Categories
мэдээ улс-төр

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 ирцтэйгээр 10 цаг 36 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

20.0 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР “ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕИЙН ДЭМЖЛЭГ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨСӨЛ”-ИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хуралдааны эхэнд зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсад КОВИД-19 цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг сайжруулах, бичил бизнес эрхлэгчдэд хөдөмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн коронавируст цар тахлын тархалтын улмаас шаардлага хангасан даатгуулагчдыг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбогдуулан НДСанд үүсэх санхүүгийн хэрэгцээний зохих хувийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлнэ хэмээн Сангийн сайд танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь 84.6 хувийн саналаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн бөгөөд энэ талаарх санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүд үг хэлж, асуулт асууж, санал гаргах шаардлагагүй хэмээн үзэн юм. Иймд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСӨЛТЭЙ ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3-т “Нэг хуулийн төслийг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж заасны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан. Нийгмийн бодлогын байнгын хорооны холбогдох хууль, тогтоолын төслийг хийсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар тус тус танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль бүрийг заалт тус бүрээр хэлэлцсэн юм. Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нийслэл дэх нийтийн тээврийн шинэчлэлийн талаарх арга хэмжээний зорилт, төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, эхэн үеийн үр ашиг, хэтийн тооцооллын талаар мэдээлэл өгч, тайлбарлаад энэ арга хэмжээний хүрээнд орж ирсэн автобус, бусад тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх боломжийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулж хариулт авав. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Тухайлбал, төслийн хоёрдугаар зүйлийг “Энэ хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжив. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах тухай Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн, харин Ажлын хэсэг дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг буцаахыг дэмжээгүй юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Уг төслийг төсөл санаачлагчид нь буцаах Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг Төсвийн байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7 дүгээр зүйлтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналаар, Ажлын хэсгээс ирүүлсэн найруулгын шинжтэй саналуудаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн талаар нарийвчлан тусгасан байдаг. Хуулийн дагуу төсвийн төслийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцсэн. Ингээд бусад Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа. Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар тус тус танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жавхлан гишүүн танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг танилцуулав.

Үргэлжлүүлэн Б.Жавлан гишүүн төсвийн тодотголын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг танилцууллаа. Байнгын хорооны 2020 оны 3 дугаар тогтоолоор байгуулагдсан тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Баделхан, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажиллаж байгаа гэв. Ажлын хэсэг нийт хоёр удаа хуралдаж, Монгол Улсын төсвийн тодотголтой холбогдуулан Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн шинжилгээний албанаас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлт, тодотголтой танилцжээ. Сангийн яамнаас төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг гаргуулан авч танилцсан байна. Төсвийн байнгын хороо болон Ажлын хэсэгт Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар бусад Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүн, төрийн болон ТББ-аас албан бичгээр ирүүлсэн санал бүрийг судалж, санал дүгнэлтээ гаргасан болохыг Б.Жавхлан гишүүн танилцуулгадаа дурдав.

1.Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай бол мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь төсвийн орлого, зарлагын хэмжээг барьж, төсвийн орлого, зарлагын бүтцэд нь тодорхой өөрчлөлтүүдийг оруулж батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

2.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, үр ашиггүй, гүйцэтгэл нь удаашралтай байгаа зарим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэрийг бий болгож зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагатай 2020 оны гүйцэтгэлтэй нь уялдуулж, зарим төсөл, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх саналыг төсөлд тусгахаар шийдвэрлэлээ.

3.Төсвийн ерөнхийлөн захирагчдын багц дахь урсгал зардлын хэмжээг өнгөрсөн оны түвшинд нь барьж, хууль тогтоомжоор зардал нь нэмэгдэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа төсвийн зарим ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг тодорхой түвшинд нэмэгдүүлэхээр боллоо.

4.Улсын Их Хурлын гишүүд болон төсөвт байгууллагуудаас зардал бууруулах эх үүсвэр нь тодорхойгүйгээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал шууд нэмэгдүүлэхээр ирүүлсэн саналуудыг зарчмын зөрүүтэй саналын шаардлага хангахгүй тул санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.

