Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цагт гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг Байнгын хорооны дарга Б.Жавхлан дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдлыг цаашид өрөөр санхүүжүүлэх магадлалтай гэдгийг хэлээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 62 хувиас 56.5 хувь бууруулах зохицуулалт, төсвийн алдагдлын хэмжээтэй уялдах эсэхийг тодруулж хариулт авав. Нөгөө талаар ДНБ-ий хэмжээ буурах магадлал бий учраас дээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэв. Коронавируст цар тахлын нөлөөллөөс үүдэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь шаардлага, үзүүлэлтүүдийг нэг жилээр хойшлуулж байгааг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан. Мөн өрийн дарамтыг бууруулах чиглэлд ирэх жилээс эхний бондын төлбөр болох 2.9 тэрбум ам.долларын төлнө. Үүнийгээ дунд хугацааны өрийн стратегиар тодорхой хэсгийг хуримтлалаас, үлдсэн хэсгийг бонд гаргах замаар шийдэхээр төлөвлөөд байгаа гэв. Бондуудыг олон улсын зах зээлээс тусламж, дэмжлэг хэлбэрээр буюу зарим нь 15 жил, ихэнхдээ 30-40 жилийн хугацаатай, 0-2 хувийн хүүтэйгээр санхүүжүүлж байгаа учир өнөөгийн үнэ цэнээр буурна гэж тооцсон гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуульд заасан үндэслэлээр санал гаргах гишүүн бий эсэхийг Байнгын хорооны дарга тодруулсан. Гишүүдээс санал гараагүй тул Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны дарга Б.Жавхлан нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг дурдлаа. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн Байнгын хорооны гишүүд үзсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Хуралдаанаар төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хууль, тогтоолын төслүүдэд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн эмийн чанар, аюулгүй байдлын талаар санал хэлж, үүнийгээ нэгдсэн хуралдаанд танилцуулах Байнгын хорооны санал, дүгнэлтэд оруулах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэн аль ч шатны эмнэлэгт очвол авсан бүх эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө хувиасаа төлөх зохицуулалтыг онцлоод ажлын байр хомс байдаг хөдөө орон нутгийн иргэд болон малчид, хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс хүнд байдалд орох эрсдлийг тооцох ёстой гэв. Энэхүү хуулийн үйлчлэл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр төсөлд туссан байгаа бөгөөд энэ зохицуулалтад анхаарах, эс бөгөөс төслийн энэ зохицуулалтын талаар сурталчилгаа мэдээллийг иргэдэд өргөн хэлбэрээр түгээн, тэдэнд холбогдох арга хэмжээ авах боломжийг олгох үүднээс хэрэгжилтийн хугацааг хойшлуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргах шаардлагагүй хэмээн Төсвийн байнгын хорооны гишүүд үзсэн тул дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг, танилцуулгын хамт хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан. Гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Categories
мэдээ нийгэм

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг тэтгэвэртээ гарч байгаатай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох юм байна.

Тиймээс ээлжит бус чуулганаар СЕХ-ны шинэ даргыг томилж, орон нутгийн сонгуулиар СЕХ шинэ бүтэцтэй ажиллах нь.

Categories
мэдээ нийгэм

​Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ


Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх талаар хуралдлаа.

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Он гарснаас хойш цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан 33 хэргийг илрүүлж тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Харилцаа холбооны газарт хүргүүлсэн. Цаашид үйл ажиллагааг нь нээхэд татгалзах зүйлгүй. Гэвч мэргэжлийн байгууллагуудын үүргийг чангатгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх зөвлөмжийг хүргэх хэрэгтэй” хэмээв.

Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг НОК-ын Ажлын хэсэг гаргалаа.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр 16 улсын 100 гадаадын иргэн ирнэ


УОК-ын шийдвэрээр өнөөдөр буюу наймдугаар сарын 28-нд манай улсаас БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж байна. Уг нислэгээр манай улсад зөвхөн гадаад улсуудын иргэд ирэх юм. Тодруулбал, 16 улсын 100 иргэн ирнэ.

Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани, ААН, байгууллага болон олон улсын болон Монголд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр дээр ажиллаж буй гадаадын иргэдийг авчруулах хүсэлтийг гадаад, дотоодын байгууллагууд УОК-т тавих болсон. Энд мөн Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүл болон манай улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд, дунд сургуульд багшилж, ажилладаг гадаад иргэд багтаж байгаа аж.

Дээрх нислэгээр ирэх гадаадын иргэдийг олон улсын сүлжээний өндөр зэрэглэлийн “Рамада” зочид буудалд хоногийн 265-280 мянган төгрөгөөр 21 хоног тусгаарлах талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Д.Эрдэнэбатад 4 жил 6 сарын хорих ял оноолоо


Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан

2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад зарлагдаж 9 өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилсэн шүүх хуралдаан дуусаж, шүүх дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Болор нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр 1 дахь зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Золжаргал, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Доржханд, Б.Минжбадам, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ганбат, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаан шийдвэрлэв.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна

Энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн авто замын ачааллыг харгалзан үзэж наймдугаар сарын 29-30-ны Ням, Бямба гаригуудад улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах захирамж хэрэгжихээр боллоо.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 471 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 301 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн 289 буюу 96.3 хувь нь эдгэсэн. Эдгэрсэн хүмүүсийн 33 нь сувилалд, 35 хүн нь гэрийн ажиглалтад байгаа бол 223 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр 11 хүн эмчлэгдэж байна. Тэдний есийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 32 хүн ажиглалт, тандалтад байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 269 хүн шинээр орж, 254 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогийн байдлаар 3722 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 38 их эмч, 100 резидент эмч, 92 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 55 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 15 их эмч, 30 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 82 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн сүүлийн хоёр хоногт эцэг эхчүүдээс хувийн сургуулиуд сургалтын төлбөрийг 100 хувь төлөхийг шаардаж байна гэдэг гомдлоо хандсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 14 иргэн холбогдон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хаалтын хурлаа хийнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ. Найм дахь парламентын анх дугаар ээлжит бусчуулган наймдугаарсарын 17-ны өдөр нээлтээ хийсэн.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсы гхөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг есөн асуудлыг элэлцэхээр товлосон юм.

