Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.30 цагт АТГ-ын гадна талбайд иргэн Г.Нямдаржаа нийслэлийн болон “Богда Холдинг” ХХК-ийн удирдлагуудыг АТГ-аар шалгуулах хүсэлт хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 89118383

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

14.00 цагт Удирдлагын академийн Нутгийн удирдлагын сургалт, судалгаа, мэдээллийн төв болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хурлын тамхимд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг болно. Утас: 88007823, 99109723

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганбаяр: Иргэд өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг бодох хэмжээнд төлөвшсөн нь бүрэн итгэл төрүүллээ

Энэ сарын 6-8-ны өдрүүдэд ““Ковид-19” халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” томоохон дадлага сургуулилтыг зохион байгуулсан билээ. Уг сургуулилтын талаар ОБЕГ-ын дэд дарга, Онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Гурван өдрийн турш үргэлжилсэн цар тахлын үеийн гэх тодотголтой дадлага сургуулилтын гол зорилго, бодлого юу байв?

-Засгийн газрын хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд коронавирустэй тэмцэх, бэлэн байдлаа сайжруулах үүргийг өгсөн. энэ үүргийн дагуу бид 14 хоногийн хугацаанд бэлтгэлээ хангаад дадлага сургуулилтыг зохион байгууллаа. шадар сайдын тушаал гараад дадлага сургуулилтын бодлогыг баталсан. гол бодлого бол Коронавирустэй тэмцэх, харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ гэсэн хүрээнд хийгдсэн. харилцан ажиллагаа гэдэг бол байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хэлж байгаа юм. Хариу арга хэмжээ гэдэг нь халдварын тохиолдол бий болчихсон үед шуурхай хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бусад байгууллагуудын үйлчилгээ гэсэн утга санааг агуулсан.

-Түүхэндээ анх удаа ийм том хэмжээний дадлага сургуулилтыг зохион байгууллаа. Шинэ, анхных гэдэг утгаараа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хэр байв. Ямар нэг зөрчил, үл ойлголцол гарч байв уу?

-Эрүүл мэндийн сайд дадлага сургуулилтын удирдагчаар томилогдлоо. Түүхэндээ анх удаа бид халдварт өвчнөөр үндэсний хэмжээний том сургуулилт, сургалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайд анх удаа энэ том дадлага сургуулилтыг удирдаж ажиллалаа. Бусад байгууллагын хувьд сайдын удирдлага дор ажилласан. Сургууль өмнөө тавьсан зорилтоо бүрэн биелүүллээ. Сургуулийн бодлогод тусгагдсан арга хэмжээнүүдийг бүгдийг үе шаттайгаар хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, танхимын сургууль, хоёрдугаар практик сургууль гэсэн хоёр үндсэн үе шаттайгаар явагдсан. Танхимын сургуулиар бид дэлхий нийтийг айдаст автуулж, түгшээж байгаа энэ аюулт коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлийн ширээний дасгал сургууль буюу штабын дадлагыг зохиомол цагийн байдал дээр, хүндэрсэн нөхцөлд яаж авах вэ гэсэн зохиомжоор хийж үзсэн. Үүнд бүх бодлогын бичиг баримт, төлөвлөлтийн бичиг баримтуудыг төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлуудаа олон байгууллагууд чиглэл чиглэлээр ярилцлаа. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадна аймаг, нийслэлийн Шуурхай штабууд цахимаар холбогдож ширээний хурлаа хийлээ. ДЭМБ болон бусад эрдэмтэн судлаачдын гаргасны дагуу аюул занал алгуурхан эхлээд оргилдоо хүртэл явагдах тэр мөч хүртэл төрийн байгууллагууд, бусад байгууллагууд бүх чадлаа дайчлан оргилдоо хүртэл нь ажиллалаа. Оргилдоо хүрсний дараа хяналтдаа аваад график, судалгааны дагуу буурдаг юм байна. Энэ хугацаанд амьдралаас ургасан, шийдэгдээгүй, цаасан дээр буугаагүй, төлөвлөлтөд тусгагдаагүй олон асуудлууд тулгарсан. Энэ болгоныг бид тэмдэглэж авсан. Бид хэдийгээр өнөөдөр орчин үеийн шинэ технологи нэвтэрчихсэн гэж бодож байгаа боловч яг энэ үед холбоо зохион байгуулалт гэдэг том хүндрэл болж болзошгүйг бид сая харлаа. Удирдагч хүний баруун гар бол холбоо байдаг. Холбоо зохион байгуулалттай байж холбоогоороо мэдээллээ цуглуулж, дүгнэлт шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах шийдвэр гаргадаг. Гэтэл энд хүндрэл учирч байгааг бид харлаа. Хоёрдугаар асуудал удирдлага зохион байгуулалт, бүтцийн тал дээр эргэж харах хэрэгтэй байна. Зарим зүйл дээр давхардсан бүтэц байгаад байна. Давхардсан үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бүгдийг нэгдсэн байдалтай явуулах шаардлагатай байна. Бид сайн тэмдэглэж авлаа.

-Сая 400 гаруй ор дэлгэж бэлтгэл хийж үзлээ. Үнэхээр халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрсэн үед эрүүл мэндийн салбарт үүнээс ч илүү нөөц хэрэгтэй болохыг тооцоолсон байх. Энэ талаар…?

-Гурав дахь өдөр Эрүүл мэндийн яам штабынхныгаа УОК-ын Шуурхай штаб дээр нэгдүүлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж чадсан. Ингэснээр хурлын үр дүн маш шуурхай гарлаа. Маш шуурхай ойлголцлоо. Ингэснээр олон нийтийг хамарсан цар тахал гарчихсан үед Эрүүл мэндийн байгууллага, эмч ажиллагсад, байрны асуудалд хүндрэл гарах юм байна. Байр сав бэлтгээд нөөцөө харуулсан ч ийм том хэмжээний аюул тохиосон үед хүрэлцэхгүй тохиолдол гарах юм байна. Энэ бүгдийг бид олж харлаа. Гэх мэтчилэн олон зүйлийг энэ сургуулийн хүрээнд олж харлаа, ярилцлаа, ойлголцлоо. Халдварын тохиолдол гарчихсан үед хэн хэндээ мэдээлэл дамжуулах юм. Стандарт ажиллагааны журмыг ч хөндөж ярьсан. Тохиолдол илэрлээ. Лабораторийн шинжилгээ хийхэд халдвартай гарлаа. Эхний ээлжинд ямар алхам хийх юм бэ гэдгээ хүртэл ярьж байгаа юм. Ингэж байж бид дараа дараагийн аюул ирэхэд сандрахгүй бухимдахгүй, хэн нэгэндээ асуудал үүсгэхгүй, зөрчилдөөн гаргахгүйгээр ажиллах нөхцөлийг бий болгож чадсан нь энэ сургуулийн том амжилт юм.

-Хамгийн чухал зүйл Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлсэн хөл хорио. Энэ үеэр иргэд хэр идэвхтэй байв. Зөрчил хэр гаргав?

-Бодит дадлага сургууль буюу практик сургууль. Чингэлтэй дүүргийн хүрээнд бодит дадлага сургуулийг хийж хөл хорио тогтоож үзлээ. Тантай ярилцаж байгаа энэ ярианыхаа далимд Чингэлтэй дүүргийн 150 мянган ард иргэддээ баярлалаа, та бүхэн сургуулийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж оролцлоо. Ард иргэддээ бүрэн итгэлтэй боллоо гэж хэлье.Чингэлтэй дүүргийн ард иргэд маш сайн идэвхтэй оролцлоо. Бодож байснаас илүү идэвхтэй байлаа. Ямар ч зөрчилтэй асуудал гаргаагүй. Яахав хөл хориотой бүс рүү орох гэсэн бусад дүүргийн иргэдийн зүгээс ганц нэг асуудал гарсан. Энэ талаар мэдээгүй гэдэг ч юм уу. Тухай бүрт нь манай алба хаагчид зохицуулалт хийж ажилласан. Бид дрон нисгээд ард иргэдээ дээрээс харж байсан. Гэр хорооллын иргэд гэрээсээ гарахгүй, гудамж талбайдаа гарахгүй, элдэв шалтаг шалтгаан хэлэхгүйгээр дуусгалаа.

-Тэгэхээр иргэд маань халдварын үед хэрхэн өөрийгөө болон өрөөлийг хамгаалах талаар ойлголт сайн байна гэж хэлж болох уу?

-Бид аюул занал тохиолдох юм бол ийм л арга хэмжээ авна. Энэ тохиолдолд яаж ажиллах ёстой, ямар хүндрэл гарч болохоор байна гэдгийг мэдэж авахыг хүссэн. Энэ олон гудамж, үйлчилгээний төвийг яаж хянах уу гээд туршиж үзлээ. Чингэлтэй дүүрэг гээд яриад байгаа боловч цаана Улаанбаатар хотыг цаашлаад Монгол Улсын хэмжээнд төсөөлж хэрэгжүүлж буй. Өнөөдөр ард иргэддээ итгэх итгэл бүрэн дүүрэн боллоо. Яах бол ийх бол, ямар хүндрэл гарах бол гэж үнэндээ шаналж байсан. Гэтэл манай ард иргэд одоо шал өөр ойлголттой, их эерэг хандлагатай болсон байна. Төр засгийнхаа хэлсэн үгийг ойлгодог болж. Өөрийнхөө болоод өрх гэрийнхээ аюулгүй байдлыг хангаж чаддаг болж. Миний аюулгүй байдал бусдын аюулгүй байдалтай хамааралтай гэдгийг ухамсарладаг болсон байна.

Бас нэг зүйлийг онцломоор байна. Хэвлэл мэдээллийн байгууллага энэ үйл явдалд маш том хүч болон ажиллалаа. Болж байгаа үйл явдлыг ард иргэдэд ойлгуулахаар олон талаас нь мэдээ, сурвалжлага бэлтгэж, бодитоор хүргэж чадсан учраас ард иргэдэд бас ингэж сайн хүрлээ гэж бодож байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлмээр байна.

-Дадлага сургуулийн үеэр нийт хэчнээн ор дэлгэсэн бэ?

-Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолбор дээр 300 ор дэлгэсэн. Энэ бол хөнгөн өвчтөнүүдээ хүлээж авах зориулалттай. Дараа нь Эх хүүхдийн 800 ортой эмнэлэгт 100 ор дэлгэж үзлээ. Энд хүндэрсэн, эмнэлгийн нарийн тусламж үйлчилгээ авахаар болчихсон, амьсгалын аппарат шаардлагатай өвчтөнүүдийг хүлээж авах орныхоо бэлтгэлийг хангаж үзлээ. Бид яг энэ тохиолдолд энэ байдлаар л ашиглана. Зургадугаар сар гараад энэ эмнэлэг ашиглалтад орно. 800 ортой болно. Тэгэхээр бидэнд дахиад орны нөөц гарч ирж байна гэсэн үг. ОБЕГ-ын харьяанд байдаг хээрийн эмнэлгээ анх удаа дэлгэлээ. Евро стандартын шаардлагад нийцсэн уг эмнэлгийг ажиллуулаад өвчтөн хүндэрсэн хүмүүсийг хүлээж авах боломжоо тодорхойллоо. Энэ мэтчилэн бид олон талаар бодит байдлаа тодорхойлж бэлтгэж үзлээ.

-Гэхдээ цар тахлын хэмжээнд хүрээгүй байхад ингэж ажил удаж хөрөнгө мөнгө үрлээ гэх шүүмжлэл ч бий?

-Саар зүйл бага байсан. Бид их хөрөнгө зарцуулаагүй. ОБЕГ-ын даргын тушаалаар 20 гаруйхан сая төгрөгөөр дадлага сургуулиа хийчихлээ. Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой хэмжээний зардал гаргасан. Гэхдээ гаргасан зардал нь жишээлбэл 300 орны бэлтгэлийг хангахад зориулсан зардал. Тэр ширээ, сандлыг дараа нь шаардлагатай үед хэрэглэчихнэ. ОБЕГ тэр дэлгэсэн орыг худалдаж авсан. Хээрийн эмнэлгийг дэлгэсэн. Бид үргүй зардал гаргаагүй. Нөөцөө бүрдүүлж байгаа юм. Нэг төгрөгийг ч үнэгүй зарцуулаагүй. Энд хардах зүйл байхгүй. Эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Би энэ бүгдийг бодолцож их л хянамгай ажиллаж байна.

-Хээрийн эмнэлэгт зориулж контейнер буюу чингэлэг худалдан авсан байсан. Манай нөхцөлд гэрээр орлуулсан бол бага зардал гарах байсан гэж байна. Евро стандартын эмнэлгийн онцлог юу вэ?

-Польшийн засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн хоёр хээрийн эмнэлэг авч байгаа. Евро стандартын эмнэлэг нь дотор нь байгаа мэс заслын нарийн багаж хэрэгсэл, рентген аппарат энэ бүхэн чинь яг евро стандартад нийцсэн. Ямар битүүмжлэлтэй, ямар агаарт байх ёстой, ямар дулаанд байх ёстой гээд бүх зүйлийг тэр контейнер дотор нь хангаад тоноглочихсон байгаа. Контейнер дотор том генератор байгаа. Үүгээр эмнэлгийг тогоор хангана. Хээрийн эмнэлэгт гар нүүрээ угаана, усанд орно, ариун цэврийн өрөөтэй гээд бүгдийг евро стандартад нийцүүлээд манайд нийлүүлсэн. Бүгдийг гадны хамааралгүйгээр цогцоор шийдэж өгсөн гэдгээрээ онцлогтой. Харин гэрийг бид цаашдаа тусгаарлах байрны зориулалтаар ашиглах төлөвлөгөөтэй байна.

-Хээрийн эмнэлгийг дараа нь хаана ч зөөвөрлөн ашиглаж болно биз дээ?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч ямар ч том аюул тохиолдсон хээрийн эмнэлгээ аваачиж дэлгээд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой боллоо.

-Хамгийн сүүлд Турк, БНЭУ, БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эхний ээлжинд аль улс руу нислэг үйлдэхээр зэхэж байгаа вэ?

-Бид гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Гэхдээ Монгол Улсын Шадар сайдын тушаалаар гүйцэтгэнэ. Бид энэ дагуу тушаал гарсан тохиолдолд албан ёсоор олон нийтэд зарлана. Хараахан энэ чиглэлийн төлөвлөгөө батлагдаагүй байна. Дүн шинжилгээ хийж байна, нөөц бололцоогоо тодорхойлж байгаа.

-Сонгуулийн үеэр тусгаарлах байранд хүмүүс байлгахгүй гээд байгаа. Одоогоор яригдаж байгаа гурван нислэгээр ирэх хүмүүс энэ хугацаанд багтаж чадах болов уу?

-Бид тэгж тооцож, амжуулах гээд л яриад байна. Олон талаас нь сайн хэлэлцэж байж шийдвэрлэх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын Шүүх засаглалд хэн нөлөөлөөд байна вэ

Ер нь Монголын Шүүх засаглалд хэн гэгч хүмүүс нөлөөлж ирсэн, нөлөөлсөөр байгаа, цаашид нөлөөлсөөр байх магадлалтайг үргэлж л ярьж байж алдаа завхралыг засна. Монголын Шүүх засаглалд улс төрийн нөлөө амь бөхтэй оршсоор байгааг сүүлийн үеийн үйл явдлууд харуулсаар байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, төрийн өндөр албан тушаал хашсан олны танил эрхмүүд Шүүхийн хаалга татаж, эхнээсээ шорон руу ачигдаж эхэллээ. Ял авсан М.Энхсайхан гэхэд “Ямар ч ажил хэрэг болоогүй гэрээний загвар дээр надад ял төлөвлөсөн. Ингээд машин шахсан хэргээр Шүүхээс ял өглөө…” гэж байна. Өнөө маргаашгүй ял сонсож мэдэхээр байгаа С.Баяр “Ямар ч хохирогчгүй хэрэг нээж надад Шүүхээс ял төлөвлөлөө” гэлээ. Үнэхээр тийм юм бол энэ улсад чинь юу болоод байгаа юм. Шүүх засаглал нь яачихаад байгаа юм бэ. Энэ хоёр хүний араас Да.Ганболд, Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж… гээд улстөрчид хуулийн танхимд зогсох боллоо. Тэдний хэрэг Шүүхийн шатанд очсон. Эдгээр нөхдүүд бүгдээрээ улстөрчид учраас улс төрийн зорилготой “дело” нээж байна гэж нийгэм хардаж байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Шүүх засаглал хэн нэгний нөлөөнд байсаар байна уу, цаашид байх уу… цаашаа энэ бүхэн юунд хүрэх вэ гэсэн асуулт урган гарч, хариулт нэхэж эхэллээ…

Сүүлийн хорь орчим жилийн нөхцөл байдлыг харахаар Улсын Дээд Шүүх нь шүүхийн дотоод хяналтыг авснаар хараат бус, бие даасан байдлыг нь үгүй хийсэн гэж судлаачид үзэж байгаа юм. УДШ-ийн Ерөнхий шүүгч гэдэг хүн үндсэндээ бүх шатныг шүүгчийн хэн байх, хариуцлага тооцох эсэхийг шийддэг, “дэмжин туслах” нэрээр шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, үүрэг даалгавар өгдөг болж хувирчээ. Энэ нь үндсэндээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр дамжуулаад улсын Ерөнхийлөгч шүүхийн үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж, хяналтаа тавьдаг болсон үйл явц юм. Энэ завхралын эхлэлийг хэн гэгч улстөрч тавьсныг шулуухан хэлэх ёстой. Н.Энхбаярын үеэс эхтэй, Ц.Элбэгдоржийн үед гаарсан хэмээн Х.Тэмүүжин нарын хуульчид, судлаачид маш тодорхой хэвлэл мэдээллээр ярьсаар байгаа. Ер нь бол нарийн эхлэл нь Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын зөрчлөөс үүдэлтэй гэж судлаачид үздэг. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас авч хаядаг дэс дараатай үйл явц бол Монголын Шүүхийг хэн хянах вэ, хуулийн байгууллагын толгойд хэн суух вэ гэдэг “зодоон” байжээ. Учир нь тухайн үед Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийг Хууль зүйн сайд толгойлдог байлаа. Энэ эрх мэдлийг Хууль зүйн сайдад байлгах уу, эсвэл Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид аваачих уу гэдэг маргаан гарч, маргааны цөмд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр сууж байж. Н.Энхбаяр нь “Дээд шүүхэд энэ эрх мэдлийг татаж авснаар Шүүхийг бүрэн хяналтдаа авч чадах юм байна” гэсэн мэргэн арга сэдсэн нь тэр. Ингээд “бяр”-тай байсан Н.Энхбаяр УИХ дээр хүчиндээд батлуулсан юм. Тэр үед “босоо” байсан Н.Энхбаярт хошуу дэвсэн тал засдаг сүрэг хүмүүс УИХ-ын танхимд байсан юм. Тэдний зарим нь одоо ч Их хуралд байгаа. Ингэж л Шүүх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглах алсын зорилготой бужигнаан болсон нь бодит түүх билээ. Н.Энхбаярын хамж авч бий болгосон энэ их эрх мэдлийн хуримтлал, баримт фактуудыг аваад үзэхээр хүн нь солигдоод байсан боловч Дээд шүүх, Ерөнхийлөгчийн институци хоёрын хуйвалдаан Монголын Шүүх засаглалын бүх эрүүл саруул өөрчлөлтийг нурааж, өнөөдөрт ирсэн “гай” нь энэ. Үүндээ бас Үндсэн хуулийн Цэцийг ашигладаг. ҮХЦ-д Дээд шүүхээс гурван хүн, Ерөнхийлөгчөөс гурван хүн томилдог шүү дээ. ҮХЦ-д сууж байгаа есөн хүний зургааг нь барьчихаж байгаа. “Бидэнд үйлчлээд байвал эргэж томилогдоод байна шүү” гэсэн тохироотой. Ийм тохироогоор ҮХЦ-д хорин жил суучихсан хүн нэгэн үе байлаа.

Ер нь бол өнөөдөр шүүхийн танхимд зогсож байгаа, Шүүхийн шатны наана яваа эрх мэдэлтнүүдийн байгаа байдал бол өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэмээр байдаг. Ийм аюул руу явж байгааг өнөөдөр баларч байгаа бүх улстөрчид тэр үедээ мэдэж байсан. Мэдээгүй ч мэдэрч байсан. Гэвч түүгээр яваа “гай”-г үүгээр дуудаад яахав, надаас л холуур байвал бол оо гэж бодоцгоосон. Тэдний бэртэгчин зан нь хүссэн хүсээгүй өөрсдийг нь “гай”-д дуудсан байж болно. Улстөрч хүн улс орныхоо эрх ашгийн төлөө чин зүрхнээсээ хандах ёстой.

Үүгээр хэн нэгнийг тавлаж байгаа юм биш. Улстөрчийн замнал ямар байх ёстой тухай л яриа юм. Үнэндээ саяхан л “Шүүх дээр болж байгаа хэрүүл тэмцэл хаана очиж дуусч, хэний төлөө зодолдож байна? Эцсийн дүндээ Дээд шүүхийн хэдэн шүүгч, Ерөнхий шүүгчийн төлөө л энэ улстөрчид чинь зодолдож байна шүү дээ. Нэг ёсондоо хонгилынхоо түлхүүрийг авах гэж байна” гэж захын хүн ярьдаг болчихсон байсан шүү дээ. Өнөөдөр тэгвэл шүүхээр орж буй энэ хэдэн том улстөрчийн эргэн тойронд мөнөөх л яриа өрнөж байгаа нь нууц биш.

Ийм цаг үед итгэл найдвар бол сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэ тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монголын улстөрчид бэлэн үү. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хамгийн түрүүнд Шүүхийн Ерөнхий Зөвлөл /ШЕЗ/-ийн удирдлагыг Ерөнхийлөгч томилдог зохицуулалтыг авч хаясан. ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог байсныг зогсоож, ШЕЗ-ийн 10 гишүүн нь дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаар ажиллахаар хатуу заажээ.

Эдгээр арван гишүүний тав нь шүүгчид дотроосоо сонгогдоно. Үлдсэн тав буюу шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Ингээд ШЕЗ-ийн 10 гишүүн дотроосоо даргаа сонгоно. Ингэснээр ШЕЗ-ийн бие даасан байдал дээшилнэ. Хоёрдугаарт, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар заасан. Энэ нь ШЕЗ дээр төвлөрсөн эрх мэдлийг багасгаж, Шүүхийн сахилгын хорооны ажилд зүй бусаар хутгалдан ордог байдал арилна.

Товчхондоо ийм л реформууд Монголын Шүүх Засаглалд тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжих нь. Харин тэр болтол энэ хэд хоногт чухам юу юу болж өнгөрөхийг хэлж мэдэхгүй нь. Ямар ч л байсан өнөөдөр бодитой харагдаж, мэдрэгдэж байгаагаар бол энэхүү 25-ны өдрийг хүртэл Монголын Шүүх засаглалд хэн нөлөөлсөөр байна вэ гэсэн хардлага байсаар байх нь тодорхой. Засаглалын хуваарилалт буюу Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын шинэчлэл гэж сүүлийн бүх парламентад яригдлаа. Энэ удаад лавтай Шүүх засаглалын хүрээн дэх шинэчлэл өөрчлөлт Үндсэн хуулийн хүрээнд тодорхой хийгдэж, парламентаар батлагдсан нь бодит үнэн учраас итгэл найдвар тээн хүлээж суухаас өөр зам бидэнд алга даа.

Categories
мэдээ цаг-үе

Бидэнтэй зэрэгцээд манай дэлхий дээр харь гаригийнхан амьдарч байгаа нь үнэн үү

Пентагон тун саяхан нэгэн сонирхолтой бичлэгийг нийтэд дэлгэсэн. Уг нь жирийн үед бол дэлхийгээр нэг шуугьж өдийд чимээ нь намжаагүй харин ч бүр хүчээ авчихсан, мэдээ мэдээллийн гол сенсаци болоод балайрч байх ёстой уг бичлэг нь үл таних нисдэг биетийн(ҮТНБ) тухай юм л даа. Даанч коронавирустэй тэмцэж байгаа дэлхий “юун харь гаригийнхан, өөрсдийгөө яая гэж байхад” гээд тоосонгүй хаячихлаа.

АНУ-ын Батлан Хамгаалах Яам буюу байрлаж буй барилгынх нь хэлбэрийг нутагшуулан Пентагон хэмээн нэршээд заншчихсан хорвоогийн хамгийн том цэргийн хүчин яагаад өдийд гэнэтхэн харь гаригийхан дэлхийд амьдарч байгаа нь үнэн байж магадгүй гэсэн баталгааг дэлгэх болсон бэ гэдгийг мэдэхгүй. Үнэн нь гэвэл бараг анх удаа тийм том байгууллага бодит бичлэг нийтийн сүлжээнд цацаж байгаад баталсанд л байгаа юм. Дөрөвдүгээр сарын сүүлээр Пентагон богино хэмжээний гурван бичлэгийг тайлбартайгаар цацсан. Уг бичлэгүүдийг 2004 оны 11 дүгээр сар, 2015 оны нэгдүгээр сард тус тус бичиж авч үлдээд хав дарсан ч гэлээ 2017 онд нууцаа алдан нийтэд ил болж худал үнэн баримтууд сүлжээгээр тархан олон түмнийг төөрөгдөлд оруулах болсон учир мэдэгдэл гарахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. “Батлан Хамгаалах Яам энэхүү бичлэгүүдийг ил болгохдоо олон нийтийн дунд тархаад буй буруу зөв ойлголтыг нэг мөр болгохыг зорилоо. Видео бичлэгт харагдаж буй агаарыг үзэгдэлийг бид өнөө хүртэл “үл таних биет” хэмээн тодорхойлж буй” гэж мэдэгдэлд дурдсан. Уг бичлэгт гарч байгаа нисдэг биетүүд Америкийн нисэх хүчний онгоцнуудад байрлуулсан өрсөлдөгчийнхөө онгоцнуудын хэв маяг, маркийг тогтоох төхөөрөмжийн алинд ч багтаагүй бас онгоц, нисдэг тэрэг, бусад нисдэг аппаратуудын алинтай ч хэлбэр дүрсээрээ адилгүй байснаас гадна огцом хурдтай, хүний бие организм даахааргүй маневр үйлдэн нисэн өнгөрч байсныг тухайн бичлэгийг хийж буй нисэгчдийн ярианаас ойлгож болно. Пентагон дахь ҮТНБ-ийг судлах департаментыг олон жил толгойлж байсан Луиса Элизондо “Тэдэнд ийм бичлэгүүд маш олон бий. Та нарт мөсөн уулын зөвхөн уснаас цухуйж буй хэсгийг нь харуулжээ. Архивт байгаа бичлэгүүдийг үзэх эрхтэй хүн байсны хувьд би үнэнийг мэдэлгүй яахав. Бид харь гаригийн хүмүүсийг бодиттой харсан гэж худлаа хэлэхгүй. Харин ҮТНБ-ийг бол харсан, бичлэг хийж авсан. Зарим тийм биетүүд чөлөөт уналтын хурдаас 400-500 дахин илүүтэй нисэх мөртлөө ямар ч хөдөлгүүр, далавч энэ тэр байхгүй харагддаг” гэж дараах нь хэлсэн байна лээ. Ер нь ҮТНБ ихэвчлэн Америк тивийн эрэг хавиар эргэлдээд, америкчүүдийн дуран авиад өртөөд байдаг нь бас өөрөө оньсого юм даа. 2004 онд нисэх хүчнийх нь онгоцтой тик так чихэртэй хэлбэр дүрсээрээ адилхан биет мөргөлдөхийг онгоц тээвэрлэгч USS Nimitz хэмээх том усан онгоцны бие бүрэлдэхүүн бүгдээрээ харсан гэж Military.com дээр бичээд л байсан шүү дээ.

Сүүлийн үед АНУ-ын Невада мужийн нутаг дэвсгэрт орших Area51-ын талаар бас их бичих боллоо. Эзгүй цөлд маш өндөр хамгаалалтад орших “51 дүгээр бүс” хэмээх цэргийг баазыг байдаг гэдгийг Пентагон олон жил үгүйсгэсэн дээ.

Грүүм-Лэйк нуурын ойролцоо байршсан Dream­land хэмээх нууц нэршилтэй бааз Гүүглд харагддаггүй, солбилцол нь тодорхойгүй гээд ихэд нууцагдмал нөхцөлд 1947 оноос хойш ажиллаж байгаад саяхнаас “ичлэгдсэн”. Америкийн Батлан Хамгаалах Яамны өмч гэдгээ хүлээн зөвшөөрч цэргийн зориулалттай туршилт явагддаг тул зөвшөөрөлгүй ойртсон ямар ч этгээдийг устгах болно гэж зарласан уг объектод харь гаригийнхантай холбоотой баримт сэлт, эд хөрөнгө хадгалагдаж байгаа гэдэгт учир мэддэг хүмүүс итгэдэг юм билээ. Хэрвээ харь гаригийн хүний араг яс, амьд биет байдаг бол тэнд л байгаа. Лох Нессийн нуур дахь аварга гүрвэл, Гималайн нуруугаар хэсүүчлэх алмас-хүн зэрэг худал, үнэн нь огт тогтоогдоогүй домгуудын хажууд харь гаригийнхан гэдэг харин ч бодитой байх боломж өндөр юм. Тийм ч учраас АНУ, Франц, Орос, Их Британи зэрэг улсуудад харь гаригийнхан, үл ойлгогдох нисдэг биетүүдийг судлах хүрээлэнгүүд албан ёсоор дөч, тавин жилийн туршид арвин туршлага хуримтлуулан ажиллаж, судалсан хэвээр нууцгайхан оршсоор л байна. Хүн төрөлхтний техник, технологийн түвшин дээшлэх хэрээр зэрэгцэн оршиж буй “гадныхныг” илрүүлэх цаг дөхөж л байгаа бололтой.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Тусгай нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, охинтой болжээ

Тусгай нислэгээр эх орондоо ирж, Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд амаржиж охинтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тэрээр дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй байна.

Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирус (covid-19)-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал

WHO Names Disease Caused by New Coronavirus: COVID-19 | Global ...

ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар авч эдгэсэн хүмүүсийн дунд эсрэг биет үүссэн байдал харьцангуй бага байгаа талаар 05 дугаар сарын 11-ний өдөр мэдээллээ. Тодруулбал, тус байгууллагын хийсэн судалгаагаар дээрх үзүүлэлт 1-10 хувь, бусад судалгаанд 14-15 хувь байгаа аж. Сүргийн дархлааны харьцаа вакцинжуулалтад ихээхэн ач холбогдолтой учир үүнийг оновчтой тодорхойлохын тулд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай аж. Түүнчлэн шинэ төрлийн коронавирус цаашдаа байсаар байх төлөвтэй тул ирээдүйд голомтот халдвар дэгдсээр байх бололтой.

Олон улсад хийгдэж буй эмнэлзүйн туршилтуудаас үзвэл үений үрэвслийн эсрэг хэрэглэгддэг “Tocilizumab” эмийг “Covid-19”-ийн эмчилгээнд ашиглах магадлалтай байна. БНФУ-д хийсэн туршилтаар халдвар авсан өвчтөнүүдэд “Tocilizumab” эмийг уулгахад үрэвсэл дарагдаж, урьдчилан сэргийлэх эхний шатны эмчилгээ үр дүнгээ өгч байгаа нь ажиглагджээ. Уг эм дархлаа дэмжих давхар үйлчилгээтэй бөгөөд гаж нөлөө, бусад эрсдэл мэдэгдэхүйц бага юм байна.

“Covid-19” өвчний тархалтад цаг агаарын байдал болон газарзүйн байршил хамааралгүйг тогтоосон тухай судалгаа БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн өдөр тутмын сонинд гарчээ. Тухайлбал, уг өвчин жилийн 4 улиралд цаг агаарын халуун, хүйтэн нөхцөлөөс үл хамааран хаана ч тархах боломжтой бөгөөд дэлхийн 144 улс, бүс нутагт байгаа 370 мянган өвчтөнийг хамруулсан судалгаанд үндэслэн уг дүгнэлтийг хийсэн байна. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтнүүдийн багийн ахлагч, академич Жун Наньшань 05 дугаар сарын 08-ны өдөр АНУ-ын анагаах ухааны мэргэжилтнүүдтэй цахим хурал хийн “Covid-19” өвчинтэй тэмцсэн Хятадын туршлагыг хуваалцжээ. Тэрээр хөнгөн хэлбэрийн халдвартай өвчтөнд уламжлалт анагаах ухааны “Lianhua Qingwen” эм үр дүнтэй байгаа талаар онцолсон байна.

АНУ-ын Цагаан ордонд өвчний халдвар илэрсэн нь тулгамдсан асуудал болов. Тодруулбал, Ерөнхийлөгч Д.Трампын туслах болон Дэд ерөнхийлөгч М.Пэнсийн хэвлэлийн төлөөлөгч нар өвчний халдвар авсан нь тогтоогджээ. Түүнчлэн Цагаан ордны цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн нөлөө бүхий гишүүд болох Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дарга Роберт Редфилд, Хүнс, эмийн захиргааны дарга Стивен Хаан болон Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Антони Фаучи нар 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө тусгаарлахаар болов. Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны бага тушаалын албан хаагчдыг гэрээс нь ажиллуулах бол бусад нь ажил дээрээ амны хаалт байнга зүүхээр болжээ. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Цагаан ордны ажилтнуудыг тогтмол шинжилгээнд хамруулж байна. Ингэхдээ “Abbot Laboratories” компанийн бүтээсэн “ID Now” загварын түргэн оношлуурыг ашиглаж байгаа боловч уг оношлуур нь үнэн зөв хариу гаргах чадвартай эсэхэд анагаах ухааны зарим мэргэжилтнүүд болон эмнэлгүүд эргэлзэж байна. Тодруулбал, зарим эмнэлгүүдэд дээрх төхөөрөмжийг ашиглан шинжилгээ авахад халдвартай хүнээс сөрөг хариу гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Европын Комиссын санаачилгаар Европын Холбоо болон Шенгений бүсийн 30 улс нэн шаардлагатайгаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрээ 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгав. Харин Франц, Их Британи, Ирландад энэ журам үйлчлэхгүй.

ХБНГУ-д халдвар тарах эрсдэлийн “R” үзүүлэлт 3 дахь өдрөө дараалан нэгээс дээш буюу бямбад 1.1, нямд 1.3, даваад 1.07 байв. Роберт Кох хүрээлэн даваа гарагийн үзүүлэлтээс харахад “халдвар тээгч багадаа 1 хүнд халдвар тарааж байна” гэж мэдэгдэв.

Тус улсын муж улс бүр 5 дугаар сарын 11-ний өдрөөс харилцан адилгүй нөхцөлтэйгээр хөл хориог сулруулсан бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох халдвартай хүний тоо 50-иас дээш гарсан нөхцөлд хөл хориог дахин сэргээнэ гэв. Мөн өдөр ХБНГУ-ын Засгийн газар вакцин бүтээх, түгээх хөтөлбөрт 750 сая евро, тодруулбал 500 саяыг туршилтын, 250 саяыг үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж батлав.

БНФУ-д коронавирусний халдвараар нас барагсдын тоо тогтмол буурч, бямба гарагт 80, ням гарагт 70 байсан ч даваа гарагт 263 болж өсөв. Тус улсад мөн өдрөөс сургууль, үсчин, барааны дэлгүүр, цэцгийн болон номын худалдаа нээгдэж, иргэдийг тусгай зөвшөөрөлгүйгээр гэрээсээ 100 км хүртэл зайд зорчихыг зөвшөөрлөө. Франц Улс 7 хоногт 200-270 мянган хүнийг оношилгоонд хамруулж байсан бол хөл хориог сулруулж байгаатай холбоотойгоор ойрын өдрүүдэд энэ тоог 700 мянгад хүргэхээр ажиллаж байна.

Их Британи 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дасгал хөдөлгөөн хийх, салхилах зэргээр задгай талбайд гарах, цэцэрлэгт хүрээлэн, далайн эргээр зугаалах, гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүсийг ажилдаа орохыг зөвшөөрсөн бөгөөд нийтийн тээврээр зорчихоос зайлсхийх хэрэгтэйг анхааруулж байна. Хөл хориог цуцлах 2 дугаар шат 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх бөгөөд энэ үед бага дунд сургуулийн хичээл эхэлж, эрдэмтдийн зөвлөгөөг харгалзан дэлгүүр худалдааны төвийг нээнэ. Харин 7 дугаар сарын 01-ний өдрөөс нөхцөл байдлыг харгалзан хүн олноор цуглардаг үйлчилгээний газрууд болон зочид буудал, ресторан, баар зэргийг нээх төлөвтэй байна. Энэ бүх хугацаанд иргэд хоорондын зайг мөрдөхөд онцгой анхаарах аж. Мөн Их Британид ирэх гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон ч Ирланд, Францын иргэд харилцан зорчиход энэ журам үйлчлэхгүй аж.

Бельги Улсад хөл хорио цуцлагдаж, бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах болов. Гэхдээ хүн хоорондын зай болон амны хаалт зүүх журмыг чанд мөрдөх аж. Испани Улс 5 дугаар сарын 02-ны өдрөөс хөл хориог сулруулж, 11-ний өдрөөс 10 хүртэл тооны хүн нэг дор цугларах, муж хотуудын хооронд зорчих болон дэлгүүр, ресторан, цэнгээний газрууд халдвараас хамгаалах арга хэмжээг авсан тохиолдолд ажиллахыг зөвшөөрсөн. Харин халдварын тохиолдол өндөртэй байсан Мадрид, Барселон хотод хөл хорио үргэлжлэх хэдий ч хөл бөмбөгийн зарим клуб дасгал сургуулилтаа эхлүүлэхээр болжээ. Итали Улс 05 дугаар сарын 18-наас томоохон худалдааны төв, музей, соёл урлагийн газар, сүм хийд, номын санг нээж, 6 дугаар сарын 01-нээс баар, ресторан, гоо сайхны салоныг нээнэ.

ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 221,344 хүрснээс Буриадын БНУ-д 569, Өвөрбайгалийн хязгаарт 364 хүн халдвар аваад байна. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч Ерөнхийлөгч В.Путин 5 дугаар сарын 12-ны өдрөөс “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг сулруулахаар боллоо. Гэвч 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдэд хөл хорио үргэлжилнэ. Мөн нутгийн удирдлагууд өөрийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр хөл хориог сулруулах арга хэмжээ авах аж. Тухайлбал, Өвөрбайгалийн хязгаарын удирдлага “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг энэ сарын 31-ний өдөр хүртэл, Алтайн БНУ 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан бол Буриадын БНУ-ын хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар, зарим нөхцөлтэйгээр бууруулах аж.

ОХУ-ын хувьд өвчний оргил үе энэ сарын сүүлээр эхэлнэ гэсэн тооцоог Оросын Эдийн засгийн судлагааны төв гаргажээ. Гэвч цаг агаар дулаарахтай зэрэгцэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн тохиолдолд халдвар эрчимтэй тархах эрсдэлтэй гэж анхааруулж байна. Тус улсын хэмжээнд хоногт 10 гаруй мянган хүн шинээр халдвар авч байгаа ч ОХУ-ын Эрүүл ахуйн Ерөнхий эмч асан, Төрийн Думын гишүүн Г.Онищенко, өвчлөлийн коэффициент буурч байгаа нь сайны дохио гэж мэдэгдлээ. Оросын эмч нар компьютер томографын төхөөрөмж хүрэлцээгүй байгаа тул “Covid-19”-ийн оношилгоонд соронзон томографын төхөөрөмж ашиглах болсон байна.

БНХАУ-ын Жилинь мужид 5 дугаар сарын 06-10-ны өдөр “Covid-19”-ийн 13 тохиолдол бүртгэгдсэн тул хорио цээрийн дэглэмийг чангатгаж, хяналт шалгалтыг нэмэгдүүлсэн байна. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол олноор бүртгэгдсэн Хөхмөрөн мужийн эрсдэлийн түвшинг дундаас бага болгож бууруулжээ. Хубэй мужид 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар шинж тэмдэггүй халдвар тээгч 11-ээр нэмэгдэж, одоогоор 606 хүн эмнэлгийн хяналтад байна. ӨМӨЗО-ы Хөххотод 05 дугаар сарын 10-ны өдөр “Covid-19” өвчний гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 7 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол 131-д хүрсэн бөгөөд үүний 112 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Үүний зэрэгцээ Хубэй мужийн Ухань хотод 5 дугаар сарын 10-ны өдөр “Covid-19”-ийн 2 тохиолдол бүртгэгдсэн тул дахин халдвар тархах эрсдэл үүссэн байна.

Япон Улсын Засгийн газар эм, эмийн бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах зорилгоор дотоодын 400 гаруй компанитай хамтран ажиллахаар болжээ. Тус улс жоргүй олгох эмийн үндсэн найрлагын 50 орчим хувийг БНХАУ, БНСУ-аас импортолдог бөгөөд цар тахлын улмаас ханган нийлүүлэлт доголдож, зарим тохиолдолд бүрэн зогссон байна. Түүнчлэн амьсгалын аппаратын 90 гаруй хувийг АНУ, Европоос, амны хаалт, нэг удаагийн хамгаалах хэрэгслийн 70-80 хувийг БНХАУ-аас тус тус импортолдог аж.

БНСУ-д Даваа гарагт “Covid-19” өвчний 27 тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь дотоодын халдвар байна. Сөүл хотын Итаевон дүүрэг дэх шөнийн клубтэй холбоотой тохиолдол нэмэгдсэний улмаас авах арга хэмжээг дахин чангатгаж эхэлжээ. Энэ хүрээнд сургуулийн үйл ажиллагааг төлөвлөж байснаас 7 хоногийн дараа эхлүүлэхээр болов. Сөүл хотод нийтийн тээврийн автобуснуудыг цонхоо онгойлгохыг зөвшөөрсөн байна. Халууны улиралд автобусны агааржуулагч ажилладаг тул эрчим хүч хэмнэх үүднээс цонх онгойлгохыг хориглодог байсан ч цар тахлын улмаас битүү орчинд агааржуулагч ажиллах нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлнэ хэмээн үзэж, ийнхүү шийдвэрлэжээ.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм улс-төр

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

ТЕГ-ын нэрийг барьж залилан хийсэн этгээдийг саатуулжээ

Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны ээлжит хоёрдугаар хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулна.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Тагнуулын байгууллага терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд Тагнуулын ерөнхий газрын дарга уг зөвлөлийг тэргүүлдэг.

Монгол Улс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлд анх удаагаа үндэсний хөтөлбөртэй болох бэлтгэл ажил хийгдэж байна. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг дунд хугацааны бодлогын хэмжээнд авч үзэн өргөн хүрээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал,

  • Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төсөл;
  • Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хими, биологи, цөм, цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ;
  • Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгалын нөхцөл байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам;
  • Цаг үеийн хэрэгцээ, шаардлагын дагуу зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороог шинээр оруулах санал зэргийг тус тус хэлэлцүүлнэ.

Халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлийн хуралдаанд оролцогчдыг 2 метрээс багагүй зайнд суулгаж, халдварын сэргийлэлт хяналтыг чанд мөрдөн, хүн бүрт ариутгах, хамгаалах хэрэгсэл өгч аюулгүй байдлын өндөр түвшинд зохион байгуулахаар Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмж, зөвшөөрлийн дагуу бэлтгэл ажлыг хангаад байна.

ТЕГ

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав

Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд  2020 оны 10 дугаар сарын нэгэн хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт дэвшил авч ирэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, ОУБ-ын зээл тусламж төр хувийн хэвшлийн түншлэл хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоо удирдахыг хориглосон

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Энэ удаагийн парламентын отгон чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай хууль, тогтоомжуудыг хэлэлцэж байна. Үүний нэг нь Монгол Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага нь Монгол Улсын Их Хурал байхаар хуульчилсан. Иймд эдгээр хуулиудыг шинэчлэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль нь 7 бүлэг, 51 зүйлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн ард түмний засаглах эрхийг хангахад энэ хуулийн зорилго оршиж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага бол ард түмнийг төлөөлөх гол байгууллага гэдгийг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд тодорхой зааж өглөө. Монгол Улс цаашид парламентын засаглалтай байна гэдгийг баталгаажуулсан.

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг чангаруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, тангаргаасаа няцаж, хууль зөрчвөл хариуцлага хүлээх нарийвчилсан зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө чухал ач холбогдолтой болж байна.

УИХ-ын гишүүдийн тодорхой эрхүүдийг хязгаарласан. Тухайлбал, өмнө нь гишүүд тойрог бүртээ төсөв тавиулж, төсвийн орлого болон зарлагын хэмжээг нэмэгдүүлж, өрөнд оруулдаг байдал хавтгайрсан байсныг Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд, улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлах эрхийг нь хязгаарлав. Мөн гишүүд аливаа хуулийн төслийг санаачлахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд ажиллах зохицуулалтыг оруулсан.

Түүнчлэн гишүүд янз бүрийн сонгуульт албан тушаал хашдаг байдлыг хязгаарласан. Тодруулбал, гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоодыг удирдаж болохгүй байхаар тусгасан. Мөн санаачлах хуулийн төсөлд хязгаар тогтоож өгсөн төдийгүй бусдыгаа гүтгэсэн тохиолдолд хариуцлага хүлээж байхаар тусгасан.

Ингэснээр УИХ-ын гишүүд үндсэн чиг үүрэг болон хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, ард түмнээ төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ” хэмээн мэдээллийн эхэнд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчлэлээр УИХ-ын чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг ажлын 75-аас доошгүй хоног байхаар нэмэгдүүлсэн юм. Намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 02 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар, Хаврын ээлжит чуулган 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлдэг байхаар тусгажээ.

Мөн хуулийн хэлэлцүүлгийн тоог нэмэгдүүлж, хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, эцэслэн батлах гэсэн дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батлах төдийгүй, эцэслэн батлахдаа нийт гишүүдийн олонхын саналаар буюу 39-өөс дээш гишүүний саналаар баталж байхаар босгыг өндөрсгөсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж, 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 14 бүлэг, 126 зүйлтэйгээр баталсан энэ хуулиар хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах, асуудлыг ажил хэрэгч, шударга зарчмаар шийдвэрлэхэд чиглэсэн гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна. Тухайлбал, Ерөнхий сайд томилогдсоноос хойш ажлын 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулжээ. Мөн Засгийн газрын гишүүдийн хүн нэг бүрээр УИХ-д танилцуулах бөгөөд УИХ-аас ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр танилцуулснаар томилогдсонд тооцно. Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг УИХ-аас баталжээ.

Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулахаар нарийвчлан зохицуулжээ.

Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

​Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувийн гүйцэтгэлтэй байна

Засгийн газраас АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхий сайдын захирамжаар олгов. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг АХБ-аас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.

Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг билээ. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ.

Иймд дээрхи төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм.