Categories
мэдээ цаг-үе

Э.Дөлгөөн: Хүний хайрыг татаж, хүндлүүлж үнэлүүлэх хүчирхэг зүйл дотоод мөн чанарт л оршдог

“Хосын жор” номын зохиолч, веб контент бүтээгч Э. Дөлгөөнтэй ярилцлаа.


-Саяхан реппер Гинжин, Mrs.М нарын “Бороо” дууны клипэнд тоглолоо. Анх удаа клипэнд оролцож үзсэн үү?

-Миний хувьд анх удаа клипэнд тоглож үзлээ. Клипэнд тоглох ёстой сонирхолтой юм билээ. Дээрээс хиймэл бороо оруулаад бид шалба норсон. Дүрсүүдийг мэргэжлийн түвшинд аваад дараа нь маш гоё эвлүүлж янзалсан байсан.

-Таны бичсэн “Хосын жор” ном уншигчдын хүртээл болж, одоо бестселлерийн жагсаалтад ороод буй. Ном бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Түвшөө бид хоёр 2018 онд хуримаа хийхээр эх орондоо ирж байсан. Тэгэхэд “Хосын жор” номоо аль хэдийнэ эхлүүлсэн. Номоо бичихдээ гацалтад орсон үе ч бий. Амархан урсчихдаггүй юм билээ. Хосын харилцааны талаарх өөр ном сонин уншиж, судлах зэргээр ажилласан. Гэхдээ ганц хосын жор гэж хайрцаглахгүйгээр монголчуудын хосын харилцааг ярьдаг өөр нэвтрүүлгүүд бий юү гээд хайтал юу ч илрээгүй, олдоогүй. Ингээд судалж, шинжилж явсаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард номынхоо нээлтийг хийж, худалдаанд гаргасан.

-Номын судалгааны явцад чухам юу ажиглагдав?

-Хосоо гадаад өнгө үзэмжээр хэр зэрэг сонгодгийг мэдэх зорилгоор инстаграм хуудсандаа судалгааны асуулт оруулдаг байсан. Хүмүүс яг цагаа тулахаар хэнийг сонгохыг харахад сонирхолтой хариу гарсан шүү. Солонгос стильтэй болон булчинлаг нүцгэн эрэгтэйг харьцуулж тавьтал эмэгтэйчүүдийн ихэнх нь булчинлаг залууг сонгож байна лээ. Үүнээс бүсгүйчүүдийн нүд гадаад өнгө үзэмжийг хардаг юм болов уу гэж бодогдсон. /инээв/ Дараа нь галбирлаг хагас нүцгэн эмэгтэй, даруухан нүдэнд дулаахан царайтай охины зургийг санал болгосон юм. Ингэхэд эрчүүдийн дийлэнх нь даруу царайтайг нь сонгосон л доо. Эрчүүдийг ажилсаг сайн ханьтай болчихвол алзахгүй гэж эцэг эх нь багаас захидагтай холбоотой ч юм шиг. Магадгүй өөрт хань болох гэдэг үүднээс хардаг байх. Энэ зөвхөн миний л гаргалгаа.

-“Хосын жор” контентоор нийт 57 хостой ярилцжээ. Тэдгээр хүмүүсийн харилцаа, хандлага, хосын туршлагыг номондоо шингээв үү?

-“Хосын жор” контентын ярилцлагуудыг эмхтгээд ном бүтээсэн гэж зарим хүмүүс ойлгоод байгаа. Гэхдээ яг түүгээд хийвэл замбараагүй, зүгээр л реферат шиг болох болов уу гэж бодсон. Ер нь хосуудтай ганц хоёрхон цаг ярилцаад л мэдэмхийрч амьдралыг нь дүгнэж бичиж болохгүй шүү дээ. Тиймээс энэ бүгдийг нэгтгээд яг хосын харилцааг бат бэх байлгаж, бие биеэ уучлаад урт удаан хайрлаад буй шалтгаанд анализ хийгээд дүгнэн бичихийг зорьсон. Мөн бид өөрсдийн хосын жороо хуваалцсан ярилцлага өгч байгаагүй. Иймээс амьдралынхаа талаар номондоо оруулсан нь дээр санагдсан юм. Өмнө нь бид хоёулаа амьдралтай үр хүүхэдтэй байсан ч бүтэлгүйтсэн. Салж нийлсэн ийм хүмүүсээс юуг нь үлгэр дуурайл авдаг юм гэж бодож магад. Гэтэл алдсан хүн чинь дахин алдахгүйн тулд хичээдэг.

-Монголчуудын гэр бүлийн харилцаанд гаргадаг нийтлэг хандлагыг анзаарахад эмэгтэй хүн л гэрийн бүх ажлаа зохицуулах ёстой гэдэг. Гэтэл тэд адилхан л өдөржин ажиллаж хөдөлмөрлөөд орж ирдэг. Энэ тэгш бус байдал хосын харилцаанд ан цав үүсгэх гол асуудал гэж харагддаг…?

-Энэ нөхөр бид хоёрын эмзэглэж явдаг нэг сэдэв. Монголд ирснээс хойш улам анзаарагдаж байгаа. Яг адилхан хоёулаа ажиллаж ирсэн мөртлөө эмэгтэйчүүд нь их ачааллыг үүрдэг. Өглөө хүүхдийнхээ хоол ундыг өгөөд хувцас хунарыг бэлдээд явдаг, ажлаа тарж ирлээ гэрийнхээ хоолыг хийнэ, хүүхдүүдийн хичээл номыг хийлгэнэ орой унтуулна гэх мэт. Эхнэр дандаа илүү ачааллыг үүрч явдаг. Энэ асуудал бараг энгийн үзэгдэл болсон. Угаас эмэгтэй хүн энэ бүгдийг амжуулах л ёстой, чадахгүй бол айлын эхнэр байгаад яадаг юм гэсэн ойлголттой. Хөвгүүд нь багаасаа ахуй амьдралаа олигтойхон авч явахаар хүнтэй суух сонирхолтой. Анзаарвал бүр хүүхэд байхаас аав нар яг тэр үлгэр жишээг харуулдаг. Хичээлээ тараад ирэхээр аав гэртээ удирдлага бариад сууна, ээж бүгдийг хийнэ. Тэгээд ээж стресстэй байнга үглэж, уурладаг бухимддаг. Энэ дундаас аав ээж хоёр аз жаргалгүй харагддаг. Гэртээ яг тийм амьдралыг харж өсөөд, өөр айлын аав ээж нь тэгш харилцаатай байхыг хараад нүд нээгддэг. Хүн чинь нүдээр үзэж, харснаараа л сэтгэж амьдарна шүү дээ. Хэрэв нэгэнт л тэгж хүндлүүлээд өссөн нөхөр байгаа гэж бодъё. Тийм хүн гэр бүлээсээ яг тэрийг зүйлийг хүсээд уурладаг. Одоо энэ хэрүүл бараг айл гэр болгонд гарч байж магадгүй. Гол нь цаг үеэ мэдрээд бие биеэ нөхөх нь хосын харилцааны утга учир шүү дээ.


Positive Mongolians” төслийн хосууд хуримаа хийнэ – Өглөө.мн-Ер нь гэрлэлтэд тохиромжтой нас гэж байдаг болов уу?

-Бид одоо “Big Big fam­ily” цуврал нэвтрүүлгийнхээ хүрээнд судлаач мэргэжилтнээс эхлээд олон салбарын хүмүүстэй ярилцаж, хүүхдийн хүмүүжлийг тодруулж байгаа. Хүүхдийн хөгжлийг судалдаг Г.Төмөрзаяа багш хүн 25 нас хүртлээ боловсорч, тэр хүртлээ хүүхдээрээ байдаг талаар хэлсэн. Хэдий түүнээс өмнө гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон ч хариуцлага дутуу дулимаг явдаг гэнэ. Эхлээд өөрийгөө олсон хүн хосын харилцаандаа хариуцлагатай, сонголт хийхдээ буурь суурьтай болно шүү дээ. Ерөнхийдөө 25 нас хүрээд гэрлэлтийн талаар бодоосой гэж залууст зөвлөмөөр байдаг. Хамгийн гол нь насаараа ханилах ханиа сонгохдоо өөрөө өөрийгөө л олсон байх нь чухал санагддаг юм.

-Эмэгтэй хүн өөрийгөө ямар ч цаг үед хаяж болохгүй гэдэг. Өөрийгөө хаяж болохгүй гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

-Анзаарахад дийлэнх эмэгтэйчүүд зөвхөн гадаад өнгө үзэмжээ хараад, тордоод л өөрийгөө хаяж болохгүй гэдэг. Ямар ч хүний хайрыг татах, хүндлүүлж, үнэлүүлэх хүчирхэг зүйл дотоод мөн чанарт оршино. Дотоод мөн чанарыг яаж ч гутаан доромжилж доош нь хийх гээд чадахгүй. Гэртээ хүүхдээ хараад суулаа, гадаад өнгө үзэмжээр нь царай алдчихлаа гэдэг. Яг үнэндээ тэр үед дотоод хувь хүн талаас зогсолтод орж, өөрийгөө хөгжүүлж чадаагүйгээс сэтгэл гутралд автаад янз бүрийн авир гаргадаг. Улмаар дэргэд нь хүн тогтохын аргагүй болох үе ч бий. Хувь хүн талаас хөгжүүлэх лекц сургалт семинарт суух, ном унших, кино үзэх, дуу хөгжим сонсох гэх мэт ямар бололцоо байна. Таныг дотроос нь юу уянгалуулж, хөглөж чадах вэ түүнийгээ л алдаж болохгүй. Хүнд төгс хувилбар гэж байхгүй учраас сэтгэл санааны хувьд хүчгүй бол өөрийгөө бага багаар голоод л явдаг. Энийг зогсоох ганц арга бол дотоод хувь хүнээ тасралтгүй хөгжүүлэх алхам. Дасгал хөдөлгөөн хийгээд байгальд алхаж, гүйсний дараа хүний сэтгэлгээ, энерги сайхан цоглог болдог. Харанхуйд удаан байхаар хүн маш гутранги болдог гэнэ. Наранд Д витамин авахаас гадна баяр хөөртэй байлгах энерги нэмэгддэг. Европын орнуудад өвөл маш хурдан харанхуй болдог учраас сэтгэл гурталд өртсөнөөс үүдэн амиа хорлолт ихэсдэг юм билээ. Миний амьдарч байсан Шведэд өвлийн улиралд өдрийн хоёр цагаас хойш харанхуй болчихдог. Товчоор хэлбэл, нар хүмүүст аз жаргалыг өгдөг. Тэгэхээр нартайд сайн алхах хэрэгтэй. Найз нөхдөөсөө цаг харамлаж огт болохгүй. Хачин сонин, хов жив ярьсан ч хамаагүй, хүний амьдралд байнгын ярих хэрэгцээ гардаг. Тэр ярих хэрэгцээг гэр бүлийн хүн зуун хувь нөхөж чаддаггүй. Мөн эцэг эхдээ ярих, ярихгүй юм байна. Тэгвэл үлдсэн ярих хэрэгцээг хаана гаргах вэ. Өөрийгөө уудалж, чөлөөлөх тэр бололцоог найз нөхөд гаргадаг. Цагийг үр дүнгүй өнгөрөөж байгаа мэт боловч яг үнэндээ энэ нь биднийг эмчилж, бөөгнөрсөн бухимдлыг гаргаж, сэтгэлийг онгойлгох тустай. Зөвхөн гадаад гоо сайхан гэлтгүй дотроо хүчирхэг болж чадвал нөхөр тань байнга хамт баймаар, өөртэй чинь ярилцаад л суумаар тийм сайхан харилцаа үүснэ. Тэгэхээр олон талаас өөрийгөө эмчлээд хүчирхэг сэтгэл зүйтэй болсон хүнд гадаад гоо үзэмж бол амархан.

Positive Mongolians” төслийн хосууд хуримаа хийнэ

-Гэр бүлийн харилцаанд гадны хүн хэт оролцох нь бий. Нэг талаас бусдын заавар зөвлөгөө амьдралд хэрэгтэй байдаг шүү дээ?

-Хүний амьдралд ээж аав нь ч оролцдог гэдэг. Энд товчхон маш сонирхолтой хариулт хэлье. Шведийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авахаар очиход тэр надад ерөөсөө юу ч зааварлаж, захиагүй. “Хүн ярих хэрэгцээтэй учраас найз нартаа, ээж аавдаа, нөхөртөө ч юмуу сэтгэлээ хөнгөлөөд гаргах л ёстой. Хүн ярих явцдаа бүх зүйлсээ цэгцэнд оруулдаг“ гэнэ. Миний толгойд замбараагүй бодлууд байгаа. Би хэн нэгэнд ярьж байх явцдаа сэтгэл доторх хэцүү зүйлсээ цэгцлээд явдаг байна. Хүн өөрийгөө хамгийн сайн мэднэ шүү дээ. Яг тэрэн шиг өөрийгөө яг яах ёстойгоо ч бас хамгийн сайн мэднэ. Тэр бүх мэдрэмж, ойлголт надад л бий.

Тэгэхээр би өөрөө бүгдийн хариу юм байна. Яах ёстойгоо хамгийн их мэдэх хүн нь би хэрнээ зүгээр тархин дотор нь бүх зүйл холилдсон учраас төөрөлддөг. Сэтгэлд замбараагүй холилдсон олон зовлонг яг яахаа мэдэхгүй учраас хүнд тусламж хэрэг болдог. Харин сэтгэл зүйчид энэ бүх замбараагүй зүйлийг эмх цэгцэнд оруулж, зангилааг нь гаргаж өгдөг юм билээ. Тэгээд хамгийн сүүлд яриад дуусахдаа юунд асуудал байгааг ухамсарладаг гэнэ. Өөрөө өөрийнхөө учрыг өөрөө олчихдог. Тэгээд бүх юмаа яриад ойлгосны дараа сэтгэл зүйч “Чи дотоод сэтгэлээ хэн нэгэнд уудлаад гаргаад ярих л ёстой. Дараа нь хов болох вий гэж битгий ай. Угаас ховыг хэзээ ч зогсоож чадахгүй, чамайг бодох бусдын бодлыг ч өөрчлөх боломжгүй. Нэгэнт чамайг буруу ойлгосон хүн буруу ойлгодгоороо л ойлгоно. Чи тэрийг зогсоож чадахгүй. Хамгийн гол нь чи өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалгүй, эрүүл саруул л байх ёстой. Зүгээр л хэнтэй юугаа ярих ёстойгоо категиорлоод ярь. Харин зөрүүлээд чамайг зуун хувь таньж мэдэхгүй тэр хүмүүсээс ирэх зөвлөгөөг битгий сонс” гэж хэлсэн. Өөрийнхөө бүх юмыг гаргаж хаячихаад зөрүүлээд нөгөө найз нар нь зөвлөгөө өгөхөөр сонсохгүй байна гэдэг нэг талаараа хүнийг ашигласан юм шиг байгаа биз. Тэгэхээр ярих хэрэгцээтэй ч, хэнд юуг ярихаа л шийдэх хэрэгтэй.

-Эрчүүд тэр болгон сэтгэлээ дэлгээд яриад байдаггүй. Гэтэл хосын харилцаанд хоорондоо ярилцаж ойлголцох шаардлага зайлшгүй чухал. Таны хувьд нөхөртэйгөө хэр ярилцдаг вэ ?

-Эрэгтэй хүн эхнэртэйгээ биш өөр хүнтэй ярилцахыг хүсээд байвал эмэгтэйчүүд бидэнд асуудал байна гэсэн үг. Яагаад өөртэй чинь ярихгүй өөр хүнтэй ярих сонирхолтой байна. Тэгвэл эмэгтэйчүүд бид сайн сонсогч биш, ярих завшааныг олгохгүйгээс болдог юм биш биз. Харин сайн сонсдог байвал нөхөр өөр хүнтэй ярилцах гэж хичээхгүй шүү дээ. Тиймээс хаа нэг тохиодог ярих хэрэгцээг нь маш сайн мэдэрч хангаж өгөх хэрэгтэй юм байна. Тэгснээр хань байх, хос байхын утга учир тодорно.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэл Баабар “Гэрийн авгайгаас төрийн авгай” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа. Тэрээр “Айдас, хүйдэс, дарангуйлал тогтоох гэж оролдож байгаа бол одоо зогс” гэлээ.

ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэтгэвэр, боловсрол зэрэг таван салбарт яаралтай шинэчлэл хийх хуулийн төслүүдийг өргөн барина гэв.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт Нэрт нийтлэл Баабар “Гэрийн авгайгаас төрийн авгай” хэмээлээ.

“37-р точка” киноны Солонгын дүрийг чадварлагаар гаргасан залуу жүжигчин Ц.Номинтой ярилцлаа. Ярилцлагыг IX нүүрнээс уншаарай.