Энэ дагуу өнөөдөр хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийж, хаалтаа хийнэ гэдгийг УИХ-ынТамгын газраас мэдээллээ

Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт эхэлнэ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд монголчууд эх хэлээ авч үлдэхийн тулд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хичээл хаялтад нэгджээ

Ч.МӨНХБАЯР: ӨМНӨД МОНГОЛЧУУДЫГ ХАМГААЛНА ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛЖ БАЙНА ГЭСЭН ҮГ –

БНХАУ-ын Тунляо хотын Ерөнхий боловсролын сургуулиуд монгол хэлээр хичээллэхгүй байх заавар өглөө гэх мэдээлэл зургадугаар сарын эхээр гарч, цахим ертөнцөд олон хүмүүс Хятадын Засгийн газрын энэ шийдвэрийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлээд байсан. Хэд хоногийн өмнөөс өмнөд монголчууд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож эцэг, эхчүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ. Улмаар Хятадын төрийн байгууллагууд монгол ажилтнуудыг хичээл хаялтад нэгдэхгүй байхыг уриалж, тусгайлан уулзалт хийж, ажлын байраар нь сүрдүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Өмнөд монгол иргэнтэй утсаар холбогдоход “Бидний үр хүүхдүүд харсаар байтал нүдэн дээр монгол хэлээ мартаж, хятадад уусан алга болох гэж байгаад бид их эмзэглэж байгаа. Эцэг, эхчүүд аргаа бараад хүүхдээ сургуульд явуулахгүй гэж ярьж байна. Гэхдээ хүүхдээ сургуульд явуулахгүй байна гэдэг бол цаанаа маш том олон эрсдэл, шийтгэл дагуулахыг мэдэж байна. Энэ бол өрөвдөлтэй аргаа барсан эсэргүүцлийн хэлбэр шүү дээ. Торгууль оноох, ажил төрлөөс халах, өмнө нь ямар нэг төрлийн эсэргүүцэл илэрхийлж байсан бол захиргааны шийтгэл авахаас эхлээд бүр олон хоногоор баривчлах, ял хүлээлгэх гэх мэт ийм эрсдэл өндөр. Сургуульд явуулахгүй асуудал нь бүтдэг юм аа гэхэд хүүхэд нь боловсролгүй болно. Хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй бол хойч ирээдүй нь ямар болох вэ. Эсвэл хүүхдийн насан туршид нь сурах эрхийг хасчихвал бас хэцүү. Ийм өрөвдөлтэй хувь заяа угтаж байна. Тийм байлаа гээд монгол хэлээ зүгээр сууж байгаад устгах хүмүүс биш учраас энэ том эрсдлийг үүрч байна” гэж ярилаа.

Өмнөд Монголын төрийн байгууллагууд монгол ажилтнуудыг хичээл хаялтад нэгдэхгүй байхыг анхааруулж байгаа энэ үед бас энэ эсэргүүцлийг дэмжиж, төрийн албаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн өндөр албан тушаалтнууд байгаа аж. Тухайлбал, Өмнөд Монголын “Одон” телевизийн удирдлагууд ажилтнууддаа “үр хүүхдүүдийнхээ төлөө цаг зориулах боломж олгожээ. Мөн Ордосын шинэ хотын Дүншин дүүргийн дарга дээрх тэмцэлд нэгдэж, буйгаа илэрхийлэн шаардлагатай бол төрийн албанаасаа огцроход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Өмнөд Монголд нөхцөл байдал ямар байгаа талаар “Өмнөд Монголын соёлын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.


-БНХАУ-ын Тунляо хотод монгол хэлээр хичээл оруулахгүй гэдэг шийдвэр гарч, өмнөд монголчууд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Яг одоогоор нөхцөл байдал ямар байгаа талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Хятад улс өнгөрсөн хугацаанд өмнөд монголчуудын бүх юмыг булаасан гэж үздэг. Үндэсний эрх, өөртөө засах эрх, газар нутаг, аж ахуй, ирээдүйг нь булаасан. Ганц үлдсэн юм нь монгол хэл байсан. Монгол хэлийг маань булаавал бидэнд юу ч үлдэхгүй болох нь ээ гэж өмнөд монголчууд ярьж байгаа. Хэрвээ монгол хэлээ авч үлдэж чадахгүй болбол монгол үндэстэн гэж биднээс юу ч үлдэхгүй юм байна. Ер нь Хятадын нам төрийн бодлого зах зээлийн социализмын чөлөөт зарчмаасаа ухарч байгаа.Цөөнх үндэстнүүдийг байхгүй болгох гэж үзэх, тэр дундаа өмнөд монголчуудыг байхгүй болгох бодлогыг хүчтэй явуулж байна.

-Монгол хэлээр хичээл оруулахгүй гэсэн албан бичиг ирээгүй гэсэн мэдээлэл яваад байгаа шүү дээ. Яг тодорхой шийд гараагүй юм байна гэдэг байдлаар хүмүүс хүлээж аваад байгаа?

-Албан бичгээр тушаал гаргахгүйгээр амаар үүрэг даалгавар ирж байна. Төвөөс албан тушаалтнууд ирж монгол хэлээр хичээл оруулахгүй гэдэг зааварчилгаа өгсөн байна. Сургуулийн захирал, багш нарыг цуглуулаад зааварчилгаа өгч байна. Тэгээд багш нар нь, сургуулийн захиргаа нь хэрэгжүүлдэг ийм байдал үүсээд байгаа. БНХАУ-ын Тунляо буюу Жирэм аймагт хэрэгжүүлнэ гэж анх ярьсан. Илэрсэн нь тэр болохоос биш мөн нууцаар Улаан хад аймагт бас монгол хэлээр хичээл оруулахгүй байх арга хэмжээ авч байгаа нь илэрсэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол ер нь бүх Өмнөд Монголын аймаг хотуудад өгсөн юм байна. Түүгээр зогсохгүй монголчууд амьдран суудаг Өмнөд Монголоос гадуурх, өөр зургаан мужид хятадаар хичээллэ гэдэг зааварчилгаа өгчээ. Ерөөсөө л монгол хэлийг устгах зорилгоор бүх газар ийм зааварчилгаа ирсэн байна. Энэ заавар нь хоёр гурав хоногийн дараа хэрэгжих гээд бэлэн болоод байж байна даа.

