Categories
мэдээ нийгэм

Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьдДорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Зуны башёг 14 хоногоор хойшлуулав

Японы сүмогийн холбооноос тавдугаар сарын болон долдугаар сарын башёг хойшлуулах шийдвэр гаргажээ. Ингэснээр зуны тэмцээн Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордонд тавдугаар сарын 24-нд эхэлж, зургадугаар сарын 7-нд өндөрлөх болов.

Харин Нагояд болох башёг долдугаар сарын 19-нд эхлүүлж, наймдугаар сарын 2 хүртэл явуулах ажээ. Японы нийслэлд коронавиурст халдварын тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр башёг 14 хоногоор хойшлуулах уг шийдвэрийг гаргаж, Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү энэ тухай мэдээлжээ. Өдөр өдрөөр өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас зуны башёг үзэгчтэйгээр барилдах, эсвэл бүр цуцлах шийдвэр ч гаргаж магадгүй гэнэ. Даваа гарагийн байдлаар тус улсад covid-ийн 3654 өвчлөл бүртгэгдсэний тэн хагас нь сүүлчийн долоо хоногт нэмэгдээд байна. Японы сүмогийн холбоо коронавируст халдварын улмаас гуравдугаар сарын башёг үзэгчгүйгээр, маш хатуу хяналтын дор явуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Рэнжмаа: Эцэг эхчүүд гэртээ түгшүүртэй байвал түүнийг үр хүүхдүүд нь давхар мэдэрч байдаг

“Хөл хорионы үед хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг вэ?”, “Эцэг эхчүүд энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?”, “Хүүхдүүдийг гэртээ уйдаахгүйн тулд юу хийлгэх ёстой вэ” зэрэг асуултад “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаа хариулж, дараахь зөвлөгөөнүүдийг өгч байна.


-Томууны дэгдэлтээс сэргийлж шинэ оноос өмнө цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байсан. Ингэхээр хүүхдүүд сүүлийн гурван сарын турш гэртээ хөл хорионд байна?

-Сургуулийн насны хүүхдүүдийн хөгжил нь ид явагдаж байгаа. Танин мэдэхүйн болон бие физиологи, сэтгэл санаа, нийгмийн харилцааны хөгжил нь тал талаасаа хөгжиж байх ёстой үе нь. Гэтэл яг энэ үедээ хүүхэд гэрийн хорионд байгаа нь зарим хөгжилд нь сайн нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай. Жишээ нь, хүүхэд гүйж, хөдөлж байж булчин, шөрмөс нь хөгждөг байтал гэртээ нам суугаад, дэлгэцийн урд сууж байна. Теле хичээлээ үзнэ, ихэнх гэр бүл зурагт үзнэ, хүүхдээ гар утсаар тоглуулна гээд дэлгэцийн хамаарал өндөр байх магадлал байна. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл хөгжил, эрүүл өсөж бойжиход нь анхаарах хэрэгтэй. Мэдээж аюулгүй байдлыг нь хангана.

Бие физиологи талаас нь хэрхэн анхаарах вэ гэхээр гэртээ хийх боломжтой дасгал хөдөлгөөн хийлгэх. Хамтдаа, гэр бүлээрээ хийж болно. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хандаад “Дасгалаа хий” гээд зүгээр хэлэх биш, хүүхдүүд эцэг эхээ харж өсдөг учраас эцэг эх нь өөрсдөө дасгал хийгээд эхэлбэл хүүхдүүд нь дуурайж суралцдаг. Нөгөө талаар эцэг эхчүүд гэрт байгаа энэ цаг үеэ ашиглаад хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа эерэг, илүү ойр дотно болгож өөрчлөх боломж бас байгаа юм. Гэр бүлдээ чанартай цаг гаргаж өнгөрүүлэх нь хүүхдийг эрүүл саруул, аз жаргалтай, дасан зохицох чадвартай өсгөх процесст маш том хувь нэмэр оруулдаг. Хүүхэд үнэ цэнэтэй, өөрийн үнэлэмж нь өндөр байхад гэр бүлийн, ойр дотны, ялангуяа эцэг эхийнх нь харилцаа хамгийн чухал. Тиймээс эцэг эхчүүд дэлгэцэнд найдаад гэртээ үлдээх биш, “Хичээлээ хийвэл хийнэ биз” гэж хандах, “Хийсэн үү” гэж хальт асуугаад өнгөрөх биш. Харин гэртээ байгаа энэ цагаа гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх цаг болгож ашиглах хэрэгтэй байна.

-Гэр бүлийн чанартай цаг гэдгээ тодруулбал?

-Эцэг эх нь хүүхдүүддээ зориудын цаг гаргахад хүүхэд нэгдүгээрт, өөрийгөө чухал, хайрлагдсан гэдгээ мэдэрдэг. Хоёрдугаарт, хүүхдүүд эцэг эхийнх нь өөрт нь тавьж байгаа хайр халамжаас үлгэр дуурайл олж авдаг. Би бусдад ингэж хандах юм байна, би ирээдүйд гэр бүлтэй болохоороо хүүхдэдээ ингэж хандах юм байна гэдгийг үлгэр дуурайл авч суралцдаг. Гуравдугаарт, эцэг эхчүүд хүүхдийнхээ давуу болон сул талыг ажиглаж, мэдэж, цаашид хүүхдэдээ яаж туслах вэ, яаж чиглүүлэх вэ гэдгээ олж харах боломж олддог. Дөрөвдүгээрт, хүүхэд өөрийнхөө бодол санаа, мэдрэмжээ хуваалцах боломж олдож байгаа. Хамгийн чухал нь аав, ээж, хүүхдийн дунд маш бат бөх, дотно харилцаа бий болж байгаа.

-Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдүүдийн сэтгэл зүйд ямар нэг өөрчлөлт орох уу, хөл хориотой холбоотойгоор?

