Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Гурван хүнд коронавирус илэрч, хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 12832000 хүн өвчилж, 567000 хүн нас барсан байна. 7,4 сая хүн эдгэрч, 4,7 сая хүн хэвтэн эмчлэгдэж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 11-нд нийт 377 сорьцонд шинжилгээ хийхэд 374 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүнд халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь долдугаар сарын 6нд Алтанбулагийн боомтоор орж ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүмүүс юм. Хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22 настай эмэгтэй, 21 настай эрэгтэй, 22 настай эрэгтэй хүмүүс байна. Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирж тусгаарлан, эмчилнэ. Одоо наашаа ирж байгаа.

Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувтлалд шилжлээ. Уг хүмүүс нь 20 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдээд гарч байна. Батлагдсан тохиолдол 230 байна. Үүнээс 202 хүнийг эмчилсэн. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 25 нь хөнгөн, 3 нь хөнгөн байгаа” гэв.

Х.ЕСҮ

Categories
мэдээ цаг-үе

Төв асарт унтаж өнгөрүүлсэн наадам


Би долоон нас хүртлээ хөдөө байсан учир наадам гэдгийг мэддэггүй байж. Аймаг суманд наадам болно гээд Балжир ах л олон морь хөтлөөд, дэл сүүлий нь боогоод явдаг байсныг бүүр түүрхэн санадаг юм. Балжир ах гэдэг маань одоогийн Ардын уран зохиолч Б.Догмидын аав шүү дээ.Миний л мэдэхийн манай хоёр гэр айл явдаг, өвөл ч, зун ч хамт л байдагсан. Манайх бол ядуу, гуч дөчөөд хонь ямаатай, ачлаганы хэдэн тэмээтэй, чөдрийн ганц “хөгшин борлог” морьтой айл байсан.

Балжир ахынх бол баян. Их л адуутай айл байж билээ. Уяан дээр морьд дүүрэн байна. Тэр дунд манай муу борлог л содон. Би малд явахдаа түүнийг унана. Номхон гэдэг нь өрөвдмөөр амьтан. Би бол нэг муу хазаарын тамтагаар хаанаас л бол бариад ирнэ. Араг хөмөрч байгаад, зөв буруу хамаагүй үсрээд мордчихно. Хонь хурганы хойноос шогших төдий л морьтой хүн.

Балжир ахынд хүмүүс их цуглана. Яриагий нь чагнахад голдуу л морь ярьж байна. Наадмын морь уяад, түрүүлсэн л гэнэ. Айрагдсан л гэнэ. Үнэндээ учрыг нь олдоггүй байждээ. Нэг удаа Балжир ах манайд орж ирээд хоёр ээжтэй ярилцаж байснаа: Наад дөшин толгойтоор чинь өнөө жил наадмын морь унуулна аа! гэж байна шүү.Намайг тэд нар дөшин толгойт л гэдэг байсан юм. Мөөм минь их л дургүйцэж байх шиг:

-Больё доо хүү минь. Тэгж чамаар тоглуулахгүй шүү. Моринд сайнаар нь Цэрэн–Очироороо л унуулна биз. Хүүгээ тэгж чиний адсаганы хөлд үрэгдүүлэхээ ч больё оо! гэж байна. Юун наадмын морь байтугай, хөгшин борлогтойгоо бөг бөг шогшихоос цаашгүй би гэдэг хүн дотроо айж л байлаа. Хоёр ээж маань зэрэг зэрэг татгалзаснаас Балжир ах надаар наадмын морь унуулаагүй. Энэ үед Догмид, Хэнмэдэхэв, Норжин гурав төрөө ч үгүй байсан юм л даа. Ингээд манайх аймгийн төв Сайншанд руу нүүх болж “ялтай мал”–аа данс бичигтэй нь айлд өгч өнчин ишиг ч үгүй болохдоо “хөгшин борлог”-оо хамт өгчихөж билээ. Түүнээс хойш би морь унасангүй, моринд муу амьтан болсон юм.

Аймгийн төвд ирж л би гэдэг хүн анхныхаа баяр наадмыг үзэж байлаа. Улсын наадам долоо хоног, аймгийн наадам тав хоног наадна. Морь уралдаж бөх барилдаж, эрхий мэргэнүүд чадал авьяасаа сорино. Сайхан нааддаг байлаа даа. Дайны дараа жилийн наадмыг үзсэн Төв асарт унтаж өнгөрүүлсэн наадаммаань эхнийх. Наадам, одоо Сайншандын төв цэнгэлдэх байгаагаас хойхно болдог байв. Төв асар гэхэд гоё цэнхэр эрээн асар. Баруун зүүн талд нь жижгэвтэр эрээн асар.

Доошихноо хөлийн цэц бөхчүүдийн майхан үргэлжилнэ. Наадмын талбайн эргэн тойронд сумдууд, байгууллагын гэр майхнууд алаглаад, юм үзээгүй над бол сүртэй л байсан. Айл болгон идээ засчихсан, бууз хуушуур, бүхэл мах чанаад л бас квас гэж шар юм ууцгаана. Цагаан архи, нэрмэлийн архи бол “далай” л байсан.

Өглөө мөөм минь, миний цамц өмдийг сольж өгөөд нагац ах Г.Лувсанбалданы гараас хөтлүүлэн наадмын талбай руу үдэж билээ. Лувсанбалдан гэдэг маань геологи минералогийн ухааны доктор профессор агсан М.Жамсрангийн эцэг л дээ. Тэр ах маань аймагт танил ихтэй “Гонжоон Лувсанбалдан” гэвэл мэдэхгүй хүн байхгүй. Их авьяастай, сайхан дуулж хуурддаг хүн байсан юм. Архи их ууна. Гэхдээ овилгогүй зангүй. Тасраад ойчоод өгнө. Хэсэгхэн унтаад эв эрүүл болчихдог л хүн. Би өндөр ахынхаа гараас зуураад л явж байгаа. Наадмын талбайд очингуутаа ах маань Алтанширээ сумын гэрээс эхлээд л зочилж байгаа юм. Цай идээ болно. Ахад бол аяга тагш юм хийж өгнө. Над бол банш бууз, хурууд ээзгий тасрахгүй.

Нэлээн халуун байсан учир нэг хүн дуудаад ахыг маань төв асарт захдуухан суулгачихлаа. Би, ахынхаа өвдөг дээр сууж, хажууд нь зогсож, урлаг уран сайхны тоглолт, бөхийн барилдаан, үзээгүй л бүх юмаа үзсэн дээ.

Асар гэж их л гоё юм байсан. Эсгий дэвсгэр дээгүүр битүү берзинт дэвсчихсэн, хаяагий нь шуучихсан, сайхан газар ах бид хоёр наадамлаж байгаа юм. Нэг мэдсэн орой болчихож. Ахыг “харья” гээд ханцуйнаас нь дугтарсан чинь, хариу ч байхгүй сандал дээрээсээ ойчоод өгдөг байгаа. Ухаангүй согтчихож. Би, явъя, харья гэж баахан чангаасан боловч, хөдөлдөг юм биш. Хүмүүс ч цуварч явсаар байгаад ах бид хоёр л үлдлээ. Бид хоёрыг зууралдсаар байтал харуй бүрий боллоо. Би, ахыг орхин ганцаараа гүйгээд гэрээ олох ч үгүй. Аягүй бол золбин нохдод уруулчихна. Ахыгаа түшин, айсан шиг, уйлсан шиг сууж байсан чинь, нэг мэдэхнээ унтчихаж.

Ингэж анх удаа наадам үзээд төв асарт нь хонодог байгаа. Нэг сэрсэн чинь ах бид хоёр зэрэгцээд унтаж байна. Яриангүй л өчигдрийн байж байсан асартаа. Нэг муу хуучин тэрлэгээр бид хоёрыг хуччихсан байх юм.

Хоёул л сэргэлээдээ. Ах маань хэзээний сурсан хүн шиг, гарч “морь харж“ ирээд урт ширээний урдуур хойгуур юм эрээд байгаа нь, одоо бодвол шараа л тайлах гэж л дээ.

Энэ наадмын талбайн манаач нь манай байрны Лувсанцэрэн гэж ах байж. “Сөөсөг Лувсанцэрэн” л гэх. Юугаар нь тэгсэн юм, бүү мэд. Жамсран, Халтар, Цагаан гээд хүүхдүүдтэй.Жамсран нь манай ангийнх. Наадам тарсны дараа Лувсанцэрэн гуай асар майхнуудаа эргэж явсан чинь ах бид хоёр унтаж байна гэнэ. Тэгээд хуучин муу дээлээ авчирч бид хоёрыг хуччихаад, манайх руу “Лувсанбалдан, хүү хоёр чинь асарт унтаж байгаа” гээд хэлүүлчихэж. Ингэж би, наадмын эхний өдөр төв асарт нь хонотлоо баярлаад дахин очоогүй. Өндөр ах маань тав хоног өдөр нь наадам үзэж архидаад, шөнө нь “тасарч” асарт унтсаар, гэрийн бараа хараагүй. Миний анхны үзсэн наадам энэ.

Үүнээс хойш би жил болгон аймгийн наадам үздэг байсан. Нэг удаагийн наадамд “Улсын арслан Намжилваанчиг зодоглоно” гэсэн зар тарлаа. Манай аймаг ч бөх ховордуу. Даа ялангуяа улсын арслан гэдэг хүн бол тэр үедээ “од” л байсан. Хүн болгон л “Арсланг зодоглохыг харна” гээд сүртэй юм боллоо. Энэ наадмыг мөөм бид хоёр очиж их тухтай үзсэнсэн. Олон л бөх барилдсан. Чухам хэдэн бөх барилдсаныг мэдээгүй. Зүүн талын магнайд туранхайвтар настай хүн гарч барилдсан нь манай аймгийн уугуул, улсын арслан Намжилваанчиг гуай байсан юм. Лав л нэг давсан. Хэд давсныг санахгүй байна. Аль нэг даваанд нь цэргийн өндөр залуутай таарч барилдсан чинь тэр залуу, харьмал арсланг төвөггүйхэн шиг өргөөд тавьчихна билээ. Намжилваанчиг арслан босч ирээд цэргийн залууг үнсэж байсан. Манай хүчит арслан маань энэ наадмаар зодог тайлж цэргийн залууд зодог шуудгаа өгсөн гэдэг юм. Энэ шинэ цэрэг чинь Архангай аймгийн харьяат, улсын босоо арслан Мижиддорж байсан юм шүү дээ. Манай аймгаас бөхийн цолныхоо гарааг эхэлсэн хүчит арслан маань сүүлд миний дотно найз болсон, одоо амьд сэрүүн, саяхан бөхийн өргөөнийхөө хойморт заларч байна билээ. Миний найз Мижиддорж цэргээс халагдаад Дорноговь аймагт сум- нэгдлийн дарга мэт албыг олон жил хашиж, бараг л манай аймгийн болчихсон хүндээ. “Дорноговь бол миний хоёр дахь нутаг. Сэтгэлд үргэлж явдаг газар.Намжилваанчиг арслан миний бөхийн замыг зааж, цагаан мөр хайрласан, нэг ёсны эцэг” хэмээн Мижиддорж маань ярих дуртай. Говь нутгийн хүчит бөх, улсын арслан Намжилваанчиг гуайнхаа зодог тайлах наадамд оролцсоноос хойш, би төдийлөн олон наадам үзэж чадаагүй. 1960-аад оны үед би аймгийн эвлэлийн хороонд ажиллаж байлаа. Биднийг аймгийн бүхий л ажилд дайчилдаг байсан үе. Залуучуудын байгууллага ч хамгийн их ажилтай, аймаг орон нутгийн бүхий л ажилд дайчлагддаг, тэр чинээгээрээ хийж бүтээдэг байсансан.

Нэг удаа би, аймагтаа хамгийн олон залуучуудтай Дэлгэрэх суманд томилогдлоо. Залуучуудаар хашаа хороо бариулах аймгийн төлөөлөгч. Эвлэлийн гишүүдээсээ арван хэдэн хүн цуглуулаад сумын зүүхэн хойно чулуун хороо бариуллаа. Тэр үед, нэг л стандартын чулуун хороо барьдаг байсан юмдаа. Сумын төв, бас ойр нутгийн эвлэлийн гишүүд ирж байгаа юм. Лувсандаш, Надмид, Бадамжав… гээд л.

Бид ажлаа нарийн тооцоолон улсын баяр наадмын өмнө, арван тав хоногт багтаахаар төлөвлөсөн юм. Уулнаас үхэр тэргээр чулуу зөөнө. Ус шавар… гээд ажил их л дээ. Гэхдээ манай хөдөөгийн залуучууд за гэвэл ёогүй. Ажил нэг л эхлэсэн бол дуусгаж л амардаг хүмүүс. Ингээд бид наадмаас хоёр хоногийн өмнө чулуун хороогоо барьж дуусган, сум нэгдлийн удирдлагуудад хүлээлгэн өгсөнсөн.

Тэгээд сумандаа наадамлах болж байгаа юм. Зарим нь хөдөө гэрээдээ явчихсан, төвийн голдуу арваад залуу үлдлээ. Бүгд л наадмаар барилдана гэж байна. Намайг “Аймгийн төлөөлөгч зодоглоно шүү” гэж шахлаа. Өчнөөн хоног хамт ажиллачихаад тэднийхээ үгнээс яаж зөрхөвдээ. Сумын наадамд зодоглох боллоо доо. Гучин хоёр бөх барилдсан шиг санаж байна. Би, цээж нүцгэн, савхин гутал дээр өмд чихээд өмсчихсөн, дээгүүр нь шар дурдан бүсээр баглачихсан, бөх гарч байгаа.

Аймгийнхаа төлөөлөгчийг арай ч нэгийн даваанд унагачихгүй гэсэн юм болуу, аравдугаар ангийн жаал хүүтэй таараад, бас “сээрэн дунгаарахуу” юм хийгээд хаячихаж байгаа юм.

Хоёрын даваанд хамгийн жижиг биетэй “хар” Бадамжавтай таарлаа. Дэвж шаваад сүртэй л юм болсон. Барилцаад авсан чинь нэг мэдэхнээ би дээшээ хараад хэвтэж байсан. Ичсэндээ болоод тахимаа ч өгөлгүй босч гүйгээд майхандаа шургаж билээ. Дорноговь аймагтаа наадам үзсэн хамгийн сүүлийн тохиолдол, бас миний наадамд барилдсан хамгийн сүүлчийн тохиолдол энэ болсон юмдаа.

Намайг хаядаг жижиг Бадамжав маань сайн бөх болсон л доо. Чөлөөтөөр хичээллэн аймагтаа аварга болоод, улсад ч хэд хэдэн удаа амжилттай барилдчихсан сайн бөх байлаа. Сүүлийн жилүүдэд Налайхад суурьшсан, Налайхаас хотод ирж долоо хоног бүр нийтийн бүжиг хийдэг байсансан. Хоёр гурван жилийн өмнө Налайхдаа өвчний учир таалал төгссөн гэсэн.Найзтайгаа даанч уулзаж амжилгүй бурхан болгочихсон байна билээ. Үүнээс хойш би хотынхоо наадмыг л үздэг байлаа. Анх Яармагийн дэнжийн наадамд очоод С.Янжмаа гуайг нутгийнхаа тайрмал үстэй авгайтай андуурч яаж солиорлоодоо! Тэр бүх сонин дурсамжаа дараа жилийн баяр наадмын сонинд толилуулах билээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН

Categories
мэдээ цаг-үе

Намайг бухимдуулж наадамчдыг талцуулсан тэр жилийн наадам

Наадам ойртохоор наадмын тухай бодол, дурсамж сэртхийж, ирэх наадмыг хүлээн хүсэмжлэх баяр хөөрт автах сэтгэл авай. Аливаа баяр цэнгэлийг угтан хүлээх тэр өдөр хоногууд хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг юм санж уу. Нүдэнд ил харагдах тугал, хургыг наашлуулах төдийхөн тусад орж байсан балчирхан үеийн тэр нэгэн наадам сэтгэлд тодхон үлджээ. Манайх Урд голынхоо Ногоон Бургасны өвөрт хөгшин ээжийнх болон Чоогоо ах, Нэргүй ах, Баатархүү ахынхтай айлсан зусдаг байлаа. Эдгээр хүмүүсийн үр хүүхдүүд нь нутаг усныхаа нэрийг дуурсгасан алдартай бөхчүүд билээ. Чоогоо хэмээх ус нутагтаа ажил хөдөлмөрөөрөө онцгойрсон буурал байв. Тэр буурлын хүү улсын заан Батзоригийг бөх сонирхогчид, ард түмэн андахгүй мэднэ. Түүний ах Баатархүү нутаг олондоо хүндтэй, насаараа жолоо мушигсан хүн юм. Баатархүү ахын бага хүү өдгөө улсын заан цолтой, ид барилдаж буй Пүрэвсайхан билээ. Наадмын урд орой манайх гэдэг айлын зургаан ам бүл бие биенээ олж харахааргүй тийм олон хүмүүс, уяан дээрээ ялаархан өнжих чөдрийн гурван морио олж танихааргүй нутгийн зон олны морьд манайд цуглардагсан. Аав хоттой сүргээсээ хоёр бог төхөөрч, ээж, эмээ хоёр маань хоёр түмпэн боорцог хайрч эдгээр хүмүүсийн хүнсийг бэлтгэнэ. Тэрсхэн өссөн хоёр эгч, охин дүү бид дөрөв жоохон ногоон майхнаа голын эрэг дээр барьж, “өрх тусгаарлана”. Энэ өдөр урд уул буюу Бумбат хайрханд нутаглах ээжийн талын хамаатан садан, ах дүү нар зарим нь морьтой, зарим нь мотоцикльтой сум руу орж ирдэгсэн. Ийн манайх гэдэг айл наадмын өдрүүдэд ёстой л хөл гишгэх зайгүй хүний хөлд дарагддаг байлаа. Манайхаар өдөржин холхисон тэр олон гийчид орой болоход морьдоо идээшлүүлэхээр тал, тал тийш таран одож, өвөө тэргүүтэй хэдэн хөгшчүүл болон уралдааны морь унах хэдэн жаалууд л үлдэнэ. Аав маань нутгийн өвөгчүүлтэй морь, бөх ярьсан шигээ шимийн архи шимсхийн сэтгэл нэн тааламжтай улаа бутран суудагсан. Наадмын өглөө намайг сэрэхэд урд орой хээр хонохоор явсан уяач нар аль хэдийн ирчихсэн зарим нь морьдынхоо сүүлийг шууж, зарим нь горхины хүйтэн усаар морио шавшиж, зарим нь ганзагалаагаа задлан гоёлын дээлээ өмсч буй харагдана. Нөгөө л олон морьдын үүрсээ тургиан, үхэр тугал мөөрөлдөх дууг сонссоор нойроо сэргээлээ. Ийн босох зуур эмээ маань түүртсэн ч янзгүй цай хоолоо хийж,нутгийн хүмүүстэй наана цааныг ярилцах агаад бас өнгө өнгийн торгон дээл өмссөн ганган эгч нар эмээд тусалж, аяга тавгийг нь ойртуулна. Аав ээж маань сумын албан хаагчид болохоор аль хэдийн наадмын талбай руу одсон байв. Мөдхөн чанга яригчаар “Хүндэт наадамчид аа, баяр наадмын ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Соёолон морьдоо бүртгүүлж гаргаарай” хэмээн дахин дахин хүнгэнүүлэн зарлах дуугаар нь аавыгаа танилаа.

Манай сумын наадмын талбайн зүлэг ногоо худалч хүнд дотроос нь хүүхэд олдохооргүй өндөр өвстэйн дээр хэдэн таримал улиас нь сумын наадамд ирсэн бүх хүмүүсийг ч сүүдэртээ багтаахаар өтгөн шигүү ургасан байдаг сан. Стадионы хойморын саравчин дээр давхарлан барьсан жижигхэн асар бий. Энэхүү асарт хөгжим техник хэрэгсэл, түүнийг ажиллуулах Улаан булангийн эрхлэгч Нямсайхан ах нутгийн хэсэг ах нартай ганц хоёр зуу татсан шигээ наадмын ерөнхий хөтөлбөрийг танилцуулж, хөтлөгчийн ажил хийдэгсэн. Эхнэр нь Баясаа хэмээх манай сумын урдаа барих уран сайханчдын нэг. Баясаа эгч наадам, шинэ жил гэх мэт ямар нэгэн тэмдэглэлт баяруудад бүгдэд нь оролцож, хөгжим дарж, өөрөө дуулж, хөтлөх зэрэг урлаг соёлын бүхий л ажлыг гардан хийдэгсэн. Одоо ч гэсэн тэр янзаараа байна лээ. Манай сумын гэж яриад байгаа нь хүчит бөхөөрөө аймагтаа төдийгүй улсдаа алдартай, хөөмийн эх нутаг гэдгээрээ дэлхийд ч зартай Ховд аймгийн Чандмань сум шүү дээ. Хэдийгээр бөхийн өлгий ч гэсэн 128 бөх барилдуулна гэдэг хоёр мянгаадхан хүн амтай сумын хувьд хэцүүл дээ. Тиймээс таван наснаас дээш эрэгтэй хүүхэд бүрийг аманд гаргах гээд л хөглөнө. Зарим нь дуртай нь аргаггүй хэд хэдэн удаа ч гарчихна.

Сундуй адиа хэмээх залуудаа сайн барилдаж явсан өндөр хөх хүн намайг аманд гаргахаар чирсээр бөхийн талбайд гаргахад, манай хамаатны сумын заан Энхсайхан ах инээд алдан тэвэрч үнсчихээд дэвээд явчихав. Тэр үед би “Барилдана гээд гарч ирж байхад тэвэрч үнсчихээд явчихдаа яахав дээ” гэж дотроо цухалдаж билээ. Өөрийгөө ямархан эр гэж бодож явсан юм болдоо хөөрхий. Шарандаа Сундуй адиагийн нүдэнд зориуд өртөж, гурван удаа нэгийн давааны аманд гарч, сумын цолтой бөхчүүдэд гурвантаа үнсүүлж билээ. Тэд нарын хэн нь ч надтай барилдаагүйд сэтгэл гонсгор үлдэж байсан маань өдгөө ч сэтгэлээс минь салдаггүй, сайхан дурсамжуудын нэг юм. Ийн барилдчихаад ааваас гуйж авсан мянган төгрөгөө гартаа тас атгаж, үеийн багачуултайгаа нийлэн талбайн ойр орчимд зарагдах гоё сайхан бүхнийг сонирхон тэнэнэ. Сумын төвийн дэлгүүрийн ах, эгч нар том ачааны машины тэвшин дээрээ ундаа ус, чихэр печень, усан буу, хөөсөн чихэр, хайрсан хуушуур зарна. Манай сумын наадам бусад наадмуудын адил хоёр хоног үргэжилнэ. Сумын наадмын хоёр хоног моторт унаа морьдын хөлөөр морины бариа, наадмын талбай хоёрын хооронд цагаан жим татуулан, түргэн морьдын хөөрүү омгоор залуус дайрчих шахан хөлхөлдөнө.

Наадмын эхний өдөр гурван насны морь уралдаж, хүчит бөхийн нэгийн даваа эхэлж, наадамчин олон, нутгийн улсууд нэгэнтэйгээ “Амар байна уу, сайхан наадаж байна уу, танайх хаагуур нутаглаж байна” гэх зэргээр мэндэлж, хууч хөөрнө. Ийн манай сумынхан наадмын эхний өдөр морио уралдуулж, хүчит бөхийн гурвын давааг эхлүүлээд өндөрлөдөгсөн.Харин наадмын хоёр дахь өдөр л жинхэнэ наадам болно доо. Учир нь манай сумынхан зургаан насны морь уралдуулдаг ч их насны морийг л гол болгоно. Наадамд хэний морь түрүүлэв гэхэд их насанд тэдний морь түрүүллээ гээд бусад насныхыг бараг л ярихгүй жишээтэй. Түүнээс гадна жороо морьдын уралдаанаа жигтэйхэн шимтэн үзнэ. Тэгээд энэ жил хэний хүү цол авах, хэний хүү наадмын түрүү хүртэх, хэний морь айрагдах бол гээд хүсэн хүлээсэн бүхэн нь наадмын сүүлийн өдөр л шийдэгдэнэ. Ер нь манай сумынхан жоохон талцамтгайлдаа. Тэр нь юу гэхээр сумын төвөөс урагш нутагладгийгаа урд талынхан, хойш нутагладгийгаа хойд талынхан гээд л тал талынхаа морь бөхийг уухайлан дэмжинэ. Гэхдээ энэ нь өрсөлдөөн л болохоос ямар нэгэн гэм хорын шинжгүй. Тэр жилийн наадамд урд талаас Алтангэрэл буюу зон олондоо Адимбаа хэмээн авгайлуулсан сумын зааны хүү Амараа ах, хойд талаас Төрөө зааны хүү Отгоо ах нар үзүүр түрүүнд үлдэж, оройн нарыг Жаргалант хайрханы цагаан тэргүүн дээр сааттал уухай, цуурай болж билээ. Энэ хоёр залуу хоёулаа аймгийн цолтой идэрхэн хүчтэнгүүд агаад хоёр аав нь хоёулаа нэгэн үед барилдаж бас л наадамчдыг талцуулж шуугиулж явсан сумын заанууд юм.

Тэр жил их насны моринд хойд талын Дайдаагийн хар гэдэг ахимагдуухан морь түрүүлсэн болохоор Амараа ахыг түрүүлээсэй гэж би дотроо догдлон байлаа. “Наад барьцыг нь халаад тавиулаач…, тэр сул хөлийг харахгүй байна уу…, ” хэмээх Адимбаагийн бачимдан хашгирахтай зэрэгцэн Амараа ах Отгоо ахыг тасхийтэл хавирах нь хоёр адуу ноцолдож байна уу гэлтэй тоос манан татуулан давахуйд хүүгийнхээ дээлийн захыг тасартал мушгиж суусан Адимбаа заан сая л сэтгэл нь амрав бололтой гарынхаа араар духныхаа хөлсийг арчингаа хөөрөг даалингаа тэмтрэв.Төд удалгүй наадамчин олон Адимбааг тойрон баяр хүргэж, хөөрөглөнө. Ийн сумын наадмын үйл ажиллагаа сүүл мушгиж, үзүүрлэсэн, түрүүлсэн, шөвгөрсөн бөхчүүдийн бай шагнал, айрагдсан зургаан насны морьдод нутгийн удирдлагууд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, наадамчин олон тарцгаана. Харин үдэш сумын төвийн Улаан булан буюу соёлын төвд наадмын хаалтын үйл ажиллаагааны цэнгүүн болдог байв. Наадам дууссаны дараа Баатархүү ахын хөх 69-тэй гэр лүүгээ явлаа. Намайг очиход аав, ээж хоёр гоё хувцсаа өмсөөд гарах гэж байв. Би “Та хоёр хаачих гэж байгаа юм, би цуг явъя” гэхэд аав “Миний хүү явж яах юм. Одоо гэртээ байж бай. Аав, ээж хоёр нь шоунд явлаа” гэв. Тэр шоу гэдэг үгийг би ойлгоогүй ч ямар нэгэн гоё кино ч юм уу, циркийн тоглолт үзэх юм байна гэж бодоод учиргүй дагалаа. Нус, нулимсандаа холилдсон тэрчгэр шар хүүгээ өрөвдөж, аав ээж хоёр маань миний хүсэлтийг ёсоор болголоо. Ингээд сумын төвд байх соёлын төв рүү орлоо. Аав маань тайзны ард касио хөгжим дарж, ээж маань ардын дуу дуулахтай зэрэгцэн нутгийн хүмүүс заалан дотор тоос манаруулан бүжиглэсээр л байв. Би ч нөгөө шоу нь хэзээ болох юм бол гэж бодсоор аавынхаа хажууд томоотой хүлээн суусаар л байлаа.

Сүүлдээ нойр хүрч, юу хийх учраач олсонгүй. “Ааваа нойр хүрээд байна, харих болоогүй юм уу” хэмээн гуйлаа. Уйлж, дуулан аав, ээжийгээ дагаж үзэх гээд байсан шоу хэмээгч нь цэнгээнт бүжиг л байж л дээ хөөрхий. Энэхүү бүжиг дуусч, сумын наадам албан ёсоор өндөрлөсөн билээ. Хот руу орж ирэхээс хоёр жилийн өмнөх нутгийнхаа наадамд анх зодоглохдоо унаачгүй, даваачгүй хэрнээ гурван удаа нэгийн даваанд гарч, нутгийн ах нартаа үнсүүлсэн, наадмын дараа аав, ээжийгээ дагаж, шөнөжингөө ах, эгч нарын утгагүй бүжгийг харж, урам хугарсан тэр жилийн наадам миний сэтгэлээс ер салдаггүй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Соёолон насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ түрүүллээ


Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьдын уралдаан барианд орлоо.

Түрүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ

Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын Хишигжаргалангийн Аминхишигийн цолмон халзан үрээ

Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Гончигбатын Батболдын хүннү халтар үрээ

Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Сүрэнжавын Энхтөрийн хээр үрээ

Айргийн тав: Ховд аймгийн Чандмань сумын Ч.Батзоригийн бор үрээ

Б.МӨНХДУЛАМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхцэцэг: Мэргэшсэн эрдэмтний хувьд Монгол төрийн бодлого боловсруулах үйл явцад мэдлэг ур чадвараа зориулж ажиллана

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдлоо. Ер нь яагаад улс төрд орох болов?

-Монгол Улс шинэхэн ардчиллын түүхтэй улс. Иргэд, улстөрчдөд суралцах зүйл маш их байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын судлаач, эрдэмтэд, байгууллагуудтай хамтран Монголын ардчиллыг олон талаас нь судалж ирсэн. “ардчилалд ардчилагчид хэрэгтэй” гэж хбнгу-ын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих эберт хэлсэн байдаг. Өнгөрсөн 30 жилд ардчисан иргэнийг бэлдэх ёстой байсан ч энэ тал дээр маш бага анхаарал хандуулсан. Жишээлбэл, Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд анхаарал хандуулж, ажиллах ёстой байтал, харамсалтай нь тэгж чадаагүй. иргэдийн дунд саналаа хэрхэн өгөх, олон мандаттай тойрог дээр хэрхэн дугуйлахаас эхлээд асуудлууд үүсч байсан. Мөн тухайн олон мандаттай тойргийн саналын дүн гарах үед иргэдийн дунд нэлээд олон эргэлзээтэй маргаантай зүйлс гарсан. Судлаачийн үүднээс харахад мэдээллийг хангалттай сайн олгоогүйгээс сонгогчдод олгосон боловсрол тааруу байжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд судалж шүүмжилж ирсэн асуудлуудаа төрийн бодлого боловсруулагч болоод өөрөө дотроос нь өөрчлөөд явах нь илүү учир зүйтэй хэмээн Ман-ын дарга У.Хүрэлсүх үзэж, намайг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Их хуралд эрдэмтэн судлаачдын дуу хоолой хэрэгтэй. Мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс хэрэгтэй хэмээн надад итгэл өгч, хариуцлагыг хүлээлгэсэн. Тэр саналыг нь хүлээн авч, Их хуралд орж ирсэн. Ман шинжлэх ухаанд ойр нам. Маш олон салбарын эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, олон мөрийн хөтөлбөрүүд дээр ажиллаж ирсэн. Мөн залуу боловсон хүчний бэлтгэх, залуу халаа бэлтгэх ажлыг сүүлийн арав гаруй жилийн турш Ман-тай хамтран хийлээ. Ман анх ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллах санал тавьсан. ингээд 2017 оноос Ман-ын сонгууль болон бодлого үйл ажиллагаанд зөвлөх хийсэн. Цаашид мэргэшсэн эрдэмтний хувьд Монгол төрийн бодлого боловсруулах үйл явцад мэдлэг ур чадвараа зориулна гэсэн бодолтой байгаа.

-Та ард түмнийхээ төлөөлөл болж, УИХ-ын гишүүн боллоо. Нэлээд хэдэн зарчмын асуудал дээр байр сууриа илэрхийлж, анхаарал тавин ажиллах байх. Голчлон анхаарах асуудал тань юу вэ?

-Улс төр судлаач эрдэмтний хувьд Монгол төрд шударга ёсны засаглалыг идэвхжүүлэх, уих-ын болон төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй хариуцлагыг чангатгах, УИХ-ын болон төрийн бодлого боловсруулах түвшинд ашиг сонирхол, албан тушаал, ах дүү, хамаатан садан, нутаг усаараа тал тохой татах, давуу тал олгохын эсрэг хүчтэй тэмцэнэ. ингэхийн тулд Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг улс төрийн гол хуулиудад олон жил судалж, шүүмжилж ирсэн байр суурь, асуудлуудаа суулгаж өгөхийг зорино. Ард иргэдийн маань хүсэн хүлээж буй зүйл бол нийгэмд шударга ёсыг тогтоож, өнгөрсөн 30 жилд Монгол төрийн эрх мэдэлд ойр байж, гартаа төвлөрүүлсэн олигархиуд, бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг хийх юм. Тиймээс Ерөнхий сайдын шударга ёсны төлөөх тэмцлийг Монголын ард түмэн дэмжинэ гэсэн хүлээлтээр Ман-ыг олонхоороо дэмжиж сонгосон. энэ асуудалд голчлон анхаарна.

-Та МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан хүн. Үндэсний баялгийн сангийн талаарх заалтын талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн жилүүдэд Уул уурхайн баялаг Монголын ард түмэнд шударга бусаар хуваарилагдаж ирсэн. Лиценз болон Уул уурхайн орд газруудыг хувьдаа эзэмшсэн цөөхөн бүлэглэлүүд Монгол Улсын баялгийн ашиг шимийг хүртсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд МАН мөрийн хөтөлбөртөө үндэсний баялгийн сан байгуулж, уул уурхайн ашгийг ард түмэндээ болон Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдэд зарцуулна хэмээн заасан байгаа. Тийм учраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулах тал дээр хичээн зүтгэх болно. Уул уурхайн баялгийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу шударгаар хуваарилна гэсэн зарчмыг Монголын ард түмэн хүсэн хүлээж байгаа. Тиймээс Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулна. Түүнчлэн Монголын нийгэмд тэгш бус байдал газар авч байна. Үүнийг засч залруулахаар ажиллана. Орлогын болон эрх мэдлийн тэгш бус байдал газар авч байна. Иргэдийн дунд судалгаа хийхэд нийт иргэдийн 70 орчим хувь нь хадгаламжгүй байна. Хэдийгээр дундаж давхарга гэж өөрсдийгөө нэрлэдэг боловч олон улсын жишгээр дундаж давхаргын хангалттай нөөц Монголд байхгүй байна. Хадгаламж байхгүй, шударгаар хөдөлмөрлөх юм бол 20 юм уу, түүнээс дээш жилийн дараа орон сууцтай болно хэмээн иргэдийн 60 орчим хувь нь хариулж байна. Тиймээс нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, дундаж давхаргаа дэмжсэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллана. Үүний тулд нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийж, хуримтлалын сангийн хуулийг батлан гаргана. Хуримтлалын сангийн тогтолцоо руу тогтсон шинэчлэлийг хийснээр иргэдийн төлдөг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын болон тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд орон байр, эрүүл мэндийн өндөр төлбөртэй үйлчилгээ, боловсролын төлбөрийн асуудлыг хуримтлалын сангаараа дамжуулан шийдэх боломжийг олгоно. Энэ нь Монголын нийгмийн үлэмж, олонхын эрх ашигт нийцсэн амьжиргааны томоохон дэмжлэг болох ёстой. УИХ-аас батлан гаргах хуримтлалын сангийн тухай хууль дээр онцгой анхаарал тавин ажиллана.

-Та МУБИС-д 20 гаруй жил багшилсан хүн. Монголын боловсролын тогтолцооны шинэчлэл, тэр дундаа сүүлийн жилүүдэд илт мэдрэгдээд байгаа боловсрол дахь тэгш бус хүртээмж дээр танай намын мөрийн хөтөлбөр дээр заалт байгаа шүү дээ?

-ЭЕШ-ын дүн гарч, олон нийтийн шүүмжлэл, санаа бодол ийшээ чиглэгдэж байна. Өндөр төлбөртэй хувийн сургууль төгссөн, эсвэл эцэг эхийн орлого өндөр байхын хэрээр ЭЕШ-ын онооны дундаж өндөр болоод байгаа. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн орлоготой шууд хамааралтайгаар боловсролыг олж авах байдал тодорхойлогдож байна. Гэтэл Монгол Улсад эцэг эхийн орлого, хүүхэд хаана төрснөөс үл хамаараад адилхан чанартай боловсрол олж авах ёстой. Тэгэхээр боловсролын тэгш хүртээмж, бүх нийтийн чанартай, үнэ төлбөргүй боловсролын төлөө мөн анхаарна. Ер нь ясли цэцэрлэг, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, их, дээд сургууль гээд боловсролын бүх түвшинд чинэчлэл хийх шаардлагатай. Үүний тулд их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, улсын сургуулиудын босго оноог өсгөж, яваандаа Скандинавийн орнуудын жишгээр Монгол Улсын боловсрол чанартай бөгөөд үнэ төлбөргүй байх чиглэл рүү явах ёстой. МАН-ын мөрийн хөтөлбөрт зааснаар их дээд сургуулийн чанарыг сайжруулах, сурлага сайтай оюутнуудад үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тоогоо нэмнэ. Мэргэжлийн сургалтад илүү анхаарал хандуулах ёстой. Монгол Улсад мэргэжилтэй ажилтнууд илүү их хэрэгтэй байгаа. Төрөөс ашгийн бус сургалтын байгууллагыг дэмжинэ гэсэн заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Боловсролоор бизнес хийж ирсэн өнгөрсөн 30 жилийн алдааг засах ёстой. Улсын сургуулиуд болон бага дунд төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд ашиг олох зорилгоор ажиллаж байгаа учир төр заавал дэмжлэг үзүүлэх шаардлага байхгүй. Хувьсах зардлыг тодорхой түвшнөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад олгох шаардлагагүй гэж үздэг. Яслийг мөн шинээр нээх ёстой. Монгол хүүхэд багаасаа сургалтын байгууллагаар явж, хүмүүжих нь тэр хэмжээгээр сурах чадвар болон математик, унших чадварын хувьд сайжирсан байдаг. Тиймээс хүүхэд бүрийг цэцэрлэг, яслид хамруулах бодлогыг дэмжин ажиллана.

-Таны хувьд нэлээд хэцүү, эдийн засгийн хүндрэлтэй дөрвөн жилд гишүүн боллоо. Хэрхэн ажиллах вэ?

-Шинэ Засгийн газарт хоёр том сорил тулгарч байгаа. Нэгдүгээрт, дэлхий дахины цар тахлын хүндрэл. Эдийн засаг, нийгмийн ихээхэн асуудлууд үүсч байна. Тэгш бус байдал улам газар авч байна. Өнгөрсөн хаврын Монгол Улсын боловсролын салбарыг хараад үзье. Сурагчид гэрээсээ теле хичээлд сууж, оюутнууд онлайнаар хичээлээ судаллаа. Энд Монголын боловсролын салбар бэлтгэлгүй байсан. Гэртээ интернэттэй, зурагтаа ухрааж үзэх боломжтой, аав ээж нь тусалж зааж зааварладаг айлын хүүхдүүд теле хичээлээр илүү үр дүнтэй суралцсан. Тийм боломжгүй айлуудын хүүхдүүд үнэхээр юм сурч чадаагүй үлдсэн. Тийм учраас цар тахал нийгэм дэх тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн ноцтой үр дагавартай байна. Хоёрдугаарт, эдийн засагт учирсан хүндрэл бэрхшээлүүд, ажлын байрууд, жижиг дунд үйлдвэрүүдэд асар их хямрал нүүрлэсэн байгаа. Тиймээс Засгийн газар ирэх дөрвөн жилд цар тахлын хүндрэлийг даван туулж, бүх түвшиндээ үндэсний хэмнэлтийн бодлогыг барьж, төрийн бүх шатны албан тушаалтнууд төсөв болон бүх гадаад дотоод аялал жуулчлал, хурлын зардлыг танаж, бүсээ чангалах ийм жилүүд байна. Хоёрдугаарт, 2012-2016 оны парламентын үед тавигдсан Чингис бонд, Мазаалай бондын хэдэн тэрбумын өрийг дарна. Өр зээл дарах, цар тахлын үеийг даван туулах гэсэн хоёр том сорилттой учирч байгаа учраас энэ удаагийн УИХ маш чимбаа ажиллаж, бүх түвшинд төрийн хэмнэлтийн бодлогыг барьж ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс бид энэ хариуцлагыг хүлээж ажиллана.

-Анхдугаар чуулганаас эхлээд л хариуцлагатай үе эхэлж байна. Тухайлбал, хямралын үед Соёлын яам байгуулж байгааг хүмүүс олон талаас нь харж байна л даа?

-Даяаршлын энэ үед аливаа улс үндэстэн үндэсний соёл, хэл, уламжлалаа хадгалах нь асар төвөгтэй асуудал болсон. Монгол үндэстнийг ирээдүйд авч явах гол зүйл нь Монгол хэл, соёл, уламжлал юм. Тийм учир ард иргэд, эрдэмтэн судлаачдын дунд соёлын асуудлыг чухалд тавих ёстой гэдэг байр суурь хүчтэй байсан. Судалгаанаас ч харагддаг. Сүүлийн 10 гаруй жил БСШУСЯ гэдэг салбарын яамны хавсарга байдлаар соёлын асуудал явж ирсэн. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах эрдэмтдийн баг жил орчим хугацаанд судалгаа хийхэд, яах аргагүй Соёлын яам байгуулж, Монгол үндэстний соёлын дархлааг бий болгох ёстой гэж үзсэн. Тэр дотор Монголын хэл, соёл, зан заншил, нүүдлийн өвөрмөц ахуйг хадгалах нь Монгол үндэстнийг ирээдүйд авч үлдэх том хүчин зүйл гэдгийг бүх нийтээрээ ойлгож байгаа. Монголын соёл гэдэг зөвхөн Монгол Улсын газар нутгийн хэмжээнд яригдахгүй. Хилийн чанадад төрж байгаа Монгол хүүхэд болгон эх хэлээрээ ярьж, Монгол соёлоо хадгалан үлдэх ёстой. Энэ тал дээр төрийн бодлогоор дэмжих ёстой. Тийм учраас соёлын яам болон боловсролын яамны хүрээнд хилийн чанадад байгаа монгол иргэд, монгол хүүхдүүдэд эх хэл, ёс заншилаа заадаг сургалтын байгууллагыг төрөөс дэмжинэ гэсэн заалт МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Мөн монгол хэл, монгол уламжлал бүхий соёлын контентуудыг төр дэмжих ёстой. Тухайлбал, БНСУ кино, кпоп гэх хоёр том соёлын контентоор дамжуулан дэлхий дахинд солонгос үндэстнийг хүчирхэгжүүлж байна. Яг үүн шиг монгол үндэстнийхээ соёлын дархлааг монгол туургатнууддаа байнга дамжуулан хойч үедээ үлдээх ёстой. Энэ тал дээр соёлын яам онцгойлон ажиллана гэх хүлээлт бидэнд байгаа. Цар тахлын хүндрэлийн энэ үед өнгөрсөн Засгийн газрын бүтцийг нэмэхгүй, хэмнэлттэй цомхон авч явах үүднээс ганц соёлын яамыг нэмж оруулж ирсэн байна. Монгол соёлыг ямар ч хямралын үед ярихаас өөр аргагүй. Соёлын дархлааны асуудал учраас энэ яамыг оруулж ирсэнд Их хурлын гишүүний хувьд дэмжиж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Аав минь гамбир шиг зузаан, мах нь энд тэндээ бөөгнөрсөн хуушуур хайрч билээ


Монгол наадмын залхуу үзэгчдийн нэг би л дээ. Наадмын нээлт, хаалтыг зурагтаар үзнэ. Хааяа цэнгэлдэх тойрч, наадмын хуушуур амталдаг зуршилтай. Наадмын хуушуур эргүүлдэг зуршил бага насны дурсамжаас эхтэй. Сумын төвийн өнгө алагласан наадам сэтгэлд хоногшин үлджээ. Өвөөгийнх маань Төв аймгийн Цээл суманд байлаа. Дэнж гэж нэрлэх тэрхүү элстэй газраас наадмын талбай руу явахад цагаан триког маань халтартуулчих гээд хэцүүхэн байсан санагдана. Бидний үеийнхэн цэцэрлэгтээ социализмд, дунд сургуулиа төгсөхдөө зах зээлийн нийгэмд бай­сан хүмүүс. Сумын наадмын ду­гуй хуушууранд багачууд бид жиг­тэйхэн дуртай. Байгууллага, албан газар бүхэн гэр, майхан бариад хуушуур хийдэг байсан санагдана. Социализмын үед ашгийг төдийлөн чухал­чилдаггүй байсан уу юутай ч зах зээлд шилжсэн эхний хэдэн жилүүдийнх шиг хүмүүс хулхидаж, халтуурдахыг мэддэггүй. Тийм ч учраас наадмын хуушуур жигтэйхэн амттай. Наадмын хуушуураас эхтэй дугуй хуушуурын өөр нэг түүх бий. Оюутны амралтаар Угтаалд гэртээ очлоо. Ээж тэр үеэр эзгүй байж таарсан юм. Аав маань дуртай хоолыг маань хийж өгөх гэж хичээсэн. “Дугуй хуушуур идмээр байна” гэж захиалсан болохоор аав хоол хийх ажилдаа орлоо. Төдөлгүй аав яг л гамбир шиг зузаан, мах нь энд тэндээ бөөгнөрсөн хуушуур хайрч өгч билээ. Тухайн үедээ болхи харагдаж байсан ч амт нь харин дажгүй байлаа. Аавын хичээж хайрсан хуушуур одоо хүртэл санаанд байдаг. Наадмын хуушуураас гадна тухайн үед улаан ус гэж нэрлэдэг байсан ундааг санаж байна. Их уусны дараа нүдний нулимс гартал хамраар газ нь сэнгэнэдэг сэн. Цэцэрлэгийн бацаан бөх, морь ойлгох биш. Хүн ч танихгүй. Харин тэр үед өнгө алагласан асар, майхан, бөмбөгөр цагаан гэрүүд, хурц, тод өнгийн торгон дээлтэй наадамчид наадмын талбайг ер бусын гайхамшигтай өнгөлөг харагдуулж билээ. Сүүлд хотод төв цэнгэлдэх хүрээлэнг хэдэнтээ тойрч, наадмын хуушуур амталсан. Багадаа үзсэн наадмын өнгө гэрлийг гүйцэхээргүй санагдаж билээ. Наадмын талбайг холоос харахад тоосроод л хин­шүүтэй ч юм шиг. Цэн­гэлдэхийн гадна талбайд бараан зах нүүгээд ирчихсэн юм шиг л эрээн мяраан бараа зарсан хүмүүс дүүрэн байсан. Цэнгэлдэхийн гадна талд наадагчдад зориулсан тоглолт шоу үзвэр алга байсанд сэтгэл дундуур үлдсэн юм. Энэ жил харин цэнгэлдэхийн гадна урлагийн тоглолт хөтөлбөртэй. Хуушуурын фестивальтай гэсэн. Багадаа амталсан бүхэн хурц тод мэдрэмж төрүүлдэг ч юм уу. Уг нь наадмын хуу­шуурыг жинхэнэ шоу бол­гож болно доо. Кимчитэй, будаатай, ногоотой, тахианы махтай, аварга том хуушуур эсвэл өнгөтэй өнгөгүй гээд л хуушуурын хувьсгал хийж болмоор санагдсан. Ерөөсөө өөрчлөгдөөгүй наадмын хуу­шуураас уйдсанаа ярихад маань миний танил Ц.Оюунгэрэл “Монгол наадмын хуушуур мянган жил өөрчлөгдөхгүй үлдэж чадвал гайхамшигтай” гэсэн. Түүний хувьд шинэчлэлээс гадна уламжлалыг хэвээр нь хадгалах нь ач холбогдолтой юм билээ.

Цэнгэлдэхэд бөх үзэх дур­тай үнэнч наадамчидтай урцалдаж зай бөглөх аргагүй. Үнэндээ цэнгэлдэхэд орж суусан ч ямар мэх хийж байгааг бүү хэл, хэн хаана нь барилдаад байгааг ч ялгаж танихад бэрх юм билээ. Над шиг наадамчдад бол тайлбартайгаар нь зурагт хараад суух нь дээр. Гэсэн ч бөхийн хорхойтой наадамчдын хувьд огт өөр юм билээ. Нэг удаа цэнгэлдэхэд нэвтэрч, хэдэн хором суулаа. Үзэгчид тэр аяараа уухайн түрлэг хадаахад ер бусын эрч хүч, дулаан агаар цэнгэлдэхээр нэг цацрах шиг сэтгэгдэл төрж билээ. Цэнгэлдэхийн дээр нар өөрөөр мандаж, солонго илүү олон өнгөөр туяарах шиг л санагдсан. Үнэнийг хэлэхэд бөх үзэх сонирхол маань Б.Бат-Эрдэнэ аваргаар хязгаарлагдаад, түүнийг нүцгэлэхээ болиход дууссан. Яагаад ч юм ихэнх хүн шинэ хүчтэн төрөхөд дуртай ч харин би Б.Бат-Эрдэнэ аварга ээлжит ялалтаа байгуулахад санаа амардаг байж билээ. Харин одоо жил бүр шинэ хүчтэн төрдөг болсон учраас нэрийг нь тогтоож амжихаа байсан. Сүүлд Төрийн ордны коридорт их аваргыг гишүүн болсон хойно нь гэгээн дүрээр нь харж билээ. Олныг баясгасан их аваргатай яриа өдөж зүрхлээгүй ч Б.Бат-Эрдэнэ аварга харин “Нутгийн дүү, сайн уу” хэмээн андуурч танилцсан юм. Ордны гал тогооныхноор амттан бэлт­гүүлээд, өрөөндөө урьж, халуун савтай хийцтэй цайгаар дайлсан аваргын тухай дулаан дурсамж сэтгэлд үлджээ.

Морины тоосонд дарагдан нэг л удаа давхиж үзсэн. Хурдан морины хорхойтоны машинд дайгдан уралдааны морьдыг дагасан юм л даа. Уяач машины цонхоор цээжээ цухайлгачихаад гүүглэж бай­сан. Морины хорхойтнууд үнэхээр өөр мэдрэмжтэй хү­мүүс юм билээ.

Наадмын үеэр ёс юм шиг хуучны хэдэн киногоо харж суух дуртай. Дахин дахин үздэг монгол кинонууд маань наадмын уур амьсгал бүрдүүлдэг зүйлсийн нэг. “Хүргэн хүү”-гээ үзнэ. Жамц баян мөнгөө хулганад идүү­лэхийг харж харамсана. “Сэ­рэлт“ киногоо үзэж, Бу­маагийн будилахыг харж баясана. С.Оюун гишүүн нэг удаа “Сэрэлт” киног үзээд ээжтэйгээ адилхан гэдгээ илүү мэдэрлээ гэж хэлж билээ. Ээж нь түүнд Бумаагийн хийсэн хуушуур түүхий байсан гэх мэт хөгжилтэй түүх хуучилдаг байж. Үнэндээ би ч багадаа ийм ширүүн галаар ийм зузаан хуушуур яаж болдог байна аа гэж гайхдаг байсан юм.

Categories
мэдээ спорт

Соёолон насны морьд гарааны зурхайруу хөдөллөө

Соёолон насны морьдын уралдаан эхлэхэд бэлэн болж, хурдан хүлгүүд гарааны зурхай руу хөдөллөө.Энэ жилийн Соёолон насны морьдын уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Улсын Онцгой Комиссын хуралдаанаас цахимаар үзүүлэх Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталсан байна.

ТУЛГАР ТӨРИЙН 2229, ИХ МОНГОЛ УЛСЫН 814, АРДЫН ХУВЬСГАЛЫН 99 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 12. Ням гараг

07:00-11:00

Соёолон насны морьдын уралдаан

Хүй долоон худагт

Шуүд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

08:00-13:00

Шагайн харвааны шигшээ 8 багийн тоглолт

Баяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle,TV8

09:00-12:00

Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг

Баяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, С1, VTV,STAR,TM

09:00-11:00

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ.Монгол HD,

TV-5, TV-9, Боловсрол телевиз

11:20-12:40

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5, TV-9, Боловсрол телевиз

12:00-14:00

Дааганы уралдаан

Хүй долоон худагт Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV, 25-р суваг телевиз, Эх орон

12:00-13:30

Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг

Баяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, С1, VTV,STAR,TM

13:30-14:10

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD,

TV-5, TV-9, Боловсрол телевиз

14:00-14:30

Шагайн харвааны 4-8 дугаар байрт шалгарсан баг харваачдад шагнал гардуулах

Баяр наадмын төв талбай Шагайн асарт

Шууд дамжуулалт МҮОНРТ, UBS, SBN, Eagle, TV8

14:00-15:30

Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа

Баяр наадмын төв талбай Сурын талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, С1, VTV,STAR,TM

14:20-15:00

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5, TV-9, Боловсрол телевиз

15:00-15:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Баяр наадмын төв талбайд

Бүх телевиз

15:00-16:30

Эрлийз бага насны морьдын уралдаан

Хүй долоон худагт

Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

15:30-16:10

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD,

TV-5, TV-9, Боловсрол телевиз

16:10-16:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.

Баяр наадмын төв талбайд

Бүх телевиз

16:30-17:20

Хүчит бөхийн барилдааны наймын даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5, TV-9, Боловсрол телевиз

17:00-19:00

Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг, шагнал гардуулна.

Хүй долоон худагт

Шууд дамжуулалт МҮОНРТ, ETV, NTV,

25-р суваг телевиз, Эх орон

17:20-17:50

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Баяр наадмын төв талбайд

Бүх телевиз

17:50-18:30

Хүчит бөхийн барилдааны есийн даваа

Баяр наадмын төв талбайд

Шууд дамжуулалт МҮОНРТ, Монгол HD, TV-5, TV-9, Боловсрол телевиз

18:30-19:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

Баяр наадмын төв талбайд

Бүх телевиз

19:00

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана.

Баяр наадмын төв талбайд

Бүх телевиз

19:10

Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Баяр наадмын төв талбайгаас Төрийн ордон руу залах ёслол

Баяр наадмын төв талбайд

Бүх телевиз

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд

“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн http://ub.life/ http://inet.mn/ http://mopa.mn НЗДТГ-ын LED дэлгэцээр

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

09:0- 16:00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн

Үндэсний музейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

9:00 – 16:30 “Эрийн гурван наадам” үзэсгэлэн

Богд хааны ордон музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сум музейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

09:00- 17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ

Байгалийн түүхийн музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монголын уран зургийн галерейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09:00 – 17:00 “Түүх агуулсан плакатууд”

“Хотын байгаль”

“Аж байдлын монгол зураг”

“Хосгүй үнэт бүтээлүүд”

Сэтгэлгээний эрх чөлөө

“Монголын соц-реалист дүрслэх урлаг” үзэсгэлэнгүүд

Улаанбаатар хотын музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

09:00- 18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

7 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд

10:00- 17:00 “Монголын нэг өдөр” Нэгэн сэдэвт зураг, кино толилуулах Виртуал музейгээр аялуулах

Хүүхдийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд:

“Цаасан нугалбар тоглоом”

Эвлүүлдэг тоглоом танилцуулах

Монгол арт галерейд

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд

10:00-17:00 Монголын ахмад алдарт зураачдын шилдэг уран зургууд Залуу уран бүтээлчдийг дэмжсэн “Монгол арт маркет” үзэсгэлэн худалдаа Урлаг судлалын ухааны доктор, зураач Ч.Болдбаатарын үзэсгэлэн

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

7 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Ц.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” тоглолт “Best of classics”

UBS, TV1, Боловсрол телевиз, TV 25 сувгуудаар

Улсын драмын эрдмийн театр

7 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд “Найргийн тэнгэр” контент UBS телевиз болон байгууллагын албан ёсны сошиал сувгуудаар

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Эрлийз дээд насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат Ц.Бямбапүрэвийн сартай хул морь түрүүллээ

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт боллоо.

Түрүү: Ховд аймгийн Мөст сумын харьяат Ц.Бямбапүрэвийн сартай хул

Аман хүзүү: Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн хул азарга

Айргийн гурав: Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, С.Лувсанбалдангийн халтар азарга

Айргийн дөрөв: Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Ч.Батзоригийн шарга халзан морь

Айргийн тав: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Д.Ганзоригийн хээр морь тус тус хурдаллаа.

Б.МӨНХДУЛАМ

Categories
мэдээ спорт

Хана харваа дуусаж, хасан харваа эхэлжээ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа яг одоо XIII зуун цогцолборт үргэлжилж байна.

Энэ жилийн Үндэсний сур харваанд нийт 540 орчим харваач оролцож байгаа юм. Үүнээс эрэгтэй 396, эмэгтэй 144 харваач цэц мэргэнээ сорьж байна. Монголын Үндэсний сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатар “Одоогоор хана харваа дуусаж, хасан харваа эхэлж байна” гэж мэдээлэл өглөө.