Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын тусгай нислэгийн хуваарь

Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авахаар төлөвлөж дараах хуваарийн дагуу нислэг үйлдэх юм байна.

  • Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар усны ослоор 69 хүн амь насаа алджээ

Он гарсаар Улсын хэмжээнд 11 аймгийн 25 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 48 удаагийн усны ослоор 69 хүн амь насаа алджээ. Үүний 51 нь том хүн, 18 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Хурандаа Д.Базаргүр: С.Зоригийн хэргийн гүйцэтгэгчид илэрсэн гэдэгт би огт итгэдэггүй

Түрүүч нь №149(6515) дугаарт

-МОНГОЛЫН ЦАГДААГИЙН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ АЖЛЫГ ОЛОН ЖИЛ УДИРДСАН, ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА АСАН ХУРАНДАА Д.БАЗАРГҮРТЭЙ ХӨӨРӨЛДСӨН ТЭМДЭГЛЭЛ-

Зүүн гар талаас хурандаа Д.Базаргүр, хурандаа Л.Билгээ

Хурандаа бид хоёрын өмнөх тэмдэглэлд Пүрэв генералын дотночлон хэлсэн сургаал үгс, мөн залуу жанжин Лхагвасүрэн гуайн сургамжтай үг цухас дурдагдсан. үргэлжлүүлээд лувсангомбо сайд, Бугын дэжид генералын тухай дурсамж дурдатгалууд гарч ирж байна. үүнийг яагаад онцлов гэхээр хуучны тэр аварга удирдагчдын арга барил, мөн тушаал зааврыг яг хүнд нь онож хэлдэг нь үнэндээ онцгой юм билээ. ингээд Д.Базаргүр хурандаагийн ярианаас хүргэе. “дэжид генералыг халх голын хилийн хороонд очиход би дөнгөж дэслэгч цолтой залуу байлаа. Тэр чинь далан долоон он юм. Та манай цагдан сэргийлэх групп дээр очихгүй юу гэтэл, очъё гэж байна. их сайхан энгийн хүн шүү дээ. хүмүүс бол айхавтраар яриад байх нь бий, надад тийм айхавтар хүн санагддаггүй. хамт олонтойгоо уулзуулангаа, сайдад би гурван хүсэлт тавилаа. “Нэгдүгээрт, мөрдөн байцаагчтай болгож өгөөч, хоёрдугаарт, гурван сум хариуцдаг, гадаад дотоодын зочид их ирдэг болохоор машин чухал байна, машинтай болгож өгөөч. гуравдугаарт, нийтийн аж ахуйн угаалгын газрын хатаалтын зориулалттай өрөөнд би суудаг, хатгинд бариулаад хэцүү байна. зориулалтын контор барьж өгөөч” гэж хүссэн. генерал хариуд нь мөрдөн байцаагчийг яамны орон тоонд зохицуулалт хийгээд өгье. Мөрдөн байцаагчаа ав гэлээ. Машиныг бол засгийн газрын тогтоол гарч байж олгоно, гэхдээ Засгийн газарт танилцуулаад тогтоол гаргуулж машинтай болгох шаардлагатайг ойлголоо. Жолоочоо бэлтгэж бай гэдэг юм. Тэгснээ “Өмнөговь, Сүхбаатар аймгийн мөрдөн байцаагч нар бэх нь хөлдчихөөд, хортой харандаагаар ажлаа явуулж байна.

Тэгэхэд та нар хатиг гараад халууцаад гэж байна, наад паараа хас, конторын тухай асуудлаа толгойноосоо авч хая” гэж миний гурван хүсэлтийг газар дээр нь шууд шийдэж байсан. Тэр дороо л би мөрдөн байцаагчаа авсан, дөрвөн сарын дараа, улсын баярын өмнөхөн машинтай болсон, асуудлыг ингэж шуурхай шийддэг хүн байлаа” гээд Лувсангомбо сайдын тухай дурсамж руу орсон юм.

“Халх голын ялалтын 40 жилийн ойгоор Засгийн газрын комиссын дарга нь Лувсангомбо сайд. Тэгэхэд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан юм. Харин Халхын голын ялалтын ойн өмнөхөн НАХЯ-ны сайд болсон байв. Засгийн газрын комиссын даргын хувьд Халх голд хоёр удаа очиж ажлын бэлтгэл явцтай танилцсан. Эхний удаа очоод ажил үүрэг хуваарилсан.Надад -Зам шороо их босч байна. Шороо босгохгүй байх тал дээр анхаарч услах бэлтгэл хий. Замын голын шан их өндөр байна. Жижиг тэрэгний дороос тулах магадлалтай байна, засуул гэсэн. Тэгэхэд чинь Халх голын ойгоор Цэдэнбал дарга, Жуков жанжин хоёрыг ирнэ гэж байсан үе. Хэрвээ тэр хоёр ирэх бол жижиг тэргээр явж таарна гэдгийг Лувсангомбо сайд мэдэж байгаа. Хөшөөг засаж, цэвэрлэх ажлыг хилийн цэргийн хороонд хариуцуулсан. Ой болохоос гурав хоногийн өмнө дахиж ирсэн. Ажлаа шалгаад явж байтал Ерэн баатрын хөшөөний тэнд шарил бороо усанд идэгдээд цөмөрчихсөн байв. Түүнийг харангуут хилийн цэргийн командлагч яамны нэгдүгээр орлогч сайд, дэслэгч генерал Арвай шууд намайг буруутгаж номхон зогсоогоод чи юу харж байдгийн гэж загналаа. Тэгтэл Лувсангомбо сайд барьж байсан цаасаа хальт харан “Энэ асуудлыг чинь хилийн цэргийн хороо хариуцах юм байна, Тэрбиш гэж хэн билээ” гээд хилийн хороон даргын дуудлаа. Би тэгж Арвай генералын хатуу арга хэмжээнээс сайдын ачаар мултарч байгаа юм. Энэ болгоныг би яах гэж ярив гэхээр тэр цагийн сайд дарга нар яаж ажилладаг агуу хүмүүс байсныг л хэлэх гээд байгаа юм. Лувсангомбо сайд ажил үүргийн цаас харсан мэт боловч үнэн чанартаа энэ бол Базаргүр дэслэгчийн хариуцах ажил биш, хариуцах ёстой эзэнд нь хариуцлагыг нь үүрүүлэх ёстой гэдгийг тэнд байсан хүмүүст ойлгуулчихаж байна. Ийм л амьдралын баялаг туршлагатай, аливаад нухацтай ханддаг, асуудлыг шийддэг, шийдвэрээ биелүүлдэг, хүний ажлыг зөв үнэлдэг дарга нар, удирдагчид байжээ. Ийм жишээ олон бий. Одоогийн удирдагчдад нийтлэг харагддаг, худлаа шударга царайлдаг, худлаа амладаг, алдаагаа бусад руу бухдаг, асуудлыг шийддэггүй, хувийн нэр төр, ашиг завшаан хардаг, буруутныг хаацайлдаг гэх мэт увайгүй чанар энэ хүмүүст ч, манай цагдаагийн тэр үеийн дарга нарт ч хумсын чинээ ч байсангүй.

-ОХУ-ын Буриад улсын Дотоод явдлын яамны сайд, домогт Иванов генералтай та ойр дотно байсан хүн. Тэр тухай бас асуулгүй өнгөрч боломгүй байна?

-Би чинь Халх голын дараа Чойбалсанд байсан. Чойбалсан хот бол нөхцөл байдал хүнд, орос цэрэг ихтэй. Энэ чанараараа би оросуудын үйлдсэн гэмт хэрэгтэй их тулна, мөн оросуудтай хамтарч ажиллах зохих хэмжээний дадлага туршлага суучихсан. Энэ маань ч ажил амьдралд их нөлөөлсөн. Хожим 1992 онд ОХУ-д монголчууд, монголчуудаа дээрэмдэх нь даамжирсан. Уг этгээдүүдийг баривчлах ажлын хэсгийг би ахалж Эрхүү, Улаан-Үүд гээд явсан. Тэгэхэд Иванов генерал тус болсон. 1990 онд генералыг Монголд айлчлаад хариу хоёр хүн очиход нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга байсан дарьхүү бид хоёр явж байлаа. Тэгж анх Иванаов генералтай танилцаж байсан. Мөн НИК-ийн шатахуун талоныг Эрхүүд хуурамчаар үйлдээд нэг сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр явахад мөн л тус болсон. дараа нь Хөвсгөлийн хөвч тайгад манай гурван хилчин амиа алдсан. Үүнийг Краснокаменскийн хулгайн анчид үйлдсэн болохыг Буриадын цагдаагийнхан илрүүлж өгч байсан. Энэ болгонд л уулзаж учирч, тус дэмийг нь авч байлаа. Их энгийн хүн байлаа.

-Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. 1990 оны жагсаал цуглаан, 2008 оны 7 сарын 1-нийхээс юугаараа ялгаатай байсан бэ. 2008 онд цагдаа юун дээр алдчихав. Үүнийг танаас нэг асууя гэж бодоод явдаг юм?

-1990 онд ард түмэн ерөнхийдөө маш тайван, цагдаагаа хүндэлдэг, үгийг нь авдаг байсан. ганц нэг, хэсэг бусаг үймээн самуунд уриалсан хүмүүс байдаг л байсан. Тийм хүмүүсийг олноос эвтэйхэн холдуулаад ойлгуулах нь бидний нэг үүрэг байсан. Тиймээс бид жагсаал болоход жагсагчид дунд л явж байдаг байв. Жагсаалын нүүрэн талд гарамжил, Гаравсүрэн хурандаа, Үнэнбат дэд хурандаа гээд бараа сүртэй хэдэн дарга нар ажилтнуудтайгаа ил зогсчихоод, жагсагчидтай нүүр тулан арга эвий нь олоод байдаг байв. Ална тална, эвдэнэ сүйтгэнэ гэдэг яриа бараг гарахгүй. Харин дарь.Сүхбаатар улаан дээлтэйгээ, тугаа бариад, эсвэл Б.Жаргалсайхан улаан лада дээрээ гарч зогсоод уриалахад жагсагчид Төрийн ордон руу дагаад л дайрдаг байв. Жагсагчдад энэ хоёр их нөлөөтэй. гэхдээ эмх журамтай. 2008.7.1-нийх бүгд эсрэгээрээ. Цагдаа алдсан тал бий. Наад зах нь миний дээр дурьдсанчлан нүүр тулж зохицуулахыг оролдоогүй, жагсаал зохион байгуулагчидтай хамтарч ажиллаж чадаагүй, дарга нар нь голдуу энгийн хувцастай намын байрны ардаас удирдаж байгаа харагдсан. Мөн жагсагчид дотор ажиллаагүй гэх мэт. Хамгийн аюултай нь энэ 18 жилийн хугацаанд монгол хүний хүмүүжил ямар их эвдэрч, харгис хэрцгий болсон нь харагдаж байсан. Харин гэм буруутныг олж тогтоолгүй, цагдаагийн удирдлагад байсан хүмүүсийг хэлмэгдүүлэн ял оноосныг шүүхийн практикт буруу хэвшил тогтох эхлэл болсон гэж үздэг. Энэ буруу жишиг Л.гансүхийн нүүрсний, С.Зориг алагдсан хэргийн гүйцэтгэгч гурав, эцэст нь М.Энхсайханы жийп гээд л үргэлжилж байх шив дээ.

Хурандаатай ийн хөөрөлдөж суухад, аливаа асуудлын алдаа оноог нь их ноён нуруутай дүгнэдэг нь анзаарагдаж байлаа. Тухайлбал 7-р сарын 1-ний асуудлыг дүгнэхдээ цагдаа алдаа гаргасан, гэхдээ хамгийн аюултай нь монгол хүн маш их эвдэрч, өршөөлгүй харгис болсон нь харагдсан гэсэн бол МАНАН-гийн талаар ярихдаа загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр юм, тэдний хуйвалдаан анх улс төрийн ашиг хонжоо харж М.Энхсайханы Засгийн газрыг огцруулснаар эхэлж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болж болох Үндсэн хуулийн өөрчлөлт хийснээр түрийвчээ нэгтгэх боломжийг МАНАН-д нээж өгсөн гэж шулуун шударга хэлнэ билээ. Ингээд С.Зоригийн хэрэг рүү яриаг хандуулахад,

-С.Зоригийн хэргийн талаар би ерөөсөө хоёрхон юм хэлье. Нэгдүгээрт, би энэ хэргийн гүйцэтгэгчид илэрсэн гэдэгт огт итгэдэггүй. Мөрдөн шалгах ажиллагааны ажил үүргийн хуваарилалт алдагдсан. Үүнээс болж эрүү шүүлт тулгасан, хүн хэлмэгдсэн гэдэг асуудал яригдаж байна. Ер нь прокурор ажлын хэсэг удирдаад ирэхээр л ийм маргаантай асуудал гараад байдаг юм. 1980-аад онд Дугархорлоогийн гэх хэргийг шалгах ажлын хэсгийг Отгонбаяр прокурор ахлаад яг өнөөдрийнх шиг асуудал үүсч байсан. Яг энэ сэдэв дээр тулгуурлаад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн шинэчлэлийг дурдах хэрэгтэй болж байна. Монгол Улсад Германы техник, эдийн засгийн тусламжтай хэрэгжиж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч үзвэл Х.Тэмүүжингийн шинэчлэлийн үзэл баримтлал зөв. гагцхүү сайдад төрийн ажлын туршлага дутаж, хэт их өөрийнхөөрөө яарч зүтгэсэн, хамгийн гол нь шинэчлэлийг хэрэгжүүлэх гол хүч болсон хурандаа нарыгаа элдвээр дайрч, өөрөөсөө холдуулсан. Гэхдээ прокурорын эрх мэдэл хэтэрхий ихэссэнээс процессын бүх шийдвэрийг гаргаж, мөрдөгч зөвхөн үүрэг гүйцэтгэгч болж хувирсан. Прокурор өөрөө шийдвэр гаргаад, өөрөө хяналт тавьсны горыг Эрдэнэбат прокурор амслаа. Хэрвээ Эрдэнэбат прокурор ажлын хэсгийн ахлагч, шийдвэр гаргах төвшний биш, төрийн хяналтыг хэрэгжүүлэх чиг баримжаа, эрх мэдэлтэй ажилласан бол ийм хэлмэгдүүлэлт гарахгүй, хэрэг илрүүлэх гэж хэт их улайрсныхаа төлөө мөрдөгчид ял шийтгэгдэхгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл хэрэг мөрдөх явцад төрийн хяналт байхгүй болсныг энэ хэрэг их тод харууллаа. Цаашилбал хуулиар прокурорт хэт их эрх мэдэл төвлөрсөн нь хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож ял завшуулах гол нөхцөл болж байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа атлаа хууль тогтоогчид зөвхөн үүнийг л өөрчлөхийг хүсэхгүй байна. Ингээд харахаар эх газрын хуулийн онол зөв мэт санагддаг боллоо.

Хоёдугаарт, надаас хүмүүсийн сонирхож асуудаг асуултуудад Зоригийн хэргийн талаар Ц.Шаравдоржийн номон дээр нэлээн тодорхой хариулчихсан байна лээ. Улсын дээд шүүхийн гишүүн байсан, туршлагатай хуульчийн хувьд би Ц.Шаравдоржийг голыг нь олоод бодитой биччихжээ гэж үзэж байгаа гэв.

Цэрэнхүүгийн Шаравдоржийн “Манан буусан Монголын золиос Санжаасүрэнгийн Зориг” номын “Зам засах ажиллагаа буюу Эрүүгийн ертөнцийг эзэнгүй байлгах сонирхол” 16 дугаар бүлэгт д.Базаргүр хурандаагийн нэр хэд хэдэн удаа гарч байна. Тухайлбал, “С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг гарахаас өмнө цагдаагийн байгууллага үүний дотор Эрүүгийн цагдаа, түүний Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг татан буулгах гэж маш хүчтэй дарамт шахалтыг үзүүлсэн байдаг. Тэр үеийн Хууль зүйн сайдаар толгойлуулсан, УИХ-ын дөрөв таван гишүүн оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрүүгийн цагдаагийн газарт ирж, энэ алба хэрэггүй тухай тулгаж, энэ албыг татан буулгах чиглэл “дээрээс” өгөгдөөд байгаа тухай ч битүүхэндээ ойлгогдохоор ярьж байсан гэдэг. Ингэж дээрээс чиглэлтэй шаргуу шахалт шаардлагын дүнд зорилгодоо хүрч, дээд хэмжээнд бэлтгэгдэж мэргэшсэн энэ албаны бүх ажилтнуудыг ажлаас халав. Эрүүгийн цагдаагийн газар, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Базаргүр, Төрмандах, Батбаяр зэрэг эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх ихээхэн туршлагатай шилдэг мөрдөгчид байсан нь ноцтой гэмт хэрэгт бэлтгэж байсан хүмүүсийг айлгаж байсан нь ойлгомжтой байлаа. Тиймээс тэднийг зайлуулах хэрэгтэй байсан бөгөөд энэ зорилгодоо тэд хүрсэн. Үүний дараахан С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэгдэв. Хамгийн харамсалтай нь, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг татан буулгасны гор энд гарч ирсэн нь харагддаг. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн газрын үзлэгт энэ албанаас дэслэгч цолтой хоёр залуу очсон бөгөөд ямар ч ажлын туршлагагүй, хэн ч мэдэхгүй, Монголын эрүүгийн ертөнцийн тухай ямар ч ойлголтгүй тэр хоёр яах ч билээ, хэргийн газрыг харж зогсож байгаад гарсан байдаг. Хэрэв туршлагатай ажилтнууд очсон бол хэргийн нөхцөл байдлыг анхнаас нь эхлэн харж, цаашид хийх ажлын чиглэл зөв гарах байв. Харамсалтай нь энэ ноцтой хэргийг илрүүлэх алтан боломж эндээс эхлэн алдагдсан байна” гэж бий.

“Шаравдоржийн номон дээрх баримт, гаргалгаа, манай тасгийн тухай, бидний тухай бичсэн юмнууд бол бодитой үнэн. Түүнд бол энэ нь худлаа энээ тэрээ гэх юм байхгүй. Гагцхүү харин манай тасгийг яах гэж тараасан юм, Жамъянсэнгээ, Батбаяр бид гурвыг тагнуулын газар дээр ажиллаж байхад яагаад ямар зорилгоор болиулсан гэдгийн зорилго нь ямар байсныг би мэдэхгүй” гэсэн хурандаагийн хариултаар С.Зоригийн хэргийн тухай яриа өндөрлөсөн.

Пүрэв генералын үүрэг даалгавраар Базаргүр хурандаа олон сайхан чадалтай залуусыг Монголын цагдаад бэлтгэж өгснийг хэн хүнгүй хэлдэг. өөрөө энэ тухайгаа “Зөв сэтгэж, зөв зохион байгуулж чадаж байж хэргийг илрүүлнэ. Манай чиглэлийн ахлахууд тийм чадвар сайтай байсан. Хүн амины хэргийг хүн баригдахгүй гэж хийнэ. Тэр бүхнийг давж сэтгэх хэрэгтэй. Хорьж цагдаад эрүүдэж шүүгээд биш. Би ажилтнууддаа “Энд толгойгоороо ажилладаг хүн байна, гар хөлөөрөө ажилладаг бол тэр алба руугаа яв” гэдэг. гэмт хэрэг илрүүлэхэд маш олон албадын хамтын ажиллагаа их чухал. Шатдаг өнөрмааг чинь худлаа шатаж байна гэдгийг манай тасгийнхан тогтоосон. Үүднийх нь пин шатаад, 13 дугаар хороололд өгсөн байр нь шатаад, өнөрмаа хаана л явна шатаад байдаг. Аав нь ШУА, Их сургуулийн докторуудаар “Өндөр энергитэй хүнээс бөмбөлгөн цахилгаан биеэс нь цацарч байж болно” гэсэн дүгнэлт гаргуулчихсан. Өнөрмааг чинь онцгой энергитэй гээд Анагаахын дээдэд шууд оруулаад, гурван өрөө байр өгөөд, тэгтэл аав нь давраад Ерөнхий сайдыг “Ийм онцгой хүн байхад төр олигтой анхаарахгүй байна. Гадаадад сургуульд явуулж өг, өндөр хангамж өг” гээд шахсан байгаа юм. Жасрай гуай Пүрэв генералд “Энэ ер нь үнэн юм уу, юу болоод байнаа, анхаарч үзээч” гээд ханджээ. Ингээд түүнийг шүдэнз нууж авч явдгийг, зориудаар шатааж байгааг тогтоосон. Криминалистикийн шинжилгээний төвийн шинжээч Оюунбадам, төлөөлөгч Сайнбилэг, Мөрөн энэ хэд голлон олон хүний оролцоотой илрүүлж байсан” хэмээв. “гэмт хэрэг илрүүлэх, хэрэгтнийг барихад олон түмний тус дэм маш их чухал. ганцхан жишээ хэлье. Авдрантын оргодлуудыг бид мөрдөж хөөгөөд Хүүлээ хан ууланд оруулаад мөрийг нь алдчихдаг юм. Яаж ч самнаад мөр нь олддоггүй. Гэтэл Дарханы цагдаагаас нэмэлтээр ирсэн дэд хурандаа З.Эрдэнэбилэгийн бүлэгт нутгийн анчин ганбаатар гэдэг залуу хамт ирсэн. Энэ залуу шөнийн харанхуйд мөрийг олж мөрдөөд оргодлууд дээр яг буулгасан даа” гэв.

Базараа хурандаа бид хоёрын хөөрөлдөөнд Билгээ хурандаа санаа оноогоо хэлж сууснаа -Би 2000 онд ЦЕг-ын сургалтын албыг хариуцдаг байлаа. гэтэл цомхотгоно гээд. Ашгүй яг тэр үед Базаргүр хурандаа дэд даргаар ирээд эрс эсэргүүцсэн. Яахав хуучин бол улс төрийн чиг баримжаатай хэлтэс байсан юм. Улс төрийн үйл ажиллагааг нь байхгүй болгодог юм байгаа биз, цагдааг сургах, хүмүүжүүлэх ажил заавал байх ёстой гээд авч үлдэж байсан. Ёс суртахуунгүй, хүмүүжилгүй цагдаагийн баримт жишээ зөндөө бий. өнөөдөр сургалтын алба шиг хэрэгцээтэй хэлтэс алба цагдаагийн байгууллагад байхгүй болжээ. Тэр үед Базараа хурандаа бид хоёрын сургалтын алба байх ёстой гэж авч үлдээж байсан минь зөв байжээ гэхүйд “Цагдааг цагдаа шиг байлгахын төлөө Билгээ хурандаа их зүтгэсэндээ” гэж хурандаа хажуунаас нь тодотгосноо, төр төвшрөхгүй, төрийн түшээд төлөвшихгүй байгаа энэ цаг үед сайтар сургасан, хүмүүжилтэй, ёс зүйтэй цагдаа л ажил үүргээ ёсчлон гүйцэтгэж чадна гэдгийг арга байхгүй баримттай хэлж байв. Мөн тэрээр “Ерээд онд үйлдвэрүүд хаалгаа барьснаас нийтээрээ ядууралд өртөж байсан. Ажилсаг хэсэг нь гахай зөөх нь зөөж, туйпуу цохих нь цохиж байгаад улсаа өндийлгөөд ирсэн. гэмт хэрэг ч буурсан. өнөөдөр гэмт хэрэг яагаад буурахгүй байна вэ гэхээр бас л ялгаагүй ядуурал. Харин ядуурсны шалтгаан нь нийгмийн баялгийн хуваарилалт бурууд байна. Зальтай завшаанч нь баяжаад, шударга хөдөлмөрлөсөн нь хохирч байна. Хуулийн гажуудал, татвар, зээлийн дарамтанд шахагдаж дампуурч байна. Хууль тогтоогчид нийгмийн ялгаатай хуваарилалтыг мэдээд байгаа атлаа засах гэж хичээхгүй байна. Энэ гажуудлыг хэзээ арилгаж чадна тэр үед улс орон сайхан болно. Оюу толгой гэх мэт энэ том төслүүдийн үйл явцыг харахаар яг “Эдийн засгийн алуурчны өчил” номын дүр зураг уншигдаад байдаг. Гарах арга зам нь бас л энэ номон дээрээ байгаа гэх мэтээр ярилцсаар бидний яриа өндөрлөлөө. гэхдээ л хурандаагийн нөөц зөндөө үлдлээ дээ гэсэн бодол надад үлдсэнийг нуух юун.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын маргааш…

Сайхан наадаж байна аа. Нэг наадам энд дуусавч үргэлжлэл нь эх орны аль нэг өнцгөөс ундарсаар. Яг л хуучирч муудсан дулааны хоолойн энд ус гоожихоор бөглөөд орхитол тэрүүгээр годгодоод унадаг шиг. Ямарч инфляци, санхүүгийн хямралын өмнө монгол наадам л нэг хотойхгүй юм даа. Нэгэнт дийлдэшгүй нь тодорхой болсон энэ сайхан наадмаа шүүмжлэхийн оронд улам төгс төгөлдөр бизнес болгомоор санагдаад байна. Энд татвар төлөгчдийн мөнгийг хэмнэж, наадмыг өөрийг нь өөрөөр нь санхүүжүүлэх тухай яригдаж байна. Наадам хямрахгүй л байгаа болохоос биш эдийн засаг бол хямраад л байгаа шүү дээ. Юуны өмнө бөхийн зодог, шуудаг дээр реклам байрлуулмаар байгаа юм. Мэдээж архины компаниуд л хамгийн түрүүн мөнгөөр зодож эхэлнэ л дээ. Зэрвэс харахад ногоон зүлгэн дээр хэдэн лонх… Гэхдээ худлаа барилдахаас л ичмээр байв гэж үү. Бөхчүүдийнхээ ашиг орлогыг бодоод өмсгөлийнх ханцуй сугыг ч гэсэн зохих сурталчилгаанд ашиглаж болмоор байгаа юм. “Формула-1”-ийн машин чинь мэддэгт мэргэн цоохор гэмээр л юм байдаг биз дээ. Ухаандаа бөхчүүдийн шуудагных нь эрзээнийг дагуулаад гүйдэг зар явуулах бүрэн боломж байна. Луг луг компанийн менежерүүд болохоор “Бид тэгж бөөсний замаар рекламаа хийдэг гарууд биш” гэхчлэнгээр томроод л. Бодоод байхад шуудагны өгзөг хэсэг нь хамгийн үнэтэй байх болуу, зурагтаар хамгийн их харагддаг гээд бодоход. Яг нэг бөхийн өгзөг крупны планаар харагдах мөчид нөгөө бөхийн нүүр жижиг планаар үзэгддэг гэж байгаа. Иимд бөхчүүдийн нүүрэн дээр түр цагийн шивээс хийх, нүдэнд нь анивчдаг реклам байрлуулах асуудлыг ч судлууштай байгаа юм. Энэ бол зөвхөн эхлэл. Мэдээж энэ орлогоор бөхчүүдээ санхүүжүүлнэ.

Манайхан бөхчүүдийнхээ болон хурдан мориныхоо хөлсийг иддэг сайхан уламжлалтай. Энэ ажлыг бизнес болгохын тулд том сайхан ванн байхад л болно. Эхлээд ялсан бөх юм уу? морио тэнд умбуулна. Хөдөөний хүүхдүүд бол мэдэж байгаа даа, мал яаж креолинддэгийг. Ангаж цангасан наадамчиддаа тэрхүү “хөлсний баяжмал”-аас шанагаар уухад нь шанагыг, халбагаар уухад нь халбагыг зохих үнээр өгнө. Мэдээж арьсны асуудал энэ тэрээд хэрэгтэй тос түрхлэгийг яг хажууд нь борлуулахад эрүүлийг хамгаалах салбарт мөн ч их дэм болно доо. Ер нь бөхчүүдэд допингийн шинжилгээ энэ тэрээ хийхийн оронд арьсны үзлэг хийгээд хөлсийг нь амссан иргэдэд хэрэг болох тос түрхлэгийг импортолж байгууштай юм байгаа юм. За морин дээр ч ялгаа байхгүй. Онцлог нь бол бруцеллёзны эм мэтсээ л дагуулж зарна биз.

Энд ер нь аудио, видео гээд рекламны төрөл зүйлийн боломж гарч байна. Одоогийн “Тэр бөх хэний хэн бэ ” энэ тэр гээд ямар ч унацгүй, дээр нь хэн хүнд мэдээжийн юм орилж байхаа болимоор байна. Тэрний оронд

-“Тэр бөхийн уудаг ундаа юу вэ?” гэхээр нөгөө тал нь:

-“Кока кола…” гэж хашгиран аудио реклам хийж яагаад болохгүй билээ, аан.

Дээр нь бөхчүүдийн барьц авахуулах хэсэг дээр хэний реклам байх вэ гэдэг бол бас нэг санаа. Шар чингэс дээрээс барьцаа авах уу, хар чингэс харагдахаар атгах уу гэдэг дээр наймаалцаад явчихна. Бас бөхчүүдийн бие биеэ тэврээд зогсдог хэсгийг “рекламын пауз” гэж нэрлээд цагийг нь зарж болж байна. Бөхчүүд ч гэсэн тэврэлдэн удаан зогссон цагаараа явуулсан нийт рекламын төлбөрийн 10 хүртэл хувийг хүртэж болох юм. Түүнчлэн зууралдаад салахаа байчихдаг уяа бөхчүүд бол “наалдан пад” мэтийн цавууны сайхан сурталчилгаа болно. Ай мөн ч их бизнес, мөн ч их мөнгө үнэртэж байна даа.

Одоо далд сурталчилгаан дээр тогтож ярьцгаая. Нэгэнт л шударга бизнесийн тухай ярьж байгаа болохоор далд сурталчилгаа ч шударга байх ёстой. Бөхийн шуудаг шувтрах мэтийн эгзэгтэй хормуудад нууц эрхтнээс өмнө далд сурталчилгаа цухалзахыг энд хэлж байна. Ер нь бол зориглож чадаж гэмээнэ нууцын орон дээр ч сурталчилгаа байрлуулаад машид санамсаргүй мэт байдлаар их мөнгө олох боломж бий юм. Ингэхээ байг гэхэд бөхчүүдийн суганаас янжуурын соруул, шуудагны захаар лонхны ам үе үе цухалзан иргэдийн тамхи татах, шар тайлах хорхойг нууцаар хөдөлгөөд, чамгүй мөнгө олоод байх бүрэн боломжтой.

Энд сөрөг реклам хэмээх цоо шинэ бизнесийн орон зай бас гарч ирж байна. Бөхчүүдийн зарим нь унаж, морьдын сулхан нь сүүл мушгидаг юм байгаа биз дээ. Жишээлэхэд, нэгийн даваанд унах цэргүүдийн ууцан дээр “ДОХ-ыг энэ мэтчилэн нам дарцгаая” гэсэн бичиг байж яагаад болохгүй билээ. “Баян ходоод”-ын хүүхдийн морин дээр “сүрьеэ” өвчнийг гутааж яагаад болохгүй гэж. Эсвэл бүр эсрэгээр нь “ядуурлыг бууруулъя” гэж бичээд олон түмэнд юм бодогдуулж болж байна. Нэгэнт реклам байрлуулж мөнгө олох асуудал ярьж байгаа хойно “морины уралдаанд сүүлдэх лиценз” , “амын бөхийн эрхийн бичиг” энэ тэрийг зараад мөнгө босгож бизнес болгож болж байх жишээтэй. Эндээс унах бөхийн шуудагны рекламын зай, унагаахынхаасаа хямд байх гэхчлэнгийн тарифын асуудал тодроод ирж байна. Морины хажуугаар давхидаг жийпнүүдийг нэгэнт цэгцэлж чадахгүйгээс хойш жаахан зохион байгуулаад зэрэгцүүлэн уралдуулах талаар юм сэтгэе л дээ. Түрүүлсэн жийпний жолоочийг цоллоод, байлаад явахад хэн хохирчих гээд байгаа юм бэ?

Сурын харваанд л реклам олдохгүй жаахан тиим байх байх даа. Суман дээр нь юм бичихээр онохгүй бол рекламдуулсан байгууллага мөнгөө нэхэх аюултай юм даа. Ер нь бол сур бол нэг тийм хөгийн, шударга болдог учраас зах зээлд гологдоод байх талтай юм аа. Яая гэхэв дээ. Сайхан монгол дээл, жанжин малгайны реклам хэвээрээ үлдэнэ биз дээ..Хөөе бас оргүй ч биш юм байна. Нэг хэдэн нөхөр сурчдын цаана зогсчихоод эдийн засгийн ямар ч үр ашиггүй гараа алдлаад л орилоод байдаг даа. Тэдний энгэрт реклам нааж болж байна. Тухайлбал, харваач байгаа онолоо гэхэд “Пепсодэнт оо хамгийн оновчтой сонголт” гэхчлэнгийн рекламаа өргөнө. Харин алдсан тохиолдолд “Тохиолдлын хавьтлаас зайлсхийх замаар ДОХ-оос сэргийлэгтүн” гэсэн нийгмийн сануулгаа олон түмэнд харуулна. Өө тиин. Харваачдын онох гээд байдаг нэг өрөөстэй юмнууд байдаг даа. Юу гэдэг юм бол доо, нэг нэртэй л байгаа. Тэрийг коко, пепси, тэрчлэн нэр хүндтэй пивоны лаазаар орлуулан мөнгө босгууштай. Нэг үгэндээ эрхий мэргэний суманд эх орны үйлдвэрийн цагаан идээ оногдохуй дор дотор этгээдээс “Меламин үгүй сүү” ану сад тавихуйяа, хурсан олон “Биеэ бодоорой…”” гэхчлэнгээр уухайлж байвал ямар..?

Ингэсгээд дуусгая даа. Та нар “Наадмын маргааш…” гээд эхлэхээр “…намар” гэх гэж байна гэж бодсон уу? Таасангүй ээ. Наадмын маргааш наадам л болж байгаа шүү дээ.

2009.11.17

Categories
мэдээ цаг-үе

Б.Атарбаяр: “Тэнгэрийн тойрог” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ

Монгол Улсын зөвлөх инженер, “Тэнгэрийн тойрог” төслийн удирдагч Б.Атарбаяртай ярилцлаа.


-Улаанбаатар хотод 568 мянган машин хөдөлгөөнд оролцдог гэсэн мэдээ бий. Тэгвэл гүүрэн зам барьснаар машины урсгалыг сааруулж, түгжрэлийг бууруулах боломжтой юу?

– Дэлхийн улс орнуудад давхар замын жишиг олон бий. Манайх чиглэлдээ уулзвартай л болохоос давхар замгүй. Уг тойрог гүүрэн зам 13 километр урттай, бууж, өгсөхийг нь тооцож үзвэл 17.5 километр урттай болж буй. Энэ хөтөлбөр арван жилийн өмнөөс томоохон хөтөлбөр болгож тавьсан. Бид хүн амын өсөлт, хотжилтыг арав гаруй жил судаллаа. Хэрвээ хэрэгжвэл хотын түгжрэлийг 60-70 жил сааруулах боломжтой. Хөдөлгөөний удирдах инженерчлэлийн газраас Улаанбаатарт өнөө маргаашгүй тэг зогсолт болно шүү гэж анхааруулсан. Замын хөдөлгөөн тэг зогсвол стресс бухимдал дээд цэгтээ хүрэх нь тодорхой шүү дээ.

-Гүүрэн замын өндрийг 16 метр болгосон байна. Орон зайг яагаад ингэж шийдэх болов ?

-Мэдээж том байгууламж учраас нам дор орон зай хаах эрсдэлтэй. Ингэж өндөрт байрлуулснаар илүү нарийн, үзэмжтэй харагдана. Нарны гүүрний хөндлөн доогуур гарахдаа та нар үүнийг анзаараарай. Давхар замыг дээш өргөснөөр нарийн харагдуулах боломжтой юм. Ингэснээр дан ганц өнгө үзэмж төдийгүй доод талынх нь авто замд ч саад болохгүй.

-Энэ давхар замыг 800 сая ам доллараар бүтээнэ гэсэн нь шүүмжлэл дагуулаад буй. Ер нь төсөв мөнгөний асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Эх үүсвэр нь улсын төсвөөс гарахгүй гэдгийг нэн түрүүнд хэлмээр байна. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын бүтээн байгуулагчдын хүч хөдөлмөрөөр бий болно гэсэн үг. Ингээд аажимдаа магадгүй 20-30 жилийн хугацаанд тэр мөнгөө бага багаар дарамтгүй хураана. Өөрөөр хэлбэл, төлбөртэй зам байж таарах нь. Энэ гүүрний тавцанг орон сууцны метр квадраттай адил үнэлбэл 2500 долларын өртгөөр бий болох юм. Ямар ч орон сууцны нэг давхартай тэнцэхээргүй өндөр өртгөөр бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдэн зуун жил тэр гүүрэн зам дээр машин зорчих гүүрэн замыг орон сууцны метр квадратаар тооцсон. Олон улсын хөрөнгө оруулалтыг татаж ажиллах учраас тэдний жишгийг дагаж ажиллана. Урьдчилсан таамаг тооцоогоор л метр квадрат нь 2500 доллар байгаа. Яг бариад дуусахаар үнэ өртөг нь тодорхой гарна. Бүтээн байгуулалтын үед бараа материалын үнэ өсөх магадлалтай. Тиймээс хамгийн үнэн тоо бүтээн байгуулалт дуусахаар гарна.

-Хөрөнгө оруулалтыг гадаад дотоодоос татна гэж байна. Тэгвэл тэр хөрөнгийг яг хаанаас татахаар төлөвлөсөн бэ?

-Санхүүжилтээ авахаар Германы байгууллагатай тохирсон. Тэр улс орны иргэд батлан даалт гаргаж, хөрөнгийг эрсдвэл хариуцах боломжтой хэмээн биечлэн судалж байгаа. Үндсэндээ суурь бэлтгэлээ хийчихсэн төсөл гэж хэлж болно. Засгийн газар ч эцсийн шийдвэрээ гаргаад бидний ажлыг дэмжсэн.

–Давхар гүүрийг хэдэн жил барих төлөвлөгөөтэй байна?

-Төлөвлөсөн хугацаа хойшлоод л байгаа. Анхны төлөвлөгөөнд 2017-2021 онд барина гэсэн. Энэ бүтээн байгуулалт дөрвөн жил явагдана гэж төлөвлөсөн. Үүнд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ гадаадын талаас хэлдэг. Одоогоор хөл хорио тогтоогдсоноос үүдэн хүлээгдэж байна даа.

-Монголын уур амьсгалд ямар авто зам тохиромжтой юм бол?

-Улаанбаатар маань хамгийн хүйтэн хотод ордог учраас унадаг дугуй, өөр төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломж хомс. Тэгвэл халуун гражнаасаа машинаа асаагаад явах нь хамгийн ээлтэй болоод буй. Эрс тэс уур амьсгалтай холбоотой учраас автомашинаас татгалзахыг мянга уриалаад ч нэмэргүй. Энэ нь хот төлөвлөлт, дэд бүтэцтэй ч хамааралтай ойлголт.

-Тэгэхээр хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл юу болж таарав?

-Хамгийн ээлтэй гэвэл жижиг тэрэг л байна даа. Машин худалдан авахыг яаж ч муу хэлээд хэрэглээг нь зогсоож хүчрэхгүй. Удахгүй хичээл сургууль цуглаж, үйлдвэрлэл хэвийн явагдвал өнөө тэг зогсолт аяндаа хаалга тогшоод ирнэ. Хот дотроо 20 километр замыг туулах гэж хоёр цаг явлаа гэж байна. Тиймээс бидний яриад буй тойрог зам энэ хугацааг товчлох юм. Тодруулбал, Баруун, зүүн замын хооронд, Зуун айл, тэмээтэй уулзварын хооронд буюу Их тойруу чиглэлд тойрог замаа барина. Нэг захаас нөгөө захад хүрэх ердөө тавхан километрийн асуудал байтал Зуун айлаас-Зайсан чиглэлд явахад цаг гаруй хугацаа шаардагдаад буй. Машин уначихаад таван киломер газрыг нэг цаг туулна гэдэг явган хүний хурдаар явж буйн хэрэг. Тиймээс ч тэг зогсолт бидний амьдралд аль хэдийнэ нөлөөлжээ.

-Тэгвэл цаг хэмнэх боломжтой болох нь ээ ?

-Давхар замыг ашиглалтад оруулснаар таван километр газарт ердөө зургаан минутад очоод бууна гэсэн тооцоо бий. Ингэснээр цаг хугацааг арав дахин хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, цаг түгжирч явдаг газрыг зургаан минутад л туулах нь.

-Тэнгэрийн тойрог гэдэг нэрийн дор дүүжин тээвэр, гүүрэн зам гэсэн хоёр ухагдахуун үүсээд буй. Зарим хүмүүс үүнийг ялгаж ойлгохгүй байна л даа ?

-Дүүжин зам гэдэг нь нийтийн тээврийг буюу аялал жуулчлалын чиглэлтэй, нэг төрлийн цанын баазад байх тэр тээвэр шүү дээ. Тухайлбал, Хотын төвөөс Зайсан толгой руу аялал жуулчлалын маягаар явах үедээ хэрэглэх боломжтой. Гэвч энэхүү тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэхэд дорвитой нөлөө үзүүлэхгүй л болов уу. Тэр дүүжин тээвэрт суухын тулд машинаасаа татгалзахгүй нь ойлгомжтой. Олон төрөлт тээвэр чухал учраас тэр байх нь зөв. Гол нь түгжрэлийг авто замаар л шийднэ. Энэ гүүр Улаанбаатар хотын өнгө зүс, дэд бүтцийн шаардлагыг давхар хангах боломжтой. Тодруулбал, халуун хүйтэн ус, эрчим хүч дамжуулахаас эхлээд цахилгааны кабелиуд, хийн хоолой явуулж, дэд бүтцээ бодитойгоор тэлэх боломжтой. Уг тойрог өөрөө инженерийн байгууламжийн тойрог болох юм.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганцогт: Ихэвчлэн гадаадын контенттой төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн

Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг мэргэжлийн түвшинд хүргэдэг контент бий болж байгаа. Өсвөр насныханд зориулсан эерэг видео бичлэгээрээ олонд танигдаад буй “Mesmerism”-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцлаа.


-Та “Орк”, “Диваажинд хүрэх зам”, “Сүүлчийн монита”, “Анагаахын алдартнууд” зэрэг богино хэмжээний кино уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Одоогоор хоёр том төсөл дээр ажиллаж байгаа. “Анагаахын алдартнууд-2” буюу арван ангитай зохиолоо бичээд ажил ихтэй л явна. Наймдугаар сарын дундуур зураг авалтаа хийгээд нэг сараас кино гарч эхэлнэ. “Ажил дуусахгүй, амьдрал харин дуусна” гэдэг шүү дээ. Гэр бүлдээ бага цаг гаргадаг учраас зохиолоо бичиж дуусгачихаад амрах төлөвлөгөөтэй байна.

-Маш богино хугацаанд бүрэн хэмжээний нэг биш, бүр дөрвөн кино хийсэн шүү дээ?

-Бид хамгийн анх “Орк” инээдмийн, адал явдалт киногоо гаргаж байсан. Үүний дараа IPTV-тэй хамтарч “Сүүлчийн монита” контентыг уран сайхны киноны жишгээр хийсэн. Бүрэн хэмжээний дөрөв, олон ангитай нэг кино хийгээд дэлгэцийн уран бүтээл дээр ажиллах том туршлага хуримтлуулаад явж байна.

-Дэлгэцийн уран бүтээл хийхэд зураг авалт, жүжигчдийн ур чадвар чухал байх. Тийм үү?

-Урлаг дотроо хамгийн хэцүү нь уран сайхны кино байдаг. Олон хүний ур ухаан, сэтгэл шингэдэг учраас аль болох сайн бүтээл хийх гэж хичээдэг. Зураг авалтын үед бүгд хариуцлагатай сайн ажилладаг. Олон ангит кино хийхэд нэлээдгүй сцена авдаг учраас удаан үргэлжлэх хандлагатай байдаг. Бид сонгон шалгаруулалтаар жүжигчдээ сонгодоггүй. Ер нь хүмүүсийг шилж голох дургүй. Гурваас дөрвөн хүнийг өөрсдөө сонгон кинонд тоглох санал тавьдаг.Өмнөх киноны зураг авалтыг есдүгээр сарын сүүлээс арванхоёрдугаар сарын 20 хүртэл хоёр сарын хугацаанд авч байсан.

-Тайз засалт, нүүр хувиргалт, хувцас гээд дэлгэцийн уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Танайх санхүүжилтээ яаж гаргадаг вэ?

-Монгол гурван сая гаруй иргэнтэй ч үзэгчдийн тоо нэг сая дотор л эргэлддэг учраас киног продюсерлэнэ гэдэг маш их эрсдэлтэй. “Mesmer­ism” пэйж хуудастаа богино хэмжээний олон бичлэг хийсэн. Гэхдээ хөгжихийн тулд мэдээж хөрөнгө мөнгө хэрэгтэй, тиймээс бичлэгтээ үзэгчдэд үл анзаарагдам байдлаар бараа, бүтээгдэхүүн сурталчилдаг. Ийнхүү олсон мөнгөө дараагийн бичлэг хийх урсгал зардалдаа зориулж, үлдсэнийг нь бусад хэрэгцээндээ зарцуулна. Бидний хийсэн бичлэгийг ихэвчлэн өсвөр насныхан үздэг учраас гадуур ам сайтай байдаг. Олонд сайн талаа харуулж чадсан болохоор санхүүжилт тал дээр их одтой байдаг гэх юм уу. Кино уран бүтээлийнхээ зохиолыг бичээд хамтран ажиллах байгууллагууддаа хөрөнгө оруулалтын санал тавихад эерэгээр хүлээж авдаг.


-“Mesmerism”-ийн залуучууд гэхээр эерэг контент бэлддэг дүр зураг буудаг. Танай хамт олон анх хэрхэн байгуулагдаж байв?

-Ихэвчлэн гадаадын контентыг харж байгаад түүнтэй төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн. Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. 2016 оны 12 дугаар сард өөрийн “Mesmerism” фэйсбүүк хуудсандаа “Дүүгийн ёолкны мөнгө” бичлэгээ тавьснаар олон нийтэд танигдсан. Бид нийгэмд эерэг хандлагатай, зөв үлгэр дуурайлтай, хөгжилтэй бөгөөд бүх насныханд зориулан бичлэг бүтээдэг. Өнгө үзэмж сайтай байхын зэрэгцээ хараал хэлээд хүн муулаад байдаггүй. Нийгэмдээ хэлье гэснээ хэлчихдэг, өсвөр насны хүүхдүүдийг зөв тал руу нь чиглүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан.

-Видео контентоо хэр хугацаанд хийдэг вэ?

-Мэргэжлийн зураг авалт хийхийн тулд нарийн деталчилж авдаг. Тиймээс яаж авснаасаа шалтгаалаад өөр өөр хугацааг зарцуулдаг. Өмнө нь видео монтажаа шуурхай хийдэг байсан. Олон нийтэд зориулсан контент хийдэг болохоор хуучин шигээ байж болохгүй. Бид нийт 300-гаад видео хийсэн болохоор бүх тал дээр хянуур ажиллаж бүтээлүүдээ сайжруулах хэрэгтэй. Хүн үзээд ойлгохгүй алдаатай видеог оруулахгүй хасчихдаг.Одоогоор пэйждээ 200 видео байршуулсан байгаа.

-Та бүхэн нийгмийн олон талын зүйлийг бичлэгээр дамжуулан залуусыг эерэг зүйл рүү хөтөлдөг. Яг аль дээр нь их хугацаа зарцуулдаг вэ?

-Үр дүн нь сайн гардаг ч хүчирхийллийн хар бараан контент хийхэд маш их цаг зарцуулдаг. Эвлүүлэг, зураг авалт, текст уншихаас эхлүүлээд их ажиллагаа ордог. Зарим хүмүүс та нар хэдхэн видео хийгээд зохиол чинь дуусчихна гэдэг. Амьдрал үргэжлжилж байгаа учраас зохиол дуусна гэж огт байхгүй. Аж ахуй, нийгэм, хайр дурлал, арван жил, оюутан, гэр бүл, ажил гээд л санаанууд ер нь дуусахгүй, гол нь сайн баяжуулах хэрэгтэй.

-Таныг кинонуудаа өөрөө найруулдаг гэж сонссон. Дэлгэцийн бүтээл дээр ажиллах хүнд байдаг уу?

-Багадаа математикдаа сайн хүүхэд байлаа. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Урлагаас хол мэргэжилтэй хүн л дээ. Аливаа юмны цаад талыг харж асуудлаа шийддэг учраас хамт олноо замчилаад явж байгаа юм болов уу. Кино хийхэд хамгийн чухал нь продюсер байдаг. Кино найруулна гэдэг хувь хүнээс маш их хичээл зүтгэл, хариуцлага шаарддаг.

-Контентууддаа хүмүүсийг хэрхэн оруулдаг вэ?

-Манай пэйжийг автоматаар 300 хүн үзчихдэг. Мөн залуусдаа танигдсан болохоор хүмүүс дуртай хүлээж авдаг. Өсвөр насны хүүхдүүдийг зөв зүйлд уриалсан контент хийдэг учраас гэр бүлийнхэн маань уриалгахан хүлээж авдаг.

-“Mesmerism” ямар утгатай вэ?

-Египтээр“ховс” гэж орчуулагддаг.

-Танай хамт олон цаашид ямар төлөвлөгөөтэй байна?

-“Mesmerism” бидэнд маш олон зүйл сурч, хийж бүтээхэд тус болсон. Бид илүү амжилтад хүрэхийн тулд хичээж ажиллана. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг шүү дээ. Би азанд итгэж суудаггүй, зөвхөн өөртөө л найддаг. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шиг л юм хийж бүтээж байж сайн сайхан амьдарна. Цаашдаа өдөр бүр сайн кино, контент хийхийн тулд хичээж, суралцаж ажиллана даа.

Д.ОТГОНТУЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонин “Алт олборлолтоо нэмж байж л монголчууд төгрөгөө цаас болгочихолгүй аж төрнө” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Цагдаагийн байгууллагаас гал голомтоо бадраасан хоёр хурандаагийнд өнжлөө. 100 жилийн түүхтэй Монголын цагдаагаас гал голомтоо бадрааж, шинэ мянганы түүхийг нь бичилцэж яваа хоёр сайхан хурандааг урьж, зочилсон юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. Тэрээр “Төр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна” гэлээ.

“Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай ярилцлаа. Ярилцлагыг I-V нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Алт олборлолтоо нэмж байж л монголчууд төгрөгөө цаас болгочихолгүй аж төрнө” хэмээлээ.

Тусгаарлалтад байгаа иргэн З-тай холбогдож зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Нислэг хүлээж Малайзад нэг охин, онгоцонд нэг өндөр настан амиа алдлаа” гэв.

Монгол легион цэргүүдийн төлөөлөл Хаш-Эрдэнийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрбээр Францын армид 14 жил тасралтгүй алба хааж байгаа бөгөөд, Францын армийн бага офицер цолтой, өдгөө салаан ахлагчийн ажил үүрэгтэй аж.

Энэ удаагийн “Эрүүл мэнд” буландаа “Синдүра-Мед” эмнэлгийн дотрын их эмч Э.Амарбаясгалантай нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.

Хүчирхэг монгол сумо бөхчүүдийн нэгэн болох мэргэжлийн Сумо бөхийн дээд макүүчи зиндааны баруун жигүүрийн хоёр дахь чансаанд эрэмбэлэгдэж байсан “Догшин бүргэд” хэмээх Араваши Эрхбаярын Дөлгөөн энэ жилийн нэгдүгээр сард зодог тайлсан билээ. Түүний аав хоёр ихэр улсын начны нэгэн, Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн дэлхийн аваргын алтан медальт, Сөүлийн Олимпийн чөлөөт бөхийн дөрөвдүгээр байранд орж байсан манай улсын нэрт тамирчин Лодойн Эрхбаяр билээ. Түүний тухай Өдрийн сонины өнөөдрийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (covid-19) 2020-08-02-ны байдлаар

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ “ISO 9001:2015” үнэлгээг амжилттай хамгаалжээ

ЭХЭМҮТ-ийн захирлын хүсэлтийг Эрүүл мэндийн яам хүлээж аваагүй гэв ...

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн Яаралтай тусламжийн тасаг ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны хоёр дахь шатны үнэлгээг амжилттай хамгаалсан тухай ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр цахим хуудаснаа мэдээлжээ. Энэхүү үнэлгээг олон улсад нэр хүнд бүхий аудитын байгууллага болох ХБНГУ-ын “DQS” компанийн тэргүүлэх аудитор цахимаар өнгөрсөн сарын 30,31-нд хийж гүйцэтгэсэн байна. ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгууд ISO 9001:2015, чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг хоёр дахь удаагаа анхааруулга нөхцөлгүйгээр 100 хувь хангажээ.

Categories
мэдээ нийгэм

VIII САРД ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Тусгай үүргийн дөрөв дэх онгоцоор Истанбулаас 252 иргэн эх орондоо ...

Улсын онцгой комиссын Шуурхай штаб энэ сард үйлдэгдэх 14 тусгай нислэгийн хуваарийн талаар мэдээлсэн. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 260 иргэн ирсэн юм. VIII сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулъя.

1. Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиэтл

2. Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели рүү нислэг үйлдэж тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэдийг авчирна.

3. Наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирна.

4. Наймдугаар сарын 8-нд ХБНГУ-ын Франкфурт

5. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар. БНЧУ руу нислэг үйлдэж 170 суудалтай онгоцоор тэнд байгаа иргэдийг авчирна.

6. Наймдугаар сарын 14-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.

7. Наймдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэнэ. Уг нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түрхүү хамрагдаж байгаа.

8. Наймдугаар сарын 20-нд БНТУ-ын Истанбул хот

9. Наймдугаар сарын 21-нд Франкфурт руу дахин нислэг үйлдэнэ.

10. Наймдугаар сарын 22-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэнэ.

11. Наймдугаар сарын 24-нд Токио

12. Наймдугаар сарын 26-нд Франкфурт

13. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.