Categories
мэдээ улс-төр

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын хуралдаанаас:

  • Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх
  • Мал, махны экспортыг бүх хэлбэрээр дэмжих, нэмэгдүүлэх
  • Отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах, тууврын замд хяналт тавих
  • Байгаль, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн талаархи урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж байх
  • Малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх график гаргах, жирэмсэн, 0-5 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын хяналтад байлгах зэргийг бүх сайд, холбогдох агентлагуудын дарга нарт даалгав.

Мөн:

  • Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих
  • Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг заасан хэмжээнд бүрдүүлэх
  • Малчид, мал бүхий иргэдийг өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан хадлан, гар тэжээл бэлтгүүлэх
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн улсын хилийн зурвас газрын ойролцоо хадлан бэлтгэх талбайг говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад ашиглуулах, дэмжлэг үзүүлэх
  • Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог урьдчилан гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээний дагуу өвөлжүүлж, хаваржуулахдаа газар нутгийн маргаан гаргахгүй байх
  • Отроор өвөлжих, хаваржих малчдыг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах

Малчин өрхийн талаархи мэдээллийг аймаг хоорондоо солилцож, отроор яваа үед нь тухайн орон нутаг эмнэлгийн тусламж /ялангуяа яаралтай тусламж/ үзүүлэх бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зэргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Зуншлагын байдал

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулгаас үзвэл 2020 оны 7 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 40 хувьд дунд, 20 гаруй хувьд тааруу. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байна. Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ.

Тухайлбал Дундговь аймгаас 1,331 малчин өрх нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаа мэдээ иржээ.

Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна.

Мал, мах бэлтгэл

Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ.

2019 онд 11 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд энэ оны долоодугаар сарын байдлаар 10 мянга орчим тонныг нь худалдан борлуулаад байна.

Бэлчээрийн усан хангамж

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бат-Эрдэнэ: Үер устай гээд сэрэмжлүүлээд байхад иргэд хэнэггүй, хайхрамжгүй байдлаасаа болж амиа алдсаар байна

ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Наадмын үеэр усанд осолдож амиа алдсан тохиолдол их гарлаа. Ер нь улсын хэмжээнд хичнээн дуудлага ирсэн бэ?

-Баяр наадмын амралтын өдрүүдэд үер, усны ослын холбогдолтой 38 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын 222 алба хаагч 39 нэгж техниктэй ажиллаж 146 хүний амь насыг аварч, үер, усанд осолдсон таван хүүхэд ,насанд хүрсэн 12 хүний цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч ажилласан. Үүнд Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг, Төв аймгийн Лүн суманд хоёр, мөнгөнморьт суманд нэг, Говь-Алтай аймгийн Халиун суманд нэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд нэг, хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гурав, Улаан-Уул суманд тав, Дорнод аймгийн хэрлэн суманд нэг иргэн усанд осолдсон байна. Ер нь он гарсаар найман аймгийн 13 сум, нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрт 45 удаагийн тохиолдлоор 70 хүн үер, усны ослоор амь насаа алдсаны 16 нь хүүхэд байна. Усны осолд амь насаа алдсан 22 тохиолдол нь Улаанбаатар хотод, 39 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн.

-Дуудлага ирэхэд цаг алдахгүйн тулд хэрхэн бэлэн байдлаа хангасан байдаг вэ. Зарим дуудлагад хэрхэн аврах ажиллагаа явуулснаа тодруулж болох уу?

-Онцгой байдлын байгууллага нэгдүгээр сарын 30-наас хойш “КОВИД-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. үндэсний Их баяр наадмын өдрүүдэд албаны хэмжээнд үер, ус, зам тээврийн осол, байгалийн аюулт үзэгдэлтэй тэмцэх чиглэлээр хүн хүч, техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажилласан. Дээр дурдсан 38 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Тухайлбал, Дорнод аймгийн халхгол сумын нутаг дэвсгэрт “Буйр” нууранд завьтай зугаалж явсан есөн хүн нуурын гүн рүү салхинд туугдан алга болсныг халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангиас аврах ажиллагааг зохион байгуулж таван том хүн, дөрвөн хүүхдийг нуурнаас эсэн мэнд гаргасан. Увс аймгийн Завхан сумын нутагт хяргас нууранд хийлдэг завьтай нэг хүүхэд эргээс холдон алга болсныг тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт 5-8 насны дөрвөн хүүхэд “Гүрэмийн нуур”-нд завьтай зугаалж байгаад салхинд туугдан нуурын төв хэсэг рүү явж алга болсныг тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сумын нутагт Орхон аймгийн төвөөс Хөвсгөлаймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан “Санни-15” загварын суудлын автомашин гурван зорчигчтой усанд боогдсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газраас ажиллаж, автомашиныг татан гаргаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 29 настай, эрэгтэй ухаан алдсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байгаа.

-Нийслэлийн тухайд?

-Нийслэлийн Хан-Уул дүүрэг “Туул” голд хүн живсэн тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги-105 эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 32 настай, эрэгтэй “Туул” голд урсаж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эсэн мэнд аварсан. Багануур дүүрэг “Хэрлэн” голд нэг хүн урссан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн 49 настай, эрэгтэйг эсэн мэнд аварсан.

Мөн автомашинтай зорчиж яваад усанд суусан, саатсан дуудлага Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт нэг дуудлага ирсэн. Онцгой байдлын байгууллагын 17 алба хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж, дөрвөн автомашиныг уснаас татан гаргаж, 25 иргэний амь насыг аварсан байна.

-Саяхан автомашинтайгаа усанд осолдож нэг машинд явсан таван хүн эндэж, нэг жирэмсэн эмэгтэй амьд үлдсэн байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайд “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд “Ланд крузер-80” загварын авто машинаар зорчиж явсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат иргэн Б 49 настай эрэгтэй, С 48 настай эмэгтэй, Б 26 настай, эмэгтэй, Б 20 настай эрэгтэй, Б 10 настай эрэгтэй, Т 4 настай эрэгтэй нар авто машинтайгаа Бэлтсийн голыг гатлах гэж байгаад урссан харамсалтай осол гарсан. Энэ сарын 15-нд 19:00 цагийн орчимд уг осол болсон бөгөөд авто машин урсах үед иргэн 26 настай эмэгтэй иргэн Б эсэн мэнд гарч явган явсаар энэ сарын 16-ны 23:00 цагт Хатгал тосгонд ирж тус аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн газрын алба хаагчид болон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэд нийт 28 хүний бүрэлдэхүүн энэ сарын 17-ны 09:27 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан усанд осолдсон иргэдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

-Ялангуяа амралт зугаалгаар явсан хүмүүс усанд осолдох, машинтайгаа галд өртөх, үер усанд амиа алдах тохиолдол эрс нэмэгдчихлээ. Юутай холбоотой байна вэ?

-Онцгой байдлын байгууллага, Ус цаг уурын байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд маань хүлээн авч, ахуй амьдрал, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж сураагүй байгаатай холбоотой. Баяр наадмын өдрүүдэд усархаг бороо орно, гол, мөрөн, хуурай сайр, үерийн амнаас хол байх, баталгаатай гүүр, замаар аюулгүй байдлаа ханган зорчих талаар сэрэмжлүүлэг, анхааруулга өгсөөр байхад иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, хүүхэд багачуудад тавих хараа хяналт суларсан, томчууд нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй. Тиймээс гол мөрөн, нуур усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, нэг нь нөгөөдөө хяналт тавих, хүүхдүүдээ гол усны эргээс хол байлгах, баталгаатай гүүр, гарам гарцтай газраар автомашинтай зорчих хэрэгтэй. Мөн автомашин, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж хөдөлгөөнд оролцох, үерийн усыг гатлах гэж яарахгүй байж, хүлээх хэрэгтэй байна.

-Зугаалж явсан иргэд хоёр хүүхдээ хээр орхиод хүртэл явсан байна. Энэ байдал иргэдийн хайхрамжгүй байдал их байгаагийн илрэл биз дээ. Бүхэл бүтэн хүүхдээ мартана гэдэг байж болох уу. Үүнтэй адилхан аялж яваад сураггүй болсон гэх тохиолдол хэд хэд байх шиг байсан?

-Энэ нь иргэдийн нөгөө л хэнэггүй, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй юм. Амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, нэг нь нөгөөдөө хяналт тавьдаг ялангуя бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа хэзээч сулруулж болохгүй. Жишээлбэл, Булган аймаг, Хутаг-Өндөр сумаас Орхон аймгийн чиглэлд гэр бүлийн хамт зорчиж явсан иргэн 41 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ алга болсон. “Айрхан” нууранд живсэн байж болзошгүй тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, иргэн Б-г Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар малчин айлд байхад нь эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн. Энэ бол цэвэр иргэний хэнэггүй байдалтай холбоотой.

-Хөдөө орон нутгийн айлууд үерт нэлээдгүй өртөж хохирол амссан байсан. Энэ талаар?

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар энэ сарын 12, 13-нд усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 33 алба хаагч, дөрвөн автомашинтай даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажилласан. Мөн Улаангом сумын “Гашууны гол”-ын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан 25 алба хаагч, таван автомашин, аймгийн Цагдаагийн газрын 13 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн таван алба хаагч, хоёр автомашин, орон нутгийн дөрвөн иргэн, хоёр автомашин, нийт 47 хүн, 14 автомашинтай ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2200 гаруй автомашинуудыг татаж гаргасан.

-Ой хээрийн болон ахуйн түймрийн дуудлага хэр их байгаа вэ?

-Энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн түймэр 14 аймгийн 67 сумын нутаг дэвсгэрт 119 удаа гарч нийт 225109 га талбай өртөж шатсан, ахуйн болон объектын гал түймрийн 2060 удаагийн дуудлагад ажилласан байна.

-Ер нь цаашдаа амарч, зугаалж яваа иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Баяр наадмын амралтын өдрүүд дуусч байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө орон нутагт зорчих иргэдийн тоо буурахгүй байна. Наймдугаар сард Увс аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн баруун хэсгээр буюу амралт зугаалгын бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Тиймээс цаг уурын байгууллага болон онцгой байдлын байгууллагаас мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх, бусдад дамжуулах. Үерийн эрсдэл бүхий газар болон өндөр хүчдэл, цахилгааны шугамны ойролцоо бууж, суурьшихгүй байх хэрэгтэй. Мөн болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Ялангуяа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол, мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй баймаар байна. Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих хэрэгтэй. Харин тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. 74 хүн эмчилгээнд байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр онгоцоор 383 хүний сорьцод давтан шинжилгээ, VII сарын 2-нд АНУ-аас ирсэн 25 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 15 хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өчигдөр Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 хүн ирсэн. Мөн Австрали Улаанбаатарын онгоцоор 00:54 цагт 48 хүн ирсэн. Тэдний сорьцыг цуглуулж шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын усны шинжилгээний хариу бохирдолгүй гарчээ

Хөвсгөл нуурын уснаас өнгөрсөн Баасан гарагт дээж аван, шинжилгээ хийсэн билээ.

Шинжилгээний хариу ямар гарсан талаар Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэгээс тодруулахад “Нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй, зүгээр гарсан” гэлээ.

Эргэн сануулахад, Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг мэдээллийн дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллан уулын үер бууж, нуур руу орж байгааг тогтоосон юм.

Тухайн үед булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүйг холбогдох газрууд мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

Хөгжим бүжгийн коллежын гадна машин шатжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежын дэргэд машин шатжээ. Галын дуудлага 07.22-ны өдрийн 00:04 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Уг дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын албан хаагчид автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын БМВ 320а загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан аж.

Categories
мэдээ нийгэм

Х.Оргил-Эрдэнэд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2020.0721/ Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд долоон сая төгрөгийн торгууль ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан байна.

Мөн авлига өгсөн хэрэгт буруутгагдсан БНХАУ-ын иргэн Лиу Хоннианд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан аж. Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компаниас 24 сая төгрөгийн хахууль авч байгаад АТГ-д баригдсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орохыг анхаарууллаа

Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст аагим халуун болохыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Чулуунбилэг: Намын дарга болвол АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина

Ардчилсан намын даргад нэр дэвшиж буй улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль боллоо. Ардчилсан намыг энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулах хэмжээнд оролцох болов уу гэсэн хүлээлт байсан ч дахин сөрөг хүчин боллоо. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ удаагийн ялагдал дээр 2016 оны сонгуулийн дүнг тооцоод үзэхээр нийт найман жилийн хугацаанд АН сөрөг хүчний байр суурин дээр ажиллах шаардлагатай болж байна. Хоёр дахь удаагаа ялагдал хүлээсэн явдалд Ардчилсан намын гишүүд, ардчилалд хайртай, дэмждэг хүмүүс янз бүрийн л байр суурь илэрхийлж байгаа. Улс төр судлаач, сонгуулийн штабд орж ажилласан хүнийхээ хувьд гурван үндсэн шалтгаан байна уу гэж харж байгаа. Нэгдүгээр шалтгаан нь Сонгуулийн тухай хууль. Эрх баригч МАН нийт сонгогчдын 33 орчим хувийн саналыг авсан хэрнээ нийт эрх мэдлийн 80 гаруй хувийг авч буй нь Сонгуулийн тухай хууль болохгүй байна гэдгийг харуулж байна. Сонгогчдын олонхын санал авсан улс төрийн хүчин биш, олонх болж чадаагүй улс төрийн хүчнүүдээсээ хамгийн олон санал авсан нам бүх эрх мэдлийг авдаг гаж тогтолцоо байна. Энэ утгаараа АН-ын болон бусад бүх намын ялагдалд Сонгуулийн тухай хууль шууд шалтгаалсан. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдал байна. Надад байгаа мэдээллээр Үндсэн хууль хэлэлцэх үеэр Сонгуулийн тухай хууль ямар хэлбэрээр байх вэ гэдэг ажил хэрэгч маргаан мэтгэлцээн өрнөж байхад эрх баригч намд солонгосчууд ирж зөвлөсөн. Тэгэхдээ танай нам нийт сонгогчдын 50 хүртэлх хувьдаа таалагдахгүй байгаа учраас жижиг тойргоор эсвэл холимог тогтолцоо, дэвшилтэт тогтолцоог оруулж ирэх юм бол ялахгүй. Харин эрх мэдлээ хадгалахын тулд томсгосон мажоритар буюу олон мандаттай тогтолцоогоор яв гэдэг зөвлөгөөг өгсөн гэж сонссон. Миний хувьд үүнийг үнэн байх гэж бодож байгаа. Учир нь яг энэ цар тахлыг ашиглаад БНСУ-д сонгууль болоход эрх баригч нам нь үргэлжлүүлээд ялсан. Энэ технологийг үндсэнд нь хуулбарлачихав уу даа гэж харж байгаа. Бидний гол алдаа бол сонгуулийн стратегиа буруу сонгосон явдал. Энэ удаад нэг сонгогч-нэг санал гэх сонгуулийн ардчиллын үндсэн зарчим эвдэгдээд нэг сонгогч гурван санал өгч, Үндсэн хуулийн эсрэг гэж хэлж болохуйц тогтолцоо руу явсан.

Ийм нөхцөлд МАН болон бусад нам гэсэн хоёр том блок үүсгэх шаардлагатай байж. Хэрвээ бусад намууд нэгдээд МАН-ын эсрэг блок үүсгээд орсон бол Засгийн эрх авах боломжтой байсан. Тэгэхээр АН дангаараа орсон нь сонгуулийн стратегийн алдаа байж, бид ядаж ардчиллын үзэл баримтлалд ойролцоо намуудтайгаа эвсэж орох ёстой байжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Гуравдугаарт, бид эрх баригч намтай бус Монголын төртэй өрсөлдлөө. Цар тахлаар дамжуулж бүх зүйлийг хаадаг, хориглодог, хүчний байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлдэг, заналхийлдэг, тухайн улстөрчдийн болон нэр дэвшигчдийн хувийн мэдээлэл рүү чөлөөтэй нэвтэрдэг, тэр битгий хэл хорьж, ялладаг ийм тогтолцоо руу орчихлоо. Ийм төрийн хүчирхийллийн нөхцөлд намын жирийн гишүүдийн ажиллах урам зориг, итгэл үнэмшил хангалттай өсөж чадсангүй. Харамсалтай нь энэ үед АН-аас гарсан Монгол Улсын Ерөнхийлөгч ардчиллын талд байсангүй. Бараг эрх баригчдын тодорхой хэсэгтэй ойрхон байна уу даа гэж харагдлаа. Сэлэнгэ аймагт болсон сонгуулийн жишгийг харахад л ийм байна. Тийм ч учраас АН-ын даргын ажлаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойлголцож чадаагүй” гэж хэлсэн болов уу гэж бодож байгаа.

-Дээрх шалтгаануудаас гадна намын дотоод эв нэгдэл ялагдалд нөлөөлөв үү. Энэ намд байсан хуучны гэгдэх улстөрчид нэр дэвшигчдийг сонгоход оролцсон нь ялагдлын нэг шалтгаан байсан гэдэг нь хэр бодитой вэ?

-Ер нь сонгууль бүрээр л 76 хүн нэр дэвшиж, бусад нь гомдоод үлддэг жамтай. Мэдээж гомдол, чирэгдэл байсан. Гэхдээ намын дотоод эв нэгдэл энэ удаагийн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж харахгүй байна. Сонгуулийн дүнд нөлөөлсөн гэхээсээ илүү цаашдаа Ардчилсан намын бүх харилцаа дүрэм журмаараа явах, улс төрийн намын хувьд нэг дарга, нэг эрх мэдэлтнээс үл хамаарсан дүрэмтэй байх ёстой гэх итгэл үнэмшилд их хүнд цохилт боллоо гэж харсан. Тийм учраас дээр хэлсэнчлэн намын гишүүд маань идэвхтэй, урам зоригтой ажиллаж чадсангүй. Түүнээс АН-аас гомдогсод гарч, тэр нь ялагдалд хүргэчихсэн гэж харахгүй байна.

Бүх зүйл дүрмийн дагуу явж байгаа гэж байсан боловч нэр дэвшигчдийг сонгох эцсийн мөчид шийдвэрийг “Шонхор” фракц дангаараа гаргачихсан. Өнгөрсөн хугацаанд дүрмийн шинэчлэл маш сайн болсон ч нэг алдаа нь улс төрийн нам фракцгүй байх ёстой юм байна гээд ихэнх фракцууд тарчихсан. Харин “Шонхор” фракц л үлдсэн байж. Тус фракц нэр дэвшилтийг дангаараа шийдсэн нь ардчилсан намын гишүүдийн сонгуульд ажиллах урам зоригт мэдээж сөргөөр нөлөөлсөн.

-Сонгуульд ялагдал хүлээсэн учир намын дүрмийн дагуу АН-ын удирдлагууд огцорсон. Мөн дүрмэндээ заасны дагуу намын даргын сунгаа, сурталчилгаа тодорхой хугацаанд явах ёстой. Гэсэн ч намын даргаа сонгох энэ үйл явц хойшилсоор байна. Ямар шалтгааны улмаас ингэж хойшлоод байна вэ?

-Намын үндсэн дүрмийн дагуу намын дарга т хариуцлага хүлээн автоматаар огцорсон. Түүнээс гадна тухайн УИХ-ын тойргоос хэрвээ УИХ-ын гишүүн сонгогдоогүй бол хамаарах Үндэсний бодлогын хорооны гишүүд нь хариуцлага хүлээж автоматаар огцордог. Өнөөдөр АН-ын үндсэн бүтцийн байгууллага болох ҮБХ 400 гаруй гишүүнтэй хэдий ч УИХ-д 11 гишүүн сонгогдсон учир багцаагаар 55-56 ҮБХ-ны гишүүн нь л дүрмийн утгаараа хүчинтэй. Одоо Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо хоёр л хүчинтэй байгаа. Ийм нөхцөлд дүрмийнхээ дагуу намын даргын сунгаагаа хийхгүй бол АН өөрөө дүрмийн хямрал руу явна.

АН сая Засгийн эрхийн төлөө том намынхаа хувьд өрсөлдөөд ялагдсан. Хэрвээ одоо АН дүрмийнхээ дагуу явахгүй бол Монголын ардчилал ялагдах, улс төрийн намуудын шинэчлэлийн тэргүүнд эгнээнд явж байдаг тэр улс төрийн хүчин өөрөө дотоод ардчилалгүй болох аюул ирнэ.

-Намын дүрмийнхээ дагуу явахгүй гэх байр суурь байгаа хэрэг үү?

-Маргаан бол байна. Миний хувьд дүрмийн дагуу явах ёстой гэж үзэж байгаа учраас намын даргын сунгаанд бүртгүүлсэн. АН дүрмийнхээ дагуу эхлээд намын дотоод сунгаагаа хийж намын даргатай болж, тэр намын дарга нь Их хурлаа зарлан хуралдуулах ёстой. Тэр Их хурлаараа намын дараагийн шинэчлэл, зорилго зорилт юу байх вэ, дүрмэндээ юуг тусгах уу, намрын орон нутгийн, хаврын Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох вэ гэдгээ шийдээд явах ёстой.

Намын даргын сунгааг хүчтэй, ил эсэргүүцэж байгаа хэсгийг харахад хоёр төрлийн байр суурьтай хүмүүс байх шиг. Нэгдүгээрх нь, хэрвээ АН дүрмийнхээ дагуу сунгаагаа явуулах юм бол олон нэр дэвшигч гарч ирээд намын гишүүдийг хагална. Ингэж хагарвал намар болох орон нутгийн сонгуульд сөрөг гэх тайлбарыг тавьж байгаа. Энэ нь дунд шатныхан буюу орон нутгийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой хүмүүсээс гарч буй санал. Огт үгүйсгэх санал бол биш.

Сунгаагаа явуулахгүй Их хурлаа хуралдуулъя гэж байна. Их хурлаа хуралдуулахын тулд дүрмээрээ ҮБХ-ны хурлыг зарлан хуралдуулах ёстой. Гэтэл ҮБХ байхгүй, ихэнх гишүүд нь автоматаар огцорчихсон. Тэгэхээр дүрмийн бус ҮБХ-ны хурал болно, дүрмийн бус Их хурлыг зарлан хуралдуулж таарна. Ийм зүйл боллоо гэхэд бидний 10 жилийн турш үзсэн зовлонг дахин эхлүүлнэ. Таалагдаагүй хүн гарч ирэх юм бол энэ бол дүрмийн бус, АН-аа аваръя гээд дараагийн шинэчлэгчид гарч ирнэ, намынхаа үүдэнд жагсана, тэмцэнэ, дахин өөр фракц үүснэ. Энэ зовлон руу л явж байна гэсэн үг. Тэр ч утгаараа энэ яавч зөв шийдэл биш.

Хоёр дахь хэсэг нь АН-аас гарч сонгуульд бие даасан, салан тусгаарлаад өөр нам байгуулчихсан, эсвэл сонгуулийн үеэр бусад улс төрийн хүчнүүд дээр илт ажиллачихсан хүмүүс намдаа эргэн орж ирж шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа. Тэдгээр хүмүүс орж ирлээ гэхэд намын одоогийн дүрмээр бүх шатны сонгуульд нэр дэвших эрх нь найман жилийн хугацаанд хаалттай юм. Дүрмийн боломжгүй байгаа учраас тэд одоогийн дүрмийг өөрчилье гэж хамгийн их дуугарч байгаа болов уу. Тэрхүү шаардлагыг ч гэсэн ойлгож байгаа. Энэ хүмүүст хандаж хэлэхэд дүрмийнхээ дагуу намын даргын сунгааг явуулж, намын даргыг баталгаажуулах Их хурал дээрээ тэрхүү дүрмийг өөрчилж нэр дэвших, идэвхтэй оролцох эрхээ нээж болно. Өнгөрснийг бус ирээдүйг харах нь эрүүл юм. Тэгэхгүйгээр заавал дүрмийн бус Их хурал хийгээд байх шаардлагагүй.

-Намын даргын сунгаа хойшлоод байгаа шалтгаан нь дээрх өөр, өөр байр сууриудтай холбоотой байх нь.

-Тийм. Тодорхой сонирхлууд байгааг шулуухан хэлчихлээ шүү дээ. Манай нам энэ сонирхлуудаа нийлүүлэхийн тулд нэн тэргүүнд дүрмээрээ явах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Тодорхой хэлж мэдэхгүй юм. Угтаа энэ асуудлыг намын дүрмээрээ шийдэхгүй бол АН-д үүсэх дотоод хэрүүл тэмцэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөргөөр нөлөөлнө. Намар болох орон нутгийн сонгууль гэхэд ардчилсан нам учраа олчихсон, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль дээр бид эв нэгдэлтэй оролцох хэрэгтэй. Одоо байгаа Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж л таарна. Ардчилсан намаас гадна МАН, Та бидний эвсэл, Хүн намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас өрсөлдөөн улам нэмэгдэнэ. Хуулиараа нийт ард түмнээс тавь дээр нэмэх нь нэг санал авна. Дөрвөн хүн өрсөлдөж байх үед тавь дээр нэмэх нь нэг гэсэн санал авах магадлал маш бага. Санал маш их хуваагдана. Ирэх ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж харж байна. Тиймээс миний байр суурь бол одоо Ардчилсан нам эрх баригчдаас бусад улс төрийн намуудтай ярилцах, магадгүй нэг эвсэл болж орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд орох асуудлыг ярих ёстой. Одоогийнх шигээ дотооддоо бужигнаад байх юм бол Х.Баттулга Ерөнхийлөгч дахин ялалт байгуулах магадлал улам багасна.

-Ерөнхийлөгч ч гэсэн үүнийг соргогоор харах ёстой байх, тийм үү?

-Туршлагатай, мэдээлэл сайтай том улстөрч үүнийг харж байгаа байх гэж бодож байна. Сунгаа хийхгүй Их хурлаа хийхийг дэмжих, намын 200.000 орчим гишүүдийн оролцоогүй 1000 хүний заалны сонгууль хийхийг Ерөнхийлөгч дэмжвэл гарах дотоод зөрчил өөрийнх нь сонгуульд эрсдэлтэй. Тийм учраас ирэх хаврын сонгуулийг бодож ардчилсан намын бодитой нэг лидерийн хувьд аль болох эв нэгдлийг эрхэмлээсэй, талцуулах бус нийлүүлэхийг илүү чухалчлаасай гэж хүсч байна. Тийм үүрэг хүссэн, хүсээгүй өөрт нь бий.

-АН-ын даргын сунгаанд ямар хүмүүс оролцох нь тодорхой болоод байна вэ?

-УОК-ын хорио наймдугаар сарын 1-ний өдөр цуцлагдангуут АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгаанд бүртгүүлсэн хүмүүсээ дуудаж, нэр дэвшигчийн үнэмлэх өгөх ёстой. Гэхдээ намын даргын сунгаанд оролцоход тавьж буй шаардлагад тэнцсэн хүмүүстээ нэр дэвшигчийн үнэмлэх өгөх ёстой. Түүний дараа хэн нэр дэвших вэ гэдэг нь албан ёсоор тодорхой болно. Одоогоор нэр дэвших хүсэл сонирхолтой байна гэдэгээ илэрхийлсэн 10 хүн байгаа гэсэн. Ямар хүмүүс байгааг би ч сайн мэдэхгүй байна.

-Та АН-ын даргаар сонгогдвол энэ намд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх вэ?

-АН-д хүссэн хүсээгүй байгалийн ч, нийгмийн ч аль ч утгаараа үе солигдож байна. Нэг, хоёрдугаар эгнээнийхэн явцгааж, гуравдугаар эгнээнийхэн орж ирж байна. Үүнийг би сайн талтай гэж харж байгаа. Ямар нэгэн зүйлээр барьцаалагдаагүй, асуудалд орооцолдоогүй, нэр хочгүй хүмүүс орж ирж байна. Шинэ залуучууд намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлж байна гэдэг тодорхой хайрцаг, фракцын бус соёлтой хүмүүс орж ирэх нь гэсэн үг. Тэр ч утгаараа намын даргын сунгаа илүү өрсөлдөөнтэй, чөлөөтэй, эрүүл болж, магадгүй хэний ч бодож байгаагүй хүмүүс гарч ирэх боломжтой байна. Энэ нь ч ардчиллын давуу байдлыг харуулах болов уу.

-Орон нутгийн сонгуульд ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ?

-Нэр дэвшигчийн тухайд АН гурван зүйлийг хийх шаардлагатай байна гэж харж байгаа. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо Үндсэн хуулиа найман жилийн турш хөндөх боломжгүй. Тиймээс сонгууль пропорцианал системд шилжихгүй нь тодорхой болчихсон. Жижиг мандат эсвэл саяын томсгосон тойрог, бүр үүнээс ч том тойргоор сонгууль явуулж магадгүй. Ийм нөхцөлд АН алдсан стратегиа буцааж авах ёстой. Ингэхийн тулд АН эв нэгдлийг эрэлхийлдэг, бусад намыг өөртөө нэгтгэдэг нам болох хэрэгтэй. Миний хувьд АН-аас гарч явсан, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй хүмүүсээ урина. Ингэ байж АН илүү хүчирхэг, том, эв нэгдэлтэй болно. Мөн Ардчилсан үзэл баримтлалтай биш ч гэсэн МАН-ын эсрэг байдаг бусад намуудыг эвсэлд уриалахаас өөр аргагүй. Үүнийг есдүгээр сард яаралтай хийж байж бид орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно. Хэрэв АН намар болох орон нутгийн сонгуульд ялагдах юм бол Монгол Улсын хоёр том намын нэг байхаа болино. Гурав, дөрөв дэх нам болж, ХҮН зэрэг шинэ дүр төхтэй намууд байр суурийг нь эзэлнэ. Тиймээс хамгийн түрүүнд бид орон нутгийн сонгуульд олон суудал авах ёстой.

-Мөн Ардчилсан нам гишүүдтэйгээ очиж уулзах ёстой байх?

-Тийм. Одоо байгаа дүрмийн хамгийн том давуу тал нь бүх зүйлийг гишүүдээрээ шийдүүлж байгаад л оршиж байна. Яг үүр дээрээ байгаа жирийн гишүүн дээр очоод яагаад ялагдав, яаж шинэчлэгдэх вэ зэргээр санаа бодлыг нь сонсох хэрэгтэй. Тэрхүү санаа, оноог намын даргын сунгаагаар Монголын 21 аймгийн, есөн дүүргийн бүх бүтцэд оруулж хийх ёстой. Тэгэхгүй хэсэг бүлэг ухаантай хүмүүс энд ялагдчихлаа гэж шуугилдаад л, одоо ингэж шинэчлэл гээд суух нь бодит шинэчлэл биш. Намын жирийн гишүүдээсээ асууж, тэдэнд урам зориг өгч, дахиж сэдэлжүүлэх ёстой. Хамгийн хүнд асуудал нь бид дахин ялагдлаа. Найман жилийн ялагдлын дүнд энэ намд жирийн гишүүн үлдэхээ болино. Тэд энэ хугацаанд АН-ын гишүүн байсныхаа төлөө ажилгүй, амьдралгүй, эрх баригчдын дарамтан дор байна. Яг л манай партизануудын туулсан тэр хүнд амьдрал шиг. Ядаж л жирийн хорооны иргэн хүртэх ёстой нийгмийн халамжийн үйлчилгээгээ ч хүртэж чадахгүй. Энэ байдал цааш удаан үргэлжилбэл тэр айл бүрэн сүйрнэ шүү дээ.

Би дарга болсонгүй, УИХ-ын гишүүн болж чадсангүй гээд байгаа хүмүүсээс илүүтэйгээр Ардчилсан намын 200 мянган гишүүн үнэхээр хүнд байдалд хоцорч байгааг л бодох хэрэгтэй байна. Энэ хүмүүсийг дахиж бүртгэж, намд нь идэвхжүүлж эрх ашгийг нь хамгаалах нь дараагийн Ардчилсан намын даргын хийх ёстой хамгийн том ажил. Эхний алхам нь АН-ын жирийн гишүүдийг бүгдийг нь намын татвараас чөлөөлөх ёстой. Би өөрөө намын бүтцэд ажиллаж байсан хүн. Намын гишүүний татвараар ажилладаг нам байдаггүй юм. Намын гишүүдийн татварын мөнгө тухайн жилд зарцуулагдаж байгаа намын нийт төсвийн арван хувьд нь ч хүрдэггүй. Үлдсэн 90 хувийг өөр арга замаар л босгодог.

Түүнчлэн намын дэмжигчдийг олонх болгох ёстой. Олонх болгохын тулд бүтцийн шинэчлэлт хийхээс өөр ямар ч арга байхгүй. Намын одоогийн бүтэц босоо тогтолцоо буюу коммунист тогтолцоотой юм. Одоо намын тогтолцоог шинэчилж, хэвтээ тогтолцоотой болох шаардлагатай байна. Намын дэргэдэх байгууллагуудыг мөн хамгийн түрүүнд шинэчилж сум, дүүрэг, хороодод байдаг босоо тогтолцоо биш клубийн систем рүү оруулах хэрэгтэй. Эдгээр клубүүд нь өөрөө сонирхлоороо л нэгдэнэ, намын гишүүн байх албагүй, дэмжигчийн статустай байхад л болно. Тухайлбал, ардчилсан үзэл баримтлалтай сэтгүүлчдийн, дугуй унагчдын, инжнерүүдийн гэх мэт клубүүд байх боломжтой. Тэдгээр нь өөрсдөө нэгдээд тухайн салбартаа юу хийж болох вэ, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт үүнийгээ яаж оруулах вэ гээд ярилцдаг байх хэрэгтэй. Ийм чиглэл рүү, зөв систем рүү явахгүй бол энэ том бүтэц цааш явах ямар ч боломжгүй.

Энийг хийхгүй бол Ардчилсан намыг тэжээх супер баян хүн уралдаж хайдаггүй бол төрийн эрх мэдэлд байгаа сайн ах нар залдаг одоо байгаа алдаагаа давтмааргүй байна. Намын дарга болгохдоо мөнгөтэй хүн л хайдаг, одоо ч гэсэн манайхны сэтгэхүйд амь бөхтэй байсаар байна. Намын даргад өрсөлдөх хүсэлтээ гаргасны дараа олон хүн утасдаж чи мөнгөгүй байж яаж болох юм гэж асууж байх жишээтэй.

Эцэст нь, Ардчилсан нам, сөрөг хүчний хамгийн сайн манлайллыг үзүүлэх ёстой. Монгол Улс ардчилсан улс байх уу, үгүй юү гэдэг асуудал дараагийн дөрвөн жилийн хугацаанд шийдэгдэх түвшинд ирчихлээ. Одоогийн эрх баригчдыг хараад байхад бүх зүйлийг л төрд авах гэж санаархаж, хувийн өмчийг үзэн ядаж байна. Мөн төрийн өмчийг гуйвуулдаг, хувийн хэвшлийнхнийг дарамталдаг, татвар нэмдэг, хууль хүчний байгууллагуудаар далайлгадаг, хувь хүний эрх мэдэлд халддаг болсон. Гадаад бодлогын хувьд гуравдагч хөршүүдээс аль болох холдож, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ гэх зэргээр дагуул улсын хувь заяагаа шинэ хэлбэрээр орох эрсдэлтэй боллоо. Тэр ч утгаараа тусгаар тогтнол, эрх чөлөө Монгол Улсад сүүлийн 30 жил байсан энэ үүлэн чөлөөний нар болоод дуусах уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Үүний эсрэг л ирэх дөрвөн жил Ардчилсан намын удирдлага манлайлж ажиллах ёстой. Сүүдрийн Засгийн газар байгуулж, одоо байгаа 11 гишүүнтэйгээ, нэмээд Ерөнхийлөгчтэйгөө ойлголцоод цаашаа явахгүй бол маш хүнд байдалд орно. 2024 онд ардчилал ялж чадахгүй бол Монголын ардчилал тун хүнд байдалд орно. Үзүүлэнгийн хэдэн жижиг намтай, эрх баригч нам нь үргэлж засаглаж байдаг Оросын улс төрийн жишгээр л явах болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Санжаадамба аварга дураа хүрэхээр барилдаад, дургүйгээ хүрэхээр болиод Монгол төрийн наадмаар тоглоод ч байх шиг

Цар тахлын үеийн наадам санасныг бодоход сайхан болох шиг боллоо. Ер нь тэгээд бөх, морь нь будлиангүй, хэл амгүй болчихвол болох нь тэр. Өнөө жилийн хувьд шинэ аваргатай, шижигнэсэн залуу заан, харцага, начингуудтай наадам болов. Бөхчүүд тэр энэ нь гэлтгүй сайхан барилдлаа. Харин Ч.Санжаадамба аварга маань сэтгэлд хүрсэнгүй. Тавын даваанд Өмнөговь аймгийн харьяат шинээр харцага цол хүртсэн Ц.Одбаярт тахимаа өгсөн. Бараг л буугаад өгчих шиг харагдсан. Ямар ч идэвхгүй, тэсрэлтгүй, урам зориггүй, үлбэгэр барилдсан учир “буугаад өгчихлөө” гэж хардаж байна л даа. Ганц энэ удаад ч биш, Ч.Санжаадамба улсын аварга цол хүртсэнээс хойш үнэндээ урагшгүй байгаа. Монгол бөхийн хамгийн дээд цолонд хүрсэн аварга тухайн цолныхоо хэмжээнд л барилдах учиртай. Д.Сумъяабазар 2006 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол хүртсэн. Аварга болсныхоо дараа жилийн наадмын долоогийн даваанд Б.Сайнбаяр заанд өвдөг шороодсон. Үнэн хүчийг үзээд унасныг бөх сонирхогчид бүгд мэднэ. 2008 онд мөн долоогийн даваанд Говь-Алтайн өндөр Н.Ганбаатарыг амлаж барилдаад яалт ч үгүй дийлэлгүй унасан. Ингээд хоёр жил дараалан долоогийн даваанд бүдэрсэн Д.Сумъяабазар цаашид барилдалгүйгээр зодог тайлсан юм. Энэ тухайгаа “Аварга цолтой бөх цолныхоо хэмжээнд барилдах ёстой. Миний хувьд залуучуудыг үнэхээр дийлэхээ больсноо 2008 онд Ганбаатартай барилдаад унахдаа ойлгосон. Улсын аварга цолонд хүрчихээд төрийн наадамд долоо давж чадахгүй байгаа юм чинь барилдаад яах юм. Аварга хэмээх өндөр цолны нэр хүндийг тэгж унагаад яахав гээд зодог тайлсан” гэж телевизийн нэвтрүүлэгт орохдоо ард түмэндээ хандан хэлж байсан.

Улсын аварга цол хүртсэнээсээ хойш дор хаяж таван жилийн наадамд тухайн бөх түрүү үзүүр юм уу, их шөвгийн дөрөвт баттай зогсож байх ёстой гэдэг. Хэрвээ бөхчүүдээ үнэхээр дийлэхгүйд хүрсэн бол Д.Сумъяабазарын жишгээр зодог тайлахаас өөр гарцгүй. Ч.Санжаадамбыг Д.Сумъяабазар шиг зодог тайл гэж байгаа юм биш. Харин ч бэлтгэл сургуулилтаа сайтар базааж, монгол бөхийн аварга цолны эрэмбийг хадгалж, аварга гэдгээ мэдрүүлж барилдахыг ард түмэн шаардах цаг нь болжээ. Ч.Санжаадамбын хувьд 2016 онд 10 давж түрүүлэн аварга болсон. Дараа жилийнх нь наадамд тавын даваанд өвдөг шороодсон. Наадамчид санаж байгаа байх, тавын даваанд Г.Ганжад гэж Төв аймгийн залууг амлаж барилдаад будлиантай болсон. Г.Ганжадын тохой түрүүлж газардсан ч хөлийн цэцийн шийдвэрээс Ч.Санжаадамбыг унасанд тооцож байсан. Ингэж ид үеийнхээ наадмыг залуу аварга луйвардуулсан. Харин сүүлийн хоёр жил аварга бараг барилдсангүй. Өнгөрөгч жилийн наадмын долоогийн даваанд Б.Гончигдамбыг амлаж барилдаад тахимаа өгсөн. Хүмүүсийн яриагаар бол Ч.Санжаадамыг Гончигдамбадаа өгчихлөө гэж дуулдсан, үнэн эсэхийг мэдэхгүй юм. Барилдааныг нь харахаар тийм ч сүрхий эсэргүүцэл үзүүлэлгүй, нээрээ л “яриа хөөрөө”-нд орчихов уу гэж хардахаар. Тэгтэл өнөө жилийн наадамд бүр шөвгөрч чадалгүй тавын даваанд тахимаа өглөө. Өмнөговийн Ц.Одбаяр, Ч.Санжаадамба хоёр “Ажнай” корпорацийн бөхчүүд. Үндсэндээ аварга маань нэг компанийнхаа бөхөд хэвтээд өгч байгаа хэрэг. Ч.Санжаадамба аваргатай насны хувьд бараг чацуу гэж болохоор Увсын С.Мөнхбат аваргыг аваад үзье. Одоогоос бараг 10 жилийн өмнө буюу 2011 онд аварга цол хүртсэн С.Мөнхбат төрийн наадамд үнэн хүчийг үзэж барилдаж байна. Яагаад бөх сонирхогч олон С.Мөнхбат аваргыг жудагтай сайхан бөх гэж хүндэтгээд байгаа юм. Тэрээр үзэгч олноо, бөхөд дуртай Монголын ард түмнээ хүндэтгэж унасан ч давсан ч үнэн хүчийг үзэж барилдаж байгаа. Аварга болсноосоо хойших арван жилийн наадамд үнэн хүчийг үзэн зодоглож байна. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Д.Рагчаа гарьд, Г.Өсөхбаяр аваргууд тав, зургаагийн даваанд амлаад унаж өгч байхад С.Мөнхбат аварга долоогийн даваанд буюу зааны даваанд амлаж барилдаад давж байсан.

Олимпийн аваргын найраанд ороод заан болговол бүрэн болохоор л байсан, гэвч тэгээгүй. Үнэн хүчийг үзээд давсан. 2018 оны наадмаар байх, С.Мөнхбат аварга мөн долоогийн даваанд Завханы Т.Бэгзсүрэн гэж залуу харцагыг амлаж барилдаад давж байсан. Т.Бэгзүсүрэнгээ заан болгох гэж Завханыхан С.Мөнхбат аваргад тоймгүй их мөнгө амласан дуулддаг. Гэвч аварга мөнгөнд унаагүй, аварга цолныхоо эрэмбийг хадгалж шилдэг залуу хүчтэнээр долоо давж наадамчдаа баярлуулсан. Ч.Санжаадамбаа, өөрийн чинь үеийн С.Мөнхбат аварга бөхийн дэвжээгээ хүндэтгэж, аварга хэмээх өндөр дээд цолны эрэмбийг хадгалж ингэж барилдаж байна. Мөн Ч.Санжаадамбын дараа аварга болсон Намсрайжавын Батсуурь байна. Тэрээр аварга болсноосоо хойш монгол төрийн наадамд сүүлийн гурван жил дараалан түрүү үзүүрт шалгарч хуучны алдарт аваргуудын эрэмбээр барилдаж байна. 2018 онд Ч.Санжаадамбаар ес давж түрүүлсэн Н.Батсуурь өнгөрөгч жил Хэнтийн Э.Оюунболдтой, өнөө жил Увсын П.Бүрэнтөгстэй түрүү үзүүрт үлдлээ. Хэрвээ Э.Оюунболдын допингийн асуудал шийдэгдвэл Н.Батсуурь даян аварга болохоор байгаа. Аварга цолонд хүрсэн бөхчүүд ингэж барилдаж байхад Ч.Санжаадамба аварга та нэг л барилдаж өгөхгүй юм. Үндсэндээ дураа хүрэхээр барилдаад дургүйгээ хүрэхээр болиод, айлын эрх нялцгай хүүхэд шиг зан гаргаад байгаа чинь ямар учиртай юм бэ. Ард түмнээ үл хүндэтгээд байгаа юм шиг эс бөгөөс аварга цолоо үл хүндэтгээд байгаа юм шиг энэ байдал чинь эцэстээ монгол төрийн наадмаар тоглоод байгаа юм шиг тийм сэтгэгдлийг наадамчдад төрүүлээд, тун эвгүй харагдах юм. Аварга цолтой ид барилдаж даян аварга, дархан аваргын төлөө зүтгэн өөрт буй бүхий л хүч бяр, ур ухаанаа уралдуулах байтал тавын даваанд тахимаа өгөхөөр үнэндээ урамгүй байх юм. Санжаадамба та аварга цол хүртээд ердөө дөрвөн жил л болж байгаа. Хуучин цагт бол Д.Дамдин, С.Мөнхбат нарын аваргууд төрийн наадамд таван жил дараалан түрүүлж байсан. Ид залуу иртэй байгаа үедээ барилдмаар байна ш дээ. Түүнээс биш энэ цаг үеийн ганц дархан аварга байж муу барилдлаа гэж Өсөхөө аваргыг бид хэмлээд байгаа биш. Нас нь 40 гараад явчихсан Г.Эрхэмбаяр аваргыг муу барилдлаа гэж хэлээгүй. Ч.Санжаадамба аварга таныг сайхан барилдаач ээ, ард түмнээ баясгаж, өөрийг тань үнэн сэтгэлээсээ дэмждэг олон түмэнд цэнгэл баярыг эдлүүлээч гэдгийг хэлж захиж байна. Дээрээс нь аварга гэдэг цолонд хүрээд боллоо, одоо надад мөнгө хэрэгтэй гэж та бодоод ч байгаа нь хөөрхийлөлтэй харагдах юм. Эд хөрөнгөөс илүү эрхэм нэр төр чухал. Аварга цолонд хүрээд санаа амрах биш, харин ч өндөр хариуцлага үүрч, төр түмний соёрхсон энэ цолыг хүндэтгэж даян, дархан аварга болохын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ ард түмний их хайр, төрт ёсны хүндэтгэлийг та хүлээх болно. Бөх хүнд бэртэл гэмтлээс аваад олон л саад бэрхшээл байлгүй яахав. Тэр бүгдийг ойлгож байна. Гэхдээ л Ч.Санжаадамба аварга таны дураа хүрэхээр барилдаад, дургүйгээ хүрэхээр болиод байгаа энэ байдал хэрээс хэтрээд байна уу даа. Алдар цолонд хүрэх амархан, харин түүнийг хадгалж явах хэцүү гэдгийг аварга маань эрхбиш ойлгодог байлгүй дээ.

Э.БАЯРХҮҮ

Categories
мэдээ цаг-үе

Автомашины хөнгөн цагаан өндөрлөгөө, ачааны брэндийн эзэн Д.Эрдэнэсайхан

Монгол залуу автомашины гупер, өндөрлөгөө, ачаа зэрэг арваад нэр төрлийн эд анги, тоноглолыг үйлдвэрлэж, олон зуун хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанар, хийцээрээ танигджээ. Өөрийн хүч хөдөлмөр, ур ухаанаар эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнес нь амжилттай яваа Д.Эрдэнэсайханы үйлдвэрээс “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Түүний ажлын байр Баянхошуунд 112-ын буудлаас шороон замаар баруун салж өгсөөд төв замаас ердөө 200 метрт байрладаг юм байна. Биднийг өчигдөр өглөө 10 цагийн үед очиход хашааных нь гадна дөрөв, таван жижиг, том оврын машин зогсож байлаа. Автомашиндаа өндөрлөгөө, ачаа хийлгэхээр хүлээж байгаа жолооч нар аж. Эднийх 0.7 га хэмжээтэй хашаанд хоёр давхар үйлдвэрийн том барилга барьжээ. Д.Эрдэнэсайхан биднийг хашааныхаа үүдэнд угтаад “За даа, би тун завгүй л байна даа. Өглөө эрт л уулзах байж дээ. Ажлын цагаар ярилцах зав гарах нь уу даа. Урьд шөнөжин ажилласан. Захиалга ихтэй байна” гэсээр дотогш оруулав. Үйлдвэр дотор гагнуур, үйлдвэрийн том машины дуу чимээ хангинаж, зургаан залуу зэрэг ажиллаж байгаа харагдлаа. Сонины сурвалжлагч ирсэн гэж анзаарах ч завгүй хамгаалалтын малгай, шил зүүсэн залуучууд амсхийх завгүй ажиллацгаана. Харин захирал Д.Эрдэнэсайхан биднийг үйллвэртэйгээ танилцуулах үеэр түүний утас зогсоо зайгүй хангинаж, захиалгууд ар араасаа орж ирсээр байв.

Үйлдвэрийн доод давхартаа том гарааштай юм байна. Ланд 200, Lexus 570 зэрэг жийп машинууд харагдав. Энэ хэсэгт үнэтэй, дээд зэрэглэлийн машинуудад тусгай захиалгын дагуу ачаа, гупер зэрэг нэмэлт тоноглолуудыг хийж, суурилуулдаг юм байна.

Гадаа ирсэн жолооч нартай уулзахад ихэнх нь машиндаа өндөрлөгөө хийлгэхээр зорьж ирсэн гэцгээв. “Приус” маркийн машины жолооч 30 гаруй насны залуу “Эдний өндөрлөгөө маш сайн юм билээ. Манай ах зааж өгсөн юм. Цэвэр хөнгөн цагаанаар хийдэг учраас зэвэрч мууддаггүй, цуурч хагардаггүй, эдэлгээ сайтай гэсэн. Би энд ирэхээсээ өмнө эдний “Хөнгөн цагаан авто тоноглол” гээд фэйсбүүк хаяг руу нь орж үзсэн. Манай улсын стандартын шаардлага хангасан төдийгүй, олон улсын стандартад ч нийцсэн чанартай өндөрлөгөө үйлдвэрлэдэг юм билээ. Яг л манай Монголын цаг агаар, зам харгуйд таарсан янзтай эд гэж жолооч ярьдаг шүү дээ. Би хэд хэдэн хүнээс сонсоод ирсэн. Өндөрлөгөөгөө хийлгэж аваад хөдөөгүүр гэр бүлээрээ аялах гэж байна. Манайх шиг бартаа ихтэй замтай газраар аялахад жижиг суудлын тэргэнд өндөрлөгөө шиг хэрэгтэй юм байхгүй шүү дээ. Монгол залуучууд сэтгэлээ шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон хүнд танигдаж, нэр хүндтэй байгаад бахархаж байна. Миний хувьд аль болох үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжихийг боддог” хэмээлээ.

Д.Эрдэнэсайхан үйлдвэрээс гарч ирээд дуу чимээнээс хол газар түр амсхийе гээд хашааны хойно байрлах саравчиндаа урилаа.

Үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ хамгийн анх ногоо тарьдаг хүлэмжиндээ хийж эхэлсэн гэнэ. Анх Портер машины ачаа хийж байжээ. Ажил нь урамтай байсан учир үйл ажиллагаагаа өргөжүүлээд үйлдвэрийнхээ цехийг барьж, ажилчдынхаа тоог нэмээд явж байгаа гэлээ. Одоо үйлдвэрийнхээ байрыг дахин өргөтгөхөөр төлөвлөжээ. Байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд 10 мянган гаруй тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлээд байгаа юм байна. Үйлдвэрийн ажилд Д.Эрдэнэсайханы ах Д.Эрдэнэбилэг тусалж гол ажлыг нугалж өгдөг гэнэ. Түүний аавыг Ц.Дондогсамба гэдэг.Увс аймгийн харьяат. Тэтгэвэртээ суусан ч зүгээр сууж чадахгүй үйлдвэрийн ойр зуурын ажилд тусалж их ажлыг нугалж өгдөг байна. “Аав маань гарын дүйтэй. Бага байхаас л ойр зуурын янз бүрийн зүйл хийхдээ намайг оролцуулж зааж өгдөг байсан. Ааваасаа их юм сурсан маань өнөөдрийн энэ ажилд маань их хэрэг болж байна гэж боддог. Хамгийн найдвартай ар тал бол гэр бүл байдаг шүү дээ” хэмээгээд “10 дугаар ангид байхад багш маань маргааш олимпиад болно, бэлдээд ороорой гээд даалгавар өгсөн юм. Нэг өдрийн л хугацаа байсан. Тэгээд даалгаврыг нь хийгээд маргааш нь зохион бүтээх олимпиадад орсон. Сонгинохайрхан дүүрэгтээ нэгдүгээр байр эзэлж, хотод гуравдугаар байранд орж байсан. Энэ үеэс би өөрийгөө техник сэтгэлгээ сайтай юм байна. Энэ сэтгэлгээгээ хөгжүүлээд явбал амжилт олох юм байна гэдэг итгэлийг олж авсан. Барилгын инженерээр ажиллаж байгаад ер нь хүн өөрийнхөө хамгийн сайн чаддаг, гол нь дуртай ажлаа хийх ёстой юм байна гэж бодоод зохион бүтээх ажлаа сонгож, автомашины тоноглол хийж, юм бүтээж ажиллаж үзье гэж шийдсэн минь энэ” гэв.

Д.Эрдэнэсайхан Улаанбаатар хотод 1985 онд төржээ. Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийг дүүргэсэн аж. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС-ийг Барилгын инженер мэргэжлээр 2008 онд төгсөж, “Их үйлслийн эрэлд” компанид мэргэжлээрээ ажилд орсон байна. “Баянмонгол”, “Их монгол” хорооллыг барихад инженерээр долоон жил ажилласан аж. Энэ хоёр хорооллын хөрсийг нь ухахаас эхлүүлээд түлхүүрийг нь гардуулж өгөх хүртэлх бүхий л ажилд гар бие оролцсон тухайгаа дурсав. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ганц нэг жижиг барилгын ажил дээр хувиараа ажиллаж байгаад компаниа байгуулсан түүхтэй аж. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт Зайсанд өөрийн барьсан хаусандаа амьдардаг бөгөөд ажил дээрээ хонож ажиллах үе их байдаг гэдгээ хэлж байв. “Энэ хашаанд миний бага нас өнгөрсөн шүү дээ. Аавынх маань энэ хойд талын байшин. Ажил дээрээ хонон өнжин сууж ажиллах үе бий. Аав, ээжийнхээ дэргэд ажиллаж байгаа учраас хоол, цайгаар тасрахгүй амар байдаг шүү” гэж яриа дэлгэв.

Эрдэнэсайхан “Монголын эдийн засаг нүүрсний салбараас ихээхэн хамааралтай. Гадагшаа урсаж байгаа долларын урсгалыг багасгахад монгол хүн бүр ямар нэг байдлаар үйлдвэрлэл явуулах ёстой. Монголын эдийн засгийг хүчирхэг болгоё гэвэл дотооддоо үйлдвэрлэгч орон болох ётсой. Долларынхаа нөөцийг гадагш нь алдахгүйн тулд эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын эдийн засаг тогтвортой байх юм байна гээд сэтгэл шулуудаад ажлаа эхлүүлсэн. Тэгээд үйлдвэрийн салбар руу орж үзье, ажиллаж үзье гээд хоёр жил болж байна. Анх хаягдлаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Хаягдал төмрөөр том, жижиг автомашины ачаа хийж эхэлсэн. Одоо ачаанаас гадна олон тоноглол хийдэг болоод хэрэглэгчдэд танигдаад байна. Энэ хугацаанд нэг ч удаа танай бүтээгдэхүүн муу байна, болохгүй байна гэсэн гомдол шүүмжлэл ирсэнгүй. Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад шалгарсан, үнэхээр сайн бүтээгдэхүүн гэдгийг бардам хэлэх байна” гэлээ.

Эднийх автомашины өндөрлөгөөг цэвэр хөнгөн цагаанаар үйлдвэрлэдэг юм байна. Эрдэнэсайхан хашааных нь гадаа эгнэж зогссон машинуудаас захиалгаа авах зуураа “Манайх шиг хөнгөн цагаан өндөрлөгөө гэсэн нэртэй адил ижил төстэй олон бүтээгдэхүүн бий. Гэхдээ жинхэнэ хөнгөн цагаан өндөрлөгөө манайхаас л гардаг. Өндөрлөгөөнөөс гадна, жижиг суудлын болон жийп автоашины хөнгөн цагаан тоноглолууд үйлдвэрлэдэг. Автомашины ачаа, өндөрлөгөө, гупер зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Үүнээс гадна барилгатай холбоотой усны нөөцийн сав, барилгын бусад жижиг хэрэглэлүүдийн захиалгууд орж ирвэл хийж үйлчилдэг. Манай хамгийн борлуулалт ихтэй бүтээгдэхүүн бол ачаа, өндөрлөгөө хоёр” гэж сонирхууллаа. Түүхий эдийн олдоц хэр байдгийг сонирхоход “Ямар бүтээгдэхүүнээсээ хамаарна. Өндөрлөгөөний түүхий эдийг нэг газраас гэрээтэйгээр авдаг. Ачаа зэрэг бусад автомашины тоноглолуудын үнэтэй түүхий эдүүдийг Хятад, Оросоос импортоор оруулж ирэхээс гадна заримыг нь Монголоосоо авдаг” гэсэн хариу өгөв.

Эдний үйлдвэр ажиллаж эхлээд хоёр жил гаруй болж байгаа аж. Энэ хугацаанд ажилгүй суусан нэг өдөр байхгүй гэнэ. Д.Эрдэнэсайхан “Захиалга хангалттай байна. Фэйсбүүк дээрээ “Завтай боллоо” гээд постлоход л хангалттай хэмжээний захиалга ороод ирдэг. Өндөрлөгөө гэхэд өдөрт дунджаар 20 машинд, ачаа гэхэд бас 20 машинд гарна. Бас онцгой бүтээгдэхүүний захиалгууд орж ирнэ. Тухайлбал, үнэтэй машинуудын өнгө төрхтэй, загвар шаардсан тоноглолууд хийдэг. Цаг хугацаа, ур чадвар шаардсан ийм ажлын захиалгыг цөөхөн авдаг” гэж яриад ажилдаа шуурхайлав. Түүний утас зогсоо зайгүй хангинаж, байсхийгээд л ажилчид нь дуудаж зөвлөгөө авах юм. Энэ зун дотоодын аялагчид эрс ихэссэн нь эдний үйлдвэрийн ажлын ачааллыг нэмжээ. Аялагч жолооч нар яагаад өөрсдийг нь зорьж ирж, бүтээгдэхүүнийг нь сонгож байгааг сонирхоход үйлдвэрийн эзэн залуу “Манайх эрс тэс цаг ууртай. Дээр нь монгол хүмүүсийн хэрэгцээ шаардлага арай өөр байдаг. Бартаатай зам ихтэй улс гэдэг онцлог бидэнд бий. Дэд бүтэц, зам сайтай бусад улс орны инженерүүд манайх шиг нөхцөлд таарсан эд анги, тоноглол хийж чадахгүй. Ийм учраас л манайд илүүтэй ханддаг байх. Манайх цэвэр хөнгөн цагаанаар хийдэг ч бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй адил үнэтэй байдаг болохоор зорьж ирдэг байх. Хэн ч гэсэн чанартай хэрнээ үнэ нь боломжийн бүтээгдэхүүнийг сонгож таарна шүү дээ. Хүний амь, нас эрүүл мэнд бүгдээс түрүүнд тавигдах ёстой. Тэр утгаараа автомашины тоноглол, эд анги маш өндөр чанартай байх ёстой. Бид ийм л зарчим барьдаг. Ашиг муутай байсан ч чанартай зүйл л хийх ёстой” гэсэн хариу өгсөн юм.

Баялаг бүтээгчдэд тохиолддог нийтлэг зовлон Д.Эрдэнэсайханы үйлдвэрт ч байна. Д.Эрдэнэсайхан “Манай нэг бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй болонгуут хэн нэгэн ченж худалдаж авч яваад Хятадад аваачаад “Яг энийг хийгээд өг” гээд мянга, мянгаар нь хийлгээд аваад ирдэг. Хятад улсад ажиллах хүчний зардал маш бага. Нэг юм сэтгээд жаахан хүч аваад ажиллаад ирэхээр манай ченжүүд урдаас тэр дор нь дуурайлгаад бөөн бөөнөөр нь оруулж ирээд Монголын үйлдвэрлэгчдийг нам дардаг. Тийм учраас Монголд үйлдвэрлэл явуулахад хэцүү байдаг. Энэ асуудал дээр төр засгийн бодлого, дэмжлэг үгүйлэгддэг” хэмээн ярилаа.

“Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгардаг гол асуудал бэрхшээл юу вэ” гэж асуухад Д.Эрдэнэсайхан “Борлуулалтыг л онцолно доо. Зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ таниулах нь хамгийн чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ЖДҮ-ийн зээл өгөх хэрэгтэй, зээл өгвөл хөгжинө гээд яриад байдаг. Зээл, санхүүжилт хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ гол бодлого нь юу байх ёстой вэ гэхээр зээл аваад хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах. Миний гаргасан бүтээгдэхүүн зах зээлд борлогдож л байвал үйлдвэрлэл цаашаа улам л өргөжиж хөгжиж томорно. Бараа бүтээгдэхүүн борлуулалттай, захиалга ихтэй л байвал үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр сайжирна” гэж байна.

“Та жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл бичиж төр засагт хандаж байв уу” гэж асуухад “Би хэдэн жилийн өмнө нэг төсөл бичиж байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулаад Монголд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг худалддаг нэгдсэн том төвтэй болох тухай төсөл. Зардал нь нэг цэцэрлэг барих дайны хэмжээтэй. Архитектор төлөвлөлтийн хувьд монгол гэрийн хэлбэртэй. Тав, зургаан давхар барилгын зураг гаргачихсан байсан юм. Одоо манай үндэсний үйлдвэрлэгчид лангуу түрээсэлж, худалдагч цалинжуулж бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ингэж арван сар ажиллахад л асар их хэмжээний зардал гардаг. Харин ийм худалдааны төвтэй болбол монгол хүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тэр худалдааны төвд аваачаад л тавьчихна. Өөрөөр хэлбэл, тэр төв үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар борлуулж өгнө, борлуулсан хувиасаа нэг юм уу, хоёр хувийг нь авч үлдэнэ, тэр хувийг ашиглалтын зардалд төлж байна гэсэн үг. Яг л супермаркетын зарчмаар ажиллана гээд ойлгочихож болно. Хүнсний дэлгүүрт бусад нийлүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ аваачиж өгөөд зарагдахаар нь хувь өгөөд мөнгөө авдаг шүү дээ. Нэг ёсондоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулж өгөх төв гэсэн үг л дээ. Тэгэхээр цүнх үйлдвэрлэж байгаа хүн цүнхээ л хийхээс лангуу түрээсэлж, хүн цалинжуулж хрудалдагч ажиллуулах ямар ч шаардлагагүй. Ийм төлөвлөлттэй худалдааны төв байвал их зүгээр байна гэдэг төслийг санаачилж хийсэн ч энэ төлсийг дэмжих хүн олдоогүй. Төрийн хоёр байгууллагад хандсан. Тухайн үеийн Аж үйлдвэрийн яам нь авч уулзаад ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ гээд дэмжих гэж байгаа юм шиг л хүлээж авсан ч хэн нь дэмжээгүй. Төрийн албанд ажиллаж байгаа дийлэнх албан тушаалтан мэргэжилтнүүд өөрсдөд нь цавчууртай, ашигтай төсөл юу байна гэж хардаг болохоос төр засагт маань үнэхээр хэрэгтэй юм даа гэж ажлыг хийдэг хүн ховор байна уу даа гэж харсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье, хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй хүмүүс ховор байдаг юм билээ. Блок юм уу хавтан үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид тэнд хандаж болно. Блокоо аваачаад тавих шаардлагагүй шүү дээ. Зурагтаа байрлуулаад бичлэгээр тайлбар нь гарч л байна. Хажууд нь тоосго, блок нь хэдэн ширхгээр дээж нь байж л байг. Шинээр гарч ирж байгаа Монголын бүтээгдэхүүнүүдийн заалтай. Ангилал тус бүрээр тэндээ юмаа худалддаг байвал их зардал хэмнэгдэнэ. Би үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүн. “Монголд үйлдвэрлэв” гээд ганц нэг худалдааны төвүүд бий. Ашиг сонирхол нь Монголд үйлдвэрлэв гэдэг нэрийг ашигласан болохоос үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашигийг хамгаалж тус нэмэр болж байгаа нь байхгүй байна. Миний сонссоноор, нэг худалдааны төвийн түрээс 400 мянган төгрөг, 200 мянган төгрөгийг улсаас аваад, 200 мянган төгрөгийг нь үйлдвэрлэгчдээс авдаг. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн бизнесийг л дэмжиж байна. Зөрүү мөнгийг нь улсаас авна гэсэн юу гэсэн үг вэ. Төр засагт үнэхээр бодлого дутагдаж байна. Монголд бор зүрхээрээ явж байгаа мундаг залуучууд зөндөө байна шүү дээ” хэмээн ярилаа.

Д.Эрдэнэсайхан ирээдүйд арматурын үйлдвэртэй болно гэсэн мөрөөдөлтэй ажиллаж байгаа аж. Тэрээр “Барилгын гол түүхий эд бол арматур, цемент хоёр шүү дээ. Цементийг Монголдоо хийдэг болчихлоо. Одоо арматурыг дотооддоо хийдэг болчихвол гадагшаа гарч байгаа юань, долларын урсгалыг дотооддоо үлдээж болно. Миний хувьд төмөр хайлуулж үзсэн. Үйлдвэрлэлд хэрхэн оруулж ажиллах вэ гээд судалгаануудыг хийнэ. Металл хайлуулж ямар нэг үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжинө гэдэг хэцүү. Монголд металл хайлуулж ойр зуурын зүйл хийдэг үйлдвэр бий. Миний сонссоноор тийм 17 үйлдвэр байдаг гэсэн. Гэхдээ хоёр нь л монгол эзэнтэй. Монгол Улсын хөгжлийг уул уурхайн дараа авч явах салбар бол төмөр, гангийн салбар. Төмөр хайлуулаад бүтээгдэхүүн гаргаад ирсэн үед миний зорилго биеллээ л гэсэн үг” гэж хэлээд дараагийн ажилдаа яарав.