-Монгол хэл огт орохгүй гэсэн үг үү. Хосолсон сургалт гэж яриад байгаа нь ямар учиртай вэ?

-Монгол хэл заахыг хорихыгоо хос хэлний сургалт гэж ярьдаг. Хос хэлний сургалт гэж юуг хэлэх вэ гэхээр, хятад хэлээр бүх хичээлийг заана, хятад хэлийг нэгдүгээр ангиас заана, гэхдээ монгол хэлний хичээл оруулна гэдэг. Үүнийг хос хэлний сургалт гэж яриад байгаа юм. Энэ бол үндсэндээ хятад хэлний л сургалт шүү дээ. Бага насны хүүхэд сургуульд ороход эх хэлээ ч сайн эзэмшиж чадаагүй байдаг. Тэгэхэд шууд хятад хэл, хятад үсгийг нэгдүгээр ангиас нь заагаад, хятад хэлээр бөмбөгдөхөөр ерөөсөө л хятад хэл, эх хэл хоёр нь адил түвшинд очно. Хятад хэл нь бүр давамгайлсан түвшинд ч очно. Монгол, хэл хятад хэлний хичээлийг зэрэгцүүлэн заахаас гадна монгол хэлнээс бусад бүх хичээлийг хятадаар заана гэж байна. Тэгэхээр өмнөд монгол хүүхдүүд хятад сургуульд орж байгаа л гэсэн үг. Гэхдээ тэр сургууль монгол сургууль гэсэн нэртэй байна. Ер нь өмнөд монголчуудыг хавчиж, Засгийн газраас нь нүүдэлчин ахуй нь социалист нийгэмд зохихгүй байна гээд хүчээр суурьшуулдаг. Газар, малын төлбөр өгнө гээд өгдөггүй. Малчин монголчууд хот суурин газар очихоор олонх хүн ам нь хятад байдаг. Тэнд очоод малчин хүмүүс хятад хэлийг сайн мэддэггүйгээс хятад оршин суугчидтай өрсөлдөж чаддаггүй. Ямар ч мэргэжил байхгүй, цалин муутай, хөдөлмөр хамгаалал байхгүй учир цэвэрлэгч үйлчилгээний ажил хийдэг. Яг л дээр үед ярьдаг байсан, колончлох улс орнууд тухайн ард иргэдээр хамгийн доод шатны ажил хийлгээд өөрсдөө хамаг юмыг нь цөлмөж байна гэдэг ийм байдалд өмнөд монголчууд орчихоод байна. Одоо харсаар байгаад л үр хүүхдүүдийг нь хятад болгох ийм хүчтэй уусгалт явуулаад эхэлсэн.

-Өмнөд Монголын төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст дарамт шахалт ирж байна гэсэн?

-Хятадын Засгийн газраас 2017 оноос хойш жагсаал цуглаан хийхийг хатуу хориглосон. Өмнө нь монголчууд бэлчээр малаа булаалгалаа гээд байнга жагсаал цуглаан хийдэг байсан бол энэ үеэс эхэлж жагсаал цуглаан хийхийг хатуу хориглосон. Тэр үед жагсаал цуглааны гол удирдагчдыг нь гэрийн хорионд оруулж эхэлсэн. Эсэргүүцлийн жагсаал цуглаан хорьсон учраас өмнөд монголчууд сая бараг жагсаж цуглаагүй. Цөөн хэдэн хүн бичиг бариад зогссон. Зарим нь бичиг бариад олон нийтийн сүлжээнд зургаа оруулж эсэргүүцлээ илэрхийлсэн. Дээр нь багш эрдэмтэн хүмүүс үгээ хэлж байна. Өдий болтол монгол хэлээр хичээллээд ирсэн нь төрийн бодлогод харшлахгүй явсаар ирсэн гэдгийг тал бүрээс нь хэлж, монголоороо хичээллэхэд муу юм болоогүй шүү дээ гэдгийг тайлбарлаж байна. Яг одоо төрд ажиллаж байгаа хүмүүс үзэл бодлоо тэр бүр илэрхийлж чадахгүй байна. Өмнө нь төрийн зүтгэлтэн байсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна, харин. Хилийн чандад байдаг дүрвэгч өмнөд монголчууд бас янз бүрийн хурал хийх, жижиг цуглаан хийж, гарын үсэг цуглуулж олон улсын хөдөлгөөн өрнүүлж, Хятадын төрийн байгууллагууд болон олон улсын төрийн байгууллагуудад бичиг өгөх зэргээр хилийн чинадад байгаа дүрвэгч монголчууд тэмцлийг өрнүүлсэн. Энэ тэмцлийн уриа лоозонг хүлээж аваад монгол улсад зарим залуучууд бичиг барьж, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж, уриалга гаргаж, монгол хэл соёлын талаарх байр сууриа янз бүрээр эсэргүүцсэн. Гэхдээ энэ тэмцлүүд төдийлөн нөлөөлөхгүй байна. Яг одоо хэдхэн хоногийн дараа хятад хэлээр хичээллэх шийдвэр хэрэгжих гэж байна шүү дээ.

-Одоо ямар арга хэмжээ авбал хамгийн тохиромжтой гэж бодож байна?

