Categories
мэдээ нийгэм

Улсын Филармонийн хамт олон нэг өдрийн цалингаа УОК-т хандивлав

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн хамт олон коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандивын аянд нэгдлээ.

Нийт 170 гаруй ажилтан, алба хаагч, уран бүтээлчдийн нэг өдрийн цалин 5 092 525 төгрөгийг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Улсын Филармонийн удирдлагууд “Бид нэг гэр бүл” аяныг өрнүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа, тайван цаг ирэхэд “Бид нэг гэр бүл” талархлын тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр хээрийн эмнэлэг дэлгэх бэлтгэлээ хангажээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар эрүүл мэндийн салбарынхан энэ сарын 6- 8-нд хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ.

Дадлага сургуулилалтын үеэр эрүүл мэндийн байгууллагууд тухайн өгсөн цагт тохируулан эмнэлгийн тусламжийг хэрхэн үзүүлэх талаар бэлтгэлээ хангажээ. Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу 300 ортой төрөх эмнэлгийг дадлага хэлбэрээр, хээрийн эмнэлгийг Жаргалантын аманд бэлдсэн байна.

Өвчлөлийг хүн амын дунд тархах эрсдэл маш өндөр хэмээн тооцож бүх тооцооллыг ДЭМБ-ын аргачлалаар хийх юм. Түүнчлэн тусгай үүргийн онгоц болон тээврийн хэрэгслүүдээр эмнэлгийн хэвийн тусламж үйлчилгээнд нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ үе шаттай татан авах ажиллагааг УОК, Шуурхай штаб, МИАТ болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийж байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ХҮН ТӨРӨЛХТӨН МӨНХРӨХ ҮҮ

Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор цөмийн физикч, Чингис хааны одонт эрдэмтэн Х.Намсрайн бичсэн өгүүллийг хүргэж байна.

Бид хувьсан өөрчлөгдөж буй гайхамшигтай цаг үед амьдарч байна. Шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжлийн ийм өвөрмөц зуунд амьдарч байгаа нь бидэнд олдсон их хувь заяа гэлтэй. Энэ зуунд биднийг хүрээлэн буй ертөнц, амьдралын мөн чанарын уг сурвалжийн бодит үнэнд хүрсэн цаг үе гэж хэлж болно. Миний бие байгалийн бүтцийн дөрвөн тулгуур хүчний нэгдлийн тухай онолын судалгаа хийдэг хүний хувьд бид дотор нь амьдардаг нарт хорвоогийн хөгжлийн жам ёсыг уншигч олонтойгоо хуваалцах зорилгоор энэхүү өгүүллийг толилуулж байна.

Нар, сар, дэлхий улмаар бид гурван хэмжээст ертөнц дотор хөвөн , өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй амьдран хөгжиж байгаа билээ. Ийм хөгжил хөдөлгөөн цагийн урсгалаар үүрд мөнх үргэлжлэх үү гэсэн асуулт гардаг.

Гэтэл өнгөрсөн зууны хамгийн хамгийн гайхамшигт нээлт бол орчлон хорвоо бидний богинохон амьдрал шиг үүсэлтэй, хөгжилтэй, төгсгөлтэй болохыг шинжлэх ухааны баттай онол, туршилт, хэмжилтийн үр дүнгээр баталсан юм. Одот хорвоо бүхлээрээ 13,6-13,7 тэрбум жилийн өмнө галт уул дэлбэрэхтэй адилаар нэгэн цэгэн орчноос их тэсрэлт хэлбэрээр асар их нягттай гэрлийг цацруулан үүсч хөгжсөн байна. Бүүр хожим хойно бидний амьдралыг тэтгэгч нар, од эрхэс, дэлхий, сар үүсэн бий болжээ. Жишээ нь манай дэлхийн нас ойролцоогоор 4,3 тэрбум жил болно.

Нар, сар хиртэхийг хэзээ хаана болохыг маш нарийн тооцоолж урьдчилан хэлж чаддаг шиг бүх хорвоо, ертөнцийн хөгжлийн жам ёсыг урьдчилан хэлж болох уу гэсэн асуулт гарна. Хариулт нь бараг боломжгүй гэж эрдэмтэд үзжээ. Гэвч А.Эйнштейний дараа орох Английн их эрдэмтэн С.Хоукинг (1942-2018) : 100 тэрбум сэтгэн бодох нейронтой хүний уураг тархи байж боломгүй мэт маш нарийн нийлмэл адармаатай ямарч асуудал байлаа ч гэсэн түүний нууц, мөн чанарт хүрэх боломжтой гэж үзэж байв. Түүний энэ санаа нь хорвоо ертөнцийн үүсэл, хөгжил, эцсийн төлөв байдлыг математик тооцоо, загвар онолоор томъёолон гаргаж болноо гэсэн үг.

Учрал тохирол хэмээр нэгэн сонин үйл явдал болсон нь Хоукинг нас барснаас хойш жил гаруйхан хугацаанд монгол орны хөрсөн дээр түүний санаа, мөрөөдөл биелэгдэх ёстой байжээ. Учир нь Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаач физикчид хорвоо ертөнцийн үүсэл, хөгжил, түүний замын зургийг математик тооцоогоор гаргах боломжийн эхлэлийг тавьсан. Энэ нь квант флуктуаци буюу орон зайн доод түвшин болох вакуум төлөвийн буриглалт буцлалтыг бичих математик томъёог гарган авсантай холбоотой. Ингэснээр хорвоо ертөнц анх үүсэхэд шаардлагатай асар их хүч, нэгэнт үүссэн ертөнцийн бүтцийн тулгын чулуунууд болох эгэл бөөмсийг үүл мэт хөөн, хөвүүлэх хоёрдох хүчний хэмжээг тооцоолон гаргасан. Шинээр үүссэн ертөнцийг үлээн хөөх хүч нь түүний тэлэх үзэгдлийг хариуцах бөгөөд 13,7 тэрбум жилийн дотор ямар хэмжээтэй орон зайг эзлэх, энэ орон зай доторх бүх материйн жин хэдий хир болохыг онолоор тооцоолон олж болно. Энэ нь бусад орны эрдэмтдийн тооцоотой яг тохирч эрдэм шинжилгээний гадаадад хэвлэгдсэн олон өгүүлэл болсон. Үлээн хөвүүлэх хүчний улмаас орчлонгийн хаа нэгэн газар аадар бороо оруулах хар үүл хуралдахын нэгэн адилаар бодисын асар их нягтрал болж, тэр нь хожмын Галактикууд, тэдгээрийн доторх үй түмэн од эрхсийг бий болгох нөхцлийг бүрэлдүүлсэн байна. Хөөн хөвүүлэх хүч нь бөмбөгийг өшиглөхөд тодорхой хурдатгал гардагтай адилаар ертөнцийг улам бүр тэлэх үйл явдлыг хариуцсан хурдатгалтай болохыг тооцож гаргасан. Энэ хурдатгалын тусламжтайгаар бүх галактикууд бие биенээсээ улам бүр хурдсан холдож алга болох жам ёстойг тогтоосон. Ингээд ирээдүйдээ 13,5 тэрбум жилийн дараа бидний хорвоо ертөнц хоосон болон арилах хувь тавиланг хүлээж байна. Орчлон хорвоогийн энэ үлдэж буй “нас” хүмүүн бидний амьдралын настай харьцуулснаар асар их тул бидэнд айж, сандрах зүйл огт байхгүй.

Орчлонгийн гайхамшгийн нэг болох манай нарны аймаг, бидний амьдралыг тэтгэгч хөх цэнхэр гариг маань ингээд хөгжлийн тодорхой урт удаан настай болох тул хүн төрөлхтөн бид мөнх үлдэх үү гэсэн асуулт гарна. Энэ нь бидний амьдрах арга ухаанаас шууд шалтгаална. Яагаад гэвэл орчлонд эцэс төгсгөлгүй үргэлжлэх гурван гайхамшиг бий. Тэр нь гэрэл, цаг хугацаа, оюун ухаан билээ. Үүсгэгчээс цацарсан гэрэл эцэс төгсгөлгүй гүйнэ. Баадуудаж тавьсан цаг хугацаа зогсолтгүй үргэлжилнэ. Амьдралаас бий болсон хүний оюун ухаанд дээд хязгаар гэсэн ойлголт огт байхгүй. Хүний сэтгэн бодохыг зогсоож үл чадна. Адгуусаас уламжлан хүний мөн чанарт суусан нэгэн арилшгүй муу зүйл бол түүний шунал, тачаал, хорон муу санаа юм. Хүн амьдрах эрхээр өөр хоорондоо тэмцэлдэн, атаа чөтөөнд баригдаж бие биенийхээ дээр гарч баяжих гэсэн арчаагүй санаа бодол, тэмүүллийг зогсоох зүйл огт үгүй. Үүний эсрэг бурхдын сургаалиуд гарсан билээ. Гэвч хоёр мянга гаруй жилийн турш үргэлжлэн удмаас удамд дамжин сургасан сургааль номлол хүчин мөхөдсөөр байна. Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжил хүн төрөлхтний их шуналыг хангаж, аривжуулахад зориулагдаж буй одоо цагт нийт хүн төрөлхтний өмнө ямар хувь тавилан хүлээж байгааг их сэтгэн бодогчид, эрдэмтэд санаа зовон, бодлогошрон, урьдчилан тааварлах оролдлого хийж байгаа билээ. Түүний нэг нь Стивен Хоукинг байлаа. Жишээ нь Африк тивийн сан овгоос гаралтай 2000 орчим тоотой хүн төрөл Аравын цөлийг дамжин зүүн хойд зүгт нүүдэллэн төв Азийн нутагт суурьшин амьдрах болсноос хойш ердөө ойролцоогоор 50000 жилийн дараа 7,8 тэрбум болж, одоо цагт эмнэлэг, биологийн болон шинжлэх ухааны бусад салбарын ачаар нийт хүмүүсийн дундач наслалт ихсэж, жилд дундачаар 2,5-иар өснө гэж үзвэл 40-50 жилийн дотор нийт хүн төрөлхтний хүн амын тоо хоёр дахин өсч, улмаар 400-500 жилийн дотор эх дэлхийдээ багтахгүй шахаж 4000 тэрбум орчим хүн амтай болох юм. Ингэснээр өөр гарагт нүүдэллэх, эсвэл эх дэлхийн гадаргуу болон далай тэнгисийн дор орж амьдрах хувь тавилан хүлээж байна. Унаган байгалиа эвдэн түүнээс улам бүр салан шил толь, төмөр бетон орон сууцандаа амьдрах болсон хүн төрөлхтөн өөрсдийнхөө оюун ухаан, гараараа бүтээсэн эд юмныхаа боол болох хувь тавилан ч хүлээж байж болох юм. Жишээ нь квант нейронтой хиймэл оюун ухаан бүхий роботуудынхаа эрхшээлд орж, тэдний зарц боол нь болохгүй гэсэн зарчим байхгүй. Өнөөдрийн өдрийн өндөрлөгөөс харахад саяхан зохион бүтээсэн компьютер, гар утасны эрхшээлд бид яаж орж байгаагаа тэр бүр ухамсарлахгүй байна. Дэлхийн амьдралыг тэтгэгч шимт мандалыг 10 дахин устгах чадалтай олон мянган атом, ус төрөгчийн бөмбөгүүд, түүнийг тээвэрлэгч пуужин бүхий системийг жолоодох товчлуур их гүрнүүдийн ерөнхийлөгч нарын ширээн дээр бэлэн байгаа нь тохиолдлоор ч болов эх дэлхийгээ сөнөөх магадлал байнаа л гэсэн үг.

Хүн төрөлхтнийг мөхөөх давтагдашгүй нэгэн хүчин зүйл бол байгаль, ертөнцийн эргэж буцдаггүй үзэгдлүүд байж болно. Жишээ нь нар мөнхөд гэрлээ цацруулах ёсгүй. Түүний устөрөгчийн агууламж тодорхой тоон хязгаартай учир зул сүүмэлзэн унтрахтай адил нарны гэрэл багасч, улмаар нар маань Дэлхий хүртэлх зайнд “хөөсөрөн” тэлж, шар бөмбөлөг болсон цагт Дэлхий дээрх амьдрал төгсгөл болох жамтай. Гэвч энэ үзэгдэл 7-10 тэрбум жилийн дараа болох тул бидэнд ямарч аюул авчрахгүй. Харин тэр болтол хүн төрөлхтөн байх нь эргэлзээтэй асуудал. Бас сар маань дэлхийн мөнхийн дагуул болон эргэлдэх хугацаа 3-4 тэрбум жил бөгөөд үүний дараа Дэлхийгээ орхин огторгуйд дүүлж алга болно. Тэр үед Дэлхий дээр дөрвөн цагийн улирал алга болж, түүний цаг агаарт эрс өөрчлөлт орж, экватор байсан газарт туйл болон хувирч, туйл байсан газарт аагим халуун болох ч тохиолдол гарч ирнэ. Бас манай нарны аймаг өөртөө 100-200 тэрбум оддыг багтаасан Сүүн замын төв болох 5,5 сая нарны масстай хар нүхийг тойрон эргэлдэхдээ үй түмэн сансрын биетүүд болох жижиг гарагууд, сүүлт одод, солируудын урсгал дундуур хөвөн хөдөлнө. Ийнхүү нартай хамт галактикийн төвийг тойрон явах замдаа эх Дэлхий маань дээрх биетүүдтэй мөргөлдснөөр галав юүлэх үйл явдал болж, диназоварууд мөхсөн шиг хүн төрөлхтөн мөхөх магадлал бас бий.

Хүн төрөлхтөнд гай, гамшиг учруулж болох өчүүхэн бага магадлалтай дээрх учралуудаас гадна бүүр өнөөдрийн өдөр, нүүр тулгаран байгаа аюул занал бол хүмүүс бидний шуналаас үүдэлтэй байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулах үйл явдлууд болж байна. Эх дэлхийнхээ ой модыг огтлон, ан амьтдыг устгаж, газар шороог нь эвдэн сэндийлж, тунгалаг рашаан усыг бохирдуулан ширгээж, газрын хөрсөн доорх баялагийг ухан дуусч байгаа энэ цагт, байгаль, дэлхий нь хүн төрөлхтөнд эсрэг үйлчлэл үзүүлж цаг агаар дулаарч хойд урд туйлын мөс хайлан, урьд хожид үзэгдээгүй асар их хурдан үрждэг бактери, хүн төрөлхтөнд хар тахалыг авчирдаг вирус гэрлийн хурдаар тархаж, улмаар хүн төрөлхтнийг сөнөөх зам уруу хөтөлсөөр байна. Манай дэлхийн бүх амьд организмын уг сурвалж нь нэг бөгөөд нэг эс, нэг үр хөврөл, нэг үндэснээс үүсэлтэй учир ямар ч аюултай байгалийн гаралтай вирус байлаа ч гэсэн хүний эд эстэй яваандаа дасан зохицох жам ёстой. Энэ нь эмчлэгдэнэ гэсэн үг. Харин генийн өөрчлөлт мутацаар гарган авсан хиймэл вирус харь гарагийн мэт бидний эстэй үүрд мөнх үл зохицолдох учир хүн төрөлхтнийг сөнөөж болох юм. Физикийн хөдлөшгүй хууль ёсоор хоёр биет-хоёр систем болон байгаль-хүн төрөлхтөн хоёр эсрэг тэсрэгийн хоёр үйлчлэл дотор оршино. Иймд нэг систем нь үргэлж хожиж, нөгөө нэг систем нь үргэлжид хожигдоно гэсэн ойлголт байхгүй. Заавал хариу-буюу эсрэг үйлчлэл үзүүлэх ёстой. Энэ зарчмаар бол хүн төрөлхтөн байгальдаа хайр гамгүй, хэрцгий харьцах тусам тэр хирээрээ өөрийгөө сөнөөнө гэсэн үг. Энд харилцан хамааралтай хоёр системийн хувьд гайхалтай нэгэн зарчим ноёрхоно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл байгаль өөрөө өөрийгөө хүний оролцоогүйгээр сэргээн цэцэглүүлж чадна. Харин хүн төрөлхтөн байгальгүйгээр нөхөн сэргэх нь битгий хэл сөнөх тавилантай. Энэ нь аягатай халуун цай хөрөхөөс биш аяндаа халдаггүй, хагарсан аяга буцаад эвлэдэггүй, бурхан болсон хүн буцаад амь ордоггүйтэй адил нэг талын буюу цагийн урсгал буцаж явдаггүйтэй адил гайхамшигтай нэг чиглэлийн хөгжлийн жам ёс юм. Хүн-байгалийн харьцааг энтропи-хэмээх физикийн хуулиар тайлбарлаж болно. Энтропи гэдэг ухагдахуун нь аливаа нэг юмны, системийн эмх цэгцгүй, замбараагүйдэлтийн хэмжээсийг заана. Жишээ нь ширээн дээр байгаа аяганы энтропи, ширээнээс унаж хагарсан аяганы энтропиноос бага. Яагаад гэвэл ширээн дээр байгаа аяга, ширээнээс унаж хагарсан аяганаас илүү цэгцтэй учир түүний энтропи бага. Хагарсан аяга замбараагүй цэгцгүй учир түүний энтропи их. Хорвоо ертөнц анх үүсэх үед түүний энтропи хамгийн бага буюу ертөнц энэ эхэн үедээ дээд зэргийн эмх цэгцтэй, тэгш хэмтэй байсан гэсэн үг. Ертөнц цаашдаа хөгжих тусам од эрхэс үүсч, хүмүүн төрөлхтөн бий болох зэргээс түүний анх байсан эмх цэгц алдагдаж, улмаар түүний энтропи үргэлжид ихэссэн болно. Тэгвэл хүний аливаа нэг яльгүй үйлдэл үйл ажиллагаа байгаль, ерөтнцийн энтропийг улам ихэсгэж, түүнийг замбараагүй, эмх цэгцгүй болгож байна гэсэн үг. Жишээ нь бид баясаад нэг сайн инээх, эсвэл овоон дээр гараад уухай гэж хашгирахад л ертөнцийн энтропи өчүүхэн ч болов ихэсдэг байна. Нэг үгээр хүний үйлдэл байгаль ертөнцийг эмх цэгцгүй болгож байна гэсэн үг. Учир ийм тул бидний үйл ажиллагаа хорвоо ертөнцийг эмх цэгцгүй зам уруу улам бүр түлхэж, ингэснээр өөрсдөө мөнх байх хувь тавилангаа алдан алдсаар байна.

Гэвч хүн төрөлхтөн мөнх орших мөрөөдлийн гэмээр нэгэн арга зам байгааг эрдэмтэд ургуулан бодож олсон. Тэр нь юу вэ гэвэл, жишээ нь нэг хэмжээст харанхуй нүхийг цоолон өвс ногоо дэлгэрсэн нарт хорвоогийн гурван хэмжээст орон зайд гарч ирсэн тарвага ямар их баяр баясгалантай байдгийг бид яахан төсөөлөх билээ. Үүнтэй адилхан хүн төрөлхтөн хажууханд чинь байгаа олон хэмжээст ертөнц рүү шурган орж, мөнх орших зам гаргах юм биш биз гэсэн санаа юм.

Олон хэмжээст ертөнцийн тухай ойлголтыг анх А.Эйнштейн дэвшүүлж, гурван хэмжээст ертөнц дээр нэмээд цагийн урсгалын нэг хэмжээсийг нэмж, дөрвөн хэмжээст ертөнцийг эгэл бөөм, микро буюу бичил ертөнцөд оруулсан нь материйн бүтцийн дөрвөн хүчний нэгдлийг боловсруулахад гарамгай үүрэг гүйцэтгэсэн юм. Ингэж атом, цөм, эгэл бөөмсийн үзэгдэл, тэдгээрийн харилцан үйлчлэлийн процесс явагдах орон зай нь дөрвөн хэмжээст ертөнц болсон түүхтэй. Эйнштейний энэ санааг цааш нь ургуулан таталцлын, цахилгаансоронзон, цөмийн буюу хүчтэй үйлчлэл, материйн задралыг хариуцсан сул үйлчлэл гэсэн байгалийн дөрвөн хүчний нэгдлийг хангасан, нэг хэмжээст утсан бүтэцтэй биетийн хөдөлгөөнийг бичих онолын судалгаанд бидний хаяа хүрээнд орчлонгийн өөр төрлийн 10 болон 11-хэмжээст зэрэгцээ ертөнц оршин байж болохыг физикч эрдэмтэд 20-р зууны эцэс , 21-р зууны эхэнд томъёолон гаргасан.

Сүүлийн жилүүдэд манай физикчид олон хэмжээст огторгуй-хугацааны онолоор дэлхийн түвшний судалгааг явуулж, чухал үр дүнгүүдийг гарган авсан нь 5, 6, 7 гэх мэт хязгааргүй олон хэмжээстэй орон зайн ойлголт физикийн онолд чухал үүрэг гүйцэтгэж болохыг харуулсан. Үүний зэрэгцээ бидний ойролцоо, хаяа дэрлээд 5, 6, 7 гэх мэт хэмжээстэй ертөнц орших бөгөөд бид эдгээр олон хэмжээст огторгуй руу нарийн суваг хоолойгоор тарвага шиг дамжин орж болох боломжтой.

Олон хэмжээст огторгуйн онолын тооцоог эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийг бичдэг квант орны онолд оруулахад түүний математикийн хамгийн хүндрэлтэй асуудал болох хэт ягаан туяаны салалтыг-хязгааргүй тоон утгыг арилгаж чадсан. 1916 онд Германы физикч Шварцшильд Эйнштений тэгшитгэлийг бодоход түүний шийд тодорхой масс бүхий биет бөөмсийн ойролцоох огторгуй-хугацааны муруйлтыг савангийн хөөс шиг хязгааргүй бага радиустай онцгой цэг болгож байгааг харуулжээ. Тэр үеийн ихэнх гарамгай эрдэмтэд, тухайлбал Оросын их эрдэмтэн, Нобелийн шагналт Л.Д.Ландау цочирдон гайхаж, ийм утгагүй юм байх учиргүй гэжээ. Хожим нь энэхүү огторгуйн онцгой буюу сингуляр цэгийг хар нүх гэж нэрлэжээ. Жишээ нь манай дэлхий, нарыг хар нүх болгохын тулд дэлхийн хэмжээг 0,1 см радиустай, нарыг 3км радиустай асар их нягт бүхий бөмбөлөгүүд болгох учиртай. Харин манай физикчдийн сүүлийн үеийн олон хэмжээст огторгуйн судалгааг Эйнштейний онолд оруулснаар огторгуй-хугацааны дээрх төрлийн утгагүй гаж үзэгдэл алга болсон.

Харин огторгуй хугацаа эвдэрч чөлөөтэй зорчих боломжгүй бөмбөлөгүүд болон тасрах үйл явц зөвхөн ертөнцийн их тэсрэлт буюу их төрөлтийн үед бий болж болох юм. Ингээд нэг бөмбөлөг нь бидний ертөнц болон тэлж, бусад нь биднээс тасран зэрэгцээ ертөнцүүд болон алга болжээ.

Ингэж олон хэмжээст огторгуй нь бидний гурван хэмжээст ертөнцийг бодвол төсөөлж боломгүй гайхамшгийг авчирч болох юм. Хоёр нартай, олон нартай манай дэлхий шиг сонин тогтоцтой, мөнхийн амьдралтай, бурхдын орон ч байж болох юм. Харамсалтай тэр ертөнц рүү шурган орох суваг, хоолойн хэмжээ нэг метрийг нэгийн ард 35 тэгтэй тоонд хуваасантай тэнцэх өчүүхэн бага болохыг тогтоов. Ингэснээр олон хэмжээст өөр ертөнц рүү айлчлах нь мөрөөдөл болон хувирав. Монголчууд бид төв Азидаа мөнхрөн үлдэх хувь тавилантай ч түүнийгээ гурван арван жилийн дотор эвдэн сүйдгэж байгаа нь даанч харамсалтай. Эд мөнгөний шуналын өрсөлдөөнд унаган байгалиа харийхантай хамтран хайр гамгүй сүйтгэж, ан амьтдыг алж дуусгаж, цэцэг ургамлыг нь тасдан түүж, хөрс шороогоо ухан сэндийлж, хойч үедээ үлдээх юмгүй шахуу болгож байна. Хэт хурдан баяжих санаархал нь монгол хүний мөн чанарыг эвдэж, улмаар олон мянган жил хураасан өвөг дээдсийнхээ буяныг барж дуусч байна. Хэзээ монгол хүн бэлчээрт байгаа адуу, морио нум сумаар харваж алж байлаа. Морио буудаж махыг нь зарж байгаа хүн монгол хүн биш болсных, харин адгуус төрөл рүүгээ орж байгаа л гэсэн үг.

Гэвч цаг зуурын сэтгэлгээний хямрал, оюуны хомсдол, хөрөнгө мөнгөний шуналын хинээрхэл, баяжих дон цагийн аясаар алга болж, баялагийн тэгш хүртээмжтэй, ажилтай, орлоготой, жаргалтай нийгмийг бид бүтээж чадна. Хөрөнгө мөнгөний чөлөөт өрсөлдөөнтэй америк маягийн амьдралын хэв журам хүн төрөлхтний хөгжлийн цорын ганц, шалгарсан зам огт бишээ.

Арчаагүй шуналын үүднээс хураасан их хөрөнгө, мөнгө эцэстээ хэнд хэрэгтэй юм бэ? гэсэн асуулт гарна. Энэ нь эцэс сүүлдээ зовлонгийн там болдог байна. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Бэл Гейтс сэтгүүлчийн ярилцлагандаа “Заримдаа их хөрөнгө мөнгийг эргэлдүүлнэ гэдэг зовлон юм билээ ” гэсэн байдаг. Ухаалаг гар утасны эхлэлийг тавьсан их зохион бүтээгч Стив Жобс оюутан нарт ингэж сургасан байдаг. “Их гайхамшгийг бүтээж, их хөлжиж баяжлаа ч та нар замын эхлэлээ үргэлж санаж, анх өлсгөлөн байснаараа бай, тэнэг хэвээр үлд” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл ахуйн аяныг эхлүүллээ

Гараа хэрхэн зөв угаах вэ?

“COVID-19”-өөс сэргийлэх хамгийн энгийн арга нь гараа зөв угаах, эрүүл ахуй, халдвар судлалын дэглэм юм. Иймээс ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, НЭМҮТ хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байна.

Есдүгээр сар хүртэл үргэлжлэх аяны хүрээнд гараа угаах, орчны хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн ажил хийх юм.

Тус аянд албан байгууллагууд орчин тойрны 50 ам метр талбайг цэвэрлэж хоггүй болох ажлыг өрнүүлж эхэлжээ. Тухайлбал, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамт олон орчин тойрныhoo хог хаягдлыг цэвэрлэж эрүүл орчинтой болж байна. Иймээс албан байгууллага бүр цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хоггүй эрүүл орчинд ажиллаж амьдрахыг ЭМЯ-наас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд хүлээлгэн өглөө

Гал унтраах зориулалтын багаж хэрэгслүүд хүлээлгэн өглөө

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргаас ой, хээрийн түймэр унтраах зориулалтын багаж хэрэгсэл болох 21 ширхэг үүргэвчит гал унтраагуур “Рело” хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээаврагч-гал сөнөөгчид нуруундаа үүрч, гар хошуу, шахуургыг ашиглан гал унтраах зориулалттай ба цээжний хэсгээр тайлж, түгжиж ашиглах юм.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд алба хаагчид Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад өдөр бүрийн 10.00-19.00 цагт байнгын үүрэг гүйцэтгэн, 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Коронавируст халдвар: COVID-19-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ ТОЙМ – 9

COVID-19 (Coronavirus) | Freeman Health System

1. Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судалгаагаар Ковид-19-тэй өвчтний өрөөний 15 хэсгээс авсан сорьцын 87%, 00-ын өрөөний 5 хэсгээс (суултуур, тосгуур, хаалганы бариул) авсан сорьцын 60%-д коронавирус илэрчээ. Агаар дуслын замаар болон ялгадсаар коронавирус орчныг бохирдуулж байгааг судалгаа харуулжээ. Энэ нь орчны болон гарын ариун цэврийг чанд сахих шаардлагатайг нотолж байна. Мөн гутлын хоншоороос авсан арчдасд коронавирус илэрсэн бол агаарын сорьцонд илрээгүй байна.

2. Италийн Турины Их сургуулийн судлаачид коронавирус судасны ханыг гэмтээж зүрхний титэм судасны цочмог хамшинж үүсгэдгийг тогтоожээ. Ковид-19-ийн дэгдэлтийн эхэн үед тус улсын хойд хэсэгт зүрхний титэм судасны цочмог хамшинжийн улмаас өвчтнүүд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж байжээ.

3. Хятадын Шэнжэн болон Тианжин их сургуулийн судлаачид Ковид-19-ийн халдвартай 5 хүнд өвчтөнд эдгэрсэн хүний цусны сийвэнг хэрэглэхэд үр дүн өгчээ. Тэдний 3 нь 50 гаруй өдрийн дараа эмнэлгээс гарсан бол 2 нь 37 дахь хоног дээрээ биеийн байдал тогтворжсон байна.

4. Ухань хотын эмнэлгийн болон олон нийтийн газрын орчинг судлахад эмнэлгийн орчинд коронавирус тархах эрсдэл өндөр байсныг тогтоожээ. Ахуйн болон хувийн ариун цэвэр сайн сахих, агаар сэлгэлт тогтмол хийх, олноор цугларахгүй байх нь халдварын эрсдэлийг бууруулдаг байна. Ариун цэврийн өрөө буюу цонхгүй битүү орчинд вирусийн тоо их байжээ. Мөн эмнэлгийн ажилтнууд хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед агаар дах вирусийн тоо нэмэгдэж байсан тул хувцас, хэрэгслийг тайлахын өмнө ариутгахыг зөвлөжээ.

5. Английн үндэсний эрүүл мэндийн төв 1654 эрүүл мэндийн ажилтанд шинжилгээ хийжээ. Тэдний 81% нь үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг, 8% нь лабораторийн ажилтан, 11% нь захиргааны албан хаагчид байжээ. Үйлчлүүлэгчтэй шууд харьцдаг ажилтны 15%, лабораторийн ажилтны 16%, албан хаагчдын 18%-д коронавирус илэрчээ. Үүнээс үзэхэд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр халдвар хамгааллын дэглэмийг баримтлах шаардлагатайг харуулж байна.

6. Лондонд хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ тусгаарлагдсан 267 хүний эмнэлзүйн шинж тэмдгийг судалжээ. Тэдний 68.3% ядрах, 64.4% амтлах, үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, 60.4% хуурай ханиалгах, 55.5% халуурах, 34.6%-д хамар битүүрэх шинж тэмдэг илэрчээ. Үнэрлэх, амтлах мэдрэмж буурах шинж тэмдэг бусад шинж тэмдгээс харьцангуй хожуу илэрсэн байна. Уг шинж тэмдэг эмэгтэйчүүдийн 72.4%, эрэгтэйчүүдийн 55.7%-д гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 7-нд нийтийн тээврийн үйлчилгээний маршрутад орох өөрчлөлтүүд

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаалын дагуу “Коронавируст /Ковид-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ, дадлага сургуулийг 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болсон. Үүний дагуу 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэсэн юм.

Дээрх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах,богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.

Зогсоох чиглэлүүд:

  • Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”,
  • ХО:1 “Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр”,
  • ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”,
  • Ч:24а “Зүрх уул /Чингэлтэй/-3,4-р хороолол /эцэс/,
  • Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”
  • Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4 хороолол-Вокзал”,
  • Ч:21а “Булгын 19-р гудамж-Вокзал-3,4 хороолол”

Уртасгах буюу тойрох чиглэлүүд:

  • Ч:70 “ТЭЦ.-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”,
  • Ч:69 “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”,
  • Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол”,
  • Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС”,
  • Ч:53″Яармаг-МУБИС”,
  • Ч:51 “3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав худалааны төв”,
  • Ч:49 “1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав худалдааны төв”,
  • Ч:48 “Зүүн салаа-Чингэлтэй-МУБИС”,
  • Ч:47 “Орбит-Ард кино театр”,
  • Ч:41 “Баруун-салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг”,
  • Ч:40 “Мах Импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран”,
  • Ч:39 “Сансар-3,4-р хороолол”
  • Ч:33 “Шархад-Зунжин”
  • Ч:27 Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”,
  • Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,
  • Ч:22 “Шадивлан эцэс-Бөмбөгөр-Чингис Соосэ-ДС-Далангийн зам”,
  • Ч:18б “3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Баруун тойрог/,
  • Ч:18а “3,4-р хороолол-ТЭЦ 3-Цэцэг төв /Зүүн тойрог/,
  • Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу” /Их тойрог/,
  • Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам-” /Их тойрог/

Богиносгох чиглэлүүд:

  • Ч:4 “5 шар-3,4-р хороолол-Сансарын тойрог”,
  • Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,
  • Ч:7 “Нисэх-МУБИС-Цэцэг төв”,
  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”,
  • Ч:73 “Зунжин-худалдааны төв-ТЭЦ-4”,
  • Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”,
  • Ч:55 “Зайсан-Дэнжийн мянга-ЗГАБааз-Согоотын гудамж”,
  • Ч:52 “3,4-р хороолол-Тэнгис кино театр-Зайсан”,
  • Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-Бөмбөгөр худалдааны төв”,
  • Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”,
  • Ч:35 “Цагаан давааны задгай-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС-11-р хороолол”,
  • Ч:34 “Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”,
  • Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,
  • Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард-кино театр”,
  • Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”

Иймд шуурхай зохицуулалтын арга хэмжээтэй холбогдуулан зарим чиглэлийн батлагдсан замнал, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж шуурхай зохицуулалт хийгдэх тул иргэдэд доорх зураглалтын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (COVID-19) 2020-05-05-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр нарын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав

Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон тухайн үеийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тавдугаар сарын 11-ний 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт товлогдсон байсан юм.

Шүүгдэгчдийн нэг болох яллагдагч Д.Ганболд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд С.Баяр нарын найман хүнд холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар тодруулжээ.

Уг мэдээлэлд:

Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Categories
мэдээ нийгэм

Я.Буянжаргал: Тусгаарлах байранд нийт 1,044 иргэн байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,044 иргэн байна. Манай улс өнөөдрийг хүртэл хугацаанд 6,184 иргэнийг тусгаарлан ажиглажээ.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 30-наас хойш хийсэн тусгай үүргийн нислэгээр нийт 821 иргэн ирсэн.

Үүнээс бид эрсдэлтэй гэж үзсэн нийт 45 хүнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авсан.

Мөн “Жаргалант”, “Зүчи”, “Наранбулаг”, “Альфа”, “Энх саран”, “Хабу” гэх мэт бусад амралт сувиллын газар, зочид буудалд үлдсэн иргэдийг тусгаарласан.

Гурван онгоцоор

  • тав хүртэлх насны 32 хүүхэд
  • жирэмсэн 39 эмэгтэй
  • хорт хавдартай 6 хүн
  • сахиуртай 12 хүн ирсэн бөгөөд холбогдох шинжилгээг хийж байна.

Түүнчлэн одоогоор Дорнод аймагт найм, Сэлэнгэ аймагт тав, Дорноговь аймагт 104, Баян-Өлгий аймагт хоёр иргэнийг тус, тус тусгаарлаад байна.

Улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдэд Эрүүл мэндийн салбарын 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж буй.

Харин нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 939 хүн гэрээр тусгаарлалтад байгаа бөгөөд тэдэнд Өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байгаа” гэв.

Мөн тэрбээр “Маргаашаас эхлэн улсын хэмжээнд дадлага сургуулилалт хийхээр төлөвлөсөн. Үүнд эрүүл мэндийн бүх салбар оролцох төлөвлөгөөтэй учир тухайн өгөгдсөн цагт тохируулан эмнэлгийн тусламжийг хэрхэн үзүүлэх тал дээр бэлтгэлээ хангасан.

Гэхдээ одоогоор бидэнд ямар цагийн өгөгдөл ногдох тухай мэдээлэл ирээгүй байна. Бид Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг “Яармаг 100” гэх эмнэлгийн хэлбэрээр сургуулалилтад бэлдсэн бол хээрийн эмнэлгүүдийг Жаргалантын аманд бэлдсэн.

Өвчлөлийг бид хүн амын дунд тархах эрсдэл маш өндөр байгаа гэдгээр ДЭМБ-ын аргачлалаар бүх тооцооллыг хийж сургуулилалтаар хийнэ.

Мөн бид тусгай үүргийн онгоц болон тээврийн хэрэгслүүдээр эмнэлгийн хэвийн тусламж үйлчилгээнд нөөц бүрдүүлэхэд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ үе шаттайгаар татан авах ажиллагааг УОК, Шуурхай штаб болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран хийж байна” гэдгийг нэмж хэлэв.