Тарваган тахал, коронавируст халдвар COVID-19-ийн өнөөгийн эрсдэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан тарваган тахлын өндөр эрсдэлтэй аймгуудын нэг Архангай аймагт ЗӨСҮТөвийн ерөнхий захирал, доктор Н.Цогбадрах энэ сарын 22-ны өдөр ажиллалаа.
Month: July 2020
Аж ахуйн нэгж, байгууллагад :
• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Хүн хоорондын зай барих тэмдэглэгээ хийх
• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
• Хурал, уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
• Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх
• Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
• Сэжигтэй тохиолдол илэрвэл түр тусгаарлах өрөө бэлтгэсэн байх
Ажилчин, албан хаагчдад :
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Амны хаалт зүүх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
Үйлчлүүлэгчдэд :
• Амны хаалт зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын зай барих
• Аль болох цахимаар үйлчлүүлэх
• Олуулаа ирэхгүй, бага насны хүүхэд дагуулахгүй байх
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан судалгааны баг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллалаа.
Хамтарсан багийнхан “Коронавируст халдвар /COVID19/-ийн талаарх хүн амын ойлголт, мэдлэг, хандлага, дадал” судалгааг Сэлэнгэ аймгийн иргэдээс авсан байна. Судалгааг нийт 350 иргэнээс асуумжаар авчээ. Судалгаанд оролцсон иргэд тус өвчний талаарх эрсдэлийн талаарх ойлголт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээллийн эх сурвалж зэргийг тодорхойлон бөглөж өгсөн байна. Хамтын хүчээр халдвараас сэргийлэхэд бүх нийтийн оролцоо, мэдлэг, ойлголт хамгаас чухал гэдгийг энэхүү судалгааны үр дүн харуулна хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од хэллээ. Энэхүү багийн судалгааны ажил орон даяар үргэлжлэн явагдах юм байна.
ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой гэж тогтоогдлоо. 2020 оны эхний долоон сарын байдлаар 9 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нь гурав нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, нэг нь нас барьсан. Улсын хэмжээнд тарваган тахлын дархлаажуулалт хийж байгаа бөгөөд 41 мянга орчим иргэнийг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ долоо хоногт нэмж 10 мянган хүнийг дархлаажуулна. Ихэвчлэн 15-17 насны эрэгтэй хүүхдүүд тарваган тахлын халдварт өртөж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгч, хавх занга, урхи хэрэглэж тарвага агнахгүй байхыг анхааруулмаар байна”.
Нийслэлийн Боловсролын газраас 2020-2021 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан байна.
Батлагдсан хамран сургах тойргийг үндэслэн хичээлийн шинэ жилийн элсэлтийг наймдугаар сарын 15-25-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Хамран сургах тойрог /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/:
Долоодугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хангилцаг, Хархираа, Түргэн, Алтай нуруунаас эхтэй Ховд, Булган, Турган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Туул, Ховд, Хариг, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна.
Ойрын өдрүүдэд баруун болон төвийн нутгуудаар түр зуурын усархаг аадар бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж зөвлөмж хүргэж байна.
Үүнд:
– Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
– Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
– Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
– Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
– Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг гэм буруутайд тооцлоо. Шүүхээс С.Баярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн таван жил хорих ял оноов. Мөн С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгох, С.Баярыг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
С.Баяр нь 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолоор Оюутолгойн ордын ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийхийг Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЯЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосон.
Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэлд үндэслэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК-нд “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис” компанид 418,385,173,982 төгрөгийн орлого олох боломжийг олгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзжээ.
Улмаар С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийг эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад 2010 оноос 2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртлэх хугацаанд 3,596,148 ам.доллар буюу 5,580,444,337 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцон дараах ялыг оноожээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд /ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэг/-ын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу kоронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион байгуулж байна.Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ХӨСҮТ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, НЭМГ, НЗДТГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийж байгаа юм. Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнийг томиллоо.
Б.Болор-Эрдэнэ нь 2007-2011 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийг Олон улсын харилцааны бакалавр зэргээр, 2011-2014 онд БНСУ-ын Хандон Глобал Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэргээр, 2017 онд Английн Оксфордын Их сургуулийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн.
Ажлын туршлага:
2011-2012 онд Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтэн,
2012 онд Мянганы сорилтын санд туслах мэргэжилтэн,
2013 онд Дэлхийн банкны төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн, 2017 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын Анализ шинжилгээний газар судлаач, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагад гэрээт зөвлөх,
2018 онд Дэлхийн банкны Австрали Улс дах салбарт гэрээт зөвлөх,
2019 онд Английн Оксфордын Их сургуультай хамтарсан “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн ерөнхий зохицуулагч,
2020 оноос өнөөдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эргэн тойронд өрнөж буй тандалт судалгааны тоймоос хүргэж байна. Япон улсын эрдэмтдийн хийсэн голомтын судалгаагаар диско бараар үйлчлүүлэхэд коронавируст халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр гэсэн судалгаа гарчээ. Учир нь хүн хоорондын зай барих ямар ч боломжгүй, хүмүүс маш ойрхон зайнаас харьцдаг ба харанхуй, бүгчим зэрэг нь халдвар амархан тархахад нөлөөлөх юм гэнэ.
АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд Ковид-19-ийн тархалтад хүн хоорондын зай барих арга хэмжээний нөлөөллийг судалжээ. 26 мужийн өвчлөлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 20 мужид хүн амын хөдөлгөөн багассанаар халдварын тохиолдол буурч байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь Ковид-19-ийг бууруулах үр дүнтэй арга бол зай барих гэдгийг баталсан бөгөөд коронавирусийн эсрэг вакциныг өргөн хүрээнд хийх хүртэл хэрэгжүүлсээр байх шаардлагатайг эрдэмтэд зөвлөжээ.
Иран улсын Техран анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд Ковид-19 зөвхөн уушгийг өвчлүүлээд зогсохгүй бүдүүн, нарийн гэдэс, элэг, бөөр, арьс, зүрх, цөс, тархи зэрэг бусад эрхтнүүдийг гэмтээдгийг тогтоожээ. Зарим эмгэг өөрчлөлтүүд нь САРС, МЕРС өвчний шинж тэмдэгтэй давхцаж байгаа бөгөөд судлаачид эмчлэгч эмч нар анхаарах шаардлагатай гэж зөвлөжээ.
Испани улсын эрдэмтэд нийт хүн амын дундах Ковид-19-ийн эсрэг сүргийн дархлааг тодорхойлох зорилгоор 35883 айл өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалжээ. Судалгаагаар нийт хүн амын 5%-д нь эсрэг бие үүссэн ба Ковид-19-ийн эсрэг бие илэрсэн ч дахин халдварлахгүй гэх баталгаагүй, эсрэг бие хэдий хугацаанд хамгаалдаг нь тодорхой бус байна гэж эрдэмтэд үзжээ. Тиймээс ч цар тахлын дараагийн давлагаанаас сэргийлэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ.
Их Британийн Кембриджийн их сургуулийн эрдэмтэд Ковид-19-тэй эхээс төрсөн 58 нярайн 4 буюу 6.8% нь халдвар авсныг баталжээ. Төрснөөс хойш 1-ээс 2 өдрийн дараа шинжилгээ авсан тул төрсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ. Халдвартай эхийн эхэс болон сүүнээс коронавирус илрээгүй байна.
Герман, Австрали зэрэг орны эрдэмтэд олон улсын аялал жуучлал болон цар тахлын хамаарлыг судалсан эдийн засгийн судалгаагаар жуулчдын тоо дунджаар 1%-иар нэмэгдэхэд Коронавируст халдвар авсан иргэд 1.2%-иар, нас баралт 1.4%-иар ихсэж байна гэсэн тооцоолол гарчээ.
Т.БАТЛХАГВА