-Тэглээ гээд хаяж болохгүй. Дэлхий дээр арван сая монгол үндэстэн бий. Үүнээс гурван сая нь Ар Монголд, зургаан сая нь Хятадад байна. Үлдсэн нэг сая нь ОХУ-д байна гэж үзэхэд, 10 сая монголчуудын олонх нь буюу зургаан сая нь өмнөд монголчууд. Тэд маань эх хэлээ алдах ийм байдалд хүрчээд байна. Монголчууд маань монгол хэлээ хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэж дуугарах хэрэгтэй байна. Өмнөд монголчууд олон улсын байгууллагад хандах эрх нь хомс учраас ардчилсан Монгол Улсын иргэд үгээ хэлэх эрхээ ашиглаад олон улсын байгууллагад хандаж тусламж авах, манай улсын Соёлын яамнаас Хятадын засгийн газарт хандах хэрэгтэй. “Бид нар монгол хүмүүс учраас монгол хэл хумигдаж байгаад харамсаж байна” гэдгээ илэрхийлэх ёстой. Монгол үндэснээ хамгаалж Монгол Улсын иргэн болгон дуугаръя. Өмнөд монголчууд гэдэг чинь дэлхийд монгол үндэсний дийлэнх нь байж байна. Өөрөөр хэлбэл, арван сая монгол үндэсний зургаан сая нь өмнөд монголчууд юм. Монгол үндэсний ихэнх нь байхгүй болбол монгол үндэстэн үнэхээр хүчгүйднэ. Өмөг түшгээ алдана. Өмнөд монголчууд байхгүй болбол Хятадын тэлэлт, уусгалт манайх руу үерлээд л ороод ирнэ. Өмнөд монголчуудыг хамгаална гэдэг чинь өөрсдийгөө хамгаална гэсэн үг. Монгол хэлэндээ хайртай, монгол хэл соёлоо гэсэн хүмүүс, хэл бичгийн эрдэмтэн мэргэд, зохиолчид ялангуяа хүчтэй дуугарах хэрэгтэй байна. Монгол хэлээ хамгаалах асуудал бол ганц өмнөд монголчуудад тулгараад байгаа асуудал биш, ерөөсөө л бүх монголчуудад хамаатай асуудал. Хэлний багш нар судлаачид бүгдээрээ өмнөд монголчуудын асуудал гэж харахгүйгээр монгол хэлний асуудал, эх хэлний маань асуудал гэж хамгаалж дуугараач ээ. Монголд бүгдээрээ дуугараад хэлээд байвал олон хүн сэрнэ, дээрээс нь монголчуудаас олон улсын байгууллага, хэл соёлын байгууллагад олноороо хандаж дуугараач ээ гэж уриалмаар байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингисийн цэргийн тактик

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дэх хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.


Чингис хаан тухайн үедээ хамгийн сайн зохион байгуулагдсан төдийгүй хамгийн орчин үеийн техникээр зэвсэглэсэн аугаа армийг үлдээжээ. Нүүдэлчид цэргийн зохион байгуулалтаа аравтын системээр бүтээдэг байсан нь өнө эртний зүйл боловч энэ нь тухайн овог, аймгийн хүрээнд хийгддэг байсныг Чингис шинэчлэн холимог нэгжийг буй болгосноор цөөхөн монголчууд үндэстэн болгоноос бүрдсэн сахилга баттай том армийг захиран нэгэн үзүүрт зорилго руу тэмүүлүүлэх ид шидийг гарган авчээ. Карпини бичихдээ:

Татаарын хаан дайнд мордохдоо 100 мянган морьтон цэрэг авч явна. Тэрээр аравт, зуут, мянгат, түмтийн дарга нарыг томилно, тэгэхээр хаан өөрөө ердөө аравхан хүнийг л удирдана гэсэн үг. Энэ арав нь цаашаа арвыг, тэр нь цаашаа арван хүнийг л удирдана. Ингэхээр дайчин болгон өөр өөрийн үүргийг гялалзтал биелүүлж, эцэст нь сайн сахилга баттай гайхамшигт цогцолбор бүтэж байгаа юм. [i]

Цэргийн түүхийн олон сурах бичигт Чингисээс буюу монголчуудаас гаралтай хэмээн өнөө хүртэл дурдсаар байгаа олон тактик, стратегийн ихэнх нь түүнээс өмнө нүүдэлчний цэргийн сургуульд байсан зүйл авч Чингис л чухам түүнийг цэргийн номлол болгон шинэчлэн төгөлдөржүүлж боловсронгуйжуулаад дэлхийн практикт амжилттай хэрэглэжээ. Нүүдэлчдийн цэргийн тактикийн хамгийн гол амжилтын эх сурвалж нь хурд байлаа. Хот балгад, газар тариалантайгаа нягт уялдаатай суурьшмал иргэдтэй харьцуулахад юунд ч үл уягдсан нүүдэлчдийн арми элдэв байлдаан тулалдаанд маш түргэн маневрлах бололцоондоо дулдуйдан гайхамшигтай түргэн зуурын шийдвэр гаргаж хурдан хөдөлдөг байжээ.

Шинэ тулалдаан, дайн бүрийнхээ төлөвлөгөөг Хурилдай дээр хэлэлцэж стратеги боловсруулдаг байж. Тагнуул туршуулууд нь баялаг мэдээллээр хангаж өгнө. Бэхлэлт цайзад дөхөж ирээд ойр хавиас хэрэгцээт нөөцөө цуглуулж, түр бааз байгуулна. Арми нь морин цэргээс бүрэлдэх бөгөөд инженерийн тусгай ангитай. Хүнд морин цэрэг нь хөө хуяг дуулга өмсөж сэлэм жадаар зэвсэглэсэн байхад хөнгөн морин цэрэг нь ердөө л нум сум, хөнгөн жад хэрэглэнэ. Чингисийн байлдагчид тулалдаанд орохдоо эхэнд нь хүнд хуягт морин цэргийг хоёр эгнээгээр, араас нь хөнгөн морин харваачийг гурван эгнээгээр зохион байгуулж давшуулна. Сүүлчийнх нь түрүүчийнхийгээ амсхийх хоорондуур урагшлан, монгол цэрэг бүрт байсан 80 килограмм хүч бүхий 200-300 метр хүртэл тусгалтай нумаараа харван хурц үзүүрт зэв бүхий сумаараа маш оновчтой мөндөр буулгаад эгшин зуур ухрахад харвалтад мэгдсэн дайсныг бүр сөнөөхөөр хүнд морин хороо давшилтад орох жишээтэй. Карпинийн тэмдэглэснээр тэд ухрахаас огт ичдэггүй бөгөөд харин энэ ухрах нь дайснаа хуурч араасаа хөөлгүүлээд эцэст нь гол хүчнээс нь салгах мэх бааш байдаг аж.[ii] Хятадын Эзэн хаан Канси тэмдэглэхдээ “Монголчууд зөвхөн баталгаатай ялна гэсэн тохиолдолд давшин тулалддаг, харин ялагдахаар шинжтэй болвол ичих нүүргүй зугтдаг” [iii] гэжээ.

Дорнын байлдаанчдын зугтах цэргийн тактикийг европчууд уг нь аль эртнээс мэддэг байжээ. Хүн нарын ийм тактикийг IV зууны сүүлчээр Ромын алдарт цэргийн түүхч Аммиан Марцеллин маш тодорхой бичиж үлдээсэн. Хожим нь Европ руу аваар, мажаар, монголчууд довтлохдоо бүгд Марцеллиний хэлж байсан тактикаар байлдаж байлаа. VI-VII зуунд аваарууд Визант руу довтолж энэ тактикаараа амжилт олж байсан. Харамсалтай нь үүнээс хойш хэдэн зуун жил өнгөрөхөд европчууд энэ талаарх туршлагаа таг мартжээ. Монголчууд 1241 онд гэнэт довтлон тэдэнд дахиад л маш том сургамж өгөх нь тэр.[iv] Ийм маневр сайтай, нум саадаг агссан, түүгээрээ галт зэвсгээс доргүй хөнөөл учруулж чаддаг цэргүүдтэй бүр хожим 1807 онд Фридландын тулалдаанд Наполеон тулгарч байв. Энэ нь Оросын армид тулалдаж явсан Халимаг цэргийн хороо байлаа.[v] Халимаг цэрэг Их Пётр хааны армид ч зүтгэж Шведтэй хийсэн дайнд оролцож байсан ба Кавказыг эзлэх олон жилийн тулалдаанд голлох үүрэг гүйцэтгэж байв.[vi]

Төв Азийн нүүдэлчдийн байлдааны тактик нь олон зуун жил үргэлжлэн уламжлагдаж төгс болсон арга юм. Тэд байлдахдаа гэнэдүүлэх, маш түргэн арга тактикаа өөрчлөх хурд, байлдаан болох газраа урьдчилсан сайтар судалсан байдаг. Байлдахаар товлосон бол тэндхийнхээ цаг агаар, улс төрийн болон эдийн засгийн байдал, хүн ам, газарзүй, зам харгуйг урьдчилан маш сайн судалж энэ талын бүрэн мэдээлэлтэй болно. Үүнийг түрүүлж явуулсан тагнуулуудаар гүйцэтгүүлэхээс гадна байлдаанаас өмнө бага хэмжээний цэргийн хүчээр үймүүлэн маш хурдтайгаар бужигнуулчихаад зугтан алга болно. Энэ болгоноос цугласан мэдээллээр болох тулалдааны төлөвлөгөөг зохионо.

Тухайн үеийн монгол цэргийн нум шиг сайн нь иргэншсэн аль ч орны цэрэгт байгаагүй юм. Нумыг бургас, эвэр, шөрмөс зэргийг нимгэн давхарга болгон эвийг нь олж давхарлан нааж бүтээнэ. Нум эвшээж эргэж агшихад шөрмөс маш их хүч оруулдаг. Түүнээс гадна харьцангуй жижиг нум нь морин дээрээс харвахад оноч сайтай байдаг. Монгол цэргүүд нум сумаас гадна бороохой, сүх зэргээр зэвсэглэнэ. Үзүүртээ дэгээтэй жадтай байсан нь эсрэг талынхнаа мориноос нь татаж унагахад хэрэг болно. Бамбайг үхрийн хүзүүний ширээр үйлддэг байсан нь нэг талаас маш хөнгөн, нөгөө талаас хамгаалахын хувьд төмөр бамбайнаас ер дутахгүй.

Нум сум, бороохой, жад, бамбайг айл бүр гэрийн нөхцөлд өөрсдөө үйлдэнэ. Харин үйлдвэрлэл үгүй нүүдэлчид сэлэм, хутга зэрэг төмөр ган зэвсэг гэртээ үйлдвэрлэх бололцоо үгүй. Тэрдундаа ийм том армийг сэлэм, дуулгаар хангахын тулд томоохон нэгдсэн үйлдвэрлэл хэрэгтэй. Иймээс аян дайнд олзолж авсан төмөр зэвсгийг л хэрэглэх аж. Ер нь сэлэм нь довтолгооны гэхээсээ хамгаалалтын зэвсэг юм. Нүүдэлчдийн арми үргэлж довтлогч байсан болохоос хамгаалагч биш учир тэдэнд сэлэм онцын шаардлага байсангүй.

Хишигтэн гэж Чингис хааны хамгаалалтын ангийг хэлнэ. Энэ нь монгол армийн нэн чухал хэсэг байжээ. Хишигтнүүд эхэндээ зуу орчим цэрэг байдаг байснаа өссөөр түм хүрсэн ба Хубилай 12 мянган хишигтэн цэрэгтэй байжээ.[vii] Хишигтэнг дотор нь хэвтүүл, торгууд, хорчин гэж гурав ангилна. Хэвтүүл нь шөнийн харуул бол торгууд нь өдрийн харуул. Өдрийн харуул бол арай цөөн тоотой харуул цэрэг байсныг хэвтүүл гэдэг байжээ. Хэвтүүл цэргийн тоо эхэндээ 80 байснаа улмаар 800 – 1 000 болтлоо өсчээ. Хорчин нь аян замд хааны ачаа тээш, зэр зэвсгийг авч зөөж явна.

Монголын арми морьт цэргээс гадна явган цэрэгтэй байлаа. Чингисийнхэн анхлан маш хүчтэй хамгаалагдсан хэрэм цайзтай учирснаасаа хойш явган цэрэг, инженерийн ангитай байхын ач холбогдлыг ойлгосон юм. Задгай талд тааваараа байлдаж дадсан Чингисийн цэрэг анхлан Алтан улсыг довтлоход суурин иргэний хот балгадтай таарч яваагүй монголчууд ихэд балмагдан, хэрэм ханыг нь гэтэлж чадахгүй сандарч байсан бол хэдхэн жилийн дараа Сартуултай байлдахад хотын хана хэрмийг чулуугаар буюу аварга том чулуу шидэгч оньсоор эвдэн, шатамхай тос, догшин шүү зэрэг янз бүрийн шатах бодисыг хоолой гуурсанд хийн тэсэлж дайсны хамгаалалт руу гал тавьдаг болсон байсан нь тэд тухайн үеийнхээ цэргийн хамгийн дэвшилт техник оньсны үнэ цэнийг үнэлдэг төдийгүй маш хурдан өөриймшүүлж чаддаг байсан авьяас билгийг харуулж байна. Чингисийн зарлигаар эзэлсэн орны олзлогсдоос аль өөдтэй дархчууд, техникийн мэдлэгтнийг шилэн армийн инженерийн корпус байгуулдаг байсан нь сүүлдээ олон жил уламжлагдсан юм. Ингэсээр сүүлдээ хот балгадыг эзлэх системчлэгдсэн арга барилтай болжээ. Гол хүч нь чулуу шидэх, харвах оньсоор тоноглогдсон ангиуд. Тэнд гол төлөв олзнынхноос бүрдсэн чадварлаг инженерийн корпус ажиллаж байлаа. Хотыг эхлээд галтай сумаар харвана. Дараа нь том чулуугаар дүүгүүрдэгч машинаараа хэрмийг нь нураана.

Талын морьтон баатрууд хятадуудтай байлдаж байхдаа 1232 онд Кайфэн хотын хэрмийн гадна галан мөндрөөр нүдүүлжээ. Энэ бол дарь байсан юм. Гэтэл археологийн сүүлийн үеийн судалгаагаар тэд 1274 онд Японд довтлохдоо цаас болон төмөрт боосон дарийг гранат маягийн зэвсэг болгон шидэлж байсан нь тогтоогдлоо. Энэ маягийн зэвсэг нь их чимээ, гэрэл гарган дайсандаа биет хохирол учруулахаасаа илүү айлгах, сандаргах зорилготой юм.

Монголчууд химийн хорт зэвсэг хэрэглэж байсан нь хамгийн хачирхалтай. Ердийн дарийг хорт ургамал болох хорс (Аconitum), хүхэрт хүнцэл зэрэгтэй холин дэлбэлдэг байв.[viii] Хорс нь их хортой, арьсанд хүрэхээрээ түлдэг. Мөн маш хортой кротоны хүчил ч агуулдаг.[ix] Эдгээр хор нь хүнцэлтэй нийлэн шатахаараа хорт утаа болон хөөрч их хөнөөл учруулна.

Заримдаа хотыг усанд авахуулна. Үүнээс өөр ч муу арга бодож олдог аж. Тангадын нэгэн хотыг олон хоног бүслээд эс дийлжээ. Дийлдэхгүй болохоор нь хотын захирагч нартай ийм нэгэн хэлэлцээ хийсэн байна. “Бидэнд нохой, муур их хэрэгтэй байна, хотынхоо бүх нохой муурыг өгчихвөл бид явлаа”. Гэмгүй энэ саналд хотынхон хууртан хамаг нохой муураа цуглуулан өгчихөөд монголчууд буцахыг хүлээж байв. Гэтэл монголчууд буцаагүйгээр барахгүй нохой муурын сүүлийг нь тосолж байгаад гал авалцуулан тавьжээ. Галд идэгдсэн амьтан байгалийн зөнгөөрөө өсч төрсөн газар руугаа тэмүүлцгээж, эцэст нь хот бүхэлдээ түймэрт идэгдэх нь тэр.[x] Ийнхүү хотуудыг бүслэн байлдах цэргийн урлагийн бүхэл бүтэн онол эндээс үүсэлтэй гэдэг.

Хамгийн аймшигтай нь сэтгэл зүйн дарамт. Эсэргүүцэлгүй бууж өгсөн хотын иргэдийг амьд үлдээнэ, ингэхгүй бол толгой дараалан хүйс тэмдэрдэг мэдээгээ сайн тараана. Цуу тараахын тулд хядлагын гэрч болсон тодорхой иргэдийг амьд үлдээж дутаах бололцоо олгодог байна. Байлдааны янз бүрийн уран тактик байнга бодож олдог байсны нэг нь тусгай салбар болон хөгжсөн сэтгэл зүйн дайн юм. Өөрийн цөөн цэргийг олон болгож харагдуулан дайсныг сэтгэлээр унагах янз бүрийн арга сэтгэн олж байснаас шөнө цэрэг нь түүдгийнхээ тоог нэмэх, эсвэл жишээ нь Унгарт халдахдаа морин дээр хүүхэлдэй суулган олон болгож харагдсан зэрэг нь домог болон үлджээ.

