Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарын шүүх хурал үргэлжилж байна

С.Баярыг шалгаж дуусчээ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ерөнхий сайд асан С.Баяр, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Оюутолгой төсөлтэй холбогдуулан тэднийг шүүх юм.

Хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 6-наас хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын өмгөөлөгч П.Баасанжав, Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр энэхүү шүүх хуралд ирээгүй тул тэдний хэргийг тусгаарлаж, шүүх хурлын товыг зарлахаар болж шийдвэрлээд байсан билээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Төсвийн тодотгол хэлэлцэх тул шаардлагатай санхүүжилтийн тооцоо судалгааг гаргахыг үүрэг болгожээ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нарын зэрэг хүмүүс оролцож, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон ойрын үеийн тулгамдсан асуудлаар санал солилцов.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уулзалтын үеэр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх болсон тул салбар тус бүрээр хөрөнгө оруулалтын асуудлаар нэмэх, хасах саналаа нэгтгэх, шаардлагатай санхүүжилтийн тооцоо судалгааг гаргах, холбогдох хууль тогтоолын төслийг өргөн мэдүүлэх, эцэслэн батлах хүртэлх бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.

Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Боловсролын 5 багц хууль, Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай, Киноны тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2021 оны төсвийн тухай хуульд оруулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн саналыг бэлтгэхэд анхаарч, ажлаа шуурхайлахыг хүслээ.

Түүнчлэн Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнтэй хянан шалгах ажлын хэсэг байгуулж, салбарын яам, харьяа байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах ажиллагаанд хянан шалгах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: 2021 он хүртэл вакциныг хүлээх хэрэгтэй

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “ДЭМБ-аас мэдээлснээр өчигдөр дэлхий дахинд 202 мянга гаруй шинэ халдвар 4200 гаруй нас баралт бүртгэгдсэн байна” гэв.

Түүнчлэн ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Шинэ коронавируст халдварын эсрэг вакцин бүтээх үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Хэд, хэдэн вакцин эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтад байна. Хэрвээ вакцин амжилттай болбол, аюулгүй байдлыг хангасан гэх гэрчилгээ олгон олон тоогоор үйлдвэрлэнэ. Ингээд дэлхий нийтийн хүртээл болгоход хугацаа шаардлагатай. Тиймээс 2021 он хүртэл вакциныг хүлээх хэрэгтэй болно. Тиймээс үүний наана улс орнууд халдвараас маш сайн сэргийлэх шаардлагатай. Халдварын гинжийг эмнэлгийн бус буюу нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлж таслах боломжтой” хэмээн анхааруулсан гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын усны шинжигээний хариу бохирдолгүй гарсан

Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг мэдээллийн дагуу өнгөрсөн баасан гарагт Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллан шинжилдгээ авч нуурын ус бохирдолгүй ба үерийн улмаас үүссэн тунадас гэдгийг тогтоожээ.

Т.БАТЛХАГВА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. VII сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ, Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй, идэвхтэй тандалтын зорилгоор 14 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ, ажиглах байранд буй 60 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Коронавирусийн халдвар авсан нэг иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тухайн иргэн нь 34 настай эмэгтэй, ХӨСҮТ-д 15 хоног эмчлүүлэн эдгэрлээ. Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна” гэв. ХӨСҮТ-д одоогоор 107 хүн эмчилгээ, тандалтад байгаа бөгөөд дараа дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг хүлээн авах бэлтгэлээ хийж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ төөрсөн хоёр настай хүүг эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын тусгай дугаарын 102 утсанд энэ сарын 21-нд 21:40 цагт Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б-ийн хоёр настай хүү А “гэрээсээ алга болсон” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Энэ дагуу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллаж Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Ц.Алтантулга хүүг гэрээсээ төөрсөн байдалтай байсныг шөнийн 22:00 цагийн үед Булган аймаг Хангал сум Бөхөнгийн давааны орчмоос олж тогтоон эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд он гарсаар 22 хүн усны ослоор эндсэний 7 нь бага насны хүүхэд

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ жил хур бороо болон гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас илүү байгаа гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр “Он гарсаар нийслэлийн хэмжээнд 22 хүн усны ослоор эндсэний 7 нь бага насны хүүхэд байв.

Одоогоор Туул, Хэрлэн голын усны түвшин 10-20 сантиметрээр нэмэгдсэн байна.

НОБГ, Цагдаагийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Тэрэлж, Туул, Хэрлэн гол дагуу завьт эргүүл явуулж байгаа ч усанд осолдох, авто машинтайгаа усанд олноороо суух асуудал гарсаар байна.

Тухайлбал,

  • Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчимд Туул голын усанд 25 настай эрэгтэй живсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиж, усанд осолдсон гэх газраас урсгал дагуу нэг километрийн зайд нас барсан байсныг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
  • Долдугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн Энгэр шандын задгайд эцэг эхтэйгээ амарч байсан 11 настай хүүхэд Туул голын усанд живсэн гэх дуудлагын дагуу ес дэх хоногтоо эрэн хайх ажиллагааг явуулж байна.

25 настай эрэгтэйн хувьд, аялж зугаалж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Иймд иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ногоон бүсэд үхсэн тарваганы талаар хоёр дуудлага ирсэн

НБОГ-аас өгсөн мэдээллээр “Ойрын өдрүүдэд тарваган тахал гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт шалгуур тавих тал дээр анхаарч иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн амьтны талаарх дуудлага сүүлийн өдрүүдэд 15 удаа ирсэн. Үүнд могойны гурав, өмхий хүрэнгийнх тав, бор гөрөөснийх нэг, сарьсан багваахайных хоёр ирсэн байна. НБОГ нь зэрлэг ан амьтан осолдож, гэмтсэн дуудлагыг хүлээж авдаг. Бэртэл гэмтэлтэйг нь эдгээгээд байгальд тавьдаг. Ногоон бүсэд үхсэн хоёр тарваганы дуудлага ирсэн. Тиймээс нийслэлийн иргэд сэрэмжтэй байх шаардлагатай байгаа. Үхсэн, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал манайд, мөн ЗӨСҮТ-д мэдэгдэж болно” гэлээ.

Дээрх хоёрт тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн бөгөөд шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна.

НЭМГ-аас Тарваганы мах, түүхий эдийг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг зөвлөлөө.

Categories
гадаад мэдээ спорт

Юрген Клопп: Бид Фэнүүдийнхээ өмнөөс цом хүртсэн

Английн Премьер лигийн Ливерпүүл клуб өнгөрсөн шөнө өөрийн талбайдаа 30 жил хүлээсэн аваргын цомоо хүртлээ. Цом өргөх үйл ажиллагааны дараа багийн дасгалжуулагч Юрген Клопп хөгжөөн дэмжигчиддээ хүндэтгэл үзүүлж “Бид энэ цомыг фэнүүдийнхээ өмнөөс хүртлээ” хэмээсэн юм.

Премьер лиг өндөрлөхөд нэг тойргийн тоглолтууд дутуу байгаа ч Ливерпүүл клубийн хувьд 2019-2020 оны улиралд талбайдаа хийж буй хамгийн сүүлийн тоглолт байсан учраас ийнхүү цом өргөх ёслол Энфилд цэнгэлдэх хүрээлэнд болсон. Ёслолын өмнө тэд Челси клубтэй ойрд үзэгдээгүй нээлттэй тоглолт хийж 5:3 харьцаагаар хожсон юм.

Английн дээд лигийн 19 дэх, Премьер лиг гэх нэр тодотголтой болсноос хойш анхны цомоо өргөж буй Ливерпүүл клубийн ахлагч Жордан Хэндерсон Твиттер хуудаснаа “Боломжгүй зүйл гэж үгүй. Итгэхээ бүү зогсоо” хэмээн баярын сэтгэгдэлээ хуваалцсан байна.

Коронавируст цар тахлын улмаас лигийн тоглолтууд үзэгчгүй, хаалттай хаалганы ард болсон бөгөөд аваргын цом өргөх мөчид хөгжөөн дэмжигчид байгаагүй. Үзэгчгүй хоосон цэнгэлдэх хүрээлэнд цом өргөх нь өмнөх жилүүдэд байгаагүй хачирхалтай, бас бага зэрэг гунигтай үзэгдэл болсон юм.

Т. Батлхагва

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон УОК-ын гишүүдийн төлөөлөл /2020/07/22/ Иргэдийн онцгой комисс санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Иргэдийн онцгой комисст гадаад улс орнуудад гацсан Монгол Улсын иргэдээс гурван мянга орчим өргөдөл, санал хүсэлт ирсэн тухай Шадар сайдад танилцуулcан юм.

Улсын Онцгой комиссын дарга иргэдийн татан авалттай холбоотой мэдээлэл хүртээмжтэй, ил тод байх ёстой талаарх байр суурийг өнгөрөгч баасан гарагт хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн. Тэр дундаа иргэний өгсөн өргөдөл ямар шатанд байгаа, тухайн иргэн хэзээний нислэгт багтах боломжтой зэрэг мэдээллээр хангахыг чиглэл болгосон.
Энэ дагуу БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраас эхлэн гадаад улс орнууд дахь Элчин сайдын яамд өөрийн шугамаар дээрх чиглэлийн мэдээллийг байршуулан ажиллаж эхлээд байна.

Хоёр тал харилцан санал солилцон, цаашид Улсын Онцгой комиссын гаргасан албан ёсны мэдээлэл дээр үндэслэн ард иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллахаар боллоо.

Иргэдийн онцгой комиссын төлөөлөл Улсын Онцгой комиссын дарга, гишүүдийг цаг гарган хүлээн авсанд талархлаа илэрхийлсэн юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.