Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн үеэр “COVID-19”-өөс сэргийлэх журам

Танилц: Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь ...Засгийн газрын энэ сарын 27-ны ээлжит хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үед “COVID-19”-өөс сэргийлэх журмыг баталсан. Журмыг бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед сонгуулийн хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

Хоёр. Баримтлах зарчим

2.1. Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх;

2.1.2. ил тод, хариуцлагатай байх;

2.1.3. ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;

2.1.4. байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах.

Гурав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

3.1. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.

3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.

3.3. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангас байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна.

3.4. Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.

3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.

3.6. Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.

3.7. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогчдын хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.

3.8. Уулзалт,, хурал, цуглааны зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэж, уулзалт хооронд хатуу гадаргуу, техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.

3.9. Уулзалт, хурал, цуглааны зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.

3.10. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.

3.11. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэг ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.

3.12. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.

3.13. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.

3.14. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр

баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.

3.15. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.

3.16. Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад Хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Дөрөв. Нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд түүнд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэдийг нэг ширхэг амны хаалтаар хангах бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.

4.2. Ухуулах байранд ороход хүний биеийн халууныг хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ.

4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, бүртгэнэ.

4.4. Ухуулах байранд хүн хооронд 1.5-2 метрийн зай барина. Иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.

4.5. Ухуулах байранд иргэдийг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.

4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа иргэд нэг удаагийн бээлий өмсөнө.

4.8. Ухуулах байранд 18 насанд хүрээгүй хүнийг оруулахыг хориглоно.

4.9. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Тав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг

5.1. Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:

5.1.1. коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах;

5.1.2. эрх бүхий байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;

5.1.3. коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагуудад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх,

5.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй:

5.2.1. Сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх

5.2.2. ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах;

5.2.3. коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах.

Зургаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

6.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63.1-д заасан сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаагийн алба хаагч оролцоно.

6.2. Санал авах ажиллагаанд оролцогчид хүн хооронд 1.5-2 метрийн зай барина.

6.3. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явна. Санал авахын өмнө болон санал авч дууссаны дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ.

6.4. Сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүр амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөнө. Санал авах ажиллагааг зохион байгуулагчид нэг удаагийн улавч өмсөнө.

6.5. Санал тэмдэглэх үзэг, зөөврийн бүхээг, зөөврийн битүүмжилсэн

хураалт бүрийн дараа Спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж цэвэрлэнэ.

6.6. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Долоо. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

7.1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина.

7.2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

7.3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.

7.4. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.

7.5. Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.

7.6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө.

7.7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.

7.8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ.

7.9. Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.

7.10. Санал авах байранд хатуу гадаргууг 2 цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.

7.11. Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, Компьютер, утас зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.

7.12. Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно.

7.13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

Найм. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа, санал авах ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ

8.1. Сонгуулийн сурталчилгааны болон санал авах үеэр халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ.

8.2. Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтанг ухуулах байранд болон сонгуулийн сурталчилгааны үеэр нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно.

8.3. Танхимд болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана.

8.4. Сэжигтэй тохиолдлын талаар нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, 80086829, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаарт, орон нутагт хамгийн ойр байгаа эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагад мэдээлнэ.

Ec. Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа

9.1. Хууль тогтоомж болон энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана.

9.2. Энэ журмын 9.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо, улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага хамаарна.

9.3. Эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй.

Арав. Хариуцлага

10.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Categories
гадаад мэдээ

COVID-19 БА “ТОКИО-2020” ЗУНЫ ОЛИМП, ПАРАЛИМПИЙН НААДАМ

“Токио-2020” зуны Олимп, Паралимпийн тоглолтыг Япон Улс энэ оны 7 дугаар сард зохион байгуулахаар бэлдэж байсан боловч дэлхий дахинаа тархаад буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын улмаас Япон Улсын Засгийн газар, Токио хотын захиргаа, Олон Улсын Олимпийн Хороо 3 талт уулзалтыг хийж, Олимпийн тоглолтыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд, Паралимпийн тоглолтыг 8 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах шийдвэрт хүрсэн. Зуны Олимпийн наадмын түүхэнд өмнө нь 5 удаа цуцлагдсан тохиолдол байсан боловч хойшлогдсон нь анх удаагаа юм.

Япон Улс 56 жилийн дараа Олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгуулах эрхээ авсан боловч шинэ төрлийн коронавирусын нөхцөл байдлаас шалтгаалж, “Токио-2020” зуны Олимпийн наадам бүр мөсөн цуцлагдах магадлалтай гэдгийг Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах 5 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн.

Япон Улсын хувьд улс даяар зарласан “Онц байдал”-ыг 49 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 25-ны өдөр бүрэн цуцалж, царцсан эдийн засгийг сэргээх ажилд орсон. Япон Улсын коронавирустэй тэмцэх арга ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэлж байгаа ба Ерөнхий сайд Шинзо Абэ 2021 онд зохион байгуулах Олимпийн наадмыг хүн төрөлхтөн коронавирусын цар тахлыг ялан дийлсэн баярын наадам хэлбэрээр зохион байгуулахаа илэрхийлсэн. Мөн тэрээр Олимпийн наадмыг зохион байгуулахад шинэ төрлийн коронавирусын эсрэг вакцин гаргаж авсан байх шаардлагатайг онцолж, Япон Улс тус чиглэлд идэвхитэй ажиллаж байгааг мэдэгдсэн. Япон Улсын хувьд Олимпийн тоглолт хойшлогдсонтой холбоотойгоор нэмэлтээр 20-60 тэрбум ам.долларын төсвийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болжээ.

ТЕГ

Categories
мэдээ нийгэм

Гурван сартай охиноо тэврэн өндрөөс унаж нас барсан хэргийг шалгаж байна

Монголын цагдаа нарын илрүүлж чадаагүй хэргүүд

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 29-ны өдөр нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт зургаан давхарын цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн гэх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллан, 1983 онд төрсөн эмэгтэй “У” гурван сартай охин “Т”-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Сармагчин модноосоо буун алхаж эхлэх үеэсээ л сонгох, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн гэдэг

Төрөө хэрхэн засах вэ, хэн гээч “тавааришаар” өөрийгөө удирдуулж дөрвөн жилийг өнгөрөөх вэ гэдгийг шийдэх сонгууль хаяанд ирлээ. Төрт ёс үүссэн цагаас эхлэн ардчилалтай, ардчилалгүй сонгуулиуд амьдралтай хамт уялдан алхсаар байдаг л нэг арга хэмжээ болтол хэвшсэн байх юм. Гэтэл хэзээ ч юм бүү мэд нэгэн цагт энэ сонгууль гээчийг хаа нэг газар санаачилж “бултаараа хэлэлцээд дориухан нэгнээрээ удирдуулъя” гэсэн ухаант санааг гаргасан улс орон байгаа даа.

Хүн гэдэг амьтан сармагчин төрлөөсөө салж нийгэмшиж эхэлсэн үеэсээ эхлээд л удирдуулж, удирдах аргачлал руу шилжсэн гэх. Хоол хүнсээ цуглуулах, отор нүүдэл хийх, хөрш рүүгээ дайрах, хөршөөсөө өөрсдийгөө хамгаалах гээд л хамтын үйлдэл шаардсан нөхцөл байдалд заавал нэгнийхээ амыг харах мөч үүснэ шүү дээ. Тэгээд омгийн ахмад настангууд цуглаж байгаад отгийнхоо хамгийн чадалтай, овсгоотой, ухаалаг нэгнийг толгойлогч болгон өргөмжилдөг байсан нь нэг ёсондоо сонгуулийн эхний хувилбар байсан биш гэж үү. Мэдээж үүнийг жинхэнэ утгаар нь нийтийг хамарсан бодит сонгуулийн хэлбэр гэж хэлж болохгүй гэлээ бүүрэгхэн алхам тавигдаж дараагийн хэлбэртээ хаалга нээж өгөх оролдлого байсан юм шүү гэдэгтэй маргамгүй.

Түүхчдийн бичиж үлдээснээр бол орчин цагийн ардчилсан сонгуулийн бодит эхлэл нь Грекийн Афинд МЭӨVIIIVI зуунд тавигдсан гэлцдэг. Хотулс Афин МЭӨ 594321 оны хооронд оршихдоо ардчиллын үндсийг тавьж түүний бодит царай болох сонгуулийг өнөө цагийнханд үлгэр болохуйцаар зохион байгуулдаг байжээ. Ардын хурал буюу Экклэстэд хотынхон бүгд саналаа өгөх эрхтэй.

Үгүй ээ, арай ч бүгд биш юм байна аа. Боол болон эмэгтэй хүмүүс, харь нутгийнхан сонгуульд оролцох эрхгүй, Афины хориос дээш насны эр хүйстэй иргэд бүгд сонгуульд оролцож сонгох, сонгогдох эрхтэй байж. Экклэст нь наймаас есөн өдөрт нэг удаа хуралдаж хууль тогтоомж батална, шүүхийн шийдвэрийг хянана, засна гээд төрт ёсны зан үйлийг бүгдийг нь ном журмын даруу гүйцэтгэдэг байлаа. Хотын иргэд хэдэн мянгаараа том задгай талбайд цугларч болж бүтэхгүй асуудлаа шийддэг байсан учир жинхэнэ ардчилал тэнд байсан гэж түүхчид бичих дуртай.

Дараа нь Ромын эзэнт гүрний сенат гарч ирнэ. Сенат нь цаг үеэсээ хамаарч 300-600 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тэднийг отог омгийн ахмадуудын санал, цуглаанаас тодруулж сенатад оруулдаг байжээ. Иймэрхүү байдалтайгаар улс эх орныг хаантай зэрэгцээд удирдах “ард түмний төлөөлөл” амьдралд хөл алдалгүй явсаар Дундад зуунтай учирсан. XIII-XIV зууны үеэс баруун Европт хот суурин газрууд элбэгшиж, түүнийгээ дагаад хууль зүйн шинэ нөхцөл байдлууд үүсэх болсон нь сонгуулийн системд зайлшгүй өөрчлөлтүүдийг дагуулжээ. Мэдээж тэр үеийнхээ тэргүүлэх улс хэмээгдэж байсан Испанид ийм өөрчлөлт гарч эхэлсэн нь яалт ч үгүй цаг үеийнх нь захиалга байсан гэдэг нь ойлгомжтой. Испанийн Кортес 1137 оноос түүхээ эхэлдэг агаад анхлан уг парламентад зөвхөн баячууд, сурвалжит ноёдууд сонгогдох эрхтэй байжээ. 1188 оноос эхлээд хотын иргэд өөрсдийнхөө төлөөллийг багтаах болсон Кортес тэгэхээр энэ дэлхийн хамгийн урт настай парламентын нэг болох нь. Түүнээс хойш нэг их удалгүй Английн парламент сууриа тавьж XIV зууны эхээр Франциин Ерөнхий штат, XIV–XV зуунд Германы Рейхстаг, Польшийн Сейм зэргийн үндэс, суурь тавигдаж эхэлжээ. Харин хэдийнээс эхлээд, хаана, өнөө цагийн, орчин үеийн сонгуулийн хэлбэр биелэлээ олсон гээч.

Мэдээж Францад. Учир нь хаант засаглал байгаа тохиолдолд Бүгд Найрамдах зарчим хэрэгжих боломжгүй тул Францын их хувьсгалын(1789–1799 он) үр дүнд хаан ширээг унагаасан францчууд орчин үеийн сонгуулийн системийг амьдралд хэрэгжүүлж эхэлсэн гэх. Тэр цагаас эхлэн сонгох, сонгогдох эрхэнд тавигдах хорио цээр багасаж, сонгуульд тус улсын бүх иргэд эрэгтэй, эмэгтэй гэж хүйс ялгалгүй оролцох болсон. Францчуудын туршлага “халдвартай” байж удалгүй Их Британи, Герман улсууд сонгуулийнхаа хуульд өөрчлөлт оруулан холимог, мажоритар системүүд, нууц санал хураалт, сонгуулийн тойрог зэргийг сэдэж эхэлсэн үе нь XIX зууны сүүлийн хагасын оволзсон он жилүүд байжээ.

Мэдээж түүнээс хойш дэлхийн улс орнууд өөрийн онцлогтой тааруулан бага, жижиг өөрчлөлтүүдийг оруулсан ч гэлээ өнөө цагт яг тэр хоёр зуугаад жилийн өмнө суурийг нь тавьсан сонгуулийн хуулийн зарчим дэлхий даяар хэрэгжсэн хэвээр байна.

Б.ХУЛАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Мөрөөдөх эрх” (The Right To Dream)

Энэ ном борлуулалтаараа Амазоны хамгийн өрсөлдөөнтэй категори болох хувь хүний хөгжил, бүтээлч, өөртөө туслах хэсгийн топ 100 –н шинэ номын хоёрт жагссан, мөн хамгийн гүйлгээтэй номын жагсаалтын хоёрт бичигдсэн байна. Хүн өөртөө ер тусалж чаддаггүй гэнэ. Харин хүнд бол туслаад байдаг, өөрийгөө гаргуунд нь хаяад байдаг аж. Тэгэхлээр өөртөө өдөрт нэг цаг гаргаад байхад л болоод явчихдаг гэж бичжээ. Тэр ганц цагаа нэг л зүйлд зориулан үр дүнг нь үзэх хэрэгтэй.

Жишээлэхэд, англи хэл үзлээ гэхэд өдөрт яг нэг цаг үзээд байхад жилд 360 цаг үзэх жишээний.Залхуурлаас яаж салах вэ. Залхуурлынхаа оронд өөр зүйлийг орлуулах, тэр нь залхуурлыг мартаж чадах юм байх хэрэгтэй гэх зэрэг олон сонин сайхан зүйлийн талаар хөндсөн байна. Сонирхуулах үүднээс энэ номын нөхөртэйгөө хэрхэн харилцаж өөрийн хүссэн зүйлээ зөвшөөрүүлсэн туршлагаасаа бичсэнийг товчхон харуулъя. Гол баатар сургуульд сурах гэсэн байна. Нөхөрт гараад хоёр хүүхэдтэй болчихсон хойно болсон явдал аж. Тэр амьдралын дасгалжуулагч гэдэг мэргэжилтэй болохыг хүсчээ. Яагаад гэвэл гэрээр хэл зааж хүнд зөвлөгөө өгч байгаа ажил нь тэр амьдралын дасгалжуулагч гэдэг мэргэшлийн хийдэг ажил байж таарчээ. Тиймээс үүнийг яг нарийн сургалтаар сурвал амжилт олох юм байна гэсэн шийдэлд хүрснээс тэр. Ингээд нөхөртөө хэлэв. Сургуульд сурмаар байна гэхэд нөхөр аан гээд л өнгөрч. Дахиад хэлсэн мөн л өө тийм үү л гэнэ биз дээ.

Тэгээд яг сургуулиа олоод за одоо нөгөө сургуульдаа явна шүү дээ, төлбөр нь төд, хичээл нь тэгнэ гээд л хэлдэг юм байгаа биз дээ. Төлбөр яригдаад, хүүхдээ хаяад хичээл сургууль болоод явчихаар нөхрүүд яадаг билээ, царай нь зэвхийрээд л явчихжээ. Хайрт минь хүүхэд бага байна, тэгээд ч төлбөрийн чадвар арай муу байна. Гурав дөрвөн жилээс хүүхдүүд ч том болно. Төлбөрийн чадвар ч сайжирна гээд л зөвшөөрсөнгүй. Нус нулимс болоод би яагаад сурч болдоггүй юм гээд л нэг оройг түр тар хийгээд л өнгөрнө. Товчхондоо сургууль будаа. Тэгээд гол баатар юу бодож олсон гээч. Нарийвчилсан төлөвлөгөө танилцуулсан байна. Хүүхдээ ингэнэ, төлбөрөө ингэнэ, төгсөөд ийм мэргэшилтэй болно, ийм хэмжээний цалин авна, тэдэн жилд гаргасан зардлаа төлнө гэх зэргээр. Ийм юм сонссон нөхөр мэл гайхан амаа ангайж “хөөх ямар сайхан юм бэ, хайрт минь нээрээ сураад үз, болох юм байна” гэж дуу алдахаас өөр гарцгүй болсон аж.

Та энэ номыг Интерном дэлгүүрээс худалдан авч цааш нь дэлгэрүүлэн уншаарай. Лав л харамсахгүй, үгүй ядахдаа дэлхий ямар ном уншиж байгааг мэдчихгүй юу.

Categories
мэдээ цаг-үе

Д.БАТТӨР: МИАТ компани нэмэлт орлого олохын тулд олон улсын карго нислэг, гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлаж байна

МИАТ ТӨХК цар тахалтай холбоотойгоор нэлээд алдагдалтай ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч гарц боломж хайж саяхнаас олон улсын карго тээврийн чиглэлээр ажиллах болсон билээ. Энэ талаар МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөртэй ярилцлаа.

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн хувьд зогсонги байдалд орж хүндхэн байгаа. Одоогоор үйл ажиллагааны хувьд нөхцөл байдал ямаршуухан байна вэ?

-Компани хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байна. Хуваарьт нислэг хойшилж байгаагаас орлогын урсгал маш их багассан. Агаарын хөлгийн түрээс, зээлийн төлбөр, бусад төлбөрүүдийг хэлэлцээр хийж боломжийн хэрээр хойшлуулсан. Цар тахлын үед эм эмнэлгийн бүтээгдэхүүн тээвэрлэлт хийж тодорхой хэмжээний орлоготой явж байна. Хуваарьт нислэгийн билетийг өдөр өөрчлөхөд ямар нэг төлбөр хураамж авахгүй нөхцөлтөйгөөр борлуулж байгаа.

-МИАТ ТӨХК дотоод нөөц боломжоо ашиглан олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж эхлээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-МИАТ компанийн ашиглаж байгаа бүх агаарын хөлөг нь зорчигч тээвэрлэлтийн зориулалттай бөгөөд өмнө нь зөвхөн карго тээвэрлэх нислэгийн туршлагагүй байсан хэдий ч өөрийн хамтран ажилладаг гэрээт агентууд болон олон улсын цахим эх сурвалжууд дээр тавигдсан эм эмнэлгийн бүтээгдэхүүн тээвэрлүүлэх санал тавьсан байгууллагуудтай харилцан ажилласны дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд эхний карго нислэгээ Бээжин, Хамбург хотуудын хооронд амжилттай хийсэн. Мэдээж энэ нислэгийг хийхийн тулд онгоц үйлдвэрлэгч “Боинг” компанийн зөвлөмжийн дагуу шаардлагатай өөрчлөлтийн ажлуудыг гүйцэтгэж ИНЕГ болон Ирландын Иргэний нисэхийн байгууллагуудад хандаж эдгээр карго нислэгийг хийх зөвшөөрлөө авсан байгаа. Карго нислэгийг хийх замаар МИАТ компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх дахин нэг боломжийг бид нээж чадлаа гэж үзэж байна.Цаашид хүрсэн амжилтаа баталгаажуулах зорилгоор онгоцны бүхээгт ачих ачааны жин, эзэлхүүнийг богино хугацаанд тооцоолдог болох, илүү олон чиглэлд ачаа тээвэрлэх боломжийг судлах ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.

-Ер нь карго ачаа тээвэрлэх олон улсын тендерт оролцоход ямар шалгуур тавьдаг юм бол?

-Ачаа тээврийн нислэгийг олж авахын тулд ачаа тээвэрлэх агаарын хөлгийн хүчин чадал, ялангуяа тээвэрлэх боломжтой жин, эзэлхүүний талаар мэдээлэл бэлтгэх тараах, манай онгоцыг сонгосон байгууллагуудад тээвэрлэлтийн үнийн саналаа явуулах замаар шалгаруулалтанд оролцож байгаа, гэхдээ хамгийн гол сонгогдох үзүүлэлт нь үүнийн саналаас гадна өмнө нь энэ төрлийн үйл ажиллагааг явуулж байсан дадлага туршлага, нислэгийн цаг баримтлал зэрэг бөгөөд МИАТ компанийн хамгийн давуу тал нь сүүлийн хэдэн жилд хийсэн нойтон түрээсийн нислэгүүдийн цаг баримтлал маш өндөр үзүүлэлттэй байсан явдал гэж бид ойлгож байгаа. Энэ зах зээлд бодит нэг оролцогч байхын тулд нислэгийг тогтмол цаг хугацаанд нь гүйцэтгэх, илүү олон чиглэлд илүү олон байгууллагын ачаа тээвэрлэж зах зээлд танигдсан компани болох шаардлага бидний өмнө байна.

-Одоогоор аль аль улсын хооронд ачаа тээвэр зөөвөрлөж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хоёр хотоос Европын таван хотын чиглэлд ачаа тээвэрлэж байна. Мөн бидэнд булангийн орнууд болон европын бусад улсууд руу нислэг гүйцэтгэх саналууд ирж байгаа ч тавдугаар сарын турш бид нислэгийн захиалгаа аваад дууссан учир ирэх зургадугаар сард дээрх шинэ чиглэлүүдэд нислэг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа

-Амны хаалт, хамгаалалтын хувцас, эм хэрэгсэл зөөж байгаа гэлээ. Өөр ямар ачаа тээвэр хийж байгаа вэ?

-МИАТ компанид Иргэний нисэхийн байгууллагуудаас олгогдсон зөвшөөрлийн хүрээнд бид зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх эрхтэй.

-Өөрсдийн баг оролцож байна уу эсвэл онгоцоо түрээслэх байдлаар карго үйлдэж байна уу?

-Эдгээр карго нислэгүүдийг 100 хувь МИАТ компани дангаараа гүйцэтгэж байгаа, бүр ачааг ачиж байгаа ачигч нар маань хүртэл манай компанийн ажилтнууд. Карго нислэгтэй холбоотой компанийн хэлтэс хоорондын уялдаа холбоо нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь ачигч нар бүхээгийн ажилтнуудын хоорондын, техникийн газар нислэг үйлдвэрлэл зохицуулалт инженерингийн хэлтэс хоорондын хамтын ажиллагаа зэргийг нэрлэж болно.

-Олон улсын карго ачаа тээврийн тендерт оролцож ажил авснаар цаашдаа ямар боломжууд нээгдэж болох вэ?

-Карго тээврийн нислэгүүдийг гүйцэтгэсэнээр бид өөрсдийн боломж, үр өгөөжийг дараах гурван үзүүлэлтээр багцлан харж байна. Нэгдүгээрт МИАТ компани олон улсад илүү танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн агаарын тээвэрлэгч болох, ирээдүйн боломжуудаа нээх явдал. Хоёрдугаарт МИАТ компанийн ажилтнуудын ажлын ур чадвар, дадлага туршлага нэмэгдэх өргөн боломж байна. Мэдээж эцэст нь эдийн засгийн үр өгөөж, ашиг орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж харж байна.

-Алдагдал ихтэй ажиллаж байгаа энэ үед өөр ямар боломжуудыг эрэлхийлж байгаа вэ?

-МИАТ компанийн хамт олон цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор манай үндсэн үйл ажиллагаа болох зорчигч тээврийн нислэгүүд зогссон хэдий ч нэмэлт үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ ажил эхлэх зэргээр ажиллаж байгаагийн нэг нь карго нислэг. Мөн гадны агаарын тээвэрлэгчийн онгоцнуудыг засварлах замаар нэмэлт орлого олохоор ажиллаж, саяхан ОХУ-ын Алроза, Роял Флайт компанийн Боинг 737, Боинг 767 онгоцнуудын засвар үйлчилгээг хийж дуусгаад байна.

Энд нэг асуудлыг заавал онцлон хэлэх нь зүйтэй. Цар тахлын хүнд үед бидний саналыг хүлээн авч, биднийг дэмжин ажиллаж байгаа ЗТХЯ, ГХЯ, ИНЕГ, Улсын онцгой комиссын шуурхай штаб, МХЕГ, ХӨСҮТ-ийн хамт олонд талархлаа илэрхийлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ё.Норовсүрэн: Нийгэм хөгжиж, сайхан болж байна

Түрүүч нь №105(6471) дугаарт


Дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал. 1981 он. Прага хот.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, оёдолчин Ёндонгийн Норовсүрэнтэй ярилцлаа.


Ё.Норовсүрэнгийн хөрөг. Алдарт уран хатгамалч Л.Цэрэнхүү энэхүү хөргийг урласан бөгөөд одоо Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.

-Юм оёно гэдэг тэвчээртэй хүний ажил юм шиг ээ. Сууж чаддаг, төвлөрч чаддаг хүний хийдэг ажил болов уу?

-Савхийг байна шүү дээ, дан тосолж оёно. Машаан (машин) дээрээ порлон тавьж, машины тос түрхэж байгаад оёхгүй бол шигээд хаячихна. Шигнэ гэхээр бүр тасчаад хаячихна гэсэн үг. Тийм учраас байнга тостой ноцолдоно. Манай үйлдвэр боловсруулах үйлдвэрийнхээ дээд давхарт байрладаг байлаа. Дандаа химийн уусмал үнэртэнэ. Дороос аммиак, ацетон, будаг ханхалсан маш хүнд нөхцөлд ажилладаг байсан. Сүүлд Югославын тусламжаар үйлдвэр байгуулахад тэнд гайгүй байсан. Тэр үед нь би сургуульд явж таарсан юм. Үйлдвэрт ажиллахад гар хуруу бэрзийнэ, барзайна. Тэр үед хааяа нэг юм хуманд явах гээд Урт цагааны үсчинд очихоор тэндхийн гоо сайханчид хоорондоо “Арьс, ширний үйлдвэрийн хүүхнүүдийн хуруу хумс ёстой аймаар ш дээ” гэж хоорондоо ярилцахыг нь сонсож байлаа (инээв). Тийм л нөхцөлд ажилладаг байлаа, бид. Гэхдээ тийм хүнд нөхцөлд ажиллаж байна даа гэж өөрсдийгөө огт бодож байсангүй. Би чинь ажлынхаа хажуугаар хурал цуглаанд их оролцоно. Бүгдийг зэрэг амжуулах гээд аль болох зохицуулах гээд хар гүйхээрээ тэгж явж л байлаа даа.

-Одооны залууст Хөдөлмөрийн баатар гэж ийм ажилсаг, шаргуу хүмүүс байдаг юм шүү гэж танилцуулбал гайхаж мэднэ шүү?

-Хэн ч бай нэг л мэргэжлийг гаргуун сайн эзэмш. Нарийн хэрэгцээтэй сантехникч, цахилгаанч, оёдолчин ч бай, гуталчин ч бай нэг л мэргэжлийг сайн эзэмшсэн байхад амьдралыг чинь аваад явчихна шүү дээ. Гаргуун эзэмш, чадвартай эзэмш. Хүнд овсгоо, ухаан хэрэгтэй. Юм хийхэд ухаан, нүдний ур орно. Чадвар, самбаа орно. Зүгээр нэг налайж байгаад Хөдөлмөрийн баатар болохгүй шүү дээ. Бүх юмандаа авхаалжтай сэргэлэн, самбаатай, ухаантай, гарын уртай, нүдний уртай бай. Юмаа сайн зохицуулах хэрэгтэй. Зохион байгуулалт чухал. Нэг юмыг маш сайн хийж чадах юм бол тэр чинь өөрт чинь хоол болоод явчихна. Хүний сурчихсан юмыг хүн булааж авахгүй шүү дээ. Хэзээ ч булааж авч чадахгүй. Ажилтай хүн гудамж метрлэхгүй. Аливаа мэргэжлийг сайн эзэмшихэд заавал дээд сургууль төгсөх албагүй. Нэг л мэргэжлийг сайн эзэмш.

-Ажлын байран дээрээ тууштай, олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг япончууд үнэлдэг. Манайд ч тэр. Харин сүүлийн үед байн байн ажлын байр сэлгэдэг, нэг газраа тогтдоггүй хүмүүс гараад ирлээ?

-Байнга ажлаа сольдог хүний хувьд сонирхол нь л тэр байх даа. Тэгж явж байгаад тэр дундаасаа аль сайн чаддагаа л олж авах гэж явж байгаа байх даа л гэж бодож байна. Олон ажил хийж явахдаа аль нэгэнд нь сайн байгаагаа л мэдэх гэж, чадвараа олох гэж яваа нь л тэр. Аль нэг нь үнэхээр өөрт нь тохирохоор болвол тэрэн дээрээ тогтох байлгүй. Залуу байхад янз янзын мэргэжил сайхан санагдана.

Сэтгүүлч мэргэжлийг хүссэн хүн болгон хийчихгүй. Зүгээр нэг охид хийчихэж чадахгүй шүү дээ. Энэ чинь хатуу, чанга мэргэжил шүү. Чадах юмаа л хүн хийдэг. Чадахгүй юмаа хийдэггүй. Явчихдаг. Хүн болгон наад мэргэжлийг чинь хийдэг байсан бол гудамжинд яваа охидоос авчраад суулгахад чадахгүй шүү дээ. Дээд сургууль төгссөн хүн ч чадахгүй.

-Товчоо хадаж чаддаггүй, оёдлын газар бараадаж, хагархай цоорхойгоо нөхүүлдэг хүмүүс олон болжээ. Гэтэл монголчууд уран, гарын дүйтэй ард түмэн. Та ч бас сая гарын ур гэж ярилаа?

-Надад тийм уран биш хүмүүс таарсангүй шүү (инээв). Оёдлын талын мэдлэггүй л байна даа. Ээж аав нь дадлагажуулаагүй, үлгэрлээгүйтэй л холбоотой. Товчоо өөрөө хадаад ав гэж хэлээгүй л байна даа. Тийм ээ. Эцэг, эх нь сургадагүй, их л танхи улсууд байна даа.

-Өнөөгийн энэ нийгмийг Хөдөлмөрийн баатар хүний нүдээр харахад ямар санагддаг вэ. Залуу үе болоод нийгмийн хөгжлийг хэрхэн тодорхойлохоор байна вэ?

-Монголын залуучууд их гоё, өндөр, нуруулаг, царайлаг болж байгаа. Энэ сайхан залуучууд Монголын удам байна даа, юм хийвэл чадна даа гэж боддог юм. Улсууд нийгмийг их муу хэлдэг. Харин би нийгмийг сайхан болж байна гэж боддог. Эхлээд “Улаанбаатарыг шавсан баахан байшин болгочихлоо доо” гэж боддог байлаа. Тэгээд дэлхийн сайхан сайхан хотуудыг харчихаад “Үгүй ээ, энэ хотод чинь өндөр барилгууд байх ёстой юм байна” гэж бодсон шүү.

Нийгмийг удирдаж яваа хүмүүс их чухал. Одоогийн удирдагчдыг сайн л ажиллаж байна гэж бодож байгаа. Гурван ээлжийн сургуульгүй болчихлоо. Энэ бол том амжилт. Гуравдугаар ээлжинд хичээллэж байгаа хүүхэд яаж юм сурах юм бэ, хэзээ гэртээ харих юм бэ. Хэцүү шүү дээ. Өвлийн цагт утаагүй боллоо. Олон хүн уушгины өвчтэй шүү, Монголд. Цэвэрлэх байгууламжийг овоо ажиллахаар болгочихлоо. Зам харилцаа сайхан болж байна, сайхан гүүр тавьж байна. Монголчууд ажиллаж байсан цагт тариа буудайгаа өөрсдөө тарьчихаад дэлхийтэй харьцахгүй байлаа гэхэд малынхаа мах, сүүгээр нэг хэсэгтээ амьдраад байж чадна гэж бодож байгаа шүү. Монголчууд өлсөж үхэхгүй. Гэхдээ хэцүү амьдралтай улсууд байдаг л юм шиг байгаа юм. Хотын захад тийм айлууд бий. Харин хөдөөний малчид бол баячууд шүү. Тийм ээ?

-Тийм, тийм.

-Бүгдээрээ саятнууд. Малчны гадаа юу байна вэ. Мотоцикль, микро автобус, приус байна. Жийп байна. Манай ах дүү нарын хүүхдүүд хөдөө угаалгын машинтай байдаг юм байна. Хөргөгчтэй, гэрэл цахилгаантай, зурагттай. Малчид ийм болсон байна билээ. Тэгэхээр нийгэм хөгжиж байна, сайхан болж байна. Хотын хойд хөндийнүүдийг хар. Хэзээ ийм байсан юм бэ, социализмын үед. Энд тэнд ганц нэг амбаар л байдаг байсан. Гэтэл одоо битүү л сайхан байшингууд бариад байна. Багтахгүй байна шүү дээ. Сэлбэ гол, Баруун, Зүүнсалаа бүгд байшинтай болчихсон. Амьдрал дээшилсэн л байгаа биз дээ. Бараг л нэг айл хоёр машинтай болох гээд байна шүү дээ. Амьдрал дээшилсэн байна, одоо ганцхан тэр хүний өөрийнх нь оролцоо, бүтээлч санаачилга чухал. Юм хийхдээ зоригтой хийх хэрэгтэй. Зоригтой хийгээгүй бол утаатайгаа л сууж байх байсан. Зориггүй байсан болохоороо хичнээн жил утааны тухай яриад байв. Улс орон өр зээлтэй байна. Тэр яахав. Эхнээс нь төлөөд болох байх. Харин энэ коронавирус гэдэг юм Монголыг гэлтгүй бүх дэлхийг хямрааж байна даа.

-Монголчуудын мөс чанар муудчихлаа гээд байдаг юм. Бид үнэхээр тийм болсон гэж үү?

-Ер нь харахад хувь хувиа л хичээсэн улсууд болчихсон юм шиг байгаа юм. Хувиа л боддог. Өөрөө болвол бусад нь хамаагүй. Тэр чинь л мөс чанартай холбоотой. Дандаа хувиа хичээнэ. Хүний төлөө санаа тавьдаг нь ховор болчихсон. Томчууд ч ялгаагүй. Өөрсдөө л баяжаад улам дээшээ гарах гээд байдаг. Тэд ард түмэн доогуур яажшуу байгааг анхаарахгүй л байна шүү дээ. Дандаа хувиа хичээдэг улс. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хараарай. Гэр бүлээрээ, ах дүүсээрээ нэр дэвшиж байна. Тэд мундаг, чадалтайдаа дэвшээд байгаа юм биш байхгүй юу. Танил тал, мөнгөөрөө зодож гарч ирж байна. Гэтэл тэднээс хавь илүү мундаг залуус гадаадад очоод ажиллаж амьдарч байна. Зөндөө байна шүү дээ. Хэрвээ тэр гадаадад байгаа залуусыг Монголд авчраад ажиллуулбал улс сайхан хөгжих байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ

Д.Нямхүү: Турк иргэнээс коронавирус илэрч, халдвартай иргэдийн тоо ...

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “COVID-19”-ын шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Тавдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 47 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Мөн нэг иргэн эдгэрч ХӨСҮТ-өөс гараад дараагийн ажиглалт руу шилжиж байгаа сайхан мэдээтэй байна.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 179, эдгэрсэн 44 боллоо. Эмчилгээнд байгаа 135 иргэний 125 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар нийт 165 хүн байгаа” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна

Хэнтийн хүү, Л.Оюун-Эрдэнэд хэлэх гэж хадгалсан хэдэн үг бий. Хан Хэнтий нутгийг би хар залуугаасаа эрхэмлэн дээдэлж, төрсөн нутагтайгаа адилхан бодож санаж явдаг юм.”ИХ ЭЗЭН Чингисийн төрсөн нутаг болохоор нь” гээд эхэлбэл та нар лав үнэмшихгүй, энэ өвгөн зөнөг залгаж л гэнэ. Харин туйлын үнэн бол Р.Чойном, Ү.Нямдорж, Л.Ожгоош нарын үзэг нэгтнүүдтэй залуу зандан наснаасаа үерхэж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдтэй одоо хэрнээ халуун дотно харилцаатай байдгийг минь хэн хүнгүй мэднэ дээ. Тэгээд Хэнтий нутгаас төрж гарч байгаа ухаантнуудыг дотроо биширч явдгийн хувьд Л.Оюун-Эрдэнэ гэдэг залууг сайн мэддэг, сэтгэлдээ сүү өргөж явдаг юм.

Л.Оюун-Эрдэнэ ээ, “Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийнэ ирчихсэн” гэсэн том ярилцлага, Азийн хүлэг улс” гэхчлэн ном зохиолуудыг чинь алгасалгүй уншиж байгаа. Үнэнийг хэлэхэд, шударга үнэнийг дээдэлж явдаг хүний чинь хувьд бичсэн, ярьсан болгон чинь мань мэтэд үнэ цэнэтэй байхгүй юу. Чамайг дэмжээд бичиж байсан, хашгирч байсан, талбайд очоод ураа цуурайтуулж байсан гэвэл худлаа л даа. Цээжинд л битүүхэн хадгалж, хазайхад чинь түшиж, хальтрахад чинь сэтгэлээрээ хамгаалж түшиж явсан мянга мянган хүний л нэг.

Би өөр шиг чинь хүүхдүүдтэй. Хүнд хэцүү үед чинь очоод хэлмээр, чихэнд чинь шивнэмээр олон л зүйл бодогдож байсан даа. Энэ бурангуй нийгмүүдийн дунд хал үзэж, халуун чулуу долоож явсан сэтгүүлч хүний хувьд хүүдээ хэдхэн зүйл сануулъя.

Монголын МАНАН-мафийн тэр том хана хэрэм дөнгөж оройноосооо хуурч унаад байхад, та тав мөн ч их зориг зүрх гаргасан шүү. Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд та тавыг хэлж байгаа юм. Мафийн толгойлогчид нь амьд сэрүүн, араа шүдээ хүртэл зэвсэглэчихсэн харж байгаа, сөрөг хүчнийхэн чинь сөхөө чөлөөгүй дайрч давшилсан, хууль шүүхийнхэн ч хумстай хөл нь хаана гишгэх нь вэ? хэмээн отож гэтэж байгаа нөхцөлд та тав дэндүү зориг гаргасан. УИХ-д 65 суудал авчихаад байгаа ялсан намын даргын тамганаас гарынх нь хээ арилаагүй байгаа, УИХ-дарга, Ардын намын мафийн “дэд тэргүүн” хүний өөдөөс “огцор” хэмээн босоод ирсэн “тэнэг” таван пацааныг юу ч гэлтэй юм дээ. Л.Болд, Ж.Батзандан хоёроос бусад нь “шинэков”-ууд, “Их хурлын индрийг олохгүй тэмтчиж явна” гэмээр л амьтад шүү дээ. Хүмүүс мөн ч олон янзаар ярьсан, бичсэн дээ. “Хөөрхий дөө, энэ муу тав хоолойгоо хэрчүүлэх нь” л гэнэ.“Барын өөдөөс батгана гэж М.Энхболдын өөдөөс шүү”гээд инээлдэнэ. “Их хурлын идүүрнээс идсэн нь гай болж л дээ” л гэнэ. Ийм мессэж цацаж байсан ч нэлээн тулхтай хүмүүс: “Цаг нь болсон, ингэх хэрэгтэй” “Цадаж ханадаггүй энэ ихэс дээдсийг ийм залуус зайлуулна” гэж итгэлтэй хэлж байсан л даа. Харж байгаа бидэнд хүртэл аймаар байсан шүү. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцыгаа урьж ирүүлчихээд л … Тэр нь Ж.Батзандан гишүүн рүү чамайг оронд чинь алж чадна шүү гэж заналхийлээд л! Та нарт ч бас тийм дарамт ирж л байгаа биз дээ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат хоёр Б.Хурцыгаа ирэх сонгуульд намаасаа өрсөлдүүлэхээр эрх олгохоор ая тал засаад л. Мөн ч сүртэй байсан шүү.

Би бол, зүгээр л дотроо бухимдагч. Нас залуусан бол очиж хамт “шатмаар” л санагдаж байсан. Та нар босч сууж, УИХ-ын даргын сэнтийний өмнө уриа лоозонгоо барин зогсож, Улсынхаа нийслэлийн төв талбайд уулзалт цуглаан зохион байгуулсаар ялсаан! Хэнтийн цагаан бандийг хэн хүнгүй биширч магтана билээ. Их үйлсийн “хутганы” ир, мөр хоёр дээр ээлжилж гишгэж явсан даа, Оюун-Эрдэнэ минь!

Чамайг, дэргэдээс чинь төрийн сүлд, дээрээс чинь бурхан тэнгэр харсаан. Аливаа тэмцэл, хувьсгалын тохироо гэж байдаг. 2019 онд бол тэр тохироо бүрдсэн байж. Ард түмэн, энэ гучин жил тогтносон мафийн тогтолцоог халах юмсан гэж тэсгэлгүй мөрөөдөж байж. Тэмцлийг удирдаад явах шударга дайчин аавын хүү гарч ирээсэй хэмээн хүсэн хүлээж байж. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ард чинь байж. Энэ тохироо бүрдээгүй бол та тав маань өнөөдөр “төр засгийн эсрэг тэмцсэн” гэдэг ялтай, Тахир соёот, Авдрант… хаана юм, сууцгааж байх байсан даа. Зөв юм зөв л байдаг юм билээ.

Л.Оюун-Эрдэнэ маань Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга боллоо. Түүнд орохгүй, хүртэхгүй зүйл байсангүй. Сүүлийн нэг жилд дөрвөн хөлтэй, арван гартай хүн шиг л байлаа даа. Эрдэнэтэд онцгой байдал зарлаж, удирдлаа. Эрдэнэс Таван толгойг эмх цэгцэнд нь орууллаа. Салхитын алт мөнгөний орд, Росмонголцветмет, Дарханы цемент шохойн үйлдвэр,Багануурын нүүрсний уурхай, Ноён-Уул, Тост Тосон бумба… Ер нь очоогүй, хүрээгүй газар нутаг бий гэж үү?! Тэр бүхэнд хүрч байсан Монголын мафийн гар саврыг тас цохино билээ.

Монгол Улсын Их хурал дөрвөн жилийн дотор олон хууль тогтоол баталсан юм билээ. Тэр бүхэнд Л.Оюун-Эрдэнэ санаачлагч, хэлэлцэгч батлагч, хэрэгжүүлэгчээр хувь нэмрээ оруулж байсныг олон түмэн мэднэ. Хамгийн нөлөө бүхий том хууль нь, Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, нөгөө нь “Алсын хараа-2050”-ыг гэж би харж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж МАН амласан амлалтаа юутай ч биелүүлсэн. Гэхдээ бас “Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн ганц өгүүлбэрийг аваад хаячихсан бол энэ олон гэмт этгээдүүд УИХ-руу үхэн хатан зүтгэхгүй л байсан юм даа.

Л.Оюун-Эрдэнийн болон Монголын оюуны асар их хөдөлмөр шингэж батлагдсан “Алсын хараа-2050” гэдэг баримт бичгийн талаар хүмүүс янз бүрээр л ойлгож, бичиж байх шиг байна. Би бүрэн эхээр нь уншаагүй. Гэхдээ дэмжиж байгаа. Аль ч улс оронд, хүрэх нэг туйлын зорилго байх ёстой юм л даа. Хоёр хүн айл гэр болохдоо хүртэл 10 жилийн дараа амьдрал маань ийм болно, 20 жилийн дараа бид ингэж амьдарна гэсэн алсын бодолтой байдаг. Улс оронд ч ялгаагүй “алсын хараа” байх ёстой. Жишээ нь, 30 жилийн дараа бензинээр хөдөлдөг онгоц, машин байх юмуу, үгүй юү? Бүгд цахилгаанаар хөдөлдөг болсон байх уу? Тэгвэл газрын тосны үйлдвэр бариад байх нь зөв үү, цахилгааны эх үүсвэрүүдээ илүү анхаарах уу гэдгийг одооноос л бодож төлөвлөж байх нь амин чухал баймаар. Ийм олон зүйлийг одооноос эрдэмтэн мэргэдийнхээ хүчээр бодож төлөвлөж байх нь буруу биш байх.Ингээд би Л.Оюун-Эрдэнэ хүүгээ их бодож сэтгэдэг,өнгөрсөн -одоо – ирээдүй гурвыг холбож чаддаг сайн улстөрч юм даа гэж бодож байгаа.

Л.Оюун-Эрдэнэ ээ, цонхоо нээгээд хар даа, өнөөх мафи чинь өвдгөн дээрээ өндийх гэж байна шүү. Бид хэдхэн хоногийн дараа нүүрээ бүтээсэн масктай, тохойгоороо тулж мэндэлдэг, “хар машинд” хувь заяагаа даатгасан хачин жигтэй сонгуульд саналаа өгөх гэж байна. Үүнийг далимдуулаад та нарын “нугасалж дараад” байсан Монголын мафи өвдгөн дээрээ өндийх гэж тэлчилж байх юм. Зурагтаар “Монголын их 7–гийн зөвлөгөөн” болсныг хараа биз дээ. Орой болгон нэвтрүүлж байгаа. Өнөөх л Да.Ганболд, Э.Бат–Үүл, С.Баярцогт тэргүүтнүүд байна билээ. Бүгд “хужиртай усанд”ороод гарч ирсэн байна. Цав цагаан “тагтаанууд”. С.Зоригийн хэргийг шалгах болохоор гадаадад оргон гараад хуулийнхан дуудаад байхад ирдэггүй байсан толгойлогчоо урьж ирүүллээ. Ардчилсан нам болон эд нөхдийнхөө урилгыг авсан толгойлогч нь тусгай үүргийн онгоцоор ухаан жолоогүй хүрч ирснийг харсан байх. Тусгаарлагдаад л гэрийн тусгаарлалтад байхдаа МАНАН мафийнхнаа дуудаж уулзаад л сонгуулийн өмнө маш том хуйвалдаан боллоо шүү дээ. Шүүхэд бас шударга хүмүүс байдаг бололтой юм. Толгойлогчид хилийн хориг тавиад,13 хүнтэй уулзахгүй байх шийдвэр гаргалаа. Гэлээ ч эд ажлаа амжуулсаан. Өнөөх л хувиараа нэр дэвшинэ гээд тойрог, хүмүүсийг амлаж авч байсан хүмүүс маань бүгд эргэчихэж.

Да.Ганболд л гэхэд Ардчилсан намаас Хөвсгөлийн тойрогт өрсөлдөх гэнэ. Өнөөх, Монголын 4.5 тн алтаар тоглочихсон Да.Ганболд шүү дээ. Энэ хүн Монголд идэж завших хэргийг анхлан хэрэгжүүлэгч, бараг л “Загалмайлсан эцэг” нь юм. Алтны хүнд хөнгөнийг яаж хэмждэгийг би мэдэхгүй. Миний багцаагаар бол ЗИЛ-130 гэдэг ачааны машин дүүрэн алтыг гадагшаа гаргачихаад, энэ нөхдийнхөө ач буянаар ял зэмгүй өнгөрсөн хүн. Одоо мартагнуулж байгаад, “цагаан тагтаа” болон Хөвсгөл рүү нислээ дээ хөөрхий минь! Далавчин дээр чинь сүү дусаая.

Баатар Бат–Үүл маань Ардчилсан намаас Хэнтийн тойрогт нэр дэвшжээ.С.Зоригийг алагдах үед тэднийд цагаан малгайгаа “мартаад” зутгааж явсан Э.Бат–Үүл шүү дээ. Тухайн үед шалгагдаж “их айлд” суугаад гарсан. Мөн л толгойлогчийнхоо ач буянаар ял зэмгүй өнгөрсөн төдийгүй Улсын баатар болчихоод байгаа. Одоо бас хүүтэйгээ хамт идсэн уусан хэргээр хуулийн байгууллагын үүд сахиж суугаа хүн л дээ. Шүүх хурлыг хойшлуулах арга бүхнээ хийсээр УИХ–ын гишүүний “халдашгүй дархан эрхэнд” орчихвол “тэнгэрийн умдаг” атгах нь тэр. Тэгээд л эцгийнхээ нутаг руу хүлгийн жолоо залах нь дээ. Дээрээс бурхан тэнгэр, дэргэдээс төрийн сүлд харж байгаа.

За С.Баярцогтыгоо ч мэдэхгүй хүн байх биш. Алдарт оффшорчин гэдгээр нь Монгол байтугай дэлхий танина. Энэ хүн Сэлэнгэ аймгийнхаа тойргоос нэр дэвшиж байна. Улсаа, газар нутгаа “худалдсан” их баяны хэрэг шалгагдаж шийдэгдэж, дуусдаггүй юм байна. Энэ тойрогт МАН С.Баярцогтыг сөргүүлээд яллагдагч Ж.Эрдэнэбатыгаа сойсон байна. Харууштай “тулалдаан” энд л болно доо.

Ардчилсан нам Н.Батбаярыгаа Архангай аймгийн тойрогт нэр дэвшүүлж байна.Н.Батбаяр гэхээсээ “фортуна” гэвэл та нар сайн танина даа. Сайд байхдаа “Чингис”,”Самурай” бондуудаар гараа угаачихаад одоо шалгагдаж байгаа хүн. Иймэрхүү л олон хүн Ардчилсан намаас УИХ –д орж ирэхээр зүтгэцгээж байна даа.

Л.Оюун-Эрдэнэ минь МАНАН мафийн энэ олон толгойтой “мангасын” нэг толгойг та нар тасдлаа гэхэд цаанаас нь ургаж төлжөөд л байдаг юм байна. Ард чинь ард түмэн тэр аяараа байгаа. Бүү шантар. МАНАН мафийг дарсан гавьяа чинь түүхэнд мөнх үлдэнэ. Аяны зам чинь өлзийтэй байг.

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)


Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр энэ сарын 19-ний өдөр БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан.

Өнөөдөр БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.

Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь үнэхээрийн цаг үеэ олсон чухал шийдвэр байсан. Монголчууд тэр бүр хэлэхгүй байгаа ч Монгол Улсын засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа. Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье” гэв.

Монгол Улсын Шадар сайд “Бидний ажлыг чин сэтгэлээсээ ойлгон, өндрөөр үнэлж сэтгэл санааны урам дэмжлэг өгч байгаа та бүхэнд талархлаа. Хэдийгээр эхний нислэгээр ламхай нар багтаасан ч цөөн тоогоор ирсэн. Одоо бид хоёр дахь нислэгээр тэр багачуудыг авчрахын төлөө бэлтгэлээ хангаж байна” гэлээ.

Ар гэрийн төлөөлөл болон ирсэн Баярсайхны Мөнх-Учрал Шадар сайдад дахин дахин талархал илэрхийлж байв. Түүний ээж 62 настай, ховор тохиолдлын хорт хавдрын улмаас Монгол, БНСУ-д хагалгаанд орж байсан. Дахин Энэтхэг улсад хагалгаанд орж эх орондоо ирэх боломжгүйд хүрээд байжээ. Хэдийгээр хагалгааны үр дүн гарах болоогүй ч эх орондоо ирсэндээ туйлын их баяртай буйгаа уламжилсан юм.

БНЭУ-аас ирсэн иргэд гурав хоногийн хугацаанд хандивын аяныг дотоод цахим группээр дамжуулан зохион байгуулж, аяны хүрээнд цугларсан 4.0 сая гаруй төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” ХХК-ийн Европын орнууд руу захиалгаар нийлүүлж буй exMed сайн чанарын нэг удаагийн хамгаалах хувцаснаас 240 ширхгийг худалдан авч, тэнцүү хуваан Улсын Онцгой комисс болон Энэтхэгийн Элчин сайдын яаманд тус бүр 120 ширхгийг хүлээлгэн өгч байгаа ажээ.

Мөн “Exclusive” ХХК-ийн зүгээс энэхүү сайн үйлсийн аяныг дэмжиж, 34 ширхэг хамгаалах хувцсыг үнэгүй нийлүүлж, хандив өгсөн байна.

Улсын Онцгой комиссын дарга БНЭУ-руу үйлдэх хоёр дахь удаагийн нислэгийг Гоман, Сэра дацан хийдэд шавилан суралцаж байгаа бага насны лам хүүхдүүдийг оршин суугаа газартай нь хамгийн ойр газраас шууд нислэгээр татан авах ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудын зүгээс зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Лам-оюутнуудын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул хүүхдүүдийг удаан хугацаагаар холын замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авахаар ийнхүү төлөвлөөд байгаа юм.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар өдөрт дундажаар 7,000 орчмоор нэмэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 160 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, халдварын тоогоор дэлхийд 9 дүгээрт бичигдэж эхлээд байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.