Тэд сумныхаа үзүүрт газрын тос шингээгээд галаар харвадаг байсан.[xi] Хэрэм шатаадаг энэ аргыг нь өнөөгийн түүхэнд хүн газрын тосыг дайны практикт ашигласан анхны тохиолдол гэж тэмдэглэжээ. Мөн түүх сударт тэмдэглэснээр бактериологийн дайны эх суурийг Чингис анх тавьсан гэх ба энэ нь бууж өгөхгүй удтал хориглох хотын хэрэм дээгүүр өвчтэй амьтны өмхийрсөн сэг давуулж чулуудан тахал мэтийн гоц халдварт өвчин дэгдээх муу арга сэдсэнийг нь хэлж буй ажээ. Зохион байгуулсан, алсын хараатай, тодорхой зорилгод чиглэсэн тагнуулын бүхэл бүтэн сүлжээг дэлхийд анх Чингис хаан санаачлан хэрэгжүүлсэн гэж үздэг. Дайсныхаа цэргийн чадавх, ард олных нь сэтгэл зүйг урьдчилан тагнахаас нааш тэрээр ямар нэг байлдааны ажиллагаатай зууралддаггүй байлаа. Тагнуул нь аянчин, жуулчин, худалдаачны дүрээр явах ба тэд бүслэгдсэн хотын хэрмийн хаалгыг онгойлгож өгч байсан нь тун ч олон тохиолджээ. Чухам ийм л шалтгаанаар Сартуулын шах Мухаммад 1219 онд Монголын 400 худалдаачныг хороож байв.

Нүүдэлчид алив дайн байлдаанд орохдоо хүнсний хангамжийн асуудлыг маш сайн шийдвэрлэж чадсан нь тэдний хэдэн мянган километр газар тасралтгүй дайн хийн давшиж чаддагийн нэг нууц байлаа. Армийн араас асар олон мал хунар дагаж явна. Адуу морьд нь тээвэрлэлтийн нөөц болдог бол үхэр, хонь нь хүнсний нөөц болно. Гол нь нүүдэлчдийн хагас зэрлэг малыг тэжээх хэрэггүй, өөрсдөө ямар ч нөхцөлд өвс усаа олоод явдаг, алс хол туувар даах чадвартай. Асар том армийг үтэр түргэн хооллох аргыг ч тэд олжээ. Эхлээд гол мөрөн, нуурын дэргэд хүнс хариуцсан бүлэг очиж олон түүдэг асаан дотор нь их хэмжээний чулуу хийн улайтган халаана. Араас нь очих цэргүүд өөртөө үргэлж авч явдаг модон аяганд ус хутгаад улайссан чулууг хийж буцалгах ба дотор нь нөөж яваа борц хэмээх салхинд хатаасан махыг хийж болгож иднэ.

Дайн байлдаанд яваа цэрэг эрс өдөрт 3 600 калори хүнс хэрэглэх ёстой ба үүний 70-аас доошгүй грамм нь уураг байж турж эцэхгүй байх нөхцөлийг хангана гэсэн тооцоо бий. Сартуулыг довтолсон дайны үеэр аравт болгон дундаа гурван хонины борц биедээ авч явжээ. Мөн хэрэглээнийхээ усыг тулманд хийн хөтөлгөө мориндоо бэлэн авч явна. Хүнсний бэлтгэл нөөц болох амьд ямаа, хонь их армийн араас аажуухан бэлчин дагана. Тэндээс байнгын хүнсний хангалт хийнэ. Хүнсний бэлтгэл нөөцийг хангах мал сүрэг мэдээж бэлчээр даган гэлдрэх авч үндсэн армитайгаа байнгын холбоотой байх аж.

Плано Карпини тэмдэглэхдээ, аян дайнд яваа монгол цэрэг нь нохой, чоно, үнэг, адууны гэх мэт идэж болох бүх махыг зооглох ба заримдаа хүний мах ч иднэ гэжээ. Хүний мах идэхийн хувьд хойлог шувууны мах идэж өссөн хүний махыг цэргүүдэд хувааж өгдөг байсан гэх домог бий. Учир нь хойлогийн мах шархыг маш түргэн эдгээдэг гэж одоо ч монголчууд итгэдэг. Алтайн нуруунд хойлог шувуу элбэг, тэндхийн хүмүүс энэ шувууг агнаж хүнсэндээ хэрэглэдэг байжээ. Хойлог идэж өссөн хүний мах хойлогийнхтой адил шарх эдгээх чадвартай гэж үздэг байсан байж болох.

Нүүдэлчид сүүг хатаан зөөхий, айраг, хурууд, ааруул, ээзгий, бяслаг зэрэг сүүн хатсан олон төрлийн хүнс хийсээр ирсэн. Ийм маягийн хүнс цэрэг болгон биедээ авч явна. Цэрэг болгон 5-8 хөтөлгөө морьтой явах ба үүний хэд нь гүү. Гүүнээс өдөрт 2-2,5 литр сүү саана. Энэ нь 1 400 – 1 600 калори болох учир цэрэгт өдөрт зайлшгүй хэрэгцээт 3 000 калорийн хагас нь болж байна. Бүдүүн тооцоогоор бодоход саалийн үеийн таван сард хоёр гүү нэг цэргийн хүнсний хэрэгцээг бүрэн хангаад явах нь. Жао Хонгийн (Zhao Hong) тооцоолсноор цэрэг нэгэнт дан ганц сүүгээр хооллоод явахгүй нь мэдээж учир нэг гүү гурван цэрэгт элбэг хүрэх аж.

Рубрукийн ажигласнаар замд адуу нь үхчихвэл тэр дор нь идчихээд үлдсэн махыг нь жиргэн дараа хэрэглэхээр борц болгодог аж. Нэг хонины махыг жижиглэж жиргээд давстай усанд чанан 50-100 цэрэг хувааж иддэг гэнэ. Рүбрүкээс 50 жилийн дараа Монголд очсон Марко Поло ийм шөл нь монгол цэргийн өдөр тутмын жишиг хүнс гэжээ. Монгол цэрэг хүнсний дутагдалд орсон хүнд үедээ мориныхоо гүрээг зүсч түүхий цусыг нь уучихаад судсыг нь эргүүлж битүүлдэг гэж Поло ярьсан байдаг. Морь цусныхаа гуравны нэгийг алдахад биед нь ямар ч эрсдэл үүсдэггүй гэнэ. Гуравны нэг гэдэг нь ойролцоогоор 7 литр гэсэн үг. Энэ нь 2 184 калори болж буй нь өдрийн зайлшгүй хэрэгцээт энергийн гуравны хоёр болж байна. Нэг цэрэг найман хөтөлгөө морьтой гэж тооцвол цусыг нь уугаад явахад зургаан өдөр калориа бүтэн нөхөөд явах нь. Дан цус уусаар монгол цэрэг тэр байтугай арван өдөр зүв зүгээр тэсээд гардаг гэж Марко Поло өгүүлсэн байх.

Нүүдэлчид өөрийн армийг хүүхэд ахуйгаас нь бэлтгэнэ. Ерөөсөө аж төрлийн нэлээд нь цэргийн эрдэм юм. Хөлд оруутаа морь унаж бүх насаа морин дэл дээр өнгөрөөнө. Хар багаасаа харвах, намнах, ноцолдох эрдэм эзэмшинэ. Нүүдлийн амьдрал, аян дайн, ав хоморго тэдэнд хатуужил тэвчээр олгохоос гадна байнгын дасгал сургууль болно. Цэргийн дарга нарыг дайнд байгуулсан гавьяагаар нь үнэлэн дэвшүүлнэ. Даргын тушаалыг хэн ч зөрчих эрхгүй. Ийм хатуу сахилга бат тухайн үеийн аль ч армид байсангүй. Төмөр дуулганаас өөр хуяггүй хөнгөн морин цэрэг нь армийн талаас илүү хувийг эзэлнэ. Бас өөрсдийгөө төдийгүй морио хүртэл ширэн хуягаар хамгаалсан хүнд морин цэрэгтэй. Тулааны өмнө цэргүүдэд торгон цамцыг норгож өмсгөнө. Энэ нь заримдаа сум биед тусахад хамгаалахаас гадна нэвт орсон сумыг эргүүлж сугалахад дөхөм болно.

Чингис хаан асар том эзэнт улсынхаа дотор гайхалтай зохион байгуулсан холбоо харилцааны сүлжээг буй болгон үлдээжээ. Энэ бол морин өртөө. Гол замыг даган хоорондоо 30 километр орчим зайтай байрлах морин өртөө нь элч нарыг түр амрааж, морийг нь юүлж өгөх цэг болж байсан. Чухам л энэ өртөөгөөр дамжин хэдэн мянган километр зайн алсад цэрэг, эдийн засаг, улс төрийн маш чухал мэдээ хүний ухаан санаанд багтамгүй хурднаар тарах буюу цуглардаг байсан аж. Хэдийгээр Монголын нууц товчоо-нд морин өртөөний сүлжээг Өгөөдэй бүтээсэн хэмээн тэмдэглэсэн байдаг авч Чингисээс санаачилж хэрэгжүүлж эхэлсэн энэхүү гайхамшигт холбооны сүлжээ түүнээс хойш олон янзын төрийг дамжсан ба XX зууны дунд үе хүртэл, өөрөөр хэлбэл Төв Азид орчин үеийн тээврийн хэрэгсэл ба цахилгаан холбоо нэвтрэх хүртэл Монголд өртөөг албан ёсоор хэрэглэж байлаа. Тухайн үеийнхээ технологийн түвшинтэй харьцуулахад мэдээллийг үнэмшимгүй хурдацтайгаар тарааж, цуглуулж чаддаг байсан морин өртөөг эдүгээ зарим судлаачид интернэтийн эх ч гэж нэрлэх нь бий.

Монголчууд эзэлсэн газар нутаг дээрээ юун түрүүн хүн амын тооллого хийдэг байв. Энэ нь татвар авах, хамгийн гол нь тухайн нутгийн иргэдийг цэрэгт татан дараагийн дайн байлдаанд оролцуулах зорилго агуулна. Өөрсдөө хүн ам цөөтэй тэд гадагш аян дайн хийхдээ эхэлж эзэлсэн газартаа өргөн хэмжээний цэрэг татлага явуулж хүчээ зузаатгадаг байв. Шинээр цэрэгт татагсдыг байлдааны тэргүүн шугамд хөөн оруулж аль л эрсдэл ихтэй, хохирол илүү амсах газарт ашиглах аж. Хожим Дэлхийн II дайны үед энэ аргыг Сталин өргөн дэлгэр ашиглаж Гулагт хоригдож байсан олон зуун мянган улс төрийн хэрэгтнүүдийг “торгуулийн батальон” нэрээр их бууны зууш болгож байлаа.

Бэрх Польш руу довтлоход цэргийн ихэнхийг славян үндэстнүүд, Хүлэгү Багдадад довтлоход армян, гүрж цэргүүд, Хубилай Японд дайрахад зүрчид, солонгосчууд цэргийн ихэнхийг бүрдүүлж байв.[xii] Хубилай Өмнөд Сүн улсыг даран сөнөөхөд цэргийн бүрэлдэхүүний дийлэнх нь умард Хятадыг хань үндэстнүүд байжээ.[xiii] Үүнээс гадна монголчууд алив хот балгадыг эзэлсний дараа дархчууд, зэвсгийн мэргэжилтнүүдийг олзлон амийг өршөөж өөрсдөдөө ажиллуулдаг байв.

Олон үндэстний эрчүүдийг, тэр дундаа дайсагнагч талынхныг өөрийн цэрэгт татан амжилттай байлдаж чаддаг байсан нэг нууц нь дайны олзын тэгш хуваарилалт юм. Алив хот балгад, газар нутгийг эзэлсний дараа дайны олзыг бүх цэрэгт хүртээдэг “шударга” зарчим нь Чингисээс хавьгүй өмнө талын нүүдэлчдийн дунд тогтсон хатуу зарчим байлаа.