5.Эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай эх үүсвэр тодорхой зарим төсөл, арга хэмжээг төсвийн тодотголын төсөлд шинээр тусгахаар шийдвэрлэсэн байна.

6.Ажлын хэсгээс Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороо болон төрийн байгууллагуудаас гаргасан саналуудыг нэгбүрчлэн судлаад, зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээний зардлыг Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналд тусгасан тул бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан дээр гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжих шаардлагагүй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харъяалагдах төсвийн ерөнхийлөгч захирагчдаас төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Үргэлжлүүлэн төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, гишүүдээс урьдчилан бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тус бүрээр нь танилцуулж, нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Дараа нь Ажлын хэсгээс томъёолон бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдлийг багасгана

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.

Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг холбогдох албаныхан хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэд хангалттай авч чадахгүй байна. Ард иргэдэд чирэгдэл ихтэй байна. Улсын томоохон болон дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх цаг авах гэж иргэд очер, дараалал хүлээн зогсч байна. Ихэнх эмнэлгүүд цахимаар цаг өгдөг гэдэг боловч бодит байдал дээр өөр байна. Тиймээс ЭМЯ-аас эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцлэх, иргэддээ ойлгомжтой хүртээмжтэй байлгах үүднээс “Цаг авах нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид өнөөдөр тулгамдаж буй асуудал, болохгүй байгаа зүйлээ нээлттэй ярих хэрэгтэй. Болохгүй байгаагаа бид мэдэж байна. Нуугаад байх зүйл байхгүй. Олон нийт ч болохгүй байгааг мэдэж байгаа. Тиймээс бүх эмнэлгүүд хоорондоо нягт уялдаа, холбоотой ажиллаж, нэгдсэн мэдээлэлтэй байх үүднээс эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр болон асуудлуудыг хэлэлцэн, яамны зүгээс юу анхаарах, яаж дэмжих талаар та бүхэнтэй нээлттэй хэлэлцэхээр энэхүү уулзалтуудыг хийж байгаа юм. Одоо бид эрүүл мэндийн салбарынхаа нэгж рүү орж ажиллах хэрэгтэй. Доор байгаа асуудлууд дээр ажиллаж, засч байж иргэддээ хүртээмжтэй үйлчилдэг болно. Салбарт маань чадварлаг эмч, мэргэжилтнүүд олон байна. Гэхдээ манай удирдлагууд зөв зохион байгуулалтаа хийж, ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд салбарт төлөвлөлтгүй санхүүжилтийг хийсээр ирсэн. Бид төлөвлөж, зайлшгүй хэрэгцээт зүйл рүүгээ санхүүжилтээ чиглүүлэх бодлого барина. Яамны зүгээс тулгамдаж буй асуудлуудаа эрэмблэн, санхүү төсөвтөө тааруулж зөв менежментийг хийж, илүү хүртээмжтэй байлгах, бодит үр дүн гарахуйц байхаар ажиллаж байна. Эмнэлгүүдийн яригдсан асуудал болгоныг хэрхэн шийдэгдсэн, зөв зохион байгуулсан эсэх дээр би өөрөө хяналтаа тавьж, биелэлтээ нэхэх болно. Бид ард иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсч буй хүндрэл, төвөг, чирэгдэлийг бууруулахын төлөө бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлнэ ” хэмээлээ.

Маргааш УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөр, стратеги болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, хамтарсан цуврал уулзалт үргэлжлэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тангаргаасаа няцлаа

УИХ-ын гишүүний тангаргийг сануулъя. “Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргийг чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэжээ. Л.Энх-Амгалан гишүүн энэ тангаргийг өргөсөн. Гэтэл тэрбээр ард түмнийхээ ашиг сонирхлын эсрэг дуугарч эхэллээ. Ард түмнээ хөрөнгө чинээгээр нь ил тод ялгаварлан гадуурхаж эхэллээ. УИХ-ын чуулган дээр Л.Энх-Амгалан гишүүн “…Одоо байгаа 17 их наяд төгрөгийн хадгаламжийг 10 мянга орчим хүн эзэмшиж байна. Хадгаламжийн хүү өндөр байгаагаас болж зээлийн хүү өндөр байдаг. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь их хадгаламжтай хүмүүсээс болж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд зээлтэй 2.7 сая хүний эрх ашгийг бодох уу, хадгаламжтай 10 мянган хүний эрх ашгийг бодох уу гэдэг асуудал” гэсэн.

Монголд хөдөлмөрлөж байгаа хэсэг нь л их бага хэмжээгээр хуримтлалтай болж байгааг Л.Энх-Амгалан гишүүн та ямар зорилгоор үгүйсгэж, хэнд таалагдах гэж, өргөсөн тангаргаасаа няцсан үг хэлэх болов. Яагаад хуримтлалтай болсон хэсгээ заналхийлж эхлэв. Таны өргөсөн Тангаргийн үгс дотор “ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ” гэсэн үг байгаа. Хадгаламж эзэмшигч иргэд тань ард түмэн биш юм уу. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа хэсгийнхээ хөрөнгийг нь хураая гэдэг чинь иргэдийнхээ ашиг сонирхлын эсрэг байгаа биш юм уу. Тангаргаасаа няцсан хэрэг бус уу.

Хадгаламж гэдэг бол нэг төрлийн хөрөнгө оруулалт. Дотоодын хөрөнгө оруулалт. Улсын ашиг сонирхлыг эрхэмлэнэ гэсэн үг тангарагт чинь бий. Дотоодын хөрөнгө оруулалт бол улсын ашиг сонирхол биш үү. Улсынхаа хөрөнгө оруулагч хэсэгтэй тангараг өргөсөн гишүүн та ухаалаг харьцах ёстой. Зээлийн хүүг багасгая гэсэн нэрийн дор хадгаламж эзэмшигч иргэддээ дайн зарлавал эргээд энэ эдийн засагт чинь ямар аймаар цохилт ирэхийг сайн бод. Хүү өндөр байхыг банкууд ч дэмждэггүй юм. Зээлийн хүү өндөр байвал зээлийн эрсдэл нэмэгддэг гэж. Банкууд болон иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан тохиролцож хадгаламж, зээлийн хүүг тодруулдаг. Л.Энх-Амгалан нарын төрийн төлөөллүүд бизнесийн энэ харилцаанд хөндлөнгөөс, хүчээр, муйхар аргаар оролцож, хүүг бууруулж болохгүй гэж эдийн засагчид ярьж байгаа шүү.

Зээлийн хүүг хүчээр барина гэдэг нь мөнгөн хөрөнгөд төрөөс үнэ тогтооно гэсэн үг. Тойруу замаар хадгаламжийн мөнгөнд үнэ тогтооход хүргэнэ. Зээлийн эх үүсвэр буюу түүхий эд нь хадгаламж. Хадгаламжийн мөнгө бол таны хувийн өмч. Хувийн өмчид төр үнэ тогтоох болж байна. Зөвхөн чинээлэг хэсэг бус нэг сая орчим хүүхэд, тэтгэврийн насныхан хадгаламжтай байгааг мартаж болохгүй. Тэгэхээр төрөөс эдгээр хадгаламжтай иргэдийнхээ хөрөнгөнд халдах нь. Бодит байдлаас бага хүүтэй хадгаламжинд хүмүүс мөнгөө хийхгүй. Хадгаламж буурвал зээл олгох мөнгө багасна. Ингээд үнэ тогтоовол зээлийн олдоц улам хумигдана. Барьцаа баталгаа муутай бичил, жижиг бизнес эрхлэгчид, өрхүүдэд олгох зээл буурна. Тун товчлоход ийм л юм болно.

Япон, Америк шиг өндөр хөгжилтэй, инфляцийн түвшин нь нам дор орнуудтай өөрсдийгөө жишиж тэнэглэхээ Л.Энх-Амгалан гишүүн та боль. Манайхтай ойролцоо түвшний орнууд хүүгээ хүчээр тогтоолоо гээд гайхалтай хөгжөөгүйг санах хэрэгтэй. Зээлийн олдоц нь муудсан 75 улс орны судалгааг Дэлхийн банкнаас гаргасан байна лээ. Тэдгээр улсуудад юу болсон гэхээр банкны салбарт хуримтлагдсан хадгаламжийн үлэмж хэсэг банкнаас гадагшилсан. Татаж авсан мөнгөөрөө валют худалдаж авснаар төгрөгийн ханш нь эрс суларсан байдаг. Мөн нэг хэсэг нь орон сууц, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан. Ингээд үнийн хөөсрөл явагдаж сүйд болсныг бид олон орны жишээнээс мэднэ. Нөгөө талаас нь харвал банкнаас татсан хадгаламжийн мөнгөө өөр хоорондоо өндөр хүүтэй зээлдүүлж эхлэх эрсдэлтэй. Ингэснээр сүүдрийн эдийн засаг томорч, иргэдийн хадгаламж болон банкуудаас авч буй татварын орлого буурах аюултай.

Эдийн засаг талаас нь энэ мэт ганц нэг өгүүлбэр хэлэх нь зөв байх. Одоо хамгийн гол хууль эрх зүйн талаасаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хийх нь. Тухайлбал, Үндсэн хуулийн 14-ийн 2 хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн заалтыг зөрчжээ. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж буй үйлдэл бус уу. Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно…” гэжээ. Тэгвэл хадгаламж нь хүний хувийн мөнгөн хөрөнгө. Түүнд халдах гэж буй үйлдэл бус юм уу.

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн зүгээс Үндсэн хуульд байгаа тодорхой заалт буюу хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, мөн … Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно… гэхчлэн заалтуудыг зөрчсөн үйлдэл хийх нь. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд хандах иргэд олноор гарч ирэх биз. Л.Энх-Амгалан гишүүн ид бяртай дээрээ явж байгаа байж болно. Тэгэхдээ өргөсөн тангаргаасаа няцтал, Үндсэн хуулиа зөрчтөл бяраа харуулж болохгүй. Ийм дээрээ хүрвэл та хэн ч биш. Их хурлын гишүүн бол иргэдийн элч төлөөлөгч. Хадгаламж бол иргэн хүний хувийн өмч. Хувийн өмчөөрөө оролдох гээд байгаа хэнтэй ч хөдөлмөрч хүмүүс ясаа цайтал үзэлцдэг нь хаа газрын ёс. Та үүнийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ямартай ч энэ удаагийн хэлсэн үгээрээ иргэдээ ялгаварлан гадуурхаж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Тангаргаасаа няцлаа. Одоо хууль зөрчих эсэхийг нь харж сууя даа.

Categories
мэдээ нийгэм

Соён гэгээрүүлэх уран бүтээлийг иргэдэд үнэгүй хүргэнэ

Нийслэлийн хэмжээнд Соёлын цаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр нээлт нь болсон. Цар тахлын журмын дагуу тодорхой цагт соён гэгээрүүлэх уран бүтээлийг иргэдэд үнэгүй хүргэнэ гэж албаныхан мэдээллээ.

Зөвхөн урлаг соёлын бүтээлээс гадна музей, номын сангууд хамтран ажиллах ба Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттайгаар нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаанууд хаалттай хэвээр байна. Олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Нийт 9 дүүргийн 24 байршилд иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэнэ” гэв.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний экспорт нэмэгджээ

]2020 сарын 07 дугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүн гэж болно. Монгол Улс энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан 13 сая гаруй тонныг экспортлоод байна.

Categories
мэдээ нийгэм

Парламентын сэтгүүлчдийн мэдээлэл авах орчин хаагдмал байна

Дэлхий нийтэд тархсан “ковид-19” цар тахалтай холбогдуулан Монгол Улс хагас өндөржүүлсэн бэлэн байдалд өнгөрөгч хоёрдугаар сараас шилжсэн билээ. Улмаар, Төрийн ордонд ч энэ дүрмийг хэрэгжүүлж, сэтгүүлчдийг Төрийн ордны үүдний танхимаас цааш нэвтрүүлэхгүй хэмээн хөл хорио тогтоосон бөгөөд энэ хөл хорио өчигдөр гаргасан УОК-ын шийдвэрээр бол ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжлэх нь тодорхой болов.

Сэтгүүлчид улстөрчдийг чуулганы танхимаас гарч ирсэн даруйд анхаарал татсан сэдэв, хариуцлага шаардсан асуудлаар ярилцлага, тодруулга авч чадахгүйд хүрч, улстөрчид нь харин тусгайлан бэлтгэсэн индэр дээр үүдний танхим руу гарч ирж ярилцлага өгөх, эсвэл өөрийнхөө хүссэн хэвлэлийг нэр өгч дуудах зэргээр ялгаварлаж эхэлсэн юм. УИХ-ын сонгуулийн өмнөхөн эхэлсэн энэхүү хөл хорио өнгөрөгч хаврын чуулганы турш үргэлжилж, өдгөө ч ээлжит бус хуралдаж байгаа цаг үед үргэлжилсээр байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн улстөрчдийн захиалсан хөгжмийг олон нийтэд түгээх байдлаар хагас жил гаруйн хугацаанд ажиллав. Гэвч нэр бүхий гишүүд энэ байдлыг цаашаа үргэлжлүүлэх ёстой, хэвлэл мэдээлэлд эмх замбараа тогтсон сайн жишиг боллоо гэх мэтээр ярьж эхэлсэн учраас Төрийн ордноос мэдээлэл бэлтгэн хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгуулжээ.

Сэтгүүлчдийг нэг булан, нэг өрөөнд хашсан атлаа өөрсдөө чуулгандаа ямар ч маскгүй сууж, нэгнийхээ өрөөгөөр хэсэж, тэнүүлчилж байгаа учраас олон нийтийн мэдэх эрхийг хангах, сэтгүүлчид өөрсдийн хүссэн сэдэв, гаргах өнцгөөр мэдээллээ бэлтгэх орон зайг хангаж өгөхийг тэд хүсэж, микрофон, энгэрийн зүүлт, диктафон зэргээ газраар эгнүүлэн тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэрвээ УИХ-ын Тамгын газар асуудлыг нааштай хүлээн авч шийдэхгүй бол долоо хоногийн хугацаанд улс төрийн ямар ч мэдээллийг хүргэхгүй байх зэргээр дараагийн акц зохион байгуулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Сарангэрэл: Есдүгээр сарын 10-наас дараа жилийн 03- сарын 15 хүртэл самар түүх журам байдаг

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Улсын 1.5 сая км газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн. Байгалийн талбайн ойн 5 хувь нь хуш модонд ойд самар ургадаг.Энэ жил баруун аймгийн 63 суманд самар ургасан бөгөөд их ургацийн жил гэж болно.

Үндсэндээ улсын хэмжээнд арван аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургадаг. Аймгуудын тухайд,

  • Булган
  • Баян-өлгий
  • Архангай
  • Завхан
  • Өвөрхангай
  • Хөвсгөл
  • Хэнтий
  • Төв
  • Сэлэнгэ
  • Увс

Энэ жил найман аймгийн 25 суманд самар их ургацтай байгаа гэх судалгаа гарсан.

Ойн тухай хуулийн 38.7-д зааснаар их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар, бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтын аль алинаар нь самар түүхгүй гэх хуулийн заалттай” гэв. Зөвшөөрлийн тухайн аймгийн байгаль орчны газраас авдаг ба ахуйн зориулалтаар бэлтгэж байгаа бол 25 кг хүртэл самрыг түүх ёстой. Харин үйлдвэрийн зориулалтаар бол тухайн нөөцийнхөө 40 хүртэл хувийг бэлтгэх учиртай.

Гэхдээ нийт ойн таван хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд орчихоод байна. Тодруулбал, самар түүх хугацаа болоогүй байхад самар түүх гээд хуш мод нүдсэнээс болж холтос нь унаад, шавьжид эдэгдсэн үхмэл байдалтай байх жишээтэй. 9 сарын 10-наас дараа жилийн 03- сарын 15 хүртэл самар түүх журам байдаг. Гэтэл одоо түүгээд, зарж борлуулаад хууль зөрчиж байна.

Үүнийг хуулийн байгууллага хянаж байхад хүүхэд, хөгшчүүдийг дээрэлхсэн үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байна.

Б.ОЮУНДАРЬ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их-Ац багийн “Хөвсгөлийн нуруу” гэх газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 20 км-т/ 08.25-ны өдрийн 13:36 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 13:36 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Рашаант сумын Засаг дарга Д.Өнөрболдоос тодруулахад сумын болон багийн төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн байн

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг зогсоожээ

Хөвсгөл нуурыг бохирдуулсан амралтын газрын үйл ажиллагааг зогсоожээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах “Далай ээж 1″,”Далай ээж 2” зочид буудлыхан бохир усаа усны автомат насосоор Хөвсгөл нуур луу татан урсгаж байсныг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны эргүүл хяналтаар энэ сарын 25-ны өдөр илрүүлсэн байна.

Түүнчлэн дээрх зөрчилд зохих арга хэмжээг авч, үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд холбогдох хуулийн байгууллагад зөрчлийг шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас цаашид хяналт шалгалтыг үргэлжлүүлэн ажиллана хэмээн мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ, Төв банкныхан мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж үзээд байгаа хэрэг үү?

Ингэж асуумаар үйл явдал сүүлийн үед шил дарах боллоо. Монголбанк зээлийн хүү бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг парламентад өргөн барьж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоно” гэж тэс хөндлөнтөв. Эрхэм гишүүн, бид өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг төчнөөнөөр буулгасан, 2023 он гэхэд сарын нэг хувь болгоно энэ тэр гээд сүрхий сүржин мэдэгдэл хийж харагдсан. Б.Баттөмөр гэдэг гишүүнийг “Буулга” гэнгүүт буучихдаг эд биш л дээ, зээлийн хүү. Хэн нэг гишүүн, ямар нэг сайд, аль нэг УИХ, Засгийн газар дур мэдээд буулгачихдаг гэж бодвол хэтэрхий гэнэн хэрэг болно. Зах зээлийнхээ жам, жаягаар буурсаар өдий хүрсэн зүйл.

Түүх сөхье. Ерээд онд зээлийн сарын хүү 10 хувь, жилийнх нь 120 хувь байсан гэвэл олон хүн гайхах байх. Гэхдээ бодит амьдралд тийм л байсан. Банкууд зах зээлийнхээ жамаар буулгаж явсаар энэ аварга тоо 1998 онд сарын гурван хувь болж, жилээр нь тооцвол 45.8 хувь руу уруудаж байв. Цаг хугацааг бүр хойшлуулаад өнгөрсөн оны эхний улирлын тоо сөхье. Төгрөгийн зээлийн хүү жилийн 17.1 хувь гэсэн тоо дурайж байна. Сарын 1.4 хувь гэсэн үг. Зээлийн хүү буурсаар өнөөг хүрсэн, цаашдаа ч буурна. Гэхдээ улстөрчид хэлж ярьж, захирч тушаагаад буулгасан удаа нэг ч үгүй. Арилжааны банкууд зам, жамаараа зээлийн хүүгээ буулгасаар өнөөдрийг хүрсэн юм. Цаашид ч зээлийн хүү жамаараа бууна.Буулгах хүмүүс нь улстөрчид биш, банкныхан.

Энэ УИХ төв банкны өргөн барьсан тогтоолын төсөлд яг ямар заалтууд тусгаж эцэслэн батлахыг өнөөхөндөө хэлж таамаглахад хэцүү. Шууд төчнөөн хувиар буулгана гээд алх тогшчихож мэдэх улс. Тэрбайтугайг чихдүүлж байгаад баталчихдаг жишиг УИХ-д нэгэнт тогтчихсон болохоор ингэж хардаад сууна л даа. Зээлийн хүүг буулгах яриа хөөрөө хэдэн парламент дамжин өрнөж байгаа. Товчхондоо популист улстөрчдийг эртнээс тэжээсэн сэдэв. Зээлийн хүүг бууруулна гэж ярих нь зөв, хүүг бууруулахын төлөө бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ яаж бууруулах вэ гэдэг өөр асуудал. Эдийн засагтаа доргио үүсгэхгүй бодитой гарц гаргалгаа шийдэл яривал нэгдүгээрт манай улстөрчид илүү ухаалаг харагдана, хоёрдугаарт, гаргасан шийдвэр нь байндаа тусч, маньд өгөөжөө өгнө.

Банк хэний мөнгийг зээлдэг вэ гэсэн асуулт тавиад харъя. Аль ч банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хүү амлаж татдаг. Ингэж татсан мөнгөө иргэд, компаниудад зээдэг. Тэгж зээлэхдээ хүүгийн бага сага зөрүү хардаг, хүүгийн зөрүүнээс олсон ашгаараа оршин тогтнодог. Бүдүүн баргаар төсөөлбөл банк бол нэг иймэрхүү л бизнес. Зээлийн хүүг хүчээр, огцом буулгах хууль баталбал хадгаламжийн хүү огцом буурна, хадгаламжийн хүү буурвал мөнгөө банкинд дэмий хадгалуулахыг хэн ч хүсэхгүй. Эсрэгээрээ хадгаламжаа банкнаас татаж хувиараа зээлдэгч болж, тав гурван төгрөгийн ашиг харсан шигээ аж төрөхийг илүүд үзнэ. Шуудхан хэлэхэд тэмцэнэ гээд байгаа өдрийн зээл нь жинхэнэ утгаараа цэцэглэнэ.

УИХ зээлийн хүүг хүчээр буулгавал нэг хэсэг иргэдээ харж үзсэн шийдэл байж болох нь нөгөө хэсэг иргэдээ хохироох эрсдэл бий. Тодруулж хэлбэл, энэ шийдвэр хэрэгжвэл золиос нь хадгаламж эзэмшигчид болно. Нийтлэлээ мөнгө хуримтлуулах нь гэмт хэрэг үү гэж гарчигласан нь цаанаа ийм утгатай.

Эндээс бас нэг логик ургаж гарч ирнэ. Хадгаламж эзэмшигчид мөнгөө ихээр татаад эхэлбэл зээлийн эх үүсвэр хомсдоно, зээлийн эх үүсвэр хомсдож банкууд зээлээ огцом хумивал жирийн иргэд хар захаас зээл авч эхэлнэ. Зээлийн хүүг хуулийн хүчээр буулгаж авна гэж хөөрцөглөж яваа улстөрчид “Банкны зээл буурчих юм чинь хэн ч өндөр хүүтэй зээл авахгүй” гэж бодож сууж мэдэх юм. Үүн шиг гэнэн төөрөгдөл байхгүй. Тахлын хөл хорионоос болж хаалгаа барьсан, барихад хүрсэн аж ахуйн нэгж өчнөөнөөрөө, ажлаа алдсан, алдах дөхсөн иргэд үйл олноороо засаг төр рүүгээ аврал эрсэн харцаар харж суугаа. Хадгаламжаа алдаж, зээлээ хумьсан банк тэдний өндийж босох бизнест нь зориулж зээлд өгч чадах уу? Итгэлтэй цөөн түнштэйгээ л харилцаад явахыг аль ч банк илүүд үзнэ. Коронагаас болж хэцүүдсэн аж ахуйн нэгж, компани, иргэд хар захаас өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрэх нь хэтэрхий тодорхой асуудал. Одоо ч тэгж амьдарч яваа компанийн захирал өчнөөн бий. Өнөөдөр л гэхэд 9911-тэй дугаараа барьцаалж зээл аваад ажилчдынхаа цалинг тавьж яваа компанийн захирлууд цөөнгүй байгаа.

Зээлийн хүү бууруулна гэж чанга дуугардаг улстөрчдийн хэлдэг бас нэг шалтгаан нь хөрөнгө, даатгалын зах зээл. “Санхүүгийн систем бол банк, хөрөнгийн зах зээл, даатгал гэсэн гурван тулгуур баганатай. Банкны монопол хэтрээд байна. Даатгалаа, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй бол горьгүй нь” гэж төв царайлдаг ч манай эрх мэдэлтнүүд хөрөнгийн зах зээлийг яг жинхэнэдээ нийт олонхид хүртээлтэй хөгжүүлэх хүсэл зориг огтоос гаргалгүй өнөөг хүрсэн нь хачирхмаар шүү. Хөрөнгийн зах дээр ногдол ашгаа хуваарилж, иргэдэд ч өөртөө ч ашигтай ажиллаж яваа цөөн компани бий, гэхдээ эргэлддэг мөнгө нь багахан. Том компаниудын хувьд нэгэнт гаршчихсан башир аргатай. Сонгодог жишээ нь Улсын их дэлгүүр. Улаанбаатарын төвд байрладаг, зөвхөн талбайн түрээсээсээ гэхэд өчнөөн мөнгө олдог Улсын их дэлгүүрийн хувьцааг худалдаж авсан иргэд өнөөг хүртэл таван төгрөгийн өгөөж хүртэж чадаагүй яваа. Дэргэдээ охин компани байгуулчихаад олсон ашиг өгөөжөө зээл гэх мэт элдэв шалтгаанаар дамжуулж бултуулаад явдаг муу арга Хөрөнгийн биржийн томчуудад нийтлэг анзаарагддаг.

Ер нь тэгээд бизнесийн шинэ төслүүд хэрэгжихэд таатай хөрстэй, чөлөөт өрсөлдөөн жинхэнэ утгаараа буцалж байдаг зах зээлд хөрөнгийн бирж нь хүчтэй оршдог бичигдээгүй хууль бий. Гэтэл манайд ямар байгаа билээ. Төр нь компани байгуулж бизнесүүдтэйгээ өрсөлддөг байдал газар авсан, хувийн хэвшлийнхнийг адалсан уур амьсгал хүч нөлөөгөө авчихсан, муусайн баячууд гэсэн сэтгэлгээ УИХ-ын гишүүн, сайдаас эхлээд жирийн олонхид бат суучихсан, мега төслүүд хөдлөх ямар ч орон зайгүй, мега төслүүдийг хөдөлгөхөөр зүтгэсэн, оролдсоноо шоронд хорьчихдог… Өөрсдийгөө гаднаас нь ажиглаад харвал иймэрхүү өнгө зураг л харагдаж байна. Ийм зах зээлд бизнесийн төслүүдийн амьд өрсөлдөөн буцлахгүй. Бизнес төслүүд шил дараалан хэрэгжихгүй гацчихсан учраас иргэдийн хорхойг асааж, хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөдөлгөөнд оруулах IPO-нууд уралдан гарахгүй. IPO-гоор өлссөн хөрөнгийн зах зээл амилж, иргэн Батад ашиг өгтлөө өдий. Даатгалын тухайд ч төгс утгаараа хөгжчихсөн юм өнөөхөндөө алга. Дэлхийн жишигт хүрсэн нь арилжааны банкууд л байна.

Банкинд мөнгөө хадгалуулж, ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж суугаа хүмүүс хураасан мөнгөөрөө бизнес хийх хувилбар, гарц уг нь бий. Харамсалтай нь тэр боломжийг нь төр хаасаар өнөөг хүрсэн учраас иргэд олсон хэдээ банкинд хадгалуулсаар ирсэн юм. Түрүүн хэлсэнчлэн шинэ бизнес төслүүд цэцэглэх орчин хумигдаж, төрийн гэх нэн шинэ бизнесүүдэд орон зайгаа алдаад байгаа учраас хурааж хумьснаараа бизнес хийх боломж хадгаламж эзэмшигчдэд олдоггүй. Товчхондоо олсноо үрэх биш, үржүүлэх хүсэлтэй хүмүүсийн багахан ашиг олдог газар нь банк л байгаа юм, өнөөхөндөө.