Month: May 2020
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэж байсан газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэхүү харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан эндэж осолдон амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хандаж, гүн эмгэнэл илэрхийллээ.
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч байна.
Тодруулбал, Нийслэл хотоос зүүн тийш гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг замын хөдөлгөөнд хурдаа зөв тохируулан оролцож чадаагүй болон гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийснээс гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Иймд дүүргийн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд 24 цагаар эргүүл хийж нийт 6 ширхэг хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжийг байрлуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхнийг “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, хамгаалах бүсийг хэрэглэн” замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна.
Startupblink дэлхийн стартап /гарааны компани/ экосистемийн атлас, судалгааны төвөөс гурав дахь жилдээ гаргаж буй Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол тэр дундаа Улаанбаатар хотыг онцолжээ.
Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг бол тус тайланд дэлхийн топ 100 улс, топ 1000 хотын стартап экосистемийн гол үзүүлэлтүүд болох стартап компаниуд болон тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар, бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлдэг байна. Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж, 93 дугаар байранд, Улаанбаатар хот топ 1000 хотод багтаж 690 дүгээр байранд амжилттайгаар жагссан байна.
Израиль улсын Startup data компаний Startup blink платформ нь олон улсын хэдэн арван мянган стартап компаниуд бүртгэлтэй стартап экосистемийн атлас, судалгааны төв бөгөөд жил бүр боловсруулан гаргадаг дэлхийн стартап экосистемийн тайланг олон арван мянган хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид шийдвэр гаргахдаа ашиглаж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон нийтэлдэг байна.
Дээрх тайланд “Улаанбаатар хот бол Монгол улсын мэдээлэл технологийн салбарын гол цөм бөгөөд Улаанбаатар хотын стартап экосистем сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтайгаар хөгжиж технологийн салбарын олон чадварлаг стартап компаниуд урган гарч улсын эдийн засгийг шинэ чиглэл рүү чиглүүлэн залж байгааг хархад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот Азийн инновацын хаб болох ирээдүй харагдаж байна” гэдгийг онцолсон байна.
Залуусын хот болох Улаанбаатар хотын захиргаа нь инновац, стартап бизнес эрхлэгч залуусыг дэмжих зорилгоор 2018 онд дэргэдээ Улаанбаатар Инновацын төвийг байгуулсан бөгөөд тун удахгүй тус төвийн салбарууд Яармаг, Баянхошуу, Сэлбэд нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланг доорх холбоосоор орж татаж авна уу. https://report.startupblink.com/
Архангай аймгийн Тариат сумын залуус санаа, сэтгэл нэгдэн “Хан залаа” ТББ-ыг байгуулан нутаг нэгт сумынхаа Улаанбаатар хотод амьдарч байгаа болон, орон нутагтаа суугаа иргэдээ хамруулан соёл, урлаг, спорт, нийгэм, байгаль орчин, ШУ-ны олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулахаар 2018 онд байгуулагдсан. Энэ хугацаанд нутгийн бүх насны олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж ирсэн. Бидний төлөвлөсөн ажлуудын нэг сум орон нутагруугаа чиглэсэн “Хоргын ногоон гудамж” төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд аян өрнүүлж, ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, анги хамт олон, төгсөлтийнхөн, хувь хүмүүс хандив өргөн 10 орчим сая төгрөг цугларчээ. Тариат сумын ЗДТГ-тайгаа хамтран ажиллаж бүх албан байгууллагууд нүх ухах, тарихад оролцуулан, ургалтыг хариуцан услах хүн зэргийг томилон усалгааны материал, цалин зэргийг шийдэн ажиллажээ.Нийт 1500 орчим модыг сумынхаа төв зам дагуу 667 м урт төмөр хайсанд 170 улиас, сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, голт бор, монос, тэхийн шээг, өрөл зэргийг тариад, цаашид сумын төвөө ногоон болгох зорилгоор хэд хэдэн албан байгууллага хувь хүмүүст зөвлөгөө өгөн жишиг болгох үүднээс модны суулгац өгсөн байна. Аль бүрийг мод тарьж ногоон ирээдүйн төлөө нэгдэхийг уриалжээ. Нутгийн уугуул, Нийслэл хотын ногоон байгууламжийн зөвлөх, ОУ-ын Улаанбаатар Их сургуулийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Жавзан ирж мод тарьж ургуулах, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгч ажиллажээ.Арга хэмжээг дэмжин Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар нэгдэл”-ийн хамт олны төлөөл болонТариат сумын засаг дарга Г.Алтан-Очир, “Хан залаа”ТББ-ын тэргүүн П.Жаргалсайхан нар оролцсон байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас /ШӨХТГ/ УИХ-ын ээлжит сонгуулийн явцад хяналт тавих талаар өнөөдөр /2020.05.28/ мэдээлэл хийлээ.
ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл “ШӨХТГ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.5, 46.13 , 48.1.7, 48.7 дахь хэсгүүдэд заасан дөрвөн заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Үүнд сонгуулийн сурталчилгаа буюу хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой зохицуулалт хамаарна.
Тухайлбал, сонгуулийн тухай хуульд радио телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын талаар мэдээллийг хүргэхдээ бодит тэнцвэртэй нэг талыг барихгүй хараат бус байх зарчмыг баримтална гэж заасан. Энэ нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойших хугацаанд хамаарна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллийнхээ дундуур сонгуулийн үйл явцын талаарх мэдээллийг хүргэхдээ дээрх зарчмыг баримталж ажиллах шаардлагатай.
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн шинж чанартай чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх.
- Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан гаргах, эсхүл огт гаргахгүй байх талаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
- Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш арав хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ. Үүнтэй холбогдох журам мөн гарсан. Тус журамд зааснаар тайлангаа олон нийтэд мэдээлээд, тэр даруйдаа ШӨХТГ-т тухайн тайлангаа нотлох баримтын шаардлага хангуулж хүргүүлнэ гэж заасан.
Сонгуулийн жил эхэлснээс хойш багагүй зөрчил гарсан. Тухайлбал, дөрвөн телевиз, нэг сайттай холбоотой зөрчил гарсан. ТВ-4, ТМ, ТВ-10, Боловсрол суваг телевизтэй холбоотой зөрчил гарсан бөгөөд эдгээр телевизүүд ихэвчлэн улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж хууль зөрчсөн. Үүнээс гадна цахим орон зайд зөрчил маш ихээр гарч байна. ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга явуулж, зөрчил гаргасан 43 хаягийн хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.
Цахим орчинд маш олон гишүүнтэй группууд байдгийн нэг нь “Иргэдийн дуу хоолой” гэсэн групп. Тус группт хувь хүмүүсээс хууль зөрчсөн зүйлүүдийг маш их оруулдаг учраас тус группийн админыг ШӨХТГ ирүүлж, хууль зөрчсөн үйл ажиллагааг нь анхааруулж, зөвхөн админы зөвшөөрөлтэй зүйлийг нийтэлж, хууль зөрчсөн мэдээллийг нийтлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг сануулсан. Дээр дурдсан дөрвөн заалтуудаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улстөрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалтыг зохион байгуулахгүй байх заалт хамгийн ихээр зөрчигдөж байна.
Тус хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага нь хандалтыг сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэл хязгаарлах заалттай. Хоёрдугаарт, хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох шийтгэлтэй.
Гаргасан зөрчлийн тухайд:
- ТВ 4 телевизийн “Таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон “TV 4 Mongolia” фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр УИХ-ын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрсөн тул Улсын байцаагчийн албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
- Olloo.mn сайтаар “Бие даагч ба айсуй сонгуулийн зураглал ах намуудыг сандаргаж байна” гэх нэртэй нийтлэлд “Хэнтий аймгийн сонгогчид хэнийг сонгох вэ” гэсэн хэсэгт улс төрийн чансаа тогтоосон судалгаа шалгаруулалт бүхий агуулгатай нийтлэлд уншигчдын сэтгэгдэл авч, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч зөрчлийг арилгуулсан.
- “ТМ” телевиз “Улс төрийн намуудын амлалт ба биелэлт…” гэх гарчигтай сонгогчдын саналыг 1900-1945 тусгай дугаараар болон телевизийн фейсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь хууль зөрчсөн тул Улсын байцаагчийн шаардлага өгч, зөрчлийг арилгуулсан.
- Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нь намын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг фейсбүүк хуудаснаа 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр шууд бичлэг хий, тус бичлэгээ ТВ 10 телевизээр шууд дамжуулалт хийлгэсэн нь хууль бус байсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн.
- “Боловсрол суваг” телевизийн “70/76” гэх нэвтрүүлэг нь холбогдох хүмүүсийн боловсрол чадварын талаар сурталчилсан, сонгуулийн талаарх үзэл санааг илэрхийлсэн сонгуулийн сурталчилгааны шинж агуулсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн.
Өчигдөр /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм. Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.
Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.
Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэж байжээ.
Жил бүрийн 5 дугаар сарын 29-ний өдөр НҮБ-аас “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монголын Улсын энхийг сахиулагчид 2003 оноос хойш хувь нэмэр оруулаад байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-д цэрэг хандивлагч орны хувьд энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн. Дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт манай улс идэвхтэй оролцож 2002 оноос давхардсан тоогоор 17000 орчим “цэнхэр дуулгатан”-ыг энхийг дэмжих ажиллагаанд илгээн үүрэг гүйцэтгүүлээд байгаа юм.
Анх 1948 онд Араб Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдаас бүрдсэн НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлсэн түүхтэй. “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийн зорилго нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэдэг.
Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140-р тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар:
-Дөрвөн хүүхэд эндсэн газрын дэргэдүүр 7,2 км дугуйн зам барьж байгаа. Тус замын ажлын явцыг хянахаар Хотын дарга энэ сарын 10-нд очиж ажилласан. Энэ үеэр ухаж сэндийчсэн, дугуйн зам тавих хэсэгт шороон овоо үүсгэсэн байсан учраас тус газрын үйл ажиллагааг хянаж шалгах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон. Энэ сарын 13-нд ажлын хэсэг байгуулагдаж шалгасан. Ажлын хэсэг тус газрын талаар танилцуулах үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд байрлах “Ханталст” ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг нь зогсоох, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ярьсан. Хэдий тийм ч эмгэнэлтэй хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлье. Хариуцлагаас хэн нэгэн албан тушаалтан мултрах ёсгүй. Хэн хариуцлага алдсаныг шүүх цагдаа болон Нийслэлийн Засаг даргын зүгээс олж хариуцлага тооцно.
НОБГ-ын Дэд дарга Э.Эрдэнэбаатар:
-Он гарсаар нийслэлийн хэмжээнд ой хээрийн түймрийн зургаан удаагийн дуудлагаар ажилласан байна. Мөн өнжмөл өвс шатсан 232 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж ажилласан. Энэ хугацаанд 117 өнжмөл өвсний гарсан түймрийг гал унтраах ангиуд унтраасан байгаа. Мөн үлдэгдэл 115 өнжмөл өвсний түймрийг хөдөлгөөнт эргүүлүүд хяналт шалгалтын явцад унтраасан байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны өнжмөл өвснөөс урьдчилан сэргийлэх тухай А487 захирамжийн хүрээнд эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Хяналт шалгалтыг нийслэлийн ногоон бүсийн амуудад зохион байгуулж ажиллаж байгаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 17 удаагийн өнжмөл өвс шатсан зөрчил илэрсэн байна. Тухайн өнжмөл өвс шатсан зөрчлийг газар дээр нь хөдөлгөөнт эргүүл болон гал унтраах ангиуд ажиллаж унтраасан. Аялал зугаалгаар явж байгаа 2910 хүнд болон 1820 тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг зохион байгуулж 292 иргэнийг 3 сая 85 мянган төгрөгөөр торгож шийтгэлийн арга хэмжээ авч ажиллаа. Мөн энэ хугацаанд нийслэлийн тээврийн цагдаагийн албанаас дөрвөн суурин, долоон газар хөдөлгөөнт эргүүл шалгалтын зохион байгуулж ажиллаа. Зөрчилтэй 21 үйлдлийг таслан зогсоож иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллаа. Өмнө оны мөн үетэй харьцуулбал нийслэл хотын хэмжээд 51,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зургаадугаар сарын 10 хүртэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг хориглосон байгаа.
Өчигдөр “Хан Талст ХХК”-ийн эзэмшлийн байршлын тогтсон усанд 10-15 насны 4 хүүхэд усанд осолдсоныг уснаас гарган авч Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа:
-Өчигдөр болсон үйл явдалтай холбогдуулаад газрын даргын нийслэлийн нутаг дэвсгэрийн хариуцаж ажиллаж байгаа 32 байгаль хамгаалагч, 33 морин эргүүл, урамшуулалт эргүүлийг зуслангийн орчмын газар нутаг дээр иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байршил тогтоол ус зэрэг газруудад хяналт шалгалт хийх чиглэл үүргийг өнөө өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гарсан ой хээрийн түймрүүд дээр хохирол тооцох, ажлын хэсгийн хуралдаанууд дүүрэг болгон дээр зохион байгуулагдлаа. Бүх дүүргүүдэд дүүргийн Засаг даргын захирамжаар ой хээрийн түймрийн хохирол тооцох ажлын хэсэг гарсан. Чингэлтэй дүүргийн Майхан толгой дээр гарсан түймрээс үүдсэн хохирол 11 сая төгрөгөөр гарсан байгаа. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр гурван байршилд хохирол нь 53 сая төгрөгөөр тооцогдож байна.
Он гарснаас хойш байгаль хамгаалагчид ойн тухай хууль зөрчсөн 34 тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч 13 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн зөвшөөрөлгүй худаг өрөмдөж байсан 3 тохиолдлыг илрүүлж 4 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар “Чингис хаан” хаадын музейн барилгын ажлын явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг шалгаж, хяналтын ажилчдаас мэдээлэл сонсч, зарим үүрэг даалгаврыг өгөв.
Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музй байгуулахаар 2019 оны 07 дугаар сард шийдвэрлэж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлүүлсэн. Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхарын цутгалтыг эхлүүлжээ. Угсралтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна. Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажиллаж байна гэв. Төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны 12 дугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэлсэн. БХЯ, Барилгын хөгжлийн төв, МХЕГ-аас томилогдсон инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг чанар стандартын хяналтыг байнга тавьж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд “Билгүүн Монгол констракшн” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей Монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Музей, дуурь, драм, номын сангийн барилгуудаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц арга хэмжээ авч байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож, их хааныхаа нэрээр нэрийдэж, Улс Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.