Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт үүлшиж бороо орно

Наймдугаар сарын 16-ны 08 цагаас 20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Малч­ид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар малын түүхий эдийн үйлдвэрлэл явуулж байсныг илрүүллжээ

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар зөвшөөрөлгүй малын толгой шулаа, түүхий эдийн цех ажиллуулж байсныг МХЕГ-ы шалгалтаар илрүүлжээ.

Шалгалтаар:

  • Мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг,
  • Шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг,
  • Цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй,
  • Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй,
  • Ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг,
  • Цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлийг илрүүллээ.

Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Бэрх тосгонд уурхайн осол гарч, 2 хүн нурангид дарагджээ

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид болон ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг эхэлсэн байна.

Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нурсан. Осолдогчид хоорондоо 5 метр зайтай хонгилд байж болзошгүй байгаа бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн, шороо дахин нурах эрсдэлтэй байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагч мөн өдрийн 20:10 цагт осол болсон газар очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хэсэгт хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.

Мөн өнөөдөр буюу 2020.08.15-ны өдөр ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Туршилтын шатандаа хамгийн үр дүнтэй байгаа ВАКЦИН

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд бүтээж буй вакцины талаарх мэдээллийг өглөө. Эрдэмтдийн үзэж буйгаар дараах хоёр төрлийн вакцин туршилтын шатандаа хамгийн үр дүнтэй байгаа аж.

  • БНХАУ-ын бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин хамгийн амжилттай явж буйг АНУ-ын Анагаах ухааны сэтгүүлд бичжээ. Сүүлийн мэдээллээр тус вакцин аюулгүй бөгөөд хамгийн сайн дархлаа тогтоосон ч цаашид үргэлжлүүлэх судлах шаардлагай гэж судлаачид үзжээ.
  • Модерна компанийн хийж буй вакцин энэ оны сүүлээр гарах магадлалтай байгаа бөгөөд туршилт амжилттай явж байна. Хүүхдэд хэдэн тунгаар яаж хийх судалгааг үргэлжлүүлэх шаардлагатай гэж судлаачид үзжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шуурхай штабын бүрэлдэхүүн халдварыг дотооддоо алдахгүйн тулд бүтэн таван сар амралтгүйгээр ажиллаж байна

Дэлхийн 216 улсад коронавируст халдвар тархаж 19 сая орчим хүн уг халдвараар өвчлөөд байна. Халдвар тахлын хэмжээнд хүрч 700 мянга орчим хүн эндлээ. Цаашдаа цар тахал чухам хэдийд дарагдах эсэх нь тодорхойгүй. Улс орон бүр цар тахлын эсрэг чадах чинээгээр тэмцэж урьдчилан сэргийлэх вакцин гаргаж авахаар эрдэмтэд нь мэрийж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусын халдварын 293 тохиолдол бүртгэгдснээс 244 хүн эдгэрч эмнэлгээс гарсан сайн мэдээтэй. Хэдийгээр манай улсад халдварын тоо цөөнгүй бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Бид дотооддоо халдварыг алдаагүй учир ард иргэдийн амьдрал ч тайван үргэлжилж байгаа билээ. Улс орон ийн тайван амгалан байгаа гол шалтгаан нь Улсын онцгой комиссын Шуурхай штабын бүрэлдэхүүн болох мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүн юм.

Бид энэхүү Шуурхай штабад өнжиж нэг өдрийн ажлын үйл ажиллагааг нь сурвалжиллаа.Шуурхай штаб гэж иргэд мэдэхээс биш энэ дотор Үйл ажиллагааны баг, Санхүүгийн баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг гэсэн дөрвөн том бүрэлдэхүүн коронавирус дэгдсэнээс хойш улс орон хэрхэн арга хэмжээ авч, ямар бодлого баримталж ажиллахыг чиглүүлж зангидаж буй гол газар байгааг төдийлөн мэдэхгүй болов уу. Эдгээр багуудад ОБЕГ, ЭМЯ, ГХЯ, ЗӨСҮТ, МХЕГ, НМХГ, ЦЕГ, ХХЕГ, МИАТ зэрэг байгууллагуудын төлөөллүүд хуваагдан чиг үүргийнхээ дагуу ажилладаг. Эдгээр штабад ажиллаж буй хүмүүс бол зүгээр ч нэг төрийн албан хаагч бус. Цар тахалтай холбоотой бүхий л үйл ажиллагааг шуурхай зохицуулж ажиллахад холбогдох арга хэмжээг авч чадах, шаардлагатай үед шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд юм байна. Биднийг очих үед Шуурхай штабын танхимд байрлуулсан дэлгэцээр Алтанбулагийн боомт харагдаж байв. Эндээс Алтанбулагийн боомтын ажиллагааг шууд камераар хянаж байна гэсэн үг. Яг энэ үеэр тус боомтоор ОХУ-аас 150 гаруй иргэдээ татан авч буй үйл ажиллагаа харагдаж байлаа.

Уг ажлыг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр удирдан газар дээр нь ажиллаж байгаа аж. Харин энэ сарын 9, 10-нд ОХУ-аас манай улсын сургууль цэцэрлэгт ажилладаг 180 гаруй орос багш нарыг татаж авах юм байна.

Шуурхай штабын Үйл ажиллагааны багийн ажилтан хурандаа Ж.Дамдинсүрэн “Манай Ажиллагааны баг дотроо гурван хэсэгтэй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг татан аваад, байшуулаад, ариутгал халдваргүйтгэлийг хийдэг нэг хэсэг байна. Монгол Улсын Засгийн газрын таван тогтоолд багтсан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллах хүч, иргэдийг татан авах ажиллагаан дээр төвлөрч байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд манайд хүсэлтээ эхлээд тавина. Ингэхдээ ямар зорилгоор ажиллах хүч оруулж ирэх гэж байгаа, тусгаарлалтын журмыг хэрхэн баримтлах зэрэг төлөвлөгөөгөө гаргаад хандах ёстой. Төлөвлөгөөг нь энд байгаа эрх бүхий албан тушаалтнууд хянаад, тусгаарлах байрыг нь очиж шалгаад шаардлага хангаж байна уу, үгүй юү гээд газар дээр нь танилцаад улмаар хариу өгөх юм. Мөн Замын-Үүдээр ажилчдаа оруулж ирэхэд шаардлагад нийцсэн халдвар хамгааллыг гадагш алдахгүй байх зорилготой био ариун цэврийн өрөөтэй автобусаар тээвэрлэлтийг хийнэ. Замдаа хоол идэх зэрэг ямар нэг байдлаар зогсохгүйгээр шууд тусгаарлах байранд хүргэх. БНХАУ-аас ирэх ажилчид 48 цагийн хугацаатай “COVID-19” халдварын шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Дараа нь тусгаарлах байранд орсны дараа ХӨСҮТ-ийн зүгээс шинжилгээ авна. Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүд орж байна. Мөн ОХУ-аас орж байгаа. Одоогоор нийтдээ 226 иргэнийг оруулсан байна. Зарим аж ахуйн нэгжүүд тавьсан шаардлагыг хангахгүй, материал дутуу, тусгаарлах байр шаардлага хангахгүй гээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй тохиолдол бас байна. Энэ зөвхөн байгууллагын бүтээн байгуулалттай холбоотой юм биш. Улс орны аюулгүй байдалтай холбоотой юм” гэсэн тайлбарыг өглөө. Харин тусгай үүргийн нислэгийн талаар ЗХЖШ-ын хурандаа Д.Жавхланбаяр “Тусгай үүргийн нислэгийг төлөвлөхөөс эхэлнэ. Тусгай үүргийн нэг онгоц буухад л маш олон албан хаагчид өөр өөрсдийн чиг үүргийн дагуу нарийн зохион байгуулалттайгаар ажилладаг. Иргэд харахдаа маш амархан юм шиг санадаг. Гэвч үүний ард Шуурхай штабын асар том баг ажиллаж байна. Жишээлбэл, нэг удаагийн нислэгээр ирсэн хүмүүсийг 3-4 буудалд хуваарилдаг. Тухайн буудлууд долдугаар сарын 18-нд тусгай үүргийн онгоц хүлээж авсан бол иргэдийн 21 хоногийн тусгаарлалт дуусгаад 2-6 хоногт цэвэрлэгээ, ариутгалыг хийж дуусгаад дараагийн хүнийг хүлээн авах боломжтой болно. Тусгаарлах байрнууд боломжоо гаргаад өгчихнө. Тусгаарлах байр хариуцсан багийнхан боломжит суларсан байруудаар ороод шаардлага хангах эсэхийг хянаад явдаг” гэв. Тус орой буюу (өнгөрсөн баасан гаригт) “Токио-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 258 зорчигч эх орондоо ирэх хуваарьтай байв. Төлөвлөгөөний дагуу зорчигчдыг “Альфа”, “Хабу”, “Кентавр” буудлуудад тусгаарлахаар хуваарь гаргажээ. Ингэхдээ тус онгоцыг ирэхэд мэргэжлийн байгууллагууд хэрхэн үүрэг оролцоотойгоор ажиллахыг нарийвчлан нэр ус, утасны дугаартай бичиж тушаал хүртэл гарсан байх аж. Иргэдийг байрлуулах буудлуудад хэн гэдэг эмч ажиллах, цагдаагийн хэдэн албан хаагч тусгаарлах байрны эргүүл хамгаалалтад гарах, онгоцны багийнхан ирээд хаана тусгаарлагдах, агаарын хөлөгт ажиллах байцаагч нарын хэн нь хөлөгт, хэн нь ачааны хэсэгт ажиллах гээд бүх зүйлийг урьдчилан нарийн төлөвлөгөө гаргасан байв. Бүр ЗӨСҮТ-өөс ямар албан хаагчид, ямар дугаартай автомашинтай орж ариутгал хийх, зорчигчдыг тусгаарлах байр руу ямар дугаартай хэн гэдэг жолоочтой автобусаар зөөх нь хүртэл тодорхой аж. Ер нь Шуурхай штабтай холбоотой бүх үйл ажиллагааг, мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах, ямар үед ямар шуурхай арга хэмжээ авах зэргийг Төлөвлөлтийн баг гаргадаг байна. Тус багийн гишүүн ЭМЯ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан “Манай төлөвлөлтийн баг Шуурхай штабын үйл ажиллагааг ерөнхийд нь төлөвлөдөг. Хамгийн эхэнд энэ оны гуравдугаар сарын 20-нд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх стратеги салбар хооронд яаж уялдаж ажиллах вэ” гэсэн төлөвлөгөөг боловсруулсан. Үүний дагуу бүх үйл ажиллагааг төлөвлөж гаргадаг. Бас нэг гол ажил бол гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг төлөвлөх. Иргэдээс маш их өргөдөл, гомдол санал ирж байна. Энэ бүхнийг манай баг дотроо мөн ажлын хэсэг гараад зохицуулж ажилладаг. Мөн хоёр гол ажлын нэг нь нийслэл болон орон нутагт тусгаарлах байр бэлдэх ажлын хэсэг ажилладаг. Тусгаарлах байрыг зүгээр ч нэг очоод сонгочихдоггүй. ЭМЯ, НМХГ, ЦЕГ зэрэг нийслэлд таван байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад тусгаарлах байрны эрүүл ахуйн байдлыг хангаж байна уу, харуул хамгаалалт авч болохоор уу, аюулгүй байдлын шаардлага хангаж байна уу зэрэг байдлыг төлөөллүүд үзээд байраа бэлдүүлдэг. Ингээд тухайн буудлын ажилчид, үйлчлэгч гээд ажиллах албан хаагчдад халдвар хамгааллын сургалт, мэдээлэл өгч ажиллах гээд нэлээд хэдэн дамжлага бүхий ажлын дараа тусгаарлах байр бэлэн болдог. Ингэж багууд хоорондоо уялдаа холбоо сайн ажилласнаар бид өнөөдрийг хүртэл тусгаарлах үйл явцтай холбоотой хүмүүсээс халдварт өртөөгүй нь бас нэг том давуу тал. Одоо бид дотооддоо халдварыг алдаагүй байна. Ер нь халдварыг дотооддоо алдвал мэргэжлийн байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой шуурхай ажиллах тал дээр ч төлөвлөлт хийж гаргасан байгаа” гэсэн мэдээллийг бидэнд өгөв. Тус багийнхан иргэдээс ирсэн бүхий л гомдлыг ялган ангилж хажуудаа хураасан байх аж. Учир нь нэг иргэн хэдэн арван удаа өргөдөл өгсөн тохиолдол ч байна. Бүгдийг хаанаас ирсэн, ямар учиртай гээд ангилжээ. Энд мөн ХӨСҮТ, ЭМЯ-ны төлөөлөл байна. Наад зах нь гадаадаас эрүүл мэндийн шалтгаантай гээд өргөдөл өгсөн иргэдийн оношийг ЭМЯ-ныхан уншиж, ямар оноштой ямар өвчтэй, нислэгт багтах хэмжээний хүндрэлтэй эсэхийг тодорхойлдог байна. ХӨСҮТ-ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Долгормаа “Одоогоор манай улсад бүртгэгдсэн халдварын 72 хувь нь оюутан, 12 хувь нь сурагч байгаа бол хүйсийн хувьд эрэгтэй давамгайлж байна. Мөн 6-80 насны хүмүүс байна. Нийт тохиолдлын 40.9 хувь нь залуучууд эзэлж байгаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 16 мянга гаруй хүнд шинжилгээ хийгээд байна. Маргааш Франкфуртын онгоц ирлээ гэхэд өнөөдөр нь бид эндээс тус онгоцонд явах эмчийнхээ нэрийг урьдчилаад визэнд оруулдаг. ХӨСҮТ нислэг болгонд нэг эмч, хоёр мэргэжлийн хяналтын байцаагч явдаг. Зарим газар үнэхээр эмч хүлээж авахгүй гэх тохиолдол бий. Яагаад гэхээр тухайн улс орноос явах зорчигчдыг урьдчилан дүгнэж үзээд зайлшгүй шаардлагатай биш гэх тохиолдол бий. Ер нь бол онгоцонд манайхаас эмч явах нь олон давуу талтай. Сая л гэхэд Истанбулаас ирсэн онгоцонд хоёр ихэр хүүхэд мэндлэхэд эх барьж авлаа. Ирээд онгоц дахь зорчигчдыг маш хурдан ангилан эрэмбэлдэг. Улмаар онгоц буухад эндээс манай хариу арга хэмжээний баг очоод сэжигтэй тохиолдлоо ХӨСҮТ рүү хуваарилж, эрүүл мэндийн эмчилгээ шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэг рүү хуваарилдаг. Ингээд зорчигчдоо ирсэн даруйд ХӨСҮТ-өөс шинжилгээгээ цаг алдалгүй авна. Ингээд 24 цагийн дараа хариу гарна. Тусгаарлагдсан иргэдийн хувьд хамгийн сүүлийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд бидэн рүү илгээдэг. Үүнийг нь манай баг цагдаа руу өгдөг. Ингээд тухайн сөрөг гарсан иргэдийг тусгаарлалтаас гардаг. Энэ бүхэн нарийн шат дамжлагаар явдаг даа“ хэмээн онцлов.

НМХГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгаалалын улсын ахлах хяналтын байцаагч Г.Батсүрэн “Хилээр орж байгаа иргэдийн татан авах ажиллагаатай холбоотойгоор хилийн нэвтрэх цэг дээр манай байцаагч нар хамгийн түрүүнд иргэдтэй тулж ажилладаг. Ялангуяа эрүүл ахуйн байцаагч нар өндөр ачаалалтай ажиллаж байна.Ажлын хэсэг яваад тусгаарлах байраа сонгочихлоо. Үүний дараа ялангуяа сүүлийн үед олон нислэг ирж байгаатай холбоотойгоор тусгаарлах байрны талаар гомдол их гарч байна л даа. Тухайлбал, сүүлд МҮИС-ийн дотуур байртай холбоотой гомдол их гарч байна. Зочид буудал биш учраас гомдол ирж байна. Анх тус байрыг тусгаарлах байраар сонгохдоо оюутныг байруулахаар сонгож байсан. Ингээд амьдралын явцад тухайн байр зочид буудлын байдлаар ажиллах боломжгүй гэдэг нь харагдлаа. Гол шаардлагуудаа хангахгүй байгаа учраас мэргэжлийн хяналтаас тусгаарлах байраар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргачихсан байгаа. Мөн нэр бүхий буудлуудад ч асуудал гарсан. Урьдчилан сэргийлэх хяналтыг бол дүүрэг дүүргийн хариуцсан байцаагч нар хийж байгаа. Иргэд гарснаас хойш 2-6 хоногийн дотор цэвэрлэгээг хийдэг. Зарим газар үүнийгээ дутуу хагас хийдэг. Нүдэнд ил харагдахгүй хэсгийг хийдэгтэй холбоотой. Хоолтой холбоотой асуудал бас байна. Мэргэжлийн бус тогооч оруулсан тохиолдол гарсан. Энэ мэтчилэн асуудлуудыг тухай бүрт нь хяналт шалгалт хийгээд шийдээд явж байна. Аль болох цаашдаа энэ талын зөрчлийг гаргуулахгүй байх бодлогоор ажиллаж байна” гэлээ.

Зочид буудлууд бүр тусгаарлах байраар ажиллахыг хүсэхгүй. Зарим нь халдвартай иргэд байрлахаас сэрэмжилдэг, ариутгалын бодис буудлын эд хогшлыг сааралтуулж өнгө алдуулдаг гээд татгалзах шалтгаан их. Тиймээс тусгаарлах байраар зөвшөөрсөн буудлуудаа аль болох торгох бус зөрчлийг нь арилгуулахыг зорьдог байна. Түүнчлэн хоолтой холбоотой асуудал их гардаг нь цаанаа бас учиртай бололтой. Манайд дээд зэрэглэлийн л биш бол төдийлөн буудал бүр өглөөний цайтай байдаггүй аж. Мөн гал тогоо нь олон хүний хоол тэр бүр хийгээд байдаггүй. Гэтэл тусгаарлагдсан тэр олон хүмүүст хоол хийхээр тогооч нар туршлагагүйтдэг, амт чанаргүй хоол хийх, мэргэжлийн бус хүн хөлслөх гээд асуудал их гардаг аж. Ямартаа ч буудлууд хоёр гурав дахь удаагаа хүн хүлээж аваад ирэхээр гомдол багасч туршлагатай болж ирдэг байна. Хаа хаанаа л туршлага суудаг бололтой. Үүнээс гадна “Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 2500 гаруй иргэн тусгаарлах байранд байна. Иргэн бүр адилгүй. Зарим хүмүүс хоол унд дажгүй, агаар салхинд амралтад сайхан байна гэж байхад өөр нэг хүн хотод тусгаарлах байранд шилжүүлээд өг гэнэ. Иргэдийн хүсэлтийг үндэслэн бөөн юм болж хотод тусгаарлах байранд шилжүүлэхээр энд муухай байна. Буцаад амралтын газраа очъё гэдэг. Хүмүүсийн ааш аягтай холбоотой асуудал бол их. Энэ бүх арга хэмжээ цар тахлын үед хийгдэж буй ажлууд учраас аль болох хамтдаа хичээж хүнд үеийг давах чухал байна. Гэтэл гомдол гаргаад дулаан байранд халуун хүйтэн устай байгаа иргэнийг гадаа нь чийгтэй гэрт, дусаал гоожсон харуулын байранд цагдаагийн албан хаагчид ялаа шумууланд бариулан, усан хаван гүйн байж хамгаалж, эргүүлд гарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн тусгаарлах байртай холбоотой асуудлаар Шуурхай штабын холбогч офицер ахмад Д.Төмөрчөдөр онцлов. Шуурхай штаб дээр 77770105, 18001105 гэсэн шуурхай утас ажиллаж иргэдээс 24 цагаар гомдол санал, хүсэлтийг хүлээж авдаг байна. Улмаар яаралтай гомдол, саналыг холбогдох албан тушаалтнуудад шаардлагатай бол шөнийн хэдэн цаг болж байсан ч мэдэгддэг байна. Мөн МИАТ-ийн байцаагч Б.Мөнх-Ертөнц “МИАТ компаниас Шуурхай штаб байгуулагдсан цагаас эхлэн нэг ажилтан төлөөлөн энд ажиллаж байна. УОК-ын шийдвэрийн дагуу гарч байгаа захиалгатай нислэгүүдийг зохион байгуулж, гадны улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагаанд гар бие оролцон ажиллаж байна. Цар тахлын үед МИАТ нийт 44 тусгай нислэгийг гүйцэтгэж 10 мянга гаруй иргэдээ авчраад байна. Тухайн нислэгүүдийн төлөвлөгөөг гаргах, нислэгийн зөвшөөрлийг авах шаардлагатай бичиг баримтыг штабынхантай хамтран ажиллаж гаргах. Эм эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатараас гадагш чиглэлтэй нислэгээр явах хүсэлтэй иргэд бас их байдаг. Энэхүү өргөдлийг нь хүлээж аваад тухайн улсад ямар дүрэм журам баримтлах зэрэг шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэдэг байгаа” гэв. Мөн Гадаад харилцааны яамыг төлөөлөн н.Хонгор гэх төлөөлөлөгч ажиллах бөгөөд гадаад харилцаатай бүхий л асуудлыг хариуцан бусад мэргэжлийн байгууллагуудтай холбож шуурхай арга хэмжээ авдаг байна. Энэ мэтчилэн мэргэжлийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн чиг үүргийн дагуу эх орондоо халдвар алдахгүйн төлөө ажиллаж байна.

Нэг зүйлийг онцлоход, Шуурхай штабт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид бүтэн таван сарын турш амралтын өдөргүй ажиллаж байна. Хэзээ коронавирусийн тахал хумигдаж, тэд амралтын өдрөө эдлэх нь даанч тодорхойгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ричард Жөүлийн тухай дэлгэцэнд болон амьдралд үлдсэн үнэн

1996 оны АНУ-ын Жорж мужийн Атланта хот дахь зуны олимп. Олимпийн наадам дуусах дөхөж байсан үе буюу долдугаар сарын 27-ны орой Олимпийн тосгоны ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд хүчтэй дэлбэрэлт болж зуу гаруй хүн шархдан хоёр хүн амиа алдсан террорист халдлага болсон юм. “Мюнхен-72” зуны олимпийн наадмаас хойш амар амгалан зохиогдож явсан их спортын арга хэмжээг дахин чичрүүлсэн тэр алан хядах ажиллагаанаас хойш бурхны авралаар дэлхий дахиад айдас хүйдэст автаагүй. Паркийн хамгаалагч Ричард Жөүлийн сонор сэрэмж зохих түвшинд ажиллаагүй бол 22 кг тэсрэх бодистой гурван бортогонд баахан хадаас, төмрийн хэлтэрхийнүүд суулган бэлдсэн уг бөмбөг мөн ч олон хүний амийг авч явах байжээ. Тэгэхээр Ричард Жөүл гэж хэн бэ, яагаад түүнийг өчнөөн олон жил өнгөрсний дараа ийнхүү онцлох болов оо гэдэг эрүүл асуулт гарна аа даа. Учир нь түүний амаргүй амьдралын талаар 1997 онд бичсэн Мари Бриннэрийн “Ричард Жөүлийн дууль” зохиолыг энэ оны эхээр алдарт Клинт Иствуд кино болгон найруулж дэлгэцэнд гарган нийтийн хүртээл болгосонд байгаа юм.

Коронавирусийн өмнөхөн кино театруудад нээлтээ хийж шуугиулж байсан ч хөл хорионд ороод хүссэн хэмжээнд нэр хүнд, ашиг хонжоо олж чадаагүй ч гэлээ гайхалтай уран бүтээл болсныг шүүмжлэгчид хүлээн зөвшөөрдөг. Боломж олдвол интернэтээс “ухаад” олоод үзэхийг хичээгээрэй, эрхэм ээ. Хоёр цагийг тун сонирхолтой өнгөрөөнө шүү. Гол нь Клинт Иствуд бодит амьдралаас нь, болж өнгөрсөн үйл явдлаас нь нэг их холдолгүй, өрнөсөн үйл явцыг нь элдэв чимэглэлгүйгээр пил хийтэл найруулсан юм билээ. Кинонд Сэм Рокуэлл, Кэти Бейтс, Жон Хэмм гээд мундаг жүжигчид тоглосон ч гэлээ гол дүрийг нь олны танил бус Пол Уолтэр Хаузэр хэмээх залуу амилуулсан бөлгөө. Яагаад гэвээс тэр бодит Ричард Жөүлтэй усны дусал мэт адилхан. Уг киног та олоод үзчихсэн, эсвээс үзчихнэ гэж найдаад “жинхэнэ” Ричард Жөүлтэй ямар адал явдал учирсныг нь өгүүлье.

Тэр яг кинонд гардаг шигээ ээжтэй амьдардаг, цагдаа болохыг “нойрондоо зүүдлэн мөрөөддөг” 33 настай махлаг бүдүүн, бүсгүйчүүд бол нэг их анзаараад байхааргүй америк эр байлаа. Төрсөн эцэг нь ч тэр, хойд эцэг нь тэр ээжтэй нь тийм ч удаан амьдралгүй хаяад явчихсан тул Барбара ээж, хүүгээсээ бусад эрчүүдийг “новшнууд” гэж үздэг, тийм хавчигдмал амьдралтай ядуухан хоёр, Жорж мужийн Атланта хотод гэмгүйхэн амьдарч байжээ. Жөүл дэлгүүрийн зохион байгуулагч, хуулийн пүүсийн ажилчин, шоронгийн хуяг, орон нутгийн цагдаагийн газарт шерифийн туслах, коллежийн хамгаалагч зэрэг зөндөө ажил хийж байсан ч нэгэнд нь ч ул суурьтай удаан ажиллаж байгаагүй. Зарим нь сонирхлыг нь татаагүй, хүссэн газраа очихоороо хэтэрхий хууль дүрэм баримтлаад хүмүүсийн уур хүргээд халагдчихна. Жишээ нь, коллежийн хамгаалагч хийж байхдаа дотуур байранд хөгжилдсөн залуусыг тогтмол “чангалдаг” байсан тул хөөгдчихсөн. Кинон дээр тэр явдлыг нь тэр чигээр нь л харуулж байна лээ. Тэгээд эцэстээ Атланта хотын “Зуун жил” цэцэрлэгт хүрээлэнд хамгаалагчаар ажилд орсон байгаа юм. Тэр парк Олимпийн тосгоны ойролцоо асар том орон зайд оршдог, “Атланта-96”-ын үеэр урлагийн олон ч тоглолт оройн цагаар ээлжлэн зохиогдож байжээ. Тийм л нэг орой Жөүл AT&T-ын явуулын станцын хажууд жижүүрлэж байхдаа сэжиг бүхий үүргэвч сандлын хажууд байхыг анзаарчээ. Аан тийм, Жөүл Шерифийн туслах болохын тулд Цагдаагийн сургуульд суралцаж тун сайн дүнтэй төгссөн нэгэн байсан тул эгзэгтэй үед хэрхэн ажиллаж сэргийлэх тухай горимыг сайн мэддэг нэгэн байжээ. Бод доо, мянган хүн цугларсан паркад хэн нэгэн хайхрамжгүй этгээд цүнхээ мартаад явах тохиолдол байх шүү дээ. Харин Жөүл тэгж бодсонгүй, шууд л тэсрэх бодис илрүүлэгч мэргэжилтнүүдийг дуудан горимын дагуу хориот бүс тогтоон аюулгүй талбай гаргасан байгаа юм. Хамтрагч нар нь шоолж тохуурхахыг тоолгүйгээр шүү дээ. Харин мэргэжилтэн ирээд “Тэсрэх бөмбөг байна. Хүмүүсийг холдуул” гэх үед Ричард Жөүлийн болгоомжлол хичнээн хүний амийг аварч буйг ойлгосон хамгаалалтынхан түүний даалгаврыг ягштал биелүүлж ард иргэдийг боломжийн хол зай руу шахаж чадсан юм. Түүнийг үүргэвчтэй бөмбөгийг олсноос хойш есөн минутын дараа үл таних этгээд 911 руу утасдан “Паркад тэсрэх бөмбөг тавьсан шүү” гэж хэлээд 13 минутын дараа дэлбэлжээ. Хагас цаг хүрэхгүй хугацаанд тэр олон хүмүүсийг аюулгүй талбар луу шахаж чадахгүй шүү дээ. Хоёр хүн амь үрэгдсний нэг нь Туркийн нэгэн телевизийн зураглаач байсан бөгөөд тэр тэсрэх бөмбөгнөөс болж нас бараагүй, үзсэн харсан зүйлээсээ болоод цус харваж өнгөрсөн гэдэг.

Ер нь маш олон хүний амийг торгон мэдрэмж гарган аварсан жирийн нэг муу хамгаалагч гурван өдрийн туршид Америк орон даяар нэрээ мандуулсан баатар болон хувирч дээ. Тэр үед л The Atlanta Journal-Consti­tution сонины сурвалжлагч Кэти Скраггсын материал хэвлэгдэн гарч хөөрхий муу Жөүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлчихсэн.

Скраггс бичихдээ “Мөрдөх товчоо Жөүлийг сэжигтэн гэж үзэж байгаа, тэр бол алдар цуу олж цагдаагийн байгууллагад орох олон жилийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрөө тэсрэх бөмбөг байрлуулж өөрөө түүнийгээ олж илрүүлсэн хүн болж жүжиглэсэн байж болзошгүй” гээд итгэл үнэмшилтэй нийтэлж эхлэнгүүт бусад хэвлэлүүд шүүрч аваад хувилаад эхэлсэн түүхтэй. Дараа нь Мөрдөх товчоо түүнд ямар ч шүүхийн шийдвэр гардуулаагүй мөртлөө удаа дараа нэгжлэг хийж 24 цагаар чагнан ойр тойрных нь хүмүүсийг байцаан ер нь л амьдралыг нь там болгосон. Хэвлэлийнхэн зуу зуугаараа гэрийнх нь үүднээс салдаггүй, эсрэг талынх нь байранд ганц өрөөны өдрийн түрээс мянган долларт хүрч зураглаачид ээж, хүү хоёрын алхам бүрийг дүрсжүүлээд тамлахгүй юу даа. Харин тун сайн өмгөөлөгчтэй байсныхаа ачаар Жөүл мөрдлөгийн 88 хоногийг тэсэн өнгөрөөж өөрийгөө ямар ч буруугүй, жинхэнэ баатар байсан юм гэдгээ батлан тойргийн прокуророос “Мөрдлөг өнөөдрөөс зогслоо, та буруугүй” гэх албан ёсны бичиг авсан юм билээ. Энэ бүх үйл явдал бараг тэр чигтээ, элдэв өөрчлөлт байхгүйгээр кинонд гарна. Харин кинонд тусгагдаагүй үйл явдал нь цагаадсаныхаа дараа яасан бэ гэдэг асуудал.

Ричард Жөүл өөрийг нь олон хоног, сараар мөшгиж гүжирдсэн CNN, New York Post, NBC News зэрэг хэвлэл мэдээллийн “мангасуудаас” шүүхдэн байж олон сая доллар салгасан юм гэнэ лээ. NBC News л лав дангаараа хагас сая ам доллар нөхөн төлбөрт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнээс гадна хэвлэлээр түүний талаар худал буруу мэдээлэл өгсөн Пьемонтийн Коллежийн удирдлага хүртэл нөхөн төлбөрт унаж байжээ. Жөүл 2007 онд зүрхний өвчнөөс болж нас барсан бөгөөд түүнээсээ дөрвөн жилийн өмнө жинхэнэ алуурчны нэрийг сонсож гэм буруугүй гэдгээ бүрэн баталж чадсан юм. Эрик Рудольф хэмээх үр хөндөлтийг эсэргүүцэгч галзуу нэгэн тэр бөмбөгийг дэлбэлж Америкийн засаг төрд анхааруулага өгөх санаархалтай байсан гэдгээ хуулийн өмнө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ричард Жөүл эхнэр авч Меривезерийн цагдаагийн газарт ажиллан яг л кинонд гардаг шигээ намуухан амьдарч байгаад хорвоогоос явсан юм билээ. Бас түүнийг нас барахаас жилийн өмнө Жорж мужийн амбан захирагч лүндэн буулгаж Ричард Жөүлийг олон хүний амийг аварсан баатарлаг үйлстэн гэдгийг албан ёсоор зарлан хүндэтгэлийн жуух илгээсэн юм.

БЭЛТГЭСЭН Б.ХУЛАН

Categories
мэдээ цаг-үе

Говийн ганц бүрдээр гайхагдсан Адаацаг нутаг

Оройн дээд оргилоос сүү нь ундарч бялхдаг орчлонд ганцхан Их Адаацаг хайрханаараа овоглосон нутаг минь байгуулагдсанаас хойш 60 гаруй жилийг өнгөрөөжээ.

Түүхийг сөхвөл Түшээт Хан аймгийн Дайчин бэйсийн хошуу “Тавин жас” хэмээх газар 1959 оны наймдугаар сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 129 дүгээр зарлигаар одоогийн Төв аймгийн харьяа Өнжүүл сумаас тасран Адаацаг сум байгуулагдаж сумын анхны даргаар Дугарын Доржсүрэнг томилж байсан түүхтэй. Өнөр эртнээс улбаатай энэ нутаг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон гавьяат цолтон, улс, аймгийн олон аварга, сайн малчид төрөн гарсан. Нутгийн ард түмэндээ гайхагдаж аймаг, сумдын наадмуудаас 20 гаруй түрүү авч байсан Адаацаг сумын уяач Д.Гунгаагийн хүрэн морины хөшөөг 1968 онд сумынхаа төвд өнгө нэмж уран барималч Д.Дугар бүтээж байжээ.

Адаацаг сум нь далайн түвшнээс дээш 1768-1803м өндөрт өргөгдсөн Бага газрын чулуу, Их, бага Адаацагийн уул, Ширгүүнэ, Хар толгой, Хашаатын говь, Жаран, Борын хөндий зэрэг тал хээр, говь хосолсон 285780 га хавтгай дөрвөлжин километр нутагтай. Ар, Өвөр урт, Элгэн, Хонгор, Зүүн, Баруун булаг зэрэг гол горхитойгоос гадна Хадна усны рашаан, Уулын булаг, Зайдангийн ам, Сүм Хөх бүрд, Их бага агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Монгол Улсын төв хэсэгтээ Төв аймгийн Бүрэн, Баян-Өнжүүл, өөрийн аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Луус сумдтай хил залган орших бөгөөд Улаанбаатар хотоос 210 км, Дундговь аймгаас 110 км зайд оршдог.

Төрөлх сумандаа төр, засгийн байгууллагыг олон жил удирдаж, идэвх зүтгэл, санаачилга гарган хөдөлмөрлөж байсан ажилч хичээнгүй, ард түмнийхээ төлөө зүтгэж байсан Хургаагийн Өвгөн, Ардын их хурлын хошой депутат Цэндийн Пүрэвжав, С.Энх-Амгалан, Ж.Тувааннайдан нар нутгийн зон олны дундаасаа эрдэм ухаан, авьяас чадал, ажил үйлсээрээ шалгаран олон түмний итгэл хүндэтгэлийг хүлээж БНМАУ-ын Ардын их хурлын анхны депутатаар сонгогдон Монгол Улсын ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан аж.

Манай сумаас нэр алдар нь улс даяар түгсэн олон арван хөдөлмөрийн баатар гавьяатнууд эрдэмтэн мэргэд ч цөөнгүй төрөн гарсан билээ. Хөдөлмөрийн баатар Ёндонгийн Норовсүрэн, Бямбын Дашзэвгэ, Хүний гавьяат их эмч, төрийн сайд, Гүржавын Туваан, Монгол Улсын ардын жүжигчин Тувааны Цолмон, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Дэлэгийн Дашдорж, Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Дамбийнямын Жанчив, гавьяат багш Намжилын Өлзий, Доржийн Дамдинжав, Сумъяагийн Сугир, гавьяат жүжигчин Галсангийн Цээдорж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрэнжавын Дорждамба, гавьяат малчин Жамбын Дашзэвгэ нарыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Түүхийг бичилцсэн, бүтээсэн гээд дурдаад дуусамгүй гайхам хүмүүсээр дүүрэн нутаг юм.

Алдартан хүмүүн хийгээд энгийн малчин ард нь нутгаа дээдлэн, хайрлаж байгалийн үзэсгэлэнг бишрэн, хаана ч явсан бахархаж явдаг. Адуугаараа алдартай “Адуун цэг” гэх түүх нэр томьёоноос Адаацаг гэх нэр бүтсэн ч гэж ярьдаг. Уул тал, говь хосолсон нутагт баргажамба, баргачин, цагаан төмс, лидэр, дэгд, алтан гагнуур, чихэр өвс, цагаан мөөг, таван салаа, лантанз, сөд, халгай, царван гэх мэт эмийн ургамлууд ч их бий.

Дундговь аймгийн есөн гайхамшгийн нэг Сүм хөх бүрд

Мөн суманд усан болон утаат болор, жонш, занар, хүрэн нүүрс зэрэг байгалийн ховор чулуу элбэг тохиолддогоос гадна зос хужир марз, шар шавар гэх мэтийн өнгө бүрийн шороон будаг байдаг нь тогтоогдсон.

Хэдийгээр говийн нэгэн сум ч гэлээ зүйл зүйлийн хун, тоодог, тогоруу, ангир, галуу, ногтруу, элээ, хэрээ, тас, аргал, янгир, саарал чоно, үнэг, хярс, туулай, мануул, дорго зэрэг дархан цаазат болон ан агнуурын олон төрлийн араатан жигүүртэн, ан амьтнаар элбэг нь нутгийн зон олны минь бахархал нь болдог.

Адаацаг нь хүн ам болон мал сүргийнхээ тоогоор аймагтаа эхний 3 дугаарт ордог томоохон сумын нэг. 1968-1969 онд аймагтаа “Мэнд сүрэгтэн-100 хувьтан” сумаар шалгарч байсан бөгөөд ажилч, хичээнгүй хөдөлмөр бүтээлээрээ эх орныхоо хөгжил, цэцэглэлт бүтээн байгуулалтад нутгийнхан идэвх зүтгэлтэй оролцож, улс, аймгийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн уламжлалтай. Одоогийн байдлаар тус суманд 821 өрхийн 2909 хүн амьдарч байна. Сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй юм.

Тавин, Ар-Урт, Өвөр-Урт, Сүм, Хашаат гэсэн таван багтай. 60 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулан иргэдийн эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ эрт үеэс уламжлагдсан арга технологиор гүүний айраг, эмээлийн мод, ямааны түүхий сүүний бяслаг зэрэг бүтээгдэхүүн нь цагаан идээгээ амт чанар, удаан хадгалагдах онцлог, уран сайхан бат бөх хийц зэрэг шинжүүдээр улс, аймагтаа шалгарч “Брэнд бүтээгдэхүүн”-ий гэрчилгээ авч байсан удаатай.

Говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон байгалийн нэгэн үзэсгэлэнтэй газар Сүм хөх бүрдийг энд гайхуулахгүй байхын аргагүй юм. Энэхүү үзэсгэлэнт газар нь Дундговь аймгийн төвөөс баруун хойш 70 километрт, Бага газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газраас 18 километрт оршдог. Тус бүрдийн нуурын зэгсэнд орсон бод мал үзэгддэггүй, зундаа хун, галуу, ангир ирдэг байсан гэдэг. Нутгийн хөгшид нуурыг хөлгүй нуур ч гэж ярьдаг. Нуурын дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед баригдсан чулуун цайзын туурь байдаг нь хол ойрын айлчин гийчид түүхч эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг онцлогтой. Энэхүү туурийн өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай дөрвөн хэсэг бүхий том цайз юм. Хамгийн сонирхолтой нь энэхүү барилгыг барьсан материал нь байгалиасаа хэвлэчихсэн гэмээр өөгүй, тэгшхэн хавтгай чулуу байдаг. Энэ чулуун цайзад хэрэглэсэн чулууг өмнө зүгээс 200 гаруй км алсаас тэмээн хөсгөөр тээж ирсэн гэж хууччуул хөөрөлддөг. Нуурын шавар нь маш сайн барьцалдуулах чанартай учир шаврыг тэндээс авчээ. Эрт цагт XVI зууны үед Төвдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдэж, хожим хэд хэдэн удаа засвар хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдэрсэн учир дээвэргүй үлдсэн гэх домог буй. 1990 оноос өмнө буюу социализмын үед Сүм хөх бүрд нуурын дэргэд амралтын газар, “Бүрдийн уянга” хүүхдийн зуслан барьж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Байгалийн энэ л сайхныг үзэж сонирхохоор жилдээ 3000 орчим гадаад, дотоодын жуулчид, аялагчид ирдэг бөгөөд энд хурал, ангийн, найзуудын уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь нэн элбэг. Туурийн барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж, малын хашаа барьсан гэх цуу яриа ч бий.

Энэхүү барилгын тууринд ноён хутагт Д.Данзанравжаа “Саран хөхөө” жүжгээ тоглуулж байжээ. Энэ чулуун цайзын туурийг 1998 оноос улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нуурын усыг гурван горхи сэлбэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ганц нь л үлдэж усны түвшин ихэд доошлон жил ирэх тутам ширгэсээр байгаа аж. Нуурын урд талд Үүдэн булгийн рашаан ундардаг байна.. Дундговь аймаг Сүм хөх бүрдийн нуурыг сэргээх зорилгоор 2015 онд “Сүм хөх бүрдийн эртний түүх дурсгалт газрын экологийг сэргээж, аялал жуулчлалын бүс болгох” төслийг хэрэгжүүлэн, гадна талаар нь хашаажуулан хамгаалж, цэвэр бохир усны хоолой, гүний худгууд, хиймэл нуур, түүхийн музей, задгай шилэн тайз, 80 автомашины зогсоол, дөрвөн метр хүрхрээ, волейбол, сагсан бөмбөгийн талбай, амралтын гэр, явган хүний зам зэрэг олон бүтээн байгуулалтыг үе шаттай хийснээр нуурын өнгө үзэмж, усны түвшин сайжирсан билээ. Сүмийн чулуун туурины дэргэд Музейн барилга, нуурын эрэгт Сүмэн орой бүхий ресторан, үйлчилгээний барилга барьж, хажууд нь жуулчдад зориулан долоон бурхан одны байршлаар долоон гэрийн шал цутгажээ. Ийнхүү түүх дурсгалын зүйлээ үргэлжлүүлэн бичээд байвал барагдахгүй биз.

Өнгөрсөн онд Адаацаг сумын түүхт 60 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулсан билээ.

Түүхэн замнал, амжилтаа дүгнэх баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, шагайн харваа, бөхийн барилдаан, сур харваа, зургаан насны морьдын уралдаанаас гадна ижил морьтой, сайхан эмээл хазаартай хос шалгаруулж олноо баясгаж байсан юм.

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр, Дуу бүжгийн эрдмийн чуулгын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцон, наадамчдад уран бүтээлээ хүргэж өргөн дэлгэр тэмдэглэсэн. Түүнчлэн сумынхаа ойд зориулан “Адуут нутгийн эгшиглэн” дууг бүтээсэн нь ойдоо зориулан хийсэн хамгийн том үйл ажиллагаа байсан аж. Дууны үгийг Ц.Эрдэнэбаатар, аяыг Г.Төвшинтөр зохиож, Дундговь аймгийн “Дуурьсал” хамтлаг дуулж, олны хүртээл болгожээ.

Сүүлийн үед манай сумаас жүжигчин, бизнесмэнүүд, мэргэн харваач алдартнууд олноор төрөн гарсаар байна. Тэдний дотроос Пауэрлифтингийн Дэлхийн зургаан удаагийн аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга цэргийн арслан Ц.Маамчулуун, морины зураач Ч.Дорждэрэм, Шагайн харвааны улсын үлэмж дархан мэргэн Л.Хадамдарам, бурхан урлаач н.Очирбүд, Дундговь аймгийн төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчин “Гэгээн муза” олон улсын театрын наадмын туслах эрэгтэй дүрийн шагналт Д.Очирпүрэв, сумогийн дэлхийн аваргын алтан медалт Б.Төрболд, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэлхагарав нарыг онцлох нь зүйтэй байх.

Түүхийн жимээр өртөөлөн ирсэн энэ л нутгаас олон алдартан төрж нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр явна. Өдгөөг хүртэл эх нутгаа дээдлэн, хайрлан хамгаалахын сацуу энэ л нутгийнхаа нэрийг улс орондоо төдийгүй тив дэлхийд цуурайтуулах ирээдүй хойчийн залуус хүүхэд багачууддаа бага балчираас нь сурган хүмүүжүүлж бэлтгэсээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ-д НҮБ-ын Хүүхдийн Сангаас 540 сая төгрөгийн хувийн хамгаалах хэрэгсэл гардууллаа

Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас 540 сая төгрөгийн үнэ бүхий хувийн хамгаалах хэрэгслийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө.

Үүнд 5000 хайрцаг нэг удаагийн бээлий, 5000 хос углааш, 5000 малгай, 44000 нөмрөг, 5000 комбинезон зэрэг зүйлс орж байгаа бөгөөд санхүүжилтийг Япон улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн эх үүсвэрээс тус тус бүрдүүлсэн байна.

“Эрүүл Мэндийн Яамнаас удирдаж хэрэгжүүлсэн эрсдлийн мэдээлэл харилцааны ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран бид дэмжиж ажилласан юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн анхаарал, хандлагыг сайжруулах мэдээлэл сурталчилгааг цаг алдалгүй, оновчтой зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн яамны хамт олонд баяр хүргэж талархал илэрхийлэхийг хүсч байна” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс тус арга хэмжээний үеэр хэлэв.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь дээр дурдсан олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, нэн шаардлагатай хоол тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эх нярайн тусламж үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалтын үйлчилгээг тасралтгүй хүргэхэд аймаг, дүүргийн түвшинд санхүү, эд материал болон арга зүйн туслалцаа үзүүлж ажиллажээ.

Түүнчлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хэвлэмэл, дүрс бичлэгийн хэлбэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр дамжуулан нийт 1,8 сая хүнд хүргэж, үүнд 500,000 хэвлэмэл хуудас, найман цуврал анимэйшн зэрэг багтсан байна. Мөн Ковид-19-той холбоотой 24 цагийн мэдээллийн утас 119, чатбот үйлчилгээг дэмжиж ажиллуулжээ

Categories
мэдээ цаг-үе

П.Адарсүрэн агсны хүү А.АМАРТАЙВАН: Аавынхаа үлдээсэн энэ их өв, авьяас билгийг мартуулахгүй, өргөж явна гэж зүтгэсэн

-МИНИЙ ААВ ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААН ХАЙРХАНД ТӨРЖ, ЦАГААНЧУЛУУТ СУМАНД ӨССӨН ХҮН-

Ард түмний гавьяат хэмээн хүндлэгдсэн дуучин бол П.Адарсүрэн агсан юм. Эл эрхэм Соёлын тэргүүний ажилтан ч бололгүй хорвоогоос буцсанд олон хүн харамсдаг. Гэвч өнөөдрийг хүртэл түүний олон сайхан бүтээлийг хүмүүс дурссаар, дуулсаар байдаг билээ. Тухайн үед П.Адарсүрэн агсны оролцоогүй тоглолтыг үздэггүй байсан гэхэд ч дэгс үг болохгүй болов уу. Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгийн хүү А.Амартайвантай ярилцсанаа хүргэе.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Адарсүрэнгийн Амартайван гэдэг. Би эхээс тавуулаа. Нэг ах, нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй, айлын дунд хүү. Намайг бага байхад том ахыг айлд өргүүлчихсэн юм билээ. Би багаасаа айлын ганц хүү учраас их хөдөлгөөнтэй, эрх дураараа өсчихсөн. Адал явдал үргэлж л намайг дагаж явдаг гэх үү дээ. Заримдаа аюултай гэж тооцогдохоор. Учир нь айж эмээх зүйлгүй, зоригтойгоор ажлуудыг санаж, сэтгэж, эхлүүлж хийдэг учраас ийм байх. 10 жилээсээ урлагаар явж, мэргэжлээ сонгон Хөгжим бүжгийн дунд сургуулийг 1988 онд бүжигчнээр төгссөн. Ингээд 1988-1992 оны хооронд Үндэсний ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Дараа нь Бельгид очиж нарны эрчим хүч хураадаг толиор орон сууцыг цахилгаанаар хангах мэргэжил эзэмшээд ажиллаж байгаад ирсэн. Харин бусад ах дүү нарын дундаас урлагаар явсан хүн байхгүй.

-Та алдарт аавын хүү. Түүнчлэн бүжигчин, урлагийн хүн. Ард түмэн танаас сайхан уран бүтээлүүдийг хүлээдэг болов уу гэж бодох юм?

-Залуу байхаасаа л би Ар Монголын алдарт дуучны хүү гэж онгирч, аархаж явсангүй. Аавынхаа ажиллаж байсан Ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчин болоод бусад залуусын адил хөдөлмөрлөж, гоцлол бүжиг бүжиглэж, оргилд нь гарахын тулд явсан. 1998 оны жил аав минь өнгөрөөд, оршуулга дээр нь 22-хон хүн ирэхэд л би ойлгосон л доо. Тэр үед ард түмэндээ гомдох сэтгэл төрсөн. Аавынхаа энэ их үлдээсэн өв, авьяас билгийг мартуулахгүй, өргөж явна гэж зүтгэсэн. Үүнээс хойш их зүйл хийж бүтээжээ.

-Таны аавыг дуулахад үзэгчид уухай нижигнүүлэн арав гаруй дахиулж одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ихэнх орлогыг бүрдүүлдэг байсан гэдэг. Энэ мундаг хүний үр удам гэдгээрээ бахархаж явдаг байх. Саяхан аавынхаа гал голомтыг олж тогтоосон гэсэн дээ?

-Аав минь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс хэдхэн километрийн зайтай Хярын зуслан гэх газар, уулын оройд 1942 онд төрсөн юм билээ. Саяхан 97 настай Даваасүрэн гэх аавын ээжийн эгчийнх нь хүүхдийг амьд сэрүүнд нь дагуулж яваад тулгын чулуу, гэрийн буйр, гал голомтыг нь тогтоолгоод ирлээ. Яалт ч үгүй аавын минь гал голомт мөн юм байна гэдгийг нутаг усны хүмүүс болон ах дүүгээр нь заалгасан нь утга учиртай. Аав минь домог шиг амьдарсан, түүхэн хүмүүн байсан. Тиймээс аавын минь талаарх домог, хууч яриа энд тэндгүй зохиогдож, аймаг, сум бүр л манай нутгийнх гэж өмчлөх гэдэг. Энэ бүх асуултын тодорхой хариу гарлаа. Аав минь Цагаанхайрханд төрсөн, Цагаанчулуут суманд өссөн. Учир нь төрсөн аав Пэлжээ нь өргөж авсан. Өвөө минь Цагаанчулуутад харьяалалтай, тэрүүгээр нутагладаг байсан учраас аав тэнд өссөн юм билээ.

-Өөрийнхөө төрсөн аав дээр өргөгдөж өссөн юм байна…

-Тийм. Түүх нь баримттайгаар бичигдэж, тодорхой болсон шүү дээ. 2005 онд Херо энтертайментийн Баатартай хамтран одоогийн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн үндсийг тавьсан “Ажиггүй идэр нас” нэвтрүүлэг бүтээж байлаа. Энэ нэвтрүүлгийн продюсерээр нь би ажиллаж, аавдаа зориулан уг контентыг бүтээсэн. 2013 онд Ар Монголын алдарт дуучин гэх ном, 13 дуутай CD гаргаж, тоглолт зохион байгуулж байлаа. Сүүлд 75 насны ойд нь зориулан 37 дуутай цомог гаргалаа. Ийн биет бус өвийг үлдээх тал дээр ганцаараа зүтгэж л байна даа. Миний хүн болж төрсний утга учир аавынхаа үйлийг мартуулахгүй цааш нь өвлүүлж үлдээхэд л буй юм байна гэж ойлгосон.

-Таны аав б.Адарсүрэнг өгөөмөр, цагаан цайлган, хэнд ч муу санадаггүй хүн байсан гэдэг. Аавынхаа энэ сайхан зан чанарын талаар ярихгүй юу?

-Хүнд муу санах, атаархаж чөтөөрхөх ямар ч хүмүүжил байхгүй тэгж өссөн хүн. Их багад нь, сургуульд ороогүй байхад нь хойд ээж нь өнгөрсөн. Ингээд тэр их нинжин, цайлган, цагаан, тусч өгөөмөр, бусдад хайртай сэтгэл төлөвшсөн байх. Ардын дуу, бүжгийн чуулгад аавынхаа хамт ажиллаж байсан хамт олонтой таван жил ажилласан. Тэр хугацаанд аавынхаа үүх түүх, болсон явдлыг нь бүгдийг нь сонсож явлаа. Ингэхэд дандаа л аавыг минь өмгөөлж, хамгаалсан, тэр хүний цагаан цайлган, нинжин сэтгэлийг ярьдаг байсан. Ийм учраас л энэ олон хүнд хайрлагддаг байх. Сошиалаар хүмүүс чи аавынхаа хүнд хэцүү үед хаана байсан юм бэ гэдэг. Эцэг нь ядарч явахад үр нь тэнхлүүн байна гэж байдаггүй юм. Бүр ч илүү ядарч явдаг. Өмөг түшиг болсон аав нь ядарч явж байна шүү дээ. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Нөгөө хайрлаж, харамлаж, хардсан сэтгэлээр л ярьдаг. Аавыг хэцүү үед би орох оронгүй, хөлөө тэмтчээд явж байлаа. Би харин эсрэгээр нь асуумаар байдаг. Та бүхэн аавд минь үнэхээр л хайртай байсан юм бол өөрсдөө хаана байсан юм бэ гэж.

-Харин ээжийн тань тухайд?

-Миний ээжийн аав Ховд аймгийн Булган сумыг хамгийн том сум болгож, уулыг сэтэлж, хөгжлийг авирч байсан хүн. Ийм мундаг хүний хоёр дахь охин бол ээж минь. 1968 оноос хойш Дэнжийн 1000-ын сургуульд ээж багшилж байгаад сүүлд гоц авьяас 93 дугаар сургуульд багшилсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс эхлүүлээд шавь нар гэж тоо тоймшгүй бий. Хоёр талаасаа л удам сайтай хүн дээ, би.

-Гень гэдэг зүйл бас байна л даа?

-Пэлжээ өвөө минь гэхэд Завхан аймагт хүний бага эмч байсан. “Пэлжээ доктор” гэж олон түмэндээ танигдсан ийм хүн байсан. 1930-40 оны үед ард түмнийг эмчилж, эдгээх үйлсэд гар бие оролцож, эрүүл мэндийг сахиж байсан. Аавын минь нэрийг гэхэд тэр үеийн Яруугийн хийдийн нэгэн оточ, маарамба өгч байсан юм билээ. Энэ хийдийг сэргээж, хамгаалалтад авах талаар ярьж, хөөцөлдөж байгаа. Энэ хийдийг сэргээчихвэл Отгонтэнгэр хайрхан руу хөврөх аялал жуулчлалд маш хэрэгтэй.

-Аавдаа хэр эрхэлдэг байв?

-Би одоо яаж ч хичээгээд гэртээ аав шигээ дулаахан орчин үүсгэж чаддаггүй. Хэрэв аав гэртээ байх юм бол бид ноцож ноолоод, овоорч шаваад байж байдаг байсан. Гэртээ прожектороор кино үзнэ. Мөн аав шагай харвах их дуртай. Том өрөөнийхөө хамаг юмыг зайчилж байгаад нэг буланд нь шатрын хөлөг тавьж шагайнуудаар хасаа өрөөд аав сум хашлагаа гаргаж ирээд шагай харвана. Бид нар аавын тэнэсэн сумыг аваачиж өгөх гэж уралдаад бөөн юм болно. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж бий.

-Адарсүрэн гэдэг хүний дуулсан дуу л тухайн үед хит болдог байж. Тиймээс тухайн үеийн хөгжмийн зохиолч, яриуу найрагчид дуугаа дуулуулахын тулд хатуу юм өгч дуулуулдаг байсан гэдэг?

-Миний аав шиг олны өгсөн архийг хувааж ууж, нөгөө хүмүүсээ давхар баярлуулсан хүн байдаггүй юм шүү. Тийм бие хаа, тийм эрүүл мэндээ золин барин хүн болгоны хүсэлтийг биелүүлж, архинд дуртайдаа биш, баярласан талархсаных нь хариуг нь өгч, агуу ухаан гаргаж, өөрийгөө зольж чадсан. Тэрнээс аав минь хаана ч очсон, ямар ч ресторан, пабд орсон архи аваад уух асуудал биш байсан.

-Аавтайгаа өнгөрүүлсэн нандин дурсамжаасаа ярихгүй юу?

-Тээр жил 1997 онд Ардын дуу бүжгийн чуулгын 40 жилийн ойд тайзан дээр аав бид хоёр хамт гарсан. Тэр үед монголчууд нууц товчоо, Чингис хаанаар өвчилж байсан үе. “Есөн өрлөг” гэх богино хэмжээний бүжгийн жүжигт есөн өрлөгийн нэг Боорчийн дүрд тоглож, тайзны голд бүжиглэж байлаа. Ингээд бүжиглээд гараад ирсэн. Аав дараа нь дуулсан. Уг нь бол төрийн ёслолын үйл ажиллагааны үед дахиулж дуулуулж болохгүй шүү дээ. Нэг дуучин нэг л дуу дуулна. Гэтэл аавыг дахиулж болдоггүй тайзан дээр дахиулчихдаг юм. Яалт ч үгүй хөшиг хаагаад байдаг, үзэгчид дахиулах гээд байдаг. Тэгээд л найруулагч команд өгч дахиулсан даа. Үүнийг хараад үнэхээр агуу явдал гэж бодож, бахархан уйлж байлаа.

-2015 онд Архангайн Цахир сумаас занданшуулсан шарил алдагдаж, хотод зарах гээд явж байна гэдэг мэдээлэл гарсан. Таныг илрүүлсэн гэдэг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Шарил гэж болохгүй. Энэ бол амьд шүтээн. Энэ шүтээнийг би улсдаа олж өгч нэрээ мөнхөлсөн. Тэр үед үүнийг хэн хамгаалж, эх орондоо үлдээсэн бэ гэдгийг хэн нь ч яриагүй. Энэ явдлыг минь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үнэлээд, Шударга журам медалиар шагнасан байдаг.

-Нэг хэсэг аавын тань туулж өнгөрүүлсэн амьдралын тухай их ярьж, бичсэн. Гэхдээ гэрэлтэй талыг нь бус гэрэлгүй талыг нь бичээд байсан шиг санагддаг юм?

-Өнөөдөр зарим нэг хүн миний аавыг буруу амьдарсан гэж бодоод байдаг юм. Үнэндээ өнөөдрийн нийгэмд бол яалт ч үгүй буруу амьдарсан юм шиг харагдаж байгаа байх. Зүй нь тэр хүн хэзээ ч өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө яваагүй л байхгүй юу. Мөнгө төгрөг хуримтлуулаад хүнээс илүү амьдаръя гэсэн бодол ч байгаагүй. Ард түмэнтэйгээ, дууг нь сонсох дуртай хүмүүсийнхээ төлөө амьдарсаар байгаад дууссан. Нарийндаа бол дууссан гэдэг үг тохирохгүй байх л даа. Учир нь өнөөдөр ч гэсэн миний аавын дуунуудыг ард түмэн сонсож, дагаж дуулж байна. Тийм болохоор Пэлжээгийн Адарсүрэн гэдэг хүн их урлагийн төлөө, урлагт хайртай хүмүүсийн төлөө амьдарснаараа харин ч буруудаагүй гэж би боддог. Өнөөдөр би аавынхаа туулж өнгөрүүлсэн амьдралыг дүгнээд бодоход аав минь хүнд “үгүй” гэж хэлж чаддаггүй, хэн хаана гундуухан явна тэр хүнд туслахыг хичээдэг тийм л хүн байж. Үүгээрээ ч ойр тойрны хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг татсан хүн байсан.


-Эцэг, эх, ах дүүс дунд нь урлагийн хүн байсан болов уу?

-Нутгийн өвгөчүүлтэй уулзахад ах дүүс дотор нь дуулж хуурддаг хүн байгаагүй гэсэн.

-Анх хэрхэн тайзан дээр гарч байсныг нь эргээд нэг дурсахгүй юу?

-Аав анх 1965 онд олны өмнө дуулж хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд танигдсан гэдэг. Тухайн үед Зөвлөлт, Монгол хоёр армийн уулзалт үдэшлэг дээр Дунайн болон Манжуурын үдэш, “Москва орчмын үдэш”-ийг баянхуур тоглоод дуулсан байгаа юм. Тэгэхэд нь тэнд байсан хоёр орны цэргийн албан хаагчид олон удаа дахиулсан гэдэг.

-Аавын тань амьдралын зарчмын талаар ярилцлагынхаа төгсгөлд асууя?

-Аавтайгаа хамт амьдарч байхад дутагдах гачигдах зүйл үнэндээ байгаагүй. гэхдээ амьдрал үргэлж дардан байдаггүй. Уран бүтээлч хүний сэтгэл лааны гэрэл шиг эмзэг байдаг юм билээ. Ид хийж бүтээж яваа насандаа төр засагтаа үнэлүүлж чадахгүй байна гэдэг хамгийн их эмгэнэл. Энэ эмгэнэлийг би ааваасаа л олж харсан. Урлагийн хүний зовлон жаргалыг би өөрөө сайн мэднэ л дээ. Ингээд аавынхаа дуулж явсан алтан тайзан дээр таван жил бүжиглэлээ. Тэгэхэд урлагийн хүн болно гэдэг ямар их тэсвэр, тэвчээр шаарддагийг ойлгосон. Мөн сэтгэлээр унахдаа амархан хүмүүс юм гэдгийг ухаарсан. Ер нь миний аавын авьяасаас өчүүхэн хэсгийг нь бурхан надад хайрласан болов уу даа гэж боддог юм. Одоо бодоход аав минь амьдралдаа “үгүй”, “чадахгүй” гэдэг үгийг хэлж байгаагүй байх. Энэ нь бараг л амьдралынх нь зарчим болчихсон байсан гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л хүүхдийг нь гуйсан хүнд “чадахгүй” гэж хэлж чадалгүй хүүхдээ өгөөд явуулж байх вэ дээ. Ийм л амар түвшин хүн байлаа, миний аав. гэртээ ирээд хэдэн хүүхэдтэйгээ нийлж “сахилгагүйтнэ”. Миний багад өнөөдрийнх шиг PC тоглоом, телевизийн олон суваг байсангүй. “Аав хурдан ирээсэй. Шагайгаа ханатал тоглох юмсан” гэж бодно. Аав ирээд цайгаа ч ууж амжаагүй байхад хэдэн хүүхэд нь шаваад тоглоё гээд шалаад зогсчихно. Хэчнээн ядарсан байсан ч хүүхдүүдтэйгээ хэдэн минут ч гэсэн тоглодог байсан нь санаанаас гардаггүй юм.

-Ярилцсанд баярлалаа.

С.ЛХАМСҮРЭН

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Японоос эх орондоо хүсэлтэй иргэдийг шинэчлэн бүртгэж байна

Эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг Монгол Улсас Япон Улсад суугаа Элчин сайдын яам (ЭСЯ) энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутагт нь буцаан авчраад байна.

Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна.

Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье.