Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээч нар ХӨСҮТ-д эмчилгээ, оношилгоонд ашиглах зорилгоор шинээр суурилуулж буй компьютерт томографийн аппарат төхөөрөмжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Month: April 2020
Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт ард иргэд ээ,
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байна.
Коронавирусийн цар тахал дэлхийн 211 улсад тархаж халдварласан хүний тоо 1.2 саяыг давж, 70 шахам мянган хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Харамсалтай нь энэ тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна.
Монгол Улсын төр, засгаас өвчнийхалдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр оновчтой, шуурхай шийдвэрийг цаг алдалгүй гарган, хэрэгжүүлж байна. Ард иргэд маань төрийн шийдвэр, иргэний үүргээ нэн хариуцлагатай, ёсчлон биелүүлж байгаад талархал илэрхийлье.
Энэ бүхний үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотоодоос вирусийн халдварын тохиолдол илрээгүй байна. Зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, тархалтаас амжилттай сэргийлэн, зөв сайн эмчилж чадсаны үрээр, түрүүч нь эдгэрч орон гэр, хайртай хүмүүстэйгээ учран золгож байна.
Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье.
Дөнгөж сая, чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьж баяр хүргэж, талархал илэрхийлээд, санал хүсэлтийг нь сонслоо. Багийнхаа гишүүдийн хамт 2 хүнийг эмчлэн эдгээж, 13 өвчтөнийг эмчилж буй энэ гайхалтай эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэж хэлэхэд “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэхийг сонсоод бахархах, хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрлөө.
Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Төрийн шийдвэрийг гардан хэрэгжүүлж, удирдлага, зохион байгуулалтаар ханган, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж, албаны үүргээ онц сайн гүйцэтгэж буй Улсын онцгой комисс, онцгой байдал, хил хамгаалах, гааль, цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай байгууллагын нийт албан хаагчдад гүн хүндэтгэл илэрхийлье.
Та бүхэндээ хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд гүнээ хүндэтгэл үзүүлж байгааг хүлээн авна уу. Монгол хүний эрүүл мэнд, саруул ирээдүйг бүхнээс дээдлэн, бат найдвартай сахин хамгаалж буй эдгээр “манай үеийн баатрууд”-аас үлгэр дуурайл авч төрийн албаны бүх түвшинд хатуу чанд хариуцлагатай, илүү цэгцтэй, дэг журамтай байж, ёс зүйг дээдлэн хүн ардынхаа төлөө улам бүр хичээж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулж, уриалъя.
Эрхэм гишүүд ээ,
Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирлээ. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалаа. УИХ, Засгийн газрын ажлын хэсгүүд үйлдвэр, аж ахуй, эм хангамжийн байгууллага, хүнсний захуудаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Засгийн газар, төр, хувийн хэвшлийн байгууллагууд, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, шуурхай шийдвэрүүдийг гаргаж ажилласан.
Эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг бууруулахгүй байх, ноолуур үйлдвэрлэгчдээ дэмжих, банкны салбарын реформ, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тодорхой хугацаагаар зогсоох буюу хөнгөлөх чиглэлээр Эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нараар ахлуулсан ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллаж, Засгийн газарт санал дүгнэлтээ танилцуулан, үүрэг чиглэл өгч, нягт хамтран ажилласныг цохон тэмдэглэж байна.
Шүүхийн багц хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах, иргэдийн өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэх гээд цаг үеийн тулгамдсан болон зорилтот асуудлуудаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нарын ахалсан ажлын хэсгүүд идэвхтэй ажилласныг цохон тэмдэглэж байна. Л.Өлзийсайхан даргатай УИХ-ын Тамгын газар ч цаг наргүй ажиллаж арга зүй, судалгаа шинжилгээгээр хангаж, гүйцэтгэл өндөртэй ажиллалаа.
Ажлын үр дүн ч гарсан. Хүнсний хангамжид доголдол үүссэнгүй. Маск, ариутгалын бодисын үйлдвэрлэл, хангамж нэмэгдлээ. Монголбанкнаас бодлогын хүүгээ бууруулж, 65 мянган иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг 3 сараар хөнгөлж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөц, активын ангиллын журмуудыг хөнгөлж, чөлөөлсөн багц арга хэмжээ авч хэрэгжүүллээ. Зорилтот бүлгийн зээл, хүүгийн хугацааг хойшлуулах, тохируулга өөрчлөлт хийхээршийдвэрлэж, ажиллаж байна.
Ажлын хэсгүүдийн хийсэн судалгаа, дүгнэлт дээр үндэслэн Засгийн газраас цогц арга хэмжээ авч, Эдийн засгийг дэмжих 5 их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна. Энэ 7 хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.
Ажлын хэсгүүдийн ажлыг дэмжиж, шийдэмгий, зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж, иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг илтгэн харуулж байгаа Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ард иргэдээс талархал илэрхийлснийг Та бүхэндээ уламжилъя.
“Сэтгэлд гал байвал зууханд гал олддог” гэдэг. Сэтгэл зориг гаргасан эрс шийдэмгий шийдлүүд амжилттай хэрэгжиж байгаагийн нэг жишээ нь утаагүй түлш юм.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, гамшгийн хэмжээнд хүрээд байсан хорт утааг бууруулсан ажлыг хаврын урь орсон өнөөдөр дүгнэж, сайн ажиллалаа гэж хэлж болохоор боллоо.
Утаа бууруулах чиглэлээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, “Тавантолгой түлш” компанийн хамт олон, гүйцэтгэх захирал М.Ганбаатараар ахлуулсан сайжруулсан түлшний үйлдвэрийн хамт олонд баяр хүргэе. Дараа жил утааг дахин бууруулахыг үүрэг болгож байна.
Энэ дашрамд эдийн засгийг дэмжих, хөгжүүлэх, баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах чиглэлээр санал, дүгнэлт гаргаж, УИХ-тай нягт хамтран ажилласан МҮХАҮ-ийн танхим, ерөнхийлөгч О.Амартүвшин танаар дамжуулан хувийн хэвшлийн мянга мянган татвар төлөгчдөдөө талархал илэрхийлж байна.
Цаашид Онцгой байдлын сан байгуулж, зайлшгүй шаардлагатай арга хэмжээнд зарцуулах, банкны өр барагдуулах замаар халдварт өвчин, хорт хавдрын үйлчилгээний шинэ эмнэлэг байгуулах, эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын асуудлыг шийдвэрлэх,банкны салбарт реформ хийх зэрэг чухал арга хэмжээнүүдэд УИХ, Засгийн газартай хамтран хаврын чуулганы хугацаанд онцгой анхаарч ажиллана.
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын нийт иргэд ээ,
Тайвшрах цаг яагаа ч үгүй, дэлхий даяар нөхцөл байдал хүнд байна. Аюулт вирус хэчнээн хүнд халдварлахыг, дэгдэлт нь хэр удаан үргэлжлэхийг, ямар хэмжээний хор хөнөөл учруулахыг хэн ч яг таг хэлж мэдэхгүй байна. Дэлхийн улс төр, эдийн засаг, олон улсын харилцааны орчин ч тодорхойгүй, ээдрээтэй боллоо.
Тиймээс УИХ, Засгийн газар шинжлэх ухааны судалгаа дүгнэлт, технологийн дэвшил гол хүчин зүйл болсон энэ цаг үед асуудлыг 3 хувилбар буюу 3 өрнөлд судалж, тооцоолж, төлөвлөж ажиллаж байна.
Үүнд, нэгдүгээрт, baseline scenario буюу коронавирусийн нөхцөл байдал муудахгүй энэ хэвээр үргэлжлэх, эсвэл ойрын хугацаанд сайжрах, хоёрдугаарт, risk scenario буюу халдвар гарч эрсдэл нэмэгдэх, гуравдугаарт, worst-case scenario буюу халдвар хүндэрч, нөхцөл байдал муудах гэсэн 3 өрнөлд үнэлэлт дүгнэлт өгч, эдгээр дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргаж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Коронавируст халдварын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг харгалзан эхний ээлжинд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгай горимоор хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Онцгой нөхцөлийн үед хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэж иргэд маань үзэж байгаа. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хууль болон Онц байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуулиудтай уялдуулан, нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Жадамбын Энхбаяр гишүүнээр ахлуулан ажиллуулж байна.
Түүнчлэн Эрүүл мэнд, Ариун цэвэр, Төрийн хяналт шалгалтын гэх мэт хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага гарч байгааг тэмдэглэе.
Эрхэм гишүүд ээ,
Та бид өнгөрсөн 30 жилийн сургамждаа дүгнэлт хийж Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.Энэхүү өөрчлөлт 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болохоор тусгайлан заасан. Энэ нь зөвхөн өдрийн сайныг сонгосон хэрэг биш ээ. Ээлжит сонгуулийн дараагаас эрх зүйн өөрчлөлтүүд бодитой хэрэгжиж эхлэх агуулгыг бодож, хаврын чуулганаар шийдвэрлэхээр хугацааг тооцсон шийдэл байсан.
Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн бусад эрхүүд нь хязгаарлагдсан учир шинэчлэгдэн батлагдах Улсын Их Хурлын тухай хуулиар Гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга “Шүүхийг ярьдаг хууль, хуулийг ярьдаг шүүх” болгоно гэдэгт итгэж байна. Энэ чиглэлээр манай Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг, Ц.Нямдорж сайдтай Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар идэвхийлэн ажиллаж, хуулийн төслүүдээ өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон холбогдох бусад хуулиудаар төвлөрөл саарч, аймаг сумын эрх, үүрэг нэмэгдэж, Монгол Улсад хот, хөдөө тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ. Энэ чиглэлээр Д.Тогтохсүрэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод байгаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж сонгуульд олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр Үндсэн хуулийн 3.1-д заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх болно. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж,гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгодог болно. Энэ бол парламентын засаглалтай улсуудын нийтлэг жишиг, ардчилаламилсан нийтлэг, үндсэн зарчим нь юм. Ард түмнээс мандат авсан Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлж тогтвортой, хариуцлагатай ажиллах хууль эрх зүйн орчин ингэж бүрдэх учиртай. Энэ бүхэн нэг цогц өөрчлөлт болсноор ардчилал төгөлдөршиж, тогтвортой засаг, хариуцлагатай төр төлөвшинө.
“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн ардын зүйр үг бий. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг Эрхэм гишүүдээсээ хүсье.
Коронавирусийн дараа дэлхий өөрчлөгдөнө. Хиймэл оюун ухаан, цахим хувьсгал, биологийн аюулгүй байдал хурцаар тавигдаж, хүн төрөлхтний ёс суртахуун, оюун санааны цогц нэгдлийн үзэл санаа дэвшигдэн, дэлхийн шинэ дэг журам тогтох тухай эрдэмтэн, судлаачид ярьж байна.
Онцгой нөхцөлд хүмүүс амьдралаа, төр засгууд улс орноо эрсдэлээс хамгаалж, гарз хохирол бага амсахын тулд шинэ зам руу гарч, шинэ туршилтууд хийгдэж эхэллээ. Олон жил ярьсан цахим засаглал, дижитал шилжилтийг хийх томоохон туршлагыг бид хуримтлуулж байна. Энэ чиглэлээр Н.Учрал гишүүний ахалсан Цахим бодлогын түр хороо шаргуу ажиллахыг үүрэг чиглэл болгож байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарт цэгцтэй, оновчтой, бүрэн шинэчлэл хийхийг цаг үе шаардаж байна. Эдгээр салбарт техник, технологийн шинэчлэлтийг далайцтай, зоримог хийх хэрэгтэй болжээ. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарын ажиллагсдын цалин хөлс, урамшуулал, орон тоо, бүтцийг ч хамтад нь шийдвэрлэх шаардлагатай. Энэ талаарх бодлого боловсруулах, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх чиглэлд Улсын Их Хурал хаврын чуулганаараа анхаарч ажиллах болно.
Товчхондоо сүүдэрт ч цэцэг ургадаг гэдгийг санаж энэхүү бэрхшээл сорилтыг шийдэл, шинэ боломж болгоцгооё гэж уриалж байна.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Бид нэг л эх оронтой, нэг л агаартай, нэг л газар шороотой, эцэг дээдсийн үр сад, ахан дүүс билээ. Нэг нь нийтийнхээ, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн ухамсар, хариуцлага нэн чухал байгааг сануулж хэлье.
Аюул, түгшүүр нүүрлэсэн энэ цаг үед ард иргэд маань эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Гэхдээ бид үүнээс ч илүү ихийг хийж чадна. Үүний тулд эв санааны нэгдлээ өнөөдрийнх шиг, үүнээс ч илүү сайн эрхэмлэн дээдлэх учиртай.
Үүссэн хямралт байдлыг дэлхий дахин дайнтай зүйрлэх боллоо. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. “Гадна талд дайн дэгдэхэд дотоодод хүч нэгтгэгддэг” гэдэг үг бий.Монголчууд бид улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг ялах сайн өдөр удахгүй ирнэ.
Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага УИХ энэ хаврын чуулганаараа эв санаа, ойлголцол зөвшилцөл, ёс суртахууны дэвшил гаргах үйлсийг манлайлж, үлгэр жишээ үзүүлж, нэгдэн хамтарч ажиллая гэж уриалж байна.
Улсаа хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох зорилго, хариуцлагатай, бүтээгч иргэнтэй шинэ Монголыг цогцлоох Шинэ эрмэлзлийн бэлгэ тэмдэг нь Эв санааны нэгдэл байх болно.
Эв нэгтэй, цэгцэрсэн, хөгжсөн Монголынхоо төлөө хүн бүр хичээж, хамтдаа зүтгэцгээе.
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын зургаан орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон Нийслэлийн харъяа газар, агентлагийн дарга нар цахимаар оролцов.
Хаврын чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээлтэд оролцож, хэд хоногийн өмнө олон нийтэд хандаж гаргасан уриалгаа дахин танилцууллаа.
Чуулганы энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
2020 оны эхний улиралд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын иргэдтэй харилцах 1800-1286 дугаарын утсаар 379 дуудлага хүлээн авчээ. Үүнээс 149 дуудлагад мэдээлэл, арга зүйн зөвлөгөөг өгч, 128 дуудлагыг хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчидтай холбож, 69 гомдлыг хүлээн авч харъяаллын дагуу шилжүүлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 35 дуудлага иржээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгшинэ.
Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд:
-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,
-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,
-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Та Монгол Улсад оршин суух үнэмлэхээ гээсэн бол дараах баримт бичиг бүрдүүлнэ гэж ГИХГ-аас мэдээллээ.
- Өргөдөл
- Паспорт хуулбарын хамт
- Сонинд зарлуулсан бичиг
- Үнэмлэх дахин хэвлүүлж авахад: Байгууллагын албан бичиг /хувь хүн өргөдөл/
Санамж:
- Хувь хүн өөрийн биеээр ирж торгууль төлөх
- Хулгайд алдсан бол Цагдаагийн Газрын бичиг авч ирэх
Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарлагдсан байгаа. Харин Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарлагдсан бол Жаргалант сувилалд хоёр иргэн тусгаарлагдсан.
Өнөөдрийн байдлаар тусгаарлагдаж буй иргэдийг насны бүлгээр авч үзвэл 0-5 насны 69, 6-17 насны 153 хүүхэд, насанд хүрсэн 2099 хүн байна.
Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна” гэв.
Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь санхүүгийн бололцоо тааруу гэх шалтгаанаар эх орондоо ирэх хүсэлт гаргасан аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.
Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж гаргасан уриалгаа Та бүхэнд хандан дахин сэргээн тайлбарлаж ойлгуулах шаардлага үүслээ.
Халдварлах, тархах маш өндөр чадвар бүхий титэмт вирусний цар тахал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болж, улс орнууд үүнд бэлтгэж эхэлснийг бүгд анзаарч байгаа гэдэгт найдъя.
Титэмт вирусний халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.
Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!
Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Бусад улс орнууд хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн экспортоо зогсоох, хязгаарлах шийдвэрүүдийг дараалан гаргаж, тахлаас улбаатайгаар ёс суртахууны уналт газар авч, хүмүүнлэгийн хямрал ч үүсэх төлөв байдал харагдаж эхэллээ. Бусад улс орнуудын захиалсан, худалдан авсан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл хэд хэдэн удаа давтагдаж, энэ нь соёл иргэншлийн манлай гэгдэх бүсүүдэд гарч байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлыг ялан дийлэх, намжаах хугацааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл ч үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг мөн анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засгаа, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.
Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.
Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.
Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.
Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно:
Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.
Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна.
Хоёр. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.
- Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.
- Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.
- Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.
Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.
Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна.
Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна.
Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна.
Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.
Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.
Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны түвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна.
Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна.
Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.
Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрээ барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.
УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.
Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.
Улсын Их Хурлын гишүүд ээ,
Монголчууд аа, ард иргэд ээ,
Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.
Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.
Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.
Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!” гэв.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З үүрэг гүйцэтгэж байхдаа машинтайгаа нуурын мөсөнд цөмөрч живж амиа алджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй З… 04.03-ны өдөр мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.
Энэ талаарх дуудлагыг 04.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн, цагдаагийн тасгийн, тосгоны захирагчийн албаны, ар гэрийн гээд нийт 33 хүн, 9 автомашинтайгаар 04.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Түүнийг эрэн хайх явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрсэн тул тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм.
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Гараа сайтар савандаж угаах
- Олон нийтийн газраар явахгүй байх
- Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
- Хүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзах
- Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух
- Давс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэх
- Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
- Нэг аяга, тавагнаас хоол идэхгүй байх
- Дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
- Тайван, стрессгүй байх
- Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байх
- Гадаад улс оронд зорчиж ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах
- Коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, эсвэл халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байж, нэн даруй 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авна уу.