Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 1-нээс эмийн хөнгөлөлттэй холбоотой хуулиуд хэрэгжиж эхлэхээр боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулж байгаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын хуульд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа талаар ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр:

-Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орууллаа. Эрүүл мэндийн даатгалын тухай , эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт орууллаа. Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр цалин, урамшуулал авдаг болохоор өөрчлөлт оруулан хэлэлцэж байна. Цаашдаа энэ өөрчлөлтийг дагасан үйл ажиллагааны хөтөлбөрт анхаарал хандуулна.

2020 оны 11 дүгээр сарын нэгнээс Хөнгөлөлттэй эмийн ололтод өөрчлөлт орууллаа. Бүх эмч хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгоно хэмээн мэдээлэв.

-Энэ оны эхэнд Улсын нэгдүгээр эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсэний төв зэрэг зарим эмнэлэг зарим эмнэлгүүд хагас бие даасан шатлалд шилжсэн. Ингэснээр эмчилгээний төрлөө сайжруулж, өөрсдөө менежментээ хийх боломжийг бүрдүүлж байгаа зөв тогтолцоо.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын гишүүд байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг байгууллаа

Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Ш.Адьшаагийн санаачилгаар “Баруун бүсийн байгаль орчныг хамгаалах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах” лобби бүлэг УИХ-д байгуулагдлаа. Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд санал нэгдэж лобби бүлэг байгуулсан талаараа өнөөдөр /2020.08.28/ мэдээлэл хийлээ.

Уг лобби бүлэг нь бүс нутгийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчин тэр дундаа ховор ан амьтан ургамлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажпууд хийж эхний ээлжинд аймгийн төв тус бүрд агаарын бохирдлыг өнөөгийн байгаа түвшнээс тодорхой хувиар бууруулахыг гол зорилгоо болгож байна.

Энэ зорилгынхоо хүрээнд Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан утаагүй түлшний үйлдвэр байгуулах санаачилга гарган Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд оруулж УИХ-аар хэлэлцэж байгааг хэллээ. Мөн уг үйлдвэрийг байгуулах асуудлыг хэлэлцүүлж, орон нутгийн түвшинд шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт хүсэлт явуулахаар болжээ.

Аймгийн төвүүдийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлшний үйлдвэрлэл нь анхан шатны үр дүнтэй арга гэдэг нь өнгөрсөн жилийн Улаанбаатарын агаарын бохирдол хэрхэн буурснаас харагдаж байгаа учраас лобби бүлгийн гишүүд санал нэгтэйгээр дэмжиж аж.

Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах нь бүс нутгийн таван аймгийн хувьд агаарын бохирдлыг бууруулахад хамгийн боломжтой, газар нутгийн байрлалын хувьд ч, түүхий эдийн хувьд ч, дэд бүтцийн хувьд ч ихээхэн оновчтой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байна

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 976 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний долоо нь хүүхэд бол орон нутагт таван хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -18
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-3
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албанаас хүний амь эрсэдсэн ослуудын талаарх мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.

  • Хөвсгөл аймгийн Их уул сумын нутагт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй
  • Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй
  • Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй амиа алдсан бол Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид арга хэмжээ авжээ

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилсан байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамаарах заалтыг чандлан мөрдөх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

“ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ”

Categories
мэдээ нийгэм

Шаардлагатай үед хаана ч очиж ажиллах удирдлагын машин байгаа

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралд Шадар сайд Я.Содбаатар, НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах төвд Газар хөдлөлтийн бэлэн байдлын байнгын ажиллагаа болон тулгарсан эрсдэлийн үед хангамж хүрэлцээ хэр байгаатай танилцлаа.

Үүнд ОБЕГ-аас “Манайх сүүлийн үеийн машин техникээр хангагдсан. Аврах ажиллагааны Орос камаз машинтай. Мөн удирдлагын машинтай. Шаардлагатай үед хөдөлгөөнт удирдлагын байранд хаана ч очиж үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдалтай байгаа. Эдгээр машин нь ОБЕГ-ын хэрэгцээнд зориулагдан төслийн шугамаар ирсэн. Өнгөрсөн онд манайд 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж өгсөн” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Япон улсын ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсныг NHK мэдээллээ

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар огцрох болсноо өнөөдөр зарлах гэж байгааг тус улсын NHK олон нийтийн телевизийн суваг мэдээллээ.

Абэгийн бүрэн эрхийн хугацаа 2021 оны есдүгээр сард дуусах байсан юм.

Түүний ажлыг сангийн сайд Асо Таро түр орлон гүйцэтгэж, эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын суудлын төлөө өрсөлдөөн эхлэх нь тодорхой болжээ.

Абэ Шинзо саяхан нэг долоо хоногийн зайтай хоёр удаа эмнэлэгт үзүүлснээр түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд орсон юм.

Тэр эхний удаа эмнэлэгт үзүүлэхдээ бараг найман цаг саатаж байжээ. Абэ 2006 онд анх удаа Япон улсын ерөнхий сайдаар томилогдоод нэг жил ажилласныхаа дараа ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байв.

Дараа нь тэр 2012 онд дахин ерөнхий сайдаар томилогдохдоо шинэ гарсан эмний тусламжтай өвчнөө эдгээсэн тухай мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн Даваа гарагт Абэ хоёр дахь удаагаа эмнэлэгт үзүүлсэн бөгөөд энэ өдөр тэр Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаанд тасралтгүй ерөнхий сайдын албыг хашсан хүн болж байв.

Өмнөх дээд амжилтыг 50-аад жилийн өмнө ерөнхий сайдаар ажиллаж байсан Сато Эйсаку эзэмшиж байжээ. Сато нь Абэ Шинзогийн нагац ах юм.

Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо ирэх сард 66 нас хүрнэ.

Categories
мэдээ нийгэм

“Яндангаа хөөлье” аяны талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ

БШУ-ны сайд Д.Сарангэрэл “Утааг 80 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан. Бид хамтарч агаарын бохирдлыг бууруулах ёстой. Ирэх сарын нэгнээс “Яндангаа хөөлъе” аяныг эхлүүлж байна” гэв.

Улсын төсвийн 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн гэр хорооллын айлуудад угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Есдүгээр сараас эхлэн дахин 15 мянган угаар мэдрэгчийг суурилуулна. Угаар мэдрэгчийг өрөө болгонд суурилуулах шаардлагатай. Мөн батарейгаа шалгаж солихыг зөвлөж байна.

Засаг даргын захирамжийн хүрээнд бүх айл өрхүүдэд яндангаа хөөлж, өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах мэдлэг мэдээллийг өгч ажиллаж байна. Одоогийн байдлаар 60 мянга гаруй айл өрхөд хүрээд байна.

Таван толгой түлш компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Яндан хөөлөгч шинэ мэргэжлийн зуу гаруй хүн ажиллаж байна. Угаар нь зөвхөн сайжруулсан түлштэй хамаатай биш. Галлагаа хийдэг бүх айл энэ талаар анхаарах хэрэгтэй. Яндан хөөлөх чиглэлээр зөвлөгөө өгдөг ажилтнуудыг ажиллуулах, энэ чиглэлээр мэргэжилтэн бий болгох эх үүсвэр яригдаж байна.” хэмээв.

Таван толгой түлш компаниас яндан хөөлөх багажийг гар аргаар хийж болох жишээ танилцууллаа.

ЦЕГ-ын төлөөлөл “Сүүлийн арван жилд угаарын хийн хордлогын улмаас амь хохирсон 136 мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 72 нь нийслэлд байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Танхимын болон танхимын бус сургалтын хуваарт давхцахгүй

Танхимын болон танхимын бус сургалтын хуваарт давхцахгүй Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр БШУЯ-наас мэдээлэл өглөө. БШУЯ-ны төлөөлөгч “Иргэдээс нэгдүгээр ангид сурсан хүүхдээ дахин нэгдүгээр ангид суулгах гомдол ирсэн. 2020-2021 оны есдүгээр сард зөвхөн бататгах хичээл явагдана. Иймээс хүүхдийн хоцрогдлыг эхний сард арилгах тул эцэг эхчүүд хүүхдээ аль болох анги дэвшин суулгах хэрэгтэй. Есдүгээр сард шинэ теле хичээл гарахгүй, бататгал хичээлүүд гарна. Танхимын болон танхимын бус сургалт, давтлагын хуваарь давхцахгүй. Гадаадад сурч байгаа ирээд хөл хорионд орсон, гадаадад сурахаар тэтгэлэгт хамрагдсан байсан эсвэл шилжихээр төлөвлөчихсөн байсан хүүхдүүд, эцэг эхчүүд аймгийнхаа боловсролын газарт хандан тасралтгүй суралцах нөхцөлийг хангах боломжтой” гэв.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганы сүүлийн хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлийн хуралдаан эхэллээ.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар

  • Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулиуд
  • “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Categories
мэдээ улс-төр

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цаг 00 минутад эхэлж, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж уй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Төслийн хүрээнд үндсэн хоёр арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хоёрдугаарт, коронавируст цар тахлын тархалтын үед шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын санд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулахад зориулагдана.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар уг санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулав. Харин Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Н.Алтанхуяг, Ц.Сэргэлэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн энэ зээлийг авах нь зүйтэй. Гэхдээ зээлийг үр ашигтай зарцуулж, зорилтот бүлгийн иргэдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг болж хүргэх тал дээр анхаарч ажиллахыг гишүүд сануулсан. Мөн зээлийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах хэрэгтэйг хэллээ.

Гишүүдийн асуултад “Энэ зээл нэн хөнгөлөлттэй зээлийн төрөлд багтана. Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл болгож гаргана. Ингэхдээ банкаар дамжуулан олгох бөгөөд иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 5-10 сая төгрөгийн зээлийг 2 жил хүртэл хугацаатай олгогдоход зарцуулагдана. Мөн зээл авах хүсэлт гаргасан иргэн, бичил бизнес эрхлэгчдэд ур чадвар олгох болон ажлын байр хайж байгаа иргэдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулахад зарцуулна. Харин зээлийн хүүг Дэлхийн банктай хийсэн хэлэлцээрийн дагуу сүүлийн 3 жилийн инфляцын түвшний дунджаар тооцож тогтооно. Зорилтот бүлэг нь 18-34 хүртэлх насны залуучууд, эмэгтэйчүүд, мөн орлого багатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой гишүүн байхаар тогтоосон” хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс хариулав.

Ингээд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараагаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлт болон тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.08.28) хуралдаан 11 цагт гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг Байнгын хорооны дарга Б.Жавхлан дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдлыг цаашид өрөөр санхүүжүүлэх магадлалтай гэдгийг хэлээд ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 62 хувиас 56.5 хувь бууруулах зохицуулалт, төсвийн алдагдлын хэмжээтэй уялдах эсэхийг тодруулж хариулт авав. Нөгөө талаар ДНБ-ий хэмжээ буурах магадлал бий учраас дээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэв. Коронавируст цар тахлын нөлөөллөөс үүдэн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дахь шаардлага, үзүүлэлтүүдийг нэг жилээр хойшлуулж байгааг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарласан. Мөн өрийн дарамтыг бууруулах чиглэлд ирэх жилээс эхний бондын төлбөр болох 2.9 тэрбум ам.долларын төлнө. Үүнийгээ дунд хугацааны өрийн стратегиар тодорхой хэсгийг хуримтлалаас, үлдсэн хэсгийг бонд гаргах замаар шийдэхээр төлөвлөөд байгаа гэв. Бондуудыг олон улсын зах зээлээс тусламж, дэмжлэг хэлбэрээр буюу зарим нь 15 жил, ихэнхдээ 30-40 жилийн хугацаатай, 0-2 хувийн хүүтэйгээр санхүүжүүлж байгаа учир өнөөгийн үнэ цэнээр буурна гэж тооцсон гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуульд заасан үндэслэлээр санал гаргах гишүүн бий эсэхийг Байнгын хорооны дарга тодруулсан. Гишүүдээс санал гараагүй тул Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны дарга Б.Жавхлан нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан байгааг дурдлаа. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал гаргах шаардлагагүй хэмээн Байнгын хорооны гишүүд үзсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Хуралдаанаар төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хууль, тогтоолын төслүүдэд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн эмийн чанар, аюулгүй байдлын талаар санал хэлж, үүнийгээ нэгдсэн хуралдаанд танилцуулах Байнгын хорооны санал, дүгнэлтэд оруулах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэн аль ч шатны эмнэлэгт очвол авсан бүх эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө хувиасаа төлөх зохицуулалтыг онцлоод ажлын байр хомс байдаг хөдөө орон нутгийн иргэд болон малчид, хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс хүнд байдалд орох эрсдлийг тооцох ёстой гэв. Энэхүү хуулийн үйлчлэл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр төсөлд туссан байгаа бөгөөд энэ зохицуулалтад анхаарах, эс бөгөөс төслийн энэ зохицуулалтын талаар сурталчилгаа мэдээллийг иргэдэд өргөн хэлбэрээр түгээн, тэдэнд холбогдох арга хэмжээ авах боломжийг олгох үүднээс хэрэгжилтийн хугацааг хойшлуулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргах шаардлагагүй хэмээн Төсвийн байнгын хорооны гишүүд үзсэн тул дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг, танилцуулгын хамт хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан. Гишүүд төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.