Categories
мэдээ нийгэм

Шар өвс шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирсний тав нь шар өвс шатсан дуудлага байжээ.

Иймд хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны замд зам тээврийн ноцтой осол гарсан тул тухайн чиглэлд түр хугацаанд зорчихгүй байхыг анхаарууллаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны замд хэд хэдэн автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол өнөөдөр гарч замын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Иймд жолоочдыг тухайн чиглэлд түр хугацаанд зорчихгүй байж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Ослын газарт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн бүрэлдэхүүн болон яаралтай түргэн тусламж, онцгой байдлын алба хаагчид ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дэлхий дахинд коронавирусийн халдвараар 1098006 хүн өвчилжээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 59141 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 1 098 006-д хүрсэн бол 228 405 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

4 болон 9-өөр төгссөн дугаартай автомашин эзэмшигчид энэ сард татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгсөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

​Европын орнуудаас хүнс, бараа тээвэрлэж ирсэн 20 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүлжээ

Европын орнуудаас ОХУ-аар дамжуулан хүнс болон бараа тээвэрлэн ирсэн 20 тээврийн хэрэгслийг гүний хяналтад шилжүүллээ.

Өнөөдөр Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгах нийт зургаан монгол, 15 гадаад жолоочийг эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хил нэвтрүүлж, 20 тээврийн хэрэгслийг хүчний байгууллагын хяналттайгаар гүний хяналтад шилжүүллээ гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх зам засварын ажил эхэллээ

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 5 дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30.5 км авто замын байгууламжийн барилгын ажил өнөөдрөөс эхэллээ. Ерөнхий гүйцэтгэгчээр “Чайна жоу инженеринг” компани ажиллаж байгаа ч коронавирусээс шалтгаалан инженер техникийн ажилтан, операторууд нь ирж чадаагүй байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсын зам барилгын 4 аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх гэрээний дагуу өнөөдрөөс ажлаа эхлүүллээ. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллах юм байна.

Өнөөдрөөс эхэлж байгаа энэхүү ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлуудыг эхний ээлжид хийх юм. Ингэснээр 2020 оны зургаадугаар сард асфальт хучилтын ажлыг эхлэх боломж бүрдэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна.

Иймд гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг тус тус сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Алтансүх: Манайд хөнжил гудастайгаа ирэхэд л болно

Италид ажиллаж амьдарч буй нэгэн залуу цахим хуудсаараа дамжуулж гэртээ байрлаж болохыг хэлсэн нь монголчуудын сэтгэлийг ихэд хөдөлгөөд байна. Түүнийг С.Алтансүх гэдэг бөгөөд Италийн Наполи хотод амьдарч байгаа аж. Түүнтэй холбогдож ярилцлаа.

-Та цахим хуудсаараа дамжуулж монголчуудыг гэртээ байж болно хэмээн мэдээлсэн. Үүнээс хойш танайд хүн ирсэн үү?

-Одоогоор манайд хүн ирээгүй л байна. Ганц нэг хүн холбогдож байна.

-Таны байгаа хотод монголчууд хэр их байдаг вэ?

-Сайн мэдэхгүй. Бусад хотуудыг бодвол бага байгаа. Ром, бас коронавирус эрчимтэй тархаад байгаа Милан хотод монголчууд их байдаг. Ялангуяа оюутнууд. Тэнд байгаа залуус миний зарыг олж хараасай гэж хүсч байна.

-Танайд хичнээн хүн байрлах боломжтой вэ. Бүр монголчууддаа зориулаад хоол хүнсээ базаасан гэсэн?

-Манайд 30 гаруй хүн амьдарчих байх шүү. Хоол ундны зүйлд санаа зоволтгүй. Би бараг 30 кг мах, гурил будаа гээд нөөцөлчихсөн. Наймаа хийдэг Итали найз нартаа хэлэхээр гэрийн хаягаар явуулчихдаг юм. Харин гудас, хөнжлөө л авч ирэхэд болно.

-Өөрсдөө ч эрсдэлд орж болох энэ хүнд үед гэргий тань таны санааг яаж хүлээж авсан бэ?

-Өрхийн тэргүүн гэдэг утгаараа би шийдвэрийг гаргасан. Харин эхнэр маань эргэлзээгүй дэмжсэн. Нөхцөл байдал зөвхөн энд ч биш, дэлхий дахинд л хүнд хэцүү байна. Монгол хүний айлсаг халуун дулаан сэтгэл байна даа. Яагаад ядарч яваа нэгэндээ тусалж болохгүй гэж бодсон үүднээс л ийм санаа гаргасан. Италид эмчлүүлэхээр ирсэн, оюутан, түр ирсэн гээд мөнгө муутай асуудалтай яваа хүмүүс зөндөө бий. Улс бүр хөл хорио тогтоогоод байгаа энэ үед олон сараар хүний нутагт мөнгө муутай байх хэцүү. Тиймээс байдал намжтал хэдэн хүн ч гэсэн байранд санаа зовохгүй байвал болох нь тэр.

-Хэрэв олны дунд халдвартай хүн ирвэл утгаараа эрсдэл учрах тал бий.

-Манайд ирэх хүмүүс эрүүл гэдгээ мэдэх хэрэгтэй. Ирэх замдаа ч халдвар авч болохыг сайн бодож төлөвлөх байх. Манайхан чинь ухаантай шүү дээ. Мэдээж өвчтэй хүн бусдадаа халдаах гээд ирэхгүй нь тодорхой байх.

-Итали улс хөл, хориог хэдий хүртэл тогтоосон бэ?

-Уг нь энэ сарын 12-нд хөл хорио цуцлагдах байсан. Гэхдээ энэ нөхцөл байдлыг харвал хөл, хориог сунгах юм шиг байна. Итали найз нөхөдтэй утсаар ярихаар тоо нь өдрөөс өдөрт багасч байна гээд бөөн баяр. Ингэж өвчлөлийн тоо багасах нь хөл хорио тогтоосны үр дүн. Одоо бол энд өвчтэй хүмүүс нь тодорхой болоод өвчингүй нь гэртээ хөл хорионд орчихож байгаа юм. Манай улсын төрийн тэргүүнүүд энэ тал дээр маш сайн ажилласан гэж би бодож байна. Бүр монголчуудынхаа өмнөөс баяр хүргэмээр байна. Итали улс аль сүүлд хөл хорио тогтоосон. Халдварыг алдсан ганц шалтгаан л энэ шүү дээ. Итали хүмүүс ямар омголон гал цогтой хүмүүс билээ. Тэгэхэд одоо айж, уйлж, хямарч байна.

-Та нарын хувьд дэлгүүр орж гарахад ази гэдэг ч юм уу гадуурхах тал дээр ямар байна?

-Одоо бол хөл хориотой болохоор гэрээсээ гарахгүй л байна. Тэр тал дээр асуудалгүй. Гарсан ч машинтайгаа гараад буцаад ороод ирэх болохоор нэг их мэдэгдэхгүй байгаа байх. Анх манай хоёр хуурай дүүг хүүхдүүд харчихаад хятад хүн гэж бодоод “корона”, “корона” гэж дуудаж, шоолсон байсан. Ард иргэд нь хоёр хуваагдсан үзэл бодлын хувьд. Нэг хэсэг нь хятадууд өвчин тараасан гээд дургүй байхад нөгөө хэсэг нь манайд харин ч эм, тариа, эмнэлгийн тал дээр тусламж үзүүлж байна гээд сайн байх жишээтэй. Хаанахынх байх нь хамаагүй, хүний л араншин юм даа.

-Иргэд халдваргүй л бол амны хаалт зүүхгүй байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн?

-Анх бол угаасаа амны хаалт ч зүүхгүй, хөл хорио ч тогтоохгүй тоохгүй байсан. Мэдээгээр харж байхад, хүмүүсийн ярианаас сонсож байхад юун сүртэй юм худлаа улстөржүүлээд гэж хүлээж авч байсан. Ингэж байгаад одоо 10 мянга гаруй хүнээ алдчихлаа шүү дээ. Одоо бол бүгд амны хаалт хэрэглэж, хорио цээрийн дэглэмээ яс дагаж байна. Бүгд л айдастай байна.

-Танай гэр бүлийн хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Эхнэр, хамт ажилладаг хоёр хуурай дүүгийн хамт амьдарч байна. Хүүхэд маань эмээ, өвөөтэйгөө Францад амьдарч байна. Спирттэй гар ариутгагчаар ариутгана. Шөлөө хийж ууна. Мах чанаж иднэ. Хуушуур буузаа хийж идээд сүүтэй цайгаа уугаад байж байна.

-Италичууд халуун юм уудаггүй гэсэн. Энэ нь халдварын тархалтад нөлөөлж байж магадгүй гэж ярьсан. Үүийгээ сонирхуулаач?

-Италичууд кофе уухдаа хүртэл хүйтэн усан дээр хийж уудаг. Манайхан шиг том аягаар цай, кофе уудаггүй. Липтон цай ч уухгүй. Халуун юм уухгүй. Цай уухдаа хүртэл мөстэй ууна. Гар барихад гар нь хүйтэн байдаг. Ихэнхдээ гадуур хооллож янз бүрийн паста гоймон иднэ. Би бол эндхийн хүмүүстэй хоол идсэн ч үхрийн махтай хоол захиалдаг. Стейкний шүүрхий махыг хүртэл гүйцэд болгуулж иддэг. Манайхан халуун цай, хоол иддэг учраас дархлаа сайтай, вирусийн халдвар авах нь арай гайгүй байна уу гэсэн бодол надад төрж байна. Японы судлаач зөвлөсөн байсан. Халуун юм сайн уух нь вирусийг хоолойноос ходоод руу шууд оруулдаг. Ингэснээр ходоодны хүчил вирусийг дарангуйлж биеэс гадагшлуулдаг гэж. Тэр үнэн байх.

-Та хувийн бизнес эрхэлдэг гэсэн. Өөрийнхөө талаар танилцуулаач?

-Манай аав Баянхонгор, ээж Өвөрхангай аймгийнх. Би Улаанбаатарт төрсөн. Налайх дүүрэгт өссөн. 1990 оноос хойш манайхны хэлдгээр ганзагын наймаа хийж эхэлсэн. Европт амьдраад 12 жил болж байна. Бусдын адил цагаачилсан. Цагаачийн мөнгөөрөө зугаалдаг, Франц, Итали улсын хооронд ажиллаж, амьдардаг байсан. Харин хоёр жилийн өмнөөс Франц, Итали, Испанид үйлдвэрлэсэн гутлыг Монгол руугаа явуулж маш хямд борлуулдаг худалдааг хийж эхэлсэн. Хүүхдийн гутлын худалдааг эхлүүлсэн нь учиртай. Хэдэн жилийн өмнө Хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн пүүз химийн найрлагатай, тэр нь үргүйдэлд хүргэдэг тухай мэдээллийг олж уншаад эмзэглэсэн юм. Тэгээд л Германд амьдардаг хуурай дүүтэйгээ хамтраад Европоос.ком сайтаа нээгээд захиалга авч Монгол руугаа гутал явуулдаг болсон.


Categories
мэдээ нийгэм

Ирэх лхагва гарагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх зорчигчдыг өнөөдөр бүртгэнэ

Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фейсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна.

ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ

• Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн
• Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх
– Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
– Хүүхдийн төрсний гэрчилгээ.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
– нотлох баримт бичиг.
• Өндөр настан
– эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш
– эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ

• Цахим бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ. Үүнд:

– Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 010-8205-3464
– Жирэмсэн эх 010-2723-3464
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199
– Өндөр настан 010-6851-2199
– Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366

АНХААРАХ ЗҮЙЛС:

-Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусын шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусын шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.

http://www.mongolembassy.com/index.php…

– Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батсайхан: Манай улсын хүн амын 86 хувь нь газар хөдлөлийн долоогоос дээш баллын хүчтэй бүсэд амьдарч байна

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж эрс нэмэгдсэн байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгуудад багтдаг. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн зуунд балл нь долоо болон түүнээс дээш хүчтэй 20 гаруй газар хөдлөлт болсон. Үүний дотор балл нь найм хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа тохиосон нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст ордог гэдгийг батлан харуулж байгаа юм. 2019 онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 46735 удаагийн газар хөдлөлт болсон байна. Балл нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос тухайн газар хөдлөлтийн эпицентрт ойр орчмын ард иргэдэд 17 газар хөдлөлт нь мэдрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

-Он гарсаар энэ үзүүлэлт нэмэгдсэн үү?

-Энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14895 удаагийн газар хөдлөлт болсон.Балл нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа, ард иргэдэд 12 газар хөдлөлт нь мэдрэгдсэн байна. Зөвхөн энэ сарын 20-нд гэхэд л Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 км зайд 5.8 баллын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт Говь-Алтай аймгийн бүх сумд, Ховд, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгуудын зарим сумдад мэдрэгдсэн байсан. Одоогоор давталд хөдлөлт 130 гаруй удаа, үүнээс балл нь 3.5 дээш хүчтэй хөдлөлт гурван удаа болоод байна.

-Тэгвэл саяхан дахин Говь-Алтайн Тонхил суманд хүчтэйд тооцогдох газар хөдөлсөн байна. Нэг газар ойр ойрхон газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх нь аюултай юу?

-Энэ сарын 24-ний 06:47:40 цагт Тонхил сумаас урд зүгт 32 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд давтан хөдлөлтүүд болж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна. Тухайн бүс нутаг нь газар хөдлөлтийн нэлээд идэвхтэй голомттой байна л гэсэн үг. Хамгийн гол нь хэзээ, хаана, хэдэн баллын хүчтэй газар хөдлөх үү гэдгийг урьдчилж тодорхойлох боломжгүй. Ингэж байгаад хүчтэй хөдөлж ч болно. Эсвэл намжиж ч болох талтай. Тиймээс Одон орон геофизикийн хүрээлэн энэ тал дээр илүү нарийн мэдээллийг хэлэх байх.

-Манай улс газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх дэвшилтэт техник хэрэгслээр хэр хангагдсан байдаг бол?

-Анх 1957 онд газар хөдлөлтийг бvртгэх станц байгуулснаас хойш өнөөдөр ОХУ-д vйлдвэрлэсэн газар хөдлөлт бvртгэх фото бичлэгтэй цахилгаан соронзон системийн гурван байгуулагчтай есөн станц орон нутагт ажиллаж байгаа. Мөн 1994 оноос Франц улсын орчин үеийн электрон системтэй алсаас мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй нэг байгуулагч бvхий 5-6 станцтай бичил сvлжээг Улаанбаатар, Ховдод байгуулсан. Мөн АНУ-ын геологийн албатай хамтран гурван байгуулагчтай тоон бичлэгтэй олон улсын өндөр зэрэглэлийн газар хөдлөлт бvртгэх автомат станцыг байгуулсан.

-Газар хөдлөлтийн бүсчлэлээр авч үзвэл нутгийн аль хэсэгт илүү идэвхтэй вэ?

-Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш бүс нутагт оршиж байна. Түүнээс дээш 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн есөн баллаас дээш баллын бүс нутагт оршиж байна. Долоо ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна. Хот байгуулалтын хувьд зургаа ба тvvнээс доош баллд хамрагдаж байгаа бол нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, ес ба тvvнээс дээш баллын ангилалд тохиромж муутай гэж vнэлгээ өгдөг. Газар хөдлөлт (чичирхийлэл)-ийн vнэлгээний дагуу хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал нутгийг, тохиромж нутагт хамруулдаг.

-Улаанбаатар хот хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй вэ?

-Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдоно. Мөн өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хот орчмын 200 км дахь хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлтийн голомтууд болох боломжтой.Болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30000-60000 гаруй хүн өртөх магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.Монгол оронд газар хөдлөлтийн аюул бодитой оршин байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ихэнх барилгууд нь хуучирсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдээгүй, шинээр баригдаж буй барилгууд нь зохих горимын дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд нэн ялангуяа нийслэлд хийх зайлшгүй шаардлага байгаа юм.

-Манайд газар хөдлөлтийн талаарх мэдээллийг төдийлөн айж сандрах хэмжээнд хүлээж авдаггүй. Учир нь хаа нэг чичирхийлэл төдий 3-3.5 баллын хүчтэй газар хөдөллөө гэсэн мэдээнд дасал болчихсон байх. Яг гамшгийн хэмжээнд газар хөдөлсөн тохиолдолд иргэд хэрхэн, яах талаар ойлголт хэр байдаг вэ?

-Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт асар богино хугацаанд тохиолддог хамгийн аюултай байгалийн үзэгдэл юм. Монголчуудын хувьд газар хөдлөлтийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн гэж хэлж болно. Тэгээд ч 1957 онд болсон газар хөдлөлтөөс хойш аюултай хэмжээнд тооцогдох үйл явц болоогүй нь иргэд ингэж тайван хандахтай холбоотой ч байж болох юм. Гэтэл XX зууны дэлхийд хүчтэйд тооцогддог газар хөдлөлтөөс манайд олон удаа болж байсан. Манай улсад 1957 онд Говь-Алтай аймгийн Гурван Богдод маш хүчтэй буюу 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн амиа алдсан гашуун түүх бий. Энэ газар хөдлөлт Монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод таван баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Үүнээс хойш гамшгийн хэмжээнд тооцогдох газар хөдлөлт болоогүй. Тийм болохоор ойлголт их муу. Энэ талаарх мэдээллийг хүлээж авах нь ч муу байдаг. Үндсэндээ онцгой байдлын байгууллага л энэ ажлыг хийж, бидний амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэтэл олон улсад тохиолдож байсан гамшгийн туршлагаас харахад газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход мэргэжлийн байгууллагууд иргэдийнхээ гуравхан хувьд нь хүрч ажилласан байдаг. Харин үлдсэн 97 хувьд нь иргэд өөрөө өөртөө болон хамт байгаа хүмүүс нь тусламж үзүүлсэн байдаг.

-Тэгэхээр шаардлагатай тохиолдолд амьд үлдэх эсэх нь иргэдийн өөрсдийнх нь ойлголт мэдээллээс шалтгаална гэсэн үг үү?

-Товчхондоо бол тийм. Тиймээс иргэд маань аль нэг байгууллагад найдах биш, өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагын явуулж буй сургалт дадлагуудад идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай юм. Судалгаанаас харахад, 2000 онд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэлт 200 гаруй удаа тохиолдож байсан бол 2016 оны тоон дүнгээр 1800 болж ес дахин өссөн байгаа юм. Энэ нь газар хөдлөлтийн гамшиг болох магадлал ихэсч байгааг харуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй энэ үед иргэдийг ойлголттой болгож, чиглүүлэх нь мэдээж та бүхний үүрэг. Харин манайд ямар ажил хийгдэж байна вэ. Японд наад зах нь гэр бүлийн гишүүд гамшгийн хэмжээнд газар хөдөлсөн тохиолдолд тэнд цугларна гэсэн хоорондоо тогтсон байршилтай байдаг. Энэ нь аюул болохоос өмнө иргэн бүрийн мэдэж байх ёстой зүйлийн нэг байх жишээний?

-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа ханган сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн.Бид жилээс жилд орон нутагт явуулдаг сургалтынхаа арга барилыг өөрчилж, хүний хэрэгтэй шаардлагад нийцсэн, иргэдийг зөв хэвшилтэй болгох, аливаа гамшиг ослоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө авран хамгаалах аргад суралцуулах, анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болгох практик талын сургалтыг явуулахыг зорьж ажиллаж байна.

-Тухайлбал?

-НИТХ-ын 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглах талбай байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард түр цугларах 81 байршилыг нэмж баталсан. Одоо нийт 192 түр цугларах талбайтай болсон. Мөн энэхүү дадлага сургуулийг зохион байгуулснаар иргэд, олон нийт цугларах талбайгаа хаана байгааг мэдэж авахаас гадна, цугларах талбайд очоод ямар арга хэмжээ авах талын мэдлэг мэдээлэлтэй болох давуу талтай.Мөн иргэдийг мэдлэгжүүлэх тал дээр анхаарч БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Аюулгүй-Өрх”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт теле хичээлийг энэ сарын 23-ны өдөр 11:45 цагт “STAR HD” телевизээр цацаж мэдлэг мэдээллийг өгсөн.

-Дуут дохио хангинуулж иргэдэд газар хөдлөлтийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөх өдөр саяхан тохиосон. Гэвч хөл хорио тогтоосон учраас ийм зүйл болсонгүй юу.

-Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт орон даяар дохио дуугарч иргэд цугларах цэгт дадлага сургуулийг хийх болсон. Мөн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг газар хөдлөлтийн аюулыг таниулах өдрийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт байхаар тогтсон. Эндээс нэг учир холбогдол ажиглагдаж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, бид жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт ард иргэддээ газар хөдлөлтийн аюулыг таниулах сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулаад маргааш нь дадлага хийхэд ухамсарлаж ойлгосон иргэдийн оролцоо ямар байхыг тодорхойлно гэсэн үг. Жил ирэх тусам иргэдийн оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд“COVID-19” цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Тиймээс бид дэглэмийг зөрчихгүй байх үүднээс дуут дохио дуугаргаж иргэдийг цугларуулж үйл ажиллагаа зохион байгуулаагүй.

-Тэгвэл ямар замаар иргэдэд газар хөдлөлтийн мэдээллийг хүргэж байна вэ?

-Энэ жилийн хувьд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар нэгдүгээр сарын 28-нд батлуулсны дагуу телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн телевизийн хичээлийн хуваарьт цагуудад “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх” сэдвээр сэрэмжлүүлэг, шторкийг хүргээд байна.

-Ер нь газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө ямар бэлтгэл хангах вэ?

-Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж бэлэн байдлыг хангах ёстой. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед хамтран ажиллах, дэмжлэг авах байгууллагын хаяг, утасны жагсаалт, холбоо тогтоох дарааллыг эртнээс бэлтгэнэ.Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хорооны нутаг дэвсгэрт буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан боловсруулна. Мөн айл өрх, албан байгууллага бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх талаар заавар зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцааг авах шаардлагатай.Дээрх төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд, тодорхой хүрээг хамруулан танхимын болон практик дадлагыг хийж хэвших хэрэгтэй.

-Хэрэв газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед иргэд юу мэдэж байх ёстой вэ?

-Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед иргэд сандрахгүй байх шаардлагатай. Мөн “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн зарчмын дагуу байгаа газартаа аюулгүй байдлаа ханган чичэрхийлэлт намдтал ширээн доор, даацын хананы дэргэд, хаалганы доор, коридор, ариун цэврийн өрөөнд гэх мэт өмнө нь аюулгүй цэг гэж тогтоосон байрлалд байршина.Газар хөдлөлтийн чичирхийлэл зогссоны дараа бэртэл гэмтэл аваагүй бол барилга, орон сууцнаас “Гүйхгүй, Түлхэхгүй, Ярихгүй, Буцахгүй” гэсэн зарчмыг баримтлан аюулгүй талбайд нүүн гарах ёстой. Барилгаас гарахдаа цахилгаан шат ашиглаж болохгүй бөгөөд өрөөнөөс гарах, шатаар буухдаа баруун гар талаа дагана.Давтан хөдлөлт болох тул барилга руу буцаж орохыг хориглоно. Харин газар хөдлөлтийн дараа байгууллагын удирдлага, багш нар хүүхдүүд, сурагч, оюутан, ажиллагсдыг бүртгэж, бүрэн гарсан эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн байгууллагын заавраар ажиллаж нийтээр цугларах байранд дэглэм сахина.