Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Хулан: Ноолуурын ханшийг хүчээр 100 мянгад баривал олон компанийг дампуурал руу чирнэ


Ноолуурын салбар тойрсон сэдвээр “Сийлэн кашмер” компанийн захирал Г.Хулантай ярилцлаа.


-Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор ноолуурын салбарт ямар эрсдэл үүсээд байна вэ?

-Коронавирусийн халдвар гарснаас хойш ноолуур хамгийн их худалдан авдаг Европын орнууд, Солонгос, Хятад, Америк зэрэг оронд эдийн засгийн маш их хэмжээний хумигдал үүслээ. Манай үйлдвэрүүдэд ирдэг бүх захиалга цуцлагдаж, тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Олон улсын үзэсгэлэнгүүд бүгд цуцлагдлаа. Ноолуурын салбарын гол захиалга хоёр, гуравдугаар сарын хоолонд хийгдэж зуны улиралд үйлдвэрлэл явуулж байх ёстой. Гэвч энэ хоёр, гуравдугаар сард халдварын тархалт өндөр байж, улс орнууд хөл хорио тогтоосон.

Одоо манай үйлдвэрүүд ямар ч орлогогүй болчихсон, нэлээн олон үйлдвэр хаалгаа барьж байна. Ажилчдаа цалингүй амрааж байгаа.

-Танай үйлдвэрийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?

-Бид ноолууран бүтээгдэхүүн Америк, Хятад, Солонгос, Итали, Франц зэрэг орон руу гаргадаг. Гэтэл эдгээр орон коронавирусийн тахлын голомт болоод байна.

Манай захиалгын 90 хувь цуцлагдсан. Захиалгуудаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Одоо “Сийлэн камшер” брэндийн нэрээр гаргадаг бүтээгдэхүүнээ бэлтгээд явж байна. Борлуулагдаж эхлэх үе нь есдүгээр cap шүү дээ. Бид экспортод гаргаж Хятад, Америкийн өөрийн нэрийн дэлгүүрээр борлуулдаг. Үүндээ бэлдээд явж байгаа. Есдүгээр cap гэхэд коронавирус намдаасай гэж найдаж байна.

Нөгөө талаар дэлхий даяар бизнесийн салбар доголдсоноор ажилгүйдэл маш их үүслээ. Вирусийн тархалтын дараа ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрэх магадлалтай гэсэн таамаг явж байна лээ.

Ажилгүйдэл нэмэгдсэнээр иргэдийн орлого буурна. Энэ үед хүмүүс хоол хүнс зэрэг ахуйн хэрэглээний зүйлдээ мөнгөө зарцуулж, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнд мөнгө зориулах нь багасна. Тиймээс есдүгээр сард коронавирус гайгүй болж нэрийн дэлгүүрүүдээрээ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа ч борлуулалт ямар байх бол гэж эмээж байна.

-Энэ жил ноолуурын ханш зах зээл дээр хэрхэн тогтож байна вэ. Салбарын сайд ноолуурын ханшийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэсэн. Энэ хэр бодитой дүн бэ?

-Ноолуурын зах зээлийн үнэ ханш 50-60 мянган төгрөгөөр гарах болов уу гэсэн таамаг байсан. Үүнийг МҮХАҮТ гаргаж ирсэн. Салбарын бүртгэлтэй бүх компаниас асуулга авч, захиалгын хэмжээнүүдийг харж байгаад гаргаж ирсэн таамаг үнэ юм. Бодитой үнэ. Ер нь үнэ эрэлт хэрэгцээн дээр тулгуурлаж гарч ирдэг.

Эрэлт хэрэгцээ их байх юм бол үнэ өснө. Бага байвал буурна. Гэтэл Ч.Улаан сайд ноолуураа 100 мянган төгрөгөөс доош буулгаж өгч болохгүй шүү гэж малчдад хэлсэн. Үүнээс болоод малчид ноолуураа дарж байна. Та нар авахгүй бол Засгийн газар авна гэсэн гэж байна.

Гэтэл засагт 8-10 мянган тонн ноолуур худалдаж авах чадамж байхгүй. Үүнийг компаниуд л худалдаж авна. Харамсалтай нь 100 мянган төгрөгөөр авах ёстой гэснээр зах зээлийн бодит ханшийг 67 хувиар нэмэгдүүлж, үнийн хөөрөгдөл үүсгэж байна.

Засгийн газар энэ байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна гэвэл үйлдвэрлэгчдийг зээл аваад үйл ажиллагаандаа нэмэрлэ, хариуд нь ноолуурыг 100 мянгаар ав гэж байна. Бид яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой юм бэ. Зээлийн хүү 1, 2, 3 хувь байна уу хамаагүй. Бид шаардлагагүй өрийн дарамтад ормооргүй байна.

Манай компани 10 тонн ноолуур авлаа гэхэд зах зээлийн бодит ханшаар 600 сая төгрөг болно. Гэтэл үнийг 100 мянгад бариулбал нэг тэрбумаар авах хэрэгтэй. Хямралын үед 400 сая төгрөгийг хаанаасаа олох юм бэ. Засгийн газар нь гурван хувийн хүүтэй зээл өгье гэж байна.

Тэг хувийн хүүтэй байсан ч тэр мөнгийг нь аваад яагаад шаардлагагүй өрийн дарамтад орох ёстой юм бэ гэсэн асуудал гарч ирж байна.

-Ноолуурын эрэлт дэлхий дахинд эрс буурч, захиалгууд цуцлагдаж байгааг хэлсэн. Тэгвэл та бүхэнд ноолуур худалдан авах ямар шаардлага үүсэж байна вэ?

-Ноолуурын худалдан авалтаа зогсоочихдог. Гэтэл коронавирус намжиж найм, есдүгээр сард захиалагч нар маань захиалгаа өгье гэж болно. Энэ үед зах зээл дээр түүхий эд байхгүй үед аль нэг үйлдвэрээс худалдаж авах шаардлага үүснэ. Ийм хамааралтай байхгүйн тулд өөрөө эрсдэл гаргаж ноолуураа базаана гэсэн үг.

Мөн ийм хэмжээний ноолуур борлогдох болов уу, борлогдохгүй байлаа ч нөөц үүсгэе гэсэн бодолтой худалдаж авна. Харин 100 мянган төгрөгийн ханштай бол би нөөц үүсгэх зорилгоор худалдаж авахгүй.

Ер нь 2018 оноос хойш л ноолуур 100 мянга давсан. 2016 онд 55-60, 2017 онд 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн. 2018 оноос нэмэгдэж, 2019 онд хамгийн дээд цэгтээ хүрч 130 мянган төгрөгт хэлбэлзсэн юм. Гэтэл тахал дэгдчихсэн байхад ханшийг 100 мянгад бариулах гээд байгааг ойлгохгүй байна.

Сүүлийн хоёр жилд л 100 мянгаас дээш гарсан. Нөгөө талаар түүхий эдийн үнэ өндөр гарсан үед худалдан авагчид маань санхүүгийн хувьд хүнд хэцүү байгаа. Өмнөх шиг үнэтэй ноолуур авах чадамж нь буурсан. Бид өндөр үнээр захиалагч нартаа нийлүүлэх гэж оролдвол тэд хүлээж авахгүй.

-Ноолууран бүтээгдэхүүн тансаг зэрэглэлийнх. Хэрэглэгч нь санхүүгийн чадамжтай хүмүүс. Тэгэхээр тахал гарсан ч энэ хүмүүсийн хувьд хэрэглээгээ солиод ноолуур үнэтэй хэмээн авахаа болих магадлал бага биш үү?

-Асар баян хүмүүс авдаг үзэгдэл дээр үед байсан. Сүүлийн таван жилийн хугацаанд дундаж давхаргынхан өмсөж болно гэдгийг дэлхий нийт харуулсан.

Тансаг зэрэглэлийн үнэтэй, мөн дундаж давхаргынханд зориулж боломжийн үнэтэйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд зах зээлд нийлүүлээд явж байна. Тэгэхээр тахлаас үүдэлтэй хямрал ноолуурын салбарыг тойрно гэж ойлгож болохгүй.

-Ноолуур бол малчдын орлогын том эх үүсвэр. Нөгөө талаар малчид хөдөлмөрийнхөө өгөөжийг ноолуураа тушааж хүртэж байна. Тэд хүүхдийнхээ сургалтын төлбөр, томоохон дүнтэй худалдан авалтыг ноолуураа тушааж санхүүжүүлдэг. Үнэ өндөр байх нь малчдад хэрэгтэй. Энэ талаас нь та бүхэн харсан уу?

-Малчдын хувьд мэдээж 100 мянган төгрөгөөр ноолуураа тушаах нь сайхан боломж. Ингэж чадвал хямралыг мэдрэхгүйгээр өнгөрнө.

Харин бүх хямралыг үйлдвэрлэл эрхлэгч нар үүрээд гарна. Яах вэ, энэ жил 100 мянгад бариулмаар байвал бариул. Харин ноолуур худалдан авч чадахгүй, цалингаа тавьж хүрэхгүй байгаа олон үйлдвэр дампуурлаа зарлана.

Ноолуурын үйлдвэрүүдийн тал нь тахлыг давж чадалгүй хаалгаа барихад хүссэн хүсээгүй ирэх жил, дараагийн 4-5 жилд ноолуур үнэд хүрч чадахгүй.

Яагаад гэвэл Монгол, Хятадын компаниуд үнээр өрсөлдөж байж ноолуурыг үнэд хүргэдэг. Монгол талаас эрэлт хэрэгцээ байхгүй, эсвэл өмнө нь байснаас 50 хувиар ч юм уу буурвал хятадууд заавал үнэ хаялцах шаардлагагүй. Хүлээж байгаад ноолуурыг үнэ буулгаад л авна.

Одоо арьс ширний үнэ 1,000-2,000 төгрөг байна. 2000 он шиг санаж байна. Тухайн үед арьс ширний үнийг хүчээр өсгөсөн. Ингэснээр маш олон арьс ширний үйлдвэр хаалгаа барьсан.

Үр дүнд нь арьс ширэн дээр монгол талаас эрэлт хэрэгцээ асар бага болсноор Хятадын зах зээлд ажилладаг тоглогч нар ирээд 1,000-2,000 төгрөгт худалдан авдаг болсон. Ийм нөхцөл байдал ноолуурын салбарт үүсэх эрсдэлтэй. 100 мянган төгрөгт ноолуурын ханшийг бариулна гэж байгаа нь сонгуулийн шоу. Малчдаас санал авахын тулд үнийг хүчээр нэмэгдүүлж байна. Гэхдээ маш олон компанийг дампууруулах эрсдэл үүсгэж байгааг ойлгохгүй байна.

Ямар ч улс орны эдийн засаг үйлдвэрлэгчдийн нуруун дээр босдог. Тахал хэзээ нэгэн цагт намжина. Тэр үед үйлдвэрүүд нь байхгүй бол эдийн засаг өндийн босох чадамж буурна. Хэрэв үйлдвэрлэгч нараа хадгалаад аваад үлдэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эдийн засгаа цааш нь аваад явах боломжтой.

-Малчид, үйлдвэрлэгч хоёрын эрэлт нийлүүлэлтийн харьцаанд тулгуурлан тогтож буй үнэ дээр төр битгий оролц гэж байна. Тэгвэл төрийн зохистой оролцоог хэрхэн хангах боломжтой вэ?

-Бусад улс оронтой адил бизнесийн салбараа дэмжиж зээл олгох нь зөв. Зээлийг дэмжиж байгаа. Харин түүхий эдийн үнийг зохиомлоор өсгөж хаяад гурван хувийн хүүтэй зээл олгоно гэвэл зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл компаниудыг хүчээр өрийн дарамтад оруулж байна. Хоосон үнийн хөөрөгдлийг санхүүжүүлэх гэж зээл өгвөл үр ашиггүй.

Үнийг зах зээлийнх нь журмаар байлга, битгий оролц. Харин энэ үед үйл ажиллагааг нь тогтвортой явуулах зорилгоор төрөөс дэмжиж зээл олговол жинхэнэ үр өгөөжтэй тус дэм болно. Энэ тохиолдолд гурван хувийн зээлийг талархан хүлээн авч, эргээд эдийн засагтаа ч эерэг дэм үзүүлнэ.

Ер нь Хятадын үйлдвэрлэгчид нар дэлхийн ноолуурын зах зээлийг хангаад явж байна. Тэд маш их хэмжээний бүтээгдэхүүнийг Америк, Европын холбоо зэрэгт хямд үнээр нийлүүлдэг. Хэрэв Хятадын зах зээлд хямдхан зармааргүй байна гэсэн тайлбартайгаар ноолуурын үнийг 100 мянгад бариулах гэж байгаа бол ийм арга байж болох юм.

Манай Монголоос дунджаар найман мянган тонн түүхий эд гардаг. Үүнээс долоон мянган тонн нь ямар ч татваргүйгээр экспортод гарч байгаа юм. Ченжүүд малчдын гар дээрээс худалдан аваад ямар ч татваргүйгээр шууд гаргаж байна.

Монголд зүгээр угаагаад, хир бохирыг нь үлдээгээд ямар татвар төлөхгүй гаргаж байна. Хайран ноолуур. Яагаад гэхээр ямаа байгаль орчин их сүйдэлдэг. Цөлжилт үүсгэдэг. Бид байгаль орчноо хохироон байж ямаагаа өсгөөд түүхий эдийг нь ямар ч татвар авалгүй гадагш гаргаж байгаа нь харамсалтай.

Тэгэхээр долоон мянган тонн түүхий ноолуур дээрээ ядаж 10 хувийн татвар авчихаач. Тэгэх юм бол манай улсад 47-74 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ.

Энэ татварын орлогоор буцаагаад халамжийн сан үүсгээд малчдаа дэмжээч ээ. Тэгэх юм бол үйлдвэрлэгч нарт дарамт үүсэхгүй. Үнийн хувьд Хятадын үйлдвэрлэгчтэй өрсөлдөх боломж ч бүрдэнэ.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаар мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.06/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцож байна.

Categories
мэдээ спорт

Элсний спортын VI наадам Саньяд болно

“Санья-2020” Азийн элсний спортын наадмын билэгдэл бүхий спортын төрлүүдийн логог зохион байгуулагчид нь саяхан танилцуулав. 2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Хайнань арлын гол хотод зохиогдох уг наадмын билэгдлээр Яа-я нэртэй буга тодроод байгаа.

“Спортын дүрс тэмдгүүд нь зөвхөн эелдэг, хөөрхөн Яа-Я-г төдийгүй хурд хүч, мэргэжлийн ур чадвар, хүч чадлын хувьд спорт бүрийн шинж чанарыг харуулах ёстой” гэж дизаины багийн ахлагч Жэн Лэй “Синьхуа” агентлагт ярьсан байна. Азийн элсний спортын VI наадам энэ оны арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 6-ны хооронд болно.

Одоогоор сovid-19 тахлын халдвар ноцтой түвшинд байгаа ч уг наадмыг төлөвлөсний дагуу хугацаандаа зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа юм. Санья нь Хайнань арлын томоохон хот бөгөөд өмнө нь тивийн хэмжээний спортын тэмцээн зохион байгуулж байгаагүй билээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдов

Б.Батзориг: Миний эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй | News.MN

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой байв. Гэвч өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бямбадорж: Хүний амь олноор эрсдэх аюул Монголд ойрхон байна

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дүгээр илтгэлийг ХЭҮК-оос УИХ-д өргөн барилаа. Өнгөрсөн жил манай улсад хүний эрхийн нөхцөл байдал ямар байсан талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Энэ удаагийн илтгэлд үндсэн дөрвөн асуудал тусгагдаж.Түүний нэг нь малчин эмэгтэйчүүдийн эрхийн тухай байна. Өнөөдөр Монголд малчин эмэгтэйчүүдийн эрх ямар байдалтай байна вэ?

-Энэ жилийн илтгэл дөрвөн үндсэн сэдэвтэй. Нэгдэх нь малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, хоёр дахь нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, гурав дахь нь,химийн хортой, аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын асуудал. Дөрөвт нь, хүний эрхийн индекс ба Монгол Улсын байр суурь ямар байдаг талаарх асуудлыг хөндлөө.

Өнгөрсөн жил бид хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлаар судалгаа хийж УИХ-д өргөн барьсан. Судалгааны явцад гарч ирсэн сэдэв бол малчин эмэгтэйчүүдийн эрхийн тухай юм. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтээр зургаан аймгийн 18 суманд судалгааг хийсэн. Өөр бусад олон эх сурвалжийг ч ашигласан. Өнөөдөр манайд нүүдлийн мал аж ахуй ямар билээ. Байгалийнхаа нөхцөлд захирагдсан, олон зуун жилийн өмнө ямар байсан өнөөдөр яг л тийм байгаа. Мэдээж хэрэг үзэж харах, унаа унаш, гэр орон гээд өөрчлөгдөж байгаа ч үндсэндээ малчин хүний хөдөлмөр хэвээрээ. Би өөрөө малчны хотонд төрж өссөн хүн. Үнэхээр малчин хүний хөдөлмөр маш хүнд. Гэхдээ өнөөдөр өнөөгийн хүн төрөлхтний хүрсэн хөгжлийн түвшинтэй харьцуулбал бүр хэцүү болоод байна. Дэлхий хүнийг амьтнаас ялгагдах хамгийн гол шинж бол нийгэмдээ амьдрах ёстой гэдэг асуудлыг тавьдаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд татан оролцуул, өндөр настнуудыг тэтгэвэрт гаргаад битгий хая, нийгэмд нь байлга гэдэг. Тэгвэл өнөөдөр малчдын асуудал хүнд байна. Учир нь манайд мал өссөөр байгаа. Тийм учраас өнөөдөр хот айл гэдэг ойлголт байхгүй болж. Хот айл гэж хоёр, гурваараа айлсаж буугаад хот айл үүснэ биз дээ. Гэтэл одоо малчид жилийн дөрвөн улиралд ганц гэрээрээ, эхнэр нөхөр хоёр малаа малладаг болоод удлаа. Малчин эмэгтэйчүүдийн хувьд өрх толгойлсон малчин эмэгтэйчүүд бий болсоор байна. Гэтэл нэг суманд хоёр малчин эмэгтэй гэртээ нас барсан байдалтай олдсон байна. Нэг нь гурав хоног утсаа авахгүй болохоор хүүхдүүд нь яваад очихоор гэртээ нас барсан байх жишээтэй. Нөгөөх нь хотон дотроо малаа эргэж яваад нас барсан. Мал нь бэлчихгүй болохоор ойролцоо айлын хүмүүс нь яваад очиход нас барсан байсан.

-Маш эмзэглэмээр тохиолдол байна…

-Малчин хүн гэдэг нийгэмшиж, нийгмийнхээ дотор байх ёстой. Малчин эрчүүд мал хуй гэж явж байгаад сумын төв ордог. Тэнд найз нөхөд, хамаатан садангаараа явж сэтгэл санаагаа сэргээж байгаад буцдаг. Харин малчин эмэгтэйчүүд тав суурин газарт оччихоод гэртээ буцахаас татгалздаг болсон байна. “Би буцаж очихгүй” гээд дөрвөн настай хүүхдээ орхиод явж байгаа тохиолдлыг сумын удирдлага ярьж байсан. Үүнээс болж гэр бүл салж байна. Ийм олон жишээ бий. Аргагүй эрхэнд зургаан настай хүүхдээ сургуульд оруулахаар эхнэр сумын төвд ирдэг. Төвд ирээд зарим нь буруу тал руугаа нийгэмших нь их байна. Тэгээд гэр бүл салдаг, бэлгийн замын халдварт өвчин гардаг. Энэ асуудлаар нэлээд олон зөвлөмжийг УИХ-д хүргүүлж байгаа. Бид мал, бэлчээр гэж яриад байдаг болохоос биш малчдын нарийн харилцаа руу тэр бүр орж чадахгүй байна. Өнөөдөр коронавирус гээд айхавтар өвчин дэлгэрч байна. Өмнө нь ч ийм аюулт өвчин гарч л байсан. Түүнээс монголчууд бага хохиролтой үлдсэн нь бэлчээрийн малын буян. Өөрөөр хэлбэл, манай бэлчээрийн мал эрдэмтдийн хэлж байгаагаар 750-1500 төрлийн витаминт ургамал иддэг. Түүнийг нь бид хүнсэнд хэрэглэдэг учраас өвчинд тэсвэртэй байгаа юм. Коронавирустэй холбогдуулаад зарим хүмүүс энэ талаар санаа бодлоо илэрхийлж байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж үлдье, монгол хүний генийг хүнсний болоод витамины хэрэгцээгээр хангаж байя гэвэл малчдын асуудлыг харгалзахаас өөр аргагүй байна. Малчдын асуудлыг харгалзахад гэр бүлийн асуудлыг авч үзэхээс өөр арга байхгүй. Бид ирэх жилээс Европын холбоотой хамтран туслах малчны төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна.

-Жендерийн эрх тэгш байдлын асуудал манайд нэлээд хөндөгддөг. хуулийн хэрэгжилтийг Комисс юу гэж дүгнэсэн бол?

-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг бид хоёр жил тутамд гаргаж тавих ёстой. Энэ асуудлаар Төрийн албаны зөвлөл дээр хэрэгжиж байгаа төслийн дагуу манай баг таваас бусад аймагт ажиллалаа. Харамсалтай нь коронавирусээс болоод таван аймагт ажиллаж чадаагүй байна. Бусад бүх аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчдад сургалт хийсэн. Тэр үеэр хяналт шалгалт хийж, судалгаа авсан. Түүнийхээ үндсэн дээр энэ жил нэлээд даацтайхан илтгэлийг гаргаж тавьсан байгаа. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш есөн жил, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш дөрвөн жил өнгөрч байгаа боловч Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудын жендерийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийхэд тухайн хуулийн хэрэгжилт тун хангалтгүй хэвээр байна.

-Энэ жилийн илтгэлээс харахад химийн хортой аюултай бодис хүний эрхийг зөрчиж байгаа гэсэн нь анхаарал татлаа. нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ бол маш ноцтой байдалд хүрсэн асуудал. Монголчууд бид ер нь даанч хэнэггүй юм. Өнөөдөр химийн хортой, аюултай бодисыг хадгалаагүй суурин газар гэж алга. Сургууль, эмнэлэг дээр хүртэл байна. Лабораторид хэрэглэдэг химийн хортой бодисын хугацаа нь дуусчихсан, авдаг газар байхгүй. Уг нь Онцгой байдлын газар хадгалах, устгах ёстой ч тэр нь хэрэгждэггүй. Дорноговь аймагт ажиллаж байхад Замын-Үүдэд манай мэргэжлийн хяналт, гаалийнхан зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн химийн хортой бодисыг их хэмжээгээр хураагаад авчихдаг. Гааль дээрх агуулахуудад химийн бодисоор дүүрчихсэн. Авдаг газар байхгүй. Бүх аймагт ийм нөхцөл байдал байна. Энэ бол хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаагаас гадна үй олноороо хүний амь эрсдэх аюул Монголд ойрхон байна. Уг нь хууль эрт батлагдсан. Харамсалтай нь өнөөдөр хүртэл тэр аюултай хортой бодисыг цуглуулж хадгалдаг газрыг барьж чадахгүй байгаа юм. Учир нь үе, үеийн Засгийн газар тэнд барья, энд барья гэхээр хуулинд нь заавал орон нутгийн иргэдээс санал авга гээд заачихсан. Гэтэл орон нутгийн иргэд нь “Яахаар ийм хортой аюултай зүйлийг манай нутагт хадгалж байх ёстой юм” гээд зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, бие бие рүүгээ түлхээд шийдлээ олоогүй асуудал. Одоо УИХ-аас шийдвэр гаргаж цэгцлэхгүй бол Монголд амиа золиослоод явах шаардлагагүй юм байна гэдэг нь харагдаж байна. Эцсийн эцэст төрийн байгууллагууд ч юу ч хийж чадахгүй байна.

-Монгол улсын хүний эрхийн индексийг анх удаа онцолсон байна. Бид хүний эрх, эрх чөлөөг хангаж чаддаг орны тоонд орж чадаж байна уу, үгүй юү?

-Сэтгүүлч та нар байнга намайг зовоож асуудаг асуулт бол энэ. Хүний эрхийн асуудлаар Монгол хэддүгээр байранд явдаг юм бэ гэж. Хүний эрхийн гол, гол асуудлаар байр эзлүүлдэггүй юм. Гэхдээ индекс гаргаад явдаг. Жишээ нь, бидний энэ удаагийн илтгэлд эрх зүйт ёсны индекс, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индеск, хэвлэлийн эрх чөлөөний индекс, дэлхийн боолчлолын индекс, боловсрлоын индекс, хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индекс, жендерийн индекс, тогтвортой хөгжлийн индекс гэсэн индексийг онцолж үзлээ. Энэ нь олон улсын нэр хүндтэй, холбогдох орны Засгийн газрууд анхаарч үздэг байгууллагуудын гаргасан индекс. Мэдээж эндээс харахад Монголын хувьд хүндхэн л нөхцөл байдалд байна.

-Хэдийгээр энэ удаагийн илтгэлд ороогүй бидний орхиж болохгүй сэдэв бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тухай юм. Өнгөрсөн онд энэ нөхцөл байдал ямар байв. Та бүхэн хэрхэн ажиллав?

-Мэдээж энэ асуудал сэтгэл эмзэглүүлж байгаа тохиолдлууд байна. Тэр бол бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал. Дээр нь хохирогчдыг давхар хохироодог нөхцөл байдал. Манайх хүн ам цөөтэй. Аймаг сум бол бүр тодорхой. Гэтэл нөгөө хохирсон хүүхдийг манай хэвлэлийнхэн тийм хороо, сумын тэр иргэн тэдээс тэдэн насны хүүхдийг тэгж хүчиндсэн гээд зарлаж орхиод маш хүнд байдалд оруулж байна. Үүнээс болж нутаг орондоо амьдрахад хүнд байгаа төвд авчирч сэтгэл зүйн эмчилгээ хийлгэхэд хүрч байна. Мэдээж хэрэг нөгөө хэрэгтнийг жигшүүлэхээр олон түмэнд хүргэх нь зүйн хэрэг боловч хүүхэд хохирч байгаа шүү гэдгийг бодмоор байна. Дээр нь Монголд нэг муухай юм бий болж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь хойд эцэгтэй. Гэмт хэргийг хойд эцгүүд нь үйлдэж байна. Тэгэхэд даанч яав даа гэмээр ээжүүд байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг тусгаарлах байранд байлгахаар ээж ирээд “Яаж амьдрах гэж байгаа юм. Юун сүртэй юм чи” гэж дарамтлах тохиолдол байна. Илэн далангүй хэлэхэд бас нэг дутагдал манайханд байна. Аймаг сумынхаа нэр хүндийг бодоод ноцтой хэргийг дарчих гээд байдаг тохиолдол байна. Тийм ч учраас бид хүний эрхийн зөрчлийн мэдээллийг авангуут аймгийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг.

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинэчлэгдээд хэрэгжиж эхлээд байна. эрх, эрх чөлөөг хангах арга ажиллагаа хуулиар хэр сайн баталгаажив?

-Энэ хуулийг бид өөрсдөө Хууль зүй дотоод хэргийн яамныхантай хамт сууж байгаад боловсруулалцсан. Тэр хэмжээгээр УИХ, Засгийн газрын гишүүдэд ойлгуулж батлуулж чадсан. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс бол Азидаа байдаг цөөхөн А статустай комиссын нэг. Азид Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Монголын Хүний эрхийн үндэсний комисс гэж л ярьдаг. Ийм нөхцөлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүрдүүлж чадсан. Тийм ч учраас Монгол Улсын ХЭҮК-ийн даргын хувьд Дэлхийн холбооны удирдах зөвлөлд дөрвөн жилийн сонгуульт ажлыг хариуцлаа. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Тэгэх ч сонирхол байхгүй. Дэлхийн холбооны ерөнхийлөгч миний бүрэн эрхийн хугацаа дуусахад миний нэрийг цохон тэмдэглэж “Монголын комисс сайн ажилласан” гэж хэлж байсан нь надад сайхан санагдаж байсан. Өөр улсыг ингэж тодотгож хэлж байсныг 11 жилийн хугацаанд би л лав мэдэхгүй.

Бидэнд А статусаа алдах нэг эрсдэл байсан. Тэр нь Комиссын гишүүдийн томилгооны тухай. Парисийн зарчим гэж 1993 онд батлагдсан зарчмаар аттестатчилал таван жил тутамд явуулдаг. Ихэнх орон А статусаасаа буурсан. Ингэх нь зөвхөн зөвлөх статустай болчихож байгаа хэрэг гэсэн үг. Тиймээс бид гишүүдийн томилгоог ил тод болгосон. Хоёрт, гишүүдэд тавих шаардлагыг өндөржүүлсэн. Гурван гишүүнтэй байсан бол одоо таван гишүүнтэй болж байна. Гишүүд бүр тодорхой асуудлыг хариуцаж ажиллана. Энд нэг зүйл онцлоход 2014 онд манайх урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах Олон улсын гэрээнд нэгдсэн. Уг нь Олон улсын гэрээг соёрхон баталснаас зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж эхлэх ёстой. Бүр цаад талын хугацаа нь нэг жил. Манайх зургаан жил хэрэгжүүлээгүй өдийг хүрсэн. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхээр хараат бус нэг гишүүн бий болсон. Төсөв нь манай комисс дээр, чиглүүлэх үүрэг Комиссын даргад оногдож байгаа ч хараат бусаар ажиллах институци гарч ирж байгаа.

-Та бүхэн монгол хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг гаргаж ирээд тавьдаг. уих, Засгийн газарт зөвлөмж өгдөг. Гэвч зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй талаар жил бүр хөндөгддөг шүү дээ?

-Тийм. Энэ байдлыг засах нэг том өөрчлөлт хуульд орсон. Өмнө нь УИХ хэлэлцэнэ гээд орхичихдог, Байнгын хороон дээр хэлэлцсэн болоод өнгөрдөг байсан. Одоо бол илтгэлийг УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлдэг хатуу журамтай боллоо. Тэгэхээр асуудал нэлээд өөр болох болов уу гэж бодож байна. Түүгээр зогсохгүй ХЭҮК-ын гишүүн зөрчлийг арилгуулах шаардлага бичих л боломжтой байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр тэр шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохоор тодорхой заалт оруулсан. Нэг асуудал горимын саналаар ороод батлагдсан. Эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлыг гаргаж тавьсан нөхцөлд эрүүдэн шүүсэн албан тушаалтныг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлдэг болж байгаа. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нэлээд гомдол манайд ирж байна. Энэ бол зөв алхам болсон болов уу. Эрүү шүүлт гэхээр манайх Манжийн үеийг л санадаг. Гэтэл олон улсын гэрээ конвенцоор эрүү шгүүлт гэж маш олон төрлийн хэлбэрийг хамруулж үздэг.

УИХ-ын гишүүд нэг асуудалд жигд анхаараасай гэж би хүсдэг юм. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн жилийн илтгэлийг хэлэлцэхэд С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг Байнгын хороон дээр ч, дэд хороон дээр ч, чуулган дээр ч ярьсаар байгаад өнгөрсөн. Өөр наана нь байсан ноцтой асуудлууд дээр гишүүд олны анхааралд өртөхөөр санал шүүмжлэл гаргаж яриагүй. Одоо харин энэ дөрвөн асуудлыг алагчлахгүй ярих байх гэж найдаж байна.

-энэ жил хэүК ажиллаж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Та бол энэ хугацааны хагасаас илүүд энэ байгууллагыг удирдсан хүн. хүний эрхийн нэг зөрчил гарахад манайхан хамгийн түрүүнд руу хандуулдаг, дайрдаг. Ажиллаж чадахгүй байна гэх мэтээр шүүмжилдэг. Та энэ байгууллагыг багагүй хугацаанд удирдсаны хувьд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хэрхэн үздэг болов, хамгаалж чадаж байна уу?

-1992 онд Үндсэн хуулийг гараараа бичсэн хүний нэг би учраас Үндсэн хуулиндаа өөрийн төрсөн үр хүүхэд шигээ хайртай байдаг. Мэргэжил маань ч тийм. Чимид гуай Төмөр бид хоёрыг авчирч анхны гарчиг тавихаас эхэлж дэргэдээ суулгаж ажиллуулсан. Сүүлд Амарсанаа орж ирсэн. Үргэлжлээд маш олон хүн орж ирсэн. Одоо бол Үндсэн хууль боловсруулаагүй хүн гэж Монголд байхгүй болж байх шиг байна. 1992 онд Үндсэн хууль батлагдаж хүний эрх, эрх чөлөөг бодитой эдлүүлэхийг зорьж байсан тэр жилүүдэд хүний эрх гэсээр байгаад нийгэм замбараагүй боллоо гэсэн ойлголт ахмадуудын дунд маш их бий болсон. Арга ч үгүй. Социализмын үед хүний эрхийн бүх заалтууд байдаг мөртлөө хэлбэрийн төдий. Харин иргэний үүрэг шалгадаг байсан үе шүү дээ. Гэнэт эрхийн асуудал яригдаад эхлэхээр туйлшрал гарч ирсэн. Эрх гэдгээ ойлгоогүй. Уг нь хүний эрх гэдэг нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлдэг. Иргэн тэр боломж нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг. Төр ч бас бүрдүүлэхэд оролцдог. Энэ боломж нөхцөл алдагдвал хүний эрхийн зөрчил болдог. Эрх зүй, эдийн засаг, улс төрийн баталгаа байж сая эрх, эрх чөлөө хэрэгждэг. Тэгэхээр эрх, эрх чөлөө гэдэг хариуцлагыг давхар агуулсан. Миний эрх, эрх чөлөө чиний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Энэ бол хатуу зарчим.

Тэгэхээр өнөөдөр нийгэмд хүний эрх, эрх чөлөө гэдгийг арай өөр байдлаар ойлгодог болсон. Нэг хэсэг та нар эрх хүүхэд байлгалаа гэдгээ больж энэ чинь бас зайлшгүй хүн байгаа газар шаардах ёстой юм байна шүү гэдгээ монголчууд мэддэг боллоо. Төрөөс, төрийн албан хаагчдын зүгээс, нийгмийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгааг найман настайгаас наян настай буурал хүртэл мэддэг болсон. Намайг 2010 онд ажил авахад жилд 200 гаруй өргөдөл гомдол хүлээж авдаг байсан. Одоо 600-700-г авч байгаа. Хяналт шалгалтын тоо өссөн. Тэгэхээр ХЭҮК өнгөрсөн хугацаанд энэ уур амьсгалыг бүрдүүлж чадсан байна. Дээр нь нэг зүйл хэлэхэд, манайд ажиллаж байгаа залууст хүний эрхийн мэдрэмж, мэдлэг, боловсрол, хандлага бүрэн сууж чадсан.Том капитал манайд байгаа юм гэж боддог.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2020 оныг улираая!

-ФЕЛЬЕТОН-

НЭГ. ИЛҮҮ ЖИЛТЭЙ ЗУУН

Бидний 2020 оныг “Ковид-19” юу ч биш болголоо. “Токиогийн 2020” олимп “Токио 2021” болж таарав. Япон хүнийг хүртэл амнаас нь буцааж, худлаа хэлүүлнэ гэж юу гэсэн үг вэ, таминь? Дэлхий дахины хувь заяаг G7 шийддэг байсан бол одоо C19-ийн гарт шилжиж байна.

Харин тийн, харинтийн тавиад хамаг баярыг маань оромдуулчихлаа. Хулгана жилийн Цагаан сар, Март, Цэргийн баяр, аягүй бол “4 сарын 1”… хоолой зангираад цаашаа тоолж чадахгүйнэ ээ…“Нэгэнт өнгөрсөн баяруудаа санахаар хүрэл зүрх байтугай хүрэл сүх ч хайлна”

…Уучлаарай, энэ толбыг арччихаад цааш нь уншаарай. Коронавирус нулимсаар дамждаггүй юм шиг байна лээ. Эмч нар нусаа нийж, найтааж байгаа хүнээс болгоомжлоорой гэсэн атлаа уйлж байгаа хүний талаар юм хэлээгүйг бодоход.

Гэвч“Зовлонгийн араас жаргал дагана, Зомбигийн араас муми гэтнэ”гэгчээр бидэнд энэ бүхнийг туулах сэтгэлийн тэнхээ байгаа. “Асуудлын ард шийдэл явдаг, авгайн ард үглэлт дагадаг” ч гэж манайхан ярьдаг.

Иймээс алдагдсан баяр, цүүлсдсэн нийллэг, пад харласан паари-гаа нөхөх сайхан санаа надад байна.

Хойтонг дахиад 2020 он болгох санал.XXI зууны 20 оныг хоёр дараалан тоолно гэсэн үг. Илүү сартай зун гэдэг шиг “илүү жилтэй зуун” гэсэн үг. Хоёрдугаар сар нь 29 хоногтой өндөр жилийн адил 20 он нь хоёр давхарласан “өндөр зуун” байж болно гэсэн санаа.

Коронагаас болж алдсан цаг боломжийг ингэж л нөхнө. Яахав дээ, Дорнын тоололд зарим өдрүүд давхцаж, эсвэл дундаасаа бүлтэрч алга болдог шиг зүйл. Илүү жилтэй зуун байж яагаад болохгүй гэж.

Бас, муу сурвал анги улираадаг байсантай зүйрлэж ч болно. Хүн төрөлхтөн “Ковид-19”-ийн “он дэвших шалгалт”-д ташраараа унаад анги улирсан гээд бодчихъё!

Календариа тэгшитгэхийн тулд 2021 оныг хасаад 2020 оныхаа араас 2023 оныг залгуулж болж байна. Энэ санааг манай Ерөнхийлөгч дэмжиж таарна. Жил нь алгасагдчихаар тэр үед болох учиртай Ерөнхийлөгчийн сонгууль ч юу яаж таардаг юм байгаа биз дээ.

Зарим хүн энэ саналыг буруушааж “цаг хугацааг ухрааж болохгүй” хэмээн эсэргүүцэж харагдана. 2020 оныг улираах санал нь цаг хугацааг ухраасан хэрэг огоот биш. Харин “Цаг хугацааны суналтын онол”-ын жишээ. Орон зайд цаг хугацаа эрзээн шиг сунадаг, бас агшдаг, мултарвал харвадаг тухай шинэ онол. Сүүлийн үед, хэтэрхий сунгаснаас болж мулт үсэрч, чавхдсан цаг хугацаа огторгуйг цоо цохисноос “хар нүх үүссэн” гэх таамаглал гарсан байдгийг сануулах юун. Багадаа дүрсгүйтэж, чавхаар айлын цонх хага харваж байсан хүүхдүүдийг “Тухайн огторгуйд хар нүх үүсгэж байсан хэрэг” хэмээн тэр профессор үзсэн байдаг.

Цаг хугацааны суналтын онолыг энгүүнээр “турсикний онол” гэх нь ч бий. Профессорууд энэ онолыг тайлбарлахдаа, оюутнуудын турсикний эрзээн дээр жишээ авдаг байснаас үүдэж тэгсэн байна.

2020-ийг дахихаас үүдэн нас сүүдрээ хэрхэн тоолох тал дээр маргаан гарч байна. Энэ хэцүү юм биш. Манайхан “хий настайгаа төд” хэмээн хэлдэг аргыг хэрэглээд “Календариар бол тийм, хий настайгаа бол ийм” гээд хоёр нас хэлж болно. Ер нь манай орон дэлхийн анхны “албан ёсны хоёр давхар настай улс” болоод Гиннесийн номд орохыг хэн байг гэх вэ?

Эсвэл энэ жил хүрсэн насаа хоёр улираан хэрэглэж ч болох. Ухаандаа, бүсгүй та гуч хүрэлгүй гацаад, хоёр жил дараалан 29 настай байвал гоё уу?

Ер нь бол би “Хүн бүр өөрийн таалагдсан насаа сонгож хэрэглэх эрхтэй” гэж үздэг болохоо энэ дашрамд илэрхийлье. Юмыг яаж мэдэх вэ, намайг гишүүн болгочихвол “Иргэн бүр өөрийн насыг сонгох эрх”-ийг хуульчилна гэж боддог. Та иргэний паспортон дээр хүссэн насаа тэмдэглүүлээд л болно гэсэн үг.

Хэрвээ, 2020 оныг улираах саналыг НҮБ дэмжвэл Токиогийн олимп ч хойтон, гэхдээ товлосон 2020 ондоо багтаж болно. Гол нь Монголчууд бид хулгана жилийнхээ цагаан сар, маарт, цэргийн баяр, Балинтойн бүгдийг нь нөхөөд хийчихнэ. Хулгана жил гэснээс энэ жаран маань “хулгана давхацсан жаран” болох гээд байна. Давхцах ч яахав, жаран маань 61 жилтэй байж таарахгүй учраас нэг жилийг дундаас нь “аних” хэрэг гарч байна. Зуд турхан чинь мичин жилд голдуу таардаг бил үү, айн?

ХОЁР. АСУУМЖ БАХАРИУЛАМЖ

Ерийн үед хүмүүс асуултад хариулдаг байсан бол Онцгой байдлын үед бид “асуумж” бөглөх хэрэг гарч байна. Захирамж, санамж гэдэг шиг эрх мэдэл шингэсэн асуулт. Асуумж бол онцгой байдалд орсон асуулт юм. Асуумжид жирийн байдлаар хариулахын оронд “хариуламж” үйлдэх учиртай.

Тээврийн товчоон дээр цагдаа зогсоогоод “асуулт” тавибал зүгээр л шалгаж байгаа хэрэг. Харин “асуумж” гаргаад ирвэл Онцгой байдал гарчээ гэсэн үг. Цаашдаа, цагдаагийнхан Онцгой байдлын мэндчилгээтэй болоод “Амрамжийг эрье” гэдэг болох юм гэсэн. Хэрвээ, цагдаа нь ингэж мэндэлбэл та “халуурамж бий эсэх”, “хэнтэй нэгдүгээр зэргийн хавьтамж болсон” зэргээ сэргээн санах хэрэг гарна.

Монгол судлаачид ч гэсэн “мж” хоёр үсгийг цаашид “Онцгой байдлыг гийгүүлэгч” нэрээр монгол хэлний дүрэмд оруулж, жийрэглэж орсон эгшгийг гээхгүй бичин “Зөв бичлэгийн хүндэтгэл” үзүүлэх болсон гэдэг. Цаашдаа, сурах бичигт “Эгшигт долоо”, “Заримдаг ес”, “Онцгойн хоёр” гэхчлэн орно. Ер нь бол Онцгой байдлын үед хууль үйлчлэх үү, хуулимж хэрэгжих үү гэдгийг ч бодох цаг болжээ.

Улмаар, “Онцгой байдлын гийгүүлэгч”-ийг Онцгой байдал тогтоосон үед, нэр үгүүдэд нэмж оруулж байх болжээ. Жишээлэхэд, Тэргүүн шадар сайдыг “Тэргүүмж Шадарамж сайдамж” гэхчлэн. Харин хүнийх нь нэрийг хэрхэх эсэх дээр тодорхойгүй. Хэрвээ чингэвэл, манай хэнийг Энхтүвшимж гэх болж байна.

Харин, “Эрүүл мэндийн яамамж” гэх үү, “Эрүүлэмж, мэндэмжийн яам” гэвэл зүгээр үү гэдгээ хараахан шийдээгүй байгаа ажээ.

Өдгөө 11 цагт хийдэг мэдээллээ цаашид “мэдээлэмж” болгохыг үгүйсгэхгүй гэнэ. “Онцгой гийгүүлэгчийн үе”-д үед янз бүрийн сонин явдламж их гарч байна. Манай тусгаарлах байрамжид байгаа зарим хүн зохимжгүй авирламж гаргасан мэдээлэл их гарч байна. Зарим нь хооломжиндоо голомж үзүүлсэн ч гэх шиг. Идэмжээ голоод зогсоогүй өгсөн талхыг нь эмчийнхээ нүүрэмж рүү шидэмж хийсэн ч гэх шиг. Бас мөөгтэй хооломж өглөө гээд уйламж үйлдсэн явдал ч гарчээ.

Бүүр “ийм оромжин дээр унтамж хийхгүй” гээд загнамжилсан ч дуулдав. Эмч нар нь хөөрхий “ Та нар ямар, зочломж хийж байгаа биш дээ” гэсэн тайлбарламж хийсэн гэнэ.

Тусгаарлалтаас гарсан нэг этгээд гэртээ өөртөө тусгаарламж хийх зааврыг зөрчиж гэнэ ээ. Цэвэр усаар уумж хийхийн оронд архи хэрэглэж, согтомж үзүүлсэн ноцтой зөрчил гарчээ. Ингэмж хийж яаж болох билээ, таминь!

31.03.2020

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Одоогийн Засгийн газар огцрохгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Засгийн газартай холбоотой зүйл, заалт хэрэгжиж эхлэхээр одоогийн Засгийн газар огцрох уу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө байгуулагдсан гэдэг утгаараа Засгийн газар тавдугаар сарын 25-наас хойш эрх зүйн чадамжтай байх боломж бий юү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт (ҮХНӨ)-ийг УИХ таван сар гаруй хугацаанд хэлэлцэж 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр баталсан. Үндсэн хуульд үндсэндээ 30 орчим хувийн өөрчлөлт орсон. ҮХНӨ-ийн хамгийн том өөрчлөлт нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцитэй холбоотой харилцааг зохицуулах өөрчлөлтүүдээс гадна засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагатай холбоотой шүүх эрх мэдлийн бүлэгтэй холбоотой томоохон өөрчлөлтүүд орсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байх боломжийг хуулиар нээж өгсөн. Бусад Засгийн газрын гишүүдийн хувьд Их хурлын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хуулиар хориглосон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль таван зүйлтэй. Нэгдүгээр зүйлд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн төрлийн харилцааг зохицуулсан шинэ хууль гарах хүртэл тухайн төрлийн харилцааг зохицуулж байсан хуучин хууль тогтоомжоор тухайн харилцааг зохицуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Тиймээс одоогийн Засгийн газар огцрохгүй гэсэн үг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаатайгаар органик хуулиар дагаж өөрчлөх процессийн ажлууд УИХ, Засгийн газрын түвшинд хийгдээд явж байна. Эхний ээлжинд 11 том хуулийн өөрчлөлт хийгдэнэ. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний эрх зүйн байдлын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хуулиудыг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай байгаа. Өнөөдрийн (өчигдрийн)Засгийн газрын хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-ын даргад өргөн мэдүүлж байх шиг байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг ч мөн адил. Дээр дурдсан хуулиудын хуулийн төсөл боловсруулах ажил үндсэндээ цэгцэрч дуусах шатандаа орсон. Энэ хаврын чуулганаар эдгээр хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж батална.

-Эдгээр хууль батлагдах хүртэл ҮХНӨ-ийн заалтыг дагаж мөрдөхгүй гэсэн үг үү?

-Дээр дурдсан хуулиуд батлагдаад өөртөө үйчлэлээ заасан өдрөөс хойш тухайн харилцаанууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөрчлөгдөнө. Энэ бол өмнө нь манай Үндсэн хуулийн эрх зүйд байсан, тогтсон ойлголт. 1992 оны үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Үндсэн хуулиар Уи х 76 гишүүнтэй байна, дөрвөн жил тутам сонгогдоно. Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байна. Нэг удаа улирч сонгогдох эрхтэй. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд хуваагдана гэх мэт үндсэн хуулийн суурь харилцаануудыг зохицуулсан. Дагаж мөрдөх журмын хуулиар яг адилхан. Дээрх зохицуулсан харилцаануудыг үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор тухайн харилцааг зохицуулсан хууль батлагдах хүртэл өмнөх хуулиуд хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн зохицуулалтыг өөртөө тээж дагаж мөрдөх журмын хууль батлагдаж байсан. Жишээлбэл, 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хэрнээ анхны Ерөнхийлөгчийг 1993 оны зургадугаар сард тангараг өргүүлж байсан. Өөрөөр хэлбэл зарим хуульчдын ярьж байгаа шиг үндсэн хууль батлагдаад л Үндсэн хуульд дурдсан шиг харилцааг зохицуулдаг ойлголт байхгүй. 1993 онд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль батлагдсан. Тэр болтол Улаанбаатар хот дөрвөн районтойгоор 1993 он хүртэл явсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль нь 1992 оны хоёрдугаар сарын 12-нд үйлчилсэн ч засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль нь 1993 онд батлагдаж тухайн оноосоо эхэлж өөрчлөлт орж байсан. үндсэн хуультай холбоотой зохицуулалт бараг найман жил орчим үргэлжилсэн. 1999 онд Гэр бүлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль батлагдсан. Тэр болтол энэ хоёр хуулийг 1973,1974 онд батлагдсан БНМАУ-ын гэр бүлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулж байсан. Органик хуулиуд нь батлагдаагүй байхад шууд засгийн газар огцроод төрийг тогтворгүй байлгах нь хэнд ашигтай юм. ингэж үндсэн хуулийг гажуудуулж, буруугаар ойлгох нь зохистой зүйл биш.

-Ерөнхийлөгч 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Сонгууль хойшлуулахыг та дэмжиж байна уу?

-Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ талаар олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Бид намын дүрэмтэй, нэгдмэл удирдлагатай учраас сонгууль хойшлуулах тал дээр нэмж хэлэх зүйл алга. ОхУ-ын ард нийтийн санал асуулга хойшилсон тухай мэдээлэл гарсан. Солонгосын үндэсний ассамблейн сонгууль энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Сөрөг хүчин сонгуулиа хойшлуулъя гэх байр суурь илэрхийлсэн ч эрх барьж байгаа хүчин сонгуулийг цагт нь явуулахаар шийдсэн байна. итали, Испани улс шиг хүнд нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгууль хойшилно. Дайны болон онц байдал зарлагдаагүй тохиолдолд сонгууль хойшлогдохгүй гэж Ерөнхий сайд хэлсэн гэж ойлгож байгаа. хэрэв сонгууль хойшилбол бүтэн жилээр хойшлогдоно.

-Хуульч Б.Гүнбилэг Хууль зүйн сайд Ц. Нямдорж болон таныг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд хандсан байсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Би тэр мэдээллийг харсан. Сонгууль дөхчихсөн, нэр дэвших хүсэлтэй хүмүүс олонд танигдах, анхаарлын төвд орохын тулд хүний нэр төрийг гутаан доромжлох кампанит ажлын нэг гэж харж байгаа. Таван гишүүн жагсаал хийхэд тухайн үеийн Уих-ын дарга М.энхболдын өрөө рүү биднийг хутга шөвөгтэй орсон гээд сенсаци тарьж байсан. Дараа нь М.Энхболд дарга тийм зүйл болоогүй хэмээн мэдээллийг няцаасан. Ямар хүн гэдэг нь өөрийнх нь хийж байгаа үйлдлүүдээр харагддаг. Нам дээр миний тухай гомдол ирсэн зүйл байхгүй байна лээ. Сонгууль дөхөх тусам иймэрхүү хүмүүс их болно. зарим нь эздэдээ гоё харагдах гээд тэгж байгаа байх.

Би албан ёсоор хэлье. ЖДү-ийн зээлтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага хоёр жил гаруй шалгалт хийсэн. Надтай холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл байхгүй. Анхны тавилт нь таван гишүүн жагсаал хийж явахад АТГ-ын тухайн үеийн удирдлагуудаар ажиллаж байсан хүмүүсийн зохиомол тавилттай жүжгээр бидний нэр төрийг гутаах гэж явж байгаа хэлбэр. ЖДү-ийн зээлээс миний гэр бүл, хамаарал бүхий этгээд зуун төгрөг ч аваагүй. Би шүүх, хууль хяналтын байгууллагыг шүүмжилж, шударга бусын хонгилыг нураая гэж хамгийн тогтвортой дуугарч яваа хүний нэг. хэрвээ ЖДү-ээс зээл авсан бол надад дургүй хууль хяналтын байгууллагынхан аль хэдийнэ хонгил руугаа чирээд оруулчих байсан байлгүй.

-Коронавирус цар тахлын энэ үед улс орнууд эдийн засагтаа анхаараад эхэлсэн. Манай улсын хувьд эдийн засагтаа ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-эдийн засгийг аврах ЖДү төдийгүй бүх ААН байгууллагуудын бизнесийг дэмжих чиглэлээр засгийн газар илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулах байх гэж бодож байна. Саяхан Ерөнхий сайд долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж хэлсэн. үүнээс гадна Уих-ын дарга Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Арил-жааны банкуудтай хамтарч бизнес эрхлэгчдийн зээлийг хойшлуулах, цаашид нэмж яаж зээл нэмэгдүүлэх талаар Монголбанкны удирдлагуудтай ярилцахад миний бие даргын зөвлөлийн гишүүний хувьд оролцсон. Арилжааны банкуудаас хоёр хүсэлт тавьж байгаа. зарим банкууд нь муудсан зээлтэй хүмүүст дахиж зээл авахад нь баталгааг төрөөс гаргаж өгөөч ээ гэж байгаа юм. Хоёр дахь нь арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлээч ээ гэх хүсэлтүүд тавьсан. 2019 онд Уи х арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль баталсан. Энэ хуулиар хоёр үндсэн арга бий.

Арилжааны банкуудын хувьцааг төр барьцаалах замаар дахин хөрөнгөжүүлэх нэг арга бий. хоёрдугаарт, арилжааны банкуудын активыг барьцаалах замаар дахин хөрөнгөжүүлэх боломж бий. Монголбанкны ерөнхийлөгч 10 хувийн хүүтэй актив барьцаалсан зээл олгоход татгалзах зүйлгүй гэдгээ арилжааны банкны удирдлагуудад илэрхийлсэн. зээлийн хүүг тэг болгох эх үүсвэр манайд одоохондоо байхгүй.

үүнийг далимдуулж хямралын үед олон түмний санаа бодлыг төөрөгдүүлж хий хоосон улс төр хийхээ болих хэрэгтэй. Одоо бидний хувьд нэн яаралтай алт хөтөлбөр, зэс төмрийн хүдэр, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх түүнийг түшиглэсэн бусад бизнесээ дэмжих ХАА, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох ажлууд хамгийн чухал асуудал. Улс төр бол дараа, дараачийн асуудал.

Categories
мэдээ цаг-үе

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Сүүлд Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ банкуудын эрүүл мэндэд халгаатай шийд гаргаж магадгүй шүү гэчихлээ. Банкууд үнэхээр сэтгэлгүй хандаад байна уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрчих шиг болсон. Арилжааны банкууд тахлын эдийн засгийн үед яаж ажиллаж байна, харилцагчдадаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Банкуудын хувьд зарим зээлийг хойшлууллаа, нэмэгдүүлсэн хүүгээ тэглэлээ гэх мэтээр зарлаад байх шаардлага уг нь байхгүй. Улстөрчид биш учраас тийм шаардлагагүй л дээ. Нээлттэй, ил тод зарлаад явах нь нөгөө талдаа сөрөг үр дагавартай. Орлоготой, цалинтай хүмүүс зээлээ хойшлуулах гэх мэт нийгмийг хамарсан үзэгдэл гаарах эрсдэл бий. Яах аргагүй хүндрэлд орсон хүмүүстэйгээ ярилцаж тухай бүрд нь шийдлүүд гаргаад явж байгаа. Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө хийгдэж эхэлсэн ажил. Нэмэгдэл хүү, шимтгэл, торгууль авахгүй явъя гэх мэт шийдлийг хоорондоо тохирчихсон. Ерөнхий сайдын мэдэгдлээс хойш гэхэд л долоо хоногийн дотор 14 мянган аж ахуйн нэгжийн 686 гаруй тэрбумын зээл дээр бүтцийн өөрчлөлт хийлээ. Харилцагч бүрийн нөхцөл байдалд тохирсон шийдэл олсон гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд амаар гарсан шийдвэрийг шууд дагах боломж одоогоор бүрдээгүй байна. Амаар хэлсэн шийдвэр цаасан дээр буугаад бидэнд ирэх ёстой. Энэ сарын 18-нд зарлаад 19-нийх нь орой бичиг ирсэн. Тэр бичгийг нь уншихаар тодруулах зүйл их байх жишээний. Хэрэглэгчийн зээлд ямар зээлүүдийг багтаах гэх мэт нарийн ширийн асуудлууд бий. Монголын банкны холбооны хувьд Монголбанк, арилжааны банкуудын дунд зохицуулалт хийдэг байгууллага. Аль аль талд нь хүндрэл бийг ойлгож байгаа. Нэг талд улс төрийн шийдвэр гаргаад түрүүлээд зарлачихдаг, нөгөө талд Монголбанк хоорондоо уялдаа холбоотой шийдвэр гаргах хэрэгтэй болдог л доо. Банкууд ойлголтоо нэгтгэж, нэгдсэн тохиролцоонд хүрснээ цаасан дээр буулгаж Монголбанк руу явууллаа. Тушаалаа хэрэгжүүлэх зөвлөмж ирүүлээч гэсэн хүсэлт явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ хариу ирээгүй ч бид харилцагчидтайгаа ажиллаад явж байгаа. Дахин хэлэхэд аман шийдвэр албажиж хэрэгжихэд тодорхой хугацаа шаардлагатай.

-Хэрэглээний, ипотекийн зээлтэй хүмүүс их хандаж байгаа гэж дуулдсан…?

-Хэрэглээний зээлийн дийлэнхийг гуравхан банк өгдөг. Нэгэн зэрэг хандчихаар ачаалал ихсэх нь ойлгомжтой. Ипотекийн зээл гэхэд Монголбанк, МИК, банкууд хооронд дамжсан гэрээнүүдтэй, гэрээн дээр нь үндэслээд үнэт цаас гаргасан гэх мэтээр тайлбарлавал тун түвэгтэй бүтэцтэй. Процесс нь үргэлжилж байгаа учраас өнөө хүртэл шийдэл нь гараагүй яваа. Зохих түвшиндээ уулзаж ярилцсаны эцэст шийдэл гаргаад банкуудад мэдэгдэх байх.

-Ингэхэд арилжааны банкууд хэчнээн хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Банкны салбар 55 хууль, 69 журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид хямралын үед эдийн засгаа дэмжихэд ийм арга хэмжээнүүд авах шаардлагатай байна гээд УИХ-ын дарга, Сангийн сайд, Монголбанкинд тодорхой 26 санал явуулсан. Үр дүнд нь хоёр журамд л өөрчлөлт ороод байна. Сүүлд нь нэмэлтээр тэр шийдлээ дагасан хоёр журамд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл банкуудын 26 саналаас дөрвийг нь хүлээж авсан гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, банкууд батлагдаад хэрэгжиж яваа 69 журамд хүлээтэй хэвээр байгаа. Шинэ журмын хувьд зээлийн хугацааг нь сунгасан тохиолдолд ангилахгүй байх эрхийг банкуудад өгсөн. Гэхдээ ерөөсөө битгий ангил ч гээгүй. Монголбанкнаас гаргасан Активын ангиллын журмыг харахаар өөр бусад журмуудад захирагдаж байгаа. Жишээ нь банкууд хэрэглээний зээлийг 30 сараас илүү хугацаанд олгож болохгүй гэх мэт маш олон заавар журамд хүлээтэй байдаг. Тэгэхээр тэр бүх журмыг мөрдөнгөө одоо олгож буй боломжийг яаж ашиглах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Ийм асуудлууд байхад нийтээр нь хамруулж, бүр зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулсан ч юм шиг ойлголт нийгэмд яваад байна л даа.

-Хоёр хуулийн этгээд гэрээ байгуулчихсан үед төр хөндлөнгөөс оролцож зээлийнхээ хугацааг хойшлуул, хүүг нь тэглэ гэж шаардах нь зах зээлийн нийгэмд байж болохгүй хандлага л даа…?

-Санал нэг байна. Хоёр тал хоорондоо тохиролцоод шийдэж чадахгүй тохиолдолд шүүх асуудлыг шийддэг дүрэмтэй. Банкууд зээлдэгчдээ харж үзээд, төр засгийнхаа шийдвэрийг дэмжээд ажиллаж байгаа. Бид зээлдэгчидтэйгээ олон жил хамтарч ажиллаж яваа. Хүмүүс нэг удаа зээл аваад яваад өгдөггүй. Зээлийн харилцаа эргэх холбоотой явагддаг. Зээл олгогч, зээлдэгч хоёр бол хамтрагчид. Хамтрагчид бие биенийхээ асуудал, зовлонг ойлгоод явах нь жам шүү дээ.

-Шулаачид энэ тэр гээд банк руу хандсан сөрөг сэтгэгдлүүд сошиалд нэлээд харагдах боллоо. Банкууд руу ингэж хандах ямар нэг шалтгаан зээл авсан хүмүүст байгаа юм болов уу?

-Зээл авч, банктай байнгын харилцаанд ордоггүй хүмүүсийн бодол юм уу, эсвэл зарим том зээлдэгчийн зүгээс энэ асуудлыг далимдуулаад турхираад суугаа ч юм уу бүү мэд. Шалтгааныг нь нарийн мэдэхгүй байна. Эрүүлээр харсан хэнд ч банк дайсан гэж харагдахгүй гэдгийг л мэдэж байна. Банк иргэдийн хувьд төлбөр тооцоо, гадаад руу мөнгөн гуйвуулга хийх гээд өдөр тутмынх нь амьдралынх нь салшгүй хэсэг болчихсон. Үнэтэй зүйлийг нь хадгалах үйлчилгээ үзүүлж, мөнгийг нь хадгалаад хүү өгч, бизнесийг нь дэмжих зээл өгч байна. Товчхондоо иргэдэд маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрын нэг нь банк. Банк үнэхээр иргэдэд халтай газар байсан бол иргэд ийм олон төрлийн үйлчилгээ авъя гэж хандахгүй шүү дээ.

-Нөгөө талд банкууд ямар зардал гаргаж энэ зэрэгтэй хөгжсөн бэ гэсэн асуудал орхигдоод байдаг л даа. Жишээ нь ухаалаг утастай бол банк орох шаардлагагүй болчихсон. Технологийн чигийн том хөрөнгө оруулалт хийдэг ганц салбар нь бараг банк байж магадгүй. Банкууд IT чигт хэр хөрөнгө оруулалт хийдэг талаар тодорхой тоо бий юу?

-Би саяхныг хүртэл олон улсын байгууллагад эдийн засагчаар ажиллаж байсан юм. Эдийн засагчийн нүдээр харахад Монголд олон улсын түвшинд гараад явахад бүтээгдэхүүн нь бэлэн болсон салбар бол банк, санхүү, санхүүгийн технологийн салбар болчихоод байгаа. Банкууд технологийн хөгжилдөө жилд 260 тэрбум төгрөг зарцуулж байна. Банкны салбар үйлчилгээгээ иргэдийн гарт нь, гэрт нь хүргэхийн төлөө жилд 100 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Жилд энэ хэмжээний мөнгийг IТ-д хөрөнгө оруулалт хэлбэрээр хийдэг өөр салбар байхгүй. Шуудхан хэлэхэд Монголын IT-ийн хөгжлийг банкны салбар чирч яваа. IT-гийн залуус банкинд үйлчилгээ үзүүлж яваад бие даасан бүтээгдэхүүнүүд гаргаад эхэллээ. Зарим нь бүр олон улсад гарчихлаа. Онлайн зээлийн үйлчилгээ л гэхэд банкны хорь гаруй жилийн зээлийн түүхийг багтаасан Зээлийн мэдээллийн санд суурилж, зээлсэн мөнгө нь аль нэг банкны дансанд орж байна. Тэгэхээр банкны салбар IТ-гийн салбарын дэлхийн хэмжээний хүний нөөцийг бэлдэхэд том нөлөө үзүүлсэн гэсэн үг. Банкууд энэ мэтээр бусад салбарын хөгжилд ч нөлөө үзүүлж яваа. Монголын банкны салбарын хувьд ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад хол тасарч цойлсон.

-Манай банкны салбар олон улсад, жишээ нь өндөр хөгжилтэй орнуудын банкны салбартай жишвэл хаахна нь яваа бол?

-Өндөр хөгжилтэй орнуудыг ч даваад явчихсан. Жишээ нь Америкт банкнаас банкны хооронд гүйлгээ хийх ямар түвэгтэй гэдгийг тэнд амьдарч байгаа хүмүүс яриад өгнө. Өдрийн тодорхой цагуудад гүйлгээ нь хийгддэг, шимтгэл хураамж нь өндөр, чек гэх мэт хоцрогдсон хэлбэрээр төлбөр тооцоо хийгдсэн хэвээр яваа зэрэг олон асуудал бий. Монгол шиг 24 цагаар багагүй хэмжээний мөнгийг гар утаснаасаа тэр даруй шилжүүлдэг орчин нийт гүйлгээний 99 хувьд хүрсэн орон ховор. Тавхан жилийн өмнө хөдөөний малчин хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гээд сумын төв рүү давхидаг байсан бол одоо тэс өөр болсон. Сургалтын төлбөр шилжүүлэх гэж бүтэн өдөр алдахаа болино гэдэг малчин хүний хувьд маш том өгөөж.

-Хамгийн их улстөрждөг сэдэв бол зээлийн хүү. “COVID-19” цар тахлын үед улстөржилтийн бүр том сэдэв болчихлоо. Зээлийн хүү буулгах бодит боломж гэвэл та юуг онцлох вэ, хүү буурахгүй байгаад нөлөөлж буй ямар шалтгаанууд байна?

-Зээлийн хүү буурахгүй байна гэж ярьсаар ирсэн л дээ. Яг үнэндээ зээлийн хүү маш хурдацтай буурч байгаа. Одоогоос гурав, дөрөвхөн жилийн өмнө банкны хүү гурав, дөрвөн хувь байна гэж ярьдаг байсан юм. Монголчууд зээлийн хүүг сараар ярьдаг байсан. Гэтэл одоо жилээр ярьдаг болчихсон, 16, 17 хувь байна гээд. Ерэн оны эхэнд зээлийн жилийн хүү 300 гаруй хувьтай байсныг өнөөдөр хэн ч санахгүй. Тэр үеэс хойш тогтмол буурсаар байгаад өнөөдөр 16 хувь дээр ирчихсэн. Банкны ашиг, марж олон улсын түвшинд очсон. Бараг олон улсын түвшнээс доогуур байгаа. Бид зээлийн хүүг улс төрийн ямар ч эрсдэлгүй, бизнесийн орчин нь тогтвортой, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулж жишээд байдаг. Жишээ нь Японы эдийн засаг мөнгөөр хахчихсан. Тийм учраас банк нь эдийн засгаа хөгжүүлж өсгөх зорилгоор мөнгө хийх гээд “Та нарыг зээл авсны чинь төлөө мөнгө өгье” гэж байна. Гэтэл бизнесийнхэн нь “Бидний орлого хангалттай, мөнгө хэрэггүй” гээд сууж байгаа. Ийм улстай Монголын эдийн засгийг зүйрлэх нь хэт өрөөсгөл хэрэг л дээ. Үнэхээр харьцуулмаар байвал өөрсөдтэйгөө адил төвшний орлоготой, эдийн засаг нь уул уурхайд суурилсан оронтой жиших хэрэгтэй. Ижил төвшний улсуудтай харьцуулбал манай зээлийн хүү боломжийн түвшинд ирчихээд байгаа. Зээлийн хүү бол барааны үнэтэй адилхан. Мөнгөний л үнэ цэнэ. Өөрөөр хэлбэл, Монголд мөнгөний үнэ цэн арай өндөр байна. Хар үгээр тайлбарлавал эрэлт нь байгаад байна гэсэн үг. Эрэлтийг нь хүссэн хэрээр нь хангаад их мөнгө нийлүүлвэл инфляци хэцүүднэ, өссөн инфляци хадгаламжийн хүүг өсгөх эрсдэлтэй. Инфляци өсөхөөр төв банк бодлогын хүгээ өсгөж зах зээлээс мөнгөө татах бодлого явуулахаас аргагүйд хүрдэг.

-Монголын эдийн засагт их мөнгө нийлүүлэхээр иргэдийн тансаглал нэмэгдэж инфляци хөөрөгдөх эрсдэл гардаг гэсэн байр суурь ч сонсогддог шүү?

-Их мөнгө нийлүүлэхээр инфляци өсч, валютын ханш нэмэгдчих эрсдэлтэй учраас төв банк зохицуулалт хийхээс аргагүйд хүрдэг юм. Бодлогын хүүг огцом бууруулахгүй гээд байгаа нь тийм учиртай. Манайх чөлөөтэй хөрвөдөг эдийн засагтай. Ам.доллар, төгрөгийн өгөөжийг адилхан харж байх ёстой. Хэрвээ ам.доллараас өндөр өгөөжтэй төгрөг байхгүй бол хүмүүс доллар руу төгрөгөө хөрвүүлчихнэ. Засгийн газар олон улсын зах зээл дээр таван хувийн бонд гаргалаа гэж төсөөлье. Тэгвэл банкинд мөнгөө хадгалуулснаас засгийн бондыг авахыг илүүд үзэх нь тодорхой. Төгрөгийн үнэ цэнийг хадгалж байж хүмүүс долларын хадгаламжийг биш, төгрөгийн хадгаламжийг сонгоно. Доллар хаана ч хөрвөдөг валют. Хэрвээ гаднаас мөнгө оруулж ирье, эдийн засгаа тэлье гэж байгаа бол өгөөж нь бусад орныхоос өндөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банкууд арай ахиу хүүтэй байж гаднаас доллар оруулж ирнэ. Бага хүүтэй бол хэн ч хүүгийн адил төвшинтэй эрсдэл багатай улсад мөнгөө хийхийг бодох нь тодорхой.

-Эрсдэл ихсэх хэрээр хүү өсдөг гэдэг утгаар хэлж байна уу?

-Яг тийм. Монголын хувьд эрсдэл өндөртэй улс. Эдийн засгийн бодлогоо зөв хэрэгжүүлж, улстөрчид нь эдийн засгаа бужигнуулдаггүй бол манай улсын эрсдэл буурах байсан. Монгол дажгүй улс гэсэн имиж бүрдээд эхэлбэл хямд эх үүсвэрээр мөнгө өгөх гадны хүмүүс нэмэгдэх нь тодорхой. Долларын хүүгийн хэмжээ Монголын эрсдэлийг харуулж байгаа гээд ойлгочихож болно. Долларын хүүгээс ахиулж байж төгрөгийн хадгаламжийн хүү тогтдог.

-Төгрөгийн хадгаламжийн хүүнд эдийн засгийн орчин, улстөрийн тогтвортой байдлаас гадна төгрөгийн ханшийг долларын үнэ цэнээс огцом унагахгүй байхаас аргагүй нөхцөл ч нөлөөлдөг гэж ойлголоо…?

-Таны онцолсон зүйлс төгрөгийн хадгаламжийн хүүнд нөлөөлдөг гол шалтгаанууд. Өөр ч олон шалтгаан бий.

-Банкуудын өгдөг зээл яг ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг хувь хэмжээгээр нь сонирхуулаач?

-Банкны өөрийн хөрөнгө 16-17 хувийг эзэлдэг. Үлдсэн нь бусдаас авсан мөнгө. Өөрөөр хэлбэл, банк бол бусдаас мөнгө авч бусдад зээлдэг зуучлалын байгуулага. Өөрийн хөрөнгө нь банкны эздийн мөнгө. Банкны бусдад өгсөн зээл эрсдэлд орвол эздийн мөнгөнөөс хураадаг. Тэр зохицуулалтыг хийдэг газар нь Монголбанк. Дахиад хэлэхэд банкны эх үүсвэр нь хүнээс авсан мөнгөнөөс бүрддэг. Тодорхой хувь нь хадгаламж, тодорхой хувь нь харилцах байгаа. Гадаадаас авсан зээл, аж ахуйн нэгж, сангуудийн байршуулсан мөнгө гэх мэт олон эх үүсвэр бий. Энэ эх үүсвэрүүдээс хүүгийн дундаж гарч ирдэг юм.

-Нийт хадгаламжийн бараг 90 гаруй хувь нь цөөн хүнд хамаардаг гэсэн мэдээлэл бий. Жишээ нь, зээлийн хүүгээ бууруул гэж шаардаж яваа улстөрчид өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчдэд багтдаг гэх мэдээлэл чих дэлсдэг. Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид буюу улстөрчид хадгаламжийн хүүнээсээ татгалзах уриалга гаргаад эхэлбэл зээлийн хүү буурах бодит шалтгаан болно гэж ярих эдийн засагч мэр сэр таарч л байна…?

-Хадгаламжийн хүүнээсээ татгалзах нь хувь хүний хэрэг. Хадгаламж гэдэг бол хоёр талын хооронд байгуулсан гэрээ. Банкуудын хувьд дур мэдэж гэрээгээ цуцална гэсэн ойлголт байхгүй. Цар тахал, ер юу ч болж байсан банкууд хадгаламж эзэмшигчидтэй тохирсон хүүгээ өгөх үүрэгтэй.

-Санхүүгийн салбарын хэчнээн хувийг банк эзэлж байна?

-90-ээд хувийг эзэлдэг.

-Энэ тооноос эдийн засаг банкин дээр тогтож яваа гэсэн зураг харагдаж байна, тийм үү?

-Тийм л дээ. Олон улсад санхүүгийн зуучлал хоёр тулгууртай явдаг. Нэг нь банк, нөгөөх нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй нь олон шалтгаантай. Одоогоор банкнаас өөр дөмөгхөн санхүүжилт хийчихээр бүтэц алга. Банкны салбарын актив Монголын эдийн засгаас давчихсан.

-Тэгэхээр банк бол эдийн засаг юм гэж хэлж болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Коронавирусийн цар тахлаас болж эдийн засаг хямарлаа гэж ярьж байна. Нөлөө нь эргээд банкин дээрээ л ирнэ. Банкны салбар хямралыг дагаад хүндрэх эрсдэл бий.

-Ингээд бодохоор эдийн засгаараа тоглож, эдийн засаг руугаа дайраад яваа үйл явдал улс төрд өрнөөд байгаа юм байна даа. Банкны салбар хямарбал хамгийн түрүүнд гарах сөрөг үзэгдэл нь юу вэ?

-Олон улсад хямралууд хэд хэдэн янз байдаг. Эхлээд бодит эдийн засаг нь хямардаг. Тэрийгээ дагаад санхүүгийн хямрал үргэлжилдэг. Санхүүгийн хямралаас үүдэж бодит эдийн засагт мөнгө нийлүүлэх явц гацдаг. Ингэснээр бодит эдийн засгийн хямрал гүнзгийрч нийгмийн хямрал нөмөрдөг. Ажилгүйдэл, ядуурал руу орчихдог л доо. Зарим хямрал нь санхүүгээсээ эхэлдэг. 2009 оны хямрал бол үүний тод жишээ. Одоогийн байдлыг харахад хямрал бодит эдийн засгаас эхэлж байна. Яваандаа санхүүгийн хямрал руу халтирах магадлалтай. Санхүүгийн хямрал даамжирвал нийгмийн хямрал болно. Нийгмийн хямрал эхэлбэл эрх баригчид хэцүүхэн сорилттой тулна. Эдийн засагчийн хувьд анзаарахад сууж байгаа мөчрөө хөрөөдөж яваа зураг л харагдаад байна. Банкны салбар унавал зээл байхгүй болж яваандаа эдийн засаг, нийгмийн хямрал руу хөтөлдөг.

-Банкууд руу чиглэсэн улстөржилттэй зэрэгцэж гадны банк орж ирэх нь зөв гэсэн мессэж хүчтэй дуулдаад эхэллээ. Эдийн засагчийнхаа хувьд гадны банк орж ирэх, ирэхгүй гэх асуудалд ямар байр суурьтай явдаг вэ?

-Гадны банк ороод ирэнгүүт хүү буурчихна гэж боддог. Тийм биш л дээ. Долларын эх үүсвэр хямд учраас гадны банк долларын зээлийг хямд өгч чадна. Одоо ч тийм зээл өгч байгаа. Bank of China гэхэд аж ахуйн нэгжүүдэд Хятад, Японы салбаруудаараа дамжуулж зээл өгч яваа. Долларын зээлийг бүгд өгч байгаа. Төгрөгийн зээл өгье гэхээр та бид хоёрын түрүүн ярьсан эрсдлүүдтэй нүүр тулна. Эрсдэл нь өсөөд явчихаар бага хүү тогтооно гэж байхгүй. Цаанаа доллар юм уу юаниар тооцоотой учраас доллар, юаниар хүүгээ аваад явах нь тэдэнд эрсдэлгүй. Жишээ нь Bank of China төгрөгөөр, тэр дундаа бүр иргэдэд зээл өгөөд сууна гэж байхгүй л дээ. Өнөөгийн байдлыг харахад Bank of China-гаас өөр банк Монголд орж ирэх сонирхолгүй байгаа. Эдийн засаг сайн байх үед гадны олон банк орж ирэх сонирхолтой байсан. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Саарал жагсаалтад багтсан Монголд орж ирэхийг хэн ч хүсэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярцэнгэл: Коронавирус аюултай шүү, бид эмзэг бүсэд байгаа шүү, хэрвээ тусвал амь насанд халтай гэдгийг мартчихаад байна

-КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙГООР ГЭР БҮЛҮҮД ХАМТДАА ХООЛЛОХ, ЗӨВ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗЭРГЭЭР ЭЕРЭГ ХАНДЛАГА БИЙ БОЛЖ БАЙНА-

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй бөгөөд нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр ажилладаг юм байна.


-Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш Монгол гэлтгүй дэлхий даяар олон зүйл дээр хандлагын өөрчлөлт гарч байна. Та нийгмийн сэтгэл зүй судлаач хүний хувьд энэ тал дээр ажиглаж байгаа байх?

-Гол өөрчлөлт харагдаж байна. манайхан бөөгнөрсөн, нүүдэлчний ахуйгаасаа салаагүй яваа ард түмэн. бүлгийн соёл өндөртэй. хэн нэгний үзэл бодолд автах сонирхолтой. Нэг хүн тухайн сэдвээр өнцөг гаргаж ирээд ямарваа нэг чиглэл рүү дайрахад тэр рүү нь уусч орох магадлал их. Нийгмийн сэтгэл зүй гэдэг хэн нэгэн манлайлж оролцож байж бусад нь даган дуурайж сэтгэл зүйгээ илэрхийлдэг. Нийгмийг хэн манлайлах вэ гэхээр, хүн өөрөөсөө нэг шат дээр байгаа хүнийг даган дуурайх хэв маягтай байдаг. Тухайлбал, эмнэлгийн, улс төрийн, олны танил ганц хоёр хүн сошиалд “тусгай үүргийн онгоц ирлээ шүү”, “эмнэлгийн хангамжийг, вареньтай талхыг шидээд байна шүү. энэ их буруу” гэнгүүт тэр постны дор “Ёстой таны зөв” гэж бичих хэмжээний бараг 100 мянган хүн байна. нийгэмд оролцоотой байгаа, энэ олны танил, сошиалд нөлөөлөөд байгаа хүмүүсийн байр суурь маш чухал болчихоод байна, Монголын хувьд. Фэйсбүүк, сайтууд хүний сэтгэл зүйг илэрхийлдэг болоод байгаа байхгүй юу.

-Өнөөдөр таныг ямар сэтгэл зүйтэй байхыг сошиал удирдаад байна гэсэн үг үү?

-“энэ хүүхэн надтай комментоор хэрэлддэг юм, энэ ингээд байдаг байхгүй юу” гээд мэдрээд сууж байдаг. Тэгэхээр сошиал гэдэг ямар аюултай гэдгийг үүнээс олоод харчихаж байгаа юм. Бид зүгээр л нэг гар утас, компьютерийн ард байгаад байгаа юм биш. чигээрээ нийгмийн харилцаанд оролцоод байна. өглөө бүр 11 цагт хийдэг мэдээллийн үеэр нэг дарга нь гарч ирээд “Манай эд нар талх шидэж байна. ингэж байгаа газар манайхаас өөр алга” гэж хэлэнгүүт тэрийг нь дэмжиж, сайшаах хүмүүс 50-иас их хувьтай болчихоор нийгмийн гадуурхал бий болчихоод байна.

Сошиал орчныг амьд биш харилцаа гэж бодож болохгүй болчихоод байна. Яагаад вэ гэхээр сэтгэгдэл, бичлэг, подкаст хэлбэрээр байсан ч гэсэн бүгд тэр бүгдийг сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж аваад байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор фэйсбүүк хэрэглээ буцалж байна шүү дээ. энэ бүхэн цаанаа амьд харилцаа шиг ноёлж байгаа учраас гар утасны ард, компьютерийн ард суугаа хүн бичих үгээ бодох хэрэгтэй болчихоод байгаа байхгүй юу. таны бичиж байгаа нэг пост, нэг коммент (сэтгэгдэл) чинь зүгээр нэг дагагчгүй энгийн нэг хэрэглэгчийн хувьд цаанаа 1000 хүнд нөлөөлж, тэр мянга нь цаашаа сөрөг юм илэрхийлээд давлагааг аваад нөмрөөд аваад явчих нөхцөл нь бүрдчихээд байна.

Харин бид энэ давлагааг ашиглаад юу хийж болох вэ гэхээр коронавирусээс сэргийлэх ёстой гэдэгт олны анхаарлыг хандуулах. Тэр тал дээр сүүлийн үед назгайрчихаж байгаа байхгүй юу. маскаа зүүхгүй байна. “Тэнд тусгаарлагдсан хүмүүс чинь хоол шидээд байна” гэж ярьцгаадаг мөртлөө коронавирус аюултай шүү, бид эмзэг бүсэд байгаа шүү, хэрвээ тусвал амь насанд халтай гэдгийг мартчихаад байна.

-Маск зүүх, гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй гэх мэт гол юмандаа анхаарлаа хандуулахгүй байна. Анхаарлыг нь өөр зүйл дээр төвлөрүүлээд байна гэж ойлгож болох уу?

-Анхаарлаа хандуулахгүй байгаа нөхцөлийг нь нийгмийн сэтгэл зүйг хөтөлж явах ёстой хэсгүүд маань буруу хийгээд байна. эмЯ-ны мэдэгдлүүд буруу байна. хүмүүсийн сэтгэл зүйд буруу үлгэр дуурайл өгөхөөр. иргэдийн оюун санааг буруу зүйлд давлагаалж авч явах хэмжээнд тийм сэтгэгдлүүдийг хэлээд байна. Тэр мэдэгдэл, мэдээллийг энгийн иргэд бид хэлсэн бол өөр хэрэг. нийгэм хэн нэгний ам нээхийг, юу гэхийг хүлээгээд давлагаалахад бэлэн байна. гэтэл тэр бэлэн давлагааг маш сөргөөр, буруу зүйл рүү чиглүүлснээс хүмүүс маскаа зүүхгүй байна. тайвширчихаад байна. Хэрэггүй юм руу анхаарлыг нь татчихаар яг чухал зүйл болох гараа угаах ёстой юм байна, нойлын өрөөндөө цэвэрхэн байх ёстой юм байна, ариун цэврээ сахия гэдэг юмаа мартчихаад байна. тэрнийхээ оронд тэнд хэдэн хүнийг хашиж байгаа тухайгаа яриад. ярьсан зүйлс нь сошиалд хэдэн зуун мянган хандалттай явж байгааг харж байгаа байх. Хүн болгон тэрний тухай лайв хийж, сэтгэгдлээ бичээд хүн болгон пост хийж байсан шүү дээ. гадны орнууд аюулд орж, мянга мянгаараа хүн үхэж байхад энд вареньтай талх шидсэн тухай эмЯ мэдэгдэл хийж, нийгмийн сэтгэл зүйг буруу жолоодоод байна.

-Монгол сошиал, фэйсбүүк хэрэглээгээрээ Азид тэргүүлдэг. Гэтэл коронавирусийн дэгдэлтээс хойш монголчуудын сошиал хэрэглээ улам хүчтэй, хурц байдалтай боллоо гэж хэлэх гэж байна уу?

-Маш хүчтэй байна. Нийгмийн сүлжээ нь харилцааны хэрэгцээг нь нөхөөд байна. Коронавирус дэгдсэнээс хойш, хүмүүс гэр гэртээ хөл хорионд байгаа. үүнтэй холбоотойгоор сошиал хэрэглээ нь ихэссэн. Ингэхээр хүмүүсийн бодит, бодит бус санаанууд их болж эхэлж байна. бие даасан хүмүүс тэр бодол санааг бий болгохгүй. манлайлагч, нийгмийн сэтгэл зүйг дагуулагч субьектүүд байна шүү дээ. ингэх ёстой, тэгэх ёстой гэж мэдээлэл, мэдэгдэл хийгээд байгаа хүмүүс буруу үлгэр дуурайл үзүүлж, тэнд тусгаарлалтад байгаа хүмүүсийн мэдээллийг хошин маягаар, инээдэм ханиадам болгож ярьж байна. Нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх субьектүүд нь буруу хэв маягаар ажиллаад байгаа байхгүй юу. нийтийн бодол санааг өөр зүйл рүү, хүмүүсийн нөхцөл байдалд чиглүүлсэн юм руу чиглүүлээд байна.

Урьдчилан сэргийлэх тал руу нийгмийн оюун санаа, давлагааг зөв явуулах ёстой. гэтэл нийгмийн тэр давлагааг буруу явуулаад байна. хүн болгон өөр өөр характертай, хүн болгон өөр өөр зан төлөвтэй. хүнд мөөгтэй шөл, орчин нь таалагдахгүй байж болно. тэр хүний амьдардаг орчин өөр байж болно шүү дээ. гэтэл тэр хүнийг өөр, ондоо байгаагийнх нь төлөө үүрэг хүлээлгэж, хариуцлагажуулах гээд тухайн хүний үнэт зүйл, зан төрх рүү хандсан мэдэгдэл хийж, түүн рүүгээ нийгмийн бухимдлыг чиглүүлж болохгүй.

-Хятадаас корона гарлаа гэхэд монголчууд хятадуудыг үзэн ядсан. Дараа нь Францын иргэнээс корона илрэхэд Францыг үзэн ядсан. Өчигдрөөс Туркийг үзэн ядаад эхэллээ. Үүнээс үзэхэд нийгмийн сэтгэл зүй нэг зүйл дээр төвлөрөхгүй байна гэж хэлж болмоор юм?

-Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй байна. Яагаад вэ гэхээр нийгмийн дийлэнх хэсэг нь боловсролгүй байгаатай холбоотой. тэр хүмүүсийг зөв жолоодож, нийгмийн манлайлал үүсгэх ёстой, зөв мэдээллийг зөв чиглүүлэх ёстой субьектүүд нь ажиллахгүй байгаа юм.

-Коронавирусийн халдварыг дагаад дэлхий нийтэд шинэ хандлагууд бий болоод байна. Шинэ өөрчлөлт ч гарч байна?

-Хэрвээ энэ вирус хамгийн эхэлж монгол хүнээс илэрчихсэн байсан бол өөрсдийгөө л хараах байсан. бидэнд өвлөгдөж ирсэн нийгмийн хэм хэмжээ, нийгмийн бодол санаа өөрчлөгдөхгүй байгаа нь нөгөө л боловсролгүй байгаатай холбоотой юм. жишээ нь, Манжийн үеийн юм ярьж, одоо болтол хятадуудыг муулдаг бодлоосоо салаагүй байдаг гэдэг нь эмгэнэл байхгүй юу. боловсролгүйн шинж. Улиг бодолтой байна гэдэг уншаагүйгийнх. нийгмийн харилцаанд дутмаг оролцдог, боловсрол гэдэг зүйлийг нийгмийн талаасаа хүртээгүй нэг хэсэг байгаад байгаа юм.

Харин боловсролтой, амьдрал ахуйгаа авч явж чадаж байгаа хүмүүс түүхээ уншчихсан, XXI зуунд бид өөрөөр амьдарна, нэг дэлхий дээр амьдарч байна, Ази гэж гаднах төрхөөрөө ижилхэн харагддаг хүмүүс гэдгээ ойлгох зэрэг соёлын тэр том боловсролыг ойлгочихоод байна. гэтэл боловсролгүй хэсэг анхдагч мэдэгдэхүүнээрээ, сургаар дуулсан юмаараа л Хятадыг үзэн ядаад байгаа соёлын аминч үзэл байна.

-Хөл хорионд орсноос хойш гэр бүлүүдийн уур амьсгал сэргэж байна, гэр бүлдээ хандах хандлага нь өөрчлөгдөж байна гэцгээж байна?

-Би үүнийг судалсан юм. Гэр бүлийн амьдрал, гэр бүл салалт, гэрлэлтийн тухай судалдаг. 1-2 хүүхэдтэй, 27-35 насны гэр бүлүүдийн хувьд хоолны ширээний ард бөөнөөрөө сууж хооллох тоо нь долоо хоногт гурав л байгаа юм. Яагаад ийм цөөн юм бэ гээд шалтгаануудыг нь тоочиход замын түгжрэл, бага насны хүүхдээ эмээ, өвөөгийнхөөс нь очиж авах зэргээр гэр бүл оройн цагаар цугларахад асуудал үүсээд байгаа юм байна л даа. Ингээд хоолны ширээний ард халуун ам бүлээрээ цугларч чаддаггүй. харин гайгүй цугларч байгаа нь зурагтын өмнө сууцгаадаг гэж хариулсан. 27 наснаас дооших, хүүхэдгүй гэр бүл нэг дор, хамтдаа хооллох магадлал өндөр.

Нэг хүүхэдтэй болоод ирэхээр хооллолтод нь өөрчлөлт ордог. дор дороо ажлаа хийгээд, ажлаа тарах гэж хамаг цагаа түгжрэлд үрээд, хүүхдээ цэцэрлэг, эсхүл харуулахаар үлдээсэн айлаасаа авах гэж мөн цаг алдана, бас хэн нэгэн нь гадуур хооллочихсон зэргээр гэр бүлээрээ хоолны ширээний ард цугларах нь маш бага юм байна. энэ бол 2019 оны дунд үед хийсэн судалгаа. тухайн гэр бүлүүдийн хувьд 27-35 насны гэр бүлүүдийн хувьд гадны хэн нэгний оролцоогүйгээр хүүхдээ өсгөж чадахгүй байна. Аль нэг талынхаа ээж аавынхаа туслалцааг авах, эсвэл нэг нь ажлаасаа гарах зэргээр асуудлаа шийдсэнээс болж нэгнийх нь нийгмийн харилцаа дутмаг болж ирэхээр гэр бүлийн асуудал үүсч эхэлдэг. тэгэхээр энэ хөл хорио ялангуяа дээр дурдсан насны залуу гэр бүлүүдийг хамтдаа байх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна. гэр бүлээрээ байх, хамтдаа нэг дор байх боломжийг олгосон. Нэг дор хооллох боломжийг бас олгож байна.

-Өмнө нь хөршөө, байрныхнаа, гудамжны айлуудаа огт тоодоггүй, тус тусдаа л аж төрдөг байсан бол хөл хорионд орсноос хойш бүгд нэг байр, нэг гудамж, нэг сум, нэг хорооллынхон гэдгээ ухаарч, харилцан бие биедээ хамааралтай болж нэг нь л өвчин тусвал бүгд тусна гэдгийг ойлгож байна. Өмнө нь ажлын хүн нь, гадаа яваа хүн, автобусанд хамт зорчиж яваа хэн нэгэн огт хамаагүй мэт байсан бол одоо бүгд хамаатай гэдгээ мэдэрч байна. Үүн дээр бас хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна шүү?

-Наадах чинь их зөв өнцөг. Энгийн томуугийн үед ч маск зүүдэггүй хүмүүс шүү дээ. тэгтэл хүмүүс “ханиадны үед ч маск зүүж баймаар юм байна даа” гэж хэлж байгаа юм. ер нь өвчин зовлон, вирус, ханиадны талаар хүмүүс мэдлэгтэй болчихсон байна. та сая хамаарал гэж ярилаа, биднийг багад хөршийн холбоо гэж байлаа. нэгнийхээсээ сонгино, давс ч гуйчихдаг байсан. гэтэл тэр холбоо алга болчихсон байсан. хэн нэгнийд нь хулгай орсон ч мэдэхгүй өнгөрөх үе болчихсон. коронавирус дэгдсэнээс хойш хүмүүс өөрсдөө гараад орцоо цэвэрлэж байна, лифтэнд шахалдаж орохоо больж, хоорондох зайгаа барьж, маск зүүх зэргээр бага хэмжээгээр ч болов бэлтгэгдэж байна.

Дээрээс нь худалдан авалтаа хүртэл бодож хийдэг болсон байна. Тэр их чухал. Дэлгүүрт ороход чихэр, шоколад, ундааны тасагт зогсож байгаа хүн байхгүй байна. Өргөн хэрэглээний талх, боорцог, сүү, мах, хүүхдийн живхний тасгаас бараа сонгож байна. Хүмүүс ухамсаргүй худалдан авалт хийдэг. Харин сүүлийн үед худалдан авалт дээрээ ч ухаалаг болж эхэлж байна. Хэрэгцээтэй, хэрэгцээгүй хэрэглээгээ таньж эхэлж байна. Гэр бүлүүд хэрэгцээгүй хэрэглээгээ больж, чихрийн хэрэглээгээ багасгаж, эдийн засгийн байдал хүндэрнэ гэдэг мессэж оччихсон учраас мах, гурил, сүүнд худалдан авалтаа чиглүүлээд байна.

-Та сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй юм байна. Коронавирустэй холбоотойгоор хүмүүсийн сэтгэц зан үйлд өөрчлөлт орж байна уу?

-Өөрчлөлт орж байна. Ялангуяа тусгаарлалтад байгаа хүмүүсийн хувьд сэтгэц зан үйлд нь өөрчлөлт орж байгаа. тэд яагаад хоорондоо зодолдоод байгаа юм.

Герман байна уу, франц байна уу, монгол байна уу хамаагүй. хүн дөрвөн хананы дунд тусгаарлагдчихаар сэтгэл зүйд түгшүүрийн эмгэг үүсдэг. хүмүүсээс коронавирус илрээгүй ч гэсэн өдөрт коронавирустэй холбоотой асуумжаа хэд бөглөж байгаа вэ. хэдэн удаа халуунаа хэмжүүлж байгаа вэ гэдгээс тэр хүмүүс чинь түгшүүрийн эмгэгийг өөрсдөдөө 14, 21 хоногийн дотор хөгжүүлчихдэг байхгүй юу. бид тиймээс сэтгэцийн өөрчлөлтөд орох гээд байгаа хүмүүс рүү огт дайрч болохгүй. Ялангуяа яам нь дайрч болохгүй байхгүй юу. Хэнийг ч бай аваачаад дөрвөн хананы дунд оруулаад өдөрт найман удаа халууныг нь үзээд, өдөрт найман удаа нэг төрлийн асуумж бөглүүлээд тодорхой хэмжээнд өөр өөр хоол өгч байгаа ч гэсэн тодорхой цагт хооллоод ингээд горимд оруулчихаар хүн өөрчлөлтөд ордог байхгүй юу. Яг туршилтад орж байгаа амьтан шиг хэмжээнд хүрэх магадлалтай. тэр хүмүүс сошиалд орж хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншиж байгаа. Жирийн иргэд гэртээ талхаа идээд гарч орох ондоо.

Дөрөв хананы дунд гарахгүй, орохгүй, жорлон, өрөө гэсэн жимтэй болоод өдөрт байн байн халуун үзүүлээд, асуумж байсхийгээд бөглүүлээд тэр хүн тодорхой хэмжээний хэрэгцээнүүдээ боолгуулчихаж байгаа байхгүй юу. тэгэхээр ямар ч эрүүл хүн тодорхой хэмжээний айдас түгшүүртэй болж, угаас түрэмгий бол тэр зан төлөвийг нь өдөөнө, хэт даруухан амар тайван хүн бол амьдралын эрч хүчгүй, сул болж өөрийгөө вакумжуулаад эхэлдэг. Тэгэхээр бид тодорхой хэмжээний хэрэгцээгээ хаалгуулчихсан, горимд байгаа хүмүүсийг харааж зүхэж болохгүй юм. сэтгэцийн хувьд өөрчлөлтөд орж байгаа, тэр хүмүүс. бид ч өөрсдөө анх хөл хорио тогтооход, дараа нь Францын иргэнээс коронавирус илэрлээ гэхэд түгшүүртэй болсон биз дээ.

Нийгмийн сэтгэл зүйг тэр чигээр нь буруу зүйл рүү давлагаалуулчихаар бүлэг бүлгээрээ хүмүүс цаана нь хохирч байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


Өдрийн сонины даваа гариг бүрийн “Танайд өнжье” буланд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынд өнжлөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр “УИХ-ын сонгуулийг хойшлуулж болохгүй” хэмээлээ.

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа. I-XI нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины нийтлэл бодлгогыг тодорхойлогч “Баримт үзэл нүүрт” Манай сонин сэтгүүлч Д.Гансаруулын “Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ Үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо” нийтлэл хэвлэгдлээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа. Тэрээр “Зэвсэгт хүчинд барилга-инженер, кибер аюулгүй байдлыг хангах шаардлага, нөхцөл бүрдсэн” хэмээлээ.

Ноолуурын салбар тойрсон сэдвээр “Сийлэн кашмер” компанийн захирал Г.Хулантай ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу.https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