Categories
мэдээ нийгэм

Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.

Баянзүрх дүүргийн 13, 26 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Ахмадын хорооллын орчмын Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх явган зорчигч, автомашинд зориулсан нүхэн гарц барих ажил хийгдэж байна. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор заавал тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар замын трасст хоёр нэгж талбар өртсөн байгаа бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх шатанд яваа аж.

Нийслэлийн хэмжээнд авто замтай холбоотой 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас 20 гаруй төсөл газар чөлөөлөлтөөс болж гацаад байна. Газрын албаныхан үүнд анхаарч ажиллаж байгаа ч нөхөн олговортой холбоотой зарим нэг хүндрэл бий” гэдгийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байлаа.

Мөн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ-104,5 байрнаас гэр хорооллын дундуурх 0.8 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 10, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрийн эхний ээлжийн ажлыг явцуудыг шалгав. Эдгээр замууд нь хотын төв болон Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд тавигдсан төсвийн хөрөнгийг хааш нь хуваарилах вэ гэдэгт шийдэл гаргах гэж хамгийн хүндрэлтэй байгаа авто замын гурван төслийн ажлын явцыг газар дээр нь шалгаж байна. Төсвийн үр дүн, төлөвлөлтийг харж мэргэжлийн байгууллагуудыг байлгаж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” хэмээлээ.

Мөн тэрбээр авто замтай холбоотой үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг боловсруулж Засаг даргын зөвлөлийн хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулжээ

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулав

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Зооноз өвчин судлалын төвтэй хамтран Гал түймэр унтраах, аврах 19, 40, 61 дүгээр ангийн алба хаагчдад “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар” сургалтыг зохион байгуулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 3-наас эхэлнэ

Цахим бүртгэлд тэнцсэн хүүхдүүд цэцэрлэг дээрээ очиж бүртгэлээ ...2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ. Цэцэрлэгийн бүртгэл орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохтой зэрэгцэж байгаа юм. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор бүртгэлийн хугацаа богиносгожээ. VIII сарын 3-25-ны хооронд иргэд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч бүртгүүлнэ. Сайт руу нэвтэрч хүүхдийнхээ регистрийн дугаараар хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулж харна. Ингэснээр аль цэцэрлэгт танай хүүхэд хамрагдах боломжтой нь харагдана. Дараа нь өөрийнхөө холбоо барих утасны дугаарыг оруулснаар бүртгүүлсэн утасны дугаарт 6 орон бүхий код ирэх бөгөөд тухайн сайт руу орж баталгаажуулсаар таны утсан дээр бүртгэл баталгаажсан тухай мэдээлэл ирнэ. Хэрэв интернэтэд орох боломжгүй иргэн байвад товлосон хугацаанд харьяаллынхаа цэцэрлэг дээр ажиллах ажилтнуудад мэдээллээ өгч баталгаажуулна. Наймдугаар сарын 26-нд цэцэрлэгийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна. Үүний дараа тухайн иргэдэд бүртгүүлэн гар утасны дугаарт нь хүүхэд цэцэрлэгт тань цэцэрлэгт бүртгэгдсэн эсэх мэдээлэл очих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна

Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль боллоо

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл, тохом нь ус болсон/ тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Хилийн 0165 дугаар ангийн 0251 дүгээр салбарын “Арал толгой” заставын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.20-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж 50 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гонгойн-Олом” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 9 км/ Тус сумын харьяат иргэн Г /34 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дэлгэр мөрөн голыг явганаар гаталж яваад живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар ар гэрийнхэн 07.20-ны өдрийн 08:50 цагаас “Гонгойн-Олом” гэдэг газраас “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 50 км-т завиар явж, 1-2 метрийн гүнд 9 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 07.20-ны өдрийн 20:52 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 20-ны өдөр дөрвөн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. VII сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн гарсан. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. 10, 11-р сард улирлын томуугийн вирус дэгдэнэ. Тэр үед улирлын томуу, коронавируст халдвартай хавсраад бидэнд ямар хэмжээний ачаалал дарамт авчрах вэ гэдэг дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Өндөр зохион байгуулалтын доор бид нэг хүн шиг нэгдэн ажиллаж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлэх ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариузаяа НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад шинэ албанд томилогдсонд баяр хүргээд НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр НҮБ дэлхий нийтэд дэгдсэн “COVID-19” цар тахлын үед Монгол Улсад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгааг дурдаад коронавирусний нөхцөл байдлаас үүдэн Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх алхмаасаа ухарч болохгүйг онцгойлон анхаарах учиртай гэв.

Мөн НҮБ ирэх таван жилд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжил зэрэг олон асуудлыг хамруулахыг зорьж буйгаа танилцуулав.

Сайд А.Ариунзаяа Тапан Мишрад талархал илэрхийлээд “Өмнө нь би Засгийн газарт төлөвлөлтийг нотолгоонд суурилж хийхийг зөвлөдөг байсан бол одоо энэ бүхнээ ажил хэрэг болгох боломж олдсонд баяртай байгаа. Өнгөрсөн 7 хоногт болсон НҮБ-ын Өндөр төвшний улс төрийн чуулга уулзалтад оролцож, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын талаар мэдээлэл хийсэн.

Бид коронавирусний хүнд хэцүү үед ч Тогтвортой хөгжлийн зорилтын чиг шугамаас гажихгүй. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжих болно” гээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд нийгмийн хамгааллаас гадна хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулна гэдгээ илэрхийлэв.

“Ядуурлыг бууруулахад хөдөлмөр эрхлэлт чухал үүрэгтэй. Мөн жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна. НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” төслийг хэрэгжүүлж, эхний хэсэг дууссан. Хоёр дахь хэсэг удахгүй эхлэх гэж байгаа. Мөн гэр бүл, хүн амын бүлгүүдийн асуудалд анхаарч ажиллана” гэдгээ ХНХ-ын сайд хэлээд, НҮБ болон Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын амжилттай хамтын ажиллагаанд талархаад хамтдаа илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байр бий болгох боломж, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын үйл ажиллагаа, малчдын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зэрэг олон асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ч.Чимэдбат: Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алддагийн 60 хувь нь аялал зугаалгатай холбоотой

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбаттай ярилцлаа.

-Сүүлийн арван хэдэн хоногт хэдэн арван хүн авто ослоор амь үрэгдлээ. Дайны байдалтай оронд ч ийм олон хүн өдөрт амь эрсдэж байгаа тухай мэдээ сонсогдохгүй байна. Он гарсаар зам тээврийн ослоор нийт хичнээн хүн амь насаа алдаад байна вэ?

-Монголчууд жолоо барихдаа хэтэрхий хэнэггүй, тоомжиргүй байна. Өдөр болгон авто ослоор хүн нас барж байна гэдэг мэдээ гарч байна. Авто ослоор хүн нас барлаа гэдэг мэдээ хүлээж авахдаа айхаа больж, дасал болжээ. Яг өөр дээр нь өөрийн ах дүү, гэр бүл нь осолд орж байж ойлгодог нь харамсалтай. Ялангуяа монгол залууст хүний доор орохгүй гэсэн муухай зан байна. Хажуугаар нь өнгөрөхдөө жаахан шахаад гарчихвал өмнө нь гарах гээд уралдаад давхиад байдаг. Үр хүүхэд, хайртай гэр бүлээ авч яваагаа мартчихдаг. Хашаан дотроо хүртэл хүүхдээ дайрсан олон осол гарлаа шүү дээ. Дорнод аймагт он гарсаар дөрөв, байна уу таван удаагийн тохиолдол байна. Хашаа руугаа орохдоо хүүхдээ дайрчихдаг.

Хашаанаасаа гарах гэж ухрахдаа хүүхдээ дайрчихдаг. Тийм хэнэггүй, хайхрамжгүй байна. Өөрсдөө бүсээ зүүгээд ард сууж байгаа хүүхдүүд нь сул явж байдаг. Цагдаа харангуутаа бүсээ зүүж байгаа үйлдэл бол нүд хуурах гэж тэр шүү дээ. Зогсоогоод хэлэхээр би зүүсэн байна, гээд үзүүлээд байдаг. Хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндийг боддоггүй. Машинд сууж байгаа хүн бүсээ зүүх ёстой гэдгийг мэддэг хэр нь биелүүлдэггүй. Хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 180 хүн зам тээврийн ослоор нас барлаа. Нийслэлд 50, орон нутагт 130 хүн нас барсан тоон мэдээлэл байна. улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог. Өөрөөр хэлбэл, таны хэлдгээр дайн байлдаангүй тайван орон гэхэд хэтэрхий олон хүн авто ослоор амиа алдаж байгаа нь харамсалтай байна. Үүний 60 орчим хувь нь аялал жуулчлал, амралт, зугаалгын үетэй давхцаж зургадугаар сараас есдүгээр сарын хооронд амь насаа алддаг. 90 хувь нь орон нутгийн замд гардаг осол. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга батгүй, хариуцлагагүй үйлдэл буюу тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байх, хүн тээвэрлэх журам зөрчих, цагдаагийн байгууллагаар шаардуулж бүсээ хагас дутуу зүүдэг, зорчигчид хамгаалах бүс зүүлгэдэггүй, мөн цаашлаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэх мэт зүйлсээс шалтгаалаад ноцтой зам тээврийн осол, хэргүүд орон нутгийн замд маш их гарч байна. Хамгийн сүүлийн жишээг дурдвал долдугаар сарын 10-нд Завхан аймгийн нутаг дэвсгэрт увс аймгаас Эрдэнэт хот руу чиглэж явсан “Alphard” маркийн машин онхолдсон. Үүнд зорчиж явсан долоон зорчигч газар дээрээ амь насаа алдсан. Хариуцлагагүй нэг хүнээс болж тухайн автомашинд зорчиж явсан хүмүүс бүгд амь насаа алдаж байгаа харамсалтай хэргүүд их гарч байгаа.

-Баяр наадмын үеэр орон нутгийн чиглэлд ачаалал өмнөх жилүүдээс их байсан уу. Нэлээд олон хүн эндсэн томоохон ослууд ч гарсан байсан?

-Баяр наадмын өдрүүдээр гэхэд л 230 мянга гаруй тээврийн хэрэгсэл нийслэлээс гарсан. Энэ нь өнгөрсөн жилүүдийн баяр наадмын өдрүүдтэй харьцуулахад 55 орчим хувиар их тоо. Энэ нь мэдээж “Ковид-19” цар тахлын үеэрх хөл хориотой холбоотой. Өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдээр зам тээврийн ослоор 23 хүний амь эрсэдсэн. Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр 25 хүн амь насаа алдсан. Мөн орон нутагт мотоциклтой зам тээврийн осол хэргүүд их гарч байна. Он гарсаар 53 хүн мотоциклтой явж байгаад амь насаа алдсан тоон мэдээлэл байгаа. Манай улсад мотоциклийн стандарт одоогийн байдлаар байдаггүй. Стандарттай болох талаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Мотоциклийн малгайны стандарт гэж байдаг. Гэсэн хэдий ч хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч тухайн стандартад нийцсэн малгайг хэрэглэдэггүй.

-Цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бий юү?

-Цагдаагийн байгууллагаас урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр маш олон төрлийн арга хэмжээг зохион байгуулаад явж байна. Өнгөрсөн жил Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулсан. Энэ жил дахин зохион байгуулж байна. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн зам тээврийн осол хэрэг 30 гаруй хувиар буурсан. Зуны улиралд, баяр наадмын үеэр орон нутгийн замд амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бодит арга хэмжээг зохион байгуулсны үр дүн. Зургадугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилсэн. Өнгөрсөн жил жолооч руу хандаж зохион байгуулсан бол энэ жил зорчигч руу хандан энэхүү аяныг зохион байгуулж байна. Таны сууж яваа тээврийн хэрэгслийн жолооч нойрмоглож байна уу, холын гэрэлтэй явж байна уу, тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн үү, хурд хэтрүүлсэн үү, ядарсан байна уу гэдэг талаар зорчигч өөрөө жолоочид хяналт тавьж өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Нийслэл хотод өнгөрсөн намар “Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулсан. Арга хэмжээ иргэдэд хүрч байгаа боловч жолоочийн өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж осол буурахгүй байна. Зам тээврийн осол хэрэг жолоочийн, хувь хүний төлөвшилтэй их хамааралтай байдаг.

-Энэ зам тээврийн ослын шалтгаан нь зөвхөн жолооч гэлтгүй замын эвдрэлтэй холбоотой байна уу?

-2019 онд хийсэн судалгаагаар нийт гарч буй зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс хамаардаг, шалтгаалдаг гэж тогтоогдсон. Орон нутгийн замд жолооч ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй, зорчигчдыг буруу тээвэрлэдэг, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэргээс хамаардаг. нийслэл хотоос гарах товчоо дээр бид баярын өдрүүдээр эрчимжүүлэн ажилласан, одоо ч ажиллаж байна. Жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүсээ хэрэглээгүй байвал энэ товчоодоор гаргахгүй гэсэн чиглэлийг барьж ажиллаж байна. Цагдаа цонхыг нь тогшоод ард сууж буй зорчигчид хандаж та бүсээ зүү гэж сануулахад жолооч нь би зүүчихсэн гэж хариулж байна. Арын суудалд сууж буй хүмүүс бүсээ зүүж огт хэвшээгүй. Ард суухаар аюулгүй байдал хангагдчихсан, аюулгүй юм шиг мэдрэмж төрж байдаг. үнэндээ зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн хаалга хүчтэй цохилтын улмаас өөрөө автоматаар онгойдог. Энэ үед хойно сууж явсан хүмүүс хаалгаар шидэгдэж, эсвэл тээврийн хэрэгсэлд дарагдаж амь насаараа хохирдог. Ноцтой зам тээврийн ослын дараа хамгаалах бүс зүүсэн жолооч эсэн мэнд, ард сууж явсан бүс зүүгээгүй хүмүүс амь насаа алдах тохиолдол маш их гарч байна.

Зам тээврийн ослыг хүмүүс замтай их холбож ойлгодог. Мэдээж замын эвдрэл гэмтэл тодорхой хэмжээгээр хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө. Гэсэн ч зам энгийнээр хэлбэл толь шиг дардан байвал бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй тээврийн хэрэгслийн жолооч үүрэглэх, хурд хэтрүүлэх улмаар зам тээврийн осол гарах өндөр магадлалтай. Яагаад бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй гэж хэлж байна гэхээр манай улсад ашиглагдаж буй тээврийн хэрэгслүүдийн дийлэнх нь 20 буюу түүнээс дээш жил хэрэглэгдэж буй тээврийн хэрэгслүүд байдаг. Эвдрэл ихтэй зам дээр жолооч тухайн саадыг тойрч байгаа учраас нойрмоглохгүй, хурдаа зөв тохируулж байдаг учраас осол гарах магадлал бага. Зөвхөн нэг талаасаа энэ. гэхдээ энэ бол зам эвдэрхий байх ёстой гэсэн үг биш юм. Нөгөө талаасаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж эвдэрч гэмтсэн зам дээр тээврийн хэрэгсэлтэйгээ усанд живэх, замын хажуу руу онхолдох зэрэг ослууд бүртгэгддэг. Нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын нэг орчим хувь нь замаас шалтгаалдаг.

-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослын үед өөрийгөө хамгаалах арга замуудаас та хэлж өгөөч?

-Жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хөдөлгөөнд оролцохоосоо өмнө шалгах шаардлагатай. Тээврийн хэрэгслүүд зуны улиралд өвлийн дугуй зөөлөн гээд сольдоггүй. гэтэл дугуй өөрөө олон төрлийн зориулалт, чанартай, өөрийн стандарт хугацаатай байдаг. Үүнийг жолооч нар төдийлөн сайн мэддэггүй. Зуны дугуй халуунд зориулагдсан учраас хатуу байдаг. Өвлийн дугуй хүйтэнд хөлдөхгүй тулд зөөлөн хийтэй байдаг. Халуунд зөөлөн хийтэй явж байгаад буудах тохиолдол маш их байдаг. Иймээс жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн хөдөлмөр амралтын горимыг дагаж мөрдөх. Хоёр цаг яваад 30 минут амрах, дахиад хоёр цаг яваад бүрэн зогсолт хийх шаардлагатай. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд ихээхэн анхаарал хандуулж ажилладаг. Арга хэмжээ авах гэхээсээ илүү зөрчлийг арилгах зорилгоор ажиллаж байгаа. иймээс хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч, зорчигчид өөрсдөө ухамсартай байх ёстой. Зорчигчид тээврийн хэрэгслийн хамгаалах бүсийг заавал зүүх шаардлагатай. Бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх шаардлагатай. Мэдээж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож огт болохгүй. Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын ерөнхий шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх. Зарим жолоочид 80 км/ц миний автомашины хурд хүчинд, моторын хүчин чадалд багадаж байна гэдэг. Хурдны дээд хязгаарыг хоёр тээврийн хэрэгсэл хоорондоо зөрж өнгөрөх үеийн салхины хүч, замын өргөн зэргээс хамаарч тогтоодог. Манай улсын тээврийн хэрэгслийн замуудын дийлэнх нь 7 метр өргөнтэй. Үүн дээр тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрнө. Тээврийн хэрэгсэл гэдэгт унадаг дугуй, ердийн хөсөг ч багтана.

Х.Цэнд

Categories
мэдээ нийгэм

Хужирт суманд замын гурван хэсэгт эвдрэл үүсчээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай уулын арын авто замын зорчих хэсэгт өчигдөр /2020.07.20/ 15.00 цагийн орчимд үер бууж, замын хөвөө, далан зэрэг гурван хэсэгт эвдрэл үүсчээ. Иймээс жолооч та замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

109783591_324438012074788_6757453030070384999_n.jpg

Нийслэлийн Онцгой комиссын даргын энэ сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаалын дагуу баяр наадмын өдрүүдэд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн буцаад нийслэл хотруу чиглэх хандпагатай байгаа тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх үндсэн товчооноос гадна нэмэлтээр 6 цэгт 24 цагийн шалгалтын пост ажиллуулж байгаа юм.

Нэмэлт хяналтыг цэгийг Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, Сонгино-Хайрхан дүүрэг Эмээлтийн буюу Шар хөтөлд байгуулан, далба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын дараа намар

Дэлхийд ганцхан гэгддэг Монгол наадам болж өнгөрлөө. Монголчууд анх удаа цар тахлын үеийн цахим баяр наадмыг зохион байгуулав. Сошиал, телевизийн тусламжтайгаар наадмаа үзэж сонирхон баясч, хөөрч наадлаа, бид. Цэвэр агаар, цэнгэг ус мөрөөссөн нийслэлчүүд урьдын адил хөдөөг зорьж хот ч эзгүйрээд амжлаа. Ёстой л хотол олноороо, Монгол даяараа амарч зугаалж, баярлаж, цэнгэж энэ өдрүүдийг өнгөрүүлэв. Харин одоо энэ бүхнээ өндөрлөхөөс өөр аргагүй цаг үе биднийг хүлээж байна. Наадамлаж, наргиж, налайж ээ байтал өвөлжилт гэх хүндхэн даалгаварт бүдэрдэг гэмтэйг бид мэднэ. Ер нь ч “Наадмын дараа намар” хэмээн зүгээр ч нэг хэлчихсэн хэрэг биш. Бид дөрвөн улирал ээлжилдэг эх оронтой, тэр бүрийдээ зохицож амьдрах хувьтай ард түмэн. Тиймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй их ажил руугаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг “сэхээнд” байгаа энэ үед хүнсээ сайтар базаахаас өөр зам бидэнд үгүй. Энэ жил хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүлснийг салбар яам онцлоод буй. Тодруулбал, улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар ахиу тариалжээ. Нэгэнт л ахиу хэмжээгээр тариалж чадсан хойно төлөвлөсөн ургацаа хураан авах нь чухал. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд агуулах саваа бэлдэх, хадгалах цаашлаад бүрэн дүүрэн ашиглах, борлуулахад анхаарах шаардлагатай байна. Улаанбуудай зэргээ гадагш гаргаж сүйд болдоггүй юм аа гэхэд өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн дүүрэн хангах нь энэ цаг үед туйлын зорилго мөнөөс мөн.

Өвсний сөл, шим тасраагүй байх үед хадлан, тэжээлээ ч бэлтгэмээр байна. Ялангуяа энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэх хэрэгтэй. Учир нь бид 2018 онд 66 сая мал тоолсон бол өнгөрсөн оны эцэст энэ тоо дариу дөрвөн саяар нэмэгдсэн. 70 сая толгой мал дээр энэ хаврын төл нэмэгдэнэ гэхээр хадлан, тэжээлийн хэмжээг хэдэн зуун мянган тонноор ахиулахаас өөр аргагүй. Малчид маань ч тэр тарвага, зурам эргүүлж, айраг цагаа сөгнөхөө урьтал болголгүйгээр дор дороо хадлан тэжээлээ бэлтгэх нь зүйтэй юм. Хэдий болтол бид өвөлжилтдөө дутуу бэлдэж, ганц, хоёрхон удаагийн их цасанд мал, малчинтайгаа зутархав. Өвөл болж, зуд зурхан болдог нь үнэн хойно алгуурлах хэрэг юун, одооноос л эрсдэлийг тооцож бэлдэцгээе.

Өвөлжилтийн бэлтгэл ажилдаа ийнхүү шамдахаас гадна хэлж ирээгүй цар тахлын аюулыг гэтлэх гарц гаргалгааг ч бид хайх хэрэгтэй байна. Цар тахлын хоёр дахь давлагаа ирэх арваннэгдүгээр сард эхэлж, эхэн үеийнхээсээ ч илүү хохирол учруулж болзошгүйг олон улсын эрдэмтэн, судлаачид онцлох болсон. Энэ нь манай улсад сэрүү орж, ханиад томуу дэгддэг үетэй давхцаж таарч байгаа юм. Ханиад томуу дэгдсэн үед л бид хүчин мөхөсдөж, хүүхдүүдээ эмнэлгийн коридорт зулдаг. Үүн дээр нэмээд цар тахал дэгдэж нөхцөл байдал улам хүндэрвэл бид хэрхэх вэ. Ямар нэгэн арга чарга бий сэн билүү. Тэгэхээр одооноос л чадлынхаа хэрээр бэлтгэлээ хангая. Эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарыг бэлэн байдалд байлгамаар байна. Зам, тээврийн салбарыг ч энд орхигдуулж болохгүй. Зам биш там болсон Дарханы зам, саяын их үер, уснаар эвдэрч хэмхэрсэн замуудаа урин цагт засмаар байна. Идэр есийн хүйтэнд цахилгаан станцууд саатаж, нийслэл, зарим аймгууд цахилгаангүй болсон гашуун сургамж ч бидэнд бий. Энэ алдаа дахин давтагдаж, нийтээрээ түгшүүрт автах вий. Өвөл цахилгаан саатвал хот хэдхэн цагийн дотор хөлдөх аюултайг Эрчим хүчний салбарынхан эрхбиш мэдэж байгаа гэж найдах юм. Энэ зун Улсын Их хурлын ээлжит сонгууль болж бид цар тахлаа ч умартан хэдэн сарын турш сонгуульдсан. Зарим албан тушаалын маргаан ч тасраагүй байх шиг. Гэлээ гэхдээ шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газар төвхнөсөн хойно улс орны өмнө тулгамдаад буй энэ мэт асуудлууд руу шуурхайлан ормоор байна.

Улстөржиж, наадамлаж байх хойгуур ам.долларын ханш ч талийж хоцорлоо. Хар, саарал жагсаалтад орсон хэвээр байгаа. Ер нь эдийн засгийн нөхцөл байдлыг ярихад халширмаар байдалтай байна. Сангийн сайдын мэдээлж байгаагаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасарчээ. Эхний хагас жилийн байдлаар 18 сая тонн нүүрс гаргачихаад додьгор суудаг байсан бид өнөөдөр дөнгөн данган 8.7 сая тонн нүүрс л гаргаж чадаж. Байдал ярвигтай байгаа энэ үед томоохон гадаад өрийн асуудлууд босч ирнэ. Тэгэхээр бид цаашид яах ёстой вэ. Ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байсаар байх уу.

Цар тахалтай холбоотойгоор өмнөх Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн гэж байгаа боловч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Харин ч хөл хорионоос үүдэн жижиг, дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Цаашид эдийн засаг хасах руугаа явах тусам тэдэнд эргэн сэхэх ямар ч боломж үлдэхгүй нь. Иймээс шинэ Засгийн газар нэн дариу бодит үр дүн үзүүлэх арга хэмжээ авч ажилламаар байна. Зуны сар зургаа биш, намрын сар найм биш учраас бидэнд хугацаа богино, хийх ажил их байна.