-Жирийн, хорио байхгүй үед ядаж дулаахан өдөр гадаа гаргаж тоглуулдаг байсан. Гэтэл одоо гаргах ч үгүй болохоор тэр насны хүүхдүүд хөдөлж, гүйж харайх, агаарт гарах нь орхигдож байгаа. Эцэг эхчүүд нь өөрсдөө коронавирусээс болж айж, түгшүүртэй байвал хүүхдүүд гадаад ертөнцөд юу болж байгааг сайн мэдэхгүй ч гэсэн тэд аав ээжийгээ харж байгаа. Тиймээс аав ээжийнхээ түгшүүртэй байдлыг, айдас хүйдэстэй царайг хараад тухгүй, тайван бус байдлыг давхар мэдэрдэг. Хүүхэд нь нялх нярай, цэцэрлэгийн насны, сургуулийн насны байна уу хамаагүй. Хүүхдүүд бүгд адилхан эцэг эхээ хараад тэр айдас түгшүүрийг бас мэдрэх боломжтой. Аав ээжүүд өөрийнхөө сэтгэл зүйг эрүүл байлгаж, тайван байснаар тэр байдлаа хүүхдүүддээ дамжуулна. Хэрвээ та түгшээд байвал хүүхдүүддээ тэр түгшүүрээ дамжуулж байна гэсэн үг. Ийм учраас эцэг эхчүүд өөрсдийнхөө сэтгэл зүй дээр анхаарах хэрэгтэй.


Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Өнөөдөр байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

04 дүгээр сарын 07-ны Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2020.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-”Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2020.03.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Categories
мэдээ нийгэм

Д.Нямаа: Манай сэтгүүлийн захиалагчид бүгдээрээ оюунлаг хөрөнгө оруулагчид

“УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” СЭТГҮҮЛ 2019 ОНЫ ШАГНАЛТНУУДАА ТОДРУУЛАВ-

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


-“улирал ба зохиолч” сэтгүүл долоо дахь жилтэйгээ золгожээ.

-Долоогийн тоо бол миний хэмнэл тоо юм. Тийм ч учраас “Улирал ба Зохиолч” сэтгүүлийнхээ долоо дахь жилтэй золгож байгаадаа баяртай байна. Энэ сэтгүүл гараад нэгэнт долоон жил болжээ. Тасралтгүй 25 улирал дараалан гарч уншигчтайгаа золголоо. Гэгээлэг уншигч, байнгын захиалагчид, уран зохиолыг ивээн тэтгэдэг анд найз нар, оюунлаг хүмүүсийн дэм тусаар “Улирал ба Зохиолч” сэтгүүл минь цаашид ч гарсаар байх болно.

-Урлаг соёл, уран зохиол одоо бол ивээн тэтгэлэг дээр л тогтож байна шүү дээ.

-Тийм гэж хэлж болно. Төр засгаас энэ чиглэлд хийсэн дорвитой бодлого алга, сонгууль ойртоод намуудын мөнгөний том том амлалтууд хэрээс хэтэрлээ. Урлаг соёл, уран зохиолын талаар ямар бодлого дэвшүүлэх юм бол гээд харж л байна. Ганц ч болов үг ганхийх нам гарах юм уу, үгүй юм уу? Бүү мэд. Тийм болохоор уран зохиолд элэгтэй найз нарын минь дэмжлэг л чухал байх юм байна шүү дээ. Нэгэнт ивээн тэтгэлэг гэж ярьсных сэтгүүлийг минь өдий хүртэл дэмжиж ирсэн найзуудынхаа нэрийг хэлж, тэдэндээ үргэлжид баярлаж явдгаа танай сониноор дамжуулж илэрхийлье. Нар-Мон компанийн ерөнхий захирал, яруу найрагч м.Хүрэлсүх, Номин-Холдинг компанийн зөвлөх, худалдааны гавьяат ажилтан, зохиолч а.Шагдарсүрэн, “монос” компанийн Удирдах зөвлөлийн дарга, төрийн шагналт эрдэмтэн, зохиолч л.Хүрэлбаатар, Шинэ Ази компанийн захирал, сэтгүүлч Төрбаяр лувсанвандан сангийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ш.Сүхбаатар, ддУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Баяртөр, өдий хүртэл сэтгүүлийг минь хэвлэн тусалж, бас давхар утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж яваа “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд гээд л үргэлжилнэ шүү дээ.

-Дандаа л зохиолч, яруу найрагчид, утга зохиолын шүүмжлэгч нар байна, тэгэхдээ бас нэг онцлог нь тэд бол оюунлаг хөрөнгөтнүүд. Яг үнэндээ өнөөдөр ийм л хүмүүсийн өглөг, ивээн тэтгэлэг дээр урлаг соёл, уран зохиол оршин тогтнож байна шүү дээ, нэг ном гаргахаар зорьсон ч ивээн тэтгэгч хайдаг цаг юм даа, юу ч гэмээр юм. бид мэт нь дэмжье гэсэн ч санаа байгаад сачий хүрэхгүй…

-Чи өөрийгөө тэгж хэлж болохгүй ээ, байнгын захиалагч байна гэдэг чинь л том хөрөнгө оруулалт шүү дээ. Манай сэтгүүлийг захиалагчид бүгдээрээ оюунлаг хөрөнгө оруулагчид.

-Сэтгүүл маань уран зохиолын бүх л төрөл жанрт хуудсаа зориулдаг, аль бүхнийг дурдалтай билээ, тухайлбал надад тууж, нобелийн шагналтнуудын ярилцлага, захидал, яруу найраг гээд уншихаар хүлээдэг дуртай булангууд бий.

-Хорин таван дугаарт 25 тууж, 25 Нобелийн шагналтны ярилцлага, Зохиолчдын бие биедээ бичсэн 25 захидал гарлаа шүү дээ. дэлхийн шилдэг өгүүллэгүүд бас энэ тооны, монгол өгүүллэгүүд гарсан. Энэчлэн “монгол туургатны яруу найраг” буланд Өвөрмонгол, Буриад, Халимаг, Тува, дээд Монголын 50 орчим яруу найрагчдын шүлэг зохиол гарав. Авьяаслаг шүлэгч залуусыг дэмжих зорилготой “Сүүтэй дөрөө” буланд гарагсдын түрүүч “Болор цом “ эзэн боллоо. 2019 оны “Болор цом “ наадмын тэргүүн шүлэгч Б.жамбалдорж манай сэтгүүлийн хуудаснаас уран зохиолын аян замд “Сүүтэй дөрөө”-нд мордсон юм шүү дээ.

-2019 оны шагналтнуудаа тодруулсан уу?

