Categories
мэдээ нийгэм улс-төр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.05.04-05.08

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 05 ДУГААР САРЫН 04-НӨӨС 08-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

05 дугаар сарын 05-ны Мягмар гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

05 дугаар сарын 06-ны Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:


Хэлэлцэх асуудал:

3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:


Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

05 дугаар сарын 07, 08-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баттуул: Улс төрийн намуудад хандив цуглуулахаас өөр санхүүжилтээ босгох сонголт нь хумигдмал байна

Хуульч, судлаач Б.Баттуултай улс төрийн намуудын санхүүжилт, шинэчлэлтийн асуудлыг хөндөн ярилцлаа.


-Сонгуулийн зардлын тайлангаас гадна улс төрийн намуудын санхүүжилтийн тайлан үргэлж асуудал дагуулдаг. Намууд хаанаас санхүүжилт босгодог нь нууц байдаг. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байдаг уу?

-Монгол Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 30 орчим улс төрийн намууд бүртгэлтэй байна. Эдгээр намуудын үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг асуудлыг зохицуулсан хууль бол Улс төрийн намын тухай хууль. Уг хууль нь 1990-ээд оны эхээр анхлан батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 1990-ээд оны үзэл баримтлал, зарчим шингэсэн хэвээр байгаа гэж хэлж болно. Улс төрийн нам нь эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх замаар төрийн эрхийг барих онцлог шинжтэй институци билээ. Энэ хүрээнд улс төрийн нам нь дотооддоо ардчилсан, тэгш эрхийг дээдэлсэн, ил тод, хариуцлагатай байж гэмээнэ улс оронд ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалах энгийн логиктой. Ийм төлөвшсөн институц байхын тулд хууль эрх зүйн зохицуулалт нь өнөөгийн шаардлагад нийцсэн, улс төрийн соёл, чиг хандлагатай уялдсан байх ёстой. Гэтэл улс төрийн намын тухай хууль нь гуч орчим жилийн тэртээх үзэл баримтлалаараа байгаа нь бодлого боловсруулж, хөгжилд түүчээлж нийгмийн урд нь алхаж байх улс төрийн намаа нийгмийнхээ хойно чирэгдэхэд хүргэх аюултай. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулинд улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр дотор гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдийн хандивыг багтаасан байдаг. Мөн хуульд иргэн нэг сая хүртэл, хуулийн этгээд арван сая хүртэлх төгрөгийн хандив өгч болохоор хандивын дээд хэмжээг тогтоосон байдаг хэдий ч гишүүний татварыг нээлттэй орхисон байдаг. Түүнчлэн талархан дэмжигч иргэн гэж хэн байх талаар тодорхойгүй байна. Улс төрийн намд талархлаа илэрхийлж буй, өөрөөр хэлбэл хариу барьж буй иргэн үү энгийн иргэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хяналтын байгууллагын талаарх зохицуулалт дутмаг, улс төрийн намыг өөрөө өөрийгөө хянах зохицуулалттай. Иймээс улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэнэ гэж орсон байгааг талархан хүлээж байна.

-АН-ынхан 100 сая төгрөгийн хураамж авахаа ил зарласан. Түүнчлэн МАН-ын гишүүд 150 сая төгрөг намдаа тушааж нууцаар судалгаа хийлгэсэн гэх мэдээлэл ч байна. Ер намын санхүүжилт шилэн байх ёстой юу?

-Дэлхий нийтээрээ улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт ил тод байх тал дээр санал нэгдэж олон санаачилга, шинэчлэлүүд өрнөж байна. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтийг ажиглахад авлигаас урьдчилан сэргийлэх, улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулах, нийгмийн бүх давхаргыг улс төрийн тавцанд гарах боломж олгох зорилгоор улс төрийн нам, нэр дэвшигчдэд төрөөс санхүүжилт олгох хандлагатай байна. Тухайлбал, Европ дахь улс төрийн намуудын орлогын эх үүсвэрийн 67 хувийг төрийн санхүүжилт эзэлж байна. Төрөөс улс төрийн намд санхүүжилт олгож эргүүлээд ил тод байх шаардлагаа тавьдаг гэсэн үг. Манай улсын хувьд улс төрийн намын сонгуулийн санхүүжилтийн 90-ээс дээш хувийг хандив эзэлдэг болохыг сонгуулийн тайлангуудаас харж болно. Зохицуулалт нь ч ерөнхийдөө энэ чиглэлийг баримталсан болов уу гэмээр. Учир нь сонгуулийн үр дүнгээр улс төрийн намд төрөөс санхүүжилт олгохоос бус сонгуулийн кампанит ажилд зориулж төрөөс санхүүжилт олгох зохицуулалтгүйг та бид мэднэ. Тиймээс сонгууль бүрийн өмнө хандив цуглуулж санхүүжилтээ бүрдүүлэх ажил намын удирдлагууд нуруун дээрээ очдог. Гэхдээ 100-150 сая гэх мэтээр хандив цуглуулж байгаа улс төрийн намуудыг зөвтгөх аргагүй ч өөр ямар байдлаар санхүүжилтээ босгох сонголт нь хумигдмал байна. Гэхдээ мэдээж энэ их өндөр дүнгээр мөнгө цуглуулж сонгуульд оролцуулах боломж олгох нь санхүүгийн боломж муутай нэгний тэгш эрх, сонгох сонгогдох боломжийг шууд хумьж байгаа явдал гэдэг нь тодорхой. Бид ардчилсан сонгууль явуулах нэрийдлээр ардчиллын элементүүдээ уландаа гишгэж болохгүй. Тиймээс улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулахад төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх дэлхий нийтийн хандлагыг бид дагах нь зүйтэй.

-Улс төрийн санхүүжилт олон улсад ямар байдаг вэ. Сонгодог байдлаар хэрэгжүүлдэг орон бий юү?

-Ерөнхийдөө улс төрийн санхүүжилтийн асуудлыг зохицуулахдаа “Хувийн хандив”, “Төрийн санхүүжилт”, “Зарцуулалтын зохицуулалт”, “Тайлагнал, Хяналт, Хариуцлага” гэсэн дөрвөн үндсэн асуудлыг авч үздэг. Эдгээрээс аль нэг нь орхигдвол дутуу буюу хуулийн хийдэл бий болно гэсэн үг юм. Хувийн хандивын зохицуулалтад хандивт тогтоох хязгаар, хориг, хандивын ил тод байдал, мөнгөн бус хандивын зохицуулалт зэрэг асуудал багтдаг. Сүүлийн үед мөнгөн бус хандивтай холбоотой асуудлыг олон улс оронд их хөндөх болсон бөгөөд зохицуулалтууд нь ч илүү нарийвчилсан, тодорхой болж байна. Тухайлбал, мөнгөн бус хандивыг зах зээлийн үнэ өртгөөр тооцож тайлагнах, мөнгөн бус хандивт хязгаар тогтоох зэрэг. Энэ асуудлыг манай улс хуулинд тусгах зайлшгүй шаардлагатай.

Төрөөс улс төрийн намыг санхүүжүүлэх асуудлыг зохицуулахдаа тухайн санхүүжилт олгох шалгуур болон санхүүжилтийг хэрхэн хуваарилах тал дээр анхааран авч үзэх хэрэгтэй байдаг. Эс бөгөөс төрийн эрх барьж буй улс төрийн нам давуу байдлаа ашиглан улам бүр санхүүжилтээ нэмэгдүүлэх, парламентаас гадуурх улс төрийн намуудад санхүүжилт олдохгүй байх эсвэл тун бага санхүүжилт авах, сөрөг хүчнээ санхүүгийн дарамтад оруулах зэрэг ардчиллыг сулруулах сөрөг үзэгдэл бий болох талтай. Түүнчлэн төрийн санхүүжилтийг жендерийн тэгш байдлыг хангах зорилготой уяж олгох нь олон улсад нийтлэг байна.

Улс төрийн нам, нэр дэвшигчид санхүүжилтээ хэрхэн зарцуулах талаарх зохицуулалт нь санхүүжилтээ хэрхэн бүрдүүлсэнтэй нэгэн адил чухал асуудал юм. Үүнийг зохицуулахдаа хязгаарлалт, хориглолт хийж өгснөөр улс төр дэх мөнгөний нөлөөг бууруулахад дэмтэй гэж үздэг. Тухайлбал, санал худалдаж авахыг хориглох нь мэдээж боловч энэ асуудлыг хэрхэн баримтжуулах, мэдээлэл хэрхэн цуглуулах талаарх зохицуулалт дутмаг байх нь бий. Түүнчлэн гуравдагч этгээд болох манайхны нэрлэж заншсан сонгуулийн менежерийн зарцуулалт нь хуулиас гадуур явагддаг бол энэ тал дээр олон улс орнууд сайн жишээ болохуйц зохицуулалттай байна.

Сүүлийн бөгөөд хамгийн гол асуудал бол тайлагнал, хяналт, хариуцлагын зохицуулалт юм. Энэ асуудал манай улсын улс төрийн санхүүжилтийн зохицуулалтад бүрэн орхигдсон гэлтэй. Учир нь олон улсын сайн жишгээр улс төрийн намын болон нэр дэвшигчдийн сонгуулийн болон сонгуулийн бус үеийн санхүүжилтийн тайлангийн нэгдсэн бүтэцтэй, тайлан хүлээн авах мэргэшсэн, хараат бус, бие даасан байгууллагатай, цахимаар тайлан хүлээн авч үүнийгээ олон нийтэд ил тод болгодог тогтолцоотой, хариуцлагын механизмтай байна. Энэ бүхэн манай улсад бүрдээгүй төдийгүй өнөөгийн байдлаар тайлангуудыг цаасаар ч болтугай хүлээн авч буй аудитын эрх үүргийг авч хаях гэж буй нь туйлын харамсалтай, хариуцлагагүй хэрэг гэж харж байна.

Түүнчлэн улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизм байхгүй гэдэг нь өдийг хүртэл тайлангаа олон нийтэд ил тод болгоогүй улс төрийн намд хариуцлага хүлээлгэдэггүй байдлаас харж болно.

-УИХ-ын энэ удаагийн сонгууль мөнгөнөөс хэр хараат болох бол?

Сонгуульд мөнгө хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Мөнгөгүйгээр сонгууль явуулах боломжгүй шүү дээ. Гэхдээ мөнгө хэр их зарцуулах шаардлагатай, мөнгө их зарцуулсан нь сонгогдох магадлалыг бууруулах зэрэг асуудлыг сонгуулийн болон холбогдох хуулиудаар зохицуулна. 2020 оны УИХ-ын сонгууль нь олон мандаттай буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явагдана. Сонгогчид нэг нэр дэвшигчид бус 2-3 нэр дэвшигчид саналаа өгнө. Нэр дэвшигчид өмнөхөөсөө том газар нутаг, сонгогчдод хүрч кампанит ажлаа явуулах нь ойлгомжтой. Зарим судлаачид олон мандаттай том тойргийн тогтолцоо нь зардлыг бууруулах давуу талтай гэж үздэг. Учир нь зардлаа хуваана гэж үздэг. Гэхдаа би хувьдаа сонгуулийн зардал нэмэгдэж, мөнгөний уралдаан болох вий гэж бодож байна. Учир нь уг тогтолцоогоор нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх байдал ажиглагддаг тул эцсийн мөчид намууд хоорондын, нам дотроо өрсөлдөөн ширүүсч мөнгө зарцуулж, нөгөө нэг нь улам илүү зарцуулсаар, гурав дахь нь сонгогчдод бага танигдаад байх шиг болоод бүр ч их зарцуулдаг байдал харагддаг. Үүнийг судалгаагаар ч харуулсан байдаг. Ерөнхийдөө сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигч гол үүрэгтэй оролцдог тул мөнгөний өрсөлдөөн болох хандлагатай байдаг. Харин процорционал тогтолцоонд улс төрийн нам голлох үүрэгтэй оролцдог.


Categories
мэдээ нийгэм улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы (2020.05.01) үдээс хойших хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсов.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын уялдааг хангах, бусад салбаруудын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн чухал алхам болсныг Н.Цэрэнбат сайд мэдээллийн эхэнд онцлон тэмдэглэв.

2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар тус тус бага байгаа нь дээрх ажлын үр дүнг илтгэж байна гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар танилцуулсан. Бодлого, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон эдгээртэй уялдан гарсан 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 40 гаруй стандартын хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолоор “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай”, 62 дугаар тогтоолоор “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” шийдвэр гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбогдуулан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталсан байна. Тус журмаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхойлж, сайжруулсан түлшний тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын урамшуулалтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулжээ. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор гэр хорооллын айл өрх, орон байрны халаалтыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагч төхөөрөмжөөр шийдэх, хэрэглээг нь дэмжих зорилгоор 4 төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын системийг хөгжүүлж, иргэдэд хүртээмжтэй, үнийн хөөрөгдөлгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд нийслэлийн хэмжээнд 400 гаруй түлш борлуулагчидтай хамтран ажиллаж байна. Сайжруулсан түлшийг борлуулсан 1 тонн тутамд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохын зэрэгцээ 1 тонны үнийг 150 мянган төгрөг байхаар тогтоожээ. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр борлуулахад 1 тонн нь 165 мянган төгрөг буюу тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын айл өрхийн худалдан авах чадварыг бууруулан, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Иймд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг баталсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээллийнхээ үеэр тэмдэглэсэн.

Засгийн газраас жилд 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг 2018 оны 11 дүгээр сараас үе шаттай ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус компани нь өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын зүүн бүсэд шинэ үйлдвэр барих бүтээн байгуулалтыг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүлжээ. Тус үйлдвэр баригдсанаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд ороогүй зарим хороод, нийслэлээс алслагдсан дүүргүүдийн айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж, Налайх дүүргийн иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх аж.

Н.Цэрэнбат сайд үргэлжлүүлэн цахилгааны эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, урамшуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу гэр хорооллын айл өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг нийслэлд 100 хувь, орон нутагт 50 хувь хөнгөлж, улмаар 2017-2019 онд 24.5 тэрбум төгрөгийг олгосон бол 2020 онд 12.1 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэж, нэг жилд ноогдох дүнг нэмэгдүүлжээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн 2020 оны эхний улирлын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2019 оны мөн үетэй харьцуулахад сар бүр 1 тэрбум гаруй төгрөгөөр өссөн байгаа нь 2017-2019 онуудад нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж, 42 мянга орчим айл өрхийг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэнтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Хяналт, мониторингийг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хотын агаарын чанарын мониторинг хяналтын системийг үндсэнд нь шинэчилсэн ба өнөөдрийн байдлаар агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 12 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг тогтмол хэмжиж байгаа гэв. Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа Засгийн газрын томоохон бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийн үр дүнг хянах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4208 иргэдийг ажиллуулж ухамсар дадлыг өөрчилж байгааг танилцуулгад дурдав. Орон тооны бус ажилтнуудтай хамтран нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын 142 мянган айл өрхөөс 32 асуулга бүхий Амьдрах орчны судалгааг авч, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлж байгаа гэлээ.

Амьдрах орчны судалгааны дүнгээс харахад хашаандаа модгүй айл 80 хувь, 5 хүртэлх мод тарьсан айл 10 хувийг эзэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. Мөн гэр хорооллын 96 хувь нүхэн жорлонтой байгаа нь хөрсийг ихээр бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэв. 2017-2018 оны хооронд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1500 нүхэн жорлонг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар сольсон байна. 2020 онд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр 2000 ширхэг нүхэн жорлонг шинэчлэхээр холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2019 онд 21 сургууль цэцэрлэг, 15 төрийн байгууллагыг цахилгаан, байгалийн хий, газрын гүнийн дулаанд холбож түүхий нүүрс түлдэг эх үүсвэрийг халж жилд 6650 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоожээ. 2020 онд 20 сургууль, цэцэрлэгийг байгалийн хий, цахилгаанаар халаахаар ажиллаж байгаа гэв. Засгийн газраас гэр хорооллын иргэдэд дотоод агаарын угаар хэмжигч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй олгох шийдвэр гарган 205 мянган төхөөрөмж худалдан авч, 167 мянган төхөөрөмжийг айл өрхөд суурилуулсан байна. 2019 онд Байгаль орчин, уур амьсгалын сангаас гэр хорооллын айл өрхөд 726 цахилгаан халаагуурыг тараажээ. Мөн 2019 онд гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, дулаан алдагдлыг бууруулах, эко жорлонгийн асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлж, арилжааны банкуудтай хамтран “Ногоон зээл”-ийг олгож эхэлсэн бол энэ онд нэр төрлийг нэмэгдүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн ногоон худалдан авалт хийх нөхцөлийг сайжруулсан байна.

Энэ онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 53.0 тэрбум төгрөг зарцуулах замаар сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадлыг 600 мянган тонноор нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчний хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн агаарт ялгарах бохирдлыг багасгах, аймгуудын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх, дулааны эх үүсвэрт нь утаа шүүх шүүлтүүр тавих, түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мониторингийн сүлжээг сайжруулах, мэдээлэл сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах цаашдын зорилт нь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгасан цогц арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлсний үр дүнд ирэх 2021 онд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулахад чиглэгдэж байгаа юм байна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Х.Нямбаатар нар асуулт асууж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Аймгуудад орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Б.Бат-Эрдэнэ гишүүний асуултад Н.Цэрэнбат сайд хариулахдаа “Хүн амын төвлөрлөөс нь хамаарч агаар, орчныг бохирдлыг бууруулах арга хэмжээг орон нутгуудад авч байгаа. Уламжлалт дулааны станцад утаа шүүгч байрлуулах арга хэмжээг энэ жилдээ 4 аймагт туршиж байна. Бид агаарын бохирдолтой тэмцэхдээ утааг үүсгэж буй эх үүсвэртэй тэмцэх шаардлагатай. Тиймээс орон нутгийн удирдлагуудад энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгсөн. Түлш бэлтгэх технолгио сайжруулж, зуухны стандартыг дээшлүүлэх асуудал нэн чухал. Ийм байдлаар нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна” гэлээ. Орон нутагт агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа талаар Н.Цэрэнбат сайд тодорхой мэдээлэл өгсөн юм. Хуучирсан автомашин, техник хэрэгсэл нь агаарын бохирдолд тодорхой нөлөө үзүүлж байгаа гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хөндөв. Түүний лавласны дагуу Эрчим хүчний сайд цахилгаан нөөцлүүртэй халаагуурыг хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж буй талаар мэдээлэл өгөв. Цахилгаан хямд байхад буюу шөнө цахилгаан хуримтлуулаад, үүгээрээ өдрийн турш халаадаг технологийг судалж байгаа бөгөөд амжилттай болвол 100 мянга орчим өрх эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, нано халаагуур ашиглах боломж бүрдэх юм байна. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ хүүг нь 50 хувь хөнгөлдөг “Ногоон зээл”-ийн хүрээнд санхүүгийн шийдэл гаргах бөгөөд арилжааны банкууд дэмжиж ажиллаж байгаа гэв.

Тээврийн хэрэгслүүдийн үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахын тулд зоримог шийдэл гаргах шаардлага бий гэдгийг Н.Цэрэнбат сайд хэллээ. Нийтийн тээвэрт явж буй автобуснуудын 80 хувь нь “насжилт өндөр”-тэй. Эдгээрт бүрэн шаталтыг дэмжих, ялгаруулж буй хорт нэгдлийн хэмжээг бууруулах төхөөрөмжийг 2019 онд тавьсан. Үүний үр дүнд тодорхой үр дүн гарсан гэлээ. Нийслэлд өдөрт 480 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол 200 гаруй яндангаас утаа гардаг. Өөрөөр хэлбэл, бохирдол “үйлдвэрлэж” буй тээврийн хэрэгслийн тоо яндангаасаа 2.3 дахин их. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд стандартын шаардлага хангасан, чанартай нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрсдлийг бууруулахын тулд нийтээрээ хариуцлагатай байж, шат шатны стандартаа өндөрсгөх шаардлагатай хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хэлж байв. Д.Тэрбишдагва гишүүний тодруулсны дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд орлого багатай иргэдийг орон сууцжуулах чиглэлээр гадаадын зээл, тусламжийг авч тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Н.Цэрэнбат сайд дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Мөн түлшний чанарыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар “Таван толгой” ХХК-ийн ерөнхий инженер мэдээлэл өгөв. Улсын Их Хурал, Өргөдлийн байнгын хороо агаар, орчны бохирдлыг бууруулах асуудалд ихээхэн анхаарал хандуулж, холбогдох шийдвэр гаргах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар М.Оюунчимэг гишүүн хэлж байлаа. Агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд төр засгаас олон тооны арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, үүний зэрэгцээ иргэд өөрсдийн хүрээлэн буй орчныг эрүүл, цэвэр байлгахад хамтарч ажиллан, санаачилгатай байвал илүү үр дүнтэй гэдгийг Н.Цэрэнбат сайд онцолж, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, төсвийн дэмжлэгийг тогтвортой байлгасан тохиолдолд ойрын гурван жилдээ хөрсний бохирдлын асуудлыг дорвитой шийдэх боломж бий гэлээ. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн тогтвортой санхүүжилт чухал гэдгийг тэрбээр онцлон тайлбарласан.

Ийнхүү Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Т.Түвшинбилэг: Америк бол цагаачдын эх орон. Үүнийг л тэдэнд ойлгуулах гэж номоо бичсэн

Америкт 19 насандаа анх очиж байсан Т.Түвшинбилэг гэх бүсгүйн бичсэн “Al­most American: A Mongolian girl’s american story” буюу “Монгол охины америк түүх” ном нь “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж байгаа билээ. Тэгвэл цахим худалдааны платформ “Амазон”-д ном нь бестселлер болсон анхны монгол зохиолч Т.Түвшинбилэгтэй ярилцлаа.


-Таны бичсэн ном “Амазон”-ы хамгийн их худалдан авалт бүхий шинэ номын жагсаалтыг тэргүүлж, монгол зохиолчтой анхны бестселлер ном болсонд баяр хүргэе. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-“Өдрийн сонин”-ы эрхэм уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Орос Монголын хамтарсан Гуравдугаар сургуульд арван жилээ төгсөж, жилийн дараа буюу 2009 онд Америкт ирсэн. Би багаасаа Америк улсыг их сонирхож, киног нь үзэж, дууг нь сонсож өссөн. Нэг өдөр л АНУ-д очиж үзнэ дээ гэж мөрөөддөг байлаа. Ингээд л мөрөөдөл минь биелж, Америкт ирсэн дээ. Эхний жилдээ Вашингтон ДиСи хотод англи хэлний курст суралцсан. Тэр үед виз даруулах амаргүй байсан. Хэлний бэлтгэлд нэг жилийн виз л дарж өгдөг юм билээ, уг нь. Тэгсэн надад таван жилийн виз дараад өгчихдөг байгаа. Америк орон надад үнэхээр л ээлтэй. Ээж минь ч үүнд олзуурхсан. Ингээд бакалавраа маркетинг ба санхүүгээр харин магистраа Жоржтауны Их сургуульд үл хөдлөх хөрөнгийн санхүү мэргэжлээр хамгаалсан. Эрх чөлөөний орон Америкт ажиллаж амьдарч, хайртай хүнтэйгээ учирлаа.

-АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ?

-Би “Coldwell Banker Richard Ellis” гэх үл хөдлөх хөрөнгийн компанид санхүүгийн аналистаар ажилладаг. Үл хөдлөх хөрөнгө гэхээр Монгол хүмүүс зөвхөн брокер буюу зуучлагч гэж ойлгодог. Америкт үл хөдлөх хөрөнгийг маш сайн санхүүгийн эргэлт болгон хөгжүүлж чадсан. Нэг үгээр хувьцааны зах зээл шиг санхүүгийн том зах зээлийн тогтолцоо гаргасан улс. Томоохон улс гүрнүүдэд энэ нь нэг төрлийн хөрөнгө оруулалтын зах зээл юм л даа. Харин миний үндсэн хийдэг ажил бол байр, орон сууцийг хөрөнгө оруулагчдад үнэлж, шинжилж тэдэнд санхүүгийн үнэлгээ хийж өгдөг.

-Таны сүйт залууг америк хүн гэж сонссон юм байна. Харийн нутагт, өөр соёл иргэншилд очиход бэрхшээл бишгүй тохиолдсон байх даа. Энэ цаг үед хамтдаа даван туулж, түшиг тулгуур нь болж байсан байх?

-Тийм ээ. Миний сүйт залууг Стив гэдэг. Түүнтэйгээ хамт амьдарч байгаа. Анх АНУ-д ирээд гэрийнхнээсээ хол эрх дураараа гоё байх юм шиг санагдаж байлаа. Аргагүй биз. Эрх чөлөөний орон Америк шүү дээ. Хэн бүхний мөрөөдлийн газар. Гэвч цаг хугацаа эргэхийн хэрээр бодит байдалтай нүүр тулсан. Эх орондоо, төрөлх нутагтаа, гэр орондоо ямар сайхан байсан, эрх өссөнөө ухаарсан. АНУ бол өртөг өндөртэй орон. Тэнд сурдаг гадны оюутнууд бүгд л сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Би ч мөн хичээлийнхээ хажуугаар төрөл бүрийн ажил хийж байлаа. Хийж болох бүх л ажлыг хийсэн дээ(инээв) Ажил хийхийн хэрээр их олон зүйлд суралцдаг юм билээ. Энэ бол мөнгөнөөс хэд дахин үнэ цэнэтэй зүйл. Тийм ч учраас сурахын хажуугаар ажилласандаа хэзээ ч харамсдаггүй. Зөөгч хийснээр харилцааны соёлд суралцахын сацуу олон төрлийн дарсны нэр, америк хоолны ширээний соёл гэх мэт олон зүйл сурч, мэдсэн.

-“Монгол охины америк түүх” номоо цагаачдад зориулж бичсэн гэсэн. Ер нь америкчууд цагаачдыг хэрхэн хардаг вэ?

-Цагаач хүний нүдээр харсан амьдралаа л энэ номондоо шингээсэн дээ. Тэгэхдээ аль болох эерэг тал руу нь бичиж Америкт амьдардаг цагаачдыг өмөөрсөн гэх үү дээ. Сүүлийн жилүүдэд Америкт сонгуулийн үеэр цагаачдыг их ярих болсон л доо. Ярих ярихдаа үргэлж л болохгүй бүтэхгүй талаас нь хардаг. Гэтэл бодит байдал өөр. Нийт цагаачдын дөрөвний нэг хувийг бидний хэлдгээр “харласан” цагаачид эзэлдэг. Бодит баримт гэвэл ийм байна. Ийм бодит тоог америк хүмүүст эерэгээр ойлгуулж, Америк бол цагаачдын орон юм аа гэдгийг сануулахыг зорьсон. Ер нь бол цагаачид Америк орны эдийн засагт асар нөлөөтэй, хэрэгтэй хүмүүс. Үүнийг л тэдэнд харуулж, цаашлаад бусад цагаачиддаа урам өгөх зорилготой бүтээл.


-Таны бичсэн номыг ямар орны иргэд ихэвчлэн худалдан авч байна. Монголчууд нэлээн сонирхож байна шүү дээ?

-Нийт худалдан авалтын бараг 80 хувийг америкчууд эзэлж байна. Монголчууд маань 10 хувь, Япон таван хувь үлдсэн хувийг нь өөр орнууд эзлэх байх. Монголчууд маань ингэж их дэмжихэд нь маш их баярласан шүү. Ихэнх монгол уншигчид маань хэвлэмэл хэлбэрээр унших дуртай байдаг. Монголчууд маань электрон ном уншдаггүйг бодолцож, номоо албан ёсны эрхтэйгээр англи хэл дээр хэвлүүлж байгаа.

-Номоо яагаад ингэж нэрлэх болов?

-Америкт залуугаараа ирээд олон жил амьдраад ирэхээр хүмүүс америкждаг л даа. Гэр бүлтэй, ажил төрөлтэй найз нөхөдтэй болдог. Гэхдээ бүх юм ингээд амар сайхандаа жаргачихдаггүй. Соёлын ялгаа гэдэг зүйл байна шүү дээ. Үүнээс болоод маш их сэтгэл зүйн зөрчилдөөн цагаачдын тархин дотор явагдаж эхэлдэг. Энэ нь зөвхөн Монгол гэлтгүй бүх л орны хүмүүст тохиолддог явдал л даа. Би багаасаа ичимхий, дуугүй хүүхэд байсан. Гэтэл Америк өөр. Эндхийн хүмүүстэй зэрэгцэж алхахын тулд илүү нээлттэй, нүүрэмгий байх ёстой юм билээ. Хамгийн түрүүнд ойлгосон зүйл маань энэ. Дараа нь гэртээ ирээд яг америкчуудтай байдаг шигээ хамаагүй байж болохгүйгээ бас санадаг. Тэгэхээр хоёр соёлын ялгааг сурах гэж уддаг. Төрөлхийн нээлттэй яриа хүн бол Америкт нэг их зүдрээд байхгүй. Гэхдээ монголчууд бидний ихэнх нь ичимхий дуу муутай хүмүүс. Над шиг хоёр орны соёлын дунд гацсан олон хүмүүс байгаа байх. Ер нь олон зүйлийг л бодож нэрээ өгсөн дөө.

-Монголд хэзээнээс зарагдаж эхлэх вэ?

-Интернэтээр олон хүмүүс Монголд зарагдаж байгаа юу гэж асууж байсан. Дөрөвдүгээр сарын 27 буюу өнөөдрөөс эхлэн Монголд зарагдаж эхэлнэ. Харин амазон дээр электрон хэлбэр нь 4.99 доллар, хэвлэмэл хэлбэр нь 12.99 доллараар зарагдаж байгаа. Одоохондоо номоо монгол хэл дээр гаргах бодолгүй байна. Учир нь энэ ном маань маш энгийн, ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн тул монголчууд маань англи хэл дээр нь уншвал зүгээр байх.

-Номоо ямар хүмүүст илүү хүрээсэй гэж бодож байна?

-Америк явахыг хүсдэг, эсвэл явах гэж байгаа зөвхөн Америк гэлтгүй өөр орон руу түр хугацаагаар ч гэсэн нүүх гэж байгаа хүмүүс уншвал сонирхолтой байх. Үүнээс гадна хүүхдүүд нь гадаадад сурдаг, найз нөхөд нь гадаад байдаг хүмүүс уншвал гадаадад ажиллаж амьдардаг хүмүүст ямар саад бэрхшээл тулгардаг вэ гэдгийг ойлгож мэдрэх байх. Ер нь англиар уншдаг англи хэл сурахыг хүсдэг хэдэн ч насны хүн унших боломжтой. Үүнээс гадна Америкийн сонгуулийн нөхцөл байдал, цагаачдын асуудал гээд олон зүйлээс шалтгаалсан энэ сэдэв хүмүүст ихээхэн хамааралтай байна байх.

-Яг хэзээнээс номоо бичиж эхэлсэн бэ?

-2019 оны нэгдүгээр сараас номоо бичиж эхэлсэн. Гэхдээ дунд нь гурван сар түр завсарласан.

-Урьд нь өөр ном, зохиол бичиж байв уу. Өөр сонирхлуудынхаа талаар ярихгүй юу?

-Би ерөнхийдөө уран зохиолын хүн биш л дээ. (инээв) Аль болох зохиомол бус бодит болсон явдлууд унших дуртай. Сардаа нэг ном уншихыг хичээдэг. Мөн өглөө бүр гүйх, эсвэл алхдаг. Дараагаар нь таваас арван минут дасгал хийдэг. Ерөнхийдөө аль болох махан биеэ болон дотоод ертөнцөө хөгжүүлсэн сорьсон зүйлүүд хийх дуртай. Ганцаараа байх дуртайгаас гадна сүйт залуутайгаа шинэ ресторанд хоол идэж гадуур цагаа өнгөрүүлэхийг эрмэлздэг. Ажлынхаа хажуугаар өөр шинэ зүйл эхлүүлэхээр зорьж байгаа. Сурахынхаа зэрэгцээ ажиллах гэх мэт олон зүйлийг амжуулаад сурчихсан болохоор цаг хугацааг дэмий өнгөрөөмөөргүй санагддаг. Цаашид онлайн бизнестэй болох бодолтой байгаа.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг ...

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “IV сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Франкфуртийн онгоцоор явах гэж байгаа хүнээс коронавирусийн халдвар илэрлээ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Тухайн хүнд коронавирусийн эсрэг бие үүссэн. Хөнгөн маягаар тусаад эдгэсэн гэсэн тэмдгээ тавиад орхиод явсныг коронавирус илэрчихлээ гэж мэдээлсэн. Ойрын хавьтлын 15 хүнээс шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эсрэг биет үүссэн хүн нь Бельги улсаас ирсэн иргэн байсан” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Калашников

-ДУУСГААГҮЙ ДУНД СУРГУУЛИЙН БОЛОВРОЛТОЙ Ч ГЭЛЭЭ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЗЭВСЭГЛЭСЭН ХҮНИЙ ТУХАЙ-

“АК-47” гэж нэлээн хэдэн улсын төрийн далбаанд мөнхөрч, заримынх нь мөнгөн тэмдэгт дээр барлагдан, хөшөө босгуулан, алтаар цутгуулсан айхавтар автомат буу бий. Дэлхийн 106 улсын армийн албан ёсны зэвсэглэлд тооцогддог уг бууны нэр “АК-47” товчлолыг 1947 онд үйлдвэрлэсэн Автомат Калашников гэж задлан уншдагийг өргөн олон мэднэ дээ. Эхний хувилбараас хойш шинэчлэгдэн зөндөө өөр загварууд нь зохиогдон гарч хэд хэдэн улсад патентаар үйлдвэрлэгдэх болсон уг автоматын талаар бичих зүйлээ ингээд дуусгая. Учир нь өнөөдөр бууных нь тухай бус зохиогчийнх нь талаар хүүрнэе үү гэж бодоод.

Увс аймгаас жаахан баруун хойд тийшээ Алтайн хязгаар нутгийн Курья тосгонд 1919 оны намар нэгэн хүү мэндэлснийг эцэг эх нь Михаил хэмээх алдраар адислажээ. Түүний эцэг Тимофей өнөөгийн Украины Сумск мужаас гаралтай агаад XX зууны эхэнд Хаант оросын явуулж байсан эдийн засгийн бодлогын дагуу Сибирийн цаадах газрыг үнэ төлбөргүй эзэмших ятгалгад автан Алтайн хязгаарт нүүдлэн ирж суурьшсан цагаач. Эхнэр Александра хэмээх орос бүсгүйн хамт Курьяд ирж амьдарснаасаа хойш 19 хүүхэд тосч авсан ч найм нь л хүн болж үлдсэн гэх. Тэдгээрийн отгон хүү нь ирээдүйн их зохион бүтээгч Михаил Тимофеевич Калашников байлаа.

“Ээж маань намайг хэвлийд нь байхад л зохион бүтээх шуналтай болгочихсон юм шиг санагддаг” гэж хожмоо Михаил Тимофеевич хэлсэн байдаг. Арван нас хүрээгүй хүүхэд шүдэнзний хүхэр ашиглаад буу хийж тагтаа буудаж байсан гэхээр овоо сахилгагүй моньд байж. Украин хүмүүс хараад байх нь ээ их зөөлөн, хөдөлмөрч зан чанартай байдаг юм. Түүний аав Тимофей хүний гар харахааргүй болтлоо хөдөлмөрлөж овоо гайгүй хөлжсөн тул нударган баян ангилалд багтан 1930 онд гэр бүлээрээ нутаг заагдан Томскийн хязгаар луу цөлөгдөж Миша хүү тэнд долдугаар анги хүртэл суралцсан нь ирээдүйн “АК-47” бууны эцгийн амьдралдаа олж авсан цор ганц боловсрол нь юм билээ.

“Тосгонд унадаг дугуй нэг ч байхгүй. Дугуйг гэхдээ харсан, ямархуу дүрстэй, яаж хөдөлдгийг мэддэг байсан тул шууд л мөнхийн хөдөлгүүртэй дугуй хийх юмсан гээд мөрөөднө. Даанч гинж, араа мэтийг нь хаанаас олох билээ. Заримдаа тийм дугуйг яаж хийхээ ангийн багшдаа ярина. Уг нь багш маань тосгоны хамгийн боловсрол өндөртэй нэгэн байсан ч миний үлгэрийг сонсоод ангайдаг байж билээ”.

“Хожим депутат болсон хойноо хөдөө нутаг, тосгодоор их явна аа. Тэнд хаа сайгүй төмрийн сэг хэвтэхийг хараад жигтэйхэн харамсана. Намайг бага байхад жижигхэн төмөр утас олох нь алтны дайтай үнэ цэнэтэй байлаа шүү дээ. Хүүхэд байхад одоогийнх шиг ийм их металл таарсан бол юун буу, эвэртэй чөтгөр ч хийж чадахаар тэмүүлэл цээжинд багтаж байлаа шүү дээ”.

Тэр долдугаар анги төгссөнийхээ дараа жил хойт эцгийнхөө нэр дээр паспорт гаргаж аваад Казахстан луу явсан юм билээ. Аав нь нударган баян, эсэргүүн гэдэг цолтой тул 18-тай хүүд ажил олохгүй шүү дээ, тэгээд л хойт эцгийнхээ нэрээр хуурамч баримт бичиг үйлдээд зугтаж буй нь тэр. Матай хэмээх төмөр замын зангилаа болсон сууринд бух тэрэгний депод токарьчин хийж ганц жил ажилласан нь хүүд том сургууль болсон гэдэг. Математик, геометрийн өнгөц ойлголттой, шугам зургийн төсөөлөлгүй, шаталт, таталцлын хуулийг мэдэхийн тулд физик, химийн тухай ядаж л сонссон байх ёстойг огт огоороод зөвхөн өөрийн хүсэл тэмүүлэл, байгалиас заяасан ховор авьяас дээр дөрөөлөн тогтмол шинийг санаачлан явсан хүүг үнэхээр биширмээр. бод доо, 19-тэй Калашников 1938 онд цэрэгт татагдаад Киевийн цэргийн тойрогт танкийн жолоочийн курст сууж байхдаа бас л элдвийг санаачилж нөгөө домогт жанжин Г.Жуковын сонорт хүртэл хүрч явжээ. Түүний хийсэн танкны бүхээгнээс гар буугаар буудаж болох төхөөрөмж, их бууны буудлагын ончийг сайжруулах бэхэлгээ зэргийг Жуков өндрөөр үнэлж хөхиүлэн дэмжиж ленинградын ворошиловын нэрэмжит заводын судалгааны танхим руу илгээж байжээ. Дайн эхлээгүй байсан бол Калашников буу биш, шинэ танк зохиох хувьтай байсан ч юм билүү. Даанч Эх орны дайн эхэлж залуу хүү 216 дугаар танкийн хороонд харьяалагдан германчуудад нам нухуулж байсан анхны саруудын хатуу хөтүүг туулах тавиланг үүрэв. Тэгээд 41 оны наймдугаар сард бүслэлтээс гарч яваад танк нь сөнөж өөрөө асар хүнд шархдан азаар эмнэлэгт хүргэгдсэн гэдэг. Эндээс л автомат буу бүтээсэн Калашниковын түүх эхэлнэ дээ. Шархадсан цэргүүд ачсан ачааны тэрэг лүү германчууд дайрахад харилцан буудалцсаар найман цэргээс гурав нь л амьд үлдэхэд хурдан буу хэчнээн хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгосон гэх.


“Цэргийн госпитальд хэвтэж байхдаа хар дарж их зүүдэлнэ ээ. Ялагдаж, ухарч явсан эхний сарууд,үхэж, шархдаж буй анд найзууд маань. Тэгээд германчуудын автоматын шүрших чимээ. Шөнө дунд хашгираад сэрэхэд эмнэлгийн чимээгүй өрөө дүгхийгээд л. Яагаад манай арми хурдан бууддаг, хөнгөхөн, найдвартай буугүй юм бэ гэж толгойгоо гашилгана. Хожим хүмүүс надаас та яагаад буу зохион бүтээгч болсон юм бэ гэж их асуудаг. Би германчуудаас болоод оо гэж хариулах дуртай”.

Эмнэлэгт хэвтэж байхдаа сурагчийн дэвтэр дээр өөрийнхөө санааг буулган шархадсан цэргүүдэд үзүүлнэ. Дэмжих нэг нь байх ч ихэнх нь шоолж “Их эрдэмтэд бүтээж чадаагүй юмыг чи жирийн цэрэг хийлээ юу” гэж басамжлах ч бий. Тэр үед залуу зохион бүтээгчид туршлага, мэдлэг үнэхээр дутагдаж байсан ч гэлээ байгалиас заяасан авьяас, мэдрэмж, зүтгэл багадаагүй. Тэгээд ч шарх нь хүнд, удаан эдгэрэлтэй байсан тул зургаан сараар “жагсаалд тэнцэхгүй” гэсэн оношилгоотой гэр лүү нь буцаах тушаал гарсан нь Калашниковт боломж өгсөн. Гэр лүүгээ харилгүй шууд Матай дахь деподоо очиж нөгөө эмнэлэгт хэвтэж байхдаа ноороглосон автомат буугаа “хөрсөн дээр” буулгах гээд тэмүүллээ. Энд нэг зүйлийг тайлбарлахад тухайн үеийн депо гэдэг өнөөгийнх шиг хэдэн эвдэрхий бух тэрэг хадгалдаг агуулах байгаагүй, байж болох бүх төрлийн токарийн суурь машинуудтай, фрезер, өнгөлгөө, бага хэмжээний ган боловруулах цехтэй бие даасан лут байгууламж байсан юм. Гурван сарын дараа түүний зохион бүтээсэн автомат буу зохих түвшинд үнэлэгдэж хэдийгээр үйлдвэрлэх хэмжээний үнэлгээнд хүрээгүй ч “байлдагчийн санаа содон байна” гэсэн тодотголтойгоор шат ахиулан Алма Ата хот руу шилжүүлэн тэнд нүүж ирээд байсан Москвагийн нисэхийн институтийн эрдэм шинжилгээний хэсэг рүү томилжээ. Түүнээс хойш олон ч хот, олон ч туршилтын газруудаар тэнэж сайн, муу янз бүрийн хүмүүстэй тулж ажиллах, туршлага хуримтлуулах, мэдлэгээ дээшлүүлэх замыг тууллаа.

“Миний амьдралын замд бурхны элч тогтмол даган алхаж байсан мэт санагддаг. Ямар хүнд бартаатай замуудыг туулсан гэж санана. Зүдэрч ядрах, шантрах үед заавал нэг сайн хүн таарч тохойноос минь өргөөд босгодог байлаа”.

Дайн дуустал овоо хэдэн төрлийн автомат буу зохион бүтээсэн ч гэлээ ямар нэгэн жижигхэн зүйл, деталь дээр өрсөлдөгч нартай ялагдан ухарсаар 47 онтой золгосон байдаг. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг тэр жил яалт ч үгүй ахлах түрүүч Михаил Калашниковын зохион бүтээсэн “АК-47” нордоггүй, гацдаггүй, эвдэрдэггүй, энгийн, хөнгөн гээд олон давуу талаараа бусдаас онцгойрч ЗХУ-ын армийн үндсэн зэвсэглэлд бүртгэгдэх хэмжээнд хүрч эзэндээ Сталины нэрэмжит төрийн соёрхлыг авчирсан түүхтэй.

“Тэр үеийн би гэж хэн бэ гэдгийг битгий мартаарай. Жирийн нэг муу ахлах түрүүч. Гэтэл надтай өрсөлдөж байсан томчуулыг хар даа. Дегтярев-Зөвлөлтийн алдарт зохион бүтээгч,генерал. Симонов-түүнээс ч дутахааргүй гавьяат үйлстэй эрдэмтэн. Гэтэл тэдэнтэй нэг муу нусаа дөнгөж арчиж сурч байгаа байлдагч уралдах гэнэ ээ. Ямар чөтгөрийнх уралдаан байх вэ дээ. Жинхэнэ утгаараа өрсөлдөөн байсан байхгүй юу. Тэгээд тийм тэнцвэргүй уралдаанд ахлах түрүүч түрүүлээд Сталины нэрэмжит шагналыг хүртлээ гэдэгт ард түмэн яаж итгэх билээ дээ”.

“Үхэл үзэж, зовлон туулсан цэрэг, цэрэгтээ зориулж буу хийсэн юм. Дайны талбарт секундээс бага хором амь авардаг гэдгийг өөрийн биеэр амталсан цэрэг тэр бууг зохиосон юм. Буу буудахаас гадна, арчилж цэвэрлэхэд амархан, хөнгөхөн, энгийн байх ёстой гэдгийг би үхэл, амьдралын ирмэг дээр байлдаж байж ойлгосон хүн. Ер нь энгийн зүйл бүтээнэ гэдэг ярвигтай хэцүү зүйл бүтээхээс хавьгүй хэцүү гэдгийг ойлгоорой”.

Михаил Калашников 2013 онд 95 насандаа өөд болтлоо АК буугаа шинэчилж дараа үеийнх нь загваруудыг гаргах ажил хөдөлмөрт зүтгэж явсаар хальсан. Уг нь түүн шиг хүн патентийнхаа эрхээ эдлээд хөрөнгө цуглуулсан бол дэлхий даахгүй баян болохгүй юу. Тэгээгүй. Өлсгөлөнд нэрвэгдэж, цөллөгөнд ачигдаж, танкинд шатаж, эрэмдэг биетэй үлдсэн ч үргэлж гэрэл өөд тэмүүлж явсан хүнд эд баялаг дэндүү өчүүхэн зүйл байсан бололтой.

“Надаас бас тогтмол асуудаг л юм. Өнгөрсөн амьдралдаа сэтгэлийн ханамжтай байж чаддаг уу гэж. Мэдээж тэгэлгүй яахав. Буу хэдийгээр трактор биш, газар хагалж тариа суулгаж талх үйлдвэрлэдэггүй ч гэлээ түүнгүйгээр бас эх орноо хамгаалж болдоггүй юм гэдгийг ойлгоорой. Зөвхөн эх орныхоо аюулгүй байдал, байлдагч чиний төлөө ажилласан юм. Ер нь тэгээд буу өөрөө бууддаггүй юм шүү дээ. Хүн л бууддаг юм”.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын удирдагч үйлдвэрийн нээлтэд оролцон олны өмнө ил гарчээ

Өнгөрөгч сарын 12-ноос хойш нийтийн өмнө огт харагдаагүй байсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байна. Ким Жон Ун дүү Ким Ё Жон болон бусад албаны хүмүүсийн хамт тус улсын нийслэл Пхеньяны ойролцоох Сунчон гэх газарт шинээр ашиглалтад орж буй бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон аж. KCNA-ийн мэдээлэлд “Эрхэм хүндэт удирдагч, нөхөр Ким Чен Ун бордооны үйлдвэрийн барилгын ажил дууссаны дараа хүндэтгэлийн ёслолд оролцож, тууз хайчиллаа” гэсэн байна. Умард Солонгосын удирдагчийн оролцсон уг үйлдвэрийн нээлтийн ёслол V сарын 1-нд Баасан гаригт болж, тус улс даяар тэмдэглэсэн Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баяртай давхацжээ.

Categories
мэдээ нийгэм

III сарын 8-нд Бельгиэс ирсэн хүнээс түргэвчилсэн оношлогоогоор КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ

Франц иргэнийг ХӨСҮТ-д авчирч тусгаарлан эмчилж байна

Бельги улсаас 2020.03.08 нд Монгол улсад ирсэн иргэнд коронавирус илэрсэн талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас мэдээллээ. Иргэн Д нь 2020.03. 29 нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос 2020.04.12 нд автобусаар УБ хотруу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна. Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг гарч, Одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна.

Түргэвчилсэн тестээр онош тавихгүй, хуурамч эерэг, сөрөг гарах магадлалтай тул PCR хариу оношийг батална. Иймд 2020.05.01-ний 23:00 цагаас аймгийн онцгой комисс хуралдлаа. Онцгой комиссын хурлын шийдвэрээр дөрвөн чиглэлд постууд гарч Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаалаа.

Ард иргэдээ халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн юм уух гэх мэт kоронавируст халдвар COVID-19 болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Эх сурвалж: Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штаб

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын сайн засаглал, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих нэмэлт тусламж үзүүлнэ

Монгол Улсын Сангийн яам, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (ОУХА) хооронд байгуулсан хоёр талт тусламжийн хэлэлцээрийн хүрээнд 8.3 тэрбум төгрөг (гурван сая ам.доллар)-ийн нэмэлт тусламжийг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээ АНУ-ын Засгийн газар өнөөдөр мэдэгдэв. Уг тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, мөн энэ чиглэлээр шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэх аж. ОУХА-аас Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллыг дэмжих чиглэлээр 2004 оноос хойш үзүүлж буй дэмжлэгийн нийт дүнг 342 тэрбум төгрөг (123 сая ам.доллар) болж байгаа билээ.

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Клечески “АНУ болон Монгол Улс нь Монгол Улсын, мөн цаашлаад Номхон далайн бүс нутгийн энх тайван, ардчилал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүчирхэг түншүүд билээ” гэв. “Коронавирус цар тахлын үед Монгол Улсын ардчилал, тусгаар тогтнол, бүх талын оролцоот хувийн хэвшлийн тогтвортой хөгжилд АНУ урьдынхаас илүүтэйгээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хэмээн Элчин сайд нэмж хэллээ.

Бүс нутгийн хэмжээнд энэхүү цар тахлын үед ардчилал, ил тод байдал нь ард түмний аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах суурь үндэс болж байна. Урьд өмнө амжилттай хэрэгжүүлсэн ОУХАийн төсөл хөтөлбөрүүдэд суурилсан энэхүү нэмэлт тусламжийн гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын засаг захиргааны шинэчлэлийг сайжруулах, оролцоот, хүртээмжтэй засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Уг нэмэлт тусламж нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлага болон ардчиллын туршлагыг дэмжин ажиллаж буй төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавхийг мөн бэхжүүлнэ.

Түүнчлэн АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх, зөвшилцлийн үйл явцыг ОУХА-аар дамжуулан дэмжих болно. Тус агентлаг нь дотоодын аж ахуйн нэгж, хувийн хэвшил болон бусад донор байгууллагатай хамтран хүний эрх, нэр төрийг дээдэлдэг, тусгаар тогтнол, бие даасан байдлыг сайжруулахад чиглэсэн, иргэд нийтэд тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэн ажиллана.

АНУ болон Монгол Улс нь хамтын хөгжлийн зорилтод хүрэхээр олон жилийн нягт түншлэлийг бий болгон ажиллаж ирсэн билээ. ОУХА-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь үр дүнтэй, хариуцлагад тулгуурласан сайн засаглалыг бий болгох, дэмжих, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх зорилгоор жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, сонгуулийн болон улс төрийн үйл явцад эмэгтэйчүүдийн болон залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ үеийн ардчиллын манлайлагчдыг бэлтгэх, бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх пүрэв гаригт Чингэлтэй дүүргийг бүрэн тусгаарлана

Чингэлтэй дүүрэг | Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт “COVID-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд зөвхөн тавдугаар сарын 7-ны өдрийн өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хаана.

Энэ хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэрийн заагаар цагдаа болон зэвсэгт хүчнийхнийг дайчлан харуул хамгаалалт гаргана. Харин дүүргийн иргэд өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл гэрээсээ гарахгүй, хатуу хөл хорионд орсон байдлаар дадлага хийх бөгөөд төрийн болон ААН-ийн үйл ажиллагааг дээрх хугацаанд хязгаарлана.

Энэхүү дадлага сургуулийг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн үед төрийн байгууллагууд ямар хариу арга хэмжээ авах, төлөвлөгөө, хүндрэл бэрхшээл, нөөц бололцоог тодотгох зорилгоор зохион байгуулж байгаа юм. Дээрх хугацаанд иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээх бөгөөд бэлэн бэлтгэлээ хангаж, ажил үүргээ зохицуулан дадлага сургуульд идэвхтэй оролцохыг НЗДТГ-аас уриалж байна.