НҮБ-ын шалгуурт тэнцэн энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй БНӨСУ дахь энхийг сахиулах UN­MISS ажиллагааны НҮБ-ын Цагдаагийн албаны Монгол Улсын багийн ахлагч, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 31-33 градус дулаан бороо орохгүй


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, Их Нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаан бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 22, Буд гариг. Билгийн тооллын 2, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Энэ өдөр нохой житнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Их халуун болох улирал 17 цаг 23 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Энэтхэгт зарим бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийхэд үргэлжлүүлэн хамтрахаар тогтов

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг долдугаар сарын 21-нд хүлээн авч уулзав. Элчин сайд М.П.Сингх Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсад элэгсэг дотно ханддаг Элчин сайдтай уулзаж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкараас халуун дотно үгтэй захидал ирүүлсэнд талархал илэрхийлж, Элчин сайд М.П.Сингхээр дамжуулан хариу мэндчилгээ дэвшүүлэв.

Талууд Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов.

Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг “COVID-19” цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа хэрэгжүүлэхээр ярилцав. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд онцгой ач холбогдол өгч байгаагаа мэдэгдээд Энэтхэгт саатаад буй монгол иргэдийг эх оронд нь буцаан авч ирэхэд дэмжлэг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

“Олимп” спорт цогцолборын шав тавих ёслол Түргэний аманд боллоо

Зуны дунд хар морин сарын гурван хөх, хар нохой өдрийн морин цагт буюу өнгөрсөн баасан гарагт Монголын самбо бөхийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал тохиолоо.

Тодруулбал, дээрх холбоо нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн “Олимп” спорт цогцолбор ордны шав тавих ёслолыг Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор орших Түргэний аманд үйлджээ.

Ёслолын үйл ажиллагаанд Монгол самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх, Монголын самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Ганболд, Х.Ангар, Э.Содномжамц, Д.Гантөмөр, П.Мөнхбаяр, Монголын самбо бөхийн холбооны спорт хариуцсан гүйцэтгэх захирал, гавьяат тамирчин Ж.Баярсайхан тэргүүтэй холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцов.

Энэхүү “Олимп” спорт цогцолбор ордон нь спорт заал, бэлтгэлийн заал, үзэгчдийн суудал, VIP заал, ресторан, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, душ, саун, бассейн, граш, машины зогсоол, сагс, хөлбөмбөгийн талбай, худаг, уурын зуух, нөөцийн цахилгаан станцт гэсэн бүтэцтэй баригдах аж.

Мөн бөхийн бүх төрлийн өвөл, зуны бэлтгэл цугларалт, сургуулилт хийх бүрэн боломжтой тул олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах боломжтой болох нь ээ.

Иймд сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлийн тэмцээнийг хүлээн авах боломжтойгоор ордны барилгын зурагт тусгасан байна.

Түүнчлэн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү шав тавих ёслол хийснээр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд барилга угсралтын ажил хөрөнгө санхүүний боломж чадамжаас шалтгаалан ирэх арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-21-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь нэг жилээр хасах шүүхийн шийдвэр гарлаа

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургаадугаар сарын 17-нд Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга цолыг нь хураах тухай шийдвэр гаргасан.

Тэгвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн байна. Ийнхүү түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ, барилдах эрхийг хоёр биш нэг жилээр хасах болгож өөрчилжээ. Ингэж нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд маргасан хугацааг тооцуулсан аж.

Categories
мэдээ нийгэм

“Mongolian Choppers” мото клубийнхэн “Яараад яахав дээ!” аянд нэгджээ

“Яараад яахав дээ!” аянд “Mongolian Choppers” мото клубийнхэн нэгджээ

“Mongolian Choppers” мото клубийн энэ зуны анхны аялал VII сарын 1-10-ны хооронд болжээ. Тэд “Хархорин-Тариат-Тосонцэнгэл-Хяргас-Улаангом” чиглэлээр 3000 км аялжээ. Мото клубийнхэн аяллынхаа явцад Архангай аймгийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Яараад яахав дээ!” аянд оролцож, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажилласан байна. Сонирхуулахад, жил бүр зохион байгуулагддаг “Талын салхи-2020” олон улсын мото фестиваль коронавирусийн цар тахлын улмаас цуцлагдсан юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Залилах гэмт хэрэг буурчээ

Монголбанк, ХААН банк, ЦЕГ-тай хамтран санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нягтлах тусам аюулгүй” аяныг 4 дүгээр сарын 20-ноос 6 дугаар сарын 20-нд орон даяар зохион байгууллаа.

Энэ оны I сард Монголбанк, Монголын банкны холбоо, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба хамтарч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг нэг сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсөөд байсан юм.

Иймд Цагдаагийн байгууллагаас Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран олон нийтэд нөлөөлөх цуврал аяныг хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо 2020 оны эхний 6 сарын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болж тус тус буурчээ.