-Тодруулсан, оны шагналтнуудаа жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тодруулдаг юм. Энэ өдөр бол “Улирал ба Зохиолч” сэтгүүл гэрчилгээгээ авсан өдөр л дөө. Энэ жилийн тухайд 25 дахь дугаарынхаа баярыг тэмдэглэе, эрдэм шинжилгээний бага хурал хийе, уншигч редакцийн уулзалт энэ тэр зохион байгуулъя гэж төлөвлөж байсан юм. “Ковид-19” гэдэг гайт вирус дэлхий дахиныг нөмөрснөөс энэ ажил биелэлээ олсонгүй. Гэхдээ 2019 оны шагналтнуудаа уламжлал ёсоор сэтгүүлийнхээ уншигчдаас санал авч, сэтгүүлийн зөвлөлийн гишүүдтэйгээ зөвлөн ярилцаж тодрууллаа. ШУа-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаярыг Б.явуухулангийн 90, С.Эрдэнийн 90, Ц.Гайтавын 90, л.Бадарчийн 100 жилийн ойд зориулсан цуврал эрдэм шинжилгээний судлал өгүүлэл бичсэний учир, зохиолч Г.аюурзаныг “Уран зохиолын тухай яриа…” буланг бүтэн жил хөтлөн явуулсны учир, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийг анхлан гарсан цагаас нь эхлэн эх бэлтгэлийн ажлыг дагнан хийж ирсний учир “жиком пресс” хэвлэлийн газрын ажилтан Б.Баярбаатар нарыг 2019 оныхоо шагналтнаар тодруулж, батламж, 100.000 төгрөгөөр урамшуулж байна. Хүн бүрт өөрийн биеэр очиж гардуулна даа.

-Өмнөх жилүүдийн шагналтнуудаа нэрлэвэл бас л сонин доо?

-Наадах чинь харин гоё санал байна шүү. Тэгье. 2014 оны тэргүүн бичлэгийн шагналтнуудаар соёлын гавьяат зүтгэлтэн, д.Нацагдоржийн шагналт зохиолч С.Пүрэв, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн шагналт яруу найрагч Т.Галсан, залуу орчуулагч, яруу найрагч Г.лхагвадулам нар тодорч байв.

Харин 2015 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв, 2016 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар азийн утга зохиолын шагналт яруу найрагч д.Урианхай, 2017 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Б.догмид, 2018 оны тэргүүн бичлэгийн шагналтнаар аНУ-д амьдран суугч, яруу найрагч, орчуулагч Батбаяр нар тодорчээ.

-“улирал ба зохиолч” сэтгүүлээс 25 настангуудын дунд анхны номын уралдаан зарласан, энэ уралдаанд олон ном ирэв үү?

-Уг нь бид уралдаанаа зарлаж байхдаа олон ном ирнэ дээ гэж бодож байсан юм, гэтэл бодсоноос эсрэг үр дүн гарсан шүү. Ердөө нэг л ном ирлээ. 25 настангууд их бүтээлч болжээ. Ихэнх нь энэ насандаа 1-2 номоо хэвлүүлчихсэн байдаг юм байна. Бидний үед ихэнх нь энэ л насандаа л анхны номоо гардаж авч явжээ. анхны ном гэдэг хамгийн том баяр хөөр байдаг болохоор тийм л баяр хөөрийг хэн нэгэн 25 настай авьяаслаг залууд бэлэглэе, Уран зохиолын замд нь шуудруулж өгье, номыг нь санхүүжүүлэн хэвлүүлье гэж бодсон юм. Сэтгүүлийнхээ 25 дахь дугаарыг бэлгэдсэн хэрэг л дээ.

-Хорин тавь дахь дугаар уншигчдадаа нэгэнт хүрчээ. Долоон жилийн дотор туулсан замыг нь багцаалж хэлбэл?

-Багцаалж хэлбэл үү? Эх орноо тойрчээ. Хилийн дээсээ ч алхсан байна. Тухайлбал, Хошууч генерал, доктор, профессор Лхачинжавын дэмжлэгтэйгээр эх орны хилийн застав отрядад хүрч, Соёл урлаг хөгжүүлэх сангийн тэтгэлгээр хөдөөгийн 330 гаруй сумын номын сангуудад түгээгдэж, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Г.Батсүхийн санхүүжилтээр монгол Улсаас гадаад улсад суугаа 30 Элчин сайдын яамдад очжээ. мөн аНУ-д амьдран уран бүтээлээ туурвигч жүжигчин В.Наран-амгалангийн оюунлаг хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн бүх сумдын Соёлын төвд хүргэгдсэн билээ. Энэ бүхнийг 25 дахь дугаар уншигчдадаа хүрч, 26 дахь дугаар бэлтгэгдэж байгаа энэ өдрүүдэд дурсахад тун таатай байна.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээврийн жолооч биедээ 1.3 кг алт нууж хил нэвтрүүлэхийг завджээ

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр нүүрс тнээвэрлэж явсан автомашины жолооч Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Улмаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, үнэт металл /алт/, түүх, соёлын дурсгалт зүйл, байлдааны галт зэвсэг, галт хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нь хүнд гэмт хэрэгт тооцогддог бөгөөд үйлдсэн этгээдэд 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазар: Манай улсын цаашдын хөгжлийн гол концепц нь уул уурхайн салбараас салаалж явах учиртай

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Үндэсний геологийн алба Засгийн газар, УИХ-аар орж батлагдлаа. Ач холбогдлын тухайд салбарын сайдын дүгнэлтийг сонсмоор байна?

-Монгол Улсад Ардын хувьсгал ялсан цагаас хойш уул уурхайн салбарыг хөгжүүлэх гэж хүчин чармайлт гаргасаар ирсэн байдаг. 1939 онд Үндэсний Геологийн алба үүсгэн байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн онд бид түүхт 80 жилийн ойгоо олон бүтээлч ажлуудаар тэмдэглэн өнгөрөөсөн. 1939-1990 оны хооронд Үндэсний Геологийн алба улс орныхоо эрдэс баялгийн салбартаа тэргүүлэх хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулах,чиглэлийн боловсон хүчний бодлогоо чамбайруулах ажлыг хийсээр байсан түүхтэй.

Түүний ч хүчинд олон боловсон хүчин бэлтгэгдэж дэлхийд хүрсэн томоохон мэргэжлийн эрдэмтэд, мэргэжлийн багтай болж геологийн албаар дамжуулж манай улсын хөгжилд түлхэц болсон томоохон алхмууд хийгдэж ирсэн байдаг. Гэвч 1990-ээд онд энэхүү том албыг татан буулгасан байгаа юм. Үндэсний геологийн албыг яагаад дахин байгуулах болов, одоо үнэхээр шаардлагатай юу гэж хүмүүс эргэлзэж асуудаг.

Үндэсний геологийн алба нь өөрөө улсын хөгжлийн оновчтой, зөв хурдасгуур байдаг. Мөн Үндэсний аюулгүй байдлын цөм хэсэг болсон байгууллага гэж хэлж болно. Геологийн албыг татан буулгаж хараа хяналтыг сулруулснаараа 1990-ээд оны эхэн үеэс эхлээд нийт 30 жилийн хугацаанд 17 мянга гаруй тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг.

Тэр хугацаанаас хойш цуцлагдсан, буцаад хураагдсан гээд их олон шат дамжлага дамжиж төрд буцсан, гар дээрээс наймаалцсан гэх мэт байдлаар явж ирсэн байдаг. Үүнээс үүдэж иргэдийн дунд лицензийн наймаа гэсэн яриа гарсан. Энэ замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс Үндэсний геологийн албыг дахин байгуулахаар УИХ шийдвэрээ гаргалаа.

-Тусгай зөвшөөрлийн болон газрын хэвлийн судалгаа нэгдсэн зохион байгуулалтад орж цэгцэрнэ гэж ойлгож болох нь тийм үү?

-Тийм ээ. Манай геологийн салбарынхан, эрдэмтэд, ахмадууд түүхэн гавьяатай үйл хэргүүдийг хийж ирсэн гэдгийг онцлох ёстой. Ер нь Монгол Улсын томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар дүн шинжилгээтэй эдийн засгийн тооцоо судалгаа хийгдэж ирсэн. Үүнийг бид цаашдаа шинжлэх ухаанч байдлаар олон улсын түвшинд гаргая, хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдалтай холбож геологийн хайгуулын ажлыг геофизик, геохимийн оновчтой чиглэлд заавал судалгаа хийх ёстой.

Мөн дээрээс нь дэд бүтэц, барилга хот байгуулалтын төлөвлөлттэй холбож хөрсний судалгааг заавал хийх ёстой. Томоохон бүтээн байгуулалтыг хийе гэхэд л ер нь үйлдвэр технологийн шаардлагад нийцсэн газрын судалгаанууд заавал хийгдсэн байх ёстой. Газар хөдлөлийн өндөр бүсэд байдаг дээрээс нь усны хайгуул, газрын хөрсний бүтцийг нарийвчилж нээн үүн дээрээ судалгааг зөв хийж ирээдүйн хот төлөвлөлтүүдийг, ирээдүйн бүтээн байгуулалтуудыг, ирээдүйн үйлдвэрлэлийн хөгжлийг ч гэсэн бид давхар давхар системтэй нэгдсэн зохион байгуулалтад оруулж цаашдаа явах ёстой гэдэг гол зарчим дээр суурилж энэ бодлого гарсан гэж бодож байгаа.

-Замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг хумьж чадаж байна уу?

-У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед өнгөрсөн 27 жилийн замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг эмх цэгцэнд нь оруулж, шаардлагад нийцсэн байдлаар бид цаашдаа үйл ажиллагаагаа нэлээн эрчимжүүлж өндөржүүлсэн байдлаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ер нь энэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө эрс багассан байгаа. Энэ нь юутай холбоотой юм гэхлээр шууд өргөдлөөр авдаггүй, сонгон шалгаруулах тэр дүрэм журмын хүрээнд тодорхой хэмжээнд дэнчингийн хөрөнгө санхүүгээ тавьж эрсдэлээ гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хүлээж ирдэг тогтолцоо руу оруулсантай холбоотой.

Улсын төсвийн орлогын тодорхой хэсгийг ч бүрдүүлж байгаа. “Хариуцлагатай уул уурхай” гэдэг ойлголтыг төлөвшүүлэхээр өнгөрсөн хугацаанд чармайн ажиллалаа. Уурхайн нөхөн сэргээлт хийдэггүй, орон нутагтайгаа хамтарч ажилладаггүй, байгаль орчны эко систем буюу экологийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, тодорхой хэмжээнд олборлолтоо явуулчихаад эргээд хариуцлага хүлээхгүй зугтаадаг гэх мэт замбараагүй байдлыг цэгцэлж эхэлсэн.

Нөгөө талаасаа төрийн мэдэлд байгаа баялаг нь тодорхой болсон тусгай зөвшөөрлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байна. Төр ч гэсэн өөрөө сонгон шалгаруулалт зарлаж гадаад болон дотоодын шаардлагад нийцсэн санхүү болон хүний нөөц, техник технологийн хувьд стандартын дагуу ажиллаж байгаа аж ахуй нэгжүүдийг шалгаруулснаар цаашдаа хариуцлагагүй уул уурхай хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг эмх цэгцэнд нь оруулна .

-Уул уурхайн салбараас манай улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөөллийн тухайд та ямар бодолтой байна?

-Уул уурхайн салбар маань манай улсын эдийн засгийн гол суурь багануудын нэг мөн. Хамгийн гол цөм нь гэсэн үг. Иймээс хариуцлагатай, хариуцлагагүй гэдэг бодит нөхцөл байдлаараа ангилах ёстой болчихоод байгаа юм. Хариуцлагатай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит компаниуд байна. Сайн ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд бий. Үүнийг би салбарын сайдын хувьд хэлэх ёстой. Манай салбар сайнтай муутай, хар цагаантай явж байгаа.

Хөрөнгө оруулалтынхаа эрх зүйн орчинг өшөө жоохон чангаруулаад гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг энэ салбарт оруулах шаардлагатай. Манай салбар 24 цагт л Монгол Улсын төсөвт 8.1 тэрбум төгрөгийн бодит орлого оруулдаг гэдэг тооцоолол байдаг. Уул уурхай хүнд үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн 72 хувь, экспортын 90 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувийг дангаараа бүрдүүлж байгаа гэдгийг сар болгоны “Ил тод-хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал дээр байнга хэлдэг. Уул уурхайн салбараас хамааралтай шууд болон шууд бус дам нөлөөллөөр оруулж ирж байгаа нийт валютын урсгал бараг долоон тэрбум долларт хүрч байгаа. Энэ хэмжээний валютын урсгалыг оруулж байгаа салбар учраас бид яаралтай цэгцэлж илүү их хөрөнгө оруулалтыг гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж хамтын байдлаар цаашдаа ажиллаж Улсын эдийн засгийг тэтгэх ёстой.

Үүний ард нийгэм, боловсрол, эрүүл мэнд, төрийн албан хаагчид, төрийн захиргааны байгууллагуудын тэтгэвэр, тэтгэмж цалин гээд маш олон салбар усны ундарга мэт тэтгэж байгаасай гэж боддог.

-Энэ бүхний ард гадаадын том хэмжээний хөрөнгө оруулалт оруулах асуудал зайлшгүй сөхөгдөнө?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын салшгүй нэг хэсэг бол гадаадын хөрөнгө оруулалт. Иймээс л би гадны хөрөнгө оруулагчдад манай салбарын хууль эрх зүйн орчин тогтвортой, итгэл төрүүлсэн, урт настай, найдвартай байх талаасаа ажилласаар ирсэн. Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбар гэдэг бол хамгийн их хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж бусад салбаруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахад гол багана болсон салбар. Эрдэс баялгийн салбараас сүүлийн дөрвөн жилд нийтдээ татвар хураамж хэлбэрээр найман их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байдаг. Манай Улсын цаашдын хөгжлийн гол концепцууд уул уурхайн салбараас салаалж явах ёстой. Энэ салбар дээр суурилж цаашдын аль ч улс төрийн хүчин засгийн эрх барьсан, аль ч Засгийн газар байсан энэ салбарыг л бид эхлээд эмх цэгцэнд нь оруулаад хариуцлагажуулаад хамтарсан байдлаар хамтын бүтээмж байдлаар нийт Монгол Улсын иргэдийнхээ энэ эрх ашигт нийцүүлсэн байдлаар улсын хөгжил хөрөнгө оруулалт татах байдлаар цаашдаа явах ёстой гэж бодож байгаа.

-Төрөөс олгосон Таван толгойн ордын 1072 хувьцаанаасаа ногдол ашиг авахаар болж байна. Энэ талаар төрөл бүрийн мэдээллийн урсгал явж байна?

-Иргэддээ 1072 ширхэг хувьцааг хувьцаа буюу “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн аж ахуй нэгж, иргэдтэй нийлээд 20 хувийг төрөөс хувьцаа хэлбэрээр олгосон байдаг. Энэ 10 жилийн хугацаанд ялангуяа Таван толгой улс төрийн янз бүрийн саад бэрхшээл, дардан бус замуудыг туулж ирсэн түүхтэй байдаг. Таван толгой өөрөө яагаад гэхлээр улсын эдийн засагт голлох жин дарах цаашлаад гадаадын хөрөнгө оруулагч нараас хөрөнгө санхүүгийн эх үүсвэр татах боломжтой гэдэг үүднээс тойрсон улстөржилт байнга явдаг. Үүнийг манай ард иргэд бүгдээрээ мэдэж байгаа. Өнөөдөр жишээ нь мега төсөл буюу том хэмжээний төслүүдийг аль болох улстөржүүлэхгүйгээр аль болох эдийн засагт эрүүл байдлаар хөрөнгө мөнгө татан төвлөрүүлэх энэ ажлыг ер нь Засгийн газар болгон бодож үүнийг хийж бүтээхийн төлөө бүгдээрээ чармайж ирсэн.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг бас энэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Өнөөдөр У.Хүрэлсүхийн Засгийн газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлогын иж бүрэн баримтууд үе шаттайгаар гарч эхэлсэн байдаг. 2018-2027 оны бичиг баримт дээр ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд тус тусад нь гарсан. Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлож байгаа газрын тосыг боловсруулах төрийн өмчит үйлдвэрийг ашиглалтад оруулах гээд бодлогын бичиг баримтууд болон холбогдох засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Энийг бид нар цааш нь авч явах хийх нь улсын Онц стратегийн салбар юм гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас энэ Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тодорхой заасан энэ ажлыг бид нар үргэлжлүүлээд бид нар бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа. Ер нь эдийн засаг болон санхүүд үзүүлж байгаа энэ эффект буюу нөлөөлөл нь манай улс өмнөд хөрштэйгөө эдийн засгийн чиглэлээр импортоор бараг 90 орчим хувь хамааралтай. Нефт бүтээгдэхүүнээ бид нар Оросын талаас 100 хувь хараат шатахуунаа импортоор авч байгаа. Тийм учраас газрын тосны салбарт эргэлдэж байгаа мөнгөн дүнг бензин шатахууны хараат байдлыг зохицуулах зохицуулалт нь өөрөө газрын тос боловсруулах үйлдвэр юм. Ер нь улс орон ямар чиглэлээр ямар ч салбартаа бид нар өнөөдөр боловсруулах үйлдвэрийг үр дүнтэй өндөр сайн зохион байгуулж аль болох л олон үйлдвэрийг барьж ажлын байр бий болгож нэмүү өртөг шингээх ёстой. Аль болох Монгол Улсдаа валютын урсгалыг улсдаа тогтоох буюу нөөцийг нэмэгдүүлэх энэ тал дээр бид нар бүгдээрээ хүч гаргаж хамтын байдлаар ажиллах ёстой. Энд Ерөнхийлөгчийн чиг үүргийн институци дээрээс нь хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх засаглал хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр байгуулж байгаа дээд байгууллага УИХ энэ гурван байгууллагын гол үндэс нь ерөөсөө энэ стратегийн салбар Монгол Улсын валютын нөөцийг улсдаа нөөцөлж цаашлаад нөөцөө нэмэгдүүлэх энэ чиглэл рүү улсын хөгжлийн бодлого улсын мөнгөний бодлого улсын цаашдын стратегийн бодлого явах ёстой. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод 2024 онд үйл ажиллагаануудаа хэвийн хангаад эхлэхийн бол бид нар гадагшаа урсаж байгаа тэрбум долларын валютын урсгалыг үе шаттайгаар улсдаа нөөцөлж үлдээх жишээ нь 30 хувь, 40 хувь, 30 хувь гэдэг байдлаар зохицуулах. Цаашдаа тодорхой хугацаанд гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг Монгол Улсдаа Монгол Улсын валютын нөөцөд үлдээх ёстой. Энэ нь цэвэр төв банкны мөнгөний бодлого дээр суурилж явах ёстой гэж бодож байгаа. Энэ чиглэл рүү УУХҮ-ийн салбар тэр дундаа газрын тосны салбарын бодлого чиглэл үйл ажиллагаагаа хандуулаад явах ёстой гэж бодож байгаа. Бид нараас шалтгаалах Монгол талын хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд хийгдэх бүх дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийсэн.

Одоо газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ эхний шав тавих бүх үйлдвэрийн техник технологийн ажлууд техникээ сонгох гээд маш олон үе шаттай процесс хийгдэж байгаа. Энэ ажлууд таван сараас эхлээд хийгдээд эхэлнэ.

Тэгэхээр бид нар дөрвөн жилийн хугацаандаа буюу 2024 онд түлхүүр хүлээлцэх нөхцөлөөр ажиллаж байна. Монгол Улс 2024 онд үйлдвэрээ хүлээж авна гэж бодох ёстой.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

92021256_123180499320600_5441642771402194944_n-6ukhmjkzzs2vj3dd5txhn3id175nwi1f9idefqa2jwg.jpg

Өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 07-ны 08:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвд ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10, 34 дүгээр ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галын дөлийг 09:08 цагт дарсан. Гал түймэрт өртөж 4 га газар, 8 байшин бүрэн шатсан.

Гал түймрийн улмаас 6 байшинг шатахаас авран хамгаалж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронагаас авч үлдэх сургамж, дадал

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа маш олон зовлон бэрхшээлийг туулж өдийг хүрсэн. Нийтийг хамарсан дайн самуун, өвчин тахал, байгалийн гамшигт үзэгдлээс болж хэдэн зуун мянгаараа, сая саяараа хиарч байсан түүх бий. Гэсэн ч энэ бүх гай зовлонг давж гарахын тулд хүн төрөлхтөн улам ихийг сурч, илүү ихийг хийж байснаараа өнөөгийн түвшинд хүрч чаджээ. Өөрөөр хэлбэл, аймшигт цар тахал, дайн байлдааны хор уршиг өгүүлшгүй их боловч үүний дараа шинэ, шинэ соёл дэлгэрч, шинжлэх ухаан улам л хөгжсөн байдаг. 60 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны дараа л гэхэд цөмийн шинжлэх ухаан, сансар судлал, харилцаа холбооны салбар гэх мэт шинжлэх ухаан шинэ шатанд хөгжих эхлэлийг тавьжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа л гэхэд пулемёт, миномет болоод усанд шумбагч хөлөг онгоц, зэрэг байлдааны үйл ажиллагаанд урьд өмнө ашиглаж байгаагүй зэвсэг техник гарч ирээд зогсохгүй, цэргийн нисэх хүчний хөгжлийн эхлэл тавигдаж, тагнан турших болон сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны төрөл ангиуд үүсэн хөгжсөн байдаг. Харин дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хавьцаа гарсан Испани ханиад дэлхийн 50-100 сая хүний амийг авч одсоноороо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл дагуулсан аймшигт халдвар хэмээн тэмдэглэгджээ. Энэ хөнөөлт өвчний талаар анх мэдээлэл түгээгээгүй дарсан нь олон сая хүнд халдах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Мөн дэлхийн дайн ч нөлөөлсөн нь тодорхой. Олон зуун саяар нь хүнээ алдсаны дараа л Европ даяараа “Хичнээн хэцүү байсан ч ард түмнээсээ үнэнийг нуухгүй байх” хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Энэ үзэл баримтлалыг өдгөө соёлт хүмүүс мөрдлөг болгосоор байна.

Өнөөдөр дэлхийн улсуудад аюул болоод буй коронавирусээр олон мянган хүн эндээд байгаа ч хүн төрөлхтөнд бас нэгэн шинэ соёл хэвшүүлж, шинэ нээлтүүд гарч ирж байна. Хамгийн ойрын жишээ бол коронавирусийг анх гурав хоногт шинжилж тогтоож байсан бол өдгөө таван минутын дотор оношилж чадаж байна. Энэ нь анагаахын шинжлэх ухааны оношилгооны салбар хэрхэн хурдан хөгжиж, шинэ шинэ бүтээгдэхүүн шил даран гаргаж байгаагийн жишээ. Цаашид үүнээс ч илүү хурдан, хялбар оношилгоо эмчилгээний арга, хэрэгслүүд гарах нь дамжиггүй. Өнөөдөр Бээжингийн томхон дэлгүүр, үйлчилгээний төвүүд орж гарч байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг алсын зайнаас хэмжиж том дэлгэцээр харуулж байна. Халуунтай хүн байвал нэг алхам гишгүүлэхгүй мэдэх боломжтой гэсэн үг.

Монголчууд бид ч шинэ дадал, хэвшилтэй болоод, хэзээний ийм байсан мэт амьдарч байгаа. Бид гараа хэрхэн угаахыг шинэ түвшинд сурч байна. Мөн маск зүүх, нус цэрээ ил хаяхгүй, онц шаардлагагүй бол олноороо бөөгнөрөхгүй байх, ариун цэвэрч, шинэ хэв маягт бүгдээрээ л дасан зохицож эхэллээ. Яг энэ маягаараа хэвшил тогтоовол элдэв халдарт өвчин гарах магадлал буурдгийг бүгдээрээ харж байна. Өвөл, хаврын улиралд эмнэлгийн коридорт хүртэл багталцахгүй чихэлдэж, эмчлүүлдэг хүүхэд, хөгшид одоо алга. Он гараад коронагаас өөр нийтийг хамарсан өвчин гарсангүй. Өдөр тутмын амьдралдаа энэ бүхнийг хэвшил болоод дадвал бид элдэв маяггүй энгийн сайхан амьдарч чадах юм байна. Манай сонинд өгсөн судлаачийн ярианаас харахад өмнө нь 27-37 насны нэг, хоёр хүүхэдтэй гэр бүл долоо хоногт их сайндаа гурван удаа хоолны ширээний ард бөөнөөрөө суух боломжтой байж. Замын түгжрэл, гадуур хооллолт, хүүхдээ цэцэрлэг, аав ээжийнхээсээ авах хугацаа зэрэгт гэр бүлийн хамтдаа байх цагийн дийлэнх нь зарцуулагддаг байв. Харин одоо сургууль, цэцэрлэг ажиллахгүй, бага насны хүүхэдтэй ээжүүд гэртээ байгаа, ихэнх байгууллага онлайнаар ажиллаж эхэлсэн зэргээс болоод гэр бүлийн хамтдаа байх цаг нэмэгдэж, ядаж л орой бүр хамтдаа ярилцаж, хооллодог болсон гэж байгаа. Ингэснээр гэр бүлд эерэг дулаан уур амьсгал бүрдэж байна гэх.

Хүмүүсийн худалдан авалтад ч эерэг нөлөөлөл гарч байна. Дэлгүүрт ороод зөвхөн хэрэгтэй зүйлээ авдаг, эрүүл мэндийн дайсан гэгддэг хийжүүлсэн ундаа, чихэр, чипснээс татгалзаж эхэлжээ. Учир нь корона тусахгүй байхын тулд хүний дархлаа сайн байх ёстой. Дархлаа дэмжих эрүүл хүнсийг л гэрийн эзэгтэй нар сонгож байна.

Урьд жилүүдийн Цагаан сарын нүсэр золголт, дээл хувцас, өргөн хэсэлт ямар их мөнгө үрж, яаж ядраадаг байсныг одоо нийтээрээ ярьж байна. Цагаан сарыг өнөө жилийнх шиг тэмдэглэвэл их зүгээр юм гэж нийтээрээ л шагшиж байна. 2018 оны байдлаар манай 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байжээ. Судалгаагаар нэг өрхөөс дунджаар Цагаан сард 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг. Тавгийн идээ болон гарын бэлэгт улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гардаг. Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргадаг гэсэн тооцоо байна. Тэгвэл бид энэ жил гадагшаа ийм их мөнгө цутгасангүй. Гэхдээ л Цагаан сараа цомхон, тун дажгүй тэмдэглэчихсэн.

Мөн Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраас эхлээд хэн нэгнийхээ төрсөн өдрийг хүртэл хөөрч цэнгэлгүй, даруухан тэмдэглэж болдог гэдгийг мэдэж авлаа. Утга учиргүй олон хурал, семинар, үр дүн муутай хувийн болон ажил хэргийн уулзалтуудгүй бид амьдарч болоод л байна. Баасан гаригийн их архидалт, караоке дахь уулт байхгүй байсан ч амьдарч болж байгааг бид харж байна. Бааранд орж стрессээ тайлахгүй бол яаж амьд явах вэ гэж ярьцгаадаг нь худал болохыг мөн мэдлээ. Түүний оронд гэр орондоо эхнэр хүүхдүүдтэйгээ жаргал зовлонгоо хуваалцан инээхдээ инээж, уурлахдаа уурлаад бужигнаж байхад сайхан тайвширдгийг одоо л амьдралдаа үзэж байна.

Архидалт, байнгын хурал семинар, өглөө оройгүй худал үнэн ажил хийсэн нэр зүүж гэр орноосоо гадуур байх ямар их дарамттай байдгийг, энэ нь эрүүл мэндэд ямар их дайсантай байсныг хэдүүлээ мэдэж авсан нь чухал юм. Тэгэхлээр эрүүл байхыг хүсвэл өдөр бүр согтохгүй байхад л болдог юм байна. Эрүүл эр нөхөр хэрүүл хийдэггүй, эхнэртээ загнуулдаггүй, загнуулаагүй болохлоор хэрэлдэх хэрэг юу байна гэх мэтчилэн. Ийм байхад гэр бүлд энх тайван тогтож хүүхэд гарч тэнэхгүй, эхнэр үглэж яншихгүй амьдрал тэгшрээд явчихдаг гэдгийг энэ өвчний гайгаар ч гэх юм уу, золоор ч гэдэг юм уу мэдэж авлаа.

Ихэнх ажлыг цахимаар хийж болдог болчихоод байсныг одоо л хэрэгжүүлж үзэж амьдралд туршиж сурч байна. Хувь хүний харилцаа ч өөрчлөгдөж эхэлж. “Маскаа зүүгээч” гэвэл “Ямар сүртэй юм” гэж хялалзах хүн ч алга болов.

Энэ бүхнээ одоо бүгдээрээ бүр дадал, хэвшил болгоод авмаар байна. Ноднин тэмдэглэж чадаагүй юм гээд цагаан сар, наадмыг улам нүсэр хийх биш, хүндрэл чирэгдэл багатай өнөө жилийнх шиг хийж сурмаар байна.

Аз жаргалтай, амар хялбар амьдрахад нэг их олон зүйл хэрэггүй юм байна гэдгийг бид энэ өдрүүдэд мэдэж авч байна. Хамгийн гол нь эрүүл мэнд л чухал, эрүүл байвал бусад бүх зүйл аз жаргал юм байна гэдгийг мэдэж авсан нь энэ тахлын үеийн хамгийн гол олз юм.

Categories
мэдээ цаг-үе

Хуульч Ж.Эрхэмбаатар: Сэтгүүлч эх сурвалжаа нууцлахад л худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт буруутгагдана

Хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах үүрэгтэй байдаг. Өнөөдөр манайд эх сурвалжаа нууцалсан сэтгүүлч ялтан болох нөхцөл бүрдчихээд байна. Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж мэдээ материал нийтэлснийхээ төлөө хуулийн байгууллагад дуудагдахад хамгийн түрүүнд эх сурвалжаа хэлэхийг шаарддаг болжээ. Үүнийг хуульч хүний зүгээс хэрхэн харж байна вэ?

-Хэвлэн нийтлэх эрх чөлөө, нөгөө талаараа хувь хүний мэдээлэлтэй байх эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт байдаг ч хийдэл, цоорхой ихтэй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай нэг нүүр хууль. Яаж, хэрхэн хамгаалах нь тодорхойгүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хязгаарласан хууль эрхзүйн орчин бий болгохгүй гэх хязгаарлалт байдаг ч баталгаа байхгүй. Өнөөдөр Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө баталгаатай хангагдаагүй байгаа. Сэтгүүлч баримттай ярих ёстой гэдэг. баримтаа дэлгэхэд хувь хүн байгууллагын нууц задруулсан хэрэгт ордог. Баримтгүй ярихад худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг үйлдсэн болж байгаа. Баримтынхаа араас хайж яваад олоход хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсхүл хууль бусаар гүйцэтгэх ажил хийлээ гээд эрүү үүсдэг болчихоод байна. Хаашаа л гишгэнэ, цаана нь гэмт хэрэг тосож байна. Ийм орчинд ажиллаж байгаа сэтгүүлч нарын эрх чөлөө баталгаажсан, хамгаалагдсан гэж хэлж чадахгүй.

-Сар орчмын өмнө гүтгэх заалтыг Зөрчлийн тухай хуулиас аваад Эрүүгийн хууль руу оруулчихлаа. Энэ нь сэтгүүлч нарын ажиллах эрх зүйн орчинг бүр л дордуулаад байх шиг. Та энэ үйлдлийг хэрхэн харж байна вэ?

-Хоёр талтай. Хуульч хүний зүгээс харахад Эрүүгийн хуульд байсан нь дээр гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтад гутаан доромжилсон агуулгатай мэдээ, мэдээллийг олон нийтэд тараах нэр төр алдар хүндэд халдах гэсэн заалт байсан.Сэтгүүлчийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох санкцтай байсан.

Зөрчлийн хуулиар зөрчлийг тодорхойлсон зөрчлийг илрүүлж шалгах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан процессын хүрээнд явагдана. Энэ хуулиар гүтгэсэн үү, үгүй юү гэдгийг тогтоох эрхийг цагдаад өгчихсөн. Зөрчилд холбогдогчийг дуудсан болоод л тайлбарыг нь ч авахгүй, баримтыг нь үзэхгүй шууд л торгодог байлаа. Олон ч сэтгүүлчийг торгосон доо. Өөрөө ирээд, нотлох баримтаа гаргаж, өөрийгөө хамгаалах тайлбар хийгээгүй байхад нь торгочихдог байсан шүү дээ. Сүүлд баримтаа аваад очиход нь “шүүхээр явж учраа ол” гэсэн хариутай нүүр тулдаг. Сэтгүүлч өөрийгөө хамгаалах бололцоо муу байсан гэж ойлгож болно. Хүн гүтгэснийг нь цагдаа нар аль хэдийнэ тогтоочихож байгаа юм. Эрүүгийн хоёр шатны шүүхээр явах хуультай. Дээд шүүхийн хяналтаас гадуур байсан. Үүнийг би сөрөг гэж харж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь процесс нь сэтгүүлчийг хамгаалах заалтууд нь байхгүй байгаа нь илэрхий харагдаж байна. Ийм учраас л эрүүгийн хэрэгт тооцон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн процессын хяналт, хамгаалалтад оруулах нь зөв гэж боддог.

-Сэтгүүлчид хазгай гишгэхэд л Эрүүгийн гэмт хэрэгтэн болох айдастай ажиллаж байна. Эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэх сэтгүүлчид олон байна лээ…

-Гэмт хэргийн шалган шийдвэрлэх ажиллагаанд нь цагдаа оролцож байгаа боловч зөвхөн нотлох баримт бүрдүүлэх ажлыг хийж байгаа. Сэжигтэн яллагдагч өөрийгөө хамгаалах, өмгөөлөгч авах эрхээр хангана. Мөн прокурорын хяналт хэрэгжинэ. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиас хавьгүй өргөн, хяналт, баталгаатай. Цагдаа материал бүрдүүлэх ажиллагаа хийгээд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно. Ингээд харьцуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл явцаар явсан нь илүү дээр байгаа юм. Дараагийн нэг үндэслэл нь гурван шатны шүүхээр гэм буруутай эсэхээ хянуулна. Энэ үед нь өөрийгөө хамгаалах тайлбараа өгөх, өөрт шаардлагатай гэрчүүдийг дуудах, бусад иргэн хуулийн этгээдэд байгаа нотлох баримтыг гаргуулах, үнэн зөвийг батлах бололцоо өргөн болж ирсэн. Гүтгээгүй ч байж болно шүү дээ. Гурван шатны шүүхээр гэм буруугаа дэнслүүлэх зэрэг процессын давуу тал, хамгаалалт байгаа.

-Хоёр талтай гэж та яриандаа дурдаж байсан. Сөрөг талыг нь та яаж харж байна вэ?

-Сөрөг тал гэвэл гутаан доромжилсон гэдэг агуулгын шаардлагыг нь аваад хаячихсан. Зөвхөн илт худал мэдээлэл гэдэг томьёоллоор оруулчихсан. Гутаан доромжилсон агуулгагүй байсан ч нийтэлсэн агуулга бодит байдал хоёр зөрөхөд л гэмт хэрэгт орооцолдчих нөхцөл байдал үүссэн. Зөрчлийн хуульд агуулгын шаардлага, үнэн зөвийн шаардлага, нэр төрд нь халдсан үйлдлийг шалгадаг байсан бол одоо больсон. Анхаарал алдаж жаахан худал мэдээлэл нийтлэхэд л гэмт хэрэг рүү халтирч орох гээд байна.

-Сэтгүүлчид хардах эрхтэй. Энэ эрх хөрсөн дээр хэрэгжихгүй байх шиг…

-Хардах эрхтэй л гэдэг. Одоогоор баталгаажсан хууль нь алга. Хэрэв энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэж хардаж байгаа ч өөрт тань баримт байхгүй бол хэвлэн нийтлэх биш, хууль хяналтын байгууллагад хандаж болно. Тухайн эрх бүхий байгууллагууд иргэний өргөдөл, мэдээлэлд үндэслээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж таны хардлагын үнэн зөвийг тогтооно. Нөгөө талдаа хардаж байна гээд сонссон бүхнээ олон нийтэд цацаад байж болохгүй. Цаана нь хохирч буй иргэний нэр төр гэж байгаа шүү дээ. Мөн л хуулиар хамгаалагдсан эрх. Үүнд дур зоргоороо хандаж болохгүй.

-Сэтгүүлчид цаашид ажил үүргээ гүйцэтгэхдээ айх аюулгүй ажиллах гарц гаргалгааг хуульч хүний зүгээс та хэрхэн харж байна вэ?

-Дөрөвхөн заалттай нэг л хуулийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Ямар тохиолдолд сэтгүүлчийн хардах эрхийг хамгаалах, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хэрэгжүүлэх цар хүрээ, сэтгүүлчийн оролцоо ямар вэ гэх мэт зөвшөөрөгдөх нөхцөлүүдийг тогтоох ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүлч жаахан хазайхад л хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох гээд байна. Тэгвэл эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ямар тохиолдолд зөвшөөрөх, аль тохиолдолд зөвшөөрөгдөхгүй гэсэн хэмжээ хязгаарыг тогтоогоод өгөх ёстой. Мэдээж нийтийн албан тушаалтны хууль бус үйлдлийг илчлэх хэцүү. Араас нь мөрдөж баримт цуглуулна. Энэ үед нь л сэтгүүлчийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гээд гэмт хэрэгт холбоод байвал нийтийн албан тушаалтны үйлдэл, шийдвэрийн сүүдэртэй хэсэгт хүрэхгүй биз дээ. Нийтийн албан тушаалтан олон нийтийн хяналтад байх ёстой. Хяналтыг хэрэгжүүлдэг субьект нь сэтгүүлчид. Энэ чиг үүргийг хууль ёсны болгох нөхцөлийг хуулиар тогтоож, хамгаалах ёстой. Энэ цагт л сэтгүүлчид баруун зүүн алхаад гэмт хэрэгт орчихолгүй ажил үүргээ гүйцэтгэнэ. Ажлын үр дүнд нийтийн албан тушаалтнуудын хууль бус үйлдэл илчлэгдэнэ. Ингэснээр нийтийн алба цэвэрших ач холбогдолтой. Хууль эрх зүйн орчноо сайжруулах талаар сэтгүүлчид ажиллах л ёстой.