Төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 62.7% буюу 18.3 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 5.0% нь бод, 95,0% нь бог малын хээлтэгч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5%-иар их байна. Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91.1%, Ховд аймаг 83.7% хамгийн өндөр хувьтай байгаа бол Хөвсгөл аймаг 41.0%, Өмнөговь аймаг 38.4% хувийн мал төллөлттэй байна. Улсын хэмжээнд 18.4 сая төл хүлээн авч, 97,5%-тай байна.
Month: May 2020
• Биеийн халуун үзэх
• Амны хаалт зүүх
• Аль болох цахим сургалт хийх
• Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
• Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
• Анги, танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
• 2 цаг тутамд агаар сэлгэх
• Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
• Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
• Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
• Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
• Хүн хоорондын зай барих (1-1.5 метр)
• Анги, танхимд хооллохгүй байх
• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
• Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
• Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх (үсчин, гоо сайхан, хөгжим, тогооч, оёдол гэх мэт)
ЭМЯ-наас “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Бельгээс ирсэн иргэнээс шинжилгээ авахад эсрэг бие үүссэнийг нь тогтоосон. Энэ хүн III сарын 09-нд манай улсад ирсэн. Ирснээсээ хойш 50 гаруй хонож байна гэсэн үг. Дэлхий нийтэд уг халдвараар өвчилсөн иргэн шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдсөнөө өөрөө ч мэдэхгүй тохиолдолууд бий. Үүн шиг Бельгээс ирсэн иргэн шинж тэмдэггүй хөнгөн өвчилсөн байх өндөр магадлалтай. Тийм учраас цусанд нь эсрэг биет үүссэн. Тухайн иргэн халдвар тараахгүй учраас тухайн үед хамт байсан хамгийн ойрын хүмүүс нь мөн хөнгөн өвдсөн үү мөн цусанд нь эсрэг биет байна уу гэдгийг хянаж, 33 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. Тэгэхээр энэ хүн хөнгөн хэлбэрээр өвчилсөн байх магадлал өндөр болж байгаа юм. Ирээд халдвар тараагаагүй. Олон улсын дүрмийн дагуу өвчилсөн газар нь бүртгэдэг. Тийм учраас энэ иргэний Монгол Улсад халдвар авсан гэж бүртгэгдэхгүй. Харин өнөөдөр өглөө тусгай нислэгээр ирсэн 34 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд хянаж байна. Нийтдээ гурван удаагийн тусгай нислэгээр ирсэн 800 гаруй иргэнээс 40 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарласан. Гэхдээ эдгээр 40 гаруй хүн халуурч, ханиалгасан шинж тэмдэггүй” гэлээ.
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
1.2. Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
1.3. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. “Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
2.2. “Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
2.3. “Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
3.1. Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилсон байна.
3.2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829) дугаарын утсанд дуудлага өгнө.
3.3. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
3.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
3.5. Ойрын хавьтлыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.
3.6. Сэжигтэй тохиолдлыг нөөц хаалгаар гаргана.
Төв аймгийн Баянцогт суманд тариалалт хараахан эхлээгүй байна. Тариалангийн талбайд трактор, техник үзэгдсэнгүй. Харин Хонгорын хөндийд тариалан эрхэлдэг “Жагро” компанийн ажилчид талбайн торон хашаагаа сэлбэж янзалж байгаатай таарлаа. Тус компани өнөө жил 2000 га талбайд улаанбуудай тариалах юм байна. Өнөөдрөөс тариалалтаа эхлүүлэхээр зэхэж байгаа ч тэнгэрийн байдлыг азнаж, бороо хур орохыг хүлээж байгаа хэмээгээд “Энд тариалалт эрхэлдэг компаниудын хувьд 14 хоногийн дараа тариалалт жигдрэх төлөвтэй байна. Ер нь тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд тариалалтаа эхлүүлэхээр ярилцсан. Өнөөдрийн байдлаар үрийн буудайгаа зөөж авчирч байна. Үрээ дэлгэж бэлтгээд тэгээд суулгана даа” гэлээ. Тариалалт эхлэхэд цаг агаарын байдал, хөрсний чийг ихээхэн чухал. Харамсалтай нь дөрөвдүгээр сард тариалангийн бүс нутгуудаар хур тунадас ороогүй нь тариалалтыг 7-14 хоногоор хойшлуулж болзошгүй байдалд оруулаад байгаа гэнэ. Энэ өвөл Баянцогт сумын нутагт цас бага унаснаас хавар гандуу, халуун хуурай салхитай байгаа аж. Гуу, жалга, зуухаар л хэд гурван ногоон өвс харагдахаас бус нийтдээ цулгуй цагаан байлаа.
Баянцогт сумын төв орлоо. Цэрэг татлага эхэлж байгаа учир Засаг даргын Тамгын газрын байранд маск зүүсэн залуус ирж бүртгүүлж байв. Сумын хойд ууланд түймэр гарсан талаар нутгийн иргэд ярьж “Гэхдээ манайхан унтрааж чадсан юм билээ” гэв.
Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж “Манайх 8900 га талбайд уринштай байна. 7700 га талбайд улаанбуудай, 800 га талбайд овъёос, ногоон тэжээл, 400 га талбайд тосны ургамал тарихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бидний хувьд энэ бямба гаригт (маргааш) орох бороог хүлээгээд байна. Бороо орвол шууд л тариалалтдаа гарчихна даа. Бусдаар бол техник төхөөрөмжүүдээ бүгдийг нь бэлдчихсэн байгаа” гэлээ. Баянцогт сумаас зүүн тийшээ Гунын голыг дагаж, хөндийгөөр өгссөөр Цагаан давааг даваад Гунын бригадад хүрлээ. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд буудайгаа хүлээн авч, тариалалтдаа бэлтгээд завгүй байв. Тус бригадын иргэн Д.Сумъяа “Тариалалт эхлэх гээд манай бригадын хүмүүс завгүй л байна. Үтрэм дээрээ шуугилдацгаагаад л буудайгаа тарихад бэлтгэж байна. Гунын гол энэ хавьдаа урсаж байгаа ч доороо тасарсан. Энэ гол бол энэ хавьдаа байдаг ганц задгай амны ус шүү дээ. Өнөө жил тасарч ч мэдэхээр байна. Их л гандуу салхитай хавар болж байна” хэмээлээ. Гунын бригадаас хойшоо гарсан замыг дагасаар төв зам руу орж ирэв. Баянчандмань сумын малчин Г.Батаа “Уг нь өдийд үрийн буудай ачсан том машин их өнгөрч, техник ачсан том тракторууд явж харагддаг. Гэтэл Дарханы зам засвартай байгаа болохоор жолооч нар аль болох зөөлөн зам сонгож, буудайгаа зөөж байгаа бололтой юм билээ. Энэ эвдэрхий зам ард иргэд гэлтгүй малчид бидний амьдрал саад болж байна. Цаашлаад газар тариалан эрхэлдэг компаниудад ч муугаар нөлөөлж байна” гэж ярив. Тэрээр нэг хэсэг тариалан эрхэлж байжээ.
Баянчандмань сумаас гараад Борнуур суманд очлоо. Зарим компани газраа хагалж, зарим нь тариалалтаа эхлүүлж, талбайгаа усалсан нь хойд уулан дээрээс тодхон харагдлаа. Тус сум өнгөрсөн жил 1200 га-д үр тариа, 830 га-д төмс, 350 га-д хүнсний ногоо, 600 га-д малын тэжээл хийсэн бол энэ жил 1200 га-д үр тариа, 850 га-д төмс, 465 га-д хүнсний ногоо, 600 га-д малын тэжээл, 550 га-д уринш боловсруулалт тус тус хийхээр төлөвлөсөн байна. Тариалалтын техник засварыг өчигдөр бүрэн хийж дуусаад байлаа. Борнуур сумын Газар тариалангийн мэргэжилтэн Д.Алтан-Онцтой уулзлаа. Тэрээр “Төв аймагт зохион байгуулагдсан хүлэмжийн ногоо тариалах, үрслэг бойжуулах хоёр удаагийн сургалтад таван иргэнийг хамрууллаа. Өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 15 га талбайд тариалалт хийгээд байна. Бид энэ жил хэд хэдэн зорилт тавьж ажиллаж байна. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг дээшлүүлэх, хүнсний ногоог дахин боловсруулах цех байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөчихөөд байна” гэв.
Жаргалант сумын нутаг Тал булагт газар хагалж буй тракторчин М.Энхдагуултай уулзлаа. Тэрээр “Газар шим” компанийн ажилчин юм байна. “Газар чийггүй, хуурайшилт ихтэй байна. Энэ 120 га талбайд манай компани төмс тарих юм. Салхитай, хуурай ер нь чанга байна шүү” гэлээ.
Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт очлоо. Баянцогт, Жаргалант сумын заагт ой хээрийн түймэр гарсан учир Засаг даргаасаа эхлүүлээд бүх албан хаагч, иргэд, тариаланчид нь түймэрт яваад эзгүй байлаа.
Уулзсан тариаланчдын хувьд коронавирус, ноолуурын үнэ, цалин хөлс, амьдрал ахуй ярихаасаа илүүтэй бороо л ороосой гэдэг ганц үг хэлж байлаа. Дөрөвдүгээр сар хуурайшилт ихтэй, салхитай, хүйтэн байсан нь хөрсийг үржилгүй, чийггүй болгоход нөлөөлжээ. Хэрвээ тавдугаар сард мөн ийм байдалтай байвал үр тариа соёлж чадахгүй байх эрсдэлтэйг хэлж байлаа.
Гэрэл зургуудыг Б.АМАРТҮВШИН
Үргэлжлэл бий.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан илгээлт гаргалаа.
ИЛГЭЭЛТЭД:
“Эрхэм сэтгүүлчид ээ,
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,
Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.
Дэлхий дахинаа коронавирусний халдвар тархаж байгаа энэ цаг үед онцгой байдал, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс дутахгүй бэлэн байдалд ажиллаж, нийгмийн амгалан тайван байдлыг сахиулахад үнэн, бодит мэдээллээр үнэтэй хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлье.
Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш бөгөөд туйлын эмзэг энэ үед үнэн бөгөөд баталгаатай мэдээллийг хүргэхдээ ч гэсэн ухаан сийлж, үр дүнг нь урьдчилан тооцно гэдэгт итгэж байна.
Эрхэм сэтгүүлчид, салбарын удирдлагууд, судлаачид аа!
Би бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалсан. Мөн мэргэжлийн сэтгүүл зүйд суурилсан, сэтгүүлчдийн байгууллага, мэргэжлийн холбоод, зөвлөлийн тэнцвэрийг хадгалж, дотоодын механизмыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх арга хэлбэрийг дэмжсэн, уриалсан алхам байсан ч тодорхой ахиц гарахгүй байгаа нь сэтгүүлчдийг ажил мэргэжилтэй нь холбогдуулан шалгаж байгаа олон жишээгээр илрэх боллоо.
Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн эргэн тойронд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагийн хувьд хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, судлаачид нь хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах зэрэг хэд, хэдэн асуудлаар зөрүүтэй байр, суурьтай байгаа нь улстөрчдийн хүсэл зоригоос үл хамааран Та бүхний эрх чөлөөгөө баталгаажуулах явцыг зохих хэмжээнд удаашруулж байна.
Иргэд улстөрчдөөр дамжуулан засаглах эрхээ хэрэгжүүлдэг шиг мэдэх, үг хэлэх, хянах эрхээ сэтгүүлчдээр дамжуулан эдэлдэг билээ. Иймд би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн салбарын зохицуулалтын хэмжээнд харахгүй байгаа бөгөөд нэг сэтгүүлчид холбогдох хэргийг ч нийтийн асуудал хэмээн ажиглаж ирлээ.
Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болоод мэргэжлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учирч байгаа аливаа асуудлаар салбарын бүхий л төлөөллийг хүлээн авч уулзахад нээлттэй гэдгээ мэдэгдэж, та бүхний хүсэл зоригийн үндсэнд салбараа төлөөлөх бүрэн чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдмэл үзэл санааг тууштай дэмжин, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уламжилж байна.
Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье” гэжээ.
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээлэл хийлээ. одоогийн байдлаар нийт тусгай үүргийн найман нислэгээр 1800 гаруй, хилийн боомтоор 2400 гаруй, төмөр замын боомтоор 4300 гаруй иргэнийг татан авчээ. Маргаашнаас эхлэх тусгай үүргийн гурван нислэгээр 790 гаруй иргэнийг татан авах бэлтгэлийг хангасан байна. Цаашдаа засгийн газар, Улсын онцгой комисс үе шаттайгаар иргэдээ татан авах юм байна. эх орондоо ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас иргэдээ татан авах ажиллагааг зогсоохгүй үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан хэллээ.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Хүннү эйр” компани иргэдийг татан авах боломжтой гэсэн. Ер нь тусгай үүргийн нислэгийг бусад авиа компаниар үйлдүүлэх боломжтой юу?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим авиа компаниас Улсын Онцгой комисст хандан гадаад улсаас иргэдийг татан авахад дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлт ирүүлсэн. одоогоор тусгай үүргийн нислэгийг гэрээт улс орнуудад “МИАТ” ТӨХК л үйлдэж байгаа. Бусад компанид нислэг үйлдэх боломж байхгүйг өчигдөр (уржигдар) УоК-ын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн. Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй явагдана. одоогоор 9900 гаруй иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ гаргаад байна.
-ОХУ-аас хичнээн оюутан татахаар тооцоолж байна вэ?
-ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 2000 оюутан байгаагаас 570 гаруй оюутан өргөдлөө өгөөд байна. Бид тусгаарлах байрны хүрэлцээ, эмч эмнэлгийн ажилтны нөөц боломж, халдварын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үе шаттайгаар зохион байгуулалтаа хийнэ. Мөн Туркээс 500 гаруй иргэн яаралтай ирэх хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж, шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Тусгаарлах байранд байгаа иргэд төлбөрөө төлөхгүй байгаа тухай өмнө нь нэлээд яригдсан. Тусгаарлагдаад гарсан иргэд төлбөрөө төлж гүйцээсэн үү?
-Хоёрдугаар сарын 1-нээс хойш 4300 гаруй иргэнээ татан авсан. Тэдний 2195 нь төлбөрөө төлснөөр 1.7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон. Харин 60 иргэн тусгаарлах байрны төлбөр 39.5 сая төгрөгийг төлөөгүй байна. БНХАУ-д ял эдэлж байсан төлбөрийн чадваргүй хүмүүс ч үүнд багтсан тул асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна.
ӨНӨӨДРИЙН ТРАНЗИТ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ДОЛООН УЛСААС 273 ЗОРЧИГЧ ИРНЭ
Улсын Онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчийг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийх гэж байна. Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч, тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэхээр байна.
Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь 0-2 насны хүүхэд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно. Үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг хамруулахаар болсон. Оюутны байргүй болсон болон бусад шалтгаантай оюутнуудыг авчирна. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээс боломжоороо аваач ээ гэсэн хүсэлт тавьсныг харгалзан үзэхээс аргагүй байна. Ингээд иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаад МИАТ компанид хүргүүлсэн. Гэсэн ч транзит нислэгийн хувьд асуудал гарсан. БНСУ-аас транзит нислэгээр ирж байгаа иргэдэд нэмэлт шаардлага тавьж транзит зорчигч 24 цагаас илүү хугацаагаар Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд байвал дараагийн улс руу нисгэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс транзит нислэгийн хувьд онгоц наашаа хөөрөх хүртэл нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох магадлалтай” хэмээн тайлбарлалаа.
ТУСГАЙ ИРЭХ ИРГЭДИЙГ СОНГОХДОО ЭМЯ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ БАЙГАА ГЭВ
Тусгай нислэгээр ирэх иргэдийг сонгоход маш төвөгтэй байгаа аж. Тухайлбал, АНУ, Европын орнуудад байгаа иргэдээс 3000 гаруй хүн нутаг буцах хүсэлт гаргасны 1074 нь УОК-оос тавьж байгаа таван шаардлагыг хангажээ. Тэднээс дахин 273 хүнийг сонгож авсан байна. УОК-т ирж байгаа өргөдлийн дийлэнхийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд зонхилж байгаа аж. Иймд иргэдийн өгсөн мэдээлэл үнэн эсэхийг нягтлахын тулд ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авчрах уу эсвэл хоёр сартай жирэмсэнг нь авчрах уу, хавдрын сүүлийн шатанд орсон хүнээ авах уу, эхний шатандаа байгааг сонгох уу гээд маш хэцүү сонголтуудыг бид хийж байна” гэлээ.
ФРАНКФУРТ-УЛААНБААТАР НИСЛЭГЭЭР ИРЭХИРГЭД МИАТ-ЭЭР АНХ УДАА ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА БОЛ ТАСАЛБАРЫН ҮНЭ 725 ЕВРО
Тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Европоос иргэдээ татахаар болсон. Үүнтэй холбоотой мэдээллийг “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр өглөө. Тэрээр “Франкфурт чиглэлийн нислэг нь зургадугаар сарын сүүлээр нээгддэг чиглэл. Гэхдээ Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу нислэг үйлдэхээр болоод байна. Энэ нь Берлиний чиглэлийг Франкфурт руу шилжүүлсэн гэсэн үг. Уг нислэгээр ирэх хүмүүсийн 50 гаруй хувь нь манай үйлчлүүлэгчид буюу Берлиний чиглэлд тасалбартай байсан хүмүүс. Зарим нь зуны нислэгийн тасалбарыг урьдчилан авсан байсан тул хугацаагаа наашлуулсан. Харин 30-40 хувь нь “МИАТ”-ийн үндсэн зорчигч байгаагүй, шинээр тасалбар авч байгаа хүмүүс. Тэдний тасалбар нь 700 гаруй евро. Энэ бол 2015 онд батлагдаж, таван жил мөрдөгдөж байгаа тариф юм. Энгийн ангиллын тариф нь арваад төрөлтэй. Үнэ нь 400-905 еврогийн хооронд хэлбэлзэж байна. Тэгэхээр 725 евро нь бага зэрэг үнэтэй байгаа. Учир нь энэ хүмүүс “МИАТ” ТӨХК-аар зорчигч бишээс гадна эрэлттэй холбоотой юм. Мөн тусгай үүргийн нислэг нь зөвхөн нэг талдаа зорчигчтой байгаа тул үнийг 2015 оны тарифаар үйлдэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн тайлбарыг хийв. Мөн тусгай үүргийн нислэгийг далимдуулж иргэд МИАТ-ийн суудал байна, тасалбар зарна гэсэн хуурамч зар их байгааг анхааруулав.
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг хүлээн авч дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг 11 байгууллагад олгохоор болсон.
Эдгээр байгууллагуудад “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрх”-ийн гэрчилгээг гардууллаа.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр өнөөдөр 261 иргэн эх орондоо ирснийг тусгаарлаад байгаа. Дээрх иргэд ихэвчлэн халдварын голомтот бүс нутгаас ирсэн тул онцгой анхаарал хандуулна гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 288 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд бүгд “сөрөг” буюу халдваргүй гарчээ. ХӨСҮТ-д тусгаарласан 28, тусгаарлах байрны 155 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Мөн нийслэлийн бүх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэдээс авсан 33 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 ачаа тээврийн жолоочоос авсан шинжилгээгээр вирус илрээгүй аж.
.