Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Галт тэргэнд дайруулж амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.25-29-ний өдрүүдэд нийт 967 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 696н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 3 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 7 хүний амь нас хохирсны 3 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -8
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр-4
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-2
  • Галт тэргэнд мөргүүлэх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.05.25-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймаг, Баянгол сумын 3-р багийн нутаг дэвсгэр газарт шороон замд М жолоочтой Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй М-ийн амь насыг хохироосон,

2020.05.25-ны өдрийн 18 цаг 50 минутын орчимд Дархан-уул аймаг, Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэр аймгийн төвд газарт шороон замд Daewoo маркийн автомашин онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон,

2020.05.25-ны шөнийн 22 цаг 43 минутын үед СХД-ийн 32 дугаар хороо Эмээлтийн замд Hyundai Sonata-6 маркийн Д жолоочтой автомашин явган зорчигч 45 настай, эрэгтэй Э-г мөргөж, амь насыг нь хохироосон.

2020.05.26-ны шөнийн 23 цаг 05 минутын орчимд Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Nissan Bluebird маркийн А жолоочтой автомашин нь зогсоол зогсож байсан Dayun маркийн ачааны автомашины араас мөргөж, Nissan Bluebird маркийн жолооч 30 настай, эрэгтэй А-гийн амь нас хохирсон,

2020.05.27-ны өглөөний 07 цаг 30 минутын орчимд БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-4 салбарын төмөр зам дээр 31 настай, эрэгтэй Г нь галт тэргэнд мөргүүлж амь нас нь хохирсон

2020.05.27-ны өдрийн 10 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Баянцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр шороон замд Hyundai porter маркийн Э жолоочтой автомашин нь явган зорчигч 8 настай, эмэгтэй Н-ийн амь насыг хохироосон,

2020.05.27-ны өдрийн 13 цаг 50 минутын орчимд Төв аймгийн Баянцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр асфальтан замд Scania маркийн С жолоочтой ачааны автомашин Toyota Harrier маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эмэгтэй Ч, зорчигч 1 настай, эмэгтэй Н-гийн 2 хүний амь нас хохирсон,

2020.05.27-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Бүрэн сумын 3-р багийн нутаг дэвсгэр шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 104 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 7,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 1,2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна,

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ

Х.Бат-Ялалт УИХ гишүүн болж хууль өөрчлөхөөр санаархаж эхлэв – tac.mn

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд болно.

Түүнийг УИХ-ын 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа. Шүүх хурал өмнө нь товлогдож байсан ч Х.Бат-Ялалт эрүүл мэндийн асуудал гарсан гэх шалтгаан хэлж, хуралдаан хойшилж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Нэг өрхийн хүнсний багц”-ыг бэлтгэх тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ

ОБЕГ-ын харьяа Хүнсний нөөцийн салбараас “Нэг өрхийн хүнсний багц”-ыг тоо хэмжээгээр нь бүрдүүлж, хүмүүнлэгийн тусламжаар иргэд болон гамшгийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хүргүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд салбарын нөөцөд байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг “Нэг өрхийн багц” болгон савлах, хайрцаглах, пресслэх дамжлагын сав, баглаа, боодол болгон бэлтгэх тоног төхөөрөмжийг олон улсын стандартын дагуу үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Мөн ачигч нарын ажлыг хөнгөвчлөх, ажлын бүтээмжийг сайжруулахаар туузан дамжуулагч буюу конверийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр “Нэг өрхийн багц”-ыг шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай савлан бэлтгэх, хүнсний бараа, материалын чанар байдлыг алдагдуулахгүй иргэдэд хүргэх, тээвэрлэлтийн үед гарах эрсдэлийг бууруулах боломжтой боллоо.

Дашрамд дурдахад Хүнсний нөөцийн салбар нь 2017 онд олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлиг гаргасан.

Зарлигийг өнөөдөр шүүгчдэд сонордуулж, үнэмлэхийг нь гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарыг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захиж, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хуульчид аа,

Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёсны талд шийдвэр гаргах, үнэнийг дэнслэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх туйлын хариуцлагатай албанд өнөөдөр томилогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн цаг үед Та бүхэн шүүгч боллоо. Үнэн хэмээх хамгийн үнэт зүйл, шударга шүүх, хуулийн засаглалд итгэх иргэдийн итгэлийг бүү хөсөрдүүлээрэй гэж хүсье.

Хүний эрх, эрх чөлөөг үнэний талд хамгаалан зогсож, хараат бусаар ажиллах нь юу юунаас эрхэм болсон энэ цаг үед Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захья.

Хатуу үнэнийг хэлэхэд шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүж, шийдвэр гаргалаа. Тангараг өргөсөн зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр бусад хэргүүд ч бий.

Шүүх засаглалын нэр хүндийг цэвэрлэн өндөрт өргөх нь шүүгч нэг бүрийн үүрэг хариуцлага, хувь хүний дотоод итгэл үнэмшлээр тодорхойлогдоно. Өмнө гарсан буруу жишгийг халж, тогтолцоог засаж залруулах, хэвийн зөв горимд оруулах үйлсийг шүүгч Та бүхэн шударга үнэн, хууль ёс, шүүгчийн тангаргийг чандлан сахиж, хичээнгүйлэн ажиллаж байж хэрэгжүүлнэ.

Иймээс урьд урьдынхаас илүү хичээх, улс орны эрх ашиг, ард иргэдийн итгэл үнэмшил, үнэн мөний талд тууштайгаар үйлчлэх хүндэт зорилго Та бүгдийг хүлээж байгааг ямагт санаж ажиллаарай.

Та бүхэнд ажлын амжилт хүсч, хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэлээ.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашдоржийн Мөнхөөг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Самандаабазарын Өлзий-Отгоныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Дашдоржийн Мөнхөөг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Самандаабазарын Өлзий-Отгоныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Магнайбаярын Мөнхдавааг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Өлзийжаргалыг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Болдбаатарын Батсайханыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Дашцэрэнгийн Ренченхоролыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Магнайбаярын Мөнхдавааг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Лхагвасүрэнгийн Өлзийжаргалыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашцэрэнгийн Ренченхоролыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Цогтбаярын Урангуаг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Бадрахыг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвийн Пагмыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Бүрэнсэдийн Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гэндэнгийн Алгирмааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Цогтбаярын Урангуаг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, шүүгч Төмөрбаатарын Бадрахыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Бүрэнсэдийн Эрдэнэмөнхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн, шүүгч Гэндэнгийн Алгирмааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батжаргалын Батзоригийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Нанзадын Дамдинсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвадуламын Батбаатарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лувсандоржийн Одончимэгийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аюурзанын Энхтөрийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ванчинсүрэнгийн Амартүвшинг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.
  2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсон тул шүүгч Батжаргалын Батзоригийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Нанзадын Дамдинсүрэнг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Лхагвадуламын Батбаатарыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Лувсандоржийн Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Аюурзанын Энхтөрийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Ванчинсүрэнгийн Амартүвшинг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Мөнхдөлийн Түмэннастыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дашцоодолын Нямбазарыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Бямбаагийн Ариунхишигийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
  2. Шүүгч Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Бямбаагийн Ариунхишигийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Даваанямын Оюумаа, Намжилын Долгорсүрэн нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хавсралтад дурдсан нэр бүхий 29 хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсугай.

Хавсралт

Нэг.Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

1.1. Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

1.2. Александрын Сарангэрэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Хоёр.Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

2.1. Хонгорын Нямдэлгэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

2.2. Алгаагийн Түвшинтулгыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

2.3. Чулуунхүүгийн Оюунсүрэнг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

2.4. Батжаргалын Мөнхзаяаг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Гурав.Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

3.1. Гончигжанцангийн Бямбажаргалыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

3.2. Ганзоригийн Энхцэцэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

3.3. Олзвойн Чулуунчимэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

3.4. Базаррагчаагийн Гончигсумлааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

3.5. Хүрэлчөдөрийн Отгонжаргалыг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

3.6. Хурметханы Тасхыныг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Дөрөв.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

4.1. Гансүхийн Хатанцэцэгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.2. Мягмарын Далайхүү, Ганболдын Золбоо нарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.3. Борхүүгийн Бямбаабаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.4. Дашнямын Доржсүрэнг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.5. Энхбаатарын Энхжаргалыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.6. Батсүхийн Болормааг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.7. Ганзоригийн Энхтунгалагийг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.8. Гомбо-Очирын Намуунтуяаг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.9. Бухарзадагийн Володяаг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.10. Амарсайханы Мөнхсайханыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.11. Нэргүйн Баярбаатарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.12. Өркений Бахытбекийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

4.13. Батсайханы Бээжинг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Тав.Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд:

5.1. Ганболдын Батмөнх, Ганхүүгийн Даваанаран нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд;

5.2. Баатарын Болор-Эрдэнийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд.

Categories
мэдээ цаг-үе

Говь-Алтай аймгийн “задарсан” Засаг дарга нарын хэрэг хэрхэн шийдэгдэх вэ

– ХАЛИУН СУМЫН ЗАСАГ ДАРГА ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ШАЛГАГДАЖ БАЙНА –

Сүүлийн үед Говь-алтай аймагтай холбоотой ноцтой хэргүүд гарах боллоо. аймгийн Засаг даргаас эхлээд сумдын Засаг дарга нар ар араасаа олныг цочирдуулсан ноцтой гэмт хэрэгт холбогдсоор байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд Говь-алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа үүрийн 04:00 цагийн үед машиндаа нас барсан байдалтай олдсон байдаг. Уг хүн амины хэрэгт аймгийн засаг дарга асан В.Рэнцэндорж холбогдон шалгагдаж байгаа. Учир нь тухайн өдөр түүний ажлын өрөөнд архидалт болж С.Болормааг гэрээс нь дуудуулж авчирсан бөгөөд шөнө өргөөд гарч байхыг гэрч харсан байдаг. Говь-алтай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж архидан согтуурсныг тогтоосон. Улмаар засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хэргийг шалгаж байгаа билээ. Тэрээр талийгаачийг үргэлж дарамталж, ажилгүй болгоно гэдэг байсныг ойр дотныхон нь хэлж буй. Үүний дараа тус аймгийн Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж мөн хүн амины хэрэгт холбогдон шалгуулж байгаа. Энэ сарын 15-нд түүний эхнэр харамсалтайгаар амиа алдсан. Учир нь Засан дарга эхнэрээ зодож амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж үзэн шалгагдаж байгаа. Талийгаач гурван хүүхэдтэй бөгөөд эхнэртэй үргэлж гар хүрдэг байсан гэх мэдээлэл бий. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Р.Даваадорж эхнэрээ шөнийн 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл бүтэн зургаан цагийн турш зодсон байсан. Маш хүнд гэмтсэн учраас гэмтлээ даалгүй өөд болсон. Ер нь байнга эхнэрээ зоддог байсан юм билээ” хэмээсэн. Говь-Алтай аймагтай холбоотой хэрэг үүгээр дууссангүй. Дахин нэг Засаг дарга хэрэгт холбогдоод байна. Говь-Аймгийн Халиун суманд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэг гарсан талаар мэдээлэл гараад буй. Уг хэргийг тус сумын дарга а гэгч үйлдсэн байж болзошгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Учир нь хохирогч талаас Засаг даргатай холбогдуулан цагдаагийн байгууллагад өргөдөл өгчээ. Уг асуудлаар бид хэд хэдэн эх сурвалжтай холбогдож мэдээлэл авсан юм.

ЗАСАГ ДАРГА АГЭГЧ БАГА НАСНЫ ОХИНТОЙ НЭГ БУС УДАА БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРЖЭЭ

Тухайн хэрэг хэн ч мэдэхгүй өнгөрч болох байж. Харин энэ хэргийг анх ил болгосон хүн нь Халиун сумын засаг дарга А-ийн эхнэр бололтой. Тэрээр нөхрийнхөө хувийн фэйсбүүк хаягны чатаас насанд хүрээгүй охинтой дотно холбоотой, хоорондоо харилцаатай болохыг мэджээ. Ингээд гэр бүлийн маргаан үүсч улмаар бухимдлаа нутгийнхаа цахим хуудсанд дэлгэсэн бололтой. Ингэхдээ “жаахан хүүхэд байж айл гэр бусниуллаа” гэх утгатайгаар элдвээр доромжилж бичсэн байна. Үүнээс үүдэн хохирогчийн эцэг, эх мэдэж цагдаагийн байгууллагад хандсан болохыг нэгэн эх сурвалж хэлж байна. Цагдаагийн байгууллагаас байцаалт авч, шалгалт явуулж байгаа бөгөөд а гэгч насанд хүрээгүй охинтой нэг бус удаа бэлгийн харьцаанд орсон гэх мэдээлэл байна.

“ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ҮҮССЭНЭЭС ИЙМ ХЭРЭГ БОЛСОН”

Харин Халиун сумын Засаг дарга А энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Ер нь бол үл ойлголцол үүссэнээс ийм хэрэг болсон. Нөгөө талаас цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм билээ. Одоогоор намайг цагдаагаас дуудаж, байцаасан зүйл алга. Би ажлаа хийгээд л явж байна” гэсэн тайлбар өгсөн байна. Ямартаа ч уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Хэрвээ шүүхээр хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдвол насанд хүрээгүй хүүхэд уруу татсан, хүчиндсэн, бэлгийн дур хүслээ хангасан зэрэг нэлээд хүндхэн асуудал үүсэх юм. А гэгч 2016 онд Халиун сумын Засаг даргаар томилогдож байжээ.

ӨНӨРЖАРГАЛ: ЯМАР Ч БАЙСАН ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ. ГУЙВУУЛСАН МЭДЭЭЛЭЛ ЯВААД БАЙНА

Говь-Алтай аймгийн Халиун сумын ИТХ-ын дарга Өнөржаргалаас энэ талаар тодруулахад “Эзэн холбогдогчгүй, хуурамч хаягнаас худлаа мэдээллийг санаатайгаар цацаж байна. Худлаа мэдээлэл шүү. Ямар ч байсан хүчингийн хэрэг хийгээгүй. Гуйвуулсан мэдээлэл яваад байна. Улс төрийн зорилгоор сөрөг хүчнээс гарсан мэдээлэл гэж бид бодож байна. Манай намаас анхаарал тавьж, эх үүсвэр нь юу байна гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ.

Н.ЦЭЭПИЛМАА:БИД НАР СУДАЛЖ БАЙНА. ОДООХОНДОО НОТЛОГДООГҮЙ АСУУДАЛ

Энэ талаар Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаагаас тодрууллаа.


Халиун сумын засаг дарга хүчингийн хэрэгт холбогдсон байна. энэ талаар танайх мэдээлэл авсан уу?

-Мэдэж байгаа.

-Засаг дарга өөрөө үгүйсгэсэн байсан?

-Наад асуудал чинь тодорхой болоогүй байна. Гадуур яригдаад байгаа ч одоохондоо нотлогдоогүй юм байна лээ.

-Та бүхэн хохирогч талтай холбогдсон уу?

-Бид нар судалж байна. Гэр бүлийнхэнтэй нь холбогдсон. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

БИГЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ш.ЛХААСҮРЭН АНД ЯВСАН НЭГНЭЭ БУУ АЛДАЖ ГЭМТЭЭЖ БАЙСАН УДААТАЙ

Говь-Алтай аймагтай холбоотой үүнээс гадна хэд хэдэн ноцтой хэрэг бас бий. Тухайлбал, тус аймгийн Бигэр сумын Засаг дарга Ш.Лхаасүрэн өнгөрсөн жил анд явахдаа буу алдаж хамт явсан хүнээ хүнд гэмтээжээ. Ингэхдээ гэмтсэн хүнээс гадна нэг бөхтэй хамт явсан байж. Шүүх дээр буу алдсан хэргийг бөх залуу нь үүрээд гарсан бололтой. Харин гэмтсэн хүн бэлхүүснээс доош мэдээгүй болж тэргэнцэр дээр суугаад хохироод л өнгөрч. Тухайн үед буудуулсан хүний ойрын эх сурвалжтай холбогдож тодрууллга авлаа.

Сумын Засаг дарга хамт анд явсан хүнээ буу алдаж нэлээд хүнд гэмтээсэн байдаг. тухайн хүний биеийн байдал одоо хэр байгаа вэ?

-2019 оны арваннэгдүгээр сарын 9-нд энэ хэрэг болсон. Засаг дарга лхаасүрэн анд явна гээд манай хамаатныг бас нэг хүнийг хамт авч явсан. Яг тухайн үед буу алдаад хүнд гэмтээсэн байсан. Одоо тэр хүн нь тэргэнцэр дээр суудаг болсон.

-Хэргийг шүүхээс хэрхэн шийдсэн бэ?

-Шүүхээс буруутайг нь тогтоогоод хохирлын хэмжээг барагдуулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ Засаг дарга биш нөгөө хүн нь буу алдсан болж таарсан. Яг хэн нь буу алдсаныг хохирогч сайн анзаараагүй юм билээ.

-Тэгээд хохирлыг нь барагдуулсан болов уу. Эмчилгээний зардлыг гаргаж байгаа юу?

-Эмчилгээний зардалд 150 сая төгрөг хэрэгтэй гэж сонссон. Эхнэр нь нөхрөө аваад байсхийгээд л Улаанбаатар руу эмнэлгээр явдаг. Эмч нар дахиж хөл дээрээ босох боломжгүй гэж хэлсэн гэсэн. Гэхдээ эцсийн найдвар гадаадад эмчлүүлэх үлдээд байгаа юм билээ. Уг нь зардлыг нь Засаг дарга олж өгч гадаад руу эмчилгээнд явуулна гэсэн боловч ойрдоо коронавирусийн халдвар гараад чимээгүй л байгаа бололтой. Ойр зуурын бага зэрэг зардлыг бол гаргадаг гэж байсан.

-Буудуулсан хүн ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?

-Сувиллын газар ажилладаг тээврийн жолооч хүн л дээ. Тэднийх таван хүүхэдтэй. Эхнэр нь төрийн байгууллагад ажилладаг байсан. үнэндээ нөхрөө асрахын тулд одоо ажилгүй чөлөө авчихсан байна. Эхнэр нь нөхрөө асарна, таван хүүхдээ тэжээх гээд нэлээд хүнд ачаа үүрч яваа. Гол гэр бүлээ авч явдаг хүн нь ийм байдалтай болно гэдэг тэр айлд юугаар ч зүйрлэшгүй гарз хохирол юм. Ямартаа ч хохиролоо барагдуулж эмчилгээнд явуулж өгөх байх гэсэн найдлагатай л сууж байгаа бололтой.

ХӨХ МОРЬТ СУМЫН ЗДТГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Ч ТЭГСХИЙГЭЭД ДАРЖЭЭ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын орлогч насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдож байжээ. Тэрбээр 2017 онд бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогдож нэлээд шуугиан болж байж. Гэвч хохирогчийн гэр бүлийнхэн олонд ил болчихвол хүүхдийнхээ ирээдүйн амьдралд хар толбо үлдээчихнэ гэж үзээд хэрэг намжсан бололтой. Энэ суманд хэрэг үүгээр дууссангүй яг жилийн дараа буюу 2018 оны хавар тус сумын Төрийн банкны захирал, сумын ИХТ мөн бага насны хүүхэд хүчиндсэн хэрэгт холбогджээ. Гэвч хүүхдийн ар гэрийн гачигдлыг зальжин ашиглаж хэдэн төгрөгөөр хохирогчийн аавын амыг таглаад өнгөрч.

Энэ мэтчилэн орон нутгаа хөгжүүлж, ард олноо сайн сайханд түүчээлж амьдрал ахуйг нь дээшлүүлэх үүрэгтэй засаг ноёд маань шил шилээ даран ноцтой гэмт үйлдэгчид болж хувирсаар байгаагийн цаад шалтгаан юу вэ. Эзэмшсэн боловсрол мэдлэг дулимагийнх уу, Засаг даргын сэнтийг “Хаан” гэж ойлгосных уу, эсвэл алс хөдөө хэн намайг хэлэх юм гэж таахалздагийнх уу. Ямартаа ч Засаг ноёдтой холбоотой хэргүүд хааш хэрхэн эргэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гомбосүрэн: Эцсийн бүлэгт аль нэг нам, эвсэл л улс орныг хөтлөх бодлогыг барьж хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны яамны сайд асан Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас эхэлж хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод өнгөрсөн дөрвөн жилийн парламентын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?

-УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Мэдээж хэрэг дөрвөн жил тухайн парламент зүгээр сууна гэж байхгүй. Зөндөө зүйл хийсэн. Энэ парламентын хийсэн нэг чухал ажил нь Үндсэн хуульд өнөөгийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал. Үүнийг энэ парламентын чухал ололт гэж би хувьдаа үзэж байгаа. 1992 оноос хойш нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарсан. Угтаа бол Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөх шаардлага гараагүй л дээ. Гэхдээ тодруулах, янзлах олон зүйлс байсан. Тэр бүхнийг овоо цэгцэлсэн. Бидний будлиад явдаг нэг зүйл бий. Гүйцэтгэх засаглал нь хоёр толгойтой юм шиг. Тэр байдлыг олигтой засч чадаагүй нь тиймэрхүү зүйл болсон. Яван суун учир нь олдох байх гэж бодъё. Товчдоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт ирэх хэдэн арван жилд нийгмийн амьдралыг зохицуулахад их чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна хийж бүтээсэн томоохон үйл хэрэг энэ парламентад байна уу?

-Манайхан улс орноо хөгжүүлэх нэгдмэл бодлогыг нэг бус удаа боловсруулж ирсэн. Бараг гарын таван хуруунд багтахгүй байх. Тэр бүх туршлагад суурилсан Алсын хараа гэх бодлогын баримт бичгийг сая баталлаа. Үүнийг ширхэгчилж, нарийвчилж үзээгүй л дээ. Хар ухаанаар бодоход түрүүчийн хэдэн ном судрын ололтыг бататгаж, дутууг нь гүйцээж, овоо цэгцтэй бодлого гаргасан болов уу гэж найдаж байна. Ер нь өнгөрсөн 30 жилээс бидний хийх нэг дүгнэлт юу байсан гэхээр хуучин социалист үед улс орноо хөгжүүлэх бодлогыг тав таван жилээр төлөвлөж хэрэгжүүлдэг зарчмаа хаяад зах зээл гэгчийг задгай, зоргонд нь тавиад туучихсан. Үүнээс зохисгүй олон зүйл үүдсэн. Манайхан түүний уршгийг нүдээр үзэж биеэр туулж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт, Алсын хараа бодлого энэ тэр маний тэр зовлонг нимгэлж цаашид алга болгоход эрх зүйн чухал суурь болно гэж бодож байна.

Харин цэгцэлсэн бодлогоо хэрэгжүүлэх арга механизмаа зөв олох нь бодлого боловсруулахаасаа дутуугүй, бараг илүү ач холбогдолтой. Үүнтэй уялдуулж хэлэхэд Үндэсний хөгжлийн яам гэж хуучин төлөвлөгөөний комиссорхуу нэг тийм газар бий болгохоор шийдсэн нь их чухал. За ингээд Үндсэн хуулиа шинэчилчихлээ. Алс хэтийнхээ зорилгыг арай оновчтой болгочихлоо.

Үүнийг хэрэгжүүлэх арга зам механизм гэх үү, төрийн институци гэх үү тийм зүйлтэй болохоор шийдчихлээ. Энэ дөрвөн жилийн гол ололт энэ байх гэж бодож байна. Нарийн яривал өөр бишгүй л юм байгаа байх. Гэхдээ энэ бол дутагдал байгаагүй гэж хэлж байгаа юм биш.

-Өнгөрсөн 30 жилийг дандаа харлуулаад байх шиг санагддаг. Тэр тусмаа аль нэг намыг сонгохгүй байх нь зөв гэх зүйл нийгэмд яригдаж байна…

-Өнгөрсөн хугацаанд бугшиж ирсэн муу зүйлсийн зарим нь энэ дөрвөн жилд тод томруун харагдаж, нүгэл буяны дэнсэн дээр олон зүйл тавигдсан. Биднийгээ хөтөлж яваа улс төрийн намуудыг буруушаах сэтгэл зүй олон түмний дунд нэлээд түгээмэл болсон. Үүн дээр үндэслэн төр барьдаг намаа шинэчилье ч гэх үзэл бодол газар авч байна. Ялангуяа “МАНАН” гэгч нэг юмнаас салах ёстой гэцгээх болсон. Үүний зэрэгцээ энэ нэр томьёонд хамааруулдаг хоёр нам ч, тухайлбал, өөрсдийн боловсон хүчний бодлогын тухайд дүгнэлт хийж, бугшсан муу юмнаасаа салахыг эрмэлзэж байх шиг. Энэ ажилд нь одоо сонгууль зохих дүн тавина.Энэ нэг талаас сайн хэрэг. Нөгөө талаас, ерөөсөө нам хэрэггүй гэх туйлширсан үзлийн давлагаан дээр 76 агуу хүн гараад ирвэл яах вэ. Арай тэгэхгүй биз. Гэхдээ баахан бие даагч олонх болоод гараад ирвэл, тэднийг эмхэлж, нэгдсэн бодлогын төлөө хамтран ажиллагсад болгоход нэн бэрх. Хэн нь манлайлахаас авахуулаад бөөн асуудал гарна, бид шинэ зовлон амсна. Би тэгэхгүй байх гэж найдаж байна. Эцсийн бүлэгт нам, эвсэл, бүлэглэл л улс орныг хөтөлнө. Бодлогыг нь барина. Сайн, муу нь жич асуудал. Ямар ч байсан нэгдсэн бүлэглэл байж улсыг авч явах ёстой. Одоогийн сонин сэтгэл зүй газар авч, манайхан туйлшрах дуртай юм чинь нэг мэдсэн чинь баахан бие даагчдыг сонгочихвол баларна аа гэж хувьдаа санаа зовж суугаа.

-Та Электорат хөдөлгөөний гишүүн. Энэ хөдөлгөөний зорилго нь юу юм бэ. Нам гэдэг зохион байгуулалттай бүтцийн өөдөөс хүч үзэхээр байгуулагдсан юм уу?

-Энэ хөдөлгөөн нүгэлгүй, ёс зүйтэй, мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, зөв хүмүүсийг сонгогдоход дөхөм үзүүлэх зорилготой. Түүний цаана жижиг намуудын болон бие даагчдыг дэмжих бодлогоос гадна сайн муу хэлэгдэж 30 жил эрх барьж байгаа хоёр намын боловсон хүчний бодлогод нөлөөлөх санаа бас байгаа. МАН-ын дарга ёс зүйтэй мэдлэг чадвартай, дадлага туршлагатай, хувийнхаа эрх ашгийг том эрх ашгийнхаа дээгүүр тавьдаггүй хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэсэн. Сая улсуудаа дэвшүүллээ. Нэлээд засал авсан байх гэж бодож байна. Ер нь МАН нэр дэвшигчдийнхээ 40-50 хувь, АН 70 хувь шинэчиллээ гэсэн. Тэр тоонууд нэг юм хэлж байгаа ч юм шиг. Гэхдээ нөгөө талаар тэр нэг их юм хэлэхгүй л дээ. Яагаад гэхээр тэд нь бүгд гарч ирнэ гэсэн үг биш, тэгж итгэхэд бэрх. Ямартаа ч нэр дэвших хүмүүсийн бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдлөө. Энэ нь Электорат хөдөлгөөний зорилттой нийцэж байгаа гэж хэлж болно.

-Электорат хөдөлгөөн ХҮН-ыг дэмжиж байгаа юм уу. Ер нь таныхаар УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой, УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм бэ?

-Бид нам биш, хөдөлгөөн. Бид ХҮН-ын юмуу түүнтэй нийлсэн намыг дэмжиж байгаа асуудал огт биш. Бид бас МАН, АН, МАХН-ыг ч эсрэг байгаа юм биш. ХҮН-ыг тойрсон, эвсэл Электорат гэдэг нэрийг авсан байна лээ. Энэ бол манай хөдөлгөөний ивээлд орсон гэсэн үг огт биш. Бид 76 хүн дэмжихээ илэрхийлнэ. Үүнд МАН, АН, бас бус намын ч нөхөд бий. Бие даагчид ч байгаа. ХҮН-ын цөөн хэдэн хүн байх болно. Бид бол нийгмийн дотор буй түгээмэл уур амьсгалыг илэрхийлэх тухайд санаа нийлсэн хэсэг хүмүүс. Тойрог бүрт бидний дэмжиж байгаа хүн нь энэ шүү гэсэн дохиог бид сонгогчдод өгнө. Тэр нэрсийг бид өөрсдөө зохиогоогүй, олон түмнээс гаргаж ирсэн нэрс. Сонгох эсэх нь мэдээж сонгогчдын эрхийн асуудал…

-Энэ жилийн хувьд 208 бие даагч нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Үүнд төр түшилцэж явсан эрхмүүд ч байна. Бие даагчдыг та хэрхэн харж байна?

-Баахан бие даагчид гарч ирээд олонх болчихгүй болов уу гэж бодож байгаагаа түрүүн хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэд бодлого тодорхойлох хүчний хэмжээнд хүрэхгүй биз. Бодлогод шинэ амьсгал, шинэ санаа оруулах бол жич асуудал. Үндсэн хуулийн шинэчлэл, Алсын хараа бодлого энэ тэрээс үүдээд ойрын хэдэн жилд энэ парламентын бодлогын залгамж чанарыг хангах явдал үндэсний хэмжээний чухал зорилт болох ёстой гэж би бодож байна. Тийм учраас шинэ парламентад муу нэртэй ч хамаг хариуцлагыг үүрч ирсэн хоёр намынхан зохих байр сууриа эзэлбэл сайнсан. Шинэ Үндсэн хуультай болно гэдэг улс төрийн хүчнүүд, тийм үзлийг дэмжигчид давамгайлахаар болбол бид сайнаа үзэхгүй.

-Коронавирус цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал дэлхийд төдийгүй манай улсад хүндхэн байна шүү дээ. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Өнөөдөр бид нэг зүйлийг онцолж ярихгүй бол болохгүй. Энэ цар тахал цаг зуурын юм огт биш бололтой. Энэ жилээр тогтохгүй уршиг нь үргэлжлэх юм яригдаад байна. Өнөөдөр гэхэд л эдийн засаг яаж хумигдаж байгааг бид харж байна. ДНБ-ий өсөлт энэ жил хасах ч гарч магадгүй. Бид 6,7 хувь өсгөнө гэж төлөвлөж байсан. Өнөөдөртөө нэг хувь гэсэн төлөг тавьж байгаа байх. Би бол нойлолчихож ч магадгүй гэж үзэж байна. Ийм зүйл болохгүй бол сайн хэрэг. Их тусгүй зүйлтэй учирчихлаа. Энэ тусгүй зүйлийн уршгийг арилгах үүднээс өнөөгийн Засгийн газар хоёр чиглэлд тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэг нь хүн ардаа харж үзэх, нөгөө нь эдийн засгийн суурийг нураачихгүйн тулд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих гэсэн хоёр чиглэлээр чадах ядахаараа арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүлийг хамгаалах талынх нь их ажлыг би ярихгүй байна.Энэ жил хоёр их наядын алдагдалтай төсөв баталсан. Одоо засаг их наядаар ярихаар илүү зардлыг арга буюу гаргаж байгаа. Цар тахлаас үүдэлтэй зовлон цаашид даамжирч магадгүй. Тэгэхээр өнөөгийн энэ “авралын” бодлого бас оновчтой үргэлжлэх учиртай. Шинэ төр засагт тийм том үүрэг ноогдох нь шиг байна. Энд бас бодлогын залгамж чанарын асуудал байна. Товчоор хэлбэл, энэ цар тахал бидэнд цоо шинэ улс төрийн нөхцөл байдлыг бий болгож байна. Олон нийт, сонгогч түмэнд энэ байдлыг сайтар ойлгуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Эцэст нь хэлэххэд улс төрийн тогтвортой байдал, ард түмний нэгдмэл санаа бодол хэзээ хэзээнээс илүү амин чухал учир холбогдолтой цаг үе тохиогоод байна. Өнөөгийн улстөрийн байдлын тухай үзэж харж байгаа төсөөлөл ердөө энэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Анхны цуглаан

1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр үдийн алдад мань хэд анхны цуглаанаа зохиолоо. Эл цуглааны тухай тэртэй тэргүй нэлээд цуу тарж амжсан байв. Үүнээс хоёр хоногийн өмнө Эрдэнэтэд, долоо хоногийн өмнө Ховд хотод цуглаан хийх гэсэн оролдлого гарч байсан байна. “Шинэ үе” бүлгийнхэн жилийн өмнөөс энд тэнд ухуулах хуудас нааж, тэр нь баригдсан намтартай. Цогтсайхан, Энхбаяр тэргүүтэй “Хонх” хамтлагийнхан өөрсдийн дуугаа нэлээд тарааж амжсан, олны дунд их л моод болсон байлаа. Ингэхээр болох цуглааны тухай нэлээд хүмүүс сонсож мэдсэн аж. Цуглаан хийх зөвшөөрлийг Элбэгдорж, Сүхбаатар нар урьд өдөр нь болсон “Залуу уран бүтээлчдийн 2 дугаар зөвлөлгөөний үед Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Намсрайгаас коридорт амаар авсан аж. Нэгэнт хүний эрхийн өдрөөр залуучууд цуглаан зохиох нь ингэж дээрээс зөвшөөрөгдсөн тул цагдаагийн хүч хэрэглэж тараах тухай асуудал байсангүй.

Цуглаанд 300 гаруй хүн хүрэлцэн иржээ. Ирэгсдийн ихэнх нь хотын сэхээтнүүд, залуучууд байв. Цуглагсдын дунд НАХЯ-ы энгийн хувцастай хүмүүс хавьгүй олон байсныг дурдалгүй өнгөрч болохгүй. Тэд цуглааныг ажиглагсдын дунд байтугай зохион байгуулагч анхны 13 дотор өөрийн таван төлөөгчийг шургуулж амжсан байсан юм. Ийм учраас тэдэнд төдийлөн санаа зовох зүйл байсангүй. Нэг үгэндээ бүх зүйл окэй, бүх үйлдэл хяналтанд байгаа.

Цуглааны хамгийн гол зорилго “Монголын ардчилсан холбоо” хэмээх байгууллага байгуулагдсаныг зарлах ёстой аж. Урьд өдөр нь Барилгын зургийн институт дээр болсон уулзалтад энэ байгууллагын тухай удтал маргалдсан юм. Бошгот, Нэргүй зэрэг ахимаг насны хүмүүс хуралдагсдын дунд байсан шалтгаанаар анхлан товлож байсан “Монголын ардчилсан залуучуудын холбоо” нэрнээс татгалзжээ. Гэвч ахмадууд шинэ байгууллагад анхдагч болж орохыг хүссэнгүй, араар байхыг дээрд үзсэн тул 25-30 насны 13 залуу Холбоог анх буй болгосон юм.

Цуглааныг Элбэгдорж хөтөллөө. Намхан нуруутай, хэл ам хурц, цээжээрээ тун цэгцтэй ярьж чаддаг энэ залуу ЗХУ-д цэргийн сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй, армид харьяалагддаг дэслэгч цолтой хүн юм. Цуглаан зохион байгуулагсад гар гараасаа барилцан дээш өргөж уухайлан өөрийн Холбоог байгуулсан шийдвэрээ баяр хөөртэй, сэтгэл дүүрэн уншиж сонсголоо. Зохион байгуулагчдын дунд одоохондоо тэргүүн гэдэг нь зарлагдаагүй боловч урьд өдөр нь товлон тогтсон Санжаасүрэнгийн Зориг гээд залуу байна. Тэрээр Москвагийн Их сургуульд Шинжлэх ухааны коммунизмын онол хэмээх нэлээд сонин мэргэжил эзэмшиж МУИС-д багшлах аж. Мөн лам хүн нэг байсан нь олны гайхлыг төрүүлэв. Залуу лам тун ховор байснаас болоод хүмүүсийн сэтгэлд энэ нь нэлээд эерэг сэтгэгдэл төрүүлжээ.

Цуглаанд нэлээд хэдэн хүмүүс үг хэлж Ардчилсан холбооны үүрэг зорилгыг хүний эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбогдуулан тайлбарлаж байлаа. Эцэст нь олны дунд хэдийнэ танил болсон “Хонхны дуу”-г Цогтсайхан гитартай дуулав. “Хонхны дуу бүхнийг сэрээлээ” гэсэн үгтэй энэ дууны үг, аяыг ЗХУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн Цогтсайхан өөрөө зохиосон юм.

Анхны цуглаан амжилттай боллоо. Хонхны дуу энэ өдөртөө багтаж бүхнийг сэрээгээгүй ч гэсэн нийгмийн тодорхой хэсэгт харанга болон дэгдэв. Энэ дуу хэдхэн хоног сарын дараа уул ус, тал хээрийг дамжин нийт Монгол орныг сэрээсэн юм. Хэдийгээр дотроо НАХЯ-ы баахан тагнуул туршуул агуулсан байсан ч анхны 13 залуус энэхүү хонхыг эхэлж нүдсэн билээ. Ийнхүү Монгол орон XX зууны гурав дахь нийгмийн хувьсгалтайгаа золгоход бэлэн болжээ. Чухам энэ хувьсгал л эцсийнх, хамгийн төгөлдөр нь, монголчуудыг хүнийх нь хувьд ч, нийгмийнх нь хувьд ч, үндэстнийх нь хувьд ч хүн төрөлхтний нийтлэг голдиролтой учруулах нигууртай ажгуу.

1993

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хишигчулуун: Марзан Шарав Ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа Торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан

Зураач, барималч, судлаач Ч.Хишигчулуун XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Марзан Шарав буюу Балдуугийн Шаравын намтар, уран бүтээлийг сүүлийн 40 жил судалж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.


-Таны багш, ардын зураач Л.Гаваа гуай Марзан Шаравын шавь байсан гэдэг?

-Манай багш найз нөхөдтэйгөө Марзан Шаравын тухай аминчлан хууч хөөрч байхыг нь би сонсож байсан юм. Багш минь 13 настайдаа тэр аугаа хүний дагалдан зураачаар ажиллаж байсан юм билээ. Ц.Байды ахын багш В.Одгийв, Л.Гаваа багш хоёр 13, 14 настай байхдаа Марзан Шарав гуайн дагалдан зураачид байсан гэсэн. Тийм болохоор энэ хүмүүс багшийнхаа тухай ярихгүй яахав. Арван хэдэн жил дэргэд нь байсан хүмүүс мэдэхгүй яахав.

-Марзан Шарав гэхээр марзан зантай хүн байжээ гэж ойлгоцгоодог?

-Одоо би тэрний чинь тухай ярина. Үнэн сонин, хачин юм олчихоод явж байна шүү, би.

-За.

-За, тэгээд Л.Гаваа багш ярьж билээ. “Багш минь их сахилгагүй, марзан хүн байсан юм” гэж ирээд л жишээтэй нь ярина. Марзан Шарав гуайн ажлын хажуух өрөөнд нь үсэг өргөгчид ажилладаг байж. Тэд ханцуйвч, хормогч, халаттай. Тэд нар өрөөнд нь байдаг доороос нь цохиж угаадаг гар угаалтуурт гараа угаах гэж орж ирнэ. Ирэхийг нь мэдээд Марзан Шарав гуай “Алив бушуул” гэнэ. Тэгэнгүүт шавь нар нь үсэг өрөгчдийн хормойг бийрийнхээ ишээр сөхөж бөөн инээдэм, орилоон болно. Шарав гуай тэрийг нь хараад юу ч болоогүй юм шиг царайлах ч дотроо инээгээд сууж байдаг байсан гэсэн. Шавь нартаа тэгж алиа наадам хийж, марзаганахыг заагаад өгчихсөн. Өөрөө бол маш хөнгөн шингэн хөдөлгөөнтэй хүн байжээ. Ёгточ, хүнийг ёжилж хэлдэг хүн байдаг даа. Донжтой хэлдэг хүн байдаг шүү дээ. Ёгт хүн гэдэг билүү.

-Шогч, шооч..

-Шооч гэх юм уу, хүнийг тэгж гижигдсэн маягийн. Түүнээс биш марзганаад байдаг хүн байгаагүй. Донжийг нь олоод хатгачихдаг хүн байсан юм билээ. Марзан Шарав гуайн ганцхан фото зураг байдаг юм. Кээпкин малгайтай, дээлтэй, хар цагаан зураг байдаг.

-Марзан Шарав гуай 1869 онд төрсөн байдаг. Намтраас нь сонирхуулбал?

-1869 оны тавдугаар сарын 27-нд Засагтхан аймгийн Засагтханы хошуу, Цагаан давааны дээд өвөлжөө гэдэг газар мэндэлсэн хүн.

-Одоогийнхоор?

-Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг. Балдуу гэдэг чинь өвөө нь. Ээж нь Норжин гэж эмэгтэй байжээ. Багын сэргэлэн цовоо хүүхэд байсан. Маш их хөдөлгөөнтэй, нэг газраа тогтдоггүй. Юм л байвал дээр нь зураг зурж байдаг. Голын сайр, элс, мод, цас, бүр шилбүүрэн дээр хүртэл зурна. Хаа тааралдсан газраа л юм зурж явдаг сэргэлэн хүүхэд байсан.

Судалгааны ажил хийж байхдаа хөм гэж юмтай танилцлаа. Тэр нь үхрийн ширний хэлтэрхий. Ээж нь үхрийн ширэн дээр домбоо тавиад цайгаа уудалж байхад цайнд норсон шир цайрахыг дөрөвхөн настай Шарав анзаарсан байгаа юм. Тэгээд л өнөө ширэн дээрээ данхтай халуун хар цай асгаад норгоод цайрангуут тэрэн дээр нь зураг зурдаг болсон байгаа юм. Тэр хөм түүний хувьд мөнхийн самбар нь болсон. Энэ тухай Говь-Алтай аймгийн Урчуудын салбарын дарга насаараа хийсэн Мөнхөө ахын тэмдэглэлд дурдагдсан байсан.

Тэгж байтал нутгийнх нь нэг ноёныд найр болдог. Тэр дүр зураг “Монголын нэг өдөр” уран зурагт нь дүрслэгдсэн гэж үздэг. Хэдий жаахан хүүхэд ч гэлээ найрлаж байгаа хүмүүсийг сайн анзаарч харжээ. Хүмүүс найрлаж согтохоороо морь, малнаасаа унаж, бөөлжиж, зарим нь агсам согтуу тавьж, зарим нь залуухан хүүхэн чангаадаг. Тэрийг харсан бяцхан Шарав дараа нь найранд болсон үйл явдлыг элсэн дээр зураад байж байхад нь өнөөх ноён хатантайгаа хамт явж, голын хүмүүс ээж Норжинд нь хандан “Хүү чинь ноён шоглолоо. Ганц хүүхдээ толгой дээрээ гаргалаа” гэж зэмлэсэн гэж би таамагладаг юм. Марзан Шарав гуайн энэ гоц авьяас удам дамжсан юм билээ. Норжин нагац ах Арын хүрээ хийдийн лам Жанцандаа хүүгээ аваачиж, эрдэм номтой хүн болгоно оо гээд хүн амьтны хэл амнаас зугтаалгасан байдаг. Жанцан ах нь мундаг ламаас гадна бурханч лам байсан. Уран хээч хүн байсан гэнэ. Шарав зураач тэнд таван настайдаа очоод 12 жил буюу 17 нас хүртлээ шавилсан. Одооны дүрслэх урлагийн дээд сургуульд дээд тал нь зургаан жил ч зурахгүй. Тэгтэл Шарав зураг зурж сурах гэж Арын хүрээ хийдэд 12 жил шавилж суужээ. Тэгэхээр мэргэжлийн зураач байхгүй юу. Нагац ах нь бурханч лам. Хүний авьяас эх талаа илүү дагадаг гэдэг чинь энэ. Багаасаа харандаа хэрэглэхгүй зураад сурчихсан, хөмөн дээр. Их хурдан зурдаг хүн байсан байна.

-Арын хүрээ хийд чухам хаана байрладаг, ямар онцлогтой газар байсан юм бол?

-Хятадаас барууныг чиглэсэн Торгоны замын хөл дээр байдаг хийд байжээ. Их хөлийн газарт байрладаг байсан. Аймгийн төвөөс арав гаруй километрийн зайтай байдаг гэсэн. Данийн Алтай судлаачид Арын хүрээ хийдээр тэр үед дайрч гарсан юм билээ. Тэр хүмүүс “Энэ мундаг зураач хүү байна” гээд хөргөө зуруулдаг байж. Таталбар зураг. Хятад, Солонгос, Япон гээд зүсэн зүйлийн жуулчин дайрч өнгөрдөг байжээ. Тэгж зурсаар хөрөг зургийн мастер болчихсон.

12 жил сурсныхаа дараа Гэтэлгэгч Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх бурхан бүтээж тайлангаа тавьсан гэдэг. Их амжилттай болсон.

-Ар гэр нь ямархуу айл байсан юм бол оо?

-Морь малын захтай айл байсан. 17 настай Шарав өвөө, ээж дээрээ очъё, адуу мал дээрээ гаръя гэж л дээ. Зураг зурж сурахын хажуугаар ном үзэж, дөрвөлжин, төвөд, манж бичиг сурсан унзад хоолойтой хүн байжээ. Бас эрхи татна. Тан барина. Их суут хүн байжээ. Шарав гуай “Эсвэл би хийддээ үлдээд түмэнд буян болоод үргэлжлүүлж шавилж сууя” гэж байтал хошуу тамгын газраас нь цэргийн зарлан ирсэн байдаг. Тэр үед хугацаагүй цэргийн албатай байсан. Тэгтэл гэнэт VIII Богд Жавзандамба хутагтын зарлиг ирсэн. Засагтханы хошууны Арын хүрээ хийдийн бурханч лам Балдуугийн Шаравыг хүрээнд Богд хаан дуудсан байгаа юм. Богд 17 настай хүүхдийг зураачаараа ажиллуулах гээд дуудчихсан хэрэг л дээ.

Арын хүрээ хийдэд тийм нэг мундаг уртай зураач хүү байна гэдэг тухай мэдээ Богдын чихэнд хүрдэг байж. Богд хаан тэрийг нарийн мэдэрч “Тэндээ нэг багшийн гараар заалгаж, тайлангаа тавиг” гээд байлгадаг байжээ. Богд хэд хэдэн зурхайчтай байсан. Тайлангаа тавьчихлаа гэдгийг нь дуулангуутаа зарлиг гаргасан нь тэр. Зарлиг ирсэнд нутаг орныхон нь, багш, ээж нь хязгааргүй баярласан байдаг. 17-хон настай хүүхэд Богдын ивээлд орно гэдэг том үйл явдал.

-Ингээд Богдын зарлигаар хүрээнд ирээд Богдод бараалхаж дээ?

-Лувсан гэдэг дархан хүн, зураач Шарав хоёр Богдод бараалхжээ. Богд “Та хоёр надад нэг нэг сайн бүтээл хийж үзүүл” гэжээ. Тэр хоёр бүтээл хийгээд Богдтой дахин уулзжээ. Лувсан арвайн үр дээр туулай сийлжээ. Түүнийгээ амьд цох хорхойн дээр тавиад томруулдаг шилээр Богдод харуултал туулайны хамар жаахан мархайжээ гэж өөлөөд “Чамайг “Марх” Лувсан гэж нэрлэе” гэсэн. Богд чинь тэгж яривал өөрөө их алиа марзан хүн байсан. Сэргэлэн хүн байсан. Одооны кинон дээр гараад байдаг Богд чинь биш шүү.

Тэгээд дараа нь Богд хаан, хатан Дондогдуламынхаа хамт Шаравын зургийг үзжээ. Тэгтэл тэр зурагт элдэв янзын үйл явдал гарчээ. Секс хүртэл гарч ирэхэд тэр хоёр нэгнээ ёворсон байгаа юм. Богд “Энэ их сайхан зураг болж. Жаахан марзан зураг болж. Чамайг “Марзан” Шарав гэе” гэсэн байгаа юм. Энэ бол Богдын өгсөн хоч.

Шараваас “Энэ зурагтаа ямар нэг өгсөн бэ” гэж асуусан чинь “Нэр хайрлаагүй. Нэр хайрлаж чадахгүй байна” гэж л дээ. Тэгтэл Дондогдулам хатан тэр дор нь “Монголын нэг өдөр” гэж нэр хайрласан байдаг. Марзан гэдэг нь алиа марзан зантай болохоор нь тэгж хочлоогүй. Зураг дээр нь тийм үйл явдлууд гардагтай холбоотой байжээ.

-Марзан Шарав гуайг Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үүсгэн байгуулагч гэдэг?

-Хамгийн анхны бүх юмыг Шарав зурсан. Анхны хөрөг нь Сүхбаатарын нөгөө алдарт хөрөг. С.Оюун гуай хойно төгсч ирээд “Робинзон Крузо”-г орчуулахад зургийг нь зурсан, Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн”, “Шидэт хүүрийн үлгэр”-ийн зургууд, хамгийн анхны гэгддэг Элдэв-Очиртой маркнууд, анхны мөнгөн тэмдэгт гээд анхны олон юмыг зурж мандаж байхад нь нэгэн шөнө түүнийг буутай хоёр цэрэг ирээд аваад явахад замаасаа зугтаад Хятад руу хил даваад жил гаруй явсан байдаг. Сүүлдээ эрхи татаж байгаад “Ерөөсөө буцъя” гээд эргэж ирээд Буниа гэж хурандаагийн өрөөнд ороод ирсэн гэдэг. Хувьсгалын дараа зөвхөн Цэргийн яаманд бурхны зураг өлгөөтэй байсан гэдэг. Гэтэл тэр зургийг Марзан Шарав тав хоногийн дотор зуржээ. Очирваань бурхныг зуржээ. Хурандаа түүнд “Дахин битгий хэл ам татал” гээд явуулсан байдаг. Тэгж аврагдсан түүхтэй. “Хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдарна” гээд дураараа явж байгаад 1939 онд нас барсан байдаг. Ямар нэгэн өвчнөөр нас барсан гэж уншаагүй. Чадвартай тийм хүмүүс чинь ер бусын байдлаар тэнгэрт хальдаг юм билээ.

-Та Марзан Шарав гуайн тухай хоёр ангит кино зохиол бичжээ?

-Холбогдох газрууд, Ерөнхий сайдад киноны тухай мэдээлэл хүргүүлсэн. БСШУСЯ-ны Кино төслийн уралдаанд орох гээд бүх материалаа бүрдүүлчихээд байна. Ийм кино зохиол бичсэн учир мэддэг хүмүүс маш талархалтай хүлээж авч байгаа. Энэ бол миний олон жилийн хөдөлмөрийн үр шим юм. Уг зохиолоо кино болгож, дэлгэцэнд гаргахыг ихэд хүсч байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

-“ХАНДЛАГЫН 10 ХУВЬ” УРАМШУУЛЛЫН СИСТЕМ МААНЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА-

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь” урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юү?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтой харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг.

Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургадугаар сарын 01-нээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсрэгээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээрх 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-наас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмэнт хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой…

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана, тэр хүн цалин орлого сайтай байх шударга тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан.

Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежмэнтийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан.

Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгөөр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танай эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежмэнтийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалингийн нэмэгдэл олгох, нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцолъё.

Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм.

Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсрэгээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтад хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө суулгаж өгсөн. Энэ бол таны хэлснээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмэнт гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

Categories
мэдээ нийгэм

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын суурийн ухмал, завсрын тулгуур байгуулах ажил дуусчээ

Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын суурийн ухмал, буцаан дүүргэлт, захын болон завсрын тулгуур байгуулах зэрэг ажил 100 хувь хийгдэж дуусжээ.

Газар шорооны ажил 78, төмөр бетон гүүрийн ажил 74, нийт ажил 65 хувийн гүйцэтгэлтэй ажил эрчимтэй өрнөж байна.

Уг авто замын бүтээн байгуулалтын ажилд одоогоор 230 орчим техник, машин механизм, 580 орчим хүн хүч ажиллаж, 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 18 километрт суурь асфальт бетон хучилтыг хийжээ.

Концесс эзэмшигч дотоодын “Макс рөүд” компани эхний 30 километр хатуу хучилттай авто замыг өнгөрсөн онд Улсын комисст хүлээлгэн өгсөн бол замын үлдсэн хэсгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.