Categories
мэдээ нийгэм

​КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Газар тариалан эрхлэгчдэд шатахууны дэмжлэг үзүүлнэ

• Амны хаалт зүүх

• Биеийн халуун үзэх
• Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
• Гараа сайтар савандаж угаах
• Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
• Бээлий, нүдний шил хэрэглэх
• Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
• Машин, техник хэрэгслийн хүрд, бариул зэрэг хүний гар их хүрдэг хэсгийг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх
• Алчуур, хувцас, хөнжил, гудас зэргийг наранд тавих
• Ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй, өөрийн усны савтай байх
• Сүү, цагаан идээ, жимс ногоо зэрэг шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх
• Бүлээн шингэн ойр ойрхон уух
• Тамхи дамжуулан татахгүй байх
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
• Хэт ядрахгүй, эрт амрах
• Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 316 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Д.Нямхүү: Сэжигтэй 20 тохиолдлын 1 хүнээс халдвар илэрлээ |

Коронавирус (COVID-19) дэлхийн 216 орон нутаг дэвсгэрт бүртгэгдэн 8241000 хүн өвдөж, 444 мянган хүн нас бараад байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдөр нийт 316 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалбал:

Ажиглах байранд тусгаарлагдсан 267 хүний давтан шинжилгээ

Тандалтын зорилгоор 23 хүний сорьц шинжилгээг санамсаргүйгээр сонгон авсан. Сонголтонд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн сорьц, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, мөн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн сорьцноос сонгож хийлээ.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 авто тээврийн жолооч

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ

Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Энэхүү хоёр иргэний нэг нь Батлан хамгаалахын оюутан, 19 настай эрэгтэй33 хоногийн эмчилгээний дараа, нөгөө нь 15 настай сурагч 31 хоногийн дараа тус тус эдгэрлээ. Ийнхүү улсын хэмжээнд батлагдсан 197 хүн, эдгэрсэн 111 хүн байна. ХӨСҮТ-дхалдвартай 86 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлын хувьд 78 нь хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна.”

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: “Дэлхийн 216 орон нутаг дэвсгэрт бүртгэгдэн 8241000 хүн өвдөж, 444 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 132000 хүн шинээр өвчилж 6000 гаруй хүн нас барсан энэ нь өвчлөл өмнөх өдрөөс 14 мянган хүнээр нас баралт 3000 гаруй хүнээр нэмэгдсэн байна. ЯлангуяаБразил улсад 30 мянган хүн шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт шинэ халдвархамгийн олноор бүртгэгдсэн тохиолдол боллоо. Шинэ Зеландад гаднаас ирсэн хоёр хүнд 14 хоногийн тусгаарлалтын үеэр халдвар илэрчээ. “Энэ оны 6-8-р саруудад өвчлөл буурна гэж байсан ч байдал өөр тийш эргэлээ” хэмээн Харвардын их сургуулийн эрдэмтэд анхааруулжээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 8248 хүн халдвартай нь бүртгэгдэн, нийт 545 мянга болж 7284 хүн нас бараад байна”АНУ-ын эрдэмтдын компьютер загварчлалын аргаар хийсэн судалгаагаар 00-оос ус татахад агаарт коронавирус агуулсан дуслууд дэгдэж гарч байгааг тогтоосон байна.”

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: “АНУ-д зургадугаар сарын 15-ний байдлаар 18500 шинэ тохиолдол 496 нас баралт бүртгэгдэн, нийт халдварын тоо 2.1 саяд хүрч, 116 мянга гаруй хүн нас бараад байна. Япон улсад зургадугаар сарын 16-ны 12 цагийн байдлаар 72 шинэ тохиолдол 1 нас баралт бүртгэгджээ. Шинэ халдварын 60 нь дотоодоосоо, 12 нь гадаадаас орж иржээ. БНСУ-д шинээр бүртгэгдсэн тохиолдол 43, 1 нас баралт бүртгэгдсэн ба 31 дотоодын халдвар байна. БНХАУ-д өчигдөр 44 шинэ тохиолдол бүртгэгдсэний 33 хүн дотооодоос илэрсэн ба тэдний 31 нь Бээжин дэх хүнсний захаас улбаатай байна. Тиймээс уг захаар үйлчлүүлсэн 200 мянган хүнд шинжилгээ хийжээ. Оксфордын их сургуулийн судлаачид үе мөчний өвчин, уушигны багтраа зэрэгт хэрэглэдэг гормоны эмчилгээ болох дексаметазоныг хэрэглэхэд нас баралтыг бууруулж байна гэв. Дексаметазоныг хэрэглэсэн 2000 өвчтөн ба хэрэглээгүй 4000 өвчтөний биеийн байдлыг харьцуулахад нь амьсгалын аппараттай, биеийн байдал маш хүнд өвчтөний нас барах эрсдэл 40-28 хувь болгож бууруулсан бол хүчилтөрөгч шаардлагатай өвчтөний нас барах эрсдэлийг 25-20 хувь болгож бууруулжээ. Өөрөөр хэлбэл амьсгалын аппараттай 8 өвчтөний нэгийг аврах боломжтой бол хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай 25 хүн тус бүрийн нэгийг аврах боломжтой гэв. Цар тахал анх дэгдэж эхэлсэн цагаас энэхүү эмийг хэрэглэж байсан бол зөвхөн Их Британи улсад гэхэд 5000 гаруй хүний амийг аврах боломжтой байсан байна гэж судлаачид дүгнэжээ” гэв

Х.ЕСҮ

Categories
мэдээ нийгэм

​“Монгол орны цөлжилт ба газрын доройтол” онлайн уулзалт болно

НҮБ-аас жил бүрийн зургаадугаар сарын 17-нд “Цөлжилт, хуурайшилттай тэмцэх” өдрийг тэмдэглэдэг. Манай улс эл өдрийг тохиолдуулан Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубээс онлайн уулзалтыг фэйсбүүк лайв хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Уулзалтын хүрээнд Монгол орны газрын доройтол, цөлжилтийн өнөөгийн байдлын талаар болон иргэн бүрийн оролцоо хэр чухал байгаа талаар ярилцах юм. Мөн зочин илтгэгчээр ШУА-ийн Газарзүй-Гео экологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч Доктор Ц.Ганчөдөр оролцох юм байна

Уулзалт 2020.06.17-ны 16 цагт эхлэхээр төлөвлөгджээ.

А.ЗОЛЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Ялалтын парадад оролцох Монголын цэргүүд Москвад очжээ

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг щБатлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм. Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотыг зорилоо.

ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн коронавирусын шинжилгээ авч халдвар аваагүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувилалын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гарлаа. Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг хөөрлөө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр (2020.06.17) 09.14 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр 253 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Дашрамд дурдахад, Засгийн газар, Улсын онцгой комиссоос тусгаарлах байрны нөөц боломжид тулгуурлан гадаад дахь иргэдээ татан авах ажлыг шат дараалан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

МУЗН-ээс ариун цэврийн багц хүлээлгэн өгөв

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” сувилалд тусгаарлагдаж байгаа БНЭУ-аас эх орондоо ирсэн 219 лам хүүхдэд зориулж ариун цэврийн багцийг МУЗН-ээс хүлээлгэн өглөө.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хүрээнд тус багцийг олгосон байна.

Багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйлс багтжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Манай улсад шинэ коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 09.00-17.00 цагийн хооронд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утаснуудад холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Н.Монсор: Одоо л гарц гаргалгаа олохгүй бол том компани байсан ч жамаараа л дампуурна

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн санхүүч Н.Монсортой ярилцлаа.


-Цар тахал удаан үргэлжилбэл эдийн засгийн байдал улам дордоно гээд байгаа. Эдийн засгийн уналтад бага өртөхийн тулд бид одооноос юуг анхаарах ёстой вэ?

-Аливаа бизнес ч гэлтгүй улс орны хувьд хамгийн аймшигтай юм юу байдаг вэ гэхээр ирээдүй тодорхойгүй байх. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байх нь өөрөө эрсдэлийг үүсгэнэ. Цар тахлын үед болгоомжлоод байгаа зүйл бол ямар хувилбаруудаар ирээдүй явах вэ гэдгээ мэдэхгүй байгаад байгаа юм. Хувийн бизнесийн хувьд бол сайн, муу гэсэн хувилбаруудаа бодно, түүндээ бэлдэнэ өөрсдөөс нь хамаарах юм харьцангуй бага. Яагаад гэвэл ирээдүйд өөрсдөөс нь гадна олон оролцогч тал байгаа учраас. Бидний хувьд ирээдүйд ойлгомжгүй зүйл олон байна. Хувийн хэвшил болон бодлого боловсруулагч талуудын хувьд аль аль нь ирээдүйд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хувийн бизнесийнхний хувьд бүсээ чангалах ёстой. Бүсээ чангалах ёстой гэхээр манайхан буруу ойлголттой байдаг. Ажилчдаа халах гэж хамгийн түрүүнд ойлгодог. Мэдээж сонгодог утгаараа тэгж цалингаа, зардлаа танаж болно. Шинэ орчинд бид бүсээ чангалах гэдэг дээр байж болох зардлууд дотор юуг тэвчиж, танаж болох вэ гэдэг эрэмбэ дараалалтай жагсаалтыг гаргах нь чухал. Хувийн бизнесийн үнэт капитал нь хүн байдаг. Энэ утгаараа баруунд бизнесээ зогсоож болохгүй. Ингэхдээ хүнээ битгий халаарай гээд захиад байгаа. Тиймээс өөр юуг танаж болох вэ гэдгээс эхлэх ёстой.

-Тухайлбал, таны сайн мэдэх үл хөдлөхийн салбарын зах зээлд ашиглалтад ороод зарагдаагүй олон мянган орон сууц байна. Үүнийг эргэлтэд оруулж эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломж бий юү?

-2009 оны манайд болсон хямралын дараа 2012 онд яг энэ асуултыг надаас асууж байсан. Баахан барилга баригдчихлаа. Худалдан авалт муудчихсан, хүмүүс авахгүй юм биш үү гэж. Монгол Улс ямар ч тоон үзүүлэлт, статистикаар нь аваад үзсэн залуу орон. Залуу улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Энэ хүмүүсийн тал нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл эдгээр хүмүүс ямар нэг байдлаар өөрсдийн ахуй амьдралаа дээшлүүлж орон сууцтай болох эрэлт хэрэгцээ гарна. Эрүүл мэнд, орчны бохирдол, эдийн засаг талаасаа харсан ч орон сууцанд орох шаардлага тулгарна. 2012 онд одоогийнх шиг ипотекийн найман хувийн зээл гэж байгаагүй. Би хэлж байсан. Олон улсын жишгээс харахад манай улсад жамаараа бага хүүтэй орон сууцны зээл гарч ирэх байх гэж. Энэ зээл гараад ирэхээр үнэ унаж алга болохгүй. Байдал хамгийн муугаар эргэлээ гэхэд орон сууцны үнэ хэвийн түвшинд байна, сайнаар яривал нэмэгдэнэ. Хамгийн зөв байршилаа олсон бүтээгдэхүүн эзнээ олж очих боломж нь л нээгдэнэ гэж байсан. Өнөөдөр яг адилхан байна. Тэр үеэс өөрчлөгдсөн зүйл гэвэл худалдан авах чадвар буюу урьдчилгаа төлбөрөө төлөх чадвартай хэсэг орон сууцандаа орчихсон байна. Хэн үлдчихсэн байна вэ гэхээр хуримтлалгүй хүмүүс, залуучууд орон сууцанд орж чадахгүй үлдчихээд байна. Их сургуулиа төгсөөд дөнгөж ажилд орсон залуу гэр бүлүүд өнөөдөр түрээсийн орон сууц эсвэл аав, ээжийн халаасны өрөөнд амьдрах сонголттой байна. Тэр хүмүүсийн анхны хөрөнгө оруулалт юу байдаг, юу байх ёстой вэ гэхээр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө буюу орон байр. Энэ дээр л төрийн бодлого нь ч тэр, компаниуд нь ч тэр анхаарч ажиллах ёстой гэсэн.

-Гэхдээ гадны хөрөнгө оруулалтаар, эсвэл дотоодын томоохон компаниудынх хөрөнгө хаяж барьсан барилгууд зарагдахгүй олон жил хоосон байгаад байдаг. Хөрөнгөтэй хүмүүсийн хувьд тэнд мөнгө нь түгжигдэх сонин биш. Зах зээлийн өсөлтийг хүлээдэг. Тэгвэл ашиглалтад орсон жилээс нь хамаарч зарагдаагүй бол орон сууцанд татвар ногдуулж эдийн засгийн тодорхой хэмжээний эргэлтийг хийх боломжтой юу?

-Тэгж болно. Гэхдээ манайх ардчилсан улс. Ардчиллын чухал зүйл нь хувь хүний хөрөнгө байдаг. Энэ утгаараа бид хувь хүний хөрөнгөд халдах эрхгүй болчихоод байна. Тэгш боломжийг олгоно гэчихээд баян хүнээ шахна гэсэн үг биш. Татвар ногдуулна гэдэг тухайн бизнесийг татвараар шахахтай л адил юм л даа. Үл хөдлөх дээр эзэмших, өмчлөх хэлбэр дээр татварын асуудал байж болно. Барилга чинь өөрөө бизнес учраас та бизнесээсээ сал гэж байгаатай ялгаагүй зүйл болох байх л даа. Товчхондоо татвар тогтоох нь би Яармагт үнэтэй материал ашиглаад өндөр өртөг зараад барилга барьчихсан байхад миний алдагдлыг тооцохгүйгээр наад барилгынхаа үнийг буулга гэж хүчээр хэлэхтэй адилхан зүйл юм л даа. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор гадны орны Засгийн газрууд хувийн хэвшлүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байхыг баримталж ажиллаж байна. Тэр нь ямар үр дүнг авчрах вэ гэхээр ажилгүйдлийг бага түвшинд барих, иргэдийнхээ ирээдүйгээ, маргаашаа харах итгэлийг нь унтраахгүй байх. Маргаашдаа итгэлгүй байгаа хүн өнөөдөр ажлаа тоохгүй, орчноо мэдэхгүй, цаашлаад нийгэмд гарч болох бүх сөрөг үр дагаврын эхлэл болдог. Ялангуяа дэлхий дахин хүнд байгаа энэ үед. Зах зээлийн хүнд үед одоо л ямар нэг байдлаар уян хатан байж гарц гаргалгаа олохгүй бол том компани ч өөрсдөө алдагдлаа хүлээгээд жамаараа л дампуурна. Хэрвээ найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжээгүй бол өнөөдөр зах зээлд үүнээс ч их хоосон шинэ байр байх байсан. Тэгэхээр энийг л бодлогын түвшинд шийдэх гээд байгаа юм. Үүн дээр өшөө юу оруулж ирвэл эргэлтийг ихэсгэж болох вэ гэдгээ эдийн засгийн тооцоотой судалгаатай хийх ёстой. Харин улсын хувьд энэ тал дээр ямар бодлого баримтлах ёстой вэ гэхээр тэр хөрөнгөтэй хүмүүсийг орхиод иргэдэд орон сууц худалдаж авах боломж, чадамжийг нээж өгөх хэрэгтэй. Тэндээсээ хөөгөөд эрэлт тал дээрээ боломжийг олгож өгснөөр нийлүүлэлтийн хэсгийг ямар нэг байдлаар маневрлаж болно гэж бодож байна.

-Гэхдээ энэ байдал нь томоохон компаниуд жижиг компаниудыг зах зээлээс шахах бас нэг үзэгдэл болоод байна. Энэ зах зээлийн хувьд шударга зарчим гэж үү?

-Энэ хямрал тухайн компани том жижгээс хамаарахгүйгээр адилхан нөлөөлж байна. Эрсдэлийн цохилтыг хүчээр нь аваад үзвэл том компанид илүү хүчтэй тусдаг. Хүнд жинтэй хүн унахдаа илүү бэртдэг гэдэг шиг л. Жижиг компаниудын хувьд эргэж хөрвөх, маневр хийх чадвартай байдаг. Тэгэхээр аль аль нь давуу болон сул талтай л даа. Гарц гаргалгаа нь хүртэл өөр өөр. Гэхдээ жижиг дунд бизнесийн хувьд бол энэ хямралын үед шигшигддэг нь үнэн. Тэд ямар ч хуримтлалгүй, хөл дээрээ ч босч амжаагүй байгаа үед шуурганд өртөхөд амархан байдаг. Харин барилгын салбарт үүнтэй төстэй үзэгдэл бол барилгын туслан гүйцэтгэгч компаниудыг хэлж болно. Дотор засал, шавар, өрлөг, цахилгаан хийдэг ч юм уу жижиг туслан гүйцэтгэгч компаниудын хувьд ажилгүй болох, мөнгөө хүлээх хооронд цалингаа тавьж чадахгүй болох зэрэг хүнд байдалд хүрдэг. Энэ бүхнийг эрэлт талаас нь харж гарц, гаргалгаа хайх нь хамгийн үр дүнтэй. Бодит эрэлт, бодит бус эрэлт гээд манайх хоёр хуваачихдаг. Бодит эрэлт буюу урьдчилгаа 30 хувиа төлөөд байрандаа орчихсон хэсгийг хэлээд байгаа юм. Тэд байрандаа орчихсон. Цаана нь урьдчилгаа төлөх боломжгүй бодит бус эрэлт үлдчихээд байгааг яах ч боломжгүй гэж яриад байгаа. Энэ бол өрөөсгөл ойлголт.

-Яагаад?

-Жилд манай улсад 10 мянга орчим гэр бүл бүртгэгддэг юм байна. Гэр бүл болгон л нэг орох оронтой болчих гээд зүтгэнэ биз дээ. Бодлогын түвшинд ингэж харж эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах ёстой.

-Хямрал удаан үргэлжилбэл бид бэлтгэлтэй байх талаар та түрүүн ярьсан. Тухайлбал, эдийн засгийн хямралд бага өртөхийн тулд ямар бэлтгэлийг хангавал зохих вэ?

-Түрүүн миний хэлсэн таналтыг зөв хийх. Бүсээ чангалах.Улсын төсөв дээр маш сайн анхаарах ёстой. Зарим хөрөнгө оруулалтын шинж чанартай төсвийн зарцуулалт дээр маш болгоомжтой эдийн засгийн эерэг нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтыг л хийх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, ажлын байрыг тогтвортой бий болгох боломжтой тал дээр анхаарах нь зүйтэй.Аль болох эдийн засгийн эргэлт хурдан үр дүнгээ богино хугацаанд өгөх зүйлд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх нь илүү тохиромжтой. Цар тахлын үед дэлхийд хумигдахгүй явж байгаа эдийн засаг бас бий. Үүнийг олж харж, туршлага судлах хэрэгтэй. Хямрал өөрөө аюул. Нөгөө талдаа боломж байдаг. Бид боломжийг л олж харах хэрэгтэй байна.

-Үл хөдлөхийн салбарт тухайлбал, цар тахалтай энэ үед ямар уналт ажиглагдаж байна. Үүнтэй зэрэгцээд бас ямар боломж гарч ирж байна вэ?

-Худалдааны салбар цар тахалтай холбоотойгоор хумигдаж байна. Хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг бодоод дэлгүүр хэсч шууд худалдан авалт хийхээс зайлсхийж байна. Үүнтэй зэрэгцээд түгээлт, онлайн худалдаа эрэлттэй болж байна. Үл хөдлөх яг адилхан. Хүмүүс ийм л шийдлийг хүлээж байна. Үүн дээр хэн шинэлэг санаа, шийдэл үйлчилгээ гаргаж ирнэ тэр л цаашаа ирээдүй рүү явах хандлагатай байна.

-Цар тахлын дараах үл хөдлөхийн чиг хандлага яаж өөрчлөгдөх хандлагатай байна вэ?

-Тэгэхээр хямралын үеэр амьд үлдэх бизнес гэж байна. Тэсч гарч чадахгүй бизнес гэж байна. Орон сууц буюу хүний амьдрах төрлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хувьд дайн дажин, цар тахлын үед ч тэр олон жилийн турш явж л ирсэн салбар. Тэгэхээр нэг их өөрчлөгдөхгүй байх. Задалж хэлбэл үйлчилгээний төрөл үндсэндээ уначихсан бол агуулахын төрөлд өссөн үзүүлэлттэй байна. Оффисын байрын эрэлтийн тухайд хэдий цар тахалтай ч бүгд гэртээ ажлаа хийхгүй нь ойлгомжтой. Тийcмээс энэ төрөл учиргүй уначихсан зүйл байхгүй. Байшингийн эрэлт хот байгаа цагт зах хязгааргүй тэлсээр байх учир эрэлт хэвээрээ байна. Харин орон сууц хямралтай холбоотойгоор худалдан авах чадвар тодорхой хугацаагаар зогсонги байх боловч уналтын хэмжээнд хүрэхгүй байх.

-Таны хувьд эдийн засаг хэдий хүнд байгаа ч манай улсын ирээдүй гэрэлтэй байж болох хувилбарыг харж байна уу?

-Манай улс хангалттай байгалийн нөөц, баялагтай. Маш цөөхөн хүнтэй. Гурван сая гаруйхан хүнийг хангалттай хэмжээнд амьдруулах нь толгойны өвчин болоод байх зүйл биш гэж боддог. Нөгөө талаар манайх залуу улс.Зөвхөн сонгуультай холбоотой сонгогчдын насны судалгааг харахад залуучуудын тоо өндөр байна. Энэ залуус ажил хийдэг, хэрвээ итгэл мөрөөдөл дүүрэн байх юм бол аливаа бэрхшээлийг даван туулах чадвар өндөр байдаг. Энэ хүмүүс ирээдүйг гэрэлтүүлж чадна. Япон, Солонгос, Хятад гээд орнуудын өнөөдрийн нийгмийг бүтээсэн хүмүүс нь тухайн үед залуу хүмүүс л байсан шүү дээ. Тиймээс бидэнд тэр боломж нь байна. Ямар ундны ус ч үгүй болчихсон, байгалийн нөөц баялаггүй болчихсон, ирээдүйгээ төсөөлөхөд бэрх, залуучуудынх нь итгэл мөрөөдөл бөхчихсөн улсад байгаа биш дээ.

Categories
мэдээ нийгэм

Загас барихаар Орхон голын усанд орж, осолдсон иргэнийг эрэн хайж байна

Согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ голын усанд орж, осолдсон хэрэг өчигдөр гарчээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 14:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн, 50 настай, эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж, осолдсон байжээ. Тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул 19:31 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, ар гэрийнхэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүн сонгох чинь машин авахаас хамаагүй нарийн юм шүү дээ, уг нь

Манайхан машин авах гэж их юм болдог. Гэр бүлийнхний оролцоо асар өндөр. Аав ээж, авгай хүүхэд бүгдээр оролцож, ярилцаж зөвлөлдөнө. Тэгээд машин сайн мэддэг хүнийг дагуулж очно. Авах машинаа дээр доргүй үзэж, шинжиж, олон талаас нь өөлж, машин мэддэг гэх таньдаг бүхэн рүүгээ давхар ярьж, лайтай их ажил тарьсны дараа сая нэг өгч авалцдаг. Монголчууд ганц машин ч бус ер нь бас бус олон зүйлд ингэж хариуцлагатай ханддаг нь ёс юм аа. Гэтэл өөрийнх нь хувь заяаг гартаа атгах УИХ-ын гишүүнийг сонгох, санал өгөх хамгийн хариуцлагатай ажилд машин худалдан авах хэрийн хариуцлагатай хандаж чаддаггүй. Уг нь бол иргэн таны санал гэдэг машин худалдаж авахтай жишиж зүйрлэхийн аргагүй их хувь заяаны сонголт байдаг юм шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн түүхэн дэх дийлэнх сонгуулийг харахад монголчууд ямар их хайнга хандаж ирээ вэ. Тэгж ингэсэн байдалтай хандаж, саналаа өгвөл өгөөд, байвал байж иржээ. Харин энэ удаагийн сонгуулиар тэгмээргүй байна. Их хурлын сонгуулийн санал өгөхөд хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. “Ер нь нэг иргэний саналын үнэ цэнийг тооцох боломжтой юу. Хэрвээ боломжтой бол хэд гэх вэ. Иргэний саналыг 20’000 төгрөгөөр худалдаж авах оролдлогууд гардаг шүү дээ” гэсэн сэтгүүлчийн асуултад мэргэжлийн хүн хариулахдаа, “Сонгууль бол эрх чөлөөний хэмжүүр. Тэгэхээр нэг хүний саналын үнэ цэнэ бол Монгол Улсын тусгаар тогтнол. Тусгаар тогтнолын үнэ цэнийг тоогоор илэрхийлэх боломжгүй” гэсэн байна лээ. Энэ хариулт дээр нь нэмчихэд “Сонгуульд та идэвхгүй, хариуцлагагүй, ерөөсөө оролцохгүй байсан ч болно. Харин таны амьдрал, ирээдүйг өөр хүмүүс шийдэг” гэмээр байгаа юм. Энэ үг танд ямар сонсогдож байна. Таны ирээдүйг өөр хүмүүс шийдэх тухайд…

Угтаа бол УИХ-ын гишүүн гэдэг бол таны хувьд амьдралын чинь хүрдийг яаж ч эргүүлж чадах эрх мэдэл юм шүү дээ. Төрд таныг төлөөлж байгаа төлөөлөл. Гишүүнд асар их эрх мэдэл бий. Таны, таны үр хүүхдийн хувь заяаг ямараар ч зурж чадах, хараар ч будаж мэдэх эрх мэдэлтэн. Тэр эрх мэдлийг та нэг саналаараа өгч байгаа юм. Саналаа өгөхгүй байлаа гэхэд та “Миний амьдралыг ирээдүйд хэн ч жолоодож болно” гэсэн үг. Энэ үг бол шууд утгаараа шүү. Дөрвөн жилийн хугацаанд тэр гишүүн энэ улс орныг тамын тогоо болгож чадна. Таны хоолыг ховх хулгайлаад идэж чадна. Жишээ нь, манай нэг бизнесмэн ярьж байгаа юм, “Энэ муусайныг харахаар дургүй хүрээд байх юм. Хэн нь ч гарсан адилхан хулгайлна. Би ч зүгээр мөрөөрөө бизнесээ хийж явъя” гэж. Тэгээд зээл яриад яваад байгаа юм. Тэгвэл тэр бизесмэний авах ёстой ЖДҮ-ийн санд байсан 150 тэрбум төгрөгийн 120 тэрбумыг нь УИХ-ын ихэнх гишүүд хулгайлчихсан. Өнөөдөр цөөнгүй нь дахин нэр дэвшээд явж байна. Ингэхээр тэр бизнесмэн Их хурлын сонгуулиар ядаж ЖДҮС-г тонохгүй хүнийг сонгохын төлөө саналаа өгөх ёстой. Зөвхөн яриад бухимдаад, сонгуульд оролцохгүй гээд яваад байгаа нь “Дахиад хулгайч нар төрд гарвал гараг” гэж дам тэднийг дэмжиж байгаа хэрэг. Үглээд яах юм, өөрөө үйлдлээрээ хулгайчид төрд гарахыг дэмжиж байгаа байж. Машин худалдан авахаас ангид өөр, нарийн зүйл гэдэг нь эндээс харагдаж байгаа биз.

ЖДҮ-гийн хулгай ийм байж. Тэгвэл бүр нарийсаад хуулийн хулгайчид гэсэн нэр томьёо Монголын улс төрд сүүлийн дөрвөн жилд хүчтэй орж ирлээ. УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашигтаа нийцүүлсэн хууль зохиож төрөөс хулгай хийдэг. Хулгайгаа хаацайлдаг. Бүр өршөөдөг. Хуулийн хулгай бол бүр ч аюултай. Нэг л өдөр хулгайлсан хуулийнх нь дагуу мөрөөрөө ажиллаж амьдарч яваа таныг шоронд дуудаж болно. Тийм том эрх мэдлийг сонгох эрхээ хариуцлагатай хэрэгжүүлээгүй иргэн та олгосон юм. УИХ-д бүх эрх мэдэл бий. Нэг өглөө босоод ирэх нь ээ, хотын гудамжинд танк ороод ирчихсэн, Онц байдал зарлачихсан, таны хөрөнгийг битүүмжлээд зогсож байвал та яах юм. Тийм аймаар эрх мэдлийн боломж тэдэнд олгочихсон учраас та хар толгойгоо шаахаас өөрөөр юу ч хийж чадахгүйд хүрсэн байна. Бид үр хүүхдээ эх орноос нь алс, харьд мөнх амьдруулах гээгүй биз дээ. Тийм бодолгүй л юм бол та ядаж үр хүүхдийнхээ өмнөөс очиж саналаа өг. Өнөөдөр улс төрд хэдэн дүр бий. Архаг улстөрч, мөнгөтэй бизнесмэн, сүржин популист, бас урлаг спортын одод гээд… Тэгвэл тэднээс ч аюултай хуулийн хулгайчид, улс төрөөр ашиг хонжоо хайгсад, өөрийн гэсэн улс төрийн технологитой баг зүүсэн дээрэмчид тэдэн дотор чинь олноороо нэр дэвшиж байна. Сонгуульд идэвхгүй, хариуцлагагүй хандаж байгаагаараа Та тэднийг дэмжих гэж байна.

Тэдэнтэй зэрэгцэн үндэсний сэхээтнүүд, шударга улс төрчид, өндөр боловсролтой иргэд маань зэрэгцэн өрсөлдөж байна. Тэд хүчгүйдэж байна. Тэднийг очиж дэмжмээр байна, саналаа өгмөөр байна. Хүмүүс дор бүрдээ туйлдаж байгаа нийгмийн тухай ярьж байна. Баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг болж байна гэх. Тийм байдалд хүргэж байгаа хүмүүс нь хэн юм. Сая нэрлэдэг луйварчид. Өнөөдөр нэг онцлог бий нь бий. Нийгэм ямар ч байсан бага багаар өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхийг хаа хаанаа хүсч байна. Ер нь нийгэм 30 жилдээ нэг өөрчлөгддөг гэж үздэг юм билээ. Тийм цаг үе дээрээ явж байгаа бололтой. Ардчилсан хувьсгалаас хойш одоо нэг өөрчлөөд, гаргасан алдаан дээрээ суралцаад, дараагийн шатандаа орох цаг болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ийм цаг үе нь үнэхээр болсон юм бол иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож мэргэн сонголт хийх цаг болжээ.

УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, бодлого шийдвэр гэдэг бол та бидний амьдралд шууд тусдаг юм. Биднээс хол юм ердөө ч биш. Саяхан хэдэн төгрөгөөр тэтгэвэр нэмэхэд ахмадууд ямар их баярлав. Энэ чинь жишээ нь Их хурлын гишүүний хийсэн ажил шүү дээ. Гэхдээ энэ бол иргэн хүн төрд өгсөн мөнгөө буцаагаад авч байгаа болохоос төрийн хишиг хүртээгүй. Тэтгэвэр, нийгмийн даатгалын санд реформ хийхийг иргэн та сонгосон төлөөллөөсөө шаардах эрхтэй. Тухайлбал, “Бидний улсад төлсөн шимтгэлийг буцаагаад зөв байдлаар өгч байх шинэчлэлийг хийгээд өгөөч” гэж. Сэтгэлтэй, боловсролтой хүнийг УИХ-д төлөөллөөрөө сонгочихоод энэ мэт амьдралд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулаад суух боломж бид бүхэнд наад зах нь байна шүү дээ. Зүгээр л жишээлж байгаа юм шүү. Энэ нь зөвхөн тэтгэврийн насныханд хамаатай юм биш. Залууст бүр их хамаатай. Залуу хүн та ипотекийн зээл авах гэж байгаа бол тэтгэврийн сан дахь хуримтлалынхаа тодорхой хувийг нь зээлээ төлөхөд зарцуулна. Ингэхээр тэтгэврийн сангийн мөнгө эдийн засгийн эргэлтэд орно. Тэтгэврийн сан гэдэг нь зөвхөн эмээ өвөө нарт хамаарах асуудал биш болчихож байгаа биз дээ. Сингапурт яг ийм тогтолцоо хэрэгжиж, залуус нь тэтгэврийн сандаа хуримтлуулсан мөнгөөрөө байрныхаа урьдчилгааг төлдөг. Энэ мэт амьдралд өдөр бүр тус болох бодлого шийдвэрүүдийг таны сонгосон гишүүн тань гар хөлийнхөө үзүүрээр шийдээд сууж байдаг эрх мэдэлтэн юм. Ганцхан бид ухаалаг, хариуцлагатай сонголт хийж чаддаггүй учраас 30 жил ийм байдалтай явж ирлээ.

Бүр том зургаар нь яривал, өөрт буй 10 сая төгрөгийг зарцуулахдаа айхавтар хариуцлагатай чамбай ханддаг байж, улс орны чинь төсөв болох 10 их наядыг зарцуулах 76 хүн дээр ухаалаг сонголт хийхэд оролцооч. Үнэн хэрэгтээ танд буй 10 сая, 10 их наяд хоёр агаар нэг юм шүү дээ. Сонгуульд оролцохгүй, оролцлоо ч хайнга, хөндий хандчихаад дараа нь гоншигноод суух хэрэггүй юм биш үү. УИХ-ын гишүүний хувь заяа иргэн таны гарт л байгаа, таны хийх сонголтод л байгаа… Өөрийнхөө хувь заяаг өөр нэгэнд даатгадаг адгуус ч энэ замбуулинд байдаггүй юм.