Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-05-04-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталснаар Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник, хэрэгслийн хангалтыг стандартын түвшинд хүргэх, агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ач холбогдолтой юм.

Францын төрийн Сангийн зээлийн хэмжээ 57,985,000 евро бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0,08 хувь байна. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Олон улсын валютын Сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 60.3 хувь байгаа бөгөөд Өрийн удирдлагын тухай хуулиар “нэн хөнгөлөлттэй” зээлийн ангилалд хамаарч байна.

Төслийн хүрээнд 2 үндсэн төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:

1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон зориулалт бүхий (нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах) 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ.

2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байна. Шинээр өөр хууль боловсруулах, бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлага үүсээгүй болно.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Салхитын мөнгө, алтны ордын одоогийн нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.05.03/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сард тус ордыг төрийн мэдэлд авч, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн билээ. Тус орд нийт 2887,85 га талбайг хамардаг бөгөөд ил уурхайн Хүдэр баяжуулах үйлдвэрийг бүрэн ажиллуулж эхэлснээр анхны баяжмалаа гарган авчээ. Тус үйлдвэр нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор нэг кг мөнгө, гурван гр алт, нэг кг гаруй зэс, цайр агуулагддаг. Баяжуулах үйлдвэр нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг байна.

Усан хангамжийг уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн 3 усан санг байгуулжээ. Баяжуулах үйлдвэр хуурай хаягдал гаргадаг. Байгаль орчинд ээлтэй технологид суурилан, хэрэглэсэн усны 85 хувийг дахин ашигладаг байна. Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайхан, “Одоогоор манай ордод 220 орчим хүн ажиллаж байна. Цаашид ажлын байрыг 350 хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс сургалт явуулж байна. Ажилчдын дундаж цалин 2 сая орчим төгрөг байдаг. Ажил үүргийн холбоотой 40 гаруй компанитай хамтран ажиллаж байгаагаас 15 орчим нь туслан гүйцэтгэх ажлыг тогтмол хийдэг. Нийтдээ 1000 гаруй өрхийн амьжиргааг сайжруулахад нөлөөлж байна гэсэн судалгаа гарч байгаа” хэмээн танилцуулав. Өнгөрөгч оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс силвер ресурс” ХХК Монголбанктай Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаасан. Таван жилийн хугацаатай энэхүү гэрээний хүрээнд, “Эрдэнэс силвер ресурс” компани Монголбанкинд 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө болох үнэт металлын агууламж бүхий гулдмайг нийлүүлж, гэрээнд тусгасны дагуу төлбөр авахаар тусгасан билээ.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Ордыг анх төрийн мэдэлд авахад балгас шиг байсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүллээ. Үйлдвэрийнхээ анхны баяжмалыг гаргаад авчихсан. Монгол Улсын нийт иргэд, үр хүүхдүүддээ ирээдүйн баялаг болгон үлдээх ажил эхэлсэн. Энэ ажлыг хийхэд дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд, нийт инженер техникийн ажилтнууддаа талархал илэрхийлмээр байна. Энэ бол хамтын хүч. Баялгийн сангийн эхлэл Салхит ордоор эхэлж байна гэж ойлгож болно.

Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай байгаа. Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөцтогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ” гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ ордыг төрийн мэдэлд шилжүүлэхэд их удсан. Жил гаруйн хугацаанд газар дээр нь ирж ажиллагаа явуулсны дүнд иргэдийн хяналт дор төрийн мэдэлд шилжүүлсэн. Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн баялаг ашиглалтын анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмыг баримталж 228 орчим мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 770 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Хямралын үед эрчимтэй ажиллаж, үр ашиг бүтээж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлын тод жишээ болж байна.

Төсвөөс ямар ч санхүүжилт авалгүй, банкны зээлийн барьцаанд тавилгүйгээр зөвхөн өөрийн нөөц боломжоор нь ордын үйл ажиллагааг явуулж, бүтээн байгуулалт, баялгаа үйлдвэрлэж байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлнэ. Олон залуучууд ажлын байртай болж байна. Ингэж ард түмэн, улс орондоо өгөөжтэй сайн жишиг тогтоосноор цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орд газруудаа зөв менежменттэй ашиглахболомж байгааг харууллаа.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан “Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэнтэй нийцэж байгаа юм” гээд богино хугацаанд үр дүнтэй, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ. Энэ үеэр үйлдвэрийн хамт олон монгол инженерүүдийн өөрсдийн технологид суурилан гаргаж авсан мөнгөний баяжмалын дээжийг УИХ-ын дарга Г.Занданшатарт, хоёр дахийг тус ордын анхны эзэмшигч Ш.Мөнгөншагайд гардуулан өгөв. Ш.Мөнгөншагай, “Гурван жил гацсан ажил эхэлж байгааг харах сайхан байна. Монгол Улсад маань баялаг ихтэй, олон сайхан уурхай, орд байна. Шууд үр шимийг нь ингэж хүртсэн уурхай хэд байгаа билээ. Энэ орд анхных нь болж байна. Цаашид жишиг болоод явбал ард түмэнд хэрэгтэй. Энэ их хямралын үед өндөр настнууд өр зээлтэй байсан бол маш хүнд байх байсан. УИХ-ын дарга Г.Занданшатар болон төр засаг, миний бие ч гэсэн энэ ажлыг дэмжиж, гар бие оролцсондоо баяртай байна” хэмээн талархал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Отгонсүх: Засварын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд замчид 24 цагаар ажиллаж байна

Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Гурвалжингийн гүүрний нэг урсгалын зам засварын ажил хийгдсэн бол үргэлжлүүлэн Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг газар дээрээс нь мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газраас хийж гүйцэтгэж байна. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйгээр ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллыг сахиж, аюулгүй байдлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх эгнээний засвар шинэчлэлтийн ажил энэ сарын 13-нд дуусна. Тасганы овооны зам нь 1989 онд баригдсанаас хойш томоохон хэмжээний засварын ажил хийгдээгүй 30 жил болсон. Яг одоо цементээр бэхжүүлсэн суурийг хийж байна. Нийслэлийн замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс саналууд их ирсэн. Тухайлбал, хотын зах руу хатуу хучилттай зам тавих шаардлагатай гэх санал их ирсэн учраас 2020 оны бүтээн байгуулалтын зам засвар, шинэчлэлтийн ажлуудаа ихэнхийг нь захын хороод, дүүргүүд рүү хийхээр төлөвлөсөн. Мөн явган хүний зам, ногоон байгууламж, ус зайлуулах шугам зэрэг замтай холбоотой бусад дэд бүтцийн ажлуудыг цогцоор нь хийгдэнэ” гэв. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү “Өнөөдөр замын суурины боловсруулалтын ажлыг хийж байна. Сууриа тэгшилж, нягтруулаад дараагийн ажилд орно. Төлөвлөгөө, графикийн дагуу тавдугаар сарын 13-нд энэ хэсгийн замыг нээж урд урсгалаа хойд эгнээ рүү шилжүүлнэ. Шулуун хэсгээ дуусгасны дараа явган хүний замын ажил руу орно” гэв.

Categories
мэдээ нийгэм

С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хааж байна

С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар сонгогдлоо

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баар, рестораны үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хотын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн сард бид фитнес клуб, амралтын газруудыг үе шаттай нээх, нээхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байх шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр болсон. Фитнес, амралтын газрууд зөвлөмжөө дагууд явж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар урин дулаан болсон үед хотод нягтаршил үүсгэхгүй байх үүднээс хот тойрсон амралтын газруудыг нээсэн.

Сургалтын төв, номын санг нээх талаар иргэдийн санал их ирж байгаа. Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас хот тэдгээрийг нээн ажиллуулах шийдвэр гаргах боломжгүй. УОК, холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.

Зоогийн газрууд 22:00 цаг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Үүн дээр нэмээд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих ёсны шаардлагыг хангахгүй байна. Уг нь бол нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд ААН-үүдэд боломж олгосон. Харамсалтай нь ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхээс эхлээд, төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдөхгүй байна. Энэ байгууллагууд хэзээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлаа хийж чаддаг болох, мөн өвчний нөхцөл байдлыг харгалзаж, тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй гэж үзлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Инфографик: Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулна

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

​О.ХАШ-ЭРДЭНЭ: Цар тахлын үеийн эрсдлийг эцэг эх, сурагч, сургууль хамтдаа үүрээд гарахаас аргагүй

Ерөнхий боловсролын “Нэст эдүкэйшн” ахлах сургуулийн гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Цар тахлаас болж сурагчид танхимаар хичээллэхгүй нэлээд хэдэн сар болчихлоо. Хувийн сургуулиуд төлбөрөө хөнгөлөхгүй байна гэсэн шүүмжлэл бий. Танай сургуулийг төлбөрийнхөө 30 хувийг ирэх хичээлийн шинэ жилд шилжүүлэх шийдвэр гарсан гэж сонслоо. Зардал багассантай холбоотойгоор ийм шийдвэр гаргав уу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-БСШУС-ын сайдын тушаалаар батлагдсан хөтөлбөрөөр энэ хичээлийн жил 33 долоо хоногтой.Нэг, хоёрдугаар улиралд 15 долоо хоног, гуравдугаар улиралд 1 долоо хоног, нийт 16 долоо хоног хичээллээд нэгдүгээр сараас хойш карантилсан. Зардал үйл ажиллагаа талаа бодвол сургуулиуд өнгөрсөн хугацаанд зогсоогүй, цахим сургалтаар хичээлээ үргэлжлүүлсэн. Тэр утгаараа урсгал зардал гардгаараа гараад явж байгаа. Гэхдээ цар тахлын үеийн эрсдлийг эцэг эх, сурагч, сургууль хамтдаа үүрээд гарахаас аргагүй. Өөрөөр хэлбэл аль нэг талдаа илүү ачаа үүрүүлэх нь ёс суртахууны хувьд буруу. Манай сургуулийн Удирдах зөвлөл ийм шалтгаанаар цогц арга хэмжээ баталлаа. Төгсөх ангийнхны хувьд төлбөрийн асуудал гол зүйл биш, хичээлээр авах ёстой агуулгаа бүрэн гүйцэд авах нь л чухал. Зуны хугацаанд цахимаар болон эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд сургалтын үйл ажиллагаа үргэлжилнэ. Шаардлагатай бол ирэх есдүгээр сараас хойш ч хичээлийг нь танхимаар үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна. Дэвших ангийнхны хувьд өнөө жилийн төлбөрийн 30 хувийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх шийдвэр гаргалаа.Манай сургуулиас эцэг, эхчүүдээ дэмжиж чадах хамгийн дээд хэмжээ гэсэн үг. Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхдүүдийн тухайд үнэ төлбөргүй онлайн сургалтуудыг 2020-2021 оны хичээлийн жилээс өмнө явуулж, агуулгын хоцрогдолгүйгээр ирэх хичээлийн жилийг эхлүүлнэ.гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд IТ-гийн хичээлүүдээ онлайн контент болгохоор шийдлээ. Багшийн туслах аппликэйшн бидэнтэй хамтрахаар болсон. Энэ ажлаа удахгүй эхлүүлнэ.

-Тэгэхээр танайх сурагчдадаа заадаг хичээлээ цахим орчинд үнэ төлбөргүй байршуулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Гэгээрлийн салбарт ажилладаг учраас нийгэмд юу өгөх вэ гэж бодож ярилцсаны эцэст гаргасан шийдвэр байгаа юм. Ирэх хичээлийн жилд нэлээд хэдэн контент гаргачих байх. Манай сургууль түмэн инженер бэлдэнэ гэсэн малгай уриатай ажилладаг. Өөрсдөө түмэн хүүхэд сургана гэсэн үг биш л дээ. Арван мянган IT инженертэй Монгол болох нь бидний зорилго.

-Сургалтын төлбөрийнхөө 30 хувийг дараа жилд нь шилжүүлэх хөнгөлөлт үзүүлсэн анхны сургууль нь танайх болж байх шиг байна. Ер нь төлбөрөө хөнгөлсөн өөр сургуулиуд бий болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Одоогоор сонсогдсон мэдээ лав алга. Манай сургуулийн хувьд бусад хувийн сургуулиудаа “Цар тахлаас үүдсэн хямралыг хамтдаа давж гаръя. Эрсдлээ хуваацгаая” гэж уриалмаар байна.

-Тахлаас болж танхимаар хичээллэхээ больсноос хойш танай сургуулийн зардал багассан уу?

-Зардлын хувьд сургуулиудынхаа онцлогоос хамаараад янз бүр байгаа болов уу. Ер нь гол цөм хоёр зардал байдаг юм. Нэг нь багш нарын цалин. Нөгөө нь сургуулийн байртай хамаатай зардал. Өөрийн өмчийн байртай сургууль байлаа гэхэд зээлийн санхүүжилтээр барьсан байж таарна. Өөрөөр хэлбэл ийм сургуулиудад зээлийн төлбөр гэсэн том асуудал бий. Сая онцолсон хоёр төрлийн зардал өнгөрсөн хугацаанд буураагүй. Цахилгааны зардалд бага зэрэг өөрчлөлт гарсан байх. Гэхдээ цахилгааны төлбөр сургуулийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр зардал биш.

-Танай сургууль 21 аймаг, нийслэлийг хамарсан олимпиадын урьдчилан шалгаруулалтыг хийсэн. Финалын шатыг хэзээ зохион байгуулах вэ. Шалгарсан хүүхдүүд ямар хэлбэрээр өрсөлдөх бол?

-Олимпиад зохион байгуулж эхэлсэн маань хэд хэдэн шалтгаантай л даа. Ирж буй цахим ертөнцөд ирээдүй хойч үеэ уриалан дуудах нь энэ арга хэмжээний гол зорилго. Манайх наяад оны залуусын байгуулсан сургууль. Бид гадагшаа явъя гэж зорьж, харж явсан үеийнхэн. Гадагшаа явж сурч, ажиллах л сайхан гэсэн хүсэл тэмүүлэлтэй амьдарцгаасан. Олон ч хүн явсан. Гэхдээ эцэст нь Монголдоо байж Монголоо хөгжүүлнэ гэдгийг ухаарсан. Бид ийм зорилгоор сургуулиа байгуулсан юм. Монголд зарим нэг зүйл дэлхийн чиг хандлагаас өөр чиглэлд яваад байдаг зовлон бий. Наад захын тод жишээ нь IT-ийн боловсрол. Дэлхий нийтээрээ IT рүү явж байна. Ямар ч салбарын хүнIT-ийн суурь мэдлэгтэй байхаас аргагүй цаг үе ирж байгаа. Өөрөөр хэлбэл IT бол дараагийн англи хэл. Англи хэлгүй бол ертөнцөөс тасарна гэж ярьдаг байсан бол удахгүйIT буюу программчлалын хэлгүй бол нийгмээс таслагдахаар цаг үед бид амьдарч эхэлсэн. Гэтэл манайд IT-гийн чигээр их сургуульд элсэгчдийн тоо жил ирэх бүр буурсаар ирсэн тоо бий. Энэ жил анх удаа өөр тоо гарч байна. Эцэг, эх, сурагчдад “Нийгэм хаашаа яваад байгаа билээ” гэсэн эргэцүүлэл, цочроо өгсөн байх гэж найдаж байна. Олимпиадын маань эхний шат нь гурван хэсэгтэй. Эхний шатныэхний шалгаруулалтад 570 хүүхэд оролцсон. Хоёр дахь шалгаруулалтад 700, гурав дахь шалгаруулалтад 750 хүүхэд 21 аймаг, нийслэлээс оролцсон юм. IT-гийн олимпиадын хувьдэнэ бол маш том тоо. Гэхдээ нийт хүүхэддээ бодоход чамлахаар тоо. Цаашид энэ тоог өсгөхөөр зорьж байна.

-IТ-гийн олимпиадаа жил бүр зохион байгуулах нь ээ?

-Тэгнэ. Одоогийн байдлаар 6-12-дугаар ангийн шилдэг 90 хүүхдийг шалгаруулчихсан. Энэ хүүхдүүд маань 30 багт хуваагдаж финалын шатанд өрсөлдөнө. Уг нь тавдугаар сард гэж товлосон байсан юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан болохоор хойшлохоор болж байна. Цахимаар биш, компьютер дээр ажиллах шаардлагатай болохоор өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан үед хугацааг нь товлохоос аргагүй.

-Хугацаа нь тодорхойгүй болчихсон гэсэн үг үү?

-Тэгж таарч байна. Гэхдээ олимпиадтай холбоотой үйл ажиллагаануудзогсохгүй. Зуны турш үргэлжилнэ.

-Танай сургууль зургадугаар ангидаа 18 хүүхдийг бүрэн тэтгэлэгээр сургахаар болсон гэв үү. Ахлах сургууль зургадугаар ангийн элсэлт авах болсон шалтгаан сонирхол татаж байна л даа…?

-Манай сургууль ахлах ангийн гурван жилийн хөтөлбөртэй. Маш сайн хөтөлбөр. Гэхдээбусад улстай харьцуулахад оройтоод байна.IТ-ийн хичээл хоёрдугаар ангиас ордог улс хүртэл байна шүү дээ. Бусад улсад уншиж сургаад л IT-ийн ойлголтыг өгч байхад манайх зургадугаар ангиас л хэрэглээний программ талаас зааж эхэлдэг.Эцэг, эхчүүд IT-г компьютер, принтер холбодог хүн гэж ойлгодог. Энэ ойлголтыг өөрчлөх хэрэгтэй. IT бол огт өөр зүйл. IТ-гийн сургуулиуд “Майкрософт”-ын программыг хэрэглэдэг хүнийг биш, тухайн программыг бичдэг хүмүүсийг бэлддэг гэж ойлгож болно. 10 мянган IT инженер бэлдэх уриалга маань яг нарийндаа 10 мянган бүтээгч бэлдье гэсэн утгатай. Хэрвээ тэгж чадвал манай ирээдүй үе гадагшаа явж ажиллах шаардлагагүй болно. Эсрэгээрээ бидний ажиллахыг хүсдэг том компаниудМонголд салбараа нээж эхэлнэ. Хүний нөөц нь бэлэн бол “Фэйсбүүк” Монголд салбараа нээх алсын мөрөөдөл биш. Зургадугаар ангийн шинэ хөтөлбөр гаргаж байгаагийн цаад шалтгаан нь энэ. Одоогоор бүртгэлээ явуулж байна. Шалгаруулалт маань хэдэн хэдэн үе шаттай үргэлжилнэ. Эхлээд цахимаар явагдана. Наймдугаар сард дүнгээ гаргана.. Хүүхдээ ирээдүйд бэлдэнэ гэж зорьж яваа бол сориод үзээрэй гэж эцэг, эхчүүдэдуриалмаар байна.

-Зургадугаар ангид тэтгэлэгтэй элсэх хүүхдүүдээс ямар шалгалт авах вэ?

-IQ, математикийн шалгалт авна. Сэтгэн бодох чадвар хүний бичгээр дамжиж гарч ирдэг учраас ороод ирснийх нь дараа бичгийн шалгалт авахаар төлөвлөсөн.

-Зургадугаар ангиасаа IТ үзсэн хүүхдүүд 12 дугаар анги төгсөхдөө хэр хэмжээний чадалтай, мэдлэгтэй болох вэ?

-Манай сургуулийг төгссөн хүүхдүүд IТ-гаар хаана ч ажиллах чадвар эзэмшинэ. Манай эцэг, эхчүүдэд хүүхдээ бие даалгах чадваргүй, бөөцийлдөг гэм бий. Их сургуулийнхаа төлбөрийг өөрөө төлөх чадвартай хүүхэд тун цөөхөн дөө. Өнөөдөр шинээр үүсч байгаа ажлын байрны 70 хувь нь IТ юм уу, IТ-тай холбоотой мэргэжил байна. Дундаж цалингийн хувьд ч программистууд хамгийн өндөр цалин авдаг. “Фэйсбүүк” зэрэг том компаниудын шинэ ажиллах хүчин шалгаруулж авдаг зардал нь нэг хүний 50 мянган ам.доллар, дундаж цалин 80 мянган ам.доллар байх жишээний.Өөрөөр хэлбэл IТ-гаар монгол компанид ажиллах хэмжээний чадвар эзэмшээд төгсөхөд л сурангаа ажиллаад төлбөрөө төлөөд явах бүрэн боломжтой. Дэлхийн хэмжээний компаниудад тавигдах шаардлагыг хангах нь бидний зорилго. Манай сурагчид ийм чадвар эзэмшээд төгсөнө.

-Танай сургууль ирэх есдүгээр сард хэд хэддүгээр ангид элсэлт авах вэ?

-6-11-р анги хүртэл элсэлт авна. 12-дугаар ангидэлсэлт авахгүй.

-Хүүхдүүдэд IТ гэхээр маш нарийн чадвар шаарддаг, хэрийн хүн төгс эзэмшиж чадахгүй зүйл гэсэн ойлголт нийтлэг байх шиг санагддаг. IТ-гаар сурах хэр хэцүү бол?

-Суурь ойлголтыг нь өгөөгүйгээс хүүхдүүд огт өөр ертөнцийн зүйл гэж хараад байдаг тал бий. Тэгж бодох хэрэггүй, үзсэн харсанзүйлээ сонсоод ойлгодог байхад л сурах зүйл. Монголчууд дасан зохицох чадвар өндөртэй хүмүүс. Нүүдэлчин ахуйгаас улбаатай дасан зохицох чадвар бүхий сэтгэхүйтэй. Программчлалд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь дасан зохицох чадвар. Хурдан хувьсч чадсан нь илүү хөгждөг онцлогтой салбар.

-Шалгалт, элсэлтийн талаарх мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

-Манай сургуулийн цахим хуудас nhs.edu.mn хандаж болно. 77994444, 77995555 гэсэн утсаар холбогдох боломжтой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​ШИНЭЧЛЭГЧ

-Улстөрийн эргэцүүлэл-

Шинэ санаа, дэвшилт зүйл аяндаа үүсч өрнөдөггүй,өмнөххөгжлийнбүхүйлявцаар нөхцөлдөж, түүгээр дамжин дэлгэрдэг жамтай. Харин тэрхүү үйл явцыг цагийг нь олж, зүй зохистой өдөх, ухаалаг залж дэмжихийг нэг ёсондоо шинэчлэгч хэмээн нэрийднэ. Улстөрийншинжлэх ухаанд бол шийдвэргаргахүйлажиллагаанд эрх тэгш, идэвхтэйоролцож, ажил үйлс, зан чанараараа бусдаас ялгаран манлайлахыг шинэчлэгч гэсэн утгаар илэрхийлж хэвшсэн. Шинэчлэгчийн энэхүү шинж төрхийг өөртөө агуулсан улс төрч бол УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан юм. Тэр сүүлийн гучаад жилийн турш өрнөсөн өөрчлөн байгуулалтын үр дүнд буй болсон ардчиллын гажуудлыг засч, зүй ёсны гольдрилд нь оруулахыг зорьсон МАН-ын шинэ үеийг төлөөлжээ. Зоригтой, хурц шийдэмгий энэулстөрч намын нэрээр сонгогдож томилогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын идэвхгүй, дүнсгэр байдлыг тэвчихгүй, тэднээс хариуцлага нэхэж гарч ирсэн.

Нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, гажуудсан ардчиллыг засч залруулах гэсэндээ журмын нөхдөө ч хатуу ширүүн шүүмжилж,гашуун үг унагаж яваа түүнийг зөгийнөөс хурц “хошуу”-тай, адаар ааштай эрхэм хэмээн нүднээс далд элдэвлэх нь энүүхэнд. Гэсэн ч энэ шазруун залуу шударга ёсны төлөө хэний ч гэм бурууг улаан нүүрэн дээр нь пал хийтэл хэлж,шар ус хуруулна. Уран гоё, цэцэн цэлмэг үг, хэллэг хэрэглэж олон түмний анхаарлыг татах гэж маяглахгүй, хэлэх гэснээ шууд гөвөх нь хаана хаанаа амар юм билээ. Монголчууд бидний зорьж тэмцсэн ардчилсан нийгмийн гажуудлыг засч, шударга ёсыг төлөвшүүлэхэдМАН-ын шинэ залуу үеийнхэн ийнхүү оройлон зүтгэж эхэлжээ.

  • Намын 1121 шүүлтүүрт бүдрээгүй залуу
  • Н.Багабандиас ялгарах Т.Аюурсайханы хэв шинж

Эрх баригч Монгол Ардын Нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, сөрөг хүчний байр сууринд шилжсэн хүнд бэрх цаг үед намын залуу гишүүн Т.Аюурсайхан Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хороог санаачлан байгуулж, олонхийг сөрсөн цөөнхийн үйл ажиллагааг идэвхжүүлж чадсан юм. Тэр үед УИХ-д олонхи болсон АН шинэ тутам байгуулагдсан МАХН-ын бүлэгтай хамтарч УИХ дахь МАН-ын 25 гишүүнд бүлэг байгуулах боломж ч өгөхгүй буланд хашиж, буйдан дээр нь балбаж байсан цаг. Ийм хүнд үед МАН-ын 27-р их хурал чуулж, УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан намын дарга Ө.Энхтүвшин хариуцлага хүлээж, оронд нь УИХ-ын гишүүн М.Энхболд сонгогдсон билээ. Гэхдээ тухайн үед намын даргын сонгуульд жирийн нэгэн залуу гишүүн Т.Аюурсайхан зориглон нэр дэвшиж өрсөлдөхөд намын 27-р их хурлын 1121 төлөөлөгч түүний хэлсэн үгийг чих тавин сонсч байсан нь тодхон санагдана. Тэрбээр “МАН дотроо ардчилалтай, ард түмэндээ ойрхон, гишүүддээ нээлттэй, шударга нам байхыг хүсч байна. Гэтэл өнөөдөр дарга нарын хүрээнд асуудлыг шийддэг, ард түмэндээ хаалттай нам болжээ. Тиймээс ёс зүйтэй, ил тод ардчиллыг намдаа хөгжүүл хэмээн Шинэчлэлийн хорооноос миний нэрийг МАН-ын даргад дэвшүүлснийг би хүлээн авч өрсөлдөхөөр шийдлээ” гэж мэдэгдсэн.

МАН-ын их хурлын төлөөлөгчид түүний энэ мэдэгдлийг анхааралтай сонсчсанал өгөхдөө Т.Аюурсайханыг намын даргын албан тушаалд биш, намын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүнээр сонгож баталсан юм. Энэ бол үнэн хэрэгтээ Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайханыг намын их хурлын 1121 төлөөлөгч хүлээн зөвшөөрч, удирдлагын түвшинд дэмжин гаргаж ирсэн хэрэг байв. Ийнхүү залуу улс төрч Т.Аюурсайхан МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны гишүүнд заалнаас нэмж нэр дэвшсэн 15 залуусын дотроос ганцаараа шигшигдэн сонгогдож, улс төрийн үйл ажиллагаа нь улам идэвхжсэн байна. Удалгүй тэрээр намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд даргаар дэвшин ажиллаж, нам дотор тунхаг төдий оршиж бүдгэрсэн хариуцлагын тогтолцоог амилуулж, зөвхөн даргыг хамгаалж ажилладаг хуучин арга барилыг халж өөрчлөхийн төлөө зоригтой тэмцэж эхэлсэн. Юуны өмнө, боловсон хүчний оновчгүй бодлогыг, зөвхөн өөрийн танил хүрээнээс шилж сонгох явдлыг хурц шүүмжилж, намын ажлын шат дамжлагаар өгсөж дэвшихтогтолцоог нэвтрүүлж хэвшихийг намын удирдлагад санал болгов. Намын нэрээр сонгогдож, томилогддог улс төрийн өндөр албан тушаалтныг мөрийн хөтөлбөрөөр нь ил тод сонгож, шалгаруулахыг шаардсан. Хуйвалдааны бүлэглэлүүдийг илчилж, улс төрийн бэртэгчин, шударга дүр исгэгчдийн багийг хуулж,намаа цэвэрлэхийг хүсчбайлаа.

Намын их, бага хурал, зөвлөлгөөн, хэлэлцүүлгийн индэр дээрээс хэлсэн Шинэчлэл, хөгжлийн хорооны залуусын гал цогтой үгс намын гишүүд, дэмжигчдийн урмыг тэтгэж, давалгаалах шинжтэй болсон юм. Намын гишүүдийгидэвхжүүлж, манлайлагч, чадварлаг гишүүдийг бэлтгэж төлөвшүүлэх, тэдний чанарын асуудлыг хөндөж тавив. Намд бөөндөж элсүүлдэг дутагдал хавтгайрч, намын бодлого, чиглэлийг дутуу ойлгох, улмаар намын нэр хүндийг сэвтүүлдэг нийтлэг дутагдлыг засч залруулах талаар ажил зохион байгуулж эхэлсэн нь дэмжигчдийн талархлыг хүлээж байлаа.

Гэтэл намын даргын нэр холбогдсон авлигын сүлжээ гэх “жаран тэрбум”-ын хэрэг босч, намын нэр төр, гишүүдийн алдар хүндийг шавартай хутгаж, мянга мянган жирийн гишүүдийн хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэн баллуурдаж, намын эрх ашигт илэрхий хохирол учруулж эхэлсэн билээ. Намын нэрээр сонгогдож томилогдсон төрийн өндөр албан тушаалд намын төлөө чөмгөө дундалсан эсэх нь мэдэгдэхгүй, шударга бус гишүүд очиж, энэ нь баялгийнхуваарилалтадхутгалдан оролцох байдлаар илэрч, олон түмний дургүйцэл, шүүмжллийг дагуулав. Авлигад өртсөн гишүүддээ хариуцлага тооцож, ёс зүйтэй нам болж төлөвшихийг зорьж, дахин тэмцэж эхэлсэн юм. МАН-ын XXVIII их хурлаар эдгээр асуудлыг цэгцэлж, шинэчлэлийг хэрэгжүүлэх намын даргаар У.Хүрэлсүхийг сонгож, нийгэмд шударга ёс тогтоох зорилт аажим боловч хэрэгжиж, хариуцлага сахилга сайжирч эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди олон улсын хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй залууг 2006 оноос өөрийн шадар туслахаар ажиллуулж, гурван жил хүрэн бор сур шиг болтол нь нухаж зөөллөөд их улс төрд бие даалган оруулжээ. Тэр цагаас хойш чамгүй хугацаа өнгөрч хашир, хүлээц тэвчээртэй, хийгүй Ерөнхийлөгч гэсэн тодотголтойгоор монгол төрийн түүхэнд бичигдсэн МАН-ын дарга асан Н.Багабандийн туслах Т.Аюурсайханы улс төрийн бие даасан үйл ажиллагаа өргөжин тэлж, нэг л мэдэхэд өнөөгийн улс төрийн амьдралдН.Багабандийн нэгэн өвөрмөц хувилбар болж төлөвшжээ. Гадна төрх байдлын хувьд Н.Багабандийн жирвийсэн хар сахал түүнд байхгүй ч шийдэмгий гүдэсхэн зан чанар өвлөгджээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди “Ардчилсан холбоо” эвслээс Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшсэн Да.Ганболдыг 7 удаа татгалзан буцааж байсан бол Т.Аюурсайхан УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцож, огцруулахын тулд нэр бүхий гишүүдийн хамт бүтэн сарын турш спикерийг зогсолтгүй сөрж, албан тушаалаас нь чөлөөлүүлсэн. Энэ үйл явцыг жишиж, харьцуулан шинжихэд хоёр улс төрчид хоёуланд нь зорьсон хэрэгтээ тууштай, шазруун, туйлбартай зан чанар, эхэлсэн ажлынхаа үр дүнг заавал гаргаж байж дуусгадаг зэрэг адил төстэй зоримог шинж байгааг олж харна.

Гэхдээ бас эрс тэс хоёр өөр шинжийг ч тэр хоёроос анзаарч ялгана. МАН-ын дарга асан Н.Багабанди аливаад илүү үг хэлж, дутуу хөдөлгөөн хийхгүй, үүсч болох эрсдэл, гарах үр дүнг тооцоолж, ам ажлын нэгдлийг хангаж ажиллахыг хичээдэг хийгүй улс төрч. Харин Т.Аюурсайхан нь залуу улс төрчийн хувьд шударга ёсны төлөө ямар ч эрсдэл гарахаас айж хулчийхгүй, шийдэмгий зоригтой дуугарч, хэнбугайг ч сөрж довтолж чадна. Улстөрийн наймаа, увайгүй шантааж хийгчдийг бүртэвчихгүй. “Ийм бузар булай юмыг улстөрөөс зайлуулах ёстой. Улстөрийн соёл, ёсзүйг эрхэмлэж хэвшье. Хэдий болтол нүүр нүүрээ харж бие биенээ хуурах юм.” гээд л түстаа босоод ирнэ. Нацагийн Багабандийг бодвол цөс ихтэй гэхүүдээ. Логик сэтгэлгээний хувьд хашир болгоомжтой бандиас задгай, чөлөөтэй сэтгэж, хурц өнцгөөс харна. Нэг нь түүхийн ухааны доктор, нөгөө нь эдийн засгийн ухааны доктор юм хойно, арга ч үгүйбиз.

Т.Аюурсайхан гишүүн Н.Багабандийг Оюутолгойн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, хариуцлага тооцохыг удаа дараа шаардаж байхыг харсан нэг эрхэм “ах захаа мэдэхгүй, энэ залууст даруулга хэрэгтэй” хэмээн зэмлэж байсан. Оюутолгойн гэрээг монголын ард түмэнд ашигтай болгохын төлөө тэр залуу хамгийн их тэмцэж, зүтгэж байгаа улстөрчдийн нэг юм. Хэзээ нэгэн цагт Н.Багабандийн туслахаар ажилласан нь үнэн. Тэглээ гээд хэлсэн ярьсныг нь мухар сохроор аялдан дагалдах бус, харин ч асуудалд хийгүй, нухацтай хандаж, учир шалтгааныг судалж шийдвэрлэдэг арга барил ньТ.Аюурсайханд өвөлөгдөн шингэжээ.

УИХ-ын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байхад “Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх нь шударга ёсонд нийцнэ” гэсэн санал гаргахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжиж, авилгач, луйварчид энэ удаагийн УИХ-д нэр дэвших эрхгүй болсон юм. Ёсзүйг эрхэмлэсэн энэ зөвшийдэл цагаа олж энэ хуульд суугаагүй бол буруу гарын этгээдүүд төрийн эрх барих дээд байгууллагад заларч, ард түмнийг доромжилж даажигнасан гутамшигт муухай явдал болох байлаа. Монгол Улсыг төлөөлж гадаад улс орнуудад суугаа элчин сайд, дипломат албаны ажилтнуудын улс дамнасан тамхины наймаа, хар тамхины гэмтүйлдлийг буруушааж, тэдний нэр усыг ил тод зарлаж, хариуцлага тооцохыг УИХ-ын танхим дотроос хатуу шаардсан. Энэчлэн байгаль, нийгмийн баялгийг эрхшээлдээ авахыг оролдсон төр, бизнесийн явцуу бүлэглэл, тендер, концесс зэрэгтэй хутгалдсан ашиг сонирхлын зөрчил бүхий эрхмүүдтэй улс, үндэстний том эрх ашгийн үүднээс ясаа цайтал үзэлцэж эхэлжээ.

УИХ дахь тэнгэрийн муухай арилна

УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентыгманан будантай зүйрлэн шүүмжилж байна. УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд 3 ч гишүүн бүрэн эрхээсээ татгалзав. Нэлээд тооны гишүүн ЖДҮ, концессийн асуудалд хутгалдаж, хэд хэдээрээ авилга, албан тушаалын хэргээр шалгагдаж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. УИХ дахь МАН-ын бүлэг өөр хоорондоо зөрчилдөж, 33:32-ын бүлэгт хуваагдаж эргэж эвлэхийг хичээж байхад АН-ын бүлэг задарч, эрх зүйн чадамжгүй болов. МАХН-ын төлөөлөл болж сонгогдсон ганц гишүүн нь өөр нам руу хөрвөж, энэ парламентын өнгө хаврын тэнгэр шиг хуусигнаж, тэнгэр газар нийлэх шиг болж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төр, намын байгууллагыг шинэчлэх ажлыгхамтад нь хийж байж улс төрийн амьдарл дахь “тэнгэрийн муухайг арилгана” гэж шийдсэн. Тэгэхдээ төрийн ажлын шинэчлэлийг дээрээс нь, харин намын ажлын шинэчлэлийг доороос нь анхан шатны байгууллагаас эхлүүлж, энэ хоёр шинэчлэлийг хоёр талаас нь “зангидах” зорилт тавьсан. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж албан үүргээсээ чөлөөлөгдөж, огцрохыг шаардсан. Тэд “төрийн эрх барих дээд байгууллагаас эхлээд бүх түвшинд ёсзүйн хэмхэмжээг ягштал баримталж аливаа алдаа дутагдал гаргавал сайн дураараа хариуцлага хүлээх нь зүйтэй. Ажлыг зөвхөн хариуцлагатай хүн хийх ёстой” гэж спикерийг шахсан. Сар орчим төрийн үйл ажиллагаа гацсаны эцэст УИХ-ын дарга М.Энхболд арга буюу албан тушаалаас чөлөөлөгдөж, дээрээ суудлаа олж эхэлсэн.

Харин доороо гүйдлээ олохын тулд намын анхан шатны байгууллагаас намын ажлын шинэчлэлийг эрчимжүүлж амжилтад хүрсэн. Учир нь намын байгууллагуудыг өөрийн хувийн өмч шиг ашиглаж, сум, дүүрэг, баг, хорооны намын байгууллагыг зөвхөн өөрийг нь дэмждэг хөлсний гишүүдээр дүүргэж “өмчлөх”-ийг зарим улс төрчид оролдох болсныг Т.Аюурсайхан анзаарсан. Өнгөц харахад намын дүрмийн дагуу улс төрийн өндөр албан тушаалд шилэгдэж сонгогддог мэт боловч начир дээрээ намд шургалсан улс төрийн “луйварчид”-ын эгнээг өргөтгөж байсан бэртэгчин хурган дарга нарын башир аргыг илчилж, хуурамч багийг нь хуу татсан түүний зоримог алхмууд олны дэмжлэг, талархлыг зүй ёсоор хүлээсэн. Орон нутаг дахь улс төрийн “шимэгчид” нийгмийн өмчийг завшихын тулд бүх шатны сонгуулийг ашигладаг байсан зэс нь цухуйж, намын хороодыг хагаралдуулдаг ноцтой дутагдал арилж эхэлжээ.

Төр, олон түмнийг холбож буй МАН-ын нийгмийн бааз суурь өргөжиж, тэдний төлөөлөл төрд шингэх дүр зураг нийтлэг ажиглагдах болов. Намууд нийгмийн уламжлалт чиг үүргээсээ хөндийрч,сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг гол болгож байна. Тиймээснэр дэвшигчдийг сонгон шалгаруулах, албан тушаалд томилох зэрэг нь эрх мэдэлтний хувийн ашиг сонирхлыг хангах хэрэгсэл болон ашиглагдах үүд хаалга нээгдснийг тэд олж харж сэргийлэхийг хичээжээ. Нам хоорондын ялгаа арилж, тэдэнд үзүүлэх итгэл үнэмшил суларч, хөлсний гишүүдийг олноор нь элсүүлж, өөртөө үйлчлэх албат болгохыг ашиг сонирхлын бүлэглэлүүд оролдож иржээ. Энэ бүх алдаа, завхралыг зөв оношилж, намын хамт олны сэтгэлд хургасан жаврыг үргээж арилгахад МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга Т.Аюурсайхан хичээж байна.

УИХ-д нэр дэвшигчдэд тавих шалгуур үзүүлэлт суларч, зөвхөн мөнгөтэй, хөрөнгөтэй эрхмүүд нэр дэвшдэг явдал энэ 2020 оны УИХ-ын сонгуулийн жилээс ул болж үлдэхээр олон зоригтой шийдвэр гарч байна. Монгол Улсын Ерөнхийсайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхч ЖДҮДС-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч хатуухан мэдэгдээд авна лээ. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар парламентын “тэнгэрийн муухай” арилах нь ээ.

Улс төр судлаач, доктор Д.БАТМӨНХ

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн үеэр 31 ААН-ийн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцалжээ

СОVID-19 халдварын үед ажиллах журмыг зөрчсөн баар, цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

Нийлэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан “Зарим үйлчилгээний байгууллага дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргүүлж, хэрэгжилтэд нь цагдаагийн байгууллага хяналт тавиад явж байгаа.

45,000 ажлын байрыг хадгалж, эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээсэн. Гэтэл Засаг даргын захирамж, ЭМЯ-наас гаргасан журмуудыг зөрчин ажиллаж байгаа учраас хариуцлага тооцно. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Сургалтын төвтэй холбоотой асуудал дээр тайлбар өгөхөд, нийслэлээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хориглосон юм байхгүй. Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс нийслэлд сургалтын төвүүдийг нээх боломж байхгүй” гэдгийг хэллээ.

Үргэлжлүүлэн НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Алтанзул “Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй газруудыг 22:00 хүртэл ажиллуулж байгаад 00:00 цаг хүртэл сунгасан. Тиймээс тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага эдгээр байгууллагад хяналт тавьж ажиллалаа. Ингээд тодорхой хэрэг зөрчил илэрсэн тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд явж байна” хэмээн ярив.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 5,756 бөөний төв, дэлгүүр, 3,488 баар, ресторан, кафе, паб, караоке байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас 33 чиглэлийн 17,000 гаруй ААН-д мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа. Гэтэл зөрчлүүд буурахгүй, давтан гарах тохиолдол байна.

Үйлчилгээний байгууллагуудад иргэд хоорондын зайг 1.5-2 метр байлгах, ширээ суудлын тоогоо хоёр дахин багасгахыг мэдэгдлээр тодорхой хүргүүлсэн. Мөн үйлчилгээний байгууллага ажилчид болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж тэмдэглэл хөтлөх ёстой. Үүнийгээ мөрдөхгүй байна. Тухайн ААН, байгууллага хоёр цаг тутамд халдваргүйжүүлэлт хийхгүй байгаа. Амны хаалтыг мөн зүүхгүй байна.

Дээр дурдсан шаардлагуудыг хангаж байна уу, үгүй юу гэдэгт бид тогтмол хяналт тавина. Зөрчил илэрвэл эхний удаад торгох, давтан гарах тохиолдлуудад тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлж ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

Үргэлжлүүлэн Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалгаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг “Бүх төрлийн баарны үйл ажиллагааг хоёр сар орчим зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 2-ноос ажиллаж эхэлсэн. Өмнө нь шөнийн 04:00 цаг хүртэл ажилладаг байсан ч хотын даргын захирамжид зааснаар 00:00 цаг хүртэл ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирж байна.

Дээрээс нь цагдаагийн байгууллагаас санал ирсэн. Тодруулбал, СБД-ийн I хороонд үйл ажиллагаа явуулдаг LUX баар, СБД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулдаг ZU нэртэй баарууд маш олон хүнийг нэг дор цуглуулж, үйлчлүүлэгч хоорондын зайн журмыг баримтлаагүй, мөн үймээн самуун дэгдээсэн учраас нийслэлийн удирдлагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу энэ хоёр баарны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар болсныг мэдэгдэж байна” гэлээ.

Захирагчийн ажлын албанд нэгдүгээр сарын 27-ноос хойш мөрдөгдөж байгаа журмыг зөрчсөн, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт 31 байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгжүүлэлтийн ажил үргэлжилж байна

Нийслэлийн ногоон байгууламжийн энэ жилийн ажилд модны нийлүүлэлт хийж буй Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бэлтгэсэн 100 ширхэг гацуур, 100 ширхэг шинэс модны тарьц суулгацыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба /УБЗАА/-наас шалгахад хадгалалтын горим хэвийн, зориулалтын агуулахад хадгалсан учраас модны чанар сайн гэсэн үнэлэлт авсан байна.

УБЗАА-наас 2020 онд нийт 7 аж ахуйн нэгжээс 15 төрлийн 19100 ширхэг гоёл чимэглэлийн мод, бут, сөөг авч нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд тарих юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд хийсэн цэцэрлэгжүүлэлт, зам талбайн тохижилтын ажлуудаас танилцуулахад, Ард Аюушийн өргөн чөлөөний замын голын бульварийг иж бүрэн тохижуулах ажил 75 хувьтай, зүлэгжүүлэлтийн ажил ид өрнөж байна.

Мөн 2019 онд Ард Аюушын өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кино театрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, энэ онд сул шороон хөрстэй замын голын хэсгийг иргэдэд зориулсан 5925 м.кв явган зам, 4700 метр тросс хашлага, сандал, хогийн сав хийж бүрэн зүлэгжүүлж байгаа юм. Ажлаа эрчимжүүлэх, талбайн эмх цэгцэд анхаарч хөдөлмөр аюулгүй байдалд анхаарч ажиллахыг УБЗАА-наас үүрэг болгов.

Хүннүгийн гудамж буюу Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвараас Улиастайн гүүр хүртэлх замын урд талаар Улиас мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд нийт 6,7 км зурваст 1700 орчим улиас мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.