Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Гамшгийн өмнөх сэтгэл зүйн бэлтгэл

ОБЕГ-аас “Гамшгийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн мэдээллийг хүргэж байна. Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Гамшгийн үед сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох аюултай. Тиймээс сэтгэл зүйгээ урьдчилан бэлдэж, болзошгүй тохиолдолд бэлэн байх үүднээс дараах зүйлсийг зөвлөж байна.

Үүнд:

  1. Гамшгийн талаарх ойлголттой байх
  2. Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх
  3. Хожуу үүсэх стрессээс ангижирч, тайвшрах аргад суралцах
  4. Бие биетэйгээ ярилцах
  5. Нийгмийн харилцааг эрүүлжүүлэх
  6. Аливаа үйл ажиллагаанд эерэг, зөв, идэвхтэй оролцох
  7. Сөрөг бодлоо эерэг бодлоор солих
  8. Архи, тамхи, хорт зуршлаас татгалзах
  9. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөв ашиглах
  10. Өөртөө анхаарал тавих
  1. Гамшиг тохиолдсон үед та юу хийх вэ?

Гамшигт өртсөний дараа хүн цочролд мэдрэмтгий болдог бөгөөд гэнэтийн жижиг зүйлээс ч айж, энгийн зүйлсийг ч хийж чадахгүй шокийн байдалд хүрдэг. Тиймээс бэлтгэлтэй байхын тулд гамшгийн үед юу тохиолддог болохыг судалж мэдсэн байх шаардлагатай. Ингэвэл та гамшигт өртсөн тохиолдолд тайван, цочрол багатай хүлээн авна. Гамшигт хэрхэн, яаж оролцох ямар арга хэмжээг авах, гамшгийн үед ажиллах агентлаг, байгууллагын мэдээллүүдийг мэдэж байх нь танд тустай.

  • Гамшгийн сэтгэл зүйн нөлөөллийг мэдэх

Гамшгийн үеийн сэтгэлийн түгшүүр, айдас, хямрал, нойргүйдэл, хар дарсан зүүд зэрэг нь хүмүүст тохиолддог сэтгэл зүйн хэвийн шинж тэмдэг юм. Тодорхой бус нөхцөлд сэтгэлийн түгшүүр идэвхтэй байдаг. Хэрэв сэтгэлийн хямрал удаан үргэжлэх, ажил, амьдралаа хэвийн зохицуулахад асуудал үүсвэл сэтгэцийн эмч болон сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна. Мөн сэтгэл зүйн өөрчлөлтийг үл тоох нь өөрт болон таны гэр бүл, эргэн тойрны хүмүүст сайн зүйл биш. Ердийн үед ч сэтгэл зүйн байдлаа ажиглаж, анхаардаг зуршилтай байх нь зүйтэй.

  • Стрессээс хэрхэн ангижрах, тайвшрах аргад суралцах

Стрессийг даван туулж сурснаар гамшгийн үед илрэх сэтгэл зүйн түгшүүр, сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Хамгийн шилдэг арга нь сонирхдог зүйлтэй болох, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх юм. Баясалгал, иог,

сунгалтын дасгал, булчин суллах дасгал, бодлоо цэгцлэх, хөгжим сонсох, ууланд алхах зэрэг дасгал хөдөлгөөнийг амьдралын зуршил болгох хэрэгтэй. Тайван, тогтвортой байдал нь стрессийг хялбар даван туулж, хэвийн, тайван байдалд хурдан оруулдаг. Сандрал, зовиур, түгшүүрийн байдалд амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй.

  • Сэтгэлээ уудлан ярилцах

Гамшигт нэрвэгдсэн үед бие биетэйгээ ярилцаж, холбоо барих нь сэтгэл зүйг тайвшруулдаг. Гамшгийн үед бусадтайгаа холбогдон, ярилцаж “Би ганцаараа биш” гэдгээ мэдрэх. Ердийн өдрүүдэд ч бусдыгаа сонсож, ярилцах нь сэтгэл зүйн бэлтгэл болно. Бусдыг шүүмжлэх, бусдад заахын оронд эхлээд сонсож сураарай. Бие биетэйгээ сэтгэлээ хуваалц, ярилц, сонс! Хүрээлэн буй хүмүүстэйгээ харилцсанаар, хямралын үеийг даван туулах ач тустай.

  • Эрүүл нийгмийн харилцааг бий болгох

Гамшгийн үед таны болон бусдын нүдэнд өртөхгүй, идэвхгүй байгаа хүмүүст анхаарал хандуулах хэрэгтэй. / бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, сэтгэл зүй, бие махбодийн хувьд сул дорой, бусадтай ярьдаггүй… г.м/

Зарим хүмүүс дуугаа хураах, ганцаараа байхыг илүүд үздэг. Ийм хүмүүсийг ч мөн адил сонсож, ярилцах нь ганцаардсан мэдрэмжээс нь салгаж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Гэр бүл, найз нөхөд, хөршүүдтэйгээ цагийг өнгөрөөж, бие биедээ туслаж, аз жаргал, эерэг хандлагыг бий болгох.

  • Эерэг, хөгжилтэй үйл ажиллагаанд оролцох

Эерэг, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь амьдралын идэвхийг нэмж, сэтгэл зүйг дэмжин, хүнд хэцүү байдлаас гарахад тусалдаг. Сайн дурын ажил хийх, гэр бүлтэйгээ хамт байх, ууланд алхах, өөрийн хоббитой болох зэрэг танд эерэг мэдрэмж өгдөг зүйлсийг үргэжлүүлэн хийх хэрэгтэй. Өөрийн дуртай зүйлээ хийх нь танд сайхан мэдрэмж өгөхөөс гадна эрч хүчийг тань нэмж байдгийг санаарай.

  • Эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх

Танд тохиолдсон зүйлсийн талаар хэрхэн бодож байгаа нь үйл хөдлөл, үйлдэлд тань нөлөөлдөг. Болж өнгөрсөн зүйлийг та өөрчлөж чадахгүй, тиймээс хэрэггүй бодлуудаа хаяж, танд тустай эерэг бодлууд дээр төвлөрөх нь үр дүнтэй даван туулах арга болно. Та өөрөөсөө байнга би эерэг зүйл бодож байна уу гэдгээ үргэлж асууж байгаарай!

  • Архи, тамхи, эмийн бодист найдаж болохгүй!

Гамшгийн үед стрессээс ангижрахын тулд архи, тамхи, хортой эмийг хэрэглэх тохиолдол байдаг. Гэвч эдгээр нь сэтгэл зүйн зовуурийг багасгадаггүй. Харин ч эсрэгээр бие, сэтгэлий эрүүл мэндэд муугаар нөлөөлж, хүмүүсийн хоорондох харилцаанд асуудал үүсгэдэг. Хэрвээ та сэтгэлийн шаналалтай байгаа бол эргэн тойрон дахь хүмүүстэйгээ заавал ярилцаж, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг дахин зөвлөе!

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зөв ашиглах

Гамшгийн үед маш хурдан мэдээ мэдээлэл, цуу яриа тархдаг. Худал хуурмаг мэдээлэл, эсвэл цуу яриа нь хүмүүсийг илүү их түгшээж, буруу сонголт хийхэд нөлөөлдөг. Тиймээс үнэн бодит, мэргэжлийн байгууллагын эх сурвалжтай зөв мэдээллийг олж авах нь гамшгийг тайван замаар даван туулахад тус болдог.

  1. Өөртөө анхаарал тавих

Өөрийнхөө эрүүл мэндийг сахиж, эрүүл хоол, давтамжтай дасгал хөдөлгөөн хийж, шингэж зүйлс сайн уух, сайн амарч байх нь тустай. Халуун усанд орж, массаж хийж, өөрийн сонирхдог номыг уншиж, алхах хэрэгтэй.

Эцэст нь өөрийн бие махбодь болон сэтгэл зүйн эрүүл мэндээ үргэлж сахин хамгаалах нь чухал гэдгийг зөвлөе!

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар коронавирусын халдвартай тэмцэхэд ДЭМБ оновчтой зөвлөмж, дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлж, цаашид дэлхий нийтийг хамарсан халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг сайжруулах, үүнд ДЭМБ-ын гүйцэтгэх үүрэг, жин нөлөөг дээшлүүлэх асуудлаар санал солилцов.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица эрүүл мэндийн хамгаалалд бүх салбарын оролцоог хангах, эмч, эрүүл мэндийн ажилтныг бэлтгэх, мөн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр манай ЭМЯ-тай нягт хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн онц ноцтой халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар бүс нутгийн түвшний хамтын ажиллагааг сайжруулж ДЭМБ-ын гүйцэтгэх үүрэг, жин нөлөөг дээшлүүлэх асуудлаар Гадаад харилцааны сайдын дэвшүүлсэн санаачилгыг судалж, энэ чиглэлээр монголын талтай үргэлжлүүлэн хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Европын холбооны улсуудад оршин суугаа Монгол Улсын иргэдээс хүсэлт ирүүлжээ

Европын холбооны улсад суугаа монгол иргэдээс Засгийн газар, Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, МИАТ ТӨХК, Монгол Улсаас ХБНГУ-д болон бусад улсад суугаа ЭСЯ-д хандан нээлттэй шаардлага, хүсэлт ирүүлжээ.

Уг шаардлага, хүсэлтэд:

“Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас үүссэн хүнд үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эмч эмнэлгийн ажилтнууд, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд та бүхнийг бүхий нөөц бололцоогоо шавхан, эх орноо тус аймшигт тахлаас амжилттай сэргийлэн ажиллаж буйд бид туйлаас талархаж буйгаа юуны өмнө уламжилъя.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол Улсын бүх иргэнээ татан авахын төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана хэмээсэн нь ажил болон албан шугамаар зорчиж яваад саатан, эдийн засгийн болон цаг хугацааны хувьд удаан хугацаагаар хүлээгдэж олон олон иргэдэд итгэл найдварын гал өдөөн захиалгат нислэг хүлээн суугаа билээ.

Тийм ээ, бүх Монгол хүн эх орон руугаа хэдийд ч очих эрхтэй, энэ онцгүй үед бүр ч илүү эрх ашгаа хамгаалан буцах боломжоор хангах үүргийг төр засгаас хангаж ажиллах ёстой хэмээн бид үзэж байна.

УОК оос 3 дугаар сарын 26-нд гаргасан мэдээлэлд „ХБНГУ-ын Берлин хот руу манайх шууд нислэг үйлддэг ч Берлин нислэг хүлээж авахаа зогсоосон. Хэдийгээр Франкфурт руу онгоц явуулж болох ч хүндрэл байна. Тиймээс энэ удаад Турк, Герман руу тусгай үүргийн онгоц илгээх шийдвэр гаргаагүй.“ хэмээн мэдэгдсэн.

Гэвч харамсалтай нь бодит байдалд ХБНГУ-ын Тээврийн яам болон Берлин хотын “Тэгэл(TXL)” онгоцны буудлаас бидний олж мэдсэнээр онцгой нөхцөл байдлын үед тухайн улс иргэдээ татан авах захиалгат нислэгийг буулгахад бүрэн боломжтой болно.

Цаашлаад бидний хил гаалийн албанаас авсан мэдээллээр „Германд бусад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй журам мөрдөгдөж буй ч дээрх тохиолдолд зохих журмын дагуу аль улсын, ямар хотоос ирэх танай улсын иргэд Транзит нислэгээр МИАТ-ын онгоцонд дамжин суухийг урьдчилан мэдэгдсэн тохиолдолд тухай бүрд шалган нэвтрэх зөвшөөрөл олгоно хэмээж буй мэдээг үүгээр уламжлахыг зөвшөөрнө үү.

Зөвхөн Герман төдийгүй Европын зарим улс орноос нөхцөл байдал ноцтой хүндэрч буй бөгөөд Берлинээр дамжин буцах боломжтой, нийт 466 Монгол Улсын иргэд нэн яаралтай буцах хүсэлт шалтгаанаа зөвхөн 2 өдрийн дотор бидэнд ирүүлээд байна.

Эдгээр иргэд нь бага насны хүүхдүүдээ айлд харуулаад түр ажлаар ирсэн, өвчтэй ээж аавыгаа асран хамгаалдаг, өрх толгойлсон иргэд, биеийн байдал муу, эмчийн хяналтад байдаг, жирэмсэн эмэгтэйчүүд, сурахаар ирсэн эрдэм номын өргөө нь тодорхой бус хугацаагаар цуцлагдсан өсвөр насны хүүхдүүд, сурагчид, эрхэлж буй ажил нь хаагдаж байр түрээсийн дарамтанд орж эдийн засгийн бодит хүндрэл үүссэн иргэд билээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаадад зугаалж явсан сайд дарга нарын хамаатнууд, эх орноосоо зугтаасан дүрвэсэн иргэд энд нэг ч алга. Та бүгдийн адил ажил амьдралаа залгуулахаар зүтгэж яваа Монгол Улсын иргэд энд цөхрөл алдан, үр хүүхэд, асран хамгаалдаг ээж аав, өдрийн талхаа залгуулдаг ажил амьдралдаа сэтгэл зовон хөрвөөж сууна.

Бид, Монгол Улсын Иргэд, өөрсдийн үүргээ үнэнчээр ухамсарлан анхаарал сэрэмжтэй байж, гадуур зорчихгүй, тухайн газар мөрдөгдөж буй дүрэм журмыг сахин, эрсдэлээс сэргийлэн муж улсдаа мөрдөгдөж буй хорио цээрийн дэглэмийг чанд сахин, гараа сайтар ариутган угааж, амны хаалт хэрэглэн, бүхий л бололцоогоороо сэргийлж, эх орон руугаа эрүүл буцахын төлөө өөрсдийгөө тусгаарлаж байна.

Тахлын голомт болж цаашид байдал улам хүндрэх магадлалтай байгаа газраас эрүүл саруул байгаа иргэдээ татан авах бүхий л арга хэмжээг авахгүй байгаа шалтгаан нь тусгаарлах байр, өрөө ор, төсөв мөнгө, эмнэлгийн ажилтны бололцоо байхгүйд гэж үү!

Монгол Улсын засгийн Газраас энэхүү нөхцөл байдлын үед бүх илүү зардлыг танан хэмээн мэдэгдэж буй ч Иргэд бидний нүдээр харахад одоо хийгдэж буй, хийхээр эхэлж буй олон олон үргүй зардлыг хойшлуулан тусгаарлах байр бэлтгэл, эмч эмнэлгийн ажилтнуудыг түр хугацаагаар татан нэмэгдэх хүч гаргахад төсөв тэрхүү мөнгөө хэрэглэх бололцоотой байна.

Олон олон сайхан сэтгэлт ААН-үүд, буудлын эзэд өөрсдийн байрыг ашиглуулж болох санал УОК-д гаргасан боловч тодорхой хариулт өгөөгүй мэдээг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээс гайхшран цөхрөл эрсэн харцаар гунигтай хүлээн авч байна.

Иргэд захиалгат нислэгээр эх орон руугаа буцахад тодорхой заасан хугацаанд каранти буюу хяналтад байхаа бүрэн ойлгож буй бөгөөд зорчихоос өмнө эрүүл мэндийн шинжилгээ хяналтад хамрагдах боломжийн талаар дор бүрээ хайн бэлтгэл хийж суугааг үүгээр дахин дамжуулъя.

Захиалгат нислэг үйлдэгдэх талаар нааштай шийдэгдвэл тодорхой тов, дагалдах төлбөрийн журам зааврыг та бүхний гаргасан журмын дагуу шуурхай барагдуулахад бэлэн байна.

Цаашлаад нөхцөл байдал улам хүндэрч буй үед удаан байх тусам байгаа байрнаас гаргах, аргагүйн эрхэнд хот дамжин зорчих зэргээр тахал өвчинд өртөх магадлал өндөр тул ус байдлыг харгалзан үзэж зөвхөн Азийн орон Солонгос Японоос гадна нэн ойрын хугацаанд Европын холбооны улсууд руу захиалгат нислэг үйлдэж иргэдээ татан авахыг биднээр дамжуулан хүсэлтээ ирүүлсэн нэр иргэдийг төлөөлөн уламжилъя.

Гүнээ хүндэтгэсэн

Эх нутаг руугаа буцах боломж цаг тутамд хүлээн суугаа Монгол Улсын иргэд

Монголчууд Германд мэдээллийн порталын хамт олон

2020 оны 4 дүгээр сарын 6 ны өдөр. Берлин хот” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19)-н нөхцөл байдлын мэдээлэл

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нарын эрүүл мэндэд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байгаа ажээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нар, тэдний эрүүл мэндэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хилийн боомтууд дээр зорчигчийн хөдөлгөөн харьцангуй буурсан. Зөвхөн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон УОК-ын зөвшөөрлөөр иргэдийг татан авч байгаа. Тэгэхээр хөдөлөөнд оролцож байгаа дийлэнх хүмүүс жолооч нар болж байна.

Өчигдрийн мэдээгээр харахад 479 тээврийн хэрэгсэлтэй 500 гаруй жолооч хилээр нэвтэрсний 23 нь газрын тос тээвэрлэн экспортолж буй жолооч байгаа. Мөн Алтанбулаг боомтоор өдөртөө 20 орчим ачааны тийр машин орж ирж байгаа бөгөөд ээлжийн жолоочтойгоо нийлээд 20 гаруй хүн бий. Жолооч нарын хувьд халдвар гарсан улсаас ачаа тээвэрлэж ирж байгаа учраас маш сайн хяналт тавихгүй бол халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа.

Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагууд хамтраад хяналт тавьж байна.

Хамгийн гол асуудал бол жолоочийн эрүүл мэнд. Богино хугацааны тээвэр буюу нүүрсний тээврийн жолооч нарт аль болох кабинаасаа гарахгүй байх, БНХАУ-д очоод хоол идэхгүй байх, мөн тэнд хоноглохгүй байхыг үүрэг болгосон. Хэрвээ халдвар авбал ямар дэглэмээр ажиллах талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж өгсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний хувьд хилийн дундын бүсэд жолооч машинаа аваачиж үлдээгээд цаанаас Хятадын жолооч ирж машиныг нь авч гарах зохион байгуулалт хийхээр ажиллаж байна” гэдгийг хэллээ.

Импортын ачаа, бараанд ЗӨСҮТ-ийнхөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа бол жолооч нарын эрүүл мэндэд тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Яргайтын Богинын аманд гарсан галыг бүрэн унтраалаа

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоёр хүн эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид хяналтаа үргэлжлүүлнэ. Ийм сайн мэдээ байна. ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нэээгдлээ. Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-аас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдлээ. Солонгос 5,000, Хятад 3,000 оношлуур хандивласан. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс шинжилгээ хийж байгаа.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлсэн. Ингэж лабаораторийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн нь хяналт сайжирна гэсэн үг. Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг “Бадрах энержи” компани эмч, ажилтнуудыг урамшуулаарай гэж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчиддаа урамшуулал болгож өгнө.

2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дарханд тусгаарлагдсан байсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн гээд 222 хүнд шинжилгээ хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн байна. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: АНУ, Испани, Итали, Их Британи, Турк зэрэг 10 улсад тархалт эрчимтэй явагдаж байна

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Дэлхий дахинд 1 346 566 хүн COVID-19-өөр өвчилж, 74 687 нас барсан. 278,695 хүн эдгэрч, нэг сая орчим хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Ойрын өдрүүдэд АНУ, Испани, Итали, Их Британи, Турк зэрэг 10 улсад тархалт эрчимтэй явагдаж байна. Харин манай улсын хувьд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 15 бөгөөд үүнээс хоёр нь бүрэн эдгэрээд байна. Улсын хэмжээнд 1,530 хүн ажиглалтад байна. Өчигдөр 547 хүн эмнэлгийн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн” гэв. Мөн жил бүрийн IV сарын 7-ныг ДЭМБ-ын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил уг өдрийг эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлажээ. Шинэ коронавирусийн халдвар тархсан цагаас хойш 36,000 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 нь амь насаа алдсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас 30 000 ширхэг амны хаалт хандивлажээ

“Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас 30 000 ширхэг амны хаалт гардуулан өглөө

“Монгол дахь Хятад иргэдийн энхтайван, эв нэгдлийг дэмжих” ТББ-аас өнөөдөр Улсын Онцгой комисст 27 сая төгрөгийн өртөг бүхий 30 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

Тус нийгэмлэг нь 2017 онд байгуулагдсан бөгөөд сайн үйлсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ үеэр хүнд цаг үед Монгол улсын төр засаг, ард түмэн эв санаа нэгдэж БНХАУ-ын иргэдэд асар их туслалцаа үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэн, хүн бүр хариуцлагатайгаар энэ өвчний ард гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Сайн ломбард”-ыг дээрэмдсэн ул мөрөө арилгахаар мөнгөн дэвсгэртүүдийг шатаажээ

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн тойргийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” /барьцаалан зээлдүүлэх газар/-т 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Э, Д, М нар нь бүлэглэн хүч хэрэглэн довтолж бэлэн 11.588.000 төгрөг, 1087 иргэний барьцаалан зээлдэх гэрээтэй 1561 ширхэг 302.946.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг дээрэмдэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгджээ.

Дээрх гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд дээрэмдэх, хулгайлах, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх, хүнийг алах гэмт хэргүүдэд ял шийтгэгдэж байсан 34 настай Д, 32 настай М, 35 настай Э нар нь бүлэглэн үйлдсэн болохыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Яллагдагч Э, Д, М нар нь гэмт хэргийн замаар олсон эд зүйлсийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нуусан байсныг илрүүлэн алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан.

Мөн сэжигтэй этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцас, хэрэглэл болон эд мөрийн баримт, цүнх, бээлийний содон шинж тэмдгийг устгах, ломбардад барьцаанд тавигдсан иргэдийн эд зүйлийг битүүмжилсэн гялгар уут, задгай болон боодолтой шинэ мөнгөн дэвсгэртүүдийг Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт шатааж ул мөрөө нуун дарагдуулах үйлдэл хийсэн болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.