Categories
мэдээ нийгэм улс-төр

Инфографик: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, …” гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7 дахь заалтын “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…” зарчимд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн зорилт нь Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх, нэгдсэн, оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогчдын түншлэлийг зохистойгоор хангах, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хэлбэрийг журамлахтай холбогдсон харилцааг зохицуулж, хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд орших бөгөөд энэ хууль 7 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд дараах харилцааг шинээр болон шинэчлэн зохицуулсан.

Үүнд:

•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төрөл, хугацааг нарийвчлан тогтоосноор хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад хүндрэл учруулж байсныг арилгаж, олон улсын жишигт нийцүүлж урт хугацааны хөгжлийн бодлого нь зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр, харин дунд болон богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичиг нь зорилго, зорилт, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, санхүүгийн эх үүсвэр, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээс бүрдэхээр ялгамжтай зохицуулсан болно;

•Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хөгжлийн 1 бодлоготой байж түүнийг дунд хугацаа буюу 10 жилд хэрэгжүүлэхэд чиглэсэн салбар болон бүс, орон нутгийн зорилго, зорилт, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт, үйл ажиллагааг багтаасан Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүд байхаар зохицуулсан;

•Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн баримт бичиг нь улсын хэмжээнд Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө байхаар, орон нутагт Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, түүнд нийцүүлсэн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө байхаар тус тус зохицуулсан;

•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, баримт бичгийн хоорондын уялдааг хангаж, хэрэгжилтийг нэг мөр болгох зорилгоор Монгол Улсын Шадар сайдаар тэргүүлүүлсэн Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулж, түүний харьяанд Үндэсний хөгжлийн хүрээлэн ажиллахаар иж бүрэн тогтолцоо бүрдүүлсэн;

•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд баримтлах 15 зарчмыг тодорхойлж, үйл ажиллагаанд оролцох 14 оролцогчийг нэрлэн зааж, тэдгээрийн чиг үүргийг хооронд уялдуулан нэг бүрчлэн зохицуулсан;

•Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор шинээр байгуулагдсан Засгийн газар, Улсын Их Хурал тухайн баримт бичгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн зөвхөн тухайн баримт бичигт хийсэн аудитын болон гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг үндэслэн Улсын Их Хурлаас чиглэл өгсний дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахаар зохицуулсан;

•Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах үе шатыг тусгайлан зааж, баримт бичиг боловсруулахад тавих шаардлага, урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн цаглаварыг төрөл тус бүрээр нь хуульчилсан болно;

•Бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төлөвлөлт, биелэлтэд чанарын үнэлгээ хийх, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шийдвэр нь үр дүнтэй байсан эсэхэд чанарын үнэлгээ болон үр нөлөөг үнэлэх зорилгоор хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тусгасан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилэн баталснаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг нарийвчлалтай болж, Монгол Улс хөгжлийн нэг алсын хараатай, түүнийгээ хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөлттэй болж, урт хугацаандаа төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бүрдэж, төсвийн үр өгөөж нэмэгдэж, хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал, үндсэн концепци хангагдах болно.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлт гурван нислэг үйлдэнэ

УОК-иос гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж буй талаар цаг үеийн шуурхай мэдээлэл өглөө. Долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1, БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар боллоо. Ингэснээр долдугаар сард 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 55 улсаас 10,513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд бусад 4300 гаруй иргэн байна. УОК-иос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сард нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэв. Гэхдээ татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ. Тусгаарлах байрыг нэмэгдүлэхээр нийслэл болон ойр орчмын нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна. Мөн ОУ-ын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ. Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ гэв.

илийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсын иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Захиалгат нислэгт эхний ээлжинд багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөөлд орсон иргэдийг хамруулж байна.

УОК, УОК-ын Шуурхай штабаас гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа ч дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархааж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг бууруулахгүйгээр шийдвэрлэжээ.

Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13,000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна. Иймд татан авалтын үйл явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежментийн өөрчлөлт хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагуудад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн багууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж, ажиллах аж. Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боложмтой.

Тусгаарлалтад байгаа иргэдээс цахим хуудсаар дамжуулж, албан бусаар гаргаж буй зарим гомдолд Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн дараах тайлбар өглөө.

Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, КОВИД19 вирусын илрэх шинж, шатлалт хугацаанд тулгуурлан хийгдэж буй ажил гэдгийг онцлов.

Хэдийгээр ард иргэдээс төрөл бүрийн гомдол мэдээлэл ирж, гадаад дахь иргэд жагсаал цуглаан хийж, улстөрийн агуулгатай акц зохион байгуулж байгаа ч татан авалтыг эрдэмтэн судлаачид, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, ХӨСҮТ-ийн мэдээлэл, МИАТ компанийн хүчин чадал, тусгаарлах байрны багтаамж зэрэг бүх талын асуудлыг судлан тэнцвэржүүлж хийнэ гэдгээ Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Дэлхийн 35 Улс онц байдал зарлаж, 92 нь хилээ бүрэн хааж, 22 нь хилийн хорио тогтоож, төгс эмчилгээний аргачлал өнөөг хүртэл гараагүй, өдөр тутам хувьсан өөрчлөгдпөж байгаа КоВид19 цар тахлын тархалтын нөхцөлд дотооддоо халдвар алдаагүй байдлаа хадгалах нь маш чухал. Хөрш орнуудад маш өндөр эрсдэлтэй байгаа энэ үед болгоомжтой ажиллах ёстой гэв.

Мөн ОУ-ын санхүүжилт, дэмжлэгээр Чех Улсаас тус улсын онгоцоор эх орондоо ирэх хүсэлт гаргасныг бүх талаар дэмжиж, дипломат төвшинд шийдвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Харин АНУ болон Польш Улсаас онгоц түрээсэлж ирэх асуудлыг иргэд тавьж буй ч Монгол улсын тусгаарлалтын дэглэм зөрчигдөх, хүлээж авах хүчин чадал, иргэдэд ногдох төлбөр хэт өндөр байгаа зэргээс шалтгаалан шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл үүсч буйг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш НӨАТ-ын сугалааны тохиролтой

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 07 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 07-р сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авна

Нийслэлийн ногоон бүсэд байнгын үйл ажиллагаатай 20 хүүхдийн зуслан бүртгэлтэй байдгаас 2020 онд үйл ажиллагаа явуулахаар 13 зуслан хүсэлт ирүүлсэн. Үүнээс 9 зуслан Нийслэлийн ногоон бүсийн, 4 зуслан нь Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай зуслангууд юм. 2020 онд “Коронавирус /Ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд илүү анхаарч хяналт үнэлгээг зохион байгуулсан. Зуслан бүр ариутгал хийлгэж халдваргүйжүүлэлтийн бодис, гар ариутгагч, халуун хэмжигч, маск, анхны тусламжийн эм бэлдмэл бэлэн байдлыг сайтар базаасан байна.

Хяналт үнэлгээнд хамрагдсан 9 зуслангаас 8 зуслан ажиллах боломжтой, 1 зуслан нь ажиллах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Зуслангуудын дундаж үнэлгээ 74.6 хувьтай буюу дундаж үнэлгээтэй байна. Хүүхдийн зуслангуудад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зөвлөмжийг зуслан бүрд хүргүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажлын хэсгийн дүнгийн хурлыг зохион байгуулж, цаашид хүүхдийн зусланд тавигдах шаардлага, гарсан зөрчлийг арилгуулах талаар хэлэлцэн хамтран ажиллахаар болсон. Ингээд энэ зун буюу 7 дугаар сарын 20-оос нийслэлийн ногоон бүсийн болон Төв аймагт байрлалтай 12 зуслан 7 хоногийн хугацаатай 4-5 ээлж авахаар бэлтгэл ажлыг ханган, бүртгэл явагдаж эхлээд байна.

Долдугаар сарын 20-наас үйл ажиллагаагаа эхлүүлэх 12 зуслан:

  1. Найрамдал
  2. Нарс
  3. Нарлаг
  4. Жавхлант
  5. Галакси
  6. Сансар
  7. Цоглог
  8. Мөрөөдөл
  9. Цагаан нуга
  10. Шонхор\
  11. Анар
  12. Маргаашийн хөгжил.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн А/930 “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай” дугаартай захирамж, 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын баталсан “Коронавирус /Ковид-19/ цар тахлын үед Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг үндэслэн “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын МNS5633:2019 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллах хүсэлтэй нийслэлийн ногоон бүсийн 9 зусланд 2020 оны 7 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд хяналт үнэлгээ хийжээ.

Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Categories
мэдээ нийгэм

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тээврийн цагдаагийн алба хаагчийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

Цагдаагийн байгууллагаас түүхт ойн баярын өдрөө тохиолдуулан “Бид мартахгүй” өдөрлөг арга хэмжээг жил бүр зохион явуулдаг. Энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гэгээн үйлсийг дурсаж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлдэг.

Энэ жилийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө алтан амиа зориулсан 15 алба хаагчийн ар гэрийнхэнд гэрт нь тухайн үеийн ажиллаж байсан замын цагдаагийн нэгжийн дарга нар болон шинэ залуу алба хаагчдын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, дурсамж гардуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД М.ЧАВУШОЛУТОЙ УТСААР ЯРИВ

Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв.

Тэрбээр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, цаашид хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэхийн чухлыг онцлов. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Сайд нар эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцон эдгээр асуудлыг Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцэхээр тохиров.

Categories
мэдээ нийгэм

Увс нууранд амарч, аялаж байгаа хүмүүст сэрэмжлүүлэг хүргэлээ

Увс нуурын дархан цаазат газрын амралт зугаалгын бүсэд амарч, аялж байгаа иргэдэд дархан цаазат газрын хамгаалалтын горимыг мөрдүүлэх, байгаль орчинд хор хөнөөлгүй анхаарал болгоомжтой аялахыг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас сануулж байна.

Тус газраас амарч, аялж яваа иргэдэд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, сурталчилгааны материалыг тарааж өгчээ. Мөн Увс нуурын дархан цаазат газрын Улаангом, Хөндлөн хэсгийн Далангийн харгана, Бага нуур, Хөх эргийн давс зэрэг газарт хүрч амрагч аялагчдад сэрэмжлүүлэг, санамжийг тарааж өгч, хяналт шалгалтыг явуулжээ. Мөн эцэг эхчүүдэд хандан хур бороо ихтэй, гол горхи үерлэсэн энэ цаг үед нуурын эрэг орчмоор аялж зугаалахдаа бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, болгоомжтой байхыг сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна

110155779_1203555906671473_5618294197686598499_o.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч, түр зуур ширүүсэх төлөвтэй байгаа тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

Иймд:

-Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

-Аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол замд явах, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна.

Энэхүү тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000м2 явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000м2 талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлыг хийж байна.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгах үеэр “Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тохижилтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар заавал эзэнтэй болгох, арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа. Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялагуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа.

Бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаар өвчлөөгүйг тогтоожээ

newsmedia.mn » Баян-Өлгий аймагт дахин тарваган тахлын нян илэрчээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдлаа хэмээн өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг өвчтөн М-ийн сорьцонд хийсэн молекул биологийн шинжилгээний хариу сөрөг гарч тарваган тахал өвчнөөр өвчлөөгүйг тогтоожээ. Тус аймгийн Онцгой комиссоос гаргасан хөдөлгөөн хязгаарлах, хөл хорио тогтоох шийдвэр мөн цуцлагджээ. Монгол Алтайн нурууны салбар уулсаар хойноосоо урагшаа чигтэй тарваган тахал өвчний эпизоти явагдаж байна. Монгол Алтайн нуруу нь Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Бугат, Төгрөг, Цээл Халиун, Алтай, Цогт, Эрдэнэ, Чандмань сумдын нутгаар дайрч байгаа тухай тус аймаг дахь ЗООНОЗ өвчин судлалын төвөөс мэдээллээ. Иймд ард иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж тарваганы мах болон эд зүйлсийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.