэй ард иргэддээ үйлчлэх нөхцөл бүрдэх ёстой. Түүнчлэн яамнаас бодлогоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах буюу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт нэлээн анхаарч ажиллаж байгаа. Үүнийг бид зөв системтэй ажил болгож чадвал яваандаа эмнэлэгт хэвтэх өвчтний тоо буурах учиртай. Юуны өмнө бид ард, иргэддээ эрүүл байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгдсэн боловч тэр хэмжээгээр үр дүн гараад өөрчлөгдсөн нь ховор байна. Тиймээс ЭМЯ-аас бүх тулгамдаж буй асуудлуудыг эрэмблэн шийдвэрлэж, төсвийн зарцуулалтаа зөв зохион байгуулна.

Эхний ээлжинд төвлөрөлийг сааруулахад УНТЭ, УХТЭ, УГТЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн шинээр ашиглалтад орж буй нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, төвлөрөлийг сааруулах ажлууд хийгдэнэ. Тухайлбал УНТЭ дээр л ганц бөөр үзэх биш УГТЭ-т давхар нэвтрүүлэх, ХСҮТ дээр зөвхөн оношлуулах биш УХТЭ-т давхар оношилж, үйлчлэх, УГТЭ-т ганц зүрх, мэдрэл үзүүлэх гэлтгүй УНТЭ, бусад эмнэлгүүдэд мөн үзүүлж, эмчлүүлэх юм” гэлээ.

Arslan.mn

Уулзалтын үеэр ЭМЯ болон харьяа агентлагийн удирдлагууд УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуулт асууж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг цаг алдалгүй солилцох талаар хэлэлцлээ. Салбарын асуудлыг шийдэх хамтарсан цуврал уулзалт маргааш ЭХЭҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр үргэлжлэх юм.

Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

​Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хуралдана


Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр болно. ХуралдаанаарЗахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

Маргааныг нэр бүхий иргэний Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ улс-төр

Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэньруйтай уулзлаа

Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар өнөөдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ковид-19 цар тахлын онцгой байдлын үед ч Монгол, Хятадын харилцаа идэвхтэй явагдаж буйд баяртай байгааг онцоллоо.Монгол Улсад онцгой дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш БНХАУ-аас манай улсын 4176 иргэнийг 6 удаагийн таталтаар аваад байна. БНХАУ-д их дээд сургууль, дунд сургуулийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан манай оюутан сурагчид БНХАУ-руу зорчих мөн холимог гэр бүлийн гишүүд БНХАУ-д зорчих хүсэлт илэрхийлж байгаа. Энэ асуудлыг Хятадын тал нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол-Хятадын парламентын бүлэг 2 орны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллахаа илэрхийлээд, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймагтмахны үйлдвэр баригдаж байна. Ковид 19 цар тахлын улмаас үйлдвэрийн барилга угсралтын ажил удаашралтай байна. Энэ махны үйлдвэр ашиглалтад орвол Шивээхүрэнгийн боомтоор мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа учир энэ төслийг дэмжиж ажиллана гэж итгэж байна хэмээлээ.


БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэньруй ковид 19 цар тахлын улмаас нүүрс тээвэрлэлт эрс буурсан асуудлыг Монголын талаас хэд хэдэн удаа анхааралдаа авч нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу Хятадын талаас онцгой анхааран, идэвх чармайлт гарган ажилласан. Одоо цар тахлын өмнөх хэмжээнд хүртэл нүүрс тээвэрлэлтийн автомашин хилээр нэвтэрч тоо эрс нэмэгдсэн, таатай нөхцөл бүрдсэн гэлээ. Мөн хамгийн хүнд хэцүү цагт Монголчууд хөрш улсдаа тусламжийн гараа сунгаж 30 мянган хонь бэлэглэсэн явдалд Хятадын бүх ард түмэн баяртай байгааг уламжиллаа. Мөн энэ түүхэн үйл хэрэг дэлхийд 2 орны найрсаг хамтын ажиллагааг таниулсан үйл явдал болсон гэдгийг тодотголоо.


Уулзалтын төгсгөлд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж буй нь хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд талууд идэвх санаачилгатай ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Гадаадын ​ 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо иржээ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 19.437 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал, гадаадын 53 орноос 63 удаагийн тусгай үүргийн нислэгээр 12976 иргэн, автозамаар 6461 иргэн эх орондоо иржээ.

Гадаадаас ирсэн иргэдийн шалтгаан нөхцлөөр нь авч үзвэл гадаадын иргэн 183, бага насны хүүхэдтэй гэр бүл 2046, эрүүл мэндийн шалтгаантай 1336, хөгжлийн бэрхшээлтэй 317, өндөр настан 1044, жирэмсэн 503, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 7547 иргэн байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Б. Оюундарь

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хороо энэ сарын 26-нд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлт гаргасан байна. УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн юм. Байнгын хорооны 2020 оны 3 дугаар тогтоолоор төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 19 хууль, 1 тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын багийг байгуулсан болохыг дурдав. Тус Ажлын багаас хуулийн төслийн талаар санал гаргажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасны дагуу төсөл тус бүрийн заалт нэг бүрээр хэлэлцсэн бөгөөд тухайн төслийн зүйлтэй холбогдуулан тухайн Байнгын хорооны гишүүд, Ажлын багаас гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураасныг тэмдэглэв. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу дагаж мөрдөх хугацааг Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай нийцүүлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэсэн саналыг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан бүх шатны эмч хөнгөлөлттэй жор бичих, эмийн сангууд хөнгөлөлт олгодог болох зохицуулалтыг тусгасан заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 4 дүгээр зүйл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлүүдэд төслийн үзэл баримтлал, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр зүйл, хэсэг, заалтын дэс дараалал, дугаарлалтад өөрчлөлт оруулах саналыг мөн Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг гишүүдийн олонх тус тус дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, М.Оюунчимэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авлаа. Дараа нь хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 12 саналын томъёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.