Categories
мэдээ нийгэм

Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулав

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;

Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;

Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.

Categories
мэдээ нийгэм

ЭСЯ:Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгт дараах иргэд бүртгүүлнэ

15859625555e87de3b31628.jpg

Энэ сарын 8-нд үйлдэгдэх чартер нислэгтэй холбогдуулан Сөүл дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр нислэг үйлдэгдэнэ. Энэ удаагийн нислэгээр буцах иргэдийн бүртгэлийг ЭСЯ, МИАТ компанитай хамтран утсаар хийнэ. ЭСЯ-ны фэйсбүүк хаяг, цахим шуудангаар бүртгэл хийгдэхгүй. Дараах шалтгаантай иргэдийг тэргүүн ээлжинд бүртгэлд хамруулна.

Хэн бүртгүүлэх вэ?

• Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн

• Жирэмсэн эх, түр хугацаагаар хүүхэдтэйгээ ирсэн эцэг, эх

– Жирэмсний 37 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.

– Хүүхдийн төрсний гэрчилгээ.

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нотлох баримт бичиг.

• Өндөр настан

– эмэгтэй 55 /1965 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

– эрэгтэй 60 /1960 оноос өмнө төрсөн/ наснаас дээш

Хэрхэн бүртгүүлэх вэ?

• Цахим бүртгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 11:00-18:00 цагийн хооронд доорх харгалзах дугаарт залгаж, бүртгүүлнэ. Үүнд:

– Эмчийн хяналтанд байгаа хүнд өвчтөн 010-8205-3464

– Жирэмсэн эх 010-2723-3464

– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 010-2472-2199

– Өндөр настан 010-6851-2199

– Бага насны хүүхэд, асран хамгаалагч 010-5635-3366

АНХААРАХ ЗҮЙЛС:

-Бүртгэлд хамрагдаж суудал нь баталгаажсан иргэд Монгол Улсын Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу гадаадаас ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээг заавал өгсөн байна. Иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусийн шинжилгээг өгч, шинжилгээний хуудсыг онгоцонд суухдаа үзүүлнэ. Шинжилгээний бичиггүй иргэнийг агаарын хөлөгт суулгахгүй. Коронавирусийн шинжилгээ өгөх боломжтой эмнэлгүүдийн мэдээллийг дараах холбоосоос авна уу.

http://www.mongolembassy.com/index.php…

– Монгол Улсад очсоны дараа 21 хоног өөрийн зардлаа төлж тусгаарлагдах бөгөөд холбогдох горимыг чанд мөрдөх, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Давсны хэт хэрэглээ зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаан болдог

Монгол Улсад насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэж байгаа нь халдварт бус өвчин, ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрын шалтгаанаар нас барах эрсдэлд хүргэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30%-иар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар, хоолны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар бууруулахаар тус тус заасан.

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос хойш “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэдэг. Монгол Улс “Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног” давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх сургалт, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Энэ жил Дэлхийн бусад улс орны нэгэн адил давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоногийг “Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?” уриан дор, COVID-19 халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор мэдээлэл, зөвлөмжийг нийгмийн цахим сүлжээгээр хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх бас нэг чухал алхам бол давс багатай, шим тэжээлтэй хоол хүнсийг түлхүү хэрэглэж байх гэсэн зөвлөмжийг ирүүлээд байгаа юм.

Иймд та бүхэн өдөр тутамдаа хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх давсны хэмжээг тооцон, зохистой хэрэглээг төлөвшүүлэн (хүн хоногт 5 грамм хэрэглэх) өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжийг хүргүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

​ Төмөр замын бүх өртөөний замыг ариутгаж байна

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Гамшгаас хамгаалах штаб COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн шаардлагатай арга хэмжээг тогтмол, шат дараатай авч хэрэгжүүлж байгаа.

Энэхүү ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс Толгойт-Улаанбаатарын хооронд хийж эхэлжээ.

Ингэхдээ ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цестерн бүхий галын гурван галт тэргээр Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ломбард дээрэмдсэн гэмт этгээдүүдийг баривчилжээ

Фэйсбүүкээр танилцан, дээрэм хийдэг бүлэг залуусыг илрүүлэн шалгаж ...

“Да хүрээ” захын орчмын “Сайн” ломбард болон Сүхбаатар дүүргийн “Бан Бан” ломбардуудыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ. Гэмт хэргийг 1985-1986 онд төрсөн гурван этгээд бүлэглэн үйлджээ. Тэд өмнө нь “хүнийг алах” болон “дээрэмдэх” гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээдүүд байжээ. Шалгалтын ажиллагаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм

Мах, ногооны үнэ тогтвортой байна

Нийслэлийн статистикийн газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр хийдэг билээ. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт цул махны үнэ бага зэрэг өссөн бол хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Махны дундаж үнэ

2020 оны дөрөвдүгээр сарын I долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9694 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 616 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 52 төгрөгөөр (0.4%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай болон цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянга 500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2020 оны дөрөвдүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-2000 төгрөг
  • 1-р зэргийнх 1179-1500 төгрөг
  • 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1400 төгрөгийн үнэтэй байна. “Хархорин” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны дөрөвдүгээр сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.8 хувиар өсч 955 төгрөгөөр, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

​Covid19-ийн үед аж ахуйн нэгж, байгууллагууд юу анхаарах хэрэгтэй вэ?

Categories
мэдээ нийгэм

Коронавирусын мэдээ, өнөөдрийн байдлаар

Коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын мэдээ 2020 оны 04-р сарын 05-ны өдөр 11:00 цагийн байдлаар:


Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтоор энэ сард 40 тэрбум төгрөг олгоно

Энэ оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард олгож буй. Үүнд нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох юм байна. Сангийн яамны мэдээлснээр нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Иргэд хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй зэргээс шалтгаалан НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр авах юм байна.

НӨАТ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. Тиймээс Е-barimt системийн хэрэглэгч та хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхийг шалгахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ойн эргүүл” арга хэмжээ үргэлжилж байна

Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар хамтран “Ойн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос хууль бусаар, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох илрүүлэх зорилгоор эргүүл шалгалтын ажлыг гүйцэтгэжээ.

“Ойн эргүүл” арга хэмжээний үеэр иргэдэд ид хуурайшилтын үе болох гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ны хооронд сэрэмжлүүлэг мэдээлэл, зөвлөмж хүргэж ажиллаж байна.