-ДАРААГИЙН ПАРЛАМЕНТАД ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТОО ЦӨӨРӨХӨӨР БАЙГАА НЬ УХРАЛТ-
УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.
-МАН энэ удаагийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулаад байна. Энэ үйл явц хэр шударга явагдсан гэж та харж байгаа вэ?
-Нийгэм эрх баригч МАН, сөрөг хүчин, хоёр дахь том нам болох АН, эвсэл, бие даагчдыг анхааралтай ажиглаж байна. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж хэдэн ч хүн бие даан нэр дэвших боломжтой. Эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд жижиг нам, эвслүүдээс ч нэр дэвших нь зүйн хэрэг. Нөгөө талдаа хамгийн их анхаарал татаж байгаа нь МАН, АН, Зөв ХҮН Электорат эвсэл. Тэдний нэр дэвшилтийн процесс, хэн хэнийг ямар зарчмаар дэвшүүлж байна вэ гэдэгт нийгэм үнэлэлт дүгнэлт өгч байна.
Мерит зарчмаар дэвшүүлж байна уу, эсвэл намд өгсөн санхүүжилтээрээ шийдэгдэж байна уу, шударга зарчмаар дэвшиж чадсан уу үгүй юү гэдэг шалгуур тавьж, тэр ч утгаараа шүүмжлэлтэй хандаж байна. Миний бодлоор нэр дэвших процесс нээлттэй ил тод өрсөлдөөнөөр явж чадсангүй. Энэ нь тухайн намуудын дотоод ардчиллын илэрхийлэл л дээ. Мөн энэ нь манай улс төрийн төлөвшил дутууг харуулж байна. Тодруулбал, хоёр том нам институцийн хувьд төлөвшиж чадсан уу үгүй юү, нээлттэй ил тод, эрүүл өрсөлдөөнөөр үр дүн гарч байна уу гэдгийг харуулж байгаа юм. Улс орныг цаашид авч явах намууд төлөвшилтэй, дотоод ардчилалтай, шударга зарчимтай байх учиртай. шүүмжлэл дагаж байгаа нь төдий чинээ энэ намуудын дотоод ардчилал бэхжээгүй, институцийн хувьд бодлогогүйн илрэл. Миний хувьд ингэж харж, хувьдаа санаа зовниж байна.
-Та энэ удаагийн сонгуульд яагаад нэр дэвшсэнгүй вэ?
-Би энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй байя гэж эрт шийдсэн. Энэ шийдвэрийг багагүй хугацааны өмнө гаргасан юм. Хувийн шалтгаан гэвэл карьер талаасаа өөрийгөө хөгжүүлэх.
Олон улсын нэр хүндтэй байгууллагуудаас ажлын санал ирсэн. Тиймээс тэр саналыг бодож үзье, олон улсын хүрээнд өөр зүйл хийхийг сонирхож байна. Улс төрийн шалтгаан гэвэл томсгосон мажоритар тойрог нь эмэгтэйчүүдэд халгаатай болох нь судалгаагаар баталгаажсан. Энэ тохиолдолд нэр дэвшлээ гэхэд ямархуу маягаар ажиллах вэ гэдгийг бодох ёстой. Ер нь хүн ялахын тулд л нэр дэвшиж, өрсөлдөнө шүү дээ. Намын мандатыг ард олны мандат болгоно гэдэг амаргүй. Энэ удаагийн сонгууль эмэгтэйчүүдэд ээлгүй, хэн мөнгөтэйд нь илүү давуу байдал үүсэхээр байна л даа.
Миний хувьд өнгөрсөн дөрвөн жил бүрэн эрхийнхээ хугацаанд ажлаа хариуцлагатайгаар сайн хийж дуусгасан гэж бодож байна. Сонгогчдодоо тайлангаа цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэсэн. Хууль тогтоох байгууллагад олон нийтийн итгэлийг хүлээн сонгогдоно гэдэг маш өндөр хариуцлагатай ажил. Энэ ажлаа чин сэтгэлээсээ өөрийгөө дайчилж хийхийг хичээсэн. 10 хууль санаачлан батлуулж, 30 гаруй ажлын хэсэгт орж, цөөнгүйг ахалж ажиллалаа. Нийгэмд эерэг хандлагыг бий болгох нэлээд хэдэн аяныг санаачилж өрнүүллээ. Ажлаа эхнээс нь авахуулаад төгсгөлийг нь хүртэл сайн хийхийн төлөө чармайсандаа баяртай байгаа. Дөрвөн жил хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа.
-МАН-ын бусад гишүүд нэр дэвшигчид, тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн сонголтод шүүмжлэлтэй хандаж байгаа гэсэн. Таны хувьд ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?
-Миний хувьд эмэгтэйчүүдийг нам үл харгалзан дэмжье гэдэг байр суурь хэвээрээ. Хувь нэр дэвшигчид дээр тэр, энэ гэж онцолж ярих нь зохисгүй. Тухайн нэр дэвшигч эмэгтэй хэн бэ гэдэг асуудлыг ярихаас илүү нийт эмэгтэй нэр дэвшигчдийн хувь хэмжээ нэмэгдсэнээрээ нийгэмд ямар эерэг өөрчлөлт ирдэг вэ гэдгийг харах нь зүйтэй. Эмэгтэй гишүүд олон байх тусмаа нийгмийн асуудал, боловсрол, ажил эрхлэлт сайжирч, ядуурал буурдаг. Нийгмийн өмнө тулгамддаг нарийн хүнд асуудлуудыг эмэгтэйчүүд илүү сайн шийдэж чаддаг. Хамгийн чухал нь авлига буурдаг. Авлига болон засаглалтай холбоотой хямралын асуудлуудыг эмэгтэйчүүд бууруулж чадах учраас нийт тоог нь нэмэх зайлшгүй шаардлагатай юм. Харамсалтай нь энэхүү томсгосон тойрог нь маш их санхүүжилт шаарддаг сонгуулийн систем. Тэр ч утгаараа аль ч намууд эмэгтэй нэр дэвшигчдээ торгуулын суман мэт л үзэж байна. Манай намын хувьд ч тийм байгаад сэтгэл дундуур байгаа.
-Сонгуулийн санхүүжилтээс шалтгаалж эмэгтэй гишүүдийг цөөн нэр дэвшүүлэхийг урьтал болгож байгаа нь хэр шударга юм бэ?
-Томсгосон тойргоор сонгууль явагдаж байгаа үед хэдэн зуун сая төгрөгтэй байлаа ч хангалттай биш. Магадгүй тэрбумаар яригдах хэмжээний мөнгө зарцуулах шаардлага гардаг. Тиймдээ ч маш их мөнгө зарцуулан өрсөлдөж байгаа нэр дэвшигчээс юуны түрүүнд нийтээрээ болгоомжлох хэрэгтэй. Ухуулагчдын зардал, тараах материал, самбар, төлбөртэй нэвтрүүлэгт маш их мөнгө зарцуулж байгаа хүн эргээд түүнийгээ ямар хэлбэрээр олно гэх бол гэсэн болгоомжлол, хардлага заавал байх ёстой. Намын нэр дэвшүүлэлтийг харахад ухралт болсон. Товчхондоо дараагийн парламентад эмэгтэй гишүүдийн тоо цөөрөх байх. Тэгснээрээ бидний зориод байгаа нийгмийн эрх тэгш, эрүүл хүмүүнлэг байлгах гэсэн чиглэлд ахиц гаргахад тун эргэлзээтэй болно.
Эмэгтэйчүүд мөнгө, санхүүгийн чадавх муутай учраас квотыг нэмэгдүүлэхгүй гэдэг нь сонгуулийг өндөр өртөгтэй явуулахыг гол намын хувьд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн гарлаа, олон байлаа гэж байсан ч бүгд саналаа өгөөд ч 76 дотроо цөөнх шүү дээ. Ардчилал учир олонхын дэмжлэг авч байж тухайн асуудал урагш явна. Хэдий бид хамтдаа тэгш эрх, хүмүүнлэгийн асуудал хөндлөө ч эрэгтэйчүүд ойлгохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Намын болон сонгуулийн санхүүжилтийн хэмжээг бууруулах, ил тод болгох асуудлыг ч тэр эрэгтэйчүүд маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрч байж илүү үр дүнд хүрэх боломжтой юм. Аль аль намын эрэгтэй лидерүүд тун хоцрогдсон, бүдүүлэг байгаа нь манай нийгмийн бурангуй байдлын үндэс болж байна. Харин Зөв хүн Электорат эвслийг харахад боловсрол мэдлэг, чадвартай залуусыг нэр дэвшүүлж байна. Санхүүжилтийн асуудлыг нээлттэй ярьж, эмэгтэйчүүдэд ээлтэй байна. Энэ мэт дэвшилтэт зүйлүүд харагдаж байгаад олзуурхаж байгаа. Ерөнхий дүнгээр нь анализ хийгээд үзвэл хэн ил тод, бага санхүүжилттэй сонгуулийн төлөө явж байна тэр эрүүл нийгмийг бүтээх эрмэлзлээ үйлдлээрээ илэрхийлж байгаа хэрэг юм.
-Төрд их хэмжээний эрх мэдэл хуримтлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн болж өөртөө давуу байдал үүсгэхийг хэн хүнгүй эрмэлздэг болсон. Тэдгээрийн төлөөлөл ч УИХ-д бий нь нууц биш. Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэр бүхнийг дотроос нь ажиглаж, дүгнэж цэгнэсэн байх.
-Зарим улстөрчдийн дотроо ярьдаг яриа, гаргадаг хандлагад сэтгэл гутдаг. Гэхдээ үнэхээр жигшмээр зүйл байдаг юм байна аа гэх нь залуу үеийнхнийг улс төрд орох хэрэггүй гэж байгаа мэтээр ойлгогдох вий. Эсрэгээрээ, төрд байх будлиан, бохир заваан зүйлсийг засахын төлөө бүгд явах ёстой, хариуцлагатай сонголт хийх хэрэгтэй.
ЖДҮ-ийн скандал гэдэг бол үнэн шүү дээ. Эрх мэдлээ ашиглан өөрсдөдөө давуу тал үүсгэсэн нь ил болсон. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд яг хэрэгтэй хүндээ тэрхүү зээл нь олддоггүй, олдохдоо тодорхой хувийг нь холбогдох албан тушаалтанд өгдөг зэрэг хууль бус асуудлыг цэгцэлж чадахгүй хэрнээ яагаад өөрсдөө эрх мэдлээ ашиглан хувьдаа завшиж байдаг юм бэ. Миний хувьд энэ асуудалд анхнаас нь шүүмжлэлтэй хандсан. ЖДҮ-ийн асуудлыг цэгцлэх Түр хороо байгуулах санаачилгыг гаргасан ч олонхоороо дэмжигдээгүй. Түүнчлэн төсвийн хөрөнгөөр хийгддэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхдээ улстөрчид өөрийн бизнестээ ямар нэгэн байдлаар давуу тал үүсгэж байгаа нь түгээмэл. Энэ бол төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж байгаа нэг төрлийн хулгай. Ийм асуудлууд хавтгайрчээ. Энэ асуудлуудыг хууль, шүүхийн байгууллага мэдсэн хэрнээ зөвхөн шалгая гэснээ шалгаж, хэрэгтэй үедээ улс төрийн намнах хэрэгсэл мэтээр ашиглаж, шалгахгүйгээ сонсоогүй хараагүй мэт байх болж. Өөрөөр хэлбэл, хууль тэгш биш, сонгож үйлчилж байна. Бодит байдал ийм байхад шүүхэд итгэх иргэдийн итгэл буурахгүй гэж үү. Эцсийн дүндээ иргэн, хувь хүн, байгууллага аль нь ч бай шүүхэд итгэж, тэр итгэл дээр нь ёс зүйн хэм хэмжээ үүсч, хуулинд захирагдаж амьдарч байгаа. Тэр итгэлийг алдагдуулсан, сулруулсан хүмүүс нь бохир улс төрөөс гаралтай байгаад байна. Бид өнгөрсөн 30 жилд олсон ахиц дэвшилээ улс төрийн талцал хуваагдал, бусармаг байдлаар нураагаад унагачихмааргүй байна. Өнөөдөр намтараа ч зөв бичиж чадахгүй худал хэлж байгаа хүмүүс төрд бий. Худлаа хэлнэ гэдэг хулгай хийхээс буцахгүй л гэсэн үг. Худалч, хулгайч сэтгэхүйгээс бүгд залхаж байгаа биш гэж үү. Тиймээс бүх хүн сонгуульдаа идэвхтэй оролцож, тэр хүн үнэн зөв ярьж байна уу үгүй юү, ажлын туршлага, аливаад хандах хандлага, шударга хүн мөн үү гэдгийг зөв үнэлж дүгнээсэй.
-Өнөөдрийг хүртэл нам доторх талцал хуваагдал, элдэв шударга бус байдал гаарч байгаа нь ч өнгөрсөн хугацаанд хоёр том нам төлөвшиж чадаагүйг харуулж байх шиг.
-Хоёр намын төлөвшил маш удаан байна. Шүүмжлэх зүйлс үүнтэй холбоотойгоор гарч буй нь зүй. Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг бүтээхийн төлөө унаж босож байгаа замналын нэг хэсэг байх л даа. Тэр утгаараа энэ удаагийн сонгуулийг сэргэн мандалтын үе гэж хэлэх аргагүй гэж харж байна.
-Шинэ залуу үе гарч, сайн цагийн эхлэл тавигдана гэсэн итгэл иргэд, сонгогчдод байна уу гэж харагдаж байгаа.
-Шинэчлэлт мэдээж чухал. Гэхдээ шинэ хүн л бол автоматаар сайн хүн гэсэн үг биш. Нөгөө талаараа мэдлэг, боловсролоос гадна туршлага чухал юм.
Нэг зүйлийг онцлоход бид сонгууль гэсээр том дүр зургаа олж харахгүй байна. Дэлхий нийтээр зэвсэгт хүчний, эдийн засгийн, стратегийн, хөдөлмөрийн дахин хуваарилалт эрчимтэй явагдаж байна. Бид хөдөлмөрийн хуваарилалт зэрэг чухал асуудлуудад анхаарлаа хандуулж огт ярихгүй байгаа. Аливаа бэрхшээл боломж авчирдаг. Энэ удаад хөдөлмөрийн хуваарилалт буюу хиймэл оюун ухаан, зайны сургалт, дижитал контентуудын зах зээлийг тэс өөр байдлаар нийгэмд нээж өгч байна. 16-аас доош насныхан Фэйсбүүкийг “чулуун зэвсгийн үе” гэж дооглож эхэлж байна. Энэ бол глобал тренд хаашаа явж буйг харуулж буй парадокс юм. Үүн дээр залуучууд, бизнесийн санаачилгатай хүмүүсийнхээ ур ухааныг зөв тийш нь залах, нийгмийн хамарсан эерэг яриа өрнүүлэх асуудал чухал байна. Харин бид сонгуулийн тухай ярьж, шуугьсаар дэлхий нийтэд өрнөх чухал яриа, хэлэлцээрээс хоцорчих вий. Эдийн засгийн нөхцөл байдал үүнээс цааш хүндэрнэ гэдэг нь тодорхой. Бүхий л улс орнууд дотоод зах зээл, хүнсний хангамжаа хамгаалах бодлого баримтлаад ирэхээр импортоор их хэмжээний бараа бүтээгдэхүүн авдаг бидэнд тэр чинээгээрээ хүндрэл үүсэх вий. Дээрээс нь манай гол нэрийн бараа бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ ямар байх вэ гэдэг нь ч чухал. Ганц жишээ хэлэхэд АНУ-д 1920-иод оны эдийн засгийн хямралаас хойш урьд хожид үзэгдээгүй ажилгүйдэл үүснэ гэж байна. 40 хүртэлх насны залуучуудын тэн хагас нь ажилгүй болно гэсэн тоо гарч, түүний үр дагаврын талаар маш их санаа зовцгоож байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор Европын холбоо суларч, нэгдмэл бус байдлаар ажиллах нь тодорхой болоод байна. Цөмийн зэвсгээс хойш анх удаа кибер, био болон худалдааны дайн шинэ хүйтэн дайны уур амьсгалд хөтөлж байна. Олон улс орнууд дотоод зах зээлээ хамгаалах бодлого баримталж худалдааны хэлцлийн хэм хэмжээ хурдтай өөрчлөгдөгдөж байна. Энэ цаг үеийг бид хэрхэн давах вэ, ойрын хугацаанд яах вэ гэдэг төлөвлөгөө алга, энэ талаар хэрэгжүүлж байгаа ажил нь сул байна. Тиймээс сонгуулийн дараах сорилтод бэлтгэх шаардлагатай болно.