Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой.
ОРШИЛ. НОГОО БА ДИПЛОМ
Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой. Ногоо тэр намраа л ургацаа өгдөг бол зарим дипломын суулгац хэдэн жил өнжих, ерөөсөө ургац өгөхгүй дуусах нь ч бий. Манай тамирчдын дунд “медалийн оосроос атгаад алдсан” хүн дүүрэн байдаг бол иргэдийн дунд “дипломын хавтаснаас чимхээд алдсан” нөхөд бишгүй байдаг нь үүний жишээ. Хүнсний ногоог яаж ийгээд идчихдэг бол дипломыг яагаад ч идэж болохгүй тул жаазанд хийж хадгалахаас өөр замгүй. Эзнээ насаар нь тэжээдэг диплом байхад шор долоолгохгүй байсаар турж үхүүлэх диплом ч бас байна. Хүнсний ногоо өтөх аюултай байхад ихэнх диплом дотор өт ч амь зуух шимгүй байх нь бий. Их ногоотой хүн сайхан амьдрах нь тодорхой байдаг, харин олон дипломтой атлаа идэх ногоогүй хүн бишгүй бий. Диплом нь хүнсний ногоо шиг муудахгүй сайн талтай боловч ямар ч сайхан жаазанд хийлээ гээд сайжралыг олох нигуургүй сул талтай. Ингээд бодоход хүмүүс “Диплом бол сайхан амьдрахад хэрэг болдоггүй. Гэхдээ дипломтой амьдрах сайхан” гэж үздэг ажээ.
НЭГ. БОЛОВСРОЛ БА ДИПЛОМ
Бидний дэвшил ч гэсэн ер бусын байна. Монгол Улс 1 000 хүнд ногдох оюутны тоогоор Америкийг гүйцсэн төдийгүй, дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ бид нэг хүнд ногдох малын тоогоор тэднээс түрүүлдэг төдийгүй манай гариг дээр тэргүүлдэг байсан үеийнх шигээ л хоцрогдсон орон хэвээр.
Манай дээд боловсрол ч ер бусын. Төлбөртэй агаад тэтгэлэгтэй. Өнөө “Энэ хүүхнүүд үү” кинон дээр “үсийг засна ч, хусна ч” гэдэг шиг. Оюутан хүн мөнгө төлнө, мөнгө авна ч. Бусад газар иргэн нь боловсролтой болохын хэрээр улс нь хүчирхэгжиж байдаг бол, манайд иргэнээ диломтой болгох гэж эх орон нь сульдаж байна.
Америкийн оюутнууд сурахын хамт давхар ажиллаж нийгэмдээ баялаг бүтээлцэн төлбөрийн мөнгөө олдог. Харин манай оюутнууд юуныхаас бусад ажлыг ер хийхгүй ба харин ч тэдний автобусаар үнэгүй аялуулах билетийн үнийг төлөх, хүний хөгжлийн сангаас олгох сургалтын төлбөрийг бий болгох, сар тутмын тэтгэлгийн санг бүрдүүлэхийн тулд бусад татвар төлөгчид илүү ажиллах хэрэгтэй болдог.
ХОЁР. ТЭГШИТГЭЛ БА ЗОЛИОС
Тэгшитгэл бодоход хариу гардаг бол тэгшитгэл явуулахад золиос гарна. Өнөөдөр манайд боловсролын бизнесээс илүү зүгээр л диплом зарах процесс явагдаж байна. Тодруулбал, зарагдах дипломын зах зээлийг нэн аятайхан хуваалцах процесс л голлож байх шив дээ.
Яаж байна гэхээр төрийн мэдлийн их дээд сургуулиудын төлбөрийн хэмжээг төр тогтоож байна. Төрийн гэхээр МУИС энэ тэр гээд хэдэн сайн дээд сургууль орно. Улсынх учраас сайн байгаа юм биш, эрхбиш 70 хүртэл жилийн туршлага, сургалтын баазтай учраас яах аргагүй илүү байгаа юм.
Ингээд харахаар манай улсын ууган дээд сургуулиас эхлээд уржигдар эрхэм хүний байгуулсан дээд сургууль хүртэл төлбөрийн тэгш байдал бий болчихоод байгаа юм. Тэгэхээр Дорж даргын уржигдар байгуулсан дээд сургуульд орох, далан жилийн түүхтэй их сургуульд орох хоёрт ялгаа бага харагдаад ирж байна. Төлбөр нь ойролцоо юм чинь чанар нь ойролцоо л байж таарна. Уул нь шинэхэн байшинтай, шинэхэн багштай шинэ сургуулийн жилийн төлбөр 1 сая байхад Дэлхийн хоёрдугаар дайны үед байгуулагдаад хөгжиж ирсэн МУИС-ийнх 10 сая байхаар байгаа юм, жамаараа бол. Жамаар нь явуулчих гэхээр Дорж даргын сургууль 200 дугаар байрт орчих гээд байгаа учраас бүгдээрээ 999.999 адил төлбөртэй, цөмөөрөө Монголын улсын ТОП-200 дээд сургуулийн нэг байх хэрэгтэй болоод байгаа аж. Дээр нь манай нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуулиудад (мэдээж улсын мэдлийн) элсүүлэх оюутны лимит тогтоогоод мөн л засаг түүнээ хянадаг юм гэсэн. Үүнийг санхүүгийн ижил боломжтой хүүхдүүдийг сайн сургуульд төвлөрүүлэлгүй, Дорж даргуудын сургууль руу тараах бодлого гэж ярих юм билээ.
Ийм тэгшитгэлийн золиосонд манай дээд боловсролын бизнес нь үнэ цэнэгүй диплом борлуулах зах болоод байна. Үүнийг өөрчлөх амаргүй. Боловсролын сайд ч хүчрэхгүй, учир нь түүний хувь заяаг мэддэг, цаашлаад сайдын хувь заяаг мэддэг хүмүүсийн толгойг хүртэл мэддэг тэр эрхмүүд Монгол Улсын диплом борлуулах сүлжээнд зохих байраа эзэгнэн суудгаас тэр. Нөгөө талаас манай сонгуулийн тогтолцооны гажигтай бас холбоотой. Эрх баригчид боловсролын үнийг хямд байлгасан баатар болон магтагдаж, сонгуулийн оноо цуглуулах сонирхол бас байгаа. Боловсролыг үнэгүйдүүлж байгааг мэдсэн хэрнээ ярихгүй байгаа олон сэхээтэн бий. Тэд нэр олохоо байг гэхэд нэрээ алдаж болохгүй шалтгаанаар амаа хамхиж буй.
Өдгөө хуурамч дипломтой тэмцэнэ л гэж их ярьж байна. Үнэ цэнэгүй диплом, хуурамч диплом хоёрын хооронд хэр зөрүү байдаг юм бол? Харин ч ийм нөхцөлд хуурамч диплом нь татвар төлөгчдөд хохирол багатай, төрд дарамтгүй, цаг хугацаа хождог зэрэг үзүүлэлтээрээ жинхэнээсээ давж байх шиг.
ГУРАВ. МӨРӨӨДЛИЙН ҮЙЛИЙН ҮР: ХОЙТ ТӨРӨЛД БА ХОЙЧ ҮЕД
Монголчууд дээд боловсрол эзэмшиж эхлэх үе хатуу ширүүн дэглэмтэй байлаа. Дээд сургуульд орох боломж амьдралд бараг л ганц тохионо. Уралдаанд шалгалтад унасан хүүхэд нийгмийн тустай хөдөлмөр эрхэлж, сахилга томоотой байдлаар гурван жил өнгөрөөсний эцэст уралдаант шалгалтад орох боломж олдох магадлалтай. Ерөөсөө гурван жил болсон л бол шалгалтад ордог юм биш. Орох зөвшөөрөл өөрөө амаргүй олдоно. Эвлэлийн гишүүний манлайллаас эхлээд олон юм нэхэж байж нэг зөвшөөрөл өгвөл өгнө, үгүй бол үгүй. Гэтэл энэ 18-21 нас бол хүний амьдралын хамгийн эгзэгтэй, өөрчлөлттэй үе. Эрчүүл цэрэгт явчихна, гурван жил алба хаагаад ирэхэд олон юм мартагдана, хүүхнүүд хүүхэд гаргана. Тэгс, ингэсгээд амьдралын ариун мөрөөдөл жаргана.
Ядаж л жил өнжөөд шалгалт өгөх боломж байсан болжгэм дажгүй сэхээтэн болох нигууртай олон мянган хүн зөвхөн ариун мөрөөдөлтэйгөө үлджээ.
Тэр үед диплом үнэтэй, диплом бүхий этгээд өндөр рейтингтэй байлаа. Чанартай гэхээсээ илүү, ховордоод л үнэ цэнэтэй байсан болов уу? Намын хоёр жилийн курс төгсгөсөн диплом л гэхэд насны хоол болдог байсан цаг. Сүсэгт хүмүүн энэ төрөлдөө эдлээгүй жаргалаа хойт төрөлдөө амсах гэж наминчлан мөргөдөг шиг дипломоос хоцорсон үеийнхэн ариун мөрөөдлөө үр хүүхдүүддээ эдлүүлэх боломж олдож. Боломж нь ардчилалтай нас чацуу. Тэд дипломгүй хоцорсныхоо хариуг авахаар бослоо. Бүх хүүхдээ дээд боловсролтой болгоно. “Дахиад нэг алхвал хөгшин Европ” гэдэг шиг гүрийж байгаад цааш сургаж магистр болгохоор зориг шулууджээ. Хүүхдүүдээ ажил хийлгэхийн оронд дурын бакалавр, ямар нэгэн магистр болгоод яваа айл дүүрэн. Тэдэнд чанарын тухай ойлголт бага, ердөө л диплом хэрэгтэй. Тэдний үеийнхэнд дипломын чанарын тухай асуудал байсангүй, ховор бараанд чанар яригддаггүй. Диплом бол диплом мөн. Яг л насаараа дарамтанд нь явсан намын үүрийн даргад байсан шиг, намын ажилтны хоёр жилийн сургуулийнх шиг диплом.
Мянга мянган хүний сэтгэлд булшлагдсан ариун мөрөөдөл дээр урган гарсан дипломын эрэлт дээр манай дээд боловсрол ба түүнийг төрөөс удирдан чиглүүлэх менежмэнт урган гарч байна. Эрэлт, нийлүүлт нь зах зээлийн эрүүл үзэгдэл л дээ. Харин түүнд төр оролцоод байгаа болохоор эрүүл биш болчихоод байна. Дэлхий даяар боловсрол үнэ орохын хэрээр манайд хямдраад байна. Манай боловсрол хямд бөгөөд элбэг, үр ашиггүй агаад нийтэд хүртээлтэй. Боловсрол үнэгүйдэж байна даа. Дээд боловсролд дэмжлэг хэрэггүй. Түүнийг мөрөөр нь орхивол өөрөө үнэ цэнэтэй болно. Төр түүнд оролцохоо багасгахын хэрээр дээд боловсрол биеэ дааж, өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлно.
ДӨРӨВ. ӨРШӨӨГДСӨН САЛБАР
Бурхан Америкт хайртай гэж үг бий. Ямар ч байсан Бурхан хүүхдэд, ялангуяа бага насны хүүхдэд хайртай нь бол үнэн шиг байна. Өдгөө зуд турхан ба төрийн оролцооноос холуур яваагийн хүчинд мөрөөрөө өсч өндийж яваа зүйл газар бол хувийн ясли цэцэрлэг, бага дунд сургууль байна. Манай удирдагчид ба удирдагчдыг удирдагч нар ч энэ салбарыг голоод хаясан биш ёстой тэнгэрийн умдаг атгасан бололтой. (Дашрамд хэлэхэд, өнөөгийн ухаалаг томчууд өөрөө гишүүн болсноос өөрийн гишүүнтэй байхыг илүүд үздэг болсон шүү). Хэрвээ тэд маань ийм бизнестэй байсан бол ясли, цэцэрлэгийн төлбөрийн хэмжээг төрөөс тогтоогоод хянаад, улсынхыг өөрийнхтэйгөө тэнцүүлээд сууж байхгүй юу. Гэтэл ингээгүйн ачаар сургуулийн өмнөх ба бага шатны боловсрол жамаараа явах хувьтай болжээ. Өнөөдөр хувийн дунд зэргийн цэцэрлэг сарын 250.000 орчим төгрөгийн төлбөртэй. Жилийн дүнгээрээ МУИС-ийн сургуулийн төлбөрөөс давна. Тэр хэрээрээ орлоготой байж сайн багш, хариуцлагатай ажилчид цуглуулах боломжтой. Тэр хэрээрээ дээд сургуулиас илүү үнэ цэнэ, үнэлэмжтэй. Хэрвээ үнэ хямдыг бодоод хариуцлагагүй, хямдхан ясль, улсын сургуульд хүүхдээ өгнө гэвэл мөн л боломжтой. Залбирах нь: бурхан минь, мөрөөрөө яваа цэцэрлэг, бага, дунд сургуулийн бизнес төрийн халамжаас холуур болтугай.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД. БАГА СУРГУУЛИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ
Их, дээд сургуулиуд төлбөрөө үндэслэлгүй нэмэх гэж байсныг нь төрөөс болиулав уу даа. Нарийн яривал үндэстэй хямдрал гэж байхаас үндэслэлтэй үнэ нэмэлт гэж байдаг ч үгүй юм л даа. За энэ ч яахав.
Одоо бидэнд хоёр зам байна. Эхнийх амархан. Боловсролын бизнесийг төрөөс жолоодохоо болих. Тэгвэл ямар ч зардалгүйгээр боловсрол өөрөө өөрийгөө өндийлгөөд ирнэ. Нөгөөх нь нэгэнт жолоодохыг жолоодов, жолоодсон шиг жолоодох. Жолоодсон шиг жолоодох гэвэл бүх ард түмний дипломын эрэлт хэрэгцээг илүү хямд замаар хангах. Манай ард түмэн нэгэнт л дипломтой болж салах, төр нь тэр хүслийг нь хангах нигууртайгаас хойш дунд сургуулийн ахлах ангиудыг дээд сургууль болгох. Болгох биш нэрлэх. Ингээд мянга мянган залуусыг хот руу чирэлгүй, төрөлх сум сууринд нь бакалавр болгож өгөх юм. Дараагийн ээлжинд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан магистрын батламж тараах. Коллежуудад бэлэн зэхээний доктор, профессорын диплом гаргах лиценз өгөх. Харин их дээд сургуулийн ширээнээс шууд академич төрүүлэх.
Хамгийн гол нь доктор, профессорын хөтөлбөрийг аспирантуудын ирээдүйтэй нягт холбож, хичээлийн сэдвийг: хуульчийн худалдагчийн ёс зүй, хир арилгалтын органик хими, паркетан шалны өнгөлгөө зүй, хивс дрожны метариалын эсэргүүцэл, хаягдал объектуудын координатыг зөв тогтоох ба тэдгээрийг богино хугацаанд бага зайд төвлөрүүлэлтийн механик, биеэ үнэлэхээс биеийн хүчин үнэлэхэд шилжих зүй тогтоолын загварчлал, эксэл засварын квант механик зэргээр баяжуулууштай. Мөн шашны сургуулиудад шар тайлах, шар шувтлах хоёрын ялгамжийн зэрэг мэтийг хэлдэг байхад ч илүүдэхгүй мэт ээ.
2011.08.24