Categories
мэдээ цаг-үе

Ц.Гэрэлтуяа: Хүүхдийг зодож, зандрах байдлаар асуудлыг шийдээд байвал тухайн хүүхэд хүчирхийлэгч болно

Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяатай ярилцлаа.


-Хүүхдийг зодож шийтгэх, сэтгэл зүйгээр нь дарамтлах нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

-Хамгийн түрүүнд хүүхдийн сэтгэл зүй гэмтдэг. Өөртөө болоод бусдад итгэх итгэлээ алддаг. Хүүхдийг зодож, зандрах байдлаар асуудлыг шийдээд байвал тухайн хүүхэд ч бас хүчирхийлэгч болж хүмүүждэг. Улмаар асуудлыг хүч хэрэглэн шийдэж болдог юм байна гэх буруу зуршил тухайн хүүхдэд тогтох аюултай. Мөн түрэмгий зан авиртай болно, тухайн хүүхдийн сурлага болоод харилцаа хандлагын хувьд өөрчлөлтүүд орно. Үүнээс болоод хүүхэд буруу зан үйлд татагдах, архи, тамхи,мансууруулах бодист донтох, сэтгэл гутралд орох эрсдэлтэй. Мөн эцэг эх, хүүхэд хоорондын итгэлцэл байхгүй болж, үүнээс шалтгаалан хүүхэд буруу зүйл хийвэл түүнийгээ нуун дарагдуулах, том болоод эцэг эхтэйгээ дайсагнах хандлагыг гаргах зэрэг сөрөг үр дагавартай.

-Хүүхдийг хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ?

-Эцэг эхийн хувьд хүүхдийнхээ хувцсыг бушуухан өмсгөх, түүнийг машин замаас хурдан холдуулах, дүүгээ зодохыг нь болиулах, гэрт нь эрт ирүүлэх гэх мэт тухайн цаг мөчид өмнө тулгарсан зорилтуудыг хэрэгжүүлэхдээ уур бухимдал, стрессээ хянаж, хүүхэдтэйгээ элэгсэг дотноор харилцах нь чухал. Мөн хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа айж эмээдэг байхаасаа илүүтэй аливаад урам зоригтой, шударга, өөртөө итгэл төгс байхыг эцэг эхчүүд нь үлгэрлэх ёстой.Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг нь ойлгох хэрэгтэй. Ер нь хөгжлийнх нь хэрэгцээ шаардлагад тохирсон аргаар хүүхэдтэйгээ эелдэг дотно сэтгэлээр харилцан, аливааг ойлгуулж амьдралынхаа туршид суралцах хэрэгтэй зүйлийг нь зааж сургах ёстой.Хамгийн гол нь хүүхдэдээ цаг зав гаргаж тэдэнтэй ярилцах, буруу зүйл хийхэд нь загнаж, цохиж шийтгэхээсээ илүүтэйгээр тэдэнд тайлбарлаж, ойлгуулах нь чухал.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ эерэг аргаар харилцаж буйгаа тэдэнд хэрхэн илэрхийлэх вэ?

-Хүүхдээ хүндэлж буйгаа мэдрүүлэх, хүүхэд аливаа нэгэн зүйлийг хийхэд түүнийг нь урамшуулж байх, аливаа нэгэн ажил даалгаж өгөхдөө өөрөө үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхдийг авсан үүрэг даалгавраа хариуцлагатайгаар биелүүлж сурахад нь гэртээ тодорхой дүрэмтэй байх чухал нөлөөтэй. Буруу үйлдэл, зав авирыг нь засахдаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй. Хүүхэд түрэмгий зан авир гаргахад яагаад ингэх болсны шалтгааныг нь ярилцаж, тэдэнд нөхөрсгөөр зөвлөх нь эерэг үр дүнтэй. Мөн хүүхдээ хайрлаж, халамжилж байгаагаа ойлгуулах нь чухал. Эцэг эхчүүдээс зөв тодорхой харилцааг хүүхдүүд хүлээж байдаг.

-Хүүхдэдээ бүх зүйлийг нь зааж, зөвлөхгүйгээр тэдэнд бие даан хүмүүжих боломжийг олгох нь зөв зүйл мөн үү?

-Хүүхдэд тодорхой хэмжээгээр бие даан хүмүүжих боломжийг олгох нь зөв. Ингэхдээ эцэг эхчүүд өөрсдөө хүүхдэдээ үлгэрлэх ёстой. Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ гэдэг үг байдаг. Хүүхэдтэйгээ дотно ярилцдаг байх, гэр бүлдээ халуун дулаан уур амьгалыг бүрдүүлэхийн тулд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал.

-Зарим хүүхэд эцэг эхтэйгээ ярилцах үедээ өөрийгөө бүрэн нээж чадахгүй байх тохиолдол байдаг. Хүүхдийнхээ санаа зовох мэдрэмжийг хэрхэн арилгах вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ насны онцлогт нь тохируулж тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бүр бага наснаас нь ойр дотно байгаагүй мөртлөө өсвөр насанд хүрсэн хойно нь ярилцах гээд адгаад байдаг. Гэтэл хүүхэд нь аав ээжийнхээ үгийг сонсохгүй. Тэгээд л “Энэ нэг л их том толгойтой болчихож, миний үгийг сонсохоо байчихсан байна” гэж ярьдаг. Өөрөө хүүхдэдээ элэгсэг дотно харилцааг багаас нь мэдрүүлээгүй мөртлөө аливаа нэгэн зүйлд хүүхдийг буруушаах, загнаж зандраад байхаар хүүхэд аяндаа юмаа ярихаа болиод, эцэг эхээсээ дөлөөд эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь эхэлж ярилцах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхдээ байнга чангаар тэврэх нь чухал. Тэврэлт нь чамайг буруу зүйл хийсэн ч би чамд хайртай гэх мэдрэмжийг хүүхдэд мэдрүүлдэг.

-Хүүхдээ буруу зүйл хийхэд нь эцэг эхчүүд цочмог байдлаар хүлээн авч, уурлаж, зандраад байдаг. Хүүхэд ямар нэгэн буруу зүйл хийчихсэн байвал эцэг эхчүүд ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой юм бол?

-Нэгэнт буруу зүйл хийчихсэн хойно уурлалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс шалтгааныг нь хүүхэдтэйгээ ярилцаж, яагаад буруу зүйл болохыг нь ойлгуулах, дахин ийм зүйл хийвэл ямар сөрөг үр дагавартай болохыг нь тайлбарлаж өгөх ёстой. Тэгээд тухайн хүүхдэд зөв аргаар ойлгуулчихсан тохиолдолд алдаагаа дахин давтахгүй.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

М.Энхсайханд холбогдох шүүх хурал болж байна

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-23-ны 08:30 цагт явуулсан.

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралд оролцуулаар, шүүх хуралдааныг 2020-05-05-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан юм.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл /2020.05.05/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

/19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Эрдэнэ: МАН-ыг төсвийн мөнгөөр сонгуульд оролцоно гэж хардаж байна

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-СЕХ-ноос Ардчилсан нам сонгуульд оролцох эрхийн батламжаа гардаж авлаа. АН сонгуульд хэрхэн оролцох вэ?

-АН сонгуульд хууль дүрмийн хүрээнд оролцох эрхээ авлаа. Үндэсний аудитын газраас АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа гэх дүгнэлт гарсан. Одоо сонгуулийн ажил эхэлнэ. Үндэсний хэмжээний том намын хувьд АН энэ сонгуульд ялалт байгуулах зорилготой орж байгаа. Ганц нэг суудлын төлөө ороогүй. Бид өнөөгийн эрх барьж байгаа нам өнгөрсөн дөрвөн жил яаж ажилласан билээ. Нэгдүгээрт, эрх барьж байгаа намтай сонгогчдын нэрийн өмнөөс хариуцлага тооцох, дөрвөн жилийн турш ёс зүйгүй байсных нь төлөө хариуцлага нэхэх ёстой. Улс төрийн үйл явц гэдэг нэг хоёр хүний хоорондын хувийн харилцаа биш, улс орны нийгэм, эдийн засгийн үйл явц. Өнөөдөр улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай байгааг иргэд харж байгаа. Цар тахлын энэ үед улам илүү үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой. Гэтэл эрх баригчид тэр хэмжээнд чадахгүй байна. Цар тахлын тархалт манайд харьцангүй бага байна. Хамгийн гол нь цар тахлыг дагаж гарах нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг тооцох ёстой. Одооноос сөрөг үр дагаврыг арилгах, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. АН хэдий сөрөг хүчин ч гэсэн коронавирус цар тахлын аюулыг хэрхэн давж гэтлэх, нийгэм эдийн засгийн үр ашигтай хөтөлбөр зорилтуудыг авч хэрэгжүүлэх талаар зургаан удаагийн саналыг эрх баригчдад хүргүүлсэн. Харамсалтай нь одоо болтол нэгийг нь ч авч хэлэлцээгүй. Төсөв хөрөнгө, эдийн засгийн даван туулах чиглэлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн томоохон хөтөлбөр, хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Хэлэлцүүлэгт оруулаагүй л байна. Ерөнхий сайд нь долоон нэр төрлийн 5.1 их наяд төгрөгийн төсөв хэрэгжүүлнэ гээд зарлаад амласан. Гэтэл сар гаруй хугацаанд дорвитой хэрэгжсэн арга хэмжээ, алхам хийгдсэнгүй. НДШ-ийг чөлөөлнө, хөнгөлнө гэсэн нь янз бүр өөрчлөгдсөөр анхны амлалт нь тэс өөр болоод хувирчихлаа. 200 мянган малчин өрхүүд дэмжих үүднээс 300 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн. Төр өөрөө зах зээлийн харилцаа руу хэт хөндлөнгөөс оролцоод малчдад хүлээлт үүсгэж байна. ХХААХҮ-ийн сайд ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гээд зарлачихсан. Жамаараа явж байсан ноолуурын арилжаа бүгд зогссон.

-Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна?

-Ерөнхийдөө олон түмэнд эрх бүхий байгууллага маш том төсөл хөтөлбөр хууль гаргаж арга хэмжээ авч байгаа дүр зураг харуулах гэж л оролдсонтой адил болчихлоо. Тэртэй тэргүй өөр бусад хуульд бий зүйл заалтыг давхардуулж авчраад нэг л том ажил хийж байгаа юм шиг харагдах гэсэн үйл ажиллагаа. УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах онцгой эрх бол төсвийн эрх мэдэл байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг Их хурлын дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж баталдаг. Яг тэрэнтэй адилхан хэмжээнд авч үзэж Төсвийн тухай хуулийг баталдаг. Төсвийн тухай хуулийг дөрвөн удаа хэлэлцэж баталдаг. Ийм онцгой хуулийн эрх мэдлийг Засгийн газарт олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

-АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлогоос дурдвал…

-Бид нийгмийнхээ суурь гол бааз болсон өрх гэр бүлээ дэмжиж байж улс орны хөгжил харагдана гэж үзэж байгаа. Хэрвээ Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байгаа бол хамгийн эхлээд өрх гэр бүлээ хөгжүүлэх, чинээлэг болгох ёстой. Үүн рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг бид хэрэгжүүлж байж улс орны суурийг тавьж чадна гэж харж байгаа.

-Ардчиллын анхдагчдын нэг болох Э.Бат-Үүл, Н.Алтанхуягаас эхлээд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн. Энэ тухайд таны бодол ямар байна?

-Хувь хүний суурь эрх сонгох, сонгогдох эрх. Нэгэнт энэ хүмүүс өөрсдөө нарийн асуудлын нюанс сайн муу бүх талыг маш сайн ойлгож байгаа хүмүүс. Нэгэнт өөрсдөө бие даасан шийдвэрээр гаргаад явж байгаа. Би тэр хүмүүсийг зөвтгөөд эсхүл буруутгах нь зохимжгүй. Шулуухан хэлэхэд аливаа улс төрийн намд орохдоо улс төрийн намаар дамжуулж улс төрд зорьж байхдаа хүн үзэл баримтлал үнэт зүйлээ эрхэмлэж явдаг. Гэтэл тухайн хувь хүн ямар нэг эрх мэдэлд хүрэхийн тулд, сонгогдохын тулд үзэл баримтлал үнэт зүйл рүүгээ нулимж болохгүй л дээ. Тиймээс энэ хүмүүсийг яаж ч зөвтгөж бодох гээд бодол төрөхгүй байна. АН бол 200 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Хэн нэгэн хүн орлоо, гарлаа гээд алдах зүйл харьцангүй бага.

-АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа бие дааж нэр дэвшинэ гэсэн үү?

-Өөрөө сонголтоо хийгээд, нэр дэвшихээ зарлаад явлаа.

-Энэ жил АН-ын сонгуульд хүч үзүүлэх хүмүүсийн ихэнх нь залуу боловсон хүчин байна уу гэж харагдаж байна. Та залуу хүмүүсийг түлхүү дэмжиж нэр дэвшүүлэх бодолтой байгаа юу?

-Зарим нь байр сууриа тавьж өгөх дургүй байна. Аливаа зүйлд халгаа сэлгээ шинэчлэлт өөрчлөлт гэх зүйл заавал байх ёстой. Үндэсний бодлогын хороонд нийт бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь дандаа залуучууд орж ирсэн. Түүнээс 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд орж ирсэн. Түүхэндээ ийм байгаагүй шүү дээ. Залуу үеийн төлөөлөл манай намын төлөөллийн төв байгууллагад түлхүү орж ирсэн. Нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн 80 орчим хувь нь дандаа шинэ залуу хүмүүс байна.

-Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогч нь намдаа 100 сая төгрөгийн хандив өгсөн байх ёстой гэж байгаа. Харин эрх баригч нам нэр дэвшигчдээсээ ямар ч мөнгө төгрөг хураахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ тухайд?

-Төрийг төвхнүүлнэ, төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж бий болгоно гэдэг маш чухал ажил. Аливаа улсын тусгаар тогтнол, хөгжлийн удирдлагыг авч явах бүрэлдэхүүнийг бий болгоно гэдэг тухайн улсын тусгаар тогтнолтой эн тэнцэх хэмжээний асуудал. Сонгууль гэхээр ач холбогдол өгдөггүй. Хэдэн амбицтай нөхдүүд өрсөлдөөд явж байгаа юм шиг ойлгоод байна. Тэр хүмүүс чинь дараа нь чи бидний амьдрал, хувь заяаг шийднэ. Улс орны хөгжил, хөгжлийн бодлогыг тодорхойлно. Зөв хүмүүсээр төрөө бүрдүүлж чадна гэдэг хөгжлийн нэг боломжийг бий болгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нэг ч хууль санаачилж үзээгүй дөрвөн жил өнгөрөөж байгаа гишүүнийг хараад би гайхдаг. Хэн нэгнийг муу хэлэх гэж байгаа юм биш. Дэлхийн аль ч улс оронд хөрөнгө мөнгө зарцуулахгүй сонгууль хийдэг улс орон байхгүй. Эрх баригчдын хувьд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн татвар авахгүй сонгуульд орно гэж байна. Сонгогчдыг доромжилж байгаа сонгодог доромжлол. Сонгогчдыг тэнэг гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд хэлчихээр итгэх юм гэнэ. МАН-ын лидерүүдийн хэлдэг дуртай үг байдаг шүү дээ. Ард түмэн гэдэг юу ч бичээгүй цагаан цаас юу ч хэлсэн яадаг юм гэж хэлж байсан. Тийм зарчмаар хандаж байгаа юм.

АН улс төрийн намууд дундаа шинэчлэлийн манлайлал харуулах гэсэндээ муу сайн хэлүүлээд явж л байна. Үеийн үед улс төрийн намуудыг хамгийн гол буруутгадаг зүйл нь санхүүжилт байсан. Асар их хэмжээний мөнгө угаалаа, луйвар хийлээ гэж сүүлийн 30 жил мууллаа. Яагаад АН санхүүжилтээ ил тод босгож байна гээд ярихаар буруутан болчихоод байгаа юм. Анх би санал оруулахдаа татварыг 50 саяар оруулсан. Харин намын гишүүд дотроосоо саналаа гаргаад 100 сая байх нь зөв юм байна гэж үзсэн. Бас нэг шалгуур нь 100 сая төгрөгийн татварын эх үүсвэрээ тодорхойлно. Нотлох баримттай татвараа бүрдүүлэх юм. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүс нэг ширхэг ч төрийн албан хаагч байхгүй. Тэр татвараа төлөхдөө ямар нэгэн төсөв мөнгөтэй холбоотой нэг ширхэг хөрөнгө санхүүжилтийг олж ирээгүй. Үүгээрээ санхүүгийн эх үүсвэр цэвэр. Эрх баригчид яаж сонгуульд оролцох юм. Цар тахлаар далимдуулж маш их хөрөнгө мөнгийг сайн үйлсэд зарцуулж байгаа мэтээр баруун солгойгүй цацаж байна. Эрх баригчид сонгуульд оролцох санхүүжилтээ ил тод зарлах ёстой. Надад хардах эрх байгаа. Би МАН-ыг төсвийн мөнгөөр сонгуульд орох гэж байна гэж харж байгаа. МАН-ын Нийгмийн даатгал, Хүн амын орлогын албан татвар нь зүсээ хувиргачихлаа. Ноолуур нь дампуу бодлого болж хувирлаа. Малчдыг дэмжих биш хорлосон үйлдэл болчихлоо. Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа нь доголдсон газарт мөнгөн тусламж үзүүлнэ гэж байгаа. Үйл ажиллагаа нь доголдсон гэх тодорхойлолтыг хэн өгөх юм. Өчнөөн ААН байгууллага үйл ажиллагаа нь зогсчихлоо. Ерөнхий сайдынх нь гаргасан долоон зүйл заалт нь байндаа тусаагүй.

Categories
мэдээ цаг-үе

Сурагчид баг болж, онлайнаар багштайгаа холбогдон ЭЕШ-даа бэлдэж байна гэв

Монгол Улсын зөвлөх багш Н.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.


-Шинэ төрлийн коронавирус гарсантай холбогдуулан өнгөрсөн нэгдүгээр сараас цахим хичээл явагдаж эхэллээ. Таны хувьд түүх нийгмийн хичээл заахад бэрхшээл гарав уу?

-Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн цахим хичээлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр заах тушаалын дагуу ажиллаад бүтэн гурван сар болсон байна. Миний хувьд дунд сургуулийн түүх, нийгмийн ухааны хичээлийг заадаг. Нийгмийн ухааны хичээл хүүхдийг нийгмийн бодит байдалд шинжлэх ухаанч аргаар хандах, нийгэмдээ оролцоотой, хариуцлагатай, бие даасан, цаашид суралцах мэдлэг чадвартай иргэн болгон төлөвшүүлдэг. Ер нь эхний хугацаанд бага зэргийн бэрхшээл байсан. Техник төхөөрөмж рүү харж хичээлээ заана. Урьдны адил хүүхдүүдтэйгээ нүүр тулж ярьж, тайлбарлаж чадахгүй нэг ёсондоо амьд орчин байхгүй. Гэхдээ одоо бол дадлагажчихсан. Сурагчдынхаа хичээлийг тасалдуулахгүйн тулд их ачаалалтай ажиллаж байна.

-Энэ жил ЭЕШ-ыг заавал судлах хичээлийн хүрээнд авч байгаа шүү дээ. Тэгэхээр сурагчид нийгмийн ухааны хичээлээ сайн давтах шаарлагатай байх?

-Тэгэлгүй яахав. Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөх хүүхдүүд арав болон арваннэгдүгээр ангийн нийгмийн ухааны хичээлийг маш сайн үзэх шаардлагатай. Тийм учраас бид сонгон судлах, заавал судлах аль ч хүрээнд суралцахуйн зорилтын дагуу телевизийн хичээлүүдээ хүргэж байна. Мөн цахим хичээл заахын хажуугаар ангийнхаа хүүхдүүдтэй холбогдон ажиллаж байна.

– Танай ангийн хүүхдүүд цахим хичээлдээ хэр идэвхтэй байгаа вэ. Багш нар ч мөн даалгавраа цаг тухайд нь шалгаж эргэх холбоотой ажиллаж байгаа байх?

– Би наймдугаар ангийн хүүхдүүд дааж авсан. Манай анги 32 хүүхэдтэй. Мэдээж сурагчидтайгаа онлайнаар харьцаж байгаа. Мөн эцэг, эхийн зөвлөл, ангийн даргатайгаа холбогдож хүүхдүүдийг багт хуваарилсан. Хүүхдүүд гурав дөрвөөрөө баг болж онлайнаар ЭЕШ-аа бэлдэж байна. Жишээлбэл, хоёр сайн сурдаг хүүхдэдээ ангийнхаа таван хүүхдээ хариуцуулаад мэдэхгүй чадахгүй юмаа бие биедээ зааж хамтарч хичээлээ хийх байдлаар баг болгосон. Ингээд багийн дарга нар маань хичээлээ хийж байгаа үгүйг мэдээллээд явж байна. Үүний хажууугаар дунд сургуулийнхаа 400 гаруй хүүхдүүдтэй ажилладаг. Анги удирдсан багш нартай нь холбогдож, теле хичээлээ идэвхтэй үзэж байгаа эсэх дээр хяналт тавьдаг.

-Танай ангийн 32 хүүхдэд бүгд теле хичээлдээ хамрагдаж байгаа юу?

-Манай ангийн 32 хүүхдээс 30 хүүхэд нь теле хичээлээ бүрэн үзэж байгаа. Хоёр хүүхдийн нэг нь хөдөө явсан нөгөө нь эмнэлэгт хэвтсэн. Ер нь манай “Шавь” цогцолбор сургуулийн сурагчид теле хичээлдээ сайн хамрагдаж байгаа гэсэн үзүүлэлт гарсан. Гэхдээ цаг агаар дулаарсантай холбоотой ч юмуу, эхний улирлын голчоор дүн гаргана гэсэн болохоор ч тэр үү ирц сулрах хандлага ажиглагдлаа. Гэхдээ хүүхдүүдийн хандлага харилцан адилгүй л дээ.

-Зарим хүүхэд интернэттэй газар байсан ч цахим хичээлээ үзэхгүй байна шүү дээ?

-Ер нь сурагчдын сурлагад эцэг эхийн оролцоо маш чухал. Боловсролын системд багш нарын оролцоо чухал, багш нараас бүх юм шалтгаална гэж ярьдаг боловч багш, сурагч, эцэг эх гэсэн гурвалсан холбоотой ажиллах нь зүйн хэрэг. Энэ жилээс ийм гурвалсан гэрээнүүд ч хийгдсэн шүү дээ. Одоо онлайнаар эцэг эхийн хурал хийж намар байгуулсан гэрээгээ дүгнэнэ. Ер нь бүх сургуулиуд гурвалсан гэрээ байгуулбал их зүгээр. Үүний үр нөлөөнд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурлага боловсролд маш сайн анхаарч эхэлнэ. Цахим хичээл үзэж байгаа энэ хугацаанд ч эцэг эхчүүд хүүхдүүддээ маш сайн анхаарал тавих хэрэгтэй. Өвсөр насны хүүхдүүд гадуур их явж байна гээд мэдээгээр яриад байна. Аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Боловсролын систем бол теле хичээлийг тасалдуулахгүйгээр хүүхдүүддээ системтэйгээр мэдлэг өгөх зорилготой. Тийм учраас эцэг эхчүүд үүнд нь туслаад хүүхдийнхээ хичээлийг хамт хийх, мөн Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвөлмж зөвөлгөөнүүдийг нягталж мөрдөж ажиллаасай гэж багш хүний хувьд хүсч байна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намууд итгэл алдахад нэр дэвшигчид бие дааж байна

1996 оны сонгуульд жижигсгэсэн мажоритар системээр нэг, нэг мандат хувилбараар сонгууль явсан. Энэ сонгуулиар нийт 302 хүн нэр дэвшсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчид таван нам, хоёр эвсэлд багтаж, ердөө 35 нь бие даан нэр дэвшигч байжээ. Энэ сонгуулийн дүнд Ардчилсан нам 50 суудалтай, МАХН буюу одоогийн МАН 25 суудалтай, МУНН нэг суудал авсан байдаг. Нэг ч бие даан нэр дэвшигч ялалт байгуулаагүй. Харин 2000 оны сонгууль 1996 оны жижиг можаритар системээр явсан бөгөөд нийт 13 нам, гурван эвсэл оролцов. 602 нэр дэвшигч өрсөлдсөнөөс бие даан нэр дэвшигч 27 байв. Өрсөлдөх нам эвслийн тоо нэмэгдсэн төдийгүй нэр дэвшигчийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн. Харин бие даагчдын тоо улам цөөрсөн харагдана. 2004 оны сонгуулиар бие даан нэр дэвшигч арав гаруйхан болж багассан байлаа. Харин одоо намуудын нэр хүнд унахад бие даан нэр дэвшигчид олширч байна.

1996-2000 онд нэг зүйл үзэгдэл их тод харагдаж байсан. Эрх баригч намын нэр хүнд унах үед өрсөлдөх нам эвслийн тоо өсч байж. Эсрэгээрээ бие даагч нь бүр цөөрсөн харагдана. Тэр үед олон намд хуваагдаж нэр дэвшиж байлаа. Бие дааж өрсөлдөөд гарч ирэх боломж бараг байхгүй гэж үздэг байж.

Тэр үеийн сонгууль МАХН/одоогийн МАН/ ба бусад гэж явагддаг байв. Ардчиллын үр шимийг хүртэж эхэлсэн ард түмэн тэдэнд итгэл хүлээлгэж 1996 онд АН 50 суудал авч эрх барьсны дараа 2000 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт 72 суудал авч Ардчилсан нам ердөө ганцхан суудалтай үлдсэн. АН тэр үед нэр хүндээ барсан байв. Юу ч хийгээгүй биш, чамгүй ажил хийсэн байсан ч дотоодын улс төр нь тэднийг ялагдахад том нөлөө үзүүлсэн. С.Зориг амь насаа алдаж, эрх баригч өөрийнхөө Засгийн газрыг хэд хэд огцруулж, М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын, Р.Амаржаргалын тэргүүлсэн хэдхэн сарын настай Засгийн газрууд ээлжилж, албан тушаалын хэнээрхлээсээ болж, дотоод улс төр нь хэтийдсэн. Ингэж тэд нэр хүндээ барсан. Тэр үед АН нэр хүндээ барж, МАХН нэр дэвших хүнээ багтааж ядаж байсан болохоор олон жижиг намд хуваагдан нэр дэвшив. АН-тай хамтран засаг барьсан соцдекүүд хүртэл 2000 оны сонгуульд тусдаа орж байв. МАХН тэр үед үнэмлэхүй ялсныг дээр дурдсан. Энэ жилийн сонгууль тэр үеийн сонгуультай төстэй байна. Эрх барьж буй МАН нэр хүндээ барсан. ЖДҮ, концесс, хүчин, хүн амь, жаран тэрбумын хэрэг гээд биесээ шоронд явуулж, Засгаа огцруулж, 65-уулаа болсон хэрнээ зарим нь шоронд явж, зарим нь орооцолдсон асуудлаасаа болж гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Эрх баригч МАН-ын ганц хийсэн том ажил нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Харамсалтай нь эхнээсээ өөрсдийн хийсэн нэмэлт, өөрчлөлтөө үл тоосон, Үндсэн хууль зөрчсөн хуулиуд оруулж ирж, хэл ам татлаад эхэллээ.

Ард түмэн тэднийг унагах хангалттай муу зүйлийг эрх баригчид хийжээ. АН тэртэй, тэргүй муу нэртэй байна. 2008-2012 онд баахан зээл, бонд авч үр ашиггүй зарцуулж, улс орноо өрөнд оруулсан гэж шүүмжлүүлж байгаад л ялагдсан. АН-ын дотоодын улс төрийн тэмцэл туйлдаа хүрсэн. Өнгөрсөн гучин жилд эвтэй байх үе байсангүй. Ганц авах юм нь ил тод байлдана. Харин МАН өнгөрсөн хугацаанд хэрэлдэж тэмцэлдсэн ч, их л далдуур бүх үйл явдал өрнөдөг байлаа. Энэ хоёр том намд гаднаас нэр дэвшигч багтаах нь байтугай өөрийн хүнээ багтааж шингээх зай байхгүй. Энэ мэтээр нэр хүндээ барсан. Сонгууль бүрээр сайхан амлалт хэлж, иргэдийг сэнхрүүлж, заримдаа саналыг нь худалдаж авна. Гэхдээ иргэд дараа дараагийн сонгуульд итгэлээ гээсэнгүй сонгосоор ирсэн.

Сүүлийн дөрвөн жил аль ч нам гарсан ялгаагүй муу муухай гэсэн тархи угаалт нэвт явсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр хаа хаанаа учир байсан биз. Судалгаагаар шинэ хүн хүсч байна, намуудад шүүмжлэлтэй хандаж байна гэсэн мессэж байнга явуулж, энэ тархи угаалт эцэстээ зорилгодоо хүрч бие дааж нэр дэвших сэдэл тэмүүллийг өгчээ. Парламентын сонгууль өгч эхэлснээс хойш эхний хэд хэдэн циклд бие даагчдын тоо харьцангуй цөөхөн, сонгууль тутамд цөөрч байснаа гэнэт сүүлийн хэдэн сонгуульд нэмэгдсээр энэ удаагийнхад огцом өсөв. Энэ удаагийнх шиг тоймгүй олон, эрээвэр хураавар бие даагчдыг харж байсангүй. Бие даан нэр дэвших нь буруу гэсэнгүй. Дэвших эрх нь нээлттэй. Бусад намд ороод нэр дэвших гэхээр хэдхэн хүний бүлэглэл болоод нийгэмд итгэл төрүүлэхээргүй байна. Нэг, хоёр гол тоглогч бусад нь тэрний үгээр, эсвэл дагагчид. Тиймээс гурван ч их хурал дүүргэчихээр олон бие даагчид энэ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Хоёр зуу гаруй хүн нэр дэвшихээ илэрхийлсэн ч замын дундаас хэсэг бусаг нь гарах биз. Зарим нь намаасаа нэр дэвшихгүй бол санал хуваана шүү гэж айлгах санаатай. Нэг хэсэг нь өшөө авалт, гомдол тунирхлаар дэвшиж байна. Мэдээж үлдсэн хэсэг нь боломж бий гэж харсных үзээд алдъя л гэж байгаа хэрэг. Харин тэд гараад ирлээ гэхэд юу хийх вэ. Өнгөрсөн сонгуулиудаар мэр сэр гарч ирсэн бие даагчид олигтой хууль санаачилсан нь цөөхөн. Бодлого боловсруулаад явна гэвэл бүр бүтэхгүй. Үнэхээр бие даагчдад улс орон удирдаад явах чадал чансаа бий юу.Үүнд хариулахын өмнө яагаад дэлхийн улс орнууд нам байгуулж тэр нь дүрэмтэй, хөтөлбөртэй, хуулиар зөвшөөрч сонгуульд ордгийг сайн судалж байж хариулсан дээр байх. Өнгөрсөн сонгуулиудын түүхээс харахад олон нэр дэвшигчтэй үед нэг нам голлож гарч ирээд бусад нь унаад өгдөг. Эсвэл цөөхөн хэдэн суудал авч ирсэн. 2016 оны сонгуулиар ч МАН голлож, 65-уулаа ялсан. Энэ удаагийн сонгуульд голлох нам нь МАН уу, АН уу гэдэг нь намуудын нэр дэвшигчид, үйл ажиллагаанаас тодорно. Аль аль нам нь шинэ залуусыг түлхүү нэр дэвшүүлнэ гэж зарласан. Магадгүй шинэ хүн хэрэгтэй байна гэсэн өнөөх судалгааг ч харгалзсан биз. Бие даагчид бүр олноороо гарч ирээд эрх барьж, улс орон авч явах уу. Та итгэж байна уу. Тийм тохиолдол дэлхийд бий юу. Энэ удаа ч өнөөх л өнгөрсөн сонгуулийн дүнгүүд шиг аль нэг нам голлох маягтай байх болов уу. Яахав, УИХ дахь бие даагчдын тоо одоо байгаагаас жаахан нэмэгдэж болох л юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Салбар бүрт манлайлагчтай “Нэг ангийнхан”

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа 2000 онд 11 дүгээр сургуулийг Ц.Энхтуул багшаар удирдуулан төгссөн анги хамт олныг урьж оролцууллаа. 2000 онд арван жилээ төгссөн энэ ангийнхан сургуулиа төгссөнөөс хойш 20 жилийг ардаа үдсэн байна. Энэ ангийнхан маань дөрөвдүгээр ангиасаа эхлэн нэг анги хамт олон болжээ. Эл ангийг 20 хөвгүүн, 13 охин,нийт 33 хүүхэд төгсөж байжээ.11 дүгээр сургууль 1990 онд физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болсон байна. Энэхүү сургууль нь физик, математикийн гүнзийрүүлсэн сургалттай болсныхамгийн анхны элсэлтийн анги нь энэ ангийнхан юм. Тухайн үед дөрөвдүгээр ангиас нь математик, физикийн шалгалт авч элсүүлдэг байсан аж.

Ангийн багш Ц.Энхтуул “Манай ангийн сурагч Г.Ишхандын аав Ц.Гантулга багш 48 дугаар сургуульд математикийн гүнзгийгийн багшаар ажиллаж байсан юм. Би Гантулга багшийн ангийг 10 жилд байхдаа математикийн гүнзгий ангийг төгсөж байлаа. Тэгээд Гантулга багш 11 дүгээр сургуулийг үүсгэн байгуулж, надад хичээл заах урилга өгсөн юм. Социализмын үед манайд хоёр л гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байлаа. Энэ хоёр сургуульд Улаанбаатарын хүүхдүүд бүрэн хэмжээгээрээ хамрагдаж чаддаггүй. Тиймээс тодорхой хэмжээний хүүхдүүд хамрагдан суралцах бололцоог хангахын тулд 11 дүгээр сургуулийг байгуулсан. Сургуулиа байгуулаад нэг жил болоход л нөгөө хоёр гүнзгийрүүлсэн сургалттай хоёр сургуулиа даваад л гараад ирсэн. Ийм л сургуулийг манай ангийн хүүхдүүд 2000 онд төгссөн дөө. 11 дүгээр сургуульд жилд 2000-3000 хүүхэд өрсөлддөг. Нэг ангидаа 20-25 хүүхэд авдаг байсан гэхээр нийт 70-аад хүүхэд л шигшиж авдаг байж” хэмээн хуучлав.

Ангийн хөвгүүн Б.Батболд “33 хүүхэд арван жилээ төгсөөд их сургуульд шалгалт өгөөд КТМС, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд хуваагдан орсон. КТМС-д ороход тухайн үед хичээл сонголт гэх зүйл дөнгөж эхэлж байлаа. КТМС-д энэ тэндээс цугласан хүүхдүүд хоорондоо найзлаад нөхөрлөөд байдаг. Гэтэл манай ангийнхан өөр өөр мэргэжлээр сурч байгаа хэрнээ хоорондоо л найзлаад байдаг. Дөрөвдүгээр курсээ төгсөх болоход бидний талаас нь илүү нь гадагшаа тэтгэлгээр суралцахаар явчихсан. Сүүлдээ гурван, дөрөвхөн хүүхэд ямар ч найзгүй үлдсэн байдаг даа” хэмээн хөхрөлдлөө.

Тэрээр үргэлжлүүлэн ‘Бид анх 11 дүгээр сургуульд ороход социализмын үе дуусаагүй шахуу байсан л даа. Гадаа маш их тоглодог байснаа санадаг. Тэгтэл долдугаар ангиасаа шөнө 12 цаг болчихсон байхад л унтдаггүй. Маш их хичээл хийнэ. Зөвхөн тоо, физикээр бөмбөгддөг. Тухайн үед 11 дүгээр сургууль үнэхээр мандаж байсан. Анги дотроо өрсөлдөнө. А, Б бүлгээрээ өрсөлдөнө.Бид 10 дугаар ангиа төгсөөд тооны шалгалт өгөхөд 20 минутад бүгдийг нь хийгээд дуусгаж байлаа. 15 минут гэхэд ихэнх нь дуусчихсан. За тэгээд Их сургуульд ороход тест гэдэг юм гараад ирчихсэн. Бид чинь уламжлалтын хүүхдүүд. Өгүүлбэртэй бодлого л боддог байсан. Гэхдээ суурь байсан учраас тестийг даваад 33 хүүхэд бүгдээрээ их сургуульд элсэн орсон. Зарим хүмүүс надаас асуудаг л даа. Амьдралд тоо ямар хэрэгтэй юм гэж. Бид өнөөдөр бүгд ажил дээр ч амьдрал ч нэгэн жигд алхаж байна. Бүгд өөр өөрийн салбартаа манлайлж байна. Тооны ганц чадвар ямар нэг зүйлийг хамгийн түрүүнд сурдагт юм. Аливаа зүйлийг бусдаасаа хамгийн түрүүнд ойлгож, түрүүлж хэрэгжүүлдэг. Манай ангийнхан төрөл бүрийн салбарт ажиллаж байна.Ингээд харахаар математик бол маш чухал. Одоо хар л даа. Гадаад хэл өнөөдөр хэрэглээ болчихлоо шүү дээ” хэмээн хуучиллаа.

Тэд маш их ачаалалтай хичээллэдэг байсан гэнэ. Хичээл тараад давтлагандаа суудаг байж. 10 дугаар ангид ороход ангийнхан тухайн үеийн А.Энхжаргал багшийн (ангийн багш Ц.Энхтуулын нөхөр)шар ном гэдгийг аль хэдийнэ дуусгачихсан байж. Хаанаас нь ч бодлого ирсэн нүдээ аниад бодох хэмжээнд хүрчихсэн талаар тэд ярилаа.

Ангийн багш нь хэлэхдээ “Манай ангийн хүүхдүүд гэрийн даалгавар гэж 200, 300 бодлого бодно. Одоо хүүхдүүдэд 10 бодлого өгөхөд дайн болно шүү дээ. Эцэг эхчүүд хүүхэд насандаа тоглох ёстой гэж уурлаж асуудал үүснэ. Хүүхэд гэдэг сурах юмыг сурах цагт нь л сурдаг. Математикт дур сонирхолтой хүүхдүүд хүнтэй харилцах харилцааны шинж чанар нь өөр байдаг. Аль болох хүнийг хүндэтгэж,би энэ хүнээс юу сонсох ёстой гэдгээ мэдэрдэг. Манай ангийн 33 хүүхэд математик, физикийн хичээлдээ үнэхээр сайн байсан. Мөнхдөлийн хувьд анги дотроо хэлний боловсрол өндөртэй хүүхэд байсан. Тухайн үед англи хэлтэй хүн ховор байлаа шүү дээ. Манай ангийнхнаас 60,70 хувь нь гадаадад тэтгэлгээр сурсан. Би шавь нараасаа гадаадад очоод хэлний мэдлэгээ яаж сайжруулсан гэхээр математикт сайн байсны ач холбогдол гардаг гэж хариулдаг. Хүүхдийг ухамсартай, төлөвшилтэй хүн болгохын тулд математикт дур сонирхолтой байх хэрэгтэй. Шинжлэх ухаан талаас нь яривал байгалийн шинжлэх ухааныг цогцоор нь мэдэж байж хүүхэд цаашаа хөгжих, хувь хүн болж төлөвших, мөн чанар бүрдээд байгаа юм” гэсэн юм. Ангийн багш Ц.Энхтуул нь 29 жил физикийн багшаар ажиллажээ. Тэрээр 11 дүгээр сургуульд залуу багшаар очихдоо тус сургуулийн математикийн багш А.Энхжаргалтай гэр бүл болсон гэнэ. Тэрээр одоогоор гэр бүлийн хүний хамт Баянгол дүүрэгт“Эхлэл” хувийн сургууль байгуулжээ. Ангийнхан багшийнхаа сургуульд хүүхдүүдээ өгөх гэж байгаа талаар ч дурдаад амжлаа. Энэ ангийн хөвгүүд хоббигоо нэг болгосон гэнэ. Хоббигоо цугтаа хөгжүүлчихсэн. Зун цагт ангийн хөвгүүд хамт загас жараахайнд явдаг аж.

Ангийн хөвгүүн Мөнхдөл нь Японд сургуулиа төгсөж ирээд бяцхан хувьсгал хийж би ангийн дарга болсон юм. Сургууль төгссөний дараа ангийн дарга болсон хүн дээ би хэмээн инээмхийллээ.

Энэ ангиас дөрвөн хос төржээ. С.Батчөдөр Н.Сувд, Г.Батсуурь Д.Сарангэрэл, М.Ганбат Б.Хоролмаа, Н.Отгонболд Г.Нандин нар аж.

Ангийн хөвгүүн Б.Мөнхдөл нь ХҮН-д харьяалагддаг. Уухай хөдөлгөөний гишүүн юм. Түүний санаачилгаар 11 дүгээр сургуулийн төгсөгчдийн холбоог байгуулжээ. Үе үеийн төгсөгчдөөсөө хандив цуглуулж, сургуулийнхаа урлагийн заалыг бүрэн тохижуулсан байна. 11 дүгээр сургууль хоёрхон анги төгсгөдөг учраас төгсөгчид нь тун цөөхөн байсан аж. Ингээд 1994-2015 оны төгсөлтийн 23 ангиас нийт 23 сая төгрөгийн санхүүжилт босгон сургуульдаа хандивлажээ. Энэ ангийнхан салбар бүрт манлайлагч аж. Түүнчлэн бүгд Их, дээд сургууль төгсөж өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжилтэй. Ангийн хөвгүүн Б.Мөнхдөл нь зах зээлийн шинжээч, Cover Mongolia компанийн үүсгэн байгуулагч, ХҮН-ын Залуу ХҮН клубийн ерөнхий зохицуулагчаар ажилладаг бол ангийн охин О.Анхныбаяр нь KIND Baby хүүхдийн хувцасны үйлдвэр үүсгэн байгуулагч гэнэ. Б.Ариунсанаа нь цэцэрлэгийн эрхлэгч. Б.Батбаатар нь Таван Богд Группт шинэ бизнес хөгжлийн захирал. Б.Батболд нь United Brothers компанийн гүйцэтгэх захирал. Ангийн хос Г.Батсуурь Д.Сарангэрэл нь СуСаНо ХХК үүсгэн байгуулагч, программ хангамжийн инженерүүд. С.Батчөдөр нь үйлдвэр, автоматжуулалтын инженер. Э.Болор нь Японд олон улсын Jefferies хөрөнгө оруулалтын банкинд хувьцааны шинжээч. М.Ганбат нь Эрдэнэс Монгол ХХК-д IT инженер. Б.Ганболд нь Хаан банк, Зээлийн эрсдэлийн газрын ахлах мэргэжилтэн. Харин Т.Жамбал нь Япон улсад Fujitsu корпорацид ажилладаг байна. Ч.Золзаяа нь ЭХЭМҮТ, Хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч. Г.Ишханд нь мөн Япон улсад, М.Майцэцэг нь АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдардаг гэнэ. Харин Г.Нандин, Н.Отгонболд нь Канад улсад мэргэжлээрээ ажиллаж амьдардаг гэнэ. Б.Сосорбарам нь Aspire Mining компанид төслийн менежер. Н.Сувд нь эм зүйч, ШУ-ны доктор. Г.Тамираа нь хувиараа бизнес эрхлэгч. Г.Ундраа нь БСШУСЯ-ны хуулийн хэлтэст. Б.Ундрал нь АНУ-д нягтлан. Х.Уранзаяа нь архитектор бол А.Ууганбат нь IT-гийн инженер аж. Б.Хаш-Эрдэнэ нь барилгын компанид захирал. Б.Хоролмаа нь Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа 3” төслийн зөвлөх. Ж.Эрдэнэ-Очир нь BSB Сервисдорон нутаг хариуцсан ахлах менежер. Ц.Эрдэнэсайхан программ хангамжийн инженер. А.Чинзориг нь банкир, М.Эрдэнэчулуун АНУ-д аудитор Б.Энх-Ундрам нь Улаан загамлайн нийгэмлэгт даргаар ажилладаг гэнэ.

Энэ ангийнхны ямар эв нэгдэлтэй, коллективтэй анги байсан нь өдгөө 20 жилийн дараа ч тэдний байнга уулзаж, санаа бодлоо солилцож, бие биенээ дэмжиж байдгаас тодхон харагдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Сургалтын төвүүдийг нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх асуудлыг хэлэлцыэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ.

Засгийн газрын 139 дүгээр тогтоолоор танхимын сургалтыг 2020 оны 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоогоод байгаа.

Тиймээс өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаас уг тогтоолд өөрчлөлт оруулж, сургалтын төвүүдийг нээх саналыг лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Махчин шувууны хэлбэртэй наалтуудыг байрлуулж эхэллээ

Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран нүүдлийн шувуудын замын аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын нэвт харагдахуйц төлөвлөлттэй өндөр шилэн барилгуудад махчин шувууны хэлбэр бүхий наалтуудыг байрлуулах, мэдэгдэл өгөх ажлыг эхлүүлж байна. Өндөр шилэн барилгыг мөргөж тоо толгой нь хорогдох явдал нүүдлийн шувуудад ихээхэн тохиолддог бөгөөд үүнээс шалтгаалан төв суурин газруудад халдварт өвчин тархах эрсдлээс сэргийлэхэд энэхүү ажил эерэг нөлөөтэй аж. Мэдэгдлийн дагуу Централ таувер, Шангри-ла төвүүд дүрст наалтыг анхлан байршуулсныг зурагт үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 22 хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 4 дүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 57 гомдол мэдээллийг шалгажээ.

Үүнээс 4 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд одоогоор 47 гомдол, мэдээлэл шалгагдаж буй.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 546 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 31 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 491 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

УОК сургалтын төвүүдийг нээх эсэх асуудлаар хуралдаж байна

Улсын онцгой комисс хуралдаж эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Уг тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэх юм.

Нийтдээ 1,088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын байр болон эдийн засгийг дэмжих зорилгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээх ажээ. Одоогоор:

  • Анхан шатны ур чадвар олгох сургалтын 414
  • Гадаад хэлний сургалтын 255
  • Жолоо болон мэргэшсэн жолоооны 419 сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж.