Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-08-05-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн зарим томоохон авто зам, туслах замыг хаах шийдвэр гарчээ

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл байдлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд болон зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөн удирдлага инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний хурлаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар оруулснаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд чиглэл, үүрэг даалгаврыг өгсөн. Нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн. Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө бид хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөн инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцсөн юм. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон.

1. Дахь-эхийн авто зам 7,27-8,11ний хүртэл 2,2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийгдэж буй замын эхлэл төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ.цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ.

2. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0,6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдийг мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн.

3. Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хаана, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна.

4. БГД-ийн 13-р хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж 14 хоногийн хугацаанд хаана. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой.

5. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд ЧД-ийн нэгдүгээр эмнэлгийн орц гарцын хэсэг зам хаагдана.Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа.

6. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавирусын үед үс уналтын шинж тэмдэг илэрдэг болохыг тогтоожээ

Энэхүү судалгааг Индианагийн Их сургуулийн анагаах ухааны сургуулийн эмч, фэйсбүүкийн санал асуулга ашиглан “Survivor Corps” –ийн бүлгийн COVID-19 бүлгийнхэн хийсэн байна. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүд саяхан 17 ширхэг тогтвортой үргэлжилсэн COVID-19 шинж тэмдгийг тогтоосон. Гэвч 1500 гаруй өвчтөний дунд хийсэн судалгаагаар 98 боломжтой шинж тэмдэг илэрсэн гэж Индиана их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Натали Ламберт мэдэгджээ.

COVID-19 бүлгийнхэнтэй гэрээ хийсэн нэг гишүүн үснийхээ 75 хувийг алдаж, хиймэл үс авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Тэрээр вирусийг халдварласнаас хойш миний царай нэлээд хөгширч байгаа ч би тэвчээртэй хэвээр байна, миний үс хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж бичжээ

А.Мөнхнаран

Categories
мэдээ нийгэм

Авто замыг хаах талаар мэдээлэл хийнэ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд болон зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийхээр болжээ.

Энэ талаар талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр 10:00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: Энхийг сахиулагч 14 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 4-нд 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энхийг сахиулагч 14 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс сувиллын тусгаарлалтад шилжлээ. Манай улсад 293 тохиолдол батлагдсанаас 244 нь эдгэрсэн. 49 хүн эмчлүүлж байна. VII сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ, VII сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон, 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц /БГД, БЗД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын сорьцыг авчээ/ ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн, Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрэл”-ын Б. Эрдэнэбатын шүүх хурал өнөөдөр болно

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь / Мөнгө угаах/ заалтад зааснаар / Мөнгө угаах/ гэмт хэрэгт, тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар / Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын сарын 24-ны өдрийн 13:30 цагт товлосон боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгч нар сонгож авсан өмгөөлөгч нар дээрээ дахин нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 13:30 цагаас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

А.Мөнхнаран

Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! СЭТГЭЛЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ

Пандемия коронавируса, иллюстрация людей в белой медицинской маске ...

Коронавируст халдварын цартахлын үед сэтгэл түгших, санаа зовних, хэт мэдрэмтгий болох, сэтгэлээр унах, айж түгших, уурлаж бухимдах зэрэг сэтгэлзүйн асуудал гадаадын улс орнуудад элбэг тохиолдож байна. Энэ нь түр зуурынх бөгөөд “Айдас биш баримтаар, цуурхал биш шинжлэх ухаанчаар хандаж” КОВИД-19-ийн цартахлыг давж гарна гэдгийг ДЭМБ-аас уриалсаар байна.

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж Хамтын хүчээр халдвараас сэргийлье!
• Эерэг хандлагатай байх
• Инээмсэглэх, хошин мэдрэмжтэй байх
• Аливаад уур уцааргүй, тайван хандах
• Бие биендээ урам өгөх
• Коронавируст халдварын мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авах
• Хэт их мэдээллээс зайлсхийх
• Сөрөг мэдээлэлд автахгүй байх
• Цахим орчинд цаг бага зарцуулах
• Өдрийн тэмдэглэл хөтлөх
• Сэтгэл санаа зовоосон, таагүй бодол, мэдрэмжээ бусадтай хуваалцах
• Гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүстэй цахим болон утсаар холбоотой байх
• Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх (кино үзэх, дуулах, бүжиглэх, ном унших, шинэ зүйл сурах, гэрийн тавилгын байршил өөрчлөх гэх мэт)
• Стресс тайлах энгийн аргаар (йог, амьсгалын дасгал, ууланд алхах..,) сэтгэл санаагаа тайван байлгах
• Өөртөө илүү их анхаарал тавих (шинэ дүр төрх бүрдүүлэх..,)
• Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах
• Архи, тамхи хэрэглэхгүй байх
• Шаардлагатай тохиолдолд 1800-2000 утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авах

Categories
мэдээ цаг-үе

О.Цогтгэрэл: Төр иргэдийн орлогыг дэмжих хөшүүрэг бий болгож чадахгүй байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Таны хувьд Увс аймгийн сонгогчдын саналыг авч, Монголын ард түмний төлөөлөл болох УИХ-ын гишүүн хэмээх хариуцлагатай албанд томилогдлоо. Эдийн засаг хүнд энэ үед хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрлөө. Өмнөх долоон удаагийн сонгуулиар манай Увсынхан зөвхөн МАН-аас нэр дэвшигчдийг л сонгосоор ирсэн түүхтэй. АН-аас тухайн үеийн Ерөнхий сайд, сайд, намын удирдлага байсан олон ч хүмүүс очоод унаж байсан “хатуу” тойрог. Харин энэ удаад сонголтынхоо нэгт АН-аас нэр дэвшигчийг багтаалаа. Багтаах багтаахдаа маш их итгэл хүлээлгэж өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын нэр дэвшигчдэд саналаа огт өгч үзээгүй найм, есөн мянган сонгогч надад саналаа шинээр өгчээ. Залуучууд маш ихээр итгэж дэмжлээ. Олон ястан оршин суудаг, олон олон сонгуульд МАН-ыг илтэд дэмжсээр ирсэн онцлогтой ч нам, яс угсаа харгалзалгүй бүх сум, баг, хэсэгт хамгийн өндөр саналаар дэмжицгээлээ. Намчирхалгүй, нутгархалгүй нутагтаа ахиц болохуйц ажлуудыг хийчих юмсан гэж хичээж явсныг минь үнэллээ. Иймд итгэж сонгосон сонгогчдынхоо урмыг хугалалгүй, бас энэ удаад хараахан дэмжээгүй үлдсэнийх нь итгэлийг нь олохын төлөө хүн бүрт хүрсэн бодлогыг чадлаараа хэрэгжүүлэн хичээн ажиллана. Ингэж их итгэж саналаа өгөхөд орон нутагтаа ажлын байртай болох, орлогоо нэмэгдүүлэх гэсэн хүлээлт, түүнийг нь олж, онож ярьж явсан шинээр ажлын байр бий болгох, шинээр орлогын боломжийг нэмэгдүүлэх хөтөлбөр маань тохирсон нь багагүй нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ажлын байр бий болгоно гэдэг амаргүй. Гэхдээ хөдөлмөрийг төрөлжүүлж, орчин үеийн техник технологи, менежмэнтийг нэвтрүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар урьд өмнө нь байгаагүй олон зуун шинэ ажлын байрыг бий болгох боломж бий гэж харж байна.

Технологи ашигладаг, хоорондоо хамтардаг шинэ ажлын байрууд бий болно гэхээр залуучууд руу түлхүү чиглэж ажиллах ёстой болж таарч байгаа юм. Ер нь ганц Увсад бус бүхий л газруудын аймаг, сумын төв дээр ажиллаж амьдарч буй, мөн мал маллаж буй залуу гэр бүлүүд рүү илүү чиглэж ажиллана. Ирэх есдүгээр сард Увсынхаа иргэд, залуучууд руу чиглэсэн эхний ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орж байна.

-2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгийн талаар танаас асуумаар байна. Ардчилсан нам хоёр удаагийн УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээлээ. Ялагдлыг олон л зүйлтэй холбож тайлбарлаж байна. Та хэрхэн дүгнэж сууна вэ?

-Ардчилсан нам түүхэндээ хамгийн бага буюу ард түмний 30 хүрэхгүй хувийн дэмжлэг авч том ялагдал хүлээлээ. Миний хувьд ийм дүн гарна гэж төсөөлөөгүй. Долоон удаа дараалан МАН-ынхан л ялж байсан Увсаас би лав нэг суудал авчих боломж байхад бусад аймгуудад бүр ч их боломж байгаа байх л гэж бодож явсан. АН яагаад ялагдав гэдэг дээр олон онош тавьж ярьцгааж байна. Зарим нь даргаас шалтгааллаа гэж байгаа бол зарим нь дүрэм журмаас боллоо гэж байна. АН бүлэглэлийн хамсаатан учраас ялагдчихлаа, буруу хүмүүс нэр дэвшүүлчихлээ гэх мэт олон таамгийг хүмүүс ярьцгааж байна. Сунгааг яаралтай хийж даргаа сонгох ёстой гэсэн байр суурь ч байна. Сонгуульд ялах, ялагдал хүлээхэд дүгнэлт хийхэд өмнө нь их амархан байсан. Одоо сонгууль нэг зүйлээс болоод ялагддаг, ялдаг зүйл биш болжээ. Олон зүйлийн нийлбэрээр асуудал шийдэгддэг. Иймээс нэн тэргүүнд суурь дүгнэлтүүдээ зөв хийж, АН-ын ялагдалд зөв онош тавих ёстой.

Ерөөсөө Монголын ардчилалд хүмүүс итгэхгүй болчихов уу. Аль эсвэл дэлхийн ардчилалд асуултын тэмдэг гарчихсан уу. АНУ-ын ерөнхийлөгчид барууны үзэл баримтлалтай намаас Америкийг дахин сэргээнэ гэсэн уриатай этгээд нөхөр дэвшээд ялж байгааг юу гэж тайлбарлах вэ гэх мэт олон асуултууд гарч байна.

-Тэгвэл хэрхэн ардчиллыг аврах үзэл санааг гаргах ёстой вэ?

-Энэ санаагаа аль хоёр жилийн өмнөөс хөндөж хэсэг нөхөдтэйгөө хамтарч “Эрх чөлөө”гэж клуб байгуулж байв. 30 жилийн өмнөх “Эрх чөлөө 1.0”-ээ дахин инженерчилж, иргэдээ оролцуулдаг, амьдралынхаа баталгааг нь хангадаг “Эрх чөлөө 2.0”-оо хэрхэн тодор-хойлж, гишүүдийнхээ, монголчуудынхаа итгэл үнэмшил болгох вэ гээд ажиллаж байна. Ингэж үзэл санаагаа гаргаж, шинэчлэхгүй бол дахиад ч ардчилалд ард иргэд итгэл алдарсаар байх болно. МАН-ыг ч биднээс дээрдэх үзэл санаатай, бодлого чигтэй гэж бодохгүй байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц нь Гашуунсухайтын боомтоор гарч байгаа машинаас өөр шийдэл байна уу. Улс оронд Гашуунсухайтын боомтоор гарч байгаа машины тоо тоолохоос өөр ажил уг нь байж болмоор доо. Үүнийгээ төрийн бодлого, засгийн бодлого гээд бодчихсон МАН-д ч бас тодорхой үзэл санаа алга байна. Энэ нь бидэнд боломж байгааг хэлж байна.

Ардчилалд эдийн засгийн элементийг оруулах ёстой гэдэг шиг ардчиллын үндсэн зарчим болсон оролцоог эдийн засгийн үндсэн элемент болгох ёстой гэж үздэг. Иргэдийн оролцоог эдийн засгийн харилцаанд оруулснаар нийгмийн амьдрал сайжирч, ардчилалд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүнийг л “Шинэ эдийн засаг” гэж ойлгож байгаа.

-Та түрүүн бас “Шинэ эдийн засаг” гэж дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид эдийн засгийн харилцаагаа шинээр авч үзэх шаардлага байна. Улсын төвийн хөрөнгө оруулалтаар маш их барилга, байшин барьдаг. Гэвч үүнийг дагаж иргэдийн орлого дээшилж, ажлын байр бий болохгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалт бүрийн үр ашгийг хэдэн хүнд шинэ ажлын байр бий болгож, хэдэн төгрөгийн шинэ орлогын боломжийг иргэдэд авчрав гэдгээр хэмжих шаардлага үүсч байна.

Нөгөө талаас бусдын хийсэн барааг импортлон оруулж ирж хэрэглэж, хэрэглээний өсөлт бий болж байгаагаа улс орны хөгжил гэж андуу ойлгож байна. Манай улсаас экспортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний 95 хувь нь түүхий эд, түүний дийлэнх нь байгалийн баялаг. Монгол хүний ур ухаан шингэсэн, бүтээсэн зүйл маш бага. Гэтэл импортолж буй бараа бүтээгдэхүүн тэр чигээрээ шахуу эцсийн бүтээгдэхүүн. Бид байгалийн баялгаа зарж оронд нь гаднаас өндөр үнэтэй брэнд хэрэглэж байгаагаа хөгжиж байна гэж ойлгодог. Гэтэл эдийн засгийн харилцаа гэдэг чинь чи бид хоёр нэг нь өгдөг, нөгөө нь авдаг зүйлтэй, тэр нь эн тэнцүү үнэ цэнэтэй солилцоо хийх шүү дээ. Энэ эдийн засгийн тогтолцоогоо эргэж харах шаардлага байна.

Тиймээс үүнд чиглэсэн олон ажлууд, бодлогууд хэрэгжих ёстой. Шинэ ажлын байр, шинэ орлогуудыг бий болгож, эдийн засгийн өнөөгийн тогтолцоогоо шинэчлэн түрүүчийнх шиг “Эдийн Засаг 2.0” болгон сайжруулах шийдлээ “Шинэ эдийн засаг” гэж нэрлэж байгаа. Үүний үндэс суурь нь технологи, дээрийн ярьсан оролцоо гэж ойлгож байгаа. Экспортыг нэмэгдүүлж шинэ орлогын боломжийг бий болгосноор, хөдөлмөрийг төрөлжүүлж, шинэ менежмэнт, технологийг ашиглан шинэ ажлын байр болгосноор үр дүн нь гарна.

-Та чуулганы хуралдаан дээр ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажил хийж болохын нэг нь ялгаатай татварын систем гэж боддог хэмээн ярьсан.Татварын бодлогоо эргэн харж, ялгаатай татварын бодлогыг хуульдаа тусгах хэрэгтэй гэсэн тодорхой санал дэвшүүлж байсан. Ялгаатай татварын бодлого манайд ямар боломжуудыг авч ирэх бол. Ялгаатай татварын системийн талаарх байр суурийг тань илүү сонирхмоор байна л даа.

-Татварын бодлого олон чиг үүрэгтэй. Улсын төсвийг бүрдүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах, бүртгэлийн хийгээд хариуцлагын, нийгмийн бүлгүүдийн орлогыг дахин хуваарилах, тэгш бус байдлыг багасгах зэрэг. Гэтэл бид ганцхан төсөв бүрдүүлдэг үүргийг нь ашиглаад байдаг. Харин Монгол Улсад ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орлогыг хамгаалахад туслах гэсэн үүргээ биелүүлж чадахгүй явсаар өдийг хүрлээ.

Үүний гарцыг би ялгаатай татварын систем гэж боддог. Ялгаатай татварын систем ажлын байрыг мянга мянгаар нэмэгдүүлж, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгох боломжтой. Жишээ нь, Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд өндөр татвартай байхаар зохицуулж болох юм. Хятад гэхэд маш том эдийн засагтай мөртлөө татварыг хэдэн зуун янзаар нь тогтоодог. Гэтэл бид масс багатай мөртлөө бөхөөр яривал ганцхан мэхтэй л тэдэнтэй барилдах гээд үзээд байдаг байж болохгүй биз дээ. Хятад түүхий эд гаргахыг дэмждэггүй, харин эцсийн бүтээгдэхүүн гаргахыг л дэмжээд байдаг. Бүр өндөр техник технологийн бүтээгдэхүүн экспорлогдох юм бол 20 орчим хувийн НӨАТ-ын буцаан олголттой бол эсрэгээрээ түүхий эд гаргахад үлэмж өндөр татвар ногдуулдаг. Ингэж тэд нутагтаа нэмүү өртөг үлдээж ажлын байр, иргэдийнхээ цалин, бизнесүүдийнхээ орлогыг хамгаалдаг. Гэтэл Монголоос гарах, орох түүхий эд, эцсийн бүтээгдэхүүн нэг ижил хувийн татвартай. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээс гаалийн 10 хувь, худалдааны таван хувийн татвар авдаг. Монголын татварын бодлого Монголдоо нэмүү өртөг бий болж ажлын байр үүсч, иргэд нь орлогожихыг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Оновчтой, оносон ялгаатай татварын бодлого ажлын байр бий болгоход зээл, хөнгөлөлтөөс дутахгүй томоохон хөшүүрэг болох боломжтой.

-Та Ерөнхий сайдад шинэ Засгийн газартай холбоотой нэлээд чухал саналууд дурдах шиг болсон. Үүний нэг нь худалдааны яамны тухай байв уу?

-Үе үеийн Засгийн газар эдийн засаг чухал гэж ярьсаар ирсэн. Эдийн засаг гэдэг явсаар бизнесийг дэмжих тухай ойлголт. Бизнес өсөж дэвшинэ гэдэг худалдаа чөлөөтэй явах тухай яриа. Солилцоо, худалдаагүй эдийн засаг гэдэг ойлголт ямар ч утгагүй зүйл болно. Гэтэл манайд худалдааны тухай хууль ч, худалдаа эрхэлсэн төрийн төв байгууллага ч гэж байхгүй. Бүр худалдаа хариуцсан газар, нэгж ч байхгүй. ХХААХҮ-ийн яамны харьяанд ганц нэгхэн мэргэжилтнүүд л байна. Хамгийн чухал зүйлээ хаячихаад эдийн засгаа дэмжинэ, хөнгөвчилнө, чөлөөтэй болгоно гээд яриад байдаг. Бодлого нь хаана явж байгаа юм. Хариуцсан эзэнгүй бодлого үр дүнгүй байх нь тодорхой шүү дээ. Ингэж явсаар ирсэн алдааг шинэ Засгийн газар дахиад давтлаа. Худалдааны асуудлыг би яамны түвшинд байхад буруудахгүй гэж боддог. Ер нь түүхээс харахад суурин иргэншлийн зөрчил дайн гэдэг бол худалдаа хийх хүсэл мөрөөдлийн л дайн байсан байдаг. Худалдаа хийхгүй гээд Цагаан хэрмээ хаачихаар уулгалан дайрдаг, болохгүй бол дээрэмддэг байсан. Хоёр хөрштэйгөө стратегийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээртэй атлаа харилцан ижил нөхцөлөөр худалдаа хийх боломжгүй болохоор энэ харилцаа цаасан дээр л бичигдсэн “лоозон” болон үлдэж байна. Тэд Монголоос түүхий эд л худалдаж авна, монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүн авахгүй гээд бараг “хориг” тавьчихсан. Хатуу хэлэхэд, нүүдэлчдэд бараа бүтээгдэхүүн өгөхгүй гээд Цагаан хэрэмний хаалга хаачихдагтай ялгаа алга. Сайн хөрш байна гэдэг эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр, худалдааны таатай нөхцөлтэй байхыг хэлэх болов уу. Ийм гээд шалтаг тооцоод, худалдааны нэгжтэй болохыг хүлээгээд зүгээр сууж болохгүй байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Тамгын газраар дамжуулж ОХУ-ын элчин сайдтай уулзлаа. ОХУ-тай, тэр тусмаа Евро-Азийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээг байгуулбал хоёр улсын хувьд эдийн засагт чухал нөлөө үзүүлэх талаар ярилцаад, гарц гаргалгаанууд хайгаад ажиллаж байна.

Гадаад худалдаанаас гадна улс орны дотоод худалдаа энд бас хамаатай. Байгалиасаа бид маш их тархай бутархай суурьшсан, дэд бүтэц муутай гээд дутагдалтай талтай. Дээрээс нь чөлөөт худалдааг дэмжсэн төрийн бодлого байхгүй болчихоор энэ жижиг эдийн засаг маань тухайн газраа хөдөлгөөнгүй болчихдог. Увсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Дорнодод яаж хүргэгдэж, борлуулагдах, худалдаа, тээвэр логистикийн замыг л ярих ёстой юм.

-Мөн бүтэц, тэргүүлэх чиглэлтэйгээ зөрчихлөө гэх шүүмжлэлийг чуулган дээр хэлж харагдсан. Энэ тухайд?

-Ерөнхий сайдаас Монгол Улс ирэх дөрвөн жилд юун дээр төвлөрч, ямар тэргүүлэх асуудлуудад анхаарч ажиллах талаар асуусан. Долоо, найман зүйлд анхаарч ажиллана гээд ахиц гарах, итгэл үнэмшил төрүүлэхгүй ангиллуудыг дурдаж байсан. Хүнсний бүтээгдэхүүнээр дотооддоо бүрэн хангана гэсэн. Хүнсний бүтээгдэхүүн гэдэг дотор маш олон зүйл бий. Бүх зүйлээр өөрийгөө хангана гэдэг эдийн засгийн ойлголт биш. Чөлөөт худалдаагаа хөгжүүлж, өрсөлдөх чадвар сайнтайгаа хийгээд, хэрэглээд илүү гарснаа экспортлоод, харьцангуй давуу талгүй зарим зүйлээ бусадтай солилцоод явж байж улс орон илүү үр ашигтай ажилладаг. Ард иргэдэд мэдээж гоё сонсогдох байх л даа, гэхдээ бүгдийг өөрсдөө хийнэ гээд төвлөрөлгүй зүтгэх бол боломжгүй зүйл. Бодит секторт ажиллаж, байгууллага удирдаж явж ирсэн хүний хувьд хэлэхэд ийм олон тэргүүлэх чиглэл гэж байх боломжгүй л дээ.Тэгээд экспортыг дэмжинэ гэсэн мөртлөө худалдаа хариуцсан нэгжийг “мартаад” тэргүүлэх чиглэл, бүтэц хоёр нь зөрөөд орж ирснийгээ засах боломж байна уу гэж Худалдааны яам, газрын тухай санал гаргасан юм. Одоо Засгийн газрын мөрийн хөтөлбөр ээлжит бус чуулганаар орж ирэхээр илүү тодорхой харагдах байх. Эдийн засгаа, экспортоо дэмжих ямар бодлого, ажлууд орж ирэхийг харцгаая.

-Та бизнес эрхэлж байсан туршлагатай. Манай улс бизнес хийхэд таатай орчин нөхцөлтэй юү?

-Өмнөх асуултад дурдсанаар манай улс газар зүйн хувьд байгалиасаа бизнесүүдэд таатай биш. Дэд бүтцийн зардал, тээврийн зардал өндөртэй нөхцөлд бизнес эрхэлнэ гэдэг харьцангуй хүнд. Жилийн дундаж температур хасах градустай, эрс тэс, хуурай уур амьсгалтай гээд тухайлбал, ХАА-н бизнес эрхлэхэд бол бүр ч асуудалтай. Далайд гарцгүй зэрэг олон дутагдалтай талуудыг нөхөж, хөнгөлж, Монголд бизнес эрхлэхэд нэн таатай орчинг бий болгох шаардлага байдаг. Тэгэхгүй бол өрсөлдөх чадвар дээшлэхгүй. Бизнесийн орчны хувьд төрөөс айхавтар дарамт ирдэг, шахалт ихтэй гэж хэлэхгүй. Гэхдээ дээр ярьсан худалдаа, ялгаатай татварын бодлого зэргээр эдийн засаг, бизнесээ дэмжиж илүү сайхан байх боломжийг алдаж байгаа орон гэж хэлнэ. НӨАТ-ын 10 хувь, ашгийн татвар 10 хувь, байгууллагаас төлөх НДШ 12 хувь дээрээс нь гааль, онцгой гээд татваруудыг бүдүүлгээр автоматаар шууд нэмэхэд бизнесээс 30-40 хувийн татвар авдаг. Энэ татварыг цуглуулж авчихаад бизнесийн орчинг сайжруулах, шинэ ажлын байр, орлогын боломжийг нэмэгдүүлэх ямар ч зүйлсэд зориулалгүй ихэнх хэсгийг нь зөвхөн халамж болгож тараадаг байдал үргэлжилсээр л байна. Манай улсын хувьд төрийн авч байгаа татвар, зарцуулах төсвийн хэмжээ нийт эдийн засгийнхаа 40 хувьд хүрдэг ийм улс. Коммунизм социализмаараа амьдарч байгаа Хятад улсад төрийнх нь зардал нийт эдийн засагт нь 20 хувийг нь эзэлдэг. Хятадаас өндөр татварын ачаалалтай байна. Ииймээс Монголын татварын ачаалал буурах боломжтой. Энэ бүгд буурна гэдэг төрийн оролцоогоо олон талаар багасгана гэсэн үг.

-Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл улам нэмэгдэж байгааг эдийн засагчид ярьж байна. Хүндхэн цаг үеийг энэ удаагийн УИХ, Засгийн газар туулах нь. Дотооддоо цар тахлыг алдаагүй бол хорио цээр тогтоох нь хэр зүйтэй юм бэ?

-Дотооддоо цар тахлыг алдаагүй л юм бол хөл хорио тогтоодог нь ямар учиртайг сайн ойлгохгүй байна. Үнэхээр дотооддоо алдчихсан бол хорио цээр тогтоох нь зүй ёсных. Эдийн засаг гэдэг эргэлт, солилцоон дээр л тогтдог зүй тогтолтой. Өнөөдөр бид гадаад улс орноос бүх харилцаагаа тасалчихаад, дээрээс дотоодын эдийн засгийн урсгалаа хаачихлаа. Бүх л ААН, компаниуд гадаад улс оронтой харилцаа хамааралтай байдаг. Гаднаас мэргэжилтэн авах зэрэг бүх ажил зогсчихсон. Бизнесүүд гадаад улс орноос ч, дотооддоо ч тусгаарлагдчихлаа. Гадаадаас иргэдээ татах тал дээр сэтгэл дутаад байна уу даа гэж харж байна. Хүмүүс төлбөрөө төлөөд эх орондоо ирье гэж байна. Дотооддоо хөл хорио тогтоосноос болоод зочид буудлууд нь хаагдчихсан, сул чөлөөтэй байна. МИАТ нь нислэггүй, сул зогсонги байдалтай. Иргэдээ авчиръя гэхээсээ илүүтэй айдсаар ард түмнийг барьчихъя гэсэн бодлого яваад байх шиг. УОК гэж Үндсэн хуулиас давсан иргэнийхээ эрхийг зохицуулж хязгаарласан өндөр эрхтэй байгууллага байдаг юм уу.

-АН-ын бүлэг хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол?

-УИХ-ын тогтоол шийдвэрт нөлөөлөх боломжгүй, үзүүлэх хуулийн чадавхи хязгаарлагдмал, завсарлага авахаас хэтрэхгүй суудалтай боллоо. МАН ард түмний 40 гаруй хувийн санал авч УИХ-д 80 гаруй хувийн суудал авсан. МАН-ыг дэмжээгүй 50 гаруй хувийг төлөөлөх үүрэг АН-ын гишүүд, бусад нам, бие даагч гурван гишүүнд оногдож байна. Тиймээс бид Монгол төрийн бодлого, улсын эрх ашиг, ард түмний эрх ашгийн төлөө, иргэдийн дуу хоолой болж маш хүчтэй ажиллахаас өөр сонголт байхгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алт олборлолтоо нэмж байж л монголчууд төгрөгөө цаас болгочихолгүй аж төрнө

Коронавирус цэнхэр гаригийг хэр удаан ноёрхохыг хэлэхэд эрт байна. АНУ, Хятадын харилцаа хүйтэрлээ, дэлхий хаашаа ч эргэж мэдэх нь гэсэн эргэлзээ болгоомжлолтой өдрүүд үргэлжилж буй энэ цагт эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихгүйхэн шиг, төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг аж төрөх ухаан сийлэхээс аргагүйд хүрээд байгаа нь булзах аргагүй бодит үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж яваа ганц том төсөлтэйгөө дайн зарлачихсан, корона гэсэн шалтаг дор эдийн засгаа нам зогсоочихсон, жил жилийн зун овоо хэдэн доллар чирээд ирчихдэг байсан аялал жуулчлалын салбар нь тэг заасан, нүүрс, зэсийн дараа доллар олж нүүр тахалдаг ноолуурын экспорт нам жим болсон, нүүрсний экспорт түрүү жилийн өдийгөөс даруй 50 хувиар буурсан хэцүү цагт бидэнд найдах ганц л зүйл байна. Тэр нь алт. Алтны салбараа өөд нь татаж, олборлож байгаа алтны хэмжээгээ өсгөчихвөл төгрөгийн ханш шалдаа бууна гэсэн айдасгүй аж төрөх боломжтой. Алтыг хүн төрөлхтөн эрт цагаас л төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашигласаар ирсэн түүхтэй. Өнөө цагт ч алтны гүйцэтгэх үүрэг өссөн үү гэхээс буугаагүй. Орчин үеийн эдийн засагт алт цаасан мөнгө үнэгүйдэх үед үнэ цэнээ хадгалах санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт болж хувирсан. Худалдааны дайн, цар тахлаас эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал цааш хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй ийм үед алтандаа найдахаас өөр арга бараг л алга гээд байгаа нь цаанаа ийм учиртай.

Алт олборлолтоо өсгөхийн тулд яах ёстой вэ гэсэн асуултад хариулахаа түр азнаад дэлхийд өнөөдөр яг юу болоод байна, АНУ Хятадын сөргөлдөөн маньд яаж нөлөөлөх вэ гэдэг дээр учир мэдэх улс ямар байр суурьтай яваа талаар цөөн үг хэлье. Хятад хэлний гэсэн тодотголоор нь олны мэдэх Д.Болдбаатар бол үгийг нь сонсох учиртай сэхээлэг хүмүүсийн нэг. Энэ эрхэм саяхан нүүр номдоо дэлхий хаашаа яваад байгааг сүрхий ажиж бичсэн харагдсан. Тэрээр “Нэгэн хэсэг өндөр хурдтай хөгжлөөрөө үдийн нар шиг гялалзаж байсан өмнөд хөрш маань сүүлийн үед тун базаахгүй байдалтай болсонд хэл, соёлыг нь сурсан хүний хувьд сэтгэл чамгүй эмзэглэж л сууна. Одоогийн байдлаар Хятад улсын нутаг дэвсгэрийн зургааны нэг хувь үерийн гамшигт өртөөд байгаа бөгөөд Аньхуй муж гэхэд нутаг дэвсгэрийн 90 хувь нь усанд автаад байна л даа. Харин Хятадын нөлөө буурахыг дагалдаад түүний эзэлж байсан хий хоосон орон зайнд эзэн суух гэсэн өрсөлдөөн илт ширүүсч эхэллээ… АНУ цагтаа Хятадтай нийлж ЗХУ гэдэг хэт их гүрнийг унагаж чадсан… Одоо Сэм авга маань Япон, Англи, Энэтхэг, Австрали зэрэг том гүрнүүдтэй хавсайдан Хятадыгаа унагаах ангуучлалд идэвхтэй явж оров бололтой. Ингэж том хөдлөхдөө Оростой тодорхой тохиролцоо хийгээгүй гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй нь ойлгомжтой. Японоос гадна Хятадын уналтын эсрэг маш их хожил авч байгаа хоёр улс гэвэл Энэтхэг, Вьетнам… Өнгөц харахад их эмзэг сөрөг нөлөөлөлд автаж болохоор улсууд гэвэл эхний ээлжинд Өмнөд Солонгос, Монгол хоёр байж мэдэх л юм” гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ. Хэрвээ байдал энэ зүг рүү эргэвэл нүүрс, зэсэндээ зуун хувь найдаад суухад хэцүү зураг тодорч мэдэх л юм. Байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, цар тахлаас улбаатай хямралыг тэсч үлдэх ёстой гээд байгаагийн дараагийн том шалтгаан нь энэ.

Оны эхний зургаан сарын байдлаар экспортоос олох доллар хэр байсныг эргэж харъя. Эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын экспортын орлого 28 хувиар буурсныг статистикаас харчихаж болно. Өмнө дурдсанчлан нүүрснээс олох орлого огцом унасан нь экспортын орлогыг ингэтэл хойш чангаасан хэрэг. Нүүрс, зэсийн хувьд үнэ нь харьцангуй тогтвортой гэсэн сайн мэдээ бий. Алтны илүү өөдрөг өнгөлөг зураг харагдаж буй. Алтны ханш огцом цойлж байгаа тухай мэдээлэл давтамжтай цацагдаж байгаа.

Тодруулж хэлбэл, нэг унци алтны үнэ 1975 ам.доллараар хэмжигдэж байна. Алтны ханш ойрын хоёроос гурван сардаа өсөлтөө хадгална гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цаашдаа ханш нь унахгүй тогтворжих таамаг голлож буй.

Тэгэхээр алтны салбартаа онцгой анхаарч, валютын нөөцөө зузаатгаад авах боломж У.Хүрэлсүхийн Засгийн газарт байна. Алтны салбарын тухайд хайгуул нь хумигдсан, санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэж чадахгүй яваа, тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай, сум орон нутгийн дэмжлэггүйгээр явахгүй нь тодорхой болсон, хууль бус олборлолтыг шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн гэх мэт өчнөөн асуудал бий. Хайгуулыг эрчимжүүлбэл нөөц өснө, нөөц өсвөл энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Хэзээд үнэ цэнээ алддаггүй, эдийн засаг хямрах үеэр ханш нь улам цойлдог шаргал металлын нөөц байхгүйн зовлон Монголд үгүй. Хайгуулын шатандаа яваа сайн төслүүд ч бий, хайгуул хийвэл дажгүй нөөц илрэх боломжтой газрууд ч байгаа. Хайгуулын тухайд зөвшөөрөл өгдөг явцыг хялбаршуулах өөрчлөлт оруулах, татварын хувьд өмнөх шигээ хөнгөлөөд өгөх гэх мэт УИХ, Засгийн газар хуруугаа инчдэх төдийд хийчих цөөнгүй ажлууд бий.

Ноолуурын салбараа дэмждэг шиг алтны салбартаа тухайлсан хөрөнгө санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх тухай ярьдаг ч яагаад ч юм бүү мэд дорвитой ахиц харагддаггүй. Хүү, хугацааны хувьд боломжийн нөхцөлтэй санхүүжилт өгчихөд богино хугацаанд төлчих боломжтой гэж алтны компаниудын удирдлага сонин хэвлэлд дуугарсан харагддаг.

Иргэний хөдөлгөөн, улс төрийн зодоон гэх мэт элдэв шалтгаанаар тушиж хорихгүйгээр урагшлуулдагсан бол хэдэн том төслөө хөдөлгөчихөд Төв банкны алтны нөөц огцом өсөөд ирнэ гэж алтны салбарынхан ярьдаг нь үнэнд ойрхон л сонсогддог.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Доржпүрэв: Сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй

Ус цаг уурын хүлээлэнгийн инженер Э.Доржпүрэвээс тодрууллаа.


-Зарим нутгаар цас орж цочир хүйтэрлээ. Өмнө нь намрын эхэн сард ийм үзэгдэл гарч байв уу?

-Цочир хүйтрэлийг агаарын хамгийн бага температурын утгаас температур тогтвортой дулаарсан үед 0 градусаас доош орсон тохиолдлыг авч үздэг. Манай орны хувьд олон жилийн дунджаар наймдугаар сарын 1-нд Хөвсгөл, Дархан, Баянхонгор аймгуудад харин Алтай, Хангайн уулархаг нутагт наймдугаар сарын 15-наас цочир хүйтрэл ажиглагддаг. Энэ жилийн хувьд Архангайн Тариат суманд цас орж хүйтэрсэн тохиолдол гарсан.

-Наймдугаар сарын төлөв байдал ямархуу ажиглагдаж байгаа вэ?

-Наймдугаар сард 2013 оноос хойш сүүлийн долоон жилийн хугацаанд олон жилийн дунджаас дулаан байсан. Хур тунадасны хувьд харилцан адилгүй бөгөөд 2017-2018 онуудад олон жилийн дунджаас ахиу, 2019 он олон жилийн дунджаас бага тунадас орсон. Энэ оны наймдугаар сарын агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим. Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа. Хур тунадасны хувьд Увсын ихэнх, Завханы баруун Ховдын хойд, Өмнөговь, Дундговь аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөв гарсан байгаа.

-Цочир хүйтрэл хэзээнээс эхэлдэг вэ?

-Манай орны нутгаар наймдугаар сарын дундаас эхлэн цочир хүйтрэл тохиолддог. Далайн түвшнээс 2000 метр буюу түүнээс дээш өндөр өргөгдсөн нутагт наймдугаар сарын 20-30- ны хооронд, 1000 метрээс дээш нутагт наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд, Орхон-Сэлэнгийн сав газар, ойт хээрийн бүсэд есдүгээр сарын 1-10-ны хооронд цочир хүйтрэл эхэлдэг. Одоогийн төлөв байдлаар Төв аймгийн нутгаар хүйтэрч болзошгүй хэмээн сарын мэдээ гаргахдаа байнга мэдээлэл өгч байсан. Тиймээс энэ бүс нутагт байгаа газар тариалангийн бүс нутагт байгаа нийт ард иргэддээ цочир хүйтрэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

-Цаашид нийт нутгаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хүйтний улирал наймдугаар сарын 24-нд гэж гарч ирсэн. Нэгдүгээр арав хоногийн эхээр баруун, зүүн,төвийн аймгуудын нутаг, говийн хойд хэсгээр, Хоёрдугаар арав хоногийн эхэнд баруун зүгийн нутаг, сүүлээр баруун болон төвийн бүс нутгаар хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр төв зүүн болон говийн бүс нутгаар түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи 12-14м/с заримдаа 20-24 м/с түр зуур салхилна гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Хоёр ба гуравдугаар арав хоногийндунд үеэр ихэнхнутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орохтөлөвтэй байна

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30 – 70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамарсан тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 цельсээс бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Наймдугаар сард агаарын температурын олон жилийн дундаж нь Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-250, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-150, бусад нутгаар 15-200 цельсийн дулаан байдаг байна. Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг.

Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар,Алтайн өвөр говь орчмоор олон жилийн дунджаас 1.5-20С дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-50С-ээр сэрүүснэ. Харин нэг, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 23– 260С хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 2-50С-ээр сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үед цочир хүйтрэл ажиглагдаж болзошгүй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 10-12 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-50С-ээр сэрүүснэ. Харин нэг, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28-320С хүрч хална. Нэг ба хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 -14 м/с, зарим үед 16 -20 м/с хүртэл ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.5-20С дулаан байна. Хур тунадас Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджээс бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 2-50С-ээр сэрүүснэ. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 30-350С хүрч хална. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас нийт малчид, ард иргэдэд анхааруулж байна.