Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, малын махны бэлтгэл, бэлчээрийн усан хангамжийн талаарх ХХААХҮЯ-ны танилцуулгыг сонсов. Өнөөдрийн байдлаар, ноднин нөөцөлсөн 11 мянга гаруй тонн нөөцийн махны 10 орчим тонныг нь худалдан борлуулжээ. Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж тус яам үзжээ. Мөн 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна.
Month: July 2020
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “VII сарын 12-ноос хойш тусгай үүргийн онгоцоор 800 гаруй иргэнээ хүлээн авлаа. I сараас хойш улсын хэмжээнд 14 018 иргэн тусгаарлагдсан бол өнөөдөр 3 042 иргэн тусгаарлагдаж байна. Тав хүртэлх насны хүүхэд 211 байна. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор коронавирус илрүүлэх 30 998 шинжилгээ хийлээ.
Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг шалгаж, эм эмнэлгийн хэрэгсэл, бэлэн байдлыг хангах үүрэг өгсөн. Бид шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн захиалгыг УОК болон Засгийн газарт өгөөд байна. Энэ асуудлыг Улсын төсвийн тодотгол хэлэлцэх үед шийдвэрлэх байх. Тусгаарлах байр болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэд журмаа ягштал мөрдөх хэрэгтэй. Иргэд өгсөн хаяган дээрээ байж, эмчтэйгээ холбогдон эрүүл мэндийн мэдээллээ өгч иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй байна” гэв.
Хоол, хүнс бэлтгэх ДЭМБ-ын 5 түлхүүр зарчмыг баримтлаарай:
1️⃣ Гараа савандаж угаах
2️⃣ Түүхий, бэлэн бүтээгдэхүүн болон хутга, бандан зэргийг тусад нь байлгах
3️⃣ Хоол, хүнсийг гүйцэд болгож хэрэглэх
4️⃣ Хоол, хүнсийг зөв хадгалах
5️⃣ Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах
Байгаль орчны багц хууль, Түүнд нийцүүлэн гарсан холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох этгээдээр зохих стандарт, журмын дагуу хийж гүйцэтгэтгүүлэх зорилгоор “Нөхөн сэргээлт 2020” ерөнхий арга хэмжээг 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар төлөвлөн зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын хоёрдугаар багийн нутагт байрлах Шарга болон Хогоргын голын гүүр усанд автаж тээврийн хэрэгсэл явах боломжгүй болоод байна. Гүүр хаагдсан байгаа учраас Дархадын сумдаар аялагчид болон орон нутгийн иргэд зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна. Мөн ойрын өдрүүдэд усархаг түр зуурын аадар бороо орох төлөвтэй байгаа учраас болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Шинжлэх ухааны академи болон Монголын залуу эрдэмтдийн холбооны төлөөллийг урьж уулзлаа.
Монгол Улс хөгжлийн бүх үедээ шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжсээр ирсэн. Улсын болон салбарын хөгжлийн суурь нь шинжлэх ухааны судалгааны үр дүн байх ёстой. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй хандах хандлага, соёлыг нийгэмд бий болгох шаардлагатайг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд хэлэв. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцалыг салбар, чиглэл тус бүрээр нь судлан арилгах, цэгцлэх Шинжлэх ухааны академи, хүрээлэн, их сургуулиудын хамтын ажиллагааг сайжруулах, хэрэгцээгээ зөв тодорхойлсон, үр дүн гарахуйц судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, академичдийн сургалт, лекцийг багш, оюутанд түгээх, судалгаа, шинжилгээний багт судлаач оюутнуудыг оролцуулах, төслийн сонгон шалгаруулалтыг улам боловсронгуй болгох асуудалд анхаарч ажиллахаа салбарын сайд онцлов.
Уулзалтаар Шинжлэх ухааны академи тэргүүлэн Засгийн газрын даалгавраар судалгааны томоохон ажил хийх, төрийн зарим чиг үүргийг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагад гэрээгээр гүйцэтгэх боломжийг олгох, судалгаа, шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэх, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах талаар ярилцав. Ингэснээр шинжлэх ухааны салбарын санхүүжилт, хүний нөөцийн хөгжилд ахиц гарна гэж үзлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг.
Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09:00-17:00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой юм байна.
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим агентлагын дарга нарыг томилжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг тус тус томилсон байна. Мөн Бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дунджийг 20-100 см, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн голын эх, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг, Алтай нуруунаас эхтэй Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 20 см орчим тус тус даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул:
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
- Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.