Categories
мэдээ энтертаймент-ертөнц

З.Онон: “Бүтэн амьдрал”-ын Номингийн дүрд тоглохын тулд 24 кг хассан DNN.mn

Х-ТҮЦ” продакшны жүжигчин З.Ононтой ярилцлаа.


-Та “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүр бүтээсэн шүү дээ. Өмнө нь гол дүр бүтээж байв уу?

-Анх 2011 онд “Х-Түц” продакшнд орж байлаа. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Учиртай гурав” уран сайхны кинонд Д.Золбаяр найруулагчийн хүсэлтээр гол дүр бүтээж байсан. Мөн 2009 онд “Төгс бүсгүйн зууч” кинонд гол дүрийн жүжигчнээр тоглосон. “Бүтэн амьдрал” кино миний гурав дахь гол дүр бүтээсэн кино юм.

-Гол дүр бүтээх мэдрэмж ямар байсан бэ?

-“Бүтэн амьдрал” киноны хувьд драмын, олон анги кино байсан. Гэр бүлдээ гаргах цаг хугацаа, эх хүний үрээ гэсэн сэтгэл, хатуужил гээд жүжигчнээс маш их ур чадварыг гаргах хэрэгтэй болсон. 400 гаруй үзэгдэлд тоглоход тийм ч амар даваа байгаагүй. Номин хэмээх бүсгүйг сэтгэлийнхээ гүнээс мэдэрч, тийм хүнийг амилуулж, сэтгэл хөдлөл бүрийг нь илэрхийлэхийн тулд өөрийнхөө найзууд мөн эмчээс хавдартай өвчтэй хүн ямар байдаг талаар лавлаж их судалгаа хийсний үр дүнд дүрээ сайн гаргаж чадсан. Тиймдээ ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн байх. Ялангуяа ээжүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан кино болсон.

-Кинонд тоглосны дараа өөр киноны санал ирсэн үү?

-“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр ахтай хамтарч одоо нэг киноны зохиол дээр ажиллаж байгаа.

-“Бүтэн амьдрал” кинонд тоглохдоо нэлээд жин хассан гэж дуулсан?

-Өнгөрсөн зургадугаар сард “Хүлэгү”,“Номадиа пикчерс”-ийн хамтын бүтээл болох тус кинонд тоглох саналыг аваад их эмээж байлаа. Тухайн үед би төрөөд удаагүй, хүүхэд маань зургаан сартай байсан. Өмнө нь олон анги киноны гол дүр бүтээж байгаагүй учраас ямартаа ч зохиолоо уншиж үзье гэж бодсон. Тэгээд зохиолоо уншихад хамгийн гол нь зохиолын дүр маань нэлээд туранхай санагдсан. Дүрээ сайн гаргахын тулд бүтэн зуны турш дасгал хөдөлгөөн хийж хичээсний үр дүнд 24 кг хасч чадсан. Олон өдрийн тэсвэр тэвчээр, оролдлого зүтгэлийн дүнд энэ дүрээ сайн гаргасан. Номингийн дүр хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн сэтгэлд хүрсэн гэж бодож байгаа.

-Өөрийг тань урлаг руу хөтөлсөн зүйл юу байв?

-Арван жилд байхын л тал талын авьяастай хүүхэд байж билээ. Сургуулийнхаа урлагийн үзлэг болгоныг алгасахгүй орно. Өөрийнхөө дуу хоолойг бичиж аваад дуулж, бүжиглэдэг, жүжиглээд л явж байдаг. Гэтэл манай аавын дүү “СУИС-ийн конкурс болох гэж байна. Чи өгөөд үзээч” гэсэн. Гэрийнхэн маань ч дэмжин СУИС-ийн С.Сугар багшаасаа давтлага авч шалгалтаа өгсөн. Манай өвөөгийн ээж “Бөмбөгөр ногоон” театрын ганц солист жүжигчин байсныг саяхан мэдсэн. Би чинь аавынхаа талаас урлагийн удамтай хүн юм билээ. Их сургуулиа төгсөхөд МҮОНТ-ийн нэвтрүүлэгч эсвэл “Х түц” продакшны жүжигчин гэсэн хоёр сонголттой тулгарсан. Тэгээд л анхнаасаа “дурласан” жүжигчний мэргэжлээ сонгосон доо.

-Та ханьтайгаа хамт “Чи бидэн хоёр”, “ Ханьдаа” гээд хоёр ч дуу дуулсан шүү дээ. Дахин уран бүтээл дээр хамтарч ажиллах уу?

-Анх нөхөртэйгөө оюутны байранд танилцсан. Тэр үед Идэрээ намайг харж явсан гэдэг юм. Хамтдаа амьдраад арван жил болжээ. Ер нь хамтарч уран бүтээл гаргана гэж бодоогүй. Тэр дууг дуулсан шалтгаан нь Идэрээгийн бие даасан хоёр дахь тоглолт болох гээд надад хамтарч дуулаач гэсэн санал тавьсан. Тоглолтын үеэр дуулна гэж бодсон боловч дууныхаа клипийг гаргаагүй байхад хүмүүст хүрсэн байсан. Олон хүнд хүрсэн болохоор ч тэр үү дахин дууны санал ирсэн.

-Урлагийн гэр бүл завгүй байдаг байх. Арын албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Урлагийн хүмүүс, тэр тусмаа эзэгтэй хүн бүхий л зүйлийг зохицуулах ёстой шүү дээ.“Бүтэн амьдрал” кинонд тоглоход манай ханийн ээж хүүхдүүдийг маань харж байсан. Киноны зураг авалт, тоглолттой байхад аав ээжүүд арын албыг хашдаг. Тэдэндээ маш их баярлаж явдаг.

-Кино зураг авалтын үеэр хөгжилтэй үйл явдал их гардаг байх даа?

-“Бүтэн амьдрал” кино бүтэхэд 120 гаруй уран бүтээлч, арын албаныхан гээд хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Бүхэл бүтэн зургаан сарын турш зураг авалт үргэлжилсэн болохоор олон дурсамжтай.Зоригоогоо чин сэтгэлээсээ гуйдаг хэсэг сэтгэлд тод үлдсэн дээ.Урлагийнхан бид хамт байхдаа их хөгжилтэй байдаг. Ховын групп гээд чат групп нээчихсэн, тэрүүгээрээ нэгнийгээ шоолж, шоглож цагийг өнгөрөөдөг байлаа.

-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн үзүүлбэр дээр таны хань П.Идэржавхлан гараад ирсэн шүү дээ. Их сандарсан, баярласан харагдаж байсан?

-Анх нэвтрүүлгийн санал тавихад эмээж хүлээж авсан.Ханийнхаа дэмжлэгтэйгээр нэвтрүүлэгт орж байсан.Хошин урлагийн тоглолтыг бүтэн хоёр сар гаруй бэлдэж байж үзэгчдэд номероо үзүүлдэг. Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр шууд гарна гэдэг жүжигчнээс ур чадвар, гүйлгээ ухаан шаарддаг. Өөрийгөө шилдэг наймд багтана гэж төсөөлөөгүй. Үзүүлбэрийн дундуур Идэрээг гараад ирэхэд гайхсан. Манай хүүхдүүд лагер дээр үлдчихсэн, нөхөр бид хоёр телевизийн байранд ирсэн юм. Тусгай номерын үзүүлбэр эхлэхээс өмнө найзуудтайгаа уулзаад явж байсан хүн гэнэт алга болчихсон. Нэлээд хэдэн минутын дараа гэртээ ирчихлээ, санаа зоволтгүй гээд зураг явуулахаар нь тоогоогүй байж байтал зураг авалтын дундуур гэнэт гараад ирэхээр шоконд ороод хэлэх үггүй болдог юм билээ. Одоо бодоход телевизийнхэнтэй тохиролцсон байх.

Categories
мэдээ нийгэм

Явган зорчигч руу зориуд ус цацсан жолоочид торгуул ногдуулна

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч нар бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах, цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай юм.

Учир нь замын хөдөлгөөний дүрмийн 1.5.-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 1.6.-т “Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу санаатайгаар явган зорчигч руу замын зорчих хэсэгт тогтсон усыг тойрч гарах, эсхүл хурд багатай аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих боломжтой.

Үүнийг биелүүлээгүй бол дээрх замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс авто замыг хэсэгчлэн болон бүрэн хаана

Амралтын өдрүүдэд дараах авто замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж зам засвар, дулаан, бохирын шугам татах болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ. Иймд жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан, дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Өнөөдрөөс эхэлж хаах авто замууд:

  • Чингэлтэй дүүрэг, Байгалийн түүхийн музейн зүүн уулзвараас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн уулзвар хүртэлх авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд бүрэн хааж, дулаан, бохир усны шугам татах ажил хийнэ.
  • Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхоны урд талын авто замыг 2020.08.07-ны 23.00 цагаас 2020.08.08-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж Соёлын ордоны барилгын дулааны шугам татах ажил хийнэ.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам Эх нялхсын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулна.
  • Сонгинохайрхан дүүрэг, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс рүү салдаг уулзвар хүртэл 2020.08.08-ны өдрийн 22.00 цагаас 2020.08.09-ний өдрийн 13.00 цагийн хооронд бүрэн хааж дулааны шугам татна.
  • Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас Дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж цэвэр усны шугам суурилуулна.

Долоодугаар сарын 27-ноос эхэлж хаагаад буй авто замууд:

  • Баянзүрх дүүрэг, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ний 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу “Хөсөг трейд”-ийн_авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийнэ.
  • Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн_нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ний 06.00 цагийн хооронд бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Хиагт-Алтанбулаг” боомтоор иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлжээ

Манай улс наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс дахь иргэдээ татан авахаар болсон. Түүнчлэн ОХУ-д байгаа иргэдээ “Хиагт-Алтанбулаг”-ийн хилийн автозамын боомтоор татан авах ажиллагааг өчигдөр эхлүүлсэн байна.

Тус татан авах ажиллагаа энэ сарын 7-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ. Одоогийн байдлаар 360 гаруй иргэн тус боомтоор хил нэвтрэх эрхээ аваад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Өр гэж юу вэ?

Таксинд, автобусанд, кофе шопод, ер хаана ч уншаад суух боломжтой авсаархан хэмжээтэй цуврал номнуудыг “Монсудар” хэвлэлийн газраас “Нухацтай сэдэв” гэсэн тодотгол дор цувралаар хэвлэж буйг номонд дурлагчид андахгүй байх. Тэр цувралын эхнийх нь Дэвид Гребэрийн “Өр гэж юу вэ”. Эдийн засагч биш анпропологич хүн “өр”-ийн тухай юу бичиж, өр, мөнгө, худалдаа, зах зээл гэдгийг яаж харсан бол гэж сониучирхаж байвал зориод уншаарай гэж зөвлөе. Өдгөө “Амазон”-оор худалдаалж буй Дэвид Гребэрийн өрийн түүхийн тухай “Өр: Анхны 5000 жил” ном хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьж байж. Танд сонирхуулж буй энэ жижигхэн номд түүний нэг эссээ, нэг ярилцлагыг онцолжээ.

Дэвид Гребэрийн эссээнээс “Зоосыг анх худалдаа наймаа хийх зорилгоор бий болгоогүй. Харин цэргүүдэд цалин хөлсийг нь төлөхийн тулд бүтээсэн бололтой бөгөөд магадгүй Бага Азийн Лидиягийн хаад грек хөлсний цэргүүддээ төлбөрийг нь төлөхөд анх ашигласан болов уу”, “Ойрхи Дорнодын зээлийн тогтолцоо зах зээлийн өрсөлдөөнөөс болж нураагүй, харин өдөрт хагас тонн мөнгөн гулдмайн цалин хөлс шаарддаг Александрын армийн хөлд устжээ”, “Зоосны хэрэглээ Грек, Энэтхэг, Хятадад бараг л нэгэн зэрэг бий болсон, … хамгийн хачирхалтай нь эртний зоос тархсан яг тэр газруудад, яг тэр цаг үед орчин үеийн дэлхийн томоохон шашнуудын эх үүсвэр зэрэг тавигдсан болохыг харж болно”, “Анхны ломбард нь ядуу тариачдад нутгийн мөнгө хүүлэгчдээс өөр сонголт бий болгох зорилгоор буддын сүмүүдэд үүссэн… Мөнгө эргэлдүүлэгчдийг сүмд эргүүлэн авчирч тэднийг хянах боломжтой болон, үр дүнд нь өндөр түвшний итгэлцэл дээр суурилсан нийгмийн институцууд цэцэглэв” гэх мэтээр сонирхолтой эшлэлүүд түүе гэвэл цаг, цаас хүрэлцэхгүй учраас ингэсгээд зогсъё. Товчхондоо өнөөгийн бидний мөнгө гээч зүйл, худалдаа, зах зээл гэж тодотгодог харилцааны бүр анхны үүсэл нь өр байсныг Дэвид Гребэр ухаалаг гаргалгаа, толгой дохим баримтуудтайгаар гаргаад тавьчихаж.

Дайн л татвар, мөнгө хоёрыг бий болгосон гэж харсан эдийн засгийн антропологич Дэвид Гребэр Ирландад амьдардаг сэтгүүлч Филип Пилкингтонд өгсөн ярилцлагадаа кредит картны өрөөс эхлээд ипотек гээд асар их өр хуримтлуулсан өнөөгийн хүн төрөлхтний талаар “Түүхийн өнцгөөс харвал энэ бол санаа зовмоор асуудал. Үнэндээ зарим нь энэ асуудалд Клинтоны өмнөх үеийг ч хамруулж болох агаад бидний одоогийн харж байгаа хямрал үнэндээ 1970-аад онд үүссэн хямралтай нэг гэдгийг харуулах баримтууд олж болно. Бид зүгээр л энэ хямралыг 30-35 жилийн туршид элдэв нарийн зээлийн зохицуулалтаар аргалаад ирсэн. Нийгмийг бүхэлд нь нураан унагаах хамгийн муу үр дагавартай явдал бол өрийн хямрал гэдгийг эртнээс бүгд л мэдэрдэг байсан… Өнөө үед зээлдэгчийг хамгаалах институци үүсгэхийн оронд зээлдүүлэгчийг хамгаалсэн дэлхийн хэмжээний ОУВС, эсвэл Стандарт энд Пүүр зэрэг асар том институцийг үүсгэчихсэн байна шүү дээ. Тэд ямар ч зээлдэгч төлбөрийн чадваргүй болох ёсгүй гээд тунхаглачихсан. Үр дүн нь сүйрэл гэдгийг хэлээд ч хэрэггүй биз. Эртний хүмүүсийн маш их айдаг байсан, хүн амын зээлдэгч хэсэг сүйрлийн ирмэг рүү гулсан орж буй яг тэр үзэгдлийг бид туулж байна уу даа гэж надад бодогддог” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Гадаадад гацсан монголчуудын буцаж ирэх эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой

Өмгөөлөгч, доктор Б.Гүнбилэгтэй гадаадад гацсан монголчуудын эрх зүйн байдлын тухай ярилцлаа.


-Гадаадад олон мянган монголчууд гацчихаад нутагтаа ирж чадахгүй байна. Энэ хүмүүс Монголдоо ирэхийг ихэд хүсч байна. Одоогийн төрөөс барьж байгаа бодлого хууль зүйн хувьд хэр зөв бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д зааснаар “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан. Монгол Улсын хувьд Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Үндсэн хуулийн шаардлагыг энэ хуульд тодорхой ахицтайгаар зохицуулсан боловч, иргэдээ гадаадаас авчирах, буцах эрхийн хязгаарлалт дээр хууль зүйн хувьд алдаа гаргасан гэж үзэж байна. Монгол Улс одоогоор онц байдал зарлаагүй учир иргэдийн зорчих эрхийг зөвхөн хууль гаргаж байж хязгаарлах ёстой. Монголдоо буцаж ирэх үндсэн эрхийг Засгийн газрын шийдвэрээр биш, зөвхөн хуулиар хязгаарлах боломжтой байдаг.

-Одоо бол Засгийн газрын шийдвэрээр эргэж ирэх эрхийг хязгаарлаад байгаа тийм үү?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1.19-д улсын хилээр нэвтрэх болон дотоодын зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хязгаарлалт хийх бүрэн эрхийг УИХ-ын зүгээс Засгийн газарт өгсөн байна. Энэ нь Үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Хэдий хугацаагаар эх орондоо буцаж ирэхийг хязгаарлаж болох вэ гэдэг хугацааг зөвхөн УИХ-аар шийдвэрлэнэ. Ингэж Засгийн газарт эрх олгож, иргэний үндсэн эрхийг дордуулж болохгүй.

Учир нь манайх онц байдал зарлаагүй байгаа. Онц байдал зарласан бол нөхцөл байдал ондоо, зохицуулалт нь ч шууд хязгаарлалт үүсгэж болно. Манай Үндсэн хуулийн шаардлага бол УИХ-ын түвшинд анхаарлыг аваачиж, тухай бүр нь төрийн эрх барих дээд байгууллагаараа асуудлыг шийдэж, хэдэн хоног, сараар хязгаарлах вэ, одоо сунгах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэ гэсэн үг юм. Ингэж УИХ-аар шийдвэрлэснээр Засгийн газар, УОК гээд олон байгууллагуудын төсөв, санхүү, бэлэн байдал гээд ажлуудад төрийн эрх барих дээд байгууллага анхаарлаа хандуулж, Монгол Улсын иргэний үндсэн эрхийг дээд зэргээр анхаарч байна гэсэн санаа. Цар тахлын онцлог нь нэг хэсэг газар нутагт онцгой дэглэм тогтоочихоод байгаа биш үр дагавар нь улс даяар гарах, дэглэм нь улс даяар хэрэгжиж байгаа.

-Одоо тэгвэл цаашид яах ёстой вэ?

-Манай Засгийн газрын авч хэрэгжүүлсэн маш сайн зүйл бол цар тахлыг дотооддоо алдаагүй. Энэ бол том ололт. Одоо ололтоо улам баталгаажуулаад онц байдал зарлаагүй байгаа энэ боломжоо ашиглаад иргэдээ гаднаас бүрэн авах, орж ирэх бүхий л үүд хаалгаа, зөвхөн шууд нислэг гэхгүйгээр зохион байгуулах, түүнд эдийн засгийн бүхий л боломжоо ашиглан шуурхай арга хэмжээ авах ёстой. Төсвөөр байшин, зам бариад болоод байгаа бол төрийн боловсон хүчин нөөц, хөрөнгө мөнгөө нэн түрүүнд иргэдээ авахад зохицуул.

Онгоц нь хүрдэггүй юм бол өөр орны онгоцнууд хөлсөл. Гадаадад гацсан иргэдийн үндсэн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь төрийн өөрийн үйл ажиллагааны сул талуудыг харуулаад байна. Газраар орж ирсэн тэр охины хэрэг үүнийг тод харууллаа. Карантины байруудаа нэмэх, дулаан байгаа дээр олноор нь шуурхай оруулж ирэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Гэртээ ирж чадахгүй гацсан монголчууд, оюутнууд бол тусгаар тогтносон улсын харьяалалтай, иргэн гэх үнэт зүйлтэй хүмүүс учир нэн яаравчлах хэрэгтэй.

Карантинаа сунгаж, иргэдийн буцах эрхийг хязгаарлаж байгаа бол дахин хэлье зөвхөн УИХ-аар хууль гаргаж байж, хугацааг нь сунгана. Засгийн газар бол хэрэгжүүлэгч мөн. Иргэдийн үндсэн эрхийг хязгаарлаж байгаа бол УИХ өөрөө ЗГ-аа дэмжээд хамтраад, анхаарлаа хандуулаад төсөв мөнгийг нь хангалттай гаргаж, биечлэн оролц гэсэн үг. Энэ бол зөвхөн манай Үндсэн хуулийн зохицуулалт биш, олон улсын хүний эрхийн гэрээ конвенциор баталгаажсан хүний эрхийн эрэмбэ юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эцэг, эхчүүд санал гаргавал бага ангийнхан 100 хувь цахимаар хичээллэх боломжтой

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1, МСҮТ-ийг тус сарын 14, их, дээд сургууль, коллежийн хичээлийг аравдугаар дугаар сарын 5-наас эхлүүлэхээр болсон билээ. Мөн хүүхэд хоорондын зай 1-1.5 метр, нэг ангид 20-25 хүүхэд ногдохоор төлөвлөж байгаа учир ачаалал өндөртэй аймаг, нийслэлийн улсын сургуулиудын хувьд гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар хичээллэх шаардлагатай болж байгаа аж. Харин анги дүүргэлт бага сум, багийн сургууль, хувийн сургуулиуд танхимд таван өдрөөр хичээллэнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын онолын хичээлийг цахимаар, үйлдвэрлэлийн дадлага сургалтыг долоо хоногт 2-3 өдөр танхимаар зохион байгуулна. Их, дээд сургууль, коллежийн онолын хичээл, лекцийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамаарч семинар, лабораторийн хичээлийг явуулахаар төлөвлөсөн байна.

ЭЦЭГ, ЭХИЙН АЖИЛЛАГАА, АНХААРАЛ ХАЛАМЖ ӨНДӨР БАЙНА

Энэ жилийн тухайд эцэг, эхийн хүүхдэдээ тавих анхаарал халамж, сонор сэрэмж, ажиллагаа ихээхэн байх аж. Бага ангийн тухайд зарим хичээлээ танхимд үзэх тохиолдолд 30-50 хүүхэдтэй анги байлаа гэхэд хоёр бүлэгт хуваана. Даваа гаригт хоёр бүлэгтээ дараалж заагаад, бусад гарагуудад ээлжилж заах хувилбар байгаа аж. Ерөнхийдөө дотоод зохион байгуулалтыг тухайн сургуулийн нөхцөл байдал, онцлогт тохируулж удирдлагууд, багш нар, мөн Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулах юм байна. Дунд ангид нэг ангийн бүх бүлгийг хольж, 20, 20-оор нь бүлэг үүсгэж хичээлээ интеграчлан заах боломжтой хэмээн тооцжээ. Нэг анги гэсэн ойлголт байхгүй болж, багш нар заадаг хичээл, даасан анги хамаарахгүй хамтарч ажиллах хэрэгтэй болж байгаа аж.

Түүнчлэн, нэг бүрчлэн халуун хэмжиж, хоорондын зай барьж сургуульдаа орох гээд ачаалал зохион байгуулалтын асуудлыг тооцох хэрэгтэй аж. Хичээл эхлэх, завсарлагаа, тарах цагуудыг ялгаатай байх зохицуулалт хийнэ. Тухайлбал, 08:00, 08:20, 08:40 гэх зэргээр ялгаатай тогтоох юм байна. Баруун талын хаалгаар орсон сурагчид зөвхөн гурав, зүүн талын хаалгаар бол хоёр, төв хаалгаар орсон сурагчид зөвхөн нэгдүгээр давхарт хичээллэнэ. Энэ бүхний гол зорилго нь бөөгнөрөл үүсгэхгүй явдал аж. Эцэг, эхчүүдэд хүүхэд тус бүрийн хувийн ариун цэврийг сахиулах, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх зэрэг зөвлөгөөг сургуулийн зүгээс тогтмол өгч, хэрэгжүүлэхийг шаардах юм байна. Хичээллэх үед сурагчид үзэг, дэвтэр зэргээ дамжуулах нь эрсдэлийг нэмэгдүүлэх тул хүүхдийнхээ суралцах бэлтгэлийг бүрэн хангаж явуулах хэрэгтэй аж. Хичээл эхлэхээс өмнө 3-5 минут “COVID-19”-өөс сэргийлэх зөвлөгөөг өгнө.

Эцэг, эхчүүд сургууль руу нэвтрэхгүй, хүүхдээ авахдаа амны хаалт зүүх, сургуулийн орчим байрлуулсан тэмдэг тэмдэглэгээг сайтар мөрдөх зэрэгт анхаарах хэрэгтэй аж. Мөн цаг агаарт тохируулж хүүхдээ хувцаслах, дархлаажуулалтад анхаарах зэргээр эцэг, эхийн үүрэг хариуцлага эрс өсөх нь ээ. Есдүгээр сард багш нар сургалтдаа ашиглах багшлах арга зүйн зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байгаа бөгөөд үүнийг ашиглахдаа сурагч бүрийн тухайн судлагдахуунаар мэдлэг, чадварын түвшин, хөгжлийн суурь чадварууд ямар байгааг оношилох гэнэ. Оношилгоог хэрхэн хийх аргачлалыг багш нарт зориулан зөвлөмжид тусгажээ. Эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдэдээ зорилго тавьж тодорхой үйл хийн, үр дүнг нь үзэхийн тулд тэвчээртэй ажиллах чадвар, бусадтай харилцахдаа анхааралтай сонсож, мэдээллийг тогтоон зохистой хариу үйл үзүүлэх чадвар, өөрийн зан үйлээ хянаж бусадтай хамтрах чадвар, өөрийн санаагаа оновчтой логиктой илэрхийлэх чадвар зэрэг харилццааны явцад ажиглагдах чадварууд ямар байгааг ажиглана. Мөн хүүхдийн жингийн байдал, хөдөлгөөний хурд эвсэл, хөдөлгөөн хийх сонирхол ямар байгааг дүгнэнэ. Эцэг, эхийн анхаарал татахуйц чадварын хоцрогдол хүүхдэд ажиглагдвал багштай зөвлөх, шаардлагатай бол сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авах ёстой аж.

ЭЦЭГ, ЭХЧҮҮД СОРИЛТЫГ ХАМТДАА ДАВАН ТУУЛАХ ЁСТОЙ

(БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир)

-Танхимаар гурав, цахимаар хоёр өдөр хичээллэж байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Зайлшгүй ийм зохицуулалтад орох хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг бид сайн ойлгох ёстой. Улсын онцгой комисс хуралдаж, Засгийн газраас шийдвэр гаргаад наймдугаар сарын 31 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан. Ер нь дэлхий нийтээр цар тахлын тархалт буурахгүй, ялангуяа, дотооддоо алдсан улс орнуудын нөхцөл амаргүй байна. Тиймээс танхимын сургалтыг явахад зайлшгүй зарим дүрэм журмыг мөрдөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Хамгийн гол зүйл бол бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зай барих асуудал байгаа. Иймд хүүхэд хооронд 1-1,5 метрийн зай бариад танхимын сургалт явуулахад одоо байгаа боломжоор нэг ангид 20-25 хүүхэд ногдохоор байна. Ялангуяа, нийслэлийн сургуулиудын бүлэг дүүргэлт ямар байгааг та бүхэн мэднэ. Анги 35 хүүхэд хүртэл дүүргэлттэй байна. Тэгэхээр нэг ангид 20-25 хүүхэд байлгахын тулд тодорхой хэмжээгээр хичээллэх өдөр, хичээлийн тоог бууруулж байж энэ зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Тийм болохоор долоо хоногийн гурван өдөр танхим, хоёр өдөр цахимаар хичээлээ үзэх зохицуулалт хийсэн.

Сургууль өөрийнхөө онцлогт тохируулаад ямар агуулгаа яаж авч явах вэ гэдэгт Боловсролын хүрээлэнгээс нарийвчилсан зөвлөгөө заавруудыг өгөх юм. Тийм болохоор ямар ч байсан хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Хүүхдүүд багштайгаа нүүр тулаад зөвлөгөө заавраа аваад шууд харьцаад явах учир хүүхдүүдийн сурах үйлсэд нэлээн дэмтэй. Багш нарын арга зүйд шинэлэг өөрчлөлт гарсан зохион байгуулалт хийгдэнэ гэж харж байгаа.

-Ялангуяа бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд нэлээн санаа зовж байна. тэдний танхим болон телегээр судлах хичээлд ямар зохицуулалт орох вэ?

-Ер нь бага анги дээр долоон хичээл байгаа. Монгол хэл, математикийг суурь болгохыг санал болгож байна. Хөгжим, биеийн тамир, хүн ба орчин, иргэний ёс зүйн боловсрол, зураг технологи зэрэг хичээлийг танхимын бусаар үзнэ. Гэхдээ монгол хэл, матетамикийн хичээл дээр интеграц хийгээд явах агуулгууд байгаа гэж харж байна. Бид нарийвчилсан зөвлөгөө өгнө, дээрээс нь манай мэргэжлийн багш нарын баг өөрсдөө ярилцаад явах ёстой. Телегээр хичээл нь орж байгаа бусад багш нар нь бага ангийн багш нартаа туслах хэлбэрээр ажиллах зэргээр олон хувилбар менежмэнтийг бодож сэтгэж ажиллах учиртай. Үүн дээр нээлттэй маш олон боломжууд гарч ирнэ. Магадгүй дотооддоо алдаагүй, ханиад томуу нь гайгүй, танхимын сургалтыг хөгжүүлээд явах харьцангуй боломжтой нөхцөл үүсэх юм бол хичээлийнхээ тоог нэмэх боломжууд гарна гэж харж байна.

-Зургаан настнуудын тухайд заавал танхимаар хичээллэх ёстой юу?

-Энэ жил 82 мянга гаруй хүүхэд урьдчилсан байдлаар элсэнэ гэсэн төлөв байгаа. Гэхдээ тодорхой заавар журмын дагуу малчны хүүхэд долоон настайдаа элсэж болох зохицуулалт бий. Мөн таван настай хүүхдийг элсүүлэхгүй гэсэн журам байгаа. Тэгэхээр энэ заавар журмаа мөрдөөд хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлнэ. Мөн ялгаагүй танхимын болон танхимын бус хэлбэрээр явна. Гэхдээ танхимын бус нэгдүгээр анги дээр арай онцлогтойгоор хэрхэн зохион байгуулах уу гэдэгт Боловсролын хүрээлэн тодорхой заавар зөвлөмжөө өгнө.

Хүссэн хүсээгүй бид шинэ сорилттой тулгарч байна. Бид энэ сорилтыг аль болох хохирол багатай давж туулахын тулд байгаа боломжоо шавхах ёстой. Үүнд эцэг, эхчүүдийн оролцоо хамгийн чухал. Тийм болохоор аль болох сурах насанд нь элсүүлээд явчих юм бол хүүхдэд илүү үр дүнтэй байна. Ирээдүйг нь харах ёстой. Гэхдээ танхимын болон танхимын бус хувилбарууд зэрэгцээд явна. Үнэхээр эрсдэл байгаа гэж тооцоод ээж, аав өөрсдөө санал гаргах юм бол хүүхдээ танхимын бусаар явуулаад ирцээ тооцуулах боломжтой. Магадгүй нэг ангийн таван хүүхдийн ээж аав нь бид хүүхдээ явуулахгүйгээр цахимаар хичээлийг нь судлуулаад дүнгээ тооцуулъя гэвэл болно. Үүнийг нь нээлттэй байхаар зохицуулалт хийнэ.

-Ариутгалыг хэрхэн хийх вэ?

-Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яам, манай яам хамтраад 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах зөвлөмжийг гаргаж байгаа. Энэ зөвлөмжид халдваргүйжүүлэлтийг яаж хийх, цэвэрлэгэ үйлчилгээг ямар давтамжтай байлгах, ямар бодисоор хийх зэргээр нарийвчилсан зохицуулалтууд байгаа. Бид мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн байгууллагаар цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа. Гэхдээ үүнд шаардагдах зардлыг тооцоод орон нутгийн Засаг даргын нөөц, тухайн сургуулийн төсөвт шийдэж өгөх асуудлыг давхар ярьж байна.

Хичээл эхлэхэд сарын хугацаа дутуу байна. Энэ хооронд багш нар, хичээл сургалтын танхимаа бэлтгэх, эцэг, эхчүүдэд системтэй заавар зөвлөгөө өгөх зэрэг олон ажил байгаа. Тэгэхээр санаа зовохоос илүү хувь хүн бүр болгон дор бүрнээ бэлтгэлээ мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө, зааврын дагуу хангаж ажиллах юм бол энэ сорилтыг эрсдэл багатай даван туулах боломж бүрдэнэ.

ЦАХИМ БҮРТГЭЛ 28-НЫГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдүгээр ангийн цахим элсэлтийг өнөөдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулна. Боловсролын мэдээллийн технологийн төвөөс par­ent.edu.mn эцэг, эх асран хамааглагчдад зориулсан цахим системийг хөгжүүлж суралцагчийн ирц, сурлагын амжилт, гэрийн даалгавар, сургалтын байгууллагын талаар мэдээлэл авах, анги удирдсан болон хичээл заадаг багштай холбогдож, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлжээ. Хүүхдээ бүртгүүлэхийн тулд тус сайтад өөрийн цахим шуудангийн хаягаа ашиглан шинэ хэрэглэгчээр бүртгүүлнэ. Дараа нь системд хэрэглэгчийн эрхээр нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулж баталгаажуулна. Хүүхдийнхээ регистрийн дугаарыг бүртгэлийн хэсэгт оруулж хамран сургах тойргийн аль сургуульд элсэх боломжтойг харна. Элсэх хүсэлт илгээнэ. Илгээсэн мэдээллийг сургуулийн сургалтын менежер хүлээн авч шийдвэрлэх юм. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд очиж бүртгүүлнэ. Хамран сургах тойргийн мэдээллийг 70113032, 70113088 дугаараас авах боломжтой аж.

ТӨЛБӨРИЙГ САНХҮҮГИЙН ДАРАМТ ҮҮСГЭХГҮЙГЭЭР АВНА

Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулах бөгөөд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулна. Суралцагч, багш, ажилтныг халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай журам, заавар, удирдамж, зөвлөмжийг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран баталж мөрдүүлнэ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр сар, улирлаар төлөх уян хатан зохицуулах арга хэмжээ авна.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

П.Энхбаатар: “Мандухай сэцэн хатан” кинонд мэргэжлийн каскадёрын үүрэг, роль их байсан

-ЗУРАГ АВАЛТЫН ҮЕЭР МОРЬТОЙГОО ДӨРВӨН МЕТР ӨНДӨР ХАДНААС ХАРАЙЛГАХ, ДАВХИАН ДУНД МОРЬТОЙГОО ХАМТ УНАХ, ХАДАН ДЭЭРЭЭС ӨНХРӨХ ЗЭРЭГ ХҮНД ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ХИЙДЭГ БАЙЛАА-

Одоогоос 30-аад жилийн өмнө Академич Ш.Нацагдорж гуайн “Мандухай сэцэн хатан” түүхэн романаас сэдэвлэн “Мандухай сэцэн хатан” түүхэн киног бүтээсэн билээ. Кинонд эхэн үедээ Монголын нэрт кино найруулагч Дэжидийн Жигжид гуай ажиллаж дараагаар нь найруулагч Б.Балжинням гуай зураг авалтыг үргэлжлүүлжээ. Энэхүү кино нь Монголын анхны түүхэн кино болох “Цогт тайж” киноноос хойш 40-өөд жилийн дараа бүтсэн томоохон хэмжээний түүхэн кино билээ.

Тэгвэл бид Монголын анхны каскадёр, “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны орлон тоглогч, Техникийн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер Пунцагдашийн Энхбаатартай ярилцсанаа хүргэе.


-Монголын хамгийн анхны каскадёрын багт ажиллаж эхэлсэн түүхээс тань яриагаа эхэлье?

-1986 оны зун “Мандухай сэцэн хатан кинонд каскадёр шалгаруулж авна” гэсэн зарын дагуу өөрийн найз Э.Жаргалсайханы (цэрэгжилтийн багш ахмад цолтой) хамт очиж бүртгүүлсэн юм л даа. Ингээд тухайн үед бидний үеийн 30 гаруй залуус нэгдэж Монголын анхны орлон тоглогч каскадёрын баг бүрдэж байлаа. Миний бие энэ сайхан түүхэн кинонд оролцох аз тохиохын ялдамд өмнө нь зөвхөн дэлгэцээс хардаг байсан Монголын кино урлагийн алдартнууд болох Ардын жүжигчдийг ойроос харах боломж тохиож байна гэж их хөөрч билээ/инээв/. Тэр үед Баянхошуунд байрлах Морин тойруулгад яг л циркийн жүжигчид шиг морин дээр бэлтгэл сургуулилт хийдэг байгаа. Монголын анхны мэргэжлийн морины каскадёр, кино найруулагч Ч.Жумдаан, Оросын мэргэжилтэн Любовь Мудерявич нар дасгалжуулна. Дасгал сургуулилтад нэг сар гаруй хугацаанд морины давхиан дунд мордох, морин дээр зогсоогоороо давхих, мориноосоо бэртэхгүйгээр зөв уналт хийх, хоёр гараа уяагаар баглуулж бэхлээд өөр хүн мориор чирч давхих зэрэг хүнд сургуулилт хийж байсан. Тэнд морин тойруулгын арвантаван залуу, мөн гал хамгаалагч, багш, цэргийн офицерууд гээд арав гаруй хүмүүс байсан шүү.

-Морин сургуулилалтын хажуугаар өөр олон янзын сургуулилт хийдэг байсан байх?

-Морин тойруулгын сургуулилтын дараа Монгол кино үйлдвэрийн байранд ирж сэлмийн сургуулилалт хийнэ. Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай (Исмэл сайд) бидэнд модон сэлэм бариулан, сэлмээр хэрхэн цавчих, өөрийгөө хамгаалах болон бамбайг яаж барих гээд бүх арга техникийг зааж өгч байлаа. Энэ бүх сургуулилтын дараа бид мэргэшсэн орлон тоглогч каскадёр болсон гэхүү дээ.

-Тиймдээ ч мартахааргүй түүхэн уран бүтээл болж чадсан шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Энэ агуу түүхэн киног бүтээхэд монгол хүн бүр чин сэтгэлээсээ хандаж, байгаа бүхнээрээ тусалсан. Тухайлбал, Булган аймагт байрлаж байхад нутгийн ард олон өөрийн морьдоо үнэ хөлсгүй өгч байсны ачаар киноны байлдаантай хэсгийг маш амжилттай дуусгаж байлаа.

-Бэлтгэл сургуулилт бодит шүү дээ. Киноны хувцас, хэрэгслийн тухайд ярихгүй юу?

-Бидний өмссөн хувцас хунар, илд бамбайг кинонд зориулж бодитоор хийсэн. Ер нь кинонд гарч байгаа сэлэм, жад, хуяг дуулга, сүйх тэрэг болон бусад эд хогшлыг бүгдийг нь тус кинонд зориулж хийсэн. Дандаа бодит зураг авалт байсан. Киног дальный- алсын, средний-дунд, крупный-ойрын гэсэн гурван планаар зураг авдаг юм байна лээ. Крупный планд гол дүрийн жүжигчид, харин каскадёрууд средний планд зураг авахуулсан. “Мандухай сэцэн хатан” түүхэн кинонд тэр жил халагдах цэргүүд, дарга офицерууд нийлсэн 6000 орчим залуус оролцож билээ.

-Киноны байлдаантай хэсгийн тэр чухал, сонирхолтой тоглолтуудад каскадёрын багийнхны хүч хөдөлмөр их байсан байх?

-Натурын гол хэсэгт кино найруулагч, оператор, зураглаач, зургийн дарга, зураач, гол дүрийн жүжигчид байрлана. Харин Каскадёрууд гол хэсгийн ар талд хоёр гэрт хуваагдан байрлаж байсан санагддаг. Тухайн үеийн дурсамжаас гэвэл каскадёрууд хамгийн сүүлд хоолоо иддэг байлаа/инээв/. Манай каскадёрын хэсгийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч тухайн үеийн ЗХУ-ын Бабушкины Хилийн Цэргийн Дээд Сургуулийг төгссөн Войны Самбо, хамгаалах байлдааны спортын дэд мастер С.Хаянгарваа ахалж байсан. Бид ч хагас цэрэгжилтийн байдалтай л байна. Өглөө эрт босож гүйж, дасгал сургуулилт хийнэ. Өөрийн тань хэлдгээр киноны байлдаантай хэсгийн тэр чухал, сонирхолтой тоглолтууд манай каскадёрын багийнхны хүч хөдөлмөр их байсан шүү. Олон жилийн дараа тэр нандин дурсамжаа хөөрөлдөж байгаадаа үнэхээрийн их бахархаж, каскадёрын багийн эрхэм нөхдөө дурсан санаж байна.

-Морьтойгоо дөрвөн метр өндөр хаднаас үсэрч, доор дэвссэн сүрлэн дээр ээлжлэн буудаг байсан гэсэн. Сонсоход айдас төрж байна шүү?

-Энэ киноны гол хэсгийн зураг авалт Булган аймгийн Элсэн тасархай, Хөгнө Хаан ууланд болсон л доо. Бид зураг авалтын үед дөрвөн метр өндөр хадан дээрээс үсэрч, доор дэвссэн сүрлэн дээр ээлжлэн буудаг байсан. Морьтойгоо 1,5-2 метрийн өндөр хадан дээрээс харайлгах, морины давхиан дунд морьтойгоо хамт ойчих мөн мориноос унах, хадан дээрээс өнхрөх зэрэг бүх үйлдлийг бодитоор хийнэ. Цэргүүдийн гардан байлдааны үед гэдэс хүүлэх, цус асгарах хэсэгт хонины гэдэс хагалж зураг авч байсан нь илүү их үнэмшилтэй харагдаж байсан байх.

-“Монголын анхны каскадёр орлон тоглогч” гэсэн нэр нэгэн үеийн сайхан дурсамж болон мөнхөрчээ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Зураг авалт дууссаны дараа бидэнд киноны найруулагчаар ажиллаж байсан Б.Балжинням гуайгаас “МОНГОЛЫН АНХНЫ КАСКАДЁР ОРЛОН ТОГЛОГЧ” гэсэн батламж гардан авч, ихэд баярлаж билээ. Байлдаантай хэсгийн зураг авалт дууссаны дараа манай каскадёрын багийнхан Төв аймгийн Лүн суманд авахуулсан өөрсдийнхөө зургаа үзэж, хөгжилтэй агшнуудаа дурсан, биесээ шоолон баахан инээлдэж билээ. Цаг хугацаа үнэхээр л хурдан өнгөрөх юм даа… Бидний үеийнхэн энэ кинонд тоглоход дөнгөж л хорь гаруй настай залуучууд байсан. Манай каскадёруудын хэсэг нөхөд дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглосон.

С.ЛХАМСҮРЭН

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ цаг-үе

Аавынхаа итгэлийг даах л гэж дундаас нь орхиогүй

Бороо хур ихтэй зуны ид халуун өдрүүдэд Токио хотноо Сумогийн башё ид дундаа, корона цар тахлын улмаас үзэгч цөөхөн, нам гүмхэн боллоо. Хүчирхэг монгол сумо бөхчүүдийн нэгэн болох мэргэжлийн Сумо бөхийн дээд макүүчи зиндааны баруун жигүүрийн хоёр дахь чансаанд эрэмбэлэгдэж байсан “Догшин бүргэд” хэмээх Араваши Эрхбаярын Дөлгөөн энэ жилийн нэгдүгээр сард зодог тайлсан билээ. Түүний аав хоёр ихэр улсын начны нэгэн, Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн дэлхийн аваргын алтан медальт, Сөүлийн Олимпийн чөлөөт бөхийн дөрөвдүгээр байранд орж байсан манай улсын нэрт тамирчин Лодойн Эрхбаяр билээ.

Түүний ээж Дармаагийн Оюун. Дүүг нь Хүслэн гэдэг. Одоо бүгд АНУ-д аж төрж байна. Хүүхэд байхаасаа л барилдаж, бөхийн зааланд ихэнх цагаа өнгөрүүлсэн. Аав нь Энэтхэгт үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 1994-1997онд ажиллан, гэр бүлээрээ амьдарч байсан. 2000 онд Малайз, Филиппин рүү нүүж, хүүхэд насаа гадаадад өнгөрүүлжээ. Монголд буцан ирсний дараа “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийн танхимд үндэсний бөхийн бэлтгэл хийдэг байв. 2002 оны Үндэсний их баяр наадмаар өсвөр насны барилдаанд үзүүрлэж байсан удаатай. Тун удалгүй Сумогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японы Осака хотноо оролцон, Сумогийн алтан хараацай болсон Кёкшюүзан Д.Батбаяр санал болгосноор анх 16 настайдаа “Араисо” дэвжээнд элсэн орж, сүүлд “Минэзаки” дэвжээнд харьяалагдан, цор ганц цолтой бөх нь болсон билээ. Болгарын бөх Котоошюү, Хошиказе Амармэнд нартай нэгэн үе. Анх сумоч болоод “Аавынхаа алдар нэрийг өндөрт өргөн үргэлжлүүлэн явах юм шүү” гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн, ид хав оволзон байсан юм.

Башёон үеэр аав нь юу ч ярьдаггүй харин дууссаны дараа хоёр цаг гаруй лекц уншдаг байсан. Барилдааны мэхээс эхлээд бодол санаагаа хэлж зөвлөнө. Өөртөө итгэлтэй барилдах хэрэгтэйг сануулна. Тамирчин аавынхаа аливаад тууштай, үнэнч, сэтгэлийн их хаттай, цэх шулуун, хэзээ ч цуцашгүй шургуу занг нь гайхан биширдэг ажээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хийж байгаа бүхнийг чинь бурхан харж байгаа гэж үргэлж захидаг гэнэ. 2006 онд арван есөн настайдаа мөр нь мултраад хорин нас хүрэхээсээ өмнө цолтой болно доо гэж бодож байсан ч бэртчихээд амарч байтал аав нь “Чиний насан дээр ингэж барилдаагүй дээ” гэж гунигтайгаар хэлэхэд нь дотроос нэг юм огшоод, цээж хөндүүрлэснийг одоо ч мартаагүй билээ гэж ярьж байв. Хүүхэд байхаасаа аавынхаа нэр нүүрийг барахгүй, итгэлийг нь алдахгүй гэсэн сэтгэл минь үргэлж байдаг. Ингэж явсаар 2011 онд анх Жүрёод, 2014 онд дээд зиндаанд гарсан юм. Гадаад бөхчүүдээс хамгийн удаан дээд зиндаанд ахисан гэж тэмдэглүүлсэн. Бэртэл гэмтэл гол нь байсан ч цаг нь болсон болоод л дээшээ гарсан байх хэмээн тэр намуухан өгүүлэв. Бэлтгэл сургууль жигдрээд, жин нэмэгдээд дээд зиндаанд гарсны дараа тав, зургаан жил огт уулзаагүй аав, ээжтэйгээ Америкт очиж уулзаж билээ. Дээд зиндаанд гарч байж л уулзана гэж хатуу шийдсэн юм.

Макүүчид гарсны дараа аав маань ээжид “Ийм сайхан хүү төрүүлж өгсөн чамдаа баярлалаа” гэж хэлсэн гэнэ лээ. Түүнийг сонсоод сэтгэл жаахан тайвширч билээ. Уг нь хорин нас хүрэхээсээ өмнө жүрёод гарна гэсэн хатуу зорилготой байсан ч мөр мултарснаас хойш тэмцээн болгонд долоо, найман удаа мултарч, 2007 онд мөрөндөө хагалгаа хийлгэж хэдэн сар завсарласан. Амарсан хугацаагаа тоолоход бараг хоёр жил барилдаагүй өнжсөн байдаг юм.

Дээшээ гараад л унаад л эгзэгтэй мөчүүд ээлжилсэн үед өвдөгний бэртэл хүндрээд, бэлтгэл сургуулилтдаа шаргуу орж чадахгүй байсаар 2017 оны нэгдүгээр сарын башёон хамгийн эхний өдөр Какүрюү М.Ананд аваргыг давчихаад, найм дахь өдрийн барилдааны хамгийн сүүлийн бооцоо хамгийн өндөр, бөхчүүд болон үзэгчдийн хувьд хамгийн онцгой сайхан агшин байдаг барилдаанд Хакухо аваргыг даван түүний үргэлжилсэн рекордыг зогсоож байжээ. Аварга хүнийг өвдөг шороодуулна гэдэг бөх хүний нэг мөрөөдөл бөгөөд учраа таарч, барилдана гэдэг сандарч тэвдэх, сүрдэхийн хажуугаар бас баярлаж догдлох зэрэгцэж байдаг. Хамгийн их сэтгэлд хоногшин үлдсэн барилдаан гэвэл Жюүрёо зиндаанд барилдаад анх удаа тавин хувийн амжилт үзүүлчихээд, тэр үе хүртэлх сумогийнхоо амьдрал, туулж ирсэн жаргал зовлонг санаад, мэлмэртэл уйлж байсан нь сэтгэлд тод үлджээ гэж дурсан ярив.

Багаасаа гадаадад амьдарч байсан болоод тэр үү дахиад л харь оронд олон жилийг өнгөрүүлэх болсон түүнд идээшиж дасах нь амархан байсан ч эх орондоо эргэж очих юмсан гэсэн хүсэл үргэлж хүчтэй байдаг байлаа. Хүний нүднээс далд их уйлдаг байжээ. Мөрөөдөл, зорилго байгаа цагт хүн хэзээд босож сэргэдэг. Хүнд бэртэл авчихаад тааз ширтээд хэвтэж байхад тэрхүү мөрөөдөл холын хол сарнин алга болоход хамгийн хэцүү гашуун байж. Дээд зиндаанд барилдаж байхад элэгдлийн улмаас өвдгөнд нь ус хураад, шатаар өгсөхөд шаналгаатай, өвчин намдаагч тариулан, боолт хийгээд барилдаад байлаа. Ингэсээр 2017 оны 11 дүгээр сараас бэлтгэл хийж чадахаа байв. Түүний нэрийн ваши гэдэг нь бүргэд гэсэн утгатай бөгөөд дээд зиндааны бөх, нутаг нэгтэн Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаад давбал жинхэнэ бүргэд унавал хуурамч бүргэд нь гэж бие биенээ явуулж, хэвлэл мэдээллийнхнийг хөгжөөдөг байж. 2015 онд Монголд танилцаж байсан түүний гэргий П.Янжинлхам онгоцны үйлчлэгч хийдэг байжээ.

Дараа жил нь Японд ирж Токиогийн шөнийн тэнгэр дор нисдэг тэргээр аялж байхдаа агаарт гэрлэх санал тавин бөгжөө хуруунд нь зүүж өгч байжээ. Зодог тайлснаар сумо бөх байх завгүй, байнгын бэлтгэл, бэлэн байдалд байх, идэж уух хоол унддаа анхаарах, хатуу дэг журамд баригдах, олон нийтийн ажилд оролцох зэрэг цагийн нарийн хуваариас чөлөөлөгдөж, мөрнөөсөө нэгэн том ачаа авах мэт сэтгэл хөнгөрөх мэдрэмжийг одоо амсан суугаа билээ. Бэртсэн гэснээсээ бэртээгүй газраа хэл гэвэл хурдан байж магадгүй гэж хэлээд тэр инээмсэглэв.

Эргээд бодоход сумогийн бэлтгэл сургууль их хүнд байжээ. Өдөр болгон хамаг биеэрээ нэг нэгнээ мөргөдөг. Нэг мөргөлт гэхэд л бага оврын машинд мөргүүлсэнтэй адил бие болон тархинд доргилт өгдөг гэж үздэг. Өдөрт тэр доргилтыг хэдэн арван удаа авна. Тэрбээр сумодоо гурван багштай. Тэмцээн дуусангуут юун түрүүнд тэдэн рүүгээ өдөр өдрийн дүнгээ мэдээлж хэлнэ. Багшийгаа их хүндэлнэ дээ. Сумогоос тэсвэр хатуужил, хүн байхын хүмүүжил олж авсан. Зодог тайлах ёслол нь ирэх жилийн хоёрдугаар сарын 23-ны өдөр болохоор хойшлогдов. Тэр болтол сумо бөхийн хийморийн бэлгэдэл болсон чёнмаге үсээ хамаагүй тайруулж болохгүй учир зуны халуунд урт үс нь жаахан тээртэй байгаа ч тэвчихээс аргагүй гээд инээв. Амжилт гаргахгүй амархан больчихвол аавын нэр хүндэд муу.

Аавынхаа нүүрийг харах аргагүй гэж боддог байлаа. Сэтгэлийн мухарт яагаад ч юм би чадна гэдэг бодол төрөөд байдаг байв. Түүний мэргэжлийн сумогийн бөхийн амьдрал ямар он жил байсныг асуухад их хурдан ч юм шиг, нэлээн удаан ч юм шиг. Гаргаж болох л бүх боломж, хүч чадлаа дайчлан барилдаж, тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн ч аавынхаа нүдэнд баярын нулимс дуслуулах чинээ барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур, харамсалтай байна хэмээн зодог тайлах хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан үг нь содон, сэтгэлд гүн тусч байсан юм. Тэр эргэж харамсахгүйн тулд дундаасаа орхиогүй. Монголын гурван их аварга болох Ёкозуна Хакухо, Харумафүжи, Какүрюү нарыг өвдөг шороодуулж, кинбоши буюу “Алтан од” урамшуулал гурвантаа хүртэж байсан нь түүний хувьд сумогийн барилдааны түүхэнд үлдээх онцгой агшин байсан нь гарцаагүй. Сумогийн энэхүү арван найман жилийн замналд тэр хэд хэд шархадсан ч элин халин дэвэх цуцашгүй бүргэд байлаа.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ В.ДАВАА

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 594 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 7-ны өдөр 594 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сидней, Афганистанаас ирсэн иргэд, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүс, Алтанбулагийн боомтоор ирсэн жолооч нарт хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Манай улсад 293 хүн коронавирусийн халдвартай нь батлагдсанаас 260 хүн эдгэрсэн. Халдвартын клиникт 33 хүн эмчилгээнд байгаагаас хоёр хүний бие хүндэвтэр байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний бие маш хүнд байгаа бөгөөд тухайн хүн эрчимт эмчилгээний тасагт хэтвэн эмчлүүлж байна.