Categories
мэдээ нийгэм

О.Алтантуул: Сургууль, цэцэрлэгийн хашаан дотор зай барих тэмдэг, тэмдэглэгээг хүн харах, ойлгох хэмжээнд тод хийнэ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 938 ЕБС, цэцэрлэгт эрүүл ахуй халдвар хамгаалал, боловсрол, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр улсын 36 байцаагч урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байгаа талаар НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын үеэр сургууль, цэцэрлэгийн зүгээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил хийх тухай НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Алтантуул зөвлөв.

Сургууль, цэцэрлэгийн хашаагаар орж ирэхэд зай барих тэмдэг, тэмдэглэгээг хүн харах, ойлгох хэмжээнд тод хийнэ.

Орох, гарах хаалганы орчимд гар ариутгагчийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулна.

Эмч, эмчийн өрөөнд хамгаалах хувцсыг заавал авна.

Сургууль, цэцэрлэг тусгаарлах өрөөтэй байна. Хэрэв тусгаарлах өрөө төлөвлөгдөөгүй бол шинээр гаргана.

НМХГ-ын боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам:

Амны хаалтыг тогтмол зүүх,

Гар ариутгагчийг цүнхэндээ хийж явж, гараа ариутгах

Сургуулиас баримталж буй хичээлийн цаг, орох, гарах дүрмийг сахин мөрдөхийг сурагчдад захилаа.

Categories
мэдээ нийгэм

Сири улс гэрэл цахилгаангүй болжээ


Сирийн өмнөд нутагт хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас тус улс бүхэлдээ гэрэл цахилгаангүй болоодбайгаатухай SANA агентлаг Сирийн Нефть, эрдэс баялгийн сайд Али Ганима мэдэгдэл хийжээ.

Түүний мэдэгдсэнээр, халдлагын улмаас дэлбэрэлт болсон байж болзошгүй. Сирийн “Al Ekhbariya” телевизээр мэдээлж байгаагаар, дэлбэрэлтийн улмаас гурван цахилгаан станцын үйл ажиллагаа зогссон байна. Мэргэжилтнүүдцахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа ба байгууламжуудыг эрчим хүчээр хангаж, зарим мужийн цахилгаан хангамжийг аажмаар сэргээж эхэлжээ. Түүнчлэн гал сөнөөгчдийн баг дэлбэрэлтийн улмаас гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм.

Сирийн Эрчим хүчний сайдын өмнө нь мэдээлснээр, Дамаск мужийн Думейр болон Адра хотын хоорондох хий дамжуулах хоолой дэлбэрсэн байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ-д хандивлах 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажил идэвхитэй явагдаж байна

БНХАУ-тай хамтран ажиллаж буй ажлын тухай Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа мэдээлэл хийсэн юм.

Худалдаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Ногоон гарц хөтөлбөрийн дагуу ажлууд эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, манай орны жолооч нар Хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн.

8 сарын 17-нд 1,012 машин

8 сарын 18-нд 1,072

8 сарын 19-ны 1,035,

8 сарын 20-ны өдөр 1,068 машин тус тус нэвтэрсэн.

Мөн жолооч нарыг хөнгөлөлттэй үнээр байрлуулах асуудлыг ГХЯ-наас Хятадын талтай тохиролцож Ганц мод боомтод 180, Сэхээ боомтод 160 юаниарбайрлуулах зохицуулалт хийсэн байна.

Түүнчлэн “БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр талын ажлын хэсгийн цахим уулзалтыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулж, хонийг хүлээлгэн өгөх нарийвчилсан асуудлаар ярилцсан гэв.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдлаа

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ирэх таван жилд улс орныг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын талаарх асуудал тусгагдах нь зүйтэй. Бүх нийтийн мэдээлэл авах эрхийг цахим орчинд хангах, хүүхэд залуучуудыг үнэн, бодит мэдээллээр хангах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөлд тусгагдсан уу?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийн агуулга нэн чухал хэмээн тодорхойлсон. Энэ чиглэлээр Удирдлагын академи дээр хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байгаа. Мөн төрийн албан хаагчдын хүний нөөцийн нарийвчилсан бодлогыг ТАЗ тодорхойлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байх нь оновчтой. Төрийн албаны ёс зүй, хариуцлага, сахилгыг бүх түвшинд тэгш үйлчилдэг байх чиглэлээр тодорхой зорилтыг үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Мөн нотолж чадахгүй хөрөнгийн бүртгэлийн асуудалд анхаарал хандуулж, “нотолж чадаагүй хөрөнгө бүр авлига юм” гэсэн зарим орны жишээ рүү алхам хийх судалгааны ажлууд хийгдсэн байна. Түүнчлэн цахим орчинд үнэн зөв, бодитой мэдээлэл түгээдэг байх асуудлыг тодорхой түвшинд авч үзэж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрч байгаа.

Ёс зүйн асуудал нь сайн засаглалын төлөвшлийн нэг чухал хэсэг тул төслийн “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно” гэсэн 5 зорилгын хүрээнд 6 зорилтын хүрээнд нарийвчилсан байдлаар тусгасан.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Төрийн албаны ёс зүйг дээшлүүлэх, ажлын байрны чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлдэг байх шаардлага, ач холбогдлын талаар тайлбарлаж, холбогдох саналуудыг гаргав. Төрийн албан хаагч хэмээн тодорхойлогддоггүй хэрнээ төсвөөс цалинждаг төрийн өмчит компани, байгууллагын албан хаагчдын албан тушаалын статус, ажлын гүйцэтгэлийн асуудлаар тоо баримт дурдан шүүмжлэлт байр суурь илэрхийлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр санал хэллээ.

Ийнхүү гишүүд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзлээ. Иймд дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Дараа нь “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Баделхан нар төрийн албаны орон тоог бууруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах талаар төсөлд ямар арга хэмжээ, зорилт тусгагдсаныг тодруулсан. Мөн төрийн өмчит компаниудын бүтэц, ажилтнуудын гүйцэтгэл, цалин хөлстэй холбоотой асуудлаар тодруулга хийсэн. Түүний асуултад Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өгсөн бөгөөд “төрийн өмчийн компаниудын бүтэц, орон тоо, давхардал, цалин, үр дүнгийн менежментийн асуудал дээр нэгдсэн байдлаар дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх дөрвөн жилд энэ чиглэлд нэлээд том реформ хийж, үр дүнг цалинтай уялдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ. Төрийн албан хаагчдын тоог бууруулах асуудлыг “E Mongolia” хөтөлбөртэй уялдуулан ажлын давхардал, хийдлийг арилгаж, шат дараалалтай цөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна. Энэ чиглэлээр тодорхой судалгаа, тооцоолол хийн тодорхой саналууд боловсруулснаа ТАЗ-д танилцуулж, зөвлөлдөнө гэв. Цаашдаа төрийн албыг цомхон, чадварлаг болгох чиглэлээр олон ажил, арга хэмжээг төлөвлөн, холбогдох талууд хамтран ажиллаж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр төрийн албаны ёс зүйн дүрмийг хуульчлах асуудал Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд тусгагдсан байгааг тайлбарлаж, мэдээлэл өгсөн.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд үзсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

Хуралдаанаар эхлээд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн хүрээндээ иргэдийг эрт илрүүлэгт цахимаар дуудаж хамруулдаг байх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх асуудлыг тусгах саналыг Ж.Чинбүрэн гишүүн хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, үндсэн чиглэлийн төсөлд нийгмийн ардчиллын гурван тулгуурт зарчмыг оруулах, хэрэгжилтийн механизмийг нь тусгах саналуудаа багцалсан гэдгээ танилцуулав. Тэдгээрийг ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо. Улсын Их Хурлын гишүүн С.Мөнхцэцэг мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээний талаар тодрууллаа. Засгийн газрын түвшинд тодорхой бодлогуудыг тодорхойлоод, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тусгаад явж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн хууль тогтоомжийг боловсруулж, батлах шаардлагатай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тайлбарласан. Цахим шилжилтийн суурь нөхцөлүүдийн нэг чухал хэсэг нь иргэн хүний хувийн нууцад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төр болон өөр хэн нэгэн нэвтрэх боломжгүй хэмжээнд нууцлах асуудал гэдгийг онцолж, хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Засгийн газрын эхний 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд нэгтгэж, цаашдаа хувийн хэвшлүүдийг уриалж ажиллахаар төлөвлөөд байгаа гэв. Бүгд Найрамдах Эстони Улсын шинжээчид манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улс цахим шилжилт хийхэд парламент болон Засгийн газарт улс төрийн манлайлал, эр зориг шаардлагатай гэдгийг онцолсон байна. Учир нь цахим шилжилт хийснээр удирдах албан тушаалтнуудыг эрх мэдлийг хязгаарлдаг. Үүнээс гадна төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, улмаар цахим шилжилтийг 7-8 жилийн хугацаанд хийнэ гэдэг дүгнэлтүүдийг гаргасан байна. Иймд ирэх 4 жилд цахим шилжилтийг 60 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан.

Одоогоор Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бүх түвшинд нэвтрүүлж, мөрдөх шаардлага, төрийн байгууллагуудын харилцаа, холбоо, мэдээлэл технологийн аудитыг хангуулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийт мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төвийг байгуулах төвийг байгуулах шаардлагын талаар ажлын хэсгээс хариулт мэдээлэл өгсөн.

Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням боловсролын салбарын цахим шилжилтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримт бичгүүдийн цахим хувилбарыг хүлээн зөвшөөрдөг байхтай холбоотой зохицуулалтыг хийх саналыг хэлж байв. Х.Ганхуяг гишүүн Улаанбаатар, Дархан зэрэг суурьшлын бүс орчимд “Цахиурын хөндий” шиг цахим чөлөөт бүс байгуулах, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүнийг төрөөс бодлогоор дэмжих, ажлын байрыг бий болгосон тохиолдолд урамшуулал олгох зэрэг зохицуулалтуудыг хийх саналыг хэлж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдэх нь зүйтэй гэдэг санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин “E Mongolia” хөтөлбөрийн хэрэгжилтийн төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн бол Ц.Сэргэлэн гишүүн кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээний ач холбогдлын талаар санал хэлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Мөн тус Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Н.Учрал төслийн талаар танилцуулсан юм. Тус Байнгын хорооноос 08 дугаар сарын 11-ний өдөр “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжид үндэслэн төслийг боловсруулсан байна. Бүх шатны боловсролын цахим сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор дараах хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ. Үүнд, бүх шатны боловсролын цахим болон онлайн сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Боловсролын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цахим хичээл, сургалтын хэрэглэгдэхүүнд тавигдах нийтлэг шаардлага, жишиг аргачлалыг боловсруулж, мөрдүүлэх, бүх шатны боловсролын байгууллагуудын мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, бэлэн байдлыг үе шаттай хангуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн багшийг мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан сургалт явуулах арга зүйд сургах, багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах, багш бэлтгэх сургуулийн хөтөлбөрт цахим боловсролын агуулга оруулах асуудлыг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн бүртгэл, хичээлийн идэвх оролцоо, дүн мэдээлэл, даалгавар, нэмэлт материал зэргийг нэгтгэсэн эцэг, эх хяналт тавих бололцоо бүхий системийг нэвтрүүлэх талаар судалж, хэрэгжүүлэх зэрэг чиглэл өгсөн байна. Долдугаарт, Үндэсний хэмжээний нээлттэй сургалтын цахим системийг хөгжүүлж, сайн жишиг хөтөлбөр, хичээлүүдийг байршуулах, боловсролын цахим шилжилтэд шаардагдах зардлыг улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлэхийг үүрэг болгосон бөгөөд тогтоолын хэрэгжилтийг энэ оны 4 дүгээр улиралд Байнгын хороонд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын 1 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Монгол Улсын хилийн тухай хуулийн 17.6-д заасны дагуу хил хамгаалах байгууллага биеийн давхцахгүй өгөгдөлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг эхний ээлжинд олон улсын хилийн боомтуудад нэвтрүүлэх гэж төсөлд нэмэх саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Дараа нь тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 10 гишүүний 9 нь дэмжснээр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Categories
мэдээ нийгэм

Япон улсаас өнөөдөр 263 иргэн эх орондоо ирнэ

Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардана.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 150, нийт 263 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудлуудад тусгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

​​ Тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараахь зочид буудал, амралтын газруудад тусгаарлана

УОК-ын шийдвэрээр энэ сард 17 удаа тусгай үүргийн нислэг үйлдэн гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар болсон. Үүний дагуу өнөө өглөө Япон улсыг зорин ниссэн тусгай үүргийн нислэгийг оруулан тооцвол 13 удаагийн нислэг үйлдээд байгаа юм.

Энэ сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар, 27-нд Сидней-Улаанбаатар, 30-нд Нурсултан-Улаанбаатар, 31-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүд хийгдэнэ.

Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараахь зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,

27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,

30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,

31-ны Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.

Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

​Аравдугаар сарын 1- ээс оюутнуудыг дотуур байранд хүлээн авна


Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын газрын дарга Батнэмэх халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургууль эхлэхтэй холбоотой арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байгаагаас 120 мянга нь бакалаврт суралцана. Цар тахлын нөхцөлд танхим болон танхимын бус хосолсон хэлбэрээр их дээд сургуулийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зохион байгуулна. Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар болох ба лекцийг есдүгээр сарын нэгнээс цахимаар эхлүүлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ.

Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийг 20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд, сургууль, коллежийн анги танхим, орчмыг сургуулиуд өөрсдөө халдваргүйжүүлнэ. Нийт 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд хүлээж авна” гэв.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Автобусны буудал, амралтын талбайнуудад цэвэрлэгээ хийнэ


Хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, амралтын талбайг 8 сарын 25-аас эхлэн хөөсөөр угаахаар болжээ. Ингэснээр 9 сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн томоохон гудамж, зам талбайд тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэл хийх хуваарийг батлан бэлтгэл ажлаа бүрэн хангасан тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллэв. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн 3-5 дугаар сард Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай зориулалтын автомашинтайгаар таван удаагийн давтамжтай 619 рейс буюу 18 мянга 980 км гудамж, замд ариутгал, халдваргүйтгэл хийсэн тухай дурьдлаа.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа.

Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм.

Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх буулгах, шилжүүлэн байршуулах техникт суралцсан.

Түүнчлэн сургалтын үеэр Цамбагарав хайрханы Цаст оргил/4196м/, Цэнгэл хайрханы Цэнгэл оргил/3943 м/, Хөх Сэрхийн нурууны Тахилт оргил/4192 м/, Мөнххайрханы Жамъяангарав оргил/4150 м/-д авиралтыг амжилттай гүйцэтгэж, Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.