Categories
мэдээ нийгэм

Онцгойгийн алба хаагчид аврах ажиллагааны багаж хэрэгсэл хүлээн авлаа

‘НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-иас хүлээлгэн өглөө.

Аврах ажиллагааны багаж, тоног төхөөрөмж нь дэлхийд тэргүүлэгч “Холматро” брэндийн автомашины шил зүсэх, тасдах, тэлэх зориулалт бүхий гидр ажиллагаатай 2 хоёр иж бүрдлээс бүрдэж байгаа юм.

Ингэснээр нийслэлийн Аврах анги-105-ын багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, нийслэлийн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг гал түймэр, гамшиг ослоос авран хамгаалахад томоохон хувь нэмэр болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Айдас, хүйдэс, дарангуйлал тогтоох гэж оролдож байгаа бол одоо зогс

-ШҮҮХ, ПРОКУРОР, ХУУЛИЙНХАН ТЭР ЧИГТЭЙ ГАНДЧИХААГҮЙ ГЭЖ БИ НАЙДДАГ-

Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Сонгуультай зэрэгцээд да.ганболд, С.баярцогт, Б.Бямбасайхан нарыг барьж хорьж, анхан шатны шүүхээс ял оноолоо. энэ үйл явдалд та шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?

-Сонгуультай зэрэгцээд гэснээс Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд эхэлсэн. Тухайлбал, дээр дурдсан нөхдүүд чинь бүгд УИх-ын сонгуульд нэр дэвшсэн. Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, үндэсний Аудитын газар, Татварын болоод Цагдаагийн ерөнхий газар гэсэн нэр бүхий арав гаруй байгууллагаас тухайн хүнийг гэмт хэргийн сэжигтэй зүйл хийгээгүй гэж үзвэл сонгуульд дэвших эрх олгодог. Гэтэл шүүх өөрөө энэ Сонгуулийн тухай хуулийг зөрччихсөн, гэмт үйлдэл хийчихсэн. Энэ жишгээрээ монголын шүүхийнхэн улам л гэмт хэрэг хийгээд байх царайтай. хууль нь тийм гажуутай юм байна. Тэдний хэлээр нэр дэвшсэн этгээдүүд, минийхээр нэр дэвшиж байгаа энэ хувь хүмүүс гэмт хэргийн сэжигтэй нь мэдэгдсэн бол сонгуульд нэр дэвшихийг нь болиулчих л ёстой байсан. Гэтэл сонгуульд нэр дэвшээд, нэр хүнд нь өсөөд бараг ялдгийн даваан дээр ирэнгүүт нь бариад хорьчихож байгаа юм. Барьж, хорьж байгаа нь бүр нэг яргаллын царайтай, дандаа баасан гаригт шөнийн 01:00-02:00 цагийн хооронд үйлдэж байгаа юм. Ялангуяа Тэргүүн шадар сайд байсан хүнээ шүү. Би Да.Ганболдын гэм буруутайг мэдэхгүй. Хэн ч байлаа гэсэн гэм буруутайг шүүх тогтооно. Гэхдээ энэ эргэлзээтэй. Тэр 1989 оноос хойш 2000 он хүртэлх нийгмийн шилжилт, шинэчлэлт, өөрчлөлт, хувьслын эрин үеийг бидэнтэй хамт манлайлж, түүчээлж явсан. Тэр тусмаа өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд мэдлэг, боловсролынхоо үр шимийг тэрхүү өөрчлөлт, шинэчлэлтэд оруулсан. Өнөөдрийн монголчуудад юугаараа нулимуулаад байгааг би ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Тэр бол миний хамгийн дотны найз. Би үүнийг маш омог бардам хэлнэ.

Тэр 1990-2000 оны хооронд төрийн албыг түшиж Тэргүүн шадар сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж явахдаа монгол хүн бүрт малыг нь хувьчлах, айл бүрт орон байрыг нь эзэмшүүлэн хувийн өмч болгон өгөх, монголчуудад гадагшаа зорчих эрх бүхий паспорт олгох, суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэх зэргээр зөв бодлогуудыг хэрэгжүүлсэн. Эдгээр нь монголчуудад өнөөгийн амьдралынх нь зөв суурийг нь тавьсан юм. Би найзыгаа өмөөрч, өмгөөлөхөөсөө илүү бахархаж үг хэлмээр байна.

Энэ хүнд хэн нэгнийг хохироох, татвар төлөгчдийн мөнгөнөөс завших хумсын чинээ ч бодол байхгүй. Хүн болгоныг өмчтэй хөрөнгөтэй, хэний ч хараат бус, төрийн дарангуйлал, харгислал дор биш эрх чөлөөтэй амьдрах учиртай гэж нөхөдтэйгөө нийлж дуугарч байсан хүн бол Да.Ганболд. Би нөхдийг нь хамт хэлж байна шүү. Ийм маш цөөхөн хүн байдаг юм. Тэр цөөн хүний тоонд Да.Ганболдоос гадна Э.Бат-Үүл, Баабар, Ц.Элбэгдорж, С.Цогтсайхан нар орно. Гарын таван хуруунд багтах энэ хэдэн лидерийг л би нүүр бардам дурдаж чадна. Өнөөдөр энэ хүмүүсийн зориглож өөрчилсөн өөрчлөлтийг нөмөрсөн монголчууд талархах нь битгий хэл, атаа жөтөөний угаадсанд тархиа зайрмагтуулчихаад тэднийг харааж, зүхэж байна.

-Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг зөрчин байж барьж, хорих шаардлага юу байв?

-Үнэхээр гэм буруутай юм бол сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шүүх, цагдаагаараа явах нь зөв байсан. Энэ хүмүүсийн гэм буруугүй гэдэг нь сонгуульд нэр дэвшсэнээрээ нотлогдож байгаа. Дээрээс нь сонгуульд нэр дэвшсэн хүн хуулийн хүрээнд тодорхой эрх дархтай. Гэтэл тэр хуулийг зөрчиж байна. Монголд хуулийн дор биш хуйвалдаж дарангуйлал тогтоох гэж байгаа хүмүүсийн тэр зэвүүн, зэвхий хүйтэн сэжүүр дор захирагддаг болж.

Нэг сонин зүйлийг би олж хараад байна л даа. Дубайн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Да.Ганболд, Б.Бямбасайхан гэсэн хоёр хүнийг УИХ-ын болоод Засгийн газрын чиглэл зорилгыг биелүүл, биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж. Гарын үсэг зуран биелүүлж. Харин өнөөдөр биелүүлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж байна. М.Энхсайхан Ерөнхий сайд, Да.Ганболд Тэргүүн шадар сайд байсан. Тэд Монголыг шилжилтийн эгзэгтэй үед нь авралцсан. Яагаад аврагчид нь гэмт хэрэгтэн болоод урвагч, шарвагч, гүжирдэгчид нь мандан бадардаг юм бэ. Энэ улбааг хараад байх нь ээ 1923, 1924 оны түүх давтагдаж байна. Тэр үед Солийн Данзан гэж агуу их суут сэтгэгч байсан. Бараг эдүгээгийн үйл явдалтай эн чацуу түрүүлж сэтгэдэг нэгэн байж. Өнөөгийн хэлээр гуравдагч орны хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нэвтрүүлнэ, монгол хүн бүр баян байх ёстой гэж байсан ийм хүнийг Монгол Ардын Намын гуравдугаар Их хурлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн 1924 оны наймдугаар сард цаазаар авсан. Яг ийм үйл явдал өнөөдөр УИХ дотор болж байна. УИХ нь Намын Их хурал шүүх болчихдогтой адилхан болж байна гэсэн үг. Энэ нь хуулийг гууль болгож, замхруулж, уландаа гишгэж байгаа хэрэг. Нөгөө талаар эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд хуулийг өөрт ашигтайгаар эргэлдүүлж байгаа эмгэнэлт явдал.

Да.Ганболд гэдэг хүнийг гарал үүсэл, бүх зүйлээр нь дайрч доромжилж байна. Нэмээд 30 гэр бүл гэж хашгираад байгаа. Ингэж айл өрхөөр нь ялгаварлан гадуурхах нь ардчилсан чөлөөт тогтолцоонд байж болохгүй зүйл. Гучин гэр бүл дотор Монголын төрийн гурван өндөрлөг буюу төрийн гурван сөрдүүлэгч нар ч багтана. Учир нь тэд баян болчихлоо гэж хараагаад байгаа хүмүүстэйгээ адилхан зиндааных, тийм баян хүмүүс. Хэргэм зэрэг, албан тушаалын нэр төрөөрөө гул барьж өөрөөс нь эн давчихсан сэтгэгч, үйл хэрэгтнүүдийг сэгэлдэг ёс улам даварч байна. Тиймдээ ч би Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шуудхан хандаж хэлж байгаа юм. Хэрвээ гэмт хэргийн тухай ярьж байгаа бол энэ гурван хүний гэмт хэрэг, гэмт үйлдэл хуучраагүй байгаа.

-Ямар гэмт хэрэг билээ?

-Хадгаламж банкны дампуурал, тэдний казино тоглосон баримт сэлт ч хэвлэл мэдээллээр явна лээ. Төрийн өгсөн даалгаврын төлөө хүмүүсийг барьж, хорьж байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг бүтэн жил онц байдалтай байлгасан явдал ч хожмын нэг өдөр гэмт үйлдэл болох цаг ирнэ. Төмөр зам барьж байна л гэнэ. Мэдээж барьчихвал сайн хэрэг. Гэхдээ өмнө барихгүй яав, одоо юу хийв гэх зэргээр гэмт хэрэгтэн болно. Тэд энэ урхиндаа хэзээ нэгэн цагт эргээд орооцолдох хуультай юм. Учир нь манай хуулийн тогтолцоо тэр чигтэй гажчихсан. Энэ үйл явц дуусахгүй цааш эргэлдээд л байвал Монголын эмгэнэл болно.

Энэ мэтчилэнгээр тойроод л нэг нэгнийгээ барьж идээд байх хэрэг үү. Цаана байх хувийн өс хонзонгоос болоод Монгол үндэстэн хохирох уу. Амин найзууд гэж нэрлээд байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын хоорондын зөрчлөөс болж бүхэл бүтэн үндэстэн хохирч байх ёстой юм уу. Түүний дайварт мөрөөрөө ажлаа хийж явсан, Их хурал, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн хүмүүс шоронд орж байх ёстой юу.

-Таны хувьд гарцаагүй ардчиллыг өмөөрч, хамгаалж дуугарах хүний нэг мөн. Энэ ч утгаараа үүсээд буй асуудалд Ерөнхийлөгчийг нэр цохон шүүмжилжээ. Ингэж зоригтой дуугарсныг тань олон нийт ч талархууштай хүлээж авч байна.

-Олон нийт надад талархахаасаа илүү аливаа үйл явдлыг бодитой харах хэрэгтэй байна. одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Ерөнхийлөгч гээд хэлчихье, угтаа би ингэж хэлэхдээ дургүй, цээрлэж байгаа. Энэ Ерөнхийлөгч нөхөр бол үе үеийн Засгийн газар, Их хуралд өөрөө байсан. оюу толгой болоод Дубайн төлөвлөгөөг дэмжиж гарын үсэг зурж, энэ төслийг хөдөлгөхийг малгайлан дэмжиж байсан хүний нэг юм байна. Тэгвэл ийнхүү дэмжсэн хүмүүс нь ч гэсэн гэмт хэрэгтэн биз дээ. Би гэмт хэрэгтэн гэж үүнийг хэлээд байгаа юм. ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Х.Баттулга Б.Бямбасайхан гэдэг залууг өөрөө хажуудаа авчирч, “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилжээ. Хүнээр төрийн ажил хийлгэчихээд шоронд хийнэ гэж ямар юм байдаг юм бэ. Энэ нөхдүүд албан тушаалын дон тусахаараа дандаа хүний гараар могой бариулдаг. Хүмүүсээр гарын үсэг зуруулчихаад өөрсдөө ард нь гэмгүй үлдэж, тэднийг шоронд явуулдаг. жишээ нь, Н.алтанхуяг хүргэнээ, бас нэг төрийн өмчит компанийн захирлыг шоронд явуулчихаад өөрөө ард нь үлдчихсэн. Тийм хэрнээ шударга царайлаад самбар дээр юм зураад байгаа. Хамгийн шударга бус, хударгагүй хүмүүс бол З.Энхболд, Н.алтанхуяг, Х.Баттулга нар. Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд суучихаад Ардчилсан намыг буй болгосон хүмүүсийг ичгүүргүйгээр цээрлүүлж байна.

-Угтаа Ерөнхийлөгч эв нэгдлийг хангах үүрэгтэй биш билүү?

-Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хамгаалах, баталгаажуулах. Гэтэл яагаад олон хүнийг хагалан бутаргах зорилготой яваад байна вэ. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд хувийн таагүй асуудал байхгүй. Гагцхүү би хүмүүсийг хагалан бутаргаж байгааг нь л маш буруу гэж хэлээд байгаа юм. Зөндөө их хэлж, бичсэн ч үг авахгүй байна л даа. Тэрээр МаН-тай эвссэн, завшсан, нийлсэн. МАН-ыг 62 суудалтай болоход Ерөнхийлөгч маш их гавьяа байгуулсан. Энэ хүний хорон санаа, савар нь хөдөөгийн бүх сумдад байна лээ, би нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тийм учраас миний дургүй хүрээд байгаа юм. Тиймдээ ч би тэвчихгүй. Тэрний хэн байх надад падгүй. Тэрний хичнээн троллтой байх нь ч хамаагүй. Гар хөл болсон хүн нь намайг заналхийлнэ гэвэл хол, чадахгүй. Надад бол айх зүйл үнэндээ алга. Би хангалттай насалсан. Монгол Улсад ямар нэгэн гэм буруу хийчихээгүй. Би тэрэндээ бардам явдаг хүн.

Зарим хүмүүс намайг тавьтаргүй урваж, шарвасан л гээд байна лээ. Би Баттулгаас, эсвэл өөр хэн нэгэн эрх мэдэлтнээс холдож болно. Гэхдээ би өөрөөсөө хэзээ ч урваагүй, урвахгүй. Надад үнэ цэнэ, үнэн хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй. Тийм учраас би үнэнийг олж харчихаад болохгүй гээд хэлээд байгаа хэрэг.

-Ерөнхийлөгчтэй уулзаж санаа бодлоо хуваалцсан уу?

-Ерөнхийлөгчтэй уулзъя гэж нэг удаа цаг нэхсэн ч өгөөгүй. Энэ удаа ч мөн дахин нэхсэн, цаг өгөх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Би энэ буруу юм шүү гэдгийг нүүрийг нь харж байгаад хэлье гэж бодсон юм. Энэ хүн ганзагын наймаанаас эхлээд өдийг болтол явж ирсэн. Монголын ардчилал руу “Эх орон” гэдэг намаар дамжиж орж ирсэн хүн л дээ. Нарийндаа бол Монголын ардчиллын анхдагч биш. Тэр ч утгаараа түүнийг ардын намтай, коммунист, социалистуудтай сүлэлдсэн туршуул юм болов уу гэж хардаж байгаа. Ийм туршуултай би хэзээ ч эвлэрэхгүй. Бүр яасан ч эвлэрэхгүй. Өнөөдөр би энэ шоронд орсон хүмүүсийг болоод өөрийнхөө тухай яриад байгаа ч юм биш. Би Монголын ирээдүйг харж ярьж байна. Монголын үргэлжлэл болсон үр хүүхдүүд айдас, хүйдэсгүй байх ёстой. Айдас, хүйдэс, дарангуйллыг тогтоох гэж оролдож байгаа бол одоо зогс гэж хэлж байгаа юм.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилиг ч тэр гуравдагч хөршүүдээсээ зай барьж байгаа нь ухралт гэж шүүмжилсэн байна лээ.

-Эрсдэлд орчихсон байна. одоо оюу толгой гээд л хараагаад уналаа. Оюу толгойн ашиг шимийг монголчууд хангалттай хүртэж байгаа. Битгий чамла. Бид аливаа зүйлийг сайтар бодох хэрэгтэй юм. Бодох ч зав өгөхгүй байна л даа. Сонгуулиар архиар тархийг нь мансууруулж байна шүү дээ. Энэ гэмт хэрэг мөн биз. Өнөөдрийн Их хуралд гарч ирсэн хүмүүсийн ихэнх нь гэмт хэрэгтнүүд. Тэд сонгогчдын саналыг авахыг тулд тэднийг архиар хордуулж, хүүхдэд 20 мянга, хүүхдэд 100 мянган төгрөг өгсөн. Баримт нь ч хүмүүст байгаа байх. аль аль талдаа бидэнд алдаа байна. Өнөөдрийн Их хурлын гишүүд бүгд сонгогчдын тусгал нь шүү дээ. Үзэл санаагаа зарж амьдарна гэдэг амьдаараа үхсэнтэй ялгаагүй. амьдаараа үхэж байгаа хүмүүсийг амархан багалзуурдаж болдог гэдгийг манай төрийн гурван сүржингүүд эхнээс нь харуулж байгаа.

-Төрийн тэргүүнийг хойд хөршийн захиалгаар ажиллаж байна гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Геополиткийн хувьд манайхыг сонирхох сонирхол хойд, урд хөршид хоёуланд нь бий. Хойд хөршийн ерөнхийлөгч тэндээ хаан болчихлоо. В.Путин тэнд найтаавал энд ч гэсэн дагаад л найтаана. Мэргэжлийн сэтгүүлчид та бүхнийг алдаа гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон байх аа. В.Путин Орост тийм хууль гаргасан юм. Тиймээс манайд дагаад тийм хууль гаргасан. Энэ баталгаа, гэрч нь биш юм уу. Магадгүй намайг Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэлээ гээд дуудах байх л даа. Тэгвэл манай сэтгүүлчид эрх чөлөөгөө хаалгасан нь нотолгоо нь биш юм уу гэж хэлнэ. Үүнээс гадна бие махбодиороо дуурайж байгаа нь ч байна. жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд нь В.путиныг дуурайж том машинд суугаад л. В.путин яана яг тэрийг тоть шиг л дуурайж байх юм.

Төрийн өндөрлөгүүдтэй холбоотойгоор хэлэхэд ҮАБЗ гэж Үндсэн хууль зөрчсөн нэг том газар байна. Уг нь УИХ Монголын төрийн хамгийн том толгой юм. Гэтэл саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дүнд ҮаБЗ-д асар том эрх ирчихлээ. Цаашдаа засаглалын хямрал бий болох нь гарцаагүй болсон. Түүнчлэн сонгуулийн дараа чуулганы нэгдсэн хуралдааныг нээхдээ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нь заналхийлсэн үг хэлж байна. чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн нийгэмд төрийн тэргүүнүүд нь тийм үг хэлдэггүй. Эсрэгээрээ бизнесийн, татварын таатай орчныг бүрдүүлэх бодлого барьдаг. Хүмүүсийг айдас хүйдсээс хол, амгалан тайван байлгах бүх хууль эрх зүйн үндэслэлийг хайдаг. Тэрийг нь Их хурал нь баталж өгдөг юм.

-Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хэрэг явдал хэрхэн шийдэгдэх бол. Та юу гэж харж байна вэ?

-Дахин хэлэхэд дээрх эрх мэдэлтнүүдийн хэрэг хуучраагүй байгаа. Энэ хүмүүс сэжигтнүүд, найдвартай. Үүнийгээ нуухын тулд өөрсдийнхөө гар хөл болсон шүүгчдийг ашиглаж, бусдыг зольж байна. Тэр шүүгчид нь гарын таван хуруунд л багтах нөхдүүд байгаа байх. Шүүх, прокурор, хуулийнхан тэр чигтэй гандчихаагүй гэж би найддаг. Тэнд ихэнхдээ зөв хүмүүс байгаа байх.

-Та дээр хуулийн гажуудлаас болж нэг нэгнээсээ өшөө авдаг эргэлтэд орчихлоо гэж хэлсэн. Ийм байдал давтагдсаар байгаа нь төрд гарсан эрхмүүд “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг мартчихдагтай холбоотой юм биш үү?

-“Өвчин” тусчихдаг юм. Тэгтлээ дон тусчихдаг хэрэг. Тэр донг нь зусардагч, бялдуучлагчид, троллууд нь бий болгож байгаа. Хэн долигононо, хов зөөж гүйнэ тэрэнд л итгэдэг, тийм донд автдаг. Хамгийн дээд зэргийн үнэн шударга үг хэлсэн хүнийг хардаж, сэрддэг. Энэ бүхэндээ хордож, нэвчиж байгаагаа мэддэггүй. оюун тархи, нүдний багтаамжийн хувьд үхжиж байгаагаа мэдэхгүй байгаа юм. Бүгдийг багтааж харж чаддагаараа энэ хорвоод нүд хамгийн том. Энэ хүмүүсийн нүдний багтаамж нь багасчихаад байгаа хэрэг.

-Тэгвэл тэр эргэлтээс гарахын тулд яах ёстой юм бэ?

-Энэ гажууд засартал их хугацаа орно. 30 магадгүй 60 жил ч болох биз. Төрийн тогтолцоог өөрчлөхгүй л бол болохгүй. Дэлхий дээр хамгийн олон сайд, дэд сайдтай газар Монгол л байгаа байх. Тиймээс төрийн энэ данхар бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна. Би бодлоо хэлье л дээ. Ерөнхийлөгч нь ард түмнийхээ эв нэгдлийг үймээн самуун дэгдээхгүйгээр хамгаалж чаддаг ухаантай, боловсролтой хүн байх. Засгийн газар нь есөөс илүүгүй яамтай, дэд сайдгүй цомхон, чадварлаг, хүний эрх, хувийн өмчийг дээдэлдэг байх. Хувийн компаниудад гай болохгүй орхиж, төр өөрөө нэг ч өмчгүй байх хэрэгтэй. Судлаад үзээрэй Япон төрдөө ямар ч өмчгүй шүү. Төрд өмч байгаа учраас л сонгуульд бие даан нэр дэвшигч хэдэн зуугаараа тоологдоход хүрч байна. Төрийн өмчөөс хумсалж, амьдралаа залгуулахын тулд л тэр. Үүний үлгэр нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд юм. Мөн татвар нь ч маш авсаархан байх ёстой. Бага татварыг хүн цаг тухайд нь төлдөг бол их татвараас зайлсхийж өөрөө гэмтэн болдог юм. Ийм зөв тогтолцоо руу орохгүй бол горьгүй. Би ийм нийгмийг мөрөөддөг, хүсэмжилдэг. Ийм нийгмийн төлөө цаашдаа ч явах болно.

-Яавал хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагдах юм бэ?

-Минийхээр энэ тогтолцоог үндсээр нь халж, өөрчилж байж сая зөв үнэ цэнэ тогтоно. Өөрөөр хэлбэл, хүнийг харгислал, хүчирхийллээс хамгаалдаг цагдаатай, хувь хүн болоод том компаниуд хооронд гарсан зөрчилдөөнийг хүний болоод өмчийн эрхийг нь зөрчихгүйгээр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хараат бус зөв шийддэг шүүхтэй, улс үндэстнээ гадна, дотны үймээн самуунаас батлан хамгаалалтай болсон цагт хүний эрх баталгаажна.

Хувь хүнд оюун санаа, чиглэл зорилго, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл гэсэн гурван үнэ цэнэ бий. Эдгээрт гурван том шинж чанар байна. Оюун санаанд нь сэтгэлгээ, чиглэл зорилгод нь ур чадвар, өөрийгөө хүндлэх гэдэгт бахархал бий. Энэ нь дэлхийн суут сэтгэгч, орос гаралтай оросын коммунист дэглэмийг нулимаад гарсан алиса розенбаум буюу АНУ-ын сэтгэгч, зохиогч айн рэндийн өөрийнх нь судлаж гаргаж ирсэн үнэ цэнэ юм. Би үүнтэй бүрэн дүүрэн санал нийлдэг. Оюун санааны цар хүрээтэй хүн сэтгэлгээгээр уужим, тодорхой чиглэл, зорилгодоо маш ур чадвартай байх нь байна. Улмаар хийсэн бүтээснээрээ бахархаж чаддаг ёстой байх нь. Хүн бүр өөрөө өөрийгөө хүндэтгэж, бахархаж явах цаг удахгүй ирнэ. Ямартаа ч хүн бүр өөрийгөө ол, өөрийгөө хүндэтгэ. Өөрийнхөө хүч, цог золбоогоор амьдар. Тэр цагт хэний ч хараат бус байх боломж нээгддэг юм. Мөн төр шүүх, цагдааг өөрийн харьяандаа байлгаж болохгүй гэдгийг олоод харчихдаг юм. Сургаар битгий амьдар, багцаагаар битгий яв. аль болох бүх зүйлд бодитой ханд. Харыг цагаан, цагааныг битгий хар гээд бай. Бид гуравхан саяулаа шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэрийн авгайгаас төрийн авгай

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Авгайгийн энэ дураараа аашлахыг зогсоох гэж оролдсон Монгол-Зөвлөлтийн “хамтын ажиллагааны” олон оролдлого бүтэхгүй өнгөрчээ. 1969 онд Моломжамц СССР-ийн Элчин сайд С.Щетинин* гэгчид хандан өөрсдөө бүгд Цэдэнбалыг гүнээ хүндэтгэдгээ батлаад, гэвч эхнэр нь жолоо цулбуураа алдан оролцохгүй юмгүй болж байгаа нь нам, төрийн ажилд хор учруулан, Монгол-Зөвлөлтийн харилцаанд муугаар тусч буй тул энэ талаар Цэдэнбалд өөрт нь нөхөрсөг зөвлөлгөө өгөхийг чухалчлан гуйсан байна. Намын туршлагатай ажилтан цаад орос нь үүнд нь зэвүүрхэж, ийм ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй Брежневийн нэгэн адил Цэдэнбалд хайртайгаа шууд мэдэгджээ. Царай нь хувхай цайсан Моломжамцад энэ нь том сургамж болсон ба түүнээс хойш Монголын удирдагчид Москвагаас хань эрэхээ удтал зогсон, тэвчиж өнгөрөхийг илүүтэй үзэх болжээ[i].

1965 онд ЗХУКН-ын удирдагчдын нэг Г.Воронов* Монголд айлчлахдаа орос эхнэрийн талаар Цэдэнбалтай эвтэйхэн ярилцах Брежневийн даалгавартай иржээ. Эргэж ирсэн хойноо энэ тухайгаа ТХ-ны нарийн бичгийн дарга байсан Андроповт мэдээлэхэд цаадах нь уурлан “Тусгаар улсын дотоод хэрэгт орж удирдагчийнх нь эхнэрийг доромжлох эрх чамд хэн олгосон юм бэ? Брежнев үү?”[ii] гэсэн байна. Үнэхээр Брежнев Цэдэнбалд талтай байдгийн хувьд энэ талаар зөвлөж, туслах гэж олон удаа чармайсан баримт бий. 1974 онд Монголд айлчлах үеэр нь Филатова түүнээс улайм цайм Xуримын ордон бэлэглэхийг хүссэн байна. Энэ нь мөн л тархины ямар нэг өвчинд өртөж эхэлж байсан Брежневт ихэд таалагдсан бололтой. Энэ ард түмний төлөө, залуу үеийнхнийх нь төлөө зүтгэж байгаа сайхан сэтгэлт орос бүсгүй харагдсан юм болов уу. Тэрээр Чазовт “Монголчууд Филатоваг хичнээн хайрладгийг харж байгаа биз. Тэрээр Монголын соёл, боловсрол, урлагийг хөгжүүлэхэд маш их юм хийжээ. Иймээс атаархагсдын үгийг сонсох хэрэггүй” гэж байв.

Жинхэнэдээ Филатоваг Монголын төрийн үйлс рүү анхлан түлхэж оруулсан буруутан нь Зөвлөлтийн удирдлагууд өөрсдөө юм. Тэрээр 1960-аад он хүртэл балчир хоёр хүүхдэдээ дарагдаад төрийн ажилд хутгалдах завгүй байжээ. Харин Хрущёвыг СССР-ийн толгойд гарснаас хойш түүнтэй олон удаа уулзсан, ялангуяа амралтаараа гэр бүлийн хамт тааралдах нь элбэг байжээ. Ийм үед Хрущёвын эхнэр Нина Кухарчук*-тай мань Филатова таарч нэлээд хэдэн удаа ярьж хөөрчээ. Кремлийн тэргүүн хатагтай Цэдэнбалд хандан нэг удаа “Цэдэнбал аа, чи эхнэрээ гомдоож болохгүй шүү. Хэлсэн болгоныг нь биелүүлж бай, авгай чинь чиний байнгын зөвлөх юм шүү” гэжээ. Үүүнээс хойш Филатова энэ сануулгыг олон хүнд сайрхан ярьдаг болсон аж. “Одоо та нар миний гарын дорх хүмүүс шүү, сайхан мэдээрэй!” гэж тоглоом шоглоомоор хүртэл хэлэх нь элбэг. “Та нар СССР-ийн бүрэлдэхүүнд ороогүй нь Цэдэнбал бид хоёрын гавьяа шүү. Та нар Цэдэнбал бид хоёрт талархах ёстой” гэж хэлдэг байсан нь Хрущёвын нөлөө гэж түүнтэй дотно байсан Майдар үздэг. Цэдэнбалыг Москвад ажлаар очиход эхнэртэй нь Хрущёв танилцаад “Чи энэ манай охины үгийг дуулгавартай сонсож байгаарай” гэж захижээ. Хрущёв Филатоватай танилцсан дороо түүнийг ухаантай хүүхэн байна гэж маш өндөр үнэлсэн гэж Майдар дурсчээ [iii].

Жоу Эньлай 1960 онд Монголд айлчлаад буцахдаа хувийн бэлэг хэмээн олон ноосон цамц тэр үеийн нам-засгийн удирдагч, сайд дарга нарт өгөөрэй гэж үлдээжээ. Тэдгээрийг гэр гэрт нь хуваарилах гэтэл Филатова бүгдийг нь хамж аваад Москва руу илгээж, тэнд өөрийн талын хүмүүсээр 100 хятад ноосон цамц заруулжээ. Нам-засгийн удирдагчийн орос гэргий панз үсэргэж дамын наймаа хийлээ гэсэн матаас Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас Улаанбаатарт МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд иржээ. Хорооны дарга Т.Гэндэн уг матаасыг албажуулаад Төв хорооны Улс төрийн товчоонд мэдүүлжээ. Гэтэл Төв хорооны үзэл суртлын нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир түргэдэх нь тэр. Филатоваг албан тасалгаандаа дуудаж бангадсан байна. “Нам-засгийн удирдагч Цэдэнбалын цалин хангамж нь багадаад чи дамын наймаа хийх дээрээ тулаа юу”, “Мөнгө цаас чинь хүрэхгүй өлсөж цангаа юу”, “Чи Монголын удирдагчийн нэр хүндийг Москвад унагаж байдаг, яасан ичдэггүй юм” гэж ирээд л авч өгч дээ. Тэр уулзалт тун эвгүй өрнөж, Филатова хатагтай ч уйлж унжин буруугаа хүлээж, уучлал гуйж бөөн юм болжээ.

Нөхрийнхөө намын талын нэгдүгээр орлогчийн өрөөнөөс нус нулимстайгаа холилдон гарсан тэрээр маргааш нь Москва руу ниссэн байгаа юм. Элчин сайдын яамныхан угтаж бариад сүйд болоо биз. Москвад очоод ЗХУ-ын Коммунист намын Төв хороонд бараалхахаар цаг хүсэж, Хрущёвын нам талын үзэл суртал эрхэлсэн орлогч, Төв хорооны нарийн бичгийн дарга М.А.Суслов дээр оржээ. Элчин сайдын яамнаас дагалдаж очсон зөвлөхийг оруулсангүй. Ганцаараа орж удаж удаж гарч ирээд нутагтаа буцахад МАХН-ын Төв хороо тэр дор нь хуралдаад Д.Төмөр-Очирыг авч хэлэлцэн шившиглэв ээ. Суслов нь 1961 онд МАХН- ын XIV Их хуралд зочноор ирж, ардын хувьсгалын 40 жилийн ойн хүндэт зочин байсан, тэгэхдээ Цэдэнбалын эхнэртэй сүрхий танилцсан бололтой, иймээс л тэр том дарга айлын авгайг хүсэлтийн дагуу албан өрөөндөө хүлээж аваа биз. Суслов Цэдэнбалын зусланд гэрт нь зочилж дайлуулаад хүндэтгэлийн хурлаас цаг хожимдсон тул хот руу яаран хурдалж яваад хамт автын осолд орж зовлон жаргалаа хуваалцсан нэгэн. Филатовагийн хариу өчил-матаасаар Төмөр- Очирыг буруутгуулахаар Москвагаас шифр ирүүлсэн аж. Төмөр-Очир гэх тэр эрхэм улс төрөөс үүрд явсан эмгэнэлт түүх ингэж өрнөжээ. Харин энэ үеэс Филатова өөрийн хүч мэдлийг бүрэн ойлгов[iv].

1966 онд Брежнев Монголд айлчлахдаа Филатовад хувийн утасны дугаараа өгч хэрэг гарвал дуртай цагтаа утасдаж байгаарай гэжээ. Тэгээд Монголд суух элчин сайд А.И.Смирновт* хандан “Анастасия Ивановнаг харж хандаж яваарай” гэж захижээ. Элчин зөвлөх Макареев “Она дочка Россий, можеть многое делать” (Орос орны энэ охин ихийг бүтээж болох юм) гэжээ[v].

Гэвч хоёрхон жилийн дараа гэхэд их хөмсөгтийн монгол дүү, түүний эхнэрийн тухай санаа зовмоор мэдээ улам их ирэх болов. Хрущёв, Брежнев нар өөрснөө Монголд ингэж “шулам” бүтээж өгсөн юм. Брежнев 1976 онд Цэдэнбалд хувиараа “Чи Соёлын яамны сайдаа сүүлийн тавхан жилд дөрвөн удаа сольжээ. Би чамд үнэхээр элгэмсүү ханддагийг чи андахгүй. Тийм учраас одоо миний хэлэх үг чамайг гомдоохгүй байх гэж бодож байна. Надад ирж буй мэдээгээр бол Анастасия Ивановна энэ сайд нарыг ингэж амархан солиод байгаа бололтой юм. Ер нь цаадахыг чинь намын болон төрийн байгууллагын ажилд хэтэрхий орооцолддог, ард түмний зан заншил, уламжлалыг хүндэтгэдэггүй, энэ нь монголчуудын дургүйг хүргэдэг гэж ярилцаад байна шүү. Чингэвэл Монгол-Зөвлөлтийн найрамдалд муугаар нөлөөлнө шүү дээ” гэж ахын ёсоор зөвлөсөн байна. Харин дүү нь шүүмжлэлийг хүлээж авсангүй, үүнийг атаархагсдын дэмий үг гэж зүтгэжээ[vi].

Гэтэл сүүл рүүгээ Филатова Москваг даван цааш сонирхол нь дэвэрлээ. Коммунист аль ч ертөнцөд хүн толгойтой болгоны гадагшаа хандсан харилцаа хувийн ч байсан нарийн хяналтанд байдаг учиртай. Авгай фондоороо дамжуулан Япон, Финланд зэрэг орны ямар нэг сайн дурын сангуудтай холбогджээ. Гэвч тэрээр улам цаашаа юм хүсч байлаа. “Гадаад бодлогын асуудал шийдэхэд, ялангуяа БНМАУ-ын Финланд, Японтой харилцах харилцаан дээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх гэж оролдож байгаа нь их ажиглагдаж байна”[vii] гэж Зөвлөлтийн Элчингээс Москва руу мэдээлж байв.

Намын голлох удирдагчдын нэг Ц.Намсрайг Филатова дуудаж уулзаад:

-Чи гадаадад их явдаг хүн, Англи, Америк, Францын коммунист намын дарга нартай уулзаж гэргий нартай нь танилцаад намайг уриулах ажил зохио, надад тийш явах шаардлага байна гэж тулгажээ.

-Цэдэнбал даргад хэлээч, тэгвэл амархан бүтнэ.

-Тэр дүнхүү толгой намын ажил ярьсаар байгаад мартаж орхидог.

-Хүүхдийн фондын шугамаар хөөцөлдвөл?

-Чадахгүй болоод л чамайг холбоо тогтоож аль гэж байна. Чи одоо гадагшаа зөвлөлгөөнд явна, холбоо тогтоож урилга авчир.

Намсрай урилга авчраагүй учир “Хувиа бодсон олиггүй амьтан” гэж хараажээ[viii].

Филатова нэг удаа Майдарын эхнэрийн хамт Парис орохоор боллоо. Тэд франц хэлний хэлмэрч дагуулан виз авахаар Москвад очжээ. Мэдээж КГБ тосон авлаа. Тэднийг Парист очиход харгис хүчнийхэн эсэргүүцлийн том жагсаал хийх гээд бэлдэж байна. Энэ нь хувийн аюулгүй байдал болон улс хоорондын харилцаанд тун харш нөлөөлнө гэж хоёр авгайг ятган зогсоожээ[ix].

Цэдэнбал хувьдаа Москва орчимд тохилог амралтын байшин бариулж суухаар УТТ-оор зөвшөөрүүлжээ. Филатова дараа нь улам гаарч байшингийн хоёр жигүүрт нь наалдсан нэмэлт хоёр байшинг хоёр хүүхдэдээ зориулан бариулахаар болов. Тавилга төхөөрөмжийнх нь араас авгай өөрөө хөөцөлдөх болж, Румынаас авахуулаад Финланд хүртэл худалдан авалтад явах болжээ. Хэлсинкид Монголын Элчин сайдын яам байгуулахыг шаардах боллоо. ГЯЯ-аас хэрэв Финланд Улаанбаатарт Элчин сайдын яам байгуулбал зөрүүлээд тэнд Элчин сайдын яам нээж болох юм гэсэн шийдвэр гаргав. Улаанбаатарт Элчин сайдын яам байгуулах боломжгүй гэсэн хариуг харин Финланд өгчээ. Цэдэнбалын том хүү фин эхнэртэй болох гэж байгаа гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа ч гарсан.

Зөвлөлтүүд эцэст нь тэсэхээ байгаад холбогдох хүмүүс нь Цэдэнбалтай биечлэн уулзаж, Москвад ийм том харш байгуулахын хор холбогдлыг таниулан ухуулжээ. Тэд тайлбарлахдаа хоёр хүү чинь ямархуу зан ааштай эхнэртэй ч таарах юм билээ, та бид мөнх хүмүүс биш, хожим эхнэрүүд нь байр байшингаа булаацалдаж шившиг хутгавал таны нэр сүрд муугаар нөлөөлнө гэж учирласан байна[x].

Филатова нөхрөө дагаж гадаадад айлчлахаас гадна бие даасан айлчлал ч хийдэг байлаа. Тэрээр Унгарт дангаараа айлчилж явахдаа эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзан монголчуудын ахуй амьдрал, зан заншлын тухай ярихдаа “монголчууд махыг түүхийгээр нь иддэг” гэж сонирхуулсан нь Унгарын сонин хэвлэлд нийтлэгдэж олны хачирхлыг төрүүлж байв[xi].

1973 онд СССР-ийн ГЯЯ-аас хоёр улсын иргэдийн хоёрдмол харьяаллыг зохицуулах конвенц байгуулах санал тавилаа. Ийм конвенцийг СССР бүх коммунист оронтой байгуулсан юмсанж. Конвенцийг хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага соёрхох учиртай тул 1975 онд АИХ баталжээ. Конвенцид зааснаар эхнэр буюу нөхөр нь нөгөө улсын харьяат байвал хүүхдийнх нь харьяаллыг эх эцэг нь зөвшилцөн шийдэх, эсвэл хүүхэд насанд хүрсэн хойноо өөрөө шийдэхээр тусгасан юм.

Цэдэнбалын хоёр хүү хэзээ ч Монголын иргэн байгаагүй. Харин хүүхдүүд нь Москвад ажилгүй байхад нь ЭЗХТЗ-д Монголын нэрээр ажиллуулж хууль бусаар Монголын дипломат паспорт түр бичин хэрэглүүлж байжээ. Сүүлд нь Оросын талд шилжин ажиллахад нь хууль бус паспортыг нь хурааж авсан байж таараа. Хожим Цэдэнбалын нэрээр амьдрагсад үүнийг Монголын харьяатаас хөөн хэлмэгдүүлсэн мэтээр цуурах болсон юм. Ц.Намсрай ярихдаа “Намын шугамаар хойно очоод Москвагаас буцахад Зөвлөлтийн намын төв хорооноос үдэж байтал тэр том дарга нарын хажууд барьж аваад нүүр хийх газаргүй болгосон. Хүү Слава нь манай намд элссэн ухаантай. Монгол хэл ч мэдэхгүй гадаадын харьяат болохоор нь өөр ажилд шилжихээр нь хасаж тооцсон юм. Тэгээд л намайг Славаг намаас хөөлөө гэж агсарч гарсан”[xii].

Хов зөөгчид Филатовад “Иргэдийн хоёрдмол харьяаллыг арилгах нэрээр танай хоёр хүүхдийг хүчээр Монголын иргэн болгох гэж байна” гэж хэлжээ. Авгай даруй ГЯЯ-ны сайд Л.Ринчингийн өрөөнд дайран орж хэлэх хэлэхгүй үгээр харааж зүхлээ. Тун удалгүй Ринчинг сайдаас нь хусч орхилоо. Нэгэнт АИХ-аар соёрхогдсон конвенцийг “гүйцэд үзэж танилцаагүй байна” гэдэг нэрээр Цэдэнбал хураан аваад СССР-ийн Дээд Зөвлөлд соёрхон батлуулахыг “түр хойшлуулах” үүрэг өгчээ. Түр хойшлуулалт бараг найман жил үргэлжилсэн юм[xiii].

Ц.Намсрайг* намын шугамаар барууны оронд явахад нь. “Чи намайг тийш уриулах ажил зохио” гээд татгалзсан хариу сонсоод элвээр аашилсан аж[xiv]Гэвч ямар чиг байсан урилга олуулаад хүүгээ дагуулан сүр дуулиантайгаар 1983 оны эцсээр Финландад айлчилжээ[xv]. Сүр дуулиан нь мэдээллийн хэрэгслээр мандаж энэ айлчлалын явцыг бараг л төрийн тэргүүний хэмжээнд сурталчилж байв. Мөн Майдарын эхнэртэй Францад айлчлахаар шийдэн банкнаас валют гаргуулсан боловч виз нь бүтээгүй өнгөрсөн нь Франц-Монголын харилцаа ид хүйтэрч байсан үед таарсан бололтой. Цааш жаал удсан бол авгай гадаад харилцааны талаар нэлээд юм “амжуулах” шинжтэй болчихсон байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Т.Доржханд: Тэтгэвэр, боловсрол зэрэг таван салбарт яаралтай шинэчлэл хийх хуулийн төслүүдийг өргөн барина


УИХ-ын гишүүн Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Ирэх сард ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ их өөрчлөлт орохгүй гэж байгаа. Та үүнийг хэрхэн харж байна?

-Төсвийг маш яаралтай тодотгох нь зүйтэй. Шинээр бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг царцаах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын объект шинээр бий болсон тохиолдолд маш их урсгал зардлуудыг бий болгодог учраас энэ нь эргээд төсвийн дарамт болно. “Ковид-19”-ийн эдийн засгийн хүндрэлийн үеэр монгол түмнийхээ орлогыг хамгаалах бодлого хамгийн чухал байна. Тиймээс ажлын байрыг бий болгох ёстой. Энэ хүрээнд төсвийнхөө хөрөнгө оруулалтыг маш яаралтай тодотгоод, хэмнээд, царцаагаад хэмнэсэн эх үүсвэрийг нь урт хугацаатай бага хүүтэй зээлийн эх үүсвэр болгож ашиглах хэрэгтэй. Мэдээж хангалттай хэмжээний эх үүсвэр гарч ирж чадахгүй. Энэ тохиолдолд хувийн секторын эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Хэмжээгээ нэмэхийн тулд аргууд байна л даа. Тухайлбал, зээлийн хүү дээр нь татаас өгдөг. Жилийн 15 хувийн хүүтэй зээл авлаа гэхэд 10 хувийг нь татаасаар төсвөө шийдээд, таван хувийнх нь зээлийг эцсийн байдлаар зээлдэгч авах байдлаар ажлын байрыг хадгалах бодлого явуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд заавал төсвийн эх үүсвэр биш, банк, банк бус санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрүүдийг ашиглах байдлаар орлогыг зээлийн өртөгт шингээж тэлж, ажлын байраа хадгалах, бий болгох ажлуудыг яаралтай хийх нь зөв. Олон улсын судалгаагаар нэг ажлын байрыг 10 мянган ам.доллараар хийдэг. Нэг ажлын байрыг таван мянган ам.доллараар хадгалдаг. Тэгэхээр 20-50 мянган ажлын байрыг хадгалах, бий болгох боломж байна.

-Тодотгол хийснээр төсөвт хэр дэмтэй вэ?

-Тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй. Тодотгол хийснийхээ үр дүнд суурь макро бодлогууд нь зөв болоод явчих нь л даа. Сонгуулийн жил үргэлжилж байна. Сонгуулийн жил төсвийн хөрөнгө оруулалт ямар их тэлдэг билээ. Энэ жил 3.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусчихсан байгаа. ХҮН-ын эдийн засагчид судлаад хоёр их наяд төгрөгийг нь та бүхэн хэмнээч ээ, бүрэн боломж байна, орон нутагт тэр олон үр ашиггүй бүтээн байгуулалт, цементүүдийг зуурахаа болиоч ээ гэдгийг он гарснаас хойш одоог хүртэл хэлж байна. Зарим ажлууд нь одоо эхлээгүй байгаа байх. Тэдгээр ажлуудыг шууд царцаах хэрэгтэй. Одоо монгол түмний орлогыг нь хамгаалах, ажлын байрыг бий болгох чиглэлээр Засгийн газар маш яаралтай арга хэмжээ авах ёстой.

-Царцаавал аж ахуйн нэгжүүд хохирдог шүү дээ?

-Явж байгаа объектуудыг гэхээсээ илүү шинээр барих объектуудаа царцаах хэрэгтэй. Ажил нь явж байгаа объектуудыг ач холбогдлоор нь хөрөнгө оруулалтынх нь эрэмбэ дарааллыг нь гаргаж байгаад санхүүжилтээ хийх хэрэгтэй байх. Бодит байдал дээр юун хөрөнгө оруулалтын санхүүжилт. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээ цаг тухайд нь тавьж чадах уу гэдэг нөхцөл байдал үүснэ шүү. Тийм болохоор Сангийн сайдад “Дотоод бондынхоо зах зээлийг нээ, эх үүсвэрээ татдаг шугамаа гаргаж ирээч ээ” гэж хэлээд байгаа юм. Дээрээс нь ажлын байрны ийм асуудал байгаа учраас Төрийн банкаа хувьчил. Хувьчлахгүй тохиолдолд Төрийн банкаа өөрчил. Жижиг дунд үйлдвэрлэлийн банк болгочих. Ийм арга хэмжээнүүдийг эрс зоригтойгоор авч хэрэгжүүлэхгүй бол болохгүй.

-Ирэх намрын чуулганаар та хэрхэн ажиллах вэ?

-Намрын чуулганаар манай нам, эвслээс хэд хэдэн шаардлагыг тавьж ажиллана. Намрын чуулганаар нэлээд шинэчлэлийг хийхээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-д хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай эвсэл нэг суудал авсан хэдий ч үүний ард маш олон салбар бүрийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Бид мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн залуус нийлж, реформуудыг манлайлж ажиллана. Өчигдөр УИХ-ын холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн. Намрын чуулганаар таван чиглэлд шинэчлэл хийхээр хүсэлтээ өгсөн.

Нэгдүгээрт, тэтгэврийн шинэчлэлийг бид яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина.

Хоёрдугаарт, санхүүгийн зах зээлийн шинэчлэлийг бид эхлүүлнэ. Үүний тулд санхүүгийн салбарыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Даатгалын мэргэжилтэн, оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг тус тус өргөн барьж, хэлэлцүүлнэ. Гуравдугаарт, боловсролын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Багшийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. Дөрөвдүгээрт, улс төрийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлнэ. Тавдугаарт, хот байгуулалтын шинэчлэлийг хийхээр Хот байгуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина.

Маш олон салбарт суурь шинэчлэлт хийх шаардлагатай байгаа тул манай мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлээд ажилдаа орж, багаараа хуулийн төсөл, судалгааны ажилдаа орох болно.

-Та ирэх дөрвөн жилд ямар арга барилаар ажиллах бодолтой байна вэ?

-Цаашид олон шинэчлэлийг хийх чиглэлээр шахаж ажиллана. Миний ард өндөр боловсролтой хуульчид, эдийн засагчид, инженерүүд, багш, эмч нар байна. Энэ хүмүүс бүгд салбар салбартаа өөрчлөлт, шинэчлэл хийх хуулийн төслүүдийг боловсруулна. Багийнхаа бодлогыг УИХ-д танилцуулна, тулгана, шаардана, шахна. Мэдээж эрх баригчдын зөв бодлогыг дэмжиж, тодорхой асуудлаар бодлогын зөвлөгөө өгч ажиллана. Сонгуульд ороод унасан манай нам эвслээс гадна олон залуучуудын дуу хоолой болж ажиллах болно.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Номин: Чи хичнээн урлагийн хүн байгаад хичээхгүй бол урлагт хайртай нэгэн л болно

“37-р точка” киноны Солонгын дүрийг чадварлагаар гаргасан залуу жүжигчин Ц.Номинтой ярилцлаа.


-Сэтгүүлч, нэвтрүүлэгч болохыг мөрөөддөг байсан гэсэн. Яаж яваад жүжигчин болчихов?

-Тийм шүү. Сэтгүүлч, нэвтрүүлэгч болно гэж мөрөөддөг байсан. Арван жилд байхын төв СУИС их тохилог, орчин сайтай учраас их таалагддаг байсан. Төв салбарт нь сэтгүүл зүйн анги байдаг гэж боддог байсан. Гэтэл өөр салбар сургуульд сэтгүүл зүйн анги байдаг болохыг мэдсэн. Гайхаад бас айгаад ангигүй үлдчих вий гэж бодсон. Тэр үед ээж намайг төв салбарт нь өөр ямар ангиуд байгааг судлаад үз гэж хэлсэн л дээ. Ингээд жүжигчний анги байгааг хараад ээждээ хэлтэл “Жүжигчин болох юм уу. Миний охин чадна аа” гэж байсан. Би тухайн үедээ юм бодолгүй зөвшөөрөөд гурав хоног бэлдээд жүжигчний ангид шалгалтаа өгөөд тэнцсэн. Ийм л түүхтэй.

-“37-р точка” киногоор олны танил болсон шүү дээ. Тэгэхээр маш их хариуцлага, итгэл хүлээж яваа болов уу?

-Маш том хариуцлагыг хүлээж орсон ажил. Мундаг хүмүүстэй баг хамт олон болж ажилласан. Их хөдөлмөр шингэсэн уран бүтээл. Дүрээ уншиж байхдаа яаж сайн жүжиглэнэ ээ гээд их айсан. Зохиолоо уншиж байтал ахтайгаа сууна гээд биччихсэн байхыг уншаад бүр ч их гайхсан. Дүрийн хувьд бол эгэл бор амьдралтай айлын эрх, даруухан, амьдралын төлөө зүтгэж яваа охины дүр. Ер нь өөрийнхөө байж болох хамгийн сайнаараа хичээж ажилласан.


– Кино үзэгчдэд хүрсний дараа ямар хандалтууд ирсэн бэ?

-Мэдээж үзэгчдээс эерэг хандлага их ирсэн. Киноны сүүл рүү ахтай суусан хэсгүүд гарахад эерэгээс сөрөг хандлага руу шилжсэн. Хүмүүсээс ирсэн сөрөг сэтгэгдлүүдийг уншаад сэтгэл санааны хувьд бага зэрэг хямарсан. Би биш киноны дүр нь ийм шүү дээ гээд хэлмээр санагдсан. Гэхдээ үзэгчдээс ирэх хандалтууд сайн муу аль нь ч байсан бидний уран бүтээл хүмүүст сайн хүрсний илрэл юм болов уу гэж бодож байна.

-Одоо киноны санал хэр их ирж байна?

-Киноны санал ирж байгаа. Гэхдээ “Фантастик” продакшн”-тай гэрээтэй ажилладаг учраас ирсэн саналыг шууд хүлээж авдаггүй.

-Өөрийгөө хэр сайн жүжигчин гэж боддог вэ?

-Би биш үзэгчид намайг үнэлнэ. Тийм учраас өөрийгөө үнэлж чадашгүй. Өөрийнхөө хийж байгаа ажилд чин сэтгэлээсээ хандаж, хичээнгүйлэн ажиллахыг л хичээдэг.

-Жүжигчний мэргэжлийг цаг наргүй, завгүй мэргэжил гэж ярьдаг?

-Жүжигчний мэргэжил гэдэг сүнслэг мэргэжил. Тухайн дүрдээ бүх бие махбодь, оюун ухаанаараа холбогдон жүжиглэдэг учраас хүмүүсийг өөртөө татах увдистай мэргэжил. МУГЖ Л.Чаминчулуун багш бид нарт сургахдаа “Урлагт хайртай мах болох уу, Урлагийн мах болох уу” гэж асуудаг. Хичнээн урлагийн хүн байгаад өөрөө хичээж ажиллахгүй бол урлагт хайртай хэн нэгэн л болно. Зүрх сэтгэл, өөрийн бүхий л зүйлийг зориулан ажиллах юм бол чи урлагийн хүн болно гэж зааж байсан. Багшийн хэлсэн энэ үг миний толгойд тодоос тод үлдсэн. Жүжигчин гэдэг мэргэжил маш үзэсгэлэнтэй мэргэжил л гэж хэлэх байна.

-Багадаа нугардаг байсан гэсэн. Одоо ч хэвээрээ юу?

-Би бага байхдаа нугардаг байсан. Дунд ангид ороод баллетаар хичээллэж, арван жилээ төгсөх хүртлээ урлагийн наадмаараа бүжигт ордог хүүхэд байсан. Одоо бол “kick­boxing” хичээллэдэг. Хүндийн хүчний болон атлетикийн спортоор хичээллэж аль болох хөдөлгөөнтэй байх дуртай шүү.

-Залуу хүний хувьд цаашдын карьераа хэрхэн төлөвлөж байна?

-Бие том дэлхий жижиг гэдэг үе дээр л явж байна. (Инээв) Залуу хүний хувьд олон улсын хэмжээний жүжигчин болно гэж боддог.

-Аз гэдэг зүйлийг юу гэж боддог вэ. Ер нь хэр азтай вэ?

-Би “Нууц” гэх зэрэг далдын хүчний номнуудад итгэдэг. Хүн өөрийнхөө бодол санаа, хийж байгаа үйл хөдлөлөөрөө аз гэдэг зүйлийг дууддаг байх.

-“Фантастик” продакшнтай хамтран ажиллахаар таван жилийн гэрээ хийсэн. Одоогоор ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна?

-Манай продакшны дараагийн уран бүтээл болох “Маш нууц 3” буюу “Халх гол” зохиолын хүрээнд судалгааны ажлууд хийгдэж байгаа. Цар тахлын улмаас ажлууд түр зогсонги байдалтай байна.

-Ямархуу эрэгтэй хүн сонирхдог вэ?

-Эрэгтэй хүн л бол эрэгтэй хүн. Гэхдээ хаа ч явсан биеэ зөв аваад явчихдаг байх хэрэгтэй. Бусдаар бол шаардлагыг тавиад, ангилаад байх нь их явцуу ойлголт. Хэн нэгэн хүнтэй харицахад байгаагаар нь л хүлээж авах нь чухал.

-“Фантастик” продакшны ах нараасаа харж явдаг хүн бий юу?

-Нэгдүгээр курст байхдаа “Маш нууц” киног үзээд Од ахад дурлаж билээ. (Инээв) Бид бол нэг бүл. Харин хамт олноосоо суралцах зүйл маш их байна.

С.ЛХАМСҮРЭН

А.ЗОЛЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “УИХ-ын шинэ гишүүд ҮАБЗ-ийн гэх тодотголтой хуулиудыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Нүүрсний экспортоос олох орлогоо богино хугацаанд яаж нэмэгдүүлэх гарц, гаргалгаа, санаа, шийдлийн талаар “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Золжаргалтай ярилцлаа. Манай сонины тэргүүн нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт “УИХ-ын шинэ гишүүд ҮАБЗ-ийн гэх тодотголтой хуулиудыг нэн даруй өөрчлөх хэрэгтэй” хэмээлээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баярт, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ. Дээрх шүүгдэгчдийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлээд байсан юм.Тэгвэл таван өдөр үргэлжилсний эцэст шүүх хурал дуусч шийдвэрээ гаргав. Анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд гурван жил, С.Баярт гурван жил, Б.Хурцад гурван жил, Э.Өлзийбаярт нэг жил, Г.Эрдэнэбатад гурван жил, О.Бямбажавт хоёр жил, Ү.Отгонбаярт хоёр жилийн ял тус тус оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан байна. Энэ талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэнээс шүүх хурлын талаар тодрууллаа.

Баасан гариг болгон хэвлэгддэг “Нэг ангийнхан” буланд энэ удаад “булганы төвийн нэгдүгээр арван жилийг ерэн онд төгссөн амьдай нарын ангийнхан” оролцлоо.

Make up art­ist, инстаграмын од А.Баярзаяатай ярилцлаа. Тэрээр “Монгол охид натурал шаргал арьстай мөртлөө цагаан крем түрхдэг нь хамгийн том алдаа” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 27-29 градус дулаан дуу цахилгаантай аадар бороо орно


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Чатботоор сэтгэл зүйн зөвлөгөө авдаг боллоо

Мэдээллийн утас 1800-2000 фэйсбүүк хуудасны чатбот ашиглан СЭМҮТ (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв)-ийн мэргэжлийн эмч нартай дуудлага хийж сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой боллоо. Мөн 1800-2000 дугаарын утас 24 цагаар ажиллаж иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн болон сэтгэл зүйн асуудлаар зөвлөгөө өгч байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан С.Баярын АНУ дахь үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасчээ

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, тэднийг гэм буруутайд тооцлоо.

С.Баяр нь 2007 оны арваннэгдүгээр сараас 2009 оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Засгийн газрын 2008 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолоор Оюутолгойн ордын ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай яриа хэлэлцээр хийхийг Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, БОАЯЖ-ын сайд Л.Гансүх нарт үүрэг болгосон.

Мөн Оюутолгой ордыг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэлд үндэслэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” ХХК-нд “Айвенхоу майнз Монголиа инк” компанитай 2009 оны есдүгээр сарын 1-ний өдөр шатах тослох материал нийлүүлэх тухай гэрээ байгуулж, энэ гэрээ нь 2013 оныг дуустал хүчинтэй байх хугацаанд “Петровис” компанид 418,385,173,982 төгрөгийн орлого олох боломжийг олгон, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзжээ.

Улмаар С.Баяр нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийг эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор АНУ-руу явж Ч.Даваанямтай бүлэглэн өөрийн том охин Нандин болон Ч.Давааням нарын хамтран эрхэлдэг гэх үл хөдлөх хөрөнгийн бизнесийг үргэлжлүүлэн явуулж байгаа нэрийдлээр АНУ-ын Нью-Йорк, Сиатл хотуудад 2010 оноос 2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг нийт 11,643,000 ам.доллараар худалдан авч, улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогыг АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Сувдын дансаар 2011-2017 он хүртлэх хугацаанд 3,596,148 ам.доллар буюу 5,580,444,337 төгрөгийг авч, мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцон дараах ялыг оноожээ.

С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноожээ.

Түүнчлэн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5,580,444,637 төгрөг, Ч.Даваанямаас 5,766,440,000 төгрөгийн үнэлгээ бүхий АНУ-ын нутаг дэвсгэр дэх орон сууцыг хурааж улсын орлого болгох шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээнд хамрагдах иргэдийг маргаашнаас бүртгэж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна.

Тус үйлчилгээнд хамрагдах иргэдийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д бүртгэнэ.

Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, хөдөлмөр эрхлэлтийн бусад мэргэжлийн байгууллагууд болон ажил олгогчид хамтран зохион байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх
  • Хувь хүний хөгжил, ажлын байран дахь хандлага, ур чадварыг тодорхойлох /цахим болон цаасан суурьт тест/
  • Хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх /бүлгийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл/
  • Ажилд зуучлах