Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛСЭН 15 ДАХЬ ӨВИЙНХӨӨ БАТЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт гардууллаа.

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Колумби улсын Богота хотноо зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан юм. “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг энэхүү жагсаалтад бүтгүүлсэн нь нүүдэлчин Монголчуудын идээ ундааны дээжийг дэлхийн соёлын өвийн сан хөмрөгт оруулаад зогсохгүй, гүү барьж, унага татахаас эхлэн ширэн хөхүүр урлаж, айраг исгэх хүртэл бүхий л үнэт зүйлийг өвлүүлэн уламжилж ирсэн малчин ард түмнийхээ мэдлэг, туршлагыг алдаршуулсан үйл явдал болсон.

Төв Азийн зарим оронд байх айраг төст ундаанаас Монгол айраг амт чанарын хувьд ялгардаг нь ширэн хөхүүртэй салшгүй холбоотой юм. Айрагны найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бүх витамин байхаас гадна кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр нэн баялаг болохыг эрдэмтэд судлан тодорхойлсон байдаг. Манай орны Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь,Төв аймгууд “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн төв бөгөөд өнөөг хүртэл уламжлалт арга технологиор хөхүүрээ урлаж, айргаа исгэсээр байна.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв бөгөөд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэг, арга технологи, зан үйлийг Монголчууд бид хойшид ч энэ хэвээр хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үүргийг үндэстний хийгээд дэлхий дахины өмнө хүлээж байна.

Хэдийгээр өнөөдөр дэлхий нийт цар тахлын айдастай, уламжлалт баяр, ёслолыг тэмдэглэхийг хориглосон нөхцөл байдалд байгаа ч үндэстний дархлаа, оршихуйн амин судас болсон өв соёл, үнэт зүйлээ хадгалан, хамгаалж түгээн дэлгэрүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухлыг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв нээлтээ хийв. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 1980-аад оноос хойш хийгдээгүй том дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна. Цаашлаад Шар хад, Баянзүрхэд хийгдэнэ. Гэр хороололд хотын төлөөс ялгарахгүй орчин нөхцөл бүрдэж эхэллээ. Та бидний хамтдаа хэрэгжүүлж байгаа энэ ажил маань өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна” хэмээлээ.

Энэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Төслийн хүрээнд хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусган Улаанбаатар хотыг зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчлүүлдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Дэд төвүүдийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах юм” гэдгийг онцоллоо.

Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвд 162 га-д шаардагдах дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангагджээ. Баянхошуу дэд төвийн 3600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болж нэг төвтэй хотоос олон төвтэй хот болж хөгжих боломж бий болж байна. Одоогоор Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк хамтарсан 115 тэрбум төгрөгний санхүүжилтээр 3.45 км 700м шугамын өргөтгөлийн ажил, 6.3 км ариутгах татуургын коллектор шугам, 4.8 км үерийн хамгаалалтын суваг, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлуудыг тус тус гүйцэтгэж бүрэн дуусчээ.

Сурч боловсрон өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөнд талархалтай байгаагаа Хотын Захирагчид илэрхийллээ

Нээлтийн үйл ажиллагааны дараа Хотын Захирагч С.Амарсайхан Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв болон Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр орж үйл ажиллагааг шалган, тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэд, олон нийттэй уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс үйл ажиллагааг нь дэмжсэн, иргэдийг ажлын байраар хангаж, залуучуудыг сурч боловсрон, өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн орчин нөхцөлийг гэр хороололд нь бүрдүүлж өгсөнд маш талархалтай байгаагаа Хотын Захирагч уламжилж байв.

Баянхошуу дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн иргэд ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдахаас гадна тус дэд төвд байгаа цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 63.49 хувь хүртэл нэмэгдэх аж. Мөн Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан мэргэжил олгосноор мэргэжилтэй ажилчид нэмэгдэх ба бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүртээмж сайжирна. Баянхошуу дэд төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, Бизнес инкубатор төв /гарааны бизнес эрхлэгч/, дундын оффис, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!! Эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөө

COVID-19 Information | U.S. Embassy in Serbia

• Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх

• Хүүхэддээ КОВИД-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
• Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
• Найз нөхөдтэйгээ цахимаар харилцах боломж олгох
• Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих
• Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
• Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
• Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.


Ирэх сард баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дундаж /ОЖД/–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Завханы хойд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-тай адил байна.

Зургаадугаар сарын эхний арав хоногт болон гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Мөн тухайн үед салхи ихэнх нутгаар 10-12м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 14-20 м/с хүрч ширүүсэх төлөв ажиглагдаж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас увсын ихэнх, завханы хойд хэсгээр ожд-аас бага, бусад нутгаар ожд-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 10-12м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 14-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна (зураг 6), хур тунадас Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар хоногийн дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр өмнөх үеэсээ 2-5°С – аар дулаарна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 10-12 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 14-16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байна, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 2-5°С -аар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР

Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байна (зураг 6), хур тунадас Өмнөговийн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр өмнөх үеэсээ хүйтэрнэ, харин нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 12-14 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсч сул хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй.

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД-аас бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим байх боловч зарим үед сул хүчтэй салхи шуургатай байна.

Монгол орны ихэнх нутгаар хоногийн агаарын температурын далайц зургаадугаар сарын эхээр харьцангуй ихтэй бөгөөд ялангуяа төвийн аймгуудын нутгаар бусад нутгаас их байдгийн дээр шөнөдөө хүйтэн, өдөртөө халуун байдаг нь ургамал ургахад таагүй нөхцөл болдог ажээ.

Харин сарын сүүл рүү хоногийн температурын далайц нь харьцангуй бага болдог байна. Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1981-2010 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах бэлэг

Эцэг, эхчүүд бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдрөөр бяцхан үрсээ баярлуулж, тэднийхээ хамгийн чангаар инээхийг нь харахыг хүсдэг. Хүүхэд бүр л чихэр, жимс амттанд дуртай. Хүүхэд насыг ч амттангүйгээр төсөөлөхийн аргагүй байдгаас баярт өдрүүдээр хүүхдүүддээ амттан авч өгөх нь түгээмэл. Үүнийг шууд буруутгах аргагүй ч сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүн нь зарим нэг талаар хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх талтайг бид мэддэг ч өөр ямар бэлэг авч өгснөөр тэд маань баярлах вэ? гэдэгт зарим эцэг, эхчүүд тээнэгэлзэж магадгүй.

Томчуудын зөв гэж бодож буй бэлгийг бага насны хүүхдүүд сонирхох нь ховор. Олон улсад хүүхдүүддээ ямар бэлэг сонгон бэлэглэдэг талаар авч үзвэл Австраличууд хувцас, гоёл чимэглэл бэлэглэхийг илүүд үздэг гэнэ. Англичууд өөрийн гараар хийсэн сэтгэлээ шингээсэн зүйл буюу түлхүүрийн оосор, утасны чимэглэл зэргийг бэлэглэдэг байна. Германчууд бэлэг бэлгийн дээд ном гэх үзэлтэй ба хүүхдүүддээ ном бэлэглэх нь олонтоо. Харин Францчууд чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ болон дурсгалын зүйлс бэлэглэхийг зорьдог бол Финландчууд хүүхдийнхээ хичээллэдэг спортын төрөл болон хичээлийн хэрэгсэл зэргийг бэлэглэхийг илүүд үздэг байна.

Энэ жил хэрхэн хүүхдээ баярлуулах бэлгийг сонгох вэ? Тэднийхээ нас, онцлогт тохирсон болон ирээдүйд нь зориулсан ухаалаг бэлгийг сонговол зохистой.

1 хүртэлх нас

Энэ насны хүүхдийн тоглоом барихад эвтэйхэн, материал нь эрүүл, олон өнгийн байвал хүүхдийн сонирхлыг илүү татдаг. Мөн тэдний хувьд ямар бэлэг авч буйгаа хараахан ухамсарлах чадваргүй тул эцэг, эх нь ирээдүйд нь хөрөнгө оруулалт болох бэлгийг сонгож бэлтгэвэл оновчтой.

6 – 9 нас

Энэ насанд аливааг сурах хамгийн их эрмэлзэлтэй үе байдаг. Хүүхэд дуу бүжиг, зураг, спорт гэх мэтчилэн олон зүйлд өөрийгөө сорьдог учир сонирхлыг нь чиглүүлэх бэлэг өгөх нь тохиромжтой. Мөн сургуулийн орчинд дасаж эхэлдэг үе тул “хичээлээ хий” гэж байнга шахахын оронд дүрэм журмыг бага багаар танилцуулах хэрэгтэй. Даалгаврынхаа тодорхой хэсгийг хийсний дараа тоглоод, дараа нь үргэлжлүүлэн хийнэ гэх мэт. Нийгмийн олон дүрийг ойлгож эхэлж байгаа учраас аль нэг дүрд орж тоглох зэргээр хүүхэдтэйгээ хамтдаа тоглох хэрэгтэй.

10 – 12 нас

Хүүхдийн сэтгэл хөдлөл хурдан өөрчлөгдөж гэнэт гуньж, баярлах, шалтгаангүйгээр хөгжилдөх хүсэлтэй үе байдаг. Тиймээс хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгох, бие даасан байдлыг нь хөгжүүлэх, нөхөрлөлийг дэмжих нь чухал. Мөн энэ насны хүүхдийн сонирхол нь илүү тодорхой болж, өөрийн мөрөөдөл, мэргэжлийн талаар ч ярьж эхэлдэг учир өөрийнх нь хүслийг харгалзаж бэлэг сонгох нь зүйтэй.

13 – 18 нас

Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол энэ насны хүүхдэдээ том болсон гээд бэлэг өгөхгүй орхигдуулж болохгүй шүү. Тэдний хувьд өсвөр наснаас том хүн рүү шилжих шилжилтийн үе байдаг ч танаас бэлэг хүлээдэг бяцхан хэвээрээ юм. Харин энэ насанд хүүхдийн зан авирыг хянахаас илүүтэй хүүхэдтэйгээ тогтмол харилцаатай байхад анхаарч хандлагаа зөв байлгах шаардлагатай. Тэдэнд хүсэж сонирхож байгаа бэлгийг өгөх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн сэтгэл судлаач нар зөвлөдөг.

Энэ жилийн хүүхдийн баяр маш онцлогтой. Тэднийгээ дагуулж гадуур зугаалах, үзвэр үзэх гэх мэт боломж хомс тул бид хүүхдэдээ өгөх бэлгээ л маш оновчтой, сэтгэл гаргаж сонгох хэрэгтэй болж байна.

Дээр дурдсан шиг хүүхдийнхээ насны онцлогт тохируулан тоглоом болон бусад бэлгийг сонгож болно. Нөгөөтээгүүр корона вирусийн халдвараас сэргийлж, дархлааг дэмжих бүтээгдэхүүнээр ч бэлэг бэлтгэх боломжтой ба сүүлийн үед хүүхдийн витамин зэрэг бүтээгдэхүүнүүд тэдний дуртай хүүхэлдэйн дүрстэй болон витаминтай ундаа ч үйлдвэрлэгддэг болсон байна.

Мөн насны онцлог гэхгүйгээр хүүхдийг хүсэл мөрөөдлөө дагахад нь дэмжлэг үзүүлэх санхүүгийн тодорхой эх үүсвэрийг бүрдүүлсэн, бүхий л бяцхан үрс дээ бэлэглэх боломжтой хамгийн зөв хөрөнгө оруулалт бол ХАДГАЛАМЖ юм. Энэ нь эцэг эхийн зүгээс тэдний ирээдүйг баталгаатай болгоход илүү хэрэгтэй хөрөнгө оруулалт ба зөв бэлэг байх болно.

Хүүхдийн хадгаламж ч тэдний хайртай хүүхэлдэйн дүрстэй байдаг болохоор үнэ цэнийг нь хараахан ойлгохгүй ч бяцхан үрс маань баярлах нь гарцаагүй ээ.

Эцэг эхчүүд Та бүхэн ЭНД дарж хүүхдийнхээ хадгаламжийг онлайнаар нээх боломжтой.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахад хувь нэмрээ оруулсан хүмүүст шагнал гардуулав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа.

Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж, баталсан нь төрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга шагнал гардуулахын өмнө онцлов. Тэрбээр “Энэ дөрвөн жилд шударга ёсыг тогтоох, төрөө тэгшлэх, эрх зүйн хувьсгал хийх, парламентаа шинэчлэх том үйл хэргийг эхлүүлсэн. Үндсэн хуулиа дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ёстой. Эхний хуулиудын шинэчлэлийг хийсэн” хэмээгээд хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж буйгаа хэллээ.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 82, 83 дугаар захирамжийг Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал уншиж танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах, нэр хүндтэй үйлсэд оюун ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав, Монгол Улсын гавьяат хуульч Намсрайжавын Лувсанжав, Монгол Улсын гавьяат багш Равдангийн Хатанбаатар, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Цэдэвийн Товуусүрэн нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнав.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Дэд ажлын хэсгийн гишүүдийг төлөөлж Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав үг хэлсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах хариуцлагатай ажлыг манлайлан удирдан зохион байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангахад идэвх зүтгэлтэй ажилласан Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.

Түүнчлэн дээрх түүхэн үйл хэрэгт мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрдэм ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын нэр бүхий 31 ажилтанд Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулав.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэрэг, Үндсэн хууль дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын найдвартай ар тал, Тамгын газрын хамт олноо манлайлан ажилласан Та бүхний хуулийн засаглал тогтоох, төрөө түшин түмнээ манлайлах үйлст өндөр амжилт хүсье гэлээ.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”, Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж , 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8,830,443 төгрөгийг гаргуулж хохирогч тал УБТЗ-ХХН-т олгох мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2,688,000 төгрөгийг мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ

Н.Номтойбаяр бие даан нэр дэвшинэ

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр урьдчилан хорих анги руу авч явсан байна. Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. СЕХ-ны 2020 оны 05 сарын 25-ны 81 тоот “бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолоор Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрогт буюу Нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигчээр бүртгэж баталгаажуулсан байдаг. Гэтэл өнөөдөр буюу 2020 оны 05 сарын 28-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарч цагдан хорих шийдвэр гарсан. Энэ нь Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа” буюу зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хорих тухай заалтыг зөрчжээ.

Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл” хэмээн бичжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

“COVID-19” БА “FAKE NEWS”: “МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛ”-ЫН ЭРСДЭЛ

Let's Talk: Fake News During COVID-19 and Challenges Faced by ...

Тодорхой зорилгоор худал, хуурамч, ташаа мэдээллийг бэлтгэж, боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн, дуулиан тарьж, өөрт ашигтай шийдвэр гаргуулах эсхүл өөрт ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлтгэн, тараадаг арга ажиллагааны талаар өмнөх дугааруудаар хүргэж байсан билээ. Энэ удаагийн дугаараар дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын аюул, хор уршиг, түүний хариуцлагыг хүчирхэг гүрнүүд хэн нэгэндээ тохоох, буруутгах зорилгоор хуурамч мэдээ, мэдээллийг зориудаар бэлтгэн тараан, ашиглаж буй талаарх баримт, мэдээллүүд, тухайн улс орнуудаас гаргасан албан ёсны байр суурийг оросын “Независимая газета” сонин түүвэрлэн шинжилснийг тоймлон хүргэж байна. Өгүүлэл зөвхөн их гүрнүүдийн улс төр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлын үед түгээж байгаа албан мэдэгдэл, албан бус мэдээлэл ашиглан явуулж байгаа мэдээллийн кампанит ажиллагаа (мэдээллийн дайн)-ы өрнөж буй байдлыг Оросын өнцгөөс харуулахыг зорьсон бөгөөд дурдагдсан баримтыг үнэн зөв эсэхийг нотлох эсхүл үгүйсгэх зорилго агуулаагүй, АБСХ-ийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

Хуурамч мэдээлэл (Fake News) Аливаа улс үндэсний язгуур ашиг сонирхол, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилгоор бүгд худал, эсвэл зарим хэсэг нь худал, ташаа мэдээллийг тусгайлан бэлтгэж, боловсруулан ашигладаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой масс, хүмүүст ташаа мэдээлэл, ойлголт өгч, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах үндэс болж буй тусгайлан бэлтгэсэн мэдээ баримтыг хуурамч мэдээлэл буюу “fake news” гэнэ. Хуурамч мэдээлэл ашиглан хуурч төөрөгдүүлэх ажиллагааны эцсийн зорилго нь эсрэг талыг өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулах, эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүй байхад оршдог.

Пентагон, Төрийн департамент АНУ, түүний холбоотнуудыг хуурамч мэдээ мэдээллээс хамгаалахыг зорьж байна.

АНУ-ын БХЯ-ны төлөөлөгчид өнгөрсөн сард цахим сүлжээгээр дамжуулан сэтгүүлчдэд Орос, Хятад болон бусад улс орон коронавирусийн цар тахлыг өөрсдийн ашиг сонирхлыг ахиулах зорилгоор “хуурамч мэдээ, мэдээллийг зориудаар тараан, ашиглаж байна”, мөн Москва болон Бээжингийн хуурамч мэдээллийн акц нь “Сайн хямралыг хэзээ ч бүү алд” гэсэн Уинстон Черчиллийн хэлсэн уриан доор явагдаж байна, БХЯ, Төрийн департаментын зүгээс холбоотнууд, түншүүд болон бусад байгууллагатай хамтран энэхүү үйл явцыг зогсоохын тулд хамгийн идэвхтэй арга хэмжээг авч байгаа, цаашид ч авах болно гэж мэдэгдсэн.

АНУ-ын БХЯ-ны Орос, Украин, Евроазийг хариуцсан дэд сайд Лора Купер коронавирусын цар тахалтай холбоотойгоор өрнөдийн холбоотон, түншүүдийн хоорондын эв нэгдэл өсч, анагаах ухааны чиглэлээрх асар их мэдээллийг солилцож байгааг илтгэл дээрээ дурдсан. Тэрээр оросын засгийн газар өрнөдийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэхийг оролдсон тохиолдол гарч байгааг ч онцлон тэмдэглэв. Тэрээр “Бидний тэмцэх ёстой хамгийн хор хөнөөлтэй асуудал бол нийгмийг хамарсан үл итгэл, будлианыг бий болгогч хуурамч мэдээ, мэдээлэл юм. Иймэрхүү хуурамч мэдээ нь засгийн газар, эрүүлийг хамгаалах байгууллагын хүчин чадлыг сулруулж, дэлхийн эрүүлийг хамгаалах тогтолцоонд заналхийлж байна” гээд ийм хуурамч мэдээ сэлт тараасан хэд хэдэн жишээг дурдсан. Тухайлбал, Өнгөрсөн сард “РT” болон мэдээллийн “Спутник” агентлаг “гараа угаах нь коронавирустэй тэмцэх үр дүнтэй арга биш” хэмээн мэдээлсэн. Орос дахь зарим мэдээллийн эх сурвалжууд “цар тахал гэж байхгүй бөгөөд Италид гарсан үхлийн тохиолдлуудын жинхэнэ шалтгаан нь жирийн ханиад” гэж олон нийтэд мэдээлсэн. Оросын мэдээллийн сувгууд 1 дүгээр сарын эхээр “халдварын тархалтын эсрэг вакцин олдсон” гэх хуурамч мэдээллийг тараасан. Оросын зарим мэдээллийн сувгуудаар “Америкийн эм үйлдвэрлэлийн компаниуд бизнесээ сэргээхийн тулд коронавирусын талаар цуурхал тараасан” гэх хуурамч мэдээллийг нийтэлсэн байдаг. “Үнэн хэрэгтээ огт тийм биш юм” хэмээн онцолсон.

АНУ-ын БХЯ-ны хятадыг хариуцсан төлөөлөгч Чад Сбрага: “хуурамч мэдээ тараахад тэргүүлж буй оросын зэрэгцээ өрнөдийн орнуудын олон нийт, улс төрчид, төрийн албан хаагчдыг хуурч төөрөгдүүлэх ажиллагаанд Бээжин идэвхтэй оролцож байгаа нь маргаангүй баримттай” гэж онцлон тэмдэглэсэн.

Тэрээр БНХАУ-ын удирдагчдын хэрэгжүүлж буй хуурамч мэдээллийн кампанит ажлын хамгийн сэтгэл зовоож байгаа зүйл нь “тус улсад гарсан халдварын эх сурвалж нь америкийн цэргийн албан хаагч байсан” мэтээр хятадын ОНХМ-д гарч буй мэдээллүүд юм. “Энэ бол ил тодорхой, шударгаар хэлбэл ашиггүй худал зүйл” хэмээсэн.

Цар тахлын хариуцлагыг бусад улсад тохоход чиглэсэн ХКН-ийн суртал ухуулга, хуурамч мэдээллийн компанит ажилд АНУ “урам хугарсан”. Энэ бол ямарч үндэслэлгүй, ашиггүй, үнэхээр сөрөг үр дагавартай үйл ажиллагаа. Мөн цар тахалд онц хүнд нэрвэгдсэн Ираны засгийн газар “коронавирусын хариуцлагыг Вашингтон үүрэх ёстой” гэсэн хуурамч мэдээллийг тарааж буй талаар дурдсан.

“Цар тахал үүссэн явдалд АНУ-ыг зарим улс орнууд буруутгаж байна” гэж Лаура Купер мэдэгдэв. Мөн тэрээр “бүх дэлхий даяар олон акторууд коронавирусыг Америк болон түүний холбоотнуудад гомдол мэдүүлэх шалтаг болгоход ашиглаж байна” гэв. Түүний ярьснаар бол вирус нь хуурамч мэдээллийн даяарчлагдсан экосистем үүсэх шалтгаан болж буй бөгөөд уг экосистемд мэдээ мэдээлэл нь “Дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт үүсгүүр болж, дараа нь бусад газар түүнийг шүүрч аван хүчийг нь нэмэгдүүлж буй аж, харин Америк энэ мэдээг няцаахад хүрч байна”. “Бид оросыг оролцуулан бүх улс орныг вирусын тухай эвдэн сүйтгэгч, төөрөгдөлд оруулагч хуурамч мэдээ, мэдээлэл тараадаг хорон санаат акторуудыг хазаарлан номхтгохыг уриалж байна” гэж нэмж хэлсэн.

Саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпио нэгэн илтгэлдээ “Холбооны засаг захиргаа тохиромжтой үед” “коронавирусын тухай мэдээг бүрэн танилцуулаагүй болон хуурамч мэдээлэлд оролцсон этгээдийг хариуцлагад татна” хэмээн мэдэгдсэн.

Москва, Бээжингийн хуурамч мэдээллийн кампанит ажлын талаар нэг бус материал нийтэлсэн Америкийн нөлөө бүхий “Нью-Йорк таймс” сонин өнгөрсөн сард шинжлэх ухааны салбараар мэргэшсэн сэтгүүлч Бродагийн ярилцлага, өгүүллүүдийг нийтэлж, шуугиан тарьсан.

Тэрээр ярилцлага, шинжлэх ухааны өгүүлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сурвалжилгын материалууд twitter, facebook болон теле шоу дахь бичлэгүүд, баримт бичгүүд зэрэг олон тооны материалуудад дүн шинжилгээ хийсний эцэст “Кремлийн тэргүүн хуурамч мэдээлэл тараахад чухал үүрэг гүйцэтгэсэн” тухай чухал баримтыг олсон бөгөөд энэ нь “өрнөдийг ялгаварлан гадуурхах, дайснаа дотроос нь устгах түүний илүү өргөн төлөвлөгөөний хэсэг байсан” гэх дүгнэлтийг хийсэн.

Түүний асууж ярилцсан шинжээчдийн үгээр иймэрхүү хуурамч мэдээ, мэдээлэл нь өнгөрсөн онуудад эхлээд хэвлэлд дараа нь интернетэд гарсан бөгөөд амьсгалын хурц халдварт өвчнүүд, ДОХ, Эбола зэрэг бусад халдварт өвчинтэй холбоотой байжээ. Орост нийтлэгдсэн эдгээр нийтлэлүүдийн үндсэн санаа нь “Америкийн засгийн газар аюулт өвчний тухай үнэн бодит мэдээ болон вирусыг зохион бий болгосон, тараасан өөрсдийн хамаарлыг нууж байсанд оршино” гэжээ. Мөн зарим шинжээч Иракийн эсрэг цохилт өгөхийн тулд АНУ нь тус улсад биологийн зэвсэг байгаа гэх хуурамч мэдээллийг ашигласан талаар ч дурдсан.

Уг өгүүлэлд баталснаар бол Оросын ерөнхийлөгч Америкийн “Үндэсний цэцэглэлт, хөгжлийн үндэс” болсон “Америкийн шинжлэх ухаанд хохирол учруулах, эцэстээ улс орны үндэсний аюулгүй байдлыг сулруулахыг эрмэлзэж буй” гэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Нью-Йорк таймс” сонины нийтлэлд тайлбар хийж, Вашингтоныг цар тахлын тухай хуурамч мэдээтэй хийх тэмцлээ уг /“Нью-Йорк таймс”/ сониноос эхлэхийг зөвлөсөн ба “Америкийн шинжлэх ухааны эсрэг Путины удаан дайн гэдэг материал бол үнэ цэнэтэй хуурамч мэдээ” гэж Оросын дипломатч өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар коронавирустэй холбоотой хуурамч мэдээллүүдийг хааж байна.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газраас нийгмийн сүлжээн дэх коронавирусын халдварын тухай үнэн бодит бус хуурамч мэдээ, мэдээлэл бүхий хэд хэдэн видео бичлэгийг хаах шаардлагатайгаа мэдээлсэн.

Учир нь нийгмийн сэтгэл зүйг сөрөг нөлөөлөлд оруулахуйц олон нийтэд аюултай, хуйвалдааны онолын бүхэл бүтэн цуглуулгын клип цацагдсантай холбоотой. ЕПГ-ын мэдээлэлд дурдсанаар “уг видео бичлэгүүдэд коронавирус нь хүн амыг чипжүүлэх, даяаршлын дэлхийн дэглэмийг тогтоох – вакцинжуулах хэлбэрээр хүмүүсийг устгах, коронавирусын тархалтыг дугаарлан тооцоолох замаар төлөвлөх зорилго бүхий зохиомлоор бий болгосон генийн өөрчлөлтийн биологийн зэвсэг гэсэн мэдээлэл байсан” гэж онцолсон. Прокурорын байгууллагаас “ДЭМБ-ч ОХУ-ын Засгийн газар болон засаг захиргааны албан ёсны бусад ямар ч байгууллага коронавирусын халдварын зохиомлоор бэлтгэсэн талаарх мэдээллийг батлаагүй байгаа” талаар мэдэгдсэн. Хуурамч мэдээ, мэдээллийн ихэнхийг залилан мэхлэх сэдлээр коронавирусээс хамгаалах эм, хэрэгслийн тухай бичсэн нийтлэлүүд эзэлж байгаа талаар тэмдэглэсэн. Тухайлбал, ”Казахстанд халдвараас найдвартай хамгаалж чаддаг дархлаа- өөрчлөлтийн хүчирхэг вакцин худалдаалж байна”, мөн үхлийн аюултай бараг бүх вирусыг устгадаг “зэс нэхмэл бүхий олон удаагийн маск” бүтээсэн гэх мэт хуурамч мэдээллүүдийг онцолсон.

Цар тахлын дэвсгэр дээр үржиж буй янз бүрийн нууц ажиллагааны онолууд ч гарч байна. Тухайлбал,

Заримынх нь төсөөллөөр бол коронавирус нь зохиомол гаралтай бөгөөд дэлхийн томчууд хөшигний цаагуур тодорхой зорилго чиглэлтэйгээр тарааж буй.

Бусад нь шинэ вирус нь үнэн хэрэгтээ ноцтой аюул агуулдаггүй.

Нууц ажиллагааны онолчдын үзэж буйгаар бол зарим тохиолдолд засаг төр дарангуйлагч дэглэм тогтоохын тулд болон бусад зорилгоор хүн амыг айлгах гэх зэргээр бүлэглэн хувааж болохоор байна.

Вашингтон Бээжинг ялгаварлан гадуурхах кампанит ажлаа идэвхжүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Бээжин нь цар тахлыг Хятадын хилээс санаатайгаар гаргасан” хэмээн мэдэгдсэн. АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам БНХАУ нь эмнэлгийн зориулалттай бараа, бүтээгдэхүүнээ нөөцлөхийн тулд вирусын аюулын тухай мэдээллийг нуусан хэмээн баталж байна. Энэхүү мэдээллийн (хуурамч мэдээ, мэдээлэл) дайн нь Хятадыг сөрөн зогсоход Америк болон түүний холбоотнуудыг нэгтгэж байна. Уханий лабораторитой хамтран ажиллагч америкийн мэргэжилтэн эмэгтэй “тэндээс вирус алдагдах магадлал туйлын бага” хэмээн мэдэгдсэн.

Трамп Вашингтонд болсон видео конференцийн үеэр “Хятад коронавирусыг өөрийн улсын нутаг дэвсгэрээс санаатайгаар гаргах шийдвэр гаргасан” гэж буруутгав. Тэрээр: “Харцгаа, энэ нь Хятадад ямар айхтар нөлөө үзүүлэв, бусад ертөнцөд ч гэсэн тэгэг” гэж хэлсэн. Энэ шалтгаанаар Хятад гаднын иргэнийг өөрийн улсад нэвтрэхийг хориглоод, харин хүмүүсийг өөрийн улсаас АНУ болон бусад орон руу гарахын нээлттэй орхисон.

Ерөнхийлөгчийн үгийн дараа Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “вирус үүссэн нь Ухань дахь лабораторитой хамаатай байж болох юм” хэмээн мэдэгдсэн. АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны зүгээс “Хятад нь эмнэлгийн нөөц бүрдүүлж амжихын тулд шинэ коронавирусын тархалтын тухай мэдээний зарим хэсгийг нуусан”, “Бээжин эмнэлгийн янз бүрийн хэрэгслийг худалдах хэмжээгээ багасгаж, харин тэднийг худалдан авах үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Үүнд маск болон хувийн хамгааллын бусад хэрэгсэл хамааралтай” хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн Австрали, Герман, Англи улс коронавирусын гарал үүслийг судлан шинжлэхийг идэвхтэй шаардаж буй бөгөөд шинжээчдийн баг уг голомтод ажиллахаар болсон байна.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Тэсрэх дэлбэрэх зүйлсийг хайж устгах ажил хийгдэж байна

Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Оросын Холбооны Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан зохион байгуулж байна.

Аймгийн Засаг даргаас Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргасны дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 11 бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ажлын хэсгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сум 5 дугаар баг Өлзийтийн тал гэдэг газар тэсэрч дэлбэрэх аюултай зүйлсийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхэд 125 мм-ийн Т-72 сум 1 ширхэг, 122мм-ийн Д30 гаубец сум-1 ширхэг, 120 мм миномит-7 ширхэг, 30 мм автомат пушигны сум-1 ширхэг, тэсрээгүй хошуу-2 ширхэг, 12.7 мм пулемётын БЦТ сум-2 ширхэг, 73мм ПГ-15 гранатын тэсрээгүй хошуу-1 ширхэг, С5 удирдлагагүй пуужингийн цэнэг 5 ширхэг, 30мм БЗ сум 3 ширхэг, 100мм под калибр нэг ширхэг нийт 107 ширхэг тэсэрч дэлбэрэх галт хэрэгсэл гаруй тэсрэх аюултай зүйлсийг илрүүлэн тэсэлгээ хийж устгах ажиллагааг зохион байгуулаад байна.

Дорнод аймагт 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын цэргийн анги нэгтгэлүүд суурьшин байрлаж түүхтэй. Энэхүү талбай нь тэдгээр анги нэгтгэлүүдийн хээрийн сургуулилт хийгддэг байсан талбай бөгөөд сургуулилтын үед тэсрэлгүй, газрын хөрсөнд үлдсэн, зарим нь манай зэвсэглэлд хэдийнээ ашиглагдахаа больсон галт хэрэгслүүд ч байгаа талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байлаа. ЗХУ-ын анги нэгтгэлүүдийн байрлаж байсан нийт 4 том талбайд тэсрэх, дэлбэрэх зүйлсийг хайх ажил хийгдэнэ.

Захирамжаар тэсрэх дэлбэрэх зүйлсийг хайх устгалын бүлгийг удирдлага зохион байгуулалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар журмыг чанд сахин ажиллуулж дүнг 06 дугаар сард багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалгажээ.Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.