Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга УОК, СЕХ-ны гишүүдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.

Гадаадад байгаа иргэдийн асуудлаар:

Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй, наад захын хүнсний хомсдолтой тулгарч байгаа тул Энэтхэгээс иргэдээ татах, ингэхдээ “МИАТ” компани тус улс руу нислэг үйлдэх боломжгүйг харгалзан үзэж, Энэтхэгийн компаниар нислэг хийлгэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өглөө.

Энэ маягаар шууд нислэг үйлддэггүй улс орнуудаас иргэдээ татах боломж бүрдвэл олон улсын нислэг үйлдэх боломжтой орон нутгийн байр, боловсон хүчнийг ашиглан ачааллыг хуваарилах санал гаргасныг УОК-ын гишүүд хэрэгжүүлж боломжтой гэсэн бөгөөд энэ чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.

Мөн уулзалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд тохирсон орон сууцны зээлийн бодлого гаргах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхиийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж, баталсан нэг удаагийн хуульд хүргүүлсэн саналдаа энэ асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг түргэн шуурхай хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.

Сонгуулийн асуудлаар:

СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Гэсэн ч намууд нэр дэвшигчээ тодруулах, сонгуулийн сурталчилгаа эхлэх, санал өгөх өдөр гэсэн томоохон бөөгнөрөл, цугларалтыг цар тахлын үед хэрхэн зохион байгуулах талаар тодорхой дүрэм, журам гаргаагүй байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын сонгуулийн үед дагаж мөрдөх журмыг нарийвчлан гаргаж, аливаа эрсдэл гаргасан үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг холбогдох эзэнтэй нь тодорхой болгож, ойрын хугацаанд боловсруулах санал хэллээ.

Түүнчлэн цар тахлын үед зохион байгуулах гэж буй УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчид нийлээд 474 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо байгааг анхааралдаа авч, хямралын нөхцөлд үр ашиггүй зардал гаргахаас зайлсхийх хэрэгтэйг онцоллоо.

Уулзалтад УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, мөн гишүүд оролцов.


Холбоотой мэдээлэл:

Дэлхий дахинд 3.5 сая хүн өвчлөөд буй коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

  • 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр СЕХ-ны дарга, гишүүдтэй уулзаж, сонгуулийн бэлтгэл ажилтай танилцаж,
  • 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бэлтгэл ажлын явц, үр дүнгийн талаар зөвлөлдсөн.
Categories
мэдээ нийгэм

Л.Мөнхтүшиг: УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс дахь иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авна

Л.Мөнхтүшиг: Өнөөдөр өглөөний байдлаар 45 бүс нутгаас 5600 орчим ...

Улсын онцгой комиссын шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “БНСУ-руу нислэг үйлдэх шаардлага бий. Зүүн өмнөд Азид 300 орчим иргэн байна. Татан авах ажлыг зохион байгуулах ажил судалгааны шатанд байна. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Турк, Энэтхэг улс дахь иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авна. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй 2000 иргэний нарийвчилсан төлөвлөгөөг бид Элчин сайдын яамтайгаа хамтраад гаргаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Орост байгаа оюутан залуус иргэддээ мэдэгдэх болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчоо орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ

Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр тээврийн товчоо орчимд таван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүмүүсийг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Хэргийн газрын үзлэгийг Тээврийн цагдаагийн албанаас хийж байна. Урьдчилсан байдлаар осол гаргасан том оврын автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Ослын улмаас хоёр хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үед гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

“Тавдугаар сарын 6-нд Улс болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Харин 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хориог тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана.

Уг дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд 08:00-18:00 цагт гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн ажиллах талаарх асуулт их ирж байна. Зарим аж ахуйн нэгж өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай ажилтнуудаа 08:00 цагаас өмнө оруулж, 18:00 цагаас хойш гаргах шийдлийг сонгож байхад зарим нь цахимаар ажлаа хийхээр болж байна. Энэ бол тухайн байгууллагын дотооддоо хийх зохион байгуулалт юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр нь хилийн зэсээ тойроод нийт 63.9 км үргэлжилдэг дүүрэг. Дадлага сургуулийн үеэр хилийн цэсээр бүтэн харуул хамгаалалтад 700 гаруй алба хаагч ажиллана.

656 цэг дээр алба хаагчдыг байршуулж, орох болон гарах хөдөлгөөнийг хаана. Харин шаардлагатай тохиолдол нэвтрэх долоон орц гарцыг гаргана.

Дүүргийн томоохон уулзварууд дээр цэргийн зэвсэг техник орж ирж, зам хаах тул иргэд сэтгэл санаагаа бэлдэж, тайван байхыг хүсье. Энэ бол зөвхөн дадлага сургуулийн үед л орж ирсэн техник хэрэгсэл гэдгийг ойлгох нь зүйтэй” гэв.

Мөн тэрбээр дадлага сургуулийг 72 цагийн хугацаанд зохион байгуулах хэдий ч 21 хоногийн хугацаанд хөл хорио тогтоовол ямар арга хэмжээг хэрэгжүүлэхийг тооцож, үйл ажиллагаагаа зохион байгуулна гэлээ.

Чингэлтэй дүүргийн хөл хорио тогтоох өдөр дүүргийн шуурхай штабаас 12:00 болон 16:00 цагт шууд дамжуулалтаар мэдээлэл өгөх аж. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй хэмээн албаныхан мэдээлэв.

Мөн дадлага сургуулийн үеэр байлдааны зориулалтын техник хэрэгслийг ашиглахгүй гэдгийг НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар тодотголоо.Мэдээллийн дараагаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар сэтгүүлчдийн болон иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа.

-Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана.

Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа.

-Хөл хорио тогтоосон хугацаанд зайлшгүй шаардлага гарсан үед иргэд ямар утсаар холбогдож, зөвлөгөө тусламж авах вэ?

-101, 102, 103, 105 дугаарын утсууд ажиллах тул иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно.

-Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэг рүү нийтийн тээвэр оруулах уу. Чиглэлүүдийг өөрчлөх үү?

-Дээрх хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй. Тиймээс нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явна.

Categories
мэдээ нийгэм

Өргөтгөсөн худалдаагаар 246 мянган тонн мах борлуулаад байна

Нөөцийн махны худалдаагаар өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 246.71 тонн мах борлуулаад байна.

Нийслэлийн хүн амын энэ оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш нийслэлийн 24 байршилд 10.00:19.00 цагийн хооронд зохион байгуулж байна. Худалдаагаар хонины махыг кг-ыг нь 6500 төгрөг, ямааны махыг 6000 төгрөгөөр борлуулж байна. Өргөтгөсөн худалдаа 5 дугаар сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн томоохон зах, худалдааны төвд хонины мах кг нь 8500-10.500 төгрөгийн үнэтэй байна. Нөөцийн мах борлуулах цэгийн талаарх мэдээллийг энд дарж авна уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронавирусийн халдвар илэрч, 41 дэх тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.

“Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн.

Шинжилгээ хийсэн таван лаборатори

  • ХӨСҮТ- 2
  • ЗӨСҮТ-1
  • Дорнод-1
  • Дархан-Уул-1.

Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон.

Шинжилгээний хариу

  • Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.
  • Дорнод аймаг дахь “Петрочайна Дачин тамсаг” компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.
  • Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.
  • Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол Монгол Улсад 41 боллоо.

Халдвар авсан Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа

Халдвар авсан хүмүүсээс 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо 28 хүн эмчилгээнд байна. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнэлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа”.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа болон Европын Холбооны зарим улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ цаг үеийн асуудлаар ярилцав.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа Монгол Улс “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг үр дүнтэй буйг тэмдэглээд, нөхцөл байдалтай холбогдуулан үүсч буй зарим асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” цар тахалтай холбогдуулан авч буй арга хэмжээг тайлбарлан дэлхий дахиныг хамраад буй энэхүү цар тахлыг даван туулахад нийтээрээ хамтран ажиллахыг чухлыг тэмдэглэсэн байна.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” олимпийн чөлөөт бөхийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг батлав

Олон улсын олимпийн хорооны удирдах зөвлөл “Токио-2020” олимпийн чөлөөт бөхийн тэмцээний шинэчилсэн шалгуурыг батлав.

Марокко улсын Эль-Жадидад болох Африк-Номхон далайн орнуудын, Унгарын нийслэл Будапешт хотноо болох Европийн, БНХАУ-ын Сиань хотод болох Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээнийг 2021 оны гуравдугаар сард, Болгарын Софид болох Дэлхийн тэмцээнийг 2021 оны дөрөвдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Токиогийн олимп болон олимпийн эрх олгох тэмцээнүүдэд 18 нас хүрсэн (2003 оноос өмнө төрсөн) тамирчин оролцож болно гэж заасан байна. Токиод бөхийн төрөлд (эрэгтэй чөлөөт бөх, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан) нийт 18 жинд 288 бөх оролцох юм.

Categories
мэдээ нийгэм

Зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмддэг гурван бүлгийг илрүүлэв

Автомашины цонх хагалж хулгайн гэмт хэрэг үйлдэхээс гадна дээрэм хийдэг гурван бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шөнө оройн цагаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, “Приус” маркийн авто машинтай, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, бусдын гар утас, бэлэн мөнгө эд зүйл дээрэмддэг. Мөн автомашины гурвалжин шилийг хагалж цүнх, үнэт эдлэл, эд зүйл хулгайлдаг гурван бүлэг этгээдүүдийг илрүүлэн дайчлан баривчлан, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана

УИХ-ын 4 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;

Бусад.