Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо

Image may contain: sky, cloud, outdoor and nature

Засгийн газрын тухай хуулийн 20.5-д заасныг үндэслэн Эрчим хүчний сайдын эрхлэх ажлын хүрээнд түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт, эрчим хүчний нүүрсний асуудлыг хамаарах болсонтой уялдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай 40 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Эрчим хүчний яамны захиалгаар Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ Дэлхийн банкны Уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хийлгэснээр ордын нөөцөө шинэчилж 60 жилийн хугацаатай жилд 8-10 сая тонн нүүрс гаргахаар тооцоолжээ.

Сүүлийн жилүүдэд компанийн хөрөнгөөр техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл үе шаттайгаар хийгдэж байгаа ч нийт хөрсний хоцрогдол 8,200.0 мянган шоометр болжээ.
Японы Олон улсын харилцан туслалцах нийгэмлэгийн 12.3 сая ам.долларын техник, тоног төхөөрөмжийн зээлээр шинэчлэл хийгдэж байна. Ус шүүрүүлэх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Уулын 110кВ-ын дэд станцыг нүүлгэн шилжүүлж, 5.5 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн ба гүйцэтгэл 70 хувьтай байна.

Багануурын уурхай 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 3 бүлэг, 50 зүйл бүхий 35.3 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 36 хувьтай байна гэж тус уурхайн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун танилцууллаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгах, өртөг бууруулах, хэмнэлтийн горимд ажиллах, асуудлаа бие дааж шийдвэрлэх, бүтэц орон тоог тодорхой болгох, шилэн байх, складны үлдэгдлийг бууруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд дорвитой анхаарахыг үүрэг болголоо.

Дотоодын нүүрсний хэрэгцээний 28.5 хувийг хангадаг Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгийн 4,290 га талбайд 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Бизнес төлөвлөгөөнд 20 автомашинтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 10-14 ширхэг технологийн автомашин ажиллаж хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг гүйцэтгэж байна. Машины хүрэлцээ муу байгаагаас үндсэн хөрсний доголуудыг ахиулах, нүүрс нээх ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, дутагдлаас шалтгаалан уурхайн нийт хөрсний хоцрогдол 3,500.0 мянган шоометр болсон байна.

Компанийн хөрөнгөөр 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техникийн шинэчлэл хийсэн. Нүүрсний өртөг үнийн зөрүүнээс алдагдал хүлээж байгаа тул өртгийн зөрүүг шийдвэрүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа дуусна гэж уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хэллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, өр авлагын асуудалд анхаарах, “Ковид-19” цар тахлын үед нүүрсний уурхайнууд хорио цээрийн дэглэмийг тууштай баримталж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ спорт

NBA тун удахгүй

Цар тахлын улмаас гуравдугаар сард завсарлахаас өөр аргагүй байдалд орсон NBA-гийн 2019-2020 оны улирал дөрвөн сарын дараа буюу долдугаар сарын 30-нд ахин эхлэхээр зэхэж байна. Улирлыг хэрхэн эхлүүлэх талаар дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргасан бөгөөд тэдгээрээс онцлох үйл явдал, огноог танилцуулъя. Бэлтгэл ажил нийт зургаан шатнаас бүрдэх юм.

Нэгдүгээр шат (зургадугаар сарын 12-22)

  • Бүх тоглогч багтаа эргэж ирнэ. Харин “Рэпторс” баг Торонтод бус, Флоридагийн Неапол дахь их сургуулийн зааланд цугларна.
  • Зөвхөн ганцаарчилсан бэлтгэл хийхийг зөвшөөрнө
  • Тоглогчид чөлөөт цагаараа гэрээсээ гарч болохгүй. Зөвхөн хоол хүнсээ худалдаж авахаар дэлгүүр орж болно.

Хоёрдугаар шат (зургадугаар сарын 23-30)

  • Багууд коронавирусийн шинжилгээ хийх ёстой.
  • Ганцаарчилсан бэлтгэл хийнэ. Гэхдээ багийн дасгалжуулагчид оролцож болно.
  • Багийн бэлтгэл хийж болохгүй. Зааланд нэг дор наймаас олон тоглогч байхыг хориглоно.

Гуравдугаар шат (долдугаар сарын 1-11)

Дөрөвдүгээр шат (долдугаар сарын 7-11)

  • Багууд “Дисней ворлд” төвд хүрэлцэн ирнэ. Баг бүр 35 хүртэлх тооны гишүүнээс бүрдэх ёстой.
  • Багууд гурван зочид буудалд хуваагдаж байрлана
  • Бэлтгэл, биеийн хүчний бэлтгэл, хоол идэхээс бусад тохиолдолд байнга маск зүүнэ
  • Долдугаар сараас 7-ноос эхлэн бүх тоглогчоос марихуанаас бусад хориотой бэлдмэлийн шинжилгээ авч эхэлнэ. Флорида муж улсад марихуан хэрэглэхийг зөвшөөрдөг юм.

Дөрвийн В шат (долдугаар сарын 11-21)

  • Багийн бэлтгэл эхэлнэ.
  • Тоглогчид талбайд шүлсээ хаях, хамраа цэвэрлэх, бөмбөгийг хувцсандаа арчих, гар барих зэргийг хориглоно
  • Тоглогчдыг зөвхөн зочид буудалд хамт байгаа хүмүүстэй цуг ширээний теннис, гольф, видео тоглоом, хөзөр тоглохыг зөвшөөрнө.
  • Багийн тоглогчид хамтдаа хооллож болно
  • Тоглогчид бие биенийхээ өрөөг хэсэхийг хориглоно
  • Өдөр бүр зочид буудал руу хоол хийж явуулах хувийн тогооч хөлслөхийг тоглогчдод зөвшөөрнө.
  • Тоглогчдыг “Дисней ворлд”-оос гарч явахыг хориглохгүй. Гэхдээ гарсан тохиолдолд илүү нарийн шинжилгээ өгч, 14 хоног хөл хорионд орно. Үүний улмаас өнжсөн тоглолтуудын цалинг нөхөж олгохгүй.

Тавдугаар шат (долдугаар сарын 22-29)

  • Нэг зочид буудалд буусан багийн эсрэг гурван хяналтын тоглолтыг нэг баг хийх эрхтэй.
  • Өөр зочид буудалд байрласан багийн тоглогчидтой уулзахыг 22-ноос эхэлж зөвшөөрнө.

Зургадугаар шат (долдугаар сарын 30-аравдугаар сарын 13)

  • Плей-оффт тоглох багийг сонгохын тулд баг тус бүр найман удаа тоглоно. Шаардлагатай тохиолдолд буюу амжилт ижил бол тухайн багуудын хооронд нэмэлт тэмцээн явуулна.
  • Плей-оффоос хасагдсан баг “Дисней ворлд”-ыг яаралтай орхиж явах ёстой.
  • Үлдсэн багууд зочдод зориулж 17 хүртэлх өрөөг захиалах боломжтой. Ийм тохиолдолд өрөөний төлбөрийг тухайн тоглогч хариуцна.
  • Зочин тус бүр 21 хоногийн хөл хорионд орсны дараа тоглогчидтой уулзах, тоглолт үзэх эрхтэй болно.

Долоо дугаар
31-ний өдөр

·
Utah Jazz – New Orleans Pelicans

·
Los Angeles Lakers – Los Angeles Clippers

Найм дугаар сарын
нэгний өдөр

·
Orlando Magic – Brooklyn Nets

·
Memphes
Grizzlies – Portland Trail Blazers

·
Phoenix Suns – Washington Wizards

·
Boston Celtics – Milwaukee Bucks

·
Sacramento Kings – San Antonio Spurs

·
Houston Rockets – Dallas Mavericks

Т.БАТЛХАГВА

Categories
мэдээ нийгэм

АНУ-аас эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэн байна

Шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Улсын онцгой комисс (УОК)-ын гаргасан шийдвэрийн дагуу тус Монгол улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг “Хувь хүний нууцын тухай” хуульд нийцүүлэн овог, нэрийг өргөдөл анх гаргасан огноогийн хамт олон нийтэд нээлттэй болголоо.

УОК-оос бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, жирэмсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг энэхүү дарааллыг үл харгалзан сонгож, нэрсийг тус ЭСЯ-нд ирүүлж буйг анхаарна уу.

2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус ЭСЯ-нд хандаж эх орондоо буцах хүсэлт гаргасан 1437 иргэний мэдээллийг энд дарж үзнэ үү.

Хүндэтгэх шалтгаан Вашингтон дахь ЭСЯ
Бага насны хүүхэдтэй гэр бүл 258
Эрүүл мэндийн шалтгаантай 197
Ахмад настан /60-с дээш настай/ 208
Жирэмсэн 15
Оюутан 383
Бусад хүндэтгэх шалтгаантай 376
Нийт 1437
Categories
мэдээ нийгэм

Га​даад харилцааны сайд Н.Энхтайван Турк Улсын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Ахмет Язал Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр талын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахын чухлыг онцлоод, өнөөдөр Монгол, Туркийн худалдааны танхим хамтарсан уулзалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв. Сайд Н.Энхтайван дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын хөл хорионы улмаас нутаг буцах боломжгүй болсон Турк Улсад буй монгол иргэдэд Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: Хонг Конгт ресторанд хооллохыг бүрэн хориглохоор болжээ

COVID-19 халдварын тархалтын мэдээг ЭМЯны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

АНУ

Халдварын нөхцөл байдлын талаар АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн захирал “Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг хаах, хүн олноор цуглардаг газар очихгүй байж, бүх нийтээрээ амны хаалтыг тогтмол зүүн, хүн хоорондын зайг мөрдөж чадвал АНУ коронавирусийн тархалтын мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжтой” хэмээн онцолжээ.

Долдугаар сарын 27-ны өдөр АНУ-д 61,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 564 хүн нас барлаа. Тус улсын хэмжээнд одоогоор нийт 4,255,000 гаруй хүн коронавиурсийн халдвараар өвчилсөн. Үүнээс 146,500 гаруй хүн эндээд байгаа юм.

Бразил

Даваа гарагт Бразил улсад 23,500 гаруй тохиолдол, 614 нас баралт шинээр бүртгэгдлээ. Тус улсын халдвар өссөн дүнгээр 2,442,000 болсноос 1.6 сая гаруй нь эдгэрч, 87,600 хүн энджээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 49,900 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 1,435,000 гаруйд хүрлээ.

ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,635 тохиолдол, 85 нас баралт нэмж бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 818,000 гаруй болжээ. Өчигдөр бүртгэгдсэн дээрх халдварын тохиолдол нь дөрөвдүгээр сарын 23-наас хойш хамгийн цөөн тооны халдвар бүртгэгдсэн өдөр гэж тэмдэглэгдсэн байна.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад Даваа гарагт 598 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдгээрийн 198 нь Канто бүсэд, 137 нь Кансай бүсэд, 102 нь Чибу бүсэд бүртгэгдсэн байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 28 тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Шинэ тохиолдлуудын 23 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол тав нь дотоодын халдвар байжээ.

Сүүлийн өдрүүдэд Ирак улсад хөдөлмөр эрхэлдэг Өмнөд Солонгосын иргэд эх орондоо очих болсонтой холбоотойгоор тус улсын зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тоо нэмэгдсээр байна.

Мөн БНСУ-ын далайн боомтод очсон ОХУ-ын хөлөг онгоцны ажилчид, тэдгээрийн ойрын хавьтлын хүмүүсээс халдвар олноор илэрсээр байгаа юм.

Ирак улсаас гадна, Бангладеш, Казахстан, Кыргызстан, Пакистан, Узбекистан, Филиппин зэрэг зургаан улсаас ирж байгаа иргэдээ Солонгос улс өндөр эрсдэлтэй гэж үзэж хилээр нэвтрүүлэхдээ заавал халдваргүйг нотлох гэрчилгээ шаардаж буй аж.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр 68 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Шинэ тохиолдлуудын 64 нь дотоодын хүн амын дундах халдвар байсан бөгөөд 57 нь буюу дийлэнх нь Шинжаан Уйгурт бүртгэгдсэн байна.

Мөн өдөр Бээжин хотын Шиньфади хүнсний захын голомтоос халдвар авсан хүмүүсээс 14 хүн нэмж эдгэрчээ. Ингээд тус голомтоос халдвар авсан нийт 335 хүнээс 25 нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Хонг Конг

Хонг Конгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр 145 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 142 нь дотоодын халдвар байв.

Халдварын тархалтыг хумих үүднээс тус бүсэд хоёроос дээш хүн цуглах болон ресторанд хооллохыг бүрэн хориглож, амны хаалтыг гадаад, дотоод орчин тогтмол зүүхийг Лхагва гарагаас эхлэн шаардаж, мөрдүүлэхээр болжээ.

Коронавирусний хөл хорионы улмаас иргэдийн сэтгэцэд өөрчлөлт гарч болзошгүй тул Сэтгэцийн эрүүл мэндийн төв фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

ЭМЯ-наас гуравдугаар сарын 22-ноос эхлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр “1800-2000” дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байв. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 3231 иргэн холбогдож зөвлөгөө авсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа өргөжүүлж зайнаас буюу фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэхдээ, фейсбүүкийн хайлт хэсэгт “Сэтгэцийн эрүүл мэнд, онлайн мэдээлэл зөвлөгөө” гэж бичиж чат, видео мессенжерээр мэргэжлийн сэтгэцийн эмчтэй холбогдож зөвлөмж авах боломжтой аж.

Ташрамд дурдахад, ХӨСҮТ болон ЭМЯ төрийн 23 байгууллагын оролцоотойгоор шинэ коронавирусний эрсдэлийн 10 дахь үнэлгээ хийжээ. Тус үнэлгээгээр манай улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ гарчээ.

Categories
гадаад мэдээ

“Google”, “Apple”, “Facebook”, “Amazon” компаниудын гүйцэтгэх захирлууд Конгрессийн сонсголд оролцоно

Маргааш буюу лхагва гаригт “Google”, “Apple”, “Facebook”, “Amazon” компаниудын гүйцэтгэх захирлууд анх удаа Конгрессийн сонсголд хамт оролцож, хууль тогтоогчдын асуултад хариулна. Энэ нь эдгээр томоохон компаниудыг зах зээлд шударга бусаар өрсөлдөж, дангаар ноёлж байж болзошгүй гэж Конгрессийн гишүүд үзэж байгаагаас үүдэн шударга бус өрсөлдөөнийг хянан шалгах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ажил юм.

АНУ нь газрын тос, төмөр зам, банк санхүүгийн зэрэг салбаруудад хэн нэгэн дангаар ноёрхохоос сэргийлж ирсэн 100 гаруй жилийн түүхтэй. Гэвч энэ зохицуулалт нь өнөөдөр 21 дүгээр зууны технологийн аварга компаниудад хэрэгжих боломжгүй болоод байгаа юм.

Хэрвээ шалгалтыг өргөжүүлэх шаардлагатай гэж үзвэл эцэстээ монополийг хязгаарлах шинэ хууль бий болж, дээрх дөрвөн компани хэт томрох боломжгүй болох юм. Мөн сонсголд Google болон Alphabet компаниудын гүйцэтгэх захирал Сундар Пичай, Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук, Амазоны гүйцэтгэх захирал Жэф Безос, Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг нар анх удаа цуг суух юм. Гэхдээ коронавирусийн цар тахлын улмаас тэд видео холбооны систем ашиглан сонсголд суух магадлалтай байна.

Google компанийн хувьд сурталчилгаа, хайлтын системийн зах зээлд хэт давуу байдалтай болсон хэмээн сэжиглэгдэж байгаа. Apple-ийн хувьд App Store аппликэйшн дэлгүүртээ бусад хөгжүүлэгчдийн бүтээгдэхүүнд ялгавартай ханддаг гэсэн сэжиг бий.

Фэйсбүүк компани сүүлийн жилүүдэд WhatsApp, Instagram, Giphy зэрэг компаниудыг худалдан авч, хүчээ нэмсэн нь анхаарал татаж байна.

Амазоны хувьд өөрийн брэндүүдийг түлхүү борлуулж, гуравдагч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй шударга бус аргаар өрсөлддөг гэсэн яриа бий.

Т.БАТЛХАГВА

Categories
гадаад мэдээ нийгэм

ТРАНСАТЛАНТЫН ХАРИЛЦАА

New Transatlantic Policy Center Evaluates Europe's Key Challenges ...

Сүүлийн хэдэн жил Д.Трампын эгдүүцлийг хүргэсэн Парисын уур амьсгалын гэрээ, Ираны цөмийн хэлэлцээр, 5G технологийн асуудал, Европт тавьсан тарифын хориг болон АНУ Герман улсад байрладаг бааз дахь цэргийнхээ тоог эрс бууруулах буюу 9500-гаар хорогдуулахаар мэдэгдсэн зэрэг нь 70 гаруй жилийн түүхтэй трансатлантийн холбоотнуудын харилцааг эрхгүй сонирхоход хүргэж байна.

Д.Трамп Европын Холбоо, тэр дундаа Герман улсыг эдийн засаг, худалдааны өрсөлдөгч гэж үздэг ба энэ жилийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп дахин ялалт байгуулвал нөхцөл байдал хурцдаж болзошгүй гэж Австри улсын Европын Аюулгүй байдлын бодлогын хүрээлэнгийн Велина Чакарова үзэж байна. Тэрээр хэлэхдээ “Европын Холбоо аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт илүү хүчтэй, бие даасан байдлыг бий болгох алхамыг хийж байгаа тул Д.Трамп НАТО-ийн гишүүн улсуудад эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээ авах замаар үүнийг таслан зогсоохыг оролдох болно” гэжээ.

Нөгөөтэйгүүр Европын Холбоо Ковид-19 цар тахлын улмаас Хятад улстай хамтран ажиллах томоохон хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байгаа ба Европ дэлхийн тавцанд шинэ байр суурь эзлэхийг эрмэлзэхийн хэрээр АНУ-ын глобал үүрэг улам бүр урьдчилан тааварлах аргагүй болж байгаа нь Европын хувьд давуу байдал ч байж болох юм. [1] Европын Холбоо Жо Байденыг илүү дэмжих хандлагатай ба тэрээр ерөнхийлөгч болсон тохиолдолд холбоотны харилцаа одоогийнхоос сайжрах магадлалтай гэж найдаж байна.

Харин одоогийн байдлаар Европын хувьд Хятадтай харилцах нь Д.Трампын таамаглахын аргагүй байдлаас илүү дээр юм.

Парисын уур амьсгалын гэрээ

АНУ Парисын уур амьсгалын гэрээнээс гарна гэж тус улсын ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны зургадугаар сард мэдэгдсэн билээ. Энэхүү гэрээг Францын нийслэл Парис хотноо 2015 оны 12 дугаар сарын 12-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын 21 дүгээр бага хурлын үеэр баталсан юм. Парисын хэлэлцээрт оролцогчид 2100 он гэхэд дэлхийн агаарын дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн үзүүлэлттэй харьцуулахад цельсийн 2 хэмд хязгаарлахаар тохиролцжээ.

1992 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнууд цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц хэмээх олон улсын гэрээнд нэгдэн орсон юм. Үүний дараа агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харж 1997 онд Киотогийн протоколыг баталжээ. Энэхүү протоколын дагуу хөгжингүй орнууд агаарын бохирдлыг бууруулах үүргийг хүлээсэн юм. Гэвч дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулж буй хоёр улс болох Хятад, АНУ улсууд уг гэрээнд нэгдээгүйн улмаас гэрээг үр дүнгүй болсон гэж үздэг. Хөгжиж буй орон болох Хятад улс Киотогийн протоколд нэгдээгүй нь АНУ ч мөн энэ протоколд нэгдэхгүй байх үндэслэл болсон гэж АНУ-ын засгийн газрын олон албан тушаалтан тайлбарладаг.

2012 онд Дохад болсон оролцогчдын 18 дах хэлэлцээрээр Киотогийн протоколыг 2020 он хүртэл сунгаж түүнд нэгдээгүй улс орнуудыг 2015 он гэхэд нүүрс төрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийг бууруулахыг шаардсан хууль ёсны баталгаа бүхий шинэ иж бүрэн уур амьсгалын өөрчлөлтийг гэрээг байгуулсан юм.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон 2017 оны 1 дүгээр сард тангараг өргөсний дараанаас АНУ-ын цаг уурын бодлогын шинэ эрин үе эхлэн Д.Трамп Парисын уур амьсгалын өөрчлөлтийн тухай гэрээнээс гарахаа мэдэгдсэн юм.

Энэхүү гэрээ нь АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгаа хүчирхэгжүүлэхэд саад болж буй ашиггүй гэрээ хэмээн үзсэн нь түүний протекционист бодлогын илрэл мэт боловч цаанаа Хятадтай сөргөлдөх бодлого байв.

Ираны цөмийн хэлэлцээр

2015 онд байгуулагдсан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй таван орон болох (Р5+1) АНУ, БНХАУ, ОХУ, Англи, Франц, ХБНГУ хамтран Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулах “Ираны цөмийн хэлэлцээр”-ээс АНУ гарахаар болсон. Д.Трамп энэ гэрээг маш муу гэрээ, нэг талаас АНУ-д ашиггүй, нөгөө талаас Иран цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байхад бодит хяналтыг тавих эрх зүйн орчинг бүрдүүлээгүй хэмээн үзэж 2018 оны 5 дугаар сард уг гэрээнээс гарахаа зарласан нь АНУ цаашид Иранд тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээхээр болсны илрэл байлаа. Энэ шийдвэр нь угаасаа таагүй байсан АНУ-Ираны харилцааг улам муутгаад зогсохгүй түүний баруун Европын холбоотон орнуудтайгаа харилцах харилцаанд ч сөргөөр нөлөөлж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Франц, Германы үндэстэн дамнасан нөлөө бүхий олон корпорац Иранд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хэлэлцээр цуцлагдаж хориг сэргэвэл тус корпорациуд Иран дахь үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болно.

Франц, Герман, Англи улсууд Иранд хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлт тавьсаны хариуд Тегеран Европын түншүүдтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь АНУ, Европын харилцаанд сэв суулгаж болзошгүй байна.

5G технологийн асуудал

Урсула фон дер Лейен Европын Холбооны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авмагцаа Европын Холбоо даяар дижитал чадавхиа сайжруулах нь нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлсон ба энэ хүрээнд ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Питер Алтмайер Европын дата мэдээлийг АНУ-ын үүлэн технологийн үйлчилгээний компаниудад хадгалуулах нь тусгаар тогтнолоо алдахтай адил гэж мэдэгдэж байлаа. 2020 оны 3 сард Европын Комисс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, ашиглах, сүлжээн дэх “өндөр эрсдэлтэй” хэрэглэгчдийн оролцоо болон мэдээллийг удирдах шинэ хууль эрх зүйн актуудыг баталсан ба энэ нь Европын Холбооны иргэдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ дижитал орон зайд давамгайлж буй тоглогчдын эсрэг Европын Холбооны өрсөлдөх чадварыг бэхжүүлэх хүсэл байв. Европын Холбоо, Герман улс нь АНУ-ын зүгээс тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж үзэж хориглосон Хятадын Хуавэй компанид үйлдвэрлэсэн зарим эд ангийг худалдан авч 5G сүлжээнд ашиглахаар ярьж байгаа ч одоогоор энэхүү яриаг түр хойшлуулсан байна.

Европын Холбооны эдгээр санаачилгууд АНУ, Хятадын дижитал компаниудын Европын зах зээл дээрх хүчтэй байр суурийг эсэргүүцэх зорилготой ба АНУ-ын компаниудад ч мэдэгдэхүйц нөлөөлөх болно. Энэхүү алхам нь АНУ-Европын Холбооны харилцаанд ноцтой бэрхшээл учруулж болзошгүй юм.

Европын засгийн газруудын хувьд Хуавэйгийн барааг худалдан авах нь бусдаас хямд байдаг ч дижитал тусгаар байдлын төлөөх эрмэлзэлтэй нь зөрчилдөж байна.[2]

Европт тавьсан тарифын хориг

Европын Холбоо өөрийн Аэрбус компанид хууль бусаар давуу байдал олгосон нь АНУ-ын Боинг компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр АНУ-ын талаас Дэлхийн Худалдааны Байгууллагад 2018 онд үүсгэсэн маргааны улмаас 2019 онд Дэлхийн Худалдааны Байгууллагаас АНУ-д Европын Холбооны ган, хөнгөн цагааны үйлдвэрлэл, машин, түүний эд ангийн импортод 10 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 25 хувийн татвар буюу нийтдээ жил бүр 7,5 тэрбум долларын бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг зөвшөөрсөн юм.[3] Үүний хариуд Европын Холбоо АНУ-ын 5 тэрбум долларын бүтээгдэхүүнд ногдох татварыг мөн нэмэхээр болсон. Энэхүү тарифийн хоригт хамгийн их өртөж байгаа улсууд нь ХБНГУ, Франц, Итали, Испани бөгөөд харин Зүүн Европын улсуудтай АНУ илүү ойр харилцах хандлагатай байгаа нь анхаарал татаж байна.

АНУ Герман дахь цэргийн тоогоо хорогдуулсан нь

Герман улсын нутаг дэвсгэрт АНУ-ын 35 мянга гаруй цэрэг байрладаг ба Вашигтон үүнийг 25 мянга хүртэл бууруулж энэ оны 9 дүгээр сарын 30 гэхэд 9500 цэргийг тус улсаас гаргахаар шийдвэрлэсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын үзэж буйгаар НАТО-ийн гишүүн орнууд батлан хамгаалах салбартаа хангалттай хөрөнгө зарцуулахгүй байхад АНУ их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаад дургүйцэж мөн Герман улс ОХУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж, “Хойд урсгал-2” хийн хоолойн бүтээн байгуулалтанд оролцон Оросоос байгалийн хий худалдан авдаг нь Д.Трампын эгдүүцлийг хүргэжээ. Харин Герман улс үүнд сэтгэл дундуур байгаа ба “АНУ Герман улсыг хамгаалахын тулд цэргээ байрлуулдаг бус трансатлантийн аюулгүй байдлыг хангахын тулд цэргээ байрлуулдаг” хэмээн ХБНГУ-с АНУ-д суугаа элчин сайд Эмили Хабер цохон тэмдэглэсэн ба Германы канцлер Ангела Меркел АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд амьдрахад бэлдэх хэрэгтэй хэмээн Европд хандан уриалсан юм.

Д.Трампын энэхүү алхам нь НАТО-ийн бусад гишүүн орнуудад ч мөн өгч буй сануулга хэмээн шинжээч Жонатан Маркус үзэж байна. Стратегийн шинжээчид мөн энэ алхамыг НАТО-ийн хүчийг сулруулснаар Орост ашигтай үйлдэл болно гэж харж байна.[4]

Хандлага ба ажиглалт

Дээрх үйл явдлуудаас харахад Торгоны замаар холбогдож түүхийн туршид тасарч нийлж ирсэн Европ Хятадын маш эртний харилцаа “дахин хүчирхэгжиж” буй Хятад улсын ихээхэн хөрөнгө оруулалт, түүнийг хүлээн авч харилцан ашигтай хамтран ажиллах Европын Холбооны хүслээр эргэн сэргэж байгаа мэт харагдаж байна. Хэрэв тийм бол энэ харилцаа хэр ихээр сэргэн хөгжих бол? Ийнхүү хөгжих нь трансатлантийн харилцаанд хэрхэн нөлөөлөхийг ажиглах л үлдэж байна.

Мөн түүнчлэн Европын Холбооны дижитал тусгаар байдлын төлөөх алхамууд нь АНУ-Европын Холбооны харилцааг хурцатгаж протекционизмд хүргэх үү эсвэл тэд хамтран дижитал орон зайд дэлхийн хэм хэмжээг тогтоох уу бүр дижитал ертөнцийг АНУ, Хятад, Европын Холбоо гэсэн гурван хэсэгт хуваан үзэх хэрэгтэй болох болов уу? гэдэг ч сонирхолтой асуулт юм. Зөвхөн дижитал ертөнц гэлтгүй аюулгүй байдал, батлан хамгаалахын салбартаа илүү бие даасан байдлыг бий болгох алхамууд нь АНУ-ын ямар хариу үйлдэлтэй тулгарах бол? Энэ 7 дугаар сараас эхлэн Европын Холбоог Герман улс буюу Ангела Меркел удирдаж байгаа ба ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Цагаан ордон өөр эзэнтэй болвол Европын Холбоо-АНУ-ын харилцаанд эерэг өөрчлөлт гарах болов уу?

Гэхдээ 70 гаруй жил үргэлжилж ирсэн трансатлантуудын холбоо тийм ч хурдан бүр мөсөн тасрахгүй нь тодорхой бөгөөд Европын Холбооны хувьд АНУ Хятадаас илүү холбоотон хэвээр үлдэх болов уу.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн

Categories
мэдээ нийгэм

1101723 хүн В, С вирусний илрүүлэг шинжилгээнд хамрагджээ

ЭМДГ-аас 2020 оны 7 дугаар сарын 20-ны байдлаар “элэг бүтэн монгол” хөтөлбөрийн 2 дугаар шатны үзлэгт хамрагдсан иргэдийн тоог гаргасан байна. Тухайлбал, В, С вирусний илрүүлэг шинжилгээнд 1101723 хүн хамрагджээ.

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдөр “вируст хепатиттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Монгол улс энэ өдрийг 2010 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ассемблейгээс “вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги” (ВХЭМСДС)-ийг 2016 оны 5 дугаар сард баталсан. Тус стратегид вируст хепатитийн халдварыг арилгах (шинэ тохиолдлыг 90 хувь хүртэл, ХВВ (халдварт В вирус) болон ХСВ (халдварт С вирус) халдвартай холбоотой нас баралтыг 65 хувиар бууруулах) зорилт дэвшүүлсэн юм билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас дэлхий даяар 257 сая хүн архаг В вирусний халдвартай, 900,000 хүн В вирусний халдвараар үүссэн элэгний хатуурал болон элэгний хавдрын улмаас нас барж байна гэж тооцоолсон (2015 он) аж.

В вирусний шалтгаантай нас баралтын ихэнхи нь эхээс хүүхдэд дамжсан халдвараас үүдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Ийм учраас энэ стратегийн гол зорилтын нэг нь шинэ төрсөн нярайн дундах В вирусний халдварыг бууруулахад оршиж байгаа юм. Ингэхдээ 2030 он гэхэд 5 хүртлэх насны хүүхдүүдийн дундах В вирусийн гадаргуугийн эсрэгч төрөгч (HBsAg)-ийн тархалтыг 0.1 хувиас доогуур болговол энэ халдварыг бүрэн зогсоосон гэж үзэж болно хэмээн онцолжээ.

Шинэ төрсөн хүүхдэд тарих В вирусний эсрэг нэг тун вакцин болон бусад цуврал вакцинд бүрэн хамруулснаар уг вирусний халдварыг эхээс хүүхдэд дамжих үзэгдлийг зогсоож чадна гэж үздэг аж. Шинэ нярай бүрт В вирусний эсрэг вакцины эхний тунг төрсний дараа богино хугацаанд буюу төрснөөс хойш 24 цагийн дотор тарихийг ДЭМБ зөвлөсөн байна. Тус зөвлөмжид хүүхдэд тарих дараагийн тун хоорондын зай 4 долоо хоног байхаар тооцон 2-3 тунг тарих боломжтой гэж дурджээ.

Ер нь дэлхий нийтэд өнөө үед хэрэглэж байгаа вируст хепатитийн эсрэг эмчилгээгээр С вирусний халдвар авсан хүмүүсийн 95 хувь нь эдгэрэх боломжтой болсон юм. Ингэснээр энэ вирусний гаралтай элэгний хатуурал, хавдрын нас баралтыг бууруулах боломжтой гэж үздэг юм байна. Гэвч В, С вирусний оношилгоо, эмчилгээний хамралтын хүрээ дэлхийн хүн амын дотор нэмэгдэхгүй байгаа нь аюулын гол цөм нь болжээ.

ДЭМБ-аас С вирусний халдвартай амьдарч байгаа 3 сая, В вирусний халдвартай 5 сая хүн шинжилгээ, эмчилгээнд хамрагдсан гэсэн (2015 оноос хойш) тооцоог 2019 онд хийжээ. Энэ бол олон улсын хэмжээнд байгаа тоон үзүүлэлтүүд юм.

Монгол улсын хувьд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор (2017 он) “Элэг бүтэн монгол” хөтөлбөр баталсан. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй элэгний өвчлөл, хавдар, нас баралтыг бууруулах зорилго бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-ийн зардалд 23.4 тэрбум төгрөгийг баталсан байна. Түүнээс 18,4 тэрбум төгрөг нь элэгний С вирусний эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд, 4,9 тэрбум төгрөгийг оношилгоо шинжилгээний зардалд зарцуулахаар тогтоожээ. Эмийн хөнгөлөлтийн хувьд Харвони, Вирпас, Ледвир, Ледифос, Хепсинат Эл Пи зэрэг 5 эмийн үнэд даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэхээр тухайн үед шийдвэрлэж байжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн 2017 оны 09 дүгээр тогтоолоор элэгний С вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд ЭМДС-гаас төлөх нэг удаагийн зардлын төлбөрийн дээд хязгаарыг нэг даатгуулагчид хагас автомат оношлуулаар 80,0 мянга, бүрэн автомат оношлуулаар тоолоход 120,0 мянган төгрөг байхаар тогтоож байсан байна. Улсын болон хувийн хэвшлийн 22 лаборатори элэгний С вирусний идэвхжилийг тодорхойлж байна.

Categories
мэдээ улс-төр

М.Оюунчимэг: Цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах чухал

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж, ХНХЯ-ны мэргэжлийн боловсролын сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа нартай уулзаж, санал болон үүрэг чиглэл өглөө.

Цар тахлын үед ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ орлоготой байлгах чухал байгааг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг уулзалтын эхэнд онцоллоо.

Иймээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ковид19-ийн хорио цээрийн үед хэрхэн ажиллуулах тухай санал солилцсон юм. Тухайлбал, Гэр хорооллын дэд бүтцийн ажилд тухайн дүүрэг хороодын ажилгүй байгаа иргэдийг сургалтад хамруулж, мэргэшүүлж ажиллуулах боломж байгааг хэллээ. Иймээс МСҮТ-ийг халдваргүйжүүлэлт, дэглэмийг барьж хагас өдрөөр хичээллүүлэх зэрэг асуудлаар УОК-т ямар санал өгөх, мөн удахгүй ээлжит бус чуулган хуралдах гэж байгаатай холбоотойгоор шаардлагатай төсөв хөрөнгө болон бусад зүйлийг судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Боловсролын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамны дунд МСҮТ-ийн үйл ажиллагаа хаягдахгүй ёсгүй, хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг салбарын сайдад санууллаа. Цаашид нийгмийн бодлогын байнгын хороо МСҮТ-ийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ирэхэд онцгой анхааран ажиллах болно гэдгээ хэллээ. Мөн ойрын үед тус салбарын багш ажилчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонсохоор боллоо.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг сургах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн стандартуудыг бий болгох зэрэг асуудлууд байгааг дурдлаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, шинээр ажлын байр бий болгох замаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах юм. Нийгмийн бодлогын байнгын хороо бодлогын хүрээнд ЗГ-ын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ Байнгын хорооны дарга уулзалтын төгсгөлд онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ өвлөөс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шавыг Налайх дүүрэгт тавьсан. Тэгвэл сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж, дүүргийн иргэд эхнээсээ ажлын байраар хангагдаж эхлээд байна. “Таван толгой түлш” ХХК-д ажилд орохоор бүртгүүлсэн иргэд болон ажилд орох сонирхолтой иргэдийг дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст 07 дугаар сарын дуустал бүртгэж байна.

Агаарын тухай хуулийн 15.1, 15.3-д заасны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоох ба НЗДын Зөвлөлийн 2020 оны 2 сарын 20-ны өдрийн хурлаар Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах II бүсэд багтаан баталж БОАЖЯнд хүргүүлсэн. Энэ хүрээнд Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ.

Иймд иргэд та бүхнийг яндан зуухны стандартыг хангах бэлтгэлээ эртнээс базаахыг, 100-аас дээш болон доош квт хүчин чадалтай халаалтын зууханд шүүлтүүр суулгах, цахилгаан болон бусад эх үүсвэрт холбох, технологио өөрчилж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад сануулж байна.