ЭМЯ, ХӨСҮТ-ээс ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 16.1 сая хүн өвчилж, 650 мянган хүн нас барсан. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 200 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 4000 гаруй хүн эндсэн байна. Иргэн бүр гурвалсан аргыг баримтлах хэрэгтэй. Амны хаалтаа тогтмол зүүн, гараа тогтмол угааж, зай барих арга хэмжээг хүн бүр баримтлах хэрэгтэй байна. 17 оронд хийсэн 173 судалгаагаар амны хаалт коронавирусээс 85-90 хувь хамгаална. Харин нүүрний хаалт 78-80 хувь хамгаална гэсэн судалгааны дүн гарчээ. Хонконгийн судлаачид дэгдэлтийн эхэн үед бүх нийтээрээ амны хаалт зүүсэн 42 оронд коронавирусийн тархалт, эрч, өвчлөл нас баралт бага түвшинд байсан гэдгийг судалгаагаар баталжээ. Сүүлийн үеийн судалгаагаар бимтүү, агааргүй харанхуй орчинд коронавирус маш удаан хугацаанд амьдарч 7-8 метр зайндхалдвар тараана гэдгийг судлаачид тогтоосон. Энэхүү битүү газарт баар, цэнгээний газар, хүнсний битүү зах, мал нядалгааны газрууд орж байгаа учраас энд ажиллаж байгаа ажилчдад үйлдвэрийн захиргаа онцгой анхаарч агаарын сэлгэлт хийж эрүүл ахуйн дэглэмийг мөрдөхийг анхааруулжээ“ гэв.
Month: July 2020
Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн иргэн Э /46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ Баруун голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгчээ. Иймд, ОБЕГ-аас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн учраас гарамгүй газраар зорчиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталжээ. 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг Батлагдсан хамран сургах тойргийн дагуу зохион байгуулж ажиллахыг дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгын баталсан хамран сургах тойргийн мэдээллийг тушаалын хамт бүрэн эхээр нь хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулгыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго хүргэлээ. Дараа нь хуралдаанд Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц, зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн. Бүтээлүүдийг 2020 оны 5 дугаар сарын 12-17-ны өдрийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудсанд байршуулж, иргэд олон нийтийн саналыг нээлттэй авчээ. Нийт 55823 иргэд санал өгч, уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн байна.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцлээ
Мөн өнөөдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэв. Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар болон Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрын танилцуулгуудыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийн газар доорх гүний худгууд болон дэвшилтэт технологи бүхий гүний ус цэвэршүүлэх байгууламжийн газар, Тэрэлж-цэвдэг судлалын харуулын шинжилгээний ажиглалтын талбай, хөдөө аж ахуйн цаг уурын бэлчээрийн төлөв байдлын явуулын судалгаа шинжилгээний ажиглалтын талбай бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 303 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас долоон хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алджээ. Тухайн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон бол явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 100 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан байна.
- 2020.07.25-ны өдрийн 07:00 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд “Toyota-Prius” маркийн автомашин онхолдож , зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон,
- 2020.07.25-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй О-гийн амь нас хохирсон,
- 2020.07.24-ний 21:00 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг нас 4 сартай эрэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг хохироосон,
- 2020.07.26-ны 06:00 цагийн орчим Хөвсгөл аймаг Ханх сум 1-р баг “Сэвсүүл” гэх газарт шороон замд Toyota-Raun маркийн автомашин жолооч, явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироожээ.
УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 17-ныг хүртэл хойшиллоо. Иргэдийн төлөөлөлтэй танилцаагүй гэх шалтгаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “VII сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, VII сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний мөн давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 70 хүний биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байгаа. Өнөө өглөө Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал гэж үзсэн дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад бусад хүмүүсийг тусгаарлах байруудад хуваарилаад байна” гэв.
Энэ зун хур бороо элбэг байсантай холбоотойгоор төв замууд эвдрээд зогсохгүй орон сууцны хороолол, хотхонууд дунд байх авто замууд ихээр эвдэрсэн. Эвдрэлтэй замаар зорчиж байгаа машин техникээ эвдэх, саадыг тойрч гарах шаардлагаас болж түгжрэл үүсгэх, ая тухтай аюулгүй амьдрах боломж хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд оршин суугчдад тохиолдож байна. Тэгвэл хороолол, хотхоны дундах авто замыг хэн хариуцах, засвар арчлалтыг ямар байгууллага хийх, үүнд СӨХ-ны оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлаар холбогдох газруудаас тодрууллаа.
ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫГ СӨХ ХАРИУЦАХГҮЙ
Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах
-Зарим орон сууцны хороолол, хотхонуудын дундах зам их хэмжээгээр эвдэрсэн байна. Үүнийг засах үүргийг тухайн хотхоны СӨХ хүлээх үү?
-СӨХ нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Үүнд байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан сүлжээ, бусад эд хөрөнгө ордог.
Харин хороолол доторх авто зам, гэрэлтүүлэг дундын өмчлөлд орохгүй. Хороолол доторх авто зам Нийслэлийн авто замын хөгжлийн газарт харьяалалтай явдаг. Тэд иргэдээс автомашины татвар гэж хурааж байгаа. Тус хөрөнгөөр хороолол доторх болон төв гудамжийн дагуух авто замаа засварлах ёстой.
Хороо, дүүрэг нь байна уу, холбогдох байгууллагуудад нь оршин суугчид асуудлаа уламжлаад эвдрэлтэй замаа засаж сайжруулахаар хөөцөлдөх хэрэгтэй.
-СӨХ санаачилга гаргаад шаардлагатай засвар үйлчилгээг хийх боломжгүй юу. Төсвийн хөрөнгөөр засахыг хүлээвэл багагүй цаг алдах эрсдэлтэй?
-Тодорхой харьяалалтай эд хөрөнгө дээр СӨХ өөрөө санаачилга гаргаад засварлах боломжгүй.
Ялангуяа, авто зам гэдэг хороолол дунд байсан ч заавал Нийслэлийн авто замын хөгжлийн газар, замын цагдаагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр стандартынх нь дагуу засах ёстой байдаг. Хороолол дотор цөмөрчихсөн замыг СӨХ дур мэдэн засаж бөглөлөө гэхэд сүүлд осол гарах нөхцөл бүрдүүлсэн зэргээр эрсдэл үүсвэл яах уу.
Хэрэв засах бол мэргэжлийн байгууллагад нь хандаж зөвлөгөө авсны үндсэн дээр хийх боломжтой. Нөгөөтэйгүүр, иргэдээс зам засах мөнгө хураах нь хуулиар хориотой. Хуульд дундын өмчлөлөөс бусад зүйлд оршин суугчдаас хураасан мөнгийг зарцуулахыг хориглоно гэсэн заалт бий. Дундын өмчлөлд хороолол дундах зам орохгүй.
-Ер нь СӨХ-ны үйл ажиллагаанд оршин суугчид шүүмжлэлтэй хандах нь түгээмэл. Иргэдээс авсан мөнгөөр юу хийгээд байна гэх хардлага ч их бий. Энэ тухайд тодруулахгүй юу?
-СӨХ бол иргэдийн нэгдлээс үүссэн олон нийтийн байгууллага. Тухайн байранд амьдарч байгаа иргэд нь өөрсдөө ажиллуулдаг хувийн байгууллага гэсэн үг.
Өөрийн гэсэн бие даасан хуультай. Хуулийн дагуу тухайн байранд амьдарч байгаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, үүгээр ямар ажил хийх, хэдэн төгрөг хураалгах зэрэг шаардлагатай бүх асуудлаа хэлэлцдэг. Хоёрдугаарт, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон хяналтын зөвлөлд тухайн байрны оршин суугчид заавал байна гээд заачихсан. Тэд батлагдсан ажлаа хийж тайлангаа тавина.
Удирдах зөвлөл нь дундын өмчийн эд хөрөнгөө графикийн дагуу засаж байна уу гэх зэргээр хяналтаа тавиад явах ёстой. Тиймээс иргэд шүүмжлээд суух бус оролцоогоо хангах нь чухал.
Иргэд нь оролцоотой, идэвхтэй СӨХ сайн ажиллаад байдаг. Иргэд санаачилгатайгаар бүх гишүүдийн хуралдаа оролцож, өгч байгаа мөнгөн дээрээ хяналтаа тавьж, болохгүй бол СӨХ-оо шинэчлэн зохион байгуулах, даргаа солих бүрэн эрх нь хуулиар олгогдсон байдаг.
Улсын хэмжээнд байгаа 1300 гаруй СӨХ-ны 700 орчим нь манай дээд зөвлөлд бүртгэлтэй байдаг. Эдгээр СӨХ, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Бид ‘‘Ухаалаг СӨХ” аппликэйшн бэлдээд зарим СӨХ-оор туршилт хийхээр судалгаа аваад явж байна. Энэ жил коронавирустэй холбоотойгоор бүх гишүүдийн хурал хойшлогдсон тул энэ ажил түр хойшлоод байгаа.
Уг аппликэйшнийг айл бүрийн гар утсан дээр суулгаад өгчихнө. Ингээд иргэд өөрийн СӨХ-ныхоо бүх үйл ажиллагааг хянаад, тайлан тооцоог нь хараад явчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, СӨХ-оог шилэн болгохоор ажиллаж байна.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ХОРООЛОЛ, ХОТХОНУУДЫН ДУНДАХ ЗАМЫГ МАНАЙХ ХАРИУЦАХГҮЙ
Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан:
-Хороолол, хотхон дундах авто зам эвдэрснээс болж оршин суугчдын ая тух алдагдаж, бухимдах шалтгаан болж байна. Энэ зун бороо хур элбэг байсан нь замын эвдрэлд ихээхэн нөлөөллөө. Үүнийг танай байгууллага хариуцаж засварлах үүрэгтэй юү?
-Ер нь хорооллын авто замууд янз бүр л дээ. Нийтийн эзэмшлийн зам талбай юу, эсвэл хувийн буюу тухайн аж ахуйн нэгжийн зам талбай юу гэдгээс хамаарна. Тухайлбал, сүүлд баригдаж байгаа хороолол, хотхонууд өөрсдийнхөө эзэмшлийн зам талбайд замаа барьж байгаа бол Нийслэлийн авто замын хөгжлийн газар үүнийг хариуцахгүй.
Тухайн компани замын арчлалт болон аюулгүй байдлаа хариуцдаг. Дээр үеийн орон сууцнууд буюу улс, нийслэлийн хөрөнгөөр барьсан авто замуудын арчлалтыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг. Тэгэхээр ‘аль хотхоны ямар зам бэ гэдгээс хамаарч өөр байна.
Манайхаар тухайн ажил дээр хяналт тавиулна гэсэн ойлголт байдаг. Тухайн хорооллыг барьж буй компани өөрсдөө зургаа гаргаад хяналтаа тавиад гүйцэтгэсэн ажлыг бид хүлээж авах ойлголт байхгүй. Тэгэхээр зам арчлалтаа тухайн компани хариуцна.
Дорноговь аймгийн Онгой байдлын газраас мэдээлснээр усархаг борооны улмаас гурван замын уулзвараас Хамарын хийд орох замын далан нурж эвдэрснийг засварлахаар ажиллаж байгаа аж. Харин хөдөлгөөнийг хэзээ нээх нь тодорхойгүй болохыг албаны хүмүүс хэлж байна.
Иймд иргэд:
- Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
- Аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Баталгаатай зам, гарцаар гарах болон хөдөлгөөний хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД–19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухайболон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Коронавирусын төрөл нь амьсгалын замын эд эсийг гэмтээж, уушгины хатгалгаа үүсгэдэг, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын халдварын тархалтыг “цар тахал” гэж зарлаад байна.
Коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлын тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээний талаар хуулийн зохицуулалт хангалтгүй, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар /КОВИД -19/-ын цар тахлын үед уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай болсон.
Хууль 4 бүлэг, 19 зүйлтэй бөгөөд хуульд дараах зүйлүүдийг тусгасан:
1.Хуулийн үйлчлэх хүрээ болон коронавируст халдвар /КОВИД -19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёог тодорхойлсон;
2.Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын онцгой комисс, Төв банк, арилжааны банк болон бусад төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон. Тухайлбал, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газар хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах; цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хямралын эсрэг холбогдох санг арвижуулах зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх зэрэг эрхтэй. Засгийн газарт төсвийн зохицуулалт хийх эрх өгсөнтэй уялдуулж хяналт тэнцлийг хангах зорилгоор Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулахаар заасан. Түр хороо энэ хуулийн биелэлтийг сар тутам хэлэлцэнэ. Түүнчлэн эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүний хүүгийн татаасаар Төв банканд дэмжлэг үзүүлэх, цар тахлын үед өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтынарга хэмжээг авах, цар тахлын үед арга хэмжээ авахдаа хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагыг тус тус хуульчилсан. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авахад чиглэсэн байх бөгөөд гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхаагүй байх шаардлагатай.
3.Иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлийг тусгасан. Тухайлбал, иргэн татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх; албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах, өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй зэрэг.
4.Бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, хуулийн үйлчлэх хугацаа зэргийг тусгасан. Тухайлбал, Коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх бөгөөд энэ хугацааг Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллага, гадаад улс орноос өгсөн хандивын тодорхой хэсгийг Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлж, энэ өвчний улмаас гадаад улс оронд тогтоосон хөл хорио, хилийн хязгаарлалтад орсны улмаас эх орондоо буцах боломжгүй болсон, санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуур хангасан зорилтот бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулахаар тусгасан.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ БАГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталлаа.
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, борлуулалтын хувь хэмжээ буурч байгаатай холбогдуулан зарим аж ахуйн нэгжийг хамарсан судалгаанд үндэслэн төр засгаас бодитой арга хэмжээ яаралтай авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд шаардлагатай холбогдох саналуудыг тусган 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус баталлаа.
Эдгээр хууль, тогтоолыг баталснаар дараах цогц асуудлыг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгов. Үүнд:
1.Хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж, үүнд шаардагдах хөрөнгийг батлагдсан төсөвт зохицуулалт хийх, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх замаар санхүүжүүлэх;
2.Зарим шаардлагатай оношилгоо, эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
3.Төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг иргэдээс бусад иргэдийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөх;
4.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, мөн 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжүүд ажлын байрыг хадгалж байгаа бол уг аж ахуйн нэгжийн даатгуулагч иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгох;
5.Сайн дураар даатгуулсан иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлж, даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох;
6.Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалсан, мөн хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох;
7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлөх;
8.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлээс чөлөөлөх;
9.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн татвар төлөгчийг нэг удаа чөлөөлөх;
10.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх;
11.2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд стратегийн зарим хүнсний барааг импортлоход гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
12.Ариутгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн горимд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн үйлдвэр, үйлчилгээний газруудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж ажиллах;
13.Эдийн засгийг төрөлжүүлэх, дэмжих, ажлын байр бий болгох, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээг идэвхжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах, эх үүсвэр бүрдүүлэх гэрээ, хэлэлцээрийг байгуулах;
14.Дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийхдээ нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгчийг шалгаруулах зарчим баримтлах зэрэг зохицуулалт болно. Түүнчлэн төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдаж, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулан үр ашгийг нэмэгдүүлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.
Ийнхүү Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийг уналтаас сэргийлэх боломжит эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудалд Улсын Их Хурал цаг алдалгүй ажиллав.
“КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн нараас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж, санхүүгийн чадвартай байх, эрүүл, тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлэх, зээл, санхүүжилтийн хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах, цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс гаргах батлан даалт болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, банкны бус санхүүгийн салбарыг зохицуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудын хэмжээг “0” болгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20 000 төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгох зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагын дагуу энэхүү тогтоолыг Улсын Их Хурлаас батлан гаргалаа.
Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, төрийн бусад байгууллагаас тогтоолд тусгасан дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж, банк санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсгэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг авч байгаа бусад цогц арга хэмжээнд дэмжлэг болж, харилцан уялдааг